Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Магнаг үсэг мандуулахаас өөр шинэчлэх юм алга уу?

Эртээр заалны овоо томоохон барилдаан дээр аваргыг  хоёрын даваанд аймгийн начин тэрий хадтал нь шидэж орхив. Одоо чинь бөх бүдүүн өвсөнд бус өвс болгонд бүдэрч мэдэхээр болж шүү. Үндэсний бөх сонирхогчийн хүрээнээс аль хэдийнэ хальж улам мэргэжлийн түвшинд хүрч түрүүчээсээ барилдаад сурчихчээ. Бөх байхаар байгалиас заяагдсан бяр чацтан хийгээд ямар ч бөхийн удамгүй ялимгүй нуруулаг залуу хоёр ана мана үзэлцэж цагаан сараар үзүүр түрүү булаацалдаад байгаа нь багш зааж шавь сурсны хэрэг гарч буй нь тэр. Хэн гол чухал юмаа түрүүлээд сурчихаж байна тэр зах зээлийн өрсөлдөөнд өнгөлдгийн наад захын жишээ энэ юм. Миний одоогийн үндсэн ажил бол бөх барилдах гээд том цүнх үүрсэн залуус, охид урдуураа улаан хөлтөн гаргахаа байж тив дэлхийд хүртэл эрэмбээ тогтоогоод буй нь сайхан л байна. Нийгэм, эдийн засгийн бусад салбарууд чухам үүнээс санаа аван тус тусын мэргэжил боловсрол руугаа зөв, хүчтэй довтлох хэрэгцээ мөн ч их байна даа. Гадуур хөгжил хурдсах тусам бидэнд мэдэхгүй, чадахгүй юм дороосоо л ундраад байх. Тэр тоолонд аргаа бараад англи, америк, япон мэргэжилтэн дээр очиж царай алдах юм даа. (Үндэсний бөх хурдны морь мэтхэнээс бусад дээр)

Гэтэл наад боловсролын тогтолцоогоо солиочээ гэхээр аль ч нам эвсэл ялгаагүй дэмий л үймэлдэж байснаа таг чиг болцгооно. Юм хийж сураагүй, чадахгүй хүмүүс гол ажлаа барьж авахгүй худлаа яриад тойроод бултаад байдаг араншин энэ салбарт бүр бугшчихсан. Манай одоогийн боловсролын тогтолцоо ерөнхийдөө эрдэм мэдлэгт хэрэг болж магадгүй элдэв “багаж хэрэгсэл”-тэй танилцахад чиглэгдсэн. Тэрнийгээ зарим салбар онол гэж өргөмжлөхийг нь яана. Үлгэрлэвээс хөрөө, харуул, хүрз гэж юу болох талаар хамаг цагаа барчихаад  төгсөхийн даваан дээр гэрийн тооно, ханыг иймэрхүү маягаар хийх байх гэж сулхан бувтнаад хоёр яс салцгаадаг. Тухайн цаг үедээ сурагч багш хоёуланд нь иймэрхүү маягийн сургалт амар хялбархан тул хэл ам гардаггүй.

Төр засгаас одоо хуучин монгол бичиг сурах тухай “Маш чухал” арга хэмжээ авах нь. Тэнд гадаад ертөнц газар ухахад эксковатор удаан юм гэж байхад энд бид хүрз жоотуу хэрэглэх тухай хууль санаачлаад уналаа. Юун уйгаржин Монгол. Тэрнээс наана наад Кирил үсэг гэдэг “багаж”-ийг чинь орос тосгоноос өөр газар хэрэглэхээ больчихоод байхад чинь. Аливаа асуудлыг бүхэлд нь тоймлон харж чаддаг сийрэг толгойтнууд хүчин мөхөсдөж, эрдэмтдийн хэт явцуу чармайлт хүрээлэлд боловсролын тогтолцоо хүлүүлчихсэн мэт харагдана. Тэр явцуу өчүүхэн жим дээр нэмээд хувийн эрх ашгийн сонирхол хавчуулаастай гээч.

Энэ бичиг үсэг тайлагдах, аливаа гадаад хэл сурах, компьютер эзэмших, нэр томьёо цээжлэх, түүх гарал үүслээ мэдэж авах нь эрдэм сурахын өмнөх оршил буюу тэр чигийн багаж хэрэгсэл төдий зүйл гэж л ойлгодог ш дээ. Онгоцны нислэг эхлэхийн өмнө үйлчлэгч хүүхэн аюулгүйн баахан заавруудыг  дохио зангаа оролцуулан танилцуулдаг дотоод дүрэмтэй. Тэрнийг нь сонсож тогтоогоод “онгоцоор ниссэн”-д тооцоод буугаад явчихтай адил өөрийгөө, өрөөлийг хуурцгаах юм. Энэ нь “хүнд үзүүлэх юм”, “диплом”, “дүн” гэх өнөөгийн амьдрал, зах зээлийн нийгэмд хэрэггүй үзүүлэлтүүдээр илэрдэг.

 Хөдөлмөрийн багаж зэвсэг эзэмших тал дээр бол Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн гуай нар шиг бичгийн мэргэжилтэн болох гэж байгаа бол уйгар бичиг сурахаар барахав. Аа харин хууль, улс төрийн мэргэжлээр дамжин дарга удирдагчид горилоход тань наад “хуучин монгол”-той, халтар хултар англитай  болсон нь чиний хувийн л асуудал. Ажил олгогч таныг хүлээж аваад аль зэрэг бүтээлч нөхөр вэ гэдгийг тань л сонирхоно. 

Хэт их хүн амтай улс орнуудын боловсролын бодлого, тогтолцоо жирийн иргэдийн хувьд биднээс илүү хатуу харгис юм билээ. Тэрбум, зуу хол гарсан сая ард түмэнтэй Хятад, Япон нь ил зарладаггүй болохоос яалаа гэж бүх хүнээ “ухаантай туулай” болгохыг чухалчлах вэ дээ. Цөмөөрөө суралц, үндэснийхээ бичиг үсгийг бүү март гээд ханз үсгээр нүдэж өгнө. Бусад академик боловсролыг тоглоом хэлбэрээр заана. Ингэлээ гээд ард түмэнд  хэл ам хийх шалтаг олдохгүй. Боловсролын эхний гараан дээр олонх нь ном эрдэм сурах ч там юм байна гээд залхаж ажлын мал болох зам нь шуудардаг. Харин шигшигдэж гарч ирэгсэд болон дээдсийнхний хүүхдийн сурдаг сургууль ном бол тусдаа. Жижиг орны  ерөнхий бодлого бол хүн бүрээ байг гэхэд сэхээтэн бүр нь мэргэжлээ нэн оюунлагаар эзэмшсэн  хэрэгцээ л тэр санаа зовоод байгаа үндэсний аюулгүй байдал гэгчийг нь хангах байх. Эрүүл мэндийн салбарт гэхэд л хэдхэн  дотрын эмч, нэг бариач байхад л хаваасаг гэж болдоггүй. 

 Чаддаг юмаараа бусдыг боож чангалаад байхаар юутайсан билээ бид чинь. Өвөр монгол малчнаас өөр бид өөрсдөө ч хэрэглэхээ болиод удаж байгаа уйгар бичиг нь Японд эрэл сурал болоод байгаа газрын ховор элемент гэдэг ашигт малтмал шиг үнэт зүйлсэн бол өөр хэрэг. Эрх чөлөөт ардчилсан нийгэмд өсч торниж байгаа одоогийн залуусыг ажиглаад л байхад өвөө эмээ дээрээ хөдөө гарч малчин болох, жижиг орны иргэн нь байх ёстой л амьдын там бололтой дэгээ. Монголоор ярина, дээл өмсөнө, одоо бас монголоор бичих юм гэнэ. Золигнуудаас ингэж хэлээд овоо гайгүй хэсэг нь өнөөдөр сум аймгаасаа маргааш эх орноосоо цуваад гараад явчих гээд байна.

Юм сурчихсан байхад илүүдэхгүй гэдэг их л завтай хүний номлол байх. Дотоод гадаад зах зээлд дорвитой өрсөлдөж чадахуйц мэдлэг мэргэжил цаг алдалгүй эзэмших гээд яарч байхад хажуугаар нь арай л хуучин нийгэм шиг үзэл суртлын хичээлээр бөмбөгдөх нь холгүй байх юм. Ялангуяа бичиг үсэг түүн дотор худам монгол бичгээр алдаагүй зөв бичихийн тулд багагүй цаг зав гаргах шаардлагатай. Энд аягүй бол жирийн ард түмний хүүхдийг эрдэм номоор зориуд залхаах гэсэн хорон санаа ч явж байхыг үгүйсгэхгүй.  “Уул” гэхийн төлөө “Эгүл” гэж бичээд “Агула” гэж унших ч одоо дүүрч. Ихэнх үгнүүдийг оньсого таах маягаар тайлдаг нь ядаргаатай. Дээрх үгийг л гэхэд мань шиг мэдрэл нь “агуул, хадгал, эгүүл буцаа” аль нь юм бол гээд бодоод суучих нь. Дүрмэн бус домгон тайлбар зонхилсон мөн ч адармаатай эрдэм дээ. “Эртний Чингэсийн монголчууд болбоос энэ үгийг ийн хэлдэг байсан амой…” Энийг сураад Монгол Улсад хэрэгтэй л юм байж. Тэгвэл хувь хүний амьдралд шинэ, хуучин, латин матин баахан бичиг үсэг тархи руугаа чихэх нь яг ямар ашигтай юм.

Төв Азийн газар нутаг дээр анх Ү зуунд Түрэгүүд финик бичиг дэлгэрүүлж түүнээс согд, согдоос уйгаржин бичгийг ХIII зуунд монголчууд хэрэглэсэн түүхтэй. Хожим Хубилай хаан Пагва ламаар дөрвөлжин үсэг зохиож уйгарыг голох эхлэл тавигдсан. Дундад зуунд Цоож Од-Сэр нэлээд шинэчилсэн бол Заяа Бандид Намхайжамц бүр сольж тод бичиг гээчийг дэлгэрүүлээд хамгийн сүүлд Занабазар соёмбо үсэг зохиосон боловч ярианы хэлтэйгээ авцалдаж өгөөгүй. Ингэж ихэс дээдэсүүд өөр хоорондоо тусдаа хэл зохиогоод эгэл олонд уйгаржинг үлдээсээр ирсэн ухаантай юм аа даа. Их нарийн яривал Уйгаржин нь Монголын төрийн албан ёсны бичгээр 1911-1940 он хүртэл л байсан юм бишүү? Эсвэл бүр 1921-1931 оны хооронд ч юм уу. Богдын түвд, Бодоо Данзантны латин үсгийг яахав. Бусад цаг үед Хубилайн Пагва дөрвөлжингөөр хэдэн ч жил юм,манжаар 300 жил, Занабазарын соёмбоор гэхчилэн уйгаржинтай байсан хугацаа танагдаад байгаа юм. Ардын намын журамт цэргийн “Магнаг үсэг” гэж бас юу байна.    

1930-аад онд Зөвлөлт засаг бүрэлдэн тогтоход 200 орчим үндэстэн ястанг дундаа нэг бичигтэй болгох хэрэгцээ оросуудад гарч иржээ. Тэр нь латин үсэг байсан боловч сурц маш удаан байлаа. Манайх ч бас дуурайсан байдаг. Энэ үед орныхоо бус хүний тоогоор эртний Грекээс гаралтай ах дүү Кирил ламтны зохиосон бичгийг илүү уншаад байхаар нь Зөвлөлтүүд кирилд шилжжээ. Угсаа нэгтэй зүүн Европын славууд болох Орос, Болгар, сербичүүд кирилтэй байсан нь ч нөлөөлсөн биз. Дэлхийд тогтсон хоёр лагерь системийн өрсөлдөөн бас бус шалтгаанаар төд удалгүй латин бичигтнүүд кирилийг гүйцэн ирж бүр даваад явчихсан юм билээ. Манай хувьд орос ах нараа дагаад 1945 онд кирил үсгийг албан ёсоор зарласан. Өмнө нь 1941 онд Ц.Дамдинсүрэнгээр дүрэм зохиолгосон. Цэдэнбал түүний сургагч Приходов, Сидоров нар “ь,ъ” тэмдгийг яагаад хасч байгаа юм гэж загнасаар байгаад буцааж оруулан харин дээр нь “ө,ү” үсгийг нэмэхийг нь зөвшөөрснөөр 35 үсэгтэй монгол хувилбар бий болжээ. Ингээд 1950 он гэхэд 60 хувь, 1956 оноос 90 хувь нь бичиг үсэгтэн болцгоож соёлжсон юм. Өнөөдөр кирил үсгийг Орос, Монгол, Болгар гурав л хэрэглэж байх шив дээ. Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан стан орнуудаас Беларусс, Украйн, Казах за дээр нь  Оросын бүрэлдэхүүнд явдаг Чукча, Тува, Халимаг, Саха зэргийг хамж нэмсээр 30-аад үндэстний тоо гаргаж, кирилийг дэлхийн дөрвөн том бичигний нэг гэж сурталчилдаг. 

Манай хувьд одоо хоёр хөршийнхөө аль ч бичгийг дагалгүй өөрийнхөө уугуул үсгээ сэргээх эсвэл дэлхийтэй хөл нийлүүлэхийн тулд латин руу орвол ч орчихоор ханхалзсан эрх чөлөө ч байна л даа. Энэ нь тэгээд цагаа тулахаар манай уугуул бичиг мөн л байдаг байгаа даа. Хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах орон гээд айхтар хэл амтай хэрүүл тэмцэлтэй хөрш бий. 

Монголчуудын оюунлагаар амьдрах чадамж  харанхуйгийн жишээнд байнга ордог байсан хэдэн бөхийнхөө хэмжээнд ч хүрэхээ байчихлаа. Сумын бөх улсын хэмжээнд ноцолдож, жудоч охин дэлхийн шилдгүүдийг төвөггүй дийлдэг болтлоо  зорьсон эрдмээ сурч, сурснаа хэрэгжүүлж байна. Гэтэл манай улстөрчид, эрдэмтэд “Магнаг үсэгтэй тугийг магнай дээрээ мандуулах”-аар  РR-даж хийх ажлаа олж ядна. Боловсролын салбарт энэнээс өөр шинэчилчихмээр юм алга уу?

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт 16 хэм дулаан

Ихэнх нутгаар үүлэрхэг. Говийн ихэнх нутаг, төвийн нутгийн өмнөд хэсэг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 15-17 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус дулаан, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Обама Европт айлчилж, ОХУ-ын эсрэг байр суурийг улам бэхжүүлнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама энэ сарын 3-ны өдрөөс эхлэн Европын гурван улсад айлчилна. Тэдгээр улс болон Европын бусад улсад Украины асуудалтай холбогдуулан Оросыг шахах бодлогоо үргэлжүүлэхийг шаардах болно гэж “AP” агентлаг мэдээлэв.
 Ерөнхийлөгч Б.Обама Польш, Бельгид айлчилсны дараа Брюссель хотноо болох “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоод, дараагаар Парист очиж Францын Ерөнхийлөгч Ф. Олландтай уулзах юм. ОХУ Украины хилээс цэргээ татсан боловч Украины зүүн нутагт хүчирхийлэл үргэлжилж байгаа үед шинээр сонгогдсон П.Порошенко нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй үед Б.Обамагийн Европ дахь айлчлал болж байгаа нь онцлог юм. Украины асуудалд зарим нэг ахиц гарсан боловч, ОХУ нөхцөл байдлыг намжаах ямар нэг арга хэмжээ авахгүй байна гэж АНУ үзэж байгаа билээ. Брюсселийн “Их-7”-гийн уулзалт бол Украины асуудлаар Сочигийн “Их-8”-ын уулзалтыг цуцлан Оросоос бусад долоон улсын зохион байгуулж буй дээд хэмжээний уулзалт юм. Б.Обама энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар Европын орнууд ОХУ-ын талаар нэгдсэн байр суурьтай байгаасай гэж найдаж байгаа. Түүнчлэн “Их-7”-гийн уулзалтаар Европыг Оросын байгалийн хийн хараат байдлаас ангижруулах арга зам болон Орост авах нэмэлт хориг арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэх бололтой. АНУ, Европын Холбоо өнгөрсөн хугацаанд Оросын пүүс компани, Ерөнхийлөгч В.Путины хүрээлэлд хориг арга хэмжээ авч ирсэн бөгөөд цаашид тус улсын эдийн засгийн гол цөмд илүү чиглэсэн хориг арга хэмжээ авна хэмээн сүрдүүлэх болсон. Гэхдээ ОХУ-тай эдийн засгийн салшгүй нарийн харилцаатай Европын орнууд Оросын эдийн засгийн цөмд чиглэсэн хориг арга хэмжээ авах тал дээр маш хянамгай хандаж байгаагийн дээр Украины асуудлаар зарим нэг ахиц гарах төлөв ажиглагдаж ирсэн тул Б.Обама тэднээр нэмэлт хориг арга хэмжээ авахуулах тийм ч амаргүй байх болов уу. Б.Обама “Их-7”-гийн уулзалтын дараа Францад айлчлаад дараа нь Нормандын газардах ажиллагааны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцоно. Харин уг арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Европын бусад орны төрийн тэргүүний хамт оролцох гэж байгаа нь Европ ОХУ-ыг ганцаардуулж байгаа эсэхэд Б.Обамаг эргэлзэхэд хүргэж байгаа юм. Цагаан ордноос мэдээлж буйгаар, В.Обама, В.Путин нар Нормандын газардах ажиллагааны 70 жилийн ойн арга хэмжээний үеэр болох хүндэтгэлийн үйл ажиллагаануудад хамт оролцох боловч тусдаа уулзахгүй аж. В.Путиныг хүндэтгэлийн арга хэмжээнд урьсан нь Европын орнууд болон ОХУ-ын харилцаа сэргэснийг илтгэхгүй гэж Цагаан ордныхон үзэж байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэг ажилтан 9090 төгрөг хандивлаж, гемодиализын аппарат бэлэглэлээ

Бөөрний дутагдалд орсон хүмүүс гемодиализын аппаратанд орох гэж нэлээд урт дараалал үүсгэдэг. Хуучин жийп машины үнэтэй ийм аппарат манай улсад хоёрхон л байдаг байв. Бөөрний дутагдлаар хүмүүс хэдэн арваараа өвчилж, нас барж байгаа нь манай төрийн түшээдэд огт хамаагүй мэтээр ханддаг.
Тэгвэл Төрийн банкны ажилтнууд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Гемодиализын аппарат бэлэглэлээ. Монгол Улсад банкны тогтолцоо үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан тус банкнаас ажилтнуудынхаа дунд “9090 сайн үйлсийн аян” зохион байгуулж, хуримтлуулсан мөнгөөрөө ийм аппарат авч, иргэдэд амьдрал бэлэглэлээ. Энэхүү сайн үйлсийн аянд нэгдсэн нэг ажилтан ердөө 9090 төгрөгийн хандив өгсөн байна. Уг аппаратад хоногт хоёр хүн эмчилгээнд ороход жилдээ дунджаар 500 гаруй сеанс гемодиализ эмчилгээ хийх боломжтой ажээ.
Сайн үйлсийн аяны хүрээнд гемодиализын аппарат гардуулан өгөх үйл ажиллагаанд Төрийн банкны Гүйцэтгэх захирал Д.Батсайхан, Тэргүүн орлогч захирал Б.Ганболд, Орлогч захирал Т.Дорждэрэм, УНТЭ-ийн ерөний захирал Б.Бямбадорж, Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Д.Чулуунбаатар бусад албаны төлөөлөгч нар оролцож тууз хайчиллаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Эрдэнэбат: Манай бүлгийн гишүүд намынхаа байр сууринаас ухарч, МАН-тай нийлж бүлэг байгуулахгүй

ҮХАА-н сайдад Ш.Түвдэндоржийн нэрийг дэвшүүлэхийг  дэмжив
АН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд  Ерөнхий сайд Н.Алтанхуягийн мэдээллийг сонссон байна. АН-ын  Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн долоо хоногт  хуралдаж, ҮХАА-н сайдад Ш.Түвдэндоржийн нэрийг дэвшүүлэхээр болсныг Ерөнхий сайд  танилцуулж, бүлгийн гишүүд дэмжжээ. Энэ долоо хоногт Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдад нэр дэвшүүлэх тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар болсон байна.
Түүнчлэн Эдийн засгийг идэвхжүүлэх төслийн хүрээнд хийгдэж буй ажлуудын талаар Ерөнхий сайдын мэдээллийг мөн сонсчээ.
Үүнээс гадна Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах тухай тогтоолын төслийг  өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг УИХ-ын даргад өргөн барьсан. Улс орны эдийн засагт үүссэн хүндрэлээс  шуурхай гарч, эдийн засгийг тогтворжуулах хүрээнд эрчимтэй  ажиллаж байгаа энэ үед Ардын намын бүлгээс 10 хоногийн  шаардлагыг Засгийн газарт хүргүүлж,  салбарын сайдыг огцруулах тухай асуудал хөнддөг нь хариуцлагагүй үйлдэл хэмээн бүлгийн гишүүд үзлээ. Эдийн засгийг сайжруулахад аль аль талын дэмжлэг хэрэгтэй байгаа энэ үед сөрөг хүчний зүгээс  огцруулах, эсэргүүцэх, үгүйсгэхээс өөр ажил хийхгүй  болсон. Тиймээс эдийн засгийн өнгөрсөн, одоо, ирээдүйн нөхцөл байдлын талаар Ардчилсан намын бүлэг  бодит дүгнэлтийг хийх цаг нь болсон. Энэ хүрээнд эдийн засгийн нөхцөл байдал уг сурвалж болоод эдийн засгийн тэлэлтийн үед бизнесийн болон эрхзүйн хувьд бэлэн байсан эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай. Түүнчлэн сүүлийн зургаан жилд төсвийн хөрөнгө оруулалт  бодлоготой явж ирсэн эсэхийг дүгнэх нь зүйтэй хэмээн санал нэгдсэн байна.
Мөн Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах таван үндэслэлд орсон нөхцлүүдийг нийтэд бодит байдлаар нь авч үзэх шаардлагатай. Тухайлбал,б ондын мөнгө өр мөн, эсэх болон өнгөрсөн хугацаанд халамжийн бодлогоор зарагдсан 1,4 их наяд төгрөг эргэн төлөгдөх нөхцөлтэй байсан өр мөн үү гэдэгт дүгнэлт хийж, бондын мөнгөнөөс юугаараа ялгаатай болохыг  дүгнэх нь зүйтэй.
Мөн хөдөө аж ахуйн салбарт өнгөрсөн 20 жилд явуулсан бодлого сүүлийн  хоёр жилийн бодлогоос ямар ялгаатай болох, үүнээс гадна өнгөрсөн 12 жилийн хугацаанд хоёр хөрштэйгээ харьцсан хамтын ажиллагаа ямар төвшинд байсан зэргийг  гаргаж тавих  шаардлагатай гэж бүлгийн гишүүд үзлээ.
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад ингэж хариулсан юм.
-Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хугацаанд хэн нэгнийг  огцруулах асуудлыг хэлэлцэхгүй гэсэн үг үү?
– Ямар үед хариуцлага тооцож, бүтцийн өөрчлөлт хийх  эсэх талаараа байр сууриа илэрхийлсэн. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд энэ Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь ажиллуулах ёстой болохоос үймүүлэх шаардлага байхгүй.
-Ардчилсан намын зарим гишүүд Ардын намынхантай нийлж, албан бус бүлэг байгуулах тухай яригдаж байна. Танай бүлэг  ийм мэдээлэл авсан уу?
-Манай бүлгийн гишүүд намынхаа байр сууринаас ухарч,  Ардын намынхантай нийлж бүлэг байгуулах тухай мэдээлэл ирээгүй.
-ҮХАА-н сайдад Ш.Түвдэндоржийн нэрийг дэвшүүлсэнд татгалзсанаа мэдэгдсэн байна. Энэ тухай мэдээлэл танай бүлэгт ирсэн үү?
-Ерөнхийлөгчтэй Ерөнхий сайд ҮХАА-н сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хуулийн дагуу зөвшилцсөн гэж мэдээлсэн. Ардчилсан нам өнөөдрийн үйлчилж байгаа хуулийн хүрээнд асуудлыг шийднэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл сурталчилгаа туслах-ангилал

Зарим багууд бүрэлдэхүүнээ зарлалаа


ДАШТ-д оролцох Италийн шигшээ багийн 23 хөлбөмбөгч :
хаалгачид: Жанлуижи Буффон («Ювэнтус»), Маттиа Перин («Жэноа»), Сальваторе Сиригу («ПСЖ»).
Хамгаалагчид: Иньяцио Абате («Милан»), Андреа Бардзальи («Ювэнтус»), Леонардо Бонуччи («Ювэнтус»), Жоржо Кьеллини («Ювэнтус»), Маттео Дармиан («Торино»), Маттиа Де Шильо («Милан»), Габриэль Палетта («Парма»).
Хагас хамгаалагчид: Альберто Аквилани («Фиорентина»), Антонио Кандрева («Лацио»), Даниэле Де Росси («Рома»), Клаудио Маркизио («Ювэнтус»), Тиаго Мотта («ПСЖ»), Марко Пароло («Парма»), Андреа Пирло («Ювэнтус»), Марко Верратти («ПСЖ»).
Довтлогчид: Марио Балотелли («Милан»), Антонио Кассано («Парма»), Алессио Черчи («Торино»), Чиро Иммобиле («Торино»), Лоренцо Инсинье («Наполи»).
Энэ шигшээд багтах магадлалтай байсан ч багтаагүй хөлбөмбөгчид: Антонио Миранте («Парма»), Жузеппе Росси («Фиорентина»), Маттиа Дестро («Рома»), Кристиан Маджо («Наполи»), Мануэль Паскуаль («Фиорентина»), Андреа Раноккия («Интер»), Риккардо Монтоливо («Милан»), Ромуло Соуза («Верона»).


ДАШТ-д оролцох  Испаний шигшээ багийн 23 хөлбөмбөгч :
Хаалгачид: Икер Касильяс («Реал»), Хосе Рейна («Наполи»), Давид Де Хеа («МЮ
Хамгаалагчид: Серхио Рамос («Реал»), Жерар Пике («Барселона»), Рауль Альбиоль («Наполи»), Хави Мартинес («Бавария»), Жорди Альба («Барселона»), Сесар Аспиликуэта («Челси»), Хуанфран («Атлетико»).
Хагас хамгаалагчид: Хави («Барселона»), Хаби Алонсо («Реал»), Андрес Иньеста («Барселона»), Коке («Атлетико»), Сержи Бускетс («Барселона»), Санти Касорла («Арсенал»), Сеск Фабрегас («Барселона»), Хуан Мата («МЮ»), Давид Сильва («Манчестер Сити»).
Довтлогчид:
Педро («Барселона»), Диего Коста («Атлетико»), Давид Вилья («Атлетико»), Фернандо Торрес («Челси»).
Энэ шигшээд багтах магадлалтай байсан ч багтаагүй хөлбөмбөгчид : Дани Карвахаль («Реал»), Альберто Морено («Севилья»), Андер Итурраспе («Атлетик»), Тиаго Алькантара («Байер.Мюнхен»), Хесус Навас («Ман Сити»), Альваро Негредо («Ман Сити»), Фернандо Льоренте («Ювентус»).

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Төв талбайд хүүхэд багачуудын инээд хөөр цалгиж байна

Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг баяр бол яах аргагүй зургадугаар сарын нэгэн. Энэ жилийн баяр нар ээсэн сайхан өдөр тохиож байна. Нийслэлийн багачуудын баяр хөөр өглөө 11 цагаас эхэлж Засаг дарга Э.Бат-Үүл хүүхдийн баярыг нээж үг хэллээ. 

Тэрээр хүүхдүүдэд баяр хүргээд “Монголын үрс маш олон болтугай” хэмээн ерөөлөө. Энэ жил “Хүүхдийн баяр”-ын үйл ажиллагаа Чингэсийн талбайд дуу хөөр цангинан сүр дуулиантайгаар эхлэв. Талбайд зассан тайз, нээлтийн үйл ажиллагаа гээд их өвөрмөц содон байдлаар эхэллээ. Талбайн баруун талд тайз зассан бөгөөд талбайг тойруулан 12 жилийн амьтдыг байрлуулжээ. 12 жилийн амьтад бүр дээр өртөө удирдагч багш болон чиглүүлэгчид ажиллаж байв. 

Тэд баярын хөтөлбөр дуустал хүүхдүүдийн дунд уралдаан тэмцээн зохион байгуулах юм байна.  Мөн Жангарын баатруудыг талбайн төв хэсэгт Сүхбаатарын хөшөөний баруун, хойд, өмнөд талд байрлуулсан байв. Баярт Монголын Хүүхэлдэйн театр, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид, Монголын Хүүхдийн ордон, хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагууд, Хөгжим бүжгийн коллеж, “Гэгээн алсын одод” уралдаанд амжилттай оролцсон сурагчид, МУГЖ В.Долгор нар оролцож ая дуугаа өргөж байна. Түүнчлэн баярт ирсэн хүүхэд багачууд Бонгын найзууд, Диснейн найзуудтай хамт зургаа авхуулж байлаа. 

Хүүхдүүд зурагтаар хардаг хүүхэлдэйн киноны баатруудтайгаа ойроос уулзаж зурагаа авхуулж байгаадаа их л олзуурхаж баяр хөөр болж харагдсан. Баяр хөөр болсон багачууд аав ээжтэйгээ талбайгаар зугаалж үеийн найз нартайгаа тоглож их л хөгжилтэй цагийг өнгөрөөж байна. Арга хэмжээ дуустал хүүхдүүдийг олон сонирхолтой үзүүлбэрүүд хүлээж байгаа талаар баярын зохион байгуулагчид хэллээ. Баяр 16 цаг хүртэл үргэлжлэх юм байна.

Д.Сүрэн

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч 21 ээжид “Алдарт эх” одон гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийн төлөөлөл болох 21 эхэд “Алдарт эх” нэг, хоёрдугаар одон гардуулав.

“Алдарт эх” нэгдүгээр одонгоор Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны иргэн П.Буяндэлгэр, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Ж.Хандцоо, Налайх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн М.Каукар, Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны иргэн Ц.Ложидмаа, Хан-Уул дүүргийн хоёрдугаархорооны иргэн Ц.Самбуу нарыг,

“Алдарт эх” хоёрдугаар одонгоор Баянгол дүүргийн 12 дугаар хорооны иргэн З.Ариунаа, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Ш.Амарзаяа, Баянгол дүүргийн зургаадугаар хорооны иргэн Б.Байгалмаа, Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны иргэн М.Болортунгалаг, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Б.Дуламсүрэн, Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэн Ш.Нарантуяа нарын эхийг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн

Эх үрсийн баярыг тохиолдуулан алдарт эхийн одон гардуулж хэлсэн үгэндээ,

“Өнөөдөр Эх үрсийнхээ баярыг тэмдэглэж байгаа нийт ээжүүд, эмэгтэйчүүддээ болон Алдарт эхийн одонгоо гардан авч баяр дээр баяр нэмсэн нийт ээжүүддээ баярын мэнд хүргэе!

 Хүн нэмвэл хөгжил нэмнэ. Ээжүүд, эмэгтэйчүүд маань эх орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулах, өрх гэрээ сайн сайхан байлгахад бүхий л сэтгэл зүрхээ зориулж амжилт ололтыг түүчээлсээр байгаа. Улс орны сайн нэрийг бүтэн байлгах хос баганы нэг бол ээжүүд, эмэгтэйчүүд Та бүхэн билээ. Удахгүй бид гурван сая дахь иргэнээ угтан авах гэж байна. Монголын аугаа их түүх, уламжлал, монгол бахархал бол монгол эхчүүд, эмэгтэйчүүдийн хамтын бүтээл байсаар ирсэн. Эх хүний хайр эгнэгт ээх наран байдгийн адилаар Монгол эхчүүдийн хайр энэрэл, ивээл өршөөл бол Монгол хүн бүрийн эрхэмсэг нандин эрдэнэ юм.  Ингээд шагнал гардаж авсан нийт ээжүүд, эмэгтэйчүүддээ дахин чин сэтгэлийн баярын мэнд хүргэж Та бүхний гэр бүл үр хүүхдэд тань хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголын үрс маш олон болох болтугай” гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Газрын тосны хууль батлагдвал олборлолтоос эхлээд олон асуудлыг зохицуулна гэв

Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, дунд хугацааны төсвийн төсөөллийг өчигдөр  УИХ-ын чуулганы хуралдаанаар баталлаа. Чуулганы эхэнд дээрх асуудлуудыг хэлэлцэх эсэхийг шийдэж, үдээс хойшх хуралдаанаар ийн баталсан юм. Ийнхүү Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр хүчин төгөлдөр болголоо. 

Хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн асуултад хууль санаачлагч болоод ажлын хэсгийнхэн хариулт өглөө. Сангийн сайд Ч.Улаан хэлэхдээ “Монгол Улсын 2015 оны болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь макро эдийн засгийн болон төсвийн тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэж байгаа. Тухайлбал, төсвийн урсгал зардлын өсөлтийг хязгаарлах, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн алдагдлын хэмжээг 2.0 хувиас хэтрүүлэхгүй байх, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн татварын орчныг бүрдүүлэх, татварын орчныг тогтвортой байлгах замаар төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, тэвчиж болох урсгал зардлыг хэмнэх замаар урсгал зардлын суурийг нэмэгдүүлэхгүй байх бодлого барьж байгаа. Түүнчлэн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн түвшинг харгалзан индексжүүлж нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, төсвийн байгууллагуудын урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх, урсгал зардлыг нэмэгдүүлэх үр дагавар бүхий аливаа шийдвэрийг хэрэгжүүлэхдээ төсвийн хязгаарт багтаадаг байх, төсвийн хөрөнгөөр хэрэгжих төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг үр ашигтай болгох, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төлөвлөхдөө зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл нь хийгдсэн төсөл арга хэмжээг барилгын тухай болон төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн төсөлд тусгах, төсөвт тусгагдсан төсөл арга хэмжээг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах зарчим баримталж байна. Мөн улсын өрийн нийт хэмжээг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарт багтаахын тулд 2015 онд хөнгөлөлттэй зээл авах, бонд, баталгаа гаргах зэргээр шинээр өр үүсгэх боломжгүй болно. Иймээс хөрөнгө оруулалтыг зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтаар хязгаарласан бодлого оруулж ирж байгаа” гэлээ. 

ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ

Чуулганаар хэлэлцсэн бас нэг чухал  асуудал бол Г хуулийн шинэчилсэн найруулга байв. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг төслийг энэ сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд олонхийн дэмжлэг авч чадаагүй тул төсөл санаачлагчид нь буцаасан байгаа. Иймд чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс гаргасан саналуудыг тусган хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тавдугаар сарын 23-ны өдөр УИХ-д дахин өргөн мэдүүлсэн юм. Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн тухай мэдээлсэн.

1991 онд батлагдсан Газрын тосны тухай хуулиар зарчмын шинжтэй харилцааг зохицуулсан. Тэгвэл тухайн оны Засгийн газрын 204 дүгээр тогтоолоор баталсан Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журмаар газрын тосыг хайх, олборлохтой холбоотой гол харилцаа, тухайлбал, газрын тосны хайгуул, олборлолт, газрын тосны үнэлгээ, төлбөр, газрын түрээс, татвар, захиргааны үйлчилгээний шимтгэл, нягтлан бодох бүртгэл, бүтээгдэхүүн хуваах, татвараас чөлөөлөх зэрэг харилцааг зохицуулж байгаа аж. Газрын тосны тухай хуульд газрын тосны олборлолт явуулж буй аж ахуйн нэгжүүдийн харилцааг нарийн тусгаагүй гэнэ. Ойлгомжгүй, бусад хуультай зөрчилдсөн заалтууд нэлээд байгаа бөгөөд хуулиар зохицуулах шаардлагатай харилцааг Засгийн газрын тогтоолоор баталсан газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журмаар зохицуулж байгаа ажээ. Үүнээс хамаарч сүүлийн үед хуулийг хэрэгжүүлэхэд багагүй хүндрэл учирч буйг төсөл  санаачлагчид онцоллоо. Газрын тосны тухай хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулж, газрын тос, байгалийн хий, уламжлалт бус газрын тосны талаарх ойлголт, төрийн байгууллагууд болон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг тодорхой болгох юм байна. Мөн роялти, татварын хувь хэмжээ, түүнийг оногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаатай холбоотой харилцааг боловсронгуй болгож хуульчлах зайлшгүй шаардлагыг харгалзан уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийн хамт боловсруулжээ. 

 Мөн хуулийн төсөл боловсруулахтай холбогдуулан тусгай зөвшөөрлийн болон нөөц ашигласны төлбөрөөс улсын, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх аж. Байгаль орчныг нөхөн сэргээх баталгаа болгож эскроу дансанд байршуулах мөнгөн хөрөнгийн хувь хэмжээ болон бусад шаардлагатай эдийн засгийн тооцоо, судалгаа хийсэн байна. Энэ хууль батлагдсанаар газрын тос, уламжлалт газрын тосны тухай эрх зүйн асуудал тодорхой болно гэдгийг Уул уурхайн сайд илтгэлдээ онцоллоо. Мөн тэрбээр гишүүдийн асуултад хариулахдаа “Хэрэв хууль хэрэгжвэл энэ салбарт орж ирэх 650 сая ам.долларын хөрөнгө оруулалт татахаар байгаа” гэлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86.5 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа. 

ЦАГААН СУВАРГЫН ОРДООС ТӨР 34 ХҮРТЭЛ ХУВЬ ЭЗЭМШИНЭ

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхэд саналт хураалт явуулахад гишүүдийн 69.6 хувь нь дэмжлээ.  Ингээд уг төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Хэлэлцүүлгийн эхэнд Н.Номтойбаяр гишүүнээс УИХ-ын Дэгийн тухай болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудын холбогдох заалтын дагуу чуулганы хуралдаанд оролцох боломжгүйгээ мэдэгдсэн албан бичиг ирүүлснийг З.Энхболд дарга уншиж танилцуулан, гишүүний хүсэлтийг хүлээн авснаа мэдэгдэв. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү тогтоолын төсөлд зааснаар Цагаан суваргын ордод төр 34 хүртэлх хувь эзэмшихээр хуулинд тусгасан байгаа. Ингэхдээ 350 сая ам.долларын хөрөнгө оруулах юм. Уг төслийн санхүүгийн эх үүсвэрийг бонд гаргах замаар шийдвэрлэнэ гэж байгаа. 

Цагаан суваргын орд газрын ашиглалтын лицензийг Монголын алт компани(МАК) эзэмшдэг. Тус компанийн дэд ерөнхийлөгч Г.Цогт ордын хувь эзэмших тал дээр төрийг оролцуулах хүсэл, сонирхолгүй байгаагаа энэ долоо хоногт Эдийн засгийн байнгын хороон дээр мэдэгдсэн юм. Гэхдээ төслийг эхлүүлэх асуудлыг яаравчлуулж байв.

Өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хурал­даанаар уг асуудлыг хэлэлцэж байхад гишүүд Ашигт малтмалын тухай хуулийн төслийг баталсны дараа нэг мөр  шийдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа. Тэд “Жил ирэх тусам социализм руугаа яваад байгаа юм шиг төр үндсэн ажлаасаа хазайж байна. Эдийн засгийн хүндрэл нүүрлэлээ гэж байна, үүнийг туулдаг олон арга байдгийн нэг нь хувийн хэвшлээ дэмжих явдал. Гэтэл төр ордод хувь эзэмшиж бонд гаргаж өрөө нэмэгдүүлэх тухай ярьж байгаа нь зохисгүй. Оюутолгойн асуудлыг шийдээгүй байж дахиад төр энэ ордод 34 хувь эзэмших тухай асуудал нь гадаад ертөнцөд тэр тусмаа хөрөнгө оруулагчдад сөрөг ойлголт төрүүлнэ” гэсэн юм. 

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2013 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН БИЕЛЭЛТИЙГ ПҮРЭВ ГАРИГТ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛОВ

Үүний дараагаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг  хэлэлцэв. Үндсэн чиглэлийн биелэлтийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Батхүү, МАН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Содбилэг нар танилцуулав.

Ерөнхий сайд танил­цуулгадаа, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг УИХ-ын 2012 оны тавдугаар сарын 18-ны 37 дугаар тогтоолоор 6 бодлого, 26 зорилт, 166 арга хэмжээтэйгээр баталсан. Үндсэн чиглэлийн нийт зорилт арга хэмжээний биелэлт 2013 оны жилийн эцсийн байдлаар 67,1 хувьтай гарлаа. Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 6 бодлого тус бүрээр авч үзвэл өсөлтийн үр шимийг нийгмийн бүх бүлгүүдэд хүргэх макро эдийн засгийн бодлого 70 хувь, бодит салбарын хөгжлийн бодлого 64, байгаль орчин бүс нутгийн хөгжлийн бодлого 56, хүнд өгөөжтэй нийгмийн бодлого 72, төрийн үйлчилгээ засаглал, эрх зүйн шинэчлэлийн бодлого 65, гадаад бодлого, батлан хамгаалах бодлого 76 хувийн биелэлттэй байна. Үндсэн чиглэлийн 166 арга хэмжээний 121 нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжихээр тус­гагдсан боловч 30 арга хэмжээ санхүүжилтгүйгээс шалт¬гаалж хэрэгжээгүй болон дутуу хэрэгжсэн. Үүний 25 арга хэмжээ нь төсөв мөнгө батлагдаагүй, таван арга хэм­жээ төсвийн тодотголоор сан­хүүжилт нь хасагдсан. ДНБ-ий өсөлт 2013 оны урьдчилсан гүйцэтгэлээр 11,7 хувийн дүнтэй гарсан нь эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд хадгалагдаж байна” гэлээ.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн асуусан асуултад хариулт өгөх Засгийн газрын гишүүд болон холбогдох албаны хүмүүс чуулганы хуралдаанд ирээгүй тул Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг ирэх пүрэв гаригт хэлэлцэхээр болж хойшлуулав. 

М.МӨНХ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Хотонд дуугарах буутай болохгүй бол хойно урдаас чоно, нохой…

Туурга тусгаар Украйн улсын хамгийн сор болсон Крым гэдэг үзэсгэлэнт газрыг Оросын Ерөнхийлөгч Путин айлгаж байгаад булаагаад авчихав. Гартаа барих зэвсэг, хотондоо дуугарах буугаа хураалгачихсан Украйн улс яаж ч чадсангүй. Уг нь Украйн улс хотонд дуугаргах сайн буутай байсан. Бүүр сайн буюу цөмийн зэвсэгтэй байсан юм. Оросын цөмийн физикийн том эрдэмтэд Украйн цустай байсан гэлцдэг. Украйн Оросын цөмийн физикийн эрдэмтэдтэй нийлж сайн зэвсэгтэй болсон. Украйн Оросоос хүн амаар цөөн ч цөмийн энерги ашиглахаараа илүү байлаа. 1994 онд Америк, Орос хоёр сайдаж, олон улс орон хүйтэн дайны аюул холдлоо гэж санасан даа. 

Америк, Орос хоёр том гүрэн ятгасааар байгаад Украйн орны өөрийгөө хамгаалж бусдыг айлгадаг буу буюу цөмийн зэвсгийг нь хураагаад авчихсан. Америк, Орос хоёр том гүрэн Украйн улсын цөмийн зэвсгийг хурааж авахдаа Украйн улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдалд аюул учирвал цөмийн зэвсгийг нь хурааж авсан Орос, Америк хоёр хамгаална гэж Будапештийн тунхаглалд гарын үсэг зурсан байгаа. Гэтэл хотонд дуугаргах ганц буугаа хураалгасан Украйн руу Путин дайраад Крымийг нь авчихлаа. Өнөө Америк нь ч  Украйныг хамгаалсангүй, зэр зэвсгээр тусалсангүй. Худлаа, амаараа хамгаалаад суучихсан. Ингээд ганц сайн зэвсгээ хураалгасан улсын хохь болоод үлдэх нь тэр. Хэрвээ Украйн зэвсгээ хураалгаагүй байсан бол Орос дайрч чадахгүй, газар нутгаас нь булааж чадахгүй байсан.  Путин болон түүний ойр тойрныхон Украйнд “Су-30” гэдэг бөмбөгдөгч онгоцоор зочилно гэж томорч чадахгүй байсан. Хоосон буунаас хорин хүн айна гэж ямар үнэн үг вэ. Хойд Солонгосыг хар даа, хоосон пуужингаас 200 улс орон айж, Ерөнхийлөгч нь гэж нэг коммунист бацаан пээдийж байна. Хойд Солонгос руу хойшид хэн ч дайрч,  хэн ч элэг барьж чадахгүй. Орос Украйны нутгийг булааснаас хойш дэлхийн цагийн байдал эвгүй боллоо. Хойно урдаас нутаг ус, хот хороо руу маань чоно, нохой өнгийхгүй, хулгай дээрэм, элэг барихгүй гэсэн баталгаа байхгүй боллоо. Тусгаар орон л юм бол ганц сайн буутай болно байгаа. Ганц сайн цөмийн пуужинтай л болмоор байна. Хойно урдаас чоно, нохой өнгөлзөх нь байна шүү дээ. Төрийн томчууд нэрэлхээд л байгаа болохоос биш хойд, урд хоёр хөрш Монголын асуудлыг монголгүй шийдэж дээрэлхдэг XIX, XX зууныхаа үе рүү эргэн орчихоод байгаа. Энэ бол сэтгүүлчийн л бодол. Гэтэл Монгол Улсын ардчилсан төр засаг Монгол бол цөмийн зэвсэггүй бүс гэж харин ч нэг мундаг зарласан. Үүндээ ч үнэнч байгаа. 

Монгол Улс мориороо, хуучин түүхээрээ биш, технологи эзэмшсэн толгойгоороо гайхуулж улс орноо хамгаалж хөгжүүлж чадна. Дэлхийд гайхагдсан боловсрол, технологи эзэмшсэн залуус олон байна. Цөмийн энергийн түүхий эдийн асар их нөөц байна. Цөмийн физикийн салбарт ч Монгол бол дэлхийд гайгүй толгойд тооцогддог. Цөмийн физикийн 20-иод эрдэмтэн байдаг. МУИС гэхэд математик, цөмийн физикчдийг төрүүлснээрээ хаанахын яма рч их сургуулиас дутахгүй ээ.  МУИС-ийн ректор, Дубна дахь цөмийн хүрээлэнгийн орлогч захирал хүртэл хийж явсан н.Содном агсны шийрийг хатаах залуус, цөмийн “физикийн гавал толгойнууд” Монголд байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Цөмийн энергийн газрын даргаар Н.Тэгшбаяр гэдэг цөмийн физикч  залууг тавьсан нь харин ч нэг нүдээ олсон томилгоо болсон юм.  Ер нь бизнесийн салбарт “М-Си-Эс”-ийн Ж.Оджаргал шиг, Уул уурхайн салбарт “Рио Тинто”-гийн Зэсийн салбарын олон улсын үйл ажиллагаа эрхэлсэн ерөнхийлөгч Б.Болд шиг, Цөмийн энергийн салбарт Н.Тэгшбаяр шиг мэдлэгтэй залуус салбар бүрт тав арав байхад л Монгол Улс хөгжинө. Яагаад монголчууд цөмийн эрчим хүчийг морь шигээ эзэмшиж чадахгүй гэж… Тэгвэл  нэгэнт л цөмийн зэвсэгтэй болж болохгүйгээс хойш (Болж өгвөл цөмийн ганц пуужинтай болоход гэмгүй. Сайн буугүй айлыг чоно, нохой, хулгай дээрэм элэг бариад байдаг юм. Г.Д) цөмийн физикийн мэргэжилтэй залуустаа итгэл өгч, хойд урд хил дээрээ цөмийн хоёр цахилгаан станц бариад Орос, Хятад гэдэг хоёр том зах зээлийг цөмийн эрчим хүчээр хангахад л Монгол Улс гарч өглөө. 

Сэтгүүлч миний хувьд бизнесмэн Ж.Оджаргалтай уулзаж, ярилцаж байсан. Б.Болдтой ч хоёр гурван цаг санал солилцож үзсэн. Н.Тэгшбаяртай бол  гурван удаа ч уулзсан. Тэр эх оронч залуу. Түүний удам судар, эцэг өвгийн түүх нь тун сонин юм билээ. Манжийн цэргийн хөлөөс овгийнхоо тугийг хамгаалж өдий хүргэж чадсан “Тугчин” гэдэг овгоор  бахархдаг юм билээ. Цөмийн энергийн дарга Н.Тэгшбаярын талаар багш нь бичсэн байна. МУИС-ийн Н.Тэгшбаярын ангийн оюутнуудаас цөмийн энергийн таван доктор төрсөн гэж. Цөмийн энергийн сайн мэргэжилтэн нь бэлтгэгдсэн байна. Цөмийн энергийн салбарт Н.Тэгшбаярын илтгэлийг дэлхий үнэлж байна. Монголд цөмийн энергийн асар их нөөц байна.  Эрчим хүчний хомсдол болсон хоёр том зах зээл байна. Монголчууд цөмийн энергийг эмнэлгээс авахуулаад эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах цаг болсон. Болж өгвөл ганц сайн цөмийн пуужинтай болох юмсан. Энэ нь төр засгийн бодлого биш сэтгүүлч миний бодол шүү. Харин монголчууд бие биендээ, эрдэм мэдлэгтэй залуустаа итгэх л дутаад байна. 

Хойно урдаас чоно, нохой хот руу гэтэж айлгавал бидний цөөхөн монголчуудыг цөмийн технологи гаргуун эзэмшсэн эрдэмтэд аварна. Монголд ураны нөөц их байна гэхэд гадаадынхан үнэхээр атаархах юм. Шар нунтгийг гадаадынхан асар өндөр үнээр авъя гэж байна. Харин гадаадынхан  Монголыг цөмийн энергийн салбарт ажил хийлгэхгүй байх талаар хорлонтой бодлого явуулж байна. Монголчуудыг хооронд нь хагаралдуулах бодлого явуулж байна. Иргэдийг нь төр засгийн эсрэг турхирч байна. Ер нь хойно урдаас чоно, нохой хот руу минь гэтвэл ганц сайн буу ч хэрэг болж л таараа. Гэнэ алдаад цөмийн зэвсэгээ хураалгасан Украйныг хар даа. Яаж байна. Монгол залуус цөмийн энергийг морь шигээ эзэмшиж, жолоодож чадна.