Categories
мэдээ улс-төр

Зөвлөлдөх ардчилал сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн урилгаар Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байгаа АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны профессор, Стэнфордын Зөвлөлдөх Ардчилал Төвийн захирал Жэймс С.Фишкин өнөөдөр “Зөвлөлдөх ардчилал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгт оролцож илтгэл тавилаа.

Зөвлөлдөх ардчиллын үнэ цэнэ нь аливаа бодлогод олон нийтийн санаа бодол тусч, зөв шийдэл гардагт оршдог. Нөгөө талдаа иргэдийг зөв мэдээлэл, мэдлэгээр цэнэглэхэд зөвлөлдөх ардчиллын үнэ цэнэ оршдог байна.

Ийм үр дүнтэй аргыг хэрэглэхийн тулд улс орнууд иргэдийнхээ дунд Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулдаг аж. Санал асуулгад санамсаргүй сонгон авсан иргэдийн төлөөллийг түлхүү оролцуулахад чиглэх ёстой. Үүний дараа санал асуулга явуулахаас өмнө тухайн оролцогчдод хэлэлцэгдэж байгаа асуудлаар тэнцвэртэй мэдээлэл өгдөг. Үүний дараа оролцогчдын саналыг асуулгын хуудсаар авснаар санал асуулгын үйл ажиллагаа дуусдаг аж. Улмаар үр дүнг нь нэгтгэн анализ хийж, хэвлэл мэдээллээр мэдээлдэг байна.

Ийм аргыг БНХАУ-ын Макаогийн тусгай бүс, Бразилын Рио Гранд до Сул муж, Италийн Лазио муж, Япон зэрэг хэд, хэдэн орон амжилттай хэрэгжүүлж бодлого боловсруулагчдад асуудлаа хүргэн шийдүүлж байжээ.

Тухайлбал, Япон улсад 2011 оны тавдугаар сард хэсэг иргэд тэтгэврийн тогтолцооны цаашдын асуудлаар зөвлөлдөх санал асуулгад оролцож, хэрэглээний татварыг нэмэгдүүлэхийг дэмжсэн байна. Энэ нь цаад талдаа тэтгэврийнхний эрх ашгийг хамгаалахад чиглэжээ. Үүнтэй холбоотойгоор 2012 оны зургадугаар сард Японы парламентын доод танхим хэрэглээний татварыг нэмэгдүүлэх хуулийг баталж, дээд танхимдаа өргөн мэдүүлсэн байна.

Мөн АНУ-ын Калифорни мужид улстөрийн хоёр нам хамтран шинжлэх ухааны 30 асуудлаар иргэдээс санал асуулга авчээ. Санал асуулгын дүнд хамгийн их дэмжлэг авсан зургаан асуудлыг төрийн байгууллагын ажлын гүйцэтгэл ба хариуцлагын тухай хуульд 2012 оны арваннэгдүгээр сард тусгаж байжээ.

Нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл энэхүү аргыг нийслэлд хэрэгжүүлнэ гэдгээ онцолсон юм. Энэ тухай тэрээр “Төр захиргааны үүрэг бол иргэддээ үйлчлэх. Дэлгүүр худалдан авагчийн эрэлтийг хангах бараа зарахгүй бол дампуурах аюултай. Тийм учраас дэлгүүрээ нээхийн өмнө маркетингийн судалгаа хийдэг. Хотын захиргаа ч бас иргэддээ үйлчлэхийн тулд ямар бараа гүйлгээтэй байх вэ гэдгийг мэдэж байх нь чухал. Өөрт нь үйлчилж чадахгүй байгаа төр захиргааны байгууллагад иргэд сэтгэл ханамжгүй байдаг. Түүнийг дагаад нийгмийн тогтворгүй байдал үүсч, ардчилал ч цохилтод орох аюултай. Өөрөөр хэлбэл, дэлгүүрийн эзэнд арга байна, төр захиргааныханд харин арга олдохгүй байна. Иргэдийнхээ санал бодлыг бодлогод тусгахын тулд янз бүрийн арга санаачилж байгаа ч алдаж онож буй юм их бий. Энэ аргыг хэрэгжүүлбэл татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай хөтөлбөрт зарцуулахад тустай болно. Хоёрдугаарт, иргэд мэдлэг, мэдээлэлгүйгэээсээ болж, популистад автаж байна.

Амь орж өгөхгүй байгаа төлөөллийн ардчиллыг амь оруулахад энэ арга нь сайн донор болно” гэсэн юм.

Дашрамд дурдахад, ноён Жэймс С.Фишкин нь Ардчилал болон Нийтийн төлөөлөл, Шударга ёсын хэлэлцүүлэг, Иргэдийн дуу хоолой зэрэг номуудыг туурвиж, Deliberative Polling буюу Зөвлөлдөх ардчилал /Нийтийн төлөөлөллийн/ санал хураалтыг үүсгэн байгуулсан. АНУ, ИБУИНВУ, Австрали, Дани, Болгар, БНХАУ, Грек зэрэг орнуудад нийтийн төлөөллийн санал хураалтыг 40 гаруй удаа амжилттай хэрэгжүүлсэн нэгэн юм байна.

Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд зохион байгуулж, нийслэлийн иргэдийн төлөөлөл мөн оролцлоо.

Тэд зөвлөлдөх санал асуулгатай холбоотой асуудлаар ноён Жэймс С.Фишкинээс сонирхсон асуултдаа хариулт авлаа.

Categories
мэдээ улс-төр

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн БНАСАУ-ын гадаад хэргийн сайд Ри Сү Ентэй албан ёсны хэлэцээ хийв

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Гадаад хэргийн сайд Ри Сү Ентэй хоёрдугаар сарын 23-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн урилгыг нь хүлээн авч Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад талархал илэрхийлээд энэхүү айлчлал нь хоёр улсын өндөр дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэсэн байна.

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Сү Ен Солонгос, Монголын ард түмэн хүнд хэцүү цагт тогтоосон түүхэн найрамдалт харилцаатайг дурдаад улс төрийн найрсаг харилцаандаа тулгуурлан эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, НҮБ, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний хүрээнд хоёр улс харилцан бие биенээ дэмжиж ажиллах, Гадаад хэргийн яамд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой буйгаа мэдэгдсэн байна.

Үүний хариуд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн БНАСАУ-тай бүхий л салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэхэд бэлэн байгаагаа дурдан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г БНАСАУ-ын талаас дэмжин төлөөлөгч оролцуулж ирсэнд талархал илэрхийлэн, Солонгосын хойгийн асуудлыг энхтайваны замаар шийдвэрлэхэд Монгол Улс бүхий л түвшинд дэмжлэг үзүүлэн ажиллах болно гэдгийг онцлон тэмдэглэсэн болно.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакитай уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.02.24-ний өдөр 11.00 цагт/ Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакитай уулзалт хийлээ.

Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки уулзалтын эхэнд “УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд Та манай улсад албан ёсны айлчлал хийж буйд талархал илэрхийлээд, чин сэтгэлийн халуун мэнд хүргэе. Манай хоёр улс түүхийн урт хугацаанд энх тайван, харилцан ойлголцлоор зэрэгцэн оршиж ирсэн түүхтэй. Хоёр орны харилцаа өндөр түвшинд хүрсэнд хоёр орны парламентын бүлэг их үүрэг гүйцэтгэж ирснийг онцлон тэмдэглэе. Монголын талаас өнөөдөр хүрэлцэн ирсэн Монгол-Японы найрамдлын бүлгийн дарга Д.Ганхуяг болон бүлгийн гишүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Миний бие мөн найрамдлын бүлэгт багтдаг бөгөөд өнөөдөр хүрсэн парламент хоорондын харилцааг идэвхтэй үргэлжлүүлэн хөгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Гуравдагч орнуудтай харилцах харилцаанд Монгол Улс ихээхэн анхаарч байгаад баяртай байна. 2020 онд Токиод олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг авсан. Олимпийн эрхийг авах энэхүү чухал үйл явдалд танай улсын зүгээс бидэнд дэмжлэг үзүүлсэнд талархлаа илэрхийлье. 2020 оны Токиогийн олимпийн наадамд Монголоос олон тамирчин, үзэгчид ирнэ гэдэгт итгэл төгс байна. Спортын их наадмаар дамжуулан хоёр орны харилцаа улам өргөжин хөгжөөсэй” гэсэн юм.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд, Монгол, Японы харилцааны хөгжилд Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим, түүний гишүүд, Зөвлөхүүдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн гишүүд идэвхтэй хувь нэмэр оруулж байна. Сүүлийн жилүүдэд Монгол, Японы улс төрийн харилцаанд итгэлцэл бэхжиж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Цаашид улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг Стратегийн түншлэлийн зарчмын дагуу улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байдгаа УИХ-ын дарга илэрхийлэв. Мөн хоёр орны Ерөнхий сайд нарын гарын үсэг зурсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/-ийг Монгол Улсын Их Хурал богино хугацаанд соёрхон баталлаа. Монгол Улс аж үйлдвэр, дэд бүтэц, эрдэс баялгийн хайгуул, олборлолтын үйлдвэрлэлд японы дэвшилтэт, байгаль орчинд ээлтэй техник технологийг ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд Японы дэмжлэгийг авах хүсэлтэй байна. Түүнчлэн монголд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрт японы оролцоог ханган ажиллахад бэлэн байна. Мал аж ахуй, газар тариаланг эрчимжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг олон улсын стандартын дагуу боловсруулж, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд Монголын Засгийн газар ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд энэ чиглэлд танай улстай хамтран ажиллах эрмэлзэлтэй байна.

Монгол, Японы харилцаа олон улсын тавцанд ч хөгжиж, харилцан бие биеэ дэмжиж ирсэн бөгөөд НҮБ-ын үйл ажиллагаанд оруулж буй Япон Улсын хувь нэмрийг үнэлж, Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүнээр элсэх хүчин чармайлтыг Монгол Улс цаашид ч дэмжин ажиллахаа илэрхийлэв. Мөн УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакиг Монгол Улсад айлчлан ирэхийг хүслээ.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакитай хийсэн уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Су.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Ж.Батзандан, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Улсын Их Хурлын даргын зөвлөх А.Гансүх болон албаны бусад хүмүүс байлцав. Энэхүү уулзалтын дараа УИХ-ын дарга З.Энхболд болон дагалдан яваа төлөөлөгчид Японы парламентын ордонтой танилцлаа.

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын чуулганы үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэтай уулзалт хийнэ. Мөн УИХ-ын даргад Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхана. Энэ талаархи мэдээллийг http://open.parliament.mn, www.parliament.mn цахим хаягуудаар хүргэх болно хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Шинзо Абэтай уулзана

УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар тус улсад айлчилж байгаа билээ. УИХ-ын дарга өнөөдөр Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимура, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нартай уулзалт хийх юм. Мөн өнөөдөр Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакитай уулзах юм. Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда УИХ-ын даргад бараалхах ажээ.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн Засаг дарга АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Профессор Жэймс С.Фишкинийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн урилгаар АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Профессор бөгөөд Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С.Фишкин Улаанбаатар хотод ирлээ. Тэрээр 02 дугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллана. Ажлын төлөвлөгөөний дагуу өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хүндэт зочин болон албаны төлөөлөгчдийг нийслэлийн хүндэтгэлийн гэрт хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Хотын дарга “Миний урилгыг хүлээн авч, Монголын уламжлалт сар шинийн баярын өдрүүд тохиож буй энэ сайхан өдөр Улаанбаатар хотод зочилж байгаа танд талархал илэрхийлье. Монголчууд бид эдгээр өдрүүдэд уулзсан хүмүүсийнхээ амар мэндийг эрж хөөрөг зөрүүлэн, тамхиладаг уламжлалтай” гээд ноён Жэймс С.Фишкинтэй хөөрөг зөрүүлсэн юм. Харин ноён Жэймс С.Фишкин “Юуны өмнө Монгол сайхан нутагт, тэр дундаа Улаанбаатар хотод зочилж байгаадаа туйлын их таатай байна. Өнөөдөр тантай уулзаж байгаа минь нэр төрийн хэрэг. АНУ-ын Стэнфордын Их сургуулийн эрдэмтэн, профессорууд таныг Монголд ардчилсан хувьсгал өрнөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан, эрхэм хүн хэмээн хүндэтгэдэг” хэмээн хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Таны хийж буй ажил бидэнд ихээхэн хэрэгцээ, шаардлагатай байгаа тул Улаанбаатар хотод зочлохыг урьсан. Учир нь манай нийслэлийн шинэчлэлийн баг ажилласнаасаа хойш аливаа шийдвэр гаргахдаа иргэдээсээ асууж, тэдний санал, бодлыг шийдвэртээ тусгахыг хичээж ажиллаж байна. Гэвч зарим тохиолдолд иргэдээс авч буй санал маань үр дүнтэй биш төдийгүй байгаа олохгүй байна уу даа гэсэн бодол байна. Жишээ нь Улаанбаатар хот анх удаа хогны зориулалтын уутыг ашиглаж эхэлсэн. Үүнийг ашиглахаасаа өмнө би өөрийн биеэр явж иргэдэд танилцуулан, санал авсан. Тухайн үед бүгд л шахуу дэмжиж байна гэж санал, сэтгэгдлээ илэрхийлж байсан атал яг уутаа тараагаад ашиглаад эхлэхэд эсрэгээрээ болж таарсан. Магадгүй мөнгөн дүн, улс төрийн явуулга нөлөөлсөн байх л даа. Гэхдээ санал асуулга явуулж байгаа хэлбэр арай биш болж таараад байгаа юм. Нэг үгээр бид иргэдийнхээ саналыг авах биш өөрсдийнхөө саналыг дэмжүүлээд байгаа дүр зураг ажиглагдаад байна. Тиймээс таныг энэ асуудалд бидэнд үнэтэй зөвлөгөө өгч, хамтран ажиллана гэдэгт итгэж байна ” гэлээ.

Харин АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Профессор бөгөөд Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С.Фишкин “Иргэдийнхээ саналыг ажил, шийдвэртэй тусгаж ажиллана гэдэг маш том дэвшил, давуу тал. Та бүхнийг үүнд санаа тавин, үр дүнг чухалчилж байгаад их таатай байна. Миний Улаанбаатар хотод ажиллах, ажлын төлөвлөгөөнд энэ асуудлаар лекц, уулзалт зохион байгуулагдана. Тухайн үед илүү дэлгэрэнгүй ярилцана гэж найдаж байна. Харин энэ удаад товчхон дурдхад, санал асуулгад нийгмийг төлөөлж чадахуйц иргэд оролцох ёстой. Мөн нэг удаа биш эхлээд төсөл, саналаа танилцуулж нэг санал, асуудлаа шийдвэр байдлаар давтан санал авах зэргээр баталгаажуулах шаардлагатай байдаг” гэж онцлон хэлсэн юм.

Дашрамд дурдхад, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Профессор бөгөөд Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С.Фишкин нь АНУ-ын Елийн Их сургуулийн Улс төрийн Шинжлэх ухааны Бакалаврын зэрэг, Докторын зэрэгтэй. ИБУИНВУ-ын Кэмбриджийн Их сургуулийн Философийн Докторын зэрэгтэй Профессор юм. Ардчилал болон Нийтийн төлөөлөл, Шударга ёсын хэлэлцүүлэг, Иргэдийн дуу хоолой зэрэг номуудыг туурвиж, Deliberative Polling буюу Зөвлөлдөх ардчилал /Нийтийн төлөөлөллийн/ санал хураалтыг үүсгэн байгуулсан. АНУ, ИБУИНВУ, Австрали, Дани, Болгар, БНХАУ, Грек зэрэг орнуудад нийтийн төлөөллийн санал хураалтыг 40 гаруй удаа амжилттай хэрэгжүүлсэн.

Тэрээр Улаанбаатар хотод ажиллах өдрүүдийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгатай уулзах юм. Мөн нийслэл, дүүргийн удирдлагууд, МУ-ын Засгийн газар, Олон Улсын байгууллагуудын төлөөлөгч нарт “Зөвлөлдөх ардчилал” сэдвээр лекц уншин харилцан санал солилцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

БНКазУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд К.И.Кобландиныг 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтаар Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын харилцааг хөгжүүлэх, түүний дотор хоёр орны батлан хамгаалах салбарын харилцааг ахиулах боломжийн талаар ярилцав. Мөн Монгол, Казахстаны цэргийн салбарын харилцаа 2000 оны эхнээс хөгжиж ирсэн, Цэргийн салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд тус салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг талууд тэмдэглэв.

Categories
мэдээ улс-төр

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд айлчилж байна

Гадаад хэргийн сайдын урилгаар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдРи Сү Ен энэ оны 2 дугаарсарын 22-25-ны өдрүүдэд манай улсад албан ёсоор айлчилж байна.

Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайдРи Сү Ен Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарттус тус бараалхаж, Гадаад хэргийнсайд Л.Пүрэвсүрэнтэй албан ёсны хэлэлцээ хийж, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын Зөвлөлдөх комиссын Монголын хэсгийн дарга Р.Бурмаатай уулзана.

Гадаад хэргийн сайд нар яриа хэлэлцээний үеэр хоёр орны улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэг, хөдөлмөрийн харилцаа, хамтын ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч,Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ“ болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, Монгол Улсын Гадаад хэргийн яам, БНАСАУ-ын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичгийг шинэчлэн байгуулна.

Гадаад хэргийн сайд Ри Сү Ен Пхеньян хотын Олон улсын харилцааны дээд сургууль төгсөж, БНАСАУ-аас Лихтенштейний Вант Улс, Нидерландын Вант Улс, Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, НҮБ-ын Женев дэх төв болон бусад олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан, БНАСАУ-ын Хөдөлмөрийн баатар, “Ким Ир Сен”, “Ким Жөн Ир”-ийн одонгоор шагнагдсан, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны гишүүн юм байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

УИХ-ын дарга З.Энхболд Япон улсад айлчилна

УИХ-ын дарга З.Энхболд Япон улсад албан ёсны айлчлал хийхээр маргааш Улаанбаатараас мордоно. Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга З.Энхболд Япон улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимура, Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки, Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ нартай уулзалт хийж, Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан, Хатан нарт бараалхах юм.

Мөн айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда, Япон Улсын Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн сайд К.Нишикава болон “Иточү фүүдс” компанийн удирдлага, Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлага, Японы Эдийн засгийн байгууллагуудын холбооны /КЭЙДАНРЭН/ удирдлага, Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны /ЖБИК/ Ерөнхийлөгч Х.Ватанабэ, ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч А.Танака, Гүнма мужийн удирдлагууд бараалхана.

Түүнчлэн айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболд Чибагийн Их сургуулийн дэргэдэх Байгаль, эрүүл мэндийн шинжлэх ухааны төвд зочилон гидропоникийн үйлдвэр үзэж сонирхоно. Мөн Японы Шинжлэх ухааны ордон болон Токио хот дахь Тоёотагийн үзэсгэлэнгийн танхимд зочилж, Тоёота компанийн удирдлагатай уулзаж, устөрөгчөөр ажилладаг “Мирай” машин болон тус машиныг цэнэглэдэг шатахуун түгээх станцтай танилцана.

Улсын Их Хурлын даргын Япон Улсад хийх албан ёсны айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Су.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Ж.Батзандан, Улсын Их Хурлын даргын зөвлөх А.Гансүх, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд нар багтсан байна. Улсын Их Хурлын даргын Япон Улсад хийх албан ёсны айлчлалыг сурвалжлахаар хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлах хэсэг дагалдан явна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч мянгат тэмээчнийд зочилжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Цагаан сарын шинийн 2-ны өдөр буюу өнөөдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын мянгат тэмээчин, гавьяат малчин Ц.Шинэнгийнд очиж золгож байна. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг өөрийн биеэр гардуулахаар ийн Баянлиг сумыг зорьжээ.

Ц.Шинэн 2013 онд тэмээн сүргийн тоо толгойг 1119-д хүргэж, улсын анхны мянгат тэмээчин болсон билээ. Мөн тэрээр Монголын тэмээний анхны алдарт уяач юм байна. Тэднийх хурдан тэмээ олонтаа ажээ. Ц.Шинэн нь 20 гаруй жил тэмээн сүргээ дагнан үржүүлж, 1000 гаруй тоо толгойд хүргэжээ. Жилд дунджаар 200 гаруй ингэ ботголж, тэмээн сүргийн тоо жил ирэх тусам өссөөр байгаа аж.

Баянхонгор аймгийн Баянлиг сум улсын хэмжээнд тэмээ олонтаа нутагладаг газар. Тус сум 15 мянган тэмээн сүрэгтэй гэж тоолуулж байсан түүхтэй.

Categories
мэдээ улс-төр

З.Энхболд: Хонин жил монголчууд биднийг бүтээн байгуулалтын их ажил хүлээж байна

Билгийн тооллын XVII жарны хонин жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний арга хэмжээний төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг нар хэвлэл мэдээллээр дамжуулан Монголын нийт ард түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлсэн юм.
Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд хэлсэн үгэндээ, “Монголын ард түмэн хамгийн олон мянган тонн буудай хурааж, хамгийн олон мал тоолуулж, олуулаа болж 3 сая дахь иргэнээ өлгийдөж авсан сайхан жил байлаа. Мөн Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоо тэмдэглэлээ. Ирж байгаа хонин жил монголчууд биднийг бүтээн байгуулалтын ажил хүлээж байна. Улсын Их Хурал эдийн засгийн хүндрэлийг даван туулахаас эхлээд олон чухал хуулиудыг батлан гаргалаа. Эдгээр хуулиудын амьдралд хэрэгжих үе энэ хонин жил байх болно” хэмээгээд элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сайхан шинэлэхийг хүсэн ерөөлөө”