Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ “ЭБОЛА”-г танилцуулж байна

 Эболагийн цусархаг халууралт өвчнөөр Африкийн Гвиней улсын иргэн 2013 оны 12-р сард өвчилж, улмаар хөрш зэргэлдээ Сьерра Леон, Либери, Нигери улсуудад уг халдвар тархан, 2014 оны 8-р сарын 8-ны байдлаар 1779 тохиолдол бүртгэгдснээс 961 тохиолдол буюу нийт өвчлөгсдийн 54.0 хувь нь нас барсан байна.

ДЭМБ уг халдварын байдлыг авч хэлэлцээд, өндөр эрсдэл бүхий нийгмийн эрүүл мэндийн аюултай, онцгой нөхцөл байдал үүссэнийг зарласан байна.

 Өвчний тухай баримт мэдээллүүд:

• Эбола вирусын өвчин (өмнө нь Эболагийн цусархаг халууралт гэж нэрлэдэг байсан) цочмог явцтай үхлийн аюулд хүргэх өндөр эрсдэлтэй вирусээр дамжин халдварладаг өвчин юм.

 • Халдварлагдсан хүмүүсээс 90 хүртэлх хувь нь нас барах магадлалтай

 • Энэ өвчний дэгдэлт халуун орны ой шугуй бүхий Төв болон Баруун Африкийн орнуудад  бүртгэгдсэн. 

• Халуун орны зэрлэг амьтдаас тухайлбал сармагчин, жимсний сарьсан багваахай зэрэг амьтнаас хүнд халдварлан улмаар хүнээс хүнд дамжин дэгдэлтийн түвшинд хүрдэг. 

Халдвар дамжих зам:

 • Өвчилсөн хүний гэмтсэн арьс салст, цус, шээс, бөөлжис, үрийн шингэн өтгөн болон тэдгээрээр бохирлогдсон орчны эд зүйлстэй шууд харьцах замаар халдвар дамжина. Нас барсан өвчтнийг оршуулах үед эмгэнэж гашуудсан төрөл төрөгсөд нь бие махбодитой нь хүрэлцэх үед мөн халдвар дамждаг болох нь тогтоогдоод байна. 

• Өвчин тусаад эдгэсэн хүний үрийн шингэнд вирус 7 долоо хоног (49 хоног) хүртэлх хугацаанд хадгалагдаж халдварлуулах боломжтой. 

 • Өвчтнийг хэвтүүлэн эмчлүүлж буй эмнэлгийн ажилтнууд халдвар хамгааллын чанд дэглэмийг сахиж мөрдөөгүй тохиолдолд халдвар эмнэлгийн дотоод халдвар байдлаар дэгдэх аюултай.

  Өвчний шинж тэмдэг:

 • Халдвар авсан цагаас өвчний шинж тэмдэг илрэх хүртэлх нууц үе нь 2-21 хоног үргэлжилдэг. 

• Гэнэт өндөр халуурч эхлэх ба бие сульдаж, булчин өвдөх, толгой өвдөх, хоолой эмзэглэлтэй болж өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч дараа нь бөөлжих, суулгах, тууралт гарах зэрэг шинжүүд нэмэгдэнэ.

 • Хүнд болон амь насанд аюултай үедээ цусархаг диатез илэрч, элэгний, бөөрний дутал, Төв мэдрэлийн системийн өөрчлөлт болон олон эрхтэн системийг хамарсан хүндрэлд хүргэнэ. Лабораторийн шинжилгээгээр цусны цагаан эс, тромбоцитийн тоо цөөрч, элэгний ферментүүдийн хэмжээ ихэснэ.

Оношилгоо:

 • Эбола вирусын өвчний оношийг эцэслэн тавихын өмнө хумхаа, шигеллёз, холер, менингит зэрэг бусад вирусын шалтгаант цочмог өвчнүүдийг үгүйсгэх ёстой.

• Оношийг лабораторийн ийлдэс судлалын болон вирус судлалын шинжилгээгээр эцэслэн баталгаажуулна. 

 Вакцин ба эмчилгээ:

 • Одоогоор уг өвчнөөс сэргийлэх вакцин болон өвөрмөц эмчилгээний арга байхгүй байна.

Зөвлөмж:

 Хилийн дээс алхаж буй зорчигчдод дараахь зөвлөмжийг хүргэж байна.

• Дэгдэлт бүртгэгдэж буй Африкийн улс орнуудад онцгой шаардлага гарахгүй бол аялал жуулчлал, албан болон хувийн ажлаар зорчихгүй байх.

 • Зайлшгүй шаардлагаар дээрх бүс нутгийн улс орнуудад очих тохиолдолд:

 o Халдвар авсан байж болзошгүй хүний цус, биеийн бусад шингэнд хүрэлцэхээс зайлсхийх;

 o Тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх; 

 o Үхсэн болон өвчтэй зэрлэг амьтны эд эрхтэн, сэг зэмээр оролдохгүй байх;

 o Түүхий болон дутуу болгосон хүнс хэрэглэхгүй байх;

 o Өвчтэй байж болзошгүй хүний хэрэглэсэн болон хүрсэн эд зүйлс нэн ялангуяа цусаар бохирлогдсон зүү тариур зэрэгт хүрэхгүй байх.

 • Шаардлагатай тохиолдолд таны эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг тул өөрийн орны хилээр болон зорчин яваа гадны улс орны хилээр нэвтрэхэд бөглөдөг маягт дээрх (орох, гарах хуудас arrival/departure card) гэрийн хаяг, буух буудал, байрлах байр, холбоо барих хувь хүн/албан байгууллагын хаяг, утасны дугаарыг үнэн зөв алдаа мадаггүй бөглөх. 

 • Дэгдэлт гарсан бүс нутгаас ирсэн зорчигчдын хувьд ирснээс хойш 3 долоо хоногийн дотор халуурах, ядрах сульдах, булчингаар өвдөх, бөөлжих, суулгах, арьсаар туурах, цус алдах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд шууд Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандахыг зөвлөж байна.  

Эрүүл мэндийн яам

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын эдийн засагт итгэх иргэдийн итгэл буурсаар байна

Хэрэглэгчийн хүлээлтийн индекс хоёр  улирал  дараалан буурсан дүнтэй гарсныг Нээлттэй нийгэм форум, Монголын санхүүгийн зах зээлийн холбооны нэгдсэн судалгааны дүн өгүүлэв.  Оны эцэс гэхэд 174 байсан Хэрэглэгчийн хүлээлтийн индекс   2014 оны нэгдүгээр  улиралд 167,58  болж  буурсан бол хоёрдугаар улиралд 145 болж буураад байна. ХХИндексийн дэд  индикаторууд болох өнөөгийн нөхцөл  байдлын индикатор 55.85 болж өмнөх улирлаас өссөн боловч ирээдүйн нөхцөл байдлын индикатор 52.88 болж өмнөх  улирлаас буусан  юм.

Өнөөгийн нөхцөл байдлын индикатор –55.85 байгаа  бол  ирээдүйн нөхцөл байдлын индикатор –52.88   байна.

Энэхүү  уналтын байдал нь Монголын эдийн засагт итгэх иргэдийн итгэл буурсаар байгааг харуулж байгаа юм.

Үүнээс дүгнэхэд иргэдийн амьдрал огцом дордоогүй ч  ирээдүйд муудах вий гэсэн айдас өндөр байна. 

Энэхүү  ирээдүйгээ харах сөрөг хандлагыг  бий болгосон үйл явдлуудад  улс төрийн тогтворгүй байдал, ам.долларын ханшийн өсөлт,  уул уурхайн салбарын зогсонги байдал, хөдөлмөрийн зах  зээлд  өрнөж буй томоохон цомхотголууд зэргийг дурдаж болно. Харин өнөөгийн нөхцөл байдлын  индикатор тогтвортой хадгалагдсаар байгаа нь орон сууцны  үнэ, ипотекийн зээл зэрэг буюу өдөр тутмын амьдралд  нөлөөлөх хүчин зүйлс нь эерэг үзүүлэлттэй байгаатай холбоотой.

 Дараагийн онцлох үр бол инфляцийн хүлээлт юм. 

Инфляцийн  хүлээлт өмнөх улирлаас сөрөг үр дүнг үзүүллээ. Судалгаанд  оролцсон нийт иргэдийн 54 хувь нь ирэх  нэг жилийн хугацаанд  инфляци өснө гэсэн хүлээлттэй байхад 18 хувь нь буурна хэмээн хүлээж байгаа ажээ. Харин үлдсэн 30 хувь нь өөрчлөлт гарахгүй болов уу хэмээн таамаглаж байна. 

Өнөөдрийн  байдлаар улсын хэмжээнд инфляци 14.6 хувьтай байгаа юм. 

Гурван  ажилтан бүрийн нэг нь  ажлын байраа тогтворгүй хэмээн  дүгнэжээ

Энэ улирлын хувьд онцлох үзүүлэлт нь ажлын байрны тогтворгүйбайдал байлаа. Нийт судалгаанд оролцогчдын 1/3 нь буюу 33 хувь нь ажлын байраа тогтворгүй гэж үзэж байна.

Хэрэглэгчийн хүлээлтийн индекс нь дэлхийн олонхи хөгжингүй орнуудад тухайн улс өөрийн  иргэдийн хэрэглээндээ зарцуулж байгаа зардлын ирээдүйн хандлагыг тодорхойлох зорилгоор тооцдог өндөр ач холбогдол бүхий эдийн засгийн индикатор юм. 

Аливаа нэгэн улсын эдийн засгийн төлөв байдлыг тодорхойлохын тулд тэргүүлэгч буюу эдийн засгийн ирээдүйн төлөв байдлыг харуулдаг индикатор болон улс орны эдийн засгийн тухайн үеийн төлөвийг харуулдаг индикаторыг тооцож үзэх шаардлагатай болдог. ХХИ нь эдийн засгийн ирээдүйн төлөв байдлыг урьдчилан харуулдаг тэргүүлэгч  индикатор бөгөөд зах зээлийн эдийн засагтай орнуудын хувьд тухайн улсын эдийн засгийн ирээдүйн хандлага нь эдийн засаг дахь хэрэглэгчдийн үйл хөдлөл, эдийн засгийн ирээдүйн төлөв байдлын талаархи хүлээлт, тэдгээрийн хэрэглээндээ зарцуулж байгаа зардлын хэмжээ зэргээс голчлон хамаардаг болсон учраас дэлхийн олон улс орон хэрэглэгчдийнхээ үйл хөдлөл, хүлээлт дээр тулгуурласан энэ индексийг 

тооцож, шийдвэр гаргалтандаа чухал үзүүлэлт болгон ашигласаар ирсэн байна. 

ХХИ нь зөвхөн бодлого боловсруулагчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын хувьд бус бизнес эрхлэгчдийн хувьд ч ирээдүйн төлөвлөлт, шийдвэр гаргалтандаа ашиглаж болох мэдээллийн чухал эх үүсвэр болдогоороо ихээхэн ач холбогдолтой юм. 

Ийм учраас дэлхийн хөгжингүй орнуудад энэ индекст ихээхэн ач холбогдол өгч, тогтмол тооцсоор ирсэн. Тухайлбал, Америкийн Conference Board, Германы ZEW зэрэг байгууллагууд энэ индексийг  тогтмол тооцдог бөгөөд индекс нь эдийн засгийн ирээдүйн чиг хандлагыг гайхалтай зөв харуулж чаддаг нь батлагдсан 

байна. Манай улсын хувьд  Санхүүгийн Зах Зээлийн Холбоо болон Нээлттэй Нийгэм Форум 2010 оны нэгдүгээр улирлаас хамтран энэхүү индексийг тооцож байна. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Эрдоган Туркийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялав

Өнгөрсөн амралтын өдөр Туркт анх удаагаа  Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрсөн билээ. Тус улсад эрх барьж буй Шударг ёс ба хөгжлийн намаас нэр дэвшсэн, Ерөнхий сайдын албыг хашиж байсан Т.Эрдоганыг нэр дэвшүүлсэн. Өчигдөр орой Туркийн Сонгуулийн төв хорооноос мэдэгдэл хийхдээ саналын хуудсыг тоолж дуусан гээд нэр дэвшигч Т.Эрдоган хамгийн олон буюу 51.75 хувийн санал авч ялалт байгуулжээ.

Ийнхүү Т.Эрдоган нь бүх нийтийн сонгуулиар сонгогдсон Туркийн анхны Ерөнхийлөгч боллоо.

Ю.Дэлгэр

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Баасандорж: АТГ-ынхан хууль зөрчдөг болжээ, тэднийг хянаж, шалгадаг газар алга

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх болон М.Тулга, Э.Төмөрбаатар,
Г.Батхуяг нарыг өнгөрсөн сарын 29-нд АТГ-аас саатуул­сан билээ.  УИХ-ын гишүүн асан Л.Гансүхийг  Төв аймаг дахь урьдчилан хорих төвд хориод байгаа.
Түүнийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ мөнгө завшсан
байж болзошгүй гэх хэргээр шалгаж байгаа юм. Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж  АТГ, болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын
алба хаагч нар удаа дараа хууль зөрчин, өмгөөлөл үзүүлэх эрхийг хаан боогдуулж байгаад
гомдолтой байна гэв. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

 -Та
үйлчлүүлэгч Л.Гансүхтэй уулзсан уу. Өмгөөлөл үзүүлэх эрхийг тань АТГ-аас хааж  хууль зөрчөөд байгаа гэсэн. Энэ талаар яриагаа
эхлэх үү?

-Л.Гансүхтэй гурван ч удаа уулзаад байна.  Түүнийг АТГ-аас долдугаар сарын 29-нд цагдан хорьсон
байгаа. Л.Гансүхэд хууль ёсны дагуу өмгөөлөл үзүүлж байгаа энэ хугацаанд АТГ-ын
хууль бус үйлдэл хэрээс хэтэрч байна. Тэднийг шалгадаг газар алга байгааг хэлмээр
байна. Анх Л.Гансүхийг цагдан хорьсны дараа Төв аймгийн цагдан хорих төвд очсон.
Гэтэл хорих ангийн дарга болоод албан хаагч нар “АТГ-аас өмгөөлөгчтэй нь битгий
уулзуул гэсэн албан бичиг өгсөн. Үүний дагуу бид уулзуулж болохгүй” гэх утга бүхий
тайлбарыг өгч уулзуулаагүй. Өмгөөлөгчтэй уулзуулаагүй нь хууль бус. 

Эрүүгийн байцаан
шийтгэх хуульд зааснаар сэжигтэн, яллагдагч өмгөөлөгчтэйгөө уулзах эрхтэй гэж заасан
байдаг юм. Өмгөөлөгч хорих байранд үнэмлэхээ үзүүлээд л нэвтрэх эрхтэй. Мөн хоригдож
байгаа этгээд өөрийнхөө өмгөөлөгчтэй уулзах эрхтэй. Бүр хуулинд тов тодорхой заагаад
өгчихсөн байдаг. Тухайл­бал Эрүүгийн бай­цаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн
35.2.8, 36 дугаар зүйлийн 36.3.4-т заас­ны дагуу сэжигтэн яллаг­дагч нь өмгөөлөгч
авах, өмгөө­лөгч­тэйгөө ганцаарчлан уул­зах эрхтэй, 41 дүгээр зүйлийн 41.3.1-т өмгөөлөгч
нь сэжигтэн, яллагдагч шүүгдэгчтэй уулзах эрхтэй, 17 зүйлийн 17.1.4-т  хоригдсон этгээд өмгөөлөгчтэйгөө уулзах эрхтэй,
11 дүгээр зүйлийн 11.2-т хоригдсон этгээдийн өмгөөлөгч үнэмлэхээ үзүүлж хорих байранд
нэвтрэх эрхтэй гэж тус тус заасан байдаг. Гэтэл хуулиар оногдсон эрхийнхээ хүрээнд
өөрийнхөө үйлчлүүлэгчтэй уулзах эрхийг авах гэтэл ШШГЕГ,  АТГ хоёр ч удаа зөрчсөн. Мөрдөн байцаагч ямар
эрх үүрэгтэйг хуулинд мөн л заа­гаад өгчихсөн байгаа. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч үйлчлүүлэгч
хоёр уулзах нь   АТГ-т ямар ч хамаагүй. АТГ-ын
байцаагч н.Золжаргалд сэжигтэнг өмгөөлөгчтэй уул­зах зөвшөөрөл өгөх ямар ч эрх байхгүй.
Гэтэл АТГ өөрсдийгөө хэн нэгэнд уул­зах эрхийг нь өгдөг гээд ойлго­чихсон. Тэгээд
Шүүхийн шийд­вэр гүйцэтгэх газар руу бичиг явуулсан. Өмгөөлөгчтэй уулзуулж болохгүй,
АТГ-аас зөвшөөрөл өгнө тэгэхээр уулзуул гээд. Энэ нь хууль зөрчсөн асуудал. Хэрэв
мөр­дөн байцаагч сэжигтэн, яллагдагчийг өмгөөлөгчтэй уулзуулахыг мэддэг байсан юм
бол цагдаа, тагнуул зэрэг бусад хууль хяналтынхан ч гэсэн адилхан эрхтэй байна биз
дээ. Адилхан л мөрдөн байцаагч нар. Тэгсэн АТГ-аас хууль зөрчин ШШГЕГ-ын зарим хорих
ангиудад бичиг өгүүлсэн. Өөрсдийнхөө эрх үүргийг хэт ихээр үнэлж, хуулийг гажуудуулах
гэж орол­дож байгаагийн нэг хэлбэр юм. Өмнө нь мөрдөн байцаагч нарын хууль бус үйлдлийг
хянаж, шалгадаг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газар татан буугдсан. Үүнээс
болж АТГ-ын мөрдөн байцаагч нарын хууль бус үйлдэл хэрээс хэтэрч байна. Тэднийг
хянаж шалгадаг газар ч алга.

-Та
АТГ-ын мөрдөн бай­цаагч нарын хууль бус үйлд­лийн талаар Хүний эрхийн комисс зэрэг
байгууллагад хандсан. Танд ямар нэгэн хариу өгсөн үү?

-Миний бие өөрийн үйлч­лүүлэгч Л.Гансүхийг Нийс­лэлийн прокурорын
газар болон ШШГЕГ-ын дарга, хурандаа С.Баяндалай болон Хүний эрхийн комисст хандан
гомдол гаргасан. Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг
ноцтойгоор зөрчиж байгаад гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Монгол Улсын Үндсэн хуульд
хүн өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхтэй хэмээн заасан бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн
35 дугаар зүйлд “сэжигтэн, яллагдагч нь өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэйгөө ганцаарчилж
уулзах” эрхтэй хэмээн заасан байдаг. Энэ талаар албан бичиг хүргүүлсэн. Удахгүй
хариу нь ирэх байх. ШШГЕГ-аас хууль зөрчсөн асуудалтай холбоотойгоор эхнээсээ арга
хэмжээ авч эхэлж байна. Хүний эрхийн комисс энэ долоо хоногтоо багтаагаад хүний
эрхийг зөрчсөн үү үгүй юу гэдгийг шийдвэрлээд хариуг нь өгөх байх. Үүний дараа АТГ-ын
мөрдөн байцаагч нарт хариуцлага тооцох асуудал яригдана.

-Төв
аймгийн цагдан хорих газрын албан хаагч таны хөтөлж байсан тэмдэглэлийг булааж авч
байрнаасаа хөөн гаргасан гэсэн. Та тийм ноцтой зүйл бичиж авч байсан юм уу?

-2014 оны наймдугаар сарын 5-нд өглөө 09:00 цагт  Төв аймгийн цагдан хорих төв орж Л.Гансүхтэй уулзах
гэтэл ээлжийн дарга Баярмагнай, тоо бүртгэгч н.Гандолгор нар АТГ-аас уулзуулж болохгүй
гэсэн бичиг дахин ирчихсэн. Уулзуулахгүй гээд оруулаагүй. 12:00 цагийн алдад албаны
дарга нь ирээд уулзуулсан юм. Тэгээд үйлчлүүлэгч Л.Гансүхтэй уулзаад түүний бичсэн
өргөдлөөс тэмдэглэл хөтөлж байтал ээлжийн ахлагч “Та тэмдэглэл хөтөлж болохгүй,
бид таныг энд юм бичүүлэхгүй” гээд булаагаад авчихсан. Бүр та эндээс зайл гэж хүртэл
хэлсэн. Энэхүү үйлдэл нь  мөн л хууль зөрчсөн
зүйл болсон. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дээрх албан тушаалтан
өмгөөллийн, яллагдагчийн уулзах, ярилцах, тэмдэглэл хөтлөх эрхийг хязгаарлаж хууль
бус үйлдэл гаргасан тул арга хэмжээ авч өгнө үү гэсэн гомдол гаргаад байгаа. Л.Гансүх
болон түүний ар гэрийнхний тавьсан хүсэлтийн дагуу миний бие өмгөөлөл үзүүлж байгаа.
Өмгөөлөл үзүүлэхдээ ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй. Гэтэл удаа дараагийн
үйлдлээр АТГ, Төв аймгийн цагдан хорих төвийн албан хаагч нар хууль зөрчиж өмгөөлөл
үзүүлэх эрхэд саад болж байна. Үүний эсрэг баттай зогсож тэмцэнэ.

-Таны
өмгөөлж байгаа Зөвлөх Л.Гансүхийг өнгөр­сөн сарын 29-нд саатуулсан. Өмгөөлөгчдийн
зүгээс АТГ хууль бусаар саатуулсан гэсэн мэдээлэл хийсэн. Яагаад хууль бусаар хорьсон
юм бэ?

-Л.Гансүхийг 29-ний өдөр цагдан хорьсон. Ингэж цагдан хорихдоо АТГ-аас
Л.Гансүхийг нэг юман дээр гарын үсэг  зураадхаач
гэж дуудсан байгаа юм. Ингээд дуудсан өрөөнд нь үдийн 13.00 цагийн үед яваад ороход
нь шууд гавлаад суулгачихсан, яах гэж байгаа нь мэдэгдэхгүй. Тэр өрөөнд Л.Гансүх
5,6 цаг гавтай суусан юм билээ. Сүүлдээ Л.Гансүх уурлаад гараад явахад АТГ-ынхан
гудамж талбайд  чирж, гулдчиж хүнлэг бусаар
харьцсан байсан. Тэгж байхад хажуугаар нь УИХ-ын нэр бүхий гишүүд явж таарсан. Мөн
ард түмний нүдэн дээр  нэр төрийг нь гутаан
доромжилсон байна.  Тэгээд оройны 18.00 цагийн
үед АТГ-ын байцаагч Зол­жаргал захирамжаа үзүүлж цаг­дан хорьсон. Мөн л цаг­дан
хорихдоо өөрт нь мэдэг­дэхгүйгээр дуудаж авчирч хууран, мэхлэх замаар саатуулсан.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төсөв 160.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн долоодугаар сарын гүйцэтгэлийн мэдээгээр төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 88 хувь, нийт зарлага 72.8 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Улмаар төсвийн нийт тэнцэл 160.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Тэнцвэржүүлсэн нийт орлого долоодугаар сард 3305.2 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 12 хувь буюу 450 тэрбум төгрөгөөр дутуу биелсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 265.2 тэрбум төгрөгөөр илүү байгаа аж.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

190 мянга гаруй иргэн газар өмчлөх хүсэлт илгээжээ

Цахимаар газар өмчлүүлэх ажил эхэлснээс хойш нэг долоо хоног өнгөрөхөд одоогийн байдлаар 190 мянга гаруй иргэн газар өмчлөх хүсэлтээ илгээсэн байна. Нийслэлийн Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэгт газар өмчлөх хүсэлт илгээсэн хүний тоо хамгийн их буюу 64000-аас давсан байна. Мөн Хан-Уул дүүрэгт 45000 орчим иргэн газар өмчлөхөөр хүсэлтээ илгээсэн бол Багануур дүүрэгт 11000 гаруй иргэн хүсэлт илгээжээ. Газар өмчлөх хүсэлт хамгийн багаар илгээсэн дүүрэг нь нийслэлийн Багахангуй дүүрэг болж байна. Тус дүүрэгт 5329 иргэн газар өмчлөх хүсэлтээ илгээжээ. Гэхдээ олгогдох газрын тоо нь ердөө 1483 юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

V цахилгаан станцын газрын асуудлыг шийдлээ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар V цахилгаан станцын газрын асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн танилцуулснаар Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 191 дүгээр тогтоолоор V цахилгаан станц барьж байгуулах тухай тогтоолын дагуу нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж,  Ургах наран хорооллын урд талын автозам болон төмөр замын хооронд Хөлийн голын хөндийд 43 га газрыг “Улаанбаатар дулааны тавдугаар цахилгаан станц”-ыг барих зориулалтаар Эрчим хүчний яаманд 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Тиймээс Эрчим хүчний яам цахилгаан станц барихаар техник эдийн засгийн үндэслэл болон зураг төслийн ажлаа эхлүүлжээ. Өмнө нь энэ газрыг дүүргийн Засаг даргын захирамжаар “Люкс нью проперти солюшн” компани эзэмшиж байсан бөгөөд 2010 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ. Тус компани газар эзэмших эрхийг нь түдгэлзүүлсэн нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэлгүй гэж үзэн шүүхэд хандсан бөгөөд Монгол Улсын дээд шүүхэд давж заалдах гомдол гаргасны дагуу Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн Шүүхийн тогтоолоор нийслэлйин Засаг даргын 2010 оны 703 дугаар захирамжийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

Нийслэлийн өмчийн харилцааны газрын  кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтний танилцуулснаар тус компанийн газар эзэмших эрхийг цуцалсан ч өнөөдрийг хүртэл газрын төлбөрийг авсаар байжээ.  Тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг саадгүй явуулахын тулд  тус компанитай харилцан ойлголцож, Баянзүрх дүүргийн Ургах наран хорооллын замын 8,0 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргалаа.

Мөн  тавдугаар цахилгаан станцыг барьж байгуулах бүтээн байгуулалтын ажилд барилгын зориулалтаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ургах наран хорооллын зүүн талбайд 14,0 га газрыг Эрчим хүчний яаманд гурван жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Цагаан: Хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалд шаргуу бэлтгэж байна

Ойрын өдрүүдэд Монгол Улсад хоёр хөршийн төрийн тэргүүн нар айлчлах болсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж буй билээ. ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд чухам хэзээ манай улсад айлчлахтай холбогдуулж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаас тодруулга авлаа. 

-БНХАУ-ын дарга, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын манай улсад хийх айлчлалын талаар сүүлийн үед эрчимтэй яригдах боллоо. Айлчлалын бэлтгэл ажил хэрхэн явагдаж буй талаар тодруулж болох уу?  
-Айчлалын бэлтгэл сайн явж байгаа. Монгол Улс хоёр хөрштэйгөө иж бүрэн стратегийн түншлэл хөгжүүлэх бодлого баримталж байгаа. Энэ удаагийн хоёр их хөршийн маань төрийн тэргүүнүүдийн айлчлал бол манай орнуудын найрамдалт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан түүхэн айлчлал болно гэж үзэж байна. Нийгмийн хүлээлт  ч тийм байна. Аль аль айлчлал  нь Монгол Улсын хөгжилд тэмүүлсэн бодлогыг бодитоор дэмжсэн, чухал ач холбогдолтой шийдэл, тохиролцоонд хүрсэн айлчлал болно гэдэгт итгэж байна. Олон баримт бичигт гарын үсэг зурна. Эдгээр айлчлалд манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, ГХЯ, Засгийн газар хоорондын комисс гээд бүх түвшинд өндөр ач холбогдол өгч, багаараа шаргуу бэлтгэж байна. Гадаад харилцааны яамдын ачаалал их байх шиг байна. Эдгээр түүхэн айлчлалд зориулж, УИХ  хүндэтгэлийн чуулган ч хийхээр яригдаж байгаа.

-Хоёр улсын төрийн тэргүүн нар Ерөнхийлөгчийн урилгаар зочилж байгаа юу?
-Мэдээж тэгэлгүй яахав. Путин Ерөнхийлөгч, Си Жинпинь дарга нар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар айлчилж байгаа. Ерөнхийлөгчийн зочид.
-Ингэхэд айлчлал яг хэзээ болох вэ? Нэг зэрэг ирэх ч юм шиг, тус тусдаа ч айлчлах юм шиг яриад байх юм?
-Төрийн дээд хэмжээний айлчлалыг хоёр тал гадаад харилцааны шугамаар харилцан тохироод нэгэн зэрэг зарладаг нь олон улсын дипломат ёс. Хэн дуртай нь аль эсвэл нэг тал нь түрүүлж зарлаад байдаггүй. Манайханд заримдаа сонссоноо юм уу бодсоноо мэдээлэлтэй хүн болох гэж хамаагүй ярьчихдаг болчимгүй тал байна.
БНХАУ-ын дарга Си Жинпинь манай улсад наймдугаар сард, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин есдүгээр сард айлчлахаар байгаа.
-Нэг зүйлийг лав­лахад, манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар айлчлалын бэлтгэл ажил дээр хамтран ажиллаж байгаа юм байна. Тийм үү?
-Тэгэлгүй яахав дээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд засгийн бүтэц бүгдээрээ эдгээр айлчлалд хамтран бэлтгэж байгаа. Байнга уулзалдаж байгаа.

Л.ТӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Манай сумын ой

Энэ бол манай сумын ой. Дааган дэл ууланд  манай сумын ой байдаг. Уулын ард маш олон тооны буган чулуун хөшөө бий. Хамгийн олон хөшөө бүхий  чуулбар гэдэг санагдана. Албан ёсоор бол Өвөр цэцэрлэгийн буган чулуун хөшөө гэдэг. 

Та бүхэн  ойн баяр наадмын тухай ярих гэж байна гэж бодсон уу?    Жаахан ногоон чиг баримжаатай байж сур л даа.

Морины бариа

   

Энэ нөхөр бол миний зээ дүү байгаа юм.               Бяцхан ноёнтон

Хамт найм төгссөн найзуудын маань хэд нь энд байна. Бусад нь нийллэгийн хорхог морхог бэлдэж яваад энэ зурагт ороогүй юм.

Уулын ар дээр ямар нэгэн хувьсгалч лоозон байсан санагдана.  Харин өдгөө  соёмбо хийгээд 90 жил хэмээн бичсэн харагдана.

Харин одоо сумынхаа 90 жилийн ойн тухай ярья. Завхан аймгийн Шилүүстэй сум энэ жил 90 жилийн ойгоо хийлээ. Хуучнаар бол тэр хавийн хэдэн сум Сайн ноён хан аймгийн Хошууч бээсийн хошуу гэж явжээ. Саяхан 90 жилийн ойгоо хийсэн СЭЗДС-ийн анхны оюутнуудын нэг нь манай хошууны сүүлчийн ноён  байсан гэдэг. Сэтгүүлч, зохиолч Б.Чойндон агсны дурсамжид “…хошууч бээс Дашзэвэг гэж саарал дээлтэй хүн  Гаалийн сургуульд хамт сурч байсан” тухай өгүүлсэн нь бий.

Нутгийн Чингэс хаан өрлөгүүдийн хамт

Морины наадам “хангайд” болов.   Өвөр гол, овооны үзүүрт морьдоо барилаа. Шар хөтөл дээр гарч ирэхэд  Отгон тэнгэр хайрханы  бараа, нялх багаас нүдэнд үзэгдэж, сэтгэлд хоногшсон төрхөөрөө, “уулан дээр суусан  уул”  мэт харагдав.

Харин манай өвөлжөө байдаг Ухаа аргалантын өврөөр Завхан гол урсана. Голын эргээр бургас, улиас, бас зэрлэг чацаргана ургана.

Манай нутгаас төрсөн цэргийн мяндагтан эрхмүүд

 “Шуудангийн Дэрэм” хэмээх Дорждэрэм гуай бол Холбооны газрын  аавын цээж  барьдаг жолооч  байсан хүн юм.

                        

Хонь хариулж явсан газраараа явтал        Сумын дарга байсан Дондонхүү 

ийм  Фараон  харагдав.  Ухаа аргалант.       гуай одоо нас сүүдэр ер гарсан ч 

Хар дэлийн өвөлжөө орчим.                             тэнхлүүн  сайхан харагдана.

Морин хуурч хүүхдүүд. Манай аймгийн мянган морин хуурч хүүхэд Чингэсийн талбайд  тоглолт хийж байсныг санаж байгаа байх. Тэдний нэг хэсэг нь манай хүүхдүүд байгаа юм.

Хужиртын гол, Ялаат булгийн дэнжээс Отгон тэнгэр уул ингэж харагдана.

Гэрэл зураг болон тайлбарыг Б.Цэнддоо

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хятадад дуурайлгаж үйлдвэрлэсэн дүрэмт хувцас авахгүй байхыг анхааруулав

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаагаас сурагчийн дүрэмт хувцасны талаар тодруулахад “Сурагчийн дүрэмт хувцсыг бид өнгөрсөн жилээс шинэчилсэн. Ялангуяа бага ангийн хүүхдүүдийн дүрэмт хувцсыг 100 хувь шийдвэрлэсэн. Өнгөрсөн жил цаг хугацааны хувьд давчуу байсан учраас дунд, ахлах ангийн дүрэмт хувцас оройтсон. Бид сурагчийн дүрэмт хувцсандаа тавигдах стандартыг хангасан. Оёдлын нэгдсэн холбооны долоон үйлдвэр оролцсон. Өнгөрсөн жил  нэгдүгээр ангийн сурагчдын дүрэмт хувцас, бусад сургуулийн захиалгын дагуу гурван зуугаад мянган дүрэмт хувцсыг үйлдвэрлэсэн. Энэ жил нийт захиалгын дүрэмт хувцаснуудаа 100 хувь оёчихсон. Бэлэн болчихсон хувцсаа  сургуулиуддаа түгээх ажил үлдээд байна” гэлээ. Эцэг, эхчүүдээс дүрэмт хувцасны материал цоорсон, бөөрөнхийлж ноолорсон гэсэн гомдол их ирдэг. Энэ талаар тодруулахад тэрээр “Манай үйлдвэрлэгчид дүрэмт хувцсаа цэвэр хонины ноосон бүтээгдэхүүнээр хийдэг. Ийм гомдол гарах болсон шалтгаан нь эцэг, эхчүүд дүрэмт хувцсаа үйлдвэрээс нь авдаггүйтэй холбоотой. Манай үйлдвэрийн дүрэмт хувцсыг дуурайлгаж Хятад улсад хийсэн хувцсыг худалдаж авчихаад дээрх гомдлуудыг гаргадаг. Иймээс эцэг, эхчүүддээ анхааруулж хэлэхэд яг үйлдвэрээс нь аваарай гэмээр байна.Эсвэл сургуулиар нь дамжуулж худалдаж байгаа дүрэмт хувцаснуудаас авахыг хүсэж байна. Хятад Улс дэлхийн брэндүүдийг дуурайлгаж хийдгээрээ алдартай. Манай дүрэмт хувцсыг дуурайлгаж оёод зарж байна. Үйлдвэр, сургуулийн алинаас нь ч авсан үнэ нь ялгаагүй. Үнэ нь өнгөрсөн жилийнхээс нэмэгдээгүй” гэсэн юм. 

У.УУГАНЦЭЦЭГ