Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энхтайваны гүүрийн баруун талын замыг хаалаа

Зам, тээврийн яамны зүүн талын зам буюу Чингисийн өргөн чөлөөг Нарны замтай холбох Энхтайваны гүүрийн баруун доод талын холбоос замын хөдөлгөөнийг өнөөдөр  өглөөний 10:00 цагаас эхлэн бүтэн хаасан. Хучилтын ажлыг гүйцэтгээд энэ сарын 18 буюу даваа гаригийн өглөө нээнэ гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Мөн Нарны зам, Энхтайваны гүүрний зүүн доод хэсгийн замыг энэ амралтын өдрүүдэд хэсэгчлэн хаах юм байна. Зүүнээс баруун тийш чиглэсэн замын хойд урсгалыг 08 сарын 15-ны 22:00 цагаас 16-ны 08:00 цаг хүртэл хаасан бол баруунаас зүүн тийш чиглэсэн замын урд урсгалыг өнөөдөр оройн 22:00 цагаас 8 дугаар сарын 17-ны 08:00 цагийн хооронд хааж зам засварын ажил гүйцэтгэх аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Газар өмчлөх эрхтэй болсон иргэдийн нэрс тодорчээ

НИТХ-ын 10/39 дүгээр тогтоолоор нийт 52 байршилд газар өмчлүүлэхээр шийдвэрлэж, иргэд эхний ээлжинд зарлагдсан 5 байршилд газар өмчлөх бүртгэлийн ажлыг энэ сарын 1-ний 12.00 цагт цахим хэлбэрээр эхлүүлж НИТХТ-ийн 2014 оны 92 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд бүртгэлтэй иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг сонгох үйл ажиллагааг цахим хэлбрээр зохион байгуулах журам”-д заасны дагуу 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 12.00 минутанд дуусгавар болгосон. Нийт 281’440 иргэн цахимаар бүртгүүлснээс 14’954 иргэнийг цахим систем автомат үйлдлээр тодрууллаа.

• Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам – 91927 иргэн бүртгүүлж, 909 иргэн

• Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам – 96028 иргэн бүртгүүлж, 4’169 иргэн

• Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой – 67920 иргэн бүртгүүлж, 869 иргэн

• Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1 дүгээр хэсэг –17075 иргэн бүртгүүлж, 7’504 иргэн

• Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр – 8490 иргэн бүртгүүлж, 1’484 иргэн тус тус сонгогдож газар өмчлөх эрхтэй боллоо.

СХД-ийн соёндын аманд сонгогдсон иргэд ажлын өдрүүдэд тус дүүргийн 62-р сургууль,

Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгойд сонгогдсон иргэд 75-р сургууль,

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын аманд сонгогдсон иргэд ЗДТГ-ын иргэний танхимд,

Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэгт сонгогдсон иргэд Гүнгалуутай цогцолбор сургууль,

Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүрт сонгогдсон иргэд Хангай цогцолборт тус очиж өргөдлөө өгөхөөр боллоо.

Хэрэв та цахимаар газар өмчлөх хүсэлтээ гаргачихаад сонгогдсон эсэхээ мэдэхгүй байгаа бол Нийслэлийн өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn  цахим хуудсаар орж, газар өмчлөх эрхтэй болсон эсэхээ шалгана уу.

Анхааруулахад, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “Журам батлах тухай” 92 дугаар тогтоолын дагуу цахим системээс сонгогдсон 14954 иргэдээс 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс хойш нийслэлд байнга оршин суух бүртгэл хийгдсэн болон урьд өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авсан нь дахин явуулах шалгалтын үр дүнгээр тогтоогдсон иргэн сонгогдсон иргэдийн жагсаалтаас хасагдаж, хүсэлт хүчингүй болсон тухай мэдэгдэнэ.

Газар өмчлөлийн цахим системээс сонгогдсон иргэд иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг тухайн дүүргийн өргөдөл хүлээн авахаар зарлагдсан газарт хүргэн өгч, өргөдөл хүлээн авсан тодорхойлолтыг нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлэх тухай мэдэгдлийн хамт хүлээн авах юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол нь монголоо тэжээхэд төрийн багахан дэм хэрэгтэй байна

Аялал жуулчлал гэхээр үүргэвч үүрсэн шар толгойтой нөхдөөр төсөөлдөг үе ард хоцорчээ. Монголчууд эх орны­хоо үзэсгэлэнт байгалиар ёстой л нэг аялсан шиг аял­даг болж. Зун болонгуут майхан саваа машиндаа ачиж аваад гэр бүлээрээ аялаад сурчихаж, манайхан. Аялал жуулчлалын салбараа бид өөрсдөө тэтгэхээр хэмжээнд хүрчээ гэж хэлэх гээд байна л даа. Хөвсгөл далай гэхэд л зунжин, намаржин наадмын өдрүүдийн Хүй долоо худаг шиг хүний хөлд дарагддаг болж. За тэгээд Буйр нуур, Тайхар чулуу, Өгий нуур, Хамрын хийд, Эрдэнэзуу гээд яривал бахдаад барш­гүй үзэсгэлэнтэй, түүх өгүүлсэн утга учиртай газар нутаг Монголоор нэг бий. Үзэсгэлэнтэй, гоё гэсэн ямар ч газар очсон, жуулчдын ихэнх нь дан монголчууд байна. 

Ер нь үүргэвч үүрч дугуй унаад Монголыг хөндлөн гулд туулдаг гадны жуулчдыг жуулчны компанийнхан “харамч” гэж зүгээр ч нэг нэрлээгүй санагддаг юм. Зар­дал багатай амардаг нөх­дийн хувьд  жуулчлалын сал­барт хаялга гэх юм үгүй. Үсрээд ойр зуурын хүнс, ундаа усхан гээд л энд үлдээх мөнгө нь тун цөөхөн доллараар хэмжигдэнэ. Монголд олноороо аялдаг Азийнхан гэхэд их үндсэрхэг. Солонгос жуулчдыг гэхэд дэлхий даяараа  “царцаа нүүдэлчид” гэдэг юм билээ. Тухайн орныхоо аль гоё гэсэн болгоныг үзээд зөвхөн үндэснийхээ хөрөнгө оруулалттай зочид буудалд хонож, үндэснийхээ ресторанд хооллоод явдаг учир ингэж нэрлэсэн хэрэг. Анзаараад бай­хад солонгосчууд Солон­го­сынхоо  хөрөнгө оруулалт­тай ресторанд, япончууд гэхэд япон ресторандаа хоол­лоцгоож харагддаг. Мэдээж жуулчдын компаниар дамжин Монголд өчнөөн доллараа зарж үрээд аялдаг хэсэг бий л дээ. Гэхдээ дэлхий даяараа эдийн засгийн хямралд өртөж, цэнхэр гаригийн том буудлууд хүртэл эзгүйрээд эхэлсэн энэ үед Монголыг зорих гадны жуулчдын тоо ч цөөрсөн.  Яг өдийд аяллын цаг учраас энэ жил хичнээн жуулчин гадаадаас ирснийг хэлэхэд эрт байна. Өнгөрсөн жилийн тоог сонирхъё. Монгол Улс өнгөрсөн онд 417 мянга гаруй жуулчин хүлээж авсан байх юм. 2012 онтой харьцуулахад 12, 2011 оныхоос бараг арван хувиар буурсан тоо гэж статистикийнхан онцолж байна. Монголд аялдаг жуулч­дын ихэнхийг буюу  дөч гаруй хувийг бүрдүүлдэг урд хөршийнхний аялагчдын тоо гэхэд өмнөх жилийнхээ ирснээс хорь гаруй хувиар буурсан харагдана. Одоо дотоодын жуулчид эх орноороо яаж аялсан тоог харъя. Мөн л өнгөрсөн оны статистик. Хоёр сая 176 мянган иргэн дотооддоо зорчсон гэсэн тоо гарчээ. Монголчууд эх орныхоо зүг бүрт тэднээс дутахгүй их аялдаг болсныг  сая дурдсан баримтаас харж болно. Бараг тэр чигээрээ л аялдаг болсныг энэ тоо нотолж байна. 

Монголчууд Монголынхоо аялал жуулчлалын салбарыг тэжээгээд эхэлчихсэн энэ үед төрд хэдэн үг дайхгүй бол болохгүй нь. Уг нь хаана аялал цэцэглэж байна, тэнд төр үүргээ гүйцэтгэх учиртай.  Тэгж байж аялал жуулчлалын салбараасаа ахиу мөнгө олох учраас иргэддээ үйлчлэхээс ч аргагүй. Ухаалаг төртэй улсад төр нь энэ үүргээ айхавтар мэдэрч  үйлчилсэн шиг үйлчилж чаддаг. Аялал жуулчлалын салбарт төрийн үйлчилгээ хэрэгтэй гэж яриад байгаа нь ийм учиртай. Адаглаад хөдөөгийн замууд дээрээ тэмдэглэгээ хадчихмаар санагд­даг. Хар замаар явж байгаад сум, багууд руу салсан шороон замуудаар ороход ёстой төөрдөг байшин шиг юм болно. Тийшээ, ийшээ явбал төчнөөн км явна гэж зүг чиг заасан самбар харин ч нэг байхгүй дээ. Нэг сумаас нөгөө сум руу хар таамгаараа жирийлгэхээс аргагүй. За тэгээд Дорнын талаар бол зам мэдэхгүй нөхөд төөрөх энүүхэнд. Нүд алдам талаар давхиад байхад л тэмдэг, самбар хүний урманд таарах­гүй. Шөнө орой зүгээ алдсан улсын хувьд бүр яриад байх юм биш. Зүй нь аяллын гол замууд дээр цагдаагийн пост хүр­тэл ажилламаар байгаа юм. 

За тэгээд аялагчдын очих дуртай газрууд руу хатуу хучилттай зам тавьж амжаагүй гэсэн зовлон бий. Уг нь төрд  аяллын салбараасаа мөнгө олох хүсэл байгаа бол зам тавих ёстой гэдгийг захын хүн гадарлана. Гэтэл наадмын үеийн Хүй долоон худаг шиг түм түчигнэсэн Хөвсгөл рүүгээ гэхэд өнөөдрийг хүртэл асфальтан зам тавьж амжаагүй байх жишээний. Ирэх жилдээ бол засмалаар Хөвсгөл рүү сүнгэнэчих юм яриад байгаа. Гэхдээ Хөвсгөл далайгаас цаашаа Хорьдол сарьдаг энэ тэр гээд үзэсгэлэн бүрдсэн газар өчнөөн бий. Тийшээ тэвчээр заан сэгсчүүлсээр очсон жуулчид бол үзэсгэлэнг нь дуу алдан шагшдаг. Ихэнх нь чулуутай энхэл донхол замаар явахыг хүсдэггүй. Далай үзээд л наашилдаг.  Асфальтан зам тавьдаггүй юмаа гэхэд сайжруулсан шороон зам тавьчихвал Хөвс­гөл нутгийн үзэсгэлэнг бахдах хүсэлтэй хүн өчнөөн бий. Аялагчид цувах хэрээр Хөвсгөлийн захын сумдынхны ахуй амьдрал ч дээшлээд ирнэ. 

Зам гэснээс дугуй засва­рын газрууд хөдөө бараг алга. Нурах шахсан амбаарын гадна дугуй засварын газар гэсэн бичиг хаа нэг харагдана. Тэр газрууд нь ажиллахаасаа ажиллахгүй нь их.  Төв суурин газруудад зам дагуу дугуй засварын газрууд ажиллуулах хэрэгцээ байгааг захын аялагч хэлнэ дээ. Албан ёсны зөвшөөрөл өгөөд албан ёсоор ажиллуулах газрыг хэлээд байна л даа. Түүнээс биш өнөөдөр овоо хэдэн төгрөг олчихоод маргааш нь хаагаад наадамдаад явдаг эзэнтэй засварын газар бол дэмий. Тогтоогоод өгсөн цаг нараар ажилладаг албан ёсны дугуй засварын газрууд зам дагуу ажиллуулбал аялагчид нэмэгдэж, нутгийн иргэдийн амьжиргаа дээшлэхэд нэмрээ өгөхөөр л шийдвэр. 

Байгалийн үзэсгэлэнгээрээ олныг далласан суурин газруу­дад нэг том зовлон бий. Зочид буудал, зоогийн газар гэж өрөвдмөөр оромжирхуу юм угтана. Аль арваад жилийн өмнөх хуучин жижигхэн бай­шин­гууд голдуу. Уг нь тохилог, цэвэрхэн, аятайхан буудлуудтай бол зориод очсон аялагч овоо хэд хонохыг бодно. Тэр хэрээр аялагчийн халаасан дахь мөнгө тэнд үлдэж, алс бөглүү суурингийн иргэдийн амьдрал сэргээд ирнэ. Иймэрхүү аар саар асуудлыг хөнгөлөлттэй зээлийн бодлогоор ч юм уу дэмжээд, буудал барихад нь хөрөнгөөр дэмнээд өгвөл төрд “Ядуурлыг яаж бууруулах вэ” гэж шанаагаа тулах шаардлага гарахгүй. Амьжиргаа сайтай төв газрынхан бөглүү суурингийн иргэдээ аялал жуулчлалаар дамжаад тэжээчихнэ.  

Төрдөө хаяглаж хэлэх бас нэг зовлон байна. Аялагчид олноор очдог нутгийн иргэдэд сургалт явуулмаар байна. Салбараа хариуцсан яам нь жаахан сэтгэл гаргачихад бүтчих асуудал байгаа юм. Сэдэв нь тийм хүнд биш. “Аялагчид та нарын амьдралд ямар хэрэгтэй вэ, аялагчидтай яаж харилцах вэ” гэсэн энгийн агуулгатай сургалт. Аялагчдад муухай хандахгүй бол тэд дараа жил дахиад ирнэ, аягүй хандвал ирэхээ байж, та нарын амьжиргаа доошилно гэчихэд бараг болчихно л доо. Монголын хаана ч очсон нутгийн иргэд аялагчидтай сайхан харилцана гэж үгүй. Аялагчдыг хүн гэж харахаас илүү мөнгө гэж харах нь олон. Хахарсан айраг, өмхийрсөн шахуу махаа зарах гээд шогшоод очно. Энэ авахгүй гээд яах юм гэсэн аятай харьцана. Ам халсных аялагчдад бас нэг зовлон бий. Нэг сайхан газар майхнаа хатгаад гэр бүлээрээ тухлах гэж байтал нутгийн нэг нөхөр давхиад ирнэ. Бүдүүн бааздуу нөхдүүд  сүрхий саймшраад салж өгөхгүй тух алдуулдаг жишээг хөдөө аялаад ирсэн хүн бүр ярих байх. Аялагчдад зориулсан үйлчилгээний стандарт, харилцааны соёл энэ тэрийг нь аялал хөгжсөн нутгийн иргэдэд учирлаад ойлгуулах энгийн хэрнээ хэрэгтэй тогтолцоо хөдөөд одоохондоо лав алга.  

Монголын хүн амын тэн хагасаас  илүү нь Улаанбаатарт ажиллаж амьдардаг. Эдийн засагт эргэлддэг мөнгөний ихэнх нь нийслэлийнхэнд бий. Төрөөс бага зэргийн зохицуулалт хийчихэд л энд эргэлдэж буй их мөнгө аялал жуулчлалын цагаар хөдөө рүү цутгаж, монголчуудын мөнгө Монголдоо үлдэх боломж байна. Эдийн засаг хүндхэн байна гэж дэлхий даяараа хөмсгөө зангидсан энэ үед аялал жуулчлалын салбараараа бие биеэ тэтгээд сайхан амьдрах боломж байна даа, уг нь.    

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ГХЯ-наас сэрэмжлүүлж байна

Гадаад харилцааны яамнаас иргэд, аж ахуй нэгжүүдэд хандан сэрэмжлүүлэг гаргажээ. Тус яаманд манай улсын зарим нэр бүхий компанийн зүгээс тоног төхөөрөмж, бараа материал авах зорилгоор гадаадын хэд хэдэн компаниудад их хэмжээний мөнгө шилжүүлж залилуулсан байж болзошгүй хэрэг удаа дараа гарч байгаа тухай Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудаас сэрэмжлүүлэг мэдээлэл ирүүлсэн байна.

Тус компаниуд нь түнш компаниудын интернет домайн нэр, имэйл хаягт гуравдагч этгээдээс цахим халдлага хийж,  хүнд анзаарагдахгүй байдлаар засч харилцах аргаар залилсан байж болзошгүй гэсэн таамгийг дэвшүүлж байгаа аж. Эдгээр хэргийг Монгол Улсын холбогдох байгууллагууд тухайн орны хууль хяналтын байгууллагатай хамтран шалгах хүсэлтээ дипломат шугамаар илгээгээд буй юм байна.

Иймд ард иргэд, аж ахуйн нэгжүүдээс гадаадын компаниудад мөнгө шилжүүлэхдээ туйлын хариуцлагатай хандаж, харилцагчийн дансны дугаарыг нягтлах. Өөрчлөгдсөн тухай мэдэгдэлд яаран итгэхгүй байх, үнэн зөвийг нь тухайн компанитай холбогдон сайтар шалгасны дараа мөнгөн гүйлгээ хийж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хятадын цагдаа нар Төвдийн тэмцэгчид рүү гал нээжээ

Төвдийн тосгоны ахлагчийг цагдаа нар баривчилжээ. Үүнийг Төвдийн иргэд эсэргүүцэн тэмцсэн байна. Энэ тэмцлийг дарах зорилгоор цагдаа нар гал нээж, арав гаруй хүнийг шархдуулжээ. Жагсагчдын заримыг баривчилж, нөгөө хэсэг нь зугтсан аж. Их Британид төвтэй Төвдийн эрх чөлөөний байгууллагын мэдээлсэнээр нутгийн эрх баригчидтайгаа маргалдсан тосгоны ахлагч Вандакыг даваа гаригт баривчилсан гэнэ. Тэднийг уламжлалт морин уралдаан зохион байгуулж байхад нутгийн удирдлагууд маргаан үүсгэжээ. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Газар өмчлөх иргэдийн нэр тодорлоо

Энэ сарын нэгнээс эхэлсэн газар өмчлөлийн цахим бүртгэл өнөөдөр 12.00 цагт хаагдаж, газар өмчлөх эрхтэй 14.954 иргэний нэр тодорлоо. Цахим бүртгэлд нийт 281 440 иргэн бүртгүүлснээс цахим түүврийн аргаар 14.954 иргэнийг газар өмчлөх эрхтэй болголоо. Газар өмчлөх эрх авсан иргэдийн нэрийг http://www.umch.ub.gov.mn/ сайтад байршуулж, сонгогдсон эсэх хариуг иргэдийн цахим хаяг, гар утсанд мессежээр илгээх юм байна.

Харин нэр нь зарлагдсан иргэд энэ сарын 18-наас эхлэн 10 хоногийн дотор харьяа дүүргийн газрын албанд материалаа бүрдүүлж өгснөөр газар өмчлөх эрх нь баталгаажих аж. НИТХ-аас Улаанбаатар хотын 52 байршилд газар өмчлүүлэх шийдвэр гаргаснаас эхний таван байршлын эзэд ийн тодорлоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Яармагийн замыг есдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулахыг даалгалаа

Зам, тээврийн сайд А.Гансүх өнөө өглөө Богд уулын араар Яармагийн гүүр хүртэл тавьж буй авто замын барилгын ажлын явцтай танилцлаа.  Уг замыг “Эсто” ХХК 2012 оны зургаадугаар сараас эхлэн барьж буй бөгөөд замын нийт урт нь 17.1 км аж. Хөгжлийн банкны санхүүжилтээр  24 тэрбум гаруй төгрөгөөр баригдаж буй энэхүү зам ашиглалтад орсноор нийслэлийн авто замын түгжрэлийг 20-30 хувиар бууруулна.  Нийтдээ 70 цэгт төмөр бетон хоолой, хоёр гүүр бүхий уг замын газар шорооны ажил хамгийн хүнд хэцүү байсныг “Эсто” ХХК-ийн ажилчид онцоллоо. Зайсан толгойгоос баруун тийш Яармагийн гүүр хүртэл уул, хад чулуу сэтлэн барьсан замд одоо туузан болон бетон хашлагыг хийх аж. Одоогоор зургаан км замын туузан хашлагын хөрөнгийг шийдсэн, үлдсэн найман км замд хийх туузан хашлагын хөрөнгийг Хөгжлийн банкнаас хүсэж байгаа юм байна. Зам, тээврийн сайд А.Гансүх болон Нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддорж нар замын ажлын гүйцэтгэлтэй танилцан, гэрээт хугацаандаа буюу ирэх сарын 1 гэхэд замыг ашиглалтад өгөхийн тулд хичээж ажиллахыг даалгалаа.  Мөн салбарын сайд Богд уулын арын замыг огцом эргэлтүүд олонтой, өвлийн улиралд халтиргаа гулгаа ихтэй, уул, сэтэлсэн уул, хад чулуу үер усанд нурах аюултай тул хамгаалалт бэхэлгээ, замын тэмдэг тэмдэглэгээг маш сайн хийх хэрэгтэй гэдгийг хэлсэн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Мөнгөнтуул IV байр эзэллээ

Норвеги улсын Тромсо хотноо Дэлхийн шатрын 41-р олимпиад хагас сар үргэлжилж өндөрлөлөө. Тэмцээнд 177 орны шатарчид эрэгтэй, эмэгтэй ангилалд өрсөлдсөн юм.

Багийн төрлөөр явагддаг шатрын хамгийн том тэмцээн швейцарь системээр 11 өрөг өрсөлдөхөд эрэгтэйчүүдийн ангилалд БНХАУ-ын баг 19 оноотой /хожилд 2, тэнцээнд 1 оноо олгодог/ түрүүлж, Унгар, Энэтхэгийн багууд 17 оноогоор удааллаа.

Харин Их мастер Д.Шаравдорж дасгалжуулагчтай Баянхонгор, Үндэсний шигшээ баг, Алдар СХ, Зууны шатар клубын тамирчин Их мастер Цэгмэдийн Батчулуун, Завхан аймаг, Баянгол дүүргийн тамирчин Их мастер Базарын Хатанбаатар, Хангарьд спорт клубын тамирчин ОУ-ын мастер Намхайн Баттулга, Өвөрхангай аймаг, Үндэсний шигшээ баг, Шунхлай группын тамирчин Их мастер Баярсайханы Гүндаваа, Өвөрхангай аймгийн тамирчин ОУ-ын мастер Гомбосүрэнгийн Мөнхгал нарыг эгнээндээ нэгтгэсэн Монгол улсын баг тамирчид 6 хожин, 5 хожигдож 12 оноогоор 177 багаас 69-р байр эзэллээ.

Монголын шатрын холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Спортын мастер Чунтын Чулуунбаатараар удирдуулсан Завхан аймаг, Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин ОУ-ын мастер эрэгтэй, Их мастер эмэгтэй Батхуягийн Мөнгөнтуул, Үндэсний шигшээ баг, Мончесс клуб, Сүлд спорт хорооны тамирчин Их мастер эмэгтэй Түвшинтөгсийн Батчимэг, Ховд аймаг, Нью Прогресс группын тамирчин Спортын мастер эмэгтэй Баяржаргалын Баярмаа, Говь-Алтай аймаг, Хан Алтай шатрын клубын тамирчин ОУШХ-ны мастер эмэгтэй Ууганбаярын Лхамсүрэн, Архангай аймаг, Мобиком корпорацийн тамирчин ОУ-ын мастер эмэгтэй Баянмөнхийн Анхчимэг нарын бүрэлдэхүүнтэй эмэгтэй шигшээ баг 7 хожин, 1 тэнцэж, 3 хожигдон 15 оноогоор 136 багаас 16-р байр эзэллээ.

Уг ангилалд ОХУ-ын баг тамирчид 20 оноогоор түрүүлж, БНХАУ, Украйны багууд 18 оноотой медалийн эзэд боллоо.

1-р ширээнд өрсөлдсөн Б.Мөнгөнтуул 10 өргөөс 8 хожин, 2 тэнцэж 4-р байрт шалгарсан нь бахдам амжилт билээ. Түүний ширээнд орон орны шилдгүүд, дэлхийн топууд өрсөлдөж Гүржийн Их мастер эрэгтэй Н.Дзагнидзе түрүүлж, БНХАУ-ын Дэлхийн аварга Хоу Ифань удаалж, Шведийн хуучин бууны хугархай Их мастер П.Крамлинг хүрэл медаль хүртлээ.

5-р ширээнд хүч үзсэн Б.Анхчимэг 10-р байрт шалгарав. Тэрээр сүүлийн өргөө хожигдон боломжит байраа жаахан ухраалаа. Гэхдээ чамлахааргүй сайн үзүүлэлт.

Манай улсын эмэгтэй шигшээ баг 1990 онд Нови Садын 29-р олимпиадад 66 багаас 13-т, 2008 онд Дрездений 38-р олимпиадад 111 багаас 17-р байрт шалгарч байсан билээ. Энэ удаад 136 багаас 16-р байр эзэлсэн нь чанарын хувьд ахисан үзүүлэлт байлаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЦЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр С.Баатаржавыг томиллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь ЦЕГ-ын тэргүүн дэд дарга С.Баатаржавыг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2012 оны есдүгээр сард Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очирыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Б.Билэгтийг томилж байсан юм. 

С.Баатаржав нь цагдаагийн хурандаа цолтой, өмнө нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан юм. Төв, орон нутгийн цагдаагийн байгууллагад анхан шатнаас нь эхлэн ажилласан тэрбээр өмнө нь Дархан-Уул аймгийн болон Нийслэлийн Цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газрын даргын алба хашиж байжээ.

М.Эрдэнэ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн 52 байршилд газар өмчлөх иргэдийг маргааш тодруулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах газруудад газар өмчлөх хүсэлтэй иргэдийн бүртгэлийг цахим хэлбэрээр хүлээн авах ажиллагаа  энэ сарын  01-нээс эхэлсэн. Маргааш буюу 15-нд 12 цагаас цахим бүртгэлийн системийг хааж бүртгүүлсэн иргэдийг тусгай программын тусламжтайгаар сонгон шалгаруулах гэж байна.  Уг үйл ажиллагааг “UBS” телевизээр шууд дамжуулна.

Өнөөдрийн байдлаар цахим бүртгэлд нийтдээ 265 мянга орчим иргэн бүртгүүлжээ.  Үүнээс 14 954 иргэнд газар өмчлөн авах эрх үүсэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.