Categories
мэдээ улс-төр

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын даргыг Чингисийн талбайд угтан мэндчиллээ

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкиныг өнөөдөр /2015.02.16/ Чингисийн талбайд угтан мэндчиллээ.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурсан юм.

Үүний дараа Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын даргын Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой хийх хэлэлцээ эхэллээ.

Энэ өдөр эрхэм зочин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах бөгөөд дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга ноён С.Е.Нарышкинд бараалхана.

Эрхэм зочин Монгол Улсын Их Хурлын чуулганы танхимтай танилцаж, Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөн, Г.К.Жуковын музейд зочлохын зэрэгцээ “Монгол-Оросын харилцааны түүх, уран зохиол”-ын сэдвээр ГХЯ-нд зохиогдох дугуй ширээний уулзалтад оролцоно. Мөн Халх голын дайнд оролцсон дайчдын үнэмлэхийг БХЯ-нд хүлээлгэн өгнө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Намрын чуулган битүүнд өндөрлөнө

Ирэх долоо хоногт буюу 2015 оны 2 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд нам, эвслийн бүлэг, ажлын хэсэг, Байнгын болон дэд хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарийг танилцуулъя.

Сануулахад, ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сарын 18-нд намрын чуулганы хаалтын хуралдаан болох юм.

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

02 дугаар сарын 16-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 09.00 цагаас “А” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд;
  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 09.00 цагаас “В” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

02 дугаар сарын 16-ны Даваа гарагт:

“Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.


ГУРАВ.БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН:

02 дугаар сарын 17-ны Мягмар гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Байнгын хороо санаачилсан, эцсийн хэлэлцүүлэг/.

3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Захиргааны ерөнхий хуулийн болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Шүүгчийн албан тушаалын цалин хангамж болон холбогдох бусад асуудлын талаар авах зарим хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төсөл.

4.Хүний эрхийн дэд хорооны хуралдаан “В” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэл.

5.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколын төсөл болон Монгол-Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколын төсөл /зөвшилцөх/.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

14.00 цагаас:

  • Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Байнгын хороо санаачилсан, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2013.09.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

ТАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

02 дугаар сарын 18-ны Лхагва гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2013.09.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг буцааж эзэмших хүсэлт гаргасан 3375 иргэний өргөдлийн талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоол батлах тухай;
  • Нэгдсэн чуулганы завсарлагааны хугацаанд Байнгын хорооны хийх ажлын төлөвлөгөө.

ЗУРГАА.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Байнгын хороодын хуралдааны дараа:

  • Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал;
  • “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2013.09.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/;
  • “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Захиргааны ерөнхий хуулийн болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы хаалт.
Categories
мэдээ улс-төр

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин өнөөдөр /2015.02.15/ Монгол Улсад хүрэлцэн ирлээ.

Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкиныг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардахад Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Р.Гончигдорж, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс угтан авлаа.

Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга ноён С.Е.Нарышкинд бараалхана.

Тэрбээр айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимтай танилцаж, Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөн, Г.К.Жуковын музейд зочлохын зэрэгцээ “Монгол-Оросын харилцааны түүх, уран зохиол”-ын сэдвээр ГХЯ-нд зохиогдох дугуй ширээний уулзалтад оролцох юм. Мөн Халх голын дайнд оролцсон дайчдын үнэмлэхийг БХЯ-нд хүлээлгэн өгнө.

Сергей Евгеньевич Нарышкин 1954 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ленинград /Санкт-Петербург/ хотод төрсөн. 1978 онд Ленинградын Механикийн их сургуулийг инженер-радиомеханикч мэргэжлээр, Санкт-Петербургийн Удирдлагын олон улсын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй.

Тэрбээр 1982 оноос Ленинградын Политехникийн их сургуулийн орлогч ректор, Бельги дэх ЗХУ-ын ЭСЯ-ны эдийн засгийн зөвлөхийн аппаратад Шинжлэх ухаан, техникийн улсын хорооны шинжээчээр ажиллаж байсан. 1992 оноос Санкт-Петербург хотын Захиргааны Эдийн засаг, санхүүгийн хорооны хэлтсийн дарга, 1995 оноос Санкт-Петербург хотын “Промстройбанк”-ны гадаад хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, 1997 онд Ленинградын мужийн Засгийн газрын Хөрөнгө оруулалтын газрын дарга, 1998 онд Ленинградын мужийн Засгийн газрын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны даргаар тус тус ажиллаж байв.

2004 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Эдийн засгийн удирдах газрын орлогч дарга, 2004 оны 3 дугаар сараас ОХУ-ын Засгийн газрын аппаратын орлогч дарга, 2004 оны 9 дүгээр сараас ОХУ-ын Засгийн газрын аппаратын дарга бөгөөд ОХУ-ын сайд, 2007 оноос ОХУ-ын Засгийн газрын аппаратын дарга бөгөөд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, 2008 оны 5 дугаар сараас 2011 оны 12 дугаар сар хүртэл ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан. 2011 оны 12 дугаар сараас ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын даргаар сонгогдон ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Япон улс руу визгүй зорчдог болох уу

Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 9-нд Япон улсын Токио хотноо айлчилж, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй гурван жил орчим үргэлжилсэн хэлэлцээний дүнд “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан юм. Улс төр, эдийн засгийн хамтын харилцаагаа улам сайжруулах үүднээс энэ удаагийн айлчлалд хэд хэдэн чухал асуудлуудыг хэлэлцжээ. Нэн тэргүүнд Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх буудлын төсөлд Монголын талын хүсэлтийг үндэслэн 36 тэрбум 850 сая иений зээлийг нэмж олгохоор болсон. Мөн байгаль орчныг хамгаалах, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хоёр шатны хөтөлбөр хэрэгжсэн, энэ төслийн гуравдугаар шатны хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болсон, Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүд Японы том зах зээл, үйлдвэрлэлийн сүлжээнд хөнгөлөлттэй, татваргүй нийлүүлэгдэх бололцоо гарч байгаа зэрэг хэд хэдэн чухал ажлуудыг хамтын ажиллагааны түвшинд хэлэлцсэн юм.

Айлчлалын үеэр яригдсан нэг чухал асуудал бол парламентын гишүүдтэй яриа хэлэлцээрийн сэдэвт ороогүй ч дипломат паспорт эзэмшиж байгаа иргэдэд тус улсад визгүй зорчих боломж гаргах, иргэдэд хөнгөлөлттэй нөхцлөөр виз олгох хүсэлт тавьсан байна.

Албан ёсоор энэ талаар хүсэлт тавьж, ажил хэргийн шатанд яригдаагүй ч удахгүй УИХ-ын дарга З.Энхболд Япон улсад хийх айлчлалын үеэрээ энэ талаар үр дүнтэй хариу сонсох байх хэмээн албаны хүн мэдээлсэн юм.

Юутай ч өндөр хөгжилтэй, Азийн таван бар улсын нэг Япон руу харилцан хөнгөлөлттэй нөхцлөөр, цаашлаад визгүй зорчдог болчихвол манай улсын хувьд аялал жуулчлалын салбарын хөгжилд томоохон ач холбогдолтой.

Одоогийн байдлаар манай улсын иргэд Хятад, ОХУ, Белорусь, Гонконг, Гүрж, Израиль, Куба, Казахстан, Лаос, Макао, Малайз, Молдав, Сингапур, БНАСАУ, Турк, Тажикистан, Туркменистан, Украин, Филиппин зэрэг улс руу 12-90 хоногийн хугацаатай визгүй зорчих эрхтэй байдаг аж.

Categories
мэдээ улс-төр

Aрхи, тамхи бэлэглэхээс татгалзахыг уриаллаа

Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг Монголын сурагчдын холбоотой хамтран өнөөдөр /2015.02.13/ Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүд Монголын сурагчдын холбоотой хамтран олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү хэвлэлийн бага хурал гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээллийн эхэнд онцолж, энэ хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд тус холбоотой хамтран Монголын ард түмний билэгдлийн их баяр цагаан сараар бие биедээ архи, тамхи бэлэглэхээс татгалзах уриалгыг нийт ард түмэндээ хандан гаргаж байгааг дуулгалаа.

Мөн тэрээр, “Цагаан сар бол монголчуудын эрхэмлэн дээдэлдэг, өлзий билэгтэй, баяр жаргалын өнгийг билэгддэг баяр юм. Иймд үндэсний баяраараа Монгол хүний эрүүл мэнд, гэр бүл, амь насанд хортой нөлөө үзүүлдэг архи, тамхийг бие биедээ бэлэглэхээс эрс татгалзаж цагаан мөрийг гаргахыг нийт монголчууддаа уриалж байна. Улсын Их Хурлын чуулганаар 2012 онд батлагдсан Тамхины хяналтын тухай хууль хэрэгжсэнээс хойш олон мянган хүнийг дам тамхидалтад өртөхөөс хамгаалсаар ирсэн. Иймд энэхүү хорыг үндэсний уламжлалт баяр болох цагаан сараар бэлэг болгон өгөхөөс татгалзаж үндэснийхээ бүтээгдэхүүнийг бэлэглэцгээя” гэсэн юм.

Монголын Сурагчдын Холбооны Тэргүүн О.Сэлэнгэ хэлэхдээ, “ Монголчууд бид бие биеэ хайрлахгүй бол өөр хэн ч биднийг хайрлахгүй. Хүүхдийнхээ дэргэд цагаан сараар бие биедээ архи, тамхи бэлэглэж, хэрэглэж байгаа нь буруу үлгэр дууриалал болж байна. Хүүхдүүд ээж, аавынхаа юу хийж байгааг сайн хардаг. Архидалт баярын үеэр ихэсдэг. Цагаан сарын билэгдийн өдрүүд согтуу баяр болж хувирдаг. Иймд энэ бүхнийг хүүхдүүд хараад ингэж болдог юм байна гэж харах вий гэдэгт санаа зовж байна. Архинаас болж маш олон хүүхэд өнчирч байна, маш олон хүүхэд ядууралд өртөж байна, гудамжинд гарч байна. Иймд архины эсрэг бүгдээрээ тууштай тэмцэх хэрэгтэй” гэдгийг уриаллаа.

Түүнчлэн мэдээллийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг өнгөрсөн 7 хоногт түүнийг туулай агнасан мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дайрсанд тайлбар хийсэн юм.

Тэрээр тайлбартаа, “Баян-Өлгий аймагт томилолтоор ажиллахад амралтын өдөр таарсан тул казак малчин айлд зочилсон. Аймгийнхан ирсэн зочдоо казак уламжлалаараа дайлж, цайлах ёс заншлаа танилцуулан малчин айлд урьж, мөн бүргэдээ анд сургах ёс заншлаа танилцуулж хүндэтгэн хүлээн авдаг ёстой. Энэ л ёсоор туулайны чихмэл ашиглан бүргэдийг анд сургаж байгаагаа үзүүлсэн. Миний бүргэд, туулайн чихмэл барьж авахуулсан зургийг аймгийн ажилтан нийтийн сүлжээнд тавьсныг татаж аваад Л.Эрдэнэчимэг гишүүн туулай агнав хэмээн гуйвуулснаар олон нийтийн дургүйцлийг төрүүлжээ. Санаатайгаар гишүүний нэр хүндийг унагаах ажиллагаа явуулж байгаад харамсаж байна. Казак ард түмний ёс заншилтай танилцаж, дэлхийд ганц бүргэдийн ан хийх уламжлалыг үзэхээр гадаад, дотоодын олон зуун жуулчид Баян-Өлгий аймгийг зорьдог болсон. Энэ нь аймгийн хөгжлийг нэмэгдүүлж, аялал жуулчлал хөгжиж байгааг дэмжиж байгаагийн зэрэгцээ дотоодын аялал жуулчлалаар аялахыг уриалж байна “ гэлээ.

Categories
мэдээ улс-төр

А.Энх-Амгаланг Ерөнхий прокуророор томилохыг дэмжив

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.13/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг уншиж танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Ерөнхий прокуророор Магванноровын Энх-Амгаланг томилох саналыг зөвшилцөхөөр ирүүлжээ.

М.Энх-Амгалан нь 1987-1988 онд Хөвсгөл аймгийн Цагдан сэргийлэх ангийн мөрдөн байцаагч, 1988-1991 онд Улаанбаатар төмөр замын Цагдан сэргийлэх ангийн мөрдөн байцаагч, 1991-2008 онд Улсын Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга, 2008-2012 онд Цагдаагийн ерөнхий газарт дэд даргаар тус тус ажиллаж байжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэр дэвшигчийг томилохыг дэмжиж байгаагаа илэрхийлээд хэд хэдэн зүйлийг анхаарч ажиллаарай хэмээн захьсан. Тэрбээр, Сүүлийн үед хуулийн байгууллагууд руу улстөрчдийн зүгээс элдэв зүйл ярих нь ихэслээ. Шалгагдаж буй хэрэгт тавьдаг прокурорын хяналтаа чангатгаж ажилламаар байна. Эс тэгвэл тийм хэл яриа тасрахгүй. Гэмт хэрэгт сэжиглэн цагдан хорьсон хүнийг гурван сар болоход хоёрхон удаа байцаасан, мөнгөтэй хүнийг ангуучилдаг, хууль бусаар хорьдог гэж яригдаж байна. Авлига, албан тушаалын хэргийг нэг бүрчлэн хянаж, мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаж буй эсэхийг сайн нягтлаарай. Манай цагдаагийн ажилтнуудын эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх чадавх сул. Шалгаж байна гээд удааж, асууж байцааж, сэтгэлийн дарамтад оруулдаг. Тиймээс эдийн засгийн гэмт хэргийг мөрдөн шалгах чадавхийг сайжруулах тал дээр анхаараарай хэмээн хэлсэн.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Прокурорын байгууллага мөрдөн байцаах үйл ажиллагаатай холбоотой гомдолд шуурхай хариу өгдөггүй. Энэ талаар ямар арга хэмжээ авах вэ гэж асуусан. Тэрбээр, хэрэг дөнгөж шалгагдаж эхэлж байхад хэвлэлээр мэдээлчихдэг атлаа хэрэг шалгагдаад гэм буруутай нь нотлогдоогүй байхад эргэж мэдээлэхгүй орхидог асуудалд анхаарч ажиллахыг хүссэн. Нэр дэвшигч М.Энх-Амгалан, иргэдээс ирсэн гомдлын хариуг хуульд заасан хугацаанд багтаан өгч байх асуудалд анхаарч ажиллах болно гэж хариулсан юм.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, хууль хяналтын байгууллагын талаар нийгэмд эвгүй ойлголт бий болоод байгааг сануулсан. Тэрбээр, хүмүүсийг улстөрчдийн захиалгаар баривчилдаг, удаан хугацаагаар сунгаж хорьдог, анх шалгаж эхэлсэн хэрэг нь нотлогдохгүй болохоор өөр хэргээр буруутгадаг, иргэдийн бизнесийг булаахыг оролддог гэх мэт гомдол гардаг гээд, энэ зүй бус үйлдэл хүмүүстэй холбоотой юу, эсвэл хуулиас болж байна уу гэж лавласан.

Нэр дэвшигч М.Энх-Амгалан, сүүлийн үед яригдаад байгаа энэ асуудал алинаас нь хамааралтай гэж бодож байна хэмээгээд, нэг хэрэгт сэжиглэн шалгах явцад, өөр гэмт хэрэг гарч ирэх тохиолдол байдаг. Үүнийг хүмүүс хөндлөнгөөс хараад нэг хэргээр буруутгачихаад өөр хэрэг тохлоо гэж ойлгоод байдаг талтай хэмээн тодруулан хэлсэн.

УИХ-ын гишүүн Л.Болд, Мөрдөн байцаах үйл ажиллагаатай холбоотой асуудлаар гишүүд олноороо ярих болсон нь ийм асуудал байгаа гэдгийг харуулж байна. Хууль хяналтын байгууллага хардах, шалгах, тогтоох нь зөв. Гэхдээ хууль зөрчихгүй, захиалгаар ажиллахгүй байх хэрэгтэй гэж хэллээ.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, прокурорын хяналттай холбоотой гомдол, мөрдөн байцаах явцад хүний эрх зөрчигдөж буй асуудалд анхаарал хандуулж ажиллаарай хэмээн захьсан. Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь М.Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий прокуророор томилох саналыг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

ОХУ-ын Төрийн Думын дарга айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин 2015 оны хоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга ноён С.Е.Нарышкинд бараалхана.

Тэрбээр айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын чуулганы танхимтай танилцаж, Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөн, Г.К.Жуковын музейд зочлохын зэрэгцээ “Монгол-Оросын харилцааны түүх, уран зохиол”-ын сэдвээр ГХЯ-нд зохиогдох дугуй ширээний уулзалтад оролцох юм байна. Мөн Халх голын дайнд оролцсон дайчдын үнэмлэхийг БХЯ-нд хүлээлгэн өгнө.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкины намтар

Сергей Евгеньевич Нарышкин 1954 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ленинград /Санкт-Петербург/ хотод төрсөн. 1978 онд Ленинградын Механикийн их сургуулийг инженер-радиомеханикч мэргэжлээр, Санкт-Петербургийн Удирдлагын олон улсын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй.

Тэрбээр 1982 оноос Ленинградын Политехникийн их сургуулийн орлогч ректор, Бельги дэх ЗХУ-ын ЭСЯ-ны эдийн засгийн зөвлөхийн аппаратад Шинжлэх ухаан, техникийн улсын хорооны шинжээчээр ажиллаж байсан. 1992 оноос Санкт-Петербург хотын Захиргааны Эдийн засаг, санхүүгийн хорооны хэлтсийн дарга, 1995 оноос Санкт-Петербург хотын “Промстройбанк”-ны гадаад хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, 1997 онд Ленинградын мужийн Засгийн газрын Хөрөнгө оруулалтын газрын дарга, 1998 онд Ленинградын мужийн Засгийн газрын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны даргаар тус тус ажиллаж байв.

2004 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Эдийн засгийн удирдах газрын орлогч дарга, 2004 оны 3 дугаар сараас ОХУ-ын Засгийн газрын аппаратын орлогч дарга, 2004 оны 9 дүгээр сараас ОХУ-ын Засгийн газрын аппаратын дарга бөгөөд ОХУ-ын сайд, 2007 оноос ОХУ-ын Засгийн газрын аппаратын дарга бөгөөд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, 2008 оны 5 дугаар сараас 2011 оны 12 дугаар сар хүртэл ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан. 2011 оны 12 дугаар сараас ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын даргаар сонгогдон ажиллаж байна.

Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл,

олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ улс-төр

Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн олонхи дэмжсэнээр төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын хувьд арилжааны нөхцөлтэй зээл болон санхүүгийн бүх хэрэгслийг ашиглах боломжтой болсон ч өнөөдрийг хүртэл өрийн удирдлагын талаар нэгдсэн цогц бодлого, зохицуулалтгүй, хууль эрх зүйн орчны хувьд зөвхөн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн зохицуулалтаар хязгаарлагдаж байгаа нь Засгийн газрын зүгээс өрийн удирдлагын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хангасан бие даасан хууль гаргах үндэслэл болжээ.

Тиймээс хуулийн төслийг боловсруулахдаа өр үүсгэхээс эргэн төлөх, түүнд хяналт тавих хүртэлх Монгол Улсын онцлогт тохирсон хууль, эрх зүйн нэгдсэн бодлого зохицуулалтыг бий болгох зорилго тавьсан байна.

Хэлэлцүүлгийн шатанд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Монгол Улс хөгжлийн онцлогоос болоод зөвхөн хөнгөлттэй зээл, тусламж авдаг орон байсан. УИХ-аас 2011 онд баталсан Төсвийн тогтвортой байдлын хуулийн дараагаар дэлхий нийтийн хувьд бид доогуур дундаж хөгжилтэй орон болоод олон улсын зээл авах эрх нь нээгдсэн. Гэхдээ эрх нь нээгдсэн ч гэсэн ямар баталгаа гаргах, хэрхэн олгох гээд эрх зүйн орчноо бүрдүүлээгүй. Тиймээс энэ хуулийн төслийг баталснаар эрсдэл байхгүй болно” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “УИХ-аас хуулийн төслийг батлан гаргахыг дэмжиж байгаа. Гэхдээ улсын болон Засгийн газрын өр гэж юуг хэлэх юм бэ гэдгийг тодорхой гаргах хэрэгтэй. Төрийн өмчит компаниудын тавьж байгаа зээл дээр хяналтын зохицуулалт байх ёстой. Дүрмийн сангаар зохицуулаад явна гэдэг бол эрсдэлтэй. Төрийн өмчит компаниудын авсан зээл 1,8 их наяд хүрсэн тухай Сангийн сайд сая хэллээ. Авсан зээл нь үр өгөөжтэй зээл үү гэдгийг анхаарах хэрэгтэй. Хувийн хэвшлийн төсөлд баталгаа гаргах асуудлыг олон улсын жишгээр л явуулах хэрэгтэй. Ингэхийн тулд Зээлийн батлан даалтын сан бий болгох ёстой” гэсэн юм.

Яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай зэрэг багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Уг хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шатанд УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан байсан ч хугацаа дууссан тул УИХ хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байгаа юм.

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд Цөмийн энергийн газрыг татан буулгасан юм. Энэ хүрээнд эрхлэх асуудлынх нь хүрээний ажлыг Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цөмийн энергийн комисст шилжүүлэх асуудлыг энэ хуулийн хүрээнд зохицуулж өгчээ.

Categories
мэдээ улс-төр

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудад эвслийн бүлэг эсрэг байр суурь баримтална

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа.

Уг асуудлаар өмнө нь УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авсан байсан юм. Завсарлага авсан үндэслэлээ тус эвслийн бүлэг 50 гаруй хууль, тогтоолын төсөл санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн ч нэг төслийг ч хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаагаагүй тул бүлгийн төвшинд асуудлыг ярих шаардлага үүслээ” гэж тайлбарлаж байсан юм.

Харин УИХ-аар дээрх тогтоолын төслийг батлахын өмнө УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ бүлгийн санал, дүгнэлтийг танилцуулах үеэрээ “Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудад эвслийн бүлэг эсрэг байр суурь барих болно” хэмээн тодотголоо.

Categories
мэдээ улс-төр

Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан нар ном хаялцана

Үндсэн хуулийн цэцийн хуралдаан маргааш болно. Уг хуралдаанаар УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон, хуульч хоёр гишүүн ном хаялцахаар болжээ. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хууль Үндсэн хууль зөрчсөн гэх мэдээллийг гаргасан. Харин УИХ-аа төлөөлж УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хууль Үндсэн хууль зөрчөөгүй болохыг батлах юм.Тэд хууль яагаад Үндсэн хууль зөрчсөн, зөрчөөгүй болохыг баримтаар тайлбарлах учиртай.

Үндсэн хуулийн цэцэд УИХ-ын гишүүн хандаж байгаа нь анхны тохиолдол аж.Тэднийг ном хаялцаж, хууль Үндсэн хууль зөрчсөн үү, зөрчөөгүй юу гэдгийг тайлбарласны дараагаар Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргах юм.