Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ДАЛАЙ ЛАМ: Жирийн нэгэн лам надад хойд дүр хэрэггүй

Буддын шашны тэргүүн XIV Далай лам Германы “Welt am Sonntag”
сонины сурвалжлагчийг Дарамсала дахь өргөөндөө хүлээн авч уулзаж ярилцлага
өгснийг товчлон сонирхуулъя.

-Дээрхийн
гэгээнтэн, түвдүүдийн хувьд бол та бурхан. Баруунд ч таныг  амьд бурхан гэдэг. Танд ер нь сул тал гэж бий
юу?

-Би залхуу. Уг нь бол өглөө 3.30 цагт босч залбирч, бясалгалаа
хийж өглөөний цайгаа уудаг. Дараа нь дахиад бясалгал хийж энэ бүхэнд таваас
зургаан цаг зарцуулдаг. Гадна байдлаас харахад бол би залхуу биш. Гэтэл
онгоцонд яваа хүмүүсийг харахад  юм
уншиж, бичиж, илтгэлээ бэлтгэх зэрэг үргэлж ямар нэгэн зүйл хийдэг. Харин би
бол иймэрхүү зүйл хийдэггүй. Энэ бол миний залхуугийн нэг илрэл.

-Үүндээ
бухимддаг уу?

-Үгүй. Ямар нэгэн юмыг албадлагаар хийх нь  хиймэл юм шиг санагддаг. Төлөвлөхгүйгээр
гэнэт хийх нь илүү. Бүх юмыг чин сэтгэлээсээ хийдэг.

-Тантай
энэ ярилцлагыг хийх гэж намайг ямар их бэлдсэнийг та мэдэх үү?

-Та герман хүн шүү дээ. Бүх юм яг таг байх ёстой. Түүнээс гадна
тавих асуулт  сонин байх ёстой. Хэрвээ би
асуулт тавих ёстой байсан бол бас л чамгүй бэлдэх байсан. Гэхдээ би зөвхөн
хариулах ёстой. Хариуг нь мэдэхгүй бол мэдэхгүй гэдгээ л хэлнэ.

-За
ойлголоо. Тэгвэл богино хугацаанд яаж дэлхийг эдийн засгийн хямралаас гаргах
вэ?

-Үүний хариултыг  би
мэдэхгүй. Улстөрчид л үүнийг шийдэх ёстой. Би мэргэжилтэн биш. Энэ нь
терроризм, хүчирхийлэлтэй хэрхэн тэмцэх вэ гэдэгтэй ижил. Удахгүй улс орны
Засгийн газрын тэргүүнүүд уулзаж олон түмнийг хэрхэн аюулаас гаргах талаар ярих
ёстой. Энэ бол зөв. Гэхдээ давчуу хугацаанд уулзахдаа асуудлын мөн чанарыг
хэлэлцэхээ мартахгүй байх ёстой.

-Таныхаар
бол хямралын үндэс суурь нь юу вэ?

-Шунал, шударга бус явдал. Хүмүүс, бизнес эрхлэгчид нэг
зорилготой. Юу гэвэл  мөнгө, илүү их
мөнгө олох. Бусадтай үр ашгаа хуваалцах гэсэн шунал бол зөв. Зөвхөн өөртөө авах
гэсэн шунал өвчин болдог. Зөвхөн өөрөө илүү мөнгөтэй болох гэсэн сэтгэл  эцэс сүүлдээ компанийг, тэр хүнийг үгүй
хийнэ.Энэ бол  менежерүүдийн хамгийн том
сул тал. Үүнээс болж эдийн засаг хямралд автсан.

-Бусадтай
баялгаа хуваалцаж, ашиг орлого олох бол зүгээр юм байна шүү дээ.

-Зөв замаар, бусдад болон байгаль дэлхийд хохирол
учруулалгүйгээр олсон баялаг бол буруу юм биш. Аз жаргалтай амьдралын нэг хэсэг
бол тухлаг орчинд амьдрах явдал хэмээн буддын шашинтнууд бид үздэг. Гэхдээ
тэрбумтан ч гэсэн аравхан хуруутай, ихээр бодоход нэг хуруундаа гурваас дөрвөн
бөгж зүүнэ шүү дээ. Саятнуудын толгойд олсон ашгаа хураах гэсэн ганцхан бодол
байдаг. Энэ бол бодит зүйл биш зөвхөн тэдний хийсвэр сэтгэлгээ. Үүний оронд
ядуурлыг хэрхэн багасгах талаар бодож байх ёстой.

-Барууны
компаниуд  ард иргэд нь орлого багатай
орнуудад хөрөнгө оруулалт хийж байгаа талаар таны бодлыг сонсох гэсэн юм. Энэ
нь тус улсыг мөлжиж байгаа хэрэг үү эсвэл тус болж байна уу?

-Хөрөнгө оруулагч ямар санаа агуулснаас шалтгаална. Гэхдээ
Хятад, Энэтхэгийн компаниудад хөрөнгө оруулалт хийж буй барууныхан хятад,
энэтхэгчүүдийн амьдрал дээшлээсэй гэж бодож байгаа гэдэгт би итгэхгүй байна.
Тэд хямд хөдөлмөрийн хүчийг ашиглаж байгаа. Хэрвээ барууны хөрөнгө оруулагч ёс
суртахууны үүднээс тус улсын хүмүүсийн амьжиргааг сайжруулах зорилготой бол өөр
хэрэг. Барууны хөрөнгө оруулагчид нь Хятадад ардчиллыг хөгжүүлж, хүний эрх,
хэвлэл мэдээллийг эрх чөлөөтэй болгоход хувь нэмрээ оруулах боломжтой.

-Аливаа
компанийн удирдах зөвлөлийн гишүүн халааг нь авах сайн хүнтэй болохыг хүсдэг.
Харин таны дараагийн дүрийн тухай асуудал бол үүнээс илүү чухал. Энэ тухай
бодол таны олон шөнийн нойрыг хулжаасан уу?

-Үгүй. Энэ бол тийм хэцүү асуудал биш л дээ. Би жирийн нэгэн лам
тул хорвоогоос халихад хойд дүр хэрэггүй. Харин төрийн тэргүүний албыг хашиж
байсан Далай ламын хувьд бол би найман жилийн өмнө ажлаа өгсөн. Нэг үгээр
хэлэхэд ямар ч асуудал байхгүй. Би 1969 онд хэлж байсан. XV Далай ламыг
тодруулах эсэхийг түвдүүд өөрсдөө л шийдэх ёстой. Би бол ердөө санал дэвшүүлсэн
бөгөөд үүнээс илүүг хийж чадахгүй.  

-Энэ
зуунд  хурдтай хөгжиж буй Хятад дэлхийд
давамгайлна гэдэг үнэн үү?

-Хятад маш их эрчтэй болсон. Үүний нэг тод жишээ бол чөлөөт зах
зээлийн зарчмыг нэвтрүүлэхэд эдийн засаг хэрхэн хөгжсөн явдал. Гэхдээ Хятадын
нийгэм дэх үнэт зүйлс дутагдаж байгаа. 
Коммунизмын үнэт зүйлс аль хэдийнэ замхарсан. Түүний оронд мөнгө хамгийн
үнэт зүйлс болчихлоо. Хятадын дээдчүүд нь зөвхөн мөнгө, эрх мэдлийн тухай бодож
байна. Ийм байдал  бүхнийг үгүй болгох
аюултай.

-Шашин,
төр, эдийн засаг гурав нягт холбоотой. Та эсвэл Ромын пап дэлхийн энэ байдлыг
өөрчилж чадна гэдэгт  итгэдэг үү?

-Би дэлхийн улс орнуудаар шашны тэргүүний хувьд аялдаггүй. Би
жирийн нэг хүн, ердийн  лам. Намайг Далай
ламын хувьд хүлээж авдаг тул мэдээжийн хэрэг илүү боломжтой. Би 50 жил хилийн
чанадад амьдарч, чамгүй туршлага хуримтлуулсан тул бусадтай хуваалцах зүйл ч
багагүй бий. Бидний энд яриад байгаа ёс зүйн зарчим нь надад эрч хүч өгч
байдаг. Эрч хүч нь надад дотоод сэтгэлийн тайвшрлыг бий болгодог. Ингэснээр би
олон хүнд хүрнэ гэж боддог.

-Та
гадаадад дээд зэрэглэлийн зочид буудалд буусан байхад ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Чин үнэнээ хэлэхэд зочид буудлын өргөн орон дээр хэвтэхэд тийм
ч сайхан санагддаггүй. Өрөөнд ямар нэгэн сүнс байж магадгүй гэж боддог. Тиймээс
энгийн зочид буудалд буулгахыг хүсдэг. Орчин үеийн, цэвэрхэн, тухтай газарт
дуртай л даа. Ихэнхдээ иймэрхүү юманд би нөлөөлж чаддаггүй.

-Тансаг
газар байхад эвгүй санагддаг уу?

-Яагаад ингэх ёстой юм бэ гэж боддог. Надад сайхан байгаа бол
бусдад ч илүү сайн сайхан зүйл хийнэ. 
Мэдээж тансаг газар буусан байхад ядуу хүмүүсийг хараад сэтгэл өвддөг.

Нэг удаа Вена хотод унтахынхаа өмнө цонхоор хартал нэг хүн
гудамжинд унтаж байхыг харсан. Өглөө босоод хартал нөгөө хүн тэндээ унтаж л
байсан. Би түүнд талх, жимс өгч явуулсан. Түүнийг зовлонгоос хэсэг хугацаанд ч
гэсэн нимгэлэх гэж.

-Та  хамгийн сүүлд хэзээ шударга бус загнасан бэ?

-Заримдаа тэвчээр алдархаар. Гэхдээ дараа нь би уучлал гуйдаг.
Үе үе ийм юм тохиодог.

Categories
гадаад мэдээ туслах-ангилал

Гүнж Кейт удахгүй хоёр дахь хүүхдээ төрүүлнэ

Их Британийн гүнж Кейт  удахгүй хоёр дахь хүүхдээ төрүүлэх гэнэ. Ийнхүү хаан ширээг залгамжлах хунтайж Уильямсийг бүл нэмэх юм байна.  Энэ тухай  Кенсингтоны ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Хатан хаан Элизабета II болон тэдний гэр бүлийнхэн энэ тухай мэдээд ихэд баярласан аж. Гүнж Кейт жирэмсний хордлоготой байгаа тул ойрын өдрүүдэд албан ёсны арга хэмжээнд оролцож чадахгүй гэнэ. 

Ю.Дэлгэр

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Алтанхуяг: Засгийн газрын танхимын сэлгээ хийх асуудлыг намрын чуулганаар шийдвэрлүүлнэ

Монгол ахан дүүсээ,
Мэнд сайн бол үйлс сайн гэж үг бий. Дэвжих Монгол орны минь дэлгэр заяат түмэн олон Та бүхэн тавтай сайхан намаржиж байна уу.

Эх оронд маань намрын налгар өдрүүд айлчлан ирж, урин зуны улиралд алжаалаа тайлсан та бүхэн маань шинэ эрч хүчээр ажил үйлстэйгээ золгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Улс орон даяар хичээлийн шинэ жил эхэлж, тариаланчид ногоочид маань хавар, зуны нөр их хичээл зүтгэлийнхээ үр шимийг хурааж, мал сүрэг тарга тэвээргээ авч, малчид маань хадлан тэжээлээ бэлдэж байгаа их ажил хөдөлмөрийн өдрүүдэд та бүхэнтэйгээ мэндчилж байна.

Шинэчлэлийн Засгийн газрын хичээж зүтгэсэн энэ хоёр жилийн хугацаа шинэчлэл, өөрчлөлт, их бүтээн байгуулалтын үе байж чадлаа.

Хэдхэн жишээ дурдахад, Монгол Улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт 200 Мвт хүчин чадлыг барьж байгуулсан бол бид хоёрхон жилийн дотор энэ 20 жилтэй тэнцэх  хүчин чадлыг бүтээн босголоо. Бидний бүтээн байгуулалт ингээд зогсохгүй, ирэх хавраас эхлэн нийтдээ үүнээс 7 дахин илүү хүчин чадалтай гурван ч цахилгаан станцыг бүтээн байгуулж эхэлнэ.

Таван Засгийн газар дамжин, 12 жилийн хугацаанд нийтдээ 2300 км зам тавьсан бол Шинэчлэлийн Засгийн газар хоёрхон жилийн хугацаанд 2500 км зам буюу түүхэндээ хамгийн их замыг тавьж чадлаа. Гэхдээ энэ нь ч бас бидний хувьд эцсийн үр дүн биш ээ, бид дараагийн 2 жилд бүх аймгийн төвийг улсынхаа нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлаа дуусгана. Зам дагаж хөгжил ирнэ. Хэдхэн хоногийн өмнө нийслэлдээ Богд уулын шинэ замыг ашиглалтад орууллаа. Энэ ч бас бидний хувьд эцсийн үр дүн биш. Шинэчлэлийн Засгийн газар Монголдоо, Улаанбаатартаа анхны хурдны замыг бүтээн босгоно.

Орон сууц, барилгын салбарт бид багагүй амжилт оллоо. Өмнө нь жилд хамгийн ихдээ 800 мянган метр квадрат орон сууц барьдаг байсан бол бид нэг жилийн дотор 36 мянган өрх орон сууцтай болох боломж бүрдүүлж, 1 сая 200 мянган метр квадрат орон сууц ашиглалтад өглөө. Барьж байгуулах нэг ажил. Харин барьчихсан орон сууцанд орох, байртай болох Монголчуудынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэх нь үүнээс дутахгүй чухал ажил. Шинэчлэлийн Засгийн газар үүнийг шийдэж чадсан.

Жилийн 16 хувийн хүүтэй байсан орон сууцны зээлийн хүүг хоёр дахин багасгаж 8 хувийн хүүтэй болгосноор өрх тус бүрийн сард төлөх хүүгийн төлбөр 400 мянган төгрөгөөр буурч, зээл төлөх нийт хугацаандаа өрх бүр 50-70 сая төгрөг хэмнэх боллоо. Энэ бололцоог зөвхөн Улаанбаатарт төдийгүй улс орон даяар хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн иргэд 7 хувийн хүүтэй зээлд хамрагдаж эхэллээ.

Чингис бондын санхүүжилтээр Байшин үйлдвэрлэх, угсрах үйлдвэрүүдийг сэргээснээр барилгын гол материал болох арматур, цементийн үйлдвэрлэл гадны  хараат байдлаас гарах эхлэл тавигдлаа. Хөтөлд 1 сая тн хүчин чадал бүхий Цементийн шинэ үйлдвэрийн хүрд эргэж, эх орны хэрэгцээний гуравны нэгийг хангаж эхэллээ. Ирэх жил нийт 2 сая тн хүчин чадал бүхий үйлдвэрүүд шинээр үүд хаалгаа нээснээр дотоодынхоо цементийн хэрэгцээг бид бvрэн хангана.

Өөр нэгэн сайн мэдээ гэвэл Монгол Улс байгалийн хийтэй ижил найрлагатай, нүүрсний давхаргын метан хийн томоохон нөөцөө нээж оллоо. Таван Толгойн нүүрсний ордод 20-30 тэрбум метр куб метан хий  байгаа нь судалгаагаар батлагдлаа. Уг хийгээр Улаанбаатар хотын дулаан, цахилгааны хэрэгцээг 30 жил хангах боломжтой юм. Энэ нь Улаанбаатарын утааг хамгийн хурдан, оновчтой, шийдэх арга зам билээ.

Бид Монголбанктай хамтран гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнж тогтворжуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр иргэдийнхээ халаасанд 650 тэрбум төгрөг үлдээж чадсан. Валютын ханшийн савалгаанаас болж 2000 төгрөгөөс хол давах байсан шатахууны үнийг тогтворжуулжснаар нэг л өглөө нэмэгддэг байсан бензиний үнийн өсөлтийг бид сүүлийн 2 жилд мартжээ. Нүүрсний үнийг тонн тутамд 200 мянгаас 80 мянган төгрөг болгон хямдруулснаар гэр хорооллын 160 мянган өрхийн нүүрсний зардал 70-аад тэрбум төгрөгөөр  хэмнэгдсэн.

Эх орны эрүүл хөрсөнд ургасан хүнсний ногоогоор зах, дэлгүүрүүдийн лангуу дүүрч, энэ жил эх орны улаан буудай, төмс, гурилаар дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангахаар байна.

Орон нутагт иргэд төсвөө өөрсдөө мэдэн үр дүнтэй зарцуулах боломж өгч, энэ жил 280 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаа нь Монгол Улсын 1997 оны төсвийн нийт зарлагатай тэнцэж байна. Аймгийн төвүүдийг хот болгох ажил, “Шинэ сум” төслүүд ч үргэлжилж байна. Хөдөө орон нутгийн иргэд оношлуулах, эмчлүүлэх гэж Улаанбаатар хотыг зорьж цаг, мөнгөө үрдэг байсан үеийг халж 11 аймгийн төвд орчин үеийн оношилгооны төвийг байгууллаа. Мөн бүх аймгийн төв, нийслэлийн 80 цэгт Төрийн үйлчилгээний цахим машин иргэдэд шуурхай үйлчилж байна.

Өнгөрсөн хугацаанд өмнөх 5 жилийн дунджаас 3 дахин илүү буюу 105 цэцэрлэг ашиглалтад оруулж, 10.000 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, хувийн хэвшилд 1000 гаруй тусгай зөвшөөрлийг цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахаар олгосон байна.

Засгийн газраас хэрэгжүүлсэн “ЭЗЭН-100” хөтөлбөрийг эдийн засгийн хүндрэлийг 100 хоногийн хугацаанд нэг мөр шийдчих юм шиг мушгин гуйвуулж улстөржүүлэх боллоо.

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын гол зорилго нь:

1) Эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг Их хурал, Засгийн газраар хурдан шуурхай шийдвэрлүүлэх,

2) Хувийн хэвшлийнхэн бизнесийнхнийг дэмжин, тэднийг татан оролцуулж хамтран ажиллах,

3) Олон сар, жилээр хурсан асууудлуудын гацааг гаргаж, бизнест ээлтэй орчинг бий болгохыг зорьсон юм.

Энэ дашрамд Засгийн газраас санаачлан оруулсан эдийн засгийн олон чухал асуудлыг 100 хоногийн хугацаанд цаг алдалгүй баталж шийдвэрлэхэд хүчин зүтгэл гаргаж хамтран ажилласан УИХ-ын гишүүддээ нам харгалзалгүй баярлаж талархсанаа илэрхийлж байна. Мөн 100 хоногийн хугацаанд төр хувийн хэвшил хамтарч чадвал их зүйл шийдэх бололцоотойг харуулж, бидэнтэй хамтран зүтгэсэн хувийн хэвшил, бизнесийнхэндээ бас баярласнаа илэрхийлье.

Шинэчлэлийн Засгийн газар “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд шинэ төмөр зам бүтээн байгуулах шийдвэрээ гаргаж УИХ-д өргөн барилаа.

Монголоос гарах бүтээгдэхүүн хямд үнээр далайн боомт хүрэх гэрээнүүдийг байгуулж чадлаа.

Бизнесийн орчинг ээлтэй болгох зорилгоор том бүтээн байгуулалтын төслүүдэд дэмжлэг үзүүлж, жижиг дунд үйлдвэрүүдээ гааль,НӨАТ-н татваруудаас чөлөөллөө.

Бизнес эрхлэгчид, иргэдээ дэмжих зорилгоор Орлогын татвар, НӨАТ-уудын буцаан олголтын хуулиуд өргөн баригдлаа.

Далд эдийн засгийг ил болгох, баялаг бүтээгчдийг  элдэв төрлийн дарамтаас салгах Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Мэргэжлийн хяналтын байгууллагын шинэчлэлийн хууль, зөвшөөрөл лицензийг цөөлөх хуулиуд батлагдахад бэлэн боллоо.

Эдийн засгийг эрчимжүүлэх ажил 100 хоногоор дуусах учиргүй. Харин ч энэ эрчээрээ улам цаашаа ажиллах болно.

Монгол хүний төлөө, Монгол төр, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлийн төлөө зүтгэсэн хоёр жилийнхээ дэлгэрэнгүй тайланг Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөрийн үр дүнгийн хамт Монгол Улсын Их хурал, Монголын ард түмэн,айл өрх бүрт тайлагнах ажлаа Засгийн газар ойрын үед зохион байгуулна.

Монгол ахан дүүсээ,

Бидний ажил үйлс, амжилт бүтээл дандаа дардан шулуун байгаагүй ээ. Өнөөдрийн эдийн засгийн энэ хүндрэлтэй нөхцөл байдал ч нэг өдрийн дотор бий болоогүй. Нүүрсний болон зэсийн үнийн огцом өсөлт биднийг тэрхэн хугацаанд муу занд сургаж амжсан.

Оюу толгойн анхны хөрөнгө оруулалт, долларын их урсгал дандаа ийм байх юм шиг, дангаараа хөгжиж чадах юм шиг ойлголтыг ч зарим хүмүүст төрүүлсэн юм.

Нөгөөтэйгүүр хөрөнгө оруулагчдаа үргээж, хайгуулын үйл ажиллагааг царцааж, 106 лицензийг шүүхээр цуцалж, Оюу толгойг тойрсон эрүүл бус улстөржилт, Таван толгой төслийг гацаасан үйл явдлын өрнөлт, улс төрчдийн хариуцлагагүй мэдэгдлүүд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг барьсан, хорьсон тухай мэдээ…

Энэ бүхнийхээ төлөөсийг бид өнөөдөр өөрсдийн хармаанд байгаа монгол төгрөгөөрөө, эдийн засгийн өсөлтийн аажмаар буурч байгаа үр дүнгээр төлсөөр сууна.

Гэхдээ бид уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналт, гадаадын хөрөнгө оруулалтын огцом бууралт, хавтгайрсан халамжийн уршигт үр дагавар, “үйлдвэрлэдэггүйн гай”-гаас эхтэй валютын ханшийн өсөлтийг үглэж үсчих, өөгшүүлж дэвэргэх, тэвдэж сандрах биш бодит тооцоо судалгаанд  үндэслэн сэтгэл гарган зүтгэж, толгой гудайлгүйгээр даван туулж байна.

Одоо хоосон улс төрөө хойш тавьж, ултай суурьтай асуудлаа шийдэх цаг болжээ.

Улс орны аюулгүй байдал, гадаад харилцаа, хөршүүдийн бодлого дээр мөн банк санхүүгийн итгэлцэл, монгол төгрөгийн ханшин дээр улс төр бус улс үндэстний эрх ашиг vйлчлэх ёстой.

Гадна дотны олон хөрөнгө оруулагч манай хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин шинэ хуулиудаа даган эрс сайжирсныг үнэлж байна. Гагцхүү Оюу толгой, Таван толгой төслүүдийн гацаатай байдал Монгол руу орж ирэх хөрөнгө оруулалтын гол түгжээ нь болоод байна. Тиймээс бид энэ намартаа Оюу толгой төслийг гацаанаас нь гаргаснаар 4 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөл бүрдэх юм.

Саяхан Засгийн газраас Таван толгой нүүрсний ордын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа. Ойрын хоёр жил хагасын дотор 30 сая тн нүүрс угаах хүчин чадал бүхий үйлдвэр барих, энэ хэмжээний нүүрсийг жил бүр экспортлох, төмөр замыг гүйцээн барьж байгуулах, урьдчилгаа төлбөр төлөх, удирдлага менежментээ хариуцах нөхцөлтэйгөөр гадна дотны хөрөнгө оруулагчдыг татах замаар Таван толгойн асуудлыг энэ ондоо багтаан шийдвэрлэнэ.

Зөвхөн сөрөхийн тулд сөрөх бус улс үндэстний эрх ашгийн асуудалд нэгдмэл байр суурьтай байж, том төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин ажиллахыг уриалж байна.

Улс төрийнхөө тэмцлийн үр дүнг Засгийн газрыг нурааснаар бус, хэн нэгэн сайдыг огцруулснаар бус, харин улс орноо хэрхэн яаж хөгжүүлснээрээ, аливаа хүндрэлийг хамтдаа даван туулж чадсан эсэхээрээ үнэлүүлдэг болох ёстой.

Албан тушаал тойрсон улс төрөөс асуудал шийдсэн улс төрд шилжиж ажиллахыг хүсч байна. “Ордны хуйвалдаан”-аас илүү олон нийтийн санаа бодолд тулгуурлаж ажиллахыг санал болгож байна.  

Олон нийтийн, олон судалгааны үр дүнгээр улс төрийн тогтвортой байдал нь эдийн засгийн хүндрэлүүдийг давах гол нөхцлүүдийн нэг гэж дийлэнх олонхи үзсээр байгааг энд сануулах шаардлагагүй биз ээ.

Гэхдээ энэ нь хариуцлагаас мултрах, ажлаа эрчимжүүлэх, асуудлаа шийдвэрлэхээс бултах арга зам болох ёсгүй бөгөөд Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд өнөөдөр Та бүхэнд хандан дараахь зүйлийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Монгол ахан дүүс ээ,

Шинэчлэлийн Засгийн газар илүү хурдтай, илүү эрчтэй, нягт нямбай, өндөр хариуцлагатай, шинэ эрч хүчтэй ажиллахын тулд Засгийн газрын танхимын сэлгээ хийх асуудлыг миний бие удахгүй эхлэх УИХ-ын намрын ээлжит чуулганы эхээр санаачлан оруулж шийдвэрлүүлнэ гэдгээ өнөөдөр зарлаж байна. Засгийн газрын танхимын сэлгээнд зарим сайдуудын асуудлаас гадна Засгийн газрын бүтцийн асуудлыг хамтад нь оруулж шийдвэрлэх болно.

Шинэчлэлийн төлөө сэтгэл гарган хийж бүтээсэн, ухарч шантралгүй урагшилж тэмүүлсэн хоёр жилийн хугацаанд өгсөн итгэлээрээ улам дэмжиж, үг үйлдлээрээ өмөөрөн зогссон Монголын бүх иргэддээ талархлаа илэрхийлье.

Олон жилийн урхагийг эдгээж, уршгийг засаж явахад шинэчилэл өөрчлөлтийн ард бат хэрэм, хийж бүтээхэд торгуулийн суман болж зогссоор байгаа Ардчилсан намынхандаа талархлаа илэрхийлье.

Эх орныхоо төлөө эеийг эрхэмлэж, эвлэж хамтран хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа Шударга ёс эвсэл, Иргэний зориг ногоон нам, бие даагч гишүүддээ талархлаа илэрхийлье. Гадаад бодлого, үндэснийхээ эрх ашигийн төлөө хамтдаа зогссон сөрөг хүчиндээ бас талархлаа илэрхийлье.  

Шинэчлэлийн Засгийн газрын чадамж, хүч бололцоо шавхагдах болоогvй байна. Энэ намар бид олон чухал шийдвэрийн ард гарах учиртай.

Төмөр замын асуудлаа эцэслэж, Таван толгой, Оюу толгойгоо хөдөлгөх ёстой.

Өрийн удирдлагын хуулиа баталж,эдийн засгийн ил тод байдлыг хангах эрх зүйн орчинг бий болгох ёстой.

Хөрөнгийн биржээ амь оруулж, хувьчлал, төрийн өмчөө эзэнжүүлэх ажлыг шуурхайлах ёстой.

Хөрөнгө оруулалтын баталгааны сан болон Компанийн бизнесийн моргейжийг шинээр бий болгож, гэр бүл, найз нөхдийн зарчим дээр суурилсан компанийн одоогийн засаглалыг олон нийтэд нээлтэй болгох сонгодог зарчимд оруулах ажлыг бид хийх ёстой.

Хүүхэд багачуудаа халамжилж, хөгшид буурлуудынхаа тэтгэврийг нэмэгдүүлж, хөдөлмөрлөж ажиллаж байгаа хүмүүсийнхээ цалин хөлсийг ч нэмэгдүүлэх ажлаа шинэ төсвийн жилээс бид хийх ёстой.

Хоёр долоо хоногийн дотор сvvлийн 5-11 жилд Монголд ирээгүй байсан, дэлхийн бодлогыг тодорхойлогч хоёр том хөрш гүрний удирдагчид эх оронд маань түүхэн айлчлал хийж, түүхэн олон чухал шийдвэрт гарын үсгээ зурцгаалаа. Олон чухал төсөл хөтөлбөрийн гарааны шанг татлаа. Одоо биднээс зөвхөн идэвхтэй үйл ажиллагаа, эв эеэ дээдэлсэн хамтын хүчин чармайлтыг л шаардаж байна. Талын зам төслийн хүрээнд Монгол Улсаар дайрсан дэд бүтцийн том зам, хоолой, шугамуудыг гурван улсын удирдагчид Улаанбаатар хотноо нээх тэр агшин ойрхон байна.

Мал сүрэг маань өсч өдгөө 60 саяд хүрлээ. Энэ тоон дотор монгол адуу 3 саяд хүрч тоологдлоо. Унаагаа юүлж, уналгаа бэлдсэн болохоор энэ жилийн эцэс, ирэх оны эхээр Монголчууд маань түүхэнд анх удаагаа 3 сая дахь иргэнээ өлгийдөж авна. Монголчууд бидэнд эх орон гэдэг нэг эрх ашиг, хөгжин хүчирхэгжих гэдэг нэг л зорилго бий. Төр түвшин, түмэн олон минь амгалан байг.

Хүн шиг амьдарч, Улс шиг хөгжихийн төлөө хамтдаа зүтгэцгээе.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гурван улсын тэргүүн Душанбед уулзана

Энэ сарын 11-12-нд Тажик улсын нийслэл Душанбе
хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит дээд хэмжээний
уулзалтын үеэр Монгол, ОХУ, Хятад улсын төрийн тэргүүн нар уулзах нь тодорхой
болжээ. Энэ оны тавдугаар сард Шанхай хотноо болсон Азид хамтран ажиллах, итгэлцлийг
бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын дөрөв дэх дээд хэмжээний уулзалтын үеэр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн хөрш ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын
дарга Си Жиньпин нарт гурван талын уулзалтыг Улаанбаатар хотноо зохиох саналыг
тавьсан билээ. БНХАУ-ын ГХЯ-ны өнгөрсөн долоо хоногийн ээлжит мэдээллийн үеэр
тус яамны хэвлэлийн төлөөлөгч “Уулзалт ойрын үед болно” хэмээн мэдээлснийг
Синьхуа агентлаг мэдээлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан гурван
талын уулзалт нь энэхүү уулзалтыг Улаанбаатар хотноо зохиох санал бөгөөд энэ
уулзалтыг хэрхэн яаж хийх талаар Душанбе хотноо ярих болно хэмээн албаны эх
сурвалж мэдээллээ.

 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Чөлөөтийнхэн эхний ялалтаа авлаа

Узбек улсын нийслэл Ташкент
хотод  болж байгаа Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д манай бөх дөнгөж
сая анхны барилдааны хийж мөн анхны ялалтаа авлаа. 57 кг-ийн жинд барилдсан
ОУХМ Э.Бэхбаяр 1-р тойрогтоо АНУ-ын бөх Энтони Рамосыг 7:4 харьцаагаар яллаа. Өнөөдөр эрэгтэй чөлөөт бөхийн 57, 70, 86, 125 кг-ын жингүүдийн
барилдаан болж дүнгээ гаргах юм. Монголын тамирчдаас 57 кг-д
Э.Бэхбаяр, 70 кгд Б.Анхбаяр,86 кг-д О.Үйтүмэн, 125 кг-д Ж.Чулуунбат нар барилдана. Манай бөхчүүдийн өнөөдөр эхний
тойрогтоо дараах барилдаануудыг
хийх юм.

– 125кг-ын жинд 26 бөх хүч үзэхээс ОУХМ Ж.Чулуунбат 1-р тойрогт Вэнэсуэлийн бөх
Луис Вивьенастай барилдана.
– 86 кг-ын жинд 38бөх барилдаж байгаагаас бөх ОУХМ О.Үйтүмэн1-р тойрогт хийлж
2-р тойрогт Грекийн бөх Тимофей Ксенидистэй таарчээ.
– 70 кг-ын жинд 29 бөх барилдаж байгаагаас ОУХМ Б.Анхбаяр 1-р тойрогт хийлж,2-р
тойрогт Тажикийн бөх Зелимхан Юсуповтай барилдана.
                  
Чөлөөт бөхийн эрэгтэй 44 дэх, эмэгтэй 25 дахь ДАШТ-нд 100 орчим орны 800 гаруй
бөх зодоглоно. 

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Тариаланчид салбарын сайдаа эсэргүүцэн жагсаж байна

“Тариаланчдын эсэргүүцлийн
цуглаан” Дархан-Уул аймгийн Хонгор суманд болж байна. Тариаланчид,  газар тариалангийн салбарын томоохон аж
ахуйн нэгжүүдийн эзэд нэгдэн нийлжээ. Жагсагчдын тэргүүн эгнээд
“Гацуурт”-ын Л.Чинбат, “Шим”-ийн Л.Цандэлэг гэх
бизнесмэнүүд ч гарч, байр сууриа илэрхийлж байна. Шинэхэн томилогдсон салбарын
сайдынхаа үйл ажиллагааг эсэргүүцэн тариаланчид тэмцлийн хэлбэрийн сонгоод
байна.


Үйлдвэр, хөдөө аж ахуйн шинэ сайд
Ш.Түвдэндорж  буудайн үнийг бууруулж,  гурилын үйлдвэрүүдэд хямдаар
өгөх ёстой гэж үзсэнээс ийнхүү
эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.

Тариаланчдын
хувьд “Бид
будаагаа хямд өгч чадахгүй. Хэрэв тэгвэл дампуурна. Ийм бодлого хэрэгжүүлвэл
монголд тариа тарих хүн олдохгүй. Хэрэв ингэсэн тохиолдолд
ирэх жил гэхэд газар тариалангийн бүх талбай рапсын талбай болно. Бид ч ашгаа
бодоод рапс тарина” хэмээж байгаа ажээ. 

Салбарын
сайдынхаа шийдвэрийг эсэргүүцсэн тариаланчид цаашид ч тэмцлээ үргэлжлүүлнэ
гэдгээ илэрхийлээд байгаа.  Тодруулбал, тэд  “Тариалан гэж юу вэ?”,
“Тариалан гэж ийм юмыг хэлдэг юм ш дээ”,
“Тариагаар та хооллодог” гэх мэт цуврал хичээл,
үзүүлбэрүүдийг сайддадаа
хандан заана гэдгээ хэлж байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Цахилгааны үнийг хууль бусаар нэмжээ


Цахилгаан
түгээгч, дамжуулагч байгууллагуудын эрчим хүчний үнэ тарифын өөрчлөлтийг
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас  хянаж, нэмэх эсэх
зөвшөөрлийг олгодог байна. Харин тус газраас энэ зөвшөөрлийг олгоогүй байхад 
Эрчим хүчний зохицуулах хорооноос энэ оны долоодугаар сарын 21-ний өдөр айл
өрх, албан байгууллагын цахилгаан эрчим хүчний нэг квт.цагийн үнэ тарифыг таван
төгрөгөөр нэмэх тогтоолыг баталж, наймдугаар сарын 10-аас уг тарифийг мөрдөж
эхэлжээ. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчжээ

Мөн
аж ахуй, байгууллагууд ч бараа бүтээгдэхүүний үнэ тарифт өөрчлөлт оруулах
хүсэлтээ Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн
төлөө газарт мэдэгдэж, зөвшөөрөл авах үүрэгтэй байдаг аж. Гэвч нэр бүхий
зургаан байгууллага энэ үүргээ зөрчиж, цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг
нэмэгдүүлсэн байна. Тиймээс  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас
зөвшөөрөлгүйгээр цахилгаан эрчим хүчний үнийг нэмсэн зургаан аж ахуй эрхлэгчид
улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлжээ. Мөн цахилгааны үнийг наймдугаар
сарын 10-ны өдрөөс эхлэн нэмэх  тогтоолуудыг хүчингүй болгох  албан
бичгийг Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлсэн байна.

Мөн
хууль зөрчиж, цахилгааны үнийг дур мэдэн нэмсэн байгууллагуудад торгуулийн арга
хэмжээ авчээ. Ингэхдээ байгууллагыг өмнөх жилийн борлуулалтын орлогын 0.5
хувиар, албан тушаалтнуудыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгожээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ШУТИС сургалтын төлбөрөө 13.2 хувиар нэмжээ

ШУТИС 15 бүрэлдэхүүн сургуультай байсан бол энэ хичээлийн жилээс эхлэн есөн сургуультай  болжээ. Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд бүрэлдэхүүн сургуулиудыг нэгтгэсэн бөгөөд хуучин 137 хичээлийн хөтөлбөртэй байсныг өнөөдөр 53 болгон өөрчилсөн байна.

30 мянга гаруй оюутантай тус сургууль сургалтын төлбөрөө энэ жил инфляцийн өсөлттэй уялдуулан 13.2 хувиар нэмсэн байна. Нэг кредит цаг хичээл үзэхэд 49.2 мянган төгрөг болжээ. Нэг оюутан хичээлийн жилд дунджаар 30 кредит цаг хичээл үзнэ гэж тооцвол жилийн төлбөр дунджаар 1.5 сая төгрөг болж байгаа юм.

Дэлхийн түвшинд өрсөлдөх монгол инженер бэлтгэх зорилгоор сургалтын үйл ажиллагааг чанаржуулахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа тухай өчигдөр сэтгүүлчдэд онцлон мэдээлсэн юм.

Үүний тулд судалгаанд суурилсан сургууль болгох загвар гаргаж байгаа бөгөөд мэргэжлийн хөтөлбөрүүдээ шинэчилж, бүтэц зохион байгуулалтаа өөрчилсөн нь энэ зорилтын хүрээнд хийж буй ажил хэмээн ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний төвийн проректор Ч.Баасандаш танилцууллаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Оюутнуудад эрүүл мэндийн үзлэг хийнэ

2013 оноос Есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон тэмдэглэдэг болсон билээ. Энэ жилийн хувьд “Эрүүл оюутан-Эрүүл ирээдүй” уриан дор тэмдэглэж байгаа аж. Аяны хүрээнд оюутнуудад үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг хийнэ. Мөн “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг оюутны дунд зохион байгуулж, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, сайн дурын сургагч багш бэлтгэхээр болжээ.

Улсын хэмжээнд өнөөдөр 99 их, дээд сургууль, коллежид нийт 175.200 гаруй оюутан суралцаж байгаагаас 89.3 хувь буюу 156.128 нь Улаанбаатар хотод суралцаж байгаа аж. Оюутнууд эцэг эх, асран хүмүүжүүлэгчдийн хараа хяналтаас холдож, бие даан амьдарч эхэлдэг бөгөөд өөрийн эрүүл мэндийг хамгаалах мэдлэг, чадвар, туршлага дутмаг, нийгэм орчны өөрчлөлтийн улмаас насанд хүрэгчдийн зан үйлийг турших, архи, тамхи хэрэглэх, буруу хооллох, хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замаар дамжих халдварт өртөх нь илүүтэй байдаг.

Эрүүл мэндийн албан ёсны статистик үзүүлэлтээр 2013 онд 12.0 мянга гаруй оюутнууд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байна. Үүний 68 хувийг эмэгтэйчүүд, 32 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. 860 гаруй оюутанд халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, түүний дийлэнх буюу 30.6 хувийг гахай хавдар, 29.4 хувийг салхин цэцэг, 28.0 хувийг вирүст гепатит өвчин тус тус эзэлж байна. Шинээр бүртгэгдсэн сүрьеэ өвчний 387 тохиолдол бүртгэгдэж, үүний 10.2 хувьд нь оюутнууд бүртгэгдсэн байжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн зарим дүүргүүдэд газар өмчлөх хүсэлт дахин авна

Нийслэлийн 52 байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар
өмчлүүлэх шийдвэр гараад буй. Энэ шийдвэрийн дагуу Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан,
Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харьяалагдах газруудад газар
өмчлөлийн ажлыг цахимаар явуулсан. Наймдугаар сарын 30-нд багтаж бүртгүүлж
амжаагүй иргэд энэ сарын 8-12-ны хооронд харьяа дүүрэгтээ өргөдөл өгөх
боломжтой боллоо. Хэрвээ энэ хугацаанаас хоцорвол цахимаар сонгогдсон газар
өмчлөх эрх хүчингүй болох нь.