Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тавь, жараад оны барилгуудыг дахин төлөвлөлтөд хамруулна

Нийслэлийн Засаг даргын “Үзлэг шалгалт зохион байгуулах тухай” А/632 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг нь 1950-60-аад онд баригдсан орон сууцны барилгуудын чанар, аюулгүй байдалд үзлэг шалгалт зохион байгууллаа.

Ашиглалтын хугацаа дууссан, газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгуудыг дахин төлөвлөлтөнд оруулан буулгаж, шинээр барилгажуулах ажлыг дэс дараатай гүйцэтгэх шаардлагатай гэж дүгнэлт гаргалаа

Шалгалтын хүрээнд эдгээр барилгуудын үндсэн эрсдлийг тогтоож, мэргэжлийн чиглэлийн дүгнэлт гарган, болзошгүй аюултай үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн болгоомжгүй байдлаас үүсэх эрсдэл, эмзэг байдлыг бууруулах цаашид авч хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт гарган мэргэжил арга зүйн зааварчилгаа зөвлөгөө өгсөн байна. Шалгалтад нийт 76 барилга хамрагдсан бөгөөд дараах нийтлэг зөрчлүүд илэрчээ.

Барилга байгууламж инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацаа дууссан. Барилгын дээврийн хөндийд хог, тоосонцор, шувууны сангас хуримтлагдсан, дээврийн хучилтанд реклам, сурталчилгааны самбарыг тооцоо судалгааг үндэслэхгүйгээр байрлуулсан, орон сууцны нэг давхарт зөвшөөрөлгүй өргөтгөл хийсэн нь чанар аюулгүй байдалд нөлөөлж газар хөдлөлтөнд тэсвэргүй болгосон байна.

Мөн цахилгааны ачааллыг нэмэгдүүлсэн, аюулгүй байдал хангагдаагүй байгаа нь гамшгийн нөхцөл байдал үүссэн үед оршин суугчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд эрсдэл учруулах нөхцөлийг бүрдүүлсэн байна гэж үзжээ. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай 1950, 1960 онд баригдсан, ашиглалтын хугацаа дууссан, газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгуудыг дахин төлөвлөлтөнд оруулан буулгаж, шинээр барилгажуулах ажлыг дэс дараатай гүйцэтгэх шаардлагатай гэж дүгнэлт гаргалаа.

Дүгнэлтийг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцуулан цаашид хийх ажлын төлөвлөгөөг гаргах үүргийг холбогдох газруудад өглөө.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Газраа чөлөөлж өгсөн иргэд, аж ахуйн нэгжүүд шинэ орон сууцандаа орлоо

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хийг­дэж буй анхны орон сууц өчигдөр ашиглалтад орлоо. Өөрөөр хэлбэл, газраа чөлөөлж өгсөн иргэд, аж ахуйн нэгжүүд ийнхүү нэг жилийн дотор тохилог орон сууцанд тухлах эрхтэй боллоо.

Сонгинохайрхан дүүр­гийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр буюу иргэ­дийн нэрлэдгээр Ханын материалын эцэст байрлах”Хайрхан хороолол” нэртэй энэхүү гурван блок орон сууц нь зөвхөн нэгдүгээр ээлжийн барилгууд бөгөөд ирэх жилийн өдийд гэхэд дараагийн 650 айлын орон сууцыг ашиг­лалтад өгөхөөр ажлаа хийж байгаа тухай тус байрны нээл­тийн үйл ажиллагаанд оролцсон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэлж байсан юм.

Ашиглалтад орж айлуу­даа хүлээн авч буй гурван блок байрны тухайд нийт 160 айлын орон сууц бөгөөд блок тус бүрийн нэг, хоёрдугаар давхрын нийт 900 мкв-ыг үйлчилгээний зориу­лалтаар ашиглах юм. Харин түүнээс дээшхи давх­руудад айлууд байх зохион байгуулалттайгаар барьжээ.

Энэхүү байрыг барих ажлыг “Хера холдинг” компани гардан гүйцэтгэсэн аж. Харин туслан гүйцэтгэгчээр нь “Бэг бүрд” компани ажиллажээ. Нийслэлийн захирагчийн ажлын албаны хувьд тус байрыг барихад зөвхөн дэд бүтцийг нь л шийдэж өгчээ. Үүнд улсаас 9.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Харин барилгын бусад ажлыг “Хера холдинг” компани бүрэн хариуцаж, аж ахуйн нэгжүүдтэй гурвалсан гэрээ байгуулан ажилласан байна. Тус компанийн хувьд найм орчим тэрбумыг зарцуулжээ.

Өмнө нь буюу хоёр хүрэхгүй жилийн яг өдийд тус газарт үйлдвэрлэл, үйлчилгээ явуулаад 10 гаруй жил болсон 14 аж ахуйн нэгжийн төлөөлөл цугларч, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах тухай ярилцаж байжээ. Улмаар тэд хүсэлтээ Нийслэлийн захирагчийн ажлын албаны Наран дахь салбарт тавьж байсан байна. Тухайн үед гэр хорооллыг дахин төлөвлөх тухай журам ч батлагдаж амжаагүй байсан бөгөөд иргэд өөрсдөө хүсэлт гаргасан тул захирагчийн ажлын алба болон барилгын компани хоорондоо гэрээлснээр ийнхүү ажил эхэлжээ. Ингээд2013 оны тавдугаар сард өөрсдийн эзэмшдэг дэлгүүр, цайны газар, PC тоглоомын газрынхаа жижиг павильонуудыг нурааж өгөв. Зам дагуу байрлалтай тул энд нэг ч айл өрх байхгүй, зөвхөн үйлчилгээний цэгүүд л байжээ.

Харин өнөөдөр тэдгээр хүмүүс тохилог орон сууцанд хуучин эзэмшиж байсан мкв-ын хэмжээгээрээ үйлчилгээний талбай, дээд давхарт нь амьдрах гэртэй, доороо автомашины гарааштай болсон байна.

Дээр дурдсан 14 аж ахуйн нэгж тухайн үед барилгын ажлыг найдвартай болгохын тулд өөрсдийн төлөөллийг сонгож, байнгын хяналт тавьж ажиллаж байсан төдийгүй барилга дээр ажиллах гэх мэт ажлын байраар хангагдаж байсан нь өөр нэг таатай үзэгдэл гэдгийг энэ үеэр Э.Бат-Үүл дарга онцолж байлаа.

Түүнчлэн тэрээр “Японд гэр хорооллыг дахин төлөвлөх явц 12 жилийн турш үргэлжилсэн, Солонгост зургаан жил болсон. Харин манай улс жил гаруйхны хугацаанд төр, иргэн, барилгын компани гурвын итгэлцлийн үндсэн дээр хөгжилтэй орнуудын олон жилийн турш хийсэн зүйлийг хийж чадлаа. Тэд манайхаас суралцах хэрэгтэй болох нь” хэмээн цугларсан хүмүүсийг хөгжөөж байсан юм.

Дараагийн 650 айлын орон сууцны тухайд дэд бүтцийн асуудал нь үндсэндээ шийдэгджээ. Өөрөөр хэлбэл, цахилгааны ажил бүрэн дуусч, цэвэр, бохир усны холболтын ажил 40 хувьтай яваа юм байна. Төр буюу нийслэлээс энэхүү дэд бүтцийн ажлаа хурдан хугацаанд хийгээд өгчихвөл “Хера холдинг” компанийн хувьд дараагийн орон сууцнуудыг хүлээлгэн өгөхөд ямар ч асуудал байхгүй гэдгийг тус холдингийн ерөнхий захирал Х.Ганхуяг энэ үеэр хэлж байлаа.

Одоогийн байдлаар дараагийн орон сууцыг ашиглалтад өгөхийн тулд 40 айл газраа чөлөөлж өгөөд байгаа юм байна. Ер нь иргэд тохилог орон сууцанд амьдрахын тулд газар чөлөөлж өгөх асуудалд тийм ч хойрго хандахгүй байгаа нь ажлыг эрчимжүүлэхэд таатай нөлөө үзүүлж байгааг Х.Ганхуяг захирал хэлж байна лээ.

Ашиглалтад орсон байрны тухайд дээр хэлсэнчлэн аж ахуйн нэгжүүд хуучин өөрсдийн эзэмшиж байсан үйлчилгээний цэгийнхээ мкв-ын хэмжээгээр авч байгаа. Ингэхдээ аль аль тал нь ямар нэг зөрүү төлбөр төлөөгүй ажээ. Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны дахин төлөвлөлт гэх мэт газруудад иргэд, компанийн хооронд өртгийн хувьд үл ойлголцол үүсч байсан бол “Хера холдинг” болон сонгинохайрханчуудын хувьд ямар ч асуудал үүсээгүй гэдгийг ч албаныхан онцолж байлаа.

Ажлын байрнаасаа гадна амьдрах байраа авсан иргэдийн хувьд банкны найман хувийн зээлд хамрагдан худалдан авч байгаа юм байна. Түүнээс гадна “Хера холдинг”-той гэрээ байгуулан хөнгөлттэй үнээр 2-3 өрөө буюу 51-80 мкв хүртэл байр худалдан авч байгаа хүмүүс ч бий гэсэн.

Уг барилга 160 айлынх гэдгийг хэлсэн. Энэхүү байрт газраа чөлөөлж өгсөн 14 аж ахуйн нэгжийн эздийг бүгдийг оруулж, үлдсэн байруудаа худалдах байдлаар компани ашгаа хүртэж байгаа аж. Ханын материал хавийн байрны өртөг нэг сая 500 мянгаас нэг сая 700 орчим мянган төгрөг байгаа бөгөөд тус компанийн хувьд нэг сая 500 мянгаар захиалга авч, аль хэдийнэ байраа дуусчээ.

ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙГ БИЕЭРЭЭ МЭДЭРЛЭЭ”

Нийслэлийн Засаг дарга болон албаны бусад хүмүүс шинэ байрандаа орж байгаа Р.Цэндхүү гуайнд зочилсон юм. Эдний охин Ц.Цогзолмаа өмнө нь энэ газарт жижиг цайны газар ажиллуулдаг байжээ. Харин одоо 198 мкв үйлчилгээний талбай, 58 мкв хоёр өрөө байр, машины дулаан зогсоолтой болжээ. Хэдийгээр байраа худалдан авч байгаа ч гэсэн Ц.Цогзолмаагийн хувьд маш ашигтай тохиролцоо болсон байна гэдгээ мэдэрч байна хэмээн хотын даргад талархлаа илэрхийлж байсан юм. Тэрээр мөн “Анх газраа чөлөөлж өгөхдөө амьжиргааны гол хэрэгслээ юу л болгочихов доо хэмээн шийдвэртээ их эргэлзэж билээ. Гэхдээ одоо би өөрийн нүдээр үзэж, биеэрээ мэдрээд үнэхээр баяртай байна. Би өөрөө бүр барилгын ажилд үргэлж оролцож байсан. Өрөөнийхөө хаалгыг тийшээ харуулна, гал тогоогоо энд нь байлгана гэх мэт дотоод зохион байгуулалтаа өөрөө хийсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг үнэхээр бодит зүйл юм байна гэдгийг манайхаас харж болно” хэмээн хотын даргад цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү барьсан юм. Харин хотын дарга хадгийг шинэ өргөөний мялаалга болгон таазанд нь уяж өгсөн билээ.

Ц.Цогзолмаа тус байрандаа өөрийн аав ээжтэйгээ амьдрах бөгөөд азай буурлууд ч тохилог байртай болсондоо Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга болон хотын дарга Э.Бат-Үүл нарт талархлаа илэрхийлж байсан юм.

ӨӨРӨӨ РЕСТОРАНТАЙ, ХОЁР ДҮҮГЭЭ БАЙРТАЙ БОЛГОЖЭЭ

Үйлчилгээ эрхэлж байсан газраа чөлөөлж өгөөд 117 мкв үйлчилгээний талбай, 51, 58 мкв-тай хоёр ширхэг хоёр өрөө байр худалдан авч байгаа Л.Батжаргалтай уулзлаа. Тэрээр өмнө нь энд цайны газар, PC тоглоомын газар ажиллуулдаг байжээ. Хотын захиргааг Ханын материалд нүүлгэх тухай шийдвэр гарч, бүтээн байгуулалтын ажил эхлэх үед тэрээр ойролцоох павильонуудын эзэдтэй уулзан бизнесээ өргөжүүлэх, давхар амьдрах байртай болох талаар санал солилцжээ. Бизнес эрхлэгчдээс зарим нь зөвшөөрч байсан ч зарим нь амьжиргааны гол хэрэгслээямар ч баталгаагүй зүйлийн төлөө үгүй хийж чадахгүй гэж байсан байна. Гэсэн ч тун удалгүй бүгд зөвшөөрснөөр барилгын компани, нийслэлийн захирагчийн ажлын албатай гурвалсан гэрээ байгуулж, барилгын ажлаа эхлүүлжээ.

Л.Батжаргал өдгөө байрны нэгдүгээр давхарт байрлах 117 мкв үйлчилгээний талбайгаа бүхэлд нь өндөр зэрэглэлийн ресторан болгон ажиллуулахаар засварын ажлаа хийж байна. Тэдний ресторанаар орлоо. Барилгын ажилд эхнээс нь гар бие оролцож байсны хувьд арай давуу “эрх” эдлэн ард талдаа хаалга ч гаргуулж амжжээ. Түүнчлэн гал тогоо, үйлчлүүлэгчдийн заал гээд нарийн төлөвлөн засвар хийж байна. Гал тогооны таазаар агаар, хиншүү сорох салхивчин хоолой гүйлгэж, ажилчдын ОО-ын өрөөг шинээр төлөвлөж хийх гэх мэт тусдаа шийдлүүдийг ч хийж байгаа юм байна. Энэхүү засварын ажилд тэрээр 70 гаруй сая төгрөг зарцуулаад байгаа гэнэ лээ. Өнөөдрийн хувьд энэ хавьд өндөр зэрэглэлийн ресторан нээх нь тийм ч ашигтай биш ч яваандаа хотын захиргаа нүүгээд ирвэл нэлээд ашиг олох боломж байгаа тул ийм шийдвэр гаргасан хэмээн Л.Батжаргал хуучилж байсан юм.

Өмнө нь тэрээр цайны газраасаа сардаа 6-7 сая төгрөгийн цэвэр ашиг олдог байсан бөгөөд барилгын ажил явагдаж байх хугацаанд цайны газраа өөр газар түр байрлуулан ажиллаж байсан тул барилга барих хугацаанд түүнд эдийн засгийн хувьд тийм ч хохиролтой байгаагүй аж.

Л.Батжаргал нэг, хоёрдугаар байрны тус бүрийн зургаан давхар 51, 58 мкв-тай хоёр ширхэг хоёр өрөө байр худалдан авчээ. Ингэхдээ барилга баригдаж эхэлснээс хойш бага багаар төлсөөр одоо төлбөрийнхөө 80 орчим хувийг хийгээд байгаа гэсэн. Тэрээр ойролцоох гэр хороололд хашаа, байшинтай бөгөөд дээрх хоёр байраа хоёр дүүдээ авч өгч байгаа юм билээ.

Т.ГЭРЭЛМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хятад утга Орос арга

“…Тангад, Түвд таван хэлийн амьтан” гэсэн хэллэг бий. Тав гэдэг нь олон гэсэн утгатай бололтой. Ямартаа ч хорвоогийн хүн ард, янз бүрийн үндэстэн ястан гэсэн санаа л даа. Харин нүүдэлчин монголчуудын хувьд хятад, орос, манж, түвд гээд дор хаяж дөрвөн хэлтнийг нь сайн мэддэг, байн байн нүүр тулсаар иржээ. Харин Чингис хаан ба Монголын эзэнт гүрнийхээр яривал ч тоймоо алдана. Жирийн иргэн нь хүртэл хувийнх нь зан чанар, чин эрмэлзэл рүү нь өнгийж харах боломж талаас нь хараад товчилж байна л даа.

Улс болгонд, айл бүрт, хүн тутамд эрх ашиг бий. Бүгд л түүнийгээ илэрхийлнэ, хамгаална. Харинилэрхийлэх, хамгаалах арга ондоо. Ондоогоосоо болоод аж төрөл нь өөр. Монголчууд биднийоршин тогтнолын үнэт зүйлс юугаараа “таван хэлийн” улс амьтнаас ондоо болоод ижил бол, хамтдаа жаахан сонирхоцгооё.

Өмнөд хөрш хятадууд өрх гэрийн эрх ашгийг дээдэлнэ.Тэд мянга мянган жилийн өмнөөс гэр бүлийг улс гүрэн, засаг төрийн үндэс хэмээн үзэж, энэ үндэс бөх байхын хэрээр улс гүрэн хүчирхэг амгалан байна хэмээн ухаарч иржээ. Энэ эрх ашгийг хөндөөгүй бол толгой дээр ямар төр байх нь тийм ч сонин биш. Тэд гэр бүлийн оршин тогтнол руу нь, амьжиргаа руу нь халдаагүй Монголын, Манжийн төрийг ч,монгол, манж цусны хаадыг үг дуугүй хүлээн зөвшөөрч байжээ.

Жирийн хятад хүнд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд БНХАУ ямар байрсуурь эзлэх, Түвдийн автономи, Далай ламын институци төдий л сонин биш. Харин өдөрт бүтэн хоёр цагийн турш дуу шуутай хооллох бол их чухал. Харин ч өдрийн хоолыг чив чимээгүй идүүлэх гээд үзвэл юм юм л болох байх даа. Тэдний хувьд хоол бол амьдралын баяр хөөр, бясалгал. Арай гэж идэх юм олсондоо баярлаж байгаа хэрэг гэвэл ихээхэн өнгөц болно. Харин тэд амьдралаас баяр баясгалан олох,хувь хүний сэтгэл ханамжийг бүтээхдээ гарамгай ард түмэн гэвэл үнэнд ойртоно. Хятад яагаад олуулаа байгаа юм бэ? Энгийн хариулт нь “Энэ улс оронд зуу зуун сая хүн, бие биеэ хэмлэхгүйгээр амь зууж болдог” явдал. Харин бид яагаад цөөхөн байна аа???

Оросуудыг, ялангуяа Зөвлөлтийн үед бий болж тогтсон орос хүнийг монголчууд сайн мэднэ. Тэд Орос эх орон нь хүчирхэг, импер байвал хаанахын эзнийг ч хүлээн зөвшөөрч чадна гэдгийг манайхан ажигласан. Гүржүндэстэн Сталин хүчирхэг Орос-Зөвлөлтийг цогцлоосон. Оросууд Хятадаас ялгаатай нь хүчирхэг эх орны төлөө хувийн аж төрөл, гэр бүл, амьжиргаагаа золиослоход бэлэн ажээ. Оросууд хүчирхэг империйн гуйлгачин иргэн байхыг зөвшөөрч чадна, харин Люксембург мэтийн жаахаан орны баян иргэн байхыг тэвчихгүй. Энэ онцлогоос болоод Оросын толгойд гарч ирсэн хэн боловч үндсэрхэг, империалист байхаас өөр аргагүй болдог гэдэг. Орос хүн турж үхэхийг тэвчиж чадах боловч Курилын арлын талаарх Зөвлөлт маягийн байр суурь өөрчлөгдөхийг тэвчиж чадахгүй. Орос хүний оршин тогтнолын илэрхийлэл нь хятад хүнийхээс эсрэг чиглэлтэй.

Харин бид тэднээс юугаараа онцлог бол? Улс төр рүү орохоосоо өмнө амьжиргааны үндэс болсон бизнест хэрхэн ханддагаа харах гэж оролдъё. Ямар ч хүн Хятад, Японоосоо үл хамаараад олз ашигт дуртай.Бидний олон зууны турш ажигласнаар нангиадууд олзыг бага гэж голдоггүй.Тэдэнд олз ашиг их бага байх нь чухал биш. Харин тасралтгүй байх нь чухал.

Гэтэл монгол хүний хувьд олз ашиг бөөнөөрөө байх учиртай. Гарз ч гэсэн бөөнөөрөө алдагдаж байвал ажиглагдана. Жижиг олзыг олз гэж тоодоггүй шигээ, жижиг хорогдол, бага гарз сэлтийг зохистой гэж үзнэ. Бага багаар ундарсаар сав дүүрэх, бага багаар хорогдсоор сав хоосрох хоёуланг эс тооно. Эс тоох төдийгүй гарсан үр дүнг үл ойлгоно. Олигтой олз олохгүй мөртлөө тэр этгээд яагаад баяжаад байна аа гэж гайхна. Айхтар гарз гараагүй атлаа би яагаад хоосорчихвоо хэмээн учрыг нь олж ядна.

Энэ нь мянга мянган жилийнх нь аж төрөл, амь зуух арга байсаар ирсэн малтай нь зарим талаараа холбоотой.Мал үхэж, төл алдаж байлаа ч гэсэн хоосордоггүй. Харин ган гачиг, зуд турхан тохиож малыг нь бөөнөөрөө, хот хороогоор нь хувхайлаад явчихвал сая хоосорч, ядуурдаг байж. Мал өсөхдөө ч бөөнөөрөө өснө.Гарсан төлийн үнэмлэхүй олонхи нь эзнээсээ маш бага хамааралтайгаар мэнд өсч бойжно.

Эд таваарын хомсдлыг эрт дээр цагаас эхлэн гол төлөв дайнаар шийдэж иржээ. Авгайд дээлийн торго хэрэгтэй, охинд инж шаардлагатай болох үедсуурин иргэд хэтэвч, түрийвчиндээ хүрдэг. Харин талын нүүдэлчид саадаг нумаа шүүрээд хүлэг мориндоо мордоно. Тэгээд суурин иргэдээс “эс өгсөн” торго дурдам, шүр сувдыг хэрэгцээний хэрээрээ… Хэрэгцээний хэрээр биш юмаа, тээвэрлэх чадамжийнхаа хязгаараар авна. “Монгол цэргүүд даах чинээнийхээ ачааг жин торгоор татаж Бээжингээс буцав” гэж. Энэ бол Монголын түүхэнд нэг бус, хоёр бус гардаг ишлэл.

Сайн сайхан амьдарч, олон малтай их торготой байхад хувийн самбаа мэдээж хэрэгтэй. Ядаж л сэлэм эргүүлж, бас чоно нохой үргээчихдэг байгууштай.Гэхдээ л гаднаас хамааралтай.Аян дайн хэмээх “дэлгүүр хэсэх”-д хэр олз омогтой байхыг Хөх тэнгэр мэднэ. Мал сүрэг бөөн бөөнөөрөө өсөх эсэхийг ганзун, өн зуд гэхмэтийн өөр зүйл шийднэ.

Учир иймээс хувийн санаачилгад монголчууд төдий л ач холбогдол өгсөнгүй иржээ. Өнөөдөр маш олон хүн аж амьдралаа хувийн санаачилгадаа тулгуурлан эмхлэхийн оронд ямар нэг Хөх тэнгэр, өнтэй өвөл, дэлгэр зун хайгаад байгаа юм. Харин тэнгэрс, газар лусын ааш араншинг зээл тусламж, төрийн дэмжлэг, хамаатан садан, нутаг орнытом хүний татаа хэмээх өөр хүчин зүйлүүд орлож байна.

Хөөрхөн аж төрж эхэлж байгаа, жижиг гэж гололгүй эхэлсэн бизнес нь цэцэглэж байгаа айлууд зурагт энээ тэрээгээр их гарах юмаа. Их зөв эхлэл, зөв сурталчилгаа мөн үү, мөөн. Харин төгсгөлд нь ёс юм шиг “Төр засаг жаахан дэмжээд өгвөл мөн сайн байна аа”, “Одоо төр, засгийн дэмжлэг л дутаад байна” гэсэн үг ёс шиг дагалдана.

Харин хувийн сонирхол, амбиц тал дээр бол хөрш гүрнүүдийнхээ онцлогуудыг онцгой сайн ажигласан, тэндээс хэрэгтэй бүхнийг түүвэрлэн тусгасан нь ажиглагддаг. Хувийнбизнэс сонирхол, өрх гэрийн ашиг руу нь өнгөлзсөн зүйл рүү онцгой мэдрэг хандаж байна аа, хятадуудаас дутах юм алга.Улс оронд өрнөж буй үйл явдал өөрт унах шалихгүй ашиг бүрийг ч тооцон үнэлж цэгнэж байна.

Жишээлэхэд энэ сонгууль байна. “Мөнгөний сонгууль боллоо” гэж ирээд л шүүмжилж байдаг. “Улс төрийн намууд, нэр дэвшигчид мөнгө тарааж, мөнгө амладаг болсон. Тэд буруутай.Биднийг худалдаж авч байна” гэлцэнэ. Үнэн, үнэн.

Гэхдээ бид тарааж байгаа мөнгийг нь ингэх л ёстой юм шиг зүгээр л аваад байгаатал бий дээ. Тараасан мөнгийг нь авдаг төдийгүй, тараах мөнгийг нь дэмжээд санал өгдөггүй гэж үү? Намууд мөнгө тараахгүйгээр сонгууль явуулж чадахаа байсан төдий хэрэг биш.Харин бид мөнгө авахгүйгээр сонгуульд оролцож, мөнгө амлуулахгүйгээр саналаа өгнө гэж ярихгүй болсон.

Яг нарийндаа улс орны эдийн засгийн чадавхи өсч байгаа юм чинь хойтонгийн сонгуулиар бүр ч их мөнгө тараана, илүү их мөнгө ч амлана хэмээн алгаа үрчин хүлээж байгаа.

Одоо болох гээд дуншаад байгаа жагсаал цуглаан, төр засгийг унагаах санаа амжилт олохгүй ээ. Жагсаалд оролцсон хүнд өгөх мөнгө, ирэх сонгуулиар тараах мөнгөнөөс хамаагүй бага гэдгийг мэдчихсэн байгаа.Маргаашийн их мөнгийг өнөөдрийн бага мөнгөөр солихгүйгээ цаадуул чинь мэднэ.

Бид хятадуудыг мөнгөнд дуртайгаар нь дуудах дуртай.Бид мөнгөнд дургүй нь хаана байна, тэгвэл? Бид хувийн сонирхол, гэр орны бизнэсийн эрх ашгийг дээдлэх үзлийг хятадуудаас суралцсан төдийгүй өөрийн гэсэн менежмэнтээр баяжуулж чадсан байна. Өөрт нь хамаатай бүхнийг төдийгүй хамаарч болох болгоныг, тэр ч бүү хэл хамаарамгүй үйл явцыг чухам энэ сонирхлоор хэмжиж байна.

Түүнчлэн эх оронч байх талаар умарт хөршөөсөө муугүй суржээ. Эх оронч байж харагдах нь маш олон хүсэлт шаардлагыг зөвтгөдөг болохыг мэдсэн байна. Хашаа руу хогоо хаяад байгаа хөрштэйгээ “Манайд муухай үнэртээд байна” гэсэн асуудлаар тэмцсэнээс “Манай эх орны хөрс шороог бохирдуулаад байна” гэж хэрүүл өдөөвөл зөвтгөл сайтай болно.

Хэрвээ тухайн төсөл, бүтээн байгуулалтаас өөрт хувь ногдохгүй бол үзэж тарна.(Өмнөд хөршийн хичээл).Тэгэхдээ уг үйл явц манай эх оронд төдийгүй, даян дэлхийн шударга хүн ардад хор болж байгаа учраас эсэргүүцэн тэмцэхээ тунхаглана.(Орос- Зөвлөлтийн хичээл).

Цөөхүүлээ, бараг бие биенээ бүгдээрээ таньдаг улсад нэг зовлон байх юм аа. Энэ нь хэн хэнийхээ асуудал, тулгарсан бэрхшээлийг мэддэг байх явдал. Энд тэндээс эх оронч төрөх болгонд л “За мань хүний юу бүтэхээ байчаав” гэж асуух төдийгүй “Мань хүний тэнд хувьцаа эзэших хөг нь өнгөрсөн, энэ банк зээлээ нэхсэн” гээд мэдээд байх болжээ.

Эндээс дараахь дүгнэлтийг хамтдаа хийж болж байна.

Хятад маягийн оршин тогтнох философи: Аз жаргалтай гэр бүлийн төлөө тэмцэл бол эх орны төлөө тэмцэл.

Орос-Зөвлөлт маягийн оршин тогтнох философи: Аз жаргалтай эх орны төлөө тэмцэлбол аз жаргалтай гэр бүлийн төлөө тэмцэл.

Монгол маягийн аж төрлийн философи: Аз жаргалтай гэр бүлийн төлөө мятаршгүй тэмцэх ба түүнийгээ аз жаргалтай эх орны төлөө тэмцэл гэж тайлбарлана.

2011 оны 3 сарын 30

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Долоон улаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр

Аргын тооллын 10 сарын 17, Сугар гараг. Билгийн тооллын 24, найрлалт эх одтой, цагаагчинтахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 38 минутад мандан 18 цаг 14 минутад жарагана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хйихэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөгму нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хагалга хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Алтанхуяг: М.Энхболд дарга аа, та одоо боль л доо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Сангийн сайд Ч.Улааныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Тус асуудлыг хэлэлцсэн Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Баярцогт танилцууллаа.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбоотойгоор гишүүд асуулт асууж хариулт авав. Тухайлбал Ж.Энхбаяр гишүүн “Сайн ажиллаж байсан хүн юм бол яах гэж солих гээд байгаа юм бэ. Улаан сайдыг үнэхээр сайн ажилласан, төрд олон жил ажилласан гээд байгаа юм бол яах гээд огцруулах гээд байгаа юм. Ерөнхий сайд та эхлээд улсын эдийн засгийг унагаасан. Одоо төрийн байгуулалтыг унагааж байна” хэмээн асуув.
Түүний хариуд Н.Алтанхуяг “Маргаад яах вэ. Монголын төрөөр тоглоод наадаад байгаа юм байхгүй. Засгийг босгодог эмхэлдэг цэгцэлдэг, цөөлдөг гээд олон юм бий. Энэ бүхэн хуулийн хүрээнд л явагдаж байгаа. Надад нэг өө сэв бий. Энэ Ардын намыг Засагт оруулаагүйгээсээ болоод хогийн тамтаг болж байна. Гэхдээ Монголын ард түмэн өөрсдөө мэдрэмжтэй хүмүүс. Өөрсдөө дүгнэлт хийнэ биз. Та ч гэсэн бас орж гарахад нь сайд болоод явж л байсан хүн. Ийм сүнсгүй зүйл ярьдагаа болих хэрэгтэй. Тав хоногийн завсарлага аваад яах нь вэ дээ. Нэг хоёр хоног ажил уях л сонирхол бий болчихлоо л доо. Надад арга хэмжээ авдаг бол ав л даа. Төсвийн хэлэлцүүлгийг өдөр өдрөөр л хойшлуулаад байна. М.Энхболд даргаа та одоо боль л доо” гэсэн юм.

Үүний дараа Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх тухай байнгын хороодын санал дүгнэлтийг нэг дор сонсоод асуудлаа нэгтгэж ярилцах саналыг Д.Эрдэнэбат гишүүн гаргав. Түүний саналыг гишүүдийн олонхи дэмжсэн учраас одоо байнгын хороод санал дүгнэлтээ танилцуулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Онцын шаардлагагүй бол урд хөрш рүү зорчихгүй байхыг анхаарууллаа

Дэлхийн есөн улсад бүртгэгдэж, дөрвөн мянга гаруй хүний амийг авч одсон эбола цусархаг халууралт өвчний талаар өчигдөр ЭМЯ-аас мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр тус өвчнөөс хэрхэн сэргийлж болох талаар мэдэгдсэн бөгөөд сэжигтэй шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй ХӨСҮТ-д хандахыг сануулаад байна.
Тэгвэл өнөөдөр МХЕГ-аас нэгэн анхааруулгыг иргэдэд хүргүүлжээ. Тодруулбал, өмнөд хөрш болох БНХАУ-ын Бээжин хотын олон улсын нисэх онгоцны буудалд эбола вирусийн халдвар тархах 97 хувийн магадлалтай байгааг ДЭМБ-ын судалгаагаар тогтоосон байна. Хэрэв Бээжинд энэ өвчний тохиолдол бүртгэгдэх юм бол манай улсад ч тархах магадлалтай юм. Тиймээс ч иргэдийг онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг МХЕГ-аас анхаарууллаа.
Дашрамд дурьдахад, 2013 оны арванхоёрдугаар сард Баруун Африкийн Гвиней улсад анх эхэлсэн Эбола вирусын халдварын дэгдэлт бүс нутгийн хүрээнээс хальж, гурван тивийн есөн оронд бүртгэгдэн, энэ сарын 10-ны өдрийн байдлаар 8399 хүн өвчилж 4033 нь нас бараад байна.

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Нисэх онгоцны буудал замын ажлаас болж хугацаандаа ашиглалтад орохгүй нь

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд их бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Олон улсын нисэх онгоцны буудал барих ажил 24.1 хувьтай байна.Зургаан километр урттай 50 гаруй см зузаантай бетонон зурвас газар буюу онгоц буух талбайг бариад дуусаж байна. Харин гал унтраах авран хамгаалах ангийн барилга барих, терминал барихажил хийгдэж байгаа аж.Монгол,япон, солонгосчуудын хамтран барьж байгаа олон улсын нисэх онгоцны буудал барих ажил хэрхэн өрнөж байгааг сурвалжиллаа.

Зуунмод хотоос Улаанбаатар хүртэлх замыг шинэчлэн тавьж байгаатай холбоотойгоор замыг хаагаад байгаа. Тус замаар зорчиж байгаа иргэд уулан дээгүүр явж байна лээ.

Олон улсын нисэх онгоцны буудал барихаар барилгын эд материал тээвэрлэж байгаа том оврын автомашинууд шороон замаар тоос татуулан давхих ажээ. Зуунмод хотоос баруун урагш арав гаруй километрийн зайд оршихХөшигийн хөндийд баригдаж буй их бүтээн байгуулалтын ажилд 40 гаруй компани оролцож байгаа юм байна. Онгоцны шинэ буудал барих төслийнерөнхий гүйцэтгэгчээр Япон улсын Мицүбиши- Чиёода, харин туслан гүйцэтгэгчээр “Самсунг Си энд Ти” корпораци ажиллаж байна. Монгол, Япон, Солонгосын мянга гаруй ажилтнууд ажиллаж байна лээ.

Биднийг очих үед нисэх онгоцны буудлын вокзал буюу терминалын ган хийц угсрах ажил хийгдэж байв. Барилгын суурийн хэсэг болох гурван давхрыг бетоноор барьжээ. Харин дөрөв, таван давхар зэргийг ган хийцээр барих зураг төсөл батлагдсан юм байна. Шинэ нисэх буудлын үндсэн барилга байгууламжийн нэг болох жилдээ гурван сая зорчин явагч, үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай терминал барих ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа гэсэн. Барилгын ажил 46 хувьтай явж байгааг төслийн мэргэжилтнүүд онцолж байлаа. Японы “JFE Engineering” компани ган хийцийн төмрийг угсрах ажил хийгдэж байна лээ. Дээрх компани нь дэлхийд ган хийцээрээ алдартайгаас гадна Нарны гүүрийг барьж ашиглалтад оруулаад зуун жилийн баталгаа өгсөн компани юм. Төслийн хүрээнд 30 гаруй барилга барих гэнэ. Нислэг хөдөлгөөний удирдлагын цамхаг барих ажил 50 гаруй хувьтай байгаа гэнэ. Хөшигийн хөндийд цахилгаан дамжуулах шугам сүлжээ, цахилгааны үндсэн дэд өртөөнүүд, бие даасан цэвэр бохир усны хангамжийн байгууламж,дулааны зуухны шугам, инженерийн шугам сүлжээ болон хонгил барих ажил хийгдэж байна лээ. 40 гаруй компани бүгд тус тусынхаа ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна лээ. Бид гал унтраах,авран хамгаалах албаны барилгын ажил хэрхэн өрнөж байгааг сонирхсон юм. Залуу төмөр хийцүүдийг угсарч гагнаж байлаа. Барилгын ажилчидсэтгүүлч ирсэн сургаар мэдээлэл өгөхөөр ирцгээв. “Энд ажиллах хугацаанд нэг ч удаа барилгын осол гарсангүй. Сүүлийн үед барилга дээр осол гарч хүмүүс амиа алдаад байгаа болохоор гадны орууд хэрхэн ажиллаж байгааг хэлэх гэсэн юм” гэв. Япон, Солонгосчууд өглөө 06:00 цагт босоод дарга цэрэггүй дасгал хийдэг байна. Монголын компанийн ажилчид эхэндээ “Цэрэгт, шоронд байгаа биш” гээд дасгал хийхээс татгалздаг байсан гэнэ. Мөн өглөө болгон ажлынхаа уриаг бөөнөөрөө уншаад ажилдаа гардаг байна. Тэд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх өөрийгөө болон бусдыгаа ажлын байран дээр эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулдаг байна. Ингээд барилга дээр ажиллаж байхад нь гурван ч компанийн дотоод хяналт шалгалтын хөдөлмөр аюулгүй байдлыг хариуцсан мэргэжилтнүүд нарийвчилсан үзлэг хийдэг байна. Хэрэв зөрчил гаргавал мөнгөн дүнгээр торгодог гэнэ. Иймд хөдөлмөрийн аюулгүй байдлын багаж, хэрэгслээ мартах, ажилдаа хайнга хандах тухай ойлголт байхгүй болдог аж. Мөн нисэх онгоцны буудал барьж байгаа ажлын хашаан дотор ямар ч машин 30 километр цагийн хурдтай явах ёстой байдаг байна. Энэ мэт хяналт шалгалтаа сайжруулаад ажиллавал осол огт гардаггүй гэдгийг барилгын ажилчид хэлж байна лээ.

Онгоцны зурвас газар барих нөсөр их ажил хийгдсэн юм байна. Газрын хөрсийг нэлэнхүйд нь хуулаад хайрга хийж тэгшилсэн гэнэ. Гурван давхар индүүдэж тэгшилсэн хайрга дээрээ 30 гаруй см бетон цутгаад дээр нь арматур зангидсан бетон мөн л 40 гаруй см тавьжээ. Монгол орны цаг агаарын байдал, хөрс агшиж, тэлж байдаг зэргээс хамааран ийм бат бөх зурвас барьсан байна. Ажил эхлээд байгаа хугацаанд буурь, суурь далангийн байгууламжийн ажлаар таван сая шоо метргазар шорооны ажил хийж гүйцэтгэсэн байна лээ.Зөвхөн хөөрч буухзурвасны 162 кв.м талбайд 65.9 мянган шоо метрхучилтын бетон орсон байна.Онгоц хөөрч буух зурвасын ажлыг Германд үйлдвэрлэсэнбетон хэвлэх машинаар гүйцэтгэж байгаа манай оронд анх удаа нэвтрүүлсэн нүсэр том технологи гэнэ. Ийм л том бүтээн байгуулалтын ажил Хөшигийн хөндийд өрнөж байна.

ЭРХ ОРОНДОО ИХ ХЭМЖЭЭНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ БАЙНА

Өөр нэг том бүтээн байгуулалт хийх асуудал ньбуудалд ирж, нисэж буй онгоцуудыг шатахуунаар цэнэглэх асуудал юм байна. Олон улсын онгоцнынисэх буудал учир зураг төслийн ажлыг хийлгэжээ. Зураг төслөөрнайман мянган куб метр шатахууны агуулах барихаар болж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил хийгдэж эхэлсэн байна. Шатахуун нөөцлөх сав нь агаарынхөлгийг газар доогуур шатахуунаар цэнэглэх гэнэ. Улаанбаатар хотоос шилэн кабель татаад дууссан байна. Шинээр баригдаж байгаа нисэх онгоцны буудал барих ажил хэрхэн хийгдэж байгаа талаар Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн захирал Н.Энхбаттай уулзаж ярилцлаа.

Онгоцны буудал барих ажил хэрхэн хийгдэж байна даа. Томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт зогсоод ажил удааширч байгаа. Танай төслийн хувьд ажил удааширсан зүйл байгаа юу?

-Нисэх онгоцны шинэ буудал барих төсөл ид хийгдэж байна. Бид төлөвлөгөөний дагуу ажлаа хийж байгаа. Одоогоор нийт хийх ёстой ажлынхаа 24.1 хувийг хийж гүйцэтгээд байна. Төлөвлөгөөт ажлаа 1.4 хувиар давуулан биелүүлээд байна. Хэдийгээр бага тоо мэт харагдаж байгаа ч гэсэн том үзүүлэлт шүү. Энэ ондоо багтаан нийт гүйцэтгэлийн 26.8 хувьд хүргэх ёстой. Одоо 46 хоног л үлдээд байна. Энэ янзаараа бид төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх байх гэж бодож байна.Төслийн санхүүжилтийн хувьд зогссон зүйл огт байхгүй. Япон улсын Засгийн газрын тусламжтайгаар шинэ нисэх онгоцны буудал баригдаж байгаа шүү дээ. Тиймээс эдийн засгийн хувьд ямар ч гацсан зүйл байхгүй. Япон, Солонгос улсын шилдэг компаниуд чанарын өндөр түвшинд нисэх онгоцны буудал баригдаж байна. Харин ч улс эрх орондоо эдийн засгийн хувьд их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж байгаа гэдгийг онцолмоор байна.

Энэ талаараа тодруулахгүй юу?

-Нисэх онгоцны буудал барихад хамгийн их орж байгаа зүйл нь цемент. Бид Хөтөлийн цементийн үйлдвэрээс бүх цементийг авч байгаа. Хэдийгээр БНХАУ-ын хямд үнэтэй цемент байгаа ч гэсэн бид эх орны үйлдвэрийн цемент ашиглаж байна. Онгоцны зурвас газар, барилга байгууламжтайгаа нийлээд одоогоор 170 гаруй мянган кв.м бетон зуурмаг ороод байгаа шүү дээ. Мөн Хөтөлөөс энэ их цементийг төмөр замаар тээвэрлэж байна. Мөн нааш нь том оврын машинаар тээвэрлэж байна.Төслийн ажилчид, УБТЗ, Шатахуун, барилгын компаниудад асар том эдийн засаг авчирч байгаа гэж хэлэхэд болно. Гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг дотоодын эдийн засагтаа шингээж байна.

Бид нисэх онгоцны буудлыг хэдэн онд ашиглалтад оруулах ёстой вэ?

– 2017 оны нэгдүгээр сарын 7-нд ашиглалтад оруулах ёстой. Бид 2017 оноос өмнө дуусна хэмээн ажиллаж байгаа. Төлөвлөгөөгөө давуулан биелүүлээд ажиллаж байгаа. Бидэнд 27 сарын хугацаа байна гэв.

АЧАА ТЭЭВЭРЛЭХЭД БЭРХШЭЭЛГАРАХ БОЛЖЭЭ

Нисэх онгоцны буудал барих ажилд хэд хэдэн хүндрэлтэй асуудал тулгараад байгаа юм байна. Японы талаас ямар ч асуудалгүйгээр хөрөнгө оруулалттаа хийгээд нисэх онгоцны буудал барих ажилд компаниуд нь чанарыг эрхэмлэж ажиллаж байгаа гэнэ. Харин манай улсаас хүндрэлтэй асуудал гарах болжээ. Энэ нь замын асуудал юм байна. Нисэх онгоцны буудалд зориулсан өргөн хурдны зам барих ёстой гэнэ. Гэтэл энэ асуудал одоог хүртэл шийдэгдээгүй байгаа юм байна. Хурдны зам барих ажилд компани шалгаруулах ёстой ч гэсэн Эдийн засгийн яамнаас одоог хүртэл тендер зарлаж шалгаруулалт хийгээгүй аж. Нийт 37 километр газарт хурдны зам барих гэнэ. Нисэх онгоцны буудал хугацаандаа ашиглалтад орлоо ч гэсэн зам нь ашиглалтад хугацаандаа орохооргүй болжээ. Иргэдийн дунд Төв аймаг руу явах замаар зорчино гэсэн буруу ойлголт байгаа гэнэ. Гэвч дээрх замаар нисэх онгоцны буудал руу зорчигчид явахгүй гэнэ. Өөр нэг асуудал нь хоёр цахилгаан станцтай холбогдох ёстой гэнэ. Гэтэл Налайхын цахилгаан станцтай холбогдсон боловч Сонгинын цахилгаан станц баригдаагүй байгаа аж. Хэрэв Налайхын цахилгаан станц эвдэрвэл нисэх онгоцны буудал цахилгаангүй болох гэнэ.

Харин бүтээн байгуулалтын ажилд хэд хэдэн саад бэрхшээл байгаа аж. Тухайлбал, цемент УБТЗ-ын хашаанаас Хөшигийн хөндий рүү зөөхөд нэг машин 60 тонн цемент зөөх гэнэ. Гэтэл Төв аймгийн зам арчлалтын компани хүнд даацын машин явбал 17 тонноос илүү ачаа явахгүй гээд 60 тонн цемент ачсан машиныг явуулахгүй байгаа гэнэ. Үүнээс болоод 60 тонн цемент зөөх ёстой хүнд даацын машинууд 17 тонныг зөөж алдагдалд орох болжээ. Алдагдалд орсон мөнгийг япончууд гаргаж байгаа гэнэ. Ирэх жил нисэх онгоцны буудлыг терминалын ган хүзүүвч ирэх гэнэ. Мэдээж хүзүүвч төмөр 17 тонноос хамаагүй илүү жинтэй. Шороон замаар уулан дээгүүр явж болохгүй. Харин засмал замаар явахгүй болж хүзүүвч эвдэрч магадгүй гэнэ. Иймд ирэх жил ган хүзүүвч ирэхээр яах вэ гээд асуудал ар араасаа ундарч байгаа юм байна. Шинэ нисэх онгоцны буудал барих ажил Монголын талаас асуудалтай байгаа гэдгийг төслийнхөн хэлж байсан юм. Хөшигийн хөндийд хийгдэж байгаа том бүтээн байгуулалт ингэж л өрнөж байна.

Э.ХҮРЭЛБААТАР

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Даваа: Надад ганцхан “Анод” банкны лицензийг өгчих

-БИД ТАВАН МЯНГАН ТОНН АЛТНЫ ТӨЛӨӨ ЗОРЬЖ БАЙХАДНЭГ ТОНН АЛТНЫ ДАЙНЫ МӨНГӨН ДҮНТЭЙ АСУУДЛААР БУРУУТГАСАН. НЭГ ЁСОНДОО ЗАНГИАТАЙ ДЭЭРЭМХИЙСЭН ШҮҮ ДЭЭ-

Анод” банкны ТУЗ-ийн гишүүн асан Н.Даваа саяхан суллагджээ. Түүнтэй уулзаж ярилцлаа.

Та хэзээ суллагдав?

-Өнгөрсөн сарын эхээр суллагдлаа. Хоригдож байх хугацаанд ээж маань өөд болсон байсан. Хархорины Орхоны хөндийд нутаглуулсан. Тэнд ээжийн аав ах дүү нарыг хөдөөлүүлдэг газар бий. Түрэгийн хөшөөний хажуухан талд Хөшөө цайдам гэдэг нэртэй газар байдаг юм. Тийшээ очоод ирлээ.

Чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэхдээ хүнд хөдөлмөрхийж байсан гэж сонсож байсан юм байна?

-Багануурын чанга дэглэмтэй хорихангид хоригдож байсан. Сахилга нь хатуу дэглэм нь чангаюм байна. Тэнд хоригдох хугацаандаа нэлээн хүнд ажил хийж байсан. Өглөө нь 500 гаруй хүнийидэх талхыг барьдаг байлаа. Хоёр давхар хөвөнтэй бээлий давхарлаж өмсөөд байхад талх барьдаг зуухны халуун нь гар төөнөдөг байлаа. Цонхоор нисч орж ирсэн ялаа талх барьдаг пийшинд дөхөж ирээд хатаад үхдэг байсан. Тэгэхээр ямар халуунбайсан нь мэдрэгдэх байх.

Үдээс хойш нь цувдай гурил будааг ганцаараа ачиж буулгадаг байв. Сахиул хийдэг нэг хүн надад ачаа бараа буулгаж, ачихад тусалдаг байв. Түүнийг эс тооцвол өдөр хоногийг иймэрхүү маягаар өнгөрөөж байлаа.

Таныг ажил хийе гэж гуйсаар байгаад талхбарьж, ачигч хийдэг болсон гэж хорихынхон ярьж байсан. Тэр үнэн үү?

-Би ч эцэстээ цайсан. Тэгээд хүсэлт гаргасаар байгаад ажил хийдэг болсон. Зүгээр байхдаа зүрхээр хатгуулаад байдаг байсан. Одоо бол ямар ч өвчин хуучгүйболсон. Харин ч эрүүлжсэн шүү. Хүн хөдөлмөр хийгээд хөлс гаргаад байхаар хамаг хор нь хөлсөөр гадагшилдаг бололтой. Ер нь хүн чиньжаргал даахгүй зовлон даадаг гэдэг үнэн юм. Дөчөөс дээш настай хоригдлуудаар аргал түүлгэдэг. Тэр аргалаа олон тонн болгоод хорих анги Багануурын уурхайд зардаг юм билээ. Харин би аргал түүхийг хүсээгүй. Ажил хиймээр байна гэж удаа дараа хүсэлт гаргаж байж ажилтай болсон. Би баян тансаг амьдарч үзлээ. Нийгмийн доод түвшиндбайж ч үзлээ. Бизнесийн гал тогоонд байсан хүн амьдралыг хөндлөнгөөс харж ажиглах нэг боломж олдлоо.

Хөндлөнгөөс ажиглахадямар байх юм?

-Бид чинь тулга тойрсонөнөө маргаашаа өнгөрөөсөн асуудалтайгаа зууралдаад байдаг. Эцэст нь амжилт ч байхгүй, үймсэн бужигнасан байдалтай амьдарцгаагаад байна л даа. Гэтэл дэлхий ертөнц хөгжөөд байдаг.Харин бид эндээ зууралдаад дээр доороо оролцоод, ноцолдоод байдаг. Наад зах нь телевизээр гадаад орондшинэ технологи гарлаа гээд сурталчлаад байна. Манайхан болохоор өнөө л хэдэн жилийн өмнө ярьж байсан утаагүй зуухаа аваарай гээд сурталчлаад байх юм.Дэлхий ертөнцөөс дэндүү зөрүүтэй амьдарцгаагаад байна. Анхнаасаа “Анод” банк өөрөө эх оронч, тэнд ажиллаж байгаа хүмүүс цаг үеийнхээ шилдгүүд байсан. Арван жилээ онц төгссөн. Дараа нь гадаадад дээд сургуулиа онц төгссөн. Бид илүү алсыг хардаг байсан байна. Мэргэжлийн хүмүүсбайсан учраас ашигт малтмал, эдийн засаг талруугаа илүү анхаараадалсын зорилготой явж байжээ. Ерөөсөө эдийн засгийн эрх чөлөө гэдэг зүйл чухал юм. 2008 онд ч би энэ тухай ярьдаг байсан даа. Үүнийг л илүү бодож гарцаагүй зөв зам бол эдийн засгийн эрх чөлөө юм гэж бодож, зорьсондоо заавал хүрэх ёстой гэж ойлгож байна. Яагаад бид өөр байсан юм гэхээртухайн үед мэдээллээрээ давуу байжээ. Жишээ нь, томоохон алтны ордуудыг мэдэж байсан. Бидэнд байсан мэдээлэл тухайн үеийн төр засаг гэдэг ч юм уу тэр талын байгууллагуудад байхгүй. Тухайлбал, Ашигт малтмалын газар гэдэг ч юм уу тийм газруудад бидний мэдэх мэдээлэл байгаагүй юм. Тэр мэдээллийг бид бас үндэстэн дамнасан корпорациуд мэдэж байсан. Тэр дундуур төр засаг маань ороод л. Тэгээд л биднийг дээрэмдчихсэн. Эцсийн дүндээ ийм тааруухан зүйл болсон. Шулуухан хэлэхэд бид таван мянган тонн алтны төлөө зорьж байхад биднийг нэг тонн алтны дайны мөнгөн дүнтэй асуудлаар буруутгаад нэг ёсондоо зангиатай дээрэм л хийсэн. Эдийн засгийн дээрэм хийгээд дээр нь улс төрийн өс хонзонгоо авсан шүү дээ. Зангиатай тэр дээрэмчдийн гарт цагдаа шүүх гээд бүх л хуулийн байгууллага байгаа юм.

Тэр зангиатай дээрэмчид чинь тухайн үед төр барилцаж байсан эрх баригчид биз дээ?

-Тиймээ, тэд л байсан.

-“Анод” дампуурах гол шалтгаан ньОюу толгойн нэг лиценз танай барьцаанд байсантай холбох хүн байдаг юм билээ?

-Оюу толгойн жижигхэн хэсэг байсан. Бидний голзорилгобол өөр. Улсынхаа өрх бүрт кг-аар нь бид алт өгөх боломжтой байсан. Ийм боломжтой орон бол ганцхан Монгол Улс л бий. Асар том боломжтой улс. Тэрийг бид барагцаагаар ойлгочихсон байхгүй юу. Ашигт малтмалын хяналтандаа барьж байсан уул уурхайн нөөц тэр байдлаар нь бид судалгаа хийгээд мэдчихсэн байсан.

Суллагдчихлаа, хамгийн түрүүнд юу хийе гэж төлөвлөж байна?

-Банкаа авах ёстой гэж бодож байгаа. Заавал авах ёстой.

Одоо банкийг буцааж авлаа гээд ямар найдвар гарах юм бэ. “Анод” тэгээд л өнгөрсөн хэрэг биш үү?

-Банкны зөвшөөрлийг надад өгөх юм бол эрх баригч нарт ашигтай. Яагаад гэвэл, хувьцаа эзэмшигч нарын асуудал. Банктай холбоотой өр авлагын асуудлыг үндсэнд нь шийднэ. Ганцхан та нар лицензийг нь өгчих.”Анод”-ыг татан буулгах тэр үед бид Бээжинд банк байгуулах гэж байсан. Тэрийг БНХАУ-ын талтай дээд хэмжээнд хэлэлцчихээд байсан үе. Монгол байтугай гадаад орны ямар ч банкуудад иймболомж байхгүй.

Тэгэхээр “Анод”-д ийм боломж нь байгаа юм байна, тийм үү?

-Тийм учраас лицензээ авна гээд байгаа учир нь Бээжинд банк байгуулна гээд шулуухан хэлээд байгаа юм.

Одоо энэ боломж байгаа юм уу, та судлавуу?

-Би саяхан БНХАУ-ын талтай харилцсан. Танай талаас хүсэлтийг зогсоосон учир танай талаас хүсэлт гаргавал эргэж харах боломжтой гэсэн хариу өгсөн.Тэгэхээр Бээжинд банк байгуулна гэдэг хөрөнгө босгох боломжтой гэсэн үг юм.

Яаж тэр вэ?

-Тус улс 60 сая аж ахуйн нэгжтэй гэдэг байх аа. Тийм газар банк байгуулна гэдэг чухал. Тэндээс бид хөрөнгийн эх үүсвэрийг татах боломжтой байсан. Тэгж ч тооцоолж ирсэн юм. Дээр нь манай Энхтөрийн нүүрснээс шингэн түлш гаргана гэдэг төсөл эхний шатанд хэрэгжээд дуусчихсан байсан шүү дээ. Германы нэртэй эрдэмтэнтэй хамт ажиллаж байгаад тэр төслийг бид хийсэн. Үйлдвэр нь тухайн үед дөрвөн жилийн дараа биелэлээ олно гэсэн төлөвлөгөөтэй явж байсан. Энэ төсөлд алдарт Голдман сакс банк тэрбум ам.доллар өгөхөөр болчихсон яриад тохирчихсон байсан. Нийтдээ дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө татаад тэр үйлдвэр Багануурт 2012 онд ашиглалтад орчих ёстой байлаа. Тэгсэн бол бид өнөөдөр гааз, шингэн түлшээрээ өөрсдийгөө 100 хувь хангаад илүү гарсан бүтээгдэхүүнээ БНХАУ-д нийлүүлж байх ёстой. Бидний төлөвлөгөө тийм байсан. Гэтэл улс орныг маань авч яваа хүмүүсийн хэмжээ, сэтгэлгээний зөрүү эцсийн дүндээ баллачихлаа. Улс төрч болно, төрийг түшилцэнэ тэгээд сайд болно гэдэг хамгийн эхний шалгаруулалтад 25 оронтой тоо, үүнээс дээш мөнгөн дүнг бодож чаддаг, тэр дунд холхиж чадах тийм хүмүүсийг гаргаж ирмээр байгаа юм. Тийм байж чадвал сэтгэх нь өөр. Гэвч манайд бол тийм биш байна. Өнөө маргаашаа аргацаагаад “Та бүхнээ сайхан амьдруулна” гэх мэтээр ярих нь худлаа болчихоод байна. Амьдрал өнөөдөр бодитой юм л шаардах болж.

Та сая таван тонн алт гээд ярьчихлаа. Айл бүхэнд кг гээд. Ийм боломж үнэхээр бий гэж үү?

-Дэлхийн хэмжээний ордууд нээгдээд байгаа юм чинь баялгийг бид ард түмэндээ тэнцүү хуваарилж болох юм байна гэдэг гарцыг гаргаж ирсэн, судалсан. Тайванийг хар л даа. БНХАУ-ын байдаг алт мөнгийг зөөж очоод л эргээд тэр цэргүүддээ мөнгө өгчихсөн. Тэгээд та нар сайхан хөдөлмөрлө гэчихсэн. Мөнгөнөөс өөр зүйлгүй цэргүүд чинь тэнд очиж хөдөлмөрлөөд Тайвань гэсэн хүчирхэг газрыг байгуулчихсан. Путин сая баялгаа гартааоруулж аваад хүчирхэг болж байна. Урд хөрш маань эдийн засгийн шинэ бодлого явуулаад шинэ Хятадыг бий болгож байна. Дунд нь Монгол Улс үлдчихээд байна. Өнөөдөр Чингэс хаан хүрээд ирвэл юу хийж чадах вэ.

Та яагаад ингэж бодох болов. Юун Чингэс ирвэл гэж, боломжгүй зүйлшүү дээ. Мөрөөдөж зөгнөж болох ч арай л бодьгүй зүйл биш үү?

-Бителевиз үзэж суулаа. Тэгтэлгадаадынмонгол судлаач эрдэмтнээс сэтгүүлч хэрэв Чингэс хаан ирвэл яах вэ гэж асууж байгаа юм. Тэгэхээр нь нөгөө эрдэмтэн хариулж байгаа юм. Энэ үймээн шуугиан дунд түүртэх байх гээд л. Би чинь хаадын судалгааг хийж ирсэн хүн шүү дээ. Миний бодлоор Чингэс хаан таван жилийн дотор л Эрдэнэсийн эзэнт гүрнийг байгуулж чадна гэж боддог. Хамгийн чухал юм мэдээлэл байдаг. Бодит мэдээллийг өгч чадах хүнийг олоодойр орчимдоо аваад л Эрдэнэсийнэзэнт гүрнийг байгуулж чадна. Овог аймгуудыг байлдан дагуулж аваад гэх мэт цаг үрсэн зүйл одоо байхгүй. Улс орон нь байна. Ард түмэн нь байна. Тийм болохоор Чингэс хаан таван жилийн дотор л тийм эзэнт гүрнийгбайгуулж чадна. Багаасаа үүх түүхээ судалсан учирби ингэж л хэлэх байсан. Боломж байхад эдийн засгийн эрх чөлөөг олгох нь чухал.

Яаж тэр эдийн засгийн эрх чөлөөг олж авах вэ?

-Боломж нь байна. Манай оронд ганцхан энэ боломж бий.

Таны ярианаас “Анод” байсан болулс эх орон ийм байхгүй илүү хөгжих байсан гэдэг утгыг харж байна ?

-Уг нь тэр үед биднийг зүгээр орхичих байсан юм. “Анод”-ыг гэсэн үг л дээ. Бидний босгосон банкийг булааж дээрэмдээгүй байсан бол ямар ч байсан нефтиэс бид 100 хувь гаднаас хараат байхгүй л байсан. Дээр нь хөрөнгө оруулалтыг босгох асар том банкийг Бээжинд байгуулчихсан байсан гэдэгтээ би бат итгэлтэй байна. Яагаад гэвэл үндэстэн дамнасан корпорациудын мөнгийг асар их мөнгөөр авч хадгалдаг. Дэлхийн хэмжээний томоохон ордууд байхад бид яагаад тэр жижиг ордуудыг ашиглаад газар шороогоо сүйтгээд байна вэ. Энэ их уудам газар нутгаа яагаад сүйтгэх ёстой гэж. Жаахан алтны төлөө шүү дээ. Харин зөв бодлого барих юм бол тэр алтыг кг-аар нь өгнө гээд байгаа юм. Тийм боломж байна. Саудын араб, Кувейтээс бид илүү боломжтой. Энэ талаар Би “Гал үндэстний” Мөнхбаярт хэлж байсан. “Анод” банк арваад жил байхдаа гаднаас 500-гаад сая ам.долларыг татсан байдаг. Наад зах нь гадаадын нэг хүн таван сая ам.доллараар хувьцаа авсан. Солонгос талаас би хөөцөлдөж байгаад хувьцаа авах ашигтай гэдэг байдлаар ойлгуулсан.Түүнээс өндөр хөгжсөн орны иргэн таван сая ам доллараа шууд өгчихгүй шүү. Гэтэл тэр хүн “Анод” дампуурсны дараа ирээд “Би танай төр засгийг тооцоолсонгүй. Ардчилсан, хөгжиж байгаа орон гэсэн наад дүрд нь итгээд хөрөнгө оруулчихсан чинь танайх хуучнаараа байгаа юм байна. Соц чигээрээ байсан байна. Энэ бол миний алдаа байлаа” гээд яваад өгсөн шүү дээ. Тэр хүн хэл ам хийгээгүй, зөвхөн ингэж хэлээд л яваад өгсөн. Чөлөөт зах зээл, ардчилал гэдэг чинь манайд лоозон маягтай л байгаад байна.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Элэгний хорт хавдар

Хорт хавдрыг монголоор өмөн үү гэдэг. Бие дотор ямар нэг үү гарчихаад томордог гэсэн ойлголтоос ийм нэр гарсан байх. Манайхан бас орос хэлээс орж ирсэн “араак” гэсэн нэршил ч нэлээд хэрэглэдэг. Энэ нь рак буюу хавч гэсэн үг. Англиар “кансэр” гэдэг нь ч мөн л хавч гэсэн үг. Энэ өвчин биеийн дотор хавч орсноос үүдэлтэй гэсэн эртний ойлголтоос болсон хэрэг.

Хорт хавдар нь биологийн утгаараа эсийн “бослого” юм. Биеийн эс болгон дээрээсээ өөрийн удирдлагатай, хяналттай, үүргээ гүйцэтгээд цагаа болохоороо үхэж устах настай. Гэтэл зарим төрлийн эс ямар ч жолоодлогогүйгээр түргэн үрждэг. Жирийн мөрөөрөө яваа эсүүдийг устгаж, тэдний орыг эзлэн өсдөг хавдрыг хорт хавдар гэдэг бол бусад эст хор бололгүйгээр өөрөө төлжин гадагшилж өсөн үрждэгийг нь хоргүй хавдар гэнэ.

Хавдар өөрийн үүсмэл эстэй, тэр нь голдуу “унтаж” байдаг ба тодорхой нөхцөлд сэрэн асар хурдтайгаар үржин олширно. Гэтэл ийм эсийг буй болгодог ген цаана нь байдгийг нэлээд олон жилийн өмнө Английн эрдэмтэд олсон. Хавдрын унтаж байгаа эсийг голдуу гадны нөлөө өдөөж сэрээнэ. Тиймээс хорт хавдрын газарзүй гэсэн ойлголт байдаг. Өмнөд Африк, Австрали, Төв Америкт цагаан арьстны дунд арьсны хорт хавдар элбэг байдаг нь нарны ультра ягаан гэрэлд цагаан арьс нь хэтэрхий мэдрэг байдагтай холбоотой гэнэ. Солонгосчууд 100 мянган хүнд ноогдох ходоодны өмөн үүгээр дэлхийд толгой цохидог нь кимчи мэтийн хэтэрхий халуун хоол хэрэглэдэгтэй холбоотой. Хойд зүгийн сэрүүн бүсийн хүмүүст халуун ногоо зохидоггүй аж. Гэтэл тэрнээс халуун хоол иддэг энэтхэгчүүд бараг зүгээр. Нэн эртнээс төв азийнхан, тэрний дотор монголчуудын дунд улаан хоолойн өмөн үү элбэг тохиолддог нь дөнгөж тогооноос уудалсан хав халуун цай оочлон уудгаас болдог гэнэ. Нэг үгэндээ халуун цайгаар хоолойгоо байнга цочроож байна л гэсэн үг л дээ. Монголчууд хэтэрхий хүнд хоол болох мах их иддэгээс болж ходоодны хавдраар мөн л дэлхийд дээгүүр байр эзэлнэ. Энэ хоёр төрлийн өмөн үү элбэг учраас тус тусдаа тусгай нэртэй. Улаан хоолойн хавдрыг “нарийнтах”, ходоодны өмөн үүг “бадганатах” гэж нэрлэнэ.

Утаат тамхи уушгины хавдар үүсгэдэг болохыг аль 1953 онд нээжээ. Зарим хүн тамхи татдаггүй мөртөө тамхичны утаанаас хордон араактай болж байхад зарим нь насаараа татаад яадаг ч үгүй. Энэ нь уушгинд нь “унтаж” байгаа хорт хавдрын эс бий эсэхээс хамаарч буй хэрэг. Нэг үгэндээ төрөхөөсөө хавдрын ген хаана нь суурилснаас болно. Гаансчид уруулын, хамрын тамхиныхан нармайны араактай болох магадлал ихтэй. Европт маш эртнээс байсан мэргэжил болох яндан хөөлөгчид арьсны хавдраар үхэх нь элбэг байжээ. Нэг үгэндээ биеийн аль хэсгээ хамгийн их цочрооно, тэнд хавдар үүсэх магадлал өсөөд явчихдаг аж. Гэхдээ цочирч буй тэр хэсэгт “унтаа эс” байгаа эсэхээс бас шалтгаална. Энэ нь удамшилтай холбоотой.

Хамгийн их цочроо өгдөг юм бол цацраг идэвхит бодис. Байгальд буй цацраг идэвхит бодис хэдэн сая жилийг дамжин тун алгуур задардаг учир хор багатай, хоргүй ч байх. Монголд ураны цацрагийн хэмжээгээр хамгийн их нь Хэнтийн Дадал сум гэж олон жилийн өмнө МУИС-ийн эрдэмтэд тогтоосон. Тэнд Чингис хаан төрсөн шүү дээ. Цацраг нь амьд организмын генд их өөрчлөлт оруулдаг, мутац амархан буй болгоно. Тиймдээ ч генетикийн ухааныг үндэслэгчдийн нэг Морган жимсний ялааг цацрагаар шаран судалгаа хийсэн аж. Жимсний ялаа хүн төрлөхтний танин мэдэхүйг дээшлүүлэхэд мэлхий, нохой, сармагчингаас илүү үүрэг гүйцэтгэсэн. Цацраг нэг талаас хорт хавдар үүсгэх цочрол өгдөг ч нөгөө талаас энэ өвчнийг эдгээхэд одоогоор хамгийн найдвартай хэрэглэгдэхүүн. Цацрагаар хорт хавдрын эсүүдийг шарж алдаг.

Сүүлийн үеийн судалгаанаас үзэхүл монголчууд 100 мянган хүнд ноогдох элэгний хорт хавдраар дэлхийд үнэмлэхүй рекорд тогтоожээ. Манай араас Лаос, Камбож болон Африкийн зарим улс гэсэн хоцрогдсон орнууд тууж явна. Тээр далд байгаа элгийг архи мэтийнх нь цочроох авч хүн амын дунд тэгтлээ элгээ хордуулах өргөн архидалт манайд байхгүй. Архи спиртийн хэрэглээгээр Орос, Польш, Канад, Герман болон Скандинавын орнууд биднийг хэд нугална. Архинд живлээ сөнөлөө гэх шуугиан нь ямар ч судалгаагүй хийрхэл. Тэгж яривал архидалт сүүлийн жилүүдэд эрс багассан нь цагаан сар, шинэ жилээр эрүүлжүүлэгсэдийн тооноос харж болно. Тэгээд ч чанартай сайн архины борлуулалт хямд муугаасаа хамаагүй их болчихсон. Бэртлээс болж элэг гэмтэн аажмаар цирроз болж улмаар хавдар болдог байж магадгүй ч нийтлэг тохиолдол биш.

Элэгний хавдрын цаад гол шалтгаан эмнэлгийн ариун цэвэр, сахилга бат, эрүүл ахуйгаас үүдэлтэй. Энэ бол шар өвчин. Элэгний гепатит ч гэж нэрлэдэг. Шар өвчин үндсэндээ хоёр янз. А шар буюу бохир гарын шар гэж бий. Хүндэрвэл үхэлд хүргэдэг ч ерөнхийдөө ханиад шиг дэгдэмхий ба насанд хүрсэн хүн халдварлах нь тун цөөн. Цөснөөс болоод бие шарлаж нүд ногоон туяатай, өтгөн цагаан, шээс шав шар болох гэх мэтийн гадаад шинж тэмдэг нь Ц болон Б шар өвчинтэй адилхан болохоос анагаах ухааны цаад утга нь шал өөр. Үгүйдээ л А вирус нь РНХ байдаг бол Б нь ДНХ вирус.А шар нь аюул хоргүй нь ч юу юм, гэхдээ тийм аюулт өвчин биш. Амархан эдгэнэ, дахихгүй, хүндрүүлэхгүй бол ул мөр үлдээхгүй.

Шүлс, спермээр Б вирус халдаж болдог ч Б болон Ц вирус гол нь тариур, цус сэлбэх зэрэг эмнэлгийн ажиллагаатай холбоотой гэнэ. Арьс өнгөний өвчин дарах их кампанит ажил 1950-иад оны төгсгөлөөр болж “улаан тариагаар” хүн амын ихэнх нь тариулсан. Маш том амжилт гарч нөхөн үржихүйн асар том дэвшил болон хүн ам 1960 он гэхэд нэг сая, 1990-ээд онд хоёр сая, одоо гурван саяулаа боллоо. Гэвч тэр үеийн эмнэлгийн ариун цэвэр гэж авах юмгүй байсан. Хэдэн зуун мянган хүнийг хэдхэн тариураар болгоо биз дээ. Нөгөөтэйгүүр тэр үеийн үзэл суртал хүн ам бараг толгой дараалан арьс өнгөний өвчтэй байсныг нам засаг ганц сэгсрэлтээр бүрэн эдгээв гэсэн суртал нэвтрүүлэгт хэт дурласан. Үнэн хэрэгтээ 1930 оны судалгаагаар насанд хүрэгчдийн 25-30 хувь нь л ийм төрлийн өвчинд нэрвэгдсэн байжээ. Ингээд 1960 он гэхэд Монгол даяар шар өвчний айхавтар дэгдэлт болжээ. Аюулт Ц вирусийг анагаах ухаан дөнгөж 1970 онд нээсэн учир шарын тэр үеийн дэгдэлтийг ойлгохгүй дэмий л бохир гарын өвчин хэмээж гараа сайн савандаж угаах, шалаа сайтар цэвэрлэхийг шаардаж байв. Ямар ч эмч өнөөдөр нэг удаа Б, Ц вирусээр шарласнаас гурав тэмбүүрсэн нь дээр гэж үздэг. Ийнхүү Монголд Б болон Ц вирусийн асар том голомт үлдсэн болов уу даа. Урагт халдварладаг тул хүн ам олшрох хэрээр голомт улам тэлнэ. Эмч нарын яриагаар энэ вирусээр халдварласан хүний элэг 20 жилийн дотор цирроз хэмээх элэгний хатуурал болж улмаар элэгний хорт хавдар болдог гэх. Мөн 1960 онд хөдөөнөөс тарваган тахалтай хүн Улаанбаатарт ирлээ гэх сургаар долоо хоногийн дотор хотынхныг вакцинжуулсан гэх. Одоогийнх шиг нэг удаагийн тариур гараагүй тэр үед мөнөөх вирусийг жигд тараах шалтаг. Ялангуяа Б вирус үхдэггүй долоон голтойгоороо алдартай. Явсаар бид халуун цай, хүнд хоолноос болж нарийн, бадгана ихтэй байсан бол эмнэлгийн ариун цэврээс болж элэгний хорт хавдраар дэлхийд толгой цохих боллоо.

Зовлонгийн үр дүнтэй биш шалтгаантай тэмц гэсэн Буддагийн сургаал нэн эртнийх. Өнөөдөр хамгийн түрүүн хүн амын маш олонд нэгэнт буй болон тогтчихоод байгаа Б, Ц вирустэй юун түрүүн тэмцэх хэрэгтэй мэт. Үүнийг зөвхөн интерфероноор л эмчилдэг авч үр дүн нь 30-50 хувьтай гарна. Тэгээд ч аймаар үнэтэй. Нэг тун нь 300-500 доллар. 30- 60 тун тариулах шаардлагатай. Харин саяхан Америкт маш үр дүнтэй шинэ эм гарчээ. Үнэ нь 80-100 мянган доллар. Шинэ эмийг Монголд олон дахин хямдруулж худалдаалахыг америкчууд зөвшөөрчээ. Гэтэл манай Эрүүл мэндийн яам эсэргүүцээд бөөн шуугиан. Шинэ эмийг гурваас доошгүй жил турших номтой гэнэ.

Жан Марк Валлигийн “Далласын худалдааны клуб” гэсэн кино энэ жилийн Оскарын шагнал хүртсэн. Бодит түүхээр хийсэн кино. ДОХ тусаад үхлийн ирмэгт тулсан залууд шинээр гарч буй эм насыг нь уртасгах боломж олгох байлаа. Гэвч хүн дээр туршилт хийх гурван жилийн хугацаа дуусаагүй гэсэн хүнд сурталтай тулгарна. Уг эмийг Францад худалдаалдгийг мэдээд тэндээс олноор нь оруулж ирэн зовлон нэгтнүүддээ зардаг. Харин хүнд суртал үүнийг нь хориглон эмийг нь хураах зэргээр янз бүрээр дарамтална. Тэртэй тэргүй үхэх залуу мөнгө хийх гээгүй, зовлонг нь ойлгодог болохоор хүмүүст тусалж хүнд суртлын ханыг цоолох гэж мурчийж байгаа юм.

Мэдээж монголчууд бид туршилтын туулай биш. Шинэ эм хямдхан өгнө гэхээр л дэгдэж гүйж очоод байдаг мал биш. Гэвч үхэл үү, амьдрал уу гэсэн айхавтар зааг, гарцаагүй сорилт гэж бий. Элэгний үрэвсэл, хавдар бол өнөөгийн Монголын үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хэдийнэ очсон занал. Алив шинэ эмийг удаан хугацаанд туршиж, сүүлчийн шатанд амьтан дээр хийдэг. Тэрний дараа эцсийн шатанд сайн дурынхан дээр туршдаг. Ялангуяа хөгжингүй орнуудад. Америкийн энэ эм сайн дурынхан дээр турших үедээ яваа. Олон хүн хэдийнэ хамрагдаж маш сайн үзүүлэлттэй яваа гэсэн. Яагаад Монголд маш хямдхан олноор нь нийлүүлэх гээд байгаа хэрэг вэ? Нэгдүгээрт хүн ам цөөн, хоёр дугаарт хипатит вирус хамгийн ихээр тархсан “нэг ноймрын” орон. Гуравдугаарт хүн амын орлого нь ийм үнэтэй эмийг дийлэхгүй. Ингэхээр эмийг турших сайн дурынхан гэдэг утга л байгаа болов уу.

Манай талаас гэвэл: нэгдүгээрт дэлхийн хамгийн найдвартай эм үйлдвэрлэгч АНУ. Хоёрдугаарт энэ бололцоо бол бидэнд магадгүй азаар олдож буй бэлэг. Гуравдугаарт нэгэнт хүн дээр туршаад сайн үр дүн өгч буй энэ эм туршилтын хугацаа дууссаны дараа бидэнд ийм бололцоог дахиж олгохгүй. Дөрөвдүгээрт элэгний хорт хавдраар нас барагсдын тоогоор дэлхийд нэгд орж буй нь тоологдсон болохоос дараагийн “нэр дэвшигч” үй олон вирустэй хүн хэд байгааг хэн ч мэдэхгүй. Лав л зөндөө байгаа нь гарцаагүй. Тэдэнд энэ эм бол найдвар төдийгүй амьдрал.

Эрүүл мэндийн яамны хүнд сурталтнууд үнэндээ элдэв эм оруулж ирдэг компани болон хувь хүмүүсийн брокэр болоод удаж байна. Түрүүч нь идэж уугаад шорон явсан. Ямар ч туршилтгүй, ариун цэвэргүй, стандартын наад захын шаардлага хангаагүй “эм” гэгдэх өвс шороог энэтхэг, хятад, төвдөөс оруулж ирснийг гүйлгэхэд нь тэд тусладаг. Бөө, лам нарын боосон үнэндээ бол хор манай зах зээлд чөлөөтэй гүйн луйварчдыг баяжуулна. Үүнд Эрүүл мэндийн яамны ямар ч хяналт байдаггүй. Тэд ядахнаа сэрэмжлүүлэх үүрэгтэй шүү дээ. Тэгсэн мөртөө нэг л их ном журам баримталдаг дүр үзүүлж дөвчигнөхдөө гарамгай. Нэг эмийн санч эндүүрээд том хүний тунг хүүхдэд өгчихсөний төлөө бүх эмийг нь хурааж авч ч байх шиг. Хувийнхан Монголын сор болсон эмч нарыг цуглуулж асар их хөрөнгө оруулалтаар шинэ клиник байгуулаадахсан чинь сумын эмнэлгийн статус олгоно гэж дайрч ч байх шиг. Хувийнхны оруулж ирж буй эмнэлгийн тоног төхөөрөмжид гаалийн зөвшөөрөл өгөхгүй боож ч байх шиг. Хахууль л нэхээд байгаа хэрэг шүү дээ. Нэрээ солиод Эрүүл мэндэд дайсагнах яам гэмээр юм, төвөг. Бүргэдийг л бүргэд гэж нэрлэх болохоос болжморыг яаж ч дөвийлгөөд бүргэд гэдэггүй юм гэсэн Расул Гамзатовын нэг шүлгийн мөр байдагсан.

2014.10.13

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Найман цагаан мэнгэтэй цагаан бич өдөр

Аргын тооллын 10 сарын 16, Бархасвад гараг. Билгийн тооллын 23, Өглөгт охин одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 7 цаг 36 минутад мандан 18 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхийрүүлштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, шинэ ажил эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас исгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно.