Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Өдрийн сонин”-ы байрны
цонхыг таглан үйлчилгээ, орон сууцны зориулалттай “Астра бьюлдинг” барилгыг барьж
эхлээд хоёр сар болж байгаа тухай бид өмнөх дугааруудад мэдээлж байсан билээ. Одоо
уг барилгын ажил 13 дахь давхартаа үргэлжилсээр байгаа бөгөөд бүр 17 давхарт хүрнэ
гэсэн мэдээлэл байгаа юм.
Өдөр, шөнөгүй үргэлжлэх уг барилгын ажлаас болж “Өдрийн сонин”-ы
сэтгүүлчдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах үндсэн эрх зөрчигдөөд байна.
Тодруулбал, сэтгүүлчид бид байгалийн гэрэл үзэхгүй, тоос шороо, дуу чимээтэй маш
хүнд нөхцөлд ажиллаж, ажил руугаа орж, гарахдаа байнгын түгшүүрт байдалтай явдаг
боллоо. Зөвхөн манай сонин төдийгүй уг барилгын эргэн тойронд байгаа бусад албан
байгууллагын ажилчид ч ийм байдалтайгаар ажлаа хийж байгаа юм.
“Астра бьюлдинг” хэмээх энэхүү орон сууц нь манай сонины байрнаас
цонхтой талаараа найман метрийн зайд баригдаж байгаа нь Монгол Улсын барилгын тухай
болон Орон сууцны тухай хуульд заасан “2-4 давхар барилга хоорондын зай хамгийн
багадаа 15 метр байх ёстой” гэсэн зүйл заалт, дүрэм журмыг зөрчөөд байгаа юм. Түүгээр
ч зогсохгүй Хүний эрхийн түгээмэл тунхаглалын тодорхой зүйл заалтыг ч ноцтойгоор
зөрчөөд байгаа билээ.
Яг манайх шиг цонхоо таглуулан ямар ч гэрэл гэгээгүй, тоос шороотой
хүнд нөхцөлд ажиллаж, амьдарч байгаа иргэд сүүлийн үед олширч байгаа учир манай
сонин уг асуудлаар холбогдох хүмүүсийг байлцуулан хэлэлцүүлэг өрнүүллээ. Ер нь
манай сонин нийгэмд тулгамдаж буй чухал асуудлуудыг хөндөн цуврал хэлэлцүүлэг зохион
байгуулдгийн ээлжит хэлэлцүүлэг нь энэ юм.
Өчигдөр болсон уг хэлэлцүүлэгт Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний
газрын барилга хот байгуулалтын хэлтсийн дарга О.Одбаяр, Нийслэлийн өмчийн харилцааны
газрын кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батчимэг, Мэргэжлийн хяналтын ерөнхий
газрын улсын ахлах байцаагч Н.Оюунчимэг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хот
байгуулалтын улсын ахлах байцаагч Б.Хашчимэг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын
Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч А.Мягмаржав, Монголын хуульчдын
холбооны гишүүн, өмгөөлөгч Ч.Баднайнямбуу болон цонхоо таглуулан барилга бариулж
буй Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны “Олимп 9” байрны “Шилэн пирамид” СӨХ-ны
дарга М.Алтанцэцэг болон тус байрны иргэд оролцлоо.
Харин “Өдрийн сонин”-ыг төлөөлж Эрэн сурвалжлах, тоймчдын албаны
дарга Д.Мөнгөндалай, Урлаг, спорт, чөлөөт цагийн мэдээллийн албаны дарга Н.Гантулга,
Дизайн, гэрэл зургийн албаны дарга Я.Баярбаатар нар оролцсон юм. Хэлэлцүүлгийг нээж
албаны дарга Н.Гантулга үг хэлсэн бөгөөд тэрээр үүсээд буй нөхцөл байдлыг бодитоор
харуулахын тулд редакцидаа хэлэлцүүлэг өрнүүлж буйгаа хэлж байв.
Хэлэлцүүлгийн үеэр өрнөсөн мэдээлэл, албан тушаалтан болон иргэдийн
дунд ямар яриа өрнөснийг тоймлон хүргэе.
-Н.Гантулга: “Өдрийн сонин” нь ард түмнийхээ өмнө
хариуцлага хүлээсэн, үндэсний хэмжээний сонин болохынхоо хувьд нийгэмд тулгамдаад
буй нэг чухал асуудлыг өөрийн жишээ болгон ярилцаж, ямар нэг шийдэлд хүрье гэж та
бүхнийг урьсан юм.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Эрдэнэчулуун манай
сонинд ярилцлага өгөхдөө холбогдох хуульд барилга хоорондын зай 15-45 метр байна
ярьсан. Гэтэл манай хажуугийн байр нь найман метр байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ
барилга хууль зөрчсөн. Тиймээс манай сонины зүгээс уг барилгыг зогсоох, буулгахыг
шаардаж байгаа юм.
-Д.Мөнгөндалай: Манай сонинд ийм нөхцөл байдалд
орсон олон мянган хүн ханддаг. Ер нь ийм байдал яагаад үүсдэг юм бэ, анхнаасаа төлөвлөлтдөө
үүнийг хэрхэн тусгасан байдаг юм бэ?
-О.Одбаяр: Манай ерөнхий төлөвлөгөөний газрын хийх
гол ажлыг 2012 онд УИХ-аас баталсан. Энэ нь 2020 он хүртэлх хот төлөвлөлт, 2030
оны ерөнхий чиг баримжаа гэдэг бичиг баримт юм. УИХ-ын 28 дугаар тогтоолоор бүр
хуульчилж баталсан. Энэ хуулийг мөрдөж, хэрэгжүүлэх зорилготой ажилладаг. Үүний
хүрээнд барилгын норм, дүрэм стандартыг тодорхой хэмжээнд мөрдүүлэхийг шаардаж
ажилладаг. Хэдийгээр манай байгууллагын бүтэц, зохион байгуулалт өргөжсөн ч
бүрэн эрх нь байдаггүй. Тухайлбал, архитекторууд маань газар дээр нь очоод барилгын
талбай нь норм стандартаа баримталсан эсэхийг шалгая гэхэд “Чи эрх бүхий хүн биш
байна. Зүгээр л нэг төрийн албан хаагч байна” гэх байдлаар ханддаг. Хамгаалалтын
албаныхан нь бараг барьж авч зоддог. Ийм асуудал байнга гардаг. Энэ бол бидний ажиллахад
тохиолддог нэг хүндрэл. Гэхдээ энэ байдлыг маань Нийслэлийн Засаг дарга, Иргэдийн
хурал ойлгож, авч хэлэлцээд журам боловсруулсан. Энэ нь хэрэв барилга барихаар
бол барилгын ойролцоох 15-45 метрт байгаа оршин суугчдаас саналыг нь авна гэсэн
журам юм. Түүнээс бус олон улсын норм, дүрмээр барилга хоорондын зай тийм байна
гэсэн ойлголт биш. Өөрөөр хэлбэл, тухайн барилгаас 15-45 метрийн радиус дотор барилга
барилаа гэхэд өндөр, сүүдэрлэх байдал зэргээс нь хамаарч иргэдийн саналыг нь авах
тухай юм. Үүнийг журамлаад ирэхээр иргэд, оршин суугчдын эрх ашгийг хамгаалах асуудал
нэлээд цэгцэрнэ гэж бодож байгаа.
Ер нь бол ямар ч тохиолдолд хажуу талын барилгынх нь цонхыг хааж
байшин барихаар төлөвлөх ёсгүй. Түүнээс гадна оршин суугчдын зам талбай, ногоон
байгууламж газрын 30 хувийг эзэлнэ гэсэн норм ч бий. Мөн гэрэл сүүдэрлэлтийн норм,
журмаар өдөрт нэг айлын цонх 2.5 цагаас дутуугүй нар үзэх ёстой гэсэн норм бас байгаа.
Энэ бүхнийг л тодорхой хэмжээнд мөрдүүлэхийг зорьж ажилладаг байгууллага байгаа
юм. Мөн өмнө нь гарсан алдаа завхрал буюу зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг цэгцлэх
гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
-Ч.Баднайнямбуу:
Өнөөдрийн “Өдрийн сонин”-ы зохион байгуулж буй хууль бус барилга, түүнээс үүдсэн
үр дагавар ямар байгааг ярилцах хэлэлцүүлэгт миний бие хуульчийн хувиар оролцож
байна. Төр иргэдийнхээ хэвийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлж өгөх үүрэгтэй.
Гэтэл өнөөдөр иргэд Үндсэн хуульд заасан эрхээ хамгаалуулж чадахгүй байгаа. Тодруулбал,
төрийн байгууллага, албан тушаалтнууд барилга барихтай холбоотой асуудлаар зохих
шийдвэр гаргахдаа барилгын тухай хууль, дүрэм, норм зөрчих нь олонтаа болсон байна.
Үүний илрэл нь “Өдрийн сонин”-ы хойно баригдаж буй барилга. Үүний нотолгоо нь хэлэлцүүлэг
зохион байгуулж буй өрөө байгалийн ямар ч гэрэлгүй байна. Байгалийн гэрэлтүүлэг
үзэх боломжгүй болохын хэрээр хиймэл, зохиомол гэрэлтүүлэг ашиглахад хүрдэг. Энэ
нь иргэдийн эрүүл мэнд болоод дэлхийн дулаарал гэх мэт олон зүйл сөрөг нөлөөтэй.
Түүнээс гадна иргэд эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах ёстой гэсэн заалттай хэр
нийцэж байгааг төрийн эрх бүхий байгууллагын албан тушаалтнууд үнэлэлт, дүгнэлт
өгөх ёстой. Барилга барих зөвшөөрлийг өгөөд л байдаг. Гэтэл тэр баригдаж байгаа
барилга нь тухайн орчинд амьдарч, ажиллаж, хөдөлмөрлөж байгаа иргэдийн эрх ашигт
яаж нөлөөлж байгааг урьтал болголгүйгээр хамаа замбараагүй зөвшөөрөл олгодгоо болих
хэрэгтэй. Хамгийн сонгодог жишээ бол MCS-ийн 23 давхар барилга. Хойд талын таван
давхар орон сууцны барилгынх нь бүх нарыг хаачихсан. Үүнд зохих байгууллагуудад
хандаад явж байна. Одоогоор барилгын ажлыг түдгэлзүүлчихээд байгаа.
Ер нь бол зарим барилгуудыг эхнээс нь нурааж байж “Болохгүй юм байна,
бүтэхгүй юм байна шүү” гэсэн мессежийг нийгэмд өгөх хэрэгтэй.
-А.Мягмаржав:
Эхлээд барилгын ерөнхий байдлыг танилцуулъя. “Өдрийн сонин”-ы хойно Л.Зундуй болоод
“Астра интернэйшнл” компанийн 64 айлын орон сууц юм байна. 24.5×18.5 метр хэмжээтэй,
зоорьтой, 10 давхар, төмөр, бетон цутгамал карказан барилга.
2008 оны есдүгээр сарын 22-ны өдрийн НЗД-ын 449 тоот захирамжаар
наймдугаар хороо, “Өдрийн сонин”-ы байрны хойно газар олгосон байсан. Гүйцэтгэгч
байгууллага нь “Тэлмэн констракшн”. Уг компани нь барилга, угсралтын ажил гүйцэтгэх
тусгай зөвшөөрөлтэй. Барилгын үндсэн хийц, бүтээлтийн угсралтын ажилд 2016 оны
есдүгээр сарын 14 хүртэл Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын хот байгуулалт
төлөвлөлтийн газрын дарга н.Эрдэнэтуяа гэж хүн зөвшөөрөл олгосон байна.
Хамгийн гол асуудал бол Монгол Улсын Үндсэн хууль, Барилгын тухай
хуульд аливаа байгууламжийг барих нь тухайн иргэн, байгууллагын эрх. Гэхдээ ганцхан
зүйл бий. Тухайн барилга байгууламж бүхэлдээ хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж,
амьдрах нөхцөл боломжийг хангасан байх ёстой. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотод шугам
сүлжээ хүрэлцээгүй эсвэл зай талбай хомс гэх шалтгаанаар барилгад ойртуулж барьдаг
зөрчил сүүлийн жилүүдэд үргэлжилж байна.
“Астра бьюлдинг”-ийн тухайд барилга хоорондын зай нь ойрхон, “Өдрийн
сонин”-ы баригдаад олон жил болж байгаа барилгын гэрлийг хаасан зөрчилтэй байна.
Энэ талаар ойр орчмын бусад байгууллагуудаас ч гомдол ирж байгаа. Маш их дуу чимээтэйгээс
гадна дээрээс их хэмжээний зүйл унадаг, аюул осол ихтэй гэсэн гомдол ирж байна.
Энэ хоёр байшингийн дундуур машин замтай. Тиймээс аваар осол ч гарах орчин бүрдчихсэн.
Засгийн газрын 2012 оны арванхоёрдугаар сарын 1-ний тогтоолоор барилга
байгууламжийн ажил эхлэх, үргэлжлэх зөвшөөрөл олгохыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Барилга, хот байгуулалтын яаманд шилжүүлсэн.
Ингэхдээ 16 хүртэлх давхар барилгыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар буюу
Нийслэлийн Засаг даргын мэдэлд, түүнээс дээшихийг Барилга, хот байгуулалтын сайдын
мэдэлд өгсөн. Үүний дагуу 2013 оны есдүгээр сарын 4-ний өдөр 421-2013 гэдэг зөвшөөрөл
олгосон байна. Тиймээс энэ барилгын орчны ерөнхий төлөвлөгөө буюу зэргэлдээх барилга
байгууламжтайгаа хэрхэн уялдаж байгаа гэх мэт асуудлуудыг Нийслэлийн захирагчийн
ажлын алба, ерөнхий төлөвлөгөөний газрын барилгын зураг төсөл, хяналтынхан нь шалгаад
зөвшөөрөл өгсөн байх учиртай. Ингэж шалгах явцдаа ямар нэгэн алдаа гаргасан бол
үүнийгээ эргүүлж нягтах, засах нөхцөл бололцоо бас байх хэрэгтэй гэж үзэж байна.
Манай байгууллагын зүгээс зай хэмжээ багассан эсэхийг архитекторууд маань үзэж байж
шийднэ. Ер нь Сүхбаатар дүүргийн хэмжээнд ийм нөхцөл байдал үүсгэсэн 80 гаруй барилга
байна. Гэтэл хариуцсан хоёрхон байцаагчтай. Бид эхнээсээ гомдлын дагуу шалгаад
л явж байна.
-Сүхбаатар
дүүргийн иргэн Г.Нямдорж: Би олон жилийн турш бодож байгаа юм. Юун яам,
юун дарга нар вэ. Ер нь эцсийн эцэст Монголыг залж, залуурдаж байгаа ганцхан бодит
зүйл бол сонин хэвлэл тэр дундаа “Өдрийн сонин” л байна. Хаана болж бүтэж байна,
хаана болохгүй байгааг сониныхон л дэлгэдэг шүү дээ. Тиймээс ийм хүч чадалтай “Өдрийн
сонин” уг асуудлыг хөндсөн нь олны анхаарлыг татах нь лавтай.
Мэргэжлийн хяналтын газар өнөөдөр чадалгүй, хүчгүй байна. Тэгвэл
ийм чадалгүй төрийн байгууллага байж байхаар бүгдийг нь нийлүүлээд шинэчлэлийн Засгийн
газар, дөрөв дэх засаглалын хүчтэй ганцхан аппаратыг байгуулчих хэрэгтэй. Түүнээс
бус мянган удаа сайхан яриад, хэлээд нэмэргүй.
-Н.Гантулга: Сүхбаатар дүүрэгт гэхэд 80 гаруй барилга
байна гэж Мягмаржав гуай хэллээ. Барилга хоороондын зайн асуудал дээр та бүхний
саналыг сонсмоор байна.
-Б.Хашчимэг: Нийслэлийн нутаг дэвсгэр дээр
2008 оноос хойш барилгын ажил эрчимтэй явагдаж байгаа. Энэ нь шилжин суурьшилт болон
газар олголттой холбоотой. Олгогдож байгаа газар бол тухайн барилгыг барьж болохоор
норм, нормативыг хангахуйц байдаг. Харин түүн дээр тухайн аж ахуй нэгж барилга,
хот байгуулалтын тухай хууль, дүрмийг зөрчөөд тултал нь барилга бариад байгаа. Ногоон
байгууламж, машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай зэргийг тооцоололгүйгээр авсан
газар дээрээ барилгаа босгочихдог. Энэ бол
газар олгож байгаа байгууллагуудтай холбоотой. Гэр хорооллын дахин төлөвлөлттэй
холбоотойгоор Баянгол дүүргийн VII хороог жишээ татмаар байна л даа. Ард Аюушийн
гудамж бол амины орон сууцны төлөвлөлттэй байсан хэсэг. Гэтэл аж ахуй нэгж хоёр,
гурван айлын газрыг худалдаж аваад 5-12 давхар барилга барьчихсан. Дэд бүтэц, барилга
хоорондын зам талбай байхгүй, холбогдох газраас зөвшөөрлөө бүрэн гүйцэд аваагүй
байсан. “Өөрийн эзэмшил газар дээрээ хүүхдүүддээ зориулж орон сууц барьж байна”
гэсэн тайлбар өгсөн. Энэ мэт зөрчил давамгай байна.
-Н.Гантулга: Мэдээж ийм асуудлууд дээр мэргэжлийн
байгууллагууд албан шаардлага тавьж байгаа байх л даа. Тэгэхээр газар олголтыг
яавал дээр вэ. Үнэхээр нүүр нүүрээ харалцсан ийм барилгууд цаашид боссоор байх уу?
-О.Одбаяр: Газар олголтын асуудал 2003 оноос хойш
нэлээд хийгдсэн байдаг юм билээ. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш
уг асуудлыг ерөнхий төлөвлөгөөтэй нь уялдуулж, шийдэж байя гэсэн үндэслэлээр Газар
барилгажилтын зөвлөлийг Засаг даргын захирамжаар байгуулсан. Үүнд Нийслэлийн ерөнхий
төлөвлөгөөний болон Өмчийн харилцааны газрын хэлтсийн дарга нар орж мэргэжлийн шийдлээ
гаргах юм. Бидний гаргасан шийдлийг Нийслэлийн Засаг дарга хянаж үзээд газар олголтыг
хийж байгаа. Үүнээс хойш газар олголтын асуудал нэлээд цэгцэрсэн. Өмнөх үеийн газар
олголт бол Ерөнхий төлөвлөгөө Газрын алба хоёр тус тусдаа байсан хэрэг. Газар зохион
байгуулагчдаас шийдвэр гардаг байсан учраас инженерийн шугам сүлжээн дээр олгох,
мөн байшинд наалдуулж, зам руу шахаж олгох, нийтийн эзэмшлийн зам талбайг хамрах
зэрэг асуудал гарсан байсан. Одоо ч гарсаар байгаа. Газар авсан хүн барилга барьж,
ашиглахыг хүсдэг. Тиймээс иргэд, аж ахуй нэгжүүд өөрсдийнхөө эрх ашгийн хүрээнд
барилгаа барихыг хичээдэг. Ингээд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй янз бүрийн хэлбэрээр
барьдаг. Замбараагүй газар олголтыг шийдэхийн тулд 200 гаруй аж ахуй нэгжийн газрын
эрхийг цуцалсан.
-Д.Мөнгөндалай: Хуучин уялддаггүй байсан болохоор
өнөөдрийн байгаа нөхцөл байдал тэрнээс үүдэлтэй байх нь ээ?
-О.Одбаяр: Ерөнхий төлөвлөгөөний газраас эскиз
зураг гарснаас 1-2 жилийн дараа ажил нь эхэлдэг байгаа. 2013 онд эскиз зургаа батлуулсан
хүн бол зөвшөөрлөө авч, барилгын ажил нь эхлээд явсаар байгаад 2015 онд ажил нь
эхэлдэг байх жишээний. Энэ хугацаанд бэлтгэл ажлаа хангадаг. Одоогийн тулгараад
байгаа эдгээр асуудлууд 2-3 жилийн өмнө шийдэгдсэн. Тиймээс бид хойноос нь засах гээд яваад байгаа юм.
-Д.Мөнгөндалай: “Өдрийн сонин”-ы барилгатай адил
наалдуулаад барьсан байшингууд хотод зөндөө байгаа гэлээ. Энэ асуудлыг яаж шийдэх
вэ. Үйл ажиллагааг нь гацаах уу?
-А.Мягмаржав: “Өдрийн сонин”-ы хажууд баригдсан
барилга бол жишээ. Энэ мэтчилэн иргэд, аж ахуй нэгжийн эрхийг зөрчиж барилга
барьснаас болж шүүхээр шийдвэрлүүлсэн тохиолдол олон бий. Барилга барихаас буулгахад
нь илүү их зардал гарна. Энэ асуудал шүүх дээр очихоор “Барилга барьсан хөрөнгийг
хэн төлөх юм бэ” гээд эргээд нэхэмжилдэг. Тэгэхээр эрх зүйн орчныг үлэмж сайжруулах,
Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нарын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлдэг болох нь чухал байна.
Харамсалтай нь байцаагч нар актаа тогтоож, албан шаардлагаа өгдөг ч тэр нь хэрэгждэггүй.
Төрийн байгууллагууд уялдаа холбоогоо хангаж, шийдвэрээ хэрэгжүүлдэг байхгүй бол
ганхана.
-Сүхбаатар дүүргийн I хорооны иргэн С.Батчулуун: Нийслэлийн
иргэдэд тулгамдсан асуудлуудын нэг болох энэ сэдвээр “Өдрийн сонин”-д хэлэлцүүлэг
өрнөж, албаны хүмүүс оролцох гэж байгаа тухай мэдээллийг аваад ирсэн юм. “Өдрийн
сонин” гэж хэвлэлийн энэ том хүчирхэг байгууллагаар бидний дуу хоолой гарч байна.
Иргэд бид эрхийнхээ төлөө хоёр жил тэмцээд үр дүнд хүрсэнгүй. “Өдрийн сонин”-ы ард
босч буй орон сууцны барилга ч иргэдийн эрхийг ноцтой зөрчжээ. Энд ногоон байгууламж,
машины зогсоолоос гадна, хүүхдийн тоглоомын талбай ч алга. Нэг талаар та бүхэн өөрсдийнхөө
эрх ашгийг хамгаалж байгаа ч нөгөөтэйгүүр “Астра бюлдинг”-ийн энэ орон сууцанд орсон
64 айлын хүүхдүүд нь тоглох газаргүй, машин багталцаж шингэхгүй нь байна шүү дээ.
-Я.Баярбаатар: Бидний гомдлын дагуу энэ барилгын
үйл ажиллагааг зогсоох боломж бий юу?
-Н.Оюунчимэг: Барилга хоорондын зай, хэмжээний асуудал
алдагдсан ийм тохиолдолд харьяаллын дагуу холбогдох байгууллагад нь хандах ёстой.
Мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, орчны аюулгүй байдлыг хангасан орчинд энэ
байгууллага үйл ажиллагаа явуулах учиртай. Гэтэл ногоон тор татдаг. Зургаан давхраас
юм унагаахад цоороод доошоо нэвт унаж, ногоон тор амархан цоордог. Аюулгүй ажиллагааны
бүс бол тодорхой стандарттай байх ёстой. Манай байцаагчид барилгуудаар явж аюулгүй
ажиллагаагаа хэр хангаж байгааг нь шалгадаг. Гэтэл хүн хүч үнэндээ хүрэлцдэггүй.
-Я.Баярбаатар: Монгол Улсын барилгын норм ба дүрэмд
яах аргагүй хоёр байшингийн хоорондох зай 15-45 метр байх ёстой. Гэтэл яагаад найман
метр хүрэхгүй зайд яагаад барилгын зөвшөөрөл олгочихов гэдэг асуудал байна. Цаана
нь авлигын хэрэг байна уу. Яагаад хууль зөрчин барилгын зөвшөөрөл олгодог юм бэ.
Нэгэнт дагаж мөрдөхгүй юм бол хууль батлаад хэрэг байгаа юм уу?
-Н.Оюунчимэг: Өмнөх жилүүдэд барилга хоорондын зайг
баримталж, зөвшөөрөл олгохгүй гэхээр хүмүүс биднийг хүнд сурталтай, авлига авах
гээд байна гэж шүүмжилдэг байсан. Нууцгүй хэлэхэд ийм байна. Барилга баригдаад хүний
амь эрсдээд байхад Мэргэжлийн хяналтын байгууллага юу хийж байв гээд яриад байдаг.
Бид үнэндээ тодорхой хэмжээгээр ажиллаж байна. Гэвч хүчгүйдээд байна. Яг мэргэжлийн
хяналтыг ажил үүргийнх нь дагуу хяналтыг нь тавиулаад явж байсан бол өнөөдрийн ийм
асуудал үүсэх гүй шүү дээ.
-Я.Баярбаатар: “Өдрийн сонин”-ы ард баригдаж байгаа
барилга хууль зөрчиж байгаа явдал мөн үү?
-А.Мягмаржав:
Мөн
-Н.Оюунчимэг:
Мөн
-Б.Хашчимэг: Зай хэмжээгээ мөрдөөд батлаад байвал
ийм зөрчил гарахгүй. Ийм асуудлыг зургийнх нь шатанд шийдэх ёстой.
-Я.Баярбаатар: Энэ барилга хууль зөрчсөнийг мэргэжлийн
байгууллагууд хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээр ойрын хугацаанд зогсоох боломжтой
юу?
-Б.Хашчимэг: Одоо бүх шатныхаа зөвшөөрлийг авчихсан
байгаа. Тэгэхээр хот байгуулалтын дүүрэг хариуцсан байцаагч нь арга хэмжээ авдаг.
Холбогдох байгууллага нь зөвшөөрлөө авчихсан байхад холбогдох байцаагч зогсооно
гэдэг нь ч учир дутагдалтай. Хот байгуулалтын байцаагч маань барилга хоорондын зай,
хууль дүрэм хангаж байна уу гэдгийг л харна.
-А.Мягмаржав: Шулуухан хэлэхэд энэ барилгын эх загвар
зургийг баталчихсан байна. Ерөнхий төлөвлөгөөгөө хэрэгжүүлдэг иргэдийн хурлаас
журам гаргасан байна. Нэгэнт батлагдсан юм чинь зураг нь хийгдээд барилга нь баригдаж
л таарна. Тэгээд зураг нь хийгдэх юм бол тэр газар дахиад барилгыг барина гээд зөвшөөрөл
олгочихсон байгаа шүү дээ. Журмаа гаргасан хэрэгжүүлэх ёстой байгууллагууд өөрсдөө зөрчөөд явчихсан байна.
-Б.Хашчимэг: Үе шаттайгаар бүх зөвшөөрлүүд нэг
л байгууллагаар дамжиж байгаа. Олгосон эскизийнх нь дагуу зураг хийгдээд ирсний
дараа нөхдүүд хянаад дахиад зөвшөөрөл олгочихож.
-А.Мягмаржав: Энэ барилгууд дээр зай хэмжээ зөрчсөн
байна гээд байцаагч албан шаардлага өгч байгаа. Өчигдөр манай ерөнхий газрын дарга
“Бид нар шүдгүй арслантай адил байна” гэж байсан. Үнэхээр мэргэжлийн хяналтынхан
ийм асуудлыг шийдэхэд хүчгүйдэж байна.
-Я.Баярбаатар: Энэ барилгын ажлыг царцчихлаа гэхэд
хэн нэгэн эрх мэдэлтэн хүрч ирээд үргэлжлүүлээд бариулчихвал яах вэ?
-А.Мягмаржав: Хяналтын тухай шинэ хуулинд “Хүний
амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд аюул учруулахаар тогтоогдсон бол тийм болзошгүй
тохиолдолд барилга, ажил үйлчилгээг 14 хоногийн хугацаатай зогсооно” гэж заасан
байдаг. Энэ нь хувийн бизнесийг дэмжиж байгаа хэрэг гэнэ дээ.
-Я.Баярбаатар:
Тэгэхээр 14 хоног гүрийчихвэл болчихно гэсэн үг үү?.
-А.Мягмаржав:
Шинээр батлагдах хууль цоорхойтой байна.
-М.Алтанцэцэг: Бид энэ хэлэлцүүлгийн тухай дам
сонсоод ирсэн юм. Олон хариуцлагатай албан тушаалтан ирсэн байна. Төрийн албаны хариуцлагагүй, зохион байгуулалтгүйгээс
бид хохирсоор байх уу. Цаашид бид хаана хандах вэ. Чаддагаараа мэргэжлийн хяналтад
хандлаа. Төрийн алба зохион байгуулалтгүй, уялдаа холбоогүйгээс бид үндсэн хуулинд
заасан эрхээ эдэлж чадахгүй, зөрчүүлсээр байна. Үүнийг яах вэ. Ийм байдалд хүрээд
цаашид яваад байх уу.
-А.Мягмаржав: Нийгмийн тулгамдсан асуудлыг “Өдрийн
сонин” өөрт тулгамдсан асуудал дээрээс хөндөж байна. Бид төрийн хуулийг хэрэгжүүлэх
гэж явдаг байцаагч нарын хувьд өөрт тулж байгаа асуудлыг ярьж байна. Энэ үйл ажиллагаа
цаашид үр дүнд хүрэх ёстой. Хамгийн гол нь байцаагчид болон сониныхон шийдвэр гаргадаг
улсууд биш. Тэгэхээр нийгмийн санаа бодлыг олон нийтэд хүргэж байгаа сэтгүүлчдийн
санаа байна. Тэр битгий хэл бид барилгуудад шалгалт хийж, зөвшөөрөлгүйгийнх нь цахилгааныг
тасалдаг. Гэтэл тэд дахиад л цахилгаанаа залгачихдаг. Зарим нь дизель хөдөлгүүр
авчраад ажиллуулдаг. Сүүлдээ шүүхэд ханддаг. Шүүх хянаж үзээд Иргэний хэрэг хянан
шийдвэрлэх хуулиар энд ямар ч хохирол алга гэдэг. Мөнгөн хохирол гараагүй байнагээд
бидний гомдлыг буцааж байсан тохиолдол байна. Мэргэжлийн хяналт нь шүүхэд хандахаар
ингэж шийдвэр гарч байгаа юм чинь жирийн иргэн хандвал нэмэргүй.
-М.Алтанцэцэг: Мөнгөөр тооцохоо больё гэхэд бид
эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирч, нар харах эрхээ хасуулж байна. Бид хаачих
вэ. Ер нь мэргэжлийн хяналт мэргэжлийн хяналт шиг байх ёстой. Бага ч гэсэн ийм хууль
бус зүйлийн үзүүрийг тасдмаар байна.
-А.Мягмаржав: Харин энэ санаачилгыг “Өдрийн сонин”
гаргалаа. Их баярлалаа.
-Сүхбаатар дүүргийн иргэн Н.Батчулуун: Мэргэжлийн
хяналтынхан Барилгачдын талбай дээрх барилгыг нурааж байсан шүү дээ.
-Н.Оюунчимэг: Тэр үед төр хүчтэй юм байна гэдгийг
харуулсан. Төрийн хяналт шалгалтын тухай хууль бий. Тэгэхээр хяналтын тухай шинэ
хуульд төр гэдэг үг байхгүй болж байгаа. Миний бодлоор төр хүчтэй байх юм бол
иргэд, аж ахуй нэгжүүд нь хуулиа хэрэгжүүлдэг болох байх.
-А.Мягмаржав: Мэргэжлийн хяналтын байгууллагыг
үе үеийн түр зуур томилогдож ирсэн дарга нар, намууд шороотой хутгасан. Тэр хүмүүс
Монголын хөрсөн дээр буухгүй янз бүрийн өөрчлөлт хийдэг. Гэхдээ мэргэжлийн хяналтын
байгууллага өөрчлөгдөх хэрэгтэй гэдэгтэй санал нэг байгаа.
-Н.Оюунчимэг: Хот 2020 он хүртэл ерөнхий төлөвлөгөөнийхөө
дагуу хөгжих ёстой. Тэр болтол ерөнхий төлөвлөгөөний дагуу архитектур төлөвлөгөөний
даалгавар газар олголт хийгдээд явж байх ёстой. Бичиг баримтаасаа эхлээд норм дүрмийн
шаардлага хангаад хууль дүрмээ барьж явбал ийм асуудал үүсэхгүй.
-Б.Хашчимэг: Бид мэргэжлийн байгууллагуудад тавьдаг.
Гэтэл тэндээ очоод гацаад байна. Мэргэжлийн байгууллага байгуулагдаад хүчтэй байсан.
Тэнгисийн талбай, Баянзүрхийн гурван давхар барьсан барилгыг буулгуулж байсан. Бид
хүчтэй байсан. Гэтэл сүүлийн үед тийм биш
байна. Гэтэл манай байгууллагыг тараана гэсэн мэдээлэл гарсан.
-Б.Батчимэг: Нийслэлийн хэмжээнд газар олгох асуудлыг
шинэ журмаар л олгоно. Э.Бат-Үүл дарга сонгогдсоноос хойш нийслэлийн төвийн хэсэгт
шинээр газар олгоогүй. Энэ үүсээд байгаа асуудлууд бол урьд өмнө гарсан захирамж
шийдвэртэй холбоотой. Нэгэнт эрх зүйн харилцаанд орчихсон байсан нөхдүүд барилгаа
барьдаг юм уу, эрхээ шилжүүлдэг ч юм уу ийм л
асуудал гарч байна. Тэрнээс шинэ журам гарснаас хойш дуудлага худалдаагаар
огт газар олгоогүй. Шинэ газар олголт алслагдсан дүүргүүдэд бүтээн байгуулалттай
холбоотой газар олгож байгаа.
-Д.Мөнгөндалай: Одоо энэ барилгыг яах ёстой юм бэ.
Хүмүүс хүний хувийн өмч гэсэн хэлбэрээр ойлгож байгаа байх?
-А.Мягмаржав: Шүүхэд хандана.
Т.ГЭРЭЛМАА
М.МӨНХЦЭЦЭГ
Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ