Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОСК-д газар эзэмших эрх олголоо

Нийслэлийн Засаг даргын “Газар эзэмших эрх олгох тухай” А/483 дугаар захирамжаар төрөөс хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлого баримталдаг.

Тэгвэл Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэхэд зориулж нийслэлийн нутаг дэвсгэрт “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчит үйлчилгээний газрын байршлыг тогтоож, газар эзэмших эрх олгожээ.

Тухайлбал, Хан уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Иргэний нисэхийн урд талд байршуулан 2.0 га газар, 15.0 га газар, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Спорт цогцолборын урд талд байршуулан 3,65 га газар, мөн тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Морингийн гэр хорооллын  замын урд талд байршуулан 50,0 га газрыг тус тус орон сууцны цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгосон байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Батбаяр сайдын асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр 14.00 цагт УИХ дахь Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Н.Батбаяр сайдын асуудлыг хэлэлцэнэ. 

МАН-аас эдийн засгийн хямрал, үүссэн нөхцөлд хариуцаж буй салбарын сайд нь буруутай хэмээн үзэж, Н.Батбаярыг огцруулах асуудлыг өргөн мэдүүлсэн. Хуулийн дагуу энэ асуудлыг долоо хоногийн дотор байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх ёстой ч гурван удаа хойшилсон юм.

Үүнийг АН-ынхан санаатайгаар хойшлуулж байна хэмээн МАН-ынхан шүүмжилж байгаа. МАН-ын Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудлыг хоёр дахь удаа тавьж байгаа бөгөөд өмнө нь олонхийн бүлэг огцруулах шаардлагагүй хэмээн авч үлдэж байсан юм. Харин энэ удаад Н.Батбаяр сайдыг авч үлдэх эсэхийг олонхийн саналаар шийдвэрлэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр нэгдсэн чуулганаар ямар асуудлууд хэлэлцэх вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар
өнөөдөр дөрвөн асуудал хэлэлцнэ.   Эхэнд нь аж
ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай
Засгийн газраас өнгөрсөн нэгдүгээр сард өргөн мэдүүлсэн,
татварын 90 хувийг буцаан олгох тухай, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ. Дараагаар нь
 “Монгол
Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай”
УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм байна. Мөн Гэр
бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
болон холбогдох бусад хуулийн төсөл болон Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн
найруулгыг хэлэлцнэ.

             
Мөн өнөөдөр 14.00 цагт таван байнгын хороогоор дараахь асуудлуудыг хэлэлцэнэ.

-Эдийн засгийн болон Байгаль орчин,
хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас “А”
танхимд:

Хэлэлцэх асуудал: 

·        
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай
 болон холбогдох бусад хуулийн
төслүүд /анхны хэлэлцүүлэг/.

-Эдийн засгийн байнгын хорооны
хуралдаан 14.00 цагаас “А” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал: 

·        
Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслүүд /Засгийн газар 2014.05.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны
хэлэлцүүлэг/;

·        
Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн
төслүүд /Засгийн газар 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

·        
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд
өөрчлөлт оруулах тухай 
хуулийн
төсөл /Засгийн газар 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, дуудлага худалдааг
зарлах хугацааг багасгах тухай, хэлэлцэх эсэх/;

·        
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн биелэлт,
Улсын Их Хурлын 2013 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Монголбанкны
Ерөнхийлөгчийн мэдээлэл сонсох;

·        
Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал.

-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн
байнгын хорооны хуралдаан “Б” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал: 

·        
Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.13-ны өдөр өргөн мэдүүлсэн,
хэлэлцэх эсэх, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.

-Аюулгүй байдал гадаад бодлогын
байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал: 

·        
“Алтанбулаг”, “Цагааннуур”-ын худалдааны болон “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт
бүсүүдийн өнөөгийн байдал, цаашдын үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсох;

·        
Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.13-ны өдөр өргөн мэдүүлсэн,
хэлэлцэх эсэх, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.

-Өргөдлийн байнгын хорооны хуралдаан
14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал: 

·        
Эрүүл мэндийн салбарын асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөлтэй холбогдуулан
Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсох;

·        
Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.13-ны өдөр өргөн мэдүүлсэн,
хэлэлцэх эсэх, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Танк онхолдож, цэргийн албан хаагч нас баржээ

Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн дөрвөн цэрэг хойд солонгосчуудад зодуулж гэмтсэн тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт нь мандсан. ЗХЖШ-ын дэд дарга “Номин констракшн” компанийн барилгад цэргүүдийг зохих зөвшөөрөлгүйгээр ажиллуулснаас ийм асуудал болсон” гэдгийг хэлсэн. Энэ дуулиан намжаагүй шахам байхад тус ангийн дансанд бүртгэлтэй “Т-72” маркийн танк онхолдож, хүний амь эрсэдсэн гэх мэдээлэл бидэнд ирлээ. Уг явдал Говьсүмбэр аймгийн нутагт болжээ. Албаны эх сурвалжуудын ярьсанаар Баянтал сумын нутагт Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн танк онхолдон, нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат, тус ангийн алба хаагч, ахлагч цолтой Ж нас барж, гурван хүн гэмтсэн байна.

Хэдийгээр өчигдөр ЦЕГ-ын Замын хөдөлгөөний аюулг үй байдлын хэлтсээс зам тээврийн осол, хэргийн талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн ч энэ тухай дурдаагүй нь хачирхалтай. Бидний авсан мэдээллээр Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн 20 танк ангийн байрлалаас гадуур буюу Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт очиж, сургалт бэлтгэл хийж байжээ. Энэ үеэр танкчин овгор шороон дээгүүр танкаа харайлгахдаа хурд хэтрүүлснээс хөмөрч, дээр нь сууж явсан гурван хүн тал тал тийшээ үсэрснээс хүнд гэмтсэн байна. Жолоо барьж байсан хүн нь газар дээрээ нас барсан гэнэ. ОХУ-тай хамтарсан “Сэлэнгэ- 2014” сургуульд оролцохоор бэлтгэлд гарсан хүмүүс ийнхүү осолд өртжээ. Гэмтсэн гурван хүн нь өдгөө Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хятадын банкны салбар Монголд орж ирэх бололтой

Хятадын төрийн дөрвөн банкны нэг “Bank of China” Монголд төлөөлөгчийн газ­раа нээгээд, нэг жилийн дараа  өнгөрсөн долоо хоногт эхний 25 сая ам.долларын зээлээ олгохоор болов. “Монгол улсын эрчим хүч, боловсруулах үйлдвэр, дэд бүтцийн салбарын 40 гаруй аж ахуйн нэгжийн нийт гурван тэрбум ам.долларын зээлийн өргөдлийг тус банк хүлээн авчээ” гэж Хятадын Олон Улсын радио мэдээлж байна лээ.  

“Bank of China”-аас өмнө нээгдсэн гадаадын гурван банкны төлөөлөгчийн газар хоёр тэрбум ам.долларын зээл олгосон байдаг бөгөөд салбар нээх хүсэлгүйгээ илэр­хийлсэн байдаг. Үүнийг эдийн засгийн агуулгаараа гадаадын томоохон банкууд Монгол улсад салбар нээх нь ашиггүй буюу зах зээл нь хэтэрхий бага байдагтай холбон үздэг. Гэсэн ч Монгол Улс салбар нээхгүйгээр зээл олгоод явж болдог эрх зүйн орчинтой.

“Bank of China” нь дэлхийд шилдэг аравт багтдаг том банк. Өнгөрсөн жилийн ашиг нь  63 тэрбум ам.доллар буюу зөвхөн нэг жилийн ашиг нь л Монгол улсын ДНБ-нээс даруй зургаа дахин том аварга банк. 

БНХАУ-ын төрийн орол¬цоотой банк гэдэг утгаараа олон хүнд болгоомжлол тө¬рүүлдэг. Эдийн засгийн бус сонирхол байна уу гэ¬сэн эргэлзээ нийгэмд бий. Монгол Улсын нийт 13 банкны нэг жилийн ашиг 150 сая ам.доллар хүрэхгүй. Тэгэхээр “Bank of China”-д 150,0 сая ам.долларын зах зээл сонирхлыг нь ихээр татна гэдэг юу л бол гэсэн эргэлзээ яваа. 

Банкны салбар нээх тө¬лөөлөгчийн газартай байхын  ялгааг тандъя.  Төлөөлөгчийн газар нь зөвхөн мэдээлэл цуглуулах, харилцагч олох улмаар төв рүүгээ уг мэдээллээ явуулж, зээлийг нь төвөөс олгоод явдаг. Зөв­хөн зээл олгоход бол тө-лөөлөгчийн газар байхад л хангалттай.

Харин салбар нээвэл эрх зүйн бүх харилцаанд орох үүд хаалга нээгдэнэ гэсэн үг. Банкны төлбөр тооцоо хийх, зээл олгох, шүүх цагдаад хандах боломжтой болно. Стратегийн орд газар, томоохон лиценз, байршил сайтай обьектыг барьцаалж зээл олгоно. Зээлээ төлөхгүй бол хурааж авна гэсэн болгоомжлол ч бий.

 Нэг  жилийн ашгийнхаа 1/6 –тэй тэнцүү буюу Монгол Улсын ДНБ-тэй тэнцүү хэмжээтэй 10 тэрбум ам.долларыг төлбөр тооцоо нэртэйгээр оруулаад гаргаад байвал Монголбанк хяналт тавьж чадах уу. Хэрэв салбарын эрх олгочихвол “Bank of China”-гийн салбарын бодлогоос л хамаарч Монгол Улсын төрийн мөнгөний бодлого тодорхойлогдох болов уу гэсэн болгоомжлол энэ салбарынханд буй.

Анхны зээлээ үсэглэх ёс­лолын ажиллагаан дээ¬рээ “Bank of China”  иргэд болон жижиг, дунд үйлдвэрт зээл олгохгүй гэж мэдэгдсэн. Үү¬гээрээ тэд Монголын арил¬жааны банкуудтай өр­¬сөлдөхгүй, тэдний хүч хүрдэггүй том төсөлд санхүүжилт олгоно гэж мэдэгдээд буй.  Монгол Улсад, Хятадын хөрөнгө оруулалттай долоон мянга шахам аж ахуйн нэгж байдаг.  Эдгээр  аж ахуйн нэгж үнэндээ бүгд том  биш л дээ. 

 Хятадын банкны салбар Монголд нээгдвэл Монгол Улсын эдийн засгийг хоёр хуваах юм биш байгаа гэсэн болгоомжлол яваа.  Хятадын хөрөнгө оруулалттай долоон мянган аж ахуйн нэгж нь Bank of China-аас жилийн таван хувьтай зээл авдаг, Монголын далан мянган аж ахуйн нэгж нь Монголын арилжааны банкнаас жи¬лийн 20 хувьтай зээл авах болчихвол өрсөлдөөнд хэн ялах вэ. Малайзын эдийн засаг Хятад, Малай, Энэтхэг гэж гурав хуваагдсан жишээ бий. Хятадын банкны сал­барыг нээх эрх өгсөн Тай¬ландын эдийн засаг ч хоёр хуваагдсан.  Хятадын хөрөнгө оруулалт хэрэггүй гэж хэлээгүй. Хүссэн эс хүссэн ч дэлхий нийт БНХАУ-аас эдийн засгийн хувьд хамаарч байна. Гэхдээ банкны салбараас бусад салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа бол хэрэгтэй байна даа.

Энд Хятад улсыг буруутгах шаардлага байхгүй. Тэд тусгаар улс, өөрийн гэсэн бодлоготой түүндээ хүрэхийн тулд тууштай явж байна. Харин бид өөрсдийгөө буруутгах ёстой. Юуны түрүүнд гадны гар хөл болоод яваад байгаа зарим гишүүд, сайд, дэд сайдуудаа буруутгах ёстой. Бидэнд бодлого гэж байна уу. 

Б.ЭГШИГЛЭН

Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Хятадын шүүх бас нэгэн хүнд цаазаар авах ял оноолоо

Өнгөрсөн оны аравдугаар сард Бээжин хотын Тянь Анминий талбайн хажууханд орших хаалттай хот руу ордог гүүрыг нэгэн машин дайрсан  хэрэг гарсан билээ. “Jeep”машин тэнд байсан хүмүүс болон хаалтыг дайрсан юм. Үүний улмаас жолооч болон дотор нь сууж явсан хоёр хүн, Филиппин болон өмнөд Хятадаас ирсэн хоср жуулчин амиа алджээ. Үүнээс гадна 40 хүн гэмтэж бэртсэн байна. Хятадын Цагдаагийн газраас үүнийг зохион байгуулалттай алан хядах ажиллагаа хэмээн үзэж Шинжаан-Уйгарын тэрс үзэлтнүүд үүний цаана байгаа хэмээн буруутгасан юм. Өнгөрсөн жил уг хэргийг шүүх хурлаар гурван хүнд цаазаар авах ял оноож билээ. Харин хэдхэн хоногийн өмнө болсон шүүх хурлаар дахин нэг хүнд ялын дээд хэмжээ өгч,  гурван хүн таваас хорин жилд хоригдох ял оноожээ.

БНХАУ-ын шүүхээс өнгөрсөн жил Тянь Анминий талбайд 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Жиргээчдэд талархъя”

-ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР
ТОГТНОЛ, ҮЗЭЛ БОДЛЫН ТУХАЙ ОЙЛГОЛТЫГ ШИНЭЭР ЭРГЭЦҮҮЛЭХ ЦАГ БОЛСНЫГ ЖИРГЭЭЧДИЙН ҮЙЛДЭЛ
ХАРУУЛЖ БАЙНА-

Хүн төрөлхтний түүхэнд интернэт орж ирснээр шийдэгдсэн  асуудлыг тоочивч баршгүй. Интернэтийг дагаад шинээр
бий болсон олон арга, технологиуд бий. Бас үүнтэй зэрэгцээд сул талууд нь ч цөөнгүй.

Монгол  цоорхойтой цоорхойгүй
гэж сайн муу шүүмжлэх ч хуультай, бас тэрхүү хуулиа дагадаг төрт ёстой улс. Харин
сүүлийн үед хуулинд үл хамаарагдах, хуулиас гадуур орчин үүссэн нь твиттер, фэйсбүүкийн
орон зай. Үзэл бодлоо илэрхийлэх боломж, мэдээлэл, туршлагаа солилцох давуу тал,  сонирхол хүсэлтэй хүмүүсийн нэгдэл зэрэг сайн
зүйл их ч, дагалдагч  хэд хэдэн асуудлыг орхигдуулж
боломгүй байгаа юм. Мэдээллийг түргэн шуурхай түгээдэг энэ орон зайг бид хэвлэл
мэдээллийн хэрэгсэл гэж үзэх үү. Хэрэв тэгж үзэх бол хариуцах эзэн нь хэн байх вэ.
Энэ орон зайд хэн нэгэн түрүүлж мэдээлэл тавиад түүнийхээ үнэн зөв эсэхэд ямар нэгэн
хариуцлага хүлээдэггүй. Хэрэв буруутлаа гэхэд би тэгж дуулсан нь буруу байж, эсвэл
би тэгж бодсон юм гээд бичсэнээ устгачихдаг жишиг бий. Гэвч үүнээс нь үл хамаараад
өнөөх буруу мэдээлэл нь аль хэдийнэ түгчихдэг. Мэдээлэл түгээж байгаа зарчим нь
адил учраас энгийн иргэдийн хувьд хэвлэл мэдээллийн хэрэгсэл худлаа мэдээлэл түгээдэг
гэсэн сөрөг ойлголт давхар явчихаад байгаа тал бий. Хэрэв энэ маягаар үргэлжилбэл
хүмүүс хэвлэл мэдээллийн салбарт итгэх итгэлгүй болж, ардчиллын тулгуур чанар болсон
энэ салбарыг татаж унагах аюул байна. Ингэвэл тусгаар тогтнолд халтай байдал ч хөндөгдөнө.

Цаашлаад хувийн үзэл бодлоо илэрхийлэх эрх нээлттэй ч, эрхээ эдэлж
байна гээд бусдын эрхэнд халдах байдал ч түгээмэл болсон. Нэгэнт нийтийн сүлжээнд
хандаж байгаа болохоор мэдээллийн үнэн байдал, ёс зүйн хэм хэмжээ, бусдын нэр хүндэд
халдахгүй байхыг нэхэхээс аргагүй. Гэвч үүнийг чөлөөт ертөнц гэж үзэгсэд дэндүү
олширсон учраас хуульгүй, засаг захиргаагүй давхарга үүсчихээд байгаа нь үнэн. Дэлхий
дахинд 140 сая хэрэглэгч твиттерийн ертөнцөд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна
гэсэн тоо байдаг. Хоёр жилийн өмнөх үзүүлэлтээр өдөрт 340 сая жиргээ эргэлддэг гэсэн
тоо нь өдгөө хамаагүй өссөн гэж байгаа.  Манайд
ч твиттер хэрэглэгчдийн хүрээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Нийгэмдээ дуугаа хүргэж
чаддаг гэж өөрийгөө тоодог, тэгэх хүсэл тэмүүлэлтэй, эсвэл бусдаас түрүүлж мэдээлэл
дуулгаж, олж авах сонирхолтой гээд олон мянган хүн энэ орон зайд амьдардаг. Монголын
гэх онцлогтой жиргээний гал тогоо дэлхийн хэмжээний твиттерийн ертөнцөд орон зайгаа
тэлсээр байна. Ажаад байхнээ нь хэд хэдэн таагүй зүйл эндээс харагдана. Хэрэв хэн
нэгэн хүн ярианы гол сэдэв болох юм бол тэр хүн рүү бөөнөөрөө боорлож аваад дайрчихна.
Яг л цөөвөр чонын сүрэг шиг. Цаана нь хүн байгааг, тэр хүн өөрийн гэсэн ажилтай,
амьдралтай гэдгийг мартан үгүй болтол нь хэмлэцгээнэ. Хэрэв асуудалд олонхийн барьж
байгаа өнцгөөс өөрөөр хандах юм бол нийлж байгаад дарж авна. Сүүлдээ буруутнаар
тодорсон нөхрийг өмөөрч өөрийгөө үгүй хийх зоригтон ч алга болсон нь харагдана.
Заримдаа тэр байдлыг нь харахад цаанаасаа дохиогоор хөдөлдөг, захиалгын гэмээр байдал
анзаарагддаг. Үнэндээ твиттерийн хувьд дурын хүн ямар нэгэн үнэ төлбөргүйгээр нээх
боломжтой. Нэг хүн хэдийг ч, ямар ч хамаагүй хуурамч нэрээр нээх боломж нь нээлттэй
байдаг. Монгол твиттерчдийн дунд зураг хөргөө тавиад, өөрийнхөө нэрээр нээсэн хүмүүсээс
гадна элдэв хуурмаг нэр өгч, алдартнуудын зургаар гоёсон хүмүүс цөөнгүй байдаг.
Хэрэв хэн нэгэн рүү бөөнөөрөө боорловол голдуу нэр ус нь тодорхойгүй тэр л хүмүүс
байх вий. Өнгөрсөн цагаан сарын үеэр нэг тавгийн боовыг арваар өрсөн хэрэг дээр
манай жиргээчид ёстой жиргэлдэх шиг болсон. Мэдээж, баяр ёслолын үеэр сэжиг сүжгээ
боддог монголчуудын хувьд үүн дээр яаж хандах нь тодорхой. Гэхдээ жинхэнэ шуугих
шиг болсон доо. Бүгд л зургийг нь тавьж, бүр улаанаар тойруулж зурж ирээл жиргэцгээсэн.
Тэглээ гээд хариуцлага хүлээсэн хүн нь дарга даамлууд биш үйлчилгээний гурван ажилтан
ажилгүй болж хоцорсон. Хоёр нь ч бил үү удахгүй тэтгэвэртээ гарах хүмүүс байсан
гэнэ лээ. Насаараа төрийн албанд зүтгэсэн тэр хүмүүсийн амьдрал яасан нь, хэрхсэн
нь тэдэнд хамаагүй л үлдсэн. Үнэндээ тэр боовыг арваар өрлөө гээд тэр жиргээчдийн
амьдрал яаж өөрчлөгдсөн юм, харин төрийн албаны 
хар бор ажилд зүтгэсээр ирсэн тэр эмэгтэйчүүдийн амьдрал хэрхэн орвонгоороо
өөрчлөгдсөн бол. Бодох л асуудал. Бас жиргээний ертөнцөд дуулиан болсон нэг сэдэв
байна. БШУЯ-ны хариуцлагатай албан тушаалтай нэг эмэгтэй телевизээр яриа өгөхдөө
уран зохиолын хичээлийг хасах гэж байгаа тухай мэдэгдсэн хэрэг маш удаан хугацаанд
хэлэлцүүлэг дагуулсан. Яг бодит байдал дээр уран зохиолын хичээлийг сургалтын хөтөлбөрөөс
хасах гэсэн үү гэвэл үгүй. Телевизийн сэтгүүлч олон минутын ярианаас тэгж ойлгогдохоор
хэсгийг монтажлан авч хүргэснээс энэ хэрэг мандсан гэж байгаа. Өнөөх дарга нь ч
гэж адилхан. Хариуцлагатай алба хашдаг хүн байж таслан авахад буруу ойлголт төрүүлэхүйц
ярьчихсан байдаг. Ингээд л жиргээгээр өнөөх Насанбаяр даргыг намнах ажил эхэлсэн
дээ. Ингэхдээ киноны төсөөллийн баатрын бие дээр толгойг нь аваачиж залгаад л, сүүлдээ
тэр эмэгтэйд нэр ч гэж байхгүй болсон. Мүүн л гэж жиргээгийнхэн тэр аяараа чичилсэн.
Яамны дарга эмэгтэй эхэн үедээ жиргээгээр хариу тайлбар хийх гэж оролдсон ч тэрнийг
сонсохыг хэн ч хүсээгүй, монгол жиргээчдээс. Албан тушаалтных нь хувьд ч, бүсгүй
хүн, бас эх хүнийх нь хувьд ч түүнд ямар байхыг хэн ч бодоогүй. Нэр хүндэд нь халдахын
дээдээр халдаад сүүлдээ шашин шүтлэг рүү нь ороод дууссан даа. Шашин шүтэх, эс шүтэх
нь Үндсэн хуулиар олгогдсон эрх. Монголын хууль үйлчилдэггүй  жиргээнийхэн дунд Х.Тэмүүжин сайдын асуудал орж
ирэх үед өмөөрөх ажиллагаа маш сүрхий явагдсан. Хамгийн сүүлд гэхэд НИТХ-ын төлөөлөгчид
Бразил руу явах асуудлыг будаа болгосон доо. Хөлбөмбөгийн шигшээ багийн гишүүн гэгдэж
муучлуулсан өнөө хэд нь ичсэндээ Бразил явахаа цуцалж ч байх шиг. Анхнаасаа явах
шийдвэр гарах үед ичээгүй юм бол сүүлдээ тэгж маяглаж яадаг байна аа. Тэгж яривал
онгоцны тасалбараа цуцлаад ихэнх хувиараа торгуулаад төсөвт эргэн орж мөнгө бараг
байх биш нэг ч гэсэн монгол Өмнөд Америкт хөл тавиад ДАШТ газар дээрээс нь үзээд
ирсэн бол аштай байхгүй юу. Нэг талд шүүмжлэх хүмүүс байх ч нөгөө талд нь арай өөрөөс
харах хүмүүс манай жиргээчдийн дунд байхгүй нь сэжиг төрүүлээд байгаа юм. Жаахан
өөр өнцгөөс харах гэхээр харлуулж байгаа хүнтэйгээ нийлүүлээд хуничихдаг болохоор
айгаад байдаг юм болов уу. Гэхдээ энэ нь илүү зохион байгуулалттай, захиалгаар хөдөлдөг
бүлэг хүмүүс олноор үүрлэж, жиргээг ашиглаад байна гэсэн харыг батлаад байх шиг.

Сүртэй үйл явдлууд өрнөхөөс бусад үед жиргээнд шар айраг ууж, цуйван
идэх тухай бас тэгээд бүсэлхийнээс доош зүйлийг жиргэх нь элбэг байдаг юм. Энгийн
сайхан мэдээлэл түгээдэг хүмүүсийн дагагчдын тоо нэмэгдэнэ гэж байдаггүй гэж байгаа.
Харин бүсэлхийнээс доошоо жиргээд эхэлбэл гэрлийн хурдаар нэмэгддэг талаар архаг
жиргээчин ярьж байсан. Үнэндээ ч жиргэж байгаа сэдэв нь халуухан, бусдыг уриалан
дуудсан залуу бүсгүйчүүдийн аккаунт хаяг элбэг. Тэд жиргээг янз бүрийн зорилготой
ашиглаж байх шиг. Оройн цагаар бусдыг илэрхий өдсөн, урин тачаангуй үгс энд их өрнөдөг
гэх. Зарим хүнтэй дайрект мессэж буюу хоёулхнаа харьцдаг хэсгээр нь элдвийг бичилцсэнээ
олонд дэлгэнэ гэж сүрдүүлэх хэрэг ч гарах болжээ.

Яг үнэндээ сайхан бүсгүйн хаягийн цаана эрчүүд ч байдаг гэлцэнэ.
Эр хүн дэнгийн эрвээхэй хоёр гэнэдэж дуусах биш нэгнийхээ гох дэгээнд орчихоод элдэв
сүрдүүлэгт нь орж байгаа талаар жиргээнийхэн ярилцацгааж л байна лээ. Тэгэхээр энд
бас л гэмт хэргийн шинж чанартай үйлдлүүд яваад байгаа биз дээ. Бас хүнийг гүтгэх
доромжлох гэмт хэрэг энд үйлдэгдсээр. Засгийн газар, Ерөнхий сайд, Фортуна эд нарыг
бол амиар нь гүйцээнэ. Шүүмжилж болно, доромжилж болохгүй гэдэг сэн дээ. Бусдыг
гүтгэсэн, нэр хүндэд нь халдсан хэргээр хувь хүмүүс, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд
шүүхийн өмнө буруутдаг. Харин нэгнээ тал талаас нь цөөвөр чоно мэт боорлож аваад
хэн ч биш болгодог, нэгнээ дайрч давшилдаг энэ ертөнцөд хуулийн зохицуулалт гэж
байна уу. Онлайн ертөнцийн хамгийн аюултай нь хүний нэр хүндэд халддаг, бусдыг гүтгэдэг
тэгсэн атлаа хариуцлага хүлээдэггүй явдал гэж дэлхий нийтээр үзэж байгаа. Зарим
улс орнууд үүнийг тусдаа хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзэж байгаа бол зарим
нь бүр наяад оны хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж асуудлыг шийдсэн байх жишээтэй.
Онлайн ертөнцийн сул талууд зөвхөн манайд ч байгаа юм биш. Англид болсон нэг хэрэг
твиттерийн эзэн бие нь тодорхойгүй нөхөдтэй хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн яриаг
улам даамжруулсан юм. Их Британийн уран гимнастикч Бет Кимберлей Твидл бол гимнастикийн
дамнуургын төрөлд улсдаа анхны Олимпийн медалийг нь авчирч байсан, гурван удаа олимпийн  утаа үнэртсэн, дэлхийн аваргын гурван удаагийн
аварга, олимпийн хүрэл медальт тамирчин юм. Тэрбээр “Скай Спортс Ньюс”-ийн асуулт
хариултын нэвтрүүлэгт оролцох үед нэвтрүүлгийнхэн твиттерт түүнээс асуух асуултаа
ирүүлэхийг хүссэн байна. Харин асуултууд нь гэж ямар юм ирсэн гэж бодно. Бет Кимберлейн
хувьд жаахан ам томтой, магнай уужимтай монголчуудын дүрсэлдгээр морин толгойтой
гэгдэхээр бүсгүй л дээ. Гэвч асуулт нь түүнийг аль шүдний эмнэлэгт очдогоос эхлээд
өөрийгөө царай муутнуудын аль ангилалд оруулах вэ, амандаа теннисний цохиур чихэж
чадах уу гэхчлэн нүүр царайтай нь холбоотой доромжилсон өнгө аястай байв. Уг явдлын
дараа ийм тохиолдолд твиттерийн хэрэглэгчдэд хэрхэн хариуцлага хүлээлгэх талаар
багагүй ярилцжээ. Хамгийн гол нь хуурамч нэрээр нээсэн хүмүүс хэний ч өмнө буруутаж
хариуцлага хүлээдэггүй, ёс зүйн ичгүүр хүлээдэггүйд асуудал байдаг. Гадныхан ч хэрэглэж
байгаа хуулийн хүрээнд уг асуудлаа шийдээд эхэлсэн. Бас Англид болсон нэг хэрэг
бий. Их Британийн доод танхимын спикерийн гэргий твиттерээр хүн гүтгэсэн хэрэгт
унаж, 50 000 паунд төлсөн явдал гарсан. 2012 оны арваннэгдүгээр сард хатагтай Берков
Лорд МакАлфайныг асрахаас авсан хүүхдээ бэлгийн мөлжлөгөд ашигладаг гэж шүүмжилж,
өнөөх нь шүүхээр заргалджээ. Хэдийгээр хаягаа хааж үзэж, уучлалт гуйсан хэдий ч
бусдыг гүтгэсэн хэрэгт буруудан шүүхээс шийтгэл ногдуулсан юм. Манайд харин анхны
гомдлууд нь цагдаагийн байгууллагад очиж байх шиг. Нэг жиргээч А.Гансүх сайдын талаар
твиттерт бичсэнийг сайд гүтгэлэг гэж үзэн зохих байгууллагад нь хандаж улмаар түүнийг
гүтгэсэн нь нотлогдсон талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлэгдсэн. Хэдийгээр гүтгэснийг
нь нотолсон ч хариуцлагын ямар тогтолцоо байгаа талаар юу ч дуулдаагүй.

Зөвхөн Монголынхоо жиргээний хүрээнд байдаггүй зарим жиргээч ярихдаа
“Манайхны жиргээ гэж монгол зан нь тэр чигээрээ үнэртсэн, хоосон хийрхэж шүүмжилсэн,
улстөржсөн зүйлс байх юм. Гадныхан танин мэдэхүйн чанартай, бусдадаа хэрэг болохуйц
мэдээлэл өгсөн зүйлс жиргэдэг”  гэцгээж байсан
билээ. Манай нэг жиргээч “Гагарины тухай кино гарлаа. Манай Гүррагчаагийн тухай
нэг ч дурдсангүй. Хамт ниссэн биз дээ” гэж бухимдан бичээд бусдаасаа банга дуулж
байгаа харагдсан. Юмаа мэдэхгүй хоосон хийрхдэг залуусаар дүүрсний нэг жишээ болов
уу. Дээрээс нь жиргээнд манай улстөрчид, өндөр албан тушаалтнууд олноороо бий. Тэд
яагаад ч юм жиргээчдийг тэр чигээрээ ард түмэн маань гэж ойлгоод байх шиг байдаг.
Мэдээж түмэн олны төлөөлөл мөн ч твиттерт саатдаггүйчүүд  монголчуудын үлэмж нь. Сүүлийн үед улс төрийн
намууд твиттерт бүлэг байгуулж, янз бүрийн нэрээр нам намаа хамгаалж, бусдыгаа үгүйсгэж
үүндээ бас санхүү төсөвлөх болсон гэдэг. Тэгэхээр өөрсдийгөө ард түмнийхээ дуу хоолойг
твиттерээр сонсдог гэж улстөрчид маань тайлбарлавал худлаа болов уу. Хуурамч хаягаар
нэг асуудлыг мянга давтаж үнэн болгож магадгүй шүү.

Одоогоос хэдэн жилийн өмнө хувьсгалыг гудамжинд биш гэрээсээ хийдэг
болсон талаар шуугиж байлаа. Үнэндээ ч Арабын хувьсгалыг нийгмийн сүлжээгээр хийж,
гэр гэртээ байсан олон залуусыг фэйсбүүкээр уриалсаар гаргаж ирж чадаж байв. Тухайн
үедээ баатарлаг явдал мэт, гайхалтай түүх мэт санагдаж байсан эргээд бодохнээ тэнд
юу болов. Цус нулимс, үхэл хагацал, ядуурал хоосрол, үнс нурам. Удирдагчдын дарангуйлал
тэднийг зовоож байсан гэх боловч тэр ард түмэн өнөөдөр юуг хожсон юм бэ гээд бодохоор
бас л харьцангуй ойлголт юм даа. Танкийн гинжний хяхтнаан, нисдэг тэрэгний нүргэлээн,
пуужингийн дэлбэрэлт үргэлжилсээр байна. Амьдрал мэдэхгүй залуучуудын хөөрөл, худлаа
донгосолт арай энэ бүгдийг авчирсан юм биш биз дээ. 2009 оны Үрэмчийн бослогыг гаргасан
залуус фэйсбүүкийг ашиглаж байсан болохоор Хятадад хаачихсан байгаа, мөн Египет,
Иран, Мавритан, Сири, Бангладеш, Мароккод ч хаасан.

Мэдээж, эдгээр улс шиг хаана гэж юу байхав. Гэхдээ хэлсэн үгэндээ,
бичсэн постондоо эзэн болохгүй, доромжлолоо шүүмжлэл гэж ойлгодог, бусдыг гүтгэдэг
гүжирддэг энэ байдалд ямар нэгэн зохицуулалт хийхгүй бол болохгүй байна. Хэн ч намайг
мэдэхгүй гэж хөнгөн бичсэн хурууны өндөгний цаана хүний амь амьдрал, улс орны тусгаар
тогтнол гэж байдаг юм шүү. Эрх чөлөө, тусгаар тогтнол, үзэл бодлын тухай ойлголтыг
шинээр эргэцүүлэх цаг болсныг жиргээчдийн үйлдэл харуулж байна. Энэ утгаар нь “Жиргээчдэд
талархъя”.

Ш.САНАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэт хээнцэрлэхийг хэмжээлэх шийдвэр эсэргүүцэлтэй тулгарсан нь

-Марксист ленинист үзэл сурталгүй түүхэн тэмдэглэл-

Аливаа улс орнууд хөгжлийнхөө явцад туулж үзээгүй зам мөр гэж үгүй. Улс төржилт, дайн самуун, үзэл бодлын хуваагдал, эдийн засгийн хямрал, хөрөнгө мөнгөний гачигдал гээд урт жагсаалтыг сийрүүлж болно. Манай улс эдгээр элдэв замыг тойрох бус дайрч байна. Тэгшитгэлийн коммунист нийгмээс салснаас хойш эдийн засгийн хүндрэл, дэлхийн эдийн засгийн хямрал гэдэг үг ч нэгэнтээ танил болж, бүсээ чангалах гэдэг ойлголтыг хүн бүр мэддэг болоод тэвчээртэй хүлээдэг, туулдаг болсон. Ардын хувьсгалын үеэр ч бүсээ чангалах шийдвэрийг засаг цөөнгүй гаргаж байжээ.

Бодоог Ерөнхий сайд болоход улс орон мөнгөгүй, эдийн засаг хүнд нөхцөл байдалд байв. Ерөнхий сайд Бодоо шаазан тавцан дээр гарч ард олныхоо өмнө “доклад” хийжээ. /Үг хэлэхийг доклад хийх гэж тэр үед ярьдаг байсан гэнэ Г.Д/  Тэрээр “Манжийн төр уначихаад байхад Манжийн хааны шагнасан, ноёдын зэрэг дэв жинс отгыг зүүсэн ноёд олон байна. Цэргүүд гэзэгтэй байна гэдэг нь гагцхүү Манжийн заншил. Цэргүүд тав гэзэгтэй байгаа нь дайн тулааны үед дайсандаа үсдүүлэх, үс гэзэг нь бөөс, хуурсны үүр болж байна. Ардын намын Засгийн газар сургууль соёл нээх мөнгөгүй ядаж байхад хуучин засаг ба засаг бус ноёдын хатад, авгай хүүхнүүд далавчин үсэндээ “сургууль байгуулах хэмжээний алт мөнгө шүр сувд зүүгээд баярхан” явцгаана. Цэргүүдийн тав гэзгийг авч, эхнэр хүүхнүүдийн гэзгийг тайрвал боловсон ёсонд нийцэх нь зүй. Ноёд хатад хэт хээнцэрлэн, пүүст өр тавьж байж, үнэтэй ёслолын хувцас өмсөх нь шинэ төрийн ёс биш Манжийн ёс. Дэлхийн орнуудын боловсон ёсыг эрхбиш дагах цаг болсон. Хэт хээнцэрлэлгүй алт мөнгө эдлэх хэмжээг заасан Богд хааныхаа лүндэнг биелүүлэхгүй явна. Богд хаан зүүдлээгүй би өөрийн биеэр энэ тухай танилцуулсан” гэж ирээд ухуулах, ухааруулахыг урьтал болгосон байдаг.

 Бодоо сайд Хүрээнийхнийг цуглуулж ингэж хэлсэн нь тэр үеийн баяд ноёдын том эсэргүүцэлтэй тулгарчээ. Харин ардууд ажил хэрэгч ноёд эхнэр үс, элдэв хээнцэрлэхийг устгах нь зүйтэй гэж үзэж байв. Ерөнхий сайд Бодоо хэт хээнцэрлэж болохгүй, эхнэр хүүхнүүдийн толгойн хэрэгсэл зүүх, Манжийн үеийн тогосын отго, үнэт чулуун жинс зүүх, хоргой магнаг хүрэм, шүр сувдан гутал хэрэглэхийг халах хүрэм, тухай бодлого боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар оруулжээ. 

Дэлхийн боловсон ёсыг дагах тухай бодлогоо Богд хаанд учрыг тайлбарлан олон удаа бичиг явуулсан байна. Богд хаан Засгийн газрын энэ бодлогын зарим зүйлтэй нь санал зөрж байсан байна. Бодоо бас бошгыг халах залуучуудын эвлэл хариуцсан Ерөнхий сайдын хувьд эмэгтэйчүүд нь үс гэзгээ тайрч халимаг үстэй болох, эрэгтэйчүүд нь нэг их далбайсан нударгаа авч мухар ханцуйтай дээл өмсч, боловсон ёсоор хувцаслахад бошгыг халах залуус урд нь явж манлайлах үүргийг өгчээ. Ийм үйл ажил болсон байна. Харин Бодоогийн тухай “Өглөө” кинонд юу гэж өгүүлдгийг бид мэднэ. Харин Бодоо сайд  бичиг үсэгтэй тулдаа, Засгийн газраас эхнэр үс, хэмжээгүй хээнцэрлэлийг зогсоох, ёслолын хувцасны тухай өгүүлсэн бичгээ Богд хаанд явуулж санал солилцож байжээ. Монголын тэр үеийн бүдүүлэг байдлыг гадаадынхан шоолж байна гэдгийг ч тодорхой бичиж үлдээжээ. 

Ц.Дамдинсүрэн гуай, Г.Дэлэг багш нар энэ тухай “Наад түүхэн кино чинь   худлаа. Ардын намын анхны Ерөнхий сайд Бодоог хэлмэгдүүлж байна” гэж зүрхлэн бичиж, чанга дуугарч чадаагүй ч гэсэн Бодоо эхнэр хүүхний гэзэг огтолсон нь худлаа гэдгийг хэлсэн баримт үлдээж чаджээ. 

Бодоо Ерөнхий сайд байхдаа улс төрийн зүтгэлтэн нэг гадаад хүнтэй уулзсан гэнэ. Бодоо сайд ингэж асуужээ. “Сургууль байгуулъя гэхэд Ардын засаг мөнгөгүй байна. Төрийн сан хоосон шахуу байна” гэхэд гадаадын хүн “Танай улс их баялаг шүү дээ. Нэг эхнэрийн толгойн чимэг нь нэг сургууль байгуулахад хүрэх мөнгө байна” гэжээ. “Эмэгтэй хүний толгойн дунд зэргийн чимэг 100-150 алтан рубль хүрдэг байхад том ноёдын эхнэрийн толгойн чимэг хэдэн зуу мянган алтан рублийн үнэ хүрнэ” гэж Майский бичиж үлдээжээ. Эхнэр үсийг халах, хэт хээнцэрлэлийг болиулах, цэргийг гэзэггүй болгох зэрэгтэй холбогдсон түүхийн баримт гурван бичиг архивт үлджээ.

Марксист түүхчид Ерөнхий сайд Бодоогийн дэлхийн жишигт нийцсэн соёлтой  хувцаслалт,  Монголын бүдүүлэг байдлыг халах гэсэн Засгийн газрын энэхүү дэс дараалсан арга хэмжээг “Өглөө” киноны  сэдэв болгон авчээ. Тэгээд л Бодоо сайд гэгч нь эхнэр хүүхдийн гэзэг тайрч, эрчүүдийн нударга огтолсон ухаангүй нэгэн. Бодоо гэгч нь зэр зэвсэг цуглуулж Ардын нам, ардын Засгийг устгах гэсэн нэг асман лам мэтээр түүхэнд үлдээсэн. Харин үнэн түүхийн эх сурвалж нь харин ийн ажгуу. 

Өдгөө ч Засгийн газрын хээнцэрлэлийг хэмжээлэх шийдвэр нь тэр бүр хүний санаанд нийцэхгүй таарахгүй байх нь олонтаа. Гэсэн хэдий ч ардчиллын замыг сонгосон манай улсын хувьд олонхийн шийдвэрээ хүндэтгэн хүлээн зөвшөөрдөг жишиг нэгэнтээ тогтоод байгаа билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-д “Хөлсний алуурчид” бий болжээ

Мөнгө аваад  муу муухай зүйл хийлгэдэг хүмүүсийг хөлснийхөн буюу хөлсний алуурчид гэж нэрлэдэг. Үүнтэй адил УИХ-д эрх ашгийн  төлөө юу ч хамаагүй хийдэг бүлэг хүмүүс байдаг болж. Өөрийн идэх халбага хоолны төлөө иргэдийнхээ идэх тогоо шөлөнд хор хийхээс буцахгүй хүмүүс хууль санаачилж, баталдаг эрх мэдэлтнүүдийн  талаар сүүлийн үеийн хэд хэдэн жишээ байна л даа. 

Саяхан баахан дуулиан болж,  амтай болгон ярьсан давхар дээл тайлах асуудал байна.  Бүх л шатанд хэлэлцээд чуулганы эцсийн хэлэлцүүлгээр уначихсан. УИХ-ын дарга “Түүхэндээ эцсийн хэлэлцүүлгээр хууль унаж байгаагүй. Бодолцоорой,  та нар” гэж хэлж байсан даа. Ерөнхийлөгч 2016 оноос дан дээлтэй болгохоор оруулж ирсэн хуулийг 2014 оноос болгоё гэж МАН-ынхан  Н.Алтанхуягийн Засгийн газрыг  унагахаар өөрчилж, тэр санал нь Ардчилсан намын Х.Баттулга, Р.Бурмаа, Ж.Батзандан, М.Зоригт болон О.Баасанхүү, Л.Цог, З.Баянсэлэнгэ нарын саналыг тохирч авснаар эхний хэлэлцүүлгээр дэмжигдээд явчихсан.   

Харин эцсийн хэлэлцүүлгээр  энэ хуулийг  бүрмөсөн  унагасан. Угтаа Ерөнхийлөгчийн санаачилснаар 2016 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжүүлэхээр оруулж ирж баталж болох байв. Угтаа  МАН 2016 онд өөрсдөө  хэрэв сонгуульд  ялбал давхар дээлтэйгээ байх хүсэлтэй байсан. Тиймээс хуулийн хугацааг нааш татаж буй нь давхар хонжоо хайсных.  Засгийн газрыг унагах эхний сонирхол мөн  АН-ыг дотор нь хагалах, цаашлаад АН 2014 он болгох саналыг унагалаа гэхэд муу нэр нь МАН-д биш АН-д ирнэ.    Энэ захиалгыг нь хөлсний хүмүүс нь гүйцэтгэчихсэн. Үр дүнд нь МАН дан дээлтэй болохыг хүсээд АН давхар дээлтэй байхыг хүсээд байгаа гэж ойлгуулж чадлаа. Хэдийгээр эцсийн хэлэлцүүлгээр 2014 болгож оруулж ирсэн хуулийн төсөл дэмжигдээгүй унасан ч  МАН өөртөө оноо авлаа. 

Ийнхүү анх байснаасаа буцаж эрх бариагүй намынхантай нийлж  ямар нэгэн эрх ашиг байна. Даваадуулж хэлэхэд энэ бүхнийг хөлсөөр хийсэн гэж харж байнам. Юугаар, ямар хөлсөөр, ямар тохироогоор хийснийг амьдрал яваандаа харуулна биз. 

Казиногийн хууль байна. АН,  МАН-аас  хэн ч санаачлаагүй. Мэдээж аль эрт санаачилсан гишүүд нь шоронгийн хаалга татаж, нэлээд ч үгүй хэл ам дагуулсан. Энэ  хууль яагаад дэмжигддэггүй гэвэл казино байгуулах, байгуулахгүй байх хоёулаа захиалагчтай. Хоёр талын ашиг сонирхол зөрчилддөг учраас энэ хууль гарахгүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс ч дараагийн сонгууль дөхөж байхад яагаа ч билээ, хэл ам таталсан энэ хуулийг хэрэгтэй гэж үзсэн ч санаачилж оруулж ирэхгүй өдийг хүрсэн. Гэтэл МАХН-ын Ц.Оюунбаатар гэнэт санаачилж, УИХ-ын Тамгын газраар сэтгүүлчдийг дуудуулж ирээд л ярилцлага өгч  сүйд болов. Энэ нөхөр гэнэт яагаад энэ хуулийг санаачилж,  тэр байтугай хэвлэлийнхнийг цуглуулж сурталчаад эхлэв. Өөрөө ч гэсэн хөлсөөр л хийж байгаа гэж биз хардахад хүргэж байна. Хэвлэлийн дайснаар тодроод, хэвлэлийнхнийг үзэж чадахгүй байсан тэрээр  Казиногийн хуулиа лүндэгдэж байж сурталчлуулаад санаачилсан хуулиа муулуулахаас урьдчилан вакцин хийж байгааг эрхэм уншигч гадарлах буй за.

     Шилэн дансны хууль байна. Хэдийгээр ялихгүй шалтаг хэлж буцаасан ч Ерөнхийлөгчийн зүгээс дахин өргөн барьж  байгаа. Аль хэдийнээ хэлэлцээд баталж болох байлаа. Төсвийн мөнгө хэрхэн зарцуулагдаж байгааг олон нийтээрээ хянах боломжтой энэ хууль их л хэрэгтэй юмсан. “Нэр нь зөв үү, буруу юу, олон улсын жишгээр үнэхээр ингэж нэрлэж болдог уу, судалмаар байна” гэсэн шалтгаар буцаачихаж байгаа юм. Төрийн мөнгийг хэрхэн өөрсдөө ашиглаж зувчуулдгийгаа нуух гэж эмээж л буцаасан хэрэг. Тэрнээс биш ийм хууль хэрэгтэйг улстөрчид мэдэхгүй л байв гэж дээ.  

Энэ мэтээр хүчээр шийдвэр гаргуулдаг гишүүд УИХ-д байна. Унагах хуулиа зориуд унагана.  Өөрсдөд нь хэрэгтэй гэж үзвэл  олон нийтэд хэрэггүй байсан ч баталж орхино. Дээрхээс харахад хууль тогтоох байгууллага шан харамж, хөлс авч ажил гүйцэтгэдэг байгууллага болж. 

УИХ-д шантаажчид рекетчид олон гэж олны ярих үг ортой бололтой.  Тэд бизнес эрхлэгчид Засгийн газар, гадны хөрөнгө оруулагчдыг ажил хийлгэхгүй шантаажилдаг. Төрийн бүх институциуд нь улстөрчдөд барьцаалагдаж ажил хийх боломжгүй болсон. Монголын лидерүүд нь бодлого гаргагч, шийдвэр гаргагчид шиг харагдавч фракц,  бүлэглэлийнхэндээ  таалагдах гэдэг.  Тэднийг дагагчид  нь бас удирдлагадаа таалагдах гэдэг. Ард түмэн харин тэс  өөр зүйл хүсдэг.  Гэтэл эрх ашигтаа барьцаалагдсан улстөрчид нь  “Тэр  илүүг хүртэх гээд байна, би яагаад  бага идэв” гээд л хомхой сэтгэлээр асуудалд хандсаар. 

Энэ мэтээс болж, үйлдвэржилт, төмөр зам, цахилгаан станцууд гацчихсан. Овоо нэг юм бүтэх нь дээ гэхээр л нэг хөлсний хүн гараад ирнэ. Нэг хэсгээрээ болоод эсэргүүцнэ.  Хэний захиалга вэ. Захиалагчийн сэтгэлд нийцэх гэж өөрийн эрх ашгаа бодож нийтийн эрх ашгийг уландаа гишгэж байгаа улстөрчдийг ийм л учраас “Хөлсний алуурчид”-тай зүйрлэв. Тэд өөрсдийн хүслээр биш дохиураар л  ажлаа гүйцэтгэж байна. Ингэж гаргасан  шийдвэр чинь нэг хүнийг захиалгаар буудаж хороосноос илүүтэй үр дүнг нийт монголчуудад авчирч байгаа шүү. 

М.СҮЛД

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Огцруулах томилох хоосон хэрүүл ордонд оволзож, бүтээж бий болгох их ажил “Хүннү” хороололд өрнөж байна

Энэ удаа хоёр өөр газрыг сонгон өдрийн сурвалжлага бэлдлээ. Нэг
нь УИХ-ын чуулганы танхим. Нөгөө нь “Хурд групп” ХХК-ийн сүндэрлүүлж буй “Хүннү”
хорооллын бүтээн байгуулалт. Хан-Уул дүүргийн нутагт 25 га газрыг эзлэн орших том
хорооллын бүтээн байгуулалт ид өрнөж байгаа юм. Шийдвэр гаргагчид, баялаг бүтээгчдийн
нэг өдөр хэрхэн өнгөрч буйг харьцуулсан сурвалжлагыг таны өмнө дэлгэж байна. Та
ч гэсэн харьцуулж уншаад үзээрэй. 

 07.30
цаг:
Өчигдөр  өг­лөө­ний 07.30
цагт Төрийн ордны гадаа очлоо. Харуул хамгаалалтынхан хоёр талын хаалгаа онгойлгочихсон
зогсч байна. Албан хаагчид нь түрүү­чээ­сээ уван цуван ирж байгаа харагдана. Ордны
хоёр талын зогсоол дээр чамлахааргүй тооны машин тавьсан байхыг харвал ажил­чид
овоо ирсэн бололтой. Төрийн алба 08.00 цагт цугла­даг ёстой учраас гадаа 30 минут
хүлээгээд дотогш нэвтэрлээ.

08.00
цаг:
Сэтгүүлчдийн нэвтэрдэг голын хаалгаар орлоо. “Ийм эрт орох юм уу”
гэж хамгаалалтын ажил­тан гайхсанаа цүнхийг минь шалгаад явууллаа. Үүдэнд түүнээс
өөр ажилтан байсангүй. Дээшээ гарлаа. Замд хэн ч таарсангүй. АН, МАН-ын бүлгийн
хуралдааны  А, Б танхим байрладаг гол хонгилоор
явав. Гурав, дөр­вөн үйлчлэгчээс өөр хүн бай­сангүй. Тэдний зарим нь хив­сээ цэвэрлэж,
шалаа зүлгэж  байна. Зарим нь тоос шороогоо
арчиж байлаа. Цаа­шаа эргэтэл өөр нэг үйлчлэгч эмэгтэй ханаа арчиж байна. Та хэдэн
цагт ирсэн бэ гэхэд “долоо” гэж хэллээ. Зүүн талын хаал­ганы хамгаалалтын ажилтан
дээр очиж  “УИХ-ын гишүүдээс орж ирэв үү”
гэхэд “С.Бямбацогт гишүүн л ирсэн дээ” гэлээ. Энэ үед 08.00 цагтай уралдан “хуруугаа”
уншуулах гэсэн ажилчид яаран сандран цувсаар л байлаа.

Ингээд хоёрдугаар давхарт байрлах гишүүдийн хаалгыг  эхнээс нь татав. Нийгмийн бодлого, боловсрол соёл
шинж­лэх ухааны байнгын хороо буюу Д.Батцогт ги­шүү­ний өрөө нээлттэй бай­на. Гэхдээ
гишүүн алга. Байн­гын хорооных нь ажил­­тан ганцаараа сууж байлаа. Цаашаа Ц.Цолмон,
М.Сономпил, Б.Чойжилсүрэн, М.Батчимэг гээд бүгдийнх нь өрөө цоожтой. АН-ын бүлгийн
дарга Д.Эрдэнэбатын өрөө нээлттэй. Гэхдээ тэр ирээгүй байлаа. Цаашилбал Засгийн
газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг өрөөндөө ажлаа хийгээд зогсч байгаа
нь харагдав. 08.00 цаг: Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх утсаар яриад коридороор
явж байна.  Латвийн Ерөнхийлөгчийг хүлээж  авах бэлтгэлээ хангаж, хамгаалалтын ажилтнууд  ёслолд өмсдөг гоё хувцсаараа гангарсан зогсч байв.
Энэ үед Д.Оюунхорол гишүүн туслахаа дагуулан өөдөөс гарч ирлээ. Тэр үед цаг  08.30  болж
байв. Энэ цагт тус намын бүлэг даргынхаа өрөөнд хуралдахаар товлосон юм байна. Дээшээ
гуравдугаар давхарт гарлаа. Энэ давхарт Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатараас
өөр өрөөндөө байгаа гишүүн байсангүй. Харин дөрөвдүгээр давхарт Шадар сайд  Д.Тэрбишдагваас өөр хүн ирээгүй байлаа. Гишүүдийн
ирц ийм байсан ч Төрийн ордны албан хаагчид өрөө өрөөндөө сууж ажлаа эхэлжээ. 

09.00 цаг: УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаан эхэлдэг
цаг.  Танхимын үүдийг нээж гишүүдийг хүлээн
авахад бэлэн болжээ. Хамгийн түрүүнд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат танхим руу
орлоо. Араас нь Ц.Баярсайхан, Ш.Түвдэндорж, Д.Тэрбишдагва, Ц.Оюунгэрэл нарын гишүүд
цувлаа. Ардын намынхнаас Д.Оюунхорол, Д.Дэмбэрэл, Б.Бат-Эрдэнэ гээд түрүүлж ирсэн
гишүүд цөм бүлгийн даргынхаа өрөөнд оров. Тэднийг бүлгийнхээ хурлыг хийхээр цуглаж
байх хооронд Х.Тэмүүжин, Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, Р.Гончигдорж,  Ж.Батзандан, Д.Зоригт, Ч.Сайханбилэг, Л.Болд гээд
УИХ-ын бусад гишүүд чуулганы танхим руу орсоор байв. 

10.00 цаг: Хурлаасаа хоцорсон  МАН-ын бүлгийн гишүүд даргынхаа өрөө рүү цуварсаар
л.  Тэдэнтэй зөрөлдөн  Д.Арвин, Ц.Оюунбаатар, Н.Батбаяр, Г.Уянга, З.Баянсэлэнгэ,
Л.Гантөмөр зэрэг гишүүд чуулганы танхим руу орсоор л. Үндсэндээ хамгийн сүүлд сүүл
мушгисан гишүүд нь арван цагтай уралдан ирж байгаа нь энэ.  Танхимд байсан гишүүд Ардын намынхныг хүлээсээр
байлаа. 

10.16 цаг: Ардын намынхан бөөнөөрөө чуулганы танхимд
орж ирэв. Ирц ч сайн байлаа. Х.Баттулга, Г.Батхүү, Н.Батцэрэг, Ж.Энхбаяр, М.Сономпил,
Х.Наранхүү нарын цөөн гишүүдийн суудал эзгүй байв.  Ингээд хуралдаан товлосон хугацаанаасаа нэг цагийн
хойно эхэлсэн юм.  Хуралдааныг Р.Гончигдорж
гишүүн даргаллаа.  Тэрээр энэ өдөр хэлэлцэх
асуудлын дарааллыг танилцуулсан юм.  Галын
аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх
тухай хуулийн шинэчилсэн найруулга, Үндэсний баяр наадмын тухай хуульд өөрчлөлт
оруулах төсөл, Ш.Түвдэндоржийг сайдаар томилох эсэх, Өрийн удирдлагын тухай хууль
гэх мэтчилэн 12 асуудал байв. Үүнийг уншаад “хэлэлцэх асуудлаа батлах уу” гэхэд
нь  МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Эхлээд
Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцье. Тиймээс өнөөдөр
хэлэлцэх асуудлуудыг хойшлуулж өгөөч. Тэгэхгүй бол УИХ Дэгийн тухай хууль  зөрчөөд байна” гэдэг горимын санал гаргав. Хажуугаас
нь Ч.Хүрэлбаатар гишүүн “Монголын эдийн засгийн байдал хүнд байна.  Валютын ханш 1830 хүрээд явчихлаа. Н.Батбаяр сайдын
асуудлыг нэн даруй шийдмээр байна. Ний нуугүй хэлэхэд эдийн засгийн хөгжлийн сайдыг
огцруулчихвал байдал нэлээд сайжирна шүү. Ерөнхийлөгч зурагтаар Н.Батбаярыг эдийн
засгийн хямралын сайд гэж хэлж байна лээ. Ийм байхад энэ асуудлыг яагаад ярихгүй
байгаа юм” гэлээ. Араас нь М.Энхболд гишүүн “Өрийн удирдлагын тухай хуульд Төсвийн
тогтвортой байдлын тухай хуулийг зөрчсөн заалтууд бий. Тиймээс үүнийг хэлэлцэж болохгүй,  өнөөдрийн дарааллаас хасах хэрэгтэй” гэлээ. Хариуд
нь УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Н.Батбаяр сайдын асуудлыг байнгын хороогоор хэлэлцээгүй
учраас чуулганаар ярьж болохгүй. Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг  хэлэлцэхгүй тухай яриа байхгүй” гээд асуудлаа
хэлэлцэхээр алхаа цохилоо.  Тэгтэл Ардын намынхан
шаагилдаж эхлэв.

Р.Гончигдорж гишүүн
“Н.Батбаяр сайдын асуудлыг хэлэлцэх боломжгүй. Тэгээд ч УИХ-ын даргын зөвлөлөөр
хэлэлцэх асуудлын дарааллыг шийддэг юм. Гэтэл УИХ-ын дарга алга. Харин Өрийн удирдлагын
тухай хуулиар гаргасан горимын саналаар чинь санал хураая” гэв. Ингээд санал хурааж
гишүүд дэмжсэнээр Өрийн удирдлагын тухай хуулийг энэ өдөр хэлэлцэхээргүй боллоо.
Тэгсэн ч Ардын намынхны санаа амарсангүй 
“Одоо чуулганаа зогсоогоод эдийн засгийн байнгын хороог хуралдуулж, Н.Батбаяр
сайдыг хэлэлцье” хэмээн хашгиралдсан учраас хэрүүл дэгдлээ. Д.Сумъяабазар гишүүн
“хууль зөрчихөө боль” хэмээн бусдаасаа онцгой орилж байв. Нөгөө талаас нь Д.Эрдэнэбат,
Г.Баярсайхан нарын гишүүд “Даргын зөвлөл хуралдаж байж байнгын хороог хуралдуулна”
гэлээ. Тэгэхэд нь Ц.Нямдорж гишүүн “даргын зөвлөлөөс чинь өмнө хууль байдаг юм за”
хэмээн том дуугарав. Энэ үед хурал даргалагч “асуудлаа хэлэлцэж эхэлье, Ерөнхий
сайдыг индэрт урьж байна” гэлээ. Ерөнхий сайд Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад нэр
дэвшүүлсэн Ш.Түвдэндоржийг танилцууллаа. Гэвч Ардын намынхан түүнийг тоож байгаа
шинж алга. Н.Батбаяр сайдын асуудлыг хэлэлцсэнгүй хэмээн бухимдаж,  Р.Гончигдорж гишүүнтэй заргалдсаар байлаа. С.Бямбацогт
гишүүн “Тэгвэл манай бүлэг Ш.Түвдэндорж гишүүний асуудал дээр завсарлага авъя” гэхэд
нь Р.Гончигдорж гишүүн  “Дэгийн хуулийн дагуу
завсарлага өгч болохгүй. Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэх нь хугацаатай
учраас ийм зүйл дээр завсарлага өгдөггүй юм” гээд хүлээж авсангүй.

10:45 цаг: Н.Алтанхуяг сайдын танилцуулга  дууслаа. Үргэлжлээд завсарлагын тухай хэрүүл өрнөв.  С.Бямбацогт гишүүн завсарлагаа авна гэдгээ дахиад
хэллээ. Нөгөө талаас Д.Эрдэнэбат гишүүн “Энэ одоо хэн юм бэ” хэмээн хуруугаараа
чичлэхэд С.Бямбацогт гишүүн “Чи өөрөө хэн юм” хэмээн том дуугарцгаав. Үүнийг хурал
даргалагч  тоосонгүй “Засгийн газрын гишүүнийг
томилох асуудлаар Байгаль, орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дүгнэлтийг
Г.Баярсайхан гишүүн танилцуулна” хэмээн зарлав. Тэгтэл Д.Оюунхорол гишүүн ширээгээ
нүдэж эхэллээ. Түүнийг дагаад Д.Хаянхярваа тэргүүтэй Ардын намын залуу  гишүүд бөмбөр нүдэх мэт ширээгээ балбалаа. Ардчилсан
намынхан тэднийг гайхан харж “Яагаад байгаа юм бэ” хэмээн хэлэх нь сонсдоно. Нүргээн
намжсаны дараа Г.Баярсайхан гишүүн танилцуулгаа уншиж дуусгав. Дараа нь гишүүд асуулт
асуухаар болж, Ардын намынхан бүгдээрээ кноп дарав. Самбар дүүрэн гарсан нэрийг
хараад АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Асуух зүйл байхгүй байж, бүгдээрээ дайрч
гэнэ” хэмээн уурлаж, хурлын танхимыг хаяад гарав. 

Хамгийн эхэнд УИХ-ын
гишүүн М.Энхболд “Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдыг томилох асуудлыг 30 хоногт шийдэх
ёстой гээд одоо хэлэлцэж байна. Тэгвэл Эдийн засгийн хөгжлийн сайдын асуудлыг долоо
хоногийн дотор хэлэлцэх байтал яагаад хэлэлцэхгүй байгаа юм. Алийг нь хугацаанд
нь хэлэлцээд, алийг нь хугацаанаас нь хэтрүүлж хууль зөрчдөг юм бэ” гэхэд УИХ-ын
гишүүн Р.Гончигдорж “хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой зүйл асуу” гэсэнд тэрээр
уурлаж “Та удирдаж байгаа юм бол дэгийнхээ дагуу удирд. УИХ-ын гишүүдийн юу асуухыг
заах эрхгүй шүү. УИХ Засгийн газарт хяналтаа тавьж чадахгүй байна. Яагаад гэвэл
УИХ-ын 17 гишүүн сайд байна. Ерөнхийлөгч дан дээлтэй болгоё гээд оруулж ирж байхад
та нар яагаад эсэргүүцдэг юм. Ерөнхийлөгчтэйгээ нэг байр суурьтай байж чадахгүй
байгаа юм уу” хэмээн ярихад нь С.Эрдэнэ гишүүн өөдөөс нь чанга дуугаар сөргүүлэн
хэрэлдэв.  Тэрээр “Насаараа өмхийртөл давхар
дээлтэй явчихаад та нар одоо юу яриад байгаа юм” гэлээ.  М.Энхболд гишүүн “өмсч байсан дээлээ дааж байсан
юм. Улс орноо хөгжүүлж байсан юм аа за юу. Та нар шиг унагааж,  нурааж байгаагүй юм” гэв. Хариуд нь С.Эрдэнэ сайд
“Шившигтэй юмнууд та нарын хийсэн юм гэж юу байдаг юм” гэхэд М.Энхболд гишүүн “чиний
хийсэн юм хаана байгаа юм” гэх мэтээр хэрэлдлээ. Тэдний хэрүүлийг тасалж Г.Баярсайхан
гишүүн “Наадмын маргааш  намар гэдэг дээ.
Бүгдээрээ ажил ярьцгаая” гэж байлаа. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Давхар дээлийн
тухай хуулийг Ерөнхийлөгч 2016  оноос хэрэгжүүлье
гэсэн юм. Гэтэл та нар 2014 он болгож, засгийг бужигнуулах арга хэлбэр болгон хувиргасан
шүү дээ. Хаваржингаа энэ тухай ярьсан учраас одоо болъё л доо. Олон хүн биднийг
хараад сууж байна. Бүгдээрээ ажил ярья” гэв. Гэх мэтчилэнгээр Ардын намын асуулт
асуусан гишүүд цөм энэ сэдвийн хүрээнд үг хэлцгээж байлаа. Бүгдийнх нь санаа ажил.
Ерөнхий сайдын хариулт ч өмнөхөө давтаж байсан тул энд нуршилгүй орхиё.  МАН-ынхан асуулт гэхээсээ илүү саналаа хэлцгээж,
эрх баригчид руу дайрч байв.

11:24 цаг: Асуулт үргэлжлэв. Ч.Хүрэлбаатар гишүүн
“Ерөнхийлөгч том төрөөс ухаалаг төр рүү шилжинэ гээд байгаа. Гэтэл Ерөнхий сайд
үүнээс өөр бодолтой байгаа юм шиг байна. Энэ чинь ам ажлын зөрүү биш үү. Эдийн засаг
хүнд байгаа учраас бүсээ чангална гээд байдаг. Гэтэл Бразил руу  төсвийн мөнгөөр баахан дарга нар явж хөлбөмбөг
үзэх гэж байна. Энэ чинь ам ажлын зөрүү шүү дээ. Эрх зүйн шинэчлэл хийнэ л гээд
байдаг. Тэгсэн  шоронд хүн үхэж байна, үхсэн
хүнийг шүүж байна. Энэ чинь тэгээд шинэчлэл юм уу. Эдийн засгийн хөгжлийн саадыг
огцруулъя гэхээр хэлэлцэхгүй юм. УИХ хуулиа зөрчөөд байна шүү дээ” хэмээн хэлэв.
Энэ үед  Н.Батбаяр сайд бодол болон шанаагаа
тулж суулаа. Харин чуулганы танхимд 16 гишүүн сууж байсан юм. Тэдний ихэнх нь Ардын
намынхан байв. Харин  12.00 цагт Ерөнхий сайд
Латвийн Ерөнхийлөгчтэй уулзахаар гишүүдээс “чөлөө” авч гарав. 

12.35 цаг: Эзгүйд нь Ц.Нямдорж гишүүн Ш.Түвдэндорж
гишүүнд хандан “Нэр хугарахаар яс хугар гэдэг юм. АН-д чамаас өөр сайхан сайхан
залуучууд бий. Тэдэнд зай тавиад өгчихгүй яасан юм зайлуул. Чи байнгын хорооны дарга
болоод нэг жил огт үзэгдээгүй алга болсон шүү дээ. Нэхэл дагал болж байж авчирсны
дараа овоо гайгүй болсон. Ийм хүнийг яаж сайд болгох юм. Х.Баттулга хариуцлагагүй
байсан. Одоо Х.Баттулгаас долоон дор  нөхрийг
сайд болгох гэж байна.  Түвдэндорж хөдөө аж
ахуй, мал мэдэхгүй. МоАХ гэж далдганахаас өөр юм мэдэх үү. Улс төрийн тохироогоор
та нар энэ хүнийг оруулж ирж байгаа биз дээ. Энэ луйврыг чинь хэлэх вий гэхээс айсандаа
АН-ынхан хурлаас гараад явчихлаа” хэмээн хэллээ. Ингээд үдээс өмнөх чуулган завсарлав.

14.00 цаг: Үдээс хойших чуулган эхлэв байв. Гэсэн
ч гишүүд ирсэнгүй.

14.26 цаг: Н.Энхболд гишүүн хамгийн түрүүнд чуулганыхаа
танхим руу орлоо. Араас нь Ж.Энхбаяр, Б.Гарамгайбаатар, Л.Цог, Б.Болор, Ш.Түвдэндорж
гэх зэргээр цувсаар чуулганы хуралдаан яг 15.00 цагт эхэллээ.

15.00 цаг: Ө.Энхтүвшин гишүүний асуултаар эхлэв.
Түүний дараа Н.Энхболд гишүүн “Олонхийн араншин парламентын ардчиллыг булшилж байна.
Ерөнхийлөгч одоо дуугарах цаг болсон. Яагаад бидэнд засварлага өгсөнгүй вэ” гэх
мэтээр асуулт өрнөлөө. Өөртэй нь холбоотой асуултуудад Ш.Түвдэндорж гишүүн  “Намын шийдвэрээр намайг нэр дэвшүүлсэн. Тийм
учраас яамныхаа бодлогыг үргэлжлүүлж сайн ажиллана” хэмээн хариулж байлаа.

16.00 цаг: Асуулт хариулт дуусч, гишүүд үг хэлэв.
Г.Баярсайхан гишүүн “Ардын намынхан өнөөдөр УИХ, Засгийн газрын ажилд чөдөр тушаа
болж байна шүү дээ. Ашигт малтмалын хууль, Газрын тухай хуулийг та нар  гацааж байна. Тиймээс одоо ажил ярьцгаая” гэв.
Ж.Батзандан “Сөрөг хүчний хартай авгай шиг зан хэрээс хэтрээд байна шүү. Дэлхийд
сөрөг хүчнийг хоёр хуваадаг. Бүтээгч, нураагч гэж. Ардын намынхан бүтээгч сөрөг
хүчин байж хамтарч ажиллах хэрэгтэй байна” гэлээ. Харин Б.Болор гишүүн “Эцэс төгсгөлгүй
улс төрөө болиоч гэж хөдөө орон нутгийнхан бидэнд хандаж хэлж байна лээ. Тэрнээс
биш  дан давхар дээлийн тухай хүмүүс ярихгүй
байна. Тиймээс үүнд цэг тавьж ажил ярьцгаая. Түвдэндорж гишүүнийг дэмжиж байна.
Ажлын амжилт хүсье” гэсэн юм. Ц.Нямдорж  гишүүн
“Х.Баттулга сонинд ярилцлага өгчээ. Түүний хэлсэн үгийг энд уншиж өгье. “Тодорхой
юм нь Монгол элгээрээ хэвтсэн. АН Элбэгдоржийг сонсохоо байсан” гэх мэтээр хэлсэн
байна. Үүнийг бид хэлээгүй та нарын дунд байсан нөхөр чинь сонинд ингэж ярьсан байна
шүү.  Олонхи болсон 45 нөхөр ер нь юу хийгээд
байна аа. Ард түмнээ сонсохоо байж.  Нам доторх
шударга дуугарсан нөхдүүдээ тоохоо байж. Өөрсдийнхөө талд нэг кноп авчрах нөхрийг
сайд болгох гээд энд шараа болгож байна. Тиймээс үүнд чинь Ерөнхийлөгч хориг тавих
байлгүй. Тавихгүй бол түүнийг худлаа жүжиглэж байжээ гэж үзье” гэв.  Дараа нь Н.Алтанхуяг сайд “Ерөнхийлөгч бид хэдийг
зөрчилдүүлэх гээд байх шиг байна.Давхар дээлийг 2016 оноос тайлуулъя гэж хууль оруулж
ирснийг нь та нар 2014 болгох гээд байхаар чинь больсон шүү дээ. Өнөөдөр статистик
мэдээллийг харахад муу ч мэдээ байна. Сайн ч байна. Энэ бүхнийг бодитой харж асуудлаа
ярьцгаая” гэсэн юм.  Ингээд төгсгөлд нь хоёр
намын бүлгийн дарга үг хэлснээр Ш.Түвдэндорж гишүүнийг үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар
томилох уу гэдгээр санал хураав. Тэгэхэд нь Ардын намынхан санал хураалтад оролцохгүй
гэлээ. Гэсэн ч олонхи бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралд сууж байсан тул Ш.Түвдэндоржийг
85 хувийн саналаар Үйлдвэр хөдөө аж ахуй сайдаар дэмжив. Дараа нь Галын аюулгүй
байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх гэхэд нь 
Ардын намынхан “Өнөөдөр хэлэлцэх бүх асуудал дээр тав хоногийн завсарлага
авч байна” гэснээр энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө. Р.Гончигдорж гишүүн “Маргаашийн
/өнөөдөр/ чуулганаар шинэ  төсөл л хэлэлцэх
байхдаа. Өнөөдрийн /өчигдөр/ бүх асуудлаар завсарлага авчихлаа” гэсээр хоцров.

17.00 цаг: Чуулган өндөрлөж, Засгийн газрын хуралдаан
оров. Шинэ сайдын томилгоотой холбоотой бэлгэдлийн чанартай хурал хийнэ гэсэн албан
бус мэдээлэл байлаа.

 

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

 

07.30
цаг:
Маршалын гүүрний наахна зам дагуу байрлах томоо гэгчийн хашааны
үүдэнд хүмүүс аль хэдийнэ бужигнаад эхэлчихэж. Энэ хашаан дотор “Хүннү” хорооллын
барилгын ажил өрнөж байгаа юм. Дотогш нэвтрэхээр дугаарласан ажилчдаас гадна машинууд
ч орох ээлжээ хүлээн эгнэцгээжээ. Машинтай ажилчдын өмнө нийтийн унаагаар ирсэн
ажилчид хашаа руу орж эхэллээ. 18 барилга сүндэрлэж буй энэ том хороололд 27 компанийн
1370 гаруй хүн ажиллаж байгаа аж. Ийм олон хүнийг шалгаж нэвтрүүлнэ гэдэг амаргүй
ажил бололтой. Хашааны завсраар сонирхож харвал зарим ажилчид нь дасгал хийж харагдана.
Хажууд зогссон залуу “Эрт ирсэн ажилчид 07.45 цагаас дасгал хийдэг юм” гэж тайлбарлав. 

08.05 цаг: Ажилчдын цуваа сая л нэг татрав. Тэдний
завсар зайгаар машинуудыг шалган оруулж байсан юм. Зөвхөн энд ажилладаг хүмүүсийн
машин л барилгын талбайд орох эрхтэй аж. “Хүннү-2222” төслийн менежер Х.Тогтох бидэнд
газарчиллаа. Хашаагаар оронгуут баруун гар талд эгнэсэн байрнууд ажилчдын кэмп гэнэ.
Зүүн гар талын цэлийсэн том хашаанд ороож бэлдсэн, элдэв янзын хэлбэр дүрстэй  баахан төмөр өржээ. Төмрийн хавиралдах чимээ,
техникийн жигд хүнд дуу нүргэлсэн энэ хашааг Х.Тогтох “Арматурын үйлдвэр” гэж тайлбарлав.
Өглөө, өдөргүй хоёр ээлжээр ажилладаг гэнэ. Хашааны үүд хавиар ажилчдын машиныг
эгнүүлжээ. Лав л 200 гаруй машин байгаа бололтой.  Инженерүүдийн өрөөгөөр орлоо. Нэг орос хүн компьютер
тогшин сууна. Жога Владимирович нэлээд эрт долоо өнгөрч байхад  иржээ. Энэ төсөл дээр орос инженерүүд сантехник,
цахилгаан, хөрсний  усны асуудал дээр зөвлөгөө
өгөн ажиллаж байгаа гэнэ. Энэ өрөөнд монгол, орос, солонгос инженерүүд тохой залган
суудаг юм байна. ”Хүннү” хорооллын архитектур, төлөвлөлт талын зөвлөгчид нь солонгосчууд
аж.

 

08.30
цаг:
Хөдөлмөр хамгааллын сургалтын өрөө бол бидний орсон хоёр дахь газар.
Хичээлийн танхим маягаар тохижуулсан энэ өрөөнд дөрвөн хүн ажилладаг аж. Хөдөлмөр
хамгааллын албаны дарга Н.Даваажав гав шав хийсэн, хөнгөн шингэн гэж жигтэйхэн хүн
юм. Биднийг ороход  “Вестерн консол”-ын кранист,
инженер хоёр сургалтад сууж байв. Биднийг байхад байсгээд л хүмүүс шагайх юм. Шинэ
ажилчдаа сургалтад хамруулах, шаардлагын хариу өгөх гээд өчнөөн шалтгаантай улс
энэ өрөөгөөр тасралтгүй орж гардаг нь хагас цаг байхад л мэдрэгдсэн.

09.00
цаг:
“Одоо Ким ирсэн байх. Бүгдээрээ инженерүүдийн өрөөгөөр дахиж нэг
ороод барилгын талбай руу явъя” гэсэн Х.Тогтохын зөвлөгөөг дагав. Ингэж зөвлөсөн
нь ч учиртай байж. Инженерүүдийн өрөөнд Кимээс гадна хоёр солонгос сууж байна.
“Хурд”-ынхан “Хүннү” хорооллоо солонгос загвараар барьж байгаа аж. Кимээр хорооллын
талаар баахан яриулав. “Хүннү”  хороололд
ямар ч машин оруулахгүй юм байна.Түргэний, галын машин л орох эрхтэй. Гэртээ нүүж
ирж байгаа ч юм уу, энэ хорооллоос нүүх айл ачааны машин оруулж болно, бусад тохиолдолд
“no”  гэнэ. Учир нь хорооллын  доор машины зогсоолыг шийджээ. Бүр хоёр давхрыг
тэр чигт нь  машины зогсоол болгохоор төлөвлөчихөж.
Нэг айлд 1.5 машины зогсоол ногдоно гэж Тогтох яриандаа оролцов. Нэгдүгээр ээлжийн
1416 айлын дунд гэхэд л 1810 машины зогсоол төлөвлөжээ. Тэгэхээр энд байр худалдаж
авсан хүмүүс хүүхдээ айх аюулгүйгээр гадаа тоглуулж болох нь. Солонгос загварын
жишиг хороолол гээд байгаагийн учир  нь энэ
аж. Өөр нэг зүйл сонирхуулахад хорооллын айл бүрд өдөрт 3-5 цагийн хугацаанд заавал
нар тусч байхаар архитектурыг нь шийдсэн гэсэн. Бас гарааш байрлах доод талын хоёр
давхарт  тагтан дээрээ овоолдог элдэв зүйлсээ
хийж болох өрөөнүүдийг төлөвлөжээ. Монголоор бол амбаар маягийн үүрэг гүйцэтгэх
эд бололтой. Энэ мэт хэрэглэгч рүүгээ хандсан эерэг шийдлүүдийг хангүгчүүдээс хуулжээ.
“Монголдоо бол анх удаа хэрэгжүүлж байгаа шийдлүүд” гэж төсөл хэрэгжүүлэгчид онцолж
байна лээ.

09.30
цаг:
Инженерүүдийн өрөөнөөс  гараад
барилгын ажил өрнөж буй талбай руу зүглэлээ. Кэмпээс бас ч гэж хол зайтай юм. Наана
нь дахиад арав гаруй барилга сүндэрлэх гэнэ. Барилга сүндэрлэх талбайн наахна гэхэд
л материалын агуулах, бетон зуурмагийн үйлдвэр нэлээд талбайг эзлэн оршино. Барилгын
ажил өрнөж буй хашааны үүдэн хэсгээс л их ажил өрнөж байгаа гэдэг нь илт. Барилгын
материал ачсан портерууд тасралтгүй хөлхөнө. 
Төмөр нүдэх, ямар нэг юм өрөмдөх, алх тогших зэрэг олон янзын авиа нэгдэхээрээ
яаж сонсогддог  билээ. Яг тийм сүртэй дуу
чимээ биднийг угтлаа.

10.00
цаг:
Бидний анх орсон хэсгийг Х.Тогтох “Машины зогсоол болно” гэж тайлбарлав.
Тэнд хорь орчим хүн ажиллаж байна. Нэг хэсэг нь элс зөөж, нөгөө зарим нь шавар зуурч,
хоёр, гурван хүн гагнуур хийгээд завгүй. Сантехникийн хоолой угсрах ажил хийж байгаа
гэнэ. Мөн тэнд “ЧУЗ” компанийнхан “Хүннү” хорооллын салхивчны хоолойнуудыг элдэв
хэлбэрээр нь хийж өгч байна. Арав гаруй залуу төмөр нүдэж, зүсэж, давтаж сэхээ чөлөөгүй
ажиллацгаана. Тэд биднийг очдогийн өмнөх өдөр гэхэд л зуу гаруй ийм хоолой хийжээ.

11.00  цаг: Гараашны дунд хэсэгт  уртаа гэгчийн хоолой маягийн зүйл харагдав. Монголд
хамгийн урт буюу 300 метр туннель энд баригдах юм байна. Оршин суугчид энэ туннелээр
дамжин гарааш руугаа орж машинаа байрлуулах аж. Хамгийн доод давхрын буюу B1 давхарт
байрлах гараашийн ажил бас ид өрнөж байв. Гурван ч газар гал өрдөж дээр нь поошиг
тавьчихаж. Замын хар хайлуулж байгаа бололтой. “Үерийн усны хамгаалалт хийхэд ашиглана”
гэж гал өрдөж буй бүсгүй тайлбарлав.

12.18
цаг:
Хороолол руу орох гарц нь их том, загвар нь ч хөөрхөн санагдав.
Энэ гарцаар оршин суугчид машинтайгаа орох боломжгүй, шууд гаднаасаа туннелээр дамжин
машинаа зогсоолд тавих юм билээ. Гарцан дээр арав орчим хүн ажиллаж байна. Гагнуур,
шавардлага гээд ажил ч өрнөж байнаа. Хорооллын 
гадна талбайд дөрвөн эгнээтэй хоёр урсгал бүхий засмал тавихаар төлөвлөжээ.
Хорооллын урд талд сүндэрлэсэн байрны шатаар дээш өгслөө. Хог хаядаг бункерийн хэсэгт
хоёр нүх гаргасан нь экологид ээлтэй шийдэл гэнэ. Нэг хоолойгоор  нь дахин боловсруулах, нөгөөхөөр нь энгийн хог
хаях зориулалттай аж. Усны хоолойг гэхэд л хаягдал усыг дахин ашиглах боломж бүхий
шийдлээр хийжээ. Энэ шийдлээ төсөл хэрэгжүүлэгчид “Алсаа харсан, байгальд ээлтэй”
гэж тайлбарласан. Дахиад дээшиллээ. Энэ байрны дотоод заслыг “DP construction” компани
гүйцэтгэж байгаа юм билээ. Биднийг очиход тус компанийн захирал Болдсүх ажлаа  сонирхуулав. Тэдний дотоод заслыг нь хийж байгаа
дөрвөн өрөө байрыг сонирхлоо. Өрөөнүүдийн зохион байгуулалт нь дажгүй, зочны өрөөний
цонхны урт нь гэхэд л гурван метр, өндөр нь бараг хоёр метр шахуу юм. Гал тогооны
өрөөний цахилгааны утсыг хүртэл хийчихэж. Энэ байрыг шинэ жилээс өмнө ашиглалтад
оруулахаар ажиллаж байгаа аж. Компанийн зүгээс Хүннү хорооллын эхний ээлжийн орон
сууцнуудыг ирэх хавар гэхэд ашиглалтад бүрэн өгөхөөр ажиллаж байгаа юм билээ. Болдсүх
“Манайх зөвхөн дотоод заслаа л хариуцна. Гадна засал, цахилгаан гээд компаниуд тус
тусдаа үүрэгтэй ажиллаж байгаа болохоор барилгын ажил илүү хурдтай, чанартай явагдаж
байна” гэж ярилаа. Хана нь бүрэн цутгамал учраас газар хөдлөлтөд тэсвэртэй, тулаас
баганагүй учраас өрөөнүүд нь илүү саруулхан харагддаг гээд олон давуу талтай гэнэ.
Болдсүх Х.Тогтохоос ханы обойгоо авчирсан эсэхийг сонирхохыг бодоход байр ашиглалтад
орох хугацаа тун дөхжээ.

13.00
цаг:
Цайны цаг эхлэхэд барилгын талбай нэг хэсэгтээ эзгүйрэв. Гэхдээ
ээлжилж явдаг бололтой, цөөн хэдэн хүн барилгын талбай дээр үлджээ. Төсөл дээр ажилладаг
компани бүр тус тусдаа хооллоцгоодог юм байна. Портерын тэвшин дээр савтай хоол
авчирч ажилчдадаа хооллох компани ч харагдсан. Ихэнх нь ажилчдын кэмпэд хооллоцгоолоо.

14.00
цаг:
Дахиад л алх, өрөм, гагнуурын дуу хадаж эхэллээ. Энэ удаа хяналтын
инженер Д.Дүгэр, Н.Өлзийсайхан хоёроор газарчлуулав. Бетон цутгалт яаж хийдгийг
сонирхохоор хорооллын баруун захын байрны лифтээр дээшлэв. Лифт гэдэг нь бидний
мэддэг орцон доторх цахилгаан шат биш. Барилгын гадна талд байрлуулсан, хүнд жинтэй
барилгын материалуудыг дээш нь зөөх зориулалттай лифт  юм. Хоёр тонн ачааг өлхөн зөөх чадалтай энэ аварга
лифтээр дээшилж арванхоёр дугаар давхарт гарлаа. Тэндээсээ хорин давхар руу явганаар
өгслөө. Дээрээс харахад Туул орчмын тэр бүсэд барилгын ажил хаа сайгүй өрнөж байна
аа. Эднийх бетон цутгалтандаа мөн л шинэ технологи нэвтрүүлчихэж. Солонгосчуудын
2007 оноос хэрэглэж эхэлсэн орчин үеийн технологи гэнэ. Солонгосоор бол ягир гэдэг
аж. Англи нэр нь гангформ юм билээ. Хар үгээр зүйрлэвэл гадна талд нь төмөр, дотор
талд нь хөнгөн цагааныг нийлүүлж угсраад бетоноо цутгадаг юм байна. Энэ хэв хашмалын
онцгой давуу тал нь  бүрэн угсрахад л барилгын
нэг давхрыг нэг дор бетоноо цутгах боломжтой гэнэ. Давхар давхраар нь ингэж өрөөд
явахад барилга барина гэдэг тийм ч асуудал биш бололтой. Доод давхруудад бетон зуурмагаа
краны тусламжтайгаар хүргэдэг бол дээд давхрынхыг хөнгөхөн хялбар аргаар шийджээ.
Доороос нь тусгай хоолой гүйлгээд хүчтэй даралтаар шахахад л хорин давхрыг тэр чигт
нь бетондчих боломжтой юм билээ.

15.00
цаг:
Хорин давхар дээрх бетон цутгалтын ажлыг сонирхсоны дараа хотхоны
зохион байгуулалттай танилцахаар доошлов. Хотхоны дунд сүндэрлэх  хоёр давхар цэцэрлэгийн барилгын бетон цутгалтын
ажил дуусчээ. Дотоод заслынхаа ажилдаа аль хэдийнэ орсон бололтой, ачааны машинууд
барилгын материал зөөж, буулгаж харагдав. Цэцэрлэгийн барилгыг худалдаж авах хүнд
хотхоны хүүхдүүдийг цэцэрлэгтээ хамруулах, боломжийн үнээр хүүхдүүдэд үйлчлэх гэсэн
шаардлага, шалгуурыг компанийн зүгээс тавих юм билээ. Хоёрдугаар ээлжийн орон сууцнууд
баригдах үед сургуулийн барилгын ажил эхлэх юм байна. Энд мөн номын сан, ахмадын
чөлөөт цагаа өнгөрүүлэх төв ажиллана гэж төслийнхөн ярьсан. Бетон цутгалтын ажил
нь ид өрнөж байгаа юм байна. Хажуугийн байрны гадна фасадын ажил эхэлжээ. “Хорооллын
дундах талбайд гурван метр хэрийн хөрс асгаж зүлэгжүүлнэ, мөн тоглоомын талбай байгуулна”
гэж Х.Тогтох сонирхуулав.

16.00
цаг:
Инженерүүдийн өрөөнд эргэж ирлээ. “B1 хэсгийг ингэнэ, F1 хэсгийн
хувьд… “ гэж ирээд мэргэжлийн яриа өрнөсөн энэ өрөөнд хэсэг саатав. Инженерүүдтэй
зөвлөлдөх гэсэн хүмүүсийн хөл татрах шинжгүй. Тухай бүрд нь асуудлыг шийдээд гаргах
юм. Инженерүүд өндөр хяналттай ажилладаг нь илт. Биднийг газарчилсан хяналтын хоёр
инженерийн үүрэг нь гүйцэтгэгч компаниудыг ажлаа яаж хийж байгааг хянах юм билээ.
Ким гэхэд л шавардсан хэсгийг шалгаад замаскдах эсэхийг хүртэл шийддэг бололтой
юм. Сонирхуулж хэлэхэд инженерүүдээс нэг шинэ мэдээ сонсов. Давхар бүрд дуу тусгаарлагч
хийж өгөх гэнэ. Дээд айл нь их дуу чимээ гаргасан ч доод айлд нь сонсогдохгүй гэсэн
үг. Мөн л солонгос технологи гэнэ. Өнөө хэрэглэгчдэдээ ойртсон шийдэл “Хүннү” хороололд
энэ мэтээр өчнөөн байх бололтой дог шүү. 

17.00
цаг:
Нэгдүгээр ээлжийн 18 барилгаас гадна хоёрдугаар ээлжийн барилгуудаас
хоёр ч орон сууцны суурийн ажил эхэлчихсэн бужигнаж байгааг газар дээр нь очиж харав.
“Хурд групп”-ийнхэн одоогийн байдлаар 7000 орчим айлын орон сууц ашиглалтад оруулжээ.
“Алдаан дээрээсээ суралцаад ажлаа илүү чанаржуулахын төлөө явж байгаа” гэж ярих
хүн олон байв.  Зуун хувь Монголын хөрөнгө
оруулалттай энэ компанийн “Хүннү-2222” төсөл дээр ажиллаж байгаа 1300 гаруй хүний
жар, дал нь л гадныхан, бусад нь монголчууд гэсэн. “Хүннү” хорооллын барилгын ажил
өрнөж буй цэлгэр том хашаанаас 05.15 цагийн үед гарахад тэдний ажил дуусаагүй байв.
Өглөө наймаас ажлаа эхэлсэн барилгачдын ажил орой наймаас дуусна. Арматур, бетон
зуурмагийнхны хувьд шөнийн ээлж нь ажилдаа ирнэ. Тэр хашаанд  барилгын бүтээн байгуулалтын ажил өдөр, шөнөгүй
өрнөж байна.

Ц.БААСАНСҮРЭН