Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг завсарлага авав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэх шатанд УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан байна. Нийт тав хоногийн завсарлага авчээ.

Эл асуудлыг хэлэлцэх үеэр дээрх чуулганы хуралдаанд Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Билигт, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсан нар оролцсон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүд холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл авсны дараа “Энэ асуудлыг шалгах шаардлагатай байна” гэж үзжээ. Мөн УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хугацаатай үүрэг өгч зарим тодорхойгүй асуудлууд дээр холбогдох байгууллагуудаас нь мэдээлэл авч эцэслэн танилцуулахыг даалгасан гэх мэдээлэл байна.

Хууль зүйн сайдтай холбоотой асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай хэлэлцсэн юм. УИХ дахь МАН-ын бүлэг эл асуудлаар завсарлага авсан тул хуралдаан нээлттэй горимд шилжжээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол судлаач Ю.Н.Кручкиныг “Алтан гадас” одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын иргэн Ю.Н.Кручкиныг “Алтан гадас” одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өгөв. Монгол Улс, ОХУ-ын хооронд найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласныг нь өндрөөр үнэлж монгол судлаач Юрий Николаевич Кручкиныг “Алтан гадас” одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн зарлигт тэмдэглэсэн байна.

Шагнал гардуулах үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Хоёр орны харилцаа болон монгол судлалыг хөгжүүлэх, түүх, соёлыг сэргээх, боловсон хүчин бэлтгэх чиглэлээр олон жил ажилласан хувь нэмрээ үнэлүүлж төрийн одонгоор шагнагдсанд баяр хүргэе. Шагналыг Ялалтын баярын өмнөхөн гардуулж байна. Монголчууд ч ялалтын өдрийг ойртуулахад оролцсон нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Танд Ялалтын баярын мэнд хүргэж цаашдын тань ажилд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ.

Үүний дараа монгол судлаач Юрий Николаевич Кручкинтай товч ярилцав.

-Танд Ялалтын баярын мэнд хүргэе. Таныг Аюур гэдэг нэрээр монголчууд сайн мэднэ. Монгол судлалын чиглэлээр ямар бүтээл туурвиж байгаа талаараа танилцуулна уу?

-Юуны өмнө Ялалтын баярын өмнөхөн Монгол төрийн одон хүртсэндээ баяртай байна. Их баярлалаа. Ирэх зун Монгол, Оросын харилцаанд том том үйл явдлууд тохионо. Халх голын ялалтын 75 жилийн ой болно. Маргааш Ялалтын баяр тохиох гэж байна.

Би монгол судлалаар 20 гаруй жил ажиллаж байна. Миний гол бүтээл гэвэл Монголын тухай нэвтэрхий толь бичиг юм. Үүнийгээ шинэчилж байгаа. Хамгийн сүүлд Орос-Монгол, Монгол-Орос толь бичиг шинээр бичиж хэвлүүлсэн. Монголын нутаг дэвсгэрээс цэрэгт мордож, Эх орны аугаа их дайнд оролцсон орос, буриад, монгол 3000 хүний тухай баримтат ном бичлээ. Цаашдаа кино хийх бодолтой байна.

Өнөөдөр Санкт-Петербургээс миний найз нар ирж байгаа. Максим Леонидов, “Секрет” хамтлаг ирнэ. Ирэх бямба гаригт UB паласт маш том тоглолт хийх гэж байна.

-Монгол судлалын чиглэлээр та хэчнээн бүтээл туурвисан бэ?

-Нийт 60 гаруй ном бий. Орчуулсан олон бүтээлтэй. Анхны Ерөнхийлөгч П.Очирбатын “Тэнгэрийн цаг”, судлаач Болдын “АНУ ба Монголын тусгаар тогтнол”, яруу найрагч Батрэгзэдмаагийн бүтээлүүд зэргийг орос хэл рүү орчуулсан гэв.

Мөн Турк улсын иргэн, “Эмпати-Ертөнц” ХХК-ийн захирал Т.Карабулут, дэд захирал В.Акчай, Улаанбаатар дахь Монгол-Туркийн хамтарсан сургуулийн захирал С.Мехмет нарыг боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулан өгөв гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн буруутай үйл ажиллагааг хэлэлцэв

Өргөдлийн байнгын
хороо өнөөдөр үдээс хойш хаалттай хуралдлаа. Уг хуралдаанаар Ашигт малтмалын газрын
дарга асан Д.Батхуягийн асуудлыг хэлэлцсэн байна. Түүний буруутай үйл ажиллагаанаас
болж хохирсон иргэд тус байнгын хороонд хаягласан өргөдөл илгээжээ. Д.Батхуяг нь
Ашигт малтмалын газрын дарга байхдаа тэдгээр иргэдийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг
нь хүчингүй болгож, ихээхэн хэмжээний хохирол учруулсан гэнэ.

Өргөдлийн байнгын
хороо хаалттай хурладааны горимоор түүний асуудлыг хэлэлцэж байлаа.

М.МӨНХ

Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат МАН-ын гишүүдийн картыг сугалжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн
засгийг идэвхижүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны
хэлэлцүүлгийг хийж байна. Гэхдээ нэгдсэн хуралдаан эхлэхийн өмнө УИХ дахь
Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат МАН-ын бүлгийн гишүүдийн картыг
сугалсан байна. Үүнийг нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт эсэргүүцэж
УИХ-ын даргад хандан “Гишүүд өөрсдөө ирж ирцээ бүртгүүлж, саналаа өгдөг,
байхгүй ол гишүүдийн өмнөөс өөр гишүүн картаар нь бүртгүүлдэг, саналыг нь
өгдөг байдал давтагдаж байна. Өмнө нь эрх баригчид өөрсдөд нь ашигтай бол бүх
гишүүдийн картыг шургуулчихдаг байсан. Гэтэл өнөөдөр өөрсдөд нь ашиггүй
болохоор карт сугалаад явж байна. Зөвхөн өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэх гэж асуудалд
ханддаг байж болохгүй. УИХ-ын гишүүний үүргийг нь биелүүлэх, эрхийг нь эдлүүлэх
талд УИХ-ын дарга анхаарч өгөөч” гэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат 40 сая төгрөгөөр торгуулж магадгүй

УИХ дахь АН-ын бүлгийн дарга
Д.Эрдэнэбат Тамхины хяналтын тухай хуулийн өөрчлөлтийг чуулганаар хэлэлцэх үеэр
өрөөндөө тамхи татдаг тухайгаа үнэнээ хэлсэн нь шуугиан тариад байсан билээ.
Эгэл ардыг гудамжинд тамхи татвал торгоод байдаг, эрх баригч намын том даргад
энэ хууль үйлчлэх болов уу гэсэн хүлээлт үүсээд байсан юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг
түүнийг Тамхины хяналтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6 заалт буюу Аж
ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчинд утаат тамхи татахыг хориглосон
заалтыг зөрчсөн гэж үзжээ. Улмаар мэргэжлийн хяналтын байгууллагад хандан
Д.Эрдэнэбат гишүүнийг торгохыг хүсчээ.

Магадгүй хууль хэрэгжсэн өдрөөс хойш өдөр бүр түүнийг өрөөндөө тамхи татсан гэж
үзвэл торгууль нь 40 гаруй сая төгрөг болох тухай УИХ-ын гишүүн О.Баасанхүү
хуулийн хэлэлцүүлгийн үеэр хэлж байсан удаатай.

Categories
мэдээ улс-төр

Хувь хүний орлогын албан татварыг хөнгөлөхийг дэмжсэнгүй

УИХ-ын
чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний
тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын
хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж
байна.

Тухайлбал,
дээрх тогтоолын төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан
нар “Бага дунд орлоготой иргэдийн Хувь хүний орлогын албан татвар /ХХОАТ/-ыг
хөнгөлөх” гэсэн санал гаргасан байсныг олонхи гишүүн дэмжилгүй унагав.

Саналыг
гаргасан УИХ-ын гишүүн С.Бямбацогт “УИХ дахь олонхийн бүлгийн гишүүн буруу
санал гаргасан ч дэмжлэг хүлээдэг, цөөнхийн гишүүн бага, дунд орлоготой иргэдэд
ирж байгаа дарамтыг бууруулах санал гаргахаар дэмждэггүй нь учир дутагдалтай
байна. Валютын ханш, инфляцийн өсөлтөөс болж ард иргэд, аж ахуйн нэгжүүд асар
их дарамт үүрч байгаа. Төрөөс цалин авч, татвар төлөгчдийн мөнгөөр тэжээгдэж
байгаа бид хямрахгүй бол болоо гэсэн байдлаар асуудалд хандаж буйд харамсч
байна. Төрийн алба хэтэрхий данхайсан, 11 яам нь 17 болсон, 42 агентлаг байсныг
27 болгож бууруулсан гэсэн ч тэдгээрийг бүгдийг төрийн өмчит компани болгон
өөрчилж, төсөвт ачаалал нэмсэн. Нийслэлийн Засаг дарга өнөөдөр хэдэн орлогчтой
болов, аймгуудын Засаг дарга нар 2-3 орлогчтой ажилладаг, сумын Засаг дарга
зөвлөхтэй ажиллаж байна. Тийм учраас татвар төлөгчдийн мөнгөөр зугаалж, төсвийн
хөрөнгийг үрэн таран хийхээ зогсоож, түүнээс гарсан хэмнэлтийг бага дунд
орлоготой иргэд рүүгээ шилжүүлье гэсэн санал байлаа” гэж тодотгосон юм.

Харин
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Цалин, тэтгэврийг инфляцийн өсөлттэй уялдуулж
нэмсэн. Төсвөөс цалин авдаг 180 мянган иргэний 110 мянгынх нь цалин өссөн.
Үлдсэн төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар энэ ондоо багтаан
нэмэгдүүлнэ. Хөдөлмөр гурван талт хэлэлцээрийн дүнд төсвийн тодотголд 35 тэрбум
төгрөг суулгах шаардлага байгаа. Үүнийг төсвийн урсгал зардлыг танах байдлаар
шийдэх боломжтой хэмээн үзэж байна. Одоогийн байдлаар цалин, тэтгэврийн
нэмэгдэлд зориулж 200 тэрбум төгрөг зарцуулсан” гэлээ.

Үүний
дараа УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарын гаргасан төсвийн зардлыг 30 хүртэл хувиар
бууруулах тухай санал гаргасан нь мөн дэмжигдсэнгүй. Сангийн сайдын тайлбараар
2014 оны төсвийн тодотголд эл асуудлыг суулгасан юм байна. Чингэхдээ тэвчиж
болох зардлыг 10-30 хувиар хорогдуулахаар тусгасан аж.

Тэгвэл
Ц.Оюунбаатар гишүүний гаргасан “Төсвийн хөрөнгөөр хэвлэл мэдээллийн сурталчилгаа
хийх, хаалтын гэрээ байгуулахыг хориглох” гэсэн горимын санал олонхийн
дэмжлэг хүлээлээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар эл саналыг
унагасан байсан ч чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжлэг хүлээлээ.

Ийнхүү
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга
хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгаснаар
өнөөдрийн хуралдааныг өндөрлүүлээд байна.

Categories
мэдээ улс-төр

Монголоос хөөгдөж буй Өвөрмонгол залуу Ерөнхийлөгчид ийм захидал илгээжээ

Манай улсад хорь гаруй жил
амьдарсан Өвөрмонгол иргэнийг арав хоногийн дотор Монголын газар нутгаас
гарахыг шаарджээ. Энэхүү иргэн Монгол эхнэртэй байсан гэнэ. Хэрвээ Монголоос
албадан гаргахдаа тулбал өөрийгөө шатаана хэмээн Ерөнхийлөгчид хүртэл захидал
бичсэн байна. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэе.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ
ТАНАА ӨРГӨДӨЛ ГАРГАХ УЧИР НЬ:

Монгол хүн, Монгол охины аав, Монгол улсдаа 22 жил амьдарсан, гэм буруугүй
Норовцэрэн овогтой Алхаа миний биеийг ГИХАЭГ-аас гэнэт 10 хоногийн дотор Монгол
улсаас сайн дураараа гар, гарахгүй бол албадан гаргана гэж тулган шаардсан
тухай

Норовцэрэн овогтой Алхаа миний бие 1968 оны 8-р сарын 8-нд БНХАУ-ын Өвөр
Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймгийн Зүүн Сөнөд хошууны Далай сумын
Баян Эрдэнэ багт малчин ард М.Норовцэрэн, Д.Цэрмаа нарын 6 дахь хүүхэд болон
төрсөн. Намайг төрөх үед Соёлын хувьсгал ид явагдаж байсан тул цагийн эрхээр
албан бичиг баримтад Вэнь Шин хэмээн хүчээр хятад нэрээр нэрлэсэн боловч гэр
бүлийнхэн Алхаа хэмээх сайхан монгол нэрээр нэрлэсээр ирсэн билээ.
Эцэг эхийн гар дээр өсч хүмүүжээд, 1976-1987 он хүртэл сум, баг,хошуундаа
монгол ерөнхий боловсрол эзэмшсэн. 1 жил хонь хариулаад 1988-1992 онд Хөх хотод
хүн эмнэлгийн сургуульд сурч төгссөн.
1992-1997 он хүртэл Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцааны дээд
сургуульд сурч төгссөн. 1994 онд Монгол улсын иргэн Э.Ундармаатай гэр бүлээ
батлуулж, дараа жил нь буюу 1995 онд амьдралын минь утга учир болсон
Нандинцэцэг охин минь төрсөн билээ.
2010 онд хайрт хань Э.Ундармаа хорт хавдрын улмаас нас барсан бөгөөд одоо охин
Нандинцэцэгийн хамт амьдарч байна.
Монгол улсад миний бие 22 жилийн турш тасралтгүй амьдарч байгаа бөгөөд 1999
оноос хойш гадагш нэг ч удаа яваагүй билээ. Гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Ял
шийтгэл эдэлж байгаагүй. Хайрт ханиа бурхны оронд одсоноос хойш 4 жилийн турш
гэрт орж эм, гадаа гарч эр болж, өнчин охиноо асарч бойжуулахын тул үнэнч
шударгаар хөдөлмөрлөж ирсэн. Монгол улсад оршин суух биеийн үнэмлэхээ ч цаг
тухайд нь сунгуулж ирсэн. Гэтэл 2014 оны 5-р сарын 5-ы өдөр Гадаадын Иргэн
Харъяатын газраас “2014 оны 5-р сарын 15-ы дотор Монгол улсаас сайн дураараа
гарах, эс тэгвээс албадан гаргана” гэсэн Гадаадын иргэний хяналтын улсын
байцаагч Б.Уранчимэгийн гарын үсэгтэй 0000243 тоот албан бичиг өглөө. /Тус
албан тоотыг хавсаргав/
Монгол улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэг /Хүний эрх, эрх чөлөө/-ийн 16-р
зүйлийн 11-т зааснаар “Улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр
бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон
насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд
үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална”
хэмээн заасан байдаг. Бурхан болооч Э.Ундармаа бид хоёр хайр дурлалаар
холбогдож, сайн дурын үндсэн дээр гэр бүл болсон бөгөөд монгол улсын гэр бүлийн
хуулийн дагуу бүртгэгдсэн болно. /гэрлэлтийн баталгааг хавсаргав/
Миний охин Нандинцэцэг нь монгол улсын иргэн бөгөөд би өөрийн өнчин охиныхоо
сурч боловсрох, эрх чөлөөтэй амьдрах боломжыг хангах, асран хамгаалах эрх
үүрэгтэй гэж бодож байна. Энэ эрхийг нь ч төр хамгаална гэж бүрэн ойлгож байна.

Миний бие БНХАУ-ийн иргэнээс гарах өргөдөл хүсэлтийг БНХАУ-ын элчин сайдын
яаманд удаа дараа өгсөн боловч, хууран мэхэлж, хавчин гадуурхах хандлага
гаргасаар ирсэн. Мөн урьд нь Монгол улсын Гадаадын иргэдийн асуудал хариуцсан
албанд монгол улсын иргэншилтэй болох хүсэлт гаргаж байсан боловч “Хятадын
иргэншилээс бидний зөвшөөрөлгүйгээр гарч болохгүй” гэсэн сануулгыг байнга
өгсөөр ирсэн. Мөн хууль хүчний байгууллагад ажиллаж буй зарим нэгэн үл бүтэх
этгээдүүдийн зүгээс дүрвэж, цагаачилж амьдарч буй олон өвөр монголчуудад болон
Норовцэрэн овогтой Алхаа миний биед хавчлага дарамт үзүүлсээр ирсэн.

Үүний нэг жишээ нь: Намайг 2013 оны 1-р сарын 17-ы үүрээр хаанаас хэн гэдэг
нь мэдэгдэхгүй 4 хүн гэрт хүч түрэмгийлэн ямар ч баривчлах тогтоол
үзүүлэлгүйгээр дайран орж ирээд, баривчлан гавлаж аваад гарсан. Явж байх замдаа
намайг асуухад “Чи очоод мэдэх болно оо” гэсэн. Тэгээд Нийслэлийн
цагдаагийн газрын 3 давхарын өрөөнд оруулаад, хийх нь байтугай сонсч ч
байгаагүй хэрэг тулгасан. Энэ тулгаж буй хэргийн талаар юу ч мэдэхгүй гэдгээ
хэлсэн. “За тэгвэл чамайг эрүүгийн хэрэг үүсгэн шалгана” гэж дагуулан
бууж, тэр шөнийн ерөнхий жижүүр байсан Ж.Батбаяр дэд хурандаад хүлээлгэн өгсөн.
Тэгээд мөн нөгөө л хятадуудтай холбоотой хэргээ хүлээ гэж дарамтлан, урагшаа
Замын үүдийн цагдаа руу Ж.Батбаяр дэд хурандаа залгаж, “Одоо чи шууд
урагшаа гарч, Эрээний цагдаагийн газар очиж, энэ хүний холбоотой бүх материалыг
олж ир. Гэхдээ хэдэн монгол цагдаагийн нэр хэлж, тэр хэдтэй уулзаж болохгүй
Шилийн голынх, нас нь ойролцоо юм байна таньж магадгүй” гэж хэлсэн. Дараа
нь энгийн хувцастай том биетэй хүн орж ирээд, “Та муусайн чоно нохойны
эрлийзүүд, Хятад монголын харьцааг муутгах гэлээ” гээд шууд толгой
түрүүгүй зодсон бөгөөд энэ хүн бол дэд хурандаа Энхбаяр гэдэг хүн байсан. Энэ
хүн намайг “ална” гэж заналхийлдэг байж байгаад, дараа нь
“алуулна даа” гэж заналхийлж, хилс хэрэг хүлээлгэхийг оролдож,
дарамталдаг байсан. Зодуурын улмаас нүдний хараа муудсан, толгой байнга өвддөг
болсон. Тэгээд Хан-уул дүүргийн прокурор руу дэслэгч Чинбат дагуулж очин, гарын
үсэг зуруулаад, 461-р хорин ангид 17 цагт хүргэж өгсөн. Тэгээд 72 цаг хорьсон.
Хорьсны дараа, бүтэн сайн өдөр дэслэгч Чинбат очиж аваад, тэр шөнөдөө НЦГ-ын
ГХТГ-ын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсийн ахлах мөрдөн байцаагч,
цагдаагийн дэд хурандаа Ж.Батбаярт хүлээлгэж өгсөн. Хурандаа Ж.Батбаяр шатны
хонгилд парнаас гавлаж хонуулсан. Тэгээд дараа өдрийн 14 цагт манай гэрт
нэгжлэг хийгээд, дэд хурандаа Ж.Батбаяр 2013 оны 1-р сарын 21-ий өдөр 17 цаг 50
минутад Түмэн-Очир овогтой Эрдэнэ-Очир, Эрдэнэбаатар овогтой Мөнхбаяр нарыг байлцуулан
гэрчлүүлж, 5 сая төгрөг барьцаалж, сулласан. /Барьцаа авсан тухай тэмдэглэлийг
хавсаргав/
Энэхүү 5 сая төгрөгийг надаас түр хэрэглэе гэж хэлээд өнөөг хүртэл эргүүлж
өгөөгүй хирнээ дэд хурандаа Ж.Батбаяр, дэслэгч Чинбат нар ээлжлэн өдөр бүр
өглөөний 8 цагаас 17 цаг хүртэл мөрдөн байцаах газарт 10 сарын турш ажил
хөдөлмөр хийлгэлгүй хохироож, сэтгэл санаа, бие махбодийн хүнд дарамт
учруулсан. Намайг НЦГ-т шалгагдаж байх үед нэг хэлтэст хамт ажиллаж байсан
ахлах дэслэгч Бэхбат нь өнөөдөр ГИХАЭГ-ын Албадан гаргах албаны даргаар ажиллаж
байна.
22 жил Монгол улсдаа амьдарч, сайхан монгол бүсгүйтэй ханилж, сайхан үр
хүүхэдтэй болж амьдарч ирсэн миний амьдралд хүн чанараар хөлийн чигчий
хуруунаас доор цагдаа хүчний байгууллагын зарим нэгэн хүмүүс хар сүүдрээ
тусгасан гэж бодож байна. Тусгаад зогсохгүй одоо миний амьдрал миний охины хувь
заяагаар дооглон тохуурхаж, харь элэгтний хатуу цаазанд сөгдүүлэхээр зэхэж
байна гэж ойлгож байна. Тиймийн тул Норовцэрэн овогтой Алхаа миний амь нас,
миний охины аюулгүй байдлын төлөө таныг эрүүл саруул ухаанаар хандаж, авран
хамгаалж, улсын эцэг хүний хайр ивээлийг хүртээнэ хэмээн найдаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 3-р бүлэг /Монгол улсын төрийн байгуулал/
33-р зүйлийн 9-д “Монгол улсын харъяат болох, харъяатаасаа гарах, тус
улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх” эрх үүргийн хүрээнд Монгол
улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж та Норовцэрэн овогтой Алхаа миний биед
монгол улсад орогнох эрх, ус уух хувь тавилан, өнчин охиндоо эцэг байж, асран
хамгаалах эрхийг олгоно уу?
Хэрвээ намайг Монгол улсаас албадан гаргах үйлдэл хийх аваас би өөрийн биеийг
шатааж, эргэн төрөх сүнсээ монголынхоо гал голомт, газар шороондоо үлдээнэ ээ.
Энэ насандаа монгол хүн болж төрөөд, монгол улсынхаа иргэн болж чаддаггүй юм
бол ирэх төрөлдөө монголдоо төрөх нь дамжиггүй болно.
Өргөдөл гаргасан:
Цагийн хавчлаганд Вэнь Шэн хэмээх хятад нэртэйгээсээ болж,
хавчигдан гадуурхагдаж яваа
Норовцэрэн овогтой Алхаа …
2014 оны 5-р сарын 6.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд Р.Алтангэрэл итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт
Элчин сайд Раднаабазарын Алтангэрэл Канад Улсын Амбан захирагч Эрхэмсэг ноён
Дэвид Жонстонд 2014 оны 5 дугаар сарын 5-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн
барив.

Канадын Амбан захирагчийн “Риду” өргөөнд болсон Итгэмжлэх
жуух бичиг гардуулах ёслолын үеэр Элчин сайд Р.Алтангэрэл Амбан захирагч Дэвид
Жонстонд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн халуун дотно мэндчилгээг
уламжилж, Монгол, Канадын өргөн хүрээтэй түншлэлийн харилцаа өргөжин хөгжиж,
хоёр орны улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхжиж буй энэ үед Элчин
сайдаар томилогдон үүрэгт ажилдаа орж буйдаа баяртай байна гээд Монгол, Канадын
найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид бүх талаар идэвхжүүлэхийн төлөө
чармайн ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

Амбан захирагч Дэвид Жонстон Элчин сайд Р.Алтангэрэлд
баяр хүргэж ажлын амжилт хүсээд Канадын Төрийн тэргүүний хувиар 2013 онд Монгол
Улсад анх удаа төрийн айлчлал хийж, хоёр орны хамтын ажиллагааны талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон
албаны бусад хүмүүстэй уулзаж, ярилцах сайхан боломж гарсаныг эргэн дурсахад
таатай байдгийг илэрхийлэв.

Итгэмжлэх жуух бичиг гардуулах ёслолд Канадын Сенатын
гишүүн, Сенат дахь Канад, Монголын найрамдлын бүлгийн дарга Жозеф А.Дэй,
Нийтийн танхимийн депутат Брад Трост, Элчин сайдын яамны ажилтан нар, Канад
Улсад суугаа Монгол Улсын иргэдийн төлөөлөл оролцов.

Categories
мэдээ улс-төр

“Анд хүүхдүүд” ТББ-ын төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны зөвлөх А.Ганбаатартай “Анд хүүхдүүд” ТББ-ыг үүсгэн байгуулагч Ё.Баяраа, Германы “Autismus Deutschland E.V” байгууллагын ерөнхийлөгч, хатагтай М.Камински нар уулзав. Эдгээр байгууллага нь аутизмтай хүүхдүүдэд туслах, тэднийг жирийн хүүхдийн нэгэн адил орчинд сурч боловсрох нөхцөлөөр хангах, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, төр, засгийн анхаарлыг чиглүүлэх зорилготой юм.

Аутизм нь Монголд цоо шинэ ойлголт бөгөөд тухайн улс орны хүн амын нэг орчим хувьд илрэх магадлалтай байдаг аж. Аутизмтай хүүхдүүд хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй боловч уйгагүй заслын үр дүнд нийгэмд дасан зохицож, байр сууриа олох бүрэн бололцоотой гэж үздэг байна. Гэвч өнөөдрийн байдлаар Монголд аутизмтай хэмээн бүрэн оношилсон тохиолдол байхгүй, бусад өвчнөөс салгасан ойлголтгүй явж ирсэн  гэдгийг тэд хэлж байлаа.Уулзалтын үеэр “Анд хүүхдүүд” ТББ, ХБНГУ-ын “Autismus Deutschland E.V” байгууллагын төлөөллийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан Монгол Улсад аутизмын асуудлаар эрдэм шинжилгээний хурал, сургалт явуулах боломж нөхцөлийг судлан үүнд туслалцаа дэмжлэг үзүүлэх талаар санал дэвшүүлэв.

Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны зөвлөх А.Ганбаатар тэдний саналыг судалж үзнэ гэдгээ илэрхийллээ. 

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Н.Батцэрэг нарын өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ. Ингээд байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй учраас хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болсон юм.

 Одоо Засгийн газраас өнгөрсөн сарын нэгний өдөр өргөн мэдүүлсэн Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.