Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит бус хурал үргэлжилж байна

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн үүрэг амлалт аваад буй Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх асуудлаар ээлжит бус хуралдааныг ойр ойрхон зарлаж хийх болсон. Энэ удаагийн хурлаараа дараах асуудлыг хэлэлцэж байгаа аж. 

ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ №26

Хуралдаан 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

 

Хэлэлцэх
асуудал

Засгийн
газрын гишүүн

1.   
 

Өрсөлдөөний тухай хуульд нэмэлт
оруулах тухай хуулийн төсөл*

Д.ТЭРБИШДАГВА

2.   
 

Монгол, Оросын дунд хугацааны
хөтөлбөрийн тухай

Л.БОЛД

3.   
 

Аж ахуйн нэгжийн орлогын албан
татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын
тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах саналын тухай

Ч.УЛААН

4.   
 

“Дэмжлэг үзүүлэх захидал”-ыг
гаргахыг зөвшөөрөх тухай*

Ч.УЛААН

5.   
 

Эрдэнэт-Арц суурь боомтын чиглэлд
төмөр замын шинэ шугамын тухай

А.ГАНСҮХ

6.   
 

Тогтоол, тогтоолын хавсралтад
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай * (Төмрийн хүдэр)

       
Д.ГАНХУЯГ

7.   
 

Таван толгойн ордын талаар авах
зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл*

Д.ГАНХУЯГ
Н.БАТБАЯР

8.   
 

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай Засгийн газрын тогтоолын төсөл (Арьс шир)

Д.ГАНХУЯГ

9.   
 

Зээлийн шугам нээх тухай

Д.ГАНХУЯГ

10. 

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн
тухай хуулийн төслийн тухай*

Н.БАТБАЯР

11. 

Чөлөөт бүсийн тухай хуулийн
шинэчилсэн найруулгын төслийн тухай*

Н.БАТБАЯР

12. 

“Экспортыг дэмжих хөтөлбөр”-ийг
хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл*

Н.БАТБАЯР

13. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй
холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн
найруулгын төслийн үзэл баримтлалын төслийн тухай

Х.ТЭМҮҮЖИН

14. 

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус
хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийн тухай

Х.ТЭМҮҮЖИН

15. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн
санаачлан боловсруулсан Шилэн дансны тухай хуулийн төсөлд  Засгийн
газраас өгөх санал, дүгнэлтийн тухай*

Х.ТЭМҮҮЖИН

16. 

“Засгийн газарт чиглэл өгөх тухай”
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд Засгийн газраас өгөх санал,
дүгнэлтийн тухай*

 Д.БАТ-ЭРДЭНЭ

 

Танилцуулах
асуудал

 

17. 

Авто зам, барилгын ажлын явцын
тухай

А.ГАНСҮХ

18. 

Авто замын засвар, арчлалтын явцын
тухай

А.ГАНСҮХ

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНЭУ-ын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Арабын нэгдсэн Эмират улс /АНЭУ/-ын Гадаад хэргийн сайд Шейх Абдулла Бин Зайд Аль Нахъяныг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад айлчлан ирсэнд нь АНЭУ-ын Гадаад хэргийн сайдад талархал илэрхийлж тавтай морилохыг хүслээ. Уулзалтын үеэр Монгол Улс, АНЭУ-ын хооронд сүүлийн жилүүдэд харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв. Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгч нар 2001, 2007 онд АНЭУ-д айлчилж байсан, мөн Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүн тус улсад айлчилсан бол АНЭУ-ын зүгээс ч сайд нар Монгол Улсад айлчлан ирж байсан нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн хувь нэмэр үзүүлснийг онцоллоо.

Монгол Улс, АНЭУ-ын хооронд худалдаа, эдийн засгийн харилцаа цаашид өргөжин хөгжих боломжтой талаар уулзалтын үеэр ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийнх нь чин сэтгэлийн халуун мэндчилгээг Эрхэм дээд Эмир Шейх Халифа Бин Зайд Аль Нахъянд уламжлахыг уулзалтын төгсгөлд АНЭУ-ын Гадаад хэргийн сайдаас хүсэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Н.Алтанхуяг зарыг няцаав

Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн удирдлагуудтай хийдэг ээлжит цахим хурлын үеэр “888 төсөлд шалгарсан төслийг зарна” гэсэн зар ор үндэсгүй гэж хэлээд “Орон нутгийн иргэдэд анхааруулах нь зүйтэй” хэмээн санууллаа. Засгийн газар 2014 оныг “Монголдоо бүтээцгээе” уриан дор үйлдвэрлэлийг дэмжих жилээр зарласан. Энэ хүрээнд импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийн төслийн уралдаан зарлахад 1150 төсөл ирсэн. Зорилгод нийцээгүй төслүүдийг хасч, 888 төсөл үлдсэн байна. 

“7,8 саяас 2 тэрбум төгрөг хүртлэх зээл хүссэн 579 төсөл бий. Эдгээр төслүүдийг Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас санхүүжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэж, аймаг, дүүргийн  Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд Чингис бондоос тус бүр 1 тэрбум төгрөг шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хөрөнгөөр жижиг, дунд үйлдвэрлэлийн төслүүдээ санхүүжүүлэх учиртай” гэж Ерөнхий сайд хэллээ.

 Нийслэл, аймгуудад “Гудамж” төслийг хэрэгжүүлэх, 9 аймагт дулааны станц байгуулах, 16 суманд “Шинэ сум” төсөл хэрэгжүүлэх, Дорнод, Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар аймгийн төвийг хатуу хучилттай автозамаар Улаанбаатар хоттой холбох, аймгийн төвүүдэд 1000 айлын орон сууц барих зэрэг ажлуудыг Ерөнхий сайд нэрлээд, эдгээрт онцгой анхаарал тавьж ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болгожээ. Энэ үеэр мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Аль болох үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ худалдан авах, шаардлагагүй зарим импортын хэрэглээг багасгах”-ыг зөвлөлөө.

Categories
мэдээ улс-төр

Наадам хүртэл махны нөөц хангалттай гэв

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал 11-11 төвд ажиллалаа.

“Энэ жил улсын хэмжээнд 286.6 мянган га талбайд үр тариа, 10.0 мянган га талбайд төмс, 5.5 мянган га талбайд хүнсний ногоо, 65.0 мянган га талбайд тосны ургамал тариалжээ. 16.1 сая мал төллөснөөс 16 сая төл бойжиж байна” гэж тэр хэллээ.   

Өнгөрсөн намар 14.546 мянган тонн мах нөөцөлснөөс 9200 тонныг борлуулжээ. Наадам хүртэл махны нөөц хангалттай гэлээ.

Уламжлалт мал аж ахуйн салбараас гадна мах, сүү, ноосны чиглэлийн үүлдэр угсааны малын эрчимжсэн аж ахуйг түлхүү дэмжих бодлого баримталж байгаа. Газар тариалангийн салбарт ногоочдын үйл ажиллагааг механикжуулах, хүнсний ногооны зоорь барих зэрэг төслийг дэмжинэ. Хөнгөн үйлдвэрийн салбарт ноос, ноолуур, сүү, сүүн бүтээгдэхүүн, ферм, хүлэмжийн аж ахуйд зориулж 270 тэрбум төгрөг, арьс ширний үйлдвэрлэлд 140 тэрбум төгрөг батлагдсаныг олгож эхлээд байна гэлээ.    

Малчдыг эдийн засгийн мэдлэгтэй болгоход анхаарч, түүхий эдээ Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан борлуулдаг болгож байна. Малчдын бүх гүйлгээ  тухайн хүний “Малчин данс”-аар дамжин хийгдэх бөгөөд ингэснээр бүх төрлийн зээл, хөнгөлөлтөд хамрагдах боломжтой болох юм гэж төрийн нарийн бичгийн дарга ярьсан юм. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалыг Засгийн газрын 11-11 төвд ажиллах үеэр 3000 орчим хүн холбогдож мэдээлэл авчээ.  

Categories
мэдээ улс-төр

Ногоон хөгжлийн үндсийг тавина

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны  хуралдаанаар Ногоон хөгжлийн бодлогод анхаарал хандуулав. 

 “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан төслийг товч танилцуулсан.

Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, хэрэглээ, үйлчилгээний хэт өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нь дэлхийн оршин тогтнолд эрсдэл учруулж байна. Иймд манай улсын хувьд ногоон хөгжлийн бодлогыг тодорхойлох зайлшгүй шаардлага тулгарч байгаа гэдгийг Байнгын хорооны дарга онцолсон юм.

Хэлэлцүүлгийн шатанд Ажлын хэсгээс хуулийн төслийн талаар Байнгын хороонд оруулж буй зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан бөгөөд “Ногоон хөгжлийн үзэл баримтлал” болон “Ногоон хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр” гэсэн нэр томьёог нэгтгэн “Ногоон хөгжлийн бодлого” болгон өөрчлөх саналыг гишүүдийн олонх дэмжлээ. “Ногоон хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд стратегийн зургаан зорилтыг тодорхойлсон байна.

Бодлогын зорилго нь ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан, иргэдийн оролцоог хангасан эдийн засгийн өсөлтийг бий болгосноор хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалан ирээдүй хойч үедээ өвлүүлж, үр өгөөжийг нь урт хугацаанд хүртэх боломжоор хангах нөхцлийг бүрдүүлсэн хөгжингүй улс болоход оршиж байгаа аж.

“Ногоон хөгжлийн бодлого”-ыг хоёр үндсэн үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан байна. Нэгдүгээр үе шат нь Ногоон хөгжлийн үндсийг тавих үе буюу 2014-2020 он, хоёрдугаар үе шат Ногоон хөгжилд шилжих үе буюу 2021-2030 он хүртэлх хугацааг хамрах юм. Ингэснээр нэгдүгээр шатанд, өөрийн орны нөхцөлд тохирсон ногоон хөгжлийн загвар, хэм хэмжээг эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт бий болгож, ногоон хөгжлийг хангахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлж, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлыг идэвхтэй өрнүүлнэ. Мөн Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлж, бүс нутагтаа өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний салбар хөгжиж, мэдлэгт суурилсан эдийн засаг төлөвшиж, ногоон хөрөнгө оруулалт, санхүүжилтийн механизмаар байгальд ээлтэй, үр ашиг өндөртэй ногоон дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, цэвэр үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлж, нэгж бүтээгдэхүүнд ногдох хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна. Хоёрдугаар шатанд, хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалж, экосистемийн үйлчилгээний үр өгөөжийг ухаалгаар хүртэж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, өндөр үр ашигтай ногоон эдийн засаг, нийгмийн тэгш хүртээмжтэй тогтолцоо төлөвшсөн байна. Эдийн засгийн бүтцэд өндөр технологи, инноваци шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл давамгайлж, ногоон эдийн засагт шилжих зорилт тавьжээ.

Хуралдаанаар тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй санал болон найруулгын шинжтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулж дууссаны дараа төслийг бүхэлд нь дэмжих саналыг гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл танилцуулахаар болов. Тус байнгын хорооны хуралдаанаар мөн  “Малын индексжүүлсэн даатгал”-ын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.  

Categories
мэдээ улс-төр

Ш.Түвдэндоржийг Засгийн газраас УИХ-д өргөн бариагүй байна

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдыг томилох асуудлыг Засгийн газраас УИХ-д өргөн бариагүй хэмээх шалтгаанаар   УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэнгүй. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад Ш.Түвдэндоржийг нэр дэвшүүлэхээр шийдвэр гарсан ч албан ёсоор УИХ-д өргөн бариагүй учраас ийнхүү сайд томилох асуудлыг хэлэлцэхийг хойшлуулж байгаа аж.

УИХ-ын Эдийн засаг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн хамтарсан байнгын хорооны хуралдаан  ирц хүрээгүй улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. Тус байнгын хорооны хуралдаанаар Ашигт  малтмалын тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын томилох асуудлыг хэлэлцэх байсан юм. 

Categories
мэдээ улс-төр

Н.Номтойбаяр “Мунзуй” Г.Нямдоржтой эвлэрчээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай холбоотой “Хар мэдээлэл” үе, үе гардаг. Нэгэн цагт үй зайгүй нөхөд явж, бие хамгаалагчаар нь хүртэл ажиллаж байсан гэх “Мунзуй” хочит Г.Нямдоржтой тэрбээр хутга шөвөгний хэргээс болж түнжин хагарахад хүрсэн. Анх энэ хэргийн тухай мэдээ олны сонорт хүрч эхлэхэд Н.Номтойбаяр гишүүн “Би энэ хүнийг огт танихгүй” хэмээн гүрийсэн ч “Мунзуй” Г.Нямдорж “Одоо байтлаа намайг танихгүй, мэдэхгүй гэж жүжиглэх нь. Би бол Н.Номтойбаярын хамаг муу муухайг ёстой хүүрнэн өгүүлнэ дээ. Н.Номтойбаяр намайг гүтгэх тусам би шинэ, шинэ мэдээлэл дэлгэх болно” хэмээн хэвлэлүүдэд хэд, хэдэн удаа ярилцлага өгч байлаа. 

Харин дараа нь “Мунзуй” Г.Нямдорж мөрийтэй тоглосон, машинаас нь хар тамхины төрлийн бодис олдсон гэх хэрэгт холбогдон Ганц худагт хоригдож байхдаа буюу энэ оны дөрөвдүгээр сард захидал бичиж ирүүлэхдээ “Миний бие худал хуур¬магийн золиос болоод 461 дүгээр хорих ангийн А-2-8 тоотод хоригдож байхдаа сонин, сэтгүүл үзэх юм. Тэр болгонд Муур багш, хулгайч, худалч, дээрэмчин, эхээс төрөхдөө адгийн шаар байсан л гэх холгүй юм бичээд байна. Би муу хүн байж болно. Гэхдээ надаас долоон дор амьтан УИХ-ын танхимд “Муур багш” царайлаад сууж байгааг хэлэх гэж хэвлэлд хандлаа. 

Намайг Ганбаатарын Нямдорж гэдэг. Дөчин мянгатад хүн болж өссөн гэхэд болно. Багаасаа өнчирч, хатуу ширүүн амьдарлыг өөрийн зориг зүрхээр туулж ирсэн. Надад алдсан алдаа бий. Гэхдээ түмэн олны өмнө хийсэн алдаа байхгүй. Ха¬рин өөрөө өөрийгөө шо¬рон руу чирсэн алдаа бий. Миний бие дунд сургуулиа дүүргэлгүй хүүхэдтэй болж АНУ руу зугтааж байсангүй. АНУ-д хүн зодож, хар тамга даруулж байсангүй. Миний бие бага насны охидоор зугаагаа гаргаж нүүр амыг нь хазаж сэглэж байсангүй. Би намынхаа залуустай цуг нийлж хүчингийн гэмт хэрэг хийж байсангүй. Хүчиндсэн хүүхэндээ нүүрс өгч амыг нь таглаж байсангүй. Нисдэг тэргээр зугаацаж, ан амьтан, нялх бамбаруушийг эхтэй нь цуг хүйс тэмтэрч байсангүй. Нэр алдартай улстөрч, бизнесмэний хүүхдэд атаархаж зодож нү¬дэж, толгой дээр нь шээж байсангүй. Бугын зуулт гэдэг ха¬чин зүйл хүртэл хар¬маалж, эмэгтэй хүнийг тарчлааж байсангүй. Намын дарга нараа хэдэн тэрбумаар нь хахуульдаж, сайд дарга болж байсангүй. Гурван жилийн дотор Зас¬гийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн болж явсангүй. Миний бие олон зүй¬лийг чадахгүй нь үнэн. Хүний амьдралаар тоглож чадахгүй. Харин өөрийнхөө амьдралаар бол тоглоод байж чадна. Улаан цайм ху¬дал хэлж чадахгүй. Нэг тан¬химд тохой залган суугаа О.Содбилэг, Д.Сумъяабазар нарын талаар муухай зүйл бодож ч чадахгүй” гэж дурдсан байлаа. Тэгвэл “Мунзуй” хочит Г.Нямдорж Ганцхудагаас гэртээ эргэн иржээ. Тэр тусмаа анд найз Н.Номтойбаяртайгаа эвлэрсэн гэх мэдээлэл байна. Харин хэн тэднийг эвлэрүүлэв, яагаад тэр билээ гэдэг асуулт гарч ирлээ. Нэг ёсондоо, Н.Номтойбаяр Г.Нямдоржийн нэхээд байгаа нэг тэрбум төгрөгийг өгсөн үү, аль эсвэл найзыгаа өрөвдсөн үү ямар ч байсан хутга шөвөгний хэргээс үүдэлтэй хэрүүл ингэсхийгээд намжих бололтой. 

Л.Лодой 

Эх сурвалж  http://www.info.mn

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгчид ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушев бараалхав. Бараалхах үеэр хоёр тал хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцаж, олон улсын болон бүс нутгийн зарим асуудлаар санал солилцов.

Энэ онд Халхын голын ялалтын 75 жилийн ой зэрэг хоёр орны харилцааны чухал тэмдэглэлт үйл явдлууд тохионо. Үүнийг хоёр тал хамтран тэмдэглэх талаар уулзалтын үеэр дурдлаа. Мөн саяхан Шанхай хотноо болсон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын дээд хэмжээний уулзалтад оролцохдоо ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төмөр замын транзит тээврийн асуудлаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт уулзалтыг Улаанбаатар хотноо зохион явуулах саналтай байгаа талаар ярилцсаныг мөн тэмдэглэв.

Categories
мэдээ улс-төр

Галын аюулгүй байдлын тухай хуулийг дэмжлээ

 УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжлээ.

25 жилийн өмнө буюу 1999 онд УИХ-аас Галын аюулгүй байдлын тухай хуулийг баталж байжээ. Уг хууль тухайн үеийнхээ шаардлагыг хангаж байсан хэдий ч цаг уурын өөрчлөлт, техник технологийн хөгжил зэрэг олон хүчин зүйлтэй нийцүүлэх, тэр дундаа гал түймрийн эрсдэл жил тутам өсөн нэмэгдэж байгаа нь хууль эрх зүйн орчинг улам боловсронгуй болгохыг шаардаж буй юм байна.

Сүүлийн 3 жилд обьектын гал түймэр 9105 удаа гарч төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн өмчид 18.7 тэрбум төгрөгний хохирол учирч,  гал түймрийн улмаас  224 хүн  амь насаа алдаж, 155 хүн түлэгдэж гэмтэн, 5289 барилга, орон байр, гэр галд өртөн шатжээ.  

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Галын аюулгүй байдлын тухай хуульд галын аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой зайлшгүй байх зарим шаардлага бүрэн тусгагдаагүй, хувийн хэвшилтэй хамтын ажиллагааны талаарх зарим зохицуулалт хангалтгүй, суурин газар амьдарч байгаа иргэд, аж ахуйн нэгж нь төрийн үйлчилгээний хүртээмжийн талаарх зохицуулалт тусгагдаагүй, нэр томьёоны хувьд явцуу байгаа нь хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж буй аж. Харин дээрх хуулийг шинэчлэн баталснаар гал түймрийн улсын хяналт, галын аюулаас урьдчилан сэргийлж, галын аюулгүй байдлыг хангуулах, гал түймрийг унтраах үйл ажиллагааны хүрээнд үйлчилнэ.

Гал унтраах чиглэлээр төрөөс үзүүлж буй үйлчилгээ орон нутагт хүрэлцэхгүй байгааг харгалзан хувийн хэвшлийн болон сайн дурын гал унтраах үүрэг бүхий нэгж ажиллах боломжтой болно.

Мөн олон нийтийн хяналтыг өсөн нэмэгдүүлэх зорилгоор галын аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой үйл ажиллагааны чанар, үр дүнг хөндлөнгөөс үнэлэх, төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн хийж гүйцэтгэх эрхийг тусгаж өгснөөр гал түймэртэй тэмцэх үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо сайжирна гэж Шадар сайд танилцуулгадаа дурдав.

Хэлэлцүүлгийн шатанд даатгалын асуудал хөндөгдлөө. Ингэхдээ төсвийн байгууллагуудыг даатгалд хамруулах асуудлыг энэ хуулийн хүрээнд зохицуулах боломж байгаа эсэх, мөн гал унтраах ангиуд техник хэрэгслээр бүрэн хангагдаж чадсан эсэхийг гишүүд лавлав.

Шадар сайд Д.Тэрбишдагва “Одоогоор төсвийн байгууллагууд даатгалын зардлаа дааж чадахгүй учраас хамруулах боломж хязгаарлагдмал байна. Цаашдаа даатгалд хамруулах боломжийг эрэлхийлэх ёстой” гэлээ. Харин гал унтраах ангиуд техник хэрэгслээр хангагдаж чадсан эсэх тухайд, Улаанбаатар хотын хэмжээн дэх Гал унтраах ангиудын галын машиныг бүрэн шинэчилсэн. Галын техник хэрэгслийг Австрийн 5 сая еврогийн хүрээнд шийднэ гэсэн хариулт өгсөн юм.

Эцэст нь байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Галын аюулгүй байдын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэв. Танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хийхээр болсон юм.

Categories
мэдээ улс-төр

Төрийн албаны зөвлөлийн гадаад хамтын ажиллагаа өргөжиж байна

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо БНАЛАУ-ын Дотоод хэргийн яамны урилгаар 5 дугаар сарын 26-29-нд БНАЛАУ-д ажлын айлчлал хийв. 

Ажлын айлчлалын үеэр Б.Цогоо БНАЛАУ-ын Боловсон хүчний асуудал эрхэлсэн Намын төв хорооны дэд дарга Тонгчан Конфумхам, Засгийн газрын Шадар сайд ноён Асанг Лаоли, Дотоод хэргийн сайд Сайси Сантивонг болон албаны бусад хүмүүстэй уулзаж, хоёр орны төрийн албаны байгууллагуудын үйл ажиллагаа, бодлого чиглэлийн талаар харилцан санал солилцож, цаашид энэ салбарт хоёр тал хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээ илэрхийллээ. 

  Улаанбаатар хотноо 2013 оны 9 дүгээр сард зохион байгуулсан “Төрийн албаны мерит тогтолцоо: туршлага сургамж, сорилт боломж” сэдэвт олон улсын  ээлжит чуулга уулзалтын үеэр  санамж бичгийн төслүүдийг оролцогч орнуудад гардуулсан юм. 

Энэхүү айлчлалын үеэр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо, БНАЛАУ-ын Дотоод хэргийн сайд ноён Сайси Сантивонг нар хоёр улсын төрийн албаны төв байгууллагууд хамтран ажиллах тухай Санамж бичигт  гарын үсэг зурав. Ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Элчин сайд Т.Жанабазар болон албаны бусад хүмүүс байлаа.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо “Санамж бичиг байгуулсан нь хоёр байгууллагын хамтын ажиллагааны эхний алхам болсон чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байгааг дурдаад цаашид идэвхтэй хамтран ажиллах нь чухал гэдгийг цохон тэмдэглэв. Энэ үеэр Лаосын тал Монгол Улсын төрийн албаны бодлого, үйл ажиллагаа, туршлагаас судалж, суралцах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.      

Түүнчлэн айлчлалын хүрээнд зохион байгуулсан “Төрийн албаны удирдлага, хоёр талын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт, семинарын үеэр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо Монгол Улсын Төрийн албаны тогтолцоо, Төрийн албаны зөвлөлийн чиг үүрэг, төрийн албанд иргэдийг сонгон шалгаруулах журмын талаар танилцуулж, сонирхсон асуудлуудаар харилцан ярилцаж, санал бодлоо хуваалцлаа.