Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ганхуяг: Татварын маргаан таслах зөвлөл Оюу толгойн асуудлыг шийдсэн гэж үзэж байна

Уул уурхайн сайд Д.Ганхуягтай ярилцлаа.

-Монголын
уул уурхайн орчин нөхцөл ямар түвшинд байна. Хөрөнгө оруулалт зогссон, уул уурхайн
компаниуд зогсонги байдалд байгаа гэх мэтээр таагүй мэдээллүүд бий?

-Ямар ч байсан энэ Засгийн газрын уед Уул уурхайн салбарын эрх зүйн
орчинг урт хугацаанд, ойлгомжтой, тогтвортой байх нөхцөлийг бүрдүүллээ. Энэ бол  манай улсын хөгжилд чухал ач холбогдолтой ажил
хэрэг гэж үзэж байна.

Тодруулж хэлбэл, 2025 он хуртэлх хугацаанд  Монгол Улс “Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг
УИХ баталсан. Үүгээр газрын хэвлийн болон геологийн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй
болгох,  хөрөнгө оруулагчдыг өмчийн хэлбэрээр
ангилахгүй байх, төрийн оролцоог зохистой түвшинд байлгах, боловсруулах аж үйлдвэрийг
хөгжүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг байнга дээшлүүлэх зэрэг олон асуудал, зорилтуудыг  тодорхой болгож, цэгцэлж чадсан. Үүнээс гадна  хууль санаачлагчийн хуулийн төсөл, судалгаанд
үндэслэн зөвлөмж гаргах, эрдэс баялгийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дотоод
гадаадын зах зээл дээр энэ салбарын үйл ажиллагааг сурталчлах зорилго бухий олон
талын оролцогчдоос бүрдсэн Бодлогын зөвлөлийг байгуулах болсон. Мөн долдугаар сарын
1-нд батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулиар энэ Бодлогын
зөвлөлийг хуульчилсан.

-Лиценз
олгож эхлэх, Урт нэртэй хуулийн хүрээнд хохирсон компаниудын нөхөн олговор гэх мэт
асуудлууд хэрхэн шийдвэрлэгдэж, ажил хэрэг болж байна?

-“Стратегийн ач холбогдол бухий салбарт гадаадын хөрөнгө оруулалттай
аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зохицуулах хууль, Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх
Засгийн газрын тогтоол, 106 тусгай зөвшөөрлийн асуудал” зэрэг шийдвэрүүдээс болж  уул уурхайн орчин тогтворгүй болсон байсан. Урт
нэртэй хуулийг хэрэгжүүлэх 2012 оны зургадугаар сарын Засгийн газрын тогтоолоор
нийт 1336 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон байдаг.
Үүний 30 орчим хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж юм. Гэхдээ Урт
нэртэй хуулийг хэрэгжүүлэх нь буруу байсан гэж хэлэх гээгүй юм шүү. Хэрэгжих учиртай
хууль. Гол нь ийм хууль гаргахаасаа өмнө хөрөнгө оруулагчдад төрөөс тусгай зөвшөөрөл
олгож тэдний хөрөнгийг  хайгуулд зарцуулуулсан
нь буруу байсан. Энэ нь холыг харсан бодлогогүй явж ирсэнтэй холбоотой. Одоо ч гэсэн
нөхөн төлбөрийн асуудлыг шийдэж чадаагүй байна.

Мөн 2012 оны гуравдугаар улирлаас хойш өнөөг хүртэлх нүүрсний зах
зээлийн үнэ уналттай хэвээрээ байна. 2014 онд төмрийн хүдрийн зах зээлийн үнэ  нэлээд унаж байна. Энэ хоёр төрлийн ашигт малтмал
маань манай улсын экспорт болон төсвийн орлогод 
голлох байр суурийг эзэлдэг. Ер нь тухайн ашигт малтмалын зах зээл тааруу
байхад тэр салбарын хөрөнгө оруулалт буурах нь нийтлэг хандлага. Эрдэс баялгийн
түүхий эдийн зах зээл мөчлөгтэй, хэлбэлзэл ихтэй байдаг. Тиймээс манайх түүхий эдийг
боловсруулж нэмүү өртөг шингээх, аль болох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт
тавин ажиллаж байна.

-Хоёр
хөршийн төрийн тэргүүн айлчиллаа. Ямар үр дүнтэй үлдэв?

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар  хоёр хөршийн төрийн тэргүүн айлчиллаа. Энэ үйл
явдал нь дэлхийн улс орнуудын удирдагчид болон хөрөнгө оруулагчдын анхаарлыг Монгол
руу чиглүүлж чадлаа. Түүнчлэн БНХАУ- ын даргын айлчлалын үеэр төмөр замын тээвэр,
транзит тээврийн тариф, далайд гарах боомтууд, бараа эргэлтийн төсөөлөл зэргийг
тохирч гэрээ, хэлэлцээрүүдийг байгууллаа. Эдгээр ажил нь түүхэн шинэ алхам бөгөөд
хөгжлийн олон боломжуудыг бүрдүүлж өглөө. Сүүлийн хэдэн сар Монголд хөрөнгө оруулах
сонирхол нэмэгдэж байна. Ер нь заавал айлчлалын хүрээнд гэлгүй ашигт малтмал үнэтэй
байх үед бэлэн мөнгө тараалгүйгээр төмөр замаа тавьчихсан бол өөр байх байсан. Ойролцоогоор
800 км төмөр зам тавих мөнгийг бэлнээр тараасан гэдэг. Үүнээс болж жилд 200-300
сая ам.долларыг тээврийн зардлын зөрүүгээс алдаж байх шиг байна.

-Эдийн
засгийг эрчимжүүлэх 100 хоног хөтөлбөрийн хүрээнд танай салбартай холбоотой олон
асуудлыг цэгцлэх шиг болсон. Ямар үр дүнд хүрэв?

-Энэ арга хэмжээгээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилгод
олон нийтийн анхаарлыг чиглүүлж чадсан нь гол үр дүн болов уу. Мөн төр, хувийн хэвшил
идэвхтэй хамтарч ажилласан. Энэ арга хэмжээ цаашдаа ч улам идэвхтэй үргэлжлэх учиртай.
УИХ уул уурхай, газрын тосны салбарын нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг тооцон
хоёр чухал  хуулийн теслийг өмнөх чуулганаар
баталж өгсөн. Эдгээр хуулиудын хэрэгжилтийг хангахын тулд наадмын дараахан тав хоног
амарсныг эс тооцвол яам, агентлаг тасралтгүй ажиллаж байна. Удахгүй аравдугаар сарын
1-нд УИХ- ын ээлжит чуулган эхэлнэ. Тэгэхэд Засгийн газраас хөтөлбөрийн хэрэгжилтийн
явцыг танилцуулаад дүгнэх байх.

-Хөрөнгө
оруулалтын хуулийг баталсан. Үр дүн гарах нь уу?

-Энэ чухал хууль гарсан. Монголд хөрөнгө оруулалтын баталгаа, хамгаалалт
сайжирсан гэсэн ойлголт олон улсын хэмжээнд бий боллоо. Мөн Монголд хувийн хэвшлийн
аж ахуйн нэгж хөрөнгө оруулахад ямар нэгэн цензургүй болсон гэж ойлгох учиртай.
Хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаанаас хамааруулан хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой
байлгах гэрчилгээ олгохоор болсон. Тэрчилэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт
оруулах хуулийг өнгөрсөн чуулганаар баталсан. Энэ хуулийг төрөөс эрдэс баялгийн
салбарт баримтлах бодлогод нийцүүлж гаргасан. Энэ хууль нь төрөөс тогтоосон газар
нутагт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг солбилцлоор олгож эрдэс баялгийн
албан ёсны нөөцийг нэмэгдүүлэн эдийн засгийн дархлаа, баталгааг сайжруулах, хариуцлагатай
уул уурхайг хөгжүүлэх, эрдэс баялгийн хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг урт хугацаанд  тогтвортой, өрсөлдөх чадвартай болгох зорилттой.

-Саяхан
Оюу толгой гацаанаас гарлаа гэсэн мэдээлэл цацагдлаа. Яг ямар үйл явдал болов?

-Шинэчлэлийн Засгийн газар далд уурхайн санхүүжилтийг анхнаасаа дэмжсээр
ирсэн. Өнөөдөр ил уурхайн үйлдвэрлэл, олборлолт, экспорт борлуулалтын үйл ажиллагаа
хэвийн явагдаж байгаа. Сүүлийн хагас жилд Оюу толгой компанийн хувь нийлүүлэгчид,
ТУЗ энэ асуудал болон бусад асуудлыг есдүгээр сарын 31-ний дотор шийдэхээр идэвх
санаачилгатай хамтарч ажиллаж ирсэн. Татварын маргаан гарснаар энэ асуудал жаахан
сунжирч байна гэж ойлгож болно.

-Манай
татварынхан 130 сая ам.доллар нэхдэг. Тэгээд 30 тэрбум болгож буурууллаа гэсэн мэдээлэл
бас гарсан. Татварын энэ асуудал дээр манайх л буулт хийхээр болж байх шиг ээ?

-Монгол Улс хуулийн засаглалтай орон. Татварын асуудал тусдаа хуулиар
зохицуулагддаг. Татварын маргаан бол аль ч 
оронд байнга л гардаг. Гэвч  Оюу толгой
төсөл нь Монгол орны тухайд ихээхэн томд тооцогддог. Нөгөө талаас олон улсын хөрөнгө
оруулагчдын анхааралд  орсон төсөл учраас
нэлээд шуугиан тарилаа. Бүх талын оролцоотой, хараат бус оролцогчтой Татварын маргаан
таслах зөвлөлөөр энэ асуудлыг нэг тийш нь шийдсэн гэж үзэж байна. Татварын маргаан
бол хуулийн заалт, орлого болон зардлын баримтад үндэслэгдэн явагддаг. Ийм учраас
хуулийн засаглалтай, нээлттэй Монгол Улсад татварын маргаанаар аж ахуйн нэгжийг
үндэслэл, баримтгүйгээр хохироох боломжгүй гэж бодож байна.

-Оюу
толгойнхон та нарт нэг ч ам.доллар өгөхгүй. Хэрвээ акт тавиад мөнгө нэхвэл арбитрт
хандана. Улмаар хоёр дахь шатны ашиглалтын ТЭЗҮ-г өгөхгүй гэж шантаажлаад байгаа
юм биш үү?

-Дээр ч хэлсэн. Татварын асуудал тусдаа хуулиар зохицуулагддаг. Нэмэлт
санхүүжилт бол гэрээ, компанийн тухай хуулиар зохицуулагдана.

-Татварынх
нь асуудал шийдэгдэж магадгүй байна. Тэгвэл Оюу толгойн хоёр дахь хөрөнгө оруулалт
яг хэзээ шийдэгдэх юм? 

-Гол нь Монгол Улс хөрөнгө оруулагчтайгаа аливаа асуудлыг хууль,
байгуулсан гэрээнийхээ дагуу шийдвэрлэж, учраа олдог орон гэдгээ бататгана. Хөрөнгө
оруулалтын эрх зүйн орчин урт хугацаанд  тогтвортой,
өрсөлдөх чадвартай болсон энэ үед ийм мессеж их чухал байх болов уу. Нөгөө талаас
2010-2012 онд энэ төслөөр жил бүр орж ирж байсан хөрөнгө оруулалт нөхөгдөж, өөр
хөрөнгө оруулалтууд ч нэмэгдэнэ. Мөн Оюу толгой компанийн нийт нөөцийн 70 орчим
хувийн нөөцтэй далд уурхай хугацаандаа ашиглалтад орно гэдгийг хэлье. Одоогоор нөөцийн
тайлангаа өгсөн тул шинжээчид ажиллаад дүгнэлтээ гаргачихсан байгаа. Компанийн зүгээс
удахгуй ТЭЗҮ-гээ Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд ирүүлээгүй байгаа.

-Бас
Эрдэнэс Таван толгой компани оператор компаниа хөөгөөд гаргачихлаа. Өнөөдөр үйл
ажиллагаагаа зогсоосон байгаа. Энд юу болоод байна вэ?

-Энэ бол  цэвэр бизнесийн маргаан
гэж бодож байна. Засгийн газар, Уул уурхайн яам компанийн хуульд заасны дагуу төрийн
өмчит компанийн дотоод асуудалд оролцохгүй байгаа.  Зүүн цанхи дээр олборлолт явуулдаг оператор компанийн
үйл ажиллагааг гадаадын хөрөнгө оруулалттай “Macmohan” компани явуулдаг. Баруун
цанхи дээр дотоодын компаниуд олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр  компаниудын олборлолтын өртөг зардал нь харьцангуй
зөруутэй  байдаг. Тиймээс нүүрсний үнэ уналттай
байгаа учир өртөг, зардлыг бууруулах шаардлагын үүднээс гарсан маргаан. Мөн Эрдэнэс
таван толгой компанийн хувьд зээлээ төлж байгаа, нүүрс хямдарсан  тул орлого ч хангалттай бус байгаа нь мэдээж юм.
Энэ тохиолдолд гэрээлэгч, маргалдагч талууд харилцан хүндэтгэлтэй хандаж учраа олох
нь зохистой юм.

-Гадныхан
Таван толгойг хэр сонирхож байгаа юм бол. Нүүрсний үнэ унасан гээд энэ чиглэлийн
хөрөнгө оруулалтыг яаран хийхгүй юм биш үү?

-Таван толгойд хөрөнгө оруулах сонирхолтой компаниуд хангалттай байгаа.
Шинэчлэлийн Засгийн газар нүүрсний үнэ уналттай, уналт үргэлжилж байсан учир Таван
толгойн ордыг тойрсон дэд бүтцийг барьснаар Эрдэнэс Таван толгой компанийн үнэлгээ
нэмэгдэнэ гэж үзсэн.  Таван толгой-Гашуун
сухайтын чиглэлийн төмөр зам, Таван толгой ордод цахилгаан станцыг барих хөрөнгийн
тодорхой хэсгийг бондын санхүүжилтээс гаргасан. Эдгээр ажил эрчимтэй урагшилж байна.
Эрчим хүчний яам Таван толгойн ордод баригдах цахилгаан станцыг барих, санхүүжүүлэхэд
хамтарч ажиллахаар Рио Тинто компанитай гэрээ байгууллаа. Гашуун-Сухайт боомтын
20 орчим км төмөр зам барих болон санхүүжилтийг хариуцан ажиллах Гашуун-Сухайт ХХК
байгуулагдаж, энэ төмөр замыг 2014-2015 онд ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. Хятад
улстай тээвэр, транзит тээврийн гэрээ, хэлэлцээр байгуулагдсан. Ингэснээр Таван
толгой ордыг ашиглахад шаардагдах дэд бүтэцтэй холбогдсон бүх шийдвэрүүд гарсан.

Мөн Засгийн газраас УИХ-аас гарсан  шийдвэрийн дагуу Таван Толгойн ордод дотоод, гадаадын
хөрөнгө оруулагчдыг сонгох хэлэлцээрийг үргэлжлүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж
байна. Ажлын хэсгийг Ч.Сайханбилэг дарга ахалж байгаа.

-Манайхан
шинэ нөхцөл тавьсан гэсэн. Хөрөнгө оруулагчдад ямар нөхцөл тавиад байгаа юм?

-Гол нь коксжих нүүрсийг урт хугацаанд тогтвортой худалдан авах,
яаралтай шаардлагатай байгаа зарим төмөр замыг барихад хөрөнгө оруулах нөхцөл байгаа
болов уу.

-Өнөөдөр
бас нэг асуудал байгаа нь Засгийн газрыг цомхотгох тухай?

-Өнөөгийн байдлаар яг хэрхэн цомхотгох талаар надад мэдээлэл алга.

-Цомхотголтой
холбоотойгоор Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нийлүүлэх тухай яригдаж байна.
Энэ асуудалд таны байр суурь?

-Энэ асуудлыг шийдвэрлэх саналаа УИХ-д оруулах эрх нь холбогдох хуульд
зааснаар Ерөнхий сайдад байдаг. Хэрэв асуудлыг шийдэхээр болбол намын шийдвэр гаргах
бүтэц болон УИХ дахь намын бүлгийн хурлаар урьдчилан ярилцах үед л асуудал тодорхой
болно байх. Ер нь  улс орны хөгжилд  ч, эрсдэл өндөртэй хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг
уул уурхайн салбарын тухайд ч  улс төрийн
болон эрх зүйн орчны тогтвортой байдал чухал байдаг. Гэхдээ энэ нь  илүү үр дүн авчрах шинэчлэл өөрчлөлтөөс татгалзана
гэсэн үг биш юм.

-Ер
нь хоёр яам нийлэх магадлал өндөр байна. Энэ тохиолдолд та өөрийгөө хамтарсан яамыг
удирдах эрхтэй гэж бодож байна уу. Эсвэл зайгаа тавих уу?

-Энэ асуудлыг би ганцаараа ийм тийм гэж хэлэх боломжгүй. Улс төр
бол багийн тоглолтын дүрэмтэй байдгаараа онцлогтой.

Л.МӨНХТӨР

Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Афганистаны шинэ ерөнхийлөгч тодорлоо

Афганистанд өнгөрсөн зургадугаар өндөрлөсөн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг өчигдөр олон нийтэд танилцуулжээ. Афганистаны сонгуулийн хорооноос нэр дэвшигч Ашраф Гани Ахмадзайг шинэ төрийн тэргүүнээр зарласан байна.

Үүний зэрэгцээ Афганистаны шинэ Ерөнхийлөгч Ашраф Гани Ахмадзай өрсөлдөгч Абдулла Абдуллахтай эрх мэдэл хуваалцах гэрээнд гарын үсэг зурсан байна. Эрх мэдэл хуваалцах гэрээний дагуу Абдулла Абдуллах Ерөнхий сайдтай эн зэрэгцэх албан тушаал хаших болсон бөгөөд парламентад өөрсдийн хүчний харьцааг тэнцүүлэхээр болжээ. Өмнө нь тэд ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнгээс болж удаан хугацаанд зөрчилдөж, тэдний тэмцэл Афганистаны тогтвортой байдалд заналхийлэх хэмжээнд тооцогдож байсан юм. 

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Допин хэрэглэсэн хоёр бөхийн нэрийг зарлана

Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс хоёр бөх допинг хэрэглэсэн гэдэг нь А сорьцийн шинжилгээгээр тодорхой болсон гэдгийг МҮБХ-ны удирдлагууд мэдэгдсэн. Харин энэхүү шинжилгээний хариуг энэ сарын 25-нд олон нийтэд мэдээллэх юм байна. Учир Үндэсний их баяр наадмын тухай хууль болон холбогдох бусад баримт бичгүүдэд А сорьцийн шинжилгээгээр допин илэрсэн нь тодорхой болвол ажлын гурван хоногт Үндэсний спортын хороо болон МҮОХ-нд таницуулах журамтай аж. Улмаар МҮОХ тэрхүү хариуг тав хоногийн дотор нэр холбогдсон бөхчүүдэд бичгээр мэдээлэх бөгөөд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр 14 хоногийн дотор олон нийтэд зарлах хуультай юм байна. Тиймээс энэ хугацаа нь энэ сарын 25-нд дуусч байгаа юм байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхийн ялыг хэвээр үлдээлээ

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнхийг  төсвийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан хэмээн өнгөрсөн оноос эхлэн Авлигатай тэмцэх газарт мөрдөн шалгаж байсан билээ. Тэрбээр ИНЕГ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа нийт 136.7 сая төгрөгийг хандив тусламжийн журмаар иргэд байгууллага, аж ахуйн нэгжид тарааж өгч, улсыг 136.7 сая төгрөгөөр хохироосон хэрэгт холбогдсон бөгөөд уг хэргийг шүүх хурал болж анхан шатны шүүхээс ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхөд  6.6 жилийн ял оноосон байдаг. Тэгвэл тэрбээр давж заалдсан ба тус хурал нь энэ сарын 18-20-ны хооронд болж анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Түвдэндоржийг МоАХ-ны дэд даргаас чөлөөлжээ

МоАХ-ны Удирдах зөвлөл өнгөрсөн бямба гаригт хуралдсан талаар эх сурвалж мэдээллээ.

Тэд тус хурлаар  засгийн газрын өөрчлөлтийн асуудлыг ярилцсан ба хэрэв Шинэчлэлийн Засгийн газарт өөрчлөлт оруулбал, МоАХ хэнийг засагт багтаах талаар санал солилцсон бололтой.

Хурал ерөнхийдөө шүүмжлэлтэй болж, МоАХ-ны улс төрийн идэвх суларсан нь удирдлагуудтай холбоотой гэсэн яриа гарчээ. Үүнтэй холбоотойгоор МоАХ-ны дэд дарга бөгөөд ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж, гүйцэтгэх захирал Ж.Равдандорж нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Түүнчлэн энэ хурлаас ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд нэг өрөө байр эсвэл түүнтэй тэнцэх мөнгө шагнал өгөх төслийг УИХ-д өргөн барихаар болжээ. Үүнийг сонссон АН болон МАН-ын зарим гишүүн МоАХ-ныханд татвар төлөгчийн мөнгөөр байр өгөх нь буруу гэсэн байр суурьтай байгаа гэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Таван шар мэнгэтэй улаан бич өдөр

Аргын тоолын 9 сарын 28. Билгийн тооллын давхардсан 28. Бага морь одтой
улаан бич өдөр.Өдрийн наран 6 цаг 49 минутад мандан 16 цаг 56
минутад жаргана. Тухайн өдөр
хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур
хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал адгуус муулах, сүм дуганыг сэргээх, бүжиг
наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах дарханы үйлд сайн. Хувцас эсгэх
буюу, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь
хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт
мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулхад тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Оюунгэрэл: Соёлын яам тараасай гэсэн хүмүүс хулгайч нар л байгаа



Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулна гэдгээ Ерөнхий сайд зарласан. Энэ тухай Засгийн хурал дээр яригдаж байх юм уу?

-Ерөнхий сайд өөрөө мэдээд яамдын бүтцэд өөрчлөлт оруулах байх. тиймээс засгийн газрын хурал дээр энэ талаар ярихгүй биз.

Таны толгойлдог яамыг задална гэсэн мэдээлэл байна. Ц.Оюунгэрэл ССАЖын сайд болоод Америкаас үлэг гүрвэлийн яс авчирснаас өөр дорвитой ажил хийсэнгүй гэх юм. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-ссаЖ-ын яамгүй байхад соёлын өмчийг бүх талаар нь дээрэмдэж байсан. газрыг нь, барилга байшинг нь, соёлын өвийг нь, батааруудыг гадагшаа, дотогшоо хулгайлдаг байсан шүү дээ. Өөрийн болон төрийн, гадаадын гээд урт гартнууд нийлээд соёлын өвийг хулгайлдаг байв. Харин соёлын яамтай болсноос хойш батаараас өгсүүлээд 400 гаруй соёлын өвийг эх орондоо буцааж авчирсан. соёлын яам тараасай гэсэн хүмүүс хулгайч нар л байгаа. Лениний музейн хамсаатангууд, газрын дээрэмчид ингэж хүсч, бичиж байгаа байх. Манай яам ирэх долоо хоногт юу хийснээ тайлагнана. урьд нь ссаЖ-ын яамгүй байхад ямар байв, одоо ямар байгаагийн ялгааг хүмүүс ойлгоно байх аа.

Засаг хөдлөх сургаар яамд гэнэтхэн ажил хийдэг болж харагдаж эхэллээ. Тухайлбал, танай яамтай холбоотойгоор Лениний музейн асуудал хөндөгдлөө. ССАЖЯ бүтцээ авч үлдэхийн тулд нэг сая ам.долларын барьцаанд орчихсон байсан энэ байшинг чөлөөлөхөөр хичээж байна гэдэгтэй уялдаж харагдаад байна л даа?

-тийм зүйл огт байхгүй. Манай яам хоёр жилийн өмнөөс төрийн өмч болох Лениний музейн барилгыг төрд нь буцааж өгч албажуулахаар хүсэлтээ гаргасан. Шүүх хурал бараг жил шахам хугацаанд үргэлжилсэн. Барилгаа ч ном ёсоороо хүлээж авсан. гэтэл барилга маань, усгүй, бохирын хоолойгүй, халаалтгүй, гэрэл чийдэнгүй, тас харанхуй байв. Дээрээс нь үерт автаж, дотроо битүү нурчихсан байсан. Ингээд бид засварын төсөв хөрөнгийг нь гарган, юун түрүүнд халаалттай болж, ус, дулаан, ариун цэврийн өрөөтэй болох үүргийг хүмүүстээ өгсөн. гэтэл цахилгаан дулаан холбодог байгууллагууд манай хүмүүсийн өөдөөс “Үл хөдлөх хөрөнгийнхөө гэрчилгээг авчир, танай энэ барилга чинь бүртгэл нь солигдоогүй байна” гээд гэрээ хийгдэх боломжгүй болчихсон. тэгээд бид энэ барилгыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хөөцөлдлөө. гэтэл бидний хүсэлтийг хүлээж авч, төрийн өмчид бүртгэж өгдөггүй. Үүнээс болж энэ ажил нэлээд удсан.

Яагаад бүртгэж өгөхгүй байсан юм бэ?

-Асуудлыг нь судлуулсан. тэгтэл улсын бүртгэлийн газрынхан “энэ асуудлыг шийдэж чадахгүй байна, уг барилгатай холбоотой гэрээ олдлоо” гэсэн. Ингээд Ма н г.алтангаас нэг сая ам.доллар зээлсэн гэрээ гарч ирэх нь тэр. Ер нь бол үйл явдал дэс дарааллынхаа дагуу явж байна л даа.

Олон шатны шүүх хурлын шийдвэрээр Лениний музейн барилгыг төр мэдэлдээ авахаар болсон хэрнээ албан ёсоор бүртгээгүй байсан хэрэг үү. Тэгээд хэзээ улсын бүртгэлд авах юм бэ?

-Шүүхийн шийдвэрээр Лениний музейг төрийн өмчид бүртгээд авчихсан. Харин Өмчийн бүртгэлийн газар бичиг цаасан дээрх ардын намын бүртгэлийг хүчингүй болгох ёстой. энэ удаад бидэнд бүртгэлийг нь өгөхгүй удаад байхаар нь уг мухраар нь судалтал мөнгө цаастай холбоотой гэрээ гараад ирсэн хэрэг.

надад бүртгэлийн ерөнхий газрын даргаас захидал ирсэн. “Шүүхийн шийдвэрийн дагуу Лениний музейн барилгыг төрийн өмчид бүртгэхээр боллоо” гэсэн байна лээ. энэ байшинг улсын бүртгэлд авахдаа Үлэг гүрвэлийн музей гэдэг нэрээр нь тушаал шийдвэрээ гаргалаа гэсэн. Бүртгэх үүрэг нь Чингэлтэй дүүргийн бүртгэлийн албан дээр байгаа. тэгэхээр бид хэдхэн хоногийн дараа энэ бүртгэлээ авна гэсэн хүлээлттэй байгаа.

МАН Г.Алтангаас мөнгө зээлсэн гэрээнд Лениний музейн барилгын доорх газрыг барьцаалсан байсан гэл үү. Энэ асуудлыг яаж шийдэх гэж байна вэ?

-Барилгын газрын бүртгэлийн асуудал бас маргаан дагуулсан. газар бол төрийн өмч. Хувьчлагдаагүй, өмчлөгдөөгүй ямар ч газрыг барьцаалах ёсгүй. тиймээс бид газрын албанд хүсэлт гаргаж, “Барьцаалах ёсгүй өмчийг барьцаалсан байна. тиймээс бид газрынхаа эрхийг авъя. төрийн өмчийнхөө барилгын газрыг төрдөө буцааж бүртгүүлье” гэсэн асуудлыг тавьсан. Ингээд нийслэлийн газрын албанаас өчигдөрхөн Үлэг гүрвэлийн музейн доорх газарт гэрчилгээг нь олгосон байгаа. гэхдээ бидний хүссэн хэмжээгээр газрыг олгоогүй.

Яагаад тэр вэ?

-Лениний музейн газрыг хоёр хуваагаад бүртгэсэн байсан юм билээ. Яг байшингийн доорх газрыг бидний мэдэлд бүртгэчихсэн байгаа. Харин Лениний музейн хашаан доторх орон зайг “зүүний хүчний холбоо” гэдэг байгууллагын нэр дээр бүртгэлтэй байсан. Яамны зүгээс энэ холбооны эзэмшилд байгаа газрыг хүчингүй болгож өгөхийг хүссэн. Лениний музей анх байгуулагдах тэр цагт олгогдсон газар тэр хэмжээгээрээ байх ёстой. тийм учраас бид “Шүүхийн шийдвэрийн дагуу олгогдсон газраа бүрэн хэмжээгээр нь авмаар байна, “зүүний хүчний холбоо”-нд бүртгэсэн газраа хүчингүй болгож өгнө үү” гэж хүссэн. Энэ бол Нийслэлийн газрын албаныхны хийх ажил. тодруулбал, Лениний музейн барилгын доорх газрын гэрчилгээг авсан. Одоо байшингийн гэрчилгээг авахаар хүлээж байна. удахгүй хашаан доторх газраа авах ажил үргэлжилж байгаа.

Тэгвэл энэ гэрээ тэр олон шатны шүүх хурлын үеэр ил болоогүй нь ямар учиртай юм бэ?

-Шүүх дээр хэн ч үүнийг тавиагүй. Шүүх хурлын явцад Ардын намын тавьсан мэдээллүүд өөр байсан байх. Хүнээс мөнгө зээлсэн бол зээлсэн тал нь өрөө төлөх ёстой. Барьцаанд тавьсан Лениний музей төрийн өмч гэдэг нь тогтоогдчихсон бол тэр хүн бусад өмчөөр ч хамаагүй өрөө төлөх учиртай юм. ардын намд тусгаар тогтнолын ордноос өгсүүлээд өчнөөн өмч хөрөнгө байна. аймаг, дүүрэг, сум болгонд ардын намын өмч бүхий хэдэн давхар байшин, ордон бий.

Г.Алтан заавал барьцаанд авсан байшингаа авна гээд зүтгэчихвэл яах вэ?

-Иймдээ тулбал гарц зөндөө л дөө. Ардын намын батлан даагч төр биш шүү дээ. Тиймээс МАН-ын өрийг төр өмнөөс нь төлөхгүй. Ардын нам зээлээ авсан бол тэд л төлөх ёстой. Яг үнэндээ тэдний зээл авч, өгөлцсөн тухай, тэр банкны ийм кассаар тэдэн төгрөг төллөө гэсэн асуудал манайд болон шүүх дээр ч ирээгүй. Тэгэхээр энэ бол зээлдэгч, зээлдүүлэгч хоёрын л асуудал. Хэдийгээр МАН “Алтжин” группийн хоорондох гэрээ одоо ил боллоо ч асуудлыг Иргэний хуулиар шийдэх юм.

Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, төрийн өмчийг өөр нэр дээр бүртгэх зүйл хавтгайрчихсан юм байна. Энэ бол ганц Лениний музейн хашааг “Зүүний хүчний холбоо”-нд өгсөн асуудал биш. Улсын болон нийслэлийн бүртгэлд байдаг газрынхаа бүртгэлийг бид сонсч мэдье гэж бодож байна. Яагаад гэвэл тэр обьектуудыг хамгаалан эзэмшигч гэсэн нэрийн дор үгүй хийж байна. Тэр хүн газрыг болон барилгыг өөрийнхөө нэр дээр бүртгүүлэх ажлыг хийдэг юм байна. Дараа нь тэр түүхэн дурсгалт газрыг зориуд сэхээхгүйгээр байлгаж байгаад “Хотын өнгө үзэмжийг муухай болгоод байна” гэсэн нэрийн дор акталж, нураалгадаг байгаа юм. Үүнийхээ дараа олон давхар байшингуудаа барьдаг. Ийм хандлага байна.

Энд та ямар барилгуудыг дурдах вэ?

-Яг Лениний музейн ард талд Ардын нам үүсгэн байгуулагдсан гэгддэг хуучин дүнзэн байшин байсан даа. Тэр бол орос худалдаачны орон гэр байсан. Анхны долоо тэднийд цугларч уулзаж байсан гэдэг утгаараа түүхэн байшин байдаг байв. Тиймээс улсын бүртгэлд орчихсон байсан байшин. Гэтэл үүнийг хамгаална гэж гэрээ байгуулсан компани нь нураасан байгаа юм. Нийслэлийн урд өмнөх засаг захиргааныхны шийдвэрээр ингэж устгасан өмч олон бий.

Одоо танай яам ямар барилгыг буцааж авахаар тэмцэж байна вэ?

-Хэд хэдэн барилга дээр ажлын хэсэг гаргаад ерөөсөө хамгаалж чадахгүй байгаа. Иймд тэдгээрийн заримыг төрийн өмчид авч, нэг хэсгийг нь музей болгоё гэсэн олон барилгын араас хөөцөлдөж байна. Үүн дотор Нийслэлийн Соёлын газрын дарга байсан Пүрэвхүү гэдэг хүн өөрөө энэ албан тушаалд байхдаа өөрийнхөө төрийн бус байгууллагын нэр дээр Богд хаантай холбоотой түүхэн барилгыг хамгаалах нэрийдлээр гэрээ хийж авсан байдаг. Одоо тэр барилгуудын эргэн тойрондох газрууд жижгэрч, байшин нь улам нурсан. Хэрвээ Соёлын яам гэж байгаагүй бол өдийд яг Лениний музейн арын барилга шиг болоход бэлэн байж л дээ. Гэхдээ бид тийм байдалд оруулахгүйн тулд хоёр жил тэмцэж байна. Одоо бид Төрийн өмчийн хороонд хүсэлт гаргаж байгаа. “Нийслэлийн өмчөөс төрийн өмчид оруулаад өг, бид төрийн хөрөнгө оруулалтаар хамгаалъя” гэж байгаа юм. Удахгүй НӨХГ, Нийслэлийн соёл урлагийн газар, Нийслэлийн газрын алба хамтраад дээрх асуудлаар тайлан тавихыг хүсч, тэднийг урина. Энэ тайлангаар нийслэлийн нутаг дэвсгэр дээр байгаа соёлын өвийн дурсгалууд яаж хамгаалагдаж байна, газар болоод барилга нь хэний нэр дээр байна, бүртгэл нь яаж явагдсан, гэрээ нь хэрхэн хийгдсэн талаарх мэдээллийг авна. Ингэснээр төрийн өмчийг хамгаална гэсэн гэрээтэй нөхдүүд уг барилгыг хэр зэрэг авч явааг нь мэдэх боломжтой юм.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Райнберг: Монголын Засгийн газартай нэг баг болж ажиллах нь чухал

Өнгөрсөн пүрэв гаригт хилийн чанадад суугаа Монголын өргөмжит консулуудын
зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо эхэлж хоёр хоног үргэлжилсэн. Анх 1992 онд
Хонконгийн иргэн Квок Шимүн Монголын анхны өргөмжит консулаар томилогдон ажиллаж
байсан бол өнөөдөр манай улс дэлхийн 42 оронд 72 өргөмжит консултай юм. Гадаад харилцааны
яамнаас зохион байгуулсан уг арга хэмжээнд оролцсон ХБНГУ-ын  Хамбург дахь Монголын өргөмжит консул М.Райнбергтэй
уулзаж уг арга хэмжээний талаар сонирхсон юм. Дашрамд дурдахад М.Райнберг нь хэдхэн
хоногийн өмнө  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн
хүндэт доктор цол хүртжээ.

 -Ноён
М.Ранберг та Хамбург дахь Монголын өргөмжит консул болсноосоо хойш анх удаа  зөвлөлдөх уулзалтад оролцлоо. Дэлхийн бусад орнуудад
ажилладаг  консулуудтайгаа танилцав уу, юун
тухай ярилцав?

-Тиймээ танилцсан. Энэ бол Монголын өргөмжит консулаар ажилладаг
бусад хүмүүстэй танилцах сайхан боломж байлаа. Дэлхийн улс орнуудад энэ албыг хашдаг
хүмүүс бүгд ижил тулгамдсан асуудалтай байдаг юм байна. Харамсалтай нь Монголын
талаар гадаадад тэр болгон эерэг сэтгэгдэлтэй байдаггүй. Харин өргөмжит консулаар
ажилладаг хүмүүс  маш их зүйлийг хийх хүсэл
эрмэлзэлтэйгээр ажилладаг. Тийм болохоор бүгдээрээ хамтран Монголын Засгийн газартай
нэгдэн нэг баг болон ажиллаж танай улсын тухай аль болох эерэг мэдээллийг гадаадад
түгээх нь чухал юм.

-Монголын
тал тодруулбал манай Засгийн газар өргөмжит консулуудад ямар хүсэлт тавьсан бэ?

-Энэ ажлаа цаашид үргэлжлүүлэн хийж, Монголын сонирхлыг гадаадын
орнуудад зөв таниулж сурталчлахыг.

-Тэгвэл
Монголын өргөмжит консулууд манай талд ямар хүсэлт тавив?

-Хамтран нэг баг болон илүү сайн ажиллах, илүү их эерэг дэмжлэг үзүүлэх.
Үүнийг Монголын Гадаад харилцааны яам ч нэлээд нааштайгаар хүлээн авсан.

-Та
бусад өргөмжит консулуудтай уулзсан гэсэн. Тэд юу гэж ярьж байх юм?

-Ямар орнуудад өргөмжит консул байдгийг мэдэж, тэдэнтэй танилцаж
ерөнхий төсөөлөлтэй болсон.Мэдээж улс орон болгон өөр болохоор үүнтэй уялдаад сонирхол
зэрэг нь өөр. Жишээ нь Исланд дахь өргөмжит консул Германыхаас хийх ажил нь  арай өөр. Исланд нь Монголтой эдийн засгийн салбарт
тийм  ч идэвхтэй ажилладаггүй. Тэгээд ч улс
орон болгонд янз бүрийн боломжууд байдаг. Үнэндээ бол хийх зүйл маш их бөгөөд Монголын
эдийн засгийн хөгжил ямар байхаас маш их зүйл хамаарна.

 Ю.ДЭЛГЭРМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд багийн спортод амжилт гаргаж чадна гэдгийг нотолсон ЗАЛУУС

Манай тамирчид оролцсон дэлхийн аваргын тэмцээн бүрээсээ медальтай ирж монголчуудаа баярлуулж байна. Тэд дэлхийн аварга хэмээх хүндтэй цолыг дараалан хүртэж спорт сонирхогч гэлтгүй бүхий л хүний урмыг сэргээсээр. 

Испанийн Гранад хотноо болсон буудлагын залуучуудын ДАШТ-д манай эрэгтэй баг түрүүлж дэлхийн аварга болцгоолоо. Монголчууд багийн спортоор бүгдээрээ хамжаад ийнхүү залуучуудын ангилалд дэлхийн аварга болсон нь бахархмаар амжилт. 

Бид өөрсдийгөө багийн спортод одгүй. Харин ганцаарчилсан тоглолт, тэмцээн, уралдаан, барилдаанд сайн гэж тодорхойлж, итгэсээр ирсэн. Гэтэл Монголын залуу тамирчид багаараа алтан медаль хүртсэн нь дээрх ойлголтыг няцаасан явдал боллоо. 

51 дэх удаагийн буудлага спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 100 гаруй орны 2027 тамирчин 55 дасгалд өрсөлдсөн юм. Спортын мастер Г.Буянбаатар, О.Төгөлдөр, Ш.Буянзаяа нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын баг 1660 оноогоор стандарт гар бууны төрөлд бусад орныг манлайллаа. 25 метрийн залуучуудын дасгалд нийт есөн багийн 32 тамирчин цэцээ сорьсон юм. 

Манай багийн ард Швейцарийн баг 1651 оноогоор, БНХАУ-ын баг 1650 оноогоор тус тус орж мөнгө, хүрэл медалийн эзэд болсон. 

Монгол Улсын залуучуудын эрэгтэй баг тамирчдын хувьд ДАШТ-ээс авч буй анхны медаль юм. Өмнө нь 2010 онд ОУХМ Цагаандалайн Хонгорзул залуучуудын ДАШТ-д түрүүлж байсныг спорт сонирхогчид мэднэ. 

Гранадын хөх тэнгэрт төрийнхөө алтан соёмбот далбааг мандуулсан буудлагын залуучуудын багийнхан маань ДАШТ-ээс Азийн наадамд оролцохоор БНСУ-ыг зориод буй. Тэд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбатын хамтаар төрийнхөө далбааг өргөж, алтан медалиа зүүгээд цахим ертөнцөөр монголчуудтайгаа мэндчилсэн байна. Энэ тухай Л.Ундралбат дасгалжуулагч “Эрэгтэй багийнхан маань гар бууны төрөлд стандарт гар буугаар алтан медаль, эмэгтэйчүүд гар буугаар мөнгөн медаль хүртлээ” хэмээн баярт мэдээгээ хуваалцжээ. 

Тэмцээнээс тэмцээнд, амжилтаас амжилт руу тэмүүлж яваа эдгээр залуус маань манай буудлага спортын ирээдүйг авч явах, дэлхий, олимпийн медалийн буухиаг залгуулах тамирчдын нэг гэдгийг буудлагынхан ярьж байна. 

Г.Буянбаатар одоо 17 настай. Түүнийг спортынхон өсч яваа шилдэг мэргэн буучдын нэг гэдэг. Тэрээр өнгөрсөн хавар Кувейтэд болсон буудлагын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хийн гар бууны ХГ-6 төрөлд алтан медаль хүртээд зогсохгүй шигшээд 196.8 оноо авч Ази тивийн финалын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Г.Буянбаатар “Аваргаас аварга” клубийн тамирчин. 

Харин О.Төгөлдөр нь Дархан-Уул аймгийнх. 20 настай. Тэрбээр анх Дархан-Уул аймгийн БХТН-ийн буудлагын клубт А.Далантай багшаар буудлага спортын гараагаа заалгасан бөгөөд одоо гавьяат дасгалжуулагч Л.Ундралбатын “Аваргаас аварга” клубт бэлтгэлээ хийдэг юм. Энэ жил насанд хүрэгчдийн УАШТ-д энэ дасгалд анх удаа түрүүлсэн. Түүнийг амжилт нь ахиж яваа залуу тамирчин хэмээдэг. Ш.Буянзаяа Булганы тамирчин. Манай ирээдүйн шилдэг мэргэн буучдын залгамж болсон түүнийг маш өндөр мэдрэмжтэй тамирчин” хэмээ клубийнхэн нь тодотгосон юм.  

Эдгээр тамирчид маань дэлхийн аваргаас алтан медаль авахын тулд нэлээдгүй хугацаанд хамтарч бэлтгэл хийсэн учир бэлтгэл болоод сэтгэлзүйн хувьд нэг хүн шиг болсон хэмээн багш нар нь үнэлдэг юм байна. 

Ийнхүү буудлагын залуу тамирчид маань нэг хүн шиг, нэг зорилготой байж Дэлхийн аваргын том тэмцээнээс алтан медаль хүртсэн нь монголчууд багийн спортоор амжилт гаргаж чадна гэдгийг нотоллоо. 

Д.САРУУЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын төр зандалчдын буу, бөмбөг, салаавч, занал зүхэл доромжлолын бай биш

Төр гэдэг аугаа. Төр гэдэг гүн хүндэтгэл юм. Монгол улс мөнх байсан шиг монгол төр мөнх байсан. Чингис хааны ч, Цэдэнбалын ч. Үе үеийн Монголын төрд өвөг дээдэс минь ноён, цэрэг, ард хийж урт түүхийг туулж ирэв. Монголчуудын хамгийн дээд шүтээн, хамгийн том шашин бол төр “Төрийн сүлд” байсан болов уу. Миний ээж, эмээ бичиг үсэг мэдэхгүй бүдүүлэг улс л даа. Гэхдээ л тэд ганцхан бурхантай. Тэр бурхан нь “Төр” байсан юм. Яаж ч яргалууллаа гэсэн монголчууд төрдөө тэрсэлдэггүй. Гэр бүлийнх нь эр хүйстэй болгоныг баривчлан авч яваад буудчихсан коммунист төрийн үед ч гэсэн “Төрийн сүлд өршөө” гээд л үлдэж байсан гэдэг. Ардчилалд суралцан ядаж яваа Монголд маань төрөө зүхэхгүй хараахгүй, муулахгүй, салаавч өгөхгүй, доромжлохгүй иргэн үгүй болжээ.

Коммунист  төртэй байсан үед харааж зүхэх, буудаж бусниулах байтугай, даргын өөдөөс хуц гэвэл, орос зөвлөхийг дурак гэвэл тэгээд л үхдэг байсан юм. Эдүгээ хэт даврагчид, заналчид, рекетчид, зандалчид Төрийн ордон руу халдаж төрд сонгогдсон төлөөлөгчдийг харааж зүхэж, салаавч гаргах нь битгий хэл гэгээн цагаан өдрөөр буу сум, гар бөмбөг, гранат агсан бужигнуулав. Өнөөгийн Монголын төрийг Бээжин ч, Москва ч томилоогүй монголчууд бид саналаа өгч байгуулсан юм. Цөөнхөд таалагдахгүй хүн, Ц.Мөнхбаяр нарт таалагдахгүй бодлого байж болно. Нэгэнт л ард түмний олонхи нь сонгоод төрөө байгуулчихсан бол тэр төрийг  буу сум агсан айлган заналхийлж, зандалчилж, буу гранат бүслэн төрийн эрхийг  авдаг тэр цаг өнгөрсөн. Ард түмний байгуулсан ардчилсан төрийг дэндүү доромжилж байгаа юм биш үү. Ц.Мөнхбаяр зэрэг мөнгөнд улайрсан, зандалчин, рекетчин хүмүүс “Иргэний хөдөлгөөн”-ий нэр барьж олон жил даварсан даа. Манай хууль цагдаа, тагнуулынхан ч тэдний толгойг нь илж улангасуулсан. Сүүлдээ  “Иргэний хөдөлгөөн”-үүдээр овоглосон дээрэмчид олон болжээ. Тэд Төрийн ордны өмнөх төв талбайг адууны зүчээ гэж андуурсан уу, малын баас болгон дайрчих шахан танхайрсан. Төрийн ордон руу нум сумаар харваж ч байв. Төрийг, төрд сонгогдсон Ерөнхийлөгчийг ч, гишүүдийг ч алуурчин талуурчин гээд хэлэх хэлэхгүй үгээр булна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг ээлж дараалан рекетлэж, занаж зандалчилж, мөнгө хийж байв. Манай тагнуул, цагдаа хүчний байгууллага мэддэг үү гэвэл мэддэг байсан. Гэсэн ч террор хийхэд бэлтгэсэн зэрлэгүүдээс айгаагүй ч ард нь хамгаалаад байгаа улстөрчдөөс айгаад байсан юм. Монгол төрийн эрхийг хууль бусаар авч ард түмний дунд цус үзүүлэх, буудалцуулах гэсэн гадаадын байгууллага, дотоодын улс төрийн зарим хүчин энэ зандалчдыг хаацайлж турхирч байгаа. Азийн нэг орон, Америкийн нэг байгууллага “Монголын байгалийг хамгаална” гэж ер нь юу байсан юм. Монгол төрийг хорлон сүйтгэх, ард түмнийг нь алалцуулах гэсэн гадаадын байгууллага яахаас ч буцахгүй эрүүгийн элементүүдийг удаа дараа санхүүжүүлж байсан юмдаг. Тэдэнд доллар гэдэг ногоон мөнгөө зуу зуун мянгаар нь өгч, шагнаж урамшуулж төрийнх нь өөдөөс нь буу зэвсэг бариулж чадаж байгаа нь энэ. Эдүгээгийн Монголын төр бол дарануйлагч төр биш. Ард түмэн бидний сонголтоор байгуулагдсан төр. Нэгэнт сонгосон л бол бас хэнд ч доромжлуулахгүй, хэнээс ч айхгүй байх эрхийг сонгогч бид эдлэх эрхтэй биз дээ. Захын нэг нөхөр, Иргэний хөдөлгөөний нэр барьсан хэдэн юмнууд, төр рүү нулимна, салаавч үзүүлнэ. Буу зэвсэг барина. Энэ чинь юу болоод байгаа юм бэ. Ц.Мөнхбаяр нарын зандалчдыг турхирагч эзэд нь одоо УИХ-д гэмгүй царайлан эх орноо хамгаалагчийн дүрд тоглоод зогсч байна. Манай уншигчид санаж байгаа байх. Тэр жилийн зун бөх, моринд дуртай гишүүдийн шар нь тайлагдаагүй долдугаар сарын 16-ны өдөр “Урт нэртэй хууль” гэнэтхэн батлагдсан юм. Тэр өдөр Их хурлын чуулган чуулсан уу даа, үгүй юү мэдэхгүй. Лав л ийм хуулийг дэмжинэ, дэмжихгүй гэсэн тэр үеийн Засгийн газар, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын санал бичиг, судалгаа, байхгүй байсан юмдаг. 

Хөгжил буурай орны уугуул оршин суугчид, хөрөнгө оруулагчдын дунд мөнхийн дайнд хүргэдэг ийм хуулийг улсын наадмаар гэнэт баталсанд хамаг учир нь байгаа юм. Урт нэртэй хууль захиалагчдаа олз авчирсан. Монгол улстөрчид хагарав. Нутгийн индианууд хөрөнгө оруулагчдын хооронд мөргөлдөөн болов. Яваандаа иргэний дайн болно. Гадаадын хөрөнгө оруулагч нарыг хөөсөн баахан эх орончид тодров. Гадаадын хөрөнгө оруулагчдыг рекетлэн хөөж туун гишүүн болсон хүн ч нэгээр тогтохгүй бий. Гадаадын хөрөнгө оруулагч, ашигт малтмалын бизнес эрхлэгчидтэй гэрээ хийсэн баахан “урвагч”-аараа дуудуулсан улстөрчид бий болов. “Урт нэртэй гэдэг энэ хууль хэзээ ч хэрэгжих боломжгүй, мөн ч олон Засгийн газрын толгойг авна даа” гэж Ерөнхий сайд хийж байсан томоохон улстөрчийн үг санагдана. Монгол төрийг, ардчилсан сонголтыг доромжилсон нэр бүхий зандалчдыг ямар нам санхүүжүүлдэг, ямар телевиз, сонинууд дэмждэг билээ. Ямар улстөрчид тэднийг үндэсний баатар мэт өргөмжилж сонгуульд гарын үсэг зуран орсон билээ. Манай уншигчид мэдэж байгаа байх. Өөрийнхөө сонгосон төрийг хамгаалах, ямар ч зандалчдаас айхгүй тайван амьдрах эрх ард түмэнд байгаа. Төр нь засаглах шиг засаглаж, заналчид, зандалчдыг дарж байх ёстой. Хар л даа. Иргэний хөдөлгөөнийхөн гэж хар хүний өмнөөс хар хүн болж шар хүний өмнөөс шар хүн болсон хэсэг нөхөд дэндүү их газар авч бүүр сүүлдээ солиорч тэсрэх бөмбөг тэвэрч гүйлээ. Манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч гэсэн жирийн бүтээгч иргэдийг яриулахгүй мөртлөө, иргэний хөдөлгөөний нэр зүүсэн тэднийг хоймортоо залж дэмий үгээр нь тархи угаана. 

Монгол төр гэдэг салаавч гаргаж, занаж зүхэж, буудаж тэсэлж дэлбэлэхийг санаархсан зандалчдын бай биш юмсан.