Өнөөдөр зарим улстөрчид тойргийнхоо ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн золгох юм байна. Эдгээрийн тодроос УИХ-ын гишүүн Лу.Болд, Ц.Оюунгэрэл нар Хан-Уул дүүргийнхээ тус бүр хоёр ахмадуудад очиж хүндэтгэл үзүүлэн золгосон юм. Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон гишүүд ч тойрогтоо байгаа 100-аас дээш настай ахмадуудад очиж золгожээ.
Category: улс-төр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн урилгаар АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны профессор бөгөөд Стэнфордын Зөвлөлдөх ардчиллын төвийн захирал Жэймс С.Фишкин Улаанбаатар хотод зочлох гэж байна. Тэрээр АНУ-ын Елийн Их сургуулийн Улс төрийн Шинжлэх ухааны, ИБУИНВУ-ын Кэмбриджийн Их сургуулийн Философийн доктор зэрэгтэй профессор юм. Ардчилал болон Нийтийн төлөөлөл, Шударга ёсын хэлэлцүүлэг, Иргэдийн дуу хоолой зэрэг номуудыг туурвиж, Deliberative Polling буюу Зөвлөлдөх ардчилал /Нийтийн төлөөлөллийн/ санал хураалтыг санаачлан, АНУ, ИБУИНВУ, Австрали, Дани, Болгар, БНХАУ, Грек зэрэг орнуудад нийтийн төлөөллийн санал хураалтыг 40 гаруй удаа амжилттай зохион байгуулжээ.
Жэймс С.Фишкин нь 2015 оны 02 дугаар сарын 22-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллах бөгөөд энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нартай уулзах юм. Нийслэл, дүүргийн удирдлагууд, МУ-ын Засгийн газар, Олон Улсын байгууллагуудын төлөөлөгч нарт “Зөвлөлдөх ардчилал” сэдвээр лекц уншиж, нийслэлийн түвшинд иргэдийн оролцоог хангах чиглэлээр хийгдсэн ажлын талаар харилцан санал солилцоно. Мөн төр, захиргааны анхан шатны нэгж болох хорооны үйл ажиллагаатай танилцаж, хэвлэл мэдээллийн байгууллагынхантай уулзахаар төлөвлөжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх,тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг Улсын онцгой комиссын гишүүн, БОНХАЖ-ын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймгийн онцгой комиссын дарга нар, Батлан хамгаалахын сайд, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Улсын онцгой комиссын дэд дарга, ОБЕГ-ын даргад тус тус албан даалгавар хүргүүлсэн байна.
Манай улсын хэмжээнд 2014 онд 18 аймгийн 101 суманд 281 удаагийн ой, хээрийн түймэр гарч 18.275 га ой, 3.0 сая га хээр, нийт 3.1 сая га талбай шатсан байна. Түймрийн улмаас 3 хүн нас барж, 12 хүн түлэгдэж 54 айлын гэр, байшин, 25 өвөлжөө, хашаа, 7538 толгой мал, 7 автомашин шатаж, ард иргэд, аж ахуйн нэгжийн өмч хөрөнгөнд 635.9 сая төгрөг, байгаль, экологид 10.1 тэрбум төгрөг буюу нийт 11.1 тэрбум төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 175.2 сая төгрөгийн зардал гарчээ.
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхээр хуурайшилтын улиралд хариуцсан яам, агентлагууд ой, хээриийн түймрээс урьдчилан сэргийлэх, хяналт, шалгалт, сэрэмжлүүлэг, ухуулга сурталчилгааны ажлыг хангалтгүй явуулж байгаагийн улмаас ой, хээрийн түймрийн гаралт, давтамж, нэмэгдэж улмаар хүний амь нас эрсдэх, байгаль, экологи болон иргэдийн өмч хөрөнгөнд учрах хохирлын хэмжээ өссөөр байгааг Шадар сайд албан даалгаварт анхааруулсан байна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас Монгол орны нийт бүс нутгаар 2014-2015 оны өвлийн улиралд хур тундас харьцангуй багатай, мөн 2015 оны 1, 2 дугаар улиралд олон жилийн дунджаас хур тундас бага, хуурайшилт идэвхитэй явагдах цаг агаарын урьдчилсан мэдээ гарсантай холбогдуулан 2015 онд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх, ажлын чанар үр дүнг дээшлүүлэх зорилгоор өөрсдийн эрхлэх чиглэлийнх нь дагуу онцгой комиссын гишүүдэд албан даалгаврыг хүргүүлжээ.
Билгийн тооллын XYII жарны хөхөгчин модон хонин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөөний 08.00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Төрийн ордны өмнөх Эзэн Чингис хааны хөшөө, Монгол түмний сүлд хийморийн бэлгэдэл болсон Төрийн есөн хөлт цагаан туганд дараалан хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч үүний дараа Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүрэлцэн ирэхэд УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар алд цэнхэр хадаг дэлгэн амар мэндийг нь эрэн золгож, хөөрөг зөрүүлэн мэнд мэдэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нар айлсан ирж байгаа хонин жилийн өнгийг хэлэлцэж, хүн зон амгалан тайван, Монгол Улсын иргэд гурван саяулаа болж, мал сүрэг өсөн үржиж, арвин их үр тариа хурааж, улсын хэмжээнд өнтэй сайхан өвөлжиж, налгар сайхан хавартай золгож байгаа талаар яриа хөөрөө дэлгэлээ.
Төрийн золголтын дараа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж төрийн хан хуурын хөг эгшгийг тааруулж,Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөний жаврыг үргээн төр, түмэндээ өргөх магтаалыг хайлав. Хан хуурын эгшиг дор аялгуулан хэлсэн магтаалдаа:
“Хан хуураа цэнгүүлэн баясуулъя.
Хайрт эх орон, эрхт түмэндээ дуурсгая.
Зэ хө, төгөлдөр Монгол орныхоо
Төрийн магтаалыг уянгалуулан айлтгая.
Эх орон тусгаар тогтнолоо
Эрхэм төрөө, тамга, сүлдээ
Алтан соёмбот далбаагаа
Агуу жавхлант төрийн сүлдээ
Эцэг тэнгэр, эх газартаа
Эзэн их Чингис хаандаа
Есөн цагаан тугандаа
Сүслэн дээдэлж даатгая.
Ашид мөнхийн Нууц товчоогоо
Аялгуу эгшигт хан хуураа
Хайрлан сахидаг Үндсэн хуулиа
Хар сүлд, Төрийн ордноо
Эцэг тэнгэр, эх газартаа
Эзэн их Чингис хаандаа
Есөн цагаан тугандаа
Сүслэн дээдэлж даатгая.
Ханат Монгол, хагаан Чингисээ биширтүгэй.
Өрхт Монгол өрнөн дэвжсээр хөгжтүгэй.
Эзэн түмэн эв эетэй амгалан байтугай.
Эрэлхэг Монгол мөнх тэнгэрийн хүчин дор мандан бадартугай” хэмээн ерөөж уухайлахад Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэр ерөөл бат сайхан орших болтугай” хэмээн УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын хамт даган уухайлж хурайлав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн хан хуурын хөг эгшиг сайхан зохирч, сайхан дуугарч байгаад бэлгэшээж байна гэлээ.
Үүний дараа Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавьж Д.Чойжамц, Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав нар Төрийн хүндэтгэлийн өргөө гэрт морилон ирж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт бараалхан золгож, хонин жилийн өнгийг хэлэлцэв. Хамба нар ирж буй хөхөгчин модон хонин жилд монголчууд хийморь сүлд өөдөө, хөгжин бадрахын нигууртайг айлтгав. Хүн зон амгалан, өвөл өнтэй, номын буян их хурж байгааг тэд айлтгаж байлаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2015.02.18/ нэгдсэн хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийгүргэлжлүүлэв. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн болон дэмжлэг аваагүй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Үүний дараа Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцуулсан юм.
Сонгуулийн ерөнхий хорооны 9 гишүүний гурвынх нь бүрэн эрхийн хугацаа дуусч, нэг гишүүн нас барсан тул нөхөн томилох болсон бөгөөд тэдний нэгийг нь Ерөнхийлөгчөөс, гурвыг нь Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгож нэр дэвшүүлдэг байна.
Байнгын хорооноос Ч.Содномцэрэн, Р.Содхүү, Ц.Болдсайхан нарыг тус хорооны гишүүнд нэр дэвшүүлэх санал гаргасан бөгөөд нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь нэр дэвшигчдийг тус хорооны гишүүнээр томилохыг дэмжсэн хэмээн А.Бакей гишүүн танилцуулсан. Мөн Б.Алтанжаргалыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөхийг байнгын хороо дэмжсэн ажээ. Нэгдсэн хуралдаанаар байнгын хороогоор дэмжигдсэн дээрх гурван нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Ч.Содномцэрэн, Р.Содхүү, Ц.Болдсайхан нар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогдлоо. Түүнчлэн Б.Алтанжаргалыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөллөө.
Нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байлаа. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Ц.Нямдорж нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа Төсвийн байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Мөн өдрийн хуралдаанаар “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй учир анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гарсан бөгөөд энэ санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсан хэмээн УИХ-ын гишүүн Д.Зоригт танилцуулсан. Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах байнгын хорооны саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоол батлагдлаа.
Дараа нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Г.Уянга, Х.Болорчулуун, Ц.Оюунбаатар, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Дараагийн асуудал нь “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай байлаа. Хууль санаачлагчийн илтгэлийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат тавьсан юм.
Манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтэц нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан, хялбар технологи дээр суурилсан өрөөсгөл бүтэцтэй байгаа бөгөөд экспортод гаргасан бараа бүтээгдэхүүний 81,9 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Түүнчлэн экспортын бүтээгдэхүүний 97 хувийг технологийн багтаамжгүй болон нам технологит бүтээгдэхүүн эзэлж байгаа нь манай улсын аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадвар сул байгааг харуулж байгаа аж.
Аж үйлдвэрийн салбарын талаар бодлого, хөтөлбөрүүд УИХ, Засгийн газрын тогтоолоор удаа дараа батлагдсан боловч хэрэгжилт хангалтгүй, хэрэгжүүлэх механизм тодорхой бус, олон салбарт бодлогын асуудал хуваагдаж нэгдсэн бодлого, удирдлага зохион байгуулалтгүй байсан нь салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа юм байна.
Иймд Аж үйлдвэрийн сайдын тушаалаар “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан энэхүү баримт бичгийн төслийг боловсруулсан байна.
Бодлогын баримт бичгийн төсөлд мэргэжлийн холбоод, бизнес эрхлэгчид, салбарын эрдэмтэн, судлаачид болон яамдын саналыг тусгажээ.
Бодлогын зорилго нь аж үйлдвэрийн салбарыг дэвшилтэт техник, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд оршиж байгаа хэмээн сайд танилцуулсан юм.
Бодлогыг хэрэгжүүлснээр боловсруулах аж үйлдвэрийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин нэмэгдэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дотоодын хэрэгцээгээ хангаж, дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн экспортлогч орон болно гэж тооцож буй аж. Түүнчлэн судалгаа хөгжлийн боловсруулалтын ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрлэл, технологийн парк, үйлдвэрийн кластер, логистикийн сүлжээг хөгжүүлнэ хэмээн сайд онцолсон.
Эдийн засгийн байнгын хороо тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг уншиж сонсгосон.
Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолын төслийг хэлэлцэхээр болж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.18/ хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг буцааж эзэмших хүсэлт гаргасан 3375 иргэний өргөдлийн талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоол батлах тухай асуудлыг хэлэлцлээ.
Төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү танилцуулав.
Танилцуулгад дурдагдсанаар, Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд “Хувьцаа эзэмшигч, Хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” ТББ-аас “Засгийн газарт хувьцаагаа буцаан худалдах буюу нэг сая төгрөг бэлнээр авах хүсэлтээ гаргасан боловч мөнгө нь олгогдоогүй иргэд 1072 хувьцаагаа буцааж үнэт цаасны дансандаа байршуулахыг хүссэн” тухай өргөдлийг ирүүлсэн. Энэ тухай өргөдлийг тус төрийн бус байгууллагаар дамжуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д өгсөөр байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 5800-д хүрсэн ч шийдвэрлэгдээгүй байна.
Уг асуудлыг судалснаар, Засгийн газрын 2012 оны №201 тоот тогтоолоор батлагдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах, иргэдэд хувьцаа эзэмшүүлэх, иргэдийн хувьцааг Засгийн газар худалдан авах үйл ажиллагааг зохицуулах журам”-д өөрчлөлт оруулах, хувьцаагаа нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлтэй гаргасан боловч мөнгөө аваагүй 1 120 285 иргэний хувьцааг буцаан олгож, дансанд байршуулах асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр байгаа бөгөөд эдгээр иргэдээс 3 375 иргэн Төрийн бус байгууллагаар дамжуулан Байнгын хороонд өргөдөл гаргажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг, Ж.Батзандан, М.Энхболд, С.Бямбацогт нар асуулт асууж хариулт авлаа. Ингээд Улсын Их Хурлын гишүүдийн саналыг тусгасан Засгийн газарт чиглэл өгөх тухай байнгын хорооны тогтоол батлах санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжив.
Байнгын хорооны тогтоолоор, Монгол Улсын иргэн бүрд олгосон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлт гаргасан боловч төлбөр төлөгдөөгүй иргэдийн хувьцааг буцаан эзэмшүүлэх арга хэмжээ авах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, хувьцааны эдийн засгийн үр өгөөжийг хүртэх боломжийг бүрдүүлсэн зохицуулалтыг Тавантолгой ордын хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ, хэлэлцээрт тусгайлсан бүлэг болгон тусгаж, тогтоолын биелэлтийг 2015 оны хаврын чуулганы хугацаанд багтаан зохион байгуулж, тус Байнгын хороонд танилцуулахыг Засгийн газарт даалгалаа.
Мөн хуралдаанаар Нэгдсэн чуулганы завсарлагааны хугацаанд тус Байнгын хорооны хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.18/ хуралдаан 14 цаг 05 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, “Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл”-ийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Уг асуудлыг тус байнгын хороо энэ сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд мөн өдрөө чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн гишүүдийн саналыг авсан юм.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийх үеэр Төсвийн байнгын хороо төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь Л.Эрдэнэчимэг гишүүнийг ажиллуулсан бөгөөд ажлын хэсгээс Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн санал, ажлын хэсгийн саналыг тус тус тусгаж, зарчмын зөрүүтэй 30 гаруй саналын томьёолол бэлтгэсэн байна.
Энэ удаагийн хуралдаанаар уг ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг санал тус бүрээр санал хурааж, байнгын хороо анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
УИХ-ын гишүүн О.Содбилэг Монголын ард түмний баялаг болох Оюутолгойн төрийн эзэмшлийн 34 хувийг бусдын мэдэлд шилжүүлэх хэлцлийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хийсэн тухай мэдээлэл гадаадын хэвлэлээр гарсантай холбогдуулан түүнд асуулга тавьж, мэдээлэл хийлээ. Тэрээр Оюутолгой ордтой аливаа худалдах болон шилжүүлэх үйлдэл, үйл ажиллагаа явуулж хууль зөрчихгүй байхыг Ерөнхий сайдад анхааруулан, аливаа аман болон бусад байдлаар хэлэлцэх хийх, гэрээ байгуулахаа зогсоохыг шаардлаа.
2015 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн “Ройтерс” мэдээллийн агентлагийн албан ёсны мэдээ, хоёрдугаар сарын 6, 14-ний өдрийн Австрали Улсын үндэсний хэмжээний “The Australian” сонинд “Рио Тинто” группын гүйцэтгэх захирал Сэм Уолш Оюутолгойн Монголын талын эзэмшил 34 хувийг Монгол Улсын Ерөнхий сайд санал болгосон гэх мэдэгдэл албан ёсоор гарчээ. Уг мэдэгдэл “Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн “Рио Тинто”-д санал болгосон Оюутолгойн Монголын эзэмшил 34 хувийг тэд авах сонирхолгүй бөгөөд төсөлд хувь эзэмших өөр хэн нэгэн этгээд гарч ирвэл тэр этгээд сонирхог” гэсэн агуулгатай байжээ.
Монгол Улсын Үндсэн хуульд “…байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” хэмээн заасан байтал Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын тогтоол, шийдвэрүүдийг зөрчин, УИХ-д үл мэдэгдэн эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэж байгаа тул УИХ-ын гишүүн О.Содбилэг Ерөнхий сайдад асуулга тавьжээ. Энэхүү асуулгад:
Нэгдүгээрт, Ерөнхий сайд Та УИХ-аас гаргасан тогтоол шийдвэрүүдийг зөрчиж дур мэдэн Оюутолгойн Монголын талын эзэмшлийн 34 хувийг санал болгосон гэх хэлцлийг “Рио Тинто” группын гүйцэтгэх захиралтай хийсэн бол хууль, эрх зүйн үндэслэлээ тайлбарлана уу?
Хоёрдугаарт, Таны дээрх үйлдэл Үндсэн хуулийг зөрчин Оюутолгойн төрийн эзэмшлийн 34 хувийг бусдад шилжүүлэхээр завдсан гэж ойлгогдож байна. Иймд дээрх асуудлыг тодорхой болтол “Рио Тинто” групптэй болон Оюутолгой төслийн Монголын эзэмшлийн хувийг худалдах болон шилжүүлэх үйлдэл, үйл ажиллагаа явуулж хууль зөрчихгүй байхыг Танд анхааруулж, аливаа нэгэн аман болон бусад байдлаар хэлцэл хийх, гэрээ байгуулахаа зогсоохыг шаардаж байна гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж Магванноровын Энх-Амгаланг Улсын ерөнхий прокуророор томилов.
УИХ-ын чуулганы 2 дугаар сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар М.Энх-Амгаланг Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөхөөр томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэн, гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн билээ.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2015.02.18/ хуралдаан 10 цаг 40 минутад 68.4 хувийн ирцтэй эхэлж, УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн гишүүнийг огцруулах тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.
Уг асуудлыг тус байнгын хорооны энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх үед УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан тус намын бүлэгт иргэдээс олон захидал, санал ирсэн тул асуудлыг судлан үзэж нэмж тодруулах шаардлагын үүднээс эвслийн бүлэг 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг ёсоор болгосон юм.
УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нарын нэр бүхий таван гишүүнээс Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогтыг огцруулах тухай асуудлыг өргөн мэдүүлсэн юм. Нэр бүхий гишүүд Засгийн газрын гишүүнийг огцруулах үндэслэлдээ, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тодотгол хийх үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын гарын үсэг бүхий “Эрдэнэс Оюутолгой” ТӨК-д хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын “Painter Law Film” нэртэй, гэр бүлийн хоёрхон гишүүнтэй компанитай 17 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилтийг 2015 оны төсөвт тусгуулсан бөгөөд урьдчилгаа төлбөр 455 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Энэхүү үйлдэл нь нь татвар төлөгчийн хөрөнгө, төсвийн хөрөнгийг шамшигдуулан зориулалтын бус зүйлд хууль бусаар зарцуулах үндэслэл болсон гэж үзэж буйгаа дурдсан байна.
Тус эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг завсарлага дууссаныг мэдэгдээд уг асуудалтай холбогдуулан зарим зүйлийг нягталж тодруулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр тодорхой байгууллагаас мэдээлэл тодруулга авсан гэдгээ хэлсэн юм. Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Энхболд, Ц.Нямдорж, Х.Болорчулуун, О.Содбилэг, Г.Уянга, Н.Батцэрэг нар Засгийн газрын гишүүн С.Баярцогт болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав.
Гишүүдийн асуултад Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон ажлын хэсгийн гишүүн, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, төрийн өмчит “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Да.Ганболд нар хариулт өгсөн юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ үеэр хэлэхдээ, Оюутолгой зэрэг томоохон төслийн талаарх гэрээ хэлэлцээрт мэргэжлийн хүмүүсийн туслалцаа, зөвлөх үйлчилгээ аваагүйгээс манайханд алдах тал байна. Тиймээс зарим томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр 10 сая хүртэл долларын зөвлөх үйлчилгээ авах эрхийг өмнөх Засгийн газрын үед нээж өгсөн юм. Улс орны эрх ашгийн үүднээс мэргэжлийн ийм туслалцаа үйлчилгээ авах зайлшгүй шаардлага байгаа гэдгийг хэлж байв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, О.Баасанхүү, Х.Болорчулуун, М.Энхболд, Г.Уянга, О.Содбилэг, С.Дэмбэрэл, Л.Цог, Ч.Сайханбилэг нар үг хэлсний дараа Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 11 нь буюу 84.6 хувь нь татгалзсан санал өгөв.
Дараа нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Энэ асуудлыг байнгын хорооны энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх үеэр ажлын 5 өдрийн завсарлага авсан УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлагын хугацаа дуусчээ.
Одоогоор Сонгуулийн ерөнхий хорооны 9 гишүүний гурвынх нь бүрэн эрхийн хугацаа дуусч, нэг гишүүн нас барсан тул нөхөн томилох болоод байгаа аж. Тэдний нэгийг нь Ерөнхийлөгчөөс, гурвыг нь Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгож нэр дэвшүүлэх юм байна.
Байнгын хорооны өмнөх хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд тус байнгын хорооноос нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, Ч.Содномцэрэн, Р.Содхүү, Ц.Болдсайхан нарыг тус хорооны гишүүнд нэр дэвшүүлэх санал гаргаад байсан юм. Нэр дэвшигч Ч.Содномцэрэн нь Сонгуулийн ерөнхий даргаар ажиллаж байгаа бол Р.Содхүү урьд нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан агаад одоо Үндэсний статистикийн хорооны дэд даргаар ажиллаж байгаа аж. Харин нэр дэвшигч Ц.Болдсайхан нь нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд одоо УИХ-ын Тамгын газарт зөвлөхөөр ажиллаж байгаа юм.
Ингээд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь нэр дэвшигчдийг тус хорооны гишүүнээр томилохыг дэмжив. Мөн Б.Алтанжаргалыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөхийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.