Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ажилтнаа зодсон даргад ямар хариуцлага ноогдуулах вэ

Онцгой байдлын ерөнхий газрын улсын нөөцийн Зүүнхараа салбарын дарга Гүнчин гэгч этгээд албан хаагчаа ажил үүргээ гүйцэтгэж явахад нь удаа дараа зодож таван хавиргыг нь хугалж, тархинд гэмтэл учруулжээ. Гүнчин нь тухайн үедээ согтуу байсан бөгөөд түүнд ямар ч хариуцлага тооцолгүй явуулж байна. Түүнийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн ч одоо болтол тэрээр ажлаа хийж байгаа гэнэ.

Э.ЭНХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАХН-ын дарга Н.Энхбаярт гарын үсэг зураг эрх олгогдоогүй

МАХН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос мэдэгдэл гаргажээ. Тэд мэдэгдэлдээ “МАХН-ын Бага чуулган нэртэй тоглоомын байгууллага 2014.10.16-ны өдөр намын удирдлагад суусан хэдхэн хүний урьдчилан найруулсан ээлжит нэгэн жүжиг болж өнгөрлөө. МАХН-аас АН-тай 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээ гэгч баримт бичгийг Н.Энхбаяр, түүний даган баясагч хэдхэн хүн батлуулах гэж зүтгэснийг эсэргүүцэн зарим нь хуралдааныг орхин гарсан тул баримт бичгийн тухай дурдаагүй” гэжээ. Мөн МАХН-ын хамтын ажиллагааны гэрээ хэмээх баримт бичиг нь МАН-ыг задлан, түүний эсрэг бүх талаар хамтран ажиллах агуулгатай улс төрийн соёл болон хууль эрхзүйн чадамж байхгүй тул МАХН-ын гишүүд дэмжигчид эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдэлдээ дурдсан байна. Үндсэн хууль, бусад хуулиудыг зөрчсөн уг баримт бичигт гарын үсэг зуран, баталгаажуулах эрх нь МАХН-ын дарга Н.Энхбаярт олгогдоогүй болохыг бид хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэв.

Э.БОЛД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Түгжил барилдлагат өдөр

Бүх юм Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” зохиолын баатар Түгжил малын хулгайч болохоор шийдэж, зааварлагч багш, профессор Төмөрт шавь орсон сюжетээс эхэлнэ. Түгжил Говь-Алтай аймагт дадлагын ажлаар явж байхдаа багшаа гэнэт хутгалан хичээлийн хэрэгслээ завшдаг.

Манайхан “Тунгалаг тамир”-ыг ид уншиж байх үед “араас хутгалах” гэсэн өрнөдийн хэллэг, “Энэ чинь чи байсан юм уу, Брут минь” гэдэг афоризмтойгоо орж ирэв. Юлий Цезарийг хамгийн итгэлт хүн болох Марк Брут нь араас нь хутгалан алжээ. Юлий маань “Et tu, Brute?” хэмээн латинаар дуу алдаад үхсэн юм байна.

Цезарь ч амь тавьж байж ёолохын оронд афоризм хэлдэг, Брут ч ганц дүрээд зүйл дуусгах мөртлөө тархины цусан хангамж хариуцсан судсыг хөндөлгүй орхиж, хохирогчид цэцэрхэж амжих зай үлдээдэг, аль аль нь сүрхий улс ажгуу.

Харин цахиур Төмөр мань Түгжилийг таньсан боловч “Et tu, Tugjil” гэхийн оронд “Хэдэн муу адсаганаас болж хүн алах нь шив дээ” хэмээн шавийнх нь үйлдэл ашигт үйлийн коэффициент маш багатай болохыг шүүмжилжээ.

Төмөр хутгалуулахдаа олигтой афоризм латинаар хэлээгүй, дээр нь үхээгүй, нарийн яривал Түгжил араас нь биш хажуу сүвээ рүү нь дүрсэн зэргээс үл хамааран монголчууд өөрийн “Брут”-ийг Түгжил, “араас хутгалах”-ыг “Түгжилдэх” хэмээн нэрийджээ. Энэ нь ч дээр юм. Хэн нэгнийг “Брут Дорж, Брут Должин” гэхчлэн хэлэхэд олон түмэн бакалавр Дорж, магистар Должин гэдгээс ялгахгүй, зэрэг цол юм байх гээд харин ч хүндлээд явчихаж мэднэ.

Өнөө намрын дунд сарын 17-ны балжинням, дашням давхцсан өдрүүдийн араас манай улс төрийн амьдралд Түгжил давхарласан өдрүүд залгав. Нэг өдөр байсан бол яахав, хэд хэдэн өдөр, бүр долоо хоногоор давхцав. Залхсан хүмүүс “нэг Түгжилдвэл долоо түгжилдэнэ” гэж энэ л байх гэлцэн толгой сэгсэрч байна.

Эхлээд Батзандан гишүүн маань нам, засгийн удирдагчийг огцруулах бичигт гарын үсэг зуржээ. Угаасаа “нам, засгийн эсрэг юм” байнга ярьж, “дайсны үзэл суртлын идэш” болмоор юм сэдэж явдаг түүнд “социалист хөдөлмөрийн бригад” нь дургүй.

Сайхан далим гарч, түүнийг Түгжилээр нь дуудаж эхлэв. Гэтэл нам, засгийн тэргүүн Алтанхуяг дарга маань бараг л маргааш нь “Солонгосын бүтээлч хөдөлмөрчдийн дунд хүмүүжиж байгаад ирсэн” Н.Энхбаяртай улс төрийн сүй тавьчихав.

Өчигдөрхөн л Энхбаяртай тэмцсээр байж арай гэж ялж засгийн эрхэнд намаа гаргаад дотор онгойн унтсан АН-ын гишүүд өглөө нь “Энхбаярын талын хүн” болчихоод сэрэв.

Хамгийн шинэ түгжил болсон нам, засгийн удирдагчийн хажууд муу Батзандан бол хуурамч Дамбийжаа, түгжилдэх гэж зүгээр л гурилддаг гар аж. Гэхдээ яах вэ, “түгжлийн дэргэдэх түгжил шарлана” гэгчээр оргүй ч амьтан биш.

Хотын намын дарга Бат-Үүл маань нам, засгийн Түгжилийн явдлыг жигшин “Түгжилдэх мөрөөрөө өөрөө Түгжилдэхгүй, бүхэл бүтэн намыг түгжилдэхийг зөвшөөрөхгүй” гэдгээ ярив.

Нам, засгийн Түгжил нь “Бат-Үүл намайг түгжилдээд байхдаа яах вэ” гэснээр “Үндэсний Түгжил”-ийн долоо хоног эхлэв. Түгжил нь бүх нийтийн үйл хэрэг болсноор утга нь өргөсөж “таалагдахгүй байна” гэдгээс эхлээд “таалагдаж байна” гэсэн утгыг хүртэл олсон байна. Бие биедээ эрхлэх хос “Хайр аа, чи минь намайгаа түгжилдмээр л байна уу”, “Би чамдаа аймаар түгжилтэй ш дээ” гэлцэхийг нойр хулжсан эмээ нар нэг биш удаа сонссон байна. Нэгдүгээр төрөхийн тэнд, аав болж баяр хөөр нь багтаж ядсан хархүүгээс “Хүү юу, охин уу” гэж асуухад “Түгжил” гэчихээд, амаа барьсан явдал ч тэмдэглэгдэж.

Түгжлээр амьсгалсан долоо хоногт бага сургуулийн хэл зүгшрүүлэх хичээл “Түгжлийгээ түгжлээрээтүгжилдүүлбэлтүгжилдүүлээрэй,эстүгжилдүүлбэлтүгжлийгээтүгжилээрэээстүгжилдүүлээрэй” гэсэн хэллэгээр эхэлж, фото студийн зурагчин “За дарлаа шүү. Түгжил гээрэй” хэмээн үйлчлүүлэгчдээ сануулж, айраг найрын дундуур “би сайн эр болж нэг амьсгаагаар гучин хоёр цагаан түгжил хэлье ээ. Нэг цагаан түгжил, хоёр цагаан түгжил, гурван цагаан түгжил….арван цагаан түгжил” гэснээ дуу нь тасрах бөлгөө.

Хүмүүс “Үгүй ер өө, Түгжил нь түгжлийнхээ түгжлийг гайхав” гэгч болох нь шив дээ хэмээн ширэв татах аж.

Бараг л бүх утгыг энэ үгээр илэрхийлж болохыг “Үндэсний Түгжлийн долоо хоног”-ийн үеэр харлаа. Гудамжинд таарсан хоёр хүн “Хүүе ээ. Түгжил минь. Би чамайг эхэндээ Түгжил юм байх гэж бодлоо. Чи ч муу Түгжлийгээ тоохоо байж ээ”, “Түгжил та хоёр чинь яагаад байнаа гэв ээ”, “Түгжилд л түгжилдүүлчихгүйбол Түгжлийгээч түгжилдчихэлгүйдээ, муу Түгжил агаа нь” гэлцэн хөөр баяр болно. Автобусны кондуктор “Долоон түгжилд буух хүмүүс буугаарай, Түгжилийн уулзвар дээр буух нь хаалгандаа дөхөөрэй” хэмээн анхааруулж, цаг агаарын мэдээ “Түгжил зүгийн нутгаар ялимгүй цас орно. Агаарын даралт унана” гэдгийг сануулах бөлгөө.

Түгжилгүй ч юм алга. Зул сар, шинэ жилийн мэндчилгээний ил захидлыг “Шинэ түгжлийн мэнд хүргэе”, “С новым тугжелом” “happy new Tugjil” гэсэн бичигтэйгээр хэвлэж эхэлсэн байна.

Манай уран бүтээлчид ч арвин ургацтай байжээ. Зураач нар маань нам, засгийн удирдагчдаа монгол зургийн аргаар, уламжлалт бурхадын чуулганы тигээр бүтээгээд “Сайн цагийн 1000 түгжил” хэмээн нэрийдсэн байна.

Зурхайчдын холбооноос шар, шарагчин хоёр махбод давхцсан өдрийг “Түгжил барилдлагат өдөр” болгон, цаг тооны бичигт оруулах болсноо зарлав. Энэ өдөр эхнэрээ араар нь тавих, нөхрөө мурих, дайсантайгаа нэг хөнжилд орох зэрэг хатуу үйлийг бүтээхэд нэн өлзийтэй хэмээнэ.

Засгийн газраас жил бүрийн Х сарын гурав дахь долоо хоногийг “Үндэсний Түгжлийн долоо хоног” болгох тогтоол гаргаж, энэ хугацаанд юу санасан есөн хонзонгоо тайлж хэвшихийг уриалжээ.

Гандан хийдэд ч ялгаа алга. Ном бичүүлэх эмгэн “Сундуй Жадамба, Түгжил… бишээ, насаа нэммэр чинь…Алтан хэн билээ өнөө гайхал чинь.. би юу ярьчваа, Алтангэрэл ш дээ” хэмээн уулгална. Ном бичдэг лам ч ялгаа алга, “Сандуйн жүд, Говий Түгжил… ээ базарваань..Лха” хэмээснээ эндүүрлийг тонилгогч тарни тоолно. Гараад иртэл мөргөлийн жавданд сунангаа толгой дээрээ гараа наманчилсан настан “эх болсон зургаан Түгжил…” гэснээ учиргүй санаа нь зовов бололтой” зургаан зүйлийн хамаг” хэмээн их зөвөөр үргэлжлүүлсэн боловч “…түгжлийн тусын тулд” хэмээн ахиад л хадуурлаа.

2014.10.22

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Ц.Оюундарь: МАН-ын тавьсан үндэслэлээр засгаа огцруулахыг нам хэзээ ч зөвшөөрөхгүй

АНын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьтай ярилцлаа.

Засгийн газрыг огцруулах асуудал бослоо. Уг нь Н.Алтанхуяг сайд Засгийн газарт цомхотгол хийгээд үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөж байсан.Улс төр ундарч байгаад АН ямар байр суурьтай байгаа бол?

-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг баталсан. Түүний дагуу яамдыг ямар сайдаар толгойлуулж ажиллуулах вэ гэдэг асуудал яригдаж байтал МАН-аас Ерөнхий сайдыг огцруулъя гэсэн нь өнгөрсөн баасан гаригийн асуудал. Энэ нь АН дотооддоо бий болгосон зөрчил биш. МАН-аас босгочихоод буй зөрчил. Бид буюу АН Засгийн газрыг тогтвортой ажиллуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Хэрвээ Н.Алтанхуяг сайдын ажил муу, урагшлахгүй, буруу байвал үндэслэлийг нь манай намын гишүүд өөрсдөө дэвшүүлээд огцруулж болно. Түүнээс биш МАН-ын тавьсан үндэслэлээр засгаа огцруулахыг нам хэзээ ч зөвшөөрөхгүй. Шууд хэлбэл МАН-ынхны гаргасан бланк дээр АН-ын хүн гарын үсэг зураад тэр нь хэрэгжиж Засгийн газар огцорвол намын дүрэмд харш. “Байгуулсан Засгийн газраа унагах аваас намаас хөөнө” гэсэн АН-ын дүрэм байгаа. Дүрмийн дагуу энэ асуудал шийдэгдэх ёстой. Болохгүй байгаа зүйлээ дотооддоо намынхаа хурлаар ярих ёстой. Одоогийн байдлаар дүрмээ бүрэн уншаагүй хүмүүс алдаа гаргаад байна. Намынхаа гишүүдэд “Байгуулсан засгаа унагах юм бол та өөрөө буруудна шүү” гэдгийг хэлж байгаа.

Ж.Батзандан гишүүн АНаас хөөгдөх хэмжээнд хүрч асуудал босгосон гэсэн үг үү. Тэрээр МАНынхантай хүч хавсарсан?

-Дүрмээр Засгийн газраа огцруулахад оролцсон нь тогтоогдвол гэж байдаг. Тэр гарын үсгээр Засгийн газар унавал Ж.Батзандан асуудалд орно. Одоогоор Засгийн газар унаагүй байгаа учраас энэ нөхөр дүрмээ мэддэггүй, ёс зүйгүй нөхөр гэж цоллогдоод л дуусах байх. Хүний тоглоомд давхиж ороод байгаа нь буруу.

Ерөнхий сайдыг огцруулах олон хүн АНд байгаа бололтой. Та МоАХны хүн. МоАХ фракц үүнд хамгийн их хамаатай. М.Батчимэг, Р.Амаржаргал гишүүний нэр ч дуулдаж эхэлсэн?

-Би МоАХ-ны квотоор орсон ч энэ л намын хүн. Бидний саналын хуудсын ард МоАХ гэж бус АН гэж бичигдэнэ. М.Батчимэгийн нэрийн ард ч гэлээ Нэг ардчилал гэж бус АН л гэж бичигддэг. Үндсэн эрх ашгийн эрэмбэ чинь нам байхгүй юу. С.Зориг агсны үг бий дээ. Нэгдүгээрт улс эх орон, нам, бүлэглэл тэгээд хувь хүний эрх ашиг байх ёстой гэж. Гэтэл хувийн хийгээд фракцийн эрх ашгаа намаас дээгүүр эрэмбэлээд байгаа юм. МоАХ-ны хүмүүст би сануулж л байсан. Гэхдээ тэд улс төрийн хуйвалдаан хийх гээд байгаа юм биш. Үндэслэлийг нь би ихээр хүндэтгэж байгаа.

МАНын гаргаж тавьсан Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлүүдийг ямар түвшинд хүлээж авч байгаа юм бол?

-Алдаа хийгээгүй гэж огт хэлэхгүй байгаа. Гэхдээ олон муу сонголтоос аль нь арай дээр вэ гэдэг чинь өнөөгийн Засгийн газар. Бид дангаараа ажиллаж чадахгүй. МАН-тай нийлж болохгүй байсан. Тэгэхээр сонголт нь “Шударга ёс” эвсэл хийгээд ИЗНН байсан. Энэ нь сайн нөхцөл байгаагүй гэсэн үг. Муу нөхцөл байдалд байгаа хүнийг ажил хийсэнгүй гэж нүдээд байх нь ёс зүйгүй асуудал. Дээрээс нь түүнийг муу болгох гэж, энд тэндхийн олон зүйлийг авчирч наагаад байх юм. Тэр хүн өөрөө л хэрэг хийгээгүй бол ойр тойрных нь хүмүүсийн хэрэг ямар хамаа байна аа.

МАХНтай гэрээ хийсэн нь асуудлыг хурцатгах шиг боллоо?

-Их том нөлөө болж байна. Ер нь АН-аас нэр дэвшиж хоёр удаа сонгогдсон Ерөнхийлөгчийн барьж байгаа томоохон бодлогын нэг нь авлигын эсрэг үйл ажиллагаа юм. Авлига гэдэг байнга өндөр албан тушаалтнуудыг онилдог. Тэр утгаараа хамгийн өндөр албан тушаалтай Н.Энхбаяр гэдэг хүнийг тухайн үедээ бариад шийтгэж байсан. Ял нь дууссан эсвэл өршөөгдсөн тохиолдолд төр төмөр нүүрээ үргэлж үзүүлээд байж болдоггүй л байх. Ямартай ч одоо энэ хүнийг МАХН-ын дарга гэдгийг хэн ч үгүйсгээгүй байгаа. Тэгэхээр бид МАХН-тай хамтран ажиллаад засгаа байгуулаад явж байгаа учраас тэр намыг төлөөлөх даргатай нь хамтран ажиллахаар гарын үсэг зурж таарна. Тэр утгаараа бид эв зүйгээ олж ажиллах нь ёс зүйн хэрэг. Гэхдээ ийм гэрээ байгуулахаа олонд зарлаж ҮЗХ-ныхоо хурлаар хэлэлцүүлэх байтал Н.Алтанхуяг дарга өөрийг нь огцруулах асуудлыг өргөн барингуут хариу арга хэмжээг дур мэдэж, яаран авсан нь алдаа байсан.

Намын тань шат шатны байгууллагаас Н.Алтанхуяг сайдад хариуцлага тооцохыг шаардаж эхэлсэн. Яаж шийдэх вэ?

-Үүнийг намын бүх түвшнийхэн хэлж байна. Зарим нь хэвлэлээр, зарим нь журмаараа хэлж байна. Журмаараа хэлж байгаа нөхдийнхөө үгийг аваад “Алдаа хийчихжээ. Алдаагаа засах хэрэгтэй юм байна” гээд залруулж байна. Бид 40 жил хүчтэй удирдагчтай байсан. Хүнийг тахин шүтэж үзсэн. Дараа нь дахиад нэг хүнийг тахин шүтсэн. “Монголчуудад энэ байдал зохихгүй юм байна” гэж үзэн “Нэг хүн төгс биш учраас бусад нь дутуугаа нөхөж явъя” гээд багийн тоглолтын системийг сонгосон биз дээ. Тийм байтал Н.Алтанхуяг гэдэг хүнийг төгс байлгах гээд шаардаад, “зодоод” байх юм. Гэтэл бид өөрсдөө оролцож төгс болгох ёстой байдаг. Намын гурван удирдлагын нэг нь Э.Бат-Үүл дарга. Тэр хүн ирээд асуудлаа ярьдаггүй. Гүйцэтгэх зөвлөлийнхөө хуралд нэг ч суудаггүй. Тэгсэн хэрнээ асуудал ундрахад шууд босч ирээд мэдэгдэл гаргана гэдэг таатай зүйл биш. Намаасаа хэр холдож, хөндийрснөө харуулж байгаа юм.

Дур мэдэн шийдвэр гаргасанд нь намын даргадаа ямар хариуцлага үүрүүлэх ёстой байдаг юм. Хэлхэлдчихээд буй Н.Энхбаяр, Н.Алтанхуяг даргыг салгахын тулд Ерөнхий сайдыг огцруулах кнопыг дар гэж гишүүддээ уриалах нь ч байна?

-Э.Бат-Үүл дарга өөрийнхөө үзэл санааг илэрхийлж байгаа хэрэг.

Харин миний үзэл санаа юу вэ гэвэл Н.Алтанхуягийг огцруулах кнопыг дар гэдэг буруу аргумент. Нэг л зүйл тодорхой байх ёстой. Н.Алтанхуяг гэдэг хүн болохгүй байвал өөрсдөө үндэслэлээ тавиад, унага. Бухимдаад байгаа асуудлаа өөрсдөө хөндөөд дүрмээрээ тогло. 19 хүнийхээ гарын үсгийг цуглуулаад ороод ир. Тэгсэн тохиолдолд асуудлыг нам хэлэлцэнэ. Тэгээд ч өнөөдөр Н.Алтанхуяг гэдэг хүн рүү бус АН руу дайрсан маш олон зүйл байна. Энэ нь намын эрх ашигт хохиролтой. Үндсэн хууль зөрчсөн, хүнийг гэм буруутай нь тогтоогдоогүй байхад ял үүрүүлэх гэсэн ноцтой асуудлууд байгаа учраас ийм байдлаар намын нүүр царайг харлуулж болохгүй гэдгийг л хэлээд байгаа юм.

Удахгүй нийслэлийн АН хуралдаж таны гаргаж ирэхийг шаардаад байгаа асуудлуудыг хөндөх юм гэсэн. ҮЗХ хуралдах боломж одоогийн нөхцөлд хэр ойрхон байна вэ. АНын дарга Н.Алтанхуяг гэдэг хүний сонгуульт хугацаа хоёр жилээр хэтрээд байгаа?

-Гэрээг Гүйцэтгэх зөвлө­лийн хурлаар өнгөрсөн тавдугаар сард хэлэлцсэн юм. Ганцаараа гарч ирээд хийчихсэн зүйл ч бас биш. Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар “Ийм гэрээг МАХН санал болгож байна. Бид дэмжих хэрэгтэй байна. Яагаад гэ­вэл засагт нэгдсэн намууд хамтын ажиллагааны нарийн заалтгүйн улмаас Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг өргөн барьж байна” гэж үзэж байсан. О.Баасанхүү гишүүн Х.Тэмүүжин сайдыг огцруулах төслийг оруулж ирсэн үед гэсэн үг. Энэ утгагүй асуудлыг таслан зогсоогооч гэхээр хамтын ажиллагааны гэрээнд нарийн заагаагүй учраас бид хүмүүсээ барьж дийлэхгүй нь гэдэг асуудал яригдаж байсан. Тэгэхэд би эсрэг саналтай байсан. Учир нь АН эвсэлтэй гэрээ хийсэн атал нэг намыг нь салгаж гэрээ байгуулахаар нөгөө нам нь гомдох юм биш үү. Үүнийгээ тунгааж бодооч гэдэг саналыг хэлсэн. Ерөнхий сайдын алдаа нь бүрэн хэмжээнд асуудлыг шийдээгүй байхад гэрээ байгуулсан явдал. Өнөөдөр үүнийгээ засч залруулах ажлыг хурдан хийлээ гэж бодож байна. Хэрвээ энэ гэрээг үргэлжлүүлнэ гэвэл ҮЗХ хуралдана.

Гэрээний гурван заалт АНд ихээхэн уршиг тарина гэлцэж байгаад?

-Нарийн заалтууд огт хэлэлцэгдээгүй байсан. Тиймдээ ч өнөөдөр ажлын хэсэг байгуулж нэг ойлголттой болно гэдэг тийм учиртай. Н.Алтанхуяг сайдын тайлбар­лаж байгаагаар “Шударга ёс эвслийн харьяанд олон яам, агентлаг газрууд байгаа. Тийм атал манайх л МАХН-ынхан гээд АН-ынхныг өшиглөөд байдаг ч юм уу. Манайхан тэдэнд ийм байдлаар ханддаг гэсэн гомдол гарсан. Тэгэхээр ийм нөхцөлд бид хамтарсан учраас нэгнээ дэмжиж ажиллах шаардлагатай” гэж үзээд энэ заалтыг оруулсан бололтой. Яг заалтыг хийхдээ алдаатай, хоёрдмол утгаар ойлгогдохоор хийсэн байна гэж би дүгнэж байгаа. Ямартай ч энэ гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр биш.

Гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэсэн заалт байна билээ. Ингэснээр АНыг МАХНд барьцааллаа гээд байгаа?

-Гэрээнд гарын үсэг зурсан өдрөө­сөө хүчин төгөлдөр гэдэг маань нэр заагдсан хүмүүс гарын үсэг зурснаар хэмжигдэнэ. Одоогийн байдлаар гэрээн дээр найман хүн гарын үсэг зурах шаардлагатай юм билээ. Манай талаас Н.Алтанхуяг даргаас гадна гурван хүн гарын үсэг зурах бололтой байсан. Тэр хүмүүс нь бүгд гарын үсэг зураагүй учраас гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн үг.

Гэрээний нууцын зэрэглэлтэй хавсралт гэж байгаа юм уу?

-Цахим ертөнцөд тийм мэдээлэл гарсан байсан. Би гэрээ байгуулахад байгаагүй учраас байлцсан хүмүүсээс нь асуусан. Бүгд мэдээгүй гэдгээ хэлж энэ эвлүүлэг байх гэж байсан. Тэгэхэд нь би худлаа зүйл бол асуудлыг шалгуул гүжирдлэг хэмжээ хязгаартай байх ёстой гэсэн юм.

Энэ асуудал шийдэгд­сэний дараа Шадар сай­даар Ц.Цолмон гишүүн, Бо­ловсрол, шинжлэх ухааны сайдаар Г.Шийлэгдамба гээд дараагийн бужигнаан үүсэхийг хүмүүс хэлж байна?

-Асуудлыг урьдчилж биш, болохоор нь ярьсан дээр байх.

Энэ эгзэгтэй үед АНын дарга болох сонирхолтой хүмүүс ээлжээ хүлээж байгаад бас асуудал буйгаа юм биш үү?

-Улс төрийн намуудын хууль батлагдаж намын дүрэм шинэчлэгдэх аваас хүссэн хүсээгүй АН хуралдана. Бид дүрмээрээ явах гэхээр олон асуудал босоод байгаа юм.

Л.МӨНХТӨР

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Төмөр замын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын үдээс өмнөх хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар танилцуулсан.

Дамжин өнгөрөх тээврийн урт хугацааны хөнгөлөлттэй нөхцлийг тохиролцох, түүнчлэн “Шинэ төмөр зам” төсөл болон түүнтэй уялдаатай хэрэгжих “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор, бусад боловсруулах үйлдвэрийн төслүүдэд БНХАУ-ын санхүүжилтийн хөнгөлөлттэй эх үүсвэрүүдийг ашиглах зэрэг хэлэлцээ үр дүнд хүрсэн тохиолдолд уг боловсруулах үйлдвэрүүдээс БНХАУ-ыг чиглэсэн төмөр замын шугамын царигийн өргөн зэрэг асуудлыг цогцоор харж шийдвэрлэх боломжтой хэмээн Засгийн газрын зүгээс үзэж тогтоолын төсөлд тусгасан байна. Мөн Хятадын талтай хийж байгаа хэлэлцээ эерэг үр дүнд хүрсэн тохиолдолд боловсруулах үйлдвэрээс БНХАУ руу чиглэсэн шинээр барих төмөр замын зарим шугамын царигийн өргөний хэмжээ 1435 мм байх боломжтой. Хэрэв Хятадын талтай төмөр замын тээврийн хамтын ажиллагааны асуудлаар хийж байгаа хэлэлцээ амжилттай болсон тохиолдолд Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн өргөн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн өргөн царигтай барихаар тогтоолын төслийг боловсруулсан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн.

Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга: Хэрвээ аймаг болгоноор хилээ сэтлээд нарийн цариг оруулж ирэх юм бол боловсруулах үйлдвэрийн тухай мартах хэрэгтэй. Өнөөдөр манай улс далайд гарцгүй улсын хувьд төмөр замын асуудлыг дотооддоо боловсруулах үйлдвэр, экспортлох бүтээгдэхүүн гэсэн эдийн засагтайгаа уялдуулж явуулах ёстой. Түүнээс бус компаниудын лоббигоор хилээ сэтлээд нарийн цариг тавих асуудлыг шийдэж болохгүй. Сая Тээврийн яамыг татан буулгасан. Одоо эзэнгүй байна. Иймд сайд нь, төрийн нарийн бичиг нь , ажлаа мэддэг олон жил явсан хүмүүс нь байхгүй байхад Их Хурлаар яаруу сандруу шийдэж болохгүй. Иймд яам нь байгуулагдаж сайд нь тавигдсаны дараа энэ асуудлыг ярья гэсэн горимын саналтай байна.

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга: – Эхлээд зарчим барья, асуудлыг дэс дараатай явуулья. Иймд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгээ эхэлж өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байна. Х.Баттулга гишүүний тавьсан саналыг дэмжиж байна. Төр ядаж хэлбэрийн хувьд төр шиг байж асуудлаа хэлэлцдэг байх ёстой. Сангийн сайд нь байснаар төсөвөө хэлэлцдэг, Зам тээврийн сайд байснаар төмөр замын бодлого, төмөр замтай холбоотой асуудлаа хэлэлцдэг байх хэрэгтэй байна. Эхлээд бодлогын бичиг баримтаа оруулж ирье. Дараа нь МАК-ын асуудлаа оруулж ирэх нь зүйтэй гэсэн саналтай байна.

Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг: – Монголын эдийн засгийн хөгжилтэй холбоотой том асуудлуудыг талцаж тойрч ярьсаар байгаад ямар ч асуудал шийдэхгүй улс орныхоо эдийн засгийг хэтэрхий олон жил хойш татаж байна. Дээр нь монголын төрд гадаад бодлого, төрийн бодлого гэж байдаг бол түүндээ үнэнч байх хэрэгтэй. Өнөөдөр төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгээ утга учиргүйгээр гацаах нь өөрсдөө эдийн засгаа хойш нь татаад зогсохгүй хоёр хөрш оронтойгоо ч цаашид юм ярих эрхгүй хүнд байдалд орно. Тийм учраас төрийн бодлого бол жинхэнэ бодлого болж явах ёстой. Гишүүдийн шүүмжлээд байгаа бидний ажлаа зохион байгуулж байгаа арга хэлбэрт үнэхээр асуудал байна гэдэгтэй санал нэг байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг: – Энэ бол нэлээд дуншсан асуудал. Урагшаа зөвхөн Хятад руу нүүрс гаргах гээд байгаа юм биш. Харин Хятадын нутгаар дамжаад далайн боомтууд руу гаргах, ингэхдээ боломжийн хэмжээний хямдралтай тарифийг Засгийн газрын хооронд тохирч чадсан. Тиймээс энэ асуудлыг дэмжээд шийдээд явья. Одоо маргаад байх зүйлгүй. Далан босчихсон. Иймд нарийн уу, өргөн үү гэдгийг хүлээж байгаа. Үүнийг шууд шийдэх ёстой. Мөн Хөөт гэдэг нь Чойбалсангийн хажуу талаас урагшаа Бичигт рүү явж байгаа чиглэл. Нөгөөх нь Сайншандаас Замын-Үүд. Гэтэл хоёр улсын Ерөнхийлөгч, дарга нарын айлчлалын үеэр бид үндсэн төмөр замдаа модернизаци хийх тухай асуудал хөндөгдсөн учир Сайншанд-Замын-Үүд гэсэн чиглэлийг больё гэж үзсэн. Гурван улсын хэмжээнд энэ асуудлыг ярьж шийдэх учир Засгийн газрын өргөн барьсан төслөөс Сайншанд-Замын-Үүдийн чиглэл хасагдаж, Тавантолгой- Гашуун сухайт, Хөөт-Бичигт гэсэн маршрутаар барья гэсэн. Харин Байнгын хорооны хуралдаанаас гаргасан саналаар хоёр асуудал нэмэгдсэн байна. Нэгд, Сайншанд-Ханги гэж орж ирсэн. Үүнийг заавал оруулж ирэх шаардлага байна уу. Засгийн газраас оруулж ирсэн асуудлаас зөрүүтэй байгаад болгоомжилж байна. Хоёр дахь нь Нарийн сухайт-Шивээ хүрэн. Энэ бол ойрхон 40 гаруй км. Үүнийг бас заавал өнөөдөр оруулах хэрэг байна уу. Саяхан том зам бариад дууссан байгаа. Иймд Засгийн газраас оруулж ирснээс өөр асуудал явж байгаад та бүхэн бодолтой хандаарай. Ялангуяа Сайншанд-Ханги чиглэлд боломж муутай. Иймд та бүхэн анхаарал хандуулаарай.

Гишүүд асуулт асууж дууссаны дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үл таних этгээд Цагаан ордон руу нэвтрэхийг завдав

Өчигдөр үл таних этгээд Вашингтон дахь Цагаан ордон руу нэвтрэхийг завдсан байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хариуцдаг Нууц албаныхны мэдэгдсэнээр үл таних этгээд Цагаан ордоны хашаан дотор байсан нохойнд баригджээ. Он гарснаас хойш ийнхүү долоо дахь удаага Америкийн төрийн тэргүүни өргөө рүү хууль бусаар нэвтрэхийг завдсан хэрэг гарлаа. Энэ үеэр Б.Обама болон түүний гэр бүлийнхэн Цагаан ордонд байгаагүйКэмп-Дэвид дэх өргөө рүүгээ явсан байжээ.

Ю.Дэлгэр

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрүүл мэндийн сайд Эбола вирусийн талаар цаг үеийн мэдээлэл өглөө

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Эбола вирусын талаар Эрүүл мэндийн сайдын болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллийг хэлэлцлээ. Эрүүл мэндийн сайд Н.Удвал Эбола вируст халдварын дэгдэлтийн тухай, хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тэрээр Эбола вирусийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар 8 дугаар сард хэлэлцүүлсэн. Засгийн газрын хуралдаанд 10 дугаар сард хэлэлцүүлж Засгийн газрын 346 тоот тогтоол гарсан. УОК-ын шийдвэрээр Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан салбар хоорондын ажлын хэсэг ажиллаж эхэлсэн. Мөн салбар хоорондын мэдээллээ долоо хоногт 21 удаа солилцож байна. Эбола вирусийн тархалтын байдал 10 дугаар сарын 17-ны байдлаар 9284 тохиолдол бүртгэгдсэнээс 4604 хүн нас барсан. ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төв ДЭМБ-тай шууд мэдээлэл солилцож ажиллаж байгааг дуулгасан.

Түүнчлэн ЭМЯ-ны веб хуудсаар шинэ мэдээллийг тогтмол өгч байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 83 удаа сэрэмжлүүлэг, анхааруулга хүргэж, сануулга, 4 төрлийн гарын авлага, санамж, брошур, зурагт хуудас, зорчигчдод зориулсан зөвлөмж хүргүүлсэн байна. Эрүүл мэндийн байгууллагуудад 8 удаагийн сургалт явуулсаныг дурдлаа.

ХӨСҮТ шуурхай хариу арга хэмжээний 4 багийг бэлэн байдалд ажиллуулж байна. Бэлэн байдлын нөөц хангалтгүй байгаа учраас Засгийн газраас 477 сая төгрөг, ДЭМБ-аас 160 сая төгрөг хүссэн байна. Дээрх хөрөнгийг оношлуур, хамгаалах хувцас, хэрэгсэл, сургалт сурталчилгаанд зарцуулах юм.

Цаашид салбар хоорондын комиссын үйл ажиллагааг тогтмолжуулах, эрүүл мэндийн байгууллагууд, хил, гааль, хяналтын байгууллагуудыг халдвар, ариутгалын багаж, оношлуур, төхөөрөмжөөр хангах, мэдээлэл, сэрэмжлүүлгийг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэхийг тогтмолжуулах, гарын авлага, ханын зурагт хуудас тараах, бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийх, бэлэн байдлын нөөцийг бүрэн бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаагаа танилцууллаа.

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд асуудлыг хэлэлцээд, Эбола вирусийн эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээний үед нэн шаардлагатай байгаа хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах чиглэл өгсөн тогтоол гаргахыг олонхийн саналаар дэмжлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НИТХ-ын дарга Д.Баттулга гурван ардын уран зохиолчид хүндэтгэл үзүүлнэ

Монгол Горький гэгддэг Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль өнөө жил 20 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Тус сургуулийн хамт олон ойн арга хэмжээгээ энэ долоо хоногт тэмдэглэж байгаа билээ. Тэгвэл тус сургуулиас төрөн гарсан Ардын Уран Зохиолч Пунцагийн Бадарч, Ардын уран зохиолч Балжирийн Догмид, Ардын уран зохиолч Шагдарын Дулмаа, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Шагдарын Лхамноржмаа, Норовын Гантулга нар болон сургуулийн удирдлага, төгсөгчдийн төлөөллийг өнөөдөр 11:00 цагт НИТХ-ын дарга Д.Баттулга хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзахаар болжээ.

Э.ЭНХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Алтанхуяг Ерөнхий сайд болсонд орвол Ардчилсан нам лааз өшиглөсөн нь дээр

МАХН-д иргэний дайн дэгдлээ. Монголын хувьд энэ нь шинэ юм биш л дээ. Ардчилсан нам хорин жилийн турш дайны байдалд байгаа. Харин МАХН-ын хувьд цоо шинэ үзэгдэл. Намын шинэ удирдлага нэрээ сольж (өөрсдийнх нь хэлж байгаагаар хуучин нэрээ сэргээж байгаа аж) буй нь нөгөө фракцынх нь дайн зарлах шалтаг болжээ. Мэдээж нэрээ солихгүй гэсэн бол сөрөг фракц солих ёстой байсан гээд л дайрах байсан. Ингэхээр асуудал нэр сольсонд биш, гагцхүү шалтаг л хэрэгтэй байсан юм.

МАХН-ын Удирдах зөвлөл гэж бий. Хуучнаар бол Улс төрийн товчоо л юмаа даа. Энхбаяр дарга байхдаа энэ зөвлөлөөр хамаг шийдвэрээ гаргаад Улсын их хурлын гишүүдэд тулгадаг байсан. Харин Баяр дарга болонгуутаа гуравдугаар зэрэглэлийнхнээр дүүргээд чадварыг нь эрс бууруулж чадсан. Улсын их хурал, Удирдах зөвлөл хоёр хэнийгээ ч дийлэхгүй хайнцаад, харин намын дарга дундаас нь илүү том шийдвэр гаргаж чадах механизм энэ л дээ. Батболд дарга болж намын нэрээ сольсон төдийгүй Удирдах зөвлөлөө шинэчиллээ. Тэрээр УИХ-ын 15 гишүүнийг тэндээ оруулжээ. Өөрөөр хэлбэл 20 дайсантай болоод авах нь тэр. Одоо энэ гомдогсод буюу өөрсдийнх нь үзэж байгаагаар дорд үзэгсэд хаачих вэ? Түрүүнээсээ эхлээд “бууриа сахина” гээд сагсганаад унасан. Хэний ч мэдэхгүй нэг хөдөөний нөхөр салхи хагалж шууд моодонд оров. Одоо нийтээрээ тэр шинэ хүүгийн тухай л ярьж байна. Хүмүүс царайг нь хараад таньдаг болчихсон гээч.

Энхбаяр бол Монголын улс төрийн түүхэнд гарсан хамгийн том үзэгдлийн нэг. Нэгэн үеийн Гэндэн л түүнд дөхөж очих байх. Дахиж дарга болох гээгүй гэж ахин дахин яриад байгаа нь үнэн болов уу. Харин өөрийг нь гомдоосон өчигдрийн найз нөхдөө сөхрүүлж улс төрийн тайзнаас эгнэгт арчин хаяна гэсэн чин эрмэлзлэл цээжиндээ хадгалсан нь нэвт харагдана. Одоо тэр МАХН гэдэг шинэ ч юм уу, хуучин ч юм уу нам байгуулна. Энэ нам юутай ч гэсэн УИХ-д нэг суудалтай болоод авлаа. Мөнөөх гомдогсодыг татаад эхлэхэд найман хүнтэй буюу УИХ-д өөрийн бүлэгтэй болох бололцоо тун өндөр байна. Өнгөрсөн хоёр жилд намаа рэкетлэж есөн шидээр алиалсан нөхөд өдгөө шантаажны шанд гишүүн дээрээ Улс төрийн товчооны гишүүн мяндагтай болж түүгээрээ далайлгах зэвсэгтэй болсныг томоотой явснууд нь өршөөнө гэж үү? Сахилга баттай явлаа гэж шийтгэж байгаа юм уу? Монгол хүн хичнээн томоотой байгаад (тэр байтугай Ху-гийн гишүүн байгаад ч) ийм доромжлолыг тэсэхгүй л дээ. Байнгын хороон даргын сонгууль удахгүй болно, Хэнтийн гурваас авахуулаад л буурь сахигсдын тоо шууд нэмнэ. Ингээд л Энхбаярын шаанс хэд дахин өсч буй хэрэг.

Жил хагасын дараа болох сонгуульд саяын нэрээ сольдог МАН-ыг бууриа сахьсан гэх МАХН (Монголын ардчилсан хөгжлийн нам, Монгол ардын хөдөлмөрийн нам???) зовооно л доо. Тэдний гол зорилго өөрснөө суудал авахдаа биш, МАН-ыг унагахад оршино. Сайн үзэлцвэл өөрснөө ч бүлэг байгуулах хэмжээнд явж очно. Магадгүй угтан айсуй энэ аюулаас мултрахын тулд Батболд Энхбаярт найрамдал санал болгож болох юм. Магадгүй Энхбаяр энэ саналыг хүлээж авч болох юм, гэхдээ бугуй, цаашлаад төмсгийг нь атгахын тулд л хариу гар сарвайна. Тэгэхэд ч Хүрэлсүхбаатар амьтан болж хувирна л даа. Унаж давхиад олны өмнө мөөрүүлж зугаацна.

Мөнхийн өрсөлдөгч Ху нам хуваагдаж биенээ мэрж эхэлсэн нь Ардчилсан намд түүхэнд тохиолдоогүй том боломжийг нээж байна. Энхбаяр мандахын хэрээр Ардчилсан намын 2012 оны сонгуульд ялах магадлал нь нэмэгдээд явчиж байгаа юм. Дэлхий сөнөчихгүй бол шүү дээ. Намын дарга Алтанхуяг нь өнгөрсөн жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан хүн. Намын дүрэм ёсоор нам нь ялалт байгуулаад л байвал дарга нь суудалдаа шигдээд л байдаг номтой. Хэрэв тэрээр жил хагасын дараа ялалт байгуулбал шууд л Ерөнхий сайд. Ерөнхий сайдын суудал ганцхан. Үүнийг бусад монгол ардчилагчид бас л тэсвэрлэж чадахгүй байгаа юм. Алтанхуягийг Ерөнхий сайд болгож муугаа үзсэнээс, яршиг зүгээр тэр муу сонгуульд нь навс ялагдаад гудамжинд лааз өшиглөөд явж байсан нь хамаагүй дээр. Логик ердөө л энэ.

Энхбаярын ялагдал бол түр зуурын юм. Түүн шиг чадварлаг улстөрч бол байгалийн нэн ховор үнэт олдвор. Ямар ч эргүү инээдтэй шийдвэр гаргасан, эцэст нь тэр тэнэглэл нь чулуу болж хувирах увдистай. Мэдээллийн хувийн том сүлжээтэйгээс гадна бусад гэмгүй газруудад өөрийн тавдугаар цуваатай. Жишээ нь ТМ гээд шал гэмгүй нэг телевиз дээр Го Бадарч гээд гавьяат сууж байгаа. Ток шоу хийдэг юм. Сүүлийн нэг жил хийсэн ярилцлагууд нь ганц зүйлийг л батлах зорилготой цуглуулга. Долоон сарын нэгний хэргийн зохиогч нь Баяр, таван хүн алсан эзэн нь Баяр, түүнээс гадна Баяр өөрөө намын байран дотор үлдэж байгаад байшингаа өөрөө галдан шатаасан. Энэ нь ч түүнийхээр бараг батлагдчихаад байгаа юм биш үү? Одоо тэрээр энэ бүхнээ “батлагдсан ёсоор” гэсэн тодотголтой ярьдаг болсон. Энхбаяр мань хүнээс ишилнэ, мань хүн хонзогногсдоос ишилнэ. Зориуд найруулсан мэдээллийн цуваа л юм биз дээ.

Ойрноос Го Бадарчийн хүндэт зочноор Зи Энхболд тодорлоо. Хоёулаа ч сайхан бүлтэрлээ дээ. Ардчилсан намын дарга Алтанхуяг баруун зүүнээ ялгахгүй мээнэгтсэнээс болоод ойд төөрсөн сармагчин болчихжээ. Алтангадас мөртөө юу! Хаа байна, тэр зүг чиг заадаг нь? Луужин нь эвдэрчихсэн юм уу, хаашаа юм? Эсвэл 2012 онд дэлхий сөнөх гэж байгаа учраас Алтан гадас од байрлалаа сольсон ч байж магадгүй. Ингээд Ардчилсан намыг эвдэрхий луужингаас салгах юм байна. Юун түрүүн санаж сарвайж явдаг энхрий намаа МАХН байгаад МАН болсон намын хөнжлөөс суга татаж гаргах юм байна. Өөрөө дарга нь болно гэнэ. Ингээд баруунтан болох гэнэ. Чухам энэ үг л Энхбаярт хэрэгтэй юм л даа. Яагаад гэвэл МАН болоочдыг хорлох хамгийн анхны төлөвлөгөөнд Засгийн газрыг тараах явдал байгаа. Үүнд энэ жижиг эрээс илүү тус болох хүн олдоно гэж үү? “Ант Зи” гэж кино мэднэ биз дээ? Тэр нэг муу өчүүхэн шоргоолж үүрэндээ ямар том хувьсгал хийдэг билээ. Харин киноны төгсгөлд өнөө үүрийг нь дурангаар цаашлуулан үзүүлэхэд уг үүр айлын хашааны жорлонгийн дэргэд үл үзэгдэх жижиг нүхэнцэр болон харагддаг ба улам цаашлуулахад айлын хашаа Манхаттаны аугаа барилга дунд үл үзэгдэх шавар тагз болон харагддаг. Хувь заяаны шоглоом л юм даа.

Гэхдээ манай Зи намын дарга болж чадахгүй л дээ. Энхбаярын зохиолд тийм сюжэт байхгүй. Үүрэндээ л хувьсгал хийнэ биз, наана чинь Манхаттан ярьж байна! Манхаттанд хоёр өндөр байсныг Аль Кайдагийнхан дэлбэлээд будаа болгосон шүү дээ. Зиг дүүрэгдэж шидээд хаалгыг эвдлэн онгойлгох ба түүгээр Гантөмөр, Тэмүүжин, Зандушка гэх мэтийн өөр дуртай дуракууд чихэлдэх болно. Энэ цагт Ардчилсан нам хоёр өндрийн хувь заяаг хуваалцана. Нөгөө өндөр нь МАН болооч байхгүй юу даа. Хэрэв ингэж чадвал МАХН-аараа үлдэгчид төрийн эрхийг ч авч болох юм. Энхбаярыг дуусгачихсан гэж бодож байна уу? Түүний ухаан хоёр өндрийг эзэмшигчдийн хэнд нь ч байхгүй. Эд чинь зохиолын баатрууд шүү дээ. Олдох дүрээ булаацалдаад л… Дэлхийн хамгийн өндөр барилга гээд л сагсалзаад байсан, одоо буурин дээр нь Аль Кайдагийн сүм барих гэж байна. Хувь заяа гэдэг чинь муухай шоглоомтой эд дээ.

Ардчилсан намын даргад горилогсод өөр өөрийн хүүхэлдэйг мэдээллийн бүх суваг руу илгээжээ. Хөдөө царайлсан хэдэн бацаанууд намаа шинэчилнэ гэж орилолдоно. Зохиолд бичигдсэнээр бол, хөөрхий дөө, дэлгэцэн дээр хөл гар нь харагдаад өнгөрөх “туслах дүр” л дээ. Ийм юмыг чинь туслах дүр ч гэх хаашаа юм? Киногоор бол юу гэж нэрлэдэг юм бол? Өнгөрсөн сонгуулиудад Ардчилсан намыг адгийн муухайгаар дайран гүжирдэж явсан Батзандан, Эрдэнээ мэтийнхэн одоо энэ намын ариун цэврийн шалгалтын комиссын дүн танилцуулж яваа нь киног хошин жаанарт хамааруулж байгаа юмаа даа?

Алтан гадсыг өмөөрч, Алтанхуягийг даргаар нь үлдээн алтан гудсан дээр нь хэвтэж алтан гэдэс болох гээд байгаа юм надад байхгүй л дээ. Нэг дураак нөгөө дураакаараа солигдоо л биз. Байгалийн баруун зүүнээ мэдэхээ больчихсон тэнэг биш л дээ цаадах чинь, улс төрд хорин жил зүтгэсэн юм болохоор баримжаа байгаа л биз. Гэхдээ тэр чинь зүүнтэн гэж хэлэхэд хэтэрхий хүндэтгэсэн болчих гээд байгаа манай өнөөгийн ердийн нэг популист шүү дээ. Энхбаяртайгаа, Батболдтойгоо, Гантөмөр­тэйгээ, Хэнтийн хэдтэйгээ (нэмэх нь Үрэлсү), Зитэйгээ, ичин ичин норовтойгоо, жараннаймтайгаа, хутга Эрдэнээтэйгээ, сайхан муухай самбуунуудтайгаа, завсрын үеийн цайчихсан луйварчингуудтайгаа, хиншүү Ганбаатайгаа, лам ба эм баасангуудтайгаа, иргэний рэкетчингүүдтэйгээ, Баярцогт­тойгоо, Батзандантайгаа, Нямдоржтойгоо яа..ааг адилхан Баяртай Улаан популистууд. Эд баруунтан ч биш, зүүнтэн ч биш, ардчилагч ч биш коммунист ч биш. Эдний хооронд ачир дээрээ яммм-ар ч ялгаа байхгүй. Энэ улс орны буй болоогүй баялгийг түрүүлж тараан хоослогчид. Улс орныг минь хорлогсод. Зүүний бодлого гэдэг бол эдэндээ дэндүү ахадсан нэр томъёо. Улс төр судлалын нэршлээр шүү дээ. Ард түмэндээ л өнөөдөр таалагдаж байвал маргаашийг нь алж байгаагаа ёстой нэг тоохгүй. Царай муутай мөртөө сайхан харагдахын тулд төрсөн эхээ гүтгэхээс ч сийхгүй.Гүтгэсээр ч яваа.

Гэхдээ өнөөдөр бидэнд тогтвортой байдал хэрэгтэй байнаа. Ялангуяа өнөөдөр! Монгол орны хувьд ингэж тодрох, томрох, баяжих, бурзайх бололцоо Чингис хаанд ч олдоогүй юм шүү. Жоом алах гэж хөөцөлдөж яваад байшингаа шатаачиж болохгүй. Уг нь ч байшингаа шатаачихвал муусайн жоомнууд бүгд үхээсгий л дээ. Гэхдээ байшин хайрнаа даа? Жоом үргэлж байсан, цаашид ч байх болно. Амьдрал дээшлээд л байна, улс орон хөгжөөд л байна, үүнийг ТВ9-өөс бусад нь хүлээн зөвшөөрөөд байгаа. Бүгдийг бид даван туулна. Бөө нарыг, лам нарыг, үзмэрч нарыг даван туулна. Энэ популистуудыг ч даван туулна. Дараа үеийн боловсролтой ухаалаг залуус ирж явна. Тэр болтол тэсээд өнгөрөх хэрэгтэй байна. Байшингаа шатаачихаад үнс нурам хүлээлгэж өгвөл тэд юун дээр юу босгох болж байна? 1990 оны хувьсгал бидэнд асар том бололцоо олгосон. Олгосон бололцоог сайнтай ч, муутай ч ашиглаад л явна. Жоомноос болоод босгосон болгоноо бүгдийг нь шатаачих гэж үү?

2010.11.15

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэг цагаан мэнгэтэй улаагчин туулай өдөр

Аргын тооллын 10 сарын 23, Бархасвад гараг. Билгийн тооллын битүүн, Тэргүүн дагуул одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 46 минутад мандан, 18 уаг 05 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийгтүргэн бүтээх, бүтээл туйрвал эхлэх, шинэ ажил эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, нохой авхад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одргсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.