Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өглөөний сонин”-ы сэтгүүлчийг шүүх гэм буруугүй гэж үзлээ

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Б.Даваадоржийг гүтгэсэн гэх хэргээр “Өглөөний сонин”-ы сэтгүүлч Р.Саруултөгсийг шүүлээ. Шүүх хуралдаан 14.00 цагт дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хаалттай эхэлсэн юм. Сэтгүүлч ХБНГУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Б.Даваадоржийн дансанд таван удаагийн үйлдлээр 201 мянган евро шилжин орсон гэх мэдээллийг бичиж  сониндоо цувралаар нийтэлсэн юм. Үүгээрээ бусдын нэр төр, алдар хүндэд халдаж, гүтгэсэн гэх үндэслэлээр шүүгдэж байгаа аж. Шүүхийн байрны өмнө сэтгүүлчид “Германы Элчин сайд асан Б.Даваадорж сэтгүүлчээс бохир савраа тат”, “Өглөөний сонин” сэтгүүлчээ өмөөрөх эрхтэй”, “Сэтгүүлч эх сурвалжаа хамгаалах эрхтэй” гэх мэт лоозон барин зогссон байв. Цагдаа нар тэднийг шүүхийн байрны өмнө эсэргүүцэл илэрхийлэхгүй байхыг шаардаж, хөөсөн юм. Б.Даваадорж нь сэтгүүлчийг баримт олж авахад тусалсан эх сурвалжаа хэл гэж удаа дараа тулгасан аж. Энэ талаар “Өглөөний сонин”-ы Хариуцлагатай нарийн бичгийн дарга С.Туул “2013 оны тавдугаар сараас эхлэн манай сонин Монгол Улсаас Германд суух элчин сайд Б.Даваадоржийн данс руу Монгол Улсаас таван удаагийн үйлдлээр 201 мянган евро орсон гэсэн мэдээллийг нийтэлсэн. Зөвхөн энэ мэдээллийг дэлгээд зогсохгүй өмнө нь энэ хүний холбогдож байсан хэргийн хурлын протоколуудыг авч, олон нийтэд мэдээлсэн. Дараа нь Б.Даваадорж “Өдрийн сонин”-нд ярилцлага өгсөн. Тэгэхдээ “Өглөөний сонин дээр ийм мэдээлэл гарсан байна” гэсэн сэтгүүлчийн асуултад “Тийм ээ, таван удаагийн үйлдлээр миний данс руу мөнгө орсон нь үнэн” гэж яриад, өөрөө нотолсон байгаа. Тэгсэн атлаа Сэтгүүлчийг баримт олж авсан эх сурвалжаа хэл гэж тулгаж байна. Энэ нь сэтгүүлчийг мохоох гэсэн арга. Сэтгүүлч маань энэ мэдээллийг ганцхан эх сурвалжаас аваагүй. Маш олон эх сурвалжаас мэдээллээ авсан” гэсэн юм. Хаалттай эхэлсэн шүүх хуралдаан тус сэтгүүлчийг гэм буруугүй гэж үзлээ.

Ц.Өрнөх

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Элчин сайд Б.Даваадоржид холбогдох хэргийн шүүх хурал болно

Их хэмжээний мөнгө угаасан гэх хэрэгт нэр нь холбогдсон ХБНГУ-д элчин сайдаар сууж буй Б.Даваадоржийн хэрэг олны анхаарлын төвд нэг хэсэг ороод байсан. Б.Даваадорж өөрийн дансанд 2001 мянган евро таван удаагийн үйлдлээр Монголоос шилжүүлсэн хэмээн ярьсан талаарх шум ч тарж байсан. Гэвч дараа нь өөрийгөө тийм зүйл яриагүй, эх сурвалжтай зүйл бичсэнгүй хэмээн сэтгүүлчийг шүүхэд өгсөн байгаа. Тэгвэл энэ хэргийн болоод Б.Даваадоржийн нэр төрд халдаж, гүтгэсэн гэх сэтгүүлчийн шүүх хурал өнөөдөр 14.00 цагт Баянзүрх дүүргийн эрүүгийн нэгдүгээр шүүхэд болох юм байна. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Газар өмчлөгчдийн анхааралд!

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах нийт 15309 га газар бүхий 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.

Иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газруудад нийслэлд бүртгэлтэй иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгох буюу газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж шаардлагатай бэлтгэл ажлуудыг хийж дууслаа. 

Нийслэлд бүртгэлтэй иргэдэд газар шинээр өмчлүүлэх ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулснаар мэдээллийн нээлттэй, ил тод байдал бий болох, иргэдийн эрх тэгш байдал хангагдах, гадаад сурч, ажиллаж байгаа иргэд хамрагдах боломжтой зэрэг олон давуу талтай болж байна.

Ийнхүү эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам,  Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн 5 байршилд 2014 оны 8 дугаар сарын 1-нээс эхлэн цахим системийг ашиглан газар өмчлөлийн ажлыг зохион байгуулж эхүүлэх бөгөөд үүнд нийт 1524 га газарт 14954 нийслэлд бүртгэлтэй иргэнд газар өмчлүүлэх юм.

Газар өмчлөлийн цахим систем нь өмчийн харилцааны газрын цахим хуудас болох www.umch.ub.gov.mn сайтад байрлах бөгөөд энэ хуудаст хандан газар өмчлөх хүсэлтээ гаргана.

Дараах шаардлагыг хангасан иргэн газар өмчлөх хүсэлтгээ цахимаар гаргана.

•         Нийслэлд 2013 оны 05 дугаар сарын 30-наас өмнө шилжин ирж, нийслэлийн харъяалалтай болсон

•         Урьд нь нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчлөөгүй байх,

•         Урьд нь аймаг, сумдын нутаг дэвсгэрт газар өмчлөөгүй байх,

•         Нийслэлд газар өмчлөөгүй тухай тодорхойлолт аваагүй байх

Хүсэлт гаргагч иргэнийг систем нь автоматаар дээрх шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, шаардлага хангаагүй нөхцөлд хүсэлтийн маягт бөглөн илгээхээс өмнө “хүсэлт хүлээн авах боломжгүй тухай” хариу өгнө.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баттулгыг цагдан хорьсныг буруушааж байна

INFO.MN сайтын ерөнхий эрхлэгч С.Баттулгад Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцдаа 32 цаг цагдан хорьсон байна. 

С.Баттулга эрхээ хамгаалуулахаар МСЭ-д хандан гаргасан хүсэлтдээ “С.Билэгтийн өмгөөлөгч Л.Дашравдан намайг хориулах үндэслэл болгож хэлсэн зүйл нь “Ноёд” группээс сэрэмжлүүлэг гаргалаа” гэх материал байлаа. Тэрхүү сэрэмжлүүлгийг бид сайтдаа байршуулсан нь үнэн. Гэвч Б.Зориг тэргүүтэй шүүх бүрэлдэхүүн намайг тэрхүү сэрэмжлүүлгийг бичсэн эсэхийг нотолж тогтоогоогүй байж надад таслан сэргийлэх арга хэмжээ авч Ганцхудагт 32 цаг хорьсон нь шүүн таслах үйл ажиллагааг хуулийн дагуу явуулаагүйг гэрчлэх ноцтой үндэслэл юм” гэжээ. 

Тодорхой эзэнтэй мэдэгдлийг сайтдаа байршуулсных нь төлөө гэмт хэрэг үйлдсэн хэмээн сэтгүүлч, хэвлэн нийтлэгчийг буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэх, улмаар таслан сэргийлэх арга хэмжээ авах нь хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн мэргэжлийн эрхэд халдсан ноцтой үйлдэл юм. 

Гэмт хэрэг үйлдсэн эсэх нь шүүхээр эцэслэн нотлогдоогүй байхад хэн нэгнийг гэмт хэрэгтэн гэж үзэх нь өөрөө гэмт үйлдэл гэдгийг дээрх шийдвэрийг гаргасан этгээдүүдэд МСЭ сануулж байна. Сэтгүүлчийн мэргэжил нь онцгой мэргэжил бөгөөд хэвлэлийн эрх чөлөөг хүндэтгэж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дээдлэгч газар бүхэнд сэтгүүлчийг цагдан хорих нь буруу гэж үздэг, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг өөрийн зохицуулалтаар шийддэг, Монгол улс ч бас энэ жишиг рүү тэмүүлж байгаа үед шудрага үнэнийг дээдлэх ёстой хуулийн байгууллагын зүгээс ийм алхам хийж байгааг МСЭ эрс буруушааж байна. 

МСЭ нь сэтгүүлчдийн мэргэжлийн эрх зөрчигдсөн тохиолдолд дангаараа болон хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэгч анд нөхөд, олон улсын нөлөө бүхий байгууллагуудтай хамтран  тэмцсээр ирсэн бөгөөд энэ удаад сэтгүүлч С.Баттулгаас гадна нэр бүхий хэд хэдэн сэтгүүлчийн эрх зөрчигдөж болзошгүй байгааг анхааралдаа аваад байна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЭВЛЭЛ

2014.07.28

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Солонгосын акул компани Монголд цахилгаан станц барина

БНСУ-ын  KEPCO манай улсад цахилгаан станц барих болсныг koreatimes.co.kr цахим хуудсанд мэдээлсэн байна.Тус компанийн болон Монгол Улсын Эрчим хүчний яамны төлөөлөл өнгөрсөн долоо хоногийн эцсээр санамж бичигт гарын үсэг зурсан аж. Талууд гурван сарын дараа хамтран ажиллах, эрчим хүч нийлүүлэх дэд бүтцийн талаар зөвшилцөх юм байна. KEPCO компанийн зүгээс энэ талаар  “Монголын эрчим хүчний салбарт нэвтрэх чухал ач холбогдолтой санамж бичиг байгууллаа. Мөн бусад төсөлд хамтран ажиллах боломж олгох юм” гэж онцолжээ. KEPCO компани  станцын ТЭЗҮ-ийг удахгүй хийж эхлэх бололтой. Гэрээ байгуулах хугацааг товлон хэлэх боломжгүй гэнэ.  Дээрх станц нь 200 мВт-ын хүчин чадалтай байх нь. Станцад чулуужсан түлш ашиглана гэсэн мэдээлэл байна. KEPCO нь станцын барилга үйлдвэрлэлээр дэлхийд зургадугаарт ордог аж. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Валютын ханшийн хөөрөгдлийг зогсоох тухай

“Ханш уян хатан тогтож өөрийн тохируулга хийгдэж байна, өөр арга байхгүй” гэх мэт утгатай үг, мэдэгдлүүдээр сүүлийн хэдэн сар төр, засаг, Монголбанк тоглож байна. Үр дүнд нь ханш зах зээлийн жамаар гэхээсээ илүү спекулятив буюу ханшин дээр тоглож ашиг олох дамын хүчин зүйлүүдээр тодорхойлогдох болж тэртэй тэргүй сульдаанд орсон хувийн хэвшлийн бүх ААН-үүдийг сөхрүүлж байна. Ханшаар дамжсан үнийн өсөлтөөс болж худалдан авах чадвар нь улам бүр муудсаар байгаа ард иргэд, ялангуяа нийслэл Улаанбаатар хотын иргэд маш их бухимдаж байна. Ийм байдлыг харсаар, мэдсээр байж онцгой, яаралтай бодлогын арга хэмжээ авахгүй, найр наадам хийсээр байж таарах уу? Ийм нөхцөлд “Ханшийн уян хатан байдал”, “Зах зээлийн өөрийн тохируулга” гэх мэт бодит байдлаас тасархай, сурах бичгийн хүрээний хийсвэрлэлт, симуляцийн ертөнц, вакум орчинд л тохирох юм яриад хүлээгээд сууж таарах уу?

Долоо хоногтоо нэг интервенц хийсэн болж тэр нь хувийн хэвшлийн хэрэгцээг хангах гэхээсээ илүү хэдэн арилжааны банкны   спекулятив дуршлыг хангах нэмэгдүүлэх суваг болж валютын нөөцөө  гөвж дуусгах замдаа шуудрахыг үр дүнтэй бодлого, хариу урвал гэж үзэх хэрэг үү?

Оны эхний хагасын статистик харж тайвшрах, эдийн засаг гайгүй байгаа юм байна гэж төөрөлдөх /cetirius the other things being equal- бусад нөхцөлүүд нь ижил тэнцүү байх үед/ гэсэн зөвхөн эдийн засгийн сурах бичигт л байдаг зарчмаар эдийн засгаа харах, инерцээрээ явж ирсэн, тэр нь одоо шавхагдаж буй хувийн хэвшил, бодит эдийн засаг нь байхгүй болвол гинжин урвалаар дампуурах эрсдэлтэй санхүүгийн сектороо олж харахгүй байх… энэ үйл явц үргэлжлээд л байх уу? Ийм байдлаар үргэлжлээд байвал эдийн засгийн хүрээнээс халин гарч нийгмийн бухимдал ширүүсэх, улс төрийн тогтворгүй байдал үүсэх  эрсдлийг төр, засаг харахгүй байна гэж үү? 

Монголын эдийн засаг онцгой хүнд нөхцөлд орж байна. Ийм нөхцөлд тохирсон бодлогын онцгой хариу урвал, арга хэмжээ хэрэгтэй байна. Онцгой байдлын эсрэг эс үйлдэл хийгээд сууж таарахгүй. УИХ-ын дарга санаачлан санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг нээлттэй, УИХ-ын гишүүд, бизнес эрхлэгчийн оролцоотойгоор хуралдуулах шаардлагатай  байна. 6-12 сарын дотор хэрэгжих валютын ханшийн зах зээлийн онцгой, стандарт бус дэглэмийг түр хугацаагаар тогтоох, ханшийн зөрүүгээс ашиг олох  спекулятив шинжтэй зах зээлийн авир төрхийг хязгаарлах гэх мэт арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. МҮХАТанхим  урьд өмнө нь олон улсын практикт байдаг, онцгой нөхцөлд хэрэглэж болох арга хэмжээнүүдийг санал болгох байсан. Тэдгээрийг судалж ярилцаж зөв арга зам, зөв шийдлүүдийг гаргах шаардлагатай байна. 

Монгол Улсад тогтвортой эдийн засаг, тогтвортой бизнесийн орчин, гадаад орчин сайжрахыг хүлээж суух биш дотоод нөөц бололцоогоо дүүрэн ашиглах бодлогын яаралтай, үр дүнтэй хариу арга хэмжээ, цогц шийдэл хэрэгтэй байна. Наадмаа дуусгацгаая, намрын ажлаа хийцгээе.

МҮХАТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Твиттерчдээс айх шаардлага огт байхгүй

Mонголын твиттерчид төр засгийг удирдах болсоор уджээ. Тэдэнд ёс зүй гэж байдаггүй. Өөрийнхөө нэрээр, зургаа тавиад ил цагаан шүүмж өрнүүлдэг хүн тэдэн дунд үгүй юм. Цахим ертөнцөд нууц нэрээр ноёлох болсон тэд хэн нэгнийг харааж зүхэж, гүтгэж гүжирддэг ч эргээд хариуцлага хүлээх нь үгүй. Ямар сайндаа л “Өдрийн сонин “Ац, суга, дагз гурав Монголын төрийг удирдаж байна” гэж бичихэв. 

Тэд Монголын төрийг яаж удирдан чиглүүлэх болсон жишээг дурдъя.  Цагаан сараар Ерөнхийлөгчийн өмнө зассан тавгийн идээг тэгш тоотой буюу 10 үе өрснийг хараад ард нь суусан Ерөнхийлөгчөөс эхлээд баярт бэлдсэн аж ахуйн албаныхныг газар доогуур ортол муулж байх жишээтэй. Хаа холын Хятад орныг хүртэл оруулж “Урд хөршийн захиалга” гэж сүржигнэсэн нь сайн юманд лав хүргээгүй. Үүний гороор мөрөөрөө ажлаа хийж байсан дөрвөн эмэгтэй тойрохоо зуруулсан. Твиттерчдийн энэ их сүржигнэлээс болж дөрвөн өрх хоногийн хоолноосоо салсан гэсэн үг. Бас боловсролын яаманд мүүний шашинтан байна гэж хэсэг шуугив. Энэ нь бас л сайныг дагуулсангүй. Зүв зүгээр, бусдын адил ажиллаж байсан эмэгтэйг шашин шүтлэгээс нь улбаалаад эгээтэй л ажилгүй болгочихсонгүй. Гэхдээ тэр эмэгтэй жинхэнээсээ мүүний шашинтан байсан эсэхийг хэн ч тогтоогоогүй байдаг юм.

Тэрчлэн нийслэлийн ИТХ-ын 18 хүн Бразил явах болсныг дуулсан твиттерчид баахан харааж зүхнэ билээ. Шүүмжлэл эхлэхтэй зэрэг МАН-ынхан нэрээ татаж, бусад нь явдгаараа явсан. Тухайн үед ИТХ-ын гишүүд явсан ч яваагүй ч зардал нь гардгаараа гарах байсан юм гэсэн. Хөл бөмбөг үзэнгээ туршлага солилцоод ирэх байсан НИТХ-ын төлөөлөгчид цахим ертөнцөөр ийн баалуулснаар төлөвлөгөөт бүх ажил нь тасалдаж байх жишээтэй. Саяхан Засгийн газрыг Хөвсгөлд хуралдуулахаар товлосон нь мөн л шүүмжлэлд өртөж Засгийн газар элдвээр хэлүүллээ. “Тэнд чинь боодог хийж, амардаг болохоос хуралддаг газар биш” гэсэн нь Ерөнхий сайд болоод бусад 18 сайдын зүрхэнд шар ус хуруулав бололтой. Засгийн газар товлосон хугацаагаа хойшлуулж нэг үзээд одоо бараг больж байх шиг байна.  

Хэрвээ жирийн иргэн Ерөнхий сайдыг шүүмжилж “Та төсвөө буруу зарцуулаад байна” гээд хэлчихвэл арай л “аав”нд ачигдахаа шахдаг. Өмнө нь нэгэн хуульч ингэж хэлснээрээ шүүхэд дуудагдаж, цагдаад байцаагдаж багагүй зовох шиг болсон. Харин твиттерчид Ерөнхий сайдын болоод төрд өндөр алба хашдаг эрхмүүдийн толгойг мангас, чөтгөр, зэтгэрийн бие дээр эвлүүлж зүүгээд доор нь төсөв буруу зарцуулснаас ч илүү муухайгаар харааж зүхсэн байхад яадаг ч үгүй. 

Өнөөдөр төрийн жолоог залагсад яалт ч үгүй твиттерчдээс айж байна. Ард түмэндээ хандахаасаа өмнө тэд твиттерчдээс асуудаг болж. Одоо хэвлэлийнхний дунд нэг ийм яриа гараад байгаа юм. “Иргэд төр засагт хандаж үгээ хэлэхээр хэвлэл мэдээллийн газарт ил захидал ч юм уу аваад ирвэл наадхаа твиттерчдэд аваачиж өг гэдэг болсон” гэж. Нэг ёсондоо улстөрчид, Монголын төрийг удирдагсад юм уншихаа больжээ. Сонин шагайхаа байсан тэд зөвхөн твиттерчдийн юу гэхийг анаад сууж байдаг болсон бололтой юм. 

Уг нь тэднээс айх шаардлага огт байхгүй юмсан. Твиттерчид бол хэвлэл мэдээллийн бидний нэг хэсэг нь. Цахим ертөнцөд байнга байх боломжтой цөөн хэдэн хүн үзэл бодлоо илэрхийлж байгаа л хэрэг. Үнэндээ зарим твиттерчид бол хэвлэл мэдээллийнхний  “траншейныхан” юм шүү дээ. 

Л.МӨНХТӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Их аварга Хакухо Даваажаргал дахин эзэн хааны цом хүртлээ

Мэргэжлийн сүмогийн Нагоя башёгийн сүүлчийн өдрийн буюу 15 дахь өдрийн барилдаан боллоо.  Нагоя башёгийн барилдаанд 69 дэх удаагийн Их аварга Хакүхо Даваажаргал 13 даваа, хоёр унаатайгаар тэргүүлж 30 дахь удаагаа Японы эзэн хааны цомыг хүртжээ. Тэрээр сүүлийн хоёр өдрийн барилдаанд Озэки Котошёогикү, Маэгашира Такаясү нарыг өвдөг шороодуулан түрүү авсан байна. Их аварга Хакухо Даваажаргал ийн сумогийн түүхэнд дахин нэг тэргүүлснээр хамгийн олон давсан тоогоороо гуравдугаар байрт жагсч байна. 

Э.Номин

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баталгаагүй газраас мах авахгүй байхыг анхаарууллаа

-Энэ жил боомын өвчлөл гурав дахин нэмэгджээ-

Мал эмнэлэг үржлийн газар, Зоонозын үндэсний  төв хамтран өчигдөр боом өвчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Энэ оны хагас жилийн байдлаар нийслэлийн Хан-Уул дүүрэг, Завхан аймгийн Дөрвөлжин сум, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Булганы Хишиг-Өндөр, Хөвсгөл аймгийн Мөрөн, Өвөрхангай аймгийн Хархорин, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Увс аймгийн Улаангом  болон нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо зэрэг найман аймгийн сум, дүүргийн нутагт боом өвчний 60 гаруй тохиолдол бүртгэгджээ. Жил бүр 4.3 сая малыг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулж байгаа ч энэ онд боомын тархалт өмнөх жилийнхээс гурав дахин өссөн байна.  Мөн боом өвчин хүнд халдсан гурван тохиолдол бүртгэгджээ.  Хан-Уул дүүргийн хоёр, Булган аймгийн нэг иргэн боом өвчний халдвар аван Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлүүлсэн байна. Тэдний хоёрынх нь биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ. Дээрх иргэд лабораторийн шинжилгээгээр боомтой гэдэг нь тогтоогджээ. Дээрх гурван иргэд боомоор өвдсөн мал муулж байгаад халдвар авсан аж. Хан-Уул дүүргийн иргэд болох эхнэр, нөхөр хоёр Төв аймгийн Баянхангай сумаас нийслэлд нүүж ирсэн малчны малыг хариулж байгаад ийм халдвар авчээ. Тус айлын мал зургаан сараас эхлэн тодорхой шалт­гаан­гүйгээр үхэж эхэлсэн юм байна. Гэсэн ч эзэд нь мэргэжлийн хүмүүст хандаагүй гэнэ. Тиймээс дээрх хүмүүс болон Бянхангай сумын малын эмчид хариуцлага тооцох ёстой гэдгийг албаны хүмүүс хэлж байв.

 Боомын халдвар авсан хүний биед үү шиг хар тав гардаг байна. Тэр нь ямар ч өвчингүй гэнэ. Оролдож маажсан тохиолдолд шархалж, хавдан, цэврүү идээ бээр болдог аж. Хэрэв сэжигтэй мах идээд ийм шинж тэмдэг илэрвэл нэн түрүүнд эмчид хандах ёстой гэж албаныхан хэлэв. “Боомоор өвдсөн мал муулах, махыг нь шууд хэрэглэсэн тохиолдолд, мөн боомоор бохирдсон хөрс шороо, өвчтэй малын шүлсээр дамжин энэ өвчин халддаг. Том худалдааны төв, захуудаар зарж буй маханд лабораторийн бүрэн шинжилгээ хийж байгаа. Харин жижиглэн худалдаа, дэлгүүр болгонд хяналт тавих боломжгүй” хэмээн Зоонозын өвчин судлалын төвийн бэлэн байдал, тусламж үйлчилгээний тасгийн эрхлэгч Ш.Агиймаа хэлж байв.

Иймд иргэдийг баталгаагүй газраас мах худалдаж авахгүй байх, сэжигтэйгээр гэнэт үхсэн малын мах идэхгүй, нийтэд худалдахгүй байхыг Зоонозын өвчин судлалын төв, МХЕГ, цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Мөн мах худалдан авахдаа сайн шинжилж өнгө, байдалд нь өөрчлөлт орсон бол авахгүй байхыг анхаарууллаа. Боомоор үхсэн малын махны бүх нүх сүвээр цусархаг шингэн шүүрч, эд эрхтэн нь цусаар дүүрэн нилэнхүйдээ хүрэн улаан өнгөтэй болсон байдаг аж.

Одоогоор боомын голомттой газруудын эрүүл малыг вакцинд хамруулж, хөрсний шинжилгээ хийх ажлыг өрнүүлж байгаа юм байна. 

 Э.Номин

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тоон системд шилжсэн ч зурагт ажиллагаагүй болохгүй гэнэ

Энэ сарын 31-ний өдөр Монгол орон даяар аналоги системээс нэгдсэн тоон системд шилжихээр болсон. Энэ талаар Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын мэргэжилтэн Б.Оюунцэцэг “Шууд ирэх наймдугаар сарын 1-ээс энгийн зурагт буюу аналоги систем хүлээн авдаг зурагт ажиллагаагүй болчихгүй. Учир нь бид аналоги болон тоон системээ зэрэг ажиллуулна.Ингэснээр аналоги системийн хэрэглэгчид тоон системийн хүлээн авагчаа аажимдаа худалдан авах боломжтой гэсэн үг. Хөдөө орон нутагт Улаанбаатар хотыг бодвол газрын системийн тоног төхөөрөмж илүү их хэрэглэгдэж байна. Энэ төхөөрөмж нь нэгдсэн тоон системд шууд шилжинэ. Одоогийн байдлаар тус ажлын хүрээнд 360 гаруй газрын системийн тоног төхөөрөмжийг хөдөө орон нутгийн сум суурингуудад суурилуулж дууссан. Улсаас энэ асуудалд зориулж тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөсөн. Үүний  үндсэн дээр хөдөө орон нутаг болон хотын төхөөрөмжүүдийг тоон системийн төхөөрөмжөөр сольсон.Хэрэглэгчид хоёр төрлийн төхөөрөмж авч хэрэглэх боломжтой. Хувиргах “Сэтоб бокс” TK-1 төхөөрөмжийг ашиглан одоо ашиглаж байгаа зурагтаа үзэх боломжтой. Өөр нэг боломж нь өөр дээрээ хувиргагч DBBT-2 төхөөрөмжтэй зурагт худалдан авах боломжтой. Ард иргэдийн дунд заавал зурагтаа солих ёстой гэсэн ташаа бодол байгаа тийм асуудал байхгүй. Төхөөрөмжийн үнийг одоогоор хараахан тодорхойлоогүй” гэсэн юм. 

  С.Энэрэл