Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Солонгост байгаа иргэдийн нийгмийн даатгалын журмыг шинэчиллээ

Валютын ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын БНСУ дахь нийгмийн даатгал төлөгчдөд зориулсан шинэчилсэн тушаал гарчээ. 

БНСУ-д сар бүр 40.000 воны тэтгэврийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэдэд 2014 оны зургаадугаар сарын нэгнээс эхлэн сар бүрийн эхний даваа гарагийн өдрийн Монголбанкны ханшаар тооцон даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийж баталгаажуулахаар болсон байна.  

Энэ сарын хувьд Монголбанкны 2014.06.02-ны өдрийн БНСУ-ын вонын ханш 1.78-тай байгаа бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл 71.200 төгрөг, цалин 1.017.143 төгрөгөөр бичигдэхээр болж байгаа аж.

Дашрамд дурдахад, БНСУ дахь Нийгмийн даатгалын алба 2007 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа ба 2013 оны нэгдүгээр сараас БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв болон өргөжин тус улсад ажиллаж амьдарч буй иргэдийн тэтгэврийн даатгал, гэр бүл, хүүхэд, нийгмийн хамгаалалтай холбоотой асуудалд анхаарал тавин ажиллаж байна. Тус төв Сөүл хотын Жүнггү дүүрэгт байрладаг ба метроны Тундэмүн ёгса Мүнхва буудал буюу Dongdaemun History and Culture Station-ны дөрөвдүгээр гарц, замын эсрэг талд White Horse байрны есөн давхарт байрлаж байгаа ажээ.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

“Гүүгл” Монголд салбараа нээнэ

“Гүүгл” компани төлөөлөгчийн салбараа Монголд нээх гэнэ. Тодруулбал,Улаанбаатар хотын хамгийн чинээлэг газар болох Зайсанд оффисоо байгуулах болсон талаар “Time”-д өчигдөр мэдээлжээ. Монгол дахь салбарыг менежер Э.Түвшинбат удирдах юм байна. “Фэйсбүүк” сүлжээний экс ажилтан түүнийг “Гүүгл” копмани өнгөрсөн арваннэгдүгээр сард Монгол дахь салбарын тэргүүнээрээ сонгосон аж. Тус байгууллагад ажиллах ажилтнуудын жагсаалтыг удахгүй шалгаруулах юм байна. 

“Монгол улс нь Азийн төв орон. Тиймээс бидэнд интернэт хэрэглэгчид, зөвлөх, түншээ өргөжүүлэх боломж ирлээ” хэмээн Төв Азийн Гүүглийн удирдах газрын дарга Жулиан Персау мэдэгджээ. Азийн Дижитал Маркетингийн холбооны шинжээчдийн үзэж буйгаар 800 мянган интернэт хэрэглэгчидтэй тус улс 2016 онд энэ тоо хоёр дахин нэмэгдэх болно гэсэн байна. 

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Таван толгойг “Эм Си Эс”-д өгөхөөр талууд ярилцаж байна

Төрийн өмчийн “Эрдэнэс таван толгой” компани үнэхээр сайн ажиллаж байгаа. Одоо дансандаа доллартай болсон. Биднүүсийн аль зургаан жилийн өмнө  зээлээр аваад идчихсэн  мөнгийг, хүн болгоны нэг сая төгрөгийн өрөндөө  нүүрс нийлүүлэн төлж дуусч байна. Таван толгойд итгэх ард түмний итгэл 1072 хувьцааны горьдлого дахин нэмэгдлээ. “Таван толгой” бол миний, бас таны компани. Тийм учраас би байн байн бичиж чих тавьж ажлыг нь шалгаж дүгнээд байгаа юм. Учир нь миний 1072 ширхэг хувьцаа энэ компанид байдаг. Хүн юм болсон хойно хурдхан шиг хувьцаандаа ногдох ашгийн мөнгийг авч амьдрах, үнэ нь өсөх юм бол хувьцаагаа зарж саятан болохыг санаархалгүй яахав. 

Урьд зээлээр аваад идчихсэн мөнгөнийхөө өрийг өгч дуусгана гэдэг бол энэ Засгийн газрын ч, “Эрдэнэс таван толгой” компанийн захирал Я.Батсуурийн том гавьяа. Бидний  1072 хувьцаа хурдхан шиг өсөж мөнгө болох аргууд олон бий. Таван толгойнхоо нүүрсийг газар дээр нь зарж мөнгө босгох, гадаадын нэр хүндтэй оператор компани оруулах, эсвэл  үндэсний томоохон компанийг дэмжиж удирдлагыг нь өгөх зэрэг. Улс төрийн хүрээнийхэн ярилцаж, хэлэлцэж байна. Харин тэд гурав дахь замыг нь сонгожээ.  “Таван толгой”-н ордоос нүүрс ашиглахыг удирдах эрхийг “Эм Си Эс” компанид өгөх  төсөл  их л болгоомжтой яригдаж эхлэв. Удахгүй Засгийн газрын хурлаар орно. Н.Алтанхуягийн Засгийн газрын хийсэн хамгийн зөв шийдвэр энэ байж болно.  Монголчууд бид уул уурхайгаараа улстөржиж цаг хугацаа алдаж, хэрэлдэж, уралцаж муудаж ханавал ханах болсон. Манайхан чинь  нарийн бүдүүн төмөр зам тавина гээд найман жил хэрэлддэг улс даа. Тэр үед Монголын “Таван толгой” нөөцөө задалчихаад дэлхий гайхаж Монгол руу валют урсаж байхад сураггүй байсан Орос, Казахстан улсын  коксжих нүүрсний  ордууд олборлолтоо хийж Хятад руу экспортлоод эхэлжээ. Гэтэл бид хэрэлдсээр чи олигархи, энэ хулгайч гээд л заамдалцаад зогсч байгаа. Уул уурхай эрчим хүчээр мэргэшсэн  үндэсний томоохон нэг, хоёр  компаниа дэмжсэн шиг дэмжиж дэлхийн том компаниудын тоонд бодлогоор хүргэх нь Монгол Улсын хөгжилд нэмэртэй. Тэгвэл Таван толгойн нүүрсний бассейныг “Эм Си Эс” компанид менежментээр өгөх хувилбар бол хамгийн сайн нь байх. Уул уурхай, эрчим хүчний салбарт “Эм Си Эс” Монголдоо толгой цохих бүтээн байгуулалт хийж чаддагаа харуулсан компани. Ядаж хүний нөөцөө бэлтгэчихсэн, гэрээ хийгээд сурчихсан манай урдаа барьдаг компани.  Таван толгойг “Эм Си Эс”-д өгнө гэхээр зэрэг л коммунист сэтгэлгээний хорсол буцалж, иргэний хөдөлгөөнүүд  эсэргүүцээд занаж зүхээд гарна даа гэж бодож байлаа. Ард түмний сэтгэлгээ өөр болжээ. Хөрөнгөт нийгэм байгуулахад, төрийн бодлогоор дэмжиж томруулсан, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай  компаниуд л улсыг авч явж чадна гэдгийг  сэхээтнүүд ойлгосон байна. Твиттерт улс төр, эдийн засаг  сонирхдог, айхтар зөв сэтгэлгээтэй хүмүүс байдаг юм. Тэдний санал бодлыг сонсох санаатай ”Таван толгойг “Эм Си Эс”-д өгөхөөр талууд ярилцаж байна. Зөв үү, буруу юу гэж бичсэн юм. Твиттерийнхэн за муусайн олигархиуд хувааж идлээ гээд л зүхэж гарах байх гэж санасан юм. Гэтэл манай хүмүүсийн сэтгэлгээ шал өөр болжээ. Нийт 69 жиргээч дэмжиж саналаа бичсэн байна. Хоёр нөхөр эсэргүүцжээ. Өөрөөр хэлбэл, “Эм Си Эс” компани түүний удирдлагын багийг ард түмний Таван толгойг аваад явна гэдэгт итгэж байна. Хэдэн жилийн өмнө бол муусайн олигархиуд Хятадтай нийлж Таван толгойг минь хулгай хийлээ гээд л хараал тэмцэл болох байсан юм. Хөрөнгөтөн нийгэм байгуулахад ард иргэд бэлэн болжээ гэж дүгнэж болно. Жиргээчид үнэтэй санал хэлж байна. “Эм Си Эс” аваад явж чадна. Өөрийн хөрөнгөөр тавьсан хар зам, нүүрс коксжуулах үйлдвэр, цахилгаан станц ч бий, ядаж л тохилог сууринтай.  Шууд ашиг хувааж чадах компани гэж итгэж байна. Ийм итгэл гэдэг бол улс төрийн шийдвэр гаргагчдад урам, бурам л гэсэн үг. Харин компанийн засаглалыг хамгийн ил тод байх, төрийн оролцоог хязгаарлах, хувьцаа эзэмшигч бидний оролцоог нэмэгдүүлэх зэрэг гэрээгээ нарийн хийх хэрэгтэй гэж жиргээчид зөвлөж байна.   Харин “Эм Си Эс”-ийн удирдлагууд бүх ард түмний хувьцаа эзэмшсэн компанийг ав гэвэл бөөн дараа яршиг гэж хэлэх юм биш байгаа. Таван толгойг “Эм Си Эс”-д өгөхөд улс төрийн шийд гаргахаар ярилцаж байна. Энэ компанийн хувьцааг АН, МАН-ын томоохон улстөрчид эзэмшдэг. Ер нь хаант засгаас авахуулаад ардчилсан төр засагтай улс орнууд ч гэсэн нефть, алт, зэс, нүүрс зэрэг улс орныхоо  баялгаас толгой улстөрчид нь хувь эзэмшдэг нь дэлхийн жишиг. Уншигч танд “Эм Си Эс”-д манай улстөрчдийн эзэмшсэн хувийг хөрөнгө оруулалтын мэдүүлгээс нь толилуулъя.  Улстөрчдийн тухайд МАН-аас УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 3 хувь, Сү.Батболд, гишүүн асан Ц.Мөнх-Оргил, АН-аас ЗГХЭГ-ын дарга УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Г.Батхүү, Д.Зоригт нар тодорхой хувь эзэмшдэг байна. Би ч гэсэн 1072 хувьцаагаа өсгөхийг “Эм Си Эс”-д  даалгаж баяжмаар байна шүү.   

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөхийг дэмжив

УИХ-ын пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуулийн төслийг эргүүлэн татсаныг мэдэгдэв. Ингэснээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “2013 оны Үндсэн чиглэлийн талаар байнгын хороо санал дүгнэлтээ гаргасан байна. Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны дүгнэлтээс харвал хариуцлагагүй ажилласан гэж дүгнэсэн байна. Н.Алтанхуяг даргаас намын даргын хувьд хариуцлагын  асуудлыг яаж шийдвэрлэх ёстой юм бэ. Төсвийн байнгын хорооны дарга хуулиараа хяналт тавих ёстой. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хяналтаа тавьж чадахгүй, хариуцлага хүлээхгүй байна. Цаашид хариуцлагын тогтолцоог яах ёстой вэ” гэхэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Ерөнхийдөө санал нэг байна. Төсвийн байнгын хорооны дарга биш. Хуучин хуулиар бол Төсвийн хяналтын дэд хороо Ж.Эрдэнэбат ахалж байгаа. Өөрөөр хэлбэл, цөөнхийн бүлгээс ахлаад хяналт тавиад явдаг хуультай. Ж.Эрдэнэбат гишүүн ажлаа сайн хийх ёстой” гэлээ. УИХ-ын гишүүн Д.Арвин “Эдийн засгийн уналт манай улсад ашигтай. Яагаад гэвэл цаашид зөв төлөвлөлт хийх боломжийг олгож байгаа юм. “Эрдэнэс-Тавантолгой”  компанийн хувьцаагаа аваагүй иргэд хэзээ авах вэ” гэсэн асуултад Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Эрдэнэс-Тавантолгой” компанид Монгол Улсын иргэд хувьцаа эзэмшдэг. Төмөр замын царигийн асуудал шийдэгдсэний дараа хувьцаа өсөх хандлагатай байгаа. “Эрдэнэс-Тавантолгой”-г хэрхэн хөрөнгө оруулагчаа тодорхой болгохоор ажиллаж байгаа” гэлээ.  УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “2013 оны Үндсэн чиглэлийн биелэлт хангалтгүй байгаагаа юу гэж дүгнэж байна вэ. Хариуцлага хүлээх ёстой, хангалтгүй ажиллаж, үүргээ биелүүлж чадаагүй гурван яам, агентлагийг нэрлэнэ үү. Эдийн засгийн хөгжлийн сайдад хариуцлага тооцох асуудлыг яах вэ” гэсэн асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Гурван муу яам, агентлагийн тухайд та бүхэн дүгнэлтээ хий. Хариуцлага тооц гэдэгтэй санал нэг байна. Ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүст хариуцлага тооцоод явна. Н.Батбаяр сайдын хувьд өчигдөр өвчний улмаас чөлөө аваад явсан. Хүн өвчтэй байхад нь ажлаа өг гээд байлтай нь биш. Харж байна” гэсэн хариултыг өгөв. Түүний дараа гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлэв. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Үндсэн чиглэлийн биелэлт маш муу байсан. 1,5 триллион төгрөгийн төсвийн орлогоо бүрдүүлж чадаагүй. Өнгөрсөн онд 1830 км автозам барьсан гэсэн 280 км шинэ зам тавигдсан. 1500 км зам өмнөх Засгийн газрын үед эхэлж байсан замууд. 280 км авто зам шинээр барьчихаад 1800 км зам барьсан гэж худлаа ярьдгаа хэзээ болих вэ. Мөн Засгийн газар тэнгэрээс авсан тоотой ажиллахаа болиоч ээ. Золбин бөөгийн тойргоосоо хурдан гараач, ичиж үхмээр байна.  Ажлаа зөв зохицуулж чадахгүй байна. Бид харлуулж яриад байгаа юм биш. Долларын ханш иргэдийн халааснаас мөнгө авч байна. Монголбанктай хайр дурлалын ажлаа хэзээ зогсоох вэ” хэмээн ширүүхэн хэлчихээд чуулганы танхимыг орхин гарав. Энэ мэтчилэн гишүүд үг хэлсний дараа Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг  хэлэлцэж, зарим арга хэмжээ авах талаар санал хураасан ч 61 гишүүнээс 30 зөвшөөрч, Засгийн газар зарим арга хэмжээг авах шаардлагагүй гэж үзлээ. Үүний дараа Гаалийн албан татвараас чөлөөлөх, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ хуулийн төслийг Засгийн газраас тавдугаар сарын 13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн бөгөөд жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөхийг 2016 оны арванхоёрдугаар 31-ний өдөр хүртэл сунгах шаардлагатай байгаа юм байна. Хуулийн төслийг Засгийн газраас батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлэх санал оруулж ирсэн ч ажлын хэсгийн зүгээс төсвийн хуультай уялдуулан 2015 оноос хэрэгжүүлэх ёстой гэсэн санал гаргажээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Энэ хуулийн хэрэгжилтийг яагаад ирэх оноос хэрэгжүүлэхээр болсон юм бэ. Батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлж болохгүй юу” гэсэн асуултад Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Ажлын хэсгээс энэ саналыг оруулж ирсэн. Энэ саналын дагуу Төсвийн хуультай уялдуулан татварын орлого бууруулахаар бол хуулийн хэрэгжилтийг ирэх жилээс эхлэн хэрэгжүүлнэ гэж заасны дагуу хугацааг ирэх он болгосон” гэв. Ажлын хэсгээс гаргасан санал буюу хуулийн хэрэгжилтийг 2015 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлэх үү эсвэл батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлэх үү гэсэн санал хураалт явуулж нийт гишүүдийн олонхи нь хуулийг батлагдсан өдрөөс хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Ингээд Гаалийн албан татвараас чөлөөлөх, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Үүгээр үдээс өмнөх чуулган завсарлав.  

Чуулганы хуралдааны үеэр шилдэг агентлаг шалгаруулах ёслолоос авсан жааз, өргөмжлөлийг эргүүлэн өгч 10 сая төгрөгөө эргүүлэн авах ёстой. Дахин ийм шалгаруулалтад оролцохгүй байхыг анхааруулна гэдгийг  Ерөнхий сайд мэдэгдсэн юм. 

КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСЛИЙГ  БАТЛАВ

Чуулганы үдээс хойших хуралдаанаар Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцээд батлав.  Дараа нь Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Бэлчээрийн доройтол эмгэнэл болчихсон байна. Цөлжилт доройтлын талаар, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг бий болгохын тулд  ямар бодлого барих вэ гэдгийг тодруулсан гишүүдийн асуултад  Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун ингэж хариулав. “Байгальд ээлтэй техник технологи нэвтрүүлсэн бол татвараас чөлөөлөх бодлого барьж байна. Ийм санаачилгуудыг цааш нь өргөжүүлэх талаар хөтөлбөрт тусгасан. Мөн байгаль орчныг бохирдуулсан бол торгодог байх заалтыг ч оруулсан. Ногоон хөгжлийн бодлогыг баталсны дараа Засгийн газар төлөвлөгөө гаргана. Тэгэхдээ  санхүүгийн  асуудлыг шийднэ. Бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн санхүүгийн дэмжлэгийг Олон улсын байгууллагаас авах асуудал яригдана. Төсөв санхүүгээс илүү салбар бүрийг ногоон хөгжлийг шигтгэж өгөхийн төлөө энэ хөтөлбөр чиглэнэ. Ядаж одоо тавхан хувь байгаа сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 20 хувь хүргэх гэх мэтийн зорилтууд тавьчихсан байна” гэв. Үүнээс цааш гишүүд юу хэлснийг товч хүргэе. УИХ-ын Б.Бат-Эрдэнэ: Энэ хөтөлбөрийг баталбал Монголын төр маргаашнаас ногоон болно гэдэгт итгэхгүй байна. Ногоон хөгжлийн яамыг тусгайлан байгуулсан хэдий ч ногоон гэж яриад байгаагийнхаа эсрэг үйл ажиллагаа явуулаад байна. Та нар хүрэн бодлого явуулж байна. Тиймээс би дэмжихгүй, саналаа өгөхгүй” гэхэд нь УИХ-ын дарга “Бат-Эрдэнэ гишүүн ногоон биш хүрэн эдийн засгийг дэмжиж байгаа юм байна” гэлээ. 

Энэ баримт бичигт байгаль орчны нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтын хувь хэмжээг 20 хувьд хүргэхээр тусгасан байна. Ногоон хөгжилд зарцуулах хөрөнгийг ДНБ-ий хоёр хувьд хүргэх зорилтыг ч оруулжээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Зөв асуудал тавиад байна. Сангийн яам ногоон болох хэрэгтэй. Төсвийн байнгын хороо энэ асуудалд анхаардаг болох хэрэгтэй. Тэгж байж энэ асуудал урагшаа ахина. Ерөнхийдөө бидний сэтгэхүй ногоон биш байна” гэсэн юм. Энэхүү хөтөлбөрт тусгасан заалтуудыг өөрчлөхөөр байнгын хорооноос оруулж ирсэн саналуудаар санал хураав. Тухайлбал, энэхүү ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хоёр үе шаттай хэрэгжүүлэх юм байна. Эхнийх нь 2014-2020 он. Дараагийн шат нь 2021-2030 онд хэрэгжих гэнэ.  Энэ хугацаанд байгаль орчны чиглэлээр олон улсын жишигт нийцсэн чанартай боловсон хүчнийг эх орондоо бэлтгэнэ. Иргэдийг мэргэжлийн боловсролын сургалтад хамруулж, амьдралд нь хүрэлцэхүйц цалин олгоно. Бэлчээрийн даацад тохирсон санаачилгатай ажил хийсэн малчдыг урамшуулна. Уур амьсгалын хэтийн хандлагаас урьдчилан сэргийлж,  хэт төвлөрөлтийг саармагжуулна. Өөрөөр хэлбэл, жижиг хот  тосгодын амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм байна. Улаан¬баатар болон бусад хот суу­риныг дахин төлөвлөж, ногоон байгууламжийн хэмжээг 30 хувьд хүргэнэ. Байгальд ээлтэй нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний хэмжээг 2030 он гэхэд  40 хувьд хүргэнэ. Байгальд ээлтэй нийтийн тээврийг хөгжүүлнэ. Явган хүний болоод  дугуйн замыг эзлэх хэмжээг нэмнэ гэх мэ¬тийн 13 санал байлаа. Эд­гээр саналыг гишүүд дэмж¬сэн учраас тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр холбогдох байнгын хороо руу нь шилжүүлснээр хуралдаан өндөрлөлөө. 

Я.МӨНГӨН

Э.ЭНХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зам салаалаг байснаас ухаалаг байсан нь дээр

Утас, телевиз гээд бүх зүйл ухаалагжсан энэ үед төр хүртэл ухаалаг болно гэж яриад эхэлсэн. Яг одоо ухаалаг болгохоос аргагүй  нэг зүйл байна. Тэр нь машин явдаг засмал зам. Сүүлийн үед тавьж байгаа замууд нэг л биш ээ. Бүр даанч яав даа гэмээр сонин сонин замууд хаа сайгүй. Ямар ч хэрэггүй, хэн ч явдаггүй газарт зам бариад байх юм. Уг нь зам барина гэдэг тоглоом биш. Өчнөөн тэрбум төгрөгөөр бүтдэг эдийг хэн нэг нь дээшээ харж байгаад тавиад байж боломгүй санагдана. 

Зуунмод Улаанбаатар чиглэлийн засмал  замыг Мэргэжлийн хяналтынхан “Ашиглаж болохгүй” гээд бүр тусгайлан дүгнэлт гаргасан байна лээ. Өнөөдөр тэр замаар машин цувсаар байгаа. Явахаас аргагүй гол замуудын нэг болохоор аюултай гээд хаана гэж юу байхав. 

Налайх Зуунмодыг холбосон шив шинэхэн нэг зам байна аа. Тэр замаар өдөрт хаа нэг ганц, хоёрхон машин л явдаг. Яах гэж барьсан нь ойлгомжгүй. Яаж ч бодоод эдийн засгийн ашиг харагдахгүй нэг хачин зам тэнд байна.  Гэтэл Налайх Улаанбаатарыг холбосон зам баригдаад хэчнээн жил болсон билээ. Лав л дөчөөд жил болж байгаа. Гар хүрч засч янзалсан юмгүй тэр замаар өдөрт хэдэн зуун машин зорчдог. Өглөө ажил эхлэх, орой тарах үед бол машинууд Налайх хүртэл түгжирдэг болсон. Налайхаас нийслэлд ажил хийдэг хүн жилээс жилд нэмэгдэж байгаа болохоор цаашдаа бүр ч олон машин цувна. 

Шуудхан хэлэхэд Налайхын зам өнөөдөр хүн алдаг зам болчихсон.  Нарийхан гэж жигтэйхэн энэ замын энхэл донхол, нүх энэ тэр бол бүр дэндсэн. Энэ замаар нүүрс ачсан портер тасралтгүй цувж байдаг. Налайхад амьдраад хотын төв рүү ажилладаг улс  өдөр бүр өглөө, оройд зорчоостой. За тэгээд зун болохоор олширдог Цонжин болдог, Тэрэлжийг зоригсод байна. Тэд мөн л Налайхын “алуурчин” замаар зорчдог. Нарийнхан зам дээр хурдлах машинууд засвар зай гарвал л нэгнийгээ гүйцэж түрүүлэх гэнэ, өөдөөс нь явж байгаа нь бас хурдан явах гэж булталзаастай. Налайхын зам дээр гардаг ослууд нэг иймэрхүү шалтгаантай. Энэ зам дээр долоо хоног бүр хүн амиа алддаг гэсэн тоо бий. Саяхан гэхэд л өмнөх машинаа гүйцэж түрүүлэх гэсэн жижиг машин өмнөөсөө ирж байсан портертой мөргөлдсөнөөс болж урд талынх нь суудал дээр хүүгээ тэврээд сууж явсан бүсгүй амиа алдсан. Ээждээ тэврүүлсэн хэдхэн сартай нялх ч эндсэн. Ийм сэтгэл эмзэглүүлсэн ослууд өчнөөн гараад байхад өнөөдрийг хүртэл Налайхын замд санаа зовсон хүн алга. 

Жилд нэг л удаа, тодруулж хэлбэл наадмаар явдаг зам байна. Тодруулж хэлбэл Хүй долоон худгийн зам. Тэнд нэг биш бүр нэжгээд зам барьчихсан. Хүй долоон худаг руу очдог зам гэхэд л дөрөв. Хойшоо нь уруудаад Рашаант ордог нэг зам бий. Тавын таван замыг жилд ганцхан удаа ашиглахын тулд тавьсан байх юм. Эрх мэдэлтэй улсуудын хувийн хүслээр баригдсан уу, цөөхөн хэдэн хүний эрх ашиг нөлөөлөөд ийм олон замд өчнөөн мөнгө зарсан уу бүү мэд. Өөр ч шалтгаан байж мэдэх юм. 

Уг нь зам гэдэг аль болох олон машин цувж л байвал ашгаа өгнө. Толийсон сайхан засмалаар салхи татуулах машинууд элэгдэж сүйд болохгүй. Тэр хэрээр эзнийхээ хэтэвчин дэх хэдийг хэмнэнэ. Зөв газраа барьсан саадгүй замаар түмэн амьтан холхино.  Дэлгүүрийнхээ барааг татах нь татаж, байшин барих нь барилгын материалаа зөөж, аймгийн төвд  үйлдвэр ажиллуулдаг нь бүтээгдэхүүнээ хотод авчирч мөнгө болгож, зам дагуу байгуулсан үйлчилгээний газрууд нь хөөрхөн мөнгөжинө. Монголын хөдөөг зорих жуулчдын тоо ч зам баригдах хэрээр нэмэгдэнэ. Хөвсгөлд гэхэд л далай үзэхээр гарсан жуулчин энхэл донхолтой хэцүү замаас нь болж нисдэг тэрэг дуудаад уйлж буцсан жишээг жуулчин тээвэрлэдэг нэг жолооч ярьж байсан. Хэрвээ Хөвсгөл хүртэл жирийсэн саадгүй замтай байсан бол өнөө уйлж буцдаг нөхөр далай үзчихээд дараа жил нь дотны хэдэн хүндээ Монголын Хөвсгөл рүү очихыг зөвлөх л байсан. Зам эдийн засгийн хөгжилд хэрэгтэй гэж яриад байдаг нь ийм учиртай. 

Тэгэхээр одоо замаа салаалаг биш ухаалаг л болгомоор байна. 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Элэгний вирусийн халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?


Элэгний вирусээс хэрхэн урьдчилан сэргийлж, халдвар авахгүй байх арга замуудын талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжих асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Мэндсайханаас  тодрууллаа. 

-Манай улс дэлхийд элэгний В, С вирусийн халдвар хамгийн өндөртэй оронд тооцогдож байгаа гэсэн. Хүн амын хэдэн хувь нь элэгний вирусийн халдвартай вэ?

-Манай оронд 2013 оны байдлаар нийт хүн амын дунд гепатитийн С вирус 15.6 хувь, элэгний В вирус 11.8 хувь, Д буюу дельта вирусийн халдвар 4.8 хувийн тархалттай байна. Энэ нь дэлхийн дунджаас зургаа дахин өндөр үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, арван таван хүн тутмын нэг нь элэгний  С вирусээр халдварласан гэсэн үг. Энэ бол аюул. Өндөр хөгжилтэй оронд элэгний вирустэй бол ХДХВ халдвартай адилтгаж үздэг. Эмчлэх бүхий л арга хэрэглэдэг юм билээ. Манайд даанч ард иргэд маань, эрүүл мэндийн байгууллагынхан үүнд дасал болчихсон байна.

-Элэгний В, С вирус хүнд ямар замаар халдварлаж байна вэ. Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? 

-Ерөнхийдөө элэгний үрэвсэл үүсгэдэг есөн төрлийн вирус (А,В,С,D,Е,G,F,TT)  байдаг. Эдгээрээс манай оронд А,В,С,D вирусийн халдварууд зонхилон тохиолддог. Элэгний В.С.Д /дельта/ вирус бэлгийн замаар, цус, цусан бүтээгдэхүүнээр, мэс заслын үед, зүү тариураар ихэнхдээ халдварладаг. 

-Дээр үед зүү,  тариур буцалгаж хэрэглэдэг байхад зүүнээс халддаг байсан. Одоо тийм зүйл байхгүй болсон гэж хүмүүс ойлгож байгаа. Тэгвэл одоо ч зүүнээс халдвар тарах эрсдэл бий гэсэн үг үү?

-Тиймээ. Ялангуяа мэс ажилбар  хийх, шүд авахуулах, хануур хийлгэх, зүү тавиулах, шивээс хийлгэх, гоо сайхны мэс засал хийлгэх гээд энэ бүхний цаана элэгний вирус халдварлах магадлал маш их байдаг. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн багаж хэрэгслийг олон удаа дамжуулан хэрэглэх, ариутгал дутуу хийгдсэнээс ийм эрсдэл гардаг. Тэгэхээр иргэд шүдээ авахуулахаасаа өмнө ямар байна, сарын дараа ямар байна вэ гэдгийг харьцуулж үзсэн шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Шүд авахуулахаасаа өмнө С  вирус  байхгүй  байж  байгаад  сар,  зургаан  сарын  дараа  вирус  илэрвэл шүдээ авахуулахад нь халдвар дамжсан гэсэн үг. Мөн хагалгаанд орохоос өмнө С вирусгүй  байлаа.  Гэтэл  хагалгааны дараа  гурав  юм уу,  зургаан  сарын дараа вирус  илэрвэл  хагалгаанд  орохдоо  мэс  ажилбараас халдвар авсан гэж мэдэх боломжтой. 

-Хүмүүс элэгний вирусийн халдвар  аяга, бохир гараар дамжиж байна гэж ярьж байна.  Ялангуяа айраг уухдаа нэг аягаар дамжуулснаас болж халдвар авч байна гэсэн яриа гарсан байна лээ. Ийм замаар халдвар тарах уу?  

– А, В, С, Д вирусийн халдвар өөр өөр замаар халдварлана. А вируст гепатит  өвчтөний биеэс өтгөнөөр нь ялгаран гарч, хөрс, ус, хүний гар, ахуй орчны эд юмс, хүнсийг бохирдуулж тэдгээрээр дамжин эрүүл хүний хоол боловсруулах замаар орж өвчлүүлдэг. А вируст гепатитын эсрэг вакцин тариулах, гараа бохирдсон тухай бүрт нь тогтмол угаах, хувийн эрүүл ахуй, ариун цэврийг сахих, түүхий ус, цэвэрлээгүй жимс ногоо хэрэглэхээс зайлсхийх, ил задгай газарт худалдаж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх зэргээр анхаарч болно. Харин В, С вируст гепатит өвчнийг үүсгэгч вирус нь шинжилгээгүй цус, цусан бүтээгдэхүүнээр, бохир буюу хангалтгүй ариутгасан эмнэлэг, гоо сайхны багаж хэрэгслүүд, шүдний сойз, сахлын хутга бусад хувийн хэрэглээний багажийг дамжуулж хэрэглэх явцад шарх, шалбархайгаар дамжин халдварладаг. Мөн халдвартай хүнтэй бэлгийн харьцаанд орох бас вирус тээгч, өвчтэй эхээс урагт дамжин халдварлана. Тиймээс тохиолдлын бэлгийн харьцаанд орохгүй байх, хамгаалалт хэрэглэх нь чухал юм. Гадаад орчинд элэгний В, С вирус тэсвэргүй байдаг тул бохир гараар дамжихгүй. Аяга, сав суулгаар дамжихгүй гэсэн үг. Харин анхааруулж хэлэхэд эмэгтэйчүүд чихээ цоолуулах, хөмсөг шивүүлэх, арьсаа татуулах гээд гоо сайхны хагалгаа хийлгэхдээ тухайн үйлчилгээний газраас  багаж хэрэгслээ ариутгасан эсэхийг асууж, зохих  шаардлагыг тавьж байх нь чухал. Нэмж хэлэхэд хүүхдүүдээ А, В вирусийн вакцинд хамруулснаар урьдчилан сэргийлж чадна. 

-Элэгний вирус эдгэрдэггүй гэдэг. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Элэгний вирус бие махбодид орчихсон л бол ханиадны вирустэй адил эм уугаад дарагдана гэж байхгүй. Элэгний вирусийн хамгийн аюултай нь үүнд байгаа юм. Нэгэнт орчихвол насан туршид нь байж байгаад тэр хүнийг элэгний хавдартай, эсвэл хатууралтай болгоно. Тиймээс вирус орсон тохиолдолд идэвхжүүлэхгүй, тогтоож барих нь чухал. 

-Элэгний өвчлөл аль насныханд элбэг байна вэ?

 -1996 он  хүртэл бид дандаа буцалгасан тариур хэрэглэж байсан. Тэр үеийн халдвар авсан хүмүүс одоо 50, 60 настай болсон.  Дунд болон дундаас дээш насныхан дунд  С вирусийн тархалт их байна гэсэн үг. Энэ насныхан маань одоо элэгний хавдартай ангилалд орчихож байна. 1991 оноос эхлэн В вируст гепатитын эсрэг вакцинаар шинээр төрсөн бүх хүүхдийг  тарьж дархлаажуулж эхэлснээс хойш бага насны хүүхдийн өвчлөл эрс буурсан боловч залуу насны хүн амын дунд уг вирусийн халдвар их байна. Мөн А вируст гепатит халдвар жил бүрийн есөөс арванхоёрдугаар сард дэгдэлт хэлбэрээр гарч 2-15 насны хүүхдүүд зонхилон өвчилж байна. 2012 оноос эхлэн А вируст гепатитын эсрэг вакциныг нэг нас хоёр сартай болон хоёр настай хүүхдэд товлолын дагуу дархлаажуулдаг болсон нь үр дүнгээ өгч байгаа. Харин С вирусийн вакцин байхгүй. Тиймээс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал юм. 

-Манай улсын хүн амын дунд хамгийн элбэг байгаа элэгний С вирусийн эсрэг одоо ямар эмчилгээ хийж байгаа вэ?

-Одоо манайд альфа интерферон рибаварин гэсэн эмийн хослол хэрэглэж байгаа. Хэрэв идэвхжилгүй эмчилгээ хийхгүй гам барих ёстой. Хамгийн их гам алддаг зүйл бол архи, даарч хөрөх, ханиад томуу тусах гэх мэтээр дархлаагаа сулруулах явдал. Мөн шарсан хайрсан өөх тостой хоолноос татгалзах хэрэгтэй. Түүнчлэн стресс вирусийг идэвхижүүлдэг гол хүчин зүйл.  

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Чойжамц: Улс үндэстний ёс суртахууны ундарга нь шашин суртал байдаг


Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцтай ярилцлаа.

НЭГ. БУРХАНЫ ШАШИН БОЛ ЖАРГАЛЫН ТУХАЙ СУРГААЛ

-Яриа эхлэхийн өмнө нэг юм тохирох уу,

-За, юу юм бол доо?

-Та бид хоёрын яриа  хүүх­дийн хүмүүжлээс цөмийн зэвсэг, ариун цэв­рийн үзлэг, ер нь юу руу ч орсон ч бурханы шашинтай холбогдоно.

-За тэгж таарна.

-Тийм болохоор жирийн бид бүхэн цөмийн зэвсэг, ариун цэвэр мэтийг ярихдаа  хэрэглэдэг энгийн үг хэллэ­гээр хариулт өгөөрэй гэж танаас хүсэх байна.

-Тэгэлгүй яах вэ? Угаасаа бурханы шашин чинь олон түмэнд л зориулагдсан, жирийн хүнээс төгс гэгээрэгч, нүгэлтнээс буянтан болох зам мөрийн сургааль хөтөлбөрийн цогцлол шүү дээ.

-Бурханы сургааль юуны тухай өгүүлдэг талаар асуух нь ухаалаг биш гэдгийг ойл­гож байна. Мэдээж ни­гүүлсэнгүй сэтгэл, энэрлийн ту­хай сур­гааль гэж бид хар­даг. Гэхдээ л ингэж асуумаар санагдаад байна. 

-Ингэж асууж бололгүй яах вэ, асуух ч цаг мөн. Яагаад нигүүлсэх хэрэгтэй, энэрэх учиртай байгаагийн цаад учир шалтгаанаас яриагаа эхэлье л дээ. Ухаант хүмүүний амьдралын зорилго нь жар­галтай амьдрах явдал билээ. Харин жаргалтай амьд­рахын тулд жаргал гэж юу болохыг таньсан, түүндээ хүрэх зөв арга замыг олсон байх учиртай. Түүнчлэн жар­галаас хагацуулагч зовлон гэж юу болох, түүнээс зайлсхийх арга учрыг мэдэх хэрэгтэй болно. Энгийнээр хэлэхэд, хорвоогийн амьтны хүслэн болсон аз жаргал гэж юу бо­лохыг Таних, түүнд хүрэхийн тулд зовлонгоос гэтлэх, ул­маар төгс гэгээрэлд хүрэх зам мөрийн тухай сургаал гэж Бурханы шашныг ойлгож болно.

Чи жаргамаар байгаа юм чинь бусад ч бас тэгмээр байгаа. Та зовлонгоос сала­хыг эрмэлзэж байгаа шиг хорвоогийн олон амьтан гачаал бэрхшээлээсээ гармаар байгаа. Чи бие хэл сэтгэлээрээ төгөлдөршиж, хамаг бүгдийг нигүүлсэн хайрлахын хэрээр өөрөө бусдын хайр энэрэлд багтана.  Бурханы шашин  гэдэг бол зөвхөн зөвшөөрөөд, дагавал болчих үзэл суртал огт биш. Гэгээрэлд хүрэх замнал, хүний сэтгэлийг төгс төгөлдөр болгох тодорхой дэс дараа, шат эрэмбийг агуулсан хөтөлбөр юм.

-Загалмайн шашинтан хүнд библи хэмээх ариун судар буй. Түүнийг л уншаад шү­тээд явахад болдог. Ха­рин бурханы шашин болохоор боть ботиороо тавиур дүүрэн, сан дүүрэн судар байх юм. Буддист болохыг хүссэн энэ бүхнийг хараад шантармаар байх юм биш үү?


-Бурханы шашин товч­хондоо хүрвэл товч. Бурхан багш “итгэл бишрэл”,“үйлийн үр” гэдгийг зөвшөөрч байгаа бол бурхны шашинтан болох тухай сургадаг. Харин үйл гэж юу болохоос эхлээд үр нь яаж гардаг хүртэл, сэтгэлийн гэм нисванис хэмээгчээс эхлээд түүнийг яаж дарахыг ойлгуултал, зөв сэтгэл төлөв­шүүлэх арга барилаас  эхлээд гэгээрэлд дөтлөх хүрэх замын хөтөлбөрийг хүртэл олон аймаг савыг багтаасан мэдлэг дадлагын их ертөнцийг баг­таахад дэлхий дүүрэн ном бичсэн ч хүрэлцэхгүй шүү дээ.

Зовлон гэж юу болохыг таниад, түүний шалтгааныг  олоод, түүнээс гарах учиртайг ухаараад, гаргах арга замаар нь замнах ийм дөрвөн үнэний чанадад нэг номоор, нэг курс дамжаагаар хүрчих аргагүй. Мэдлэгт хүрэхэд хугацаа орно, мэд­лэг нь дадал болоход бас хугацаа орно. Ийм болохоор бур­ханы шашны номыг нялх багаасаа эхлээд насан турш үзэж судлаад ч дуусгаж, эц­сийн шатанд хүргэж бардаг­гүй. Энд хуврагийн замналаар явах тухай ярьж байгаа шүү дээ. 

Шинжлэх ухааныг бүгдийг нь ганц номонд багтаагаад бүрэн мэдээд авахаа байг гэхэд дунд сургуульд үзэж мэдвэл зохих зүйлийг ч нэг ботид чихэж ойлгуулах аргагүй.

Тийм болоод хүүхдүүд 10 гаруй жил дунд сургуульд сурч байж дундаж иргэний боловсролын дундаж шатыг дүүргэдэг биз дээ. Харин Бурханы шашныг ойлгох, судалж эхлэхэд дөхөм болох номууд “Бодь мөрийн зэрэг” , “Гэгээрлийн зам мөрийн тухай сургааль” зэргээс эхлээд бишгүй байдаг.

-Тэгвэл лам болж амьд­ралаа зориулаад ч чинадад нь хүрдэггүй номын үр шимийг гэр орноо тэжээх, үр хүүх­дээ өсгөхийн хажуугаар ухаарч ойлгох аргагүй юм биш үү?

-Юмыг ингэж харвал хув­рагууд л гэгээрээд бусад нь угаасаа зовох тавилантайгаар мунхагийн харанхуйд үлдэх учиртай гэсэн шиг төөрөгдөл болно. Хүн болгон жаргах хүсэлтэй бөгөөд жаргах эрх­тэй. Жаргахын тулд бие хэл сэтгэлээ ариусгаж буянтай сайн үйлийг бүтээх учиртай. Зөв сайн үйл буюу буян үйл­дэхийн хэрээр түүний сайн үр боловсорч, хүсээд байгаа аз жаргал чинь ирнэ. Тэгэхээр өнөө “Хүүхдийн хүмүүжил бүх нийтийн үйлс” гэлээ гэдэг шиг буддизм бол амьд бүгдийн үйл хэрэг. Тийм учраас бурханы шашинтнууд “Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд” хэмээн зорилгоо тодорхойлдог юм байна гэж ойлгож болно.

Харин тодорхой бүлэг хүн эх болсон зургаан зүйл хамаг амьтанд тусын тулд энэ насаа зориулахаар хувраг болдог. Бичиг үсэг сурах нь доктор болох хүнд ч хэрэгтэй, жолооч болох хүнд ч хэрэгтэй байдаг. Бурханы шашныг ингэж ойлгож болно.

-Бурханы шашин шүтэхэд баахан түвэг уддаг шашин юмуу гэсэн ойлголт байна. Үнэхээр ч  “Нөхөр Буддад илтгэх нь. Миний бие өнөөдрөөс эхлээд танай талд орлоо” гэхээр л болчихгүй. Чи эхлээд үйлийн үрийг ойлго, дараа сэтгэлээ номхотго…гэх мэтээр ахиад явчихдаг явдал бас байна аа.

-Дээр ярьсан. Үр яах гэж байна вэ, ургаж цэцэглэхийн тулд. Оюун ухаан яах гэж байна вэ, ухааран гэгээрэхийн тулд. Оюун ухаантай төрсөн атлаа төөрөгдлийн мананд явсаар үхвэл үр болж бүрэлд­сэн атлаа ургах цэцэглэхээ үзэлгүй шувуунд идүүлэхтэй адил юм. 

Юун өмнө Буддын шашин мэдлэгээр дамжсан итгэл үнэмшил дээр суурилсан ша­шин гэдгийг хэлмээр байна. Шүтлэгтэй байхад боловсрол мэдлэг чухал. Бурханы шашин мухар сүсэгтэй байхыг буруушаадаг. Бурханы номыг ухаарах, үнэнд хүрэх хамгийн сайн арга бол эргэлзээ гэж сургадаг. Нэг талд “Миний үгийг дагахгүй бол баларна” гэж номлож байхад “Миний сургаалийг эргэлзээгээр шалган бататгаж бай” гэх бурханы сургааль энэ талд байна. 

Яаж ч бодсон бурханы ариун сургаалыг бишрэн дагах нь буян мөн. Буян учраас сайн үр гарна. Гэвч Бурханы шашинтан байх нь түүнд хамаг юмаа даатгаад, өмгөөлөл хамгаалалд нь багтаад явахаас хамаагүй дээгүүр утгатай. Түүний сургаалийг ойлгож, явсан замнал, заасан замыг нь да­га­саар төгс гэгээрэлд хүрч орчлонгийн зовлонгоос ангижрах тухайд болж буй яриа юм. Баян хүн өөрийгөө дагасан, зарагдсан улсаа тэтгэн, амь зуулга залгуулах нэг утгатай. Харин өөрийг нь дагасан улсад аж төрөх ухаан зааж, өөр шиг нь дутагдах гачигдахын зовлонгүй болгоод байна гэвэл бас өөр. Баахан болхи жишээ л боллоо, гэхдээ иймэрхүү маягаар гэгээрлийн замыг бүдүүвчилж бас болно.

ХОЁР. “ДЭЭР”-ЭЭС ЗУРСАН ТАВИЛАН ГЭЖ БАЙДАГГҮЙ

-Хувь тавилан, заяа зураг гэдэг ойлголт тэгэхээр их сонин болоод ирж байна.

-Зовох жаргах нь чиний урьд өмнийн сайн ба муу үйлийн үр боловсорсны дүн гэж Бурханы  номд сургадаг. Тийм учраас дээрээс, ямар нэг дээд хүчнээс зурагдсан хувь тавилан гэж байхгүй.  Харин чи өөрөө хувь тави­лан­гийнхаа зохиогч, заяа  төөргийнхөө зураач нь юм. Ингээд үзэхээр хүний хувь тавиланд нөлөөлдөг, дээрээс чиглүүлдэг “бүтээгч эзэн” байхгүй болохыг бурханы сургааль хэлдэг. Чи жаргаж байгаа нь хэн нэгний шид нөлөө бус урьд өмнө хийсэн сайн үйлийн чинь үр. Иймд өөрөөрөө бахархахын сацуу сайн үйлд улам шамд. Зовж байгаа нь дээд хүчний шийт­гэл, хэн нэгний хорлол бус чиний үйлдсэн нүгэлт үйлийн үр боловсорсон хэрэг. Иймд бусдыг буруутгахын оронд үнэнийг ухааран сэхээрч, зовлонгоос салах, жаргал болж боловсрох сайн үйлийн үрийг соёолуулах учиртай.

-Ингээд бодохоор улс үндэстний хувь тавилан гэдэг нь иргэдийн үйлийн үрийн нийлбэр юм уу гэж бодогдож байна. 

-Тэгж үзэж болно. Наа­надаж л бурханы шашин­тай, түүнийг номлох лам хув­рагтай, буяныг цэцэг­лүүлэхийн тө­лөөх өглөгийн эзэнтэй газар төрөхүйц буян үйлдсэн бо­лоод л бид энд төрөл олсон хэрэг. Шашин номоо түймэрдэж, багш хуврагуудаа хөнөөсөн харанхуй үеийн ард гарч, шашин суртал сэргэсэн ардчилалтай золголоо. Эрх чөлөөнд хүрэх нь ховор сайхан боломж бөгөөд түүнийг хайрлаж, энхрийлэх учиртай гэж гэгээн мэргэд сургасан. Шива Лха гэгээн “Эрх чөлөө олдохын цагт түү­нийг энхрийлэн хамгаа­лаарай. Эрх чөлөөгөө хам­гаалж чадахгүй бол нүгэл хилэнц, зовлонд унана” гэж сурган айлдсан байдаг юм. Ардчилал, эрх чөлөөг тогтоож эдлэхийн тулд хичээх, зүтгэх учиртай. Өнөөгийн дэлхийд эрх чөлөөтэй байх боломж олдоод байхад түүнийг тогтоож чадахгүйн жишээ олон харагдаж байх юм. 

-Эрх чөлөөгөө яаж хам­гаалах вэ гэсэн асуултад хүн бүр л нэг хариу хэлэх байх. Харин бурханы шашны үүднээс харвал ямар санаа бууж байна.

 -Сэтгэлээ хянах нь эрх чөлөөгөө хамгаалах суурь болно. Сэтгэлд боловсорсон бүхэн хэл, биеэр дамжин хэрэгждэг. Жишээлэхэд, хүн сэтгэл санаа буруутаад эхлэхээр биеэ авч яваа байдал, харц нь нэг биш болоод ирнэ. Тэр хэрээрээ  бусдын хүндлэл хүлээх аргагүй, хүлээн зөв­шөөрөгдөхөд амаргүй нэгэн болж эхэлнэ. Цаашлаад дүр төрх нь нийтийн зэвүүцэл, дургүйцлийг төрүүлээд эхэл­дэг. Улмаар үг хэл буруутаад ирдэг. Хүнд “Чи яадаг хулгайч вэ” гэж хэлж байгаа хүний өөдөөс сайхан үг хэлэх арга­гүй. “Та сайхан зусч байна уу” гэсэн мэнд яавч гарахгүй. Харин уур цухал шингэсэн “Хуц, чамд ямар хамаатай юм бэ” гэхчлэнгийн үг л гарна. Ингээд хүмүүсийн сэтгэл харилцан самуурч хэрэлдээд ирэхээр амар тайван амьдрал алга болно. Амар тайван амьдралыг дагаад эрх чөлөө алга болно. Оронд нь бие, хэл, сэтгэлээрээ эвдрэн, догширсон ааштай хүмүүст л таарсан тийм орчин бүрэлдэнэ.

-Там, диваажин гэдэг ойлголт олон шашинд оршиж, суртал ухуулгынх нь гол хэрэгслэл болж ирсэн. Төр нь хууль зөрчвөл шоронд хийхээр далайлгаж, шашин нь нүгэл үйлдвэл тамд унахаар айлгадаг.

-Мөрөөрөө явсан хүнийг  эрлэгийн элч ирээд чирч аваачаад тамд хийчихдэг юм биш. Тамыг бид өөрснөө бүтээж, түүндээ унадаг. Заримдаа, нүдэн дээр, сайн сайхан элбэг хангалуун амьдарч байсан айл гэнэт өөрчлөгдөөд эхлэх нь байдаг даа. Эхлээд эцэг эхийнх нь зан авир сонин болно. Энэ нь сэтгэлд гарсан хувирлын үр шүү дээ. Гэрийн эзэн гэнэт архи уугаад эхэлдэг ч юмуу, эхнэр нь арай л биш болоод явчихна. Улмаар амьдралын хэмнэл өөрчлөгдөж мөнгө цаасаар гачигдана. Хүүхэд нь сургууль дээрээ юунаас юм болж гадуурхагдан тэнэмэл золбин болно. Улмаар тран­шейны зуугуулуудтай нийлнэ. Гэнэт гэрийн эзэн хүнд өвчинд нэрвэгдэж улмаар нийгмийн ёроолд хаягдана. Там гэж энэ л биз дээ.

Зөв сайхан үйлийн үрээр нүдэн дээр цэцэглээд амьдрал нь сайхан болоод хүссэн унаа тэргээ хөлөглөөд, үр хүүхэд сайн сайхан сургуульд ном үзэж, баяр дээр нь баяр нэмээд, дээр нь олны ам ч зөв гэж жигтэйхэн явж байгаа айл бас л бишгүй. Диваажин ингэж л сайн үйлийн үрээр бүрдэж байгаа юм биш үү?

-Бурханы шашны дайс­нууд гэж хэн бэ, тэднийг хэрхэн дарах вэ?

-Бурханы шашны дайсан бол нисванис. Эд бол ямар нэг улс үндэстэн, өөр шашинтны нэр биш. Харин хүний сэт­гэлийг хорлож байдаг, зовлонгийн шалтгаан болж өгдөг хүчин зүйлсүүдийн нэр. Сэтгэлдээ байгаа нисванисын хорлолыг дарж чадаагүйн гайгаар л буруу зам мөрт орж, алдаатай суртлыг да­ган, аврал гэгээрлийн за­маас төөрдөг. Дайсан гадаа биш дотор сэтгэлд бий гэж сургадгийн учир энэ. Бурханы сургааль зөвхөн өөрийгөө шүтсэн, дагасан улсыг аврахын тулд бус “эх болсон зургаан зүйл хамаг амьтан” хэмээх нэршилд багтаан амьд бүгдийг авран зөв зам мөрт хөдлөх нь бурхан шашны зорилго гэж үздэг. 

-Бурханы шашин болбоос амьдралын идэвх­гүй зарчим баримталдаг учраас хөгжлийн тушаа бол­дог. Харин өрнөдийн орнууд христосын шашинтай учраа хөгжсөн. Таны олонтаа сонссон байж болох мөрүүд байгаа биз?

-Тиймээ ингэж их суртал­чилдаг байсан. Энэ нь ХХ зууны гучаад онд шашин, бурханаа сүйтгэснээс хойшхи үед өрнөдөд боловсрол эзэмшсэн, христосын шашны эсрэг атеизм үзсэн, бурханы шашныг огт мэдэхгүй хүмүү­сийн гаргасан яриа, ойлголт. Удаах нь яалт ч үгүй өөрийн шашнаа сурталчилах ажлын хэсэг. Үнэн хэрэгтээ Христийн шашин л шинжлэх ухааны танин мэдэхүйтэй зөрчилдөж байснаас биш буддын шашин тэгээгүй. Буддын шашны судлагдахуун нь ертөнцийн үүсэл гарлын тухай сургааль хийгээд ерөөс байгалийн шинж­лэл биш. Бурханы ша­шин хүний сэтгэлийн тухай, зөв амьдралын тухай номлол сургаал. Тийм учраас дэлхий бөөрөнхий байх нь, нар явдаг­гүй дэлхий эргэдэг тогтоцтой нь, орчлонгийн гүнд хар нүхтэй эсэх нь Буддын сургаалийг хөндөхгүй, хор болохгүй, зөрчилдөхгүй. Харин ч 18 дугаар зууныг хүртэл харанхуй бүдүүлэг, ядуу зүдүү явсан Европт шинжлэх ухаан ялалт байгуулснаар хөгжил дэвшлийн үүд нээгдсэн юм шүү.

ГУРАВ. АЛИВ ҮНДЭСТНИЙ БУСДААС ЯЛГАРАХ НҮҮР ЦАРАЙ НЬ ШАШИН,  УЛАМЖЛАЛ НЬ БАЙДАГ

-Дэлхий даяараа ижил­сэж байгаа өнөө үед улс үндэстний ялгарах нүүр царай нь уламжлалт шүт­лэгээс үүдэлтэй үндэсний ёс заншил л боллоо, мөн үү?

-Бид наанадаж 300 жил, цаанадаж хоёр мянган жил бурханы шашинтай амьдар­сан. Монгол хүний ертөнцийг үзэх үзэл, зан заншил, ааш аягт Бурханы шашин нэвт шингээстэй байдаг. Хорвоод мэндлэх шинэ хүнийг угтахаас эхлээд айл гэр болж голомтоо бадраах хүртэл, өвөг дээдсээ үдэх, уламжлалт шинэ оноо ёслохоос өгсүүлээд найр наадам хийх дэг ёсыг оруулаад бурханы шашны бэлгэдэл, итгэл бишрэл шингээстэй.

Хүүхдийг эхийн хэвлийд олдохоос эхлэн хорвоод ирсэн насыг нь тоолж, одоогийнхоор бол сурлага, хүмүүжлийн ажлыг нь эхлүүлдэг. Хэвлийдээ үр тээж яваа эх нь муу юм бодохгүй, муухай үзэгдэл харахгүй, сэтгэл төвшин, баяр баясгалантай байж байгаад амаржих учиртай. Орчин тойр­ныхон нь ч гэсэн ийм үүрэг хариуцлагыг хуваалцана. Өнөө­гийн хөгжингүй орнууд саяхнаас үүнийг  ойлгож хэрэгжүүлэх болж. 

Төрсөн хүүхдийг угаах, нэр өгөх бүгд утга учир­тай. Нэр өгөхөд хэдэн зүй­лийг анхаардаг. Юуны өмнө эцгийн нэр, овогтой хоршихуйц дуудлага үетэй байх. Ухаандаа, Рад­наа­сүм­бэрэлийн Гончигдорж гэхэд маш нийцтэй хэлэгдэж байгаа биз. Түүнчлэн гарсан гариг өдөртэй уялдуулан нэрлэдэг. Өвчин ороодог, хүүхэд тогт­доггүй айлд мэндэлсэн бол тохиолдож болох аюул заналаас зайлхийсэн нэр өгөх нь бий.  

Хүүхдээ зөв хүмүүжүүлэх нь хүний үлдсэн амьдралын хэрэг. Өтлөх насны аз жар­галын утга нь үр хүүхэд сайн сайхан явахад байдаг. Иймд хүүхдээ зөв хүмүүжүүлэх нь маргаашийнхаа аз жаргалын үрийг тарьж байгаа хэрэг. Андашгүй дээ, сайхан дээл хувцас өмсөөд, инээд хөөр дүүрэн яваа ахмадуудтай уул­за­хад үр хүүхдээ сайн өсгөж хүмүүжүүлсэн, тэднийхээ сайн яваагаар бахархсан улс бай­даг. Гундуухан яваа, хүнтэй уулзахаас бэргэсэн хөгшчүүлийг асуухад хүү­хэд нь өрд нь орж байрыг за­раад үрчихсэн, архинд ороод хамаг юмаа зараад уучихсан, тэднийгээ олигтой хүмүүжүүлээгүйн горыг амссан хөөрхийс харагддаг. Хүүхдээ муу хүн болгоё гэж хэн бодох билээ, гагцхүү түүнд тавих анхаарлаа цалгардуулсан, үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ дутуу ухамсарлаж зөнд нь орхисны л үр шүү дээ. 

-Нүүдэлчин айлын хө­вүүд охид гэрлэх уламжлалт ёсон тодорхой байдаг. Харин хот сууриныхан өрнөдийн ёсоор хуримлаж байна. Энэ шинэчлэл хувиралд буддистууд хэрхэн өөрийн онцлогоо хадгалан зохицох ёстой юм бол?

-Амьдрал бол үргэлж баяжин шинэчлэгдэж байдаг зүйл. Хорвоогийн агшин зуур хувиран өөрчлөгдөж байдаг тэр чанарыг л бурхан шашин голлон хэлж өгдөг юм. Уудам тавиу нутагтаа цөөхүүлээ, цаг зав ихтэй амьдран сууж байхад хэвшин тогтсон зарим ёс зан үйл  хотшин суурьшсан өнөөгийн амьдрал шинэчлэл нэхэх нь зүй тогтолтой зүйл.  Жишээлэхэд, цай сүүнийхээ дээжийг тэнгэр хангайдаа өргөх нь өвөг дээдсийн ариун ёс мөн. Гэхдээ орон сууцныхаа цонхоор шанага шанагаар өргөл цацал үйлдэх нь гудамж талбай бохирлохоос эхлээд хүний толгой руу юм асгах, машин тэргийг нь муухай болгох сөрөг үр дагавартай. Хичнээн сайхан үйл гэж бодож хийлээ ч бусдыг уурлуулж, хүнийг хохироож үйлдвэл юуны буян байх билээ.

Жишээлэхэд, манайх дээжүүдээ жижигхэн данханд хурааж байдаг сүүлхэнд нь гадаа, хээр өргөдөг юм. Гол нь хоол цайныхаа дээжийг тэнгэр хангай байгаль дэлхийдээ өргөх сэтгэл байгаа болохоор болоод явчихна.

Манай хийдэд хуримын ёслол хийсэн хосууд ирж ёсолдог сайхан заншил бий болоод байна. Энэ нь өвөг дээдсийн шүтээн, зан заншилд хүндэтгэл илэрхийлж байгаа сайхан хэрэг. Дэмжин зохион байгуулах учиртай гэж үзэж байгаа. Хуримыг бид эхлээд Жанрайсиг дуганд ёслуулж үзсэн. Зун болоод байвч хүйтний улиралд халаалгагүй учраас бэрх юм билээ. Одоо тэргүүн хамбын өрөөнд хийж байгаа. Өрөөний хэм­жээнд захирагдаад хүргэн, бэрийн талын голлох цөөн хэдэн зочныг оруулдаг. Тэд­ний өөрсдөө сонгож авсан, эсвэл бидний зүгээс гэрлэгсдийн жил, гаригийг шинжин санал болгосон гэр бүлийн шүтээн бурханыг аравнайлан гардуулдаг. Мөн эхнэр нөхөр, улмаар эцэг эх, эмээ өвөө болох ариун барилдлагын учир, үүрэг хариуцлагыг сурган хэлж, ерөөл бэлгэдлийн шинжтэй ёслол үйлддэг болсон. Энэ улам өргөжих байх.

-Хурим хийхэд тохи­ромж­той өдөр ховор бол­той. Зарим ховор сайн өдрөөр Хуримын ордонд 24 цагийн турш ёслол болох нь бий юм гэсэн.

-Өдөр судрын хувьд бол цөөхөн хэдэн өдөр манайхны ой санамжид үлдсэнтэй  холбоотой. Шашин бурхан хориотой, өдөр судар харуулбал үзсэн үзүүлсэн хоёр хэрэгт ордог хатуу бэрх үед хүмүүс нийтээрээ мэддэг хэдхэн “хурим хийхэд сайн” өдөр байсны нэг нь намрын дунд сарын 17 юм. Тэрнээс биш сайн өдөр олон, аргагүйдсэн үед хийх засал нь буй. Гагцхүү манай зурхайчид хамтарч нэгдсэн ойлголтод хүрэх замаар шийдэх асуудал олон байгаагийн нэг нь. 

Өвөг дээдсээ нутаглуулах­даа булшлах, хайлуулах, агаарт хайлуулан өргөх ёсууд уламжилж ирсний дотроос ил тавихыг шүүмжлэх нь их болж. Уул нь амьдралынхаа сүүлчийн мөчид газар дэлхийг ухаж төнхөхгүй байх хүсэл, бие махбодио араатанд хаяж өлийг дарснаар юун түрүүн амьтан цатгах, улмаар түүнд идүүлэх ээлжтэй байсан нэг амьтныг аварч буян үйлдэх утгатай эд л дээ. Өнөөдөр шүүмжлэл нэлээн дагуулж байгаа. Гэхдээ зарим хөгшчүүл өөрснөө ингэж нутаглуулахыг гэрээслэдэг учраас амаргүй байдаг юм билээ.

-Монгол хүний баатарлаг дайчин чанарыг сэргээх цаг боллоо гэж уриалах боллоо. Номой дорой бол­госны буруутан нь… гээд орхихоор та тэртэй тэргүй гүйцээн ойлгоно. Би ч “амаар үйлдэх” нүглээс зайлах ач холбогдолтой юм.

-Тиймээ, социализмын үед буддын шашныхаа мөн чанарыг ойлгоогүй хүмүү­сийн гаргасан суртал нэвт­рүүлгийн үг ярианы хэсэг байна. Гол хариулт нь бид­ний өмнөх ярианд гарсан. Харин орхигдсон санааг үр­гэлжлүүлэн ярихад, амьд­рал үргэлж сайжирч, хорвоогийн олон амьтан орчлонгийн хүрдээс аврагдах, гэгээрэх боломж руу улам бүр дөтөлсөөр байгаа цаг юм, өнөөдөр. Ямар ч үндэстэн түүх судраараа бахархалгүй л яахав. Гэхдээ дайнч түрэмгий явсан үеэ ид бах болгож, тийм араншингаа  сэргээх юм ярьж байх юм. Гэтэл цагийн юм цагтаа л байдаг. Олон зууны тэртээд цэрэг зэвсгээр гайхуулж явахад тийм араншин зохидог байсан биз, харин өнөөдөр үгүй. Хоёр хэт их гүрний дунд хоёр сая гаруйхан тоотой монголчууд догшин түрэмгий байгаад амьтны дургүй хүргэхээс өөр юунд хүрэх вэ. Харин амьтны эвийг олж, бодолтой амьдарч байж ардчилал, тусгаар тогтнолоо үргэлжлүүлэн хамгаалах цаг. Зөөлөн нь хатуугаа идэж, ус чулуугаа элээдэг гэж өвөг дээдэс сургасан.  Нэг сагсуу бодлогогүй хүний хийсэн үйлдлийн балгаар мөрөөрөө яваа өч төчнөөн гэмгүй монгол хүн хохирч үлддэг нь бишгүй. Эх оронч үзэл гэдэг бол хаана ч явсан үндэстнийхээ нэр төрийг бодож, миний хийсэн бодлогогүй явдлын балгаар миний араас яваа монгол ах дүү минь хэлмэгдэн хохирох вий гэж сэрэмжлэн явахын нэр юм байгаа биз дээ. Ардчиллын зарчимд “Нэг хүний эрх чөлөө бусдын эрх  чөлөөгөөр хязгаарлагдана” гэж сургадаг даа.  

-Монголыг монгол бол­гож харуулдаг бас нэг зүйл наадам, цагаан сар хоёр байна. Даяаршиж ижилссэн энэ цаг үед биднийг “Энэ бол монголчууд” гэж  ялга­руул­даг. Наадмын өдөр цөмөөрөө монгол дээлээ өмсөөд, наадмын хуушуураа идэх үнэхээр сайхан.

-Тиймээ, цагаан сар, наа­дам хоёр монгол хүнийг монгол харагдуулдаг. Хуучин оны сүүлийн өдрүүд их учиртай. Өвлийн адаг сарын 29-н гэхэд өр ширээ барагдуулж, үнс тоосноосоо салж, харин битүүнд ам зөрсөн улстайгаа хөөрөг зөрүүлэн цайруулж, эв найраа сэргээдэг. Бид “талархлын өдөр” гэж гадаа­дынхныг дуурайн тэмдэглэж байна. Муухай гэх гэсэн биш. Харин өвлийн адаг сарын битүүнийг “бие биенээ ууч­лах”, “гэмээ цайруулах” үндэс­ний өдөр болгож яагаад болохгүй гэж. Ийм өдөртэй байх нь гэмээ цайруулах, нэгийгээ уучлах гээд завдаж чадахгүй яваа улсад сайхан боломж шалтаг болж өгнө.  Ингэснээрээ хуучин жилийн сайн, муу бүхнийг хуучин онд нь үлдээж байгаа хэрэг. Тэгээд шинийн нэгэнд аж төрлөө цоо шинээр, улам сайхнаар эхэлнэ.  Мөрөө шинээр гаргаж байгаа нь ийм учиртай, гэм алдаа, элдэв бүхнээ хуучин ондоо үлдээгээд амьдралаа шинээр эхлэн анхны ариун мөрөө гаргах бэлгэдэл шүү дээ.

-Тасарсан бүхэн эргэн залгалдахад гардаг завсар зааг, уяа холбооны зөрүүг бид 1990 оноос хойш хан­галт­тай амслаа. Энэ үе бол тасарсан шүтлэг, тасалдсан зах зээл, тасалдаж орхисон зүй ёсны хөгжлийн замтай­гаа эргэн залгагдах үе байсан.

-Бид урагшилж байна. Шашин номоос нь салгаад хаячихсан ард түмэн яаж төөрөх, будилах ёстой вэ, бид түүнийг л дайрч байна. Өнөөгийн лам хувраг, сүм хийдийг хориод жилийн өмнөхтэй зүйрлэшгүй болсон. Сүсэгтнүүд ч мөн адил. Гадаад хэ­лээр болоод төрөлхи хэлээр гарч байгаа бурханы ном сургаалийг уншиж судал­сан сүсэгтнүүдтэй харь­цаж байгаа манай лам хуврагуудын шашны болоод иргэний боловсрол ч хамаагүй ахисан.

Хүн ард ч өөр болсон. Бид ерээд онд хогоо үүдэндээ асгаад, гэр доторхио гоёж эхэлсэн. Гоё тавилгатай гэрээ­сээ гарах, орохдоо хогон дундуур явдаг байсан. Түүнийгээ анзаарч ухаараад орцоо цэвэрлээд жижүүртэй болоод эхэлсэн. Одоо үүд орчноо хамтаараа тохижуулж, хот маань өнгө зүсээ улам л засаж байна. Бусдын юмыг хайрлаж байж өөрийн юм сайхан болно гэдгийг бид ухаараад явж байна. 

Жолооч нар бие биедээ ямар найрсаг болж, яарсан нэгэндээ зам тавьж, урдуураа оруулаад өгдөг болж эхэлсэн нь юутай сайхан. Манайхны зарим нь урдуур нь машин орохоор бөөн уур болоод түрүүнд нь гарч байгаад тоормосоглох зэргээр аягла­даг нь үнэхээр муухай. Ямар ч учир шалтгаантай яарч явж байж болно оо доо. Зайлуул, эмнэлэгт хэн нэгэн бие нь муудаад эмч нь “Уулзах учиртай хүн байвал одоо дууд” гэснийг дуулаад хагас ухаантай амьтан яарч явж болно. Зовлон хэнийг ч тойрохгүй шүү дээ.

-Шашны хэрэгт төр орол­цохоо больсонд таа­гүй байдаг гэж дуулаад их гайхсан. Ямар учиртай юм бол?

-Шашныг хянаж цагдаж байсан үеийг мөрөөссөн юм бол биш. Ер нь үндэснийхээ шашин мөргөлийг тэтгэх үүднээс төрийн халамж чухал болохыг хэлсэн юм. Энэ нь дотор нь ороод сүм хийдийн хэргийг хөтлөхдөө биш.

Сүм хийд оршин тогтноход хөрөнгө хэрэгтэй. Өглөг харамжаас бүрдэж буй сан нь сүм дуганаа өөд татахад , зан үйлийн хэрэгцээг хангахад хүрэлцэж байна уу, үгүй юу гэдгийг харах ёстой. Ингэж чадаагүй сүм хийд харамжаа нэмнэ. Харамж нэмэгдээд сүсэгтний боломжоос давбал тэд сүм хийдээс зайгаа бари­на. Эцсийн дүндээ шашин сүм хийд хүний сэтгэлийг зөөлрүүлж ариусгах үүргээ биелүүлж чадахгүйд хүрнэ. Тэр хэрээр үндэстний сэтгэл эвдэрч хямарна. Тэгэхээр шашны оршин тогтнол нь яах аргагүй төрийн хэрэг. Тийм учраас Германд гэхэд 10 хувийн татвар авч түүнээ сүм хийдэд зориулдаг байх жишээний. Өнөөдөр хот, ялангуяа нийслэлд байгаа сүм хийд оршин тогтнох хэмжээний өргөл, хандивтай байгаа. Харин хөдөө нутгийн сүм хийдүүд цагаан сараар цуглардаг жаахан харамжаас өөр юмгүй. Тэд хамбын цалин дөчөөд мянга, ламынх хорь гучин мянга орчим гэж надад хэлдэг.

-Та Монгол Улсын ардчил­сан шинэ Үндсэн хуулийг баталсан депутатуудын нэг. Хуулийг баталж дуу­сах ёслолын үеэр яг юу бодогдов?

-Лам хуврагууд ХХ зууны эхний хоёр хувьсгалд оройлж, хамтарч орж тусгаар тогтнолоо сэргээлцсэн. Харин Монголд тогтсон улаан засаг тэднийг хамгийн түрүүн цаазалж, хэлмэгдүүлэн, улс төрийн эрх чөлөөг нь хассан. Харин шинэ Үндсэн хуулийг батлалцаад  гарахад юуны өмнө  Монголын лам хуврагууд 1937 онд эрх чөлөөгөө хасуулнаар эхэлсэн харанхуй үе өнгөрснийг мэдэрсэн. Лам хувраг хүн ард түмнийхээ төлөө үг хэлж,  улс орныхоо хэрэгт оролцож болдог үе эхэлснийг харж бахадсан даа.

Ярилцсан Б.ЦЭНДДОО

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Фортуна Н.Батбаяр эмийн чөлөө авлаа

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах бичгийг Ардын намынхан өргөн барьсан билээ. Хуулиараа бол бичиг өргөн барьснаас хойш долоо хоногийн дотор УИХ асуудлыг хэлэлцэж эхлэх ёстой. Тэр хугацаа нь өнгөрсөн лхагва гаригт дуусчихлаа. Уг нь энэ өдөр Эдийн засгийн байнгын хороо хуралдах товтой байсан ч ирц хүрээгүйн улмаас хойшилсон юм.  Гэвч хуулийн хугацаандаа амжаагүй тул асуудлыг хэлэлцэхгүй гэдэг дүрэм байхгүй.  Тиймээс Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдах байх хэмээн хүмүүс харж байв. Гэтэл асуудлын эзэн өөрөө эзгүй байгаа юм байна.  Учир нь Н.Батбаяр сайд  эмчийн акт үзүүлж, Ерөнхий сайдаас хоёр хоногийн чөлөө авчээ. Түүний даралт ихэсч бие нь муудсан гэнэ. 

Ямартай ч Н.Батбаяр сайдын чөлөө өнөөдрөөр дуусч байгаа юм байна. Залгуулаад амралтын өдрүүд үргэлжлэх учраас Н.Батбаяр сайд нэг мөсөн даваа гаригт ажилдаа ирэх бололтой. Ерөнхий сайд гадагшаа томилолтоор явах тул бямба гаригт Засгийн газрын хуралдаан ч болохгүй. Тэгэхээр Н.Батбаяр сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх хугацаа ирэх долоо хоногоос наашгүй болжээ. УИХ-ын хууль зөрчсөн үгүйн асуудал ч ирэх долоо хоногт оволзох бололтой. 

Я.ЦЭЦЭГ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Намгүй бол та улс төрд хэн ч биш

УИХ-д албан бус бүлэг байгуулагдах гэнэ. Бие даагч С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун гурав дээр нэмэгдэж хэвлэлийн дайснаар тодорсон Ц.Оюунбаатар, МАХН-ын Л.Цог, О.Баасанхүү, мөн Д.Батцогт, АН-ын гишүүн Г.Баярсайхан, Ж.Батзандан… нарын хүмүүсийн нэр дуулдаж эхэллээ. Г.Баярсайхан нь тийм юм байхгүй гэсэн тайлбарыг өгч эхэлж байх шиг байна. Дээр дурдсан хүмүүсээс гадна ч албан бус бүлэгт нэгдэх сонирхолтой гишүүд байгаа бололтой. Хэдэн жилийн өмнө “Элсний 13” гэж хэдэн хүн МАН-д бий болсон шиг “Хаврын 13” гэсэн нэг ийм бэлгэдэлт тоо бүхий хэдэн нөхөр гарч ирж байна. 13 гэдэг нь ч юув дээ. Өөр монголчуудын бэлгэшээдэг тоо бий шүү дээ. Энэхүү хаврын хүмүүс одоо тэгээд юу хийнэ гэж албан бус бүлгэм байгуулна вэ. Нэгдүгээрт ийм бүлэг байгуулах хууль эрх зүй байхгүй. Хуулиараа хориотой гэсэн. Хууль бус болохоор албан ёсны бүлгийн мэдэгдэл энэ тэр гэж зүйл гарахгүй. Тэгэхээр тоглоом л юм даа. Энэ бүлэгт бие даагчдаас гадна бусад намуудаас гишүүд орсон хэмээн сүйд болж байна. Сүйд болохоор үйл явц мөн үү. Сонсоод л Засгийн газрыг шантаажлах бас нэг бүлэг нөхөд гарч ирлээ хэмээн хүмүүс ярьж байна. Н.Алтанхуяг эдний ямар тахилыг нь буруу өрчихсөн юм бол доо. Энэхүү хаврын хүмүүсийн тоглоомын бүлгийг хараад эртнээс бодогдож явдаг нэг зүйлээ хэлье. Улс төрийн орчинд орж, улс төрөөр цаашид амьдрах гэж байгаа хүн бол эхлээд гишүүнээр нь элссэн намаа л бодохоос өөр арга байдаггүй юм билээ. Улс төрд та намаар дамжиж, намаараа фон хийж, намын дүрэмдээ захирагдаж байж л амжилт олохоос бус дан биеэрээ даналзаад юу ч олж долоохгүй. Хүний нийгэмд улс төрийн нам албан ёсоор үүсээд 300 орчим жил болж байна. Улс төрийн тухай ойлголт бол мэдээж 3500 жилийн өмнөх Аристотель, Платоны үеэс эхэлнэ байх. Улс төрийн анхны нам 1861 онд Англид байгуулагдсан Либериал нам гэдэг. Сонгуульд ялсан нам парламент ба Засгийн газрыг бүрдүүлж нийгмийн амьдралыг өөрийн мөрийн хөтөлбөрийн дагуу удирдана. Энэ онолыг энгийн иргэн хэн ч ойлгоно. Тэгэхээр улс төрийн нам үүсээд 300-гаад жил болж буй энэ түүхэнд ганцаараа бие даан улс төр хийгээд тодорсон, улс орны төлөө ихийг хийсэн улстөрч, лидер гэж та дуулсан уу. Нам үүссэн түүхэнд лав байхгүй. Харин сүгсэлзүүрүүд бол ямар ч цаг үед байсан. Тэдний нөлөө гэж байдаггүй. Байх ч боломжгүй юм. 

Орчин үед энэ нь улам батлагдаж намгүй бол улс төрд хэн ч биш гэдгийг одоо монголчууд ойлгох цаг болсон. “Фэнг Шү” Ганбаа бие даагч босч зогсоод хичнээн сайхныг яриад, гар хуруугаа гозогнууллаа гээд зарим хү¬мүүст таалагдахаас бус ажил хэрэг болж, ард түмний амьдрал дээр хэрэгжих бо¬ломжгүй. Боломжгүйг нь та бид харж байна. Юм ойл¬годог хүмүүс бол бие даагч Ганбаатарын ярихыг хараад …хэ цс гэнэ. Түүний яриад байгааг хэн хийх юм бэ, хэзээ хэрэгжүүлэх юм бэ, ямар нам эвсэл хүчин түүнийг нь дэмжээд байгаа юм бэ гэж боддог. Одоо түүний яриа үлгэр ярьж байгаа мэт үнэмшилгүй сон­согддог болчихсон нь үүнтэй холбоотой. Гоё, чамин ярих туршлага түүнд энэ хугацаанд бий бололгүй яахав. Харин ярьсныг нь хийх хүн хүч, хөрөнгө чинээ, боловсруулсан бодлого гээд асар их зүйл шаардлагатайг тэр огт тооцохгүй. Тооцохыг ч хүсэхгүй. Сонгогч түүнээс “Таны ярьсан чинь яагаад ажил болохгүй байгаа юм бэ” гэж асуувал хариулт нь бэлэн. “Би эрх баригч биш цөөнх учраас АН-ынхан ажил хийлгэхгүй байна” гэнэ. Юу ч хийж чадахгүй юм бол наанаа суух хэрэг байна уу гэж асуух сонгогч харин цөөхөн юм билээ. Иймэрхүү бие даагчид “Бид сайн ярьж, хэвлэл мэдээллээр сайн гарч байх ёстой” гэдгээ сайн мэднэ. Мөн бид улс орон ард түмний төлөө амаа ангайхаас өөрийг хийх хүчгүй гэдгээ бас сайн мэддэг. Монголын улс төрд бие даагчдын хийсэн сайн үйлс гэж байдаг бил үү. Байхгүйгээ мэдсэн ганц нэг нь өмнөх парламентын үед аль нэг нам бараадсан. Зарим нь ч бүр улс төрөөс холдож алга болсон. Энэ гурав аль нэг нам руу орчихож чадахгүй иймэрхүү “албан бус бүлэг” мэтийг санаачилж, хөнгөн хуумгай нөхдийг уруу татан үймүүлж, угтаа тоглоом наадгай хийж суугааг нь хараад өөр ч юу хийж чадахав дээ гэж бодогдоход хүргэж байгаа юм. Тэдэнд хөтлөгдөж байгаа гишүүдэд хэлэхэд хэн ч биш хүмүүсийг дагаж хэн ч биш болох гэж байгаа юм уу л гэж асууя. Албан бус бүлэг нь наад хүмүүст чинь л хэрэгтэйгээс бус намд бол хортой. 

Ер нь тийм нэг увайгүй зан чанар өнөөдрийн тодорхой улстөрчдөөс шууд харагддаг. Намын нэрээр төрийн эрх мэдлийн өндөрлөгт оччихоод намаа тоохгүй болчихдог. Тоохгүй байгаад зогсохгүй намдаа дайсагнадаг. Намаа золиосолдог. Намаа доош нь хийж өөрөө ухаантай болж харагдах гэж оролддог нь тэнэг харагдуулах юм даа. Өнөөдөр төрийн өндөрлөгт байгаа хэн ч бай намгүй бол хумхын тоос шүү дээ. Энэ өөдгүй зан чанар ялангуяа АН болон шинэ залуу намуудаас түгээмэл харагдаад байна. Эртэй сайндаа улс төрд амжилт олчихсон юм шиг. Энэхүү “Хаврын 13” бүлгийн мөн чанар бол шулуухан хэлэхэд шантааж шүү дээ. Өөр юу гийгүүлэх юм бэ. Улс төрд шантаажийг шантаажаар хариулдаг нь бичигдээгүй хууль. Ухаандаа АН-аас “Хаврын 13”-т нэгдэж байгаа хүмүүсийг дахиж нэр дэвшүүлэхгүй гэсэн сөрөг шантааж аягүй бол хийнэ. Ингээд л бөөн хэрүүл. Би ухаантай сайн учраас нам маань гологдоод энэхүү “Хаврын 13”-ын бүлэгт нэгдлээ гэхээр чинь намын дүрэм үйлчилж, тэр нөхөртэй хариуцлага тооцно биз дээ. Бүтэн 12 жил зүтгэж байж арайхийж засаглалыг авсан АН-д сүүлд орж ирсэн нөхөд сүрхий сүгсэлзэх нь бүр ч мэдрэгдэх болж. Тэрнээс анхнаасаа явсан нөхдийн зүгээс арай ч ийм увайгүй зан гарахгүй байгаа юм. Яагаад гэвэл намын эрх ашиг гэж юм байдгийг тэд унаж босож, алдаж оносон 20 жилдээ ойлгосон болохоор тэр. Гэхдээ үүнийг огоордог хуучцуул ч мэр сэр бий. Элдэв фракцид хуваагдах, энэ тэр хутган үймүүлэгчдийн нөлөөнд автдаг, өөрийнхөө намын хүнийг огцруулах санал өгч жүжиглэх зэрэг чинь намын өсөлт бойжилтод хортой байна даа. АН-ын гишүүд энэ тал дээрээ илүү алдартай байж ирсэн. Яагаад ийм байдаг нь сонин. Баруун аймгийн бага ястан голдуу хүмүүс пиг чихчихсэн болохоор ийм байдаг юм болов уу ч гэж бодох юм. Тэд уугуулаасаа зан аашийн хувьд догшин ширүүн тэмцэгч хүмүүс байдаг. Тэгвэл халхууд голдуу байдаг МАН ингэдэггүй. Яаж ч үзэлцсэн намаа хорлодоггүй. Ө.Энхтүвшин даргын өчигдөр өгсөн дэлгэрэнгүй ярилцлагаас харагдаж байгаа юм. Улстөрч хүний буурь суурь, алсыг харах чанар түүний ярианаас аргагүй үнэртэж байна. Тэр ингэж хэлсэн байх юм “Дэмжиж чаддаггүй юм бол дуугүй байх хэрэгтэй” гэж. Энэ үг бол философи. Халхаас гарах философи. Энэ философийн үзэл санаа бол барьсан гэрийнхээ унийг сугалдаггүй гэсэн үг. “Бясаа устгах гээд байшингаа шатаадаг” гэсэн хэлц үг бий. Та нарыг өдий зэрэгт хүргэсэн намаа хайрлацгаа, улс төрчид минь. Намгүй бол та нар хэн ч биш шүү дээ.   

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ялгааны” шоронгийн эсрэг 80 орчим хоригдол өлсгөлөн зарлаж, эсэргүүцлээ илэрхийлсэн гэнэ

-ТЭД ӨЛСГӨЛӨН
ЗАРЛААД ХОЁР ХОНОЖ БАЙГАА АЖ-

Шүүхийн шийдвэр гүй­цэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр хорих
ангид 80 орчим хоригдол өлсгөлөн зарласан бай­на. Тэд “Монгол Ул­сын ямар ч хуулинд
байх­гүй  “Ялгааны” шорон 409 дүгээр хорих
ангид бий боллоо. Энд хоригдлуудыг мөнгөтэй мөнгөгүй хэмээн ялгаж, хуулийн хугацаа
нь бол­сон зарим хоригдлын дэг­лэмийг бууруулахгүй, магадланд оруулахгүй байна”
хэмээн ийнхүү өлсгөлөн зарлаж буй гэнэ. Мөн “Махны үйлд­вэ­рүүдийн муудсан, өм­хий
үнэртэй махаар хоол хийж өгч байна. Энэ бүхнээ зогсоо гэх  мэтээр 
хорихын удирдлагуудад асуудлыг тавьж байгаа аж.  Хоригдлууд 
өлсгөлөн зар­лах болсон дээрх шалт­гаанаа хорих ангийн удирдлагууд хүний
эрхийг зөр­­чиж байна хэмээн үзэж буй аж. Тэд өлсгөлөн зар­­лаад хоёр хонож буй  тул өнгөрсөн мягмар гари­гийн орой Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх ерөн­­хий газрын Тусгай бүлгийнхэн тус хорих ангийн гаднах байдлыг хамгаалалтад
авчээ.

Өлсгөлөн зарлаж буй дээрх 80 орчим хоригдлыг  өнгөрсөн оны сүүлээр  бусад хорих ангиудаас татаж авчирсан байна. Нэг
үгээр хэлбэл 2013 оны арванхоёрдугаар сарын 30-нд 409 дүгээр хорих ангид авчирчээ.  Хоригдлуудын дийлэнх нь 5-25 жилийн ялаар шийтгүүлсэн
хүмүүс  гэнэ. Тэд өмнө нь хоригдож байсан  хорих ангийнхаа удирдлагуудын тушаал шийдвэрийг
эсэргүүцэн,  хэл ам таталдаг  байсан 
гэдгийг эх сурвалж хэлж буй юм. Хэл ам таталдаг, бусдыгаа бас захирах гээд
байдаг хорих ангийн болохгүй хүмүүсийг авчирч тус хорих ангид хорьж буй гэх мэдээллийг
ч өглөө. Энэ талаар тус хорих ангийн нэрээ нууцлахыг хүссэн нэгэн хүн дараахь зүйлийг
ярьсан юм.

 -“Ялгааны”
шо­рон­той боллоо хэ­мээн хоригдлууд өлс­гөлөн зарласан гэх мэдээллийг авлаа. “Ялгааны”
гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Өмнө нь Эмэгтэй­чүүдийн хорих анги бай­сан газар Тоосгоны гэх тодотголтой
409 дүгээр хорих анги ирээд удаж байна. Баянзүрх дүүргийн тээврийн товчооны цаана
энэ хорих анги байрладаг. Энд хоригдлуудын эрх зөрчигдөж буй нь үнэн. Нэг л өдөр
80 орчим хүн авчирсан. Хорихын зоон дотор тэднийг тусад нь байлгадаг. Нар салхинд
гаргадаггүй. Үүнээс бо­лоод хоригдлууд их бу­хим­дах болсон. Учир нь тэд хорих анги
дотор хоригдлуудыг хоёр ху­вааж ялгаж байна. Шүү­хийн шийдвэрийн хү­рээнд эдлэх
ёстой ялаа тус­гай дэг жаягийн дор эдлэх учиртай ч бусад хоригдлуудын адил  хуу­лийн дагуу магадланд орж дэглэм буурах эрхтэй
гэж үзэж байгаа.Тиймээс эсэр­гүүцлээ илэрхийлж буй.

-Тэд
өлсгөлөн зар­лаж, хоол идэхгүй бай­гаа юм уу?

-Идэхгүй байгаа. Хоёр хонож байна. Хоригдлуудын хоолыг  өмхий үнэртэй махаар хийдэг. Нэг үгээр хэлбэл
махны үйлдвэрүүд  үл­дэг­дэл, цөвдөл махаа
машиндаж гахай нохойнд өгдөг. Тэр махаар хо­ригд­­­луудад хоол хийж өгөх болсон.
Мөн энэ хоригдлууд дунд ялаа 50 хувь эдэлсэн хүмүүс ч цөөнгүй бий. Тэдний зарим
нь дэглэм буурах ёстой. Хорих ангийнхан  энэ
80 хүний асуудлыг тоож авч хэлэлцдэггүй. Тийм учир ялгааны шо­рон 409 дүгээр хорих
ангид бий боллоо хэ­мээн өлсгөлөн зарлах болсон.

-Тэднийг
яагаад тусад нь байлгадаг юм бэ?

-Мэдэхгүй анхнаасаа ийм л байсаар ирсэн.

-Чанга
дэглэмтэй юм уу?

-Чанга. Гэхдээ онц­гой дэглэмтэй мэт хоригд­луудад ханддаг. Тэгсэн
атлаа тэднээр  хоригдож буй өрөө тасалгааг
нь тохижуул гээд ар гэрээс нь байнга мөнгө авдаг. Хоол нь муу болохоор  ар гэрийнхнээсээ хоолны материал авчруулдаг. Тэд
өрөө тасалгаагаа  300 мянгаас хоёр сая төгрөгөөр
тохижуулсан нь ч бий.

-409
дүгээр хорих ангид хэдэн хоригдол байдаг юм бэ?

-Энэ ангийн үндсэн  хоригдол
нь 300 орчим. Тусад нь хорьж буй 80 орчим хүнийг нэмвэл 380 болох юм.

-Тэд
яг ямар хэрэг үйлдээд орсон хүмүүс вэ?

-Хулгай, хүчин, тан­хай, хүн амины хэргээр ял шийтгүүлсэн хүмүүс
байгаа.

-Хоригдлуудад  хо­рих ангийн удирдлагууд ялгаатай хандаж байна
гэдгийг яаж мэдсэн хэрэг вэ?

-Энд мөнгөтэй хүнд өөр үйлчилдэг. Мөнгө­гүй хүнд бас өөр. Түүнээс
шалтгаалж ма­гад­ланд орон дэглэм буу­рах асуудлыг нь хэ­лэлцдэг. Тухайлбал энд
Онцгой байдлын дарга асан генерал П.Даш бий. Түүнийг гүний худгийн сахиул нэрээр
гадаа чө­­лөөтэй явуулдаг. “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн асан А.Гүр-Аранзыг хугацаанаас
өмнө магадлангаар сул­луулах гээд аваад явж байна. Бас МИАТ-ээр их хэмжээний мөнгө
угаасан хэрэгт холбогдож ял ав­­сан Батсуурь гэдэг хү­нийг гүний худгийн сахиул
гээд хорих зоо­ноос гадуур байл­гадаг. Үнэхээр гүний худгийн сахиул гэдгийг хэн
мэдэх билээ. Хорих ангийн зоо­ноос гадуур юу хийж явдаг юм мэдэхгүй. Гэ­тэл хугацаа
нь болсон хоригдлын асуудлыг хэн ч тоодоггүй. Тийм болохоор хугацаанаасаа өмнө энд
магадлангаар орох асуудал бараг орхиг­доод байгаа юм.

Хоригдлууд ар гэ­рийнх­нээрээ дамжуулан энэ асуудлаар Хүний эрхийн
комисст хандсан байна. Хүний эрхийн үндэсний комиссынхон хариуд нь “Албан ёсоор
өргөдөл гомдол гаргаад, хэн яаж хохироод буй талаар нэр устай нь бичээд ир”  гэсэн ажээ.

Хоригдлууд харин “Хүний эрхийн үндэсний ко­мисст нэр устай өргө­дөл
өгөх­гүй. Хэн гэдэг хүн өргөдөл өгснийг мэд­вэл хорих ангийн удирд­лагууд дарамтална.
Тийм ч учраас 80 хүн бүгд өлсгөлөн зарласан” хэ­мээн тайлбарласан тухай тэдний нэгнийх
нь ар гэрийн хүн  хэлэв.

ШШГЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас энэ талаар тодруулахад “Одоохондоо
ийм мэдээлэл ирээгүй. Ташаа мэдээлэл байна” гэв.

 

 Г. ЯЛГУУН