Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бүх нийтээр мод тарив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ. Эл зарлигийн дагуу өчигдөр Монгол орон даяар мод тарих үндэсний өдрийг тэмдэглэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр мод, бут тарих хөдөлгөөн өрнүүлэв.
 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Налайх дүүрэг дэх Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн өмнөх талбайд мод тарьсан юм. 2010 онд жилд хоёр удаа бүх нийтээр мод тарих зарлиг гаргаснаас  хойш зургаан сая мод суулгажээ. Хамгийн багаар бодоход түүний 65 хувь нь ургасан байна.  Мөн бүх аймгийн төв өөрийн цэцэрлэгтэй болж, Улаанбаатар хотын хувьд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулсан юм. Уржнан жилээс “Дөрвөн зүг, найман зовхис” гэсэн санаачилга гарч Улаанбаатараас дөрвөн зүгт гарч байгаа засмал замын хажуугаар мод тарьж эхэлсэн. Нийт 40 гаруй км газарт мод тарьсан байна.

Э.Номин

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Алтанбагана: Шатаж байсан байшинд ортол орон дээр жаахан хүүхэд уйлаад сууж байсан

Энэ сарын 4-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 40 дүгээр гудамжны 12 тоотод гал түй­мэр гарч байхад гэртээ байсан гурван хүний амь насыг Ч.Алтанбагана гэх за­луу аварчээ. Тэрээр Аврах гал унтраах 56 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, онцгой байдлын ахлах ахлагч цол­той нэгэн аж. Тухайн өдөр амралттай байсан гэнэ. Гал 20.30 цагийн үед гарсан юм байна. Энэ үед Ч.Алтанбагана гэр­тээ хоолоо идээд сууж байж. Гадуур явж байсан хүмүүс шуугилдаад айл шатаж байна гэж хашгирах чимээнээр гэрээ­сээ гартал хөршийнх нь байшин шатаж байжээ. Ингээд Ч.Алтанбагана иргэний үүрэг, төрийн тусгай алба хааг­чийн нэр төрийг өндөрт өргөж галын аюулаас гурван настай Б.Сүлдхүү, түүний эмээ Б.Нямдаш, найз Д.Алтанцэцэг нарын алтан амийг аварчээ. 

Ч.Алтанбаганатай хол­богдож болсон явдлын талаар тодрууллаа. 


-Гурван хүний амь авар­санд баяр хүргэе?
-Баярлалаа.
-Та Онцгой байдлын га­зарт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
-Би 1997 онд тухайн үед Гал команд гэж байхад нь энэ албанд орсон. Аравдугаар ангиа төгсөөд л аврагч болсон.
-Энэ сарын 4-нд юу болсон талаар ярихгүй юу?
-Тэр өдөр би амралттай байсан юм. Гадуур ажил хөөцөлдөж яваад гэртээ ирж хоолоо идээд сууж байлаа. Тэгтэл хажуу талын айл шатаж эхэлсэн. Ажил руугаа дуудлага өгчихөөд хашааг нь давж ороод байшин руу гүйгээд ортол орон дээр жаахан хүүхэд уйлаад сууж байсан. Хүүхдийг тэврээд гарах гэтэл цаана нь настай эмэгтэй байх шиг харагдсан. Хүүхдийг гадаа байсан хүмүүст өгчихөөд буцаж ороод тэр хүнийг гаргасан. Тэгтэл дахиад нэг хүн үлдсэн байсан юм. Тэр хүнийг бас аварсан. Хоёр том хүн нь утаанд угаартаад унтчихсан шинжтэй байсан л даа. Чухам юунаас болж гал гарсныг мэргэжлийн хүмүүс л тогтоох байх.
-Галаас аварсан хүмүүс тань танд талархал илэрхийл­сэн үү. Аврагч хөрштэй бай­сандаа баярлаж байгаа байх даа?
-Манай байгууллага дээр ирж талархаж байгаагаа илэрхийлсэн.
-Танд Орхон аймгийн удирдлагын зүгээс баяр хүргэсэн гэв үү?
-Үгүй ээ. Тийм юм болоогүй л байна. Манай байгууллага надад цалингийн урамшуулал олгосон. Би аврагч мэргэжилдээ хайртай. Өөрийнхөө хүсэл сонирхлоор ийм мэргэжил эзэмш­сэн. Хүний амь нас, эд хөрөнгийг аюул гамшгаас хамгаалдаг сайхан мэргэжил шүү.
-Та хэдэн настай вэ?
-34 настай. Аврагчийн ажил хийгээд 17 жилийнхээ нүүрийг үзэж байна. Ирэх сарын 20-нд Онцгой байдлын албаны 10 жилийн ой тохиох юм. Онцгой байдлын албаны нийт ажилтан, албан хаагчдадаа ойн баярын мэнд хүргэж, ажил төрөлд нь өндөр амжилт, амьдралд нь аз хийморь хүсч байгаагаа танай сониноор дамжуулан илэрхийлж байна.  

Д.САРУУЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайн тэмээчин, сайн бууртай бол тэмээн сүрэг бүтэн


Нэг. Ардчилсан намын ”түрхийдэг” өвчин
Өнөөдөр Монгол төрийн гурван өндөрлөгт гурвууланд нь Ардчилсан намын лидерүүд сууж байгаа. Монголчууд коммунист дэглэмээсээ салаад 25 жил болж байж анх удаа Ардчилсан намд бүрэн итгэн УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийг нь Ардчилсан намд бүрэн шилжүүлсэн юм. Гэтэл Ардчилсан намын франкцууд дотроо алалцаад эхэллээ. Уг нь нэг зорилготой, нэг зовлонтой, нэг мөрийн хөтөлбөрт уягдсан Ардчилсан намынхан наанадаж нэр нүүрээ бодож, цаанадаж олны итгэлийг санаж яаж ийгээд л дөрөвхөн жил хоорондоо ноцолдолгүй тэсээд өнгөрөх ёстой. Ардчилсан нам дотроо хагарна шүү, хагардаг, бутардаг, хоорондоо ноцолдож, бие биенээ шорон гянданд явуулдаг “түрхийдэг“ хууч өвчтэй шүү. Энэ өвчин л Ардчилсан намыг нэг ална гэж мөн ч олон хэлсэн дээ. Энэ түрхийдэг өвчнөөр 1996-2000 онд анх өвдөж дөрвөн Засгийн газрын толгой аван, хэдэн сайдаа казиногийн хэргээр шоронд явуулж,  зарим нь алагдаж байж сонгуулийн хугацааг арай хийж дуусгасан гашуун түүх байдаг юм. Ардчилсан намыг ингээд хоорондоо ноцолдоод байхаар нь сонгогчид итгэл алдарч эргээд л хуучин МАН-ыг сонгочихдог. Ардчилсан намын  өвчин нь хөдлөөд эхлэв. Бүр цаашаагаа Засгийн газрыг огцруулах, хуулийн сайдыг шоронд явуулах дээрээ тулаад ирлээ. Хууль зүйн салбарыг шинэчилнэ гэж ам өгөн гарч ирсэн Ерөнхийлөгчийн шадар жанжнууд  Засгийн газар, Хууль зүйн сайд, Тагнуулын дарга, прокурор, цагдаагийн дарга, АТГ нь  хүртэл хоорондоо ноцолдоод бие биеэ уралдан ховлоцгоогоод ирлээ.  Тагнаж чагнасан, охид хүүхэнтэй орооцолдсон, би сайхан, тэр муухай гээд ёстой нэг олны шившиг боллоо. Цаашдаа Засгийн газар дэнжигнэж, хуулийн салбарын шинэчлэлт будаа болж, энэ Засгийн газрын гол имиж бүтээн байгуулалт яг зогсох дээрээ туллаа.
Ардчилсан намын дарга байна гэдэг, Ардчилсан намын Засгийн газрыг авч явна гэдэг үнэхээр хэцүү ажил.  Ардчилсан нам бол анхнаасаа таван нам нэгдэж “Чи МоАХ, Би Мудняк, Алтанхуяг Соцдек” гэж хэрэлдэж өссөн улс төрийн гурваас таван намын нэгдэл. Дээр нь Ардчилсан хүчний холбоо, ”Нэг ардчилал” гэдэг залуучуудын фракц үүсээд Н.Алтанхуягаас өөр хүн бол авч явахад бэрх олон толгойтой бууран тайлагтай том нам. Харин Н.Алтанхуяг асар их хүлээцтэй парагматек хүн тулдаа өдий хүртэл тараагаад алдчихалгүй сонгуульд оруулж, тараагаад алдчихалгүй нэг хөтөлбөр хэрэгжүүлж, тараагаад алдчихалгүй гол нурууг нь барьж, олон сонгуульд ялж  яваа Ардчилсан намыг хурааж бүтэн явуулж байгаа ”сайн буур” юм даа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж телевизээр  Монголын улс төрд үүссэн энэ  хямралт байдлын тухай сонгогчдодоо ингэж хэллээ. “Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй гэдэг.  Би даанч дээ энэ хэдийнхээ занг хэн нь ямар араншин гаргахыг мэдэлгүй дээ” гэж хэлсэн.  Ардчилсан намын  дарга Н.Алтанхуяг гэдэг буурны занга ч, хэдэн ингэ, ат тасдаж хөөгөөд байдаг Ардчилсан намын бууран тайлагнуудын занг, унах босох зовлон жаргал бүхнийг амталсан энэ Ерөнхийлөгч мэдэхгүй бол өөр хэн мэдэх вэ. Олон жил тэмээн сүргийн манлай явж өнгөрсөн сонгуулиар засуулчихсан МАХН гэдэг өвгөн буур хэнтэй ноцолдох гэж байгааг, МАН гэдэг буурны өнгөрсөн сонгуулиар хазуулсан шарх, сонгуульд  ялагдсаны ороо, өш, хонзон гараагүй байгаа зэргийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон жил тэмээ хариулсан сайн тэмээчин болохоор эднийгээ  мэдэлгүй яахав дээ.

Хоёр. Ерөнхийлөгч буурныхаа занг мэддэг сайн тэмээчин, Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч  сайн буур юм.
Хэнээс нь ямар араншин гарч хоорондоо ноцолдоод байгааг Ерөнхийлөгч сайн мэдэж байжээ. Ардчилсан намын зөрүүдлээд байгаа бүгдийг нь дуудаж ирээд үүрэгдсэн бололтой юм. Ардчилсан намын дур дураараа давхилдсан хуулийн том дарга ханд нь дарагдсан янзтай, УИХ-ын хаалттай хуралдаанд урвагархан сууж харагдсан. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг ч тэмээн сүргийнхээ гол нурууг сайн хураасан юм шиг.  Ямар ч гэсэн Ардчилсан нам дотор тэр дундаа хуулийн байгууллага дотор бий болсон хэрүүл, хараалыг намжаагаад авсан байна. Хэрвээ Ц.Элбэгдоржоос  өөр  Ерөнхийлөгч байж буурныхаа занг мэддэггүй тэмээчин байсан бол өдийд тэмээн сүрэг ч тарчихсан, Х.Тэмүүжин сайд ч огцорчихсон, Засгийн газар ч уначихсан байхыг хэн байг гэх вэ. 1996-2000 онд Ардчилсан намын бүлэг казиногийн гэдэг хилс  хэргээр сайдуудаа шоронд өгөхгүй гэсэн боловч өөрийн гишүүд нь урвасан, бас тэр үеийн Ерөнхийлөгч өнөөгийн Ерөнхийлөгч шиг хамгаалаагүй цааш нь явуулчихсаныг мэддэг хүн цөөхөн байх.  Сайн тэмээчин, сайн буур хоёртой бол тэмээн сүрэг бүрэн бүтэн тэнэгэр говь жаргалтай.

Гурав. Хамгийн дотно итгэлт хүнтэй нь алалцуулдаг харийн технологи

Монгол төрийн гурван өндөрлөг. Үндэсний аюулгүй байдлын гурван дарга, ер нь улс төр хийж явдаг бүх гишүүдэд нэг их харамсалтай мэдээ дуулгая. Би МАН-ын анхны Ерөнхий сайд Бодоогийн тухай ном бичих гэж элдэв өнгийн материал цуглуулж явна. Гэтэл  түүхийн харамсалтай баримт гарч ирлээ. Зөвлөлтийн тагнуулын албыг үндэслэгч, алуурчин Я.Г.Блюмкин, Г.Г.Ягодо гэсэн хоёр тагнуулч зохион байгуулан Бодоо, Шагдаржав, Лувсанцэвээн, Да лам Пунцагдорж нарыг хэлмэгдүүлэн нэг довон дээр Сүхбаатараар буудуулжээ. Ингэж  Ардын намын анхны долоог бие биенээр нь алуулсан байх юм. 1990 оноос хойшхи бүх Ерөнхийлөгч хуучин байсан намынхаа нөхөдтэй муудсан байна. Анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг МАХН-ын нөхөд нь хамгийн их жигшсэн. Н.Багабанди Ерөнхийлөгч, Н.Энхбаяр хоёр яалаа. Нэг ордонд, нэг намд  багтахгүй болсон. Дараа нь Н.Энхбаярт бүүр хүндээр тусаж шоронд орсон, хамгийн ойр тойрныхонтойгоо тангараг нь тонгорог болсон.  Та нар минь үүнийг анзаараач дээ. Аль ч намын ялгаагүй төрийн тэргүүнд гарсан, ялсан бүх нам, Ерөнхий сайдуудад энэ хор үйлчилж байна. Нэр цэвэр нам, нэр цэвэр намын дарга, нэр цэвэр Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, нэр цэвэр улс төрийн хүчин, нэр цэвэр  УИХ-ын гишүүд гэж байхгүй болголоо. Энэ хэнд ашигтай юм бэ. Энэ бол харийн тусгай алба сайн ажиллаж байна гэсэн үг биш үү. Намаас сонгогдсон Ерөнхийлөгч намаа өгөлгүй намын гишүүн хэвээрээ байдаг  тэр цагт энэ заваан технологи алга болно гэдэгт итгэлтэй байна. УИХ өдөржин хуралдаж Ерөнхий сайд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Хууль зүйн сайдаа шоронд өгөлгүй аваад үлдэж чадлаа.
 Ард түмэн нэгэнт Ардчилсан намыг сонгож төрийн гурван өндөрлөгөө өгсөн л юм бол дөрвөн жилд ажлыг нь хийлгэмээр байна.  Дуртай нэг гишүүн дургүй нэг сайдаа огцруулна гэж  элдэв үнэн, худал юм бичиж нийгмээр нь бужигнуулаад сар болохоор Засгийн газар хэдийд нь ажиллах вэ. Хамгийн гол нь монгол төрийг самууруулах харийн технологи яасан аймаар. Түүнийг ойлгохгүй манай улстөрчид бүүр хэцүү.  МАН-ынхан Х.Тэмүүжин сайдыг заавал огцрооно, Засгийн газрыг, төрийг хямраана гэж их өсөрхөж байна. Тэд яасан их заналтай, энэ хаанаас нь гарсан их хонзон бэ.  

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зурагтаар хардаг “Нарантуул” захыг энэ амралтын өдрүүдээр явж үзнэ

Ховд аймгийн Алтай сумын малчин Д.Содгэрэлтэй цөөн хором хөөрөлдлөө.

-Улаанбаатар хотноо “Баялаг бүтээгч залуу малчин” чуулга уулзалт болж байна. Энэ уулзалтад оролцсоноор ямар давуу талыг бүрдүүлж, ямар мэдээлэлтэй болж байна даа?

-Нутаг бүрийн, газар газрын малчид ирсэн байна. Би ч Ховд аймгийн Алтай сум, нутаг усаа төлөөлж ирлээ. Энэ чуулганаар үлийн цагаан оготнотой тэмцэхээс эхлээд цөлжилт, түүхий эдийн нийлүүлэлт, мал арчилгаа төрийн шийдвэр гээд мэдэж болох бүхэнтэй танилцаж байна. Тэр дундаа аймаг хошуудын малчидтай танилцана гэдэг улмаар малын удмын санг сайжруулж, наймаа холио хийх боломжийг нээж өгөх юм. Зуны цагт муухан уяа сойлго оролдож ойр тойрныхоо наадмыг хэсдэг мань мэтэд зүүн зүгийн адуу хэрэгтэй байгаа юм. Энэ мэтийг ч амжуулж болох бололтой.

-Алтай сумаар сонин сайхан юутай байна. Мал төллөж дууссан уу?

-Миний хувьд мянга арай хүрэхгүй таван хошуу малтай. Бүх төлөө хүлээн авчихаад Улаанбаатар хот руу хөдөлсөн. Өнгөрсөн өвөл, энэ хавар тун сайхан байлаа. Цаг тавиу байхаар цагаан оготно үржих хандлагатай. Ер нь хилийн цаанаас оготнын нүүдэл байгаа гэж нутгийн иргэд ярьж байна. Бас элсний нүүдэл гэж ярвигтай асуудал бий боллоо. Нэг хэсэг загийн ой ихтэй, заг элсний нүүдлийг барьдаг байсан ч нэгдэлжих хөдөлгөөний үеэр сургуулийн дотуур байранд заг, гишүүгээ түлээд нэлээд дундалсан. Уг нь үржүүлж ургуулж болдогсон бол загийн ойн аж ахуйг эрхэлж хуучин ургадаг байсан газарт нь суулгамаар байна. Гэхдээ удаан хугацаанд ургадаг учраас асуудал ихтэй гэх юм билээ. 

-Алтай сум бол хил дээр оршдог. Хилийн зөрчил маргаан хэр вэ. Хилтэй холбоотой асуудал малчдад хэр хүндрэл учруулдаг вэ?

-Манай өвөлжөө эх орны хилтэй нэлээд ойр. Харин зусландаа гарчихвал 150 орчим км холдчихдог. Бид л асуудал учруулахгүй бол, мал ахуйгаа хил давуулаад алдчихгүй бол бэрхшээл гэж үгүй. Өвөг дээдэс, аав ээжүүд маань хар хасгийн дайралтын тухай ярьдаг байсан. 1970 он хүртэл хилийн айлууд дайралтад өртөж ихээхэн зүдэрдэг байсан гэцгээдэг. Миний хувьд мал дагасаар 20 орчим жил болж байгаа учраас энэ тухай сайн мэдэхгүй. Миний мал маллаж байхын ямар нэгэн асуудал байгаагүй. 

-Нийслэл Улаанбаатар хотод олон ирдэг үү. Нийслэлийн өнгө төрх ямар байна даа?

-Улаанбаатарт өмнө нь ирж байсангүй. Бид чинь аймгийн төв орохдоо хүртэл бараг хонуут явдаг. Тэгэхээр Улаанбаатар энэ насандаа ирж үзээгүй хүмүүс ч олон. Харин цаашаа Хятадын суурин, тосгоноор  явж наймаа хийх тохиолдол олон байдаг. Гэрийн бүрээс, брезент гээд ахуйн хэрэгцээний эд агуурсаа тэндээс базаачихдаг. Хятадаар явж байснаас биш нийслэлдээ ирж байсангүй гэх үү дээ. 

-Улаанбаатартай хэр танилцав. Хөгжил, соёл ямар байна?

-Ярих юм алга. Сумын төв, Хятадын суурингаас өөрийг үзээгүй, малын бэлчээрээс холдоогүй бидэнд анх ирэхэд тун сайхан санагдаж байна шүү. Хүн ихтэй, машин тэрэг ч ихтэй юм. Шөнийн гэрэл, өдрийн өнгийг нь магтаад л явж байна. Нэгнээсээ хөтөлж явахгүй бол төөрчих гээд хэцүү. Мал гэсээр олон зүйлээс хоцрогдож орхигдож байсан юм. Зурагтаар хардаг “Нарантуул” захыг энэ амралтын өдрүүдээр явж үзнэ. Жаахан бараа базаана. Ирж үзээгүй хэрнээ телевизээр олон удаа харсан барилгууд байна. Бид “Сүнжин гранд” зочид буудалд байрлаж байгаа. Сайхан л юм.

-Хотод газарчлах хүн байгаа биз дээ. Хотод амьдардаг төрөл төрөгсөдтэйгээ уулзаж амжив уу?

-Зарим ахан дүүстэйгээ уулзаж, золголоо. Олон жил уулзаагүй хамаатнууд ч олон байна. Ирэх долоо хоногийн лхагва гариг хүртэл үлдсэн хамаатнуудтайгаа золгож хоттойгоо сайн танилцаад буцна даа. 

Л.МӨНХ  

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ачигч машинд мөргүүлсэн хүүгийн бие тааруу байна

-“UMT” КОМПАНИЙН
ЖОЛООЧ МАШИН АЧИХ ГЭЖ ЯАРАХДАА ГАРЦААР ГАРЧ ЯВСАН ХҮҮХДИЙГ МӨРГӨСӨН БАЙНА-

Машин ачилтын “UMT” компанийн жолооч дунд сургуулийн хүүхдийг дайрч
хүнд гэмтээсэн хэрэг энэ сарын 7-нд гарчээ. Осол Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр
“Их Засаг” дээд сургуулийн зам дээр 15:40 цагийн орчимд гарсан байна. Авто машинд
дайруулсан хүүхдийн биеийн байдал тааруу байгаа гэнэ. Мөргүүлэхдээ гурван метр гаруй
хол шидэгдэж, тархи, нуруу, цээж, хөлөндөө хүнд гэмтэл авсан байна. Мөргүүлснээсээ
хойш ухаан ороогүй байгаа аж. Хэд хэдэн мэс засалд орох шаардлагатай ч хүүгийн зүрх
ачааллаа даахгүй байгаагаас үүдэн мэс засал хийх явцад ямар нэгэн хүндрэл гарах
магадлал маш өндөр байгаа гэнэ. Иймд эмч нар болгоомжтой хандаж байгааг эх сурвалж
онцолж байлаа. Машин ачилтын автомашинд мөргүүлсэн хүү “Их засаг” лицей сургуулийн
13 настай  Б гэх сурагч ажээ.  

 Ослын талаар албаны эх сурвалжуудаас
авсан мэдээллээр “UMT” компанийн ажилтанд “Машин ачих хэрэгтэй байна. Хурдан ирээрэй”
гэх дуудлага ирсэн гэнэ. Ирсэн дуудлагын дагуу явах үед “Их засаг” дээд сургуулиас
Сансарын чиглэлийн зам битүү  түгжрэлтэй байсан
аж. Харин эсрэг урсгалын зам ачаалалгүй байжээ. Тиймээс урсгал сөрж явахдаа зам
хөндлөн гарч явсан хүүг дайрч хүнд гэмтээсэн юм байна. Осол гарах үед  байсан гэрчүүд “Хүүхэд явган хүний гарцаар зам
хөндлөн гарч явсан. Машин байхгүй байсан болохоор тайван алхаад л гарч байсан. Тэгтэл
гэнэтхэн машин ачдаг “Маяти” маркийн машин хурдтай орж ирээд хүүхдийг араас нь мөргөсөн.
Машинд мөргүүлсэн хүүхэд агаарт шидэгдээд их хол ойчсон. Хамар, ам, чихнээс нь цус
гараад ямар ч хөдөлгөөнгүй болчихсон байсан. Түгжрэлтэй замаар явж байсан жолооч
гэнэт эсрэг талынхаа зам руу орж ирээд л мөргөсөн” гэж мэдүүлжээ. Хэргийг Баянзүрх
дүүргийн Замын цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна. “UMT” компанийн
98-32 УНС улсын дугаартай автомашины жолооч Г-т Замын хөдөлгөөний дүрмийн 8.4 заасан
заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

 ЗУРГААН НАСТАЙ, ХОЁР САРТАЙ ХҮҮХДИЙГ МАШИНТАЙ НЬ “АЧИЖ”  БАЙСАН БОЛ СҮҮЛДЭЭ ОСОЛ ГАРГАДАГ БОЛЖЭЭ

 Машин ачигч компаниудын талаар
иргэдээс санал гомдол олон ирдэг. Одоогоос хоёр сарын өмнө хоёр сартай хүүхдийг
машинтай нь хамт “журамласан” хэрэг гарсан. 
Ээж нь хүүхдээ унтуулж орхиод хүнсний дэлгүүр ороод гараад ирэх хооронд нь
машинтай нь ачаад явчихсан байсан гэдэг. Дээрх хэрэг явдлын өмнөхөн зургаан настай
хүүхдийг машинтай нь журмын хашаанд хийсэн тохиолдол ч гарч байсан. Иргэдээс “Машинаа
тавиад гурван минут ч болоогүй байхад ачилтын компанийн ажилтнууд аваад явсан. Ачиж
эхлэнгүүт нь очихоор хурдхан шиг ачаад хаана буулгах гэж байгаагаа ч хэлэлгүй зугтаачихдаг”
гэсэн гомдол ирдэг байна.  Машин ачигчид мөнгөний
төлөө ингэж л ажиллаж байна. Бүр сүүлдээ машин ачиж мөнгө олохын тулд замын дүрэм,
журмыг зөрчиж, хичээлээ тараад явж байсан хүүг хүнд гэмтээлээ.

 Э.БААТАР  

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баярцогт гишүүний хэлсэн үгний хариуд АН-аас мэдэгдэл гаргав

Ýäèéí
çàñãèéã èäýâõæëèéã íýìýãä¿¿ëýõ çàðèì àðãà õýìæýýíèé òóõàé òîãòîîëûí òºñëèéí
ýöñèéí õýëýëö¿¿ëãèéã ÷óóëãàíû íýãäñýí õóðàëäààíààð õèéõ ¿åýð Ñ.Áàÿðöîãò
ãèø¿¿íèé õýëñýí ¿ã îëíû àíõààðëûã òàòààä áàéãàà áèëýý. Ò¿¿íèé “Àðäûí íàìûã ýíý
Çàñãèéí ãàçàðò óðèõ õýðýãòýé” ãýõ çýðýã ¿ã õýëñýíèéõ íü òºëºº Àðä÷èëñàí íàìûí
ç¿ãýýñ ìýäýãäýë ãàðãàæýý. Óã ìýäýãäýëä “Ардчилсан нам 2012 оны УИX-ын
сонгуулийн үр дүнгээр ИЗНН болон МАXН-МҮАН-ын “Шударга Ёс” эвсэлтэй хамтарч
“Шинэчлэлийн засгийн газaр”-ыг байгуулан ажиллаж байгаа билээ.  УИX-ын
2014 оны 05 сарын 08-ны өдрийн чуулганы xуралдаан дээр гишүүн С.Баярцогтын
“…үндэсний эв нэгдлийн Засгийн газар
байгуулаx” туxай хэлсэн үг нь xэлэлцэж буй асуудалтай xолбогдуулан өөрийн үзэл
бодлоо илэрxийлсэн xувь гишүүний байр суурь бөгөөд Ардчилсан Hамын албан ёсны
байр суурь биш болоxыг xариуцлагатайгаар мэдэгдэж байна” ãýæýý.

 

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Цэнхэр униар дунд талстах цагаан сувд DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2011 ОНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Хөх пансан хөшиг шиг униар дундаас
чанх дээшээ пуужин харвах гэж байна уу гэмээр сонин бодол төрөх ажгуу. Дундаа ямар
ч завсар зайгүй жижигхэн талбарт нүүр нүүрээрээ наалдан байж, улам л өөдөө дүүлсэн
нарийн шовх барилгуудыг нь харах бүрийд тийм нэг сэтгэгдэл тархинд харвана. Үндсэндээ
бодол санаа жингүй­дэж, сайхан гэгч уртаар амьсгал авмаар санагдаж байгаа хэрэг
ээ.

Онгоцноос буухуйд л хүлэг морин адил
угтаж авсан шар автобус маань уухилсаар байгаад ноёлог уулсын оргилд гараад ирлээ.
Азийн цагаан сувд Хонкон­гийн хамгийн өндөр цэг дээр хүрч ирсэн минь энэ.

Тэрхүү тэгш өндөрлөгөөс л сүүлийн
он жилүүдэд эдийн зас­гийн хөгжил, бүтээн байгуулал­таараа дэлхийд тэргүүлж, цээжний
морьд шиг өнгөлж яваа уг орныг бүрэн тольдох боломжтой ажээ. Унаа минь өнөөх өндөр
уулыг хэдэнтээ бүслүүрдэн ороож, нарийн замаар тэлүүрдэн зүтгэсэн. Хажуугаар машин
өнгөрөх нь яг л шүргэчихэж байгаа юм шиг санаг­дана. Зам нь тийм нарийн. Энгийн
олон барагтай л бол уг өндөрлөг рүү зүтгэдэггүй гэсэн. Учир нь нарийн зам дээр шүргэлцэх
юм уу, ямар нэгэн аваар хийхэд оргил руу зүтгэж байгаа бүх машин нам зогсох аж.
Хэргийн эзэн бараг л толгойгоо тасдуулахаас наагуур юм болдог гэнэ. Төлбөр тооцоо
нь ч санаанд оромгүй өндөр. Тэнд бол жуулчид л автобус хөлөглөөд очно.

Үндсэндээ жуулчдын заавал үзэх газрын
нэг тэрхүү ноёлог сайхан уул бөлгөө.

Уул гэхээр манайхан алсаас дүнхийж
лүглийсэн уулс шигээ бодож байж магад. Гэвч хонконг­чууд уулыг үнэндээ “амьтан”
болгосон байгаа юм. Дундуур нь нүхлэх, ар өврөөр нь жимбийтэл байшин барилга сүндэрлүүлэх
бол наад захын асуудал даа. Ер нь арлын орныхны амьдрал тийм билээ. Жинхэнэ ногоон
хот, ногоон байгууламж, ногоон ирээдүй гэж үүнийг л хэлэх байх гэх бодол өөрийн
эрхгүй төрж байв. Түмэн зүйлийн цэцэгсийн содон сайхан үнэрт илбүүлж, нов ногоон
мөчир дээрээс нисч буух шувуудыг харахуйд гэгээн тунгалаг орон зайд яалт ч үгүй
умбана даа. За тэгээд үзэж харах зүйл мундахгүй. Орон орноос ирсэн залуустай цуг
л туугаад байна шүү дээ. Дэлхийн алдартай одод, нэр­тэй удирдаг­чидтай тэнд нэг
уул­заад авна. Ухаандаа Барак Обама­гийн ширээнд тухалж, утсаар нь ярьж, Жорж Буштай
гар барьж, Мерлин Монротой патераа та­туулж, Дэвид Бэкхэмтэй хөлбөмбөгийн ногоон
тал­байд өрсөлдөх эрх олдож байгаа хэрэг.

Шөнө оройхон буудлаасаа гарлаа. Гол
зорилго маань ганц нэг пиво уух санаатай. Төөрч будлиад балрах вий гэсэндээ бидний
хэсэг залуус түр орогнож байгаа гэрээсээ холдохыг бодсонгүй. Тэрүүхэнд байх нэгэн
уушийн газар орлоо. Шөнийн 00:00 цагийн үед юм. Мухлаг адил жижиг, жижиг өрөө­нүүдэд
хүн пиг дүүрэн. За даа, нөхдүүд ч нам авч байна даа гэсэн юм бодтол бүгд хоол идэж
байна. Манайхаар бол үдийн цайндаа орж байгаа мэт хоолыг таваг тавгаар нь гөрж байна
шүү. Шар айраг шимж суугаа хүмүүс олны дунд бас чиг байх юм аа. Харин бид хэдийг
нэг дор захиалга өгөхдөө арваад “шил”-ийг авч байхыг хараад зарим нь гайхаа байлгүй.

Уушийн газрын эзэн шар халимаг­тай
эмэгтэй. Үйлчлэгчдээ хятад аялгатай хэлээр жаахан зандрангуй. Наашаа хандахдаа англиар
яриад туяарангуй. Шар халимагаа гялалзтал тосолчихож. Үснийх нь тос нүүрэнд нь тунараа­гүй
байлтай, нүүр ам нь бас л гялтганаад. Мань хүн шөнө арван хоёр цагт ороход ямар
нэгэн зүйл идэж байсан, гурван цаг орчим суугаад гарахад ам нь бас л завгүй байв.
“Та хэд Японоос ирсэн үү” гэж асууж байсан. Ер нь хонконгчууд ихэвчлэн Японых уу
гэж асуугаад байсан шүү. Бид шар айрагтаа жаахан халамцсан ч байх. Учир нь нэгэн
дуугаар далайн эрэг дээр очъё, бараг л далайд сэлнэ гэх нь холгүй гадуур багагүй
сэлгүүцсэн. Гайхалтай нь буудлын ойр хавьд далай байгаагүй л дээ. Тэгээд яахав,
сүүлдээ эцээ биз. Савлуур дээр сууж доторх халуунаа бага ч болов гадагшлуулаад
“Regal” бууд­лынхаа зүг алхсан даа, хөөрхий.

Амрагчид нэг давхрын ресто­ранд өглөөний
цайгаа ууна. Төрөл бүрийн хоолноос юу дуртайгаа сонгох буюу. Арван хэдэн давхар
буудалд хэдэн зуун хүн байрлаж байгаа нь тодорхой. Цайны цагаа­саа жаахан хождонгуй
ороход зарим үед суудал ховор. Гадны­хантай хамт сууна. Нэг өглөө энэтхэг хоёр бүсгүйтэй
суудал зэрэгцэж таарлаа. Бие галбир тэгш сайхан, дөлгөөхөн хар нүднээс нь ухаарал
гэрэлтсэн, тийм нэг гоё “амьтад” байв. Хоорондоо хаа нэг шивэр авир хийх юм. Би
ямар ойлгох биш. Цай, кофе авахаар босоход араас нь ширтэх л харин аятайхан шүү.

Тийн суух ахуйд хоёр хоногийн өмнө
усан онгоц дээр тунгалаг нүднээсээ нулимс унагаж, гуниг гутралаа дааж ядахдаа далай
руу үсрэх гэж зүтгэсэн турьхан бүсгүйн дүр төрх нүдэнд харагдаж байлаа. Зэргэлдээ
ширээнд хар арьст хоёр бүсгүй, цагаан арьст хоёр залуугийн хамт цайлж суув. Энэ
тэрийг ярилцан инээд цацрааж суусан нь их л жаргалтайн шинж. Залуу хосууд гар гараасаа
барил­цахыг нь ажихуйд алаг эрээн бөмбөг шиг л харагдаж байлаа. Бүсгүйчүүдийнх нь
буржгар үс шанх түүшээ дагаж намирсан нь даанч нэг анзаарагдахгүй дээ. Харин амраг
залуу нь бүсэлхийгээр нь тэврэх бол өөр. Хар берзинтэн гэрийг цагаан шар бүслүүрээр
ороосон юм шиг тодоос тод.

“МИАТ” компанийн Хонконг дахь төлөөлөгчийн
газрын менеже­рүүд зав л гарвал “За та хэд шопинг хийх үү” гэнэ. Зочид “тэгье” л
гэнэ. Тэгээд л гарч өгнө дөө. Олны хөлгүй урсгалд залуургүй завь шиг явах нь бий.
Тодорхой нэгэн газрын үүдэн дээр цаг товлож, эргэж уулзах болзоо тавиад тал тал
тийшээ бутарч одно. Цаг болоогүй байгаа, болзсон газраа эргээд олох байгаа гэсэн
бодол бүгдийнх нь сэтгэлд хадаатай боловч дэлхийн олон арван орны мянга мянган хүн
зөрж өнгөрөх үйлчилгээний газрын хаалгыг татсан л бол хэсэгтээ ухаанаа алдана. Манайхаар
бол “Нарантуул” зах шиг газар том том брэнд дэлгүүрүүдийн ойролцоо байх аж. Захаас
нь худалдаа хийхгүй бол өнөө брэнд дэлгүүрээс нь санаснаа авна гэдэг бэрх. Үнэ гэдэг
нь талийж өгнө шүү дээ. Захынх нь гудамжны үзүүрээс нэг л атгасан бол хөлгүй их
далайд тэр чигээрээ умбалаа гэсэн үг.

Өнөө болзоо молзоо ор тас мартагдаж
байгаа юм. Гэхдээ тэр ирсэнгүй гээд нэгийгээ хүний нутагт хаяад явахгүй нь дамжиггүй.
Хонконгийн зах чинь үнэ өртгөө буулгана гэдгийг харин ч нэг үзүүлж өгдөг юм байна.
Эхлээд хэлсэн үнээр нь худалдаа хийгээд байсан маань буруудлаа гээд явсан газрынхаа
сониныг дуулгана даа. “Нэг нөхрөөс үүнийг сонирхтол хоёр зуун хонконг доллар гэдэг
юм. Үнэтэй байна гэсэн чинь өөрөө хэдэд авах юм гэв. Тэгэхээр нь тавин доллар гэлээ.
Уурлаад тооныхоо машиныг шидчихдэг байгаа. Цаашаа эргээд явтал араас ирж зүүгдээд
жараар ав даа гэсэн дээ” хэмээх яриа буудлаа зорих замд өрнөж байлаа.

Ч.Дэлгэрцэцэг хэмээх бүсгүйтэй Хонконгийн
төвөөр түр алхлаа. Өмнө нь Швейцарьт амьдарч байгаад хоёр жилийн өмнө арлын энэ
оронд хөл тавьсан гэнэ. Тэрээр Монгол орноо ихэд санаж буйгаа, багадаа урлаг соёлд
тун сонир­холтой уран нугардаг, хөгжим тоглодог байснаа дурссан. Манай сониныг ихэд
таашаадаг, болж өгвөл интернэтээр уншдагаа хэлсэн юм. Ер нь намайг “Өдрийн сонин”-ы
сэтгүүлч юм байна гэдгийг нэрийн хуудаснаас минь мэдчи­хээд их л нааштай хандаж,
амьдарч буй хотынхоо сонин хачнаас мэдэх бүхнээ л ярьсан билээ.

Задгай хоолны газраас би шар айраг,
мах, ороомог маягийн зүйл авч, мань хүн хүйтэн ундаа шимсэн шигээ хол ойрыг хуучлав.

Түүний ярианаас ямар нэгэн нэмэр хачиргүйгээр
хүргэе л дээ. “Цэнхэр униар татаад, болортон тунгалагшаад гээд өөрөө их уянгын зүйрлэж
хэлэх юм. Ингэж саарал­таад байгаа чинь униартаад, манантаад байгаа зүйл огтхон
ч биш ээ. Энэ бол утаа юм. Гэхдээ манай Улаанбаатарын утаа шиг хоолой хорсгохгүй.
Хятадын үйлдвэрлэлийн томоохон цөм нь болох Гуанжу муж эндээс холгүй байдаг. Тиймээс
тэрхүү үйлдвэр­лэлийн утаа тортог нь наашаа ирж агаарыг бохирдуулж байгаа хэрэг.
Хонконгчууд агаарын бохирдлын тухай сүүлийн үед их ярьж байгаа. Томоохон бодлого
ч хэрэгжүүлж байгаа. Хоёр жилийн өмнө би анх ирчихээд цэнхэр манан татсан хот байна
даа гэж бодож байв. Яг үнэндээ үгүй юм билээ” гэв.

Мөн тэрээр нэг зүйлийг ихэд бухимдангуй
ярьсан юм.

Чухам юу вэ гэвэл нэг хятад хөгжимчин
өөрийгөө монгол гэж олонд зарлаад, Хонконгийн нэгэн театрт юм уу даа тоглолт хийсэн
аж. Дээгий монгол хөгжимчний тоглолт гээд ихэд баяр баяс­галантай, ажил алба бүх
зүйлээ орхиод очжээ. Тэгээд ой нь гутаад, өнөө тоглолтыг нь шууд орхиод явсан гэнэ.
Тэнд байсан бүх хүмүүс Монгол гэж л ойлгож байгаа. Ийм урлагтай, тийм нэг ядмагхан
ард түмэн л гэж бодно ш дээ хэмээн чин сэтгэлээсээ хэлэхэд хоолой нь зангирч байсан.
Тэрхэн агшинд харь нутагт суугаа залуу бүсгүйг өөрийн эрхгүй өрөвдөх сэтгэл төрж
байлаа.

Ази тивдээ “Дэлхийн улс” гэж өөрсдийгөө
цоллох дуртай, түүндээ ч бүрэн дүүрэн хүрч чадсан Хонконгт цөөн хэд хоносон тэмдэг­лэлээ
тоймлон хүргэхэд ийм байна. Нисэх онгоцны буудал руу өнөө л шар автобустайгаа галигуулж
явахад далай зөөлнөөр давал­гаалж, усан онгоцууд зөрөлдөн, цонх бүрээсээ хувцас
хунар зүүлттэй, ойроос анзаарч харсан хүнд нэвсийсэн мэт санагдахаар байшин барилгууд
нь ард хоцорч байлаа. Цагаан саарал униар дунд цагаан сувд хот үлдэж байгаа нь энэ.
Дөнгөж ирсний шөнө далайн хөвөөн дээр сувдран талстаж байсан тийм л өнгө жавхаагаар
сэтгэлд минь үлдлээ дээ, Хонконг.

Н.ГАНТУЛГА
Улаанбаатар-Хонконг-Улаанбаатар