Categories
мэдээ улс-төр

Монгол, Шведийн дипломат харилцааны 50 жилийн ой тохиож байна

Монгол Улс, Шведийн Вант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн ёслолын арга хэмжээ 5 дугаар сарын 19-ний өдөр ГХЯ-нд боллоо.
Уг арга хэмжээг Гадаад харилцааны сайд Л.Болд нээж, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын Швед, Монголын парламентын бүлгийн дарга Ё.Отгонбаяр нар оролцов. Мөн Улаанбаатар дахь дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгуулагуудын тэргүүн нар болон Шведийн Вант Улсын Өргөмжит консул зэрэг хүмүүс оролцов.
Сайд Л.Болд арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ сүүлийн хагас зуун жил Монгол, Шведийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж, өндөр дээд хэмжээний айлчлалууд харилцан амжилттай хэрэгжиж байгааг дурдан хоёр орны хооронд эрчим хүч, уул уурхай, байгаль орчин зэрэг олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг тэмдэглэв.
Түүнчлэн Шведийн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ларс Фреден Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2012 онд Шведийн Вант Улсад хийсэн албан ёсны айлчлал нь Монгол, Швед Улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц болж, харилцааны үндсийг бэхжүүлсэн түүхэн ач холбогдолтой айлчлал болсныг онцлов.
Монгол Улс, Шведийн Вант Улсын хооронд 1964 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.


Мөн өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд Элчин сайд Ларс Фреденийг  хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Сайд Л.Болд энэ жил Швед Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйг цохон тэмдэглээд, хоёр орны харилцаа хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн Хааны гэр бүлийн гишүүд Монгол Улсад айлчлах урилгатайг нотолж, хоёр тал улс төр, эдийн засаг, эрчим хүч, уул уурхайн хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Түүнчлэн хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс Засгийн газар хоорондын комисс байгуулах талаар хоёр тал санал солилцож, энэ асуудлыг судалж хамтын ажиллагааны тодорхой чиглээлээр ажиллах Засгийн газар хоорондын комисс байгуулах нь зүйтэйг тэмдэглэв.  

Categories
мэдээ улс-төр

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх дээд хэмжээний дөрөвдүгээр бага хурал эхэллээ

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх дээд хэмжээний дөрөвдүгээр бага хурал яг одоо Шанхай хотноо эхэлж байна. Бага хуралд 40 гаруй улс, 14 орны төр, засгийн тэргүүн, олон улсын найман байгууллагын удирдлага оролцож байна. Дөнгөж сая БНХАУ-ын дарга Си Жиньпин тэднийг хүлээн авч уулзлаа. Уг арга хэмжээг сурвалжлахаар олон орны хэвлэл мэдээллийн байгууллагууд иржээ. Харин энэ үйл явдлыг ССТV албан ёсны эрхтэйгээр дэлхий дахинд шууд дамжуулж байгаа юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АХАИББХ-ын Дээд хэмжээний уулзалтад үг хэлж, Бага хурлын гишүүн орнуудтай хамтран ажиллах, бүс нутгийн хамтын ажиллагаанд хамрагдах чиглэлээр баримталж буй Монгол Улсын бодлого, байр суурийг илэрхийлнэ. 


АХАИББХ-ын Дээд хэмжээний уулзалтаар төгсгөлийн баримт бичиг – Тунхаглал батлан гаргах бөгөөд энэхүү баримт бичигт Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн талаарх заалтуудыг тусгах талаар ажиллаж байна.
Манай улсын  Ерөнхийлөгчийн хувьд энэ сарын 18-нд Шанхай хотноо ирсэн бөгөөд хурал эхлэхээс өмнө хоёр хөршийнхөө төрийн тэргүүнүүдтэй уулзлаа.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсыг АПЕК-д гишүүн орноор элсүүлэхийг Хятадын зүгээс дэмжинэ гэв

БНХАУ-ын дарга Си Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг даваа гаригт хүлээж авсан бөгөөд албан ёсны уулзалтын дараа тэд хамтдаа өглөөний цай уув.
Тэдний уулзалт 40 минутаар төлөвлөгдсөн байсан ч хоёр цаг орчим үргэлжилсэн юм. Уулзалтын үеэр хөрш хоёр орны улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа, бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг олон асуудлаар өргөн хүрээнд санал солилцож, нөхөрсөг яриа хэлэлцээр өрнүүлэв. Тухайлбал, хоёр орны Ерөнхийлөгч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, нүүрс хийжүүлэх төслийн явц, дамжин өнгөрөх тээвэр, далайн боомтын ашиглалтын асуудлаар ярилцлаа.  Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдолтой эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа эрчимжиж байгааг хоёр тал уулзалтынхаа үеэр онцолж байсан юм. Энэ үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпин Монгол Улсыг APEC-д гишүүнээр элсүүлэх асуудлыг ярьж БНХАУ-ын зүгээс дэмжинэ гэдгээ илэрхийлэв.
Өнөө жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ой тохиож буй. Энэхүү түүхэн арга хэмжээг тохиолдуулан “Монгол-Хятадын найрсаг солилцооны жил” болгон зарласан юм. Иймд хоёр улсын төрийн тэргүүн түүхэн жилд хоёр орны харилцааг хөгжүүлэх чиглэлд санал солилцлоо.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Жиньпинийг Монгол Улсад айлчлахыг уриад “Таны манай улсад хийх айлчлал хоёр орны харилцаа шинэ шатанд гаргасан айлчлал болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ улс-төр

В.Путин манай Ерөнхийлөгчийг ОХУ-д айлчлахыг урилаа

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтэй уулзлаа. В.В.Путин Монгол, Орос хоёр улс он удаан жилийн уламжлалт түүхэн харилцаатай явж ирснийг уулзалтын эхэнд дурдав. Тэрбээр хоёр орны харилцааны цаашдын ирээдүйг өөдрөгөөр харж буй гэдгээ тодотгон хэлсэн юм.
Хоёр улсын эртний уламжлалт харилцааны нэгэн илрэл болох Халхын голын байлдааны 75 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Уг арга хэмжээг наймдугаар сард тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгааг В.Путин онцоллоо. “Гэхдээ манай хоёр орон цаашид хэрхэн харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх вэ, эдийн засгийн бүтцээ хэрхэн харилцан ашигтай өөрчлөх вэ гэдэг дээр бидэнд ярилцах зүйл бий” гэж тэрбээр нэмж хэллээ. 


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хэд хэдэн сэдвийн хүрээнд санал солилцсон юм. Тухайлбал, төмөр замын транзит тээвэр, Халхын голын ялалтын ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх, мөн хоёр орны иргэдийн харилцан зорчих визний хөнгөлөлтийн талаар ярилцах хүсэлтэй байгаагаа онцлон дурдлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улс бол БНХАУ болон ОХУ-ын дунд оршдог. Газар зүйн ийм байршилтайн хувьд Монголоор дайран өнгөрөх төмөр замын тээвэр онцгой ач холбогдолтой. Харилцан ашигтай, бас хамгийн боломжит хувилбараар төмөр замын тээврийг хөгжүүлэх хүсэлтэй байгаа. Үүнтэй уялдан транзит тээврийн асуудлаар ОХУ-БНХАУ-Монгол гэсэн гурван талын, мөн ОХУ-Монгол гэсэн хоёр талын идэвхтэй яриа хэлэлцээ чухал ач холбогдолтой. Төмөр зам, транзит тээврийн асуудал нь хоёр улсын эрх ашигтай холбоотой, стратегийн асуудал юм” гэлээ. Тэрбээр үргэлжлүүлээд “Ирэх наймдугаар сард Халхын голынялалтын 75 жилийн ой тохионо. Энэ бол бидний хамтын ялалт. Тиймээс түүхт ойг хамтран тэмдэглэх хүсэлтэй байна” гээд ойн баярт хүрэлцэн ирж оролцохыг урьж байгаагаа Ерөнхийлөгч В.Путинд уламжиллаа. Мөн төмөр замын транзит тээврийн асуудлаар гурван талын уулзалтыг Улаанбаатар хотноо зохион явуулах саналтай байгаагаа Ерөнхийлөгчийн илэрхийлсэн юм. Түүний санал болгож байгаа асуудлуудыг ОХУ-ын тал хүлээн авч харилцан ярилцах, хамтран ажиллахад бэлэн байгаагаа дуулгав. Мөн В.В.Путин өөрийнхөө зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг ОХУ-д айлчлахыг урилаа. 


Хоёр улсын төрийн тэргүүний уулзалт 30 гаруй минут үргэлжлэв. Тэдний хөндсөн асуудлуудыг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн  Санкт-Петербургт хийх  уулзалтаар үргэлжлүүлэн ярилцахаар боллоо. Засгийн газрын тэргүүн энэ бямба гаригт В.Путинтай уулзах юм.

Categories
мэдээ улс-төр

С.Ганбаатар Н.Золжаргалыг огцруулах санал хүргүүлэв

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Монгол банк”-ны ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулах саналыг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хувьд Н.Золжаргалыг хариуцсан салбараа удирдах чадваргүй, валютын ханшийг барьж чадаагүй гэдэг үндэслэлээр огцрох ёстой гэж байгаа аж.

 

Categories
мэдээ улс-төр

Компанийн тухай хуулийг хэлэлцэхээр болов

Эдийн засгийн байнгын хороогоор өчигдөр Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Гэвч дүгнэлтийг нь нэгдсэн чуулганд танилцуулах гишүүн олдсонгүй. Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар Д.Зоригт гишүүн рүү  “Та унших уу” гэхэд “үгүй, үгүй” хэмээн толгой сэгсэрч харагдав. Цаашлаад Г.Уянга, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Д.Батцогт, Д,Тэрбишдагва гээд олон гишүүн байвч бүгд “зугтаж” байлаа. Тиймээс нөгөө танхимд Хүний эрхийн дэд хорооны хуралдаан удирдаад ирж чадаагүй Д.Ганбат гишүүнээр дүгнэлтээ уншуулахаар болоод тарлаа. Үүнээс өмнөхөн тэд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй байнгын хорооны ажлын хэсгийн ахлагчаар ажиллах гишүүн олдоогүй тул эзгүй байсан Г.Батхүү гишүүнийг  нэгэн дуугаар сонгосон билээ.  

М.Ундрам 

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар төсвийн мөнгийг ингэж хэмнэнэ

Манай улсад үүссэн эдийн засгийн хямралт байдлыг даван туулахын тулд “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг батлан хэрэгжүүлж буй. Үүнтэй холбогдуулж Засгийн газар ээлжилт хуралдаанаараа төсвийн зардал хэмнэх зарим арга хэмжээний талаар хэлэлцэж Засгийн газрын тогтоол гаргажээ. Уг тогтоолын дагуу төсвийн зардлыг хэмнэх нь улсын эдийн засгийг хямралаас гарахад тодорхой хэмжээнд нөлөөлнө гэж үзэж байгаа ажээ. Төсвийг хэмнэлтийн горимт шилжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хүргэж байна. 

Categories
мэдээ улс-төр

Х.Тэмүүжин Д.Амарсайханы талаар УИХ-д мэдээлэл хийнэ

Хоригдож байгаад нас барсан Газрын тосны газрын дарга асан Д.Амарсанаагийн үхлийн талаар өнөөдөр Хууль зүйн сайд мэдээлэл өгөх юм байна.  УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар өнөөдөр Цагдан хорих болон хорих байгууллага дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж нарын мэдээлэл сонсох аж. 

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж магадгүй нь

Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдаан зарлаж магадгүй нь. Хуралдаанаар “Чингис бонд”-оос зээл хүсээд буй төслүүдийн талаар хэлэлцэхээр төлөвлөсөн бололтой. 888 төслийн 570 гаруйг нь жижиг, дунд үйлдвэрийн сангаас санхүүжүүлэх чиг гарсан. Эдгээр төслүүд гурван саяас хоёр тэрбум хүртэл санхүүжилт хүсээд байгаа юм. Өнөөдрийн засгийн хурлаар энэ төслүүдийн санхүүжилтын асуудлыг шийднэ гэж албаны эх сурвалж хэлж байна. Гэхдээ төсөл бүрийг биш, аль ашигтай, хэрэгтэй гэсэн төслүүдийг дэмжих чигийг засгаас барьж байгаа гэнэ. 

Ц.Билиг

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг Өрийн удирдлагын тухай хуулийг дэмжихгүй гэв

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж хэд, хэдэн асуудлын хүрээнд хуралдсан байна. Энэ долоо хоногийн чуулганаар Өрийн удирдлагын тухай хууль, 2014 оны Төсвийн хүрээний мэдэгдэлээр Монгол Улсын өрийн таацыг нэмэгдүүлэх тухай орж ирэх гэж байгаа. Энэ асуудал дээр тус намын бүлэг онцлон ярилцсан гэнэ. Өнөөдөр Монгол Улсын иргэн бүр дөрвөн сая төгрөгийн өртэй байгаа бол Засгийн газрын өргөн мэдүүлснээр баталбал таван сая 84  мянган төгрөгийн өртэй болно түүний дараа жил иргэн бүр 6.4 сая төгрөгийн өртэй болно гэдгийг Ардын намынхан мэдэгдсэн юм. Өрийн таацыг нэмэгдүүлбэл энэ онд Засгийн газар 6.1 их наяд төгрөгийн зээл авах боломж нээгдэнэ. Дараа жил 2.8 их наяд төгрөгийн зээл авах бол 2016 онд 2.2 их наяд төгрөгийн зээл авах боломж бүрдэх юм байна. Өнөөдрийн зээлтэйгээ нийлүүлбэл дөрвөн жилийн хугацаанд 19.3 их наяд төгрөгийн өрөнд оронд гэдгийг бүлгийн дарга С.Бямбацогт мэдэгдлээ. Өмнө авсан зээлээрээ дорвитой зүйл хийгээгүй тул Өрийн удирдлагын тухай хуулийг дэмжихгүй гэдэг байр суурь нэгджээ. УИХ зөрчилтэй хуулийг баталж болохгүй. Төсвийн тухай хууль Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өмнө нь баталсан хирнээ үүнтэйгээ зөрчилдсөн хуулийг батлах гэж байгааг хэлсэн юм. Хууль зөрчдөг хууль баталдаг парламенттай, хуулиа уландаа гишгэдэг Засгийн газартай болчихвол аж ахуй нэгжүүд хууль биелүүлэх шаардлага байна уу гэв.
Сүүлийн үед гэмт хэргийн нөхцөл хүндэрч байгааг онцлоод өнгөрөгч долоо хоногт гарсан аймшигтайгаар амиа алдсан хоёр бүсгүй, цэргийн албан хаагч амиа алдсан болон аав нь хоёр хүүгээ машинд шатаасан, гэм буруу нь тогтоогоогдоогүй иргэн амиа алдсан тул эдгээрт холбогдох албаны хүмүүсийг байлцуулан бүлгийн хуралдаан дээрээ мэдээлэл сонсчээ. Гэм буруу нь тогтоогдоогүй хүмүүсийг хорьж байгаа нь хүний эрхийг зөрчсөн явдал гэдгийг онцолсон юм. Тиймээс бүлгийн гишүүд цаашид анхаарна гэв. УИХ дахь Хүний эрхийн дэд хороо, УИХ-аас томилогддог Хүний эрхийн үндэсний комиссынхон ажлаа хийхийг шаардана гэдгээ бүлгийн дарга илэрхийлэв. Энэ долоо хоногт Газрын тухай хуулийг хэлэлцэх хуулийг Засгийн газар эргүүлэн татаж авах хэрэгтэй гэдэг дээр санал нэгджээ. Учир нь уг хууль нь Үндсэн хуулийн дараа хэлэлцэгдэх хэмжээний язгуур хууль тул ард түмнээс санал авах шаардлагатай гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр мэдээлсэн юм.

Э.ЭНХ