БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ
Америк долларын ханш унаж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар доллар унах ба хятад юань болон еврогийн ханш өсөх үзэгдэл цаашид бас үргэлжлэх бололтой. Банкинд мөнгөө доллароор хадгалсан хүмүүс үүнээ төгрөг, эсвэл юань болгож байгаа, энэ нь хэнд ч ойлгомжтой алхам. Үүнийг диллер буюу арбитражийн гүйлгээ гэнэ. Ерээд оны эхээр диллерийн эргэн тойронд ямархуу хийрхэл улс орон даяар өрнөж байсныг санацгаая. Банкны хэдэн залуус ардчиллыг эхлүүлж байгаа юм болоод араар нь Чингэсийн үеэс үлдээсэн дөрвөн тонн алтыг тавьж байгаад диллер хэмээх муушиг маягийн мөрийтэй тоглоом тоглоод тавиад туучихжээ. Ийм л ойлголт байсан. Диллер хийж байх тогтоол аль 1986 онд УТТ-оос гарсан, угаасаа алив улс болоод банк арбитражийн гүйлгээ хийж байх ёстой, 4 тонн алтыг заавал цэвэршүүлдэг болоод л Лондон ачуулсан, алдагдал манай техникийн хоцрогдлоос болсон болохоос ардчиллаас болоогүй гэх мэтийн ердийн үнэн үг хийрхлийн их чимээнд дарагдаад огт сонсдохгүй байлаа. Сүүлдээ энгийн үнэнийг ч мэдэж байгаа нэг нь хэлэхээсээ айж, дарга нар нь угаасаа арбитражийн гүйлгээг “буруу” зүйл гэж зөвшөөрөн биенээ яллаж гарах нь тэр. Үүнээс болоод 1997 он хүртэл Монгол Улс арбитражийн гүйлгээ хийгээгүй ба алтаа ч гадагш нь гаргаж цэвэршүүлэхээс айж бохироор нь подволд хадгалах болов.
Өнөөгийн түвшингээс харвал хэмжээ нь ч Баянхонгор, Өвөрхангайн нинжа нарын жилдээ ухдаг алт. Монгол банк алт гаргаж цэвэршүүлдэг, диллер хийдэг нь ч хэний ч сонирхол татахгүй зүй ёсны үйлдэл, алттай байх доллартой байх нь адил зүйл гэдгийг хэн хүнгүй мэднэ. Төвөг, энд банк санхүүгийн реформ, казиногийн хийрхэл зэргийг дахиж жишээнд татаад хар яршиг. Уул уурхайн салбарыг тойрон өдгөө үүсээд байгаа хийрхэл нь дээрх явдалтай харьцуулахад зүйрлэшгүй том, үлдэх хор холбогдол нь асар их, цаад явуурга нь илүү хорлонтой, тэр үеийг бодвол илүү зориудын зохион байгуулалт, өдөөлттэй эд юм. Гэхдээ нийгэм ингээд хийрхчихээрээ юу ч сонсохоо больчихдог. Нэгэнт өнгөрсөн юмыг “шувтарсан цагаан бумба” гэдэг, бараг л шувтраад дуусах шиг боллоо. Надад нийгмийг ухаажуулах үүрэг ч байхгүй, тэгээд ч миний хүч хүрэхгүй. Гэхдээ сүүлийн хориод жилийн бичсэн юмаа эргэж харахад илүү зөв, алсын хараатай задлан шинжилгээ хийж чадсан байдаг, түүнээ үзээд кайф болдог юм. Ингэхээр энэ өгүүллийг хожим эргэж кайф авахын тулд өөрөө өөртөө зориулж бичлээ. “Тээр, би хэлээгүй юу!” гээд сууж байх гоё шүү дээ. Гэрчтэй байхын тулд сонинд тавих хэрэгтэй биз дээ?
1. Оюу толгойн 34 хувийг ард түмэн буюу Засгийн газар эзэмших гэж байгаа нь үнэхээр буруу. Яагаад гэвэл Засгийн газар нь бизнесийн байгууллага биш, тэр дундаа уул уурхайн үйлдвэрлэл аваад явж чадахгүйгээ ганц Эрдэнэтээр хангалттай баталж байна. Оросууд одоо өөрийн эзэмшил хэсгээ хувийн менежментэд шилжүүлэх гэж байна. Чингэвэл нэг талаас хувийн хэвшил нөгөө талаас авлигад идэгдсэн Монголын төр гэсэн бүр ч тэнцвэргүй хослол буй болно. Уг нь Төр татвар хурааж авах л үүрэгтэй. Иймээс 34 байтугай ганц ч хувь Төрд хэрэггүй.
2. Төр адаглаад 51 хувь авах тухай сонсголонтой эх оронч үг байнга дуулдах болов. Хоёрхон хамтрагчтай үед л 51 хувь утга учиртай байдаг. Бирж дээр гарч зарагдан олон нийтийн болсон компанийн хувьд 20-30 хувь эзэмшиж байгаа тал голлох шийдвэр гаргагч болдог аж. Тэгээд ч “эх орончид” 51 хувь байсан бол 90 хувь гэнэ, 90 байвал 100 гэнэ, 100 байвал 105 хувь гэж дайрна. Өөрөөр хэлбэл энэ нь ямар ч хувь процентийн тухай яриа биш, мөнхийн шахалт шаардлага юм. Ард түмэн баялагтай газраа метрлээд хувааж аваад хүрз барьж очоод нинжадах маягийн марзан гэхэд багадмаар ч санал хүчээ авч байна. Эсвэл нэг хэсэг нь ухаад л нөгөө хэсэг нь буюу “ард түмэн” мөнгийг нь бэлнээр хуваан авах дэндүү сайхан шударга санал ч газар авч байгаа. Хийрхэхэд эрүүл ухаан юуны хэрэг!
3. Өдгөө олон улсын стандарт буй болсон. Анх нефтиэс эхэлсэн “бүтээгдэхүүн хуваах” зарчим нь Төр зөвхөн татвараа тогтоодог ба ганц ч төгрөг гаргалгүйгээр нийт баялгийн үнийн дүнгийн 60 хүртэл хувийг авч чаддаг жишиг тогтжээ. Энэ зарчмаар үнэ өндөрсөх, баялгийн нөөц тооцоолсноос нэмэгдэх тутам Төрд ноогдох ашиг илүүтэй нэмэгддэг аж. Үүнийг олон улсын тогтсон жишиг, бизнесийн алтан дүрэм гэж нэрлэнэ. Буурай орнууд эх оронч санаачилгаараа энэхүү олон улсын жишгээс илүү “таатай” нөхцөлийг бодож олон мөрддөг учраас л байгалийн баялаг нь тэднийг улам ядууруулдаг.
4. Төр 34 хувь эзэмшвэл түүндээ оногдох хөрөнгө оруулалт гаргах ёстой болно. Энэ бол өнөөгийн нөхцөлд манайд ахадсан алхам. Үүнээс гадна Төр үйлдвэрлэл явуулаад эхлэхээр л дагаад авлига хээл хахууль гаарна. Юм болгоныг хэд нугалж Төрд шахдаг бизнес нэгэнт газар аван тогтсон болохоор 34 хувьд гаргах Төрийн үрэлгэн хөрөнгө оруулалтын хэмжээ нийт 100 хувьд орохоос ч өндөр байх болно. Үүнээс ч илүү гарах болов уу, учир нь улсад шахаж байгаа мөртөө дөнгөж гурав нугалдаг нэгнийг “хэт шударга маанаг” гэдэг болчоо биз дээ.
5. Сангийн яамныхны хийсэн олон улсын жишгээс гажсан энэ хуулийг ч “эх орончид” чамлаж, Төр 100 хувь авах тухай хийрхэж байгаа. Монголд өнөөдөр ийм их хэмжээний хөрөнгө оруулалтын мөнгө байхгүй. Дэлхийн хөрөнгийн бирж дээр босгож чадахгүй. Хавтгай болсон өнөөгийн ертөнцөд хувьцаа эзэмших гэсэн хэн ч Монголд болж буй хийрхлийг тов тодорхой харж байгаа. Ийм аймаар мөртөө хүний оруулсан хөрөнгөд тогтвортой байдлын баталгаа өгөхгүй гэж зүтгэхийг нь яана! Галзуу солиотой энэ газар руу сая сая хүмүүсийг мөнгөө хий гэж яаж ятгаж чаднаа?!
6. Оюу толгой өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрд мянга мянган өмчлөгчтэй болсон. Эд Монголын газар шороог биш, ирээдүйд буй болох үйлдвэрийг мөнгөө төлөөд хамтран өмчилж байгаа юм. Эндээс энэ дэлхийн хэн ч өмчлөх эрхтэй. Тэдэнд Монголд болж буй самууны хэн нь буруутай зөвтэй нь хамаагүй, өөрсдийн оруулсан мөнгө нь баталгаагүй болж байгааг л харж үсээ үгтээнэ. Парламентын гишүүн нь энэ хөрөнгө оруулалтаас болж Төрийн ордон руугаа дайрахыг уриалж байгаа нь тэдний оруулсан мөнгө түмбэржүржиг болсныг юунаас ч илүүтэй батлаад буй хэрэг.
7. Оюу толгойн хувьцааны ихэнхийг Рио Тенто хэмээх дэлхийн сүпэр компани бирж дээрээс авчихаад байгаа. Энэ бол өнөөх Айванхүү майнууз, Пэрдлаанд энэ тэртэй чинь зүйрлэх юм биш. Риог хөөж гаргасны дараа наашаа хэн ч зүглэхгүй. Хүнээс мөнгө зээлчихээд өрөө нэхэхээр нь шүдийг нь булгалаад хамрыг нь хавтгайлчихсан нөхрийг мэдсээр байж бусад нь яаж ч гуйгаад зээл өгч харагдаач!
8. Монголын түүхий эдийн цорын ганц хэрэглэгч нь Хятад. Хэрэглэгчийн хувьд үйлдвэрлэлээ бас эзэмших нь маш ашигтай. Түүнээс гадна үйлдвэр нэгэнт ашиглалтад ороод түүхий эд аваад эхэлбэл зах зээл нь үйлдвэрлэлээс шууд хараат болно. Иймээс хэрэглэгч өнөөдөр ямар ч үнээр хамаагүй мөн эзэмшигч болох сонирхолтой.
9. Хэрэглэгчийн Монгол дахь хамгийн том өрсөлдөгч нь Хойд Америкийн компаниуд. Ерөөсөө ч ганц уул уурхай гэлтгүй Америкийн эрх ашиг ар шилэн дээр нь гараад ирэх нь тэдэнд хүсмээр зүйл биш. Түүхэн уламжлалаараа монголчууд тэдэнд төдий л тааламжтай ханддаггүй болохоор улс төрийн шахалтаар ордыг эзэмших магадлал муу. Америкийн хөрөнгө оруулагчдыг эндээс шахаж гаргах хамгийн сайн арга нь монголчуудыг өөрсдийг нь ашиглах явдал.
10. Хойд Америкийн болон дотоодын хөрөнгө оруулагчдын эсрэг хийрхлийг өдөөгч, санхүүжүүлэгч эх гарвал нь түүхий эдийн ирээдүйн хэрэглэгч. Гэхдээ энэ нь нарийн бүтэц зохион байгуулалт арга технологитой. Монголын ашигт малтмалын лицензийг өндөр үнээр авахад бэлэн гол төлөв улсын мэдлийн том компаниуд ард нь байгаа. Лицензийн ченж маягийн бизнес хийхүйц хувийн голдуу жижиг компаниуд энэ зах зээл дээр хамгийн идэвхтэй хөдөлж хийрхлийн анхдагч төлбөрийг хийж байгаа юм. Стратегийн том ордуудыг эздээс нь салгах, хөрөнгө оруулагчийг хөөж гаргах нь тэдний хувьд улс төрийн гэхээсээ ердийн шударга бус өрсөлдөөнд илүү ашиг олох гэсэн зах зээлийн сэдэлтэй. Цаана нь байгаа улсын том компаниудад хэрэглэгч-эзэмшигч давхар болох эдийн засгийн сонирхол бий. Гэхдээ энэ бүхэн нь Засгийн газрын ерөнхий бодлоготой таардаг учир формал хэлбэрээр дэмжлэгтэй.
11. Хийрхэл дэгдээх арга технологи хүний санаанд оромгүй нарийн аргатай, танигдахгүй хэлбэрээр илрэлээ олдог болжээ. Ганц жишээ гэхэд Ийгл телевиз байна. Энэ нь Америкийн хөрөнгө оруулалттай зурагт. Америкийн телевиз Монгол дахь Хойд Америкийн хөрөнгө оруулалтыг гутааж, муулж байвал хамгийн итгэл үнэмшилтэй сонсогдоно. Америкийн хөрөнгө оруулалтыг дэмжиж, хоёр орны харилцааг хөгжүүлэх уриатай энэ телевизээр үүнийг хийлгэж чадаад л байна даа. Захирал нь Монголын нийгэмд юу болж байгааг огт сонирхдоггүй нь хөөрхөн завсар гаргаад өгчиж буй хэрэг. Ийгл нь Хойд Америкийн хөрөнгө оруулалтад тааламжгүй ханддаг төдийгүй илэрхий өдөөн хатгалга, улайм цайм гүтгэлэг явуулж чаддагаараа бусад мэдээллийн хэрэгслэлээс давуу талтай. Мэдээж энд дажгүй төлбөр хийгдэж байж таарна.
12. Улс даяар хийсэн судалгаагаар бол Монголын хүн амын 70 орчим хувь нь том ордуудыг бушуухан ашиглаж үр дүнг нь түргэн үзэх хүсэлтэй байна. Хүмүүс улс төржихөөсөө илүү прагматик үзэлтэй байдаг. Хэт улс төржиж, дээгүүрээ хоорондоо дэмий маргалдсанаас болоод орд газруудыг ашиглаж баялаг бүтээх явдал сунжирч байна гэж ард түмэн үзэж байгаа аж. Ард түмний нэр барих гэж байгаа бол үгүйдээ л судалгаа хэрэгтэй л дээ.
13. Өнөөгийн хийрхэлд идэвхтэй оролцогсдын дэндүү дийлэнх хэсэг нь уул уурхай, ашигт малтмал, олон улсын гэрээ болон түүний стандарт жишгийн тухай анхдагч ойлголтгүй байгаа. Тэр дундаа бамбай болгоод байгаа улс орон, ард түмэн, аюулгүй байдлынхаа тухай төсөөлөл ч байхгүй. Архи нь гараагүй хоёр согтуу авгай хэвлэлийн бага хурал гэгчийг зарлаж зэвсэгт тэмцэлд уриалж байгаа нь ердөө л шар тайлах эцсийн зорилттой. Зохион байгуулагчид нь ч дивтаат болох гэх мэтийн улс төрийн жижиг эрх ашигт л явж буй нь илэрхий харагдана. Ихэнхдээ л монгол хүн зарчмын санал тавиад унахаар ард нь үнэндээ “ердөө л энэ үү” гэмээр жижигхээн хувийн хүсэл хясал байдаг дүрэм үйлчилж байгаа. Нөгөөтэйгүүр Засгийн газар хийж буй зүйлээ иргэдэд ойлгуулж зөв мэдээлэл өгөх үүрэгтэй боловч үүнээ мартсан учир хүмүүс ч гуйвсан мушгисан мэдээлэлд их илүү автаж байгаа нь хийрхэл газар авах нэг нөхцөл болжээ.
Цааш нь яривал зөндөө л юм байна, төвөг төвөг. Гурав дахь хөрш, геополитик, хүчний тэнцвэр гэж ойлгохгүй юмаар нь цөсийг нь хөөргөлтэй нь биш. Миний хувьд тэс хөндлөнгийн ажиглагч, анализ дүн шинжилгээ хийж буй нэгэн. Би үзмэрч биш ч 2017 онд нүүрс, үнс хоёр адилхан болно гэсэн тв роликийн хийлт, санааны хувьд харин надад таалагдсан шүү. Мөнхийн ядуу монголчуудад өнөөдөр юун түрүүн гарааны мөнгө хэрэгтэй байна. 2200 жилийн түүхэндээ ийм том бололцоотой ганц ч удаа таарч байгаагүй юм, энэ орон. Чингэс хаанд ч ийм бололцоо олдоогүй юм шүү. 1973 он хүртэл Монголын зэсийг, 2003 он хүртэл Монголын нүүрсийг хэн ч тоодоггүй байсан тэр үе эргээд ирэх магадлал өндөр. Иймээс би үнсний тухай муухай сануулгад харин ч талархаж байна. Намайг “худалдагдсан байна” гэж ирээд л зарлах юм. Энэ хорвоо дээр зарагддаггүй юм гэж бас байдаг юм шүү дээ. Дэлгүүрийн бараа шиг юм бодож байгаа бол мөнгөө ачиж авчраад наймаалцах гээд үз л дээ!. Надад дивтаат болж ард түмнээ ганц сайн харж үзэх сонирхол алга, хойтон сонгуульд орох хүсэл бүр ч байхгүй. Тэр утгаараа би дивтаат горилогчдын өрсөлдөгч биш, ердөө хөндлөнгийн ажиглагч. Харин үйл явдал миний эх оронд болж байгаа учраас нөгөө талаасаа би хөндлөнгийн хүн биш юм. Учир нь би эх оронч хүн. Эх оронч үзлээсээ ямар нэг ашиг хонжоо хайгаад байхааргүй эх оронч хүн!
Мораль: Маш том байлдаан болж олон цэрэг, морьд үхсэн газар нэгэн өлөн үнэг хүрээд иржээ. Олон жил идэх хүнсний нөөц харсан мань үнэг машид баярлан мишээв. Ингээд хэмнэлттэйгээр аль хатуу хүтүүгээс нь эхэлж идэхээр шийдэн нумын хөвчний сур мэрж байтал сумны сааль алдагдан хөөрхий үнэгний хүзүүг нэвт сүлбэн алжээ.
2007.8.6