Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Аргалын утаа үнэртсэн нүүдэлчдийн нийслэл

НЭГ. УТАА ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРСЭН

Үе үеийн эрх баригчид маань утаатай тэмцээд ялагдсаар явна. Одоо Улаанбаатар хот дэлхийн хамгийн хорт хот төдийгүй, өвөл хүн амьдрахад аюултай түвшинд хүрээд байна. Дүн хүйтний улирал болохоор утаа гамшгийн хэмжээнд хүрнэ. Энэ үед мөнгөний боломжтой зарим хүн эрүүл мэндээ бодоод гадаад руу дүрвэж байна. Аминдаа арчаатай зарим нь ач, гучаа аваад утаанаас дайжин хөдөө уулын аманд гэр барин өвөлжихөөр нүүж байна. Нэг уушгинд оногдох хар тугалга зэрэг хорт элемент аль хэдийнэ аюулын хэмжээг давсан. Улаанбаатарын хорт утааг нялх хүүхдийн торго адил эмзэг нялх уушги битгий хэл, тамхи архины дархлаа тогтсон томчуудын уушги хүртэл тэсэхэд бэрхтэй. Бид дасч болохгүй утаандаа хүртэл дасаад, улстөрчид нь хүртэл утаагаа арилгах бодолгүй гөлийжээ. Зунжин амарч наадсан иргэд хотдоо бөөгнөрч, парламент хуралдаж эхлэв. Тун удахгүй Улаанбаатарт амьсгаа авдаг хүн байтугай чөтгөр тогтохын аргагүй болно. Гэтэл намрын чуулган энэ тухай авиа гаргалгүй “Эдийн засгаа 100 хоногт сайжруулаагүй АН-ын Засгийн газрыг огцрооно” гээд зогсч байх юм. Эрх баригчид нь хүртэл улс орны эдийн засгийг 100-хан хоногт сайжруулна гээд амлалт өгч мундагтсан байх юм.

100 хоног гэдэг эм тарианаас хамааралтай, өвчтэй хүний бие тэнхрэх богино хугацаа юу гэхээс, дэлхийгээс хамааралтай улс орны эдийн засаг 100 хоногт сэхдэггүй юм. Ийм үзүүлэлтийг таван жилээр ярьдаг, дүгнэдэг гэдгийг макро эдийн засгийн хичээлд үзсэн бүгд мэдэж байгаа. Тэгвэл одоо парламентаар юу ярих ёстой вэ. Улаанбаатарт онцгой байдал тогтоож гурван сар утаатай тэмцмээр байх юм. Үндсэн хуулийн заалт ёсоор “Монгол хүнээ эрүүл аюулгүй орчинд амьдруулахыг төр хариуцах” ёстой. Бүх сургууль, цэцэрлэгийг хааж нүүлгэн утаагүй бүсэд шилжүүлэх. Хорт утаа үйлдвэрлэж байгаа бүх яндангуудыг төр хяналтдаа авч нүүрс, дугуй зэрэг хорт хий үйлдвэрлэдэг түлш түлэхийг хатуу хориглосон ч яадаг юм. Улс төрийн бүх намууд хэлэлцэн нэг бодлого боловсруулан Ерөнхийлөгч онц байдал тогтоосон ч болно. Хугацааны хувьд 90 хоног гамшгийн байдалд ажиллаад ард иргэдээ хойч үеэ утаанаас аврахаас өөр тулгамдсан ажил алга. Цөмийн зэвсэг, газар хөдлөлт, элдэв тахлаас илүү наад утаа чинь аюулын хэмжээнд хүрээд байхад төр авралын болон онцгой байдлын, гамшгийн түгшүүрийн хонх цохих болсоон.

ХОЁР. АРГАЛЫН

УТАА БОРГИЛСОН НҮҮДЭЛЧНИЙ ХОТ

Асуудал бий. Утаа гаргахгүй гэхээр нийтийн халаалтанд холбогдож чадаагүй гэр хорооллынхон хасах 40 градусын хүйтнийг яаж давнаа. Түлээ түлье гэхээр өнөө хар нүүрс, дугуй, хог новшоо түлж дулаан хонох. Судалгаанаас үзэхэд сүүлийн таван жилийн дотор хөдөөнөөс нүүж ирсэн айлууд монгол гэрт өвөлжиж элдэв юм түлж өвлийг өнгөрөөдөг гэнэ. Харин тохилог хашаа байшинд өвөлжиж байгаа унаган хотын иргэд “гэр хорооллын баячууд” ядахдаа цахилгаанаар халдаг нам даралтын зуух тавьчихсан утаа гаргалгүй өвөлжиж чаддаг байна. Тэгвэл энэ их яндангийн утаа угаар хаанаас гараад байна. Хотынхон хотын ойролцоо газар авчихаад хашаа хатгачихаад, хашаанд нь хөдөөнөөс ирсэн нэг айл сахиулаар буулгачихдаг. Хөдөөгийн оюутнууд шилжин ирэгсэд гэр бариад айлын хашаа, ер нь хаа ч хамаагүй гэр барьж буучихаад нийт гэр хорооллын хорт утааны наян хувийг үйлдвэрлэж байна гэж судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн таван жилд шилжиж ирсэн нүүдэлчдийн яндан биднийг утаж хордуулж байна гэжээ. Харин нүүдэлчид хотын захад аль тааралдсан газар буун гал түлэхдээ нүүрс сонгодог гэнэ. Хөдөөнөөс ирсэн нүүдэлчид өөрсдийнхөө хөдөө түлж байсан “аргал” гэдэг түлшийг хотод түлдэггүй. Уг нь “аргал” их сайн экологийн цэвэр түлш байна гэжээ. Жайка-гийн төслөөр ирсэн Ямаат гэдэг Япон улсын эрдэмтэн судалгаа хийжээ. (Япон эрдэмтний нэр нь Ямагато гэх. Манай хөдөөнийхөн Ямаат гээд нэрлэчихэж.Г.Д) Японы эрдэмтэн тайландаа маш сонин дүгнэлт гаргажээ. “Монголын эрх баригчид Улаанбаатарыг утаанаас нь салгахыг хүсэхгүй байна. Хэрвээ хүсэх юм бол утаа гаргадаггүй зуухаар биш утаа гаргадаггүй түлш сэтгэх ёстой, хийх ёстой. Түлшний гаргаж байгаа утаа нь хүний биед хоргүй тийм түлш бол нүүдэлчдийн өөрснийх нь олон зуун жил түлсээр ирсэн “аргал” гэдэг өвөрмөц эко түлш байна гэжээ. Хоёрдугаарт, монголчууд утаагаа арилгана гэж зуухаараа оролдоод байх юм. Түүний оронд утаа гаргаж байгаа бүх яндангаараа оролдож янданд утаа шүүх “маск” хийхэд л гарч байгаа утааны хар тугалга зэрэг хүнд элемент 60 хувь яндандаа унаж хорт чанар нь арилна” гэж эрдэмтэн Ямаат тайландаа бичжээ. Харин энэ эрдэмтэн тал хээрийн манай суманд очиж “аргал” судалсан байна. Монгол гэрт өвөлжиж, үхрийн баас зөөж, хөрзөн ховхолжээ.

Эрдэмтэн Ямаат гал түлж гэрт өвөлжиж эрдмийн ажил хийж аргал, хоргол, хөрзөн, хүйдэс хүртэл түүж, түлж өвөлжиж, зусаж үзсэн гэнэ. Үхэр, хонины нойтон баасыг усаар зуурч газ \хий\ үйлдвэрлэж, аргалын галаар мах утаж, өвлийн хүйтэнд малчны хотонд аргал асааж жавар үргээж, халуун зун аргал шатааж ялаа, шумуул хүртэл үргээж аргалыг бүх л талаас нь судалж кино бичлэг хийж авсан байна. Аргалын үнсээр нь хүртэл, шарх эмнэж эдгээдгийг сонирхож, ургамлын бордоо хийж хоёр жил шахуу монгол гэрт амьдарсан байна.

Яахаараа гадны эрдэмтэн гэхээр ийм мундаг байдаг байна. Миний хамгийн сайн мэдэх аргалыг хүртэл судлаад бүүр стратегийн түлш төдийгүй, хамгийн экологийн түлш гэдгийг тэд “нээсэн” байна. Тун удахгүй бүх хүнийг орон сууцаар хангатал нүүдэлчдийн нийслэл Улаанбаатарт ад үзэгдсэн гэр хорооллынхон аргал түлэх туршлагыг Японоос судлах болно. Хорт утаа, өвлийн гурван сард угаартаж үхэх их гамшгаас өнөө муу аргал хөрзөн маань аврах юм биш байгаа даа. Дүн өвлийн хүйтэнд дүмбийтэл дулаалсан монгол гэрт хөлдүү хөрзөн, хөх аргал түлээд пүнхийтэл дулаан өвөлжих сайхаан. Аргалын гал дээр хийсэн цай хоол, чанасан мах, өвөлжөөний адгаас үнэртэх аргалын утаа, монгол хүнд үнэхээр сайхаан. Энэ бүгдийг эрх баригчид даанч мэдэхгүй. Уг нь манай төр засгийнханд мөнгө байгаа шүү. Нүүдэлчдийн нийслэлээс аргалын утаа боргилно…

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Өнөрбат гурав дахь хүрэл медалиа зүүлээ

ОХУ-ын Якут улсын Якутск хотноо ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний дурсгалд зориулсан чөлөөт бөхийн уламжлалт Гран-при тэмцээн өнөөдөр эхэлж байна. Тэмцээн эхний өдөр 65 кг-ын жинд барилдсан Б.Нямдорж, 74 кг-ын жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат нар хүрэл медаль хүртжээ. Ийнхүү П.Өнөрбат энэ тэмцээнээс 4 дэх медалиа, түүний дотор гуравдахь хүрэл медалиа авч буй юм. Энэ өдөр мөн 57 кг-ын жинд спортын мастер З.Занабазар, 74 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Анхбаяр нар барилдсан.

Энэ удаагийн гран при тэмцээнд Азербайжан, Армян, Афганистан, Беларусь, Болгар, БНСУ, БНХАУ, Грек, Гүрж, Казахстан, Киргиз, Иран, Литва, Монгол, Польш, Румын, Тажик, Турк, Украин, Финланд, Хорват, Эстони, Япон зэрэг 31 гадаад орон, ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Буриад, Кабардино-Балкари, Татар, Тува, Якут улс, Кемерово, Красноярск, Эрхүү мужийн бөхчүүд оролцож байгаа аж.
Тэмцээн маргааш үргэлжилнэ. Манай бөхчүүдээс 61 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Нэмэхбаяр, Б.Өсөхбаяр, 70 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Батзориг, 125 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Н.Золбоо нар хүч үзнэ. Багийн дасгалжуулагчаар Ж.Дандар ажиллаж байгаа бол олон улсын шүүгч Х.Ганболд шүүгчээр оролцож байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Тивийн шилдгүүд дөрвөн жилийн дараа Жакартад өрсөлдөнө

-234 тамирчны бүрэлдэхүүнтэй Инчоныг зорьсон Монголын баг таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль хүртэж, 45 орноос 16-д жагсав.

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотноо есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд болж, өндөрлөлөө. Дөрвөн жилд нэг удаа болдог тус наадамд Ази тивийн 45 орны 12 мянга гаруй тамирчин спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдсөлдлөө.

БНХАУ 151 алт, 108 мөнгө, 83 хүрэл, нийт 342 медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол БНСУ (79+71+84), Япон (47+76+77), Казахстан (28+23+33), Иран (21+18+18) улсууд удааллаа. БНАСАУ 11 алт, 11 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн бол 2018 оны XVIII наадмыг зохиох эрхийг авааад байгаа Индонези улсын баг тамирчид 4 алт, 5 мөнгө, 20 хүрэл медаль хүртжээ.

234 тамирчны бүрэлдэхүүнтэй Инчоныг зорьсон Монголын баг таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль хүртэж, 45 орноос 16-д жагсав. Монголын баг тамирчид өмнөх наадамд үзүүлж байсан олон амжилтыг эвдсэн.

Монголын баг тамирчид 1974 онд Ираны нийслэл Тегеран хотноо болсон VII наадмаас эхлэн оролцож эхэлсэн бөгөөд анхны наадмаас хоёр алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж байжээ. Үүнээс хойш нийт 14 алтан медаль хүртсэн бөгөөд “Шинэ Дель-1982” наадмаас гурван алтан медаль хүртэж байжээ. Харин “Шинэ Делт 1982”-т тогтоож байсан гурван алтан медалийн амжилтыг “Инчён-2014”-т тав болгон эвдэж, нийт 19 алтан медалийг Азийн наадмаас хүртээд байна.

Монголын боксчид Азийн наадмын түүхэн дэх анхны алтан медалиа хүртсэн бол таеквондогийн анхны медальтан төрлөө.

Үүнийг тодруулбал, Монголын боксчдоос анхны Азийн наадмын аваргыг ОУХМ Д.Отгондалай, таеквондын тамирчдаас анхны медальтан болсон М.Түмэнбаяр, марафон гүйлтийн төрөлд Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:06:13 цагийн амжилтаар IV байрт шалгарсан, Жүдо бөхийн төрөлд эрэгтэйчүүдийн -100 кг-д Олимпийн алт, мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, 66 кг-д Дэлхийн залуучуудын аваргын хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д Дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг нар алтан медаль хүртэж, мөнгөн медалийг Дэлхийн аварга, ОУХМ Г.Болдбаатар, Б.Дүүрэнбилэг, Г.Одбаяр, хүрэл медалийг Л.Отгонбаяр, Н.Дагвасүрэн, Д.Сумъяа, Ц.Наранжаргал нар хүртлээ. Чөлөөт бөхийн баг тамирчдаас нэг мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 55 кг-д ОУХМ С.Бямбацэрэн мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн 57 кг-д залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Б.Номин, эрэгтэйчүүдийн 97 кг-д Азийн аварга Д.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 63 кг-д насанд хүрэгчдийн болон залуучуудын Дэлхийн аварга С.Цэрэнчимэд, 75 кг-д дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин О.Бурмаа нар хүрэл медаль хүртлээ.

Мөн Азийн наадмын буудлагын тэмцээнд урт бууны тамирчин Чулуунбадрахын Нарантуяа 50 метрт хэвтээ байдлаас 60 сум буудах дасгалд 624.1 оноогоор алтан медаль хүртэж, Азийн наадмын аварга болов. 25 метрийн спорт гар бууны дасгалд онч сорьсон олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа хүрэл медаль хүртэв. Түүнчлэн Азийн наадамд оролцсон Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй болон эмэгтэй баг тамирчид маань гайхалтай тоглолтуудыг үзүүлж, шөвгийн наймд шалгарсан түүхэн амжилтыг үзүүллээ.

Ийнхүү амжилт бахархалаар дүүрэн, алдаа оноо, сургамж шүүмж, хөлс хөдөлмөрийг харуулсан олон олон сонирхолтой тоглолтууд үргэлжилсэн 16 хоног өнгөрлөө.

1962 онд Азийн зуны спортын IV дэх наадмыг зохион байгуулж байсан Индонезийн Жакарта хотод дөрвөн жилийн дараа тивийн шилдэг тамирчид дахин өрсөлдөх юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Утаагүй зуух худалдаж авсан иргэд 256 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ

Цэвэр агаар сан”- ийн гүйцэтгэх захирал Д.Баасантай ярилцлаа.

-“Цэвэр агаар сан”-ийн санхүүжилтээс яриагаа эхэлье?

-Экспортын нүүрсний кг тутмаас нэг төгрөгийг “Цэвэр агаар сан”-д төвлөрүүлдэг. Дээр нь автомашины агаарын бохирдлын татвар нэмж ордог. Ингээд 2011 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш жилд дунджаар 30 орчим тэрбум төгрөг төвлөрдөг байсан. Харин энэ жил эдийн засаг сайнгүй байсан учраас 20 тэрбум 260 сая төгрөгөөр баталсан. Үүнээс энэ оны эхний есөн сарын байдлаар дөрвөн тэрбум орчим төгрөгийн санхүүжилт хийгдсэн. Оны эцэс гэхэд нийт 17 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэх ёстой. Энэхүү урьдчилсан тооцоолол ёсоор гурван тэрбум төгрөг хэмнэгдэхээр байна. Энд нэг зүйлийг хариуцлагатайгаар мэдэгдэх гэсэн юм. Ийн цугларсан хөрөнгийг би ганцаар дур мэдэн зарцуулдаггүй. Өөрөөр хэлбэл “Цэвэр агаар сан”-гийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг Ерөнхий сайдаар ахлуулсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо лхагва гариг бүр хуралдаж, тэд ямар төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээ сонгодог. Дээр нь “Цэвэр агаар сан”-гийн БОНХЯ-ны сайд С.Оюунаар ахлуулсан удирдах зөвлөл сонгогдсон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эдийн засгийн нөхцөл боломж, үр өгөөжийг нь хэлэлцсэнийэцэст батлах эсэхээ шийддэг. Тэгээд ч “Цэвэр агаар сан” өөрийн албан ёсны сайт дээрээ үйл ажиллагааныхаа төсөл хөтөлбөр, тэдгээрийн санхүүжилтийг ил тод зарладаг болсон.

Агаарын бохирдлыг бууруулахын тулд танай сангаас юун түрүүнд утаагүй зуух, шахмал түлш үйлдвэрлэхэд ихээхэн анхаарсан. Хэр үр дүнтэй байна вэ?

-Улаанбаатар хотод бүсчилсэн байдлаар 45 мянган утаагүй зуух түгээх ажил ид дундаа орж байна. Одоогоор 29 мянга гаруй нь тараагдчихсан. Үлдсэнийг нь энэ ондоо багтаан тараана. Бүсчилж тараана гэхээр төвийн зургаан дүүрэг, тэр дундаа хүн ам шигүү суурьшсан, хорт утаа хамгийн ихээр ялгаруулдаг гэр хороолын иргэдэд утаагүй зуухаа тараана. Сэлэнгэ констракшн компанийн “Өлзий”, “Роял Оушн” компанийн “Дөл”, Элеменко компанийн “Талст”, “Их тэнгэрийн хүч” компанийн “Векас 107” хэмээх дөрвөн төрлийн зуухыг худалдан авсан тохиолдолд Дэлхийн банк, “Цэвэр агаар сан”-гаас төлбөрийнх нь 90 орчим хувийг төлж, иргэдэд үнэгүй шахуу тараадаг байсан. Үлдсэн 10 хувь л иргэд төлдөг гэхээр 30-аас 40 орчим мянган төгрөгөөр 400-аас 500 мянган төгрөгийн үнэтэй зуухыг иргэд худалдан авч байсан гэсэн үг. Мэдээж 29 мянга гаруй утаагүй зуух хөнгөлөлттэй үнээр тараагдсан гэх утгаараа тэр чинээгээрээ агаарын бохирдлыг бууруулсан нь тодорхой. Гэхдээ яг хичнээн хувиар буурсан гэдгийг хэлэх хэцүү. Үүнийг яг таг нарийн шинжилж тогтоодог мэргэжлийн байгууллага ч алга байна шүү дээ.

Утаагүй зуух тараахаас гадна хорт утаа бага ялгаруулдаг шахмал түлш нийлүүлэх шаардлага зүй ёсоор тулгарсан. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Засгийн газраас багагүй хөрөнгө гаргасан байдаг юм шүү дээ. Дулааны Хоёрдугаар цахилгаан станцыг түшиглэн нийслэлийн гэр хороололд амьдарч буй иргэдийн тэн хагасыг шахмал түлшээр хангах хүчин чадал бүхий үйлдвэрийг өнгөрсөн Засгийн газрын үед байгуулсан юм шүү дээ. Үүнд 17 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл технологи нь буруу учраас улсын комисс хүлээж авахгүй, шахмал түлшээ үйлдвэрлэлгүй өдийг хүрсэн. Барьцалдуулагч технологийг нь манайхан хийж чадахгүй байгаа юм билээ. Дархан-Уул аймагт “Шарын гол энерго” компани, “Баялаг эрдэнэ цом” зэрэг компаниуд өнгөрсөн жил шахмал түлш хэрэглэгчдэд нийлүүлсэн байдаг. Илчлэг, тоосонцор, шаталт зэргээрээ зохих стандартыг хангасан тохиолдолд “Цэвэр агаар сан” хамтарч ажиллахад бэлэн байна. Шахаж, барьцалдуулсан хагас коксжуулсан нүүрс л гэхээрээ утаагүй түлш болохгүй нь мэдээж. Манай зүгээс утаагүй нэг тонн түлшийг 125 мянган төгрөгөөр худалдан авах саналыг аж ахуй нэгжүүдэд тавьсан. Үүн дээр тээвэрлэлт, түгээлтийн зардал нэмэгдээд 150 орчим мянган төгрөгөөр хэрэглэгчдийн гар дээр очих болов уу.

Танай сантай гэрээ хийсэн шахмал түлш үйлдвэрлэгч аж ахуй нэгж бий юу?

-Одоогоор манайхтай гэрээ хийсэн компани алга. Манайхтай гэрээ хийж, үйлдвэрлэлээ хэвийн явуулахын тулд дээрх компаниудад хөрөнгө оруулалт шаардлагатай. Гэтэл өмнөх 17 тэрбумын хөрөнгө оруулсан Дулаанаар Хоёрдугаар цахилгаан станцын дэргэдэхүйлдвэр ашиглалтанд ороогүй, зарим нэг утаагүй түлш үйлдвэрлэхээр зээл авсан компаниуд гэрээний дагуу бүтээгдэхүүнээ нийлүүлээгүй байна. “Баялаг эрдэнэ цом” компанийн утаагүй түлш чанарын шаардлага хангахгүй байгаа бол шаардлага хангаж байгаа “Шарын гол энерго” компани 200 гаруй сая төгрөгийн өртэй. Ер нь хувийн хэвшлийнхэн дангаар энэ мэт шахмал түлшний үйлдвэр байгуулах боломжгүй. Зайлшгүй төр засгийн дэмжлэг зүй ёсоор шаардагдана. Гэтэл өмнөх хөрөнгө оруулсан үйлдвэр нь бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломжгүй болохоор төр засгийнхны итгэл алдарна биз дээ. Тиймээс бид өнөөдөр стандартад нийцсэн, үйлдвэрлэл нь хэвийн явж буй, өр ширгүй үйлдвэртэй гэрээ байгуулах чигийг баримталж байна.

Энэ жилээс утаагүй зуухны үнэ нэмэгдэнэ гэдэг үнэн үү?

-Угтаа бол зуухны үнэ нэмэгдэж байгаа хэрэг биш. Дэлхийн банк, “Цэвэр агаар сан”-аас өмнөх шигээ 90 хувийг төлж, хөнгөлөх бус тогтмол256 мянган төгрөгийг нь гаргахаар болсон. Тэгэхээр өндөр үнэтэй зуух худалдаж авбал иргэдийн төлөх зөрүү мөнгө төдий чинээ их байна. Хямд зуух авбал төлөх зөрүү нь бага байна. Зуухны үнээс шалтгаалаад иргэдийн төлөх зөрүү мөнгө дунджаар 10-170 мянга байна. Ингэж иргэдийн төлөх мөнгөн дүнд зохицуулалт хийхгүй бол ямар өндөр үнэтэй зуухыг хэрхэн хөнгөлж худалдаж авснаа ойлгохгүй байна.Утаагүй зуухаа зарсан тохиолдол цөөнгүй гарсан. Зарим нь бүр хөдөө орон нутаг руу ч өвлийн идэш, мах сүүгээр сольчихсон байх жишээтэй. Ингэх юм бол бидний төслийн зорилго, Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах зорилго биелэлээ олохгүй шүү дээ.

Өнгөрсөн хавраас худалдаж авсан утаагүй зуухаа хэрэглэж буй эсэхийг шалгах зорилготой хяналтын баг ажиллуулж эхэлсэн. Зарж үрсэн тохиолдолд зуухаа зах зээлийнх нь үнээр худалдаж авах шаардлага тавина.

-“Цэвэр агаар сан” утаагүй зуух хөнгөлөлттэй үнээр тарааж, шахмал түлшний үйлдвэрийг дэмжихээс өөр дорвитой ажил хийдэггүй хэмээн шүүмжлэх хүмүүс цөөнгүй байдаг л даа?

-Зуух, түлш тараахаас гадна өнгөрөгч гурван жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн Цагаан даваа орчмын 54 объект, Дэнжийн 1000 орчмын мянган айл өрх, 39 дүгээр сургууль болон тэр хавьд шинээр баригдах спорт цогцолборыг төвлөрсөн дулаан хангамжинд холбож, тэр хавийн 160 гаруй нүүрсээр галладаг халаалтын зуухыг татан буулгасан. Баянзүрх дүүргийн наймдугаар хороо буюу Цагдаагийн академи орчмын 600 гаруйайл өрхийг төвлөрсөн дулаан хангамжинд холбосон. Ингэснээр жилд 22 мянга гаруй тонн нүүрс түлэхээ больсон гэсэн үг. Үүнээс гадна Хан-Уул дүүргийн Шувуун фабрик орчмын халаалтын зуухыг 5.6 мВт хүчин бүхий хос халаалтын зуух болгож шинэчилсэн бол хотын захын 10 гаруй цэцэрлэг, сургууль, сувилал, аврах гал унтраах анги, цэргийн ангиудын нам даралтын болон халаалтын зуухыг шинэчлэх ажлуудыг хийсэн. Энэ жил шинээр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 39 дүгээр сургууль, Баянгол дүүргийн 113 дугаар сургуулийг төвийн дулаанд холбоно. Бас тэрбум гаруй төгрөгөөр цахилгаан дамжуулагч зарим трансформаторуудыг шинэчилж өргөтгөх ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Эдгээрээс гадна Сэлбэ голын эхийг сэргээх, Туул голын эхийг ойжуулах төсөл, хөрсний бохирдлын судалгаа шинжилгээ, гэр хорооллын нүхэн жорлонгуудыг ариутгах ажлуудыг санхүүжүүлсэн байдаг.

Японд үйлдвэрлэсэн утаа шүүгч үр дүнтэй байсан ч үйлдвэрийг нь Монголд байгуулах гүй л бол өртөг өндөртэй байгаа. Хэрэв энэ үйлдвэрийг байгуулчихвал бид агаарын бохирдлыг бууруулахын тулд түлш, зуухтай “ноцолдох” хэрэгцээгүй болно гэсэн үг.

Танай сангийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн зарим автобуснуудад газын хосолмол хөдөлгүүр суурилуулсан гэж байсан. Дээрх автобуснууд яагаад нийтийн тээвэрт явдаггүй юм бэ?

-“Дашваанжил” компаниатай хамтарч хийн түлшний дөрвөн ч ШТС байгуулсан. Үүнтэй уялдуулан дизель түлш хэрэглэдэг 250 автобусанд газын хосолмол хөдөлгүүр суурилуулсан. Гэсэн ч автобус үйлдвэрлэгч “Daewoo” компани маш их эрсдэлтэй хэмээн дүгнэсэн учраас хэрэгжээгүй л дээ.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газар 13 яамтай байх төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Хүлээлт үүсгээд байсан бүтцийн өөрчлөлтийн асуудлыгЕрөнхий сайд өргөн мэдүүлснээр Төрийн ордны улс төр идэвхижиж, хөл хөдөлгөөнтэй байлаа. Засгийн газарт ямар өөрчлөлт оруулах болсноо Н.Алтанхуяг сайд хэвлэлийнхэнд мэдээлж, УИХ-ын чуулган хэлэлцэж байсан асуудлаа орхин энэ л асуудалд намын бүлгүүд анхаарч хэлэлцэв.

Ерөнхий сайд хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ “Шинэчлэлийн Засгийн газар хоёр жил ажиллалаа. Энэ хугацаанд Зам, тээврийн яам их эрч хүчтэй ажиллажээ. Монгол орны замын харилцаа, тэр дундаа орон нутгийн зам, энэ салбарын бодлогыг гаргасан байна. Барилга, хот байгуулалтын яам тусгайлан байгуулагдсанаараа барилгын асуудал, орон сууц, найман хувийн хүүтэй зээлийг иргэдэд хүргэж ард түмэнд бага хүүтэй зээл авах боломжийг олголоо. Үүний зэрэгцээ эрчим хүчний салбарт амжилттай ажиллаж сүүлийн 20 жилд байгаагүй ажлыг хийсэн. 200 мВт-ын хүчин чадалтай станцыг ашиглалтад орууллаа. Амгалангийн цахилгаан станц удахгүй ашиглалтад орно. Нэг шүүмжлэл байдаг. Тэр нь төсөв хоёр хуваагдсан тухай. Нэг нь Сангийн яам нөгөө нь Эдийн засгийн хөгжлийн яаман дээр гэж. Үүнийг анхаарч, арга хэмжээ авахаар бүтцийн өөрчлөлтөд тусгалаа” хэмээн өгүүлсэн.

Түүний нэмж өгүүлснээр зам тээврийн хийгээд барилга, хот байгуулалтын ажил хоёр жилд амжилттай ахиж бодлого сайн байсан учраас эдгээрийг нэгтгэхэд буруудахгүй гэж үзлээ гэсэн юм. Ийнхүү тус салбарыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгохоор болжээ. Мөн Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэж Геологи, уул уурхай, эрчим хүчний яам гэж байгуулахаар болсон байна. Гуравдугаарт Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн яам руу татаж Сангийн яам нэртэйгээр ажиллуулах саналтай байгаа аж. Ерөнхийдөө Эдийн засгийн яам бонд босгож, Монгол орны хөгжлийн бүтэн дүр зургийг гаргах ажлыг хийсэн учраас Сангийн яаманд татан төвлөрүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэдгийг Ерөнхий сайд өгүүлсэн. Ийн зургаан яамыг гурав болгохдоо Эдийн засгийн хөгжлийн яамнаас хөрөнгө оруулалт, концесс, зээл тусламжийн бодлогыг Сангийн яам руу шилжүүлэхээр төлөвлөжээ. Харин манай гадаад харилцаа улам эдийн засагжих шаардлагатай байгаа учраас эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогыг Гадаад харилцааны яам руу шилжүүлэхээр болсон гэдгийг ч хэлж байв. Ингэж Гадаад харилцааны яамны үүрэг, ач холбогдлыг нь өндөрсгөхдөө Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд гэж байхаар болжээ.

Ерөнхий сайд ийн мэдэгдээд сэтгүүлчдийн асуултад хариулт өгөлгүй явж одсон. Харин ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгээс дараахь асуултад хариулт авсан юм.

Шадар сайд Д.Тэрбишдагва Засгийн газарт ажиллахгүй гэсэн үг үү?

-Ерөнхий сайд хэлэлгүй өнгөрсөн байна. Тэргүүн шадар сайд гэж байх юм шүү.

Бүтцийг тодорхой ярилаа. Харин бүрэлдэхүүн буюу яамдыг толгойлж ажиллах хүмүүсийг яаж тодруулж байгаа юм?

-Эхлээд бүтцээ батална. Тэгээд бүрэлдэхүүний тухай асуудлыг тусгайлан өргөн барина. Асуудал ингэж л шийдэгдэнэ.

Хэвлэлийн хурлын дараа АН, МАН, “Шударга ёс” эвслийн бүлгийн хурал ээлж дараалан зарлагдан хуралдаж эхэлсэн. АН-ын бүлэг хийгээд “Шударга ёс” эвслийн бүлэг Ерөнхий сайдын өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн талаар ямар байр суурьт хүрснээ мэдээлсэнгүй. Харин УИХ дахь МАН-ын бүлэг “Ерөнхий сайд ирж мэдээлэл өгөх байсан ч ирсэнгүй” гэж мэдэгдэв. МАН-ын бүлгийн хурлын дараа намын дарга М.Энхболд болон бүлгийн дарга С.Бямбацогт нар ийн ярилаа.

М.Энхболд: ОДООГИЙН ОРУУЛЖ ИРСЭН БҮТЦЭЭС ЦОМХОН ЧАДВАРЛАГ БҮТЦИЙГ УИХ БАТЛАХ БАЙХ ЁСТОЙ

Танай бүлэг хуралдаад Засгийн газрын бүтцийн тал дээр ямар байр суурьт хүрэв?

-Ерөнхий сайдын өргөн барьсан Засгийн газрын бүтэцтэй танилцлаа. УИХ дахь намын бүлгүүд ч гэсэн энэ асуудал дээр хуралдаж байр сууриа нэгтгэсэн байх. Манай бүлгийн хувьд нэмж тодруулах зүйлс байсан тул 14 цагт хуралдсан бүлгийн хуралдаан дээрээ Ерөнхий сайдыг урьсан. Харамсалтай нь Ерөнхий сайд мааньирсэнгүй. Ажлынх нь боломж таарсангүй юу, ямартаа ч ирсэнгүй. Тиймээс бүлэг эцсийн шийдвэрээ гаргаж чадсангүй.

МАН-ын бүлэг урьдчилсан байдлаар ярьсан байх. Бүлэг ямар байр суурьт одоогоор хүрээд байгаа вэ. 16 яамыг 13 болгож цөөлөхөөр Засгийн газраас оруулж ирлээ?

-Яамдын тоо тийм чухал биш. Хамгийн гол нь яамдын уялдаа байх ёстой. Ямар ямар салбарууд аль яаман дээр нэгдэх ёстой, эрхлэх асуудлынхаа хүрээнд ямар асуудлуудыг авч үзэх хэрэгтэй вэ гэдэг дээр бүлэг урьдчилсан байдлаар ярьж байна. Одоогийн оруулж ирсэн бүтцээс цомхон чадварлаг бүтцийг УИХ батлах ёстой гэж бодож байна.

С.Бямбацогт: БИДНИЙ ХҮСЭН ХҮЛЭЭЖ БАЙСАН ХЭМЖЭЭНД АСУУДАЛ ОРЖ ИРСЭНГҮЙ

Танай бүлгийн зүгээс Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан. Бүлгийн хуралдаанаар ямар шийдэлд хүрэв?

-Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх байсан боловч Ерөнхий сайдын зүгээс нэн яаралтай горимоор Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар Их хуралд өргөн барьсан. Үүнийг хэлэлцэнэ. Тиймээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хойшлуулж Засгийн газрын бүтцийг эхэлж шийдэхээр болсон байгаа. Ерөнхий сайд ирээгүй учраас МАН-ын бүлэг эцсийн шийдвэрээ гаргаагүй байна. Гэхдээ Ерөнхий сайдын оруулж ирсэн бүтэц бүрэлдэхүүн учир дутагдалтай байна. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах нь зөв. Орон тоог цөөлж, төсөв зардлыг хэмнэх, давхардсан чиг үүргийг арилгах олон талын ач холбогдолтой гэж Ерөнхий сайд үзэж байгаа нь өмнө үнэхээр данхар бүтэцтэй байсан, чиг үүрэг нь давхардсан байсан гэдгийг хүлээн зөвшөөрч түүнийгээ засах гэж байгаа нэг алхам. Гэсэн ч бидний хүсэн хүлээж байсан хэмжээнд асуудал орж ирсэнгүй. ССАЖЯ-ыг БШУЯ-тай, Хөдөлмөрийн яамыг ХАХНХЯ-тай нэгтгэх ёстой. Хүнээ хайрлах, халамжлах бодлогыг хамтад нь цогцоор явуулах ёстой юм. Мөн хоёр Шадар сайд байх ёсгүй гэж үзэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч “Зөвшилцөхдөө давхар дээлтэй байж болохгүй шүү” гэдгийг хэлсэн байна лээ. Энэ асуудлыг өнгөрсөн хавар ярьж байсан бол одоо ч гэсэн ярьж байна. Одоо давхар дээлтэй сайд хэрэв гараад ирвэл бид дэмжихгүй. Цаашид яамдын сайд нэг зөвлөхтэй, яамдын газар хэлтэс орлогч, даргагүй байх, агентлагууд, аймгийн Засаг дарга нар нэг орлогчтой байх хэрэгтэй. 16 яамаа 13 болгож оруулж ирснээрээ асуудлыг шийдэхгүй. Эдгээрээс хэмнэгдсэн мөнгөөрөө ард түмнийхээ цалинг нэмэх боломж бий. Манай бүлэг ийм байр суурь дээр цаашид ажиллах болно. Гэхдээ эцсийн байдлаар гарсан дүгнэлт биш. Ерөнхий сайдаас холбогдох тоо баримтуудыг авна.

МАН-ын бүлэг хэзээ дахин хуралдах вэ?

-МАН-ын бүлгийн нэгдсэн шийдвэр гарч байж байнгын хороогоор оруулах ёстой. Ерөнхий сайдтай би одоо уулзах гэж байна. Ерөнхий сайд бидэнтэй хэзээ мэдээлэл солилцох боломжтой байна гэдгийг тодруулаад дараа нь бүлэг дахин хуралдана.

МАН-ынхан ийм байр суурьтай байсан. Эл асуудлыг бүлгүүд хэлэлцээд үргэлжлүүлэн Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганыг хуралдуулан шийдэх байсан ч МАН-ын энэ байр сууриас үүдэн асуудлыг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон юм.

Ямартаа ч МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Ерөнхий сайдтай уулзахад өнөөдрийн бүлгийн хуралдаанд оролцох боломжтой гэдгээ дуулгажээ.

Л.МӨНХТӨР

Э.ЭНХБОЛД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хүчит шонхор” захад махны үнэ 1000-2000 төгрөгөөр буурчээ

Жил бүрийн намар махны үнэ хэсэг хугацаанд буурдаг. Биднийг “Хүчит шонхор” захад очиход худалдан авагчид тийм ч их байсангүй. Харин махны нөөц их байгаа нь харагдаж байв. Эхний лангуун дээр очиход хонины ястай махны үнэ нэг кг нь 5000 төгрөгийн үнэтэй зарагдаж байлаа. Хонины ястай мах дунджаар 5000-5100 төгрөгийн үнэтэй байсан бол үхрийн ястай мах 4500-5000 төгрөгөөр зарж байсан юм.Жирийн үеийнхээс даруй 1000-2000 төгрөгөөр хямдраад байгаань энэ. Хонины гулууз мах худалдаж авч байсан Баянзүрх дүүргийн V хорооны иргэн А.Бат-Ялалт “Ашгүй мах хямдарчихсан байна. Энэ үеийг л хүлээж байгаад махаа бөөнөөр нь авчихъя гэж бодож байсан” хэмээн ярилаа. Түүний худалдаж авсан нэг гулууз мах 110 мянган төгрөг болсон юм.

“Хүчит шонхор” захад мах зарж байсан Г.Бат-Эрдэнээс махны үнэ буурсан шалтгаан, хүмүүсийн худалдан авалт хэр байгааг асуухад “Бид хонины махаа малчдаас 4500-4800 төгрөгийн хооронд авч байгаа. Ердөө 200-300 төгрөгийн л ашиг харж байна. Яг одоогоор оюутнууд цуглаад, найр хурим эхлээд малчдад мөнгө хэрэг болсон байх. Нийлүүлэлт их байна. Худалдан авагчдын хувьд өчигдөр, өнөөдөр худалдан авалт сайн байна. Гэхдээ ер нь цалин тэтгэвэр буухад л худалдан авалт илүү байдаг” гэж ярьсан юм.

Хүчит шонхор захад дайвар бүтээгдэхүүн ямар үнээр зарагдаж байгааг сонирх­лоо. Элэг нэг ширхэг нь 500 төгрөг, үхрийн зүрх 3500, адууны зүрх 4500 төгрө­гөөр худалдаалагдаж байв. Хүмүүсийн хамгийн их худалдаж авдаг цус олгойтой гэдэс 10000, цувдай 3000 төгрөг байсан бол адууны умс, хитай 4000-4500 төгрөг, үхрийн гүзээ нэг кг нь 3000 төгрөгөөр зарагдаж байлаа. Мөн хонины хуйхалсан тол­гойг 2500, гургалдайг 3000, хонины бөөрийг 1000 төгрөгөөр тус тус худалдаалж байсан юм.

Жижиглэнгийн махны худалдаан дээр хонины ястай мах 5800 төгрөг, хонины цул мах 6100 төгрөг, тэмээний цул 5800 төгрөг байсан бол үхрийн цул мах 7500-8000, үхрийн ястай мах 7000 төгрөг байлаа. Мөн үхрийн гуяны мах 8500 төгрөг, тэмээний бөх 2000 төгрөг, адууны цул 5500-5800, адуу ястай мах 4800 төгрөгөөр худалдаалагдаж байсан юм.

Жижиглэнгийн махнаас үхрийн цул мах авч байсан Баянгол дүүргийн ХI хороо­ны иргэн Д.Хорол “Мах хямдар­сан байна гэж хөрш айлын хөгшнөөс дуулаад бүр зориод ирлээ. Бага ч гэсэн хямдарсан байгааг нь хараад баярлаж байна. Би эндээс хоёр, гурван кг мах аваад үлдсэн мөнгөөрөө хоолонд жийрэгтэй гэж гэдэс, зүрх, бөөр авах санаатай” гээд гурван кг мах аваад дайвар бүтээгдэхүүний хэсэг рүү явлаа. Мах үнэд орсноос хойш хоолондоо дайвар бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг болсон гэнэ. Жижиглэнгийн мах зардаг заалны булангийн өрөөнд наймаачид махаа өвчдөг байна. Тэндээс хоёр эмэгтэй шуудай яс авч байгаа харагдав. Ямар яс авч байгааг нь асуухад “Энд өвчүүний яс нэг ширхэг нь 300 төгрөгийн үнэтэй. Өвчүүний яс хоолонд шөл гаргаад их зүгээр байдаг юм” гээд өөр зүйл дуугаралгүй 50 кг шуудайтай ясаа дамжилсаар гарч одлоо.

Хүчит шонхор захад гахайн мах 10500 төгрөг, сангёмсалийн буюу гаазан дээр шарж иддэг мах нэг кг нь 11000 төгрөг байлаа. Мөн гахайн өөх 10000 төгрөг, гахайн давсалсан өөх 8000 төгрөгөөр худалдаалж байв. Худалдагч Э.Цолмон “Гахайн махыг ер нь хүмүүс их хэрэглэдэг болчихсон шүү. Энгийн өдөр үхэр, хонины махны эрэлтийг яаж гүйцэх вэ. Гэхдээ баяр ёслолын үе болон амралтын өдрүүдээр эрэлт их байдаг” хэмээж байв. Мөн тахианы мөч 7000 төгрөг, тахианы цээж хоёр кг нь 16000 төгрөг, гуя 6000-6500 төгрөгөөр тус тус зарагдаж байлаа. Тахианы махны эрэлт сайн ч бас л баяр ёслолын өдөр их зарагддаг гэнэ. Мөн бар, ресторан, хоолны газрууд эндээс ихээр худалдан авалт хийдэг байна.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүний баялаг, газрын баялаг хосолсон миний Монгол үсрэнгүй хөгжинө

Ямар ч үеийнхэн ямагт хойч үеийнхэндээ сэтгэл дундуур байдаг гэсэн яриа бий. Үнэндээ ч ахмадууд “Бид­ний үед ийм байгаагүй. Энэ залуучууд чинь” гэж ирээд өөлөх дуртай болчихсон бай­даг. Гэхдээ тийм биш юм аа. Шинэ үе, шинэ цаг үргэлжид өмнөхөөсөө илүү байх юм. Ялангуяа өнөөдрийн манай залуучууд бүр чиг гойд байна. Сэргэлэн цовоо, авхаалжтай овсгоотой байгаа нь олон зүйлээс харагдаж байна. Манай шинэ үеийнхний олон улсын тавцанд гаргаж байгаа амжилтуудыг харахад л энэ бүхэн батлагдана. Амжилт гаргаж байгаа хэд нь хэцүү бэрхийг давж сөрж гарч ирсэн хүүхдүүд байх нь олонтаа. Бээжингийн олимпод алт, мөнгөн медалийг хуурайлаад ирсэн Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган П.Сэрдамба нар гэхэд л боломжтой айлын хүүхдүүд байгаагүй. Хөдөө мал дээр байх ээж, аавдаа үнсүүлээд хот газар хоолтой хоолгүй бэлтгэл хийж, бэлтгэлийн хувцаснаас өөр хогшилгүйгээр айлын өрөө хөлсөлж явсаар Н.Түвшинбаяр олимпийн аварга болж байсан. Э.Бадар-Ууган ч тэр. Шархадны бацаан тэрбээр ус зөөж, тэрэг түрж, гүйж харайж явахдаа аварга болон бэлтгэгдэж байж. П.Сэрдамба ижийгээ үгүйлэн, аавтайгаа өссөн өрөвдөм түүхтэй гэдгийг нь бид сүүлд л мэдсэн. Хэцүү бэрх амьдралаас тэд илүү их хөдөлмөрлөж, илүү хөлс дуслуулан байж бас бусдаас илүү амжилтад хүрсэн. Сая­хан болж өнгөрсөн жүдогийн ДАШТ, чөлөөтийн ДАШТ, Инчёны Азийн наадамд амжилт үзүүлж байгаа залуу­сыг харахад ч тэгж анзаа­рагдаж байна. Эгэл жирийн амьдрал дундаас өөрийнхөө л хүчинд найдаж урагшлахгүй бол өөр гарц байхгүй гэдгийг ухаарсан хүмүүс амжилтад хүрдэг. Эцэг эх нь тэнэгдүү, арчаа муутай айлын айхтар хүүхдүүд байдаг даа. Ар гэрээ авч явдаг, өнөөх ядарсан муу хэдийгээ тэжээдэг. Өнөөдөр Монголын нэрийг тийм айхтар хүүхдүүд л дуурсгаж байна. Өнөөдөр Монголын сагсан бөмбөгийн холбоо нь ямар байна даа. Хоорондоо хоёр хуваагдчихсан, хэрүүл тэмцлээс өөр зүйлгүй. Гэтэл тамирчид нь ганц гадагшаа явахдаа ямар их шуугиан тарив. Гадны хэвлэлүүдэд шилдгүүдийн жагсаалтад бараа нь ч байхгүй Монголын баг гайхмаар амжилт үзүүллээ гээд л бичээд байгаа. Тэд­ний санаанд монгол сагсан бөмбөгчид амьдралаа авч явах гээд давхар ажил хийдэг, түүнийхээ зав зайгаар бэлтгэл хийдэг гэдэг нь огт бууж өгөхгүй байгаа юм. Дээрээс нь гадаадад явах замын зардлаа өөрсдөө олдог гэхээр бүр үлгэрийн далай мэт санагдаж байгааг бичсэн байна лээ. Үлгэрийн балай болсон энэ бэрхшээл дундаас тэд яах аргагүй тодорч чадсан. Азийн шилдэг гурван сагсан бөмбөгчийн нэгээр тодорсон, энэ тэмцээний супер од нь байсан Тунгалагийн Санчир гэхэд телевизийн цаг наргүй их хөдөлмөрт насаараа зүтгэж яваа Тунгалаг хэмээх бүсгүйн хүү юм билээ. Тэрбээр холбоо нь хоёр хуваагдчихаад амаргүй байдаг байх даа гэсэн асуултад “Холбоо хоёр хуваагдсан ч аль аль нь сагсан бөмбөгийн спортыг Монголд хөгжүүлэхийн төлөө хойно бид ялгалгүй зүтгэнэ” гэсэн утгатай хариулт өгсөн байсан. Уг нь удирдлага нь хувийн амбицаар хуваагдчихгүй, нэг толгойтой, нэг бодлоготой байвал хамаагүй амар байж таарна даа. Гэвч хөөрхий, сагсан бөмбөгчид нь удирдлагынхаа увайгүйг ингэж л зөөллөж зөвтгөж бас амжилт гаргасаар яваа нь гайхалтай юм даа. Ийм залуустай болж байгаа бид бахархахгүй байхын аргагүй. Японд дуулиан тариад байгаа Ичиножо гэхэд л малчны хотод төрсөн хүүхэд. Түүний тухай нэвтрүүлгийг Монголын хөдөө талаас бэлтгэж гаргасан сэтгүүлч Японд ихээхэн алдаршиж байгаа дуулдана.

Бас манайд Сэлбэ голын эрэг хөвөөг хог новшинд дарагд­саныг хараад сэтгэл нь төвдөлгүй балчир биеийнхээ хэрээр хог цэвэрлэдэг С.Буян­хишиг хүү байна. Зав л гарвал хогийн уутаа аваад гардаг гэсэн. Ийм ирээдүйгээрээ бахархахаас яах билээ.

Одоо залуус өглөөд эртлэн босоод гүйж байна, дугуйн зам хөл тавихын зайгүй. Энд тэндэхийн фитнес клубүүдэд эрүүл зөв амьдрах сэтгэлтэй залуус зөндөө. Нийслэлийнхээ төв талбайг санаачилгаараа савандаад угааж байна. Өмнө нь хэзээ л ийм байлаа даа. Албан хүчээр, үзэл суртлын зэвсгээр тархиа угаалгуулсны хүчинд субботникт гардаг байсан байх. Юун гүйлт, эрүүл зөв амьдрах. Шилжилтийн үед зовж яваа нэрээр шил­­­ний бөглөө л сайн мултал­даг байсан. Одоо залуус твит­терээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, болохгүй бүтэхгүйг шүүмжлэн ёс суртахууны цагдаа хийж байна. Шүгэл үлээх эрхийг нийгмийнхээ сайн сайхны төлөө хүлээж байгаа гэдгээ мэддэг болжээ. Ер нь ийм хэмжээний газрын доорх баялагтай, ийм сийрэг толгойтой газрын дээрх баялагтай улс дэлхийд магад байхгүй биз ээ. Хүний хийгээд байгалийн баялаг хосолсон Монгол Улс маань үсрэнгүй хөгжих нь тодорхой юм. Угаасаа бэлэн болчихжээ. Харин энэхүү үсрэнгүй хөг­жилд саад болох ганц зүйл байгаа нь хоосон ярьдаг улс­төрчид л байна. Хоёр гол намын улстөрчид л улс орны хөгжилд гацаа болохоор харагдаж байна. Тэд дэндүү хоцрогджээ. Аль ерээд онд ярьж байсан Засгийн газар огцруулах сэдвээ өнөө ч яриас­тай хэвээр. Тэнэг улстөрчид яриад л байдаг, яриад л байдаг. Ярьж байснаа яриад, хийж байснаа л хийгээд. Гэтэл чалчиж суухад нь төрж байсан залуус өнөөдөр шижигнэсэн шинэ хүч болоод босоод ирлээ. Тэд Монголын хөгжлийг урагш татахаар давалгаалж айсуй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АНУ-д “Эбола” аваачсан хүнийг Либери яллана

МОНРОВИ. /ANADOLU/. “Эбола” вирусийн халдвар авсан гэж АНУ-д оношлогдсон залууг яллана гэж Либерийн эрх баригчид мэдэгдлээ.

Либерийн иргэн Томас Эрик Данкан өнгөрсөн сард улсаасаа гарахдаа “Манай хамаатан саднаас нэг ч хүн өвчлөөгүй” гэж асуулгын хуудсыг бөглөжээ.

Гэхдээ тэрбээр өвчтэй хамаатнаа эмнэлэг рүү түрдэг тэргээр аваачсан байсан гэж Либерийн Эрүүл мэндийн дэд сайд мэдэгдлээ.

АНУ-ын Даллас хотын эмнэлэгт Данкан биеийн байдал нь тааруухан байгаа юм.

Түүнээс өмнө “Эбола”-гийн халдвар авсан хүн АНУ-д бүртгэгдээгүй байсан билээ.

Баруун Африкийн дөрвөн улсад “Эбола” тархсаны улмаас 3330 гаруй хүн нас бараад байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Отгондалай: Ганц дайчин ганцаарддаггүй

-Монголын боксчдоос Азийн наадмын анхны аварга төрлөө-

“Инчён-2014” Азийн наадмын боксын тэмцээнд өрсөлдсөн Монголын шигшээ багийн тамирчдаас ОУХМ Д.Отгондалай ганцаараа шигшээ тулаанд өрсөлдөхөөр шалгарсан юм. Тэрээр өнөөдөр 60 кг жингийн аваргын алтан медалийн төлөө Филиппиний боксчин Чарли Суарестай тоглож, 2:1 онооны харьцаагаар хожлоо.Монголын боксчид ийнхүү Азийн наадмын түүхэн дэх анхны алтан медалиа хүртэж байна.

Д.Отгондалайгийн тоглолтын дараах сэтгэгдлийг хүргэж байна.

-Азийн наадмын аварга болж, Инчоны наадамд оролцож буй Монголын шигшээ багийн тав дахь алтан медалийн эзэн боллоо. Баяр хүргэж байна, танд.

-Түрүүлсэндээ их баяртай байна. Манай боксчид өмнө нь Азийн наадмаас хараахан алтан медаль авч амжаагүй байсан. Монголын боксчид энэ наадмаас аваргатай болохыг зорьж ирсэн. Алтан медалийн төлөө өрсөлдөх нэгээр тогтохгүй тамирчид байлаа. Гэхдээ манай хэд хэдэн тамирчин тийм боломж бусдын нөлөө, шүүлтээс болж алдсанд би маш их харамсч байна. Ийм нөхцөл байдал дунд ганцаараа үлдэхдээ “Би заавал ялж, баг хамт олон, ард түмнээ баярлуулах ёстой” гэж чадахаараа зүтгэлээ. Ний нуугүй хэлэхэд, их хүнд ачаа үүрчихсэн юм шиг өдрүүд өнгөрлөө. Гэхдээ ганц дайчн ганцаардахгүй гэж бодоод, тоглолт анхаарлаа. Үүргээ биелүүлсэндээ баяртай байна.

-Сэтгэлзүйн хувьд их хүнд байсан байх. Та төдийгүй хүн бүхэн энэ алтан медалийг, энэ амжилтыг хүлээж байлаа?

-Хүнд байсан. Сэтгэл санаа маань яг одоо л 100 хувь тайвширч байна. Манай баг хамт олныг сэтгэл санаагаар дэмжсэн бүх хүмүүст баярлалаа. Монголын боксчид олимпийн алтан медальтай, дэлхийн аваргын алтан медальтай. Харин Азийн наадмын аваргагүй байсан. Тиймээс боксчиддоо хүлээж байсан медалийг нь авч очих болсондоо би туйлын их баярлаж байна.

-Өчигдөр болсон мөнгөн медалийн төлөөх тоглолтын дараа та “Надад ялагдах эрх байхгүй” гэж хэлсэн нь монголчуудад маань их урам зориг өгсөн. Танд маш олон хүн урмын үг илгээсэн байсан. Үүнийг дамжуулах ёстой байх?

-Маш их баярлалаа. Хэлсэндэ хүрсэндээ баяртай байна.

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо /Инчён хотоос мэдээлэв/

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хонконгийн захирагч огцрохгүй гэв

Хонконгт ардчилсан сонгууль явуулахыг шаардаж буй оюутнууд захирагч Лян Жэнинийг огцрох шаардлага тавьсан юм. Үүнийтэй холбогдуулан Хонконгийн захирагчхэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тэрээр оюутну төлөөлөгчдийг хүлээн авч тэдний сэтгэлийг зовоож буй асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн юм. Гэхдээ огцрохгүй гэдгээ онцолсон байна. Лян Жэнин Хонконгийн засаг захиргааны байрны өмнө цугларсан хүмүүст ханданхүлээцтэй байхыг уриалаад улс өрийн шинэчлэл хийх асуудлаар Хонконгийн засаг захиргаа хэлэлцээ хийхэд бэлэн гэв.

Ю.Дэлгэр