Categories
мэдээ улс-төр

Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.12/ хуралдаан 11.00 цагт 52,6 хувийн ирцтэй эхэллээ.

Хуралдаанаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийн талаар ажлын хэсгээс гаргасан саналуудаар санал хураалт явуулав.

Санал хураалтын явцад хуулийн төсөлд, “… усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг Усны тухай хуулийн 22.3-д заасны дагуу усны сан бүхий газрын эргээс 200 метрээр тогтоож тусгай зөвшөөрлийн талбайгаас хасалт хийх”, “ …хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхацсан тохиолдолд Усны тухай хууль, Ойн тухай хуулийн дагуу шийдвэрлэх” агуулгатай зүйл нэмэх, “ гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгогдсон тухай зөвшөөрлүүдийг цуцлах, Усан сан бүхий энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам болон гэрээний загварыг Засгийн газар батална. Уг журам гэрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгаль орчинг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах зардлыг 100 хувь урьдчилан байршуулах нөхцөл, хяналт тавих төрийн байгууллагын албан тушаалтны хүлээх үүрэг, хариуцлагыг тус тус тусгасан байна” зэрэг саналуудыг гишүүдийн олонх дэмжсэн юм. Харин төслийн 1 дүгээр зүйл буюу нэмэлтээр орж байгаа 4 дүгээр зүйлийн “энэ зүйлд Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3 дугаар заалт болон Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4.6 зүйл хамаарахгүй” гэсэн 2 дахь өгүүлбэрийг хасах” саналыг ажлын хэсэг татаж авав.

Санал хураалтын явцад гишүүдийн зүгээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, гол, усны эхээс 200 метр зайд хайгуул, олборлолт явуулахаар тогтоож байна. Усны тухай хуулинд зааснаар 50 метр дотор ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа. Гэтэл хуулийн төсөлд 200 метр зайд байхаар тогтоох юм бол 50-иас 200 метрийн завсарт байгаа урьд нь ашиглагдчихсан, нөөц нь тогтоогдсон ордууд руу орж болохгүй улмаар нөхөн сэргээлт ч хийж болохгүй болж байна гэж ойлгож болох уу гэдгийг тодотгосон юм. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Арвин өгсөн тайлбартаа, “200 метр гэсэн зайг яаж тогтоосон гэхээр Усны тухай хуулинд “ усны нөөцийг хомсдох, бохирдох, хамгаалах, үер усны гамшгаас сэргийлэх зорилгоор усан сан бүхий газар усны эх үүсвэр, онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийг тогтооно” гэж заасан. Энэ нь гол, усны эхээс 200 метр дотор ашигт малтмалын лиценз олгохгүй, 200 метр дотор зөвшөөрөл олгох юм бол гол, усны эх бохирдох магадлал өндөр гэж мэргэжлийн байгууллагаас шинжлэх ухааны үндэстэйгээр тогтоосон тооцоо юм билээ. Иймээс 200 метрийг барья гэсэн саналыг оруулж байгаа” гэлээ.

Уул уурхайн сайд Р.Жигжид хариултдаа, “Усны тухай хуулиар энгийн болон онцгой хамгаалалтын гэж хоёр бүс тогтоосон. Хуулиар онцгой хамгаалалтын бүс буюу эргээс 50 метр хүртэл зайд аливаа ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах, олборлох, хайх үйл ажиллагаа явуулахыг хориглосон байгаа. Хуулийн төсөлд 200 метрээс дотогш гэдэгт 50 метр мөн хамаарч байгаа юм. Иймд үйл ажиллагаа явуулна гэвэл усны тухай хуультай зөрчилдөнө. Иймээс 50 метрт гар хүргэж болохгүй. Өөрөөр хэлбэл энгийн хамгаалалтын бүсийг 200 метрээр тогтоочихоод тэр хооронд үйл ажиллагаагаа эхэлсэн тохиолдолд нөхөн сэргээлт хийлгэх, түүнтэй холбоотой арга хэмжээ авах заалт оруулж байгаа гэж ойлгож байна. Өмнө нь энэ хууль гараад энгийн бүсийг тогтоохдоо 200 метрийг барилгүй зарим газар 5 км, зарим газарт түүнээс ч илүүтэй тогтоосон байдаг. Тэгэхээр энэ хуулийн төслийн нэг давуу тал нь энгийн хамгаалалтын бүсээ 200 метрээр нарийвчлан тогтоож өгч байгаа нь ач холбогдолтой гэж үзэж байна” гэв.

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, “Хуулиа хэрэгжүүлэхийн тулд ажлын хэсгээс оруулж ирж байгаа тодорхой саналуудыг дэмжиж байгаа. Хайгуулын олборлолт хийсэн, сэргээгдэж чадаагүй талбайнуудыг илүү хариуцлагатай болгож засах талаар ярьж байгаа нь зөв. Нөхөн сэргээлт хийгдээгүй хаягдсан газруудаа мөн засч залруулья гэж байгаа. Нөхөн төлбөрийн асуудлыг төр шийдэж чадахгүй байгаа учраас энэ асуудлаа тодорхой байдлаар тавьж шийдвэрлэх хэрэгтэй. Усны тухай хуулинд зааснаар 50 метрээс дотогш орох тухай асуудал хориотой. Энд салаа утгатай ойлгож ярьж болохгүй зүйл байна. Хэрвээ 50 метрээс дотогш орно гэж байгаа бол Усны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг давхар ярих болж байгаа юм. Тиймээс энэ хуулийн төсөлд 50-иас гадагш гэж яриад 200 метр дотор үйл ажиллагаа явуулахаар тусгасан” гэсэн хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам боловсруулна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, дүүргүүдийн замын цагдаа, тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг компаниудыг оролцуулсан хамтарсан уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал АНУ-ын Флорида мужийн “Авто машин ачиж, тээвэрлэх журам”-ыг танилцуулж, тус журамд тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын зөвшөөрөл авах дараалал, хориглох заалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн горим, үнэ тарифийг хэрхэн тусгасан байдгыг тайлбарлалаа. Мөн авто машин ачилт тээвэрлэлтийн одоогийн нөхцөл байдлын талаар харилцан санал солилцож, хамтарсан ажлын хэсэг байгуулж “Нийслэлд зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам” гаргахаар боллоо. Шинэчилсэн журам нь олон улсын стандартад нийцсэн, замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, иргэдийн цаг хугацааг хэмнэж эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангасан нэгдсэн зохион байгуулалттай байхаар хийгдэх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Чөлөөт бүсийн тухай хуулийг баталлаа

Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагт эхлэх хуваарьтай байсан ч 30 минутаар хоцорлоо. Чуулганы эхэнд Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгээр зарчмын зөрүүтэй 10 гаруй саналаар тус тус санал хураалгаж, гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Ийнхүү Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар өмнө нь чөлөөт бүстэй холбоотойгоор гарч байсан хуулиуд хүчингүй болж байна. Тухайлбал, Алтанбулагийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль, Замын-Үүдийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг хүчингүй боллоо.

Categories
мэдээ улс-төр

Шинэ онгоцны буудлын төслийн нэмэлт хэлэлцээрийг дэмжлээ

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх уг төслийг дэмжлээ. Ингэснээр санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь 2015 оны төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг байв.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул тус байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн гаргасан зарчмын зөрүүтэй 10 саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболд Тамгын газрын ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

Жил бүр сар шинийн баярын өмнө УИХ-ын дарга болон Тамгын газрын удирдлагууд ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.02.12/ олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа Төрийн ордонд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

УИХ-ын дарга З.Энхболд уулзалтад хүрэлцэн ирсэнд ахмадуудад талархал илэрхийлэн, удахгүй болох сар шинийн баярын мэнд дэвшүүлэв.

УИХ-ын Тамгын газрын ахмадын хорооны дарга Ш.Ринчин энэ жил УИХ-ын 25 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, өнөөдрийн уулзалтад оролцож буй ахмадууд УИХ-ын 25 жилийн түүхийг бүтээлцсэн эрхэм гавьяатайг онцлов. Ойг тэмдэглэх ажилд УИХ-ын Тамгын газрын ахмадын хороо идэвхитэй оролцож байгааг дуулгасан юм. Мөн ахмад настнуудаа байнга халамжилж байдагт УИХ-ын дарга болон Тамгын газрын удирдлагуудад талархал илэрхийлээ.

УИХ-ын Тамгын газар нь Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн, мөн Тамгын газарт ажиллаж байсан 61 ахмадтай билээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Ижил морьд эзнээ зорилоо

БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийсэн билээ. Айлчлалд зориулж хийсэн бэсрэг наадмын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпин, түүний гэргий Пөн Ли-Юань нарт ижил цоохор зүсмийн морьд бэлэглэсэн юм.

Ижил сүрэгт нь өвөлжүүлсэн хоёр морийг БНХАУ-ын дарга Си Зиньпинд хүргүүлэхээр өнөөдөр Замын-Үүдийн гааль, хилийн цэрэг, мал эмнэлэг, хорио цээрийн хяналтаар оруулан улсын хил нэвтрүүлсэн байна. Улсын хилийн 0 цэг дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гааль, Хилийн цэрэг, Хорио цээрийн байгууллагын төлөөлөгчид морьдыг Хятадын талд хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ улс-төр

Ард түмний эсэргүүцэлтэй тулгарч байгаа хуулийг батлах гэж зүтгэхийн учир юу вэ?

Манай улсыг уйгаржин, кирилл хос бичигтэн болгох Монгол хэлний тухай хууль нэлээд маргаан дагуулж буй. Уг хуулийн төслийг нийгэмд даяараа эсэргүүцэж байгаа. Өнгөрсөн долоо хоногт ч хэлэлцүүлгийн шатанд гишүүд шүүмжилж, дэмжихгүй гэдгээ илэрхийлж байсан удаатай. Тэгвэл өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Төрийн байгуулалтын байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Монгол хэлний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонх дэмжсэн байна. Шүүмжлэл дагуулсан уг хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэхээр болсоныг ажлын хэсгийнхэн мэдээлж байсан. Гэтэл яаран сандран өнөөдөр хэлэлцэж, чуулганы нэгдсэн хураалдаанд оруулах гэж буй нь сар шинийн баярыг далимдуулан батлах гэж байна хэмээн олон нийт харж буй. Түүнчлэн уг хуулийн төслийн цаана асар их мөнгө, эрх ашиг оршиж байгааг эх сурвалжууд дуулгав.

Ямартай ч уг хуулийн эцсийн хэлэлцүүлгийг өрнүүлсэн байнгынхороодын хуралдаанаар ажлын хэсгээс гаргасан саналын дагуу уг хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлагатай холбогдсон төслийн 23.1.1 дэх заалтыг өөрчлөн найруулахаар тогтов. Ингэснээр уг хууль тогтоомжийн холбогдох заалтуудыг зөрчсөн хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор зохицуулагдаж байгаа юм. Харин албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тусгажээ.

Ингээд Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Монгол хэлний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ тухай танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.

Categories
мэдээ улс-төр

Өрийн удирдлагын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Өрийн удирдлагын тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ. Мөн хуралдаанаар Засгийн газарт чиглэл өгөх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Өрийн удирдлагын тухай хуулийг баталснаар Монгол Улс өрийн талаар нэгдсэн ойлголт, томьёололтой болж, өр зээлийн зарцуулалт, түүнд тавих хяналтын механизмыг тодорхой болгоно. Мөн хуулийг баталснаар Засгийн газар гаднаас дахин зээлийн эх үүсвэр татах боломж бүрдэх юм. Уг хуулийн төслийг УИХ намрын чуулганд багтаан батлах төлөвлөгөөтэй байгаа.

Categories
мэдээ улс-төр

Монгол хэлний тухай болон Урт нэртэй хуулийг хэлэлцэнэ

НЭГ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Байнгын хороо санаачилсан, анхны хэлэлцүүлэг/;
  • Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2015.02.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2013.09.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.30 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол хэлний тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нарын 6 гишүүн 2014.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

ХОЁР. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

14.00 цагаас

1.“Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ танилцуулна;
  • Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН танилцуулна.

2.“Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ танилцуулна;
  • Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОДОНТУЯА танилцуулна.

3.Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар, 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг үргэлжилнэ/;

4.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/;

5.“Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх асуудал үргэлжилнэ/;

6.Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.

7.Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна;
  • Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн танилцуулна.

8.Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2013.09.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн танилцуулна.

9.Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхий сайд 2014.12.03-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/;

10.“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Байнгын хороо санаачилсан, анхны хэлэлцүүлэг/:

  • Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн танилцуулна.

11.Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

  • Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн танилцуулна.

12.Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

  • Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн танилцуулна.

13.Монгол хэлний тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нарын 6 гишүүн 2014.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн танилцуулна.

14.Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар, 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;
  • Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна.

15.Зөрчлийн тухай хуулийн болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар, 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;
  • Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна.
Categories
мэдээ улс-төр

АН-ын МоАН санаачлага байгуулагдлаа

Монголын Ардчиллын 25 жилийн ойг 2014 оны 12 дугаар сарын 10-наас эхлэн бүтэн жилийн турш улс орон даяар тэмдэглэж байгаа билээ.

Энэ хүрээнд 25 жилийн түүхтэй Монголын Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий нэгэн санаачлага АН дотор байгуулагджээ. Одоогоор МоАН санаачлагад УИХ-ын гишүүн Л.Болд, Г.Батхүү, Ц.Оюунгэрэл, А.Бакей, Ш.Түвдэндорж нар нэгдээд байгаа юм байна.

Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр тууштай үйл ажиллагаа хэрхэн явуулах талаар эдгээр гишүүд удаан хугацаанд олон талаас нь нухацтай ярилцсаны эцэст ийм шийдвэрт хүрчээ.

МоАН санаачлагыг АН-ын Үндэсний Зөвлөлдөх хороо, Гүйцэтгэх зөвлөл болон бүх шатны байгууллагын олон гишүүд дэмжин нэгдэж эхэлжээ.

Монголын Ардчилал бол ард түмнийхээ хүсэл зоригоор Монголдоо төрж, бойжиж, бэхжсэн үндэсний үнэт зүйл бөгөөд түүний зайлшгүй хамгаалах ёстой үнэт өв нь хүний эрх, эрх чөлөө, хүмүүнлэг, иргэнлэг зарчим гэж МоАН санаачлагынхан үзэж байгаа юм байна.