Categories
мэдээ улс-төр

Устөрөгчөөр ажилладаг “Мираи” автомашинтай танилцав

УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.02.26/ Токио хот дахь Тоёотагийн үзэсгэлэнгийн танхимд зочлон “Мираи” машин болон уг машиныг цэнэглэдэг шатахуун түгээх станцын үйл ажиллагаатай танилцав.

Тоёото компанийн гүйцэтгэх захирал К.Исэ УИХ-ын даргыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд устөрөгчөөр ажилладаг “Мираи” машиныг танилцууллаа.

Японы “Мираи” буюу “Ирээдүй” нэртэй устөрөгчөөр ажилладаг машиныг Тоёота корпораци 2015 оны 12 дугаар сараас эхлэн зах зээлд анх удаа нийтэд зориулсан хэлбэрээр борлуулж эхэлсэн байна. “Мираи” машин нь устөрөгчийн түлшний элемент гэж нэрлэгдэх цахилгаан генераторт устөрөгчийн түлш болон хүчилтөрөгчийг урвалд оруулан цахилгаан эрчим хүч үүсгэж, хөдөлгүүрийг ажилд оруулах зарчмаар ажилладаг бөгөөд нүүрсхүчлийн хий болон бусад хорт утааг огт ялгаруулдаггүй, яндангаас нь зөвхөн усны уур гардаг, жинхэнэ эко автомашин болж чаджээ. “Мираи” машиныг үйлдвэрлэх үйлдвэрлэлийн өртөг нь хэт өндөр бөгөөд нэг машин хийхэд 1 сая ам.доллар зарцуулж, хэрэглээнд нэвтрүүлнэ гэж байсан боловч Тоёото корпораци энэхүү таамаглалыг няцааж, уг машиныг 7.2 сая иенээр худалдахаар болсон байна.

Гэхдээ Японы Засгийн газраас байгаль орчинд ээлтэй устөрөгчийн автомашиныг нийтийн хэрэглээнд түгээхэд дэмжлэг болгон үнийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон аж. Тоёото корпораци дэлхийн дулаарлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэх устөрөгчийн автомашиныг нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх эхлэлийг ийнхүү тавьж байна.

“Мираи” автомашин нь устөрөгчийн түлшийг цахилгаан эрчим хүчинд хувиргаж хөдөлгүүрийг ажиллуулдаг тул цахилгаан автомашины нэгэн адил чимээ багатай, механик эд анги нь хялбар, тогтвортой зэрэг олон давуу талтай аж. Цахилгаан автомашинаас илүүтэй тал нь гэвэл нэг удаа цэнэглээд 600 орчим километр замыг туулах боломжтой, шатахуун цэнэглэхэд 3 минут зарцуулдаг болохыг УИХ-ын даргад танилцуулав.

Устөрөгчийн автомашиныг дэлгэрүүлэхэд тулгамдаад буй гол асуудал нь устөрөгчийн түлш үйлдвэрлэх, түгээгүүрийн сүлжээг шинээр бий болгох асуудал юм байна. Өнөөдрийн байдлаар “Мираи” автомашин худалдан авсан хэрэглэгчид устөрөгчийн шатахууныг үнэ төлбөргүйгээр ашиглаж байгаа тухай шатахуун түгээх станцын ажилтан танилцууллаа.

УИХ-ын дарга З.Энхболд Тоёотагийн үзэсгэлэнгийн танхимтай танилцахад Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Су.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Ж.Батзандан болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Чибагийн их сургуулийн шинжлэх ухааны төвтэй танилцав

Хүнсний ногооны гидропоник тариалангийн үйл ажиллагаатай танилцав

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2015.02.26/ Чибагийн Их сургуулийн дэргэдэх Байгаль, эрүүл мэндийн шинжлэх ухааны төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Байгаль, эрүүл мэндийн шинжлэх ухааны ассоциацийн ерөнхийлөгч, профессор Тококи Козай Монгол Улсын Их Хурлын даргыг тавтай морилохыг хүсээд тус төвийн үйл ажиллагааны талаар танилцуулгав.

Тэрээр танилцуулгынхаа эхэнд Чиба мужийг шинжлэх ухааны загвар хот болгон хөгжүүлж байгаа талаар хэллээ. Мөн Чиба мужид зөвхөн хүнсний ногоо, ургамлын үйлдвэрээс гадна зөгийн аж ахуйн үйл ажиллагаа ихээхэн хөгжөөд байгааг онцлов. Энэхүү Plant factory буюу Ургамлын үйлдвэр гэж нэрлэгддэг хүнсний ногооны /Indoor Hydroponics/ гидропоник тариалан нь гэрэлтүүлэг, усалгаа, бордоо, чийгшил зэрэг орчныг нь автоматаар бүрэн хянаж, тасалгааны нөхцөлд хүнсний ногоо тариалах аж ахуй юм. Тасалгааны битүүмжлэлтэй нөхцөлд хөрсөнд тариалалт хийхэд орчныг нь хянах боломж сул, элдэв төрлийн нян бактери үржих нь хялбар байдаг тул Японд ихэвчлэн гидропоник арга буюу усанд ургамалд хэрэгтэй бордоо, шим тэжээлийг уусгасан уусмалыг хөрсний оронд ашиглах технологийг илүүтэй хэрэглэдэг байна.

Гэрэлтүүлгийн хувьд нарны гэрэлд хамгийн ойр энгийн өдрийн гэрэл ашиглах, аль эсвэл эрчим хүчний хувьд хэмнэлттэй улаан болон цагаан, хөх LED гэрлүүдээс бүтсэн холимог гэрэлтүүлгийг ашигладаг аж. Ургамлын хувьд ус ашигладаг, шинэлэг байдлаа удаан хадгалах чадвар багатай /шинээр нь хэрэглэх нь тохиромжтой/, цэцэгт байцаа, буурцаг, улаан лооль зэргийг сонгон авдаг. Сонгон авсан ургамлыг лабораторид үрслүүлж, үндэслүүлсэн нахиаг усан хөрсөн дээр хөвүүлсэн полиестер зөөлөвч дээр жигд зайтай гаргасан нүхэнд нь тааруулан суулгах бөгөөд ургамлын навч нь дээр байрлуулсан гэрэлтүүлгээс гэрлээ авч, полиестер зөөлөвчөөс доош цухуйсан үндэс нь уусмал дотроо сагсайн ургаж шим тэжээлээ авах аргаар ердийнхөөс хамаагүй түргэн өсдөг байна.

Ийм төрлийн 10 гаруй үйлдвэрийг 2015 онд ашиглалтад оруулж байна. Энэхүү үйл ажиллагаа хэдийнэ бизнесийн түвшинд хүрч ОХУ-д “Мираи” нэртэй компани байгуулагдан хамтран ажиллаж байна. Энэ технологи нь цаг агаараас үл хамаарах тул хаана ч нэвтрүүлэх боломжтой. Мөн технологиор усыг дахин ашиглах боломжтой учир ус багатай газарт ч нэвтрүүлэх боломж их байна. Энэ талаархи сургалтыг Чиба их сургууль сар бүр явуулдаг. Гидропоник тариалан нь гадны температур, хуурайшил, орчны бусад нөлөөнөөс үл хамааралтай, агуулах, контейнер, ресторан, хүнсний дэлгүүрийн хэрэглэгчид илүү ойр өрөө тасалгааг ашиглах боломжтой, хот дотор ногоон орчин үүсгэх боломжтой, уусмалд зөвхөн органик бордоо уусгах зэргээр ургамалд өгөх шим тэжээлийг удирдах боломжтой, жилдээ олон удаагийн ургац авах боломжтой /жишээлбэл, цэцэгт байцаа буюу летас нь 6-7 долоо хоногт хураахад бэлэн болдог тул жилдээ 7-8 удаагийн ургац хураах боломжтой болно/, өдөрт болон сард авах ургацаа төлөвлөж болдог, ажлын орчинг цэвэр цэмцгэр байлгах, ажиллах хүчинг бүрдүүлэхэд хялбар гэх зэрэг олон давуу талтай юм. Японоос гадна АНУ-д ийм технологийг идэвхтэй ашиглаж эхлээд байгаа талаар тэрээр танилцууллаа.

Танилцуулга хийсний дараа УИХ-ын дарга болон дагалдан яваа төлөөлөгчдөд Plant factory буюу Ургамлын үйлдвэр гэж нэрлэгддэг хүнсний ногооны /Indoor Hydroponics/ гидропоник тариалан эрхлэх хүлэмжийг танилцууллаа.

УИХ-ын дарга энэ төрлийн технологийг ашиглан ургуулсан нарийн ногоо амт, чанарын хувьд хөрсөнд ургасан ногооноос онцлогтой эсэхийг асуухад Байгаль, эрүүл мэндийн шинжлэх ухааны ассоциацийн ерөнхийлөгч, профессор Тококи Козай хариулахдаа, хэдэн жилийн өмнө Японы иргэдэд яг ийм ойлголт байсан. Гэхдээ чанар болон амтны хувьд ямар ч өөрчлөлт байхгүй болохыг хэллээ. Мөн энэхүү технологитой танилцах үеэр УИХ-ын гишүүд өөрсдийн сонирхсон асуултаа асууж, хариулт авлаа.

Чибагийн Их сургуулийн дэргэдэх Байгаль, эрүүл мэндийн шинжлэх ухааны төвийн үйл ажиллагаатай танилцсаны дараа УИХ-ын дарга З.Энхболд танилцуулга хийж, илтгэл тавьсан Байгаль, эрүүл мэндийн шинжлэх ухааны ассоциацийн ерөнхийлөгч Тококи Козайд талархал илэрхийлээд, ажлын амжилт хүслээ.

УИХ-ын дарга З.Энхболд Чибагийн Их сургуулийн дэргэдэх Байгаль, эрүүл мэндийн шинжлэх ухааны төвтэй танилцах үеэр Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Су.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Ж.Батзандан болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Гацууртын ордын нөлөөллийг судлах Ажлын хэсэг байгууллаа

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалд үзүүлж болзошгүй нөлөөллийг судалж, мэргэжлийн дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгууллаа

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарч, Гацууртын алтны ордыг ашигласнаар Төв аймгийн Борнуур сум дахь Хүннүгийн үеийн Бороогийн сууринд үзүүлж болзошгүй нөлөөллийг судалж, мэргэжлийн дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсэг нь сүүлийн үед олон нийтийн дунд үүсээд буй таамаг, мэдээллүүдэд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт өгөх зорилготой юм.

Ажлын хэсгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга ахалж, Шинжлэх ухааны академи, Түүх, археологийн хүрээлэн, Ашигт малтмалын газар, Уул уурхайн яам, БСШУЯ зэрэг холбогдох мэргэжилтнүүд хамтран ажиллана.

Ерөнхий сайд Гацууртын алтны ордыг ашигласнаар түүх, соёлын үл хөдлөх дурсгалд үзүүлж болзошгүй нөлөөллийг судалж, санал дүгнэлтээ энэ оны нэгдүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Ажлын хэсгийн даргад үүрэг болголоо.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн байнгын хороо ажлаа тайлагнав

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар өнөөдөр намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо нийтдээ 23 удаа, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хяналтын чиглэлээр байгуулагдсан ажлын хэсгүүд 83 удаа тус тус хуралджээ.

Ээлжит чуулганы хугацаанд Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг дагалдан өргөн мэдүүлсэн 18 хууль, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай, Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2015 оны төсвийн тухай зэрэг УИХ-ын тогтоолуудыг хэлэлцэн баталжээ.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг батлан гаргасан нь гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцлийн алдагдлыг нөхөх хэмжээний хөрөнгө босгох, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, эдийн засагт үүссэн хүндрэлийг даван туулахад чиглэгдсэн чухал шийдвэр боллоо” гэв. Мөн энэхүү тогтоолыг хэрэгжүүлснээр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэн, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, олон тооны мега төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажил эрчимжин, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжсэн арга хэмжээ ажил хэрэг болно хэмээгээд тогтоолын хэрэгжилтэд Эдийн засгийн байнгын хороо хяналт тавин ажиллах болно гэв.

Categories
мэдээ улс-төр

Уул уурхайн салбар 19.5 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэлийг авч үзвэл 2015 оны 1 дүгээр сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 4.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 3.6 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 83.1 сая төгрөг, бусад орлого 934 сая төгрөг байна. Харин Газрын тосны газар нийт 14.8 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлснээс газрын тосны орлого 14.7 тэрбум төгрөг, бусад орлого 60.5 сая төгрөгт хүрчээ. Игэснээр уул уурхайн сайдын багцын хэмжээнд улсын төсөвт 19.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч “ITB Berlin 2015” үзэсгэлэнгийн нээлт дээр үг хэлнэ

Ирэх гуравдугаар сарын 2-11-нд ХБНГУ-ын Берлин хотод олон улсын аялал, жуулчлалын “ITB Berlin 2015” үзэсгэлэн гарах гэж байна. Жил бүрийн гуравдугаар сард болдог “ITB Berlin” үзэсгэлэнд Монгол Улс энэ жил анх удаа түнш орноор оролцох болсон нь онцлог юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ITB Berlin 2015” үзэсгэлэнгийн нээлт дээр үг хэлж, Монголын урлагийн гала тоглолт болох гэж буй талаар өнөөдөр ГХЯ, БОНХАЖЯ-ны хамтарсан хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ.

Уг үзэсгэлэнд 190 улс орон, дэлхийн өнцөг булан бүрээс аялал жуулчлалын 10 мянга гаруй байгууллага, 170 гаруй мянган хүн, хэвлэл мэдээллийн 8000 гаруй байгууллагын төлөөлөл оролцохоор болжээ.

“ITB Berlin” үзэсгэлэнд оролцож улс орноо сурталчилсан улсад ирэх жуулчдын тоо нэмэгддэг тул Монгол Улс зохион байгуулалт сайтай оролцож, нүүдэлчдийн соёл ахуй, үндэсний ёс уламжлал, өвөрмөц байгалиа сурталчлан жуулчид татах гол зорилт тавьж байгаа ажээ.

Үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд Монголын урлаг, спортын одод оролцох юм. Олимпийн наадмын алтан медальт тамирчин Н.Түвшинбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүндэт зочноор оролцохоор болсон байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболд Японы Эзэн хаанд бараалхана

УИХ-ын дарга З.Энхболд Япон улсын Цог Жавхлант Эзэн хаан, Хатан хаан нарт бараалхана

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар тус улсад хийж буй албан ёсны айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.02.25/ үдээс хойш Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Акихито, Хатан хаан Мичико нарт бараалхана.

Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Акихито, Хатан хаан Мичико нарын товч намтар

Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Акихито 1933 оны 12 дугаар сарын 23-нд Японы нийслэл Токио хотод төрсөн. 1952 онд Гакушюин сургууль, 1956 онд Гакушюин Их сургуулийг улс төр, эдийн засгийн мэргэжлээр төгссөн.

1952 онд насанд хүрч, Японы үе залгамжлагч Хунтайжаар өргөмжлөгдсөн.

1953 онд Английн Хатан хаан Елизабета-2-ыг хаан ширээнд суух ёслолд Японы Эзэн хааны төлөөлөгчөөр оролцож, энэ үеэр Баруун Европын 4 орноор айлчилсан.

1959 онд Хатан хаан Мичикотой гэр бүл болсон. Эзэн хаан гадаадын оронд айлчлах болон Японд зохиогдож буй олон улсын арга хэмжээнд оролцохдоо соёл, боловсрол, аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг ихэд сонирхон танилцдаг ажээ.

Эзэн хаан Акихито нь хаан Хирохитог 1989 онд нас барсны дараа 1990 онд Япон Улсын Эзэн хаанд албан ёсоор өргөмжлөгдсөн.

1947 онд батлагдсан Японы шинэ үндсэн хуулиар Эзэн хааны улс төрийн эрх мэдлийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж, түүнийг төрийн билэг тэмдэг хэмээн өргөмжилсөн ба үүний дагуу тэрээр Төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэдэг.

Эзэн хаан Акихито англи хэлийг сайтар эзэмшсэн, ардчилсан үзэлтэй, даруу зөөлөн зан төрхтэй хүн хэмээн үнэлэгддэг. Хаан ширээг залгамжлан авахдаа “Үргэлж ард түмэнтэйгээ хамт байж, Үндсэн хуулийг ёсчлон сахина” гэж мэдэгджээ.

Эзэн хаан загас судлал сонирхдог. 3 хүүхэдтэй. Хааны үе залгамжлагч Хунтайж Нарухито 47 настай, Ханхүү Фүмихито 42 настай, Гүнж Саяако 34 настай. Гүнж Саяако энгийн япон иргэнтэй гэр бүл болж, Эзэн хааны албан ёсны гэр бүлийн гишүүн хэмээн нэрлэгдэхээ больсон.

Япон Улсын Эрхэм дээд Хатан хаан Мичико 1934 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Токио хотод төрсөн. Нишшины Гурилын үйлдвэрийн эзэн Хидэсабуро Шода болон гэргий Фумико Соэжима нарын том охин юм.

Футаба дунд сургуульд сурч байсан хэдий ч Дэлхийн 2 дугаар дайны үеэрх Америкийн бөмбөгдөлтийн улмаас 4 дүгээр ангиасаа сургуулиасаа гарахад хүрсэн. Дайны дараа тэрээр сургуульдаа эргэн сурч, Токиогийн Сэйшин хэмээх ахлах сургууль, Сэйшин их сургуулийн Утга зохиолын ангийг тус тус дүүргэсэн.

1957 оны 8 дугаар сард Угсаа залгамжлах Ханхүү Акихитотой теннисийн талбай дээр танилцсан. 1959 оны 4 дүгээр сарын 10-нд гэр бүлээ батлуулсан. Японы Эзэн Хааны гэр бүлийнхэнтэй гэр бүл болсон энгийн гаралтай анхны хүн болж байсан бөгөөд тухайн үеэд энэ талаар Японы хэвлэл мэдээллээр багагүй дуулиан болж байсан.

Ханхүү Акихито, Гүнж Мичико нар ордны асрагч нарт даатгалгүйгээр өөрсдийн гараар хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлнэ хэмээн мэгэдэж байсан нь Эзэн хааны ордны тогтсон ёс жаягийг эвдсэн бас нэгэн шинэлэг зүйл болж байсан байна.

Ханхүү Акихито, Гүнж Мичико нар 40 орчим оронд айлчилсан.

1990 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ханхүү Акихито Японы 125 дахь Эзэн Хаанаар, Гүнж Мичико Эрхэм дээд Хатан хаанаар өргөмжлөгдсөн бөгөөд ийнхүү өргөмжлөгдсөнөөсөө хойш 20 орчим оронд зочлоод байгаа. Хамгийн сүүлд 2007 онд Балтийн орнуудад айлчлаад байна.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй
харилцах хэлтэс

Categories
мэдээ улс-төр

Жэймс С.Фишкинийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С.Фишкинийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн урилгаар АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Профессор бөгөөд Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С.Фишкин Улаанбаатар хотод ажиллаж байна. Айлчлалын хүрээнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга ноён Жэймс С.Фишкинийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Бидний урилгыг хүлээн авч Улаанбаатар хотод зочилж байгаа танд талархал илэрхийлье. Оройтсон байж магадгүй ч та яг цагаа олж манай хотод ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд шууд ардчилал гэдэг зүйлийг санаачилж, иргэдийн оролцоог аливаа шийдвэрт тусгах ажил эхэлсэн юм. Энэ санал, санаачилгаар нийслэлийн 100 орчим хороонд Иргэний танхим байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна. Гэвч энэ иргэний танхимыг бид зөвхөн хэлбэр талаас ашиглахаас, агуулга талаас ажиллуулж чадахгүй байгаа юм. Монгол Улсын 44 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Бидэнд иргэдийн оролцоотой шийдэх олон асуудал бий. Одоогоор нийслэлээс 6 удаа иргэдийн дунд санал асуулга зохион байгуулж, иргэдийн саналаар шийдвэр гаргасан. Гэвч зарим ажилд иргэдийн 60-70 хувийн дэмжлэг авсан ч хэрэгжүүлээд эхлэхэд эсэргүүцэлтэй тулгарч, асуудал үүсэх тохиолдол байна. Тиймээс таны олон улсад хэрэгжүүлсэн иргэдийн саналыг авах, сонсох, шийдвэр гаргасан туршлага бидэнд хэрэгтэй. Томоохон төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ.
Ноён Жэймс С.Фишкин “Иргэдийнхээ саналыг үйл ажиллагаа, шийдвэрт тусгахаар ажиллаж байгаа нь маш том давуу тал. Монгол Улс нь Зөвлөлдөх ардчиллыг хэрэгжүүлэх 22 дахь улс болж байгаа юм. Ерөнхийдөө хөгжингүй, хөгжиж байгаа улсууд энэ аргачлалыг хэрэгжүүлдэг. Энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр санал асуулгыг зохион байгуулж, засаглалын чанарыг сайжруулдаг аргачлал юм. Улаанбаатар хотод хэрэгжүүлэх бүрэн боломжтой” гэж онцлон хэллээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Улаанбаатар хот дүрэмгүй хот. Тиймээс асуудлыг эхнээс нь зөв хийж, хэрэгжүүлэх боломжтой. Ингэхийн тулд ч бид ажиллаж байгаа. Эхлээд хотынхоо асуудлуудыг жагсаая. Тэр жагсаалтаас сонгож зөвлөлдөх ардчиллын аргачлалыг хэрэгжүүлэх хэрэгтэй болов уу” гэлээ. Харин ноён Жэймс С.Фишкин уг саналыг зөв зүйтэй гэж дэмжээд, хамтран ажиллахад таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

Дашрамд дурдхад, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Профессор бөгөөд Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С.Фишкин нь АНУ-ын Елийн Их сургуулийн Улс төрийн Шинжлэх ухааны Бакалаврын зэрэг, Докторын зэрэгтэй. ИБУИНВУ-ын Кэмбриджийн Их сургуулийн Философийн Докторын зэрэгтэй Профессор юм. Ардчилал болон Нийтийн төлөөлөл, Шударга ёсын хэлэлцүүлэг, Иргэдийн дуу хоолой зэрэг номуудыг туурвиж, Deliberative Polling буюу Зөвлөлдөх ардчилал /Нийтийн төлөөлөллийн/ санал хураалтыг үүсгэн байгуулсан. АНУ, ИБУИНВУ, Австрали, Дани, Болгар, БНХАУ, Грек зэрэг орнуудад нийтийн төлөөллийн санал хураалтыг 40 гаруй удаа амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай эрдэмтэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Хуульзүйн хүрээлэнгийн шинэ захирал Э.Батбаяр ажлаа хүлээж авлаа

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн шинэ захирал өнөөдөр ажлаа хүлээн авлаа. Монгол Улсын Хууль зүйн сайд Д.Дорлигжавын тушаалаар хууль зүйн ухааны доктор, дэд профессор Энхээгийн Батбаярыг тус албан тушаалд томилж, тамга тэмдгийг гардуулан өгөв. Э.Батбаяр нь 1990-1992 онд ЗХУ-ын Курган хотын Металлургийн сургууль, 1995-1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч бакалаврын зэрэг, 1999-2000 онд МУИС-ийн хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалжээ. Мөн 2002-2005 онд ОХУ-ын Краснодар хотын Кубаний Улсын их сургуульд хууль зүйн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболдод Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхав

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2015.02.24/ Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхав.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд Монгол, Японы бүх талын харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй парламентын Төлөөлөгчдийн танхимын Япон, Монголын бүлгийн гишүүдтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийллээ.

Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда хариу талархал илэрхийлээд, өнгөрсөн оны наймдугаар сард УИХ-ын даргатай уулзах боломж тохиож байсан бөгөөд өнөөдөр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 43 жилийн ойн өдөр дахин уулзаж буйдаа баяртай байна. Сүүлийн жилүүдэд Япон Монголын харилцаа үсрэнгүй хөгжсөөр ирсэн. Саяхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг айлчлал хийсэн, мөн эрхэм УИХ-ын дарга Та албан ёсны айлчлал хийж буй нь парламент хоорондын харилцаа өндөр түвшинд гарсныг илтгэж байна. Япон, Монгол хоёр орон стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх зорилготой байгаа. Японы парламентын Төлөөлөгчдийн танхим болон Зөвлөхүүдийн танхимын зүгээс Япон, Монголын харилцааг үсрэнгүй хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах болно. Монгол-Японы найрамдлын бүлэгт Монгол Улсын Их Хурлын 54 гишүүн ордогт талархалтай байдаг хэмээн онцоллоо.

УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр хэлэхдээ, Монгол, Японы парламентын харилцааг хөгжүүлэхэд Зөвлөхүүдийн танхимын гишүүд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэлээ. Мөн хоёр орны парламентын уламжлалт хэлхээ холбоог бэхжүүлж буйд талархалж байна. Саяхан хоёр орны Ерөнхий сайд нарын гарын үсэг зурсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/-ийг Монгол Улсын Их Хурал богино хугацаанд соёрхон баталлаа. Энэхүү хэлэлцээрийг Япон Улсын парламентаар батлуулахад Та бүхэн дэмжинэ гэдэгт итгэж байна. Өнгөрсөн зун Улаанбаатарт гарсан “Тэнгэр, нар, түншлэл” каллиграфын хамтарсан үзэсгэлэнг Токиод гаргах гэж байгаад баяртай байна. Энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд Монгол-Японы парламентын найрамдлын бүлгийн дарга Д.Ганхуяг болон тус бүлгийн дэд дарга Сундуйн Батболд нар оролцоно гэдгийг мэдэгдэв.

УИХ-ын дарга З.Энхболдод Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхах үеэр, Япон Улсын Либерал Ардчилсан намын гишүүн, парламентын гишүүн Иваки, Ардчилсан намын гишүүн, парламентын гишүүн Нишимура, Японыг Эрчимжүүлэх намын гишүүн, парламентын гишүүн Яамада болон бусад Зөвлөхүүдийн танхимын гишүүд УИХ-ын даргын айлчлалд амжилт хүсч, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/-ийг хоёр улс байгуулж буйд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж, Японы Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүд уг хэлэлцээрийг дэмжиж буйгаа дуулгалаа.

Мөн уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Су.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Ж.Батзандан нар парламент хоорондын харилцааны талаар өөрсдийн байр сууриа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд, хоёр талын хүчин чармайлтын дүнд сүүлийн жилүүдэд Монгол, Японы улс төрийн харилцаанд итгэлцэл бэхжиж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэж, цаашид хоёр орны парламент, түүний гишүүд хоорондын харилцан солилцоог улам идэвхжүүлэх, түүнчлэн улс төр, эдийн засаг, соёл, боловсролын харилцааг Стратегийн түншлэлийн зарчмын дагуу улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх хэрэгтэйг онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхах үеэр Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Су.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Ж.Батзандан, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Улсын Их Хурлын даргын зөвлөх А.Гансүх болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.