Төрийн орон сууц корпораци /ТОСК/-иас өнөөдөр “Буянт-Ухаа 1” хорооллын талаар мэдээлэл хийлээ. Тус хороололд орон сууц худалдан авах иргэдийг өнгөрсөн тавдугаар сард сугалаагаар тодруулсан бөгөөд нийт 1540 иргэн азтан болсон билээ. Харин дээрх азтануудаас өнгөрсөн хугацаанд нийт 323 орон сууц буцаагдсан тул ТОСК-иас тэдгээр байруудад дахин сугалаа явуулахаар болжээ. Ингэхдээ өмнөх сугалаанд оролцсон ч азтан болж чадаагүй иргэдийг хамруулахаар төвлөсөн байна. Сугалааны тохирлыг долдугаар сарын 19-нд “Монгол бөхийн өргөө”-нд явуулахаар болсон тухай албаныхан мэдээлэл өгөөд байгаа билээ.
Category: туслах-ангилал
Дөчин мянгатын 40 дүгээр байранд гал гарав.
Өнөөдөр нийслэлийн хоёр объектод зэрэг шахам гал гарч, Онцгой байдлын аврах гал унтраах ангийнхныг сандаргалаа. Үдийн 13 цагийн орчимд Модны хоёрт байрлах “МК интернэйшнл” компанийн байранд гал гарсан юм. Тус компанийг хар ямааны бэлдмэл оруулж ирдэг гэдгээр нь хүмүүс сайн мэднэ.
“МК интернэйшнл”-ийн байр шатав.
“МК интернэйшнл”-ийн нэг давхар байшинд гарсан галыг унтраахаар Аврах гал унтраах 10, 14, 34 дүгээр ангийнхан ажилласан юм. Галыг ойр орчимд нь даамжруулалгүй ажилласаар үдээс хойш унтраасан. Яг энэ үед Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо буюу бидний нэрлэдгээр Дөчин мянгатад гал гарав. Дөчдүгээр байрны зүүн дээд дээврээс эхэлж гал авалцсаар 43 дугаар байрны дээвэр хүртэл тархжээ.
Энэ үед Баруун дөрвөн замаас “Цэцэг” төвийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг түр хязгаарласан байв. Хэргийн газар Онцгой байдлын аврах гал унтраах ангийнхан, хөдөлгөөнт эргүүлийнхэн, шүүхийн шинжилгээ, яаралтай түргэн тусламж, Ус сувгийн удирдах газрынхан шуурхай ажиллаж галыг унтраав. Арав гаруй галын машинаар ус шүршин, байрны дээврийг хэсэгчилэн хуулж байж галыг унтраасан юм. Уг объектын нэгдүгээр давхарт арав гаруй үйлчилгээний газрууд ажилладаг аж.
Галынхан хүч нэмэгдүүлэн ажиллав.
Байрны оршин суугчдын ярьж байгаагаар үүрээр болсон хөлбөмбөгийн тэмцээнийг үзэж суухад л цахилгаан тасраад байсан гэнэ. Өдөр ч мөн цахилгаан байсхийж тасран маслаад байж. Тиймээс цахилгааны утаснаас болж гал гарсан байх гэцгээж байв.
Оршин суугчдыг бүгдийг нь байрнаас гаргажээ.
Оршин суугчдыг бүгдийг нь байрнаас гаргасан байсан бөгөөд азаар хэн нэгэн хүн бэртэж гэмтээгүй бололтой. Сая, 18 цагийн орчимд галыг унтраасан гэж үзэн 44 дүгээр байрны орцноос эхлэн иргэдийг хэсэг хэсгээр нь гэр рүү нь оруулж байв. Галын дүгнэлт одоогоор албан ёсоор гараагүй байна.
Ц.БАЯР
ХБНГУ-ын канцлер А.Меркель сонгууль хугацаанаасаа өмнө өөрийн ажлаа өгөх гэж байгаа тухай Германы Spiegel сэтгүүлд бичжээ. Энэ сарын 17-ны өдөр канцлер 60 нас хүрэх бөгөөд уг нийтлэл нь түүний төрсөн өдөрт зориулсан аж. Тэрээр өмнө нь Засгийн газрыг тэргүүлэн ажиллаж байсан Х.Коль. К.Аденауэр нар шиг сонгуульд ялагдал хүлээж эсвэл намын доторх зөрчлийн улмаас огцрохыг хүсэхгүй байгаа бололтой. Тиймээс ч ард иргэдийнхээ дунд нэр хүндтэй байгаа үед нэр төртэйгээр ажлаа өгөх бодолтой аж.
Ю.Дэлгэр
Баярын өдрүүдээр олон хоног амарч байгаа тул иргэд томоохон голын эрэг дагуу амарч зугаалах нь их байна. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр Сэлэнгэ, Дархан, Хэнтий гэсэн томоохон гол мөрөн урсдаг аймгуудад иргэдийн дуудлагын дагуу онцгойгийнхон ажиллаж байгаа гэнэ. Эдгээр аймагт нийтдээ найман хүнийг эрэн хайж байгаа юм байна. Тэдний осолдсон эсэх одоогоор тодорхойгүй байгаа аж. Харин нийслэл орчимд байдал ерөнхийдөө тайван байна.
Ц.БАЯР
Монгол түмний жил тойрон хүлээсэн наадам дэлгэр сайхан болж өнгөрлөө. Монгол наадмын нээлтийн хөтөлбөр тодорхой дэглэлттэй, дэглэгчтэй байдаг. Харин цэнгэлдэхэд тасалбар аваад ордгоос хамаагүй олон хүн үзэж сонирхдог цэнгэлдэхийн гадуурх орчинд хэн санаа тавьдаг вэ? Олон жилийн турш энд юу ч өөрчлөгдсөнгүй. Олонх наадамчид цэнгэлдэхийн хэдэн тасалбар дээр “зодолдож” байхаар наадмын талбайг нэг тойрчихоод, баярын хуушуур амтлаад, гэртээ харьж зурагтаар морь, бөх харахыг илүүд үздэг. Наадамчдын дийлэнх олонхийг бүрдүүлдэг энэ хэсэгт хандсан тоглолт, шоу, үзмэрийн орчин үгүйлэгдэж байна. Энэ том зах зээлийг хотын удирдлагууд, бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид үл тоосоор өнөөг хүрэв. Соёл, спорт, аялал жуулчлалын яам гэж бий. Цэнгэлдэхийн гадна явуулын музей, нүүдлийн цирк ч ажиллуулж болно шүү дээ. Дүүргүүдийн дунд уралдаан зарлачихад тэд дүүргүүдийнхээ брэнд үзүүлбэрүүдийг гаргаад ирж л таараа. Үндэсний үйлдвэрлэгчид, томоохон компаниуд яагаад хамгийн их хүн цугладаг наадмын өдрүүдийг онилохгүй байна вэ. Бараа, үйлчилгээгээ сурталчлах, хэрэглэгчдэд ойртох хамгийн амьд холбоо тогтоох боломж наадмын өдрүүд биш үү. Чухам энэ хэрэглэгчдэд хүрэх гэж л тэд зурагтаар, хэвлэлээр зар сурталчилгаа цацан чамгүй хөрөнгө зарцуулдаг шүү дээ. Үндэсний компаниудын бараа, үйлчилгээ цэнгэлдэх тойрсон зах зээлд үгүй болохоор бараан захын орчин зонхилж, сайн дурын тоглогчид наадмын сүрийг дарж байна.
Гадаадын жуулчид наадамчдын нэг хэсэг. Тэдэнд зориулсан үндэсний онцлогтой гэр, майхан асар ажиллуулж бас болж байна. Жуулчид монгол гэрт зочлоод хорхог, хуушуур, шорлогоор дайлуулаад, айраг, сүүтэй цай, ааруул идээ хүртээд сэтгэл хангалуун гарах вий. Жуулчид ч гэлтгүй хотын жаалуудад ч монгол ахуйтай танилцах ийм цогц үйлчилгээ илүүдэхгүй. Гэтэл төрийн томчуудын ордог гол асруудад л айраг, идээ сөгнөдөг байх. Энэ үйлчилгээ, орчинг нийт наадамчдад хүртээмжтэй байлгамаар байна.
Жирийн наадамчдад зориулсан айргаар үйлчилдэг цэгүүд гэвэл одоохондоо химийн хор агуулж байсан хөх савтай, аягаа угаадаг эсэх нь эргэлзээтэй хувь хүмүүс л байна. Ядаж л Булганы Сайхан сумын айрагны гэр гэж байвал хүмүүс сэтгэл хангалуун үйлчлүүлнэ. Эсвэл хотын гаднах тэрний тэр хотноос ирсэн айраг гээд эзэнтэй үйлчилгээ байвал сайн сан.
Энэ жилийн наадмаар Дарханы наадмын хоёр дахь өдрийг сонирхлоо. Хачирхалтай нь Дарханд, Улаанбаатарт ч ялгаагүй хуушуурын хэдэн гэр асар, наадмын талбайг тойрсон хэрэггүй шахам зүйл зарсан баахан наймаачдыг л харав. Хэдэн жилийн өмнөх шигээ л наадмын талбайгаар нэг шагайгаад, хуушуурын гэр, асруудыг тандлаа. Арай танил санагдсан “Мистер пицца”-гийн хуушуураас амтлав. Цайны газрын жирийн өдрийн хуушуураас ялгарах юмгүй юм. Монголчууд наадмын хуушуур заавал амтлах ёстой гэсэн бичигдээгүй хуультай. Харин наадмын хуушуур бидний хүлээлтэд хүрдэг гэж үү. Яагаад наадмын хуушуурууд бүгд ялгарах юмгүй нэг л загвартай, нэг л хэмжээтэй бүгд мах, гурил, давс гэх мэтийн ердийн л орцтой байдаг юм бол. Наадмын хуушуурын бизнес эрхлэгчид яагаад хуушуураа онцлог байлгах гэж хичээдэггүй вэ. “Сайн дурын” голдуу тоглогчтой учраас л тэр байх. Мэргэжлийн “тоглогчдод” зөвшөөрөл олгох хэрэгтэй шүү дээ. Хэн дуртай нь хуушуур хийж, хэдэн төгрөг олох боломжтой үе нь наадмын өдрүүд болоод байна. Наадмын талбайд чадалтай, чансаатай зоогийн газрууд, хоолны газруудыг урьж оруулмаар байгаа юм. Уг нь хэмжээ нь том, чанар сайн байвал хүмүүс наадмын хуушуур гээд арай өндөр үнэ төлөхөөс буцахгүй дээ. Бас ногоотой, хонины, тахианы, ямааны, гахайны, үхрийн махтай, кимчитэй өөр юу юутай ч байдаг юм түүгээрээ ялгаатай үнэтэй байж болно.
Наадмын хуушуур ч бас сонголттой байх хэрэгтэй шүү дээ. Наадамчид цэнгэлдэхийг тойрч тойрч худалдаж авах юмгүй баахан “хог” л хардаг. Хүүхдийн тоглоом нэртэй Хятадын чанаргүй элдэв эрээн мяраан үлээдэг сэнс, цаасан шувуу, бөмбөлөг, энэ тэрхэн. Бараа ч гээд нүд хужирлах юмс ховор. Ийм учраас л Монгол наадам Улаанбаатарт ч Дарханд ч ер хаана ч ялгаагүй нэгэн хэвийн болж өнгөрдөг. Дарханы наадмаар гэхэд л Дарханы брэндүүдтэй танилцаж, худалдаж авах боломжтой бол догь. Дарханд үйлчилгээ эрхэлдэг сор байгууллагуудын үзэсгэлэн гаргаж болно. Асар майхан алагласан, үзэмж төгөлдөр орчин дутагдаж байх шиг.
Б.ЯНЖМАА
Гэрэл зургуудыг Т.БАЯРЦОГТ
Үндэсний их баяр наадмын дараа уламжлал болгон зохион байгуулагдах болсон “Дээлтэй Монгол” наадам өнөөдөр Чингисийн талбайд боллоо.
Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст өв уламжлалаараа бахархах ухамсрыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх, дэлхийн нийтэд Монгол үндэсний хувцасны чамин загварыг гайхуулах зорилгоор “Дээлтэй Монгол” наадмыг жил бүрийн долдугаар сарын 13-нд зохион байгуулдаг. Найм дахь удаагийн арга хэмжээнд үндэсний хувцас, бэлэг дурсгалын зүйлсийн үзэсгэлэн худалдаа, соёлын биет болон биет бус өвийг сурталчлах олон төрлийн арга хэмжээг зохион байгуулагдаж байна.
мнөх жилүүдэд “Дээлтэй Монгол” наадмыг аялал жуулчлалын байгууллага, компаниудтай хамтран зохион байгуулдаг байсан бол энэ удаа урлагийн байгууллагуудтай хамтарч байгаагаараа онцлогтой аж.
Эрхэм хүндэт наадамчид аа,
Хүндэт зочид оо,
Мөнх тэнгэр хураа хайрлаж, эх газар шимээ дэлгэсэн наран зуны энэ өдрүүдэд Монгол түмэн маань үндэсний их баяр наадмаа өргөн сайхан ёслон тэмдэглэлээ.
Хүчит бөхчүүд маань уран мэхийг уралдуулан, хурц шаламгай барилдлаа. Уяачийн эрдэм, унаач хүүхдүүдийн жавхаа төгөлдөр байж хүлэг морьд маань шандас төгс байлаа. Мэргэн харваачид маань ончтой, цэцтэй харвалаа. Даяар монголчуудын үндэсний их баяр наадам бахархлыг бадрааж, золбоо хийморийг өргөлөө. Монгол наадам бол монгол соёлын мөн чанар, мөчир салаа нь юм. Монголын түүх, монгол хүмүүний сэтгэлгээг монгол наадмаас тольдож болдгийг бид харууллаа.
Өнийн түүхээ өнөөгийн ололтоор бататгаж, өрнөх ирээдүйд улам ихийг бүтээх золбоо, зорилго, зориг бидэнд бий. Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг нандигнаж, эвийн хүч, Шударга ёсыг эрхэмлэж, үүрэг хариуцлагыг ухамсарлан ухааны тэнхээг шавхан улс Монголоо хөгжүүлэх түүхэн цаг үед амьдарч байгаагаа ямагт санаж дор бүрнээ хичээн зүтгэцгээе.
Монгол түмний цэнгэл баярын хоймроос ирэх жилийн наадмыг хүлээн энэ жилийн баяр наадам өндөрлөж байгааг уламжилъя. Монгол хүн бүр бие эрүүл, ухаан саруул, эрдэм төгс, хийморь золбоотой байг.
Та бүхнийг мөнх хөх тэнгэр ивээх болтугай.
Хүй долоо худагт уяачдын наадам болж байна. Хэдхэн хормын өмнө эрлийз дээд нас барианд орлоо. Газар газрын 52 хурдан хүлэг тоосоо өргөж, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Анандын Ариунсайханы Хөөрхөн зээрд түрүүллээ. Хөөрхөн зээрд ийнхүү улсын наадмын гурван түрүү, гурван айрагтай боллоо. Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Чүлтэмийн Ган-Очирын өсгий цагаан хүрэн хурдалсан юм. Хүрэн морь өнгөрсөн жил улсын наадмын эрлийз дээд насанд түрүүлж, Төв аймгийн 90 жил айрагдсан хурдан хүлэг билээ. Айргийн гуравт Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Сундуйн Лувсанбалдангийн халтар, айргийн дөрөвт Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Монгол улсын Манлай уяач Дайдийхүүгийн Баяраагийн ялалт хүрэн, айргийн тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Дагвадоржийн Жамъяаны халиун тус тус хурдалжээ. Д.Баяраагийн хүрэн морь өнгөрсөн жил Завханы 90 жил түрүүлсэн юм.
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваа сая дуусахад Увс аймгийн Ховд сумын харьяат Улсын харцага Билэгийн Намсрайжавын хүү Улсын харцага Батсуурь Завхан аймгийн Идэр сумын харьяат Улсын өсөх идэр начин Ширбазарын Жаргалсайханыг баруун давхар шуудагнаас шахаж татсанаар төрийн наадмын түрүү бөхөөр тодорлоо. Ингэснээр Н.Батсуурь Монгол Улсын арслан цол хүртэж байгаа бол үзүүрлэсэн Ш.Жаргалсайхан гарьд цолны болзол хангалаа. Үзүүр түрүүний бөхчүүдийн цол тэмдгийг гардуулах гэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Ч.Батчулуун, Л.Лха-Очир, Н.Адъяабат, Б.Суманчулуун, Б.Бадамсүрэн нарт начин цол олголоо.