Уран зохиол шинжээч Г.БАТСУУРЬ /МУБИС/
Арагууд овогт Гончигийн Батсуурь. Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн, Монгол хэл-Уран зохиолын багш мэргэжилтэй, 2016 онд “Ц.Дамдинсүрэнгийн уран бүтээлийн уламжлал шинэчлэл” сэдвээр Хэлбичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. “Дөрвөн цаг”-аас “Цаг хугацаа амсхийх” хүртэл (2012), “Уран зохиолын дэд асуудлууд” (2013), “Мета утга” (2015), “Ц.Дамдинсүрэн уламжлал шинэчлэл” (2016), “Уран зохиолын тухай яриа-1,2,3” зэрэг номууд хэвлүүлсэн байна. “Уран зохиол судлал шинжлэлийн цуврал-20”-д “Ерөөлчид ба шизофреникууд” нэрээр ном нь хэвлэгдсэн буй. “Б.Лхагвасүрэнгийн садизм”, “С.Эрдэнийн анима”, “Харанхуй хаднаас үүдсэн шизоанализын таталбар”, “Шүүдэрцэцэг ч гэх шиг”, “Эрээчих дон буюу бас нэг Шүүдэрцэцэг”.., зэрэг шүүмжүүд нь олонд алдаршсан, 2015 оны шилдэг бүтээлийн “Алтан өд” шагналт, уран зохиол судлаач шүүмжлэгч.
О.ДАШБАЛБАРЫН ХАЙРЛАХ УРЛАГ
Уран зохиолын антропологийн судалгаанд хайрын тухай асуудал зайлшгүй бөгөөд ер нь орчин цагт хайр гэдэг ухагдахуунд үл хамаарах зүйлийг олоход бэрх болов. Аливаа бизнест хайр оролцуулбал амжилт олох агаад рок юм уу, поп дуу байлаа гэхэд хайр оролцуулбал хит болно, ямар нэгэн бараа бүтээгдэхүүнд хайрын багахан өгөгдөл нэмбэл хурдан борлоно, үүн лүгээ уран зохиол дахь хайрын хачир нэмэлтүүдийг тооловч баршгүй.
Харин хайр гэж юу вэ? гэдэг нь, тэр дундаа эрос хайр ямагт сонирхолтой байсаар ирсэн буй. Зарим философич, социологичид эрос хайрыг ердийн зохиомол зүйл гэж үзэх нь бий. Гэвч хайр гэдэг нь ямагт хүчтэй эмоци, гол нь ухамсарт сэтгэхүй, мэдлэгээс үл хамаарах эсрэг хүйстээ татагдах урт хугацааны сэтгэл хөдлөл байсаар ирсэн. Оросын философич В.А.Канке «Хүн бол физикийн ч, химийн ч, биологийн ч, мөн нийгмийн ч өвөрмөц содон үзэгдэл юм. Түүний эволюци ба хөгжлийн түүх тун адармаатай бөгөөд бидний үл мэдэх ирээдүй болох шинэ, эрс хурд бүхий ертөнц рүү чиглэн байна. Энэхүү ирээдүйн мөн чанарыг танин мэднэ гэдэг нэн ярвигтай зорилт агаад Орчлонгийн органик хэсгүүд хүн ба хүн төрөлхтөний хувьсал, хөгжлийг авч үзэх нь уг зорилтыг ойлгоход дөхөж очих билээ. Хүний түүхийг тайлбарлахдаа нийлмэл системүүдийн өөрөө төвхнөх онолын (синергетикийн) өгөгдлүүдийг, тухайлбал, Бельгийн эрдэмтэн И.Пригожин, Оросын эрдэмтэн Н.Н.Моисеев нарын бүтээлүүдэд биежиж хөгжсөн санаануудыг бид ашиглаж байна» (В.А.Канке. “Философи” Орч. Ж.Отгонбаяр. УБ. 2001. х331) гэсэн байдаг ба хүн хийгээд түүний оршихуй, сэтгэцийн онцлог, сэтгэл зүйн үзэгдлүүд, харилцаа холбоо, хайр дурлал тэргүүтэн нь утга зохиолын антропологийн гол судлагдахуун байсаар байна.
Христийн тооллын өмнөх 380 онд философич Платон (Поэтика буюу “Туурвил зүй” гэх алдарт бүтээл туурвин дуурайлгах урлагийн онолын үндсийг тавьсан философич, Аристотелийн багш Г.Б.) хожмоо хошин жүжгийн эцэг хэмээн өргөмжлөгдсөн Аристофанд өгүүлсэн нэгэн домогт “Анх ертөнцөд гурван хүйс байсан бөгөөд нарнаас үүдсэн эр хүйс, газраас үүдсэн эм хүйс, бас сарнаас үүдсэн бөөрөнхий хэлбэрт эр, эм хоёрын шинжийг агуулсан төгс хүйс гэж байжээ. Төгсүүд дөрвөн гар, дөрвөн хөлтэй, хоёр тийш харсан хоёр нүүртэй учир ихэд шалмаг, нэн эвсэлтэй, хаашаа ч харж шилжин явах, эргэх чадвартай, ухаан бодол төгөлдөр ажээ. Тиймээс тэнгэрт гарах гарц олж бурхдыг үгүй хийхээр шийдсэнд тэдгээрээс хамгаалахын тулд Зевс өөрийн биеэр оролцох болжээ. Зевс “Тэднийг цавчиж хоёр хуваана, ингэснээр тоо нь олширсон ч хүч нь суларна, тийм байх нь бидэнд ашигтай, харин дахин тэрслэвээс дахин хоёр хувааж ээрүүл шиг болгоно” гэжээ. Тэгээд ганцхан цавчилтаар хоёр хувааж орхитол эр, эм хүмүүс бий болж, нэг тийш харан босоо явах болсон ба ямагт нөгөөхөө хайдаг болжээ” гэж өгүүлдэг тухай Германы философич Р.Д.Прехт бичсэн буй.
Харин Адам, Ева хоёр сайн муугийн танин мэдэхүйн модны асуудлаас болж байгалиас явагдаад хүйсийн ялгаагаа ухаарч тусгаар байдлаа олсон. Харин бие биенээ хайрлахад суралцаагүй байсан нь Адам Еваг хамгаалахын оронд буруутгаж байгаагаас харагддаг. Ахуйд ганцаараа гарсан хүн субъектлэгдэж объектоо сөрөх болдог. Энэхүү сөрөлт нь хүнийг ямагт ганцаардуулна. Энэхүү гань ганцаардлын тухай Э.Фромм «Хүмүүсийн салангид тусгаар байдлыг хайр сэтгэлийн хүчээр нэгтгэж чадахгүй гэдгээ ухаарах нь ичгүүрийн эх сурвалж байдаг. Чухам үүнд л буруугаа мэдрэх, сэтгэл түгших байдлын уг уурхай оршдог. Үүнээс үзвэл хүний хамгийн гүний хэрэгцээ бол өөрийнхөө хүнийшрэх зан байдлыг даван туулах, ганцаардлын хүлээснээс чөлөөлөгдөх явдал билээ. Тэрхүү зорилгыг биелүүлэх ямар ч боломжгүй бол галзуурах л үлдэнэ» (Фромм.Э. “Душа человека” 1998. стр178-203) гэсэн нь домогт өгүүлсэн эсрэг хүйсээ хайх эцэсгүй эрлийн асуудал. Ганцаардлаа даван туулахын тулд хүн амьтдыг тахин шүтэж, хүнээр тахил өргөж, дайн хийж, газар нутаг, эд баялаг булаан авч, бурханд шүтэж, ахуйн умарталын төлөөнөө даяан хийж, уран бүтээл туурвиж, олон эхнэр (нөхөр) авч, хүнийг хайрлаж байдаг.
Эцэс төгсгөлгүй ийн үйлдүүлэхийн үндсэн шалтаг шалтгаан болсон хайр гэж юу вэ? Эволюцийн психологичдын (хувьслын онолыг баримтлагч сэтгэл зүйчид Г.Б) судалгааны үр дүн эхийн хайрын тухай асуудалд хүрчээ. 1978 онд эволюцийн биологич Р.Левотин, С.Гоулд нар Венецийн Сан-Маркогийн сүмийн бөмбөгөр оройг үзээд нэгэн санаа олсон нь явсаар хайрын үүслийн тухай шинэ тодорхойлолтод хүргэсэн аж. «Нум үүсгэх хоёр баганын уулзвар бүрд орой дээрээ тогтсон гурвалжин үүсэж байв. Энэ гурвалжныг соёл судлаачид спандрел гэдэг. Архетиктурын хувьд спандрел зориуд бус, харин нум барихад дагалдаж үүсдэг бүтэц. Нэгэнт үүссэн энэ бүтцийг Сан Маркод харин гоёл болгон ашиглаж, мозаикаар харамгүй чимэглэжээ. Спандрелийн өмнө зогсох Гоулд, Левонтин нарт нэгэн санаа төржээ: Архетиктурт заримдаа шаардлагагүй боловч зайлшгүй үүсдэг бүтэц байна. Тэгвэл биологийн ухаанд мөн ийм зүйл бий юу? Байгаль дэлхий дээр үй олон төрөл зүйл байгаагийн гол тайлал нь үүнд оршиж болох уу? Ген хэрэгтэй мэдээлэл буюу дугуй аркийг дамжуулангаа мөн хажуугаар нь нэг, эсвэл нэлээн хэдэн спандрелийг хавчуулдаг юм биш биз? Ийнхүү хоёр биологич маань хамтран мэргэжлийн шинэ тодорхойлолт гаргаж ирлээ. Тэд биологийн хувьд амьд үлдэхэд заавал шаардлагагүй зарим онцлог шинж, чадвар, ялгааг спандрел гэж нэрлэв» (Ричард Давид Прехт. “Хайр” УБ. 2018 х164-165) гэсэн байдаг.
Амьд биетийн байгалын шалгарлыг даван үлдэхүйн гол үндэс нь эхийн хайр байдаг. Эхийн хайр үгүй бол өөрөөр хэлбэл хүн ба амьтад үр төлөө гаргаад л хаячихдаг бол байгалын шалгарлыг давж амьд үлдэх боломж тун хомс болох юм, ялангуяа хүн шиг үр төлөө 20 жил тэжээн тэтгэдэг амьтны хувьд амьд үлдэх боломжгүй. Тэгвэл энэхүү эхийн хайрын генийг дамжуулах явцад өөр хайр үүсэж болох уу? Левонтин, Гоулд нарын энэ таамаглалыг хайр дээр буулгасан философич Р.Прехт «Хэрэв уг таамаг үнэн бол эр, эмийн хайр гэдэг нь мэдрэмжтэй, ухаалаг гэр бүл, мөн сүрэг дэх эх-үрийн холбоосны “логик хаягдал бүтээгдэхүүн”. Эх-үрийн харьцааг мөнөөх нум гэж үзвэл эр эмийн хайр өнөөх гурвалжин. Өөрөөр хэлбэл, бидний хүйс хоорондын хайрлах чадвар нь дасан зохицлын үр дүн боловч зайлшгүй шаардлагатай байгаагүй юм. Генийн эволюцийн талаас харвал хүйсийн хайр бол “гэм хоргүй ургацаг”. Учир нь эр эмийн хооронд хайргүйгээр болж л байдаг шүү дээ» (Ричард Давид Прехт. “Хайр” УБ. 2018 х166) гэсэн байна. Эндээс үзвэл анхдагч хайр бол эх-үрийн хайр агаад эцэгтэй холбоотой хайр, бусад нийтлэг хайр, түүний дотор эрос хайр нь эх-үрийн хайрын ондоошилт, зорьсон зүйл бус, гагцхүү гажилтын явцад бий болсон хаягдал ажээ.
Монголын орчин үеийн уран зохиол дахь хайр гэдэг хаягдлын орц найрлагын тун хэмжээ арвин бөгөөд Д.Нацагдоржоос эхлээд Б.Явуухулан, С.Эрдэнэ, Б.Лхагвасүрэн, Д.Урианхай, Д.Нямсүрэн, Ж.Лхагва, С.Пүрэв, Д.Норов, До.Цэнджав, О.Дашбалбар, Л.Өлзийтөгс, Б.Галсансүх, Г.Аюурзана.., гээд манай шилдгүүдийн уран бүтээлүүдээс болон утга зохиолын хогийн саванд байгаа заримдгуудын бүтээлүүдээс ч хайрын өгүүлэмжүүдийг төвөггүй олно. Хар массынхны бүтээлээ борлуулах нэгэн чухал боломж нь ч хайрын өгөгдөл.
ХХ зууны нэгэн содон яруу найрагч бол О.Дашбалбар. Тэрбээр Д.Нацагдорж, Б.Явуухулантай эгнэхээр том яруу найрагч байгаагүй ч “хайрын асуудал”-тай нэгэн байсан. Энэхүү яруу найрагч залуугийн хайрын асуудал нь гурван бүсгүйтэй нэгэн зэрэг ханилан амьдарч байсан, гол нь түүнийгээ хэнээс ч нуугаагүйд орших бөгөөд бусдаараа бол бусдын л адил. Хорвоод хүмүүн төрлийг олоод нэгэн эрээр дуусах эм, нэгэн эмээр дуусах эр үгүй гэдэг ба хүний ганцаардлаасаа зугатаах байнгын дарамт нь үүнийг хүлээн зөвшөөрч хэрхэвч чадахгүй нь мэдээж.
Яруу найрагч О.Дашбалбарын тухай хүмүүсийн дурсамж олон, тэднээс арай буурьтай нь зохиолч Л.Дашнямын 2016 онд хэвлүүлсэн “Байх байхгүйн дунд” номын 341-366-р хуудсанд байх “Түүнд хувилгааны шинж ч бий шүү” гэх нэгэн дурсамж. Зохиолч Л.Дашням, О.Дашбалбартай АИХ-д хамт ажиллаж байсан бөгөөд нэгэн орой яруу найрагч О.Дашбалбар зохиолч Л.Дашнямд «-За ах лам өнөөдөр орой хоёулаа нэг айлд очиж жаахан сайхан амрая…» гээд мөн хамт ажиллаж байсан Адьяасүрэн гэдэг хүний хамтаар дагуулан явжээ. «Очсон айл маань Халтарынх байв. Би түүний тухай урьд нь сонсож байсан л даа. Халтарын том охиныг Балбар манай Монгол мэдлэгийн сургуульд оруулж байснаас гадна бид хоёр Бор-Өндөр руу улс төрийн ажлаар явж байхад Балбар надад нууцаа дэлгэн “нутгийнх нь нэг эмч хүүхэн хүүхдийг нь гаргасан бөгөөд тэр шинэ тутам охиноо аавыгаа эргэж ирсэн гэж ойлгож байгаа тул их хайртай байгаа” тухай ярьж байсан юм. Тэр байтугай Чойроос утсаар ярьж “охин минь бүлээрээд байсан ашгүй гайгүй гэнэ” гэж байсныг би санаж л байлаа л даа… Балбар урьдчилан хэлж бэлтгүүлсэн нь үнэн байлаа. Бууз хийгээд тавьчихснаа биднийг очиход гаргалаа. Нэг том шил Чингис архи задаллаа. Хооллож хууч хөөрөх завсар Халтар завчлан Балбарын үсийг угааж өгөн сэнсээр хатааж байна. Ер нь бол их л дотно, магад ч үгүй нялуувтар тийшээ л байна. Охин нь Балбартай жигтэйхэн адилхан юм байна гэж Адьяа бид хоёр ам нийлэн магтаж байлаа… Тэгээд явах болтол Дашбалбар Халтарт
–Би Дашка ахаар хүргүүлээд хойшоо очноо л гэж байна. Цаадах нь ч зөвшөөж
–Би хэлээд л байгаа, би очихгүй л байгаа шүү дээ! гэж дуулдана. Биднийг очиход Борхүүхэн их баяртай угтлаа… Хүүхдүүд нь цөм л байх шиг байсан боловч бидний байгаа өрөөнд орж ирсэн ч үгүй. Тэднийх тэр орой бас л буузтай байв. Нэг шил юм гаргалаа… Тэндээс биднийг гарах болоход Дашбалбар гэнэт л
–За ах лам нөгөө боловсруулж байгаа юман дээрээ очоод хоёулаа залгуулаад жаахан сугаадахая. Надад санаа ороод ирлээ. Халуун дээр нь хийе! Би яахав ээ, Ордонд таны өрөөнд хоночихсон ч яахав гэж байна. Ордонд би тусгай өрөөгүй байсан болохоор Адьяасүрэнг элдэв юм хэлчих вий гэж сандраад
–За яахав чи хийе гэж байгаа бол эндээ ганц нэг хуудас юм биччих! Одоо оройтчихлоо амарцгаая! Маргааш болъё, би ч ядарч байна гэвэл Балбар
-Би нэг хийе гэвэл дуусгахаас нааш салдаггүйг та мэдэж байгаа, явсан нь дээр! гээд юу юугүй дагаад гарлаа даа. Борхүүхэн ч үнэхээр л айхтар тулгуу ажил байгаа юм байна даа л гэж бодох шиг боллоо. Машинд суусан хойноо Балбар хэлж байна:
-Ах ламыг ойлгохгүй хамаг санааг маань баллачих болов уу гэсэн хашир хүн өөр юм аа. Би одоо та хоёртой цуг яваад Оюунхандынд буучихая. Тэр нөхөр бас иймээ тиймээ юм яриад байгаа сурагтай байна. Нэгмөсөн л нүглээ наминчлах орой болгочихоё гэж байна… Бид бас Оюунхандынд орох боллоо. Яагаад гэвэл Балбар
-Цуг ороё. Би танаар гул баримаар байна. Цаадах чинь сүүлийн үед ширүүн байгаа гэсэн учир нөхрийг бодон арга буюу бас нэг айлд орох боллоо л доо. Оюунханд биднийг ирнэ чинээ бодоогүй бололтой байна. Харьцааг нь мэдэрвээс нэг бодлын зөөлөн аятай, нөгөө бодлын нээрээ ч Балбарын хэлсэнчлэн хөндийвтөр ч байгаа юм шиг санагдав… Гайхалтай нь тэднийх бас бууз хийчихсэн байв. Одоогийнх шиг гар утас энэ тэр байсан бол Балбарыг сэм мэдээлж гэхсэн. Тэр үед юун тийм соёл байхав дээ. Ёстой л бэлгэ дэмбэрэлтэй тохиолдлууд юм. Бас л нэг шил юм гарч ирлээ. Гэвч маргаашийн ажлаа бодоод тэгсгээд Адьяа бид хоёр явахаар болж би Балбарыг
-Яахав? Хойшоо хүргүүлэх үү? гэсэн
-За яаж ч нааш цааш ахин дахин холхиод байхав дээ! Та хоёр яв даа! гэж байна…» гэсэн байдаг билээ. Ийнхүү зохиолч Л.Дашням гуайг нэгэн орой гурван гэрээрээ тойруулан оруулж амраажээ. Нийт монголчуудын л адил малчны сэтгэхүйтэй, яруу найрагч О.Дашбалбартөөрийн ахуй дахь ганцаардлаа даван туулж, галзуурчихалгүй шиг байхад нь гурван эмэгтэй хэрэгтэй байж. Тэр гурван эмэгтэйдээ гурвууланд нь хайртай байсан болов уу? Хайрлах урлагт суралцаагүй халуун залуу 20 насандаа буюу 1977 онд бичсэн “Н.Борд…” шүлэгтээ:
…Цагаан гэр чинь ойрхон ч
Цайран харагдах сарнаас алс
Царайлаг чи минь энүүхэнд ч
Цагаан шөнийн одноос олон
Хаалгыг чинь нээх зориггүй
Хаяад явчих зүрхгүй
Гэрийн чинь гадаа эргэлднэм
Гэрэлтэй тооныг чинь ширтнэм! гэх буюу 1984 оны 10-р сарын 5-нд бичсэн Н.Борд гэсэн зориулал бүхий “Чамдаа” шүлэгтээ:
…Ирээдүй рүү чи бид хоёр явж,
Үр хүүхэд минь холын одноос унасан.
Цасан ширхэг шиг, үлгэр шиг тэд ирж,
Үүрд мөнхрөл биднийг холбож
Бяцхан охин байсан чи
Миний хүүхдүүдийн эх болсон!…
…Хаврын ногоон дээр, чи надад
Хүүхэд насаа өгсөн.
Халуун нулимсан дунд чинь би
Эр хүн болсон!
Чамайг би биеэрээ ч мэдэрнэ, сэтгэлээрээ ч мэднэ.
Чамайг би хараад л мэднэ, шүргээд л мэднэ!
Хорин жил цасан бударсан өвлийг
Хоёулаа угтаж хос мөрөө үлдээлээ.
Явсан зам маань тэнгэрийн заадал!
Янаг минь чи, энэ дэлхийн охин!… (О.Дашбалбар. “Шидэт ертөнц” УБ. 2003. х32) гэсэн байдаг нь өөрийн хайртай бүсгүй Н.Борхүүхэндээ зориулсан шүлгүүд нь юм. Эхний номуудад орсон олон хайрын шүлгүүдээ Н.Бордоо өгсөн өөрийн хайр сэтгэлдээ зориулсан нь эргэлзээгүй биз ээ. Тэрбээр:«Гэргий минь… гуйя!
Сайхан захиа бичээч!
Онгод сэргээдэг цорын ганц бүсгүй минь
Орчлонд надад хайрласан хань минь
Ондоо хэнийг ч бус ганцхан чамайг шүтэгч
Нөхөр чинь бичиж байна… Хүүгээ охиноо чамайгаа бүгдийг үнсье. Зүүдэндээ ч та нартайгаа учиръя. Энэ дэлхий дээр бардам, зоригтой, юунд ч сөхрөлгүй, өөрийн бодсоноороо явах сайхан аж. Чамайгаа удаан гэгч үнсэхсэн. Наддаа юутай их баяр цэнгэл өгдөг байж вэ?…» гэх мэтээр Орост сурч байхдаа олон захидал бичдэг байсныг нь хожим “Миний захидлууд” нэрээр ном болгон хэвлэсэн буй.
«Хайр бол бэлгийн ханамжийн үр дагавар биш, харин бэлгийн харилцааны арга барилын мэдлэг бол хайрын үр дүн мөн» (Э.Фромм. “Искусство любить” 1990. стр113) гэсэн буй бөгөөд ихэнх эрэгтэй, эмэгтэй хүмүүс сексийн хувьд харилцан бие биенээ хангаж байгаагаа хайрлах урлагийг эзэмшчихлээ хэмээн эндүүрдэг нь нийтлэг аж. Үнэн хэрэгтээ хайрлах урлагийг эзэмшинэ гэдэг нь сексийн үр дүнд нэгнээ хайрлахыг хэлэхгүй, харин хайрын үр дүн нь секс байдаг гэсэн үг юм. Яруу найрагч О.Дашбалбарын тухай зохиолч, яруу найрагч Д.Чинзориг «Миний найз сайхан сэтгэлтэй шигээ сайхан бүсгүйчүүдэд сэтгэлээ зориулсан шиг зориулдаг нэгэн байсныг шүлэг зохиолуудаас нь харж болно. Нэрнийх нь хуудас шахам болсон дараах шүлгээс түүний сэтгэл, дурлал хоёрын чөлөөт сэтгэлгээг ажиглаж болно. Яруу найрагчийг сэтгэлд хоногшсон сайхан яруу найраг, шүлгийн нэр, мөр, бадгаар нь овоглож нэрлэх нь элбэг. Очирбатын Дашбалбарын хувьд Төрийн соёрхол хүртсэн бүтээлүүдээс нь илүүтэйгээр “Дурласан би
Ухаан алдталаа, бүр
Унаж үхтлээ би дурласан…” гэсэн шүлгээр нь уншигчид утга зохиолын хүрээнийхэн илүүтэйгээр мэдэж, “Өнөө эгчмэд хүүхэнд үхтлээ дурласан залуу” гэлцэх нь элбэг» (“Зохиолчдын хөрөг дурсамж” УБ. 2015. х28) гэсэн нь түүний хайр дурлалдаа хамаг сэтгэлээ зориулдаг байсныг нь цухас боловч илтгэнэ. Харин эгчмэд хүүхэнд татагдах дутуугийн комплекс нь эгчээсээ хойш 10 жилийн дараа гарсан айлын том хүү гэдгээрээ жаахан эрхдүү байж болзошгүйтэй нь холбогдох болов уу.
Түүний ихэд дурлан хайрласан нэгэн бүсгүй нь Оюунханд. Найрагч бээр өөртөө Аполлон гэж эртний Грекийн тэнгэрийн нэр өгөөд, Оюунхандыгаа олон нэрээр энхрийлж байжээ. «Цаг үеийн ороо бусгаа байдлаас болж мөн яруу найргийн хэмжээ хэмнэлийн үүднээс намайг олон янзаар нэрлэж байлаа. Муза, Хонгорзул, Хандаа, Оюунаа, Оюундарь, Анимаа гэж нэрлэж байв. Хандаа, Муза, Хонгорзул нэрэндээ би их дуртай. Анимаа гэхээр надад буудаггүй» (Н.Оюунханд “Гэрэлт хайрын дурсамж” УБ. 2002. х171) гэсэн байна. Балбар найрагч Оюунханддаа чин сэтгэлээсээ унан дурлаж, хайрласан болох нь захидал, тэмдэглэл хийгээд уран бүтээлд нь тод туссан бөгөөд энэ бол жинхэнэ хайр, дээр дурдсанчлан адгууслаг бус гагцхүү оюун санааны их хайр байжээ. Түүнийг нь «Хэн нэг нь намайг эхнэртэй хүүхэдтэй байж өөр хүүхэнд дурлалаа гэж зэмлэг. Би түүнийг буруутгахгүй. Гэвч бас өөрийгөө буруутгахгүй. Үүнээс болж гэргийгээ хайрлахаа байсан гэж үү? Үгүй ээ, улам хайрладаг болсон ч магад… Харин Оюунханд бол өдөр тутмын амьдралаас минь хол, гагцхүү сэтгэл зүрхэнд минь оршиж, намайг гийгүүлдэг тэнгэр юм» (Н.Оюунханд “Гэрэлт хайрын дурсамж” УБ.2002. х28-29) гэснээс үзэж болно. Захидал тэмдэглэлдээ бэртэгчдээс хол байхыг, ном уншиж өөрийгөө боловсруулахыг ямагт захиж, өөрөө ч ихээхэн уншиж, сурч боловсорч байжээ. Түүндээ зориулан олон шүлэг бичсэн.
«Дэрэн дээр толгой тавихад чинь нойр болдог
Нойрон дунд чинь зүүд болдог
Зүүдэн дунд чинь жаргал болдог
Жаргал дунд чинь саад болдог
Сэрэхэд чинь алга болдог» (Н.Оюунханд “Гэрэлт хайрын дурсамж” УБ. 2002. х131) гэх буюу “Н.О-д” гэсэн зориулал бүхий “Сэм сэмхэн салхилна…”, “Өөрийн чинь тухай бодохгүй гэхээс…”, “Энэ хорвоод шүлэгчийг тамлахаар…”, “Өдөр бүхэн мөч бүхэн…”, “Агтын туурай сульддаг…”, “Бороотой үдэш хашааны…”, “Өөрийн минь хүслээс шалтгаалахгүйгээр…”, “Оюунханд минь… хайрын тэнгэр минь…”, “Оюунханд. Когда я думаю что ты…”, “Тэр бүсгүйд дурлаж байна би…”, “Дэлхий дээр би удаан амьдрах уу…”, “Миний хайр-…”, “Аяа юунд би чамд дурлана…”.., гээд маш олон шүлгүүдээ зориулж, «Өр зүрхний хайрт амраг минь. Муза минь чамайгаа үнсье… Ай! хүний сайхан үр минь юуны учир чи минь шаналж гунина вэ? Түүний чинь цорын ганц шалтгаан нь би гэж үү. Баярлалаа хайрт минь! Чамайгаа надад хэмжээлшгүй хайртайг мэдрэх юутай сайхан. Хонгор минь чи мэдэж байна уу? Ганц чамд л би чамд л хайртай шүү. Би чамд хайртай!!!» (Н.Оюунханд “Гэрэлт хайрын дурсамж” УБ. 2002. х117) гэж басхүү «Хайрт чинийхээ үсний сэвийг авч их баярлалаа. Үнсэж үнэрлэж харж илж оройжин баярлав. Хайрт чамтайгаа учирсан мэт дэндүү сайхан байлаа. Дэрэн дороо хийж унтаад шөнө сэрэхдээ элгэндээ нааж, дахиад л уруулаа хүргэж үнэрлэж үнсэж хайрт чамайгаа хажуудаа байгаагаар төсөөлөн юутай жаргасан гэж санана. Одоо би түүнийгээ нандигнан боож ариун сахиус болгон зүрхэн тушаагаа авч явах болно» (Н.Оюунханд “Гэрэлт хайрын дурсамж” УБ. 2002. х118) гэх мэтээр бичиж байв.
Ийнхүү шатан дурлаж байх үедээ гэр бүл, үр хүүхдийнхээ тухай «Хүү минь! Гангабаатар минь, чи том болоод намайг уучлах биз. Буруу ч байсан зөв ч байсан чи аавыгаа уучлах ёстой, ойлгох ёстой. Хүү минь чи миний хүү төдийгүй хамгийн үнэнч нөхөр болох ёстой» (Н.Оюунханд “Гэрэлт хайрын дурсамж” УБ. 2002. х41) гэх буюу «Чи намайг нэр төр аж амьдралаа бодсон аймхай эр гэж бодоогүй биз дээ. Тэгэж яривал би юуг ч золиосонд гаргаж чадахаа хэлсэн шүү дээ. Тэр үед чи няцаасан. Санаж байна уу? Чи ч, би ч өөрсдийгөө бус нялх амьтад ямар ч гэм зэмгүй Бор дээр байгаа миний гурван хүүхдийн хувь заяаг бодсон шүү дээ. Хайрт минь ээ! Би маш олон юм бодож хамгийн зөв шийдвэр гаргахыг л бодож сууна» (Н.Оюунханд “Гэрэлт хайрын дурсамж” УБ. 2002. х118) гэж хайрын шаналалд автаж байжээ. Өөрийгөө ойлгож, эвтэй найртай байх болно гэж үр хүүхдүүддээ ихэд итгэж байсан нь захидал, тэмдэглэлээс нь харагддаг ба тухайлбал «Хүү минь хүүхдүүд минь, миний л адил чамайг хайрлаж хүндэтгэх болно (хожим хойно ч) учир нь би тэднийг өөрийн бодол санаагаар хүмүүжүүлэх бөгөөд ухаанаараа дахин төрөхөд нь оролцох учир ухаан орсон цагт нь би өөрөө ойлгуулах учир тэд бүхнийг зөвөөр ойлгож миний нэгэн адил чамайг хайрлах болно» (Н.Оюунханд “Гэрэлт хайрын дурсамж” УБ. 2002. х122-123) гэсэн байдаг. Харин түүний анхны хайрт бүсгүй Н.Бор нь маш ухаалаг, уужуу сайхан сэтгэлтэн агаад нэгэн захидалдаа «Чиний Орос, Монгол олон Музагаас өөр ямар ч орны Муза байдаг юм бүү мэд, захидал өдөр өнжихгүй л очиж байгаа биз дээ. Чамайг нааш явахад чинь гаргаж өгсөн юм чинь угтаж авсан биз дээ. Жишээ нь Оросын яруу найрагч Пушкин шиг эсвэл монголын яруу найрагч зарим хүмүүс шиг (олон хүүхэнд шүлэг зориулах нь) яруу найраг талаасаа болох боловч амьдралд бүдүүлэг ойлголттой хүмүүс элдвээр сэтгэлээр шаналаах юм, ойлгож байна уу?» (Н.Оюунханд “Гэрэлт хайрын дурсамж” УБ. 2002. х99) гэж бичсэн нь нэн бишрэм. Чухамхүү энэ үгнийх төлөө Монголын уран зохиол Н.Борхүүхэн гэдэг энэ ухаалаг эмэгтэйд мэхийн ёслох учиртай.
Яруу найрагч О.Дашбалбар 18 настайдаа буюу 1975 онд Н.Борхүүхэнтэйгээ ханилсан бол Н.Оюунхандтайгаа 1972 онд анх танилцан, 1974 оноос хайр сэтгэлээ илчилж эхэлсэн нь түүний хайр сэтгэлийн уудам орон зай, хайрлах урлагийн хандлага, хүмүүн хийгээд ертөнцийг энэрэхүйн их хүслийг нь илтгэж байдаг.
Хайрлах урлаг нь төгөлдөржин сэтгэл, сэтгэхүйг нь бүрэн эзэмдэх болсон нь дараагийн хайр буюу Анимаагийн дүрээр биежин уран бүтээлд нь тусгалаа олсон буюу. Халтар буюу Анимаа нэрээр шүлгэнд мөнхөрсөн нэгэн бүсгүйтэй 1985 онд, 28 насандаа учирсан нь ихээхэн завшаан болжээ. Зохиолч Л.Дашням гуайн дурсамжид өгүүлсэн хамгийн эхэнд очсон айлын бүсгүй буюу Халтар гэдэг эмч хүн. Тэр талаар зохиолч Л.Дашням «Балбар маань гэргий Борхүүхэнийхээ тухай ч (эхнэрээ авгайлж, энхрийлдэг гоё нэр хайрласан байсан эсэхийг би мэдэхгүй юм), яруу найргийн нэр хайрлаж Анимаа гэдэг байсан Халтарынхаа тухай ч, бас л яруу найрагчийн ойлголтоо шингээж Хонгорзул хэмээдэг асан Оюунхандынхаа тухайд ч чин сэтгэлийн үгээ хэлж, зориулсан шүлгүүдээ амьд сэрүүндээ нийтэлж л байсан даа» (Л.Дашням. “Байх байхгүйн дунд” УБ. 2016. х361) гэсэн байгаа ба энэ хайр бол жинхэнэ утгаараа урлаг болж чадсан билээ. Мөнхүү хайрын шим урлагийн ертөнцөд гэгээ татуулж олон сайхан бүтээл төрүүлсэн бол хүний ертөнцөд бас боловсорч Индра гэх нандин охиныг төрүүлсэн буй. Энэ хайр дурлалын уянгыг нь “Дарьганга аялгуу”, “Шанзны эгшиг”, “Дорнын аялгуу”, “Лимбэний эгшиг”, “Хуурын эгшиг”, “Дарьганга нутгийн намар”.., гээд олон бүтээлүүдээс нь бэлхэнээ үзэж болно. Найрагчийн эдгээр бүтээлүүдийг нь орчуулагч, яруу найрагч Ж.Нэргүй «Аргагүй л хэдэн жил ард түмнээрээ “редакторлуулсан” ардын дуу шиг байгаа биз? Дашбалбарын “Элегия”, “Дарьганга аялгуу”, “Шанзны эгшиг”, “Дорнын аялгуу”, “Лимбэний эгшиг”, “Хуурын эгшиг” гээд хэдэн сайхан холбоо найраглалуудыг нь уншин уншин суухад олон олон найрагчдыг шал гутаан бут ниргэмээр ээ» (Ж.Нэргүй. “Хүмүүсийн тухай роман” УБ. 2008. х164) гэж үнэлсэн бий.
Найрагч О.Дашбалбарын 2003 онд хэвлэгдсэн “Шидэт ертөнц” түүврийн 392-397-р хуудсанд байх:Аргадан аргадан уйлавч, ааш нь олдохгүй хорвоо
Алиа багахан хүүтэйгээ эртхэн учрах нь яав даа!
Алаглан алаглан ургавч, амархан гандах цэцэгс
Амьтны жаахан үртэйгээ хэдий болтол уймрах вэ?… гэж эхэлдэг “Дарьганга аялгуу” шүлэгт:
…Задгай цагаан үүл нь хэсэг бусгаар нүүнэ
Залуу багахан Анимаа минийхээ аясаар гэгэлзэнэ.
Хэрмэл цагаан үүл нь энд тэндгүй нүүнэ.
Хэнз багахан Анимаа минийхээ аясаар сэрвэлзэнэ…
…Түмэн агтны дундаас ганцаараа содон шарга минь
Түмэн охидын дундаас ганцаараа сайхан Анимаа минь
Огторгуйн олон оддоос ганцаараа содон наран минь
Орчлонгийн олон бүсгүйгээс ганцаараа сайхан Анимаа минь!
…Амьдарч яваа өдрүүдийн минь цорын ганц чимэг
Аялж яваа дууны минь ерийн бус эгшиг
Үл мэдэгхэн сэвхтэй, уянгалаг жаахан Анимаа
Үдшийн зүүд эзэгнэж, үүрийн нойр хулжаана… гэх мэтээр өгүүлсэн байгаа бол “Шанзны эгшиг” шүлэгт:…Хайгаад хайгаад явавч, хаанаас ч олдохгүй Анимаа
Хан ертөнцийн сарыг хамт туулсан Анимаа
Эрээд эрээд явавч, эргээд олдохгүй Анимаа
Энэ ертөнцийн нарыг хамт дуулсан Анимаа… (О.Дашбалбар. “Шидэт ертөнц” УБ. 2003. х399) гэх зэргээр мөн “Лимбэний эгшиг шүлэгтээ:
…Харна гэсэн нутаг минь Алтан Богдын шил
Хайрлана гэсэн хүн минь, миний жаахан Анимаа!
Ууна гэсэн ус минь Дагшин булгийн эхэн
Уулзана гэсэн хүн минь, миний жаахан Анимаа!… (О.Дашбалбар. “Шидэт ертөнц” УБ. 2003. х413) гэж өгүүлсэн байдаг. “Хуурын эгшиг” шүлэгтээ:
…Хурдан жороо морь нь худгийн уснаас уухгүй
Хувьтай төрсөн Анимаа худал үгийг сонсохгүй
Шаргын шарга хүлэг нь шандны уснаас амсахгүй
Шаавай төрсөн Анимаа ховын үгийг сонсохгүй… (О.Дашбалбар. “Шидэт ертөнц” УБ. 2003. х419) гэж шүлэглэсэн бөгөөд түүний яруу найраг нь аман зохиолын уламжлал, ардын дууны уянгатай болж ирсэн байдаг. Хайр дурлалынх нь дараагийн танин мэдэхүй болж, сэтгэлийг нь бүрэн эзэмдсэн бүсгүйгээ Анимаа хэмээн өргөмжлөн ертөнцийн бүхий л сайхан бүсгүйчүүдийн шинж төрхийг Анимаадаа шингээн яруу найргийнхаа сүнслэг дүр, онгодынхоо тэнгэр болгон дуулсан нь түүний уран бүтээлд шинэ эрчим өгч, шинэ хуудас нээжээ. Үүний учир нь хайр дурлалд л байгаа юм. «Дур ирж, буцна. Дурлал хамгийн багадаа хэдэн долоо хоног, эсвэл хэдэн сараар үргэлжилдэг. Дураас ялгаатай нь дурласан үедээ хүн ертөнцийг бараг тэр чигт нь өөрөөр мэдэрч амьдардаг. Бидний мэдрэмж, бодол, сэтгэл өөрчлөгдөнө. Бидний өөртэйгөө болон ертөнцтэй харилцах бүхий л харилцаа хувирна. Угтаа хиймээргүй зүйлсээ хийж, өөрсдийн хүсэл мөрөөдлөө биелүүлэн ард нь гарах бүрдээ нэг бол итгэмээргүй сайхан, эсвэл тун чиг олиггүй байдалтай болчихдог» (Ричард Давид Прехт. “Хайр” УБ. 2018 х175) гэсэнд таацуулан үзвээс яруу найрагч О.Дашбалбарын уран бүтээлийн эхэн үе нь Н.Борхүүхэн, Н.Оюунханд гэх гоо бүсгүйчүүдэд өгсөн хайр дурлалаар шүншиглэгдэж байсан бол дараа нь Анимаа гэх өргөмжит бүсгүйд дурласан сэтгэл, мэдрэмж нь уран бүтээлд нь нэгэн шинэ үеийг нээсэн билээ. Түүний яруу найргийн өнгө гэрлийн тухай профессор С.Энхбаяр «О.Дашбалбарын яруу найргийн хамгийн гол өнгө бол цагаан өнгө! Түүний уран бүтээлийн нэгэн оргил болох 200 бадаг, 800 мөр бүхий томоохон шүлэглэл ”Дорнын аялгуу”-нд орсон 4916 үгэн дотор “хар” гэдэг үг үндсэн утгаараа ганцхан удаа хэрэглэгдсэн бол “цагаан” өнгө 36 удаа орсон байх жишээтэй. Утга өнгө, дүрслэл, орон зай, цаг хугацааны хувьд ижилгүй тансаг, уудам гэрэл гэгээтэй эх өнгө болох цагаан өнгө, түүний яруу найрагт хамгийн их тохиолддог нь жирийн хэрэг биш билээ!» (С.Энхбаяр. “Утга зохиолын судлал шүүмжлэлийн өгүүллүүд” УБ. 2004. х85) гэсэн байгаа ба цагаан өнгө, гэгээн дүрслэл нь хайрын л өнгө дүр гэдэгтэй хэн ч маргахгүй биз.
Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбар өөрийн уран бүтээлийн талаар «Миний уран бүтээлийг ээжтэйгээ байсан үеийнх, түүнээс хойшхи буюу ээжгүй үеийн шүлгүүд гэж хоёр ангилж болох юм» (Х.Сүглэгмаа. “Очирбатын Дашбалбар” УБ. 2008. х20) гэсэн байдаг ч ээжээс нь илүү тод мэдрэгддэг дүр нь Анимаа агаад уран бүтээлийг нь Анимаатай үе, Анимаагүй үе гэж ангилж болохоор юм. Гэхдээ Анимаа гэдэг нэрээр зарим талдаа нэгэн хүнийг нэрлээгүй, уран бүтээл дэх сайхан бүсгүйчүүдийнхээ символ дүр болгосон маягтайг ухаарах ёстой. Мөн нэр нь сэтгэл зүйч К.Г.Юнгийн эр хүний дотоод эмэгтэйлэг талыг заах Анима гэдэг нэр томьёотой тохирч байдаг нь гайхам бөгөөд сайхан. Тэр тухай сэтгэл зүйч Л.Төрбурам «Анима. Энэ бол эрэгтэй хүний сэтгэл зүйн ертөнцийн эмэгтэйлэг шинж, бүрэлдэхүүн хэсэг юм. Юнгийн үзсэнээр эрэгтэй хүнд тодорхой хэмжээгээр эмэгтэйлэг шинж байдаг, энэ нь эр хүн эмэгтэй хүн сонирхож, эмэгтэй хүнд татагдах суурь бүтцийн нэгэн хэсэг болдог байна. Анима эрэгтэй хүнд тэдний ээж, эгч, дурласан эмэгтэй зэргээс үүсдэг хэмээн Юнг итгэж байлаа…» (Төрбурам.Л. Сэтгэл судлалын түүхийн жимээр. УБ. 2013. х360) гэсэн буй.
Хайр дурлал гэдэг энэхүү парадоксыг дагалддаг нэгэн зүйл нь үнэнч буюу хувирах эс хувирахуйн тухайтад юм. Мөн эндээс эрэгтэй хийгээд эмэгтэй хүний мөн чанар, хүйсийн зааг ялгаа, сэтгэхүй, сэтгэл мэдрэмжийн тухай асуудал босч ирнэ. АНУ-ын эволюцийн психологич Давид Бусс 30 гаруй соёлын хүрээний, нийгмийн бүхий л давхаргын, янз бүрийн шашинтай, янз бүрийн насны 10047 хүнээс асуулга авч нэгтгэжээ. «Ингээд 1989 онд өөрийн судалгаагаа хэвлүүлэв. Энэ бол дэлхий даяар хүмүүс ямар шалгуураар сексийн хамтрагчаа сонгодог, мөн ямар хүнтэй удаан хугацаагаар хамтран амьдрах хүсэлтэй явдаг тухай одоог хүртэл хийгдсэн хамгийн далайцтай судалгаа, материал билээ». (Ричард Давид Прехт. “Хайр” УБ. 2018 х73) Үүний дүнд судалгаанд хамрагдсан эрчүүдийн хувьд «Эрэгтэйчүүд сексийн хамтрагч болон хамтран амьдрагчаа “фитнессийн” шалгуураар сонгодог. Тэд өөрсдийн генийг хамгийн тохиромжтой байг оноосой гэж боддог. Эрчүүд залуухан, зузаан уруултай, толигор, гөлгөр арьстай хүүхнийг хүсэмжилдэг. Тэд тунгалаг нүдтэй, гялалзсан үстэй, чанга булчинтай, биеийн өөх нь жигд тарсан, гунхсан алхаатай, нүүрний хувирал сайтай, энергийн түвшин өндөр бүсгүйчүүдэд дуртай. Энэ бүхэн юуны өмнө ганцхан зүйлийн л дохио болно, тэр нь үржих чадвар. Хаана ч амьдардаг байсан, хэдэн настай ч байсан хамаагүй: зарчмын хувьд бүх эрчүүд адилхан» (Ричард Давид Прехт. “Хайр” УБ. 2018 х73) гэсэн дүн гарсан бол эмэгтэйчүүдийн хувьд мэдээж өөр. Тэр нь «Эмэгтэй хүн өөрөөсөө арай ахимаг насны, хөрөнгө чинээлэг, нөлөө бүхий эрүүл чийрэг хүч чадалтай эр хүнд татагддаг гэжээ. Энэ бол амархан ойлгогдох хэсэг нь. Гэхдээ эмэгтэй хүн үүнтэй зэрэгцэн бас нэг парадоксыг эрэлхийлдэг гэнэ: хайж буй эрэгтэй нь нэг талаас үнэнч, итгэлтэй эелдэг, хүүхдээ сайн тэжээгч байхаас гадна нөгөө талаас тестостерондоо захирагдсан бишрэм, мөн ичгүүргүй байх ёстой. Харамсалтай нь ийм эр хүн хаа ч үгүй. Ялангуяа биологийн хувьд боломжгүй. Эмэгтэйчүүд ер нь түвэгтэй л дээ. Нарийн яривал ямар ч эр хүн энэ шалгуурыг давахгүй. Үүний шалтгаан нь биологид бий. Үүний үр дагавар: эмэгтэй хүн бол “сэтгэцийн гажигтай”. Тэд онилсон хамтрагчаа нэвт шувт судлах ёстой» (Ричард Давид Прехт. “Хайр” УБ. 2018 х77-78) гэсэн дүн гарсан нь гайхаад байх зүйл биш. Харин эволюцийн психологичдын үзэж байгаагаар эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй нэг л зүйлээр давхцдаг нь оновчтой үржлийн объект юм.
Үнэнчийн дааврын эрэлд гарсан судлаачид АНУ-ын төв ба баруун хэсэгт байх нэгэн зүйлийн оготно олсон байна. Тэрхүү хулганууд нь нэг нэгэндээ насаараа үнэнч. Түүний шалтгаан нь окситоцин гэдэг даавар бөгөөд энэ нь үнэнчийн ерөндөг, харин араар тавилтын ерөндөг нь вазопрессин гэдэг даавар болох нь тогтоогджээ. Хэрэв энэ үнэн бол хос хоёр бие биедээ окситоцин ахиухан шахчихаад санаа амар явахсан. Гэвч биологчид хүний тархин дахь окситоцин, вазопрессин хүлээн авагч нь оготнынхоос тэс өөр гэжээ. Эдгээр дааврууд нь хүнд нэлээд хэмжээгээр байдаг л эд аж. Ер нь биологийн хувьд хүний эмэгчин амьдралынхаа туршид 400 ширхэг өндгөн эс боловсруулдаг бол эрэгчин нь 300 сая орчим эр бэлгийн эс боловсруулан гаргадаг байна. Биологийн суурь ийм. Энэ талаас нь үзэх юм бол эр хүн эр бэлгийн эсээ шахах боломжит цагийг ямагт анаж байдаг л гэсэн үг.
«Давид Буссын 1993 онд АНУ-ын оюутнуудаас авсан судалгаанд өгүүлснээр эрэгтэй хүн амьдралынхаа туршид дунжаар 18 сексийн хамтрагчийг хүсдэг бол эмэгтэй хүн ердөө дөрөв юм уу тав ажээ. Энэ нь аль ч хүйсийн хувьд маш бага тоо…» (Ричард Давид Прехт. “Хайр” УБ. 2018 х84) гэснээс үзвэл яруу найрагч О.Дашбалбар гуай ихээхэн окситоцинлог нэгэн байсан бололтой. Учир нь ердөө л гурав шүү дээ.
Тэгвэл эсрэг хүйсийн талаас ирэх дурлал. Өөрөөр хэлбэл яруу найрагч О.Дашбалбар гэдэг шулга хэлтэй, шайман эрүүтэй, барагтайхан хэлбэл дунджаас доогуур царайтай, дулимагхан биеийн хөгжилтэй залууд бүсгүйчүүд дурлаж байсан болов уу? Энд ямар ч эргэлзээ байхгүй. Учир нь «…дурлал биднийг генетикийн хувьд хамгийн хүчирхэг хүнд биш, харин хувь хүнийхээ хувьд хамгийн сонирхолтой хүнд сэтгэл алдрахад хүргэдэг» (Ричард Давид Прехт. “Хайр” УБ. 2018 х176) байна. Хорин нэгхэн насандаа математикийн шалгалтын хуудсан дээр:
“Өвөг дээдсээсээ бид эх орноо хүлээж авсан
Үр ачдаа хүлээлгэж өгнө
Туг, сүлд, тусгаар тогтнол,
Тулгын гурван чулуу,
Тулсан голомтоо
Өвөг дээдсээсээ бид хүлээж авсан
Үр ачдаа хүлээлгэж өгнө!…” (Х.Сүглэгмаа. “Очирбатын Дашбалбар” УБ. 2008. х67) хэмээн шүлэглэж байсан, уран бүтээлийн “Гал” нэгдэлд орж, УИХ-ын гишүүн болж, чуулганы танхимд нацист хувцастай зогсож асан тракторын жолооч, сонины сурвалжлагч, яруу найрагч, багш, улс төрч, гудамжны тэмцэгч, буддист, нацист, улаан сахиусны хувилгаан, 281-ийн холбооны тэргүүн, намын дарга, ерөнхийлөгчийн үзмэрчийн шавь, “ГУНУ”-гийн удирдагч, нийтлэлч, өгүүлшгүй нинжин сэтгэлтэн, өршөөлгүй хатуу авиртан явсан түүн шиг хүн сонин байхгүй бол өөр хэн сонин байх билээ дээ. Тэгэхээр түүнд бүсгүйчүүд сэтгэл алдан дурладаг байсанд эргэлзэшгүй.
Хайрлах урлаг, үнэнч байдалтай хамгийн ойрын холбоо бүхий гэр бүл гэдэг нэгэн ухагдахуун бий. Хүний түүхэн дэх полигами гэр бүлийн тогтносон хугацаа нь моногами гэр бүлээсээ хавьгүй урт. Соёлын хөгжлөөс шалтгаалан эдүгээ моногами гэр бүлийн хэлбэр зонхилох болсон нь олон шалтгаантай. «Еврейчүүд тахал өвчин газар авхуулахгүйн тулд моногамийг хөхүүлэн дэмжиж, номлосон юм. Харин Ромын хуулиар гэр бүлийг моногами байхаар заасан нь өв залгамжлалын маргааныг хялбар шийдэх зорилготой байлаа. Эдгээрээс үүдэн өнөөгийн загалмайтан баруун европын гэр бүлийн ёс суртахуун хөгжжээ. Хэрвээ биологи хүнийг бүтээх шавар бол соёл түүнийг хэлбэржүүлэгч ваарчин. Бодис хэлбэр хоёрын ялгаа тун ч их байж болно. Олон биологичдын үзэж байгаагаар эрэгтэй хүний генетикийн даалгавар нь үй олноор үржих явдал» (Ричард Давид Прехт. “Хайр” УБ. 2018 х87) гэсэн байна. Түүнчлэн «Аав ээж хоёр. Хүчээр инээх энэ багийн цаана нэгэн үнэн нуугдаж буй. Шинэ цагийн биеэ даасан, өөртөө итгэлтэй эмэгтэйн хувьд бие даасан бодгаль байх хүслийн эсрэг бие даасан бус, нэн түрүүнд үржлийн амьтан гэдэг нь түүнийг маш ихээр шаналгадаг» (Ричард Давид Прехт. “Хайр” УБ. 2018 х352) гэсэн нь сонирхолтой. Үүн лүгээ агаар нэг санааг Германд гарсан манай кино найруулагч Б.Үйзэнмаа хэлсэн нь “Эмэгтэй хүн өөрөө таашаал авахгүй бол эр хүнийг дур тавих хүртэл жүжиглэх ёсгүй” гэдэг үг л дээ.
Гэвч гэр бүл гэдэг нь ямагт эрэгтэйчүүдийн эдлэн, хүрээ бөгөөд түүний нөмөр, нөөлөгт төлжин, тогтнодог орон зай байсаар ирсэн буй. Яруу найрагч О.Дашбалбарын агуу уужим хайрын тойрогт багтсан гурван гэр бүлийг, гурван бүсгүйг үгүйсгэшгүй, бас аль нэгийг нь дээр нь тавишгүй. Монголын ард түмний нэгэн онгодтой яруу найрагч хүүгийн онгодын хөглөж явсан энэхүү гурван тэнгэрлэг гоо бүсгүйчүүд нь нэг нь нэгнээсээ илүү гэхээсээ өөр өөрийн өвөрмөц онцлогтойдоо л үнэ цэнтэй. Тэр бүсгүйчүүдэд дараа үеийнхэн талархавч баршгүй. Хэн нэгэнтэй нь хийсэн цаасан баталгаа хөөж болох мэт авч ингэсэн тохиолдолд О.Дашбалбар гэдэг эрэгчин зөвхөн нэгийг нь хайрлаад нөгөө хоёрт нь чинэрч зангирсан биеийнхээ цангааг л тайлдаг байсан гэсэн хэрэг болно. Өөрөөр хэлбэл О.Дашбалбар найрагчийг “Огторгуйн олон оддоос ганцаараа содон наран минь, Орчлонгийн олон бүсгүйгээс ганцаараа сайхан Анимаа минь!” гэж бичсэний учир ганцхан Анимаадаа хайртай байсан, нөгөө хоёрыг нь зүгээр л сексийн объект болгон хэрэглэж байсан гэвэл ихээхэн андуу ташаа явдал болох. Ийм Дашбалбар бол монголчуудын мэдэх Дашбалбар биш, яруу найрагч бол бүр биш болчихно. Дурдсан шүлгийн хувьд бол яахав яруу найрагч хүн тухайн үеийн онгоддоо автаад энэ байтугайг бичиж л байдаг. Түүнийг нь уран бүтээл нь бэлхнээ хэлээд өгнө. Энэ талаар өөрөө амьд ахуйдаа буюу 1999 оны 6-р сарын 17-ны “Өдрийн сонин”-д сэтгүүлч Б.Ганчимэгтэй ярилцахдаа «Энэ гурван эмэгтэй надад аль аль нь үнэ цэнтэй. Гурвуулаа Сүхбаатарынх. Би тэр нь дутуу энэ нь илүү гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл миний хувь тавилан, уран бүтээлд зохих байрыг эзэлсэн. Энэ миний хувь тавилан. Би өөрийнхөөрөө л амьдарч байна. Оюунханд нь утга зохиолын багш, их энхрий бүсгүй бий. Анимаа их эмч гэгээн сайхан эмэгтэй, Бор маань гайхалтай ялдам. Тэр ч бас эмч хүн» гэж хэлсэн байдаг билээ.
Хайр бол шийдвэр. Хэн нэгэн эрэгтэй хэн нэг эмэгтэйд “Би чамд хайртай” гэж байгаа нь “Чи ч бас намайг хайрла” гэсэн тулгалтыг дагуулж байдаг ба “хайртай” гэж хэлэх нь ч, түүнийг хүлээн авах нь ч маш том асуудал, яагаад ч өнгөц хандаж үл болох шийдвэр билээ. Өгүүлэн буй яруу найрагч маань үүнийг ухаардаг байсан төдийгүй шийдвэр гаргадаг байж. Ихэнх эрэгчин, эмэгчингүүд хайрыг шийдвэр хэмээн хүндэтгэн хүлээн авалгүй, дурлалын түвшинд нэг хоёр удаагийн секс, философич С.Молор-Эрдэнийн хэлсэнчлэн махан сексээр хязгаарлах нь бий. Энэ нь өөрөө адгууслаг буюу хайрыг үгүй хийж, хүний болхи бүдүүлэг, амьтанлаг шинжийг тодруулахаас хэтэрдэггүй. Харин яруу найрагч О.Дашбалбар бол сэтгэллэг, хүмүүнлэг шинжтэй бөгөөд өөрөөр хэлбэл хайрыг нэг хоёр удаагийн сексээр хязгаарлалгүй, хайрын дүрүүдээ өргөмжлөн уран бүтээлдээ мөнхжүүлж, басхүү амьдрал зохион гүн хүндэтгэлтэй хандаж байсан нь түүний хайрлах урлагийн хэмжүүр юм. Хайртай гэдгээ нуухгүй байна гэдэг нь өөрөө хүндэтгэл, хайртай бүсгүйгээ үл дорд үзэж буйгаа илтгэж байгаа нэгэн үзүүлэлт юм. Сэтгүүлч Б.Ганчимэгтэй ярилцахдаа ч «Ер нь эмэгтэй хүн бүхэнд нэг гоё юм байдаг. Тэрнийг нь эрчүүд заавал олж нээх, харах хэрэгтэй. Дараа нь хайрлаж хүндлэх хэрэгтэй. Бүсгүй амьтан гэдэг эр хүнд зөвхөн хайрлагдах гэж л заяадаг юм шүү. Манайхан хүүхнүүдийг адгуус шиг хайрлаад, тэгээд яруу найрагчийн дурлалыг өөрсдийнхөө амьтны адгууслаг мэдрэхүйтэй хутгаад байна л даа» гэж хэлсэн нь үүний баталгаа. Тиймээс ч О.Дашбалбар найрагч өөрийн хайрласан гурван бүсгүйгээ хэнээс ч нуусангүй, мөнхлөөд одож дээ.
Хайр ганцхан байх ёстой юу? гэвэл: -Үгүй. Үүнд «Хайр гэдэг нэн түрүүнд тодорхой нэг хүнтэй холбогдсон холбоос огт биш. Хайр гэдэг байр суурь бөгөөд зан чанарын зүг чиг. Тухайн хүн хорвоо ертөнцтэй хэрхэн харилцаж буйг илэрхийлэх тул хайр тодорхой нэг цорын ганц объектоор тодорхойлогдохгүй. Хэрвээ хэн нэгэн хүн зөвхөн ганцхан хүнд хайртай болж бусад хүмүүсийг үл ойшооно гэвэл энэ жинхэнэ хайр биш, харин символчилсон харилцаа холбоо эсвэл өөрөө өөрийнхөө эгоизмыг л өргөтгөсөн хэрэг болох жишээтэй» (Н.Фромм. “Хайрлах урлаг” УБ. 2015. х61) гэсэн Э.Фроммын тодорхойлолт хариулт болно. Яруу найрагч О.Дашбалбарын:
«Хот айлын яндангаар суунаглах утаа
Холын уулсын бэлд цэнхэр хөшиг татаж,
Хонь ямаа майлалдан, үхэр мөөрөхөд тунгалаг агаар цалгина.
Үнэхээр сэргэлэн багачуудын цовоо дуун голын урсгалыг хөгжөөж
Үл мэдэгхэн сэвэлзэх сэвшээнд нарсны орой сортолзоно…» (О.Дашбалбар. “Шидэт ертөнц” УБ. 2003. х12) гэх буюу “Эх орноо бид үр ачдаа хүлээлгэж өгнө”, “Наранбулаг”, “Дарьгангад өргөх дуу”, “Эх хэл минь”, “Цэнхэр тэнгэр нарны орон”, “Аяа миний монгол”, “Оддын эгшиглэнт аялгуу”, “Сарны туяаны тухай хоёр шүлэг”.., гээд олон шүлгүүд нь эх орон, эх дэлхийдээ өгсөн хайрын тухай байгаа бол:
«Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх үрүү бүү түлх!…» (О.Дашбалбар. “Шидэт ертөнц” УБ. 2003. х14) болон “Үр хүүхэддээ хэлсэн үг”, “Чамдаа”, “Чи минь намайгаа хардана”, “Наран хорвоод эрт үхэж болохгүй”, “Төгөлдөр хорвоо”, “Амьдрал”, “Зүүдний бүсгүйд”, “Монгол улсын ерөнхий сайд”, “Маршал Чойбалсан”.., гэх мэтийн олон олон уран бүтээлүүд нь хүн, хүн төрөлхтөнд өгсөн хайрын тухай билээ. Тэрбээр хүний өөрийн гэлгүй бүх л хүүхдүүдээ чин сэтгэлээсээ хайрлаж байсан нь захидал тэмдэглэл, уран бүтээлээс харагддаг ба хэдийгээр өөрийнх нь биш ч гэсэн «Чинийхээ хоёр охиныгоо оюун бодол зүрх сэтгэлийн хайраараа нэгэн адил хайрлаж, надад олдсон боломж бүхнийг тэдэндээ зориулж жинхэнэ ард түмний хүүхдүүд болоход нь тусална. Бодол санаа уншиж мэдсэн бүхэн минь тэднийх болно гэдэгт бас үл эргэлзэнэ» (Н.Оюунханд “Гэрэлт хайрын дурсамж” УБ.2002. х123) хэмээн бичиж, Анимаагийнхаа том охиныг Л.Дашням гуайн сургуульд оруулж, танхилхан охид Дэжидмаа, Мөнгөндалай нартаа зориулан шүлэглэж, хүүдээ, найзыг нь ч ялгалгүй хайрлан туурвиж, Индраагаа аавынхаа сүнс гэдэгт итгэж байсан нь түүний агуу хайрын илэрхийлэл. Түүний хайр бүхэнд хүрэлцэж байв.
Харин: «Амгалан зантай Мэнд-Ооёо минь
Аашаа хувиргаад удлаа
Алиахан шавь Болд-Эрдэнэ минь
Архинд мэдүүлээд бүтэн жил боллоо
Чухам үнэнийг хэлэхэд дэлхийд ганцхан эцэг минь
Чулуу дэрлээд дөрвөн жил боллоо
Хувингаар асгах шиг бороотой шөнө
Хус мод түшээд байдгаараа бархирсан би…» (О.Дашбалбар. “Гунигт ертөнц” УБ. 2003. х103) буюу “Би талын хөх чоно”, “Ялгаа”, “Амьд явна гэдэг…”, “Арьс махаа зулгаалгаж…”, “Хүмүүсийн дунд амьдрах гэж…”, “Би долоон голтой догшин хар бүргэд”, “Зүүдэндээ ч би Чингис хааныг дууднам”.., гээд олон шүлгүүд нь өөрийгөө хайрласан уран бүтээлүүд нь юм. Энэ хайрыг нь хэтрүүлэн өнөөгийн социо-экономийн төлөв байдлаас хамаарсан хүний өөртөө донтох донтолттой хутган үзэж болохгүй. Учир нь «Бусдыг хайрлах болон өөрийгөө хайрлах хайр хоёрын аль нэгийг сонгох гэсэн ойлголт байхгүй. Тиймээс бусдыг хайрлаж чаддаг хүн өөрийгөө бас хайрлаж чаддаг байх ёстой. Хайр гэдэг угаасаа хэсэглэн хуваах боломжгүй зүйл. Яагаад гэвэл хүн бусад объектод хайрласан хайраа өөрийгөө хайрласан хайраас тасдан авах боломжгүй. Жинхэнэ хайр гэдэг хүний доторх үйл ажиллагааны илэрхийлэл бөгөөд халамж, хүндэтгэл, хариуцлага болон танин мэдэхүй зэргийг агуулж байдаг» (Н.Фромм. “Хайрлах урлаг” УБ. 2015. х77) гэсэн нь яруу найрагч О.Дашбалбарт шууд хамаатай болох нь түүний уран бүтээлээс харагдаж байна.
Ганцаардахуйн шизофрени буюу Нацагдоржийн синдромтой яруу найрагч О.Дашбалбарын нийтлэг хайр нь эцэстээ бурхныг хайрлах хайр болон төлөвшжээ. Түүнийг нь:
«Аяа, арван зүгийн гурван цагийн бурхад өршөө,
Аврал эрж, дорогш сөгдөж, түмэнтээ мөргөн залбиръяа!
Ахуй биеийг олж, мянгантаа зовохын шалтгаан үүдээд
Амьтан бүхний төлөө шаналан байж аврал эрье!» (О.Дашбалбар. “Гунигт ертөнц” УБ. 2003. х13) гэх мэтийн хайрандаа бахардан, бурханд тэмүүлсэн олон олон дүрслэлүүдээс нь үзэж болно. Уран бүтээлийн сүүл үедээ бурханд өргөсөн шүлгүүд хийгээд нийтлэл, тэмдэглэлүүд олныг туурвисан буй. Хэдийгээр Бат-Үүл, Гончигдорж, Элбэгдорж.., гээд улс төрчдийг алах, шулах тухай удаа дараа дурдаж байсан ч эдгээр нь эх орноо хайрлах хайраас үүдэлтэй ба цагаа тулахаар уучлан өршөөх байсанд нь эргэлзэшгүй, тэрээр нигүүлсэлд суралцсан нэгэн байсан.
Өөрөөр хэлбэл тэрээр хайрлаг, хайрлах урлагт суралцсан байсан, гэхдээ үүний учир нь тэр хүн өөрийн сайндаа ч биш, суръя гэсэндээ ч биш зүгээр л тэгж төлөвшсөн уран бүтээлч байсанд оршино. Профессор С.Энхбаяр «Ийм гэгээн, ийм тунгалаг тансаг яруу найраг нь хүний сэтгэл зүрх оюун бодлыг ариусгаж, сайхныг мэдрүүлж амьдралд итгэх итгэлийг, хайр, уужим сэтгэлийг бий болгодог. Энэхүү номлолыг тойрч орчин үеийн Монголын яруу найргийн хамгийн тансаг зөөлөн өнгө аяс бүхий чиглэл ГУНУ урсгал бий болсон. ГУНУ урсгалынхны яруу найраг “урлагийн гоо зүйн үүрэг”-ийг шүтэн биширч, хүнийг ёс суртахууны хувьд ариусгаж, амьдралыг хайрлах үзлийг дээдэлдэг» (С.Энхбаяр. “Утга зохиолын судлал шүүмжлэлийн өгүүллүүд” УБ. 2004. х84) гэж дүгнэсэн нь түүний яруу найргийн онцлог хийгээд хайрын яруу найргийнх нь шинж төрхөд түмэнтээ таацна.
Жинхэнэ хүн устаж хайр үгүй болж буй өнөөгийн ертөнцийг эерүүлэх, хүмүүний харьжилтын эмгэгийн зүрхэвч болоод буй хүнийшрэл, жожигрохуйн неврозыг гэтэлж, ганцаардлын ээрэгдлийг саармагжуулахад яруу найрагч Очирбатын Дашбалбарын хайр төвт бүтээлүүд гарцаагүй хэрэг болсоор буй агаад цаашид ч улам бүр үүрэгжин дээд эрэмбийн муж уруу дэвшсээр л байх буйзаа…
2018.10.17