Categories
мэдээ улс-төр

ТӨХ-ны даргад үүрэг өглөө

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж, Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од нартай уулзаж, үүрэг даалгавар өглөө. 2007 онд гарсан “Суудлын автомашины талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаар Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж Ерөнхий сайдад танилцуулсан юм.

Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу төрийн өмчит 757 байгууллагад автомашины ашиглалтын талаар судалгаа хийжээ. Эдгээр байгууллагуудад 5058 автомашин ашиглаж байгаагийн 812 нь том оврын, 159 дунд оврын жип машин байна. Судалгаанд хамрагдсан байгууллагууд нэг автомашинд жилд дунджаар 3889 литр шатахуун зарцуулж байгаа нь хот доторх үйлчилгээнд 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун хэрэглэдэг суудлын автомашин ашиглахыг хориглосон Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолыг зөрчиж байгааг Төрийн өмчийн хорооны дарга хэллээ.

2014 онд төрийн өмчит байгууллагуудад ашиглаж байгаа нийт автомашины гаражийн зардалд 3.6 тэрбум төгрөг, шатахууны зардалд 16.3 тэрбум төгрөг, сэлбэг хэрэгслэлийн зардалд 5 тэрбум, төгрөг жолоочийн цалинд 25 тэрбум төгрөг гээд нийт 50 тэрбум төгрөгийн зардал гаргасан байгааг Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од Ерөнхий сайдад мэдээлсэн юм.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож, зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жип машин ашиглуулж, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглах шаардлага тавьж ажиллах чиглэлээр холбогдох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хорооны даргад үүрэг болголоо. Мөн Үндэсний аудитийн газраас гаргасан зөвшөөрөлгүй ашиглаж байгаа гэх 222 автомашины судалгааг гарган, “Суудлын автомашины талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг бэлтгэн 3 дугаар сарын 17-ны Засгийн газрын хуралдаанд оруулахыг даалгалаа гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Намрын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ

Байнгын хорооны хуралдааны дараагаар УИХ-ын чуулган дахин хуралдаж хуулын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлана. Ингэснээр УИХ-ын 2014 оны намрын чуулган дуусах юм.
“Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2013.09.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/;
Захиргааны ерөнхий хуулийн болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал;
“Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы хаалт.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Япон улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар 2015 оны 2 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд айлчлалынхаа хүрээнд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимура, Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нартай уулзалт хийж, Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан, Хатан нарт бараалхана.

Мөн айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда, Япон Улсын Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн сайд К.Нишикава болон “Иточү фүүдс” компанийн удирдлага, Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлага, Японы Эдийн засгийн байгууллагуудын холбооны /КЭЙДАНРЭН/ удирдлага, Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны /ЖБИК/ Ерөнхийлөгч Х.Ватанабэ, ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч А.Танака, Гүнма мужийн удирдлагууд бараалхана.

Түүнчлэн айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболд Чибагийн Их сургуулийн дэргэдэх Байгаль, эрүүл мэндийн шинжлэх ухааны төвд зочилон гидропоникийн үйлдвэр үзэж сонирхоно. Мөн Японы Шинжлэх ухааны ордон болон Токио хот дахь Тоёотагийн үзэсгэлэнгийн танхимд зочилж, Тоёота компанийн удирдлагатай уулзаж, устөрөгчөөр ажилладаг “Мирай” машин болон тус машиныг цэнэглэдэг шатахуун түгээх станцтай танилцана.

Улсын Их Хурлын даргын Япон Улсад хийх албан ёсны айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Су.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Ж.Батзандан, Улсын Их Хурлын даргын зөвлөх А.Гансүх, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд нар багтсан байна. Улсын Их Хурлын даргын Япон Улсад хийх албан ёсны айлчлалыг сурвалжлахаар хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлах хэсэг дагалдан явна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Монгол-Японы парламент хоорондын харилцааны лавлах

Монгол, Япон улсын хооронд 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш буюу 1974 оноос Монгол-Японы парламент хоорондын харилцааны үндэс суурь тавигдаж хамтын ажиллагаа өргөжин хөгжиж иржээ.

Монголын талаас хийсэн айлчлалууд:

  • 1991 оны 2 дугаар сарын 25-наас З дугаар сарын 2-ны өдрүүдэд Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Е.Цучиягийн урилгаар УБХ-ын нарийн бичгийн дарга Б.Чимид тэргүүтэй төлөөлөгчид Япон Улсад айлчлав. Төлөөлөгчид Зөвлөхүүдийн танхимын дарга Е.Цучия, Төлөөлөгчдийн танхимын дарга Е.Сакураучи нарт бараалхсан байна. Уулзалтуудын үеэр Б.Чимид манай улсад өрнөж буй өөрчлөлт шинэчлэлийн талаар мэдээлж, парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар ярилцаж, парламентын төлөөлөгчид, ажилтнуудыг харилцан солилцох, мэдээлэл солилцох талаар яриа хэлцэл хийж тохиролцсон байна.
  • 1994 оны 10 дугаар сарын 16-21-ний өдрүүдэд УИХ-ын дарга Н.Багабанди тэргүүтэй төлөөлөгчид Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын даргын урилгаар Япон Улсад албан ёсны айлчлал хийв. Төлөөлөгчид айлчлалын үеэр Япон Улсын Эзэн хаан Акихито мөн Японы Парламентын Зөвлөхүүдийн танхим болон Төлөөлөгчдийн танхимын дарга нарт бараалхсан байна. Парламент хоорондын болон хоёр орны харилцааны асуудал нь Япон Улсын парламентын хоёр танхимын дарга нартай хийсэн хэлэлцээний гол сэдэв байсан. Энэхүү айлчлал нь парламент хоорондын харилцааг дээд түвшинд хүргэж, Монгол-Японы харилцаа, төрийн тэргүүн, хууль тогтоох дээд байгууллага, Засгийн газрын хэмжээнд бүхэлдээ өндөр, дээд түвшинд явагдах болсныг баталгаажуулсан арга хэмжээ болсон юм.
  • 1999 оны З дугаар сарын 15-20-ны өдрүүдэд УИХ-ын дарга Р.Гончигдорж тэргүүтэй УИХ-ын төлөөлөгчид айлчлал хийв. Айлчлалын үеэр хоёр тал бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах, олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд харилцан дэмжлэг үзүүлэх байр сууриа хэвээр хадгалахаа илэрхийлж хоёр орны парламент хоорондын харилцаа аль алиндаа хандсан урсгалтай байгааг улам бэхжүүлнэ гэдгээ нотолсон.
  • 2002 оны 2 дугаар сарын 17-24-ний хооронд УИХ-ын дарга С.Төмөр-Очир тэргүүтэй төлөөлөгчид Япон Улсын Зөвлөхүүдийн танхимын дарга Ю.Иноүэгийн урилгаар Япон Улсад айлчлав. Айлчлал хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн үеэр болсон бөгөөд Японы парламентын хоёр танхимын удирдлага өөрчлөгдөж, Ерөнхий сайд Ж.Койзүмигийн Засгийн газар байгуулагдсанаас хойш Монгол Улсын Их Хурлын дарга тэргүүтэй өндөр хэмжээний төлөөлөгчдийн анх удаагийн айлчлал юм.
  • 2008 оны 2 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд УИХ-ын дарга Д.Лүндээжанцан тэргүүтэй төлөөлөгчид Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга С.Эдагийн урилгаар Япон Улсад албан ёсны айлчлал хийв. Манай төлөөлөгчид Японы Цог Жавхлант Эзэн хаан Акихито, Эрхэм дээд хатан Мичико нарт бараалхаж, Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга С.Эда, парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Ё.Кооно, Япон Улсын Ерөнхий сайд Я.Фүкүда нартай уулзалт хийв.
  • 2011 оны 12 сарын 9-14-ний өдрүүдэд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид Япон Улсад айлчиллаа. Айлчлалын үеэр Японы Цог Жавхлант Эзэн хаан Акихитод хатан Мичико нарт бараалхаж, Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга К.Хирата, Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ёкомичи, Японы Ерөнхий сайд Ё.Нода, Японы Гадаад харилцааны сайд К.Генбару болон Япон Улсын Эдийн засаг, үйлдвэр худалдааны сайд Ю.Эдано-тай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг түүх соёл, харилцаа, холбоо, байгаль орчин, уул уурхай, хөрөнгө оруулалт, техник, технологи, хөдөө аж ахуй зэрэг салбаруудад өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал бодлоо солилцов.

Японы талаас хийсэн айлчлалууд:

  • 1991 оны 6 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Улсын газар эзэмшлийн хэрэг эрхлэх газрын дарга асан Х.Иший тэргүүтэй Японы Либерал ардчилсан намын төлөөлөгчид Монгол Улсад айлчлав. Энэхүү айлчлал нь хоёр орны парламент хоорондын харилцааг гүнзгийрүүлэх, Японы хууль тогтоох дээд байгууллага, Японы эрх барих нөлөө бүхий намд улс орны байдлаа танилцуулах, цаашид Японоос эдийн засаг, санхүүгийн тусламж дэмжлэг авахад нөлөөлөх ач холбогдолтой болсон юм.
  • 1998 онд Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Ази, Номхон далайн орнуудын парламентын холбооны Японы үндэсний бүлгийн дарга К.Сэкия Монгол Улсад айлчилсан нь Монгол Улсыг дээрх холбоонд гишүүнээр элсүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлж, хоёр орны парламент дахь, үндэсний бүлгүүдийн хамтын ажиллагааны эхлэл тавигдсан юм.
  • 1999 оны 8 дугаар сарын 18-25-ны өдрүүдэд Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын япон-монголын найрамдлын бүлгийн дарга ноён Нозава Дайзо тэргүүтэй төлөөлөгчдийн УИХ-ын урилгаар хийсэн айлчлал нь хоёр орны цаашдын харилцаа хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм.
  • 2002 оны 4 сарын 22-24-ний өдрүүдэд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Ерөнхий сайд асан Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн дарга К.Тошики, Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Ц.Хата тэргүүтэй нийт 28 төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй Нарита-Буянт-Ухаагийн хооронд нисэх анхны нислэгээр Монгол Улсад айлчилсан.
  • 2002 оны 9 дүгээр сард Японы парламент дахь Япон-Монголын парламентын бүлгийн дарга Дайзо Нозава тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан.
  • 2004 оны 9 дүгээр сарын 1-6-ны өдрүүдэд Улсын Их Хурлын урилгаар Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч бөгөөд Зөвлөхүүдийн танхимын гишүүн ноён Хидэхиса Оцужи тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан.
  • 2006 оны 7 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Японы парламент дахь Либерал Ардчилсан Намын Япон-Монголын Найрамдлыг хөгжүүлэх бүлгийн дарга Т.Тамазава тэргүүтэй Төлөөлөгчдийн танхимын 8 гишүүн, Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын ЛАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Катаяама тэргүүтэй Зөвлөхүүдийн танхимын 4 гишүүн 2006 оны 8 дугаар сарын 9-нөөс 12-ны өдрүүдэд, Япон Улсын Ерөнхий сайд асан, парламентын гишүүн Т.Кайфу тэргүүтэй төлөөлөгчид 2006 оны 8 дугаар сарын 02-ноос 05-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээнд оролцов.
  • 2009 оны 6 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ц.Такэбэ Япон Улсын Ерөнхий сайд Т.Асо-гийн тусгай элч төлөөлөгчөөр Монгол Улсад хүрэлцэн ирж Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцов.
  • 2011 оны 1 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд Ази-Номхон далайн парламентын 19 дүгээр чуулган Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдав. АНДПЧ-нд Япон Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Акихаса Нагашима тэргүүтэй японы 26 төлөөлөгчид ирж оролцов.

УИХ дахь Монгол-Японы парламентын бүлэг:

1993-1996 оны УИХ-д Монгол-Японы парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ц.Ганбат, 1996-1998 оны УИХ-д Монгол-Японы парламентын бүлгийн даргаар УИХ-ын Гадаад бодлого, Аюулгүй байдлын Байнгын хорооны дарга С.Зоригт, 1998-2000 оны УИХ-д Монгол-Японы парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Батбаяр, 2000-2004 оны УИХ-д Монгол-Японы парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ц.Дамиран, 2004-2008 оны УИХ-д Монгол-Японы парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, дэд даргаар УИХ-ын гишүүн Ц.Дамиран, Л.Одончимэд, 2008-2010 оны УИХ-д Монгол-Японы парламентын бүлгийн даргаар Д.Ганхуяг, 2010-2012 оны УИХ-д Монгол-Японы парламентын бүлгийн даргаар Су.Батболд нар ажиллаж байв.

2012-2016 оны Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, дэд даргаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Су.Батболд, Л.Болд, Д.Ганбат, Ц.Даваасүрэн нар ажилладаг бөгөөд нийт 55 гишүүнтэй хамгийн том бүлэг юм.

УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэс

Categories
мэдээ улс-төр

Тэтгэврийн зээлийн хүүг бууруулахыг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ингэхдээ хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын нэр бүхий гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад тэтгэврийн зээлийн хүүг бууруулах санал олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй уналаа. Уг саналыг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гаргасан байлаа.

Тэтгэврийн зээлийн хүүг бууруулсан нөхцөлд өнөөдрийн тэтгэвэр авагч иргэдийн тоо 2-3 дахин автоматаар өсөх эрсдэлтэй. Түүнийг дагаад Нийгмийн даатгалын сан дампуурч унах эрсдэлтэй. Энэ тохиолдолд Нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр төлж байгаа 1 сая иргэний асуудал хамгаалалтгүй болж, хохирох эрсдэл бий болно. Нөгөөтэйгүүр, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ашиглах эрх зүйн орчин байхгүй С.Эрдэнэ сайд эсэргүүцсэн саналаа хэлж байв. Эл асуудлаас болж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, сайд С.Эрдэнэ нар нэлээд хугацаанд маргалдаж, энэ завсар бусад саналаар гишүүдээр санал хураалгах гэсэн ч ирц тааруу байсан нь санал унахад нөлөөлж, арга буюу чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр “Урт” нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч ирц тааруугаас чуулган завсарлаж, маргааш хэлэлцэгдэх болж хойшлогдлоо. УИХ-ын намрын чуулганыг маргааш өндөрлүүлнэ.

Categories
мэдээ улс-төр

Монгол-Европын парламент хоорондын зөвлөлдөх уулзалт болж байна

Монгол Улсын Их Хурал-Европын Парламент хоорондын 10 дугаар зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2015.02.17/ Төрийн ордны “Б” танхимд болж байна.

Зөвлөлдөх уулзалтыг нээж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Европын Парламенттай харилцах бүлгийн дарга Б.Болор, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дэд дарга Габриэлюс Ландсбергис нар үг хэллээ.

Монгол Улс 2008 онд АСЕМ-ын гишүүн болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид 2008, 2010, 2012, 2014 онд болсон АСЕМ-ын дээд түвшний уулзалтуудад оролцсон байдаг. Улсын Их Хурал, Европын Парламентын төлөөлөгчид хоёр 2 жил тутам зөвлөлдөх уулзалт зохион байгуулдаг юм байна.

Монгол Улс нь Европын Холбоог гадаад бодлогын үзэл баримтлалдаа “гуравдагч хөрш” хэмээн тунхагласаны дагуу гишүүн орнуудтай нь харилцаа, хамтын ажиллагаагаа боломжтой бүхий л салбарт эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа бөгөөд АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтыг 2016 онд зохион байгуулах орноор Монгол Улс сонгогдоод байгаа билээ.

Энэ удаагийн уулзалтаар Монгол-Европын парламентын төлөөлөгчид Парламент хоорондын харилцаа, цаашдын хөгжлийн төлөв, төлөвлөгдсөн арга хэмжээнүүд, Монгол Улс 2016 онд АСЕМ-ийг зохион байгуулах, Монгол Улсын Их Хурал 2015 оны 9 дүгээр сард ЕАБХАБ-ын намрын хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулах тухай зэрэг асуудлаар санал солилцож байна.

Уулзалтад Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дэд дарга Габриэлюс Ландсбергис тэргүүтэй төлөөлөгчид болон УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Л.Болд, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга М.Батчимэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Литвагийн парламентын бүлгийн дарга С.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польш, Монгол-Болгарын парламентын бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь нар оролцож байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Гацууртын ордод төр 20 хувь эзэмшихийг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. УИХ-ын хурлын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүд байр сууриа илэрхийлж, хэлэлцсэн юм. Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад гишүүдийн олонхийн саналаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэнгүй. УИХ-ын дарга “Гацууртын ордод төрийн эзэмших 20 хувийг гишүүд дэмжихгүй байна. Тиймээс төсөлдөө өөрчлөлт оруулах хэрэгтэй” хэмээн уг тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаав.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэлийг сонсов

Хүний эрхийн дэд хороо өнөөдөр /2015.02.17/ хуралдаж Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэлийг сонслоо.

Илтгэлийг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж танилцуулсан юм. Энэ удаагийн илтгэлийг Комиссын хийсэн хяналт шалгалт, судалгаа, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт, иргэний нийгэм, бусад байгууллагуудын хийсэн судалгаа, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн болон Засгийн газрын байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэл, иргэдээс Комисст хандан гаргасан гомдлыг үндэслэн боловсруулсан байна. Комисс нь 2013 онд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 669 гомдол хүлээн авч, хүний эрхийн зөрчлийг арилгуулахаар гомдлын дагуу 21, хяналт шалгалтын мөрөөр 18 шаардлага, зөвлөмжийг аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлж, хяналт тавин ажиллажээ.

Илтгэлд нийгэмд тулгамдаж буй хүний эрхийн асуудлуудыг авч үзсэн байна. Үүнд хөдөлмөрлөх эрхийн асуудал, тухайлбал барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл, аюулгүй орчин болон хорих анги, цэргийн анги дахь албадан хөдөлмөрийн нөхцөл байдлыг Комиссын хяналт шалгалтын дүнг үндэслэн боловсруулсан байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй, хүчирхийлэл үйлдэгчдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо сул зэрэг хүчин зүйлээс шалтгаалж, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг, маргаан их гарч байгаатай холбогдуулан цаашид авах арга хэмжээг тодорхойлжээ. Түүнчлэн Олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжоор эрүү шүүлтээс ангид байх эрхийг баталгаажуулж, эрүү шүүлт тулгах гэмт хэргийг зүйлчлэн хуульчилсан боловч эрх чөлөөгөө хязгаарлуулсан, хуулиар болон тодорхой нөхцлийн улмаас бусдын эрхшээлд байгаа хүмүүстэй хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцсан тохиолдол цөөнгүй гарсаар байна. Иймд төрөөс эрүү шүүлт ба зүй бус харьцааг таслан зогсоох болон урьдчилан сэргийлэх шууд ба шууд бус арга хэмжээг авч хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгаа учир илтгэлд Монгол Улс дахь эрүү шүүлтийн нөхцөл байдлыг авч үзсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин, Л.Болд нар илтгэлтэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн зүгээс гэр бүлийн хүчирхийлэл, эрүү шүүлттэй холбоотой хоёр гол асуудал илтгэлд тусгагдсаныг дурдаж, хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг тус Комиссын төсөв бага байгаад төрөөс анхаарал хандуулах шаардлагатайг хэлж байсан юм.

Мөн эрүү шүүлттэй холбоотой асуудлаар Комиссын гишүүн П.Оюунчимэг тодотгож тайлбар өглөө. Дэд хорооны хурлаар Хүний эрхийн үндэсний комиссын 13 дугаар илтгэлийг холбогдох байнгын хорооны хурлаар хэлэлцэж, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Цатгалан хүн өлссөн хүний зовлонг мэддэггүй

Ноён уулын орд газрыг стратегийн орд болгож буйг эсэргүүцсэн иргэний хөдөлгөөний зарим гишүүд өнгөрсөн пүрэв гаригаас хойш нойтон өлсгөлөн зарлаад байгаа. Тэд 160 гаруй цаг өлсгөлөн зарлаж байна. Энэ асуудлын хүрээнд УИХ-ын зарим гишүүд Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төсөл санаачилжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Арвин, Л.Болд, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Оюунгэрэл нар хуулийн төсөл боловсруулсан бөгөөд санал авахаар Засгийн газарт өнөөдөр хүргүүлэв.
Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхан С.Ганбаатар, Х.Болорчулуун нар Төрийн ордонд мэдээлэл хийв. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Улс гүрнүүд төр улсынхаа түүхтэй холбоотой түүхэн дурсгал, эд өлгийн зүйлүүд, хөшөө дурсгалд маш болгоомжтой ханддаг. Өнөөдөр өвгөд дээдсийн бунхан, түүн дээр босгосон хөшөө дурсгал бидний үеийг хүртэл хадгалагдаад ирж. Хаад ноёд, алтан ургийн язгууртнуудтай холбоотой хөшөө дурсгалууд ихэвчлэн байгаа. Бид байгаа юмаа хамгаалах ёстой. Ноён уулыг хамгаалахын төлөө хатуу зогсоно” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Мандал сумын иргэн 61 настай ээж хүн өлсгөлөн зарлаад 160 гаруй цаг боллоо. Хоёр хоногийн өмнөөс хөл нь дулаацахаа больсон гэж байна. Төрийн гурван өндөрлөгөө өлсгөлөн зарлаж байгаа хүмүүсийг анхаараачээ. Цагаан сар чинь угтаа сайн сайхныг угтан билэгдсэн, элбэг дэлбэг байхыг бэлгэдсэн баяр шүү дээ. Гэтэл долоон хүн өлсгөлөн зарлаж байна. Нэг нь эх хүн байна. Та бүгд энэ өлсгөлөнг зогсооход анхаарал хандуулаад өгөөч. Цатгалан хүн өлссөн хүний зовлонг мэддэггүй гэдэг үнэн юм байна” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Шүүгчийн цалин хөлсний асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /хоёрдугаар сарын 17/ хуралдаанаар Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэсний дараа Шүүгчийн албан тушаалын цалин хангамж болон холбогдох бусад асуудлын талаар авах зарим хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэх ёстой байлаа.

Уг төсөл дэх “Бүх шатны шүүхийн шүүгчийн үндсэн цалинг тогтоохдоо шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлыг бүрэн утгаар нь бүрдүүлэх, шүүхийн хүний нөөцийн бодлогыг дэмжих, шүүгчийн хараат бус байдалд хөндлөнгийн этгээдийн нөлөөллийг бий болгохоос урьдчилан сэргийлэх зорилгоор бусад орнуудын үндэсний дундаж цалинг 2-7 дахин нэмэгдүүлж олгодог туршлагыг өөрийн орны улсын төсвийн өнөөгийн бодит байдалтай нийцүүлэн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13,8-15,8 дахин нэмэгдүүлэхээр тусгана” гэсэн заалттай холбогдуулан Байнгын хорооны гишүүн Х.Тэмүүжин саналаа илэрхийлэхдээ:

-Цалингийн хэмжээг ингэж хөдөлгөөнтэй байдлаар бичих хэрэг байна уу? Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг төр биш, гурван тал хэлэлцэж байгаад үе үе шинэчлэн тогтоодог. Шүүгчийн цалин хөлсөнд огт хамаагүйгээр жил бүр хөдөлгөөн гарна, энэ нь төсвийн бодлогод ч нөлөөтэй гэсэн үг. Тиймээс төрд огт хамаагүй, том эрсдэлтэй, тогтвортой бус зүйлтэй шүүгчийн цалинг уялдуулах хэрэггүй. Төрийн нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүний цалинтай уялдуулах нь илүү зохистой, тогтвортой байх гэсэн бол Ц.Оюунгэрэл гишүүн:

-Шүүгчийн одоогийн авч байгаа цалин хөлсийг суурь цалин гээд үүн дээр нь нэмэх асуудлыг ярьж болох юм. Харин УИХ-ын гишүүн, Төрийн нарийн бичгийн даргын цалинтай харьцуулбал улс төрийн асуудал гарч ирнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэхээр салбар болгоны Үйлдвэрчний эвлэл оролцох болно, салбар болгон асуудалтай болохоор тус тусад нь салгаж хэлэлцээр хийдэг зүйлийг суурь болгон оруулах нь ярвигтай, төсөв батлахад ч хүндрэлтэй гэлээ. Тэрбээр бас “Шинэ хууль гарснаас хойш шүүгч нар нөлөөллийн мэдүүлэг бөглөж өгдөг болсон, тэгэхээр ямар боловч нөлөөлөл байна гэсэн үг. Энэ хугацаанд хэдэн шүүгч ийм мэдүүлэг бөглөж өгсөн, шүүгчид шударга байгааг илтгэх тоо баримт байна уу?” гэж төсөл боловсруулсан ажлын хэсгийнхнээс асуусан юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн хариулснаар бол 10 гаруй шүүгчээс ийм мэдүүлэг өгсөн, өмгөөлөгч, хэргийн оролцогч гэх мэтийн хүмүүс шүүгчид нөлөөлөхийг оролдож байсан, заримд нь арга хэмжээ авсан, заримыг нь шалгах шатандаа явж байгаа аж.

Шүүгчийн цалин хөлсний асуудалтай холбоотойгоор Байнгын хорооны гишүүд олон янзын байр суурь илэрхийлсний дотор Ж.Батзандан гишүүн шүүгчийн цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах нь муу хувилбар биш гэсэн бодолтой байсан бол Ц.Нямдорж гишүүн “Шүүгчийн цалин хөлсийг өнөөгийн түвшнээс нь буулгахгүй гэцгээж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор баталсан хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрч болохгүй. Монголд ганцхан шүүгч нар байгаа бус, төрийн бусад албан хаагчдыг ялгаварлан гадуурхаж болохгүй. Цалинг нь нэмсээр байхад шуналтай нэг хэсэг нь авдгаа авсаар л байх болно. Би үүнийг шүүхэд дургүйдээ хэлж байгаа бус цалингийн хэмжээг тогтоох арга замд нь дургүйцэж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж болохгүй, УИХ-ын 54-р тогтоолын хүрээнд асуудлыг шийдвэрлэх ёстой. “Монголд зөвхөн шүүгч нар шударга ажилла” гэж хэлж байгаа мэт логик гарч байна. УИХ-ын тогтоол хүчинтэй байгааг мэдсээр байж Шүүхийн ерөнхий зөвлөл ингэж дураар авирлаж байгаа бол хууль бусаар нэмсэн цалинг нь шүүгчдээс эргүүлэн суутгаж ч болно” гэж хэлсэн юм.

Гишүүд энэ асуудлыг нэлээд удаан хэлэлцсэний эцэст бүх шатны шүүхийн шүүгчийн цалинг УИХ-аас хуулиар тогтооно, тэгэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй бус төрийн өндөр албан тушаалтнуудын цалин хөлстэй харьцуулан тогтооно, тодорхой хэмжээний нэмэгдэл байж болох бөгөөд шүүгчдийн эрх зүйн байдлыг одоо байгаагаас нь дордуулахгүйгээр шийдвэрлэе гэсэн зарчмын хэд хэдэн байр суурин дээр санал нэгдэж, уг асуудлыг хаврын чуулганаар нухацтай хэлэлцэн шийдвэрлэхээр тогтлоо.

Хууль зүйн байнгын хорооны энэ удаагийн хуралдааны төгсгөлд Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 02-р дүгнэлтийг хэлэлцэх ёстой байсан боловчХөрөнгө оруулалтын тухай хууль, Онц байдлын тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Хүний хөгжил сангийн тухай хууль гэх мэт 6 чухал хуульд хамаатай энэхүү асуудлыгнамын бүлгүүдээр сайтар хэлэлцүүлсний дараа Байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр МАН-ын бүлгээс 5 хүртэл хоногийн хугацаатай завсарлага авлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.02.17/ УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив.

1992 онд БНМАУ-ын Ардын Их Хурлаар шинэ Үндсэн хууль баталж, бүх нийтээр дагаж мөрдөөд даруй 22 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд уг хуулийн нийт 7 зүйл, заалтад нэмэлт өөрчлөлт оруулсан нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үндсэн хуулийн 29.1 заалтад орсон “Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн өөрчлөлт нь төрийн хяналт, хариуцлагыг сулруулж, хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал хоорондын зааг, ялгаа, зарчмыг алдагдуулахад хүрсэн гэх шүүмжлэл дагуулах болсон.

Энэхүү заалтыг дагаж мөрдсөнөөр улс орны өмнө тулгарч буй төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналтын тогтолцоо алдагдсан өнөөгийн байдлыг бүрэн засаж чадахгүй нь тодорхой байгаа тул Үндсэн хуулийн анхны суурь үзэл баримтлалыг сэргээх зорилгоор энэхүү төслийг боловсрууллаа гэж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн танилцуулав хэмээн Улсын Их Хурлын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллэв.