Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Нарантуул” захад борлуулагдаж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хийх шалгалтыг өчигдрөөс албан ёсоор эхлүүллээ. Энд НМХГ-ын дэд дарга М.Баасандоржоор ахлуулсан хүнсний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын 100 гаруй улсын байцаагч гурав хоногийн хугацаатай шалгалт хийх юм байна. Өмнө нь тус захад Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс л төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт хийж байснаас бус НМХГ-аас ийм өргөн цар хүрээтэй, нэг дор олон байцаагч дайчилсан шалгалт хийгдэж байгаагүй гэдгийг НМХГ-ын дэд дарга М.Баасандорж тодотгож байсан юм. Тэр ч утгаараа үр дүн, ач холбогдол нь өндөр түвшинд байх болов уу гэсэн хүлээлттэй байгаагаа тэрээр нэмж хэлсэн юм.
Улсын байцаагч нар “Нарантуул” захын өргөтгөл дэх хүнсний чингэлгүүдээс шалгалтаа эхлүүлсэн юм. НМХГ-ын эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч Н.Одончимэгийн хэлснээр “Нарантуул” захын өргөтгөл дэх төмөр чингэлгүүдэд худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнүүдийн хадгалалтын горим зөрчигддөг аж. Учир нь өвөлдөө чингэлэгт хадгалагдаж буй хүнсний бүтээгдэхүүнүүд хөлдөж, зундаа халж байдаг аж. Тиймээс төмөр чингэлэг нь худалдаа эрхлэх шаардлага хангадаггүй байна. Дээрээс нь зай багтаамж муу тул яаралтай битүү зах барих шаардлагатай гэдгийг мэргэжлийн хяналтын байцаагч нар удаа дараа сануулж, шаардлага хүргүүлсээр өдийг хүрчээ. Битүү зах барьж эхэлсэн хэдий ч тус захын хүнсний худалдаа эрхлэгчид тэнд бүгд багтаж шингэнэ гэдэгт эргэлзэж байгаагаа улсын байцаагч Н.Одончимэг хэлсэн юм. Ер нь “Нарантуул” шиг арван түрээслэгч тутмын найм нь ил задгайгаар наймаа эрхэлдэг худалдааны төв байдаггүй юм байна. Гэхдээ битүү, чанарын шаардлага хангасан, тохилог дулаан ажлын байртай болохыг эсэргүүцдэг түрээслэгч байдаг талаар тус худалдааны төвийн гүйцэтгэх захирал Д.Түвшинбат хэлэв. Учир нь хямд өртөгтэй гэх утгаар нь задгай талбайд худалдаа наймаагаа эрхлэх хүсэлтэй түрээслэгчид ч байдаг бололтой.
Улсын байцаагчид чингэлэг тус бүрт арваад нэр төрлийн хүнсэнд “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”-ийн холбогдох зүйл заалтыг үндэслэн шалгалтаа хийсэн юм. Шалгалтад хамрагдсан чингэлэг бүрт шошго дээр үйлдвэрлэгчийн нэр, хаяггүй, үйлдвэрлэсэн болон хэрэглэж дуусах хугацаа, хадгалах нөхцөл, гаж нөлөө, хориглох заалт зэрэг мэдээлэлгүй хүнсний бүтээгдэхүүн байсан юм. Тухайлбал “Хослон дэлгэрэх” компанийн борцтой хийцтэй цай, “Түншлэл трейд”-ийн импортолдог давсалсан самар, “Agreco” компанийн жимсний чанамал болон “Темүка” шоколад зэргийн уутан дээр үйлдвэрлэгчийн хаяг байгаагүй юм. Мөн “Най¬ман тахилтай цай” хэмээх шахмал цайны хадгалах хуга¬цаа хоёр сараар хэтэрсэн зөрчил тус тус илрэв. Байцааг¬чид дээрх зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн тус бүрийг хураасан юм. Тэд шаардлага хангахгүй, түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг газар дээр нь устгах бол бусдад нь акт үйлдэж, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Захиргааны журмаар хураагдсан эд зүйлсийг устгах орон тооны бус зөвлөлд хүргүүлэх юм байна.
Түүнчлэн түрээслэгч нарын гэрээн дээр худалдагч болон туслах ажилтнууд эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх ёстойг тусгасан. Гэвч эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаж, гэрчилгээ аваагүй хэд хэдэн худалдагч, туслах ажилтнууд шалгалтаар илэрсэн юм. Мөн хүнсний бүтээгдэхүүнийг ажлын хувцас, багаж, хэрэгсэлтэйгээ хольсон зөрчил ч байлаа.
“Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуульд чанарын шаардлага хангаагүй, хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэгчээс гадна түүнийг худалдан борлуулсан, хугацааг нь өөрчлөн засварласан хуулийн этгээдэд хариуцлага тооцохоор тусгайлан оруулсан нь ийн хүнсний захуудад шалгалт хийх гол шалтгаан болжээ. Тодруулбал ийм зөрчил гаргасан аж ахуй нэгжийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гуч дахин нэмэгдүүлж, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин тав дахин нэмэгдүүлж, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгахаар зааж өгчээ. Тус хууль хэрэгжээд хоёр жил шахуу болж байгаа ч хэрэгжилт нь хангалтгүй байгаа нь ийн шалгалтын эхнээс л харагдаж байлаа. Байцаагчид гаднах сав баглаа боодол, хаягжилтаас гадна шаардлагатай тохиолдолд зарим сэжигтэй гэж үзсэн бүтээгдэхүүнээс лабораторийн шинжилгээнд илгээх гэнэ. Өнгөрсөн долоо хоногт Хархорин, Энхжин, Меркүри зэрэг худалдааны төвүүдэд илэрсэн зөрчлийг арилгахаар 40-өөд сая төгрөгийн торгууль ноогдуулсан болохыг байцаагчид дуулгасан юм.
НМХГ-ын дэд дарга М.Баасандорж “Хүнсний бүтээгдэхүүний шошгон дээрх мэдээлэл дутуу, хадгалалтын горим алдагдсан, хугацаа хэтэрсэн зэрэг дутагдлууд ихэвчлэн илэрч байна. Ялангуяа импортын хүнсний бүтээгдэхүүнүүд хаяг шошгын маш их зөрчилтэй. Тиймээс дан ганц мэргэжлийн хяналтын байцаагчид лангуу, чингэлгүүдээр явж шалгалт хийхээс гадна төрийн хяналт буюу хил гаалийн шалгалтыг сайжруулах тал дээр анхаарлаа хандуулах ёстойг сануулж байна. Иймэрхүү зөрчилтэй хүнсний бараа, бүтээгдэхүүнүүдийг улсын байцаагч бүрэн эрхийнхээ хүрээнд хурааж, устгаж, хариуцлага тооцохоос гадна хуулийн байгууллагатайгаа хамтарч хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг мөрдөж, ямар шугамаар хэдийд орж ирсэн гэдгийг нь тогтооно. Ингэснээр хүнсний аюулгүй байдлыг цогц байдлаар хамгаална. Ер нь Нарантуулд өнгөрсөн онд гал гарсантай холбогдуулан НМХГ-аас томоохон хэмжээний шалгалт хийж, хэд хэдэн зөрчил дутагдал илрүүлсэн. Нэгдүгээрт шатсан барилгыг улсын комисст хүлээлгэж өгөөгүй байсан нь илэрсэн. Хоёрдугаарт байгаль орчны үнэлгээний асуудал яригдаж байна. Энэ захын урдхан талд нийслэлийн цэвэр усны нөөцийн бүс байгаа учраас орчны бохирдлыг нухацтай авч үзэх хэрэгтэй. Гуравдугаарт худалдаа үйлчилгээний стандарт, ажилчдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг зохих түвшинд хангаагүй байсан. Энэ асуудлаа цэгцлэх шаардлага ч хүргүүлсэн. Дээрх асуудлууд бодит байдал дээр өөрчлөгдөж, сайжирсан эсэх нь энэ удаа давхар шалгагдах юм. Гэхдээ шалгалтын дараагаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгахын тулд нэн түрүүнд зөвлөн тусалж, хамтарч ажиллахыг НМХГ-аас баримтална. Өөрөөр хэлвэл бид торгож, хурааж, хариуцлага тооцохоо урдаа барихгүй” гэв.
Захын удирдлагууд илэрсэн зөрчил дутагдлаа арилгах тал дээр байнга анхаарч ажилладаг болохоо энэ үеэр албан ёсоор мэдэгдсэн юм. Саяхан мэргэжлийн хяналтын газрын өгсөн чиг үүргийн дагуу хагас жилийн өмнө төв болон зүүн хаалган дээрх жимс, хүнсний бүтээгдэхүүний гар дээрх худалдааг таслан зогсоожээ. Түүнчлэн шинээр баригдаж байгаа худалдааны төвийг энэ жилдээ ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэдгээ ч дуулгалаа.
М.УУГАН-ЭРДЭНЭ