Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баталсан хийгээд буцаасан хуулиудын тухай

Хаврын чуулган завсарлачихсан байна. УИХ-ын гишүүд налгар зуныг найр наадам хэссэн шигээ өнгөрөөж явна.  Чухам хаврын чуулганы хугацаанд тэд ямар ажил амжуулж, хэдэн хууль гараас гаргаж, хэдийг нь буцаасныг энэ цагт эргээд нэг саная.  Хаврын чуулганаар нийт 106 хууль, тогтоол, шийдвэр гаргасан тухай УИХ-ын дарга хэлсэн байна.

Ямар хуулиуд батлав 

Нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийг гараас гаргажээ. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсан байна.  “Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталжээ.  Шилэн дансны тухай төсөл ч хууль болон хэрэгжихээр болсон юм. Энэ хуулийн тухай яривал их түүхтэй. Ерөнхийлөгчийн зүгээс санаачилсан уг төслийг УИХ эхэндээ хүлээж аваагүй, унагасан тохиолдол бий. Гэвч  төслийг хоёр дахиа өргөн барьж,  дэмжлэг авсан гэж байгаа. Ахин дахин өргөн барихаас ч өөр аргагүй. Энэ хууль заавал батлагдах нь нийгэмд хэрэгтэй байжээ. 

Хууль батлагдсанаар Монголын ард түмний татварын мөнгийг төвлөрүүлсэн төсөв хэмээгчийг захиран зарцуулж буй албан тушаалтнууд тайлангаа ард түмэнд тавина. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн данс ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс  шилэн хэлбэрт шилжих нь.  Төрийн компаниуд, төсөв захирагчид түмний мөнгийг яаж зарцуулж байгаа нь энэ цагаас бүхэнд ил тод болно гэсэн үг. Ингээд бодохоор сандал, суудлын төлөөх хаваржингаа оволзсон тэр их хэрүүлийн хажуугаар УИХ ганц ч болов хэрэгтэй хууль баталсан нь энэ болж таарлаа.

Дараа нь Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хууль болгон шийдвэрлэсэн явдал. Гэхдээ үүнийг нэг тохироотойгоор баталсан.  “Шударга ёс” эвсэл төслийн зарим заалттай санал нийлэхгүй байгаа. Үүнийгээ хэлж,  чуулган завсарлах тэр өдрийг гацааж, сунжруулж магадгүй болчихоод байсан юм. Учир нь тэд стратегийн ордуудад төр хувь эзэмших ёстой гэдэг жанжин шугам барьдаг. Үүнийгээ төсөлд тусгуулах байр суурь баримталж байлаа. Тиймээс чуулганаа хугацаа алдалгүй завсарлуулахын тулд тэдний саналыг намрын чуулганаар хэлэлцье.  Ашигт малтмалын тухай хуульдаа үүнийг нь оруулах эсэхээ ярья хэмээн  амлаад хуулиа “түр” баталсан гэхэд болно. Мэдээж хаврын чуулганаар хангалттай хэлэлцэж, баталсан асуудал нь “Эдийн засгийн идэвхижлийг нэмэгдүүлэх  тогтоолын төсөл байлаа. Талцаад байдаг намууд ч энэ төслийг батлахад харьцангуй тэгш оролцоотой байж, өөр өөрсдийн саналыг тусгасан юм. Тогтоолын дагуу хэд хэдэн хуулийн төсөл, арга хэмжээнүүдийг УИХ баталж өгсөн байгаа. Үүний хүрээнд өнөөдөр Засгийн газар эдийн засгаа сайжруулахаар амралтгүй ажиллаж яваа дуулдана. Мөн “Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Цагаан суваргын ордод төр хувь эзэмших эсэхийг шийдсэн.  Шилэн дансны тухай хуультай адил “хувь заяагаар” эргэж буцсаны эцэст батлагдсан Хяналтын тухай хуулийг ч хаврын чуулганы нэгэн үр дүнгээр нэрлэж болно. Энд дурдагдсан ихэнх хуулиудыг эрхэм гишүүд маань “өрөөндөө” хуушуур захиалж, суудлаасаа өндийлгүй хуралдаж, нэг л өдрийн дотор баталчихсаныг ард түмэн цөм харсан. Тэдний баталсан хууль, тогтоол, шийдвэрүүдээс онцлон хэлэхэд ийм байна. 

Буцаасан хуулиуд 

Үнэндээ хаврын чуулганы хугацаанд  буцаасан, унагаасан төсөл, хэрэлдсэн, завсарлага авсан асуудал,  огцруулахаар зүтгэсэн сайд олонтой байлаа.  Тэдний тод жишээ нь Газрын тухай хуулийн төсөл.  Гадаадын иргэдэд газар эзэмшүүлье, газар тариалангийн бүс нутгийг хувьчилъя гэдэг үзэл санаа туссан тухай  сөрөг хүчин шүүмжилж байлаа. Үнэхээр тийм бол энэ  хууль амьдралд нийцээгүй байж.   Зөвхөн парламентад төдийгүй, нийгэм даяар иргэдийг талцуулах хандлагатай болсон Газрын тухай хуулийг өргөн барьсан хүмүүс нь явцын дунд буцаагаад татчихсан. Чухам энэ хуулийн төсөл хэзээ олны таашаалд нийцсэн байдлаар орж ирж, хууль болон батлагдах нь дахиад л тодорхойгүй хэвээр үлдлээ.  Хаваржингаа улстөржин хэлэлцчихээд эцсийн шатандаа батлалгүй унагасан  нэг төсөл бол яах аргагүй олны яриагаар давхар дээлийн асуудал. 2016 оны долдугаар сарын 1-нээс сайд нарыг дан дээлтэй болгочих гэсэн Ерөнхийлөгчийн санааг Ардын намынхан Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах дөгөө болгон хувиргахаар зүтгэсэн. Нэг ёсондоо  шал дэмий цаг үрсэн улс төр болон хувирсан билээ. Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэх асуудал ч  үүнтэй адил “сценараар” явсан. О.Баасанхүү гишүүн парламентыг бүтэн хоёр сар ажил хийлгэлгүй, хамаг анхаарлыг нь хэрүүл шуугиан руу татчихаад эцсийн мөчид өргөдлөө буцаагаад авчих жишээтэй. Гэх мэтчилэнгээр үр дүнгүй ажлууд хаврын чуулганд олон байлаа. 

Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах төсөл ч мөн ялгаагүй гацчихсан. Анх санаачилсан хуульдаа гар хүргүүлэхгүй хэмээн бамбай бариад зогсч байгаа Б.Бат-Эрдэнэ нарын гишүүдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад таг зогссон.  Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл ч хаврын чуулганаар эцэслэгдэж чадсангүй.  Хань ижил нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч тэтгэврийг нь үргэлжлүүлэн авах боломж  олгох асуудал байлаа. Гэвч Ардын намынхан үүнийг сөргүүлж, малчдын тэтгэврийн насыг наашлуулах тухай төсөл өргөн барьж, барьцсанаар чөдөр тушаа болсон.  Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах, Галт зэвсгийн тухай, Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого, Худалдааны тухай,  Өршөөл үзүүлэх тухай хууль, тогтоолын төслүүдийг  ор тас орхилоо.  Х.Тэмүүжин сайдаар овоглогддог Гэмт хэрэг, Зөрчлийн тухай хуулийг ч батлах нь бүү хэл олигтой хэлэлцсэнгүй.  Төмөр замын царигийн асуудлаа ч нэг тийш нь болгосонгүй, хаалттай хуралдсаны эцэст “дараа болъё” гэж хойшлуулаад амарцгаав.  

Хаврын чуулганы үеэр  Засгийн газраас өргөн барьсан нэг дорвитой зүйл нь Эдийн засгийн өршөөл буюу ил тод байдлын тухай хуулийн төсөл юм. Үүнийг УИХ эцэслэн шийдэж чадалгүй завсарлалаа. Гэхдээ намрын чуулганаар ч энэ төсөл батлагдана гэсэн баталгаа алга.  Учир нь Ардын намынхан уг хуулийн төслийг улдан эсэргүүцэж буйгаа хаврын чуулганы үеэр илэрхийлээд эхэлсэн. Бүлгийн дарга нь  “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих нэрийн дор хөрөнгө орлогын мэдүүлгээ худал бөглөсөн, хөрөнгөө нуусан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн авлигачдыг өршөөхөд чиглэгдсэн. Хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан нөхдийг өршөөнө гэсэн хуулийн төсөл оруулж ирсэн нь шударга ёсны зарчимд харшилж байна” гэх мэтээр ярьж байгаа. Энэ байдлаас нь харвал Эдийн засгийн өршөөлийн тухай хууль сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулгарах нь ойлгомжтой. Уг нь бол Эдийн засгийн өршөөлийн тухай хууль батлагдвал Ардын намынханд юу юунаас хэрэгтэй баймаар. Төр барьж явсан  он жилүүдэд хийсэн гэм байдаг юм бол үүгээр л далимдуулж цайруулах гэхсэн.  Үүнийгээ мэдсээр байж худлаа жүжиглэж маяглахын хэрэг байхгүй мэт санагдана.  Гэвч энэ төслийг намрын чуулганаар хэрхэн хэлэлцэхийг хүлээх л үлдлээ. Энэ мэт хаврын чуулганаас гээгдсэн олон чухал хууль намрыг хүлээсээр, харин гишүүд наадамласаар л явна.  

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Гудамж” төслөөр Гандангийн дэнж өнгө заслаа

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Гандангийн дэнжийн гэр хорооллын дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэх бүтээн байгуулалтын ажлыг “Гудамж” төслөөс эхлүүлээд байгаа билээ. Гандангийн дэнжийн Орхоны зургадугаар гудамжийг авто болон явган зам, бетон суурь бүхий нэг загварын хашаатай болгон тохижуулж дууссан байна. Уг гудамжны нээлт өнөөдөр болно. 

Цаашид 30 гудамжийг яг энэ загвараар тохижуулах бөгөөд цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээ, инженерийн бусад дэд бүтэцтэй болгох талаар “Гудамж” төслийн холбогдох хүмүүс мэдээллээ. 

Эдгээр ажлын зураг төслийг “Нью Урбанизм” ХХК боловсруулж байгаа бол эхний гудамжны зам барилгын ажлыг “Их зам Бүтээн байгуулалт” ХХК гүйцэтгэсэн байна.

Гандангийн дэнжийн гэр хороолол нь нийт 55 га талбайг хамардаг бөгөөд нийт 31 гудамжны 857 хашаанд 1875 өрх оршин суухаас гадна 65 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг аж.  

Сарын өмнө


Одоо Гандангийн дэнж


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Авлига өгсөн гэх 54 оюутныг шүүж эхэллээ

Худалдаа  үйлдвэрлэлийн дээд сургуулийн  зарим багш, оюутан авлига авсан, өгсөн гэх шуугиан дэгдэж, АТГ эрүүгийн хэрэг үүсгэн  шалгаж эхэлсэн билээ. Энэ хэргийн мөрдөн байцаалт өнгөрсөн сард дуусч Баянзүрх дүүргийн шүүхэд шилжээд байсан юм. Анхан шатны шүүх хурал  өнөөдөр эхэлнэ. Шүүх хуралдаанд оюутнуудаас гадна дөрвөн багш авлига авсан гэх хэргээр шүүгдэж байгаа юм. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд эхлэх уг хуралдааныг Б.Мөнхбаяр, Б.Мөнх-Эрдэнэ, Ш.Төгсгэрэл нарын шүүгчид шүүх бөгөөд улсын яллагчаар Б.Уранчимэг оролцоно. Шүүгдэгчдийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.2, 269 дүгээр зүйлийн 269.1, 270 дугаар зүйлийн 270.2-т зааснаар яллаж буй. Шүүгдэгчдийг 30 өмгөөлөгч өмгөөлнө. Хамгийн олон шүүгдэгч, өмгөөлөгчтэй гэгдэх уг хэргийг шүүх хуралдааны танхим асуудалтай байгаа аж. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болж магадгүй гэх мэдээллийг эх сурвалж өглөө.   

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол улсын зээлжих зэрэглэл буурлаа

Олон улсын үнэлгээний Moody’s агентлагийн Хөрөнгө оруулалтын албанаас пүрэв гарагт манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулж В2 болголоо. Ингэснээр хөрөнгө оруулахад эрсдэл багатай гэх ангилалд хэвээр үлдсэн ч хөрөнгө оруулалт татах зэрэглэлээс даруй таван түвшнээр доогуур боллоо гэсэн үг.

Монгол улсын үнэлгээг бууруулсан явдлыг гадаад валютын нөөц буурсан, актив хөрөнгийн хөрвөх чадвар суларсантай холбон тайлбарласан байна. Монголбанкин дахь гадаад валютын улсын албан нөөц он гарсаар эхний таван сарын байдлаар 28.6 хувиар буурсан юм. Нийт албан нөөц 1604.5 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 52.6 хувиар буурсан үзүүлэлт аж. Moody”s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан энэ үед “ING” банкны Азийн бүсийн судалгааны тэргүүн “10 жилийн хугацаатай бондын ханшийн талаар эерэг мэдэгдэл хийсэн байна. Тэрээр гадаад валютын нөөц буурч, 10 жилийн хугацаатай бондын үнэ 84.5 ам.долларын түвшинд хүрсэн нь худалдан авахад таатай ханш” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Он гарсаар 2 дах удаагаа манай зээлжих зэрэглэл буурч байгаа юм. Мөн HSBC Holdings Plc компаниас гаргасан Азийн бүс нутгийн хамгийн их өртэй 12 улсын 5 дугаарт Монгол орсон байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Доллар 1850 давлаа

Монголчууд биднийг найр наадам хэсэх хойгуур ам.доллар 1850 төгрөг давчихлаа. Тодруулбал арилжааны банкууд болон “Найман шарга” зах дээр ам.долларын ханш 1851 төгрөгтэй тэнцэж байгаа бол Монголбанкны хаалтын ханш 1841 төгрөгт хүрчээ. Харин нэг юань 299 төгрөг 60 мөнгөтэй тэнцэж байна.

Тун удахгүй хичээлийн шинэ жилд бэлтгэж, урд хөршөөс дэвтэр номноос эхлээд үзэг харандаа, оймс гутлаа зөөж эхлэнэ. Гэтэл юаний ханшийн өсөлт нь манай иргэдэд тун ч хүндхэн цохилт болох нээ.

Өнөөдрийн байдлаар Засгийн газрын “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-ийн 70 гаруй хоног нь өнгөрчихөөд байна. Юань, долларын ханш тогтмол өсч, бараа бүтээгдэхүүний үнэ буурахгүй хэвээр л байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Газар өмчлөх эрхийг цахимаар олгох ажил ирэх сараас эхэлнэ

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийслэлийн хэмжээнд нийт 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Эдгээр байршлуудад газар өмчлөх ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар журамласан бөгөөд цахим систем нь иргэдийн газар өмчлөх хүсэлт хүлээн авах, хүсэлтийг бүртгэх, хүсэлт гаргасан иргэдийг урьд өмнө гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүйгээр газар өмчилсөн эсэхийг хянан шалгах, хүсэлтийг баталгаажуулах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу өмчлөгдөх газрын нэгж талбар бүрт өмчлөх иргэнийг автомат үйлдлээр сонгох гэсэн үндсэн үйл ажиллагаанаас бүрдэж байгаа юм.  Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар иргэн нэг л удаа газраа үнэгүй өмчлөн авах эрхтэй юм. Тиймээс нийслэлд газар үнэгүй өмчлүүлэх ажлыг эхлүүлэхдээ хөдөө орон нутгаас иргэдийн газар өмчлөлийн талаарх мэдээллийг нэгтгэн цахим системд суулгаж байгаа юм байна. Одоогоор Сэлэнгэ, Завхан аймгаас мэдээлэл ирээгүй байна. Газрыг шинээр өмчлүүлэхдээ НИТХ-аас баталсан 52 байршил тус бүр дээр Улаанбаатар хотын  хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэсэгчилсэн төлөвлөлт хийж, албан ёсоор хаягжуулж байгаа юм. Эдгээр байршлуудаас эхний ээлжинд  5 байршилд 1524 га газрыг 14954 иргэнд  өмчлүүлэх ажлыг  8 дугаар сарын 1-нээс эхлэн зохион байгуулахад бэлэн болжээ.

Тодруулбал

1.    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам                              /909 иргэнд/

2.    Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам              /4189 иргэнд/

3.    Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой      /869 иргэнд/

4.    Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг           /7504 иргэнд/

5.    Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр                                 /1483 иргэнд/

Мөн газар өмчлөх өргөдлөө гаргах хүсэлтэй боловч иргэний эрх үүргээ биечлэн хэрэгжүүлэх боломжгүй буюу хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, насанд хүрээгүй хүүхдүүд, интернет сүлжээнд холбогдоогүй зэрэг олон тооны иргэдийг хүсэлт гаргах боломжоор хангах зорилгоор итгэмжлэгдсэн төлөөллөөр дамжуулан хүсэлт гаргах боломжтой бөгөөд байршил тус бүрийн хүсэлт гаргах хугацаа нь хуанлийн 15 хоног байна.

Газар өмчлөлийн цахим систем нь байршил тус бүрд газар өмчлөхөөр хүсэлт ирүүлсэн иргэдээс өмчлөгдөх боломжтой нэгж талбарын тоонд нийцүүлэн иргэдээс автомат үйлдлээр сонголт хийж, газар өмчлөхөөр сонгогдсон, эсхүл сонгогдоогүй талаарх мэдээллийг гар утас болон цахим шуудангийн хаягт илгээнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Баасандорж: Хөдөлмөр, аюулгүй ажиллагааны наад захын шаардлага хангаагүйгээс хүний амь эрсдлээ

-“Нийслэл өргөө” компани арван давхар барих ётой барилгыг 14 болгож өөрчилсөн-

“Нийслэл Өргөө” компанийн барьж байсан барилгаас гурван хүн унаж амиа алдсан. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга М.Баасандоржтой утсаар холбогдож ярилцлаа. 

-Бямба гаригт барилгаас гурван хүн унаж амиа алдлаа. Ослын талаар мэдээлэл өгөөч?

-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны захиалгаар “Нийслэл Өргөө” компанийн барьж байсан барилгын 14 дүгээр давхарт цахилгаан шатны хэв хашмал хийх гэж байсан гурван хүн унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. “Нийслэл Өргөө” компани хоёр туслах компани ажиллуулж байсан. Туслах хоёр компанийн нэгийнх нь ажилчид амиа алдсан. 

-Ослын шалтгаан юу байсан бэ. Ажилчдын яриагаар хөдөлмөр хамгааллын хэрэгсэл өмсөөгүй байсан гэх юм.

-Тийм ээ. Барилгын ажил дээр хөдөлмөр, аюулгүй ажиллагааны наад захын шаардлага хангаагүй байсан. Ажилчид хамгаалах бүсгүй ажиллаж байсан юм билээ. Мөн шаардлага хангаагүй тавцан ашиглаж байсан. Тэр тавцан нь ачааллаа дийлэхгүй эвдэрснээс гурван хүн доош унасан байна.

-Цахилгаан шатны хэв хашмал хийж байсан гэж ярилаа. Барилгын давхруудад хаалт хийгээгүй байсан юм уу?

-Цахилгаан шатны хонгилын давхар бүрт хамгаалалт байх ёстой. Гэтэл “Нийслэл Өргөө” компанийн барьж байгаа барилгын 4-14 давхарт огт хамгаалалт байгаагүй. Дөрөвдүгээр давхар хүртлээ хамгаалалт хийгээд дээшээ хоосон хонгил үлдээсэн гэсэн үг. Үүнээс гадна барилгын аравдугаар давхраас дээш гадна ханын хамгаалалт хийгээгүй байсан. Гэх зэрэг маш эрсдэлтэй нөхцөлд хүмүүс ажиллаж байжээ. 

-Мэргэжлийн хяналтын газраас барилгад шалгалт хийж байсан уу?

-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас удаа дараа шалгалт хийж байсан. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй байгаа талаар нь удаа дараа шаардлага хүргүүлж байсан. Мэргэжлийн хяналтын газраас маш олон удаа албан бичиг, шаардлага хүргүүлсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр гэхэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус компанийн краныг ажиллуулахгүй байх шийдвэр гаргасан. Гэтэл өөрсдөө дур мэдэн кранаа ажиллуулаад эхэлчихсэн байсан. Энэ мэтээр төрийн байгууллагын шийд­вэрийг үл тоож, хөдөлмөр аюул­гүй ажиллагааны шаардлага хангаагүй, маш олон зөрчилтэйгөөр үйл ажил­лагаагаа үргэлжлүүлсээр байсан нь хүний амь эрсдэхэд хүргэлээ. 

-Барилгын зураг төслийг өөрчилсөн гэх мэдээлэл бас байгаа. Энэ үнэн үү?

-Анх 10 давхар барилга барихаар зураг төсөл гарсан юм билээ. Гэтэл гүйцэтгэгч компани зураг төслийг дур мэдэн өөрчилж 14 давхар болгосон. Эдгээр асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэв.

Ц.ӨРНӨХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Харъяаллын бус өвчтөнд шаардлагатай эмчилгээг хийсний дараа шилжүүлэхийг үүрэг болгов

“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн 24 дэх удаагийн цахим хурал Эрүүл мэндийн хөгжлийн төвд болсон юм. Уг хуралд  Эрүүл мэндийн сайд Н.Удвал холбогдох албан тушаалтнууд, УБ хотын дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлийн мэргэжилтнүүд оролцов. Хурлын эхэнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийг оны эхний хагас жилийн байдлаар товч мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд нийт 1521 төрөлт бүртгэгджээ. Энэ оны эхний 6 сарын нийт төрөлтийг өнгөрсөн оны 6 сарынхтай харьцуулхад 3,6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

 НҮБ-ын Дээд хэмжээний Чуулга уулзалтад Эрүүл мэндийн сайд оролцож, халдварт бус өвчний талаар илтгэл тавьсанаа товч танилцууллаа. Мөн Монгол улс ДЭМБ, ХАС, Хүүхдийн сан, Дэлхийн банк, Хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллагуудын нөхөн үржихүйн хорооны гишүүн орноор сонгогдсоныг дуулгалаа. Өмнөговь аймагт 07 дугаар сарын 01-нд “Уул уурхай ба эрүүл мэнд” анхдугаар чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсан. Орон нутагтаа салбар дундын уулзалтыг өргөн хүрээнд зохион байгуулсан аймгийн засаг дарга, болон эрүүл мэндийн газрын дарга нарт талархал илэрхийлсэн. 

Энэ намар Ерөнхийлөгчийн ивээл дор архины асуудлаар үндэсний хэмжээний чуулга, уулзалтыг Эрүүл мэндийн яам, Хуульзүйн яам, Гадаад хэргийн яам, Үйлдвэр, худалдааны яам хамтран зохион байгуулах юм. Энэ үеэр архины хор хөнөөлийг бууруулах үндэсний хэмжээний хэлэлцүүлэг явагдах юм байна. Дараагийн төлөвлөсөн ажил нь сургуулийн эмч нарын зөвлөгөөнийг ЭМЯ, БСШУЯ-тай хамтран хийхээр болсон явдал юм. Зөвлөгөөнөөр сургуулийн эмч нарын ажлын байрны стандарт, тодорхойлолтыг гаргах, гарын авлагыг бэлтгэх, тэдний тулгамдсан асуудлыг шийдэхэд анхаарал хандуулна гэсэн үг юм. 

Эрүүл мэндийн сайд, нийт эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлэхээр ирсэн харьяаллын бус ямар ч өвчтөнд шаардагдах эмчилгээ, үйлчилгээг хийсний дараа харьяаллын эмнэлэгт шилжүүлж байхыг үүрэг болголоо. 

Түүнчлэн Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн газрын дарга Т.Ганболд “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хийсэн ажлын талаар товч мэдээлэл хүргэлээ. “Эх, хүүхэд бүрт үйлчилье ” сэдвийн хүрээнд тус аймгийн өрхийн эмч нар айл, өрхөөр явж 217 хүнд мэдээлэл өгсөн бол эрүүл мэндийн ажилтнууд сум, багт ажиллаж, 564 иргэнд эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа өгсөн. Түүнчлэн 14 эмч, мэргэжилтэн ОХУ-ын Буриад улсад туршлага судалж байна. 

Мөн Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн мэргэжилтэн Б.Дэлгэрмаа  “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ. Тус дүүргийн эрүүл мэндийн нэгдэл нь 193,689 хүнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байна. Дүүргийн эмзэг бүлгийн 53 хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, дүүргийн ЕБС-ийн сургуулийн 11,899 хүүхдэд амны хөндийн эрүүл ахуйн үзлэг, оношилгоог хийж, эмчилсэн байна. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт бороо орохгүй

Улаанбаатар хотод өнөөдөр үүл багасна. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 22-24 градус дулаан байх аж. Харин баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Өдөртөө нутгийн хойд хэсгээр үүлшиж, дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Харин говийн аймгуудын нутгаар бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө бүх нутгаар 25-30 градус дулаан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Наадмын гамшиг

Хүйтний уур орж, шөнөдөө хасах хэм болж, анхны цас унаж зудын гамшгийн тухай яриа эхэлж байна. Яг энэ үеэс л наадам цөөрч найр эхэлнэ. Өнөөдөр намрын дунд сарын 17 буюу албан ёсны их найр хуримын өдөр. Энэ зунжингаа Монгол даяараа  нүсэр их наадлаа.Яг л эртний туульсын ялсан баатрууд наадаж наргиж байгаа юм шиг наадав. Унасан морио гундтал, өмссөн дээлээ гандтал,торх торхоор сархад зооглож, үхэр үхрээр мах чанаж , жар хоног жаргаж нэгэн наадав. Ная хоног наргиж нэгэн наадав. Ер нь цас ороогүй бол наадаад л баймаараа. Ямар ямар наадмууд болоод өнгөрөв өө. Тоолохын ч аргагүй дээ. Харин энэ их хөлгүй цэнгэлд үрэгдэж байгаа хөрөнгө мөнгийг мэргэн уншигч нар минь  багцаагаар тооцоод үзээрэй. Тоймтойгоос нь: Хамгийн том наадам Улсын их баяр наадам, Ардын хувьсгалын яруу алдарт ой Улаанбаатарт болов.  Нийслэлийн төсвөөс 600 сая төгрөг гаргав.  Засгийн газраас гарсан мөнгийг тооцохын арга үгүй. Дараа нь их хурд наадам боллоо. Ёстой нэг баярхаж өгөв. Зуун сая төгрөгийн ланд машинаар байлав. Дараа нь аймгуудын наадмууд болов. Албан ёсны мэдээгээр бол нэг аймаг 150-280 сая төгрөгөнд наадмаа багтаасан гэж байна. Гэхдээ энэ өчүүхэн бага төсөв хүрэлцэхгүй болохоор ирэх жил нэг аймаг 500 сая төгрөгөөр наадахаа эрхэм гишүүдээрээ дамжуулан төр засагтаа уламжлав. Дараа нь сумуудын наадам болов оо. Төсөв нь 60-100 сая төгрөг гэж байгаа боловч сумын наадамдаа өгөх хандив тус­ламж, гуйсан түүсэнтэйгээ нийлээд 200 сая гарсан тухай  бүх сумууд мэдээлсэн   байна. 21 аймаг,  Эрдэнэт, Дархан хот, хо­тын дүүргүүд, 360 сумтай гэж тооцохоо мартав. “Эр­дэнэт үйлдвэр” ёстой юмтай газар шиг наадмын зарлагын ханшийг суга өсгөлөө.  Дээд адгуусанд 10 сая төгрөг, дунд адгуусанд таван сая төгрөг, адгийн адгуусанд нэг сая төгрөг шидэж, уулыг тал болтол талыг там болтол хүлэг сайн морио уралдуулж хүчит сайн эрсээ барилдуулж  нэгэн наадлаа. Тоонд сайн уншигч нар минь үржүүлээд байгаарай. Баруун ,зүүн, урд, хойд, төвийн бүсийн их хурд наадмууд болов. Бүсийн хурд наадам хэмжээ цараа зарсан хөрөнгө мөнгөөрөө улсын наадмаас агуу гэнэв. Их хурд наадам битгий хэл бүсийн хурд наадмын түрүү морь бөхийн шагнал улсын наадмын шагналыг 100 дахин нэмсэнтэй тэнцдэг ажгуу . Өөр ямар наадмууд боллоо доо. Өө тийм Баруун зүүн Монгол, Ойрд халхаараа хуваагдан өрсөлдөн, тэмцэлдэн, хурд хүчээ сорин тэмцэлдэн наадав. Ястан үндэстэн, овог аймгаараа ялгарч баахан наадав. Буриадууд наадав. Өөлдүүд наадав. Дүрвэдүүд наадав, Баядууд наадав.Хасагууд наадав, Боржигонууд наадав. Баргууд наадав. Зарсан хөрөнгө, зартай томчуудаараа гайхуулан нэгэн наадав. Хүний хүч хүлгийн хурд, мэргэн харваачаараа гайхуулж нэгэн наадав. Архинд халуурсан наадамчдын цөс нь хөөрөхдөө ойр тойрондоо байгаа овог аймгууд руу дайлаар мордох нь холгүй юм болж наадав. Инээдтэй жишээ ч их гарав гэнэ. Халхын наадамд түрүүлсэн тэр  муу өөлдийн бөхийг тэнгэр харуулах юмсан гэж нэгэн  монгол баатрын дүртэй дарга агсагнасныг хэвлэлд тэмдэглэжээ. Өөлдийн наадамд түрүүлсэн тэр муу халхын адсаганы шөрмөсийг огтлох юмсан гэж нэг  хүлэг баатрын хувцаст гишүүн  хутга гарган дүвчигнэсэн гэнэв. Эдгээр хөлгүй их баяр цэнгэл наадмуудаас  хамгийн лут нь МАХН-ын дарга, Ерөнхий сайд асан С.Баярыг төрүүлсэн нутаг Хөвсгөл аймагт хот­гойдын Чингүнжавын наадам болов. Эл их наадамд Мон­гол Улсын Засгийн газраас нэг тэрбум төгрөг гарган өгч баярхав. Оролцсон төлөө­лөгчид нь гэвэл улсын Ерөн­хийлөгч, Ерөнхий сайд, сайдуудаас эхлээд аймгуудын хурлын болон засаг ноёд хаа байгаа газраасаа эрх тушаал ямбаны унаа унаштайгаа морилон очиж өгсөн бэлэг, өмссөн зүүснээрээ уралдацгаав. Эрхэм дарга, хошуу ноёдууд Хөвсгөлийн наадмаас эргэж нутагтаа ирээд, нутгаасаа төрж гарсан хошуу ноён хийгээд өдгөө УИХ-ын гишүүн болсон   томчуудынхаа наадмыг  хийцгээв. УИХ-ын гишүүдийн хамгийн жул наадам нь УИХ-ын гишүүн Бямбацогттой хамт Ховд аймгийн Мянгад суманд бага сургуулийн хоёроос дөрөвдүгээр  ангид хамт сурч байсан  ангийн хүүхдүүдийн нь зохион байгуулсан нэрэмжит наадам болсон байна.Сониноор бичигдсэнгүй, зурагтаар гарсангүй. УИХ-ын хэвлэл мэдээллийн албанаас” Бямбацогт гишүүн наадам хийсэн ангийнхандаа баярлалаа” гэсэн цагаан мэдээ тараагаад өнгөрөв.   УИХ-ын гишүүн томчуудаас наадмаа хамгийн нүнжигтэй зохион байгуулсан нь их аварга гишүүн Бат-Эрдэнэ болов.  УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга их аварга Б.Бат-Эрдэнэ  манлайлан Хэнтий аймагт 108 суварга босгож морь бөхийн бурхан бүтээж, нүсэр их наадам хийж хутга тавилгүй мах идэж хундага тавилгүй архи уув гэж албан бусаар мэдээлэв. (108 суварганд орсон хөрөнгө хэмээвээс тус бүр нь нэг сая төгрөгийн суврага 100,  тус бүр нь 10 сая төгрөгийн суварга наймыг босгож нэг метрийн өндөртэй Дамдинчойжоо нэртэй морины бурхан бүтээж залав гэнэ. Харин бөхийн бурхан залаагүй.Яагаад гэвэл бөхийн амьд бурхан нь Хэнтий нутгийг ивээж, Монголын хуулийг даргалж байгаа нь  их учиртай гэв. (Нэг суварганд дунджаар 1-25 сая төгрөгийн цемент, туйпуй, ном орно гэж суварганы бизнес эрхэлдэг лам ярив Г.Д) Их аварга гишүүний манлайлан бүтээсэн суварга, наадмаас илүү гарах гэж аархан баярхаж, УИХ-ын гишүүн Сангийн сайд Баярцогт, Монгол банкны Ерөнхийлөгч асан Чулуунбат, Ашигт малмалын хэрэг эрхлэх газрын дарга Батхуяг, иргэн Далай нар ивээн тэтгэж олон сая доллор хаян Сэлэнгэ аймагт гэрэлт цагаан суварга босгон түүхэн том наадам хийлээ. Төр засгийн хууль, банк, санхүүг атгасан эрхэм гишүүдийн цуглуулж наадсан энэ их хөрөнгө зудад малаа үхүүлсэн сумынхан болон ядмагхан зарим гишүүнээ хөлдөө чирэх нь байна. Саяхан намайг сумандаа очиход манай сумынхан 108 суварга босгож чаддаггүй юм гэхэд ганц суварга босгож  Дондог гишүүнийхээ наадмыг хийе гээд хандив мандив болж байлаа. Тэгээд шүтлэгт Баян уулан дээрээ өнчин суварга босгож морь уралдуулж санаа амрав. Уул овоо, гишүүн, морь бөх, суварга тахилгын наадмууд үргэлжилнэ. Уудам  Монгол нутгийн хичнээн овоог ч тахиж наадсан юм бүү мэд. Манай суманд л лав энэ хавар, зун, намар овоо тахилгын  наадам таван удаа болов. Нэг сумын нутагт дунджаар гурван овоо тахисан гэж бодоход 2000 наадам болоод өнгөрч дээ. Мартах шахлаа. Энэ бүх наадмуудад түрүүлж айрагдсан морь бөхийн мялаалгын наадмууд зун намрын зургаан сардаа багтах шинжгүй байна. Албан газруудын 30, 40, 50, 60, 70, 80 жилийн ойн наадмуудыг хэн тоолж барах вэ. Адаглаад л сургуулиудын 80 жилийн ойн нүсэр наадмууд болоод өнгөрөв. Манай сургуулийн 80 жилийн ойн баяр наадам болж зургаан настай энэ жил сургуульд орсон хүүхдээс эхлээд 60 гарсан буурлууд уулзаж учирч ангиараа нийлж хонь ямаа боож,айраг архи  зооглож морь уралдуулж бөх барилдуулж маш сайхан наадав. Монголчууд даяараа сайхан наадлаа. Манай нийгмийг ерөөсөө л наадам зохицуулдаг юм шиг болжээ.  УИХ-аа завсарлуулж байгаад, Засгийн газруудын байгууллагуудаа хааж байгаад, сургуулиудаа амрааж байгаад наадаж байна. Хууль хяналтын байгууллагууд ч гэсэн байцааж байгаа хүмүүсээ гурван сар цоожилж байгаад л амарч нааддаг. Эдийн засгийн хохирол хэдэн тэрбум доллар найр наадамд үрэгддэгийг хэнч мэддэггүй. Лав л зудын гамшгаас арай илүү мөнгө эдгээр  эх захгүй наадмын гамшигт үрэгдэж байна. Тэхээр өвөл нь зудын гамшиг зун нь наадмын гамшиг хоёр гамшгийн хооронд бид хэзээ ч дэвжихгүйнээ. Суврага барьснаас сургууль барьсан нь хамаагүй дээр. Бид найр наадам, морь бөх, дуу хуур,хуушуур боодог,бурхан, тахилга, бөө тамлага,айраг архинд хөрөнгөө  үрж байдгаа барснаас ганц үйлдвэр барьсан нь илүү гэдгийг хорин хэддүгээр зуунд ойлгох юм бол бүү мэд. Нацагдорж зохиолч үнэн хэлжээ. “Амьд явбал наадам үзнэ” гэж.  Иргэд ядуу явах нь хамаагүй наадам үзэхийн тулд амьд л явах хэрэгтэй юм шив дээ. Анхны цас орлоо. Наадмын гамшиг татарч зудын гамшиг эхэллээ. Амьд явбал ахиад л хойтон жил сонгуулийн урьд жил бүүр хөрөнгө мөнгийг ус шиг цацсан хөлгүй том наадмууд үзнэ.

 Одоогоос олон мянган жилийн өмнө, ойрхи дорнодын хавьд хоёр голын сав газарт, давсны их баялагтай, тэр давсыг нь арабууд дарсаар сольж тэмээгээр зөөж авдаг  нэг их баян хаант улс байжээ.  Хаан эхэлж найр наадам хийгээд жаргаад байжээ. Дараа нь ард олноороо найрлан жаргадаг болжээ. Энэ улс орон одоо түүхэнд ч байхгүй болтлоо мөхсөн байна. Газар хөдлөлт, гадны дайсан довтолгоон, боолчуудын бослого, эдийн засгийн уналтаар сүйрээгүй харин эх захгүй зугаа цэнгэл, “найр наадмын гамшиг”т сүйрсэн тухай  гайхамшигтай номыг би уншиж дууслаа.

 2008 он есдүгээр сар