Categories
мэдээ улс-төр

Шадар сайд У.Хүрэлсүх Япон улсад ажиллана

Шадар сайд У.Хүрэлсүх энэ сард Япон Улсын Сендай хотод зохион байгуулагдах Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн III бага хуралд оролцохоор болжээ.

Түүнийг дээрх бага хуралд оролцохыг өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр хэлэлцэн зөвшөөрсөн байна. Түүнчлэн хуралд оролцох удирдамжийг Ерөнхий сайд батлах ажээ.

Categories
мэдээ улс-төр

Л.Гантөмөр сайд Баянхонгор аймагт ажиллаж байна

Боловсрол,Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас “Авъяас” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.

Хөтөлбөрийг 2012-2016 онд хэрэгжүүлэх бөгөөд хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлэхээс гадна эцэг эх, багшийн олж хараагүй зүйлийг нь нээн хөгжүүлж амжилтад хүргэх зорилготой. “Авьяас” хөтөлбөрийн хэрэгжилт явц орон нутагт хэрхэн явж буйг салбарын сайд Л.Гантөмөр газар дээр нь очиж танилцахаар 7-8 аймаг руу хөлгийн жолоо залжээ.

Сайдыг дагалдан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, БСШУЯ-ны СБТГ-ын дарга Б.Насанбаяр, БМДИ- захирал Г.Сүглэгмаа, СУИС-ийн дэд захирал Ч.Бат-Эрдэнэ, МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал, ШУТИС-ийн тэргүүн дэд захирал Д.Батчулуун, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга гэх мэт албаны бусад хүмүүс явж байна.

Тэд өнөөдөр Баянхонгор аймагт ажиллаж байгаа бөгөөд тус аймгийн Сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн явцтай танилцаж Баянхонгор сумын 9, 4-р цэцэрлэгүүдэд ажиллажээ.

Categories
мэдээ улс-төр

Н.Номтойбаяр гишүүнийг “Яамны ажилд битгий саад бол” хэмээн загнажээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад арга хэмжээ авахыг хүссэн албан бичиг илгээлээ.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд дүн шинжилгээ өгөх, бодлогыг шинэчлэн боловсруулж хаврын чуулганы хугацаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраар ахлуулан байгуулсан. Уг ажлын хэсэг хоёрдугаар сарын 24-нд хуралдаж дээрх бодлогын баримт бичигт дүн шинжилгээ хийж, Хүнс, хөдөө аж ахуйн яаманд удирдамж болгон өгөхөөр болжээ. Үүний дагуу Хүнс, хөдөө аж ахуйн яамны холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн дэд ажлын хэсэгт үүрэг даалгавар өгч биелэлтийг гуравдугаар сарын зургаанд товлосон ажлын хэсгийн хуралдаанаар сонсож хэлэлцэхээр төлөвлөжээ. Гэтэл уг хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуйн яамны төлөөллүүд ирээгүй төдийгүй салбарын сайд Р.Бурмаа Н.Номтойбаяр гишүүнтэй утсаар холбогдож “Яамны ажилд битгий садаа бол, би яамны мэргэжилтнүүдээ наад ажлын хэсэгт чинь явуулахгүй” гэж мэдэгдсэн аж.
Харин энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан тариаланчид, гурил үйлдвэрлэгчид, бусад төрийн байгууллагын албан тушаалтнууд Хүнс, хөдөө аж ахуйн яамны төлөөллийг бүтэн цаг хүлээж байгаад тарсан байна. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр УИХ болон төрийн ажлыг үл хүндэтгэсэн сайдад холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авч, байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийг хэвийн ажиллах нөхцөлөөр хангахыг Ерөнхий сайдад илгээсэн албан бичигтээ онцлон дурджээ.

Categories
мэдээ улс-төр

Хурдны замын хөрөнгийг шийдлээ

– Усан цахилгаан станц барих хөрөнгийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл нэг тэрбум ам.долларын 827 саяаар нь барихаар шийдвэрлэжээ-

Засгийн газар өчигдөр хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын хүрээнд Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр мэдээлэл хийлээ. Хуралдаанаас дэд бүтэцтэй холбоотой хэд хэдэн чухал шийдвэр гаргасан байна. Тухайлбал

Булган аймгийн Хишиг өндөр сумын нутагт Сэлэнгийн бэлчирээс 2.5 км газарт голын дэргэд баригдах Эгийн голын усан цахилгаан станцын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн байна. Усан цахилгаан станц барих хөрөнгийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл нэг тэрбум ам.долларын 827 саяаар нь барихаар шийдвэрлэжээ. Усан цахилгаан станцын дагуу маш том усан сан үүсч, экологийн аюулгүй эрчим хүчний эх үүсвэртэй болох юм. Мөн

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар-Хөшигтийн хөндийг холбосон хурдны замыг барихаар болжээ. Энэ хүрээнд зургаан эгнээ бүхий 32 км, нэгдүгээр зэрэглэлийн авто зам барих ажилд нийтдээ 192 тэрбум төгрөг шаардагдах юм. Түүнчлэн Монгол Улсад 2016 онд АСЕМ-ын хурал болох гэж бахйгаатай холбогдуулан 2016 оны 2-р улиралд Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлын онгоц буух зурвасыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

Мөн баруун аймгуудыг авто замаар холбох ажлыг эрчимжүүлэх хүрээнд хэд хэдэн чиглэлийн авто замыг концессийн гэрээгээр барихаар шийдвэрлэсэн байна. Тухайлбал Говь-Алтай- Баянхонгорыг 126 км замаар холбох, цаашаа Ховд руу үргэлжлэх авто зам, Завханын Тосонцэнгэлээс –Нөмрөг, Сонгино чиглэлийн 167 км авто зам барих ажлыг холбогдох компаниудтай концессийн гэрээбайгуулж ажилд нь оруулахыг Хөрөнгө оруулалтын газарт даалгасан байна. Харин Завханы Улайстайн чиглэлийн замыг олон улсын зээл тусламжаар шийдэх боломжтой гэж үзээд концессоос хасчээ.

Засгийн газар олон нийтэд хамаатай бас нэгэн шийдвэр гаргасан нь зуны цагийн хуваарьт шилжих асуудал байв.

Монгол Улс 1980, 2000 оны үед дээрх шийдвэрийг гаргаж байсан ч тодорхой хугацааны дараа цуцалж байсан. Тэгвэл Ч.Сайханбилэгийн Засгийн газраас гуравдугаар сарын 27-28-нд шилжих шөнө нэг цагаар урагшлуулахаар шийдвэрлэлээ. Дэлхийн улсууд байгалийн эрчим хүчийг түлхүү ашиглах, эрчим хүчээ хэмнэх зорилгоор цагаа урагшлуулдаг аж. Нөгөө талаас хүмүүсийн ажил тарах цаг наашилснаар чөлөөт цаг, үйлдвэрлэл үйлчилгээний орлого нэмэгдэх эерэг нөлөөтэй гэж үздэг гэнэ. Энэхүү өөрчлөгдсөн цагийн хуваарь ирэх есдүгээр сарын сүүлийн долоо хоногийн баасан –бямба гаригт шилжих шөнө хүртэл үргэлжлэх юм.

Categories
мэдээ улс-төр

ИЗНН-ын дарга нар сонгогдлоо

Иргэний Зориг Ногоон Нам байгуулагдсаны 15 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа. Ойн хүрээнд өчигдөр намын IX хурлаа хийсэн бөгөөд энэ үеэр намын дүрэмд өөрчлөлт оруулах талаар ярилцаж намын даргын бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, илтгэлүүдийг сонсож намын хяналтын зөвлөлийн тайлантай танилцсанаас гадна намын даргаа сонгосон юм.

Дэлхийн ногоон хөгжил, ногоон намууд болон зарим намуудын жишгээр тус нам нь гурав хүртэл даргатай байж болох дүрэмтэй. Тиймээс намын гишүүд нууц санал хураалт явуулснаар УИХ-ын гишүүн С. Оюун, С. Дэмбэрэл нарыг улираан сонгосны дээр Элчин сайд асан Ц.Ганхуягийг мөн олонхийн саналаар намын даргаар сонгожээ. Дашрамд дурдахад, ИЗНН-ын даргын сонгуульд нийт есөн хүн нэр дэвшсэнээс долоо нь өрсөлдөж, С.Оюун 298, С.Дэмбэрэл 240, Ц.Ганхуяг 282 гишүүний саналыг авсан байна.

ИЗНН-ын Их хурал өнөөдөр мөн үргэлжилж, нарийн бичгийн дарга нарыг сонгохоос гадна Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдээ шинээр бүрдүүлэх юм.

Categories
мэдээ улс-төр

Гал унтраах ангиудын зэрэглэлийг нэмэгдүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар “Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2004 оны 51 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж дэмжүүллээ.

Үүнд, хуучнаар Уул уурхайн яамны харьяа байсан Уул уурхайн аврах албыг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангид нэгтгэх, аймгуудын Онцгой байдлын хэлтсийг газар, зарим аймгуудын Эрэн хайх, аврах салбарыг анги, эрэн хайх, аврах бүлгийг салбар, аймаг, нийслэлийн III зэрэглэлийн Аврах, гал унтраах ангийг II зэрэглэлийн гал унтраах, аврах анги болгохоор тусгасан нь тус хуралдаанаар дэмжигдлээ.

Мөн “Гамшгаас хамгаалах улсын албадыг шинэчлэн байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл батлагдсанаар Засгийн газрын 2012 оны 186 дугаар тогтоол хүчингүй болж гамшгаас хамгаалах улсын 12 алба шинэчлэн байгуулагдаж ажиллахаар боллоо.

Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолоор Цөмийн энергийн газрыг татан буулгасантай холбогдуулан “Цацрагийн аюулаас хамгаалах алба”-ыг Гамшгаас хамгаалах улсын албадын бүрэлдэхүүнээс хасаж Мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад харьяалуулан “Мэргэжлийн болон цацрагийн хяналтын алба” нэртэйгээр шинэчлэн байгуулсан байна.

Categories
мэдээ улс-төр

Цензургүй яриа – МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

Categories
мэдээ улс-төр

МАН хэвлэлийн хурлаа цуцаллаа

Өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд 12.00 цагт МАН-ынхан мэдээлэл хийх байсан. Тэгвэл уг хэвлэлийн хурлаа цуцалсан талаар албаны эх сурвалж мэдээллээ. Уг хурлаар тус намынхан Засгийн газар, Хууль зүйн яам болон Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар хууль зөрчиж байгааг баримтаар дэлгэх гэж байсан юм.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийг өөрчлөх эсэхийг судалж байна

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15 дахь заалт, мөн зүйлийн 11.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаар захирамжаар батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн УИХ-ын дарга 2015 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр 08 тоот захирамж гарган Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Тус Ажлын хэсгийн ээлжит хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах оруулах асуудлаар нухацтай ярилцах нь зүйтэй гэж үзжээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажил судалгааны шатандаа үргэлжилж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр ахлан, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, С.Баярцогт, Л.Болд, Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Л.Цог болон С.Оюун нар ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв

Categories
мэдээ улс-төр

“Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийн өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлэг болно

“Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийн өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлэг болно. Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас 2015 оны 3-р сарын 12-ны өдөр Төрийн ордны “Б” танхимд зохион байгуулах хэлэлцүүлгээр хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж, Засгийн газар болон төрийн бусад байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн сангийн нэгдсэн тогтолцоо, хяналт, шинжилгээ, үнэлгээний аргачлалын талаар харилцан мэдээлэл солилцох, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, үр дүнг дээшлүүлэх зэрэг асуудлын талаар ярилцах юм. Хэлэлцүүлгийн үр дүнд Монгол Улсын хууль тогтоомжийн өнөөгийн байдал, түүний үр нөлөөг сайжруулах, үнэлгээ хийх аргачлал, хяналтын тогтолцооны талаарх мэдээллийг Засгийн газар болон бусад төрийн байгууллагын удирдлага, холбогдох албан тушаалтнуудад хүргэснээр цаашид хамтран ажиллах ажлын уялдаа холбоо сайжрах юм гэж үзэж байгаа аж.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын байнгын хороо, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын харьяа байгууллагуудын удирдлага, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүйн яам болон бусад яамд, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд оролцоно хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.