Нэг. КАПИТАЛ БА ХУУЧИН ХҮҮ
Миний үеийнхэн хөрөнгө чинээг үзэн ядаж өссөн. Марти Ларнигийн романд “…Финийн бүх хүүхдийг завхуул болгож дуусгадаг улсын томоохон байгууллага болох ардын сургуулийг дүүргээд…” гэж гардаг даа. Яг тэрэн шиг бид хувийн өмчийг үзэн ядах сургуулийг ерөнхий боловсролтойгоо хамт эзэмшсэн юм. Систем нь тийм байлаа. Ард олноороо жигд ядуу амь зууна. Чинээлэг хүн байгаагүй учраас атаархал үгүй, атаархал үгүй болохоороо жигд сэтгэл хангалуун. Дарга нартаа жаахан атаархана. Гэвч нам засгийн үнэмлэхүй удирдагч нар хэн нэгэн том даргыг 2-5 жилийн зайтайгаар үзүүлэн маягтай сүр дуулиантай зайлуулна. Энэ нь нэг талаасаа үнэмлэхүй удирдагч, жолоодогчийн зүгээс “надад үнэнч биш байдал гаргавал ийм болно шүү” хэмээн өөрийн зүтгэлтнүүддээ өгч буй сануулга байсан. Хамгийн гол нь жигд ядуу, бас эрх мэдэлгүй ард олонд сэтгэлийн тайтгарал авчирна. Тэд “За даа, хэрээ мэдэхгүй их өндөрт гарах ч ийм аюултай даа”, “ер нь хэдэн малаа дагаад мөрөөрөө явах нь ч аминд өлзий юм шүү” гэж тунгаан, ядмаг зүдмэг байдалдаа улам л сэтгэл хангалуун болно.
ХХ зууны Монгол оронд тогтож байсан дэглэм язгууртан ихэсээ устгаж, хөрөнгө хурааж, сэхээтнээ тарчлаасан зэрэг нь язгуургүй, хөрөнгөгүй, боловсролгүй хэсэгт тийм төрсөндөө, тийм байгаадаа баярлах томоохон үндэс болсон. Лоохуузыг эсэргүү болгон ажлаас буулгаж, малчнаар цөлж, хөрөнгөжлөө хэмээн юмыг нь хурааж, хорьж тарчлаасан процессыг нөгөө талаас нь харахад эрх мэдэлгүй, эрх чөлөөгүй мянга мянган ардад тийм байгаадаа баярлах үндэс болсон билээ. Эрх мэдэлтэй дарга болсон бол Лоохууз шиг буруутна, хувиараа хөдөлмөрлөөд мөнгө олсон бол Лоохууз шиг хураалгана. Харин өөрөө эрх мэдэлгүй, хөрөнгөгүй тулдаа нэгдлийн мал “чөлөөтэй” дагаж яваа нь юутай завшаан.
Өөрөөс нь эрх мэдэл, эд баялгаар илүү гарсан, атаа жөтөөг нь төрүүлсэн тэр хэсэгт тохиолдож буй гай зовлонгоор ядуус, зүдүүс тайтгарна. Ядуу орны дарангуйлан захирагчид олон түмнийхээ энэ цангааг тайлах үүргийг өөрийн гарын дор ажилладаг урлаг, соёлын зүтгэлтнүүдэд өгдөг. Чухам ийм төр, нийгмийн захиалгаар бидний сайн мэдэх “Баян хүнийг балаг тойрохгүй”, “Зарц бүсгүйн Изаура”, “Халтар царайт” зэрэг олон ангит кинонууд бүтэж, баян байх нь муу муухай төдийгүй, ядуу хүнээс долоон дор зовлонтой амьдрал туулдаг тухай ухуулна. Үр дүнд нь ядуу зүдүү олонх “ядуу учраас бага зовж буй” хувь заяандаа талархан номхон амгалан суух учиртай.
Аль ч ард түмэн адилхан. Монгол ардын ийм нэгэн дуу байх юм билээ. “Хаад ноёдын хэрэг нь буруудвал Харц биднээс юуны ялгаа хө… Эзэд ноёдын хэрэг нь буруудвал Энгийн биднээс юуны ялгаа хө” гэсэн үгтэй. Эндээс “ноёд хаадын минь хэрэг буруутах вий” гэсэн иргэний зовнилоос илүүтэйгээр мануусаасаа “юуны ялгаа” болгох дээр гол өргөлт нь сонсдоод байгаа биз.
Хоёр. КАПИТАЛ БА ШИНЭ ХҮҮ
Эд баялгийг үнэлэх иймэрхүү моральтай, эн тэнцүү ядуухан монголчууд 1990 оны хувьсгалаас хойш баян хоосны ялгаатай болоод эхэлжээ. Өчигдөрхөн дугуй хайрцагтай улаан тамхийг хуваан татаж явсан ижил ядуу анд нь өнөөдөр орд харштай баян болоод ирэхийг харах нь хуучин хэвдээ үлдсэн нэгэнд хэр зэрэг хэцүү байхыг хэлэх юун. Баяжсан нь ч баахан комплекстэй. Найзынхаа өмнө буруутай ч юм шиг.Сургуульд тохой нийлүүлэн суугаад заалгаж байсан шигээ “дарлан мөлжигч феодал этгээд” болчихсон ч юм шиг.Урьж залаад дайлж, цайлна гэхээр баярхсан ч болчих гээд байгаа юм шиг.
Уг нь Бурханы номоор бол баян байхыг муу муухай гэдэггүй юм билээ. Ер нь бол урьд өмнөх төрлүүддээ өгөөмөр байсан, ядууст өглөг өгсний буянаар энэ насанд хөрөнгө чинээтэй төрдөг гэх юм. Эд хөрөнгө нь эрх чөлөө ба эдлэх боломжийн ундрага учраас чи түүгээр түг түмэн сайн үйлийг бүтээн буян хурааж, Буддагийн ерөөсөнчлөн “жаргалан хийгээд жаргалангийн шалтгаанаас үл хагацан” дээшилж дэгжих боломжтой.
Бас эсрэгээр нь эд баялагтаа ташууран, эрх мэдэлдээ сагаж өөрөөсөө бусдыг зовоон ах дүүс аймаг олон, үндэстэн улстаа гай чирвэл Буддагийн сэрэмжлүүлсэнчлэн “зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас ангижрахаа” болиод уруудан баларна. Чамд байгаа бүхнээрээ, мөнгө байгаа бол мөнгөөрөө, эрх мэдэл байгаа бол эрх мэдлээрээ сайн сайхан үйл бүтээж үр шимийг нь амсан жарга, бас аль нь ч байхгүй байсан сэтгэл зүрхээрээ гэгээрэн жарга. Будда ингэж сургасан гэдэг.
Гурав. МОНГОЛЫН ДАЙСАН
Манай үеийн ихэнх иргэний биежин бойжсон нийгэмд хувь хүний эрх чөлөөг хассан учраас хувь хүний боломжийг үгүйсгэсэн, энэ утгаараа бас хувь хүний “сул дорой” чанарыг үгүйсгэсэн ёс суртахуун байсан. Тийм ч учраас хувь хүнд тохиолдсон болоод нийтэд учирсан гай гамшиг, зовлонгийн эх үүсвэрийг огт өөр, хүний гар хүрэхгүй газраас олж өгч тайвшруулдаг байсан.”Империалистуудын балгаар гурил ховордож, Хятадын тагнуул хор оруулж тарааснаас томуу дэгдэн нялхас эндэж байгаа” мэтээр ухуулна.
Эндээс болоод ХХ зуунд төлөвшсөн монгол хүнд өөрт тохиолдож буй бүхий л хүндрэл бэрхшээлийн ул үндсийг бусдаас хайдаг уламжлал тогтсон юм. Чухам ийм уламжлал дээр торнисон одоогийн Монголын ядуу, зүдүү иргэд өөрийн бэрхшээл зовлонгийн обьектив болоод субьектив шалтгааныг өөрөөсөө бусад бүх хүн, юмс, үзэгдлээс хайж байгаа нь эргэлзээгүй. Ийм шалтгаануудын толгойд “үндэсний баячууд” явж байгаа. Нэг хэсэг нь баяжсан учраас л бид ядуу байгаа юм, тэд ядуураад ирвэл бидний амьдрал дээшлээд ирнэ гэж тэд итгэж яваа.
Монголд баян хоосны ялгаа ихэсч байна. Энэ хэрээр улс оронд баян чинээлэг байх нь бусдын гомдол хорсол өшрөлийг дагуулна. Энэ хэрээр тэд өөрсдийг нь тайтгаруулах шалтаг баячуудын дунд өдөр бүр гарч “баян хүнийг балаг тойрохгүй” байгаасай гэж мөрөөснө.
Хөрөнгө чинээтэй хүмүүсийн хэн нэг нь ял янхад унахад, гэргий хүүхэд нь осолдоход, зуурдаар одоход тэд хишиг өдөр тохиосон мэт баясна. Мянга мянган хүний сэтгэлд бясалгагдсан хар хор, хорсол гомдол улсынхаа өнгө, сор болсон цөөнхийн гэр бүлд сүүдрээ унагасаар байх болно. Эцсийн дүндээ энэ оронд жаргалтай айл олохуйяа бэрх болно. Монгол үндэстнийг сөнөөн мөхөөх, соёмбот тугийг нь бөхийлгөх гай зовлон, үймээн самуун чухам энд л бий. Гаднаас хэн нэгэн ирээд мөхөөтөл өдий.Хятадууд ч юм уу, оросууд эзлээд автал өдий, бид хүний төрхтэйгээ байвал.Харин дотроосоо ингэж л үзэн ядалцан, самуурвал өнгөрөө гэсэн үг.
Харин улс үндэстнээрээ хөл дээрээ босч, хүн зоны дийлэнх нь хоногийн хоолноос хоёр хоолонд хүрч, амь зуулга нь дэвжээд аж төрөл болоход, амьжиргаа нь чанаржсаар ажил хэрэгч байдлаар солигдохын цагт үзэл санаа хувирна. Тэр цагт хөрөнгө баялгийг марксын сургаальд гардаг шиг ард олныг тонож цуглуулдаггүй, харин хоног хоногоор өсгөн, ур ухаанаа уралдуулан бүтээн босгодгийг харж мэдрэн, хөрөнгө чинээтэй нэгнээ үзэн ядах биш хүндлэх сэтгэл төрнө. Өөрөөр хэлбэл өнөөдөр хүн амын олонхийн орлого хөрөнгө өсөх хэмжээнд хүрээгүй байна. Тийм болохоор хөрөнгийг өсгөж биш хулгайлах дээрэмдэх замаар л томруулдаг гэсэн ойлголттой байгаа. Харин олон түмний хөрөнгө бага багаар ч болов өсөх хэмжээнд хүрээд ирэхийн цагт тэд хулгай хийлгүй гэмгүй цагаанаар баяжиж болдгийг мэдэх болно.
Энэний төлөө л бүгдээрээ л явахгүй бол элэнцгийн чинь улс төр, үхсэний чинь манай танай нам мам, юу яасны тэрний миний эвсэл фракц, хаа байсан иргэний мэргэний хөдөлгөөн… ёстой ардын үгээр “нохой долоох” болно. Өнөөдрийн Монголын эрх мэдэлтэн эд баялагтан бүр улс үндэстнээ хөл дээрээ босгохыг бодохгүй бол өөрөө ч жаргах боломжгүй болчоод байгаа юм.
2009 оны 11 сарын 17