УИХ-д 13 гишүүний бүрэлдэхүүнтэй шинэ бүлэг байгуулагдах гэж байгаа тухай албан бус мэдээлэл байсан. Энэхүү бүлэгт УИХ-ын нэр бүхий есөн гишүүн нэгдэхээ мэдэгдээд байгаа гэнэ. Бие даагч гурав болон бусад гишүүдээс бүрдсэн албан бус бүлэг байгуулж байгаа талаар өнөөдөр 11.00 цагт Төрийн ордны Г танхимд мэдээлэл хийх юм байна. Тус бүлэгт Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар нарын гишүүдээс гадна УИХ-ын гишүүн Д.Батцогт, Л.Цог, Г.Уянга, О.Баасанхүү нар элсэх сурагтай.
УИХ-ын тухай хуулинд долоон гишүүн бүлэг байгуулж болох тухай заасан байдаг. Хэрэв “Шударга ёс” эвслийн гурван гишүүн бүлгээсээ гарч, бие даагчдын бүлэгт элсвэл эвслийн бүлэг тарах магадлал өндөр байгаа юм.
Category: улс-төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилох асуудлаар зөвшилцөхийг хүссэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн албан бичигтэй танилцсан байна. Ерөнхийлөгч түүнд хариу илгээхдээ өөрийн байр сууриа тодорхой илэрхийлжээ.
Хууль тогтоох болон гүйцэтгэх байгууллагын хоорондын эрх үүрэг, хариуцлага, хяналтын тогтолцоог тодорхой болгон зааглах ажлыг энэ удаагийн томилгооноос эхлэх нь зүйтэй гэж Төрийн тэргүүн үзсэн байна. Иймээс сайдын албан тушаалд УИХ-ын гишүүний нэрийг давхардуулан дэвшүүлэхгүй байх нь зүйтэй гээд Засгийн газрын гишүүнээр УИХ-ын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайд Н.Алтанхуягийн саналаас татгалзаж буйгаа илэрхийлжээ. Мөн Засгийн газрын гишүүнийг шинээр томилох саналыг дахин зөвшилцөхийг хариу бичигт дурджээ.
Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд болон ажлын хэсгүүд хуралдана. Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд хуралдах бол МАН-ын бүлэг “Б” танхимд хуралдах юм байна. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд болно.
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
• Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
• Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхийЭдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 13.00цагаас “Б” танхимд;
• Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд;
• Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхийХууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;
• Нягтлан бодох бүртгэл, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот өрөөнд;
• Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Б”танхимд;
• Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхийЭдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;
• “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд;
• “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд болох юм байна.
Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон дүнг хэлэлцлээ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 23-25-нд ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон. Засгийн газрын хуралдаанаар энэхүү айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа.
Ерөнхий сайд тус чуулга уулзалтын “Өөрчлөлтийн эрин үеийн харилцан итгэлцэл” сэдэвт нэгдсэн хуралдаанд оролцож, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, хоёр орны улс төр, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломж, хоёр талын хооронд яригдаж ирсэн асуудлуудыг урагшлуулах талаар өргөн хүрээнд санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрсэн нь Монгол Оросын харилцааны цаашдын хөгжилд түлхэц үзүүлнэ гэж үзэж байна.
Ерөнхий сайд Петербургт байх үедээ “Оросын төмөр зам” НХН-ийн Ерөнхийлөгч В.И.Якунин, “Ростех” корпорацийн Ерөнхий захирал С.В.Чемезов, “Росатом” корпорацийн Ерөнхий захирал С.В.Кириенко нарыг тус тус хүлээн авч уулзан Монгол Оросын хамтарсан үйлдвэрүүдийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах, ураны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрсэн нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо гэж үзлээ.
Автозам, барилгын ажлын явцын талаарх мэдээлэлтэй танилцаж үүрэг даалгавар өглөө
Автозамын засвар, арчлалтын явцын талаар Зам, тээврийн сайд А.Гансүх Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. 2013 онд баригдаж дууссан, ашиглалтад орсон чанарын шаардлага хангасан хатуу хучилттай автозамуудыг улсын комист хүлээлгэн өгөх ажлыг шуурхай зохион байгуулж, дүнг таницуулахыг Зам, тээврийн сайдад даалгалаа.
Арабын Эдийн засгийн хөгжлийн “Кувейтын сан”-гаас өгсөн зөвшөөрөл, зөвлөмжийн дагуу тухайн төслийн 40 км автозамын барилгын ажлын гүйцэтгэгч “Эйч Кей Би интернейшнл Холдинг” ХХК-тай хэлэлцээ хийж гэрээ байгуулах, автозамын барилгын ажлыг хугацаанд нь дуусгах арга хэмжээ авахыг үүрэг болголоо.
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай автозамын барилгын ажлыг гэрээт хугацаандаа дуусгаж чадаагүй “Насны зам” ХХК-тай байгуулсан гэрээг дуусгавар болгож, уг ажлыг 2-3 багц болгон хувааж, техник, ажиллах хүчний чадавхи сайтай компанитай шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэхийг салбарын сайдад даалгалаа.
“Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай” хуулийн төслийг хэлэлцээд үзэл баримтлалыг батлах нь зүйтэй гэлээ
Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа болон хувь хүний мэргэжлийн үйл ажиллагаанаас болж үйлчлүүлэгчдэд учирч буй эрүүл мэнд, амь насны хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагааг боловсронгуй болгох, үүнтэй холбоотой аливаа эрсдэлийг урьдчилан тооцох, тооцоолох аргачлалыг тогтоох хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох шаардлага анагаахын шинжлэх ухаан хурдацтай хөгжиж буй өнөө үед зүй ёсоор тавигдаж байна.
Олон улсын түвшинд эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын үйл ажиллагаа нь хуульчлагдсан байдаг. Гадаад улсуудын туршлагаас харахад, хариуцлагын даатгал нь эрүүл мэндийн ажилтанд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх явцад учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор худалдан авч байгаа үйлчилгээ бөгөөд нэхэмжлэл гаргасан хохирогч талд нөхөн төлбөр олгодог үйл ажиллагаа юм.
Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын шимтгэлийг хувь хүн өөрөө төлөх, тухайн байгууллагын онцлогоос хамаарч байгууллага төлөх хэлбэрүүдийг хуульчлан тогтоож, эрүүл мэндийн ажилтанд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх явцад учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээс хамгаалах, хохирогч талд нөхөн төлбөр олгох эрхзүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай хуулийн үзэл баримтлалыг боловсруулжээ.
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцлээ
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцээд дэмжиж Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган Хууль зүйн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд нар хамтран үзэл баримтлалыг батлах нь зүйтэй гэж тогтлоо.
“Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь тухайн цаг үеийн тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн хэдий ч даатгуулагчийн эрхийг хамгаалан тэдэнд хэрэгцээтэй, чанартай үйлчилгээг худалдан авдаг даатгалын байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэх, эрүүл мэндийн даатгалын харилцаанд оролцогч талуудын чиг үүргийн зааг ялгааг тодорхой болгох гэх мэтээр даатгалын тогтолцоонд тулгамдаад буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд дорвитой өөрчлөлт хийгдээгүй зэрэг нөхцөл шаардлагыг үндэслэн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн найруулж, “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-ийн төслийг Монгол Улсын үндсэн хууль, бусад хууль болон эрх зүйн шинэтгэлийн бодлоготой нийцүүлэн боловсруулах юм байна.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дараах конвенциудад нэгдэн орох асуудлыг дэмжлээ
Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь 8 конвенцид нэгдэн орсон Азийн анхны орнуудын нэг. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай 88, Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай 181 дүгээр конвенцид нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо.
Энэ хоёр конвенцид нэгдэн орсноор олон улсын хамтын ажиллагаа өргөжиж, хөдөлмөр эрхлэлтийн бүтэц, тогтолцоог боловсронгуй болгох, хүний нөөцийг чадавхижуулах чиглэлээр олон улсын байгууллагуудаас үзүүлэх техникийн туслалцаа нэмэгдэнэ.
Хувийн хөдөлмөрийн албадыг эрх зүйн нэгдсэн зохицуулалттай, бүртгэлтэй болгосноор үйлчлүүлэгч, зуучлуулагчдын хөдөлмөр, нийгмийн эрх ашгийг хамгаалах, хууль бус хөдөлмөр эрхлэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Худалдааны тухай хуулийн төсөл боловсруулна
Худалдааны тухай хуулийн төслийн үзэл баримтлалтай танилцаж, Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган боловсруулж үзэл баримтлалыг батлуулах, Худалдааны тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүрэг амлалтыг хэрэгжүүлэх, худалдааг зохицуулах, хөнгөвчлөх, дэмжих, хөгжүүлэх шаардлагыг харгалзан гадаад, дотоодын худалдаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулах хууль зүйн үндэслэл болон нийгэм, эдийн засгийн шаардлага байна.
Манай улс 2013 оны статистикийн урьдчилсан дүнгээр дэлхийн 135 оронтой худалдаа хийж, худалдааны нийт эргэлт 10,62 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 4,27, импорт 6,35 тэрбум ам.долларт хүрсэн. Гэвч худалдааны талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлогогүй, эрхзүйн зохицуулалт тодорхойгүй байгаа юм.
Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, хязгаарлагдмал зах зээлээс хэт хамааралтай үндэсний эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, олон улсын хэм хэмжээний хүрээнд худалдаа хийх, худалдааны үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, энэ салбарын тогтвортой хөгжлийг хангах, худалдааны төрийн институцийг бэхжүүлэх, нийтлэг харилцааг зохицуулах хуулийг боловсруулна.
Товч мэдээ
-Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
-Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр: Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад үзүүлэх нөлөөлөл” сэдэвт олон улсын өндөр түвшний хурлын тухай Гадаад харилцааны сайд Л.Болд танилцууллаа. Уг хурал 6 дугаар сарын 2-3-нд Улаанбаатарт болно.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 20-21-нд БНХАУ-ын Шанхай хотноо болсон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын Дээд хэмжээний IV уулзалтад оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар боллоо.
-Арабын нэгдсэн Эмират улсын Гадаад хэргийн сайд Шейх Абдулла бин Зайд Аль Нахъяны энэ оны 6 дугаар сарын 3-4-нд манай улсад хийх албан ёсны айлчлалын үеэр баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо.
-Монгол Улсаас хууль бусаар хил давуулан гаргасан Прокопийн хэрэгт холбогдох үлэг гүрвэлийн олдворууд, Овирапторын өндгийг АНУ-д буцаан олгохтой холбоотойгоор хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах “АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн хууль сахиулах албаны мэдэлд ирсэн өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх гэрээ”-ний төслийг хэлэлцэн дэмжээд, түүнд гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэлд олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.
-Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн дүрмийг баталлаа.
-Монгол Улсын Засгийн газар, Олон улсын Хөдөлмөрийн байгууллага хооронд байгуулсан “Зохистой хөдөлмөрийг дэмжих талаар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах эрхийг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт зөвшөөрлөө.
-Эрүүл мэндийн сайд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-24-нд Швейцарийн Холбооны улсын Женев хотноо Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын 67 дугаар ассамблейд оролцсон дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар С.Баяндалайг томилж, Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
Эрчим хүчний сайд М.Сономпил тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д ажлын айлчлал хийгээд иржээ. Айлчлалын эхний өдөр Эрчим хүчний сайд М.Сономпил БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооны дэд дарга, Эрчим хүчний удирдах газрын дарга Ву Шиншионтой уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал бодлоо солилцжээ. Эрчим хүчний сайд М.Сономпил Монгол Улс нүүрсээ дангаар нь экспортлох биш, цахилгаан эрчим хүч болгож, БНХАУ-ын зах зээлд борлуулах сонирхолтой байгаа. Тиймээс томоохон цахилгаан станц барихаар зэхэж байгаа бөгөөд энэ төслүүдэд Хятадын талыг хөрөнгө оруулахыг хүссэн байна.
Харин БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооны дэд дарга, Эрчим хүчний удирдах газрын дарга Ву Шиншион өмнө нь яригдаж байгаад орхигдсон томоохон төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлж, цаашид хамтын ажиллагааны шинэ боломж нөхцөлийг бүрдүүлэхэд хоёр ажлын хэсэг байгуулах замаар шийдвэрлэх нь зүйтэй хэмээн хэлжээ. Уулзалт ярилцлагын үеэр Монгол Улсын Эрчим хүчний яам, БНХАУ-ын Эрчим хүчний удирдах газрын хооронд хамтран ажиллах санамж бичигт хоёр тал гарын үсэг зуржээ.
Мөн Эрчим хүчний сайд М.Сономпил айлчлалын хүрээнд БНХАУ-ын эрчим хүчний салбарын томоохон 16 компаний удирдлагатай ажил хэргийн уулзалт зохион байгуулж, яриа хэлцлүүдийг хийсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудасны Ерөнхийлөгч.мон гэсэн монгол домэйн нэр өнөөдөр ашиглалтад орлоо. Ингэснээр иргэд дээрх кирилл монгол үсгийн хаягаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн www.president.mn цахим хуудсанд хандах боломж бүрдэж байна. Монголд анх удаа интернэт хаягийг эх хэлээрээ, монгол кирилл үсгээр ашиглах үйлчилгээг Датаком ХХК нэвтрүүлж байгаа юм. Ерөнхийлөгчийн Тамгын газар нь монгол хэл дээрх интернэт хаягийн анхны хэрэглэгч болсон тул Датаком ХХК-ийн ерөнхий захирал Г.Энхболд өнөөдөр Ерөнхийлөгч.мон хаягийг хэрэглэх № 01 тоот батламжийг Тамгын газрын дарга П.Цагаанд гардуулан өгөв.
Батламж гардаж аваад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “Монгол Улсад өнөөдрийг хүртэл интернэт хэрэглэхдээ заавал англи үг, латин үсгээр хандаж ирсэн. Өнөөдөр та бүхний хүчин чармайлт, бидний хүсэлтээр иргэд төр, засгийнхааа цахим хуудас руу кирилл монгол үсгээр бичиж хандах боломж бүрдэж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Энэ мөчөөс эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгч,УИХ, Засгийн газар, төр, засгийн бусад байгууллагуудын цахим хаяг руу иргэд монгол хэлээрээ хандаж бодлого, үйл ажиллагаатай нь танилцах, санал бодлоо илэрхийлэх боломж хэдэн арав дахин нэмэгдэнэ гэдэгт итгэж байна. Энэ 2014 он дуусахад төр, засгийн бүх байгууллага, үйлчилгээ, аж ахуйн бусад байгууллагуудын цахим хуудас монгол кирилл үсгээр харилцагч, хэрэглэгчидтэйгээ холбогдох боломжтой. Мэдээллийн технологийн дэвшлийг төр, засгийн бодлого, шийдвэрийг түмэн олонд сурталчлахад ашиглан шинэ гүүр, шинэ боломж олгож байгаа та нарт их баярлалаа” гэлээ.
Эхний ээлжинд төрийн болон Оюуны өмчийн газарт бүртгэлтэй байгууллагууд, MN домэйн нэрийн хэрэглэгчдийн интернэт хаягийг монгол хэлээр бүртгэсний дараа 2014 оны аравдугаар сарын 15-наас уг үйлчилгээг хувийн байгууллага, олон нийтэд нээлттэй болгох юм байна.
Яам агентлагийн удирдлагуудтай сар бүр хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал болжээ. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлын нэг нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж импортыг багасгах зорилт юм. Энэ хүрээнд Чингис бондоос томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байгаа бөгөөд тухайлбал “Монголын алт” ХХК-ийн “Хийт бетоны үйлдвэр”, Хөх цавын цементийн үйлдвэр, Цагаан суваргын “Зэс молибдений баяжуулах үйлдвэр”, “Монполимет” ХХК-ийн “Монцемент үйлдвэр”, Дарханы цементийн үйлдвэр, “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. Эдгээр үйлдвэр ашиглалтад орсноор Монгол улс цемент импортлох шаардлагагүй болно гэж Ерөнхий сайд хэллээ.
Хөвсгөл, Дорнод зэрэг зургаан аймгийг Улаанбаатартай хатуу хучилттай авто замаар холбох, Туул голын хурдны зам, “Цэцэг төв”-ийн уулзварыг өргөтгөж 4 замын уулзвар болгох ажлуудыг түргэвчлэх шаардлагатай.
ҮХААЯ-ныхан өнөөдрөөс ургац хураалтын ажилд анхаарах, НХХЯ-ныхан Тэтгэврийн тогтолцоог, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Нийслэлийн ЗДТГ-ын удирдлагуудад бүтээн байгуулалтын чиглэлээр өгсөн үүрэг даалгаврыг эрчимжүүлж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
Цахим хурлын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “АЗЗА” компаниудад хуваарилсан зам засвар, арчлалтын мөнгийг хугацаанд нь олголгүй хойшлуулсан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт хариуцлага тооцож цалингийн тодорхой хувийг хасах болсныг мэдэгдэж, өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай хийж, төрийн үйлчилгээний нэр хүндийг өргөж ажиллахыг анхаарууллаа.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн төсвийн багц дахь 50 тэрбумын гүйцэтгэлээ УИХ-д танилцуулав
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын ГХЯ-дын консулын ээлжит VIII зөвлөлдөх уулзалт 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр БНСУ-ын Сөүл хотноо болов.
Зөвлөлдөх уулзалтад Монголын талаас ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар, БНСУ-ын талаас ГХЯ-ны Хилийн чанад дахь солонгос иргэд, консулын асуудал хариуцсан газрын ерөнхий захирал Ли Мён Ёл тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад харилцааны яам, ИХШХЕГ, ХХЕГ, ЦЕГ, Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний Төв зэрэг байгууллага, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс, визийн тасгийн удирдлагууд орж ажиллав.
Зөвлөлдөх уулзалтаар БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хоёр улсын хооронд консулын асуудлаар байгуулсан гэрээ, конвенцийн хэрэгжилтийг дүгнэх, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, хүндрэл бэрхшээлийг арилгах, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, ял эдэлж буй иргэдийг шилжүүлэх, сураггүй алга болсон манай иргэдийг олж тогтоох зэрэг асуудлаар санал солилцож, Монгол иргэдэд виз олгохдоо шаарддаг барьцаа мөнгөний хэмжээг бууруулах, Монгол иргэдээс бүрдүүлдэг визийн материалын тоог цөөрүүлэх, виз олголтын хугацааг богиносгох талаар хоёр тал тохиролцоонд хүрэв.
Засгийн газар дөрөвдүгээр сарын 30-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Шинэ төмөр замын төслөө эргүүлэн татсан. Энэ нь хойд хөрш рүү өргөн царигтай, урд хөрш рүү нарийн царигтай төмөр зам тавих тогтоолын төсөл юм. Төслийг буцаасан шалтгаанаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, Төсвийн хүрээний мэдэгдлийг дахин өргөн барих, Шинэ төмөр замын төслийг эргүүлэн татаж авах тухай асуудлыг ярилцсан. Эргүүлэн татсан шалтгаан нь тодорхой хэмжээний нэмэлт оруулах шаардлагатай байсантай холбоотой. Энэ асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд ирэх долоо хоногт өргөн барина гэв.
Тэрбээр мөн “Манай урд хөрш нарийн, хойд хөршийн төмөр замын цариг нь өргөн байдаг. Бид хоёр талын хөршүүдтэй ямар байдлаар төмөр замаа холбох, яаж зохицуулалт хийх вэ гэсэн заалтуудыг шинээр тусгаж өгнө. Түүнээс цариг болон маршрутад ямар нэг өөрчлөлт орохгүй гэж тодотгосон.
-Төслийг эргүүлэн татсан нь Ерөнхий сайдын ОХУ-ын айлчлалтай холбоотой гэсэн олон нийтийн хардлага байна?
-Ерөнхий сайдын айчлалтай холбоогүй. Маршрут болон царигт өөрчлөлт орохгүй.