Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч В.Путин Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж байна

Манай улсад айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин яг одоо Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж байна. Тэрээр Халх голын байдлааны ялалтын түүхэн ойд хүрэлцэн ирсэн учир ийнхүү Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж байгаа юм. 

ОХУ-ын Төрийн тэргүүн эндээсээ шууд Чингэс хаан олон улсын нисэх буудлыг зорьсноор түүний айлчлал өндөрлөх юм.  

Дашрамд хэлэхэд, түүний айлчлалын хөтөлбөртэй холбоотойгоор Г.К.Жуковын музейн орчим болон нисэх хүртэлх замуудыг бүрэн хаагаад байна. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Обама Эстонид айлчилж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Эстонид хийж буй айлчлал өнөөдөр эхэллээ. Тэрээр Эстонийн нийслэлд байх хугацаандаа тус улсын Ерөнхийлөгч болон төрийн хариуцлагатай ажилтнуудтай уулзах юм байна.Тэрээр Таллинд байх хугацаандаа Латв, Литвийн төрийн тэргүүнтэй уулзахаар төлөвлөжээ. Америкийн төрийн тэргүүн энэ айлчлалаараа АНУ нь Балтийн орнуудыг хамгаална гэдгийг харуулж байгаа юм. 

Б.Обамагийн Эстонид хийх айлчлал нь хоёр хоног үргэлжлэх гэнэ.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Халхын голын байлдааны ахмад дайчдаас Монгол Улсын баатар төрөв

Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж ахмад дайчдыг төрийн дээд цол, одонгоор шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр ахмад дайчдын төлөөлөлд уг шагналыг гардуулан өгөв.

Халх голын байлдааны ахмад дайчдаас Монгол Улсын баатар төрсөн юм. 1939 оны Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах эрхэм үйлсэд дайчин нөхдөө удирдан, өөрийн амь биеэ үл хайрлан эрэлхэг зоригтой баатарлагаар тулалдаж, хойч үедээ үлгэр дууриал үзүүлсэн түүхэн гавъяаг нь өндрөөр үнэлж ахмад дайчин Пунцагийн Шагдарсүрэнд Монгол Улсын баатар цол хүртээж, баатар цолны Алтан таван хошуу тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одонгоор ахмад дайчин Баяндалайн Сааралдайг,

Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор ахмад дайчин Шагдарын Багаажав, Сүрэнгийн Лхамжав нарыг,

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор ахмад дайчин Гончигийн Батмөнх, Сүхийн Борхүү, ахмад дайчин эмэгтэй Цэрэнгийн Чимэдцэрэн нарыг тус тус шагнав.

Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ  “Эрхэм Монгол Улсын баатар Пунцагийн Шагдарсүрэн гуай,

Эрхэм ахмад дайчид, ард иргэд ээ,

Та бид энэ жил Халхын голын байлдааны ялалтын түүхт ойг улс даяараа хүндтэтгэн тэмдэглэж байна.

Монголын ард түмэн түүхэн гавъяа байгуулсан баатарлаг охид хөвгүүдээ эргэн дурсаж байдаг. Мөн Монголчууд бидэнд дайн байлдааны хүнд цагт үнэлж баршгүй тус хүргэсэн, Зөвлөлтийн дайчид, орос анд нөхдийнхөө гавъяаг бид хэзээ ч мартах ёсгүй. Учир нь тэд Монгол Улсын бие даасан байдал, хөгжил дэвшлийн төлөө залуу халуун нас, амь биеэ үл хайрлан тэмцсэн юм.

Өнөөдрийн энэ түүхт өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай оронд айлчлахаар хүрэлцэн ирж байгаа нь бүр ч бэлгэдэлтэй юм. Монгол, Оросын олон ахмад дайчид өнөөдөр гавъяа зүтгэлээ үнэлүүлж байна. Халхын голын байлдааны түүхэн ялалтын ойн өдөр Монгол, Оросын ахмад дайчдын төлөөлөл болсон 38 буурал маань Монгол төрийн хүндэтгэл хүлээж шагнагдлаа. 

Шагналаа биеэр ирж авах боломжгүй ахмадуудын шагналыг тусгай төлөөлөл гэрт нь очиж гардуулж өгнө. 1939 онд 18 настай явсан залуу дайчин өнөөдөр 93 насны босго давсан байгаа. Өнөөдөр энд шагналаа гардан авсан хүмүүсийн  дундаас би Монгол Улсын баатар цол хүртсэн Пунцагийн Шагдарсүрэн гуайн тухай онцгойлон дурдахыг хүсэж байна. Тэрээр дайны амь өрссөн өдрүүдэд 21-хэн настайдаа 1939 оны гуравдугаар сард Тамсагийн зургадугаар морьт дивизийн 17 дугаар морьт хороонд Штабын дарга, улмаар хороон даргаар томилогдон эх орноо хамгаалах ариун үйлсэд амь бие үл хайрлан хүчин зүтгэжээ. Тэр Халхын голын байлдаан эхлэхээс дуусах хүртэл эх оронч дайчин нөхдөө удирдан тулалдаж явсан манай домогт залуу дарга нарын нэг юм.

Тэрээр Халхын голын байлдаан төдийгүй, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон манай бахархалт ахмад үеийнхний төлөөлөл-баатар хүн юм. Шагдарсүрэн гуайд олгож байгаа энэ эрхэм хүндтэй цол бол нийт ахмад дайчиддаа Монголын төр, ард түмнээс үзүүлж буй өндөр дээд хүндэтгэл юм. Энэ бол Монголын ард түмэн хойч үе, ахмад үеийнхнийхээ баатарлаг түүх, тэдний гавъяа зүтгэлийг хэзээ ч мартахгүй байнга дурсаж байхын илэрхийлэл юм.

Өнөөдөр мөн төрийнхөө есөн хөлт Цагаан тугийн өмнө шагналаа авсан ахмадуудаа нэр дурдаж хэлэхийг хүсэж байна. Халхын голын байлдаанд наймдугаар морьт дивизийн хөгжимчин, тагнуулчаар үүрэг гүйцэтгэсэн Гончигийн Батмөнх гуай, Халхын голын дайн төдийгүй Чөлөөлөх дайнд оролцсон Сүхийн Борхүү гуай, тавдугаар дивизийн 13 дугаар морьт хороонд нууцын даргаар үүрэг гүйцэтгэсэн Баяндалайн Сааралдай гуай, 15-хан насандаа өөрийн хүсэл, сайн дураараа Халхын голын байлдаанд сувилагч цэргээр очиж, галын цэгт үүрэг гүйцэтгэж байсан Цэрэнгийн Чимэдцэрэн гуай, наймдугаар дивизэд их бууны наводчикийн үүрэг гүйцэтгэсэн Шагдарын Багаажав гуай, 14 дүгээр морьт хорооны бага даргаар тулалдаж байсан Сүрэнгийн Лхамжав гуай нартаа чин сэтгэлээсээ баяр хүргэе.

Мөн Халхын голын байлдаанд оролцож гавъяа байгуулсан мянга мянган зөвлөлтийн ахмад дайчдын төлөөлөл энэ өдөр Монгол Улсын эрхэм дээд цолоор шагнагдсан. Тэдний төлөөлөл болж шагнал хүртэж байгаа ОХУ-ын иргэд болох Халхын голын байлдааны ахмад дайчин  Григорьев Петр Осипович, Елизавета Ивановна Чувашова, Ковалев Ефрем Андреевич, Мартыненко Андрей Иванович, Олейников Михаил Федотович, Хулугуров Василий Прокопьевич, Кравец Николай Дорофеевич, Панкратьев Георгий Тимофеевич нарт чин сэтгэлийн талархал дэвшүүлж баяр хүргэе. 

Монгол төрийн дээд хүндэтгэл, гавъяа шагналыг өмнө нь болон өнөөдөр хүртсэн нийт ахмад дайчиддаа дайчин нөхөрлөлийн баярын мэнд хүргэж, улам урт удаан насалж бидэндээ үлгэр дууриал болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Та бүхний баатарлаг гавъяаг түүх мартахгүй, Монголын ард түмэн мартахгүй” гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Амьдралаа үүрч ирсэн монгол ээжүүдийн охид үзүүлээд өгөхөөс өөр яах билээ

Мөнгөний хомсдол, дол­ларын ханшийн өсөлт, баривчилгаа, тагнасан чагнасан хэрэг, улстөрчдийн хоорондын толхилцоон гээд дан хар бараан мэдээ мэдээлэл, үйл явдал дунд амьдарч яваа бидэнд гэрэл гэгээ татуулан дуулдсан нэг сайхан мэдээ бол ОХУ-ын Челябинск хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-ээс Монголын баг нэг алт, шагналт тавдугаар байр, мөн багийн эмэгтэйчүүдийн барилдаанаас мөнгөн медаль хүртсэн явдал байлаа. Нийт 110 үндэстний 639 жүдоч өрсөлдсөн энэ тэмцээнд монголчууд жүдод дээгүүр шүү гэдгээ баталж чадав. 

Ялангуяа монгол бүсгүйчүүд багаараа мөнгөн медаль хүртэж, үүнийг нотолсон. Одоогоос долоон жилийн өмнө буюу “Бээжин-2007” ДАШТ-д хүрэл медаль хүртэж байсан манай нядханууд энэ удаад медалийн өнгөө хувиргаж, мөнгөн медалийн эзэн болов. Ердөө ганц оноогоор алтан медалийн үзүүрээс татаад алдсан тэдэнд аваргын титэм энүүхэнд байна. Үнэндээ ч унага татаж, портер жолоодож, “гахай” үүрч амьдралаа авч ирсэн тийм ээжүүдийн охид ийм байхаас өөр яах билээ. Нийгмийн харилцаа өөрчлөгдөж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлд шилжсэн он жилүүдэд хэн хүнгүй л хөл алдаж байлаа. Хэрхэн яаж амьдралаа авч явах билээ, картын бараанаас давж шанага гурил, ам даавуу яаж олох вэ гэж хүүхнүүд л толгой гашилгаж байсан юм. Хэдийгээр эрчүүд амьдралынхаа гол нуруу байж, том түшиг тулгуур болдог гэлцдэг ч хэцүү үед эмэгтэйчүүд илүү тэсвэр тэвчээр гаргадаг. Энэ бол байгалийн хууль. Эр амьтан бэрхшээл тулгарахад туулах чадвар, өвчин тусахад давах чадвар цаанаасаа үгүй. Яг энэ жишгээр ерээд оны мөчиг тачиг үеийг Монголын эмэгтэйчүүд нуруун дээрээ үүрч гарч ирсэн гэлцдэг. Эмэгтэйчүүд өөрөөсөө хэд дахин том “гахай”-г вагон дамжуулан үүрч, дүүрч явсан тэр жилүүдэд архины лонх бараадаж өдөр хоногийг өнгөрүүлж байсан нөхрүүд цөөнгүй байсан. Гэр бүлээ авч явж, үр хүүхдээ тэжээж, хань нөхрөө дэмжих гэж зүтгэсээр тэр хатуухан он жилүүдийн гашуун өдрүүдийг бүсгүйчүүд давж гарсныг онцлохоос аргагүй. Тийм л сайхан ээжүүдийн охид өнөөдөр дэлхийн тавцанд Монголын нэрийг гаргаж байна. М.Бундмаа 1985 онд төрснийг эс тооцвол бусад багийн гишүүд бүгд ерээд оныхон. Өнөөдөр дөнгөж хорь гарч яваа тэдний ээжүүд шилжилтийн үеийг шийр зааж давж чадсан эмэгтэйчүүд байх ёстой.

Дэлхийн банкнаас 1990-2012 оны хооронд монгол эмэгтэйчүүдийн ажил эрхэлсэн байдлыг судалж гаргахад 2010 онд хамгийн бага, 1990 онд хамгийн өндөр хувьтай байгаа нь гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, амьдрал хэцүүдэж хүмүүс хэрхэхээ мэдэхээ байсан 1990 онд бүсгүйчүүд олноороо ажил эрхэлж, харин эдийн засгийн өсөлт нэмэгдэж, ДНБ 17 хувиас давж дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө нэгдүгээрт бичигдэж байсан тэр жил арай гар газар, хөл хөсөр байжээ гэж харагдахаар байгаа юм. ДАШТ-д газар газрын хүчтэнүүдтэй тулж, мөнгөн медалийг гуядаж авсан эмэгтэй жүдочдоо харахад дотор огшиж, сэтгэл өмөлзөхөөр байсан. Тэд Казахстан, Куба, Польшийн багуудыг ардаа орхиж, дэлхийн аваргын нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медальтай Францын багтай тулж үлдсэн байв. Француудын хувьд дэлхийн аваргын алтыг хоёронтоо, мөнгийг нэг, хүрлийг бас хоёр удаа хүртсэн жүдогийн өлгий нутгийн япончуудыг буулгаад авчихсан байсан болохоор сэтгэл зүйн хувьд давуутай байсан биз. Бас Францын багийн таван гишүүний гурав нь бие бялдрын хувьд Азийн шар арьстнуудаас тэс өмнөө африк гаралтай бөхчүүд байсан болохоор манайханд амаргүй байсан нь мэдээж. Гэвч дөрвөн барилдааны дараа хоёр, хоёр болж тэнцэж алтан медаль тун ч ойрхон өндөрлөснийг хэлэхгүй өнгөрөхийн аргагүй. Багийн тэмцээн бол сэтгэл зүйн хувьд ч, бусдынхаа өмнө хүлээх хариуцлагын хувьд ч тун амаргүй тэмцээн байдаг. Ганцаарчилсан барилдаанд мөнгөн медаль, хүрэл медалийн төлөө барилдаж, шагналт тавдугаар байр дээр буусан Д.Сумьяа энэ удаагийн тэмцээнд эмэгтэйчүүд дундаа өндөр амжилт үзүүлсэн нэгэн. Тэр аваргын төлөө францчуудтай үзсэн барилдаанд ч үүргээ сайн гүйцэтгэсэн. Мөн уг барилдааны 70 кг-ын жинд гарч ирсэн Ц.Наранжаргал сэтгэл зүйн хувьд адармаатай шалгалтыг өгсөн гэж болно. Хэрэв тэр ялагдвал гурав хожигдсоноор асуудал тодорхой болчих учраас тэр ялагдахгүйн тулд бүх биеэрээ, бүр сэтгэлээрээ тулалдсан нь илт харагдаж байсан билээ. Тэр өрсөлдөгчөөсөө бяраар бас техникээр ч илүү байгаагүй. Харин тэр сэтгэлээрээ давуу байж чадсан учраас ялалтыг багтаа авчирч байгаа харагдсан. Монгол эмэгтэйчүүд тийм л байдаг. Улаан чулуу атгахаас буцахгүй зориг зүрхтэй монгол ээжүүдийн өсгөсөн охид тийм байхаас өөр яах билээ. Үүнийг манай бүсгүй жүдочид батлан харуулж чадлаа. Гурав ч хүрэхгүй сая хүнийг төлөөлөн дэлхийн дэвжээнд очсон шавилхан бүсгүйчүүд Казахстаныг 17 сая, Кубыг 11 сая, Польшийг 38,5 сая хүнийх нь хамт жүдогийн татами дээр ялж, амьдралын хатууг дагаж бус сөрж давдаг монгол ээжийн охид гэдгээ гайхуулсан. Тэдэндээ гүнээ талархъя. 

Э.ЭНЭРЭЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Айргийн амт нь чимчигнэсэн алтан намрын өнгө юм аа

Намрын уянга, ухаарал, дуурслыг нэвт шингээсэн Мөрдорж гуайн уг дууны ая аялгуунд шувуудын цуваа шиг шаргал өдрүүд ар араасаа зэллэн ирдэг билээ л. Цаг хугацааны хөнгөн гуниг хөндүүрхэн аястай тунгалаг улиралд хүмүүн гэгч сэтгэл зүрхнийхээ дотоод чинад руу улам тэмүүлж, дурсамж дурдатгалынхаа сайханд буй биеэрээ булхах шиг болдог. Хөхүүртэй айраг уруул чимчигнүүлэн исч, хөдөө хээр уртын дуу алсраад, шарга манхан уулсын хормойгоор адуу мал налайн зээ татсан ухаа хонгор өдрүүдийг бурхны бэлэг гэж бодохоос аргагүйд хүрдэг юм. Нэг санах нь ээ, уртхан налгар ч юм шиг, эс бөгөөс огтоос богино ч юм шиг энэхүү зурвасхан цаг мөчид халуу шатсан зуны сарууд хэдийнэ үүл шиг нүүн одож, сэр сэрхэн салхи үлээсэн сэрүүн бумбын орон алгаа дэлгэдэг. 

Жимс ногооны болц нь бо¬ловсорч гүйцэн хаашаа л хар­на арааны шүлс асгаруулам бөн­жигнөнө. Зуны наранд хахарч гашуурсан айраг хамар сэтлэм сэнхийгээд, улцайж нялцайгаад болдоггүй өрөм хуруу зузаан дарайхыг нь яана. Шар сүү болсон тараг аяндаа өтгөрч бүрэлдээд ца¬гаан элэг огтлоод тавьчихсан мэт гайхам сайхан. Гоо үзэс­гэлэнгээ бахдуулж биш­рүүл­сэн байгаль дэлхий шим шүүсээ татахынхаа өмнө байгаа бүхнээ дэлгэж тавьдаг нь учиртай л биз. Уул толгодын бараа хонгортон бүгээнтээд, улмаар алтран шаргалтаж хүүсхэн хүүсхэн салхины намиргаанд хүмүүний амьдрал бөмбөрөөд ч байх шиг.  

Ийм нэг сэтгэлийг шинэт­гэсэн улирал Мөөеөгийн “Галуун цуваа хөвөрсөн, голын ус нь мэлтэгнэсэн, ганган байгаль хосолсон, гоёхон намрын өнгө…”-тэйгээ ирж байна даа. Намрын тухай дуу олон чиг бий. Гэвч тэр бүгдээс аварга Мөрдоржийн хөгжим, Цэрэндэндэв билүү дээ, нэр нь үл мэдэгдэх жолоочийн шүлгийг нь ундруулсан эл дууны бадаг нугалаанд эрхгүй сэтгэл далавчлаад, тариан түрүү сугсарсан хөндий дээгүүр аяны шувууд адил зэллэх шигт болдог бүлгээ. Адарсүрэнгийн хоолойгоор хоногшсон дуу юм. 

Тэр тухай Адуучийн Басхүү “Гэнэт хашааны хаалга нээгдээд Адараа ах сэвхийтэл ороод ирэв. Орж ирж байгаа нь бас л хийморьтой харагддаг сан. Ээж аав хоёроос манай хүн айна. Ээж хүний эх л болсон хойно, гэргий хүүхдээ хаяад хаагуур яваад байгаа юм, архи дарс уугаад байна уу гэж зэмлэлээ. Тэгтэл жаахан хулгаснаа “Аав ээж хоёр минь уучлаарай” гээд “Хүү нь дөнгөж сая Монголын ард түмэн хэзээд ч мартахааргүй, зуун дамжин дуулагдах нэгэн бүтээлийг радиод бичүүлчихээд ирлээ. Ялангуяа намар цагт миний энэ дууг дуулж хүмүүс намрын сайхныг сэрж мэдэрнэ дээ” гэж байсан сан. Тэр нь “Айргийн амт нь чимчигнэсэн алтан намрын өнгө юм аа” гэсэн дуу. Уг дууг дуулуулах гэж төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуай Адараа ахыг эрж сурч хайсан юм билээ. Өөр дуучнаар эхлээд дуулуулж л дээ. Гэхэд өвгөн “Та нар миний дотроо бодож амилуулсан намрын өнгийг илэрхийлж чадахгүй байна. Үүнийг ганцхан Адараа л чадна. Би түүний хоолойд зориулж бичсэн юм шүү” гэж  хэлж байсан гэдэг” хэмээн дурссан нь бий. Ингэж Мөрдоржийн “Алтан намар” Адараагийн хоолойгоор олны сэтгэлийг долгилуулж, дуучны өөрийнх нь хэлснээр зуун дамжигдах ерөөлийг олж  шүү. 

“Галуун цуваа хөвөрсөн…” гээд эхлэхээр яалт ч үгүй Хөшөөтийн голын минь халиун шаргал намар санаанд бууна. Сав л хийвэл бодол оюунд ургаад цээжин цаана хөндүүрлэн, хөвсөлзүүлээд ирдэг нь оюутан болох жилийн намар юм даа. Хоёр мянга нэг оны наймдугаар сарын хорин тавны орой ижий аав минь ууган хүү намайгаа эрдмийн аянд мордуулахаар үдэж, гол усныхныгаа хүүхэд хөгшидтэй нь цуглуулж найр наадам үүсгээд, ханагар өвгөд хоймор эзэлсэн хайлган тэр үдшийг яахин мартах билээ. 

Маргааш өглөө хотын унаанд дөрөөлөхийн өмнөхөн аав, хаяа хаяагаа дэрлэн буусан хот айлаа гүүн зэл, үнээн зэлтэй бүгдийг нар зөв гурвантаа тойроод ирэхийг хэлж унаган хүлэгт минь мордуулж билээ. Холын холд одох гэж буйгаа тэгэхэд л анзаарч, хоёр нүднээсээ нулимс сувдруулан явахдаа Хөшөөтийн голын намрыг сэтгэл зүрхнийхээ гүнээс мэдэрсэн сэн. Уул ус минь энхрий дотно санагдаж, голын хойно урд багширсан адуу мал намрын хонгор наран дотор налайгаад, зэлтэй унага мөр мөрөө дэрлэн зүүрмэглэж, бага балчраас жалга довных нь чулуугаар тоглож өссөн Гозгорын тэртээгээс элгэмсэг зөөлөн салхи сэвэгнэн, Баянхангай хайрханы наагуур униар хөөг татаад үлгэрийн мэт санагдаж байсан сан. “Хүний дээдтэй учирч, уулсын сайхныг үзэж яваарай” гээд аав минь хоцорсон доо. 

Намрын сарууд надад ийм л дурсамж дурдатгалын цэнхэр сэвэлзээтэй ирдэг билээ. Багын юм мартагдана гэж үгүй сэн. Сумын төвийн ёотон цагаан байшингуудын дунд ижий ааваа санагалзан нус нулимстайгаа холилдон суусан халтар жаалыг будааны тэрэгтэй ах нар “53”-ынхаа тэвшин дээр “шидэж” олон ч удаа гэрт минь хүргэсэн дээ. Нэлэнхүйдээ амуу тариа асгарсан том тэрэгний тэвшин дээр салхи сөрөн дарцаглаж, гол усаа өгсөн намрын хонгор өдөр гэртээ очих сайхан. Шөнө орой хэдийд ч яваад очиход уяа дүүрэн морьд, гэр дүүрэн хүн угтдаг билээ. Тэгээд л айраг найрын дугараа эргэж, өнөө л Адараагийн “Алтан намар” эгшиглээд хяруу унасан намрын буурал өглөө айлын ах нартай адуунд мордохын бахтайг хэлээд яах вэ. Уулсын орой бууралтсан намрын өглөө адуунд мордоход ухаан санаа сийрэгхэн болдог нь дамжиггүй. Цантай хулсан уурга, хазаарын суран жолоо гар хайраад улмаар хурууны өндөг чимчигнээд ирэхэд биеийн эд эс бүхэлдээ сэрэх шиг болдог юм. 

Хайлган хөх үдшээр уулсаа халиаж суух сайхан. Ертөнцийн жам ёсыг эргэцүүлж, өөрөө өөрийгөө танихын эхлэл тавигдах шиг болдог. Өвгөн цохионых нь сүглийлдсэн орой он жилүүдийн дуртгал шиг санагдана. Улирах ца¬гийн аясаар өвсөн толгой жимбүүрдэн исгэрч хэн нэг­нийг санаж эгээрэхийн бодлогошролд умбуулж орхи¬но. Тийм дээ, намар бол дурсан саналзахын, дуулан гэгэлзэхийн, амраглан хайр¬лахын, ариусан гэгээрэхийн улирал юм. Их, Бага Арцын ам, Хэц өндрийнхөө ноёлог уулсын энгэр ташаагаар адуу хураах гэж манарган туучихдаа Нацагдорж, Явуу, Пүрэвдорж, Ширчинсүрэн, Сэр-Одын намрын шүлгүүдийг уншиж явжээ. 

“Найран дээрээс гараад иртэл

Намрын навчис хийсч байлаа

Налгар тэнгэрээр шувуудтай цуг

Нарлагхан намар зэллэн одлоо

Салхи ч үгүй нам гүм байтал

Шарласан навчис хийсч байлаа

Санаанд ч үгүй аж төрж явтал

Санчигны минь үс цайж байлаа…” гэх Явуугийн бодлогошрол ухаарал, за тэгээд л Нацагдоржийнхоо сэтгэл бөмбөрүүлсэн найргийн мөрүүдээс асгаруулж, Пүрэвдорж гуайн  “…Алтан наранд хэлхсэн юм шиг

Ангир шар өдрүүд ар араасаа цуварч

Айраг, найр хоёроо барж ядсан

Ай даа, мөн урт намар байж шүү

Удахгүй өвөлжөөнд танайтай цуг айлсана гэхээс

Уулын толгой будраасай гэхэд будрахгүй

Усны шувууд буцаасай гэхэд буцахгүй

Уртын дуу шиг уянгалсан урт намтар…”-т нь сэтгэл татагдан явж дээ. Одоо эргээд  дээрх шүлгүүдээс уншихуйд Их Арцын уулсын магнаг тэргүүнийг  илбэсэн салхин сэрчигнээ мэдрэгдэж, унасан морины минь хөлс амтагдах шиг болдог сон.   

Манайх Дэлгэрийн буурал шанаанд буусан тэр намрын саруудыг мөн л мартдаггүй ээ. Гэмтсэн унаганыхаа хөлийг эмчлэх гэж ижийтэйгээ хоёул нарийн шаргал дэрсэн дундуур өдөржин алхалж, унагаа зөөлөн зөөлөн гишгүүлж явсан эмзэг уясуухан цаг юмсан. Дэлгэрийн нууранд хичнээн ч төрлийн шувууд цугласан юм бэ. Тэргэл цагаан сартай үдэш гүүгээ тавихаар оройн сааманд гарахад түмэн зүйлийн шувууд ганганалдан чуулаад сэтгэл зүрхийг хилийн торгон утас шиг жингэнүүлж орхино. Ёстой л нөгөө наран тогорууд цээжинд хошуурсан намар гэдэг нь тэр байлгүй.   

Шувууд чуулсан намрын орой зэгс шагшуурга исгэрэхийг чагнаархан нуурын хаяа дэрлэн унтах шиг жаргал үгүй. Тооноор мэлтийсэн сарны туяа асгараад, түрүүхэнд бүлээд орхисон хөхүүртэй айраг чим чим шуугин исч, тариа будааг нь хураасан хөндийд цагаан шаргал солоом хөглөрөн, тэр зүгт адуу мал үүрсэн янцгаалдана. Аавынхаа тэрлэгийг өрөөлдөж нөмрөөд өглөө эртээ адуунд мордохоор хэвтэхэд өнөө “Алтан намрын өнгө” чинь голын шуугианаас, нуурын тэртээгээс, саахалтынхны хот айлаас дуурьсаж л байна шүү дээ.

Тэр жил Сэлэнгийн Алтан¬булагт алба хааж байсан дүүгээ зорихдоо Сайханы хөтөл дээрээс Орхон, Сэлэнгийн бэлчирийг сэтгэл догдлон харж ой шугуйнх нь шаргал халиун намарт уусч явлаа. Нимгэн цагаан үүлс хошуурсан намрын тунгалаг шөнө гол мөрөн уулсаа ороон эмжээрлэн урсахыг харах бас л сайхан. Нарийн хонгор салхи нь найргийн мөрүүд шивнэлээ гэдэг шиг. Аанай буурал найрагч Пунцагийн Бадарчийн хэлсэнчлэн 

“Сонгинын шар шугуй

Солонгын долоон өнгөтэй

Сор мөнгөн намартаа

Согоо уйдам салхитай…” байдаг биз ээ. Сэрүүн Галттай нутгаа сэтгэл сэнсэртэл санадаг Эрдэнэ баавайнхаа Ононгийн намрыг мөн л үзэж нүд баясан явснаа үл мартнам. 

“…Би Альпийн нурууг үзсэн. Оройных нь цас зунаар хайлж уул тэр чигээрээ ус болоод гоожиж байдаг юм билээ. Үнэхээр сайхан байгаль сэтгэл догдлуулдаг юм. Тэгэхдээ би тэр уулыг Хүүлээ шигээ ер хайрлах сэтгэл төрөөгүй. Хүүлээгээ харах бүрт энэ л бодогддог доо” гэж Мягаа эрхлэгч бичсэн нь бий. Нээрээ л орчлон ертөнцийн хаанаас ч хүмүүний үр нутгийнхаа уулсад, нутгийнхаа намарт сэтгэл хоргоддог ажгуу. Амьдрахуйн сайхныг бэлэглэж, алдаа оноо, цэнгэл баяр, уйтгар гунигийг төрүүлэн хэнийг ч болов гэрэлт ирээдүй рүү хөтөлсөн ус голын намар шиг үнэт эрдэнийг хаанаас ч олохгүй болов уу. Халуут сэтгэлээр цэнгэн, хайр энхрийллээр нэгнээ мөрөөдөн байдаг ч хатуу өвлийн буулгыг мэддэгтээ хадлан бордоогоо бэлдэж, тариа ногоогоо хурааж, хулгана хүртэл хөеөгөө цуглуулан  нүргэлсэн их симфони эгшиглэлээ гэдэг шиг намрын бүхий л хөдөлгөөн дунд хүмүүний амьдрал өрнөнө. Намрын уулс гүн их бодлогошролд автаад дотоод хүчээ бид бүхэнд өгдөг болохоор л цээж хөндүүрлэн татагдаж, сэвшээ хонгор салхинаас нь тарнийн шидийг мэдэрдэг биз ээ. “Амуу тариа найгасан, арвин сүрэг налайсан, айргийн амт нь чимчигнэсэн алтан намрын өнгө” ч жинхэнэ утгаараа гэрэлтэн байна даа. Удаа ч үгүй хяруу мөнгөрөн цавцайж, уяа цэрвэнд сойлттой морьд бөн бөн чичирч, усны шувууд ганганан буцаад улс амьтны сэтгэл дэнслээд ирнэ дээ. 

Н.ГАНТУЛГА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Ерөнхийлөгч “Бүтээлч боловсрол-бүтээлч иргэн” сэдвээр теле хичээл заав

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2014-2015 оны хичээлийн жилийн нээлтийн өдөр буюу өнөөдөр “Бүтээлч боловсрол-бүтээлч иргэн /Боловсрол-хүүхэд бүрийн төлөө/” сэдвээр зургаа дахь удаагаа теле хичээл заалаа. Уг хичээлийг МҮОНТВ, UBS, HD Монгол, Боловсрол телевизүүдээр орон даяар шууд дамжуулав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр буюу Эрдмийн баяраар МҮОНТ-ийн 600-гийн студиэс ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад уламжлал болгон хичээл зааж ирсэн юм.

Энэ удаагийн хичээлд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн Б.Уянга багштай 4-б анги, 12 дугаар сургуулийн  Д.Оюунцэцэг багштай 4-б  ангийн сурагчид болон 2013-2014 оны хичээлийн жилд бага боловсролын шинэчилсэн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлсэн багш нар оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн “Гэр” үлгэрээр сэдэвлэн сурагчдад бүтээлч, хамтач байхын үлгэр дуурайллыг сургамжлан, харилцан ярилцаж хичээлээ явууллаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЦЕГ-ын шинэ дарга С.Баатаржав анхны тушаалаараа Х.Тэмүүжингийн эсрэг хөдөлсөн хурандаа нарыг шалгах үүрэг өгчээ

ЦЕГ-ын шинэхэн дарга тэргүүн комиссар С.Баатаржав анхныхаа тушаалыг гаргалаа. Өнгөрсөн пүрэв гаригт Засгийн газрын хуралдаанаар томилогдож, баасан гаригт тэргүүн комиссар цол авсан С.Баатаржав ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрыг хуралдуулав. Ингэхдээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн эсрэг хөдөлсөн гэх хурандаа болон зарим газар хэлтсийн дарга нарыг шалгах асуудлыг ярилцсан байна. Улмаар Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын Аюулгүй байдлын хэлтэст хурандаа нарыг шалгах үүрэг даалгавар өгчээ. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газрын дарга Н.Ууганбаяр, дэд дарга Н.Ариунболд, УМБГ-ын дарга Ц.Батсүх, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Н.Аадарсүх нарыг шалгаж эхэлсэн аж. 

Тэрээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбогдсон  Г.Сарангэрэлийг дээрх хурандаа нар зориуд хөдөлгөсөн хэмээн үзэж байгаа бололтой. 

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрдмийн баяр эхэллээ

Өнөөдөр хүүхэд залуусын эрдэм, номд шамдах 2014-2015 оны их аяллын
гараа эхэлж байна.

Энэ жил сургуулийн өмнөх боловсролд 201 мянга гаруй хүүхэд хамрагдаж
байгаа бол ерөнхий боловсролын сургуульд 511850 сурагч суралцах билээ. Харин дээд
боловсролын тухайд төрийн болон хувийн өмчийн 99 их, дээд сургуульд 168333 оюутан
суралцах тухай Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тус тус судалгаа гаргажээ.

Эдгээр гурван шатны боловсролын байгууллагууд энэ хичээлийн жилд
тус бүртээ нэлээд онцлогтойгоор үйл ажиллагаа явуулах ажээ.

 

201 МЯНГАН БАГАЧУУД ЦЭЦЭРЛЭГТ ЯВНА

Сургуулийн өмнөх боловсролын хувьд цэцэрлэгт орох ёстой 255 мянга
гаруй хүүхдээс 201 мянга нь хамрагдах гэж байгаа юм. Үүнээс 156 мянга нь улсын цэцэрлэгт
орох бол 20 мянга нь хувийн цэцэрлэгт, үлдсэн 25 мянга гаруй хүүхдийг нь хувилбарт
цэцэрлэгт хамруулахаар төлөвлөөд байгаа ажээ.

Өнөө жилийн тухайд сургуулийн өмнө боловсролд хамрагдах ёстой хүүхдийн
тоо найман мянгаар нэмэгджээ.

Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө цэцэрлэгийн бүртгэлийн асуудал нэлээд
хэл ам дагуулж байлаа. Өнгөрөгч сарын 25-аас эхлэн цэцэрлэгийн бүртгэл эхэлж, эцэг
эхчүүд хонон өнжин байж хүүхдээ бүртгүүлж байсан юм. Энэхүү эрэлттэй уялдуулан БШУЯ-наас
энэ жил 60 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулсан тухай хэлж байгаа юм. Түүнчлэн
2014 онд 102 цэцэрлэгийг нэмж ашиглалтад оруулна гэдгээ ч хэлж байна. Үүнээс гадна
мөн энэ онд концессын гэрээгээр 82 цэцэрлэг, сургуулийн барилгын ажлын гүйцэтгэгчийг
шалгаруулж, 20-ийг нь эхлүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ.

 

12 ЖИЛИЙН СУРГАЛТЫН ТОГТОЛЦООНД БҮРЭН ШИЛЖИНЭ

Ерөнхий боловсролын сургуулийн тухайд 12 жилийн сургалтын тогтолцоонд
бүрэн шилжиж буйгаар онцлогтой. Түүнчлэн энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид
59352 сурагч шинээр элсэн суралцаж байгаа бөгөөд бага ангиуд сургалтын шинэчилсэн
хөтөлбөрөөр хичээллэхээрээ мөн онцлогтой жил болно. Учир нь өнгөрсөн хичээлийн жилд
1600 гаруй багш бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг зааж, туршиж үзсэн билээ.
Харьяа яамны мэдээлж буйгаар энэхүү бага боловсролын шинэ хөтөлбөр нь хэд хэдэн
шинэлэг зүйлийг агуулж буй. Тухайлбал, сургалтын хөтөлбөр бус боловсролын хөтөлбөр
болж байгаа, мэдлэг шалгахын оронд чадварыг үнэлэх, сургадаг байснаа суралцах, хичээллэхийн
оронд турших, цээжлэн суралцахын оронд бие биедээ нөлөөлж, чадварыг нь нээн илрүүлэх
гэх мэт шинэ агуулгыг оруулж ирж буйгаараа ялгаатай ажээ.   

Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хангамжийн тухайд
100 хувь хангагдсан ажээ. Ингэхдээ бага ангийн сурагчид сурах бичгээ үнэ төлбөргүй
ашиглах бол дунд ангийнхны тухайд арван хүүхэд тутмын найм нь төрийн санхүүжилтээр
хэвлэгдсэн сурах бичиг ашиглах юм байна.

Ялангуяа сурах бичиг худалдаж авах бололцоогүй, амьжиргааны баталгаажих
түвшнээс доогуурх орлоготой, нэг өрхөөс гурав ба түүнээс дээш хүүхэд суралцаж байгаа
өрхийн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуулиараа дамжуулан бүх хичээлийн сурах бичгийг үнэгүй хэрэглэх аж. Гэхдээ эдгээр
бүх сурах бичгийг багцаар нь авахын тулд тодорхой хэмжээний хураамж төлж байж ашиглана
гэдгийг салбар яамныхан хэлж байгаа юм. Тухайлбал, 11 дүгээр ангид ашиглах 12 нэр
төрлийн сурах бичиг зах зээл дээр 45 мянган төгрөг байхад түрээсийн төлбөр 14 мянган
төгрөг байх юм. Өөрөөр хэлбэл, 31 мянган төгрөгийн хэмнэлттэй гэсэн үг ажээ. Харин
ядуурлын түвшин бага бүс нутагт байрлаж буй төрийн өмчийн 115 сургуулийн дунд, ахлах
ангийн 34 мянга гаруй сурагчид сурах бичгээ зах зээлээс худалдаж авах шаардлагатай
болж байна. Тодруулбал, нийслэлийн төвийн сургуулиуд, Сэлэнгэ, Дархан, Өвөрхангай,
Дундговь, Өмнөговь аймгийн төв болон төвийн бүсийн сумдын сурагчид, энэ онд шинээр
байгуулагдсан болон их, дээд сургуулийн лицейд суралцагч сурагчид сурах бичгээ өөрсдөө
бэлтгэх болж байгаа юм. Дашрамд хэлэхэд, энэ жил шинээр хэвлэгдсэн сурах бичгүүдийн
дундаж үнэ 2820 төгрөг байх гэнэ. Харин өнгөрсөн жил хэвлэгдсэн номуудын хувьд хуучин
үнээрээ худалдаалагдах ажээ. Өнгөрсөн жилээс эхлэн Боловсролын сайдын тушаал гарч,
ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчид нэг ижил дүрэмт хувцас өмсөхөөр болсон
билээ. Тиймээс ч өнгөрсөн жил нийт сурагчдын 40 орчим хувь нь сурагчийн дүрэмт хувцастай
болсон бол энэ жил 70 гаруй хувийг нь дүрэмт хувцсаар хангахаар салбар яам ажиллажээ.

 

ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАГЧ ОЮУТНЫ ТОО БУУРЧЭЭ

Энэ хичээлийн жилд 99 их, дээд
сургуульд 168333 оюутан суралцах тухай дээр дурдсан билээ. Тэгвэл энэ тоо нь өмнөх
жилийнхээс 7258-аар буурсан үзүүлэлт ажээ. Өөрөөр хэлбэл, их, дээд сургуульд элсэгч
оюутны тоо буурчээ. Энэ хичээлийн жилээс эхлэн их, дээд сургуульд элсэгчдээс монгол
хэл, бичгийн шалгалт авдаг болсноороо онцлогтой. Түүгээр ч зогсохгүй ирэх хичээлийн
жилээс эхлэх монгол хэлний шалгалт босго оноотой болох билээ. Их, дээд сургуулийн
энэ хичээлийн жилийн өөр нэг онцлог нь өмнөх жилүүдэд олгодог байсан “Оюутны 70
мянга”-н төгрөгийг зөвхөн шаардлага хангасан оюутанд өгдөг болж буй юм. Өөрөөр хэлбэл,
сурлагын чанар буюу голч онооноосоо хамааран сар бүр авдаг байсан 70 мянгыг авах
эсэх нь хамаардаг болж байгаа. Ингэснээр оюутан сурагчдын сурах идэвх нэмэгдэнэ
хэмээн салбар яам үзэж байгаа бололтой. Түүнчлэн Ерөнхийлөгчийн “Дэлхийн шилдэг
их сургуульд оюутан сургах тухай” зарлиг ёсоор өнөө жил сонгон шалгаруулалтад тэнцсэн
85 оюутан дэлхийн шилдэг 50 их сургуульд суралцахаар болжээ. Үүнээс гадна Засгийн
газар хоорондын гэрээгээр гадаадын 13 оронд 710 оюутан инженер, технологи, байгалийн
болон анагаах ухааны нарийн мэргэжлээр суралцахаар болсон байна.

Мөн өнөө жилээс эхлэн дэлхийн
жишигт хүрсэн инженерийн хөтөлбөрт монгол оюутнууд суралцахаар болоод байгаа юм.
Тодруулбал, манай улсын Засгийн газар Японы Засгийн газартай хамтран “Инженер, технологийн
дээд боловсрол” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Төслийн хүрээнд 1000 оюутан
Япон улсад суралцах ёстой бөгөөд суралцагчдын бүртгэл энэ сарын 3-ныг хүртэл үргэлжлэх
ажээ. 

Т.ГЭРЭЛМАА

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Жудогийн ДАШТ-нд манай улс 131 орноос зургадугаар байрт оржээ

ОХУ-ын Челябинск хотноо өчигдөр өндөрлөсөн жудо бөхийн ДАШТ-нд манай улс 131 орноос зургадугаар байрт оржээ. Хэдийгээр манай улс ганцхан медаль авсан ч тэр нь алт байсан тул ийнхүү эхний аравт багтаж чаджээ. Эргэн сануулахад, ДАШТ эхэлсэн эхний өдөр манай шигшээ багийн тамирчин ОУХМ Г.Болдбаатар 60 кг-ын жинд алтан медаль хүртсэн билээ. Харамсалтай нь түүнээс өөр тамирчин медаль хүртэж чадаагүй юм. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Маргаашнаас эхлэн автобуснууд ердийн маршрутаар үйлчилнэ

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний хэт их ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор наймдугаар сарын 22-ноос эхэлж автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулж байгаа билээ.

Өнгөрсөн жил ч мөн хэрэгжүүлсэн дээрх зохицуулалттай холбоотойгоор иргэд автомашин нь замын хөдөлгөөнд оролцохгүй үед нийтийн тээврээр шуурхай үйлчлүүлэх боломжоор хангах шаардлагатай гэсэн саналыг нийслэлийн удирдлагуудад тавьж байжээ.

Тиймээс иргэдийн саналын дагуу богино эргэлтээр иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн шинэ үйлчилгээг туршилтаар хэрэгжүүлж байна. Энэ нь иргэд 500 төгрөгийн тасалбараар өдрийн турш хэдэн ч удаа нийтийн тээврийн хэрэгслээр богино эргэлтийн чиглэлээр сэлгэлт хийж, зорчиж байгаа юм.

Энэ үйлчилгээ болон автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгойгоор хязгаарлах журам өнөөдөр 21.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Харин маргааш буюу есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн автобусууд хуучин маршрут, үнээрээ, дугаарын хязгаарлалт ердийнхөөрөө иргэдэд үйлчилнэ.