Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эмийн бүртгэлийн асуудлаар гурван талт уулзалт хийлээ

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Хүний эмийн зөвлөлийн дарга А.Эрдэнэтуяа, МХЕГ-ын улсын байцаагч болон Хүнсний аюулгүй байдлын хяналтын үндэсний лавлагаа лаборатори, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн эм холбоо, үндэсний эм үйлдвэрлэгч байгууллагын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтад ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга М.Уранчимэг, МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд, улсын байцаагчид, Монголын эм зүйн байгууллагын нэгдсэн эм холбоо болон мэргэжлийн бусад хүмүүс оролцлоо.

Монголын эм зүйн байгууллагын нэгдсэн эм холбооноос Эмийн бүртгэлийн асуудлаар Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай уулзах хүсэлт гаргасны дагуу уг уулзалтыг зохион байгуулсан юм.

Тус холбооны зүгээс ЭМЯ-ны Эмийн салбар зөвлөл болон фармакопейн хорооны /тухай эмэнд тавих шаардлага, чанарын үзүүлэлт болон тэдгээрийг шинжлэх аргыг заасан зайлшгүй мөрдөх стандартыг хэлнэ/ хурал удаан хугацаагаар хуралдаагүй, зарим бүтээгдэхүүний стандартуудыг хүчингүй болгосон, уламжлалт болон ургамлын эмийн стандартыг боловсруулахад үзүүлэлтийг журманд тодорхой заагаагүйгээс материалыг бүртгэх боломжгүй шалтгаанаар буцаадаг, үндэсний эмийн бүртгэлийн байдал удаашралтай байдаг, МХЕГ-аас 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 01/08 тоот Стандартын хэрэгжилтийг хангах тухай албан шаардлагад 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор өөрийн үйлдвэрийн эм, эмийн түүхий эдийг улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэн байх даалгавар өгснийг 2015 он хүртэл нэг жилийн хугацаагаа сунгаж өгөх зэрэг хэд хэдэн хүсэлт гаргасан байна.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Хүний эмийн зөвлөлийн дарга А.Эрдэнэтуяа эх орны эмийн үйлдвэрт үйлдвэрлэж байгаа эмийг улсын бүртгэлд бүртгүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар үндэсний үйлдвэрлэгчдэд удаа дараа албан тоот явуулсан боловч тодорхой ахиц гарахгүй байгааг дахин сануулав. Улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм үйлдвэрлэж, худалдах нь эмийн чанар, аюулгүй байдал алдагдах эрсдэлийг бий болгож байгааг онцлоод бүртгэлгүй эм үйлдвэрлэх үйл ажиллагааг зогсоохыг анхааруулсан.

Мөн тэрээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд эм үйлвэрлэгч байгууллагууд эмээ бүртгүүлэлгүй өөрсдөө хариуцлагагүй хандаж ирсэн, төрийн бодлогоор ч үндэсний үйлдвэрлэгч байгууллагуудыг дэмжиж байгааг сануулаад Монгол улсын эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журам батлах тухай Эрүүл мэндийн сайдын 2012 оны 41 дүгээр тушаалыг мөрдөж, хуулиа биелүүлж ажиллах ёстойг хэллээ.

Эм зүйн салбар зөвлөлийн хурлыг 2014 оны 03,04,05,06,07 саруудад хийж, 91 эмийн материалыг /үйлвэрлэлийн фармакопейн өгүүлэл/ хянаж, шаардлага хангаагүй 10 байгууллагын 32 эмийн материалыг буцаасан байна.

Харин үндэсний эмийн үйлдвэрийн эм бүртгэлийн ажил удаашралтай байгаатай санал нийлэхгүй байгаагаа ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсээс хэлсэн. Тодруулбал, санал ирүүлсэн бүртгэлийн материалыг цаг алдалгүй бүртгэж байгаа бөгөөд Хүний эмийн зөвлөлийн хурлаар улсын бүртгэлд бүртгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар үндэсний эмийн үйлдвэрийн 312 нэрийн эм бүртгэгдсэн байна. Одоогийн байдлаар Хүний эмийн зөвлөлд “Монос фарм” эмийн үйлдвэрийн 5 нэрийн, Айвико эмийн үйлдвэрийн 1 нэрийн эм бүртгүүлэхээр хүсэлтээ ирүүлсэн байгаа ажээ.

Шинэчлэлийн Засгийн газрын “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих зорилгоор эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг хангах үүднээс “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”-д үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээр тусгасан. Энэ дагуу салбарын яамны зүгээс үндэсний эмийн үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор импортын зарим эмийн бүртгэл болон хугацаа сунгах асуудлыг хязгаарласан байна. 2014 оны 09 сарын байдлаар 23 нэрийн эмийн бүртгэлийн хугацааг сунгаагүй байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын зүгээс 2000 оноос хойш үндэсний үйлдвэрийн эмийг бүртгэх журам гарсан байхад аж ахуйн нэгжүүд хариуцлагагүй хандаж ирсэн. Улсын бүртгэлд бүртгэгдээгүй эмийн үйлдвэрлэлийг зогсоох албан даалгаврын хугацааг сунгах боломжгүй гэдгээ мэдэгдлээ.

Цаашид Эрүүл мэндийн яамны Хүний эмийн зөвлөл, Эм зүйн салбар зөвлөл үндэсний үйлдвэрлэгчид улсын бүртгэлд бүртгүүлэх эмийн материалаа ирүүлсэн тохиолдолд сард хоёр удаа хуралдах боломжтой. Мөн фармакопейн хорооны хурал ч үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүллээ ирүүлсэн үед хоёр удаа хуралдана гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ким Жөн Ун олны өмнө гарч ирлээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун олны өмнө гарч ирлээ. Тэрээр өчигдөр Хойд Солонгосын ШУА-ийн Байгалийн эрчим хүчний хүрээлэнгийн ажилтнуудад зориулан барьсан шинэ орон сууцыг очиж үзсэн байна. Ким Жөн Ун таяг тулсан байжээ. Үүнээс үзэхэд түүнийг өвдгөндөө мэс засал хийлгэсэн гэдэг нь үнэн бололтой.

Ю.Дэлгэр

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Улсын начин Н.Адъяабат: Үнэндээ би хоёр дахь шинжилгээг хийлгэе гэж мөнгө төлөөгүй

Өнөө жилийн наадмаар Монгол Улсын начин цол хүртсэн Н.Адъяабат, Б.Суманчулуун нар шинжилгээгээр допинг хэрэглэсэн нь илэрчээ. Энэхүү мэдээллийг Монголын үндэсний бөхийн холбооноос албан ёсоор өчигдөр мэдээлсэн юм. БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн Допингийн төв лабораторид хүргүүлсэн сорьцын хариу хэд хоногийн өмнө ирсэн бөгөөд “А” сорьцын шинжилгээгээр хоёр бөхөөс допинг илэрсэн гэдэг мэдээлэл ирсэн байна. “А” сорьцоор допинг илэрсэн гэх хоёр бөх хүсэлт гаргасны дагуу БНСУ дахь лаборатори дахин “В” сорьцын шинжилгээг хийж хариуг ирүүлжээ. Уг хариугаар начин Б.Суманчулуун, Н.Адъяабат нар допинг хэрэглэсэн болох нь батлагдсан байна. Өнөө жилийн наадмаар Улсын начин цолны болзол хангасан Балжиннямын Суманчулуун нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээний бөх билээ. Тэрээр 1983 онд төрсөн бөгөөд 2003 оноос барилдаж эхэлжээ.

Б.Суманчулуун 2007 онд аймгийн арслан цол хүртэж байжээ. Түүнийбагш нь “Хантайшир” дэвжээний үндэсний бөхийн багш, Улсын начин Д.Бадрах билээ. Тус дэвжээнээс өмнө нь Улсын заан Б.Соронзонболд допинг хэрэглэж байсан удаатай.

Харин Найдангийн Адъяабат бол Архангай аймгийн Тариат сумын харьяат “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх юм. Тэрээр 1984 онд төрсөн бөгөөд арав гаруй жил бөхийн спортоор хичээллэж байгаа аж. Түүний хувьд 2010 онд аймгийн арслан цолыг хүртсэн бөгөөд дасгалжуулагч багшаар Улсын заан Ч.Гочоосүрэн ажилладаг байна.

Шинжилгээний эхний хариу ирэх үеэр энэ жилийн наадмаар түрүүлсэн Улсын арслан Н.Батсуурь болон харцага цол хүртсэн Б.Пүрэвсайхан, начин цолны болзол хангасан Л.Лха-Очир нарыг хэмээн яриа гараад байсан. Тийм таамаг ч бөх сонирхогчдын дунд байсан нь үнэн. Гэвч эдгээр бөхчүүдээс нэг нь ч байсангүй. Харин шинээр улсын цолны болзол хангасан бөхчүүд байсан нь гэнэтийн мэдээ байлаа. Зарим хү­мүү­сийн ярьж буйгаар гурван бөх гэж яригдаж байсан гэтэл нэгийг нь МҮБХ сугалаад аваад үлдчихлээ гэх яриа ч олны дунд байна. Түүнчлэн өнөө жил Улсын харцага цол хүртсэн Б.Пүрэвсайхан өмнөх хариунд байсан гэх нь бий. Гэхдээ энэ бүхэн бол баримтгүй яриа гэдгийг хэлье.

Ингээд допинг илэрсэн бөхөөр зарлагдсан Улсын начин Н.Адъяабаттай уулзаж тодруулга авснаа хүргэе.

Таны шинжилгээний хариу допинг хэрэглэсэн гэж гарлаа. Танд хариуг чинь мэдэгдсэн биз дээ?

-Мэдээгүй. Энэ тухай мэ­дээллийг би өдөр интернэтээс л олж харлаа.

Допингийн төрөлд орох эм бэлдмэл хэрэглэсэн нь үнэн үү?

-Үүнд би тэгсэн, тэгээгүй гэдэг тайлбар өгмөөргүй байна.

Таныг наадмын үеэр хөлөндөө эмчилгээ хийлгэж байсан гэсэн. Ямар эмчилгээ юм бол?

-Тэр үнэн. Наадмын өмнөхөн зүүн хөлний өвдөгний нүдэн дээр хатиг гарчихсан. Өвдгөн дээр гарсан хатиг цоордоггүй юм билээ. Долдугаар сарын 9-ний орой хөдөө бэлтгэлээс орж ирээд III эмнэлэгт зүсэлт хийлгэсэн. Тэгээд 10-ны өдөр өвчин намдаах тариа хийлгэж өнжөөд 11-нд наадмын дэвжээнд гарч барилдсан. 13-нд дахиж эмнэлэгт очиж зүсэлт хийлгэсэн. Тэгсэн бүр сэдэрч идээлээд хоёр газар зүсүүлсэн байхгүй юу. Наалт наагаад барилдчихсан чинь дотуураа идээ гүйчихдэг юм билээ. Наалтыг авангуут идээ гоожсон. Бараг 3 см зүссэн.

Тухайн үед эмч нар ийм тариа, эм хэрэглэж байна шүү гэж хэлж байсан уу?

-Өвдөлтөндөө юун тэрийг сонсох. Өвдөхийн эрхэнд би өвчин намдаах хүчтэй эм, тариа хэрэглэхгүй гээд яах юм бэ. Эм ууж, лаа хийгээд, та­риа тариулж байсан. Мэдээ алдуулагч хийлгэсэн. Цэвэрлэгээний зориулалтаар натри фурамид, феркс болонтрамадол лаа хийлгэж, өвчин намдаах морфин тариулж байсан.

Тэгэхээр барилдааны үеэр эм тариа хэрэглэж байсан гэсэн үг үү?

-Өвчин намдаах та­риа өглөө нэг хийлгээд, барилдахын өмнө бас хийлгэсэн. Наадмын дараа эмч “Насан туршдаа хөлгүй болох байлаа. Амьдралаа золиослон байж барилджээ” гэж зэмлэсэн. Үнэхээр тийм эрсдэл гарч болох байсан. Энэ л эм, тариаг хэрэглэсэн нь допинг хэрэглэсэн болж таарахгүй юм бол би өөр ямар юмныхаа юмыг хэрэглэх вэ дээ. Би хүүхэд байхаасаа л барилдсан.Би баруун хөлөндөө бас гэмтэлтэй. Таван жил болж байгаа байх. Өнгөрсөн хавар наадмын бэлтгэлд гарахаасаа өмнө эмчилгээ хийлгэсэн. Одоо болтол бүрэн эдгэрээгүй. Бэлтгэл сургуулилт гээд барилдах болгонд сэдрэх гээд байдаг.

Ер нь допингийн төрөлд багтдаг эм, бэлдмэлүүдийг мэдэх үү?

-Яг нарийн бол мэдэхгүй. Ерөнхийдөө өвчин намдаах, тайвшруулах, жин нэмэх, булчин задлах гэдэг ч юм уу тоймлоод л мэднэ. Наадмын бэлтгэлийн өмнө допингийн эсрэг гарын авлага маягийн ном өгдөг. Мэргэжлийн хэллэгээр нь биччихсэн эмийг тэр болгон бид ойлгохгүй, тайлбарлаж чадахгүй ш дээ.

Одоо танд ямар хариуц­лага тооцно гэж бодож байна?

-Дөнгөж түрүүхэн мэдсэн болохоор энэ талаар бодоо ч үгүй явна. Хоёр жил хүртэлх хугацаанд барилдах эрх хасах, эсвэл цол, чимгийг нь хураадаг гэж заасан байдаг биз дээ.

Анх допинг хэрэглэсэн гээд гурван хүний нэр яваад байхад та ямар бодолтой байв. Өөрийгөө байна гэж…

-Энэ тухай юу ч бодоогүй. Огт тоогоогүй.

Шинжилгээний хариуг та мэдээгүй гэж түрүүн хэлсэн. Шинжилгээний эхний хариуг бол мэдсэн байсан биз дээ?

-Эхний хариуг олон хоногийн өмнө мэдсэн. Гэхдээ хоёрдугаар шатны шинжилгээг өөрийн хүсэлтээр тухайн бөх өөрөөсөө мөнгө төлж хийлгэдэг гэж интернэтээс харлаа. Үнэндээ би хоёр дахь шинжилгээ буюу тэр “B” шинжилгээ гэдгийг нь хийлгэе гэж мөнгө төлөөгүй. Миний өмнөөс хэн нэгэн төлсөн юм уу би мэдэхгүй. Үнэхээр надаас допинг илэрсэнд нь би гайхаж байна. Би нэг их нэр төр, карьер хөөгөөд байдаггүй учраас ач холбогдол өгөхгүй байгаа. Олон жил барилдахдаа би өөрийнхөө бэлтгэл сургуулилтын үр дүнд л өнөөг хүрсэн. Бөхөө дээдэлдэг ард түмэн өөр, өөрсдийнхөөрөө тунгаан бодож хүлээж авах байлгүй. Надад өөр хэлэх зүйл алга даа гэв.

Түүний багш Улсын на­чин Ч.Гочоосүрэнтэй утсаар холбогдоход “Би наад мэдээл­лийг тань өөрөөс тань л сонслоо. Би хөдөө яваад өчигдөр ирсэн. Дэвжээний хэдтэйгээ холбогдоогүй л байна. Харин маргаашнаас МҮБХ-гоор орж бэлтгэл хийх заал, ойр зуурын ажил хөөцөлдөж ордог юм билүү гэж бодож байлаа. Н.Адъяабат хавар эмчилгээ хийлгэлээ гэж байсан. Наадмаар бас хагалгаатай байж тийм өндөр даваанд хүрсэн сайн бөх. Би допинг хэрэглэсэн гэж итгэхгүй байна” гэв.

Харин Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад ийн хариулт өгсөн юм.

Допингийн шинжил­гээний хариуг нэлээд удаж дэлгэлээ. Танай холбооны зүгээс зарим бөхчүүдийг санаатайгаар татахаар ийн удаасан гэх яриа байна?

-Допингийн шинжилгээг БНСУ-ын лабораторид хийлгэдэг. Манайх өөрсдөө хийдэг бол өөр хэрэг. Бид олон улсын олимпийн хорооны журамд заасны дагуу ажиллаж байна. Шинжилгээг хоёр шаттай хийдэг. “А” сорьцоор допинг хэрэглэсэн гэсэн бөхчүүд хариуг зөвшөөрөхгүй бол дахин “В” сорьцын шинжилгээнд шилждэг. Уг нь допингийн хариуг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо олон нийтэд танилцуулах ёстой. Зохион байгуулах хороо танилцуулаагүй тохиолдолд МҮБХ танилцуулна. Журмын дагуу бид мэдээлэл хийж байна. Тэгээд ч холбооны зүгээс болон хэн дуртай нь шинжилгээний хариуг өөрчлөх гэсэн асуудал байхгүй.

Допинг хэрэглэсэн гэх бөхчүүдэд хариуг мэдэгд­сэн байх ёстой. Допинг хэрэглэсэн болохоо хүлээн зөвшөөрч байх юм уу?

-Тухайн бөхчүүд одоохон­доо хариуг эсэргүүцсэн зүйл алга. Харин эмчилгээтэй байсан, эм тариа их хэрэглэсэн гэдэг тайлбар өгч байгаа. Барилдааны үеэр хоёулаа бэртэлтэй эмчилгээ хийлгэж байсан юм билээ. Гэхдээ эм хэрэглэх байсан бол Допингийн эсрэг төвд хандах ёстой. Бөхчүүд үүнийг мэдэж байгаа. Тэгэхээр энэ тайлбар нь допинг хэрэглээгүй гэх баталгаа болж чадахгүй.

Бэртлийг тодруулахгүй юу?

-Б.Суманчулуун гарандаа бэртэлтэй байсан бол Н.Адъяабат наадмын өмнөх өдөр хөлөндөө хагалгаа хийлгэсэн байсан гэсэн.

Одоо ямар арга хэмжээ авах вэ?

-Хоёр жилийн хугацаагаар барилдах эрхийг нь хасах эсвэл цол хураах арга хэмжээ авах байх. Ямар шийтгэл оногдуулахыг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо шийднэ. Энэ жилийн наадмын комиссыг Шадар сайд Д.Тэрбишдагва ахалсан шүү дээ.

Допингийн шинжил­гээнд хамрагдаагүй бөх бий юу?

-Үндэсний их баяр наадмын тухай хууль, допингийн журамд зааснаар, энэ жилийн баяр наадамдтаваас дээш давсан 16 бөх шинжилгээ өгсөн. Шинжилгээ өгөхгүй, татгалзсан бөх байхгүй. Хэрэв татгалзсан тохиолдолд тухайн бөхийг допинг хэрэглэсэн гэж үздэг журамтай юм. Тиймээс бөхчүүд татгалзаагүй.

Д.ДАВААСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэг цагаан мэнгэтэй шар морь өдөр

Аргын тооллын 10 сарын 14, Ангараг гараг. Билгийн тооллын 21, Хэрцгий охин одтой, шар морь өдөр. Өдрийн наран 7 цаг 99 минутад мандан, 18 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөрбар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрйин сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх оны төсвийн төслийг татахыг шаардав

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа 2015 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцээд буцаах шаардлагатай гэж үзсэн байна. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын тайлбарласнаар Засгийн газрын алдаатай бодлогоос болж эдийн засаг хямарсан бол өргөн мэдүүлсэн 2015 оны төсвийн хуулийн төслийг энэ байдлаар нь хэлэлцэн баталбал эдийн засаг сайжрахгүй. Тэр тусмаа иргэдийн орлогыг нэмэгдүүлээгүй байж нэр бүхий дөрвөн төрлийн татварыг нэмэгдүүлэх нь эргээд сөрөг үр дагаврыг олноор бий болгоно гэв.
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хэлснээр бол нэг тоо толгой малд ногдуулах малын хөлийн татварыг 1000 хүртэл төгрөгт багтаан олгож болох эрхийг орон нутгийн ИТХ-д нь олгож байгаа аж. Мөн үл хөдлөх хөрөнгийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ. Ингэснээр үл хөдлөх хөрөнгийн татварт жилдээ 800 мянган төгрөг төлдөг байсан иргэн 1.6 сая хүртэл төгрөгийн татвар төлөхөөс аргагүй болно. Тээврийн хэрэгслийн татварыг Улаанбаатар хот болон Орхон аймагт нэмэгдүүлнэ. Энэ тохиолдолд мөн л жижиг суудлын тэрэгтэй иргэн 36 мянган төгрөгийн татвар төлдөг байсан бол 72 мянган төгрөгийн татвар төлнө.
Мөн өрийн хэмжээ ирэх онд ДНБ-ний 90 хувьд хүрнэ. Энэ мэтчлэн олон хүлээж авахад бэрх ард иргэд, үр хойчдоо ачаа үүрүүлсэн хариуцлагагүй төсвийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлсэн учраас татаж авах шаардлага тавихаар МАН бүлэг шийдвэрлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Магнай: Бидний эсрэг байгаа шүүгчдийн нэрийг зарлаж байна

Өнгөрсөн хавар ШӨХТГ-аас арилжааны банкуудад иргэдээс ирсэн гомдлын дагуу шалгалт хийсэн. Зээл авахад 0.25-1 хувийн, дээрээс нь 1000-40000 төгрөгийн шимтгэл хураамж авдаг гэсэн гомдол иргэдээс иржээ. Банкууд энэ зөрчлөө үйл ажиллагааны зардал гэж тайлбарлаж байгаа аж. Гэхдээ нэг тэрбум, хоёр тэрбум төгрөгийн зээл олгоход үйл ажиллагааны зардлын хооронд тэгж их зөрүү гардгийг ойлгохгүй байна гэж ШӨХТГ-ын дарга О.Магнай өнөөдөр хийх хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. Тэрбээр “Энэ бүхнийг болиулах албан шаардлага хүргүүлсэн. Арилжааны банкууд энэ албан шаардлагын эсрэг шүүхэд хандсан. Энэ сарын 15-нд шүүх хурлын тов гарсан байна. Өнгөрсөн хугацаанд манай байгууллагатай холбоотой есөн асуудал шүүх дээр гацаж байна. Би шүүгч нарын нэрийг хэлэхээр бэлдсэн. Эдгээр шүүгч нар шүүх хурал бүр дээр манай байгууллагын эсрэг, мөнгөтэй төгрөгтэй эрх мэдэлтэй комдпаниудын талд шийдвэр гаргаж байна. Есөн удаа ийм хэрэг гарсан болохоор би тэсэхгүй үүнийг хэлж байгаа юм шүү гэдгийг анхааруулж байна. Анхан шатны шүүхийн Лхавгасүрэн, Эрдэнэчимэг, Оюунгэрэл, Батзориг, Адьяасүрэн гэж шүүгчид, давж заалдах шатны шүүхийн Тунгалагсайхан, Зоригтбаатар, Хонинхүү, Цогт, Энхмаа, Батбаатар, Халиунбаяр, Зандраа, Сумъяа, Мөнхтуяа, Цэцэгээ нар манай шүүхээр явсан 9 асуудал дээр манай эсрэг шийдвэр гаргалаа. Манай эсрэг шийдвэр гэдэг нь хэрэглэгчид, олон нийтийн эсрэг шийдвэр гаргасан гэсэн үг. Тухайлбал, барилгын метр квадраттай холбоотой асуудал буюу “Тайгам-Алтай” гэх компанийн асуудлыг шүүх дээр дөрвөн сар сунжруулж, буцаасан. Мөн нөгөө талын илт хууль бус нэхэмжлэлийг асуудал болгож тавьдаг. Тиймээс эдгээр хүмүүсийн нэрийг нэрлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсч байна” гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.ЭЛБЭГДОРЖ: Монголчууд хуучин андаа мартдаггүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины айлчлалын босгон дээр Оросын сэтгүүлчид Монголд айлчилсан. ИТАР-ТАСС-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Михаил Гусман Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржоос тусгайлсан авсан ярилцлагыг хүргэж байна.

-Ноён Ерөнхийлөгч өө, уулзаж ярилцах боломж олгосонд тань талархал илэрхийлье. Монгол-Оросын харилцааны түүх олон зууны чинадаас улбаатай. Орчин цагийн дипломат харилцаа тогтоогоод бараг зуун жил болох гэж байна. ОХУ, Монгол Улсын харилцааны өнөөгийн байдлыг та хэрхэн үнэлж цэгнэдэг вэ?

-Судалгааны байгууллагууд манай иргэдээс Монгол Улс ямар улстай ойр дотно харилцаатай байх ёстой вэ гэж хааяа асуудаг юм. Энэ асуултад иргэдийн жараас илүү хувь нь ОХУ гэж байнга хариулдаг. Энэ завсар он жилүүд өнгөрч, нийгэм-улс төрийн тогтолцоо солигдож байгаа шүү дээ. Хүний үе солигдож шинэ үеийнхэн түрэн гарч ирж байгаа хэдий ч монголчууд ОХУ руу татагдаж, хоёр орон, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхийн төлөө байсаар байна. Ийм бат бэх суурин дээр бидний харилцааны ирээдүйг цогцлоох боломжтой юм.

-ОХУ, Монгол Улс хоёр шинжлэх ухаан техник, эдийн засаг, соёл гээд тал бүрийн салбарт хамтран ажилладаг. Бид алинд нь хамгийн их амжилт гаргасан гэж та үздэг вэ? Ашиглаж амжаагүй нөөц боломж байдаг болов уу?

-Монгол бол ОХУ-тай стратегийн түншлэл тогтоосон цөөхөн улсын нэг. Манай улсад том үйлдвэрүүд, өргөн цар хүрээ бүхий төслүүд байгааг хэлмээр байна. Монголын эдийн засгийн өмнө томоохон зорилтууд тулгарч ирлээ. Одоо бид дэд бүтцээ, юуны өмнө төмөр замын сүлжээгээ сайжруулж хөгжүүлэх, дамжин өнгөрөх тээврийн боломжийг өргөжүүлэх шаардлагатай байна. Хөрш хоёр орны хувьд салбар хоорондын харилцааг гүнзгийрүүлэх шаардлага бий. Ерөнхийлөгчийн хувьд би үүнд онцгой анхаарал хандуулж, Оросын талаас түншийн туслалцаа үзүүлнэ гэдэгт итгэж байна.

-Манай хоёр орны удирдагчид Москва, Улаанбаатарын харилцаанд асар их түлхэц өгч байна. Та Владмир Путиныг сайн таньдаг нь нууц биш. Оросын Төрийн тэргүүний айлчлалаас та ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Тийм ээ, Владимир Владимирович бид хоёр танилууд. Бид хоорондоо маш халуун дотно харилцаатай. Бид жилдээ 3-4 удаа уулздаг. Мэдээж Ерөнхийлөгч Путины айлчлан ирэхийг Монгол Улс тэсч ядан хүлээж байна. Энэ айлчлалаас бид олон зүйл хүлээж байгаа. Олон чухал баримт бичигт гарын үсэг зурахад бэлэн болсон. Юуны түрүүнд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаатай холбоотой баримт бичгүүд байна. Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд эдгээр нь том түлхэц болно гэж бид үзэж байгаа.

Монголчуудад анд нөхдөө мартдаггүй эрхэм сайхан чанар байдаг. Гурван жилийн дараа, миний Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад би жирийн иргэн болж, Владимир Владимировичтой сайн анд нөхрийн хувьд хоёр орны ард түмнийг улам ойртон нягтрахад нь туслах болно. Энэ бол миний амьдралын байр суурь юм.

-Энэ жил Халхын голын байлдаанд японы Квантуны армийг бүрмөсөн бут цохисны 75 жилийн ой тохиож байна. Энэ бол бидний хамтын ялалт байсан. Монгол Улсад энэ ойг хэрхэн тэмдэглэх гэж байгаа вэ?

-Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлийн төлөө ЗХУ-ын олон иргэн алтан амиа өргөсөн. Бид үүнийг үүрд санан дурсч явах болно. Халхын голын байлдааны энэ ойг бид маш өндөр хэмжээнд тэмдэглэхээр төлөвлөж, манай Засгийн газар хариуцан ажиллаж байна. Харамсалтай нь тэр үеийн дайчдаас амьд мэнд байгаа хүмүүс улам цөөрсөөр байна. Надад мэдэгдэж байгаагаар бол Халхын голын байлдааны ахмад дайчдаас ОХУ-д дөрөв, манайд гуч хүрэхгүй хүн өнөөдөр амьд сэрүүн үлджээ. Бид тэднийг бүгдийг хүндэлж, тусалж дэмжиж байдаг.

-ОХУ, Монгол Улс хоёр бол хил орчмын субъектуудын хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа хөршүүд. Манай хоёр улсын харилцааны энэхүү хүчин зүйлийг та хэрхэн үнэлдэг вэ?

-Монгол улс, ОХУ хоорондоо 3485 км урт хилийн зурвасаар хаяа нийлдэг. Манай улстай ОХУ-ын арав илүү субъект хил залгадаг. Бид цаашдаа хил орчмын субъектуудын хамтын ажиллагааг улам хөгжүүлэх бодолтой байгаа нь мэдээжийн хэрэг. Бид одоо хоёр улсын хооронд визтэй зорчдог журмыг цуцлах тал дээр ажиллаж байна.

-Энэ ажил хэр хурдан бүтэх бол?

-Ноён Ерөнхийлөгч Владимир Путиныг Улаанбаатарт айлчлах үеэр энэ талын хэлэлцээрт гарын үсэг зурагдах байх гэж найдаж байна. Үүнээс гадна бид хамтын ажиллагааны хөгжлийн дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурахад бэлэн болоод байна.

-Үүнээс гадна ямар баримт бичгүүдэд гарын үсэг зурахад бэлэн болсон бэ?

– Монгол улс бүхлээрээ ОХУ, БНХАУ хоёрын дунд оршдгийг Та мэднэ. Хамгийн дөт зам бол төмөр зам. Тийм учраас бид энэ боломжоо яаж ашиглах, эдийн засаг, дэд бүтцийн томоохон төслийг хэрхэн хэрэгжүүлэх талаар бодох хэрэгтэй байх. Бид дамжин өнгөрөх тээврийн тухай гурван талын хэлэлцээрийн төсөл болон ОХУ, Монгол Улсын хоорондох дамжин өнгөрөх тээврийн тухай хэлэлцээрийн төслүүд дээр ажиллаж байна. Мөн УБТЗ-ыг байгуулах тухай 1949 оны гэрээ хэлэлцээрийг шинэчлэх тал дээр ажиллаж байгаа.

Бид монголын төмөр замыг хос урсгалтай болгохыг хүсч байгаа. Хэрэв бид төмөр замаа Хятадын нутаг дэвсгэрийн гүн тийш сунгавал бүхэл бүтэн бүс нутгийн хувьд нэн чухал тээврийн тэжээгч судас бий болно. Бид Москватай улс төр, бүс нутаг, дэд бүтэц, эдийн засаг, хүмүүнлэгийн гээд бүхий л түвшинд харилцаагаа хөгжүүлэхэд бэлэн байна.

-Бараг бүгдээрээ орос хэлээр ярьдаг, сургууль болгонд орос хэлийг идэвхтэй сурдаг байсан Зөвлөлтийн үеийн Монголыг би сайн санаж байна. Монголд орос хэлийг хадгалан үлдэх тал дээр өнөөдөр юу хийж байгаа вэ?

-Бид ОХУ, БНХАУ гэсэн хоёр том хөрштэй. Амжилттай хамтран ажиллахын тулд бид тэдний соёл, хэлийг мэддэг байх ёстой. Монголд орос хэл заадаг арав гаруй сургууль бий. Өнөөдөр илүү олон залуус аугаа Пушкиний хэлээр ярих хүсэлтэй болж байгааг би мэдэж байна.

Би ч гэсэн таны харж буйгаар орос хэл эзэмшсэн. Миний хувьд оросоор ярихад хөгжим эгшиглэх шиг санагддаг. Надад хувьдаа лав тэгж санагддаг юм. Монголд орос хэлийг сонирхох сонирхол буураагүй. Холоос эрээд хэрэггүй, наад захын жишээ дурдахад жирийн монгол хүмүүс сансрын “тавган” антеннаар Оросын телевизийн арав гаруй сувгийг хүлээн авч үздэг. Би ч гэсэн Москвагийн мэдээг байнга үздэг.

-Таны цээжинд орос хэл үлдсэнээс гадна Львов хотод суралцаж байсны тань хувьд одоо ОХУ, Украинд болж буй үйл явдлууд ойрхон санагдаж байгаа байх аа. Өнөөдөр манай Украин хөршүүдийн хувьд амаргүй цаг болоод байна. Та энэ үйл явдлыг хэрхэн бодож цэгнэж байгаа бол оо?

-Энэ бүхнийг харахад надад маш харамсалтай байна. Намайг 1980-аад онд Украинд суралцаж байхад бид хүмүүсийг үндэс угсаагаар ялгаварладаггүй байлаа. Бүгд зөвлөлтийн- эвсэг найрсаг, сайн, сайхан сэтгэлтэй хүмүүс байсан. Томоор харахад өнөөдөр улс орон болгон л тайван, найрсаг хөршийн сэтгэлээр амьдрахыг хүсдэг гэж боддог. Украинчууд ч эцсийн эцэст мөн ингэж чадна гэдэгт найдаж байна.

-Монгол Улс хоёр дахь удаагаа дахин төрлөө гэж дэлхий даяар мэргэжилтнүүд дүгнэх боллоо. Үнэхээр аль ч үзүүлэлтүүдийг аваад үзэхэд Монголын эдийн засгийн хөгжлийн аварга хурдац харагддаг. Монгол Улс яаж ингэж нүдэн дээр өөрчлөгдөж чадаж байна вэ?

-Энэ бол маргаангүй хүмүүсийн хүч. Монголчуудад бизнес эрхлэх эрх чөлөө нь байхад тэд гайхамшгийг бүтээж чаддаг. Өдөр болгон бид хаа нэгтээ шинэ үйлдвэр, шинэ сургууль, шинэ зоогийн газар нээсэн тухай сайн мэдээ хүлээн авч байна. Харин бид өөрсдийн зүгээс баялаг бүтээж, нийгэмдээ ашигтай зүйл хийж буй хүмүүсээ дэмжихийг хичээж ажиллаж байна. Надад Ерөнхийлөгчийн хувьд эдгээр хүмүүсийн ашиг сонирхолд үйлчлэх гэсэн ганц үүрэг бий. Мэдээж Монгол Улсад хаа сайгүй шүүмжлэгчид олон байдаг. Энэ нь төр өөрийн дутагдлаа анзаарахгүй байна гэсэн үг биш. Гэхдээ би бодохдоо жирийн хөдөлмөрч, эх оронч хүн эерэг сайн эхлэлийг баримжаалдаг байх хэрэгтэй.

-Ноён Ерөнхийлөгч өө, Та Монгол төрийн өндөр дээд албан тушаалд хоёр дахь удаагаа сонгогдсон. Энэ хугацаанд танай багийнхан шүүхийн тогтолцоог шинэчлэх, авлигатай тэмцэх, цаазын ялд хориг тавих зэрэг бүхэл бүтэн шинэчлэл хийлээ. Эдгээрээс алинд нь та эерэг үнэлгээ өгөх вэ, бас хийгээгүй үлдсэн ажил юу байна?

-Ач холбогдлынх нь хувьд хамгийн түрүүнд авлигатай тэмцэх ажлыг чухалчилж тавимаар байна. Жил бүр Монголд авлигын түвшин 16-17 хувиар буурч байгаа. Ийм тооцоог би гаргаагүй. Олон улсын авлигатай тэмцэх байгууллагын рейтингээр ийм байгаа юм. Намайг анх Ерөнхийлөгчөөр сонгогдож байхад Монгол Улс дэлхийд авлигын үзүүлэлтээрээ 140 дүгээр байранд жагсаж байсан. Одоо бол 70 дугаар байранд байна. Энэ сайн үзүүлэлт боловч үргэлжлүүлэн тэмцэх хэрэгтэй.

Хоёр дахь бүрэн эрхээ эхлээд би “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн санаачилга дэвшүүлсэн. Бизнес эрхлэгчид бизнесээ, улстөрчид улс төрөө л эрхэлж, хууль сахиулах байгууллагууд хуульдаа л анхаарах хэрэгтэй.

Миний бүрэн эрхийн хугацаа дуусахад нийгмийн ашиг сонирхолд үйлчлэх сайн хууль, сайн тогтолцоо ард минь үлдэнэ гэж найдаж байна. Надад Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн дахиад гурван жилийн хугацаа үлдэж байгаа учраас улам илүү их ажиллах хэрэгтэй гэж бодож байгаа. Хийгээгүй зүйл,биелүүлээгүй амлалт, алдааныхаа хойноос харамсаж үлдэхгүйн тулд тэр л дээ.

-Монгол Улс аялал жуулчлал хөгжүүлэх асар их боломжтой өвөрмөц орон. Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд юу хийж байгаа вэ?

-Монголд ирэх сонирхолтой хүмүүст зориулан тав тухтай орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Визийн асуулыг бид шийднэ. Тээврийн асуудлыг ч гэсэн шийдэх болно. Харин жуулчдыг яаж татах билээ гэдгийг бодох ёстой.

Улс орон болгон л өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, үзэх зүйлтэй. Монголын хувьд нутгийнхаа төв хэсэгт тал хээр, нуур, гол устай. Хойд талаараа уул тайгатай, урдуураа толгод, асар уудам говьтой. Монгол орон үндэсний 22 парктай. Тэдний ихэнх нь хүрч очих зам, жуулчдын бааз, аяллын хөтөлбөр, бэлэг дурсгалын дэлгүүр, цайны газар зэрэг аялал жуулчлалын дэд бүтцээр хангагдсан.

Заримдаа сэтгүүлч нөхөд маань, ялангуяа барууныхан, юмны зөвхөн сөрөг талыг хараад байдаг талтай. Монгол улс соёлын асар их өв сантай, аялагчид үзэж сонирхох газар олон бий! Тиймээс би ОХУ-ын иргэдийг Монголд ирээрэй гэж уримаар байна. Хүн болгонд Ерөнхийлөгчийн хувийн урилга бий гэж бодоорой.

-Надад монголчууд ёс заншилдаа, угсаа гарвалдаа үнэнч байдаг нь таалагддаг. Бид хоёр энэ сайхан Төрийн өргөө гэрт ярилцаад сууж байна. Би мянга мянган монголчууд орчин үеийн орон сууцанд биш гэрт амьдардгийг мэднэ. Энэ бол зүгээр нэг угсаатны зүйн онцлог биш, амьдралын хэв маяг нь юм. Монгол хүний хувьд гэр гэдэг юу вэ гэдгийг тодруулж өгнө үү?

-Гэр хүнийг байгальд ойртуулдаг. Гэрт суудаг монгол хүн бидний ярьдгаар газар шороондоо ойр болдог. Би гэрт төрсөн, долоон ахтай хүн. Бид бүгдээрээ нэг жижиг гэрт амьдарч байсан ч бидэнд огтхон ч давчуу байгаагүй. Хүүхдүүд бид эцэг эхтэйгээ халуун дотно харилцаатай байсан. Бид бие биеэ хайрлаж өссөн, одоо ч хүүхэд байх үеийнх шигээ дотно, хайртай хэвээрээ. Би ээжийнхээ аавтай ямар халуун дотно ярьж, аав ч тэгж хариулдаг байсныг хэзээ ч мартдаггүй. Энэ бол амьдралын бүхэл бүтэн гүн ухаан юм даа.

Өнөөдөр Монгол даяар угсармал том байшингууд барьж байна. Зарим том орон сууцан дотор төөрч мэдэхээр болсон гэлцэх болж. Хүүгийнхээ барааг харалгүй бараг долоо хоносон ч гэх шиг. Хүү нь өөрийнхөө, ээж аав нь өөрсдийнхөө өрөөнд компьютерийн ард бүгэх болж. Энэ бүхэн дотнын хүмүүсийг холдуулж, гэр бүлийн халуун харилцааг сэвтүүлж байна.

-Монгол Улс социализмыг бүтээн байгуулж явсан. Коммунист дэглэмийн үед шашин хориотой байсан. Өнөөдөр Монголд буддын шашин хэр дэлгэрч байгаа вэ? Орчин үеийн монголчуудын амьдралд шашин хэр нөлөөтэй байна вэ?

-Намын үзэл суртал нурж алга болохтой зэрэгцээд шашин шүтлэг, итгэл найдвар хэрэгтэй болсон. Өнөөдөр монголчууд эртний буддын шашны ёс заншлаа сэргээж байна. Түүний мөн чанар бол өөрийгөө хүндлэх. Таны амьдралын зам Буддагаас ч, бусад бурхдаас ч биш, гагцхүү танаас өөрөөс чинь л хамаарна. Сайн нь ч танаас гарна, муу бүхэн ч танаас өөрөөс чинь л гарна. Бүх юм өөрөөс чинь хамааралтай. Та өөрийгөө өөрчилж чадвал, хүрээлж байгаа ертөнцөө өөрчилж чадна. Энэ бол буддын гүн ухаан, бид үүнийг баримтлагчид. Гэхдээ бид бусад шашинд ч хүндэтгэлтэй хандаж, тэднээс авахаа авдаг.

-Та амьдралынхаа замыг эргэн харвал аль нь хамгийн тод, аз жаргалтай үе байв?

– Ээж, аавтайгаа хамт байсан хүүхэд нас минь. Бас Львовт сурч байсан таван жилийг мартах аргагүй. Баруун Украинд би эхнэртэйгээ гэрлэж, тэнд анхны хүү минь төрсөн. Миний эхнэр Хажидсүрэнгийн Болормаа бас Львовт их сургуульд сурч байсан монгол бүсгүй. ЗХУ-д өнгөрүүлсэн жилүүд маань бидний хувьд маш аз жаргалтай байсан даа.

-Ерөнхийлөгчийн гэр бүлийнхэн өөрийн таван хүүхдээс гадна хорин өнчин хүүхдийг асран хүмүүжүүлдэгийг Монгол даяараа мэднэ. Гэргий та хоёр яагаад ингэж шийдэв? Юунаас болов?

-Бүх хүүхэд маань бидний хувьд төрсөн мэт болсон. Зарим нь өсч томроод өөрсдийнхөө амьдралаар амьдарч байна. Үнэнийг хэлэхэд амаргүй үе ч байсан. Гэхдээ бид өргөж авсан эцэг эхийн сэтгэл хүүхдүүддээ ижил тэгш хүртэж байх ёстойг ойлгож байсан.

Би ч, эхнэр маань ч олон хүүхэдтэй гэр бүлд өссөн хүмүүс. Бид зовлон гачигдал, өрөвдөх сэтгэл гэж юу байдгийг сайн мэднэ. Зовж яваа хүнд туслах хэрэгтэй. Ялангуяа чи өндөр албан тушаал хашдаг, бизнес эрхэлдэг бол тэр тусмаа туслах ёстой. Зүсэм талхаа ойр хавийнхантайгаа хувааж идэхэд надад таатай байдаг. Хүмүүст тусалж явбал тэд ачийг чинь заавал хариулах болно. Дандаа шүү. Энэ бол миний амьдралын гүн ухаан юм.

Эхнэр бид хоёр гуч гаруй өнчин хүүхдийг хүмүүжүүллээ. Одоо бидэнтэй арван найм нь үлдээд байна. Тэд шатаар явж чаддаггүй жаахан байсныг бодвол одоо бүгд том болжээ. Бид тэдэнд цаашид ч тусалж байх болно.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдэл гэдэг таны хувьд юу вэ? Ямаршуухан амттай санагддаг вэ?

-Эрх мэдлийн амт бол гашуун. Манайхны мэргэн үг байдаг л даа. Эхлээд биеэ зас, дараа нь гэрээ зас, тэгээд төрөө зас гэж. Би олон хүнтэй харилцдаг, олон ч улстөрчийг мэднэ. Төрийн хэрэг, төсвийн хөрөнгөнд ойртуулах хэрэггүй хүмүүс ч таардаг. Авлигад өртсөн төрийн түшмэдүүд ч бий. Тэд төрийг муухай харагдуулж, түүнд итгэх итгэлийг бууруулж, улс орныг буртаглаж, хүмүүсийг завхруулдаг. Бид ийм үзэгдэлтэй хайр найргүй тэмцэж байгаа, цаашдаа ч тэмцэх болно.

Төрийн алба бол чи өөрийнхөө эрх ашгийн төлөө хашиж байгаа алба биш. Төрийн албан хаагчид эх орон, жирийн ард иргэддээ үйлчилж, тэдний эрх ашгийг хамгаалан хүндэлж, хэрэгтэй хүнд нь тусалж байх ёстой хүмүүс. Гэхдээ ядуурлыг даван туулж, жинхэнэ утгаараа цэцэглэн хөгжиж буй улс үндэстэн болохын тулд цаг хугацаа хэрэгтэй.

Миний бүрэн эрхийн хугацаа дуусч Ерөнхийлөгчийн албыг орхих цаг ирнэ. Тэгээд би Монголдоо амьдарна. Арваад жилийн дараа төрөлх хотынхоо гудамжаар алхаж явахад хүмүүс намайг хараад: “Хараач Элбэгдорж явж байна! Манай Ерөнхийлөгч байсан хүн шүү дээ!” гэх болно.

Одоо бол Төрийн тэргүүний хувьд даруу байж, хүмүүст илүү ойр байх хэрэгтэй. Хаалгаа байнга нээлттэй байлгах хэрэгтэй гэдгийг та ойлгож байгаа биз дээ? Хүмүүс Ерөнхийлөгч хэнтэй уулзаж, ямар асуудлыг шийдвэрлэж, ард түмний татварын мөнгийг юунд зарцуулж байгааг харах ёстой. Үүнд миний бодлоор одоо бол интернет маш их тус болж байна. Хүмүүс улстөрчдийн ухаалаг үгийг сонирхохоосоо илүүтэйгээр татварын мөнгийг юунд зарцуулж байгааг нь сонирхох нь мэдээж. Төсөв тунгалаг байх ёстой. Тэгсэн цагт авлига багасаж, ард түмний зүгээс хяналт тавих нь нэмэгдэнэ. Монголд үүнд чиглэсэн хэдэн арван хууль бий.

-Улаанбаатарт байх хугацаандаа бид танай хамгийн гайхалтай баяруудын нэг болох Наадмыг үзэж сонирхлоо. Монгол улс даяараа үүнийг тэмдэглэж нааддаг юм байна. Таны болон танай гэр бүлийн хувьд ямар баяр хамгийн ойр дотно байдаг вэ?

-Мэдээж Наадам байлгүй яахав! Монголчууд наадмыг мянганы тэртээгээс хийж ирсэн. Наадам бол монголын уламжлалт баяр, “Эрийн гурван наадам” гэж мөн нэрлэдэг. Наадам бол үндэсний бөх, хурдан морины уралдаан, сур харваанаас бүрддэг баяр. Энэ баяр монголчуудыг монгол болгодог юм.

Хурдан морины уралдааны нэг насанд 500 гаруй морьд уралдаж 20 орчим километр замыг туулдаг. Энэ бол дэлхийн өөр хаана ч олж үзэхгүй өвөрмөц уралдаан юм шүү! Өнөө үед хурдан морины уралдаан, сурын харваанд эмэгтэйчүүд ч оролцож байна. “Эрийн гурван наадам”-д дөрөв дэх төрөл болж монгол шагайн харваа нэмэгдээд байна. Энэ төрөлд оролцогчид хоёр баг болон хуваагдаж өвдөг дээрх хашлага дээр тавьсан ясан сумыг дунд хуруугаараа няслан хасаа харваж тоглодог. Шагайн харваанд зөвхөн эрэгтэйчүүд оролцдог.

Наадам бол бас элбэг дэлбэг баярын ширээндээ сууцгаан, айраг ууж, дуу дуулан, бүжиглэдэг баяр. Эрт үед цэцэн өвгөд “Монголчууд наадам тэмдэглэж байхад хөрш орнууд амар тайван амьдарч болно” гэцгээдэг байсан гэдэг.

– Бүхий л цаг үед монголчуудын амьдралд морь маш чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. 21 дүгээр зуунд ч гэсэн энэ хэвээрээ юу?

-Өнөөдөр Улаанбаатарын гудамжинд машины замын түгжрэл маш их байна. Би саяхан телевизээр үг хэлэхдээ монголчууддаа морио илүү унацгаая гэж уриалсан. Монголчууд мотоциклыг их унах боллоо шүү дээ. Үүнийг ямар монгол гэх вэ дээ. Манай улс эрт үеэс адууны соёлтой байсан. Монголчууд морин дээр төрж, морин дээр нас бардаг байлаа. Морины амь хүний аминаас илүү үнэтэй байсан үе ч бий.

Хүн бүрийн тэр болгон мэдэхгүй нэг зүйл бол дэлхийн хоёрдугаар дайны үед монголчууд Улаан армид хагас сая гаруй агт морь илгээсэн байдаг. Бүр хоёр морьтой бол нэгийг, зуун адуутай бол тавийг Улаан армийн хэрэгцээнд өгөх журамтай байсан байгаа юм. Монгол морьд цэргүүдтэй хамт Берлин хүрсэн. Манай Улаанбаатарын музейд энэ тухай түүхэн гэрэл зураг хадгалагдаж байгаа.

Ийм жишээн дээр залуу үеэ хүмүүжүүлэх хэрэгтэй юм. Дайнд хамтран ялалт байгуулж, Зөвлөлт, Монголын ажилчид, барилгачид мөр зэрэгцэн хөдөлмөрлөж нурсан хот, тосгон, үйлдвэр, заводуудыг сэргээн босгож байсныг хэзээ ч мартаж болохгүй. Бид сансарт ч цуг нисэж байлаа шүү дээ. Үүнийг мартаж болно гэж үү?

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бүх Японы аваргаар Какүрюү М.Ананд тодоров

Мэргэжлийн сүмогийн Бүх Японы аварга шалгаруулах тэмцээн саяхан болж өндөрлөжээ. Уг тэмцээнд 71 дэх аварга Какүрюү М.Ананд түрүүлсэн байна. Түүнтэй аваргын төлөө Маэгашира Такайнова Д.Баасандорж өрсөлдсөн юм.

Аки башёд гол дуулианыг тарьсан Ичиножёо А.Ичинноров шөвгийн дөрөвт Такайновад унасан байна. Харин Их аварга Хакүхо М.Даваажаргал Маэгашира Икиойд унажээ.

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Я.Содбаатар: Ардчилсан намын боловсон хүчнүүд тэтгэврийн насанд ойртсон

Я.Содбаатар: Ардчилсан намын боловсон хүчнүүд тэтгэврийн насанд ойртсон

УИХын гишүүн Я.Сод­баатартай ярилцлаа.

Та Засгийн газрын бүтцийг хэр болсон гэж харж байгаа вэ. 16 яам 13 болж цаашид үйл ажиллагаа нь үргэлжлэхээр боллоо?

-Өнгөрсөн 2012 оны сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газрыг бүтцийг эргэн харахад Н.Алтанхуяг өмнө нь Монголын түүхэнд байхгүй данхар бүтцийг оруулж ирэн ажиллаж байна. Том бүтэц нь эдийн засаг талаасаа нэлээд үрэлгэн, нөгөө талаасаа салбарын уялдаа холбоо, төрийн ажлын залгамж чанар нэлээд алдагдсан. Тиймээс бүтцийг эргэн харж цомхон, чадварлаг болгох тал дээр МАН-ын бүлэг, Ерөнхийлөгчийн институци гэх мэт олон талын шахалт орсон гэж харж байгаа. Улс төрийн шахалтын хүрээнд аргагүйн эрхэнд ийм шахалт хийж, өнгөрсөн хоёр жилийнхээ алдаа оноонд дүгнэлт хийж оруулж ирлээ гэж бид харж байсан. Орж ирсэн бүтцийг харахад шахаанд орсон тул дургүйд хүчгүй гэх байдлаар хийсэн нь харагдаж байна. Нэг үгээр хэлбэл энэ нь Ерөнхий сайдын өөрийнх нь хүссэн зүйл биш юм байна. Монголын төрийг ухаалаг, зөв замд нь гаргаж ирэх бүтэц болж чадсангүй. Учир нь бүтцийг хийж оруулж ирэх байсан бол илүү тооцоо судалгаатай, яамдыг нэгтгэснээр хэр хэмжээний төсөв хэмнэгдэх юм. Бодлогын ямар өөрчлөлт шинэчлэлт гарах вэ гэдгийг харах байсан.

Монголчууд ардчиллын замаар 25 жил явах хугацаанд Засгийн газар янз бүрийн л бүтэцтэй байсан. Ерөнхий сайд чуулганы индэр дээрээс “Би ямар нэгэн тооцоо судалгаа хийгээгүй. Төсөв хэр хэмжээнд хэмнэгдэхийг бид тооцож чадаагүй байна. Бараг л та нар хий гээд байсан учраас ингээд оруулаад ирлээ” гэх зүйл ярьсан. Сөрөг хүчнийхнийхээ дуу хоолойг сонсдоггүй юмаа гэхэд төрийн байгууллагууд болох Үндэсний АУДИТ-ын газар ч байдаг юм уу байгууллагуудынхаа дүгнэлтийг сонссонгүй. Бүтцийн өөрчлөлтөөр хоёр зүйлээсээ салж чадсангүй.

Тэр хоёр зүйлийг нь та хэлэхгүй юу?

-Улс төр бизнесийн бүлэглэл, фракцуудынхаа шахалт, аалзны тор шиг хэрэгдсэн сүлжээнээс гарч чадсангүй. Ес, 11 яамтай болно гэж яригдаж байсан ч фракцуудынхаа амыг хаахын тулд шахаанд орж явсаар 13 яамтай байхаар орж ирлээ. Нөгөөх нь нийгэм, эдийн засаг хямралтай байх үед төр өөрөө чадварлаг болох, бүсээ илүү чангалж төр өөрөө хэмнэлтийн горимд шилжих зайлшгүй шаардлага байна. Энэ Засгийн газрын нэг алдаа нь төр өөрийнхөө илүү зардлыг танахаас илүү ард түмнийхээ халаас руу орох бодлогыг бариад байгаа. Ирэх оны төсөвт маш олон татваруудыг сэргээхээр оруулж ирсэн. Бизнес эрхлэгчдийн бүсийг чангалаад тэдний дарамтыг нэмэг­дүүлээд байгаа болохоос төр үр дүнгүй зардлаа багас­гаж хэмнэлтийн горимд шилжих алхам хийгдэхгүй байна. Энэ хийгдсэн бол нийгэм талархан хүлээж авах байлаа. Харамсалтай нь тэгж чадсангүй.

Чуулган дээр дөрвөн төрлийн татвар нэмэгдэнэ гэдгийг гишүүд хэлж байсан. Сангийн сайд Ч.Улаан мэдээлэл хийхдээ ямар ч татвар нэмэгдэхгүй гэдгийг хэлсэн шүү дээ?

-2015 оны төсвийн тө­сөл гишүүдийн гарт ирээд байна. Төсөв дотор Малын хөлийн татвараас эхлээд Хотын татвар гээд татварууд ороод ирчихсэн байгаа. Төсөв хэлэлцэх үеэр бүгд тал талаас нь ярилцах байх. Ардын энэ тат­варуудыг эсэргүүцэж бай­гаа. Ардчилсан нам тэргүүтэй улс төрийн хүчнүүд батлаад явчихбал иргэд нэг юм хэлэх байлгүй дээ. Нийслэлийн удирдлагууд төсөв батлахад Нийслэл дээр ямар дарамт ирэх вэ гэдэг талаар мэдээлэл хийсэн.

Монгол Улсын орлого ирэх онд 900 тэрбумаар нэмэгдэнэ гэж байна. Тийм боломж байгаа юм уу?

-Сүүлийн хоёр, гурван жил төсөв баталж байгааг нь харахад бидний хэлдгээр жонхуу болж байна. Төсөв дээр дандаа худлаа тоо тавьдаг. Төсвийг хугацаанд нь батлах, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлах хязгааруудад тааруулж батлахын тулд хүчээр нохойн ам нийлүүлж баталж байгаа. 2014 оны төсвийг баталсныг харахад бодит байдал дээр ам.долларын ханш 1800 төгрөгөөс доош орохооргүй байхад 1384 төгрөг гээд хүчээр батлуулсан. Орлого тал дээр гэхэд уул уурхайн салбараас орж ирэх орлого бүгд худлаа байсан. 31 сая тонн нүүрс экспортолно гэж байлаа. Монгол Улс хамгийн оргил үедээ буюу 2011 онд 22.5 сая тонн нүүрс гаргаж байсан улс шүү дээ. Энэ жил нүүрс яаж ч сайн олборлоод 15 сая тоннд хүрэхгүй. Нэг ёсондоо тавьж байсан зорилтынхоо 40 хувьд л хүрч байна. Ирэх онд орлого нэмэгдэхгүй. Хаанаас яаж орлого нэмэгдүүлэх эх үүсвэрийг гаргаж ирснийг судлах хэрэгтэй. Яахав Оюутолгойн үйл ажиллагаа жигдэрч орлого нэмэгдэж байгаа нь үнэн. Гэсэн ч татвар нэмэх байдлаар бизнес эрхлэгчдийнхээ бүсийг чангалах байдлаар орлого нэмэх гэж оролдоод байгаа юм. Бодит байдал дээрээ тэр аж ахуй нэгжүүд цаашид үйл ажиллагаа явуулах гэхээр тартагтаа тулчихлаа. Эдийн засгийн нөхцөл нь шавхагдаж дууслаа. Өнгөрөгч онд бид 7.4 их наяд төгрөгийн төсөв баталсан. Энэ оны төгсгөлд төсвийн орлого нэг их наядаар тасарна.

Засгийн газрын бүтэц батлагдсан. Харин бүрэлдэхүүн нь хэрхэн орж ирэх бол?

-Засгийн газрын бүрэлдэхүүний тал дээр УИХ дахь МАН-ын бүлгээс хэд хэдэн шаардлагыг хүргүүлээд байгаа. Засгийн газрын бүрэлдэхүүн талдаа албан бус хэллэгээр давхар дээлээ тайлсан, УИХ гишүүн бус хүн Засгийн газрын гишүүнээр томилогдоосой, бид ухаалаг төр рүү алхах алхмаа хийнэ гээд Ерөнхийлөгчөөс эхлээд ярьж байна. Энэ удаа томилогдох сайд нар УИХ-аас битгий томилогдоосой гэж хүсч байгаа юм. Ерөнхийлөгчийн зүгээс ч гэсэн үүнийг шахаж байгааг анзаарсан байх. Томилогдох сайд нар нь салбараа мэддэг мэргэшсэн хүн байгаасай. 2016 он хүрэхэд цаг хугацаа бага үлдсэн. Тиймээс салбараа мэдэхгүй хүн оччихоор сал­бар­тайгаа танилцах гэсээр байтал ихэнх хугацаагаа та­нин мэдэхүйн шинжтэй алдчих гээд байгаа юм. Өнгөрөгч хавар томилогдсон сайд гэхэд салбараа мэдэхгүй чуулган дээр үг хэлж чадахгүй газрын дарга, мэргэжилтнээсээ асууя гэж байна. Үүнээс болоод төрийн үйл ажиллагаа алдагддаг. Түүнчлэн Ардчилсан нам боловсон хүчнийхээ бодлогод өөрчлөлт хийгээсэй гэж хүсч байна. Ардчилсан намын боловсон хүчинд 25 жил салхи орсонгүй. 25 жилийн өмнө Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, С.Баярцогт байсан уу байсан. Гэтэл 25 жилийн хугацаа өнгөрчихөөд байхад Ардчилсан намын бодлого энэ хэдэн хүний хүрээнд л явж байна. Энэ хүмүүс бүгд өвгөрсөн, тэтгэврийн нас нь ойртсон. 25 жил энэ намын толгой дээр сандаалж байгаа төдийгүй, энэ намаар дамжуулан төрийн хүний нөөцийн бодлогод нөлөөлж байна. Ардчилсан нам яагаад шинэ эрч хүчтэй хүмүүсээ гаргаж ирдэггүй ийм сонин тогтолцоогоор яваад бай­гаа юм. АН-ыг гаднаас нь харахад фракц дагасан бү­лэглэлийн шинж чанартай зүйл харагдаад байна шүү дээ. Шинэ чадварлаг хүн орж ирээсэй. Түүнээс биш хэдэн хүнийхээ дотор битгий эргэлдээсэй гэж хүсч байна. Нэмж хэлэхэд хариуцлагын асуудлыг хам­тад нь оруулж ирэх хэрэгтэй. Хариуцлага гэдэг зүйлийг бүтцийн өөрчлөлтөөр битгий далдлаасай. Өнөөдөр манайд хариуцлагагүйн зуд нүүрлэчихсэн.

Нэг жилийн хугацаанд ажил хийх болов уу. Сонгуулийн шуугиан ч эхэллээ дээ?

-Ажил хийнэ гээд ард түмэн сонгочихоод байхад эрх биш юм хийх байлгүй дээ. Бид сөрөг хүчний байр сууринаас шахаж ажиллана.

Ардчилсан нам 25 жил намдаа салхи оруулаагүй юм бол Ардын нам ер нь салхи оруулдаг улс төрийн хүчин юм уу?

-Өнөөдөр хамгийн их салхи оруулж байгаа улс төрийн хүчин бол Ардын нам л байна. Гэтэл 25 жил даргаа өөрчилдөггүй улс төрийн нам байна шүү дээ, цаана чинь. Ардчилсан нам үүний араас явж байгаа. Сүүлийн хэдэн жил Их хурлаа хийгээгүй, ҮЗХ-гоо хуралдуулаагүй. Үүнийг бид яриад байгаа юм биш. Нам дотроосоо яриад байна. Ардын намыг аваад үзэхээр 1990 оны ардчилсан шинэ нийгэм цогцлоход намын бодлого тодорхойлж явсан хүмүүс өнөөдөр тэтгэврийн насандаа хүрсэн. П.Жасрай агсан, Д.Содном, Ш.Гунгаадорж, буурал Очирбат дарга гээд намын гол удирдлагууд байна. 1990-ээд оны дундуур улс төрд орж ирсэн 1950-иад оныхон гэдэг С.Баяр, Н.Багабанди, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Н.Энхбаяр гээд манай намд байсан гэх мэт хүмүүс арагш сууж байна. Намын удирдах түвшинд энэ хүмүүсээс хэн нь ч сонгогдоогүй. Харин намын дэргэдэх бодлогын зөвлөлд орж ажиллаж байгаа. 1960, 1970-аад оныхон намын бодлогыг авч явж байна даа. Би гэхэд 1990 онд долдугаар ангийн сурагч байсан. Үүнээс харахад 1990 оноос хойш гурав, дөрвөн удаагийн үеийн шинэчлэл хийгдсэн. Миний хамгийн үнэт зүйл гэж харж, ярьдаг хоёр зүйл бий. Эхнийх нь манай нам Монгол Улсад тусгаар тогтнолыг авч ирсэн. Түүнийхээ төлөө явдаг. Аль болох асуудлын хамгийн эхэнд улс орноо тавихыг хичээдэг улс төрийн хүчин. Нөгөөх нь МАН ахмад, дунд, залуу үеийн хэлхээн дээр оршдог. Манай намд энэ гурван үеийн аль алиных нь бодлого явдаг. Харамсалтай нь АН-д бол ахмадуудынх нь л бодлого явж байна.

Эдийн засаг аюулын харанга дэлдэж байгаа энэ үед намын эрх ашгийг хааяа ч гэсэн умартах шаардлага тулгардаг. Засгийн газрын институциэр дамжуулж сонгуульд хандсан алхам хийх, хэтэрхий сонгуульд чиглэсэн үйлдэл хийх нь эргээд ард түмэн амьдралаараа төлдөг гашуун түүх бий. Тиймээс Н.Алтанхуяг дарга эрх ашгийнхаа эрэмбийг эх орны эрх ашгийг эхэнд тавиасай гэж бодож байна.

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр улаанбуудай оруулж ирсэн асуудал боссон

-Монголын эдийн засгийг салбар салбараар нь цохин унагаж байна. Бидний хэлж байсан зүйлс хэдхэн сарын дараа биеллээ олоод байгаа. Тухайн үед болохгүй бүтэхгүйг нь хэлэхээр хүлээж авдаггүй байсан. Бид зөнч үзмэрчдээ тэгж хэлээд байдаг юм биш. Ардын намын бүлгийн 26 гишүүн ард түмний дунд жаргал зовлон туучин гарч ирсэн, салбар салбартаа хатуу хөтүүг нь үзсэн, гадны байгууллагуудын судалгаан дээр үндэслэн манайхан хэлээд байгаа ухаантай. 2013 онд эдийн засаг огцом хүндрэх нь, Засгийн газрын бодлого буруу явчихлаа гэхэд “Ардын намынхан албан тушаал, суудлаа алдсан болохоор түүнийгээ санагалзан Засгийн газрыг унагах гээд байна, МАНАН үүсгэх гэж байна” гээд Алтанхуягийгаа аваад үлдсэн. Галзуу хөгжүүлнэ гэж байсан ч хэдхэн сарын дараа ам.долларын ханш эрс өсч монгол төгрөгийн ханш навс унасан.

Манай улс өөрсдийн хөр­сөнд ургасан улаанбуудайгаар хүнсний хэрэгцээгээ хангах боломжтой болоод иртэл гаднаас импортын улаанбуудай оруулаад ирлээ. Газар тариалан эрхэлж буй хүмүүсийн хүч хөдөлмөр, байгаль дэлхий хураа хайрласны хүчинд жаахан ургац авсан. Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрөө зөвлөмж гарган чиглэл өгөөд ургацаа хурааж буй тариаланчид улаанбуудайгаа хурааж ажлынхаа үр шимийг үздэг энэ цагт нь ОХУ-аас агуулахын үлдэгдэл улаанбуудайг ачаад оруулаад ирсэн. Үүнээс болж газар тариалангийн салбарт орсон олон аж ахуй нэгжийн хөрөнгө үнэгүйдэх, тэнд ажилласан хүмүүсийн хөдөлмөр талаар болох гэж байна. Газар тариалангийн бизнес эрхлэгчид, трактор комбайнч нараасаа эхлээд маш хүчтэй эсэргүүцэл илэрхийлж эхэллээ. Одоо бол газрын дарга, Төрийн нарийн бичигтэй ярихаасаа өмнө салбарын сайдтай нь хариуцлага тооцох ёстой. Зургадугаар сарын нэгнээс хойш үр тариа импортлож болохгүй гээд Их хурлаас зөвлөмж гаргаад байхад зургадугаар сарын 24-нд үр тариа, гурил оруул гэсэн шийдвэр гаргасан Ерөнхий сайдтай хариуцлага тооцох цаг болсон.

Э.ЭНХБОЛД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Намрын дунд сарын шинийн 17-ны өдөр өө гэж

Намрын дунд сарын шинийн 17-ны өдөр ямар их нөлөөтэй болоо вэ, Монголд. Балжинням, Дашням давхацсан намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр гэдэг нь “Хүчин төгсөхийн барилдлагатай, буяны үйл хийгээд шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, аливаа үйлийг хийхэд жилийн бусад бүх сайн өдрүүдийн дотроос онцгой, нэн өлзийтэй сайн өдөр” гэж байна. Үүнийг нь Монголын бүх хүмүүс мэддэг юм байна. Тийм болохоор монголчууд энэ өдрийг хүлээж, сонгож байгаад хүссэн бодсоноо хийдэг бололтой. Энэ удаагийн 17-ны өдөр нь хавтгайдаа хуртай байлаа. Тэгээд хуримтай. Хурим найр нь лав урьд хожид байгаагүй олон болсон дуулдана. Урьд жил нийслэлд 1400 орчим хурим болсон бол энэ тоо энэ жил 600-аар нэмэгджээ. Хурим ийн болсон бол түүнээс хол давсан бэр гуйх ажиллагаа Монголд энэ өдөр явагджээ. Эдгээрээс дутахгүй олон тооны хүүхдүүдийн даахины үргээлэг болсон сурагтай. Энэ бүгд найр ёслолын том жижиг ажиллагааг заавал дагуулдаг учиртай. Найр ёслолын ажиллагаа ямар нэг хэмжээгээр хаа сайгүй болж байна гэдэг чинь угтаа эдийн засаг шүү дээ. Эдийн засаг хямарлаа, мөнгө ховордлоо л гэнэ үнэндээ мөнгө хэзээ ч алга болдоггүй. Эдийн засгийн хямралтай холбоотойгоор мөнгөтэй хүмүүс бүгдээрээ “За энэ чинь юу болох гээд байна” гэж болгоомжлоод хав дарчихдаг. Ингэхээр л эдийн засаг царцчихаж байгаа юм. Ойрын төсөртөө ийм хөлдүү болчихоод байсан Монголын нийгэм дэх мөнгийг энэхүү намрын дунд сарын шинийн 17-ны өдөр гэсгээж өгөв. Одоо тоо бодоцгооё. Одооны залуус айхавтар болсон, заяа нь хадмынхантайгаа хамт амьдрахгүй. Тэгэхээр яахав, тусдаа гарна. Нийслэлд гэрлэсэн 2000 орчим хосын дийлэнх нь шинэ байранд орсон багцаа тоо байна. Дор хаяж 1200 орчим орон сууц ямар үнээр зарагдсан байна, нэг тоо гарна. Ингээд л эдийн засаг эргэлдэж байгаа нь энэ. Намрын дунд сарын шинийн 17-ны өдрийн хамгийн том эдийн засгийн тоо юм. Залуу хосод худын нэг тал нь машин бэлэглэж байгаа, за тэгээд хурим найрын бусад зардал бүгд л эдийн засаг. Ингэхээр энэ өдөр лав нийслэлийн хувьд эдийн засаг сэргэчихэж. Орон сууцаа зарсан барилгын компаниуд, машины худалдаа, ресторанууд, хувцасны дэлгүүрүүд… тэр байтугай малчны хотноос ууцаа авна шүү дээ. Хурим болохоор энэ. Тэгвэл бэр гуйна гэж яадаг юм. Нэг нөхөр хадаг хармаалж очоод хаалгаар нь шагайгаад “Охиноо өгвөл өг, байвал бай” гэж шидчихээд явчихдаг юм уу. Үгүй, хоёр талынхан сууж байгаад ёс горим хийнэ, найрлана шүү дээ. Энэ ч гэсэн бичил эдийн засаг. Ийм эдийн засгийн үйл явц өнгөрсөн баасанд нийслэлд лав хэдэн мянгаараа өрнөжээ. Хөдөөд бол бүр тоогоо алдаа биз. Хүүхдийн үсний үргээлэг мөн л хурим руу дөхөж мэдэх том эдийн засаг. Яагаад гэвэл монголчууд нялх амьтандаа голоосоо хайртай, гүн хүндэтгэлтэй ханддаг ард түмэн. Даахиа үргээлгэсэн өнөө муу жаахан амьтанд чинь мөнгө өгнө шүү дээ. Одоо бол шууд л нэр дээр нь нээсэн хадгаламжийн дэвтрийг гардуулаад байдаг болсон байна лээ. Банк багаар ч гэсэн авч байна. Ингээд яривал их юм бий. Өнөө царцсан мөнгөний нэг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулж өгсөн энэ удаагийн намрын дунд сарын шинийн 17 танд баярлалаа. За баахан эдийн засаг ярьчихлаа. Өөр энэ өдөр юу болов.

Энэ жилийн 17-ны өдөр Н.Энхбаяртай байв. Н.Энхбаяр энэ өдрийг сонгож Монголд орж ирсэн, тэгээд Төрийн ордон руу орсон юм билээ. Мань эр Солонгост байхдаа намрын дунд сарын шинийн 17-ны өдөр гэхэд олон жил “хаан ширээн”-д заларсан ордондоо ямар ч байсан очно гэж буддын шашинтай хүний хувьд шийдсэнээ ойрынхондоо хэлжээ. Ингэх аваас цаашдын зам мөрд маань учрал ерөөлтэй байх магад гэж тэр сүсэглэсэн байна. Өнөө хүчин төгсөхийн барилдлагатай-аливаа үйлийг хийхэд нэн өлзийтэй сайн өдөр гэдэгтэй нь холбоотой буй заа. Элдэв үйл, хилэнц ихтэй энэ эрийн яах гэж ирснийг нь янз бүрээр тааварлан мэргэлж буй хүмүүст хэлэхэд ийм юм билээ шүү.

Мөн энэ өдөр Хангарьд ордныхоо хаалгаар барагтай бол шагайдаггүй Үүл баатар хамаг албатаа, олон сэтгүүлчидтэй дагуулан давхиж баахан замын ажилтай танилцсан нь өнөөх л шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, аливаа үйлийг хийхэд нэн өлзийтэй сайн гэх энэ өдөртэй холбоотой юм билээ. Үнэхээр сайн өдөр юм бол Үүл баатар нь цас бороог үл тоон бүтээн байгуулалтын жаал жуул ажилтай танилцаатахъя, нэн өлзийтэй сайнаар бүтэж магад гэж тэр ярьсан байна лээ.

Аливаа үйлийг хийхэд сайн явдлууд энэ өдөр цааш үргэлжилсэн аж. Монголын барилгын салбарт том үйлдвэр нээгдсэн нь “Weiler” нэртэй. Төмөр бетон хана хийц үйлдвэрлэдэг “Weiler” үйлдвэр нь “Гранд байшин” ХХК-ийнх бөгөөд Герман улсын “WEILER” брэндийн шинэ технологи болох угсармал барилгын материалын үйлдвэрийг эх орондоо оруулж ирж буй нь энэ аж. Ингэснээр манай улсын барилгын салбар хүйтний улиралд сул зогсолт хийлгүй жилийн дөрвөн улиралд, цаг агаарын ямар ч нөхцөлд барилгын ажил явуулах боломжтой болж байгаа юм бус уу.

Сайн үйл хийх энэ өдрийг бас муу үйлээ хийхэд сайн өдөр гэж сэтгэсэн нөхөд байна. Намрын дунд сарын шинийн 17-ны өдрийн 16.00 цагийн орчим ломбард ухаж байгаад хоёр нөхөр баригдсан нь энэхүү билэгт сайн өдрийг хүлээж байгаад хийсэн үйлдэл гэнэ. Хороололд болсон хэрэг явдал аж. Тэр өдөр дүүгийнхээ хуримд оролцохоор ломбардын эзэд явах ёстойг мань хоёр урьдчилж мэдэж байжээ. Анхны мэдүүлгээрээ тэд бас сонин мэдүүлэг өгсөн дуулдах юм. Ямар өдөр, яаж хулгай хийвэл зохилтойгоо ламаас асуусан гэж. Тийм юм асуудаг нөхөд, асуусанд нь мэрэг төлгөө буулгадаг лам байдаг байх нь. Ингээд өнөө лам нь тэр хоёрт “Намрын дунд сарын шинийн 17-ны өдөр л тэр ломбардаа ухвал өлзийтэй сайн” гэсэн юм биз дээ. Лам багшийнхаа зааснаар мань хоёр хөдөлжээ. Гэгээн цагаан өдөр болохоор хүмүүс ломбардын эзэд нь л түлхүүрээ хаячихаад цоожоо ухаад мунгинаж байна даа гэж бодоод ер харгүй байсан гэсэн. Авдгаа аваад гардгийн даваан дээр бас л 17-ны өдөр тэр хоёрыг барьж өгсөн байгаа юм. Ломбардын эзэд энэ сайн өдөр ажил дээрээ даллага авахуулахаар ламтай тохирсон байгаад амжиж иртэл өнөө хоёр хамаг байдгийг нь цүнхэлчихсэн зогсож таараад баригджээ. Эндээс харахаар хулгайч, хударгагүй хүмүүс бас үйл хийхдээ энэ өдрийг өлзийтэй сайн гэж үздэг юм бус уу.

Намрын дунд сарын шинийн 17-ны буян хишиг маргааш нь ч үргэлжилж байна лээ.Нийслэлийн замууд ямар ч түгжрэлгүй сайхан байна лээ. Урьд өдрийн их хурим найраас хишиг хүртэгсэд гэртээ л хэвтээд байх шиг байсан.