УИХ-ын гишүүн Су.Батболд, Н.Номтойбаяр нар үдээс хойш мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс төсвийн тодотголын төсөлд тусгасан төсвийн зардал хэмнэхэд төрийн албаны данхайсан бүтцийг багасгах шаардлагатай хэмээн үзэж байгаагаа хэлсэн юм. Өнөөдөр хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хороонд төрийн албаны данхайсан бүтцийг цөөлөх ёстой хэмээн шаардлага хүргүүлжээ. Засгийн газар төрийн захиргааны бүтцийг данхайлгаж, төрийн албан хаагчдын тоог үлэмж нэмсэнд шүүмжлэлтэй хандаж, эдийн засгийн хямралын үндсэн шалтгааны нэг нь засаглалын хямралаас үүдэлтэй гэдгийг онцолсон юм. 2012-2013 онуудад гадаадын хөрөнгө оруулалт 70 орчим хувиар, зөвхөн 2013 онд өмнөх оныхтой харьцуулахад 55 хувиар буурсан хэдий ч төсвийн зарлага талын санхүүжилт 20 хувиар нэмэгдсэн гол шалтгаан нь төрийн албан хаагчдын тоог хязгааргүйгээр нэмсэнтэй холбоотой гэдгийг Су.Батболд гишүүн байр сууриа илэрхийлэв. Өнөөдрийн байдлаар 181 мянга орчим төрийн албан хаагчдын зөвхөн шатахуунд жилд 40 гаруй тэрбум төгрөг, бичиг хэргийн зардалд 8-9 тэрбум, тавилга авахад 6-7 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа гэлээ. Тэрбээр “2011 оны төсвийн гүйцэтгэлээр 148 мянга 781 төрийн албан хаагч ажиллаж байсан бол 2012 он 162 мянга 383, 2013 онд 176 мянга 773, 2014 онд 180 мянга 151 төрийн албан хаагчтай болсныг Сангийн яамнаас гаргасан байна. Энэ нь 2012-2014 онд Засгийн газар 30 орчим мянган албан хаагчаар орон тоогоо нэмэгдүүлсэн байна. Энэ бүх тоо баримт бол Сангийн яамнаас гаргасан мэдээлэл дээр үндэслэсэн” гэв.
Төрийн албаны бүтэц данхайсан шалтгаан нь яамдын тоог нэмэгдүүлсэнтэй холбоотой гээд өмнө нь 11 яаманд 978 төрийн алба хаагч ажиллаж байсан бол одоо 16 яаманд 1558 төрийн албан хаагч ажиллаж байгаа юм. Үүнээс харахад яамдын албан хаагчдын тоо 80 хувиар нэмэгдсэн, тэр дундаа төрийн захиргааны байгууллагын тоог 2013 онд 767-оор нэмэгдүүлжээ. Жишээлбэл, Байгаль, орчин ногоон хөгжлийн яам өмнө нь 78 албан хаагчтай байсан бол 133, Эрүүл мэндийн яам 2012 онд 66 байсан бол 132, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам өмнө нь 72 албан хаагчтай байсан бол одоо хоёр яам болж хуваагдсан бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны яам 88, Соёл, спорт, аялал жуулчлаын яам 72 хүнтэй болсон байна гэдгийг хэлсэн юм.
Төрийн захиргааны байгууллагын нэмэгдсэн орон тоо дотор газар, хэлтсийн дарга нар буюу “хурган дарга” нар олширсныг хэлсэн юмы. 2008-2012 онд Засгийн газрын яамдууд нийт 102 газар, хэлтэстэй байсан бол одоо 183 буюу 81 нэгжээр нэмэгдсэн. 2012-2013 онд төрийн албан хаагчдын сэлгээ хамгийн ихээр хийгдсэн бөгөөд 2012 онд 9.3, 2013 онд 11.3 буюу давхардсан тоогоор 30-32 мянган төрийн албан хаагч хөдөлгөөнд орсон. Төрийн албанаас сүүлийн хоёр жилийн хугацаанд 22 мянган хүн өөрийн хүсэлтээр, өөр ажилд томилогдсон бол Шинэчлэлийн Засгийн газар 30-40 мянган хүнийг шинээр ажилд авсан гэсэн тооцоо байгаа тухай хэлж байсан юм. 2013 онд нийслэлд 23, аймгуудад 112 улс төрийн албан хаагч, нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудад 702, аймгуудын төрийн захиргааны байгууллагуудад 750 орон тоогоор нэмэгдүүлсэн судалгаа байгаа гэнэ.
УИХ-ын гишүүн Су.Батболд “Төрийн бүтэц данхайснаас гадна төрийн жинхэнэ албанд шалтгалт өгч тэнцсэн, нөөцөд бүртгэгдсэн хүнээс авах ёстой. Гэтэл 2012 оны долдугаар сараас 2013 оны арванхоёрдугаар сарын байдлаар зөвхөн төрийн удирдах албан тушаалд 996 хүнийг томилсноос 493 албан хаагч түр нэрээр томилсон. Өнөөдрийн байдлаар 253 түр хэвээрээ ажиллаж байна. Энэ нь Үндсэн хууль, төрийн албаны хууль зөрчсөн үйлдэл болж байна” гэдгийг нэмж хэлсэн юм. Төрийн албаны бүтэц, орон тоо нэмэгдсэнээр зардал төдий чинээ нэмэгдсэн тухай УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр “Төрийн албан хаагчийн нэг жилийн цалинг дунджаар зургаан сая төгрөгөөр тооцож болно. Үүнийг 30 мянган төрийн албан хаагчаар үржүүлбэл нийт жилд 180 тэрбум төгрөг болохоор байна. Гэтэл энэ мөнгөөр 150 ерөнхий болосвролын сургууль, 225 цэцэрлэг, 300 км автозам барих боломжтой. Тиймээс л МАН-ын зүгээс төрийн данхайсан бүтэцдээ өөрчлөлт оруулж, төсвийн зардлаа бодитойгоор хэмнэж Төсвийн тодотголд суулгахыг шаардаж байгаа юм” гэв.
Э.ЭНХ