Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ангижавуудын хэрүүл арай л ил тод байна…

Ерөнхий сайд Н.Алтанхуяг твиттерт нийслэлийн За­саг дарга Э.Бат-Үүлтэй ава­хуулсан оюутан цагийн зургаа тавиад “Хотын хулигаантай нөхөрлөв” гэж жиргэжээ. Тэр “Оргил өөд” гэдэг номондоо энэ тухайгаа бичиж, улсын баатар Э.Бат-Үүлтэй найз гэдгээ гайхуулан пиардсан байдаг юм байна. Үүнийгээ цахим ертөнцөөр тарааж, өөрсдийгөө үй зайгүй нөхөд гэдгээ олон түмэнд санууллаа.

Гэтэл саяхнаас хотын мэр Э.Бат-Үүл Н.Алтанхуягийг ална шудна болоод явчихлаа. “Н.Энхбаяртай гэрээ хийж алдаа хийлээ, увайгүй зан гаргалаа” гэх зэргээр улс төрийн их хэрүүл дэгдээв. Н.Алтанхуяг нь ч “Миний найз Э.Бат-Үүл намайг ингэж түгжилдээд байхдаа яадаг юм” гэж гомдоллож байна. Э.Бат-Үүл даргын эгдүүг хамгийн ихээр хүргэж, голыг нь гогдоод байгаа зүйл ердөө Н.Энхбаятай гэрээ хийсэн явдал байв. Тэрээр “Чи ярьсан, тохирсноо яалаа” гээд Н.Алтанхуяг сайд руу дайраад байгаа. Тэгвэл тэд юу тохирчихсон хэрэг вэ. Олны яриагаар бол Э.Бат-Үүл дарга 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшихээр болсон бололтой. Монгол Улсын Ерөнхийлөгч болох юм байх. Гэтэл Н.Алтанхуягийн Н.Энхбаяртай хийсэн гэрээ түүний хүсэл зорилгод тээг учруулж, тохироог нь хүчингүй болгочих магадлал өндөр гэнэ. Тиймээс л Э.Бат-Үүл дарга тэвчиж сууж чадахгүй тэсэрсэн бололтой.

Ер нь АН-ын энэ нөхдүүд 1990 оноос улс төрд зүтгэж эхэлсэн. Ардчилсан хувьсгалыг удирдсан гол хүмүүс. Харин өнөөдөр АН-ын толгойд сууж, төр засгийн өндөрлөгт ажиллацгааж байна. Тиймээс Монгол төрийг удирдах бүх албан тушаалыг хуваагаад авчихсан бололтой юм. Би ч Ерөнхийлөгч болно. УИХ-ын даргын суудал минийх. Засгийн газрыг нь би атгана гээд хэдэн биедээ хуваарилчихсан юм шиг байна. Энэ бодол санаа үйлдлүүд нь тэднийг маш их зантай, биеэ тоосныг нь харуулаад байна. АН-д тэднээс өөр хүн байдаггүй юм уу. Залуу үе байхгүй гэж үү. Тэд л намын болоод төрийн толгойд мөнхөд суух ёсгүй. Хэн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болохыг та нар биш нам чинь шийддэг юм биш үү. Гэхдээ та нар “Намаа бид мэддэг л” гэх байх. Гэвч аль намд эрх мэдэл өгөхийг ард түмэн шийднэ. Хэнийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болгохоо сонгогчид мэднэ. Сонгуулийн санал тоолох хар машинаар бүхнийг шийдүүлчихдэггүй л юм бол ард түмэнд эрх мэдэл бий. Үүнийг хэрэлдээд байгаа хүмүүс ухаарах хэрэгтэй.

Тэгээд ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг, хотын дарга Э.Бат-Үүл хоёр дээр дороо орсон улс төрийн энэ хэрүүлээ уулзаад юм уу утсаар яриад хийчихэж болдоггүй юм уу. Нийгэмд ил гаргаж, хэвлэл мэдээллээр цацаад байхын хэрэг юу байна. Эсвэл нам дотроо асуудлаа шийдчихээч. Ангижавуудын хэрүүл арай л ил тод байгаа юм биш үү. Анзаарч байна уу АН-ынхаан. Ер нь АН гэж байна уу, байхгүй юу.

М.УНДРАМ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хиймэл дагуул мөрдөгч Х-37В ХӨЛӨГ

АНУ-ын нисгэгчгүй Х-37В сансрын хөлөг дэлхийн тойрог замд 22 сар орчим хугацаанд аялаад энэ сарын 17-нд Калифорнид амжилттай газардлаа. Уг хөлөг ийм урт хугацаанд тойрог замд аялсан уу, ажилласан уу гэдэг нь нууц хэвээр байна. Хөлөгтэй холбоотой бүхий л мэдээлэл маш нууц зэрэглэлд тооцогдож буй нь олон орны анхаарлыг татаж байгаа. АНУ энэ ажиллагаанаас өмнө ийм төрлийн хоёр хөлгийг долоо, 16 сарын хугацаатайгаар сансарт илгээж байсан юм. Х-37В хөлөг нь өмнөх хоёрынхоо гаргасан замаар л аялсан гэж байгаа боловч олон улс судлаач, шинжээч, тоймчид болсон үйл явдлыг янз бүрээр тайлбарласаар байна. Ихэнх нь энэ хөлгийг тагнуулын зорилготойгоор илгээсэн гэж хардаж байгаа юм. Нисгэгчгүй онгоц Вандербергийн цэргийн нисэх баазад газардсан баасан гаригийн оройноос л шуугиан дэгдэж “Гүн харанхуй дунд юу нь ч мэдэгдэхгүй зүйл буусан. Төд удалгүй бүргэд нүдтэй, могойн хамарт онгоц байсан нь харагдсан” гэх мэтээр уг онгоцыг дүрсэлж байлаа.

Олон удаа ашиглах зориулалттай тус хөлөг дэлхийн тойрог замд нийт 674 хоног ажиллажээ. Маш нууц зэрэглэл бүхий уг хөлөг 8.9 метрийн урт, 2.75 метр өндөр, далавч нь бүрэн дэлгэгдсэн үедээ 4.5 метрийн урттай юм байна. Онгоц болоод буух масс нь 4990 кг аж. Онгоцны иж бүрдэл хэсэг нь маш өндөр технологийг шингээсэн бөгөөд доод хэсэг нь бүхэлдээ цахиурын керамикаар бүрхэгдсэн юм байна. АНУ-ын Агаарын цэргийн хүчний зориулалттай Х-37А загварыг нь өөрчилж сайжруулсан Х-37В хөлгийг 2012 оны арванхоёрдугаар сарын 12-нд “Атлас-5” пуужингийн тусламжтайгаар хөөргөж байсан юм. Тус улс тойрог замын туршилтын нислэгээр нисгэгчгүй ийм гурван онгоцыг сансарт хөөргөн 1367 өдрийн нислэг хийлгээд байгаа бөгөөд тагнуулын зорилготой гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Түүнчлэн хөлгийн нислэгтэй холбоотой санхүүжилтийг ихэд нууцалж, эдгээр хөлгүүд ямар даалгавартай тойрог замд очдог талаар Пентагоны зүгээс ямар нэгэн тайлбар хийдэггүй юм.

Х-37В хэмжээний хувьд 2011 онд хэрэглээнээс гарсан “Шаттл” хөлгийн дөрөвний нэгтэй тэнцэхүйц хэмжээтэй юм. Нисгэгчгүй, цонхгүй энэ хөлөг хойноо томоохон хэмжээний сул зайтай, ачааны машин багтах хэмжээний. НАСА мини, нисгэгчгүй хөлөг бүтээхээр зорьсон ч төсөл нь саатсан учир 2004 онд АНУ-ын Агаарын хүчинд шилжүүлсэн нь энэ. Цуврал нислэг хийсэн эдгээр хөлгүүдийг “Боинг”-ийнхон бүтээсэн.

Нэгдсэн улсын агаарын хүчний мэдэгдэлд “Уг хөлөг нь дэвшилтэт технологиор бүтээгдсэн. Дулаан болон өндрийн хамгаалалттай. Бүрэн автомат, хөнгөн нислэгийн системтэй олон дахин ашиглах боломжтой” гэж бичжээ.

АНУ-ын Агаарын хүчин ямар зорилгоор, асар их хөрөнгө хаян байж нисгэгчгүй сансрын хөлөг бүтээлгэсэн бэ. Тэдгээрийг ямар зорилгоор тойрог замд оруулсан бэ. Энэ асуултыг орон орны шинжээчид бие биенээсээ асууж байна.

Маш олон таамаг, хардла­га явж байгаагийн дийлэнх нь эдгээр хөлгүүд тагнуулынх, зарим орнуудын хиймэл дагуулуудын мэдээллийг хуулдаг гэж үзэж байгаа юм. Нэг үгээр хиймэл дагуул мөрдөгч юм. Эдгээр таамгуудаар бол Х-37В хөлөг тойрог замаар аялахдаа БНХАУ, ОХУ, Хойд Солонгос, Иран, Пакистан, Афганистан зэрэг улс орнуудын дээгүүр өнгөрөхдөө хиймэл дагуулуудад нь ирсэн мэдээллүүдийг бүгдийг нь цуглуулж, тагнуулын шинж чанартай мэдээлэл хайдаг байна. Хятадын цэргийн баазууд, агаарын хүчний байршлуудыг тогтоож, Хойд Солонгосын цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийг ажигладаг аж. Ялангуяа БНХАУ-ын хиймэл дагуулуудыг зогсоо зайгүй хянаж, саад болдог байсан гэнэ. Мөн Х-37В-ийг тойрог замаар нисэхдээ өндрөөс бөмбөгдөгч онго­цонд байршлын мэдээлэл дамжуулдаг дайны зориулалттай байсан байж магадгүй гэлцэж байна.

Х-37В хөлгийг сансрын хиймэл дагуулуудыг устгах зэвсэг үйлдвэрлэх төсөлд ашигладаг гэж үзсэнийг АНУ-ын цэргийн албаныхан эрс няцааж байсан удаатай.

БНХАУ болон барууны томоохон мэдээллийн хэрэг­сэлд “Америкчууд сансарт “Жэймс Бонд” киногоо үргэлж­лүүлээд байна уу. Тэр кинон дээр гардаг шиг үйл явдал болоод байна уу” гэж байна. АНУ нууц зэрэглэлтэй дөрөв дэх ийм хөлгөө ирэх онд хөөргөнө гэж төлөвлөжээ.

Д.САРУУЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Таксины жолоочийг дээрэмдэж амийг нь хөнөөх гэж байгаад баригджээ

Өнгөрч буй долоо хоногт улсын хэмжээнд олныг цочроосон онц ноцтой хэрэг гараагүй гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс онцолж байна. Харин хулгай, дээрэм, танхайн гэмт хэрэг олон гарсан гэнэ. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт такси үйлчилгээ эрхэлдэг Г гэх залууг үл таних залуус дээрэмдэж, амь насыг нь хөнөөх гэж байсныг цагдаа нар илрүүлжээ. Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт сэжиг бүхий машин яваад байгаа гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Цагдаа нар дуудлагын дагуу очиж “Sunny-15” маркийн автомашиныг саатуулж шалгажээ. Таван залуу Ботаникийн цэцэрлэг орчмоос “Ургах наран” хороолол руу явахаар суугаад харанхуй газар руу очоод жолооч Г-ийн хоолойг боомилж, гар утас, түрийвч зэрэг эд зүйлсийг дээрэмдэн, зодож танхайрсан байна. Залуус Г-г хүний хөл хөдөлгөөн багатай газарт аваачин амийг нь хөнөөхөөр ярилцаж байхад цагдаа нар ирсэн байна.

Г.АЛТАНХҮҮД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ

Хамтран амьдрагч Ц гэх эмэгтэйг зодож, амь насыг нь бүрэлгэсэн гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа Г.Алтанхүүд холбогдох хэргийг өнгөрсөн наймдугаар сарын 12-нд хэлэлцсэн билээ. Анхан шатны шүүхээс Г.Алтанхүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан үндэслэл нь Шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч нарын мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг зөрүүтэй байсан учир дахин шалгахаар болсон юм. Тэгвэл уг хэргийн нэмэлт мөрдөн байцаалт дуусч, энэ долоо хоногийн даваа гаригт прокурорт шилжүүлээд байгаа аж. Өнгөрөгч наймдугаар сард болсон анхан шатны шүүх хурлаар талийгаач 21 настай Ц-ийн үхлийн шалтгаан нь цөсний цорго цоорсон, гадны нөлөөгөөр хэвлийн хөндийн битүү гэмтэл үүссэний улмаас амиа алдсан гэж гаргасан билээ. Харин удаах шинжилгээний дүн мөн л үхлийн шалтгааныг эрүүл мэндийн байдалтай холбон тайлбарласан байдаг.

Д.ДОНДОГ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААВ

УИХ-ын гишүүн асан Д.Дондог болон түүний туслах Д.Сайнбаяр, А.Батбилэг, Д.Ширнэндорж, А.Ариунболд нарт холбогдох хэргийг өнгөрөгч наймдугаар сард Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд шийдвэрлэж, ял оногдуулсан. Тэгвэл уг хэргийн давж заалдах шатны шүүхээр өнгөрсөн пүрэв гаригт хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Учир нь мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасантай холбогдуулан УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн эрүүл мэндийн байдал, өндөр нас зэргийг харгалзан үзээд батлан даалтад гаргасан байна. Харин түүнтэй хамт 12-13 жилийн хорих ял сонссон Д.Сайнбаяр, А.Батбилэг нарын цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээжээ. УИХ-ын гишүүн асан Д.Дондогт бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэм буруутайд тооцон 10 жил нэг сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, түүний туслахаар ажиллаж байсан Д.Сайнбаярт 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, “Сумбар” ХХК-ийн захирал асан А.Батбилэгт 13 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийдвэрлээд байсан юм. Тэднийг бүлэглэн, барилга барих газар олж өгнө гэж бусдыг хуурч мэхлэн, залилж онц их хэмжээний буюу таван тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэргээр буруутгаж байгаа юм.

Ц.БАТБАЯР ЖИРИЙН ДЭГЛЭМТЭЙ ХОРИХ АНГИД ХОРИГДОНО

Нийслэлийн Давж заалдах шатны аравдугаар шүүхэд Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаярт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болов. Тус шүүх өнгөрсөн долдугаар сарын 22-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс 2.1 жилийн хорих ял сонссон Ц.Батбаярт оногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээлээ. Харин түүний чанга дэглэмтэй хорих ангид бус жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасан байна. Өнгөрөгч долдугаар сард болсон шүүх хурлаас Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаярт 2.1 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг гэм буруутай хэмээн үзэж, ял оноосон ч Өршөөлийн тухай хуульд хамруулах шийдвэр гаргасан. Мөн тэдэнтэй хамт шүүгдсэн нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга асан Г.Маналжав, Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Чанцал нарыг цагаатгасан билээ.

Э.БААТАР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Утаанаас угаар нь найдвартай”

Манай нийслэлд нийслэлийн төр, захиргааны байгууллага, нийт иргэд бахархан тэмдэглэмээр нэгэн онцлог үйл явдал тохиожээ. Улаанбаатар хот маань агаарын бохирдлоороо дэлхийн бүх хотуудаас хоёрдугаар байрт оров. Гэхдээ анх удаа хоёрдугаар байр эзэлж нэгдүгээр байрны алтан медалийн оосроос атгаад алджээ. Хэрвээ үнэн зөвөөр нь шүүсэн бол нэгдүгээр байр эзлэх байсан гэсэн үг. Бүх улс орны хотуудыг агаарын бохирдлоор нь уралдуулах дэлхийн аваргын тэмцээнд анх удаа уралдаад л ийм амжилт гаргаж байгаа юм чинь ирэх жил нэгдүгээр байр эзлэх боломж алтан найдвар байна аа. Харин нэгдүгээр байрт Ираны Авхаз хот оржээ. Гуравт нь бас л Ираны Санадаж, Дөрөвт нь Энэтхэгийн Лудхиана хот. Дараа нь Пакистаны Кюетта хот оржээ. Арвын доторхи шагналт байруудад дахиад л Ираны дөрвөн хот орсон байх юм. Удахгүй нийслэлийн парламентынхан, агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооныхонтой хамт хоёрдугаар байрын мөнгөн медалийн шагналыг хүлээн авахаар өргөн бүрэл­дэхүүнтэйгээр Стокгольм хотыг зорих болно.

Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг дээ. Нефтиэр баян, бас яаж ч мэдэхээр террористууд байдаг болохоор нь шүүгч нар илт Ираны хотуудыг лоббидсон юм шиг байна билээ. Агаарын бохирдлын хэмжээгээр хүн амьдрахад аюултай түвшинд хүрсэн гэдэг үзүүлэлтээрээ Улаанбаатар хот маань нэгдүгээр байрын Авхаз хотоос хол түрүүлсэн байхад Монголын Улаанбаатарыг биш Ираны Авхазыг түрүүлүүлнэ гэдэг чинь хардахаас өөрөөр яах билээ. Агаарын бохирдлоос нөлөөлж нас барсан хүний тоо гэдэг үзүүлэлтээр манай Монголын Улаанбаатар хотыг нойллож байгаа юм даа. Гомдмоор байгаа биз. Мэдээж Иран улсын Авхаз хотын удирдлагууд сэргэлэн болохоороо бууны сум, дэлбэрэлтэд өртөж үхсэн хүмүүсээ агаарын бохирдлоос болсон гээд мэдээлчихсэн байх гэж бодож байна. Тэр улс хотын удирдлагууд нь, хэзээ нэгэн цагт дайнгүй болно тэгвэл ядаж агаарын бохирдлоосоо салах хөрөнгө оруулалт салгаад авчих ухаан сийлж байгаа байхгүй юу. Манай хотынхон ч гэсэн агаарын бохирдол энээ тэрээ гэж байгаад Мянганы сорилын сангаас хангалттай мөнгө салгадаг. Энэ мөнгөний тоо бол миний муу гар утасны тооны машинд багтахгүй л дээ. Тавдугаар цахилгаан станц бариад хүлээлгэж өгөөд, бүх айлыг цахилгааны эх үүсвэрээр үнэгүй дулаацуулаад, цаашаагаа гадаадад цахилгаан, дотооддоо дулаан гаргахаар мөнгийг агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрт зарцуулсан байна билээ. Тавдугаар цахилгаан станцыг дэд бүтцийнх нь хамт бариад утаанаасаа хагацъя гэвэл ердөө 1.7 тэрбум ам.доллар хэрэгтэй гэж эрдэмтэд тооцоолсон. Ийм мөнгө буцалтгүй тусламжаар өгье, утаанаасаа сал гээд байхад манайхан зөрүүдлээд заавал дэлхийд нэгдүгээр байрт орно гээд авахгүй байгаа юм билээ. Ийм хэмжээний мөнгөө зүгээр л хамгийн туршлагатай MCS компанид ганц цахилгаан станц бариад өгчих эргэж төлүүлэхгүй хоёр тэрбум ам.доллар хаячихаж болмоор юм. Гэтэл энэ компанийг заавал галладаг зуух оруулж ир гэж тушаажээ. Бас өөр олон зуух энд тэндээс зөөж дотоодод үйлдвэрлэж байна. Өнөө зуухыг нь улс төрчид шалгаж энэ өвөл, ер нь өвөл бүр “турших” юм гэнэ. Одоо зуухыг тараана, тараахгүй, авна, өгнө гэж гэр хорооллоор дүүрэн бөөн хэрүүл. Туршилтын объект нь гэр хорооллынхон болохоор зайлуул тэд бас утаагаа угаараар солихгүй гэж гүрийх шинжтэй. Зуух авсан айлууд угаартаж эхлээд байна. Ялангуяа нойтон мод нүүрсээр галлаад дулаанаа манана гээд яндангаа хаавал угаартах нь их байгаа тухай гомдол салахаа больжээ. Шинэ зуухны утаа нь үл мэдэг бага ч гэсэн угаар ихтэй нь батлагдлаа. Утаа бол яахав дээ, монголчуудын хувьд аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн болохоор сурсан дассан юм. Утаатай гэр, унгастай хөнжил дулаахан гээд манайхан болоод л байсан. Харин угаар бол найдвартай даа. Галаа цогшуулалгүй баагуулаад унтахад маргааш нь эргэж босож ирэхгүй бүгдээрээ чад. Тун найдвартай байгаа биз. Манай сүүлийн үеийн улс төрчид, утааны бизнес эрхлэгчид ийм үг ярьдаг болсон. Гэрийн пийшингийн утааг бууруулна. Яндангаас утаа гаргахгүй. Яндан бөглөнө, энэ онд 60 мянган яндан, ирэх жил 30 мянган яндан бөглөнө гэж ярьдаг болсон. Голомтоороо бүгдээрээ байхгүй болохыг ингэж хэлдэг тун муухай үг байхгүй юу. Утааг угаараар ингэж солих нь үнэхээр муу талаасаа бол найдвартай. Пийшингийн угаар гэдэг дэлхийд бөөнөөр хорих газруудад найдвартайгаараа бас л туршигдсан зүйл дээ. Ном зохиолд байдаг даа, бөөнөөр хорих газруудын хоригдлуудыг усанд оруулаад л угаарын хий гүйлгэдэг. Утаанаас угаар нь илүү найдвартай гэхийн бас нэг тайлал бий. Утаа бол зүгээр л уушгины өвчин тусгана. Өвчлөгч этгээд ажил хийж чадахгүй олон жил амьд явна шүү дээ. Угаар бол ердөө хоёрхон цагийн дотор нам. Угаартсан хүн эргэж босож ирэхгүй нэг мөсөн ядуурлаас гарна. Харин ирэх жилүүдэд Улаанбаатар хот маань агаарын бохирдлоороо ч, түүнээс болж эрсэдсэн хүний тоогоороо ч дэлхийн хотуудаас ямар ч маргаангүй нэгдүгээр байр эзэлж алтан медаль хүртэнэ. Энэ жил мөнгөн медаль ирэх жилүүдэд алтан медаль хүртэнэ. Харин мөнгө алтан медалиудыг угааж их найр хийх л үлдлээ. Хүн амаа гэр хорооллынхныг үүрд ядуурлаас гаргахад утаанаас угаар нь илүү найдвартай.

ДЭЛХИЙН ХАМГИЙН БОХИР АГААРТАЙ 10 ХОТ

“Тайм” сэтгүүл хамгийн их агаарын бохирдолтой дэлхийн 10 хотыг нэрлэжээ. Тус сэтгүүлийн шалгаруулалтаар манай Улаанбаатар хот дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын жагсаалтын аман хүзүүд жагссан байна.Тайм сэтгүүлийн материалыг орчуулан хүргэж байна.

Манай гаригийн озоны давхарга болон агаарын бохирдлын стандартыг чангатгах тухай амлалтаасаа няцаж байна хэмээн Америкийн байгаль хамгаалагчид ерөнхийлөгч Барак Обамагаа буруутгаж байгаа билээ. Гэвч Америкийн ногоонтнууд дэлхийн бусад улс орон, газар нутагт байдал үүнээс ч долоон дор байгааг бас бодолцох учиртай. ДЭМБ-ын шинэ тайлан илтгэлийн гол сэдвийн нэг нь дэлхий даяархи хотуудын агаарын бохирдлын асуудал болжээ. Үлэмж бохирдолтой хотуудын ихэнх нь хөгжиж буй орнуудынх. Чухамдаа ийм орнуудад ядуурал, бохир хуучин тээврийн хэрэгсэл, хоцрогдсон үйлдвэр завод, цахилгаан станц байдаг нь тодорхой зүйл. Тэд бас хөгжингүй орнуудад хэрэгжээд удаж буй экологийн хэм хэмжээг бараг мөрддөггүй. Агаарын бохирдолтой гэхээр л Бээжин, Чунцин, Бангкок, Мехико хотыг хэн хүнгүй нэрлэдэг бол энэ удаад тэдний аль нь ч биш харин эдийн засгийн эрчимтэй хөгжлийн төв биш жижгэвтэр хотууд агаарын бохирдлын хэмжээгээрээ тэргүүлж байна. Тэдний ихэнхи нь Иран болон өмнөд Азийн хотууд юм. Агаарын хамгийн их бохирдолтой 10 хот.

1. Авхаз, Иран

2. Улаанбаатар, Монгол

3. Санадаж, Иран

4. Лудхиана, Энэтхэг

5. Кветта, Пакистан

6. Керманшах, Иран

7. Пешавар, Пакистан

8. Габороне, Ботсвана

9. Ясөүж, Иран

10. Канроп, Энэтхэг

Эдгээр хотуудад адил төстэй зүйл бий. Юуны өмнө тэд бүгд ядуу. Гэхдээ Африкийн Ботсваны хувьд арай өөр, эндхийн оршин суугчдын дундаж бодит орлого 8000 ам.доллараас давдаг. Дээрх хотуудын оршин суугчид өтгөн утаа гаргадаг хатуу түлш, тухайлбал мод, тэр ч бүү хэл малын өтөг баас зэргийг түлдэг. Үүн дээр хуучирч муудсан дизель хөдөлгүүрт автомашин, байнга нэмэгдэж байгаа ядуусын хороолол, хүн амын нягтрал болон Улаанбаатар мэтийн үнэмлэхүй хүйтэн хотын цаг агаарын нөлөөлөл нэмэгдэж байгаа юм. Энэ бүхэн нь агаарын бохирдлын үндсэн шалтгаан болж байна. Гэвч энэ бол асуудлын гаднах өнгө төрх. Агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд маш ноцтой аюул учруулж байгаад асуудлын гол гогцоо оршиж байгаа юм. ДЭМБ-ын гаргасан тооцоогоор ядуу буурай улс орны хотуудын хоёр саяас доошгүй хүн бохир агаарын улмаас жил бүр хугацаанаасаа өмнө хорвоог орхидог гэжээ. Энэ нь жил бүр ДОХ өвчний улмаас нас барагчдын тооноос ч их байгаа юм. Түүнээс гадна эрдэмтэд бохир агаар нь хүний цусанд нэвтрэн орж зүрх судасны ноцтой өвчин үүсгэдэг болохыг тогтоогоод байгаа. Амьтан дээр хийсэн туршилтаас харвал агаарын бохирдол тархинд ноцтой нөлөөлдөг аж.

ДЭМБ агаарын бохирдлын хэмжээг нэг кубметр агаарт 20 микрограммаас илүүгүй байхыг зөвлөмж болгож байгаа. Гэтэл дэлхийн хамгийн агаарын бохирдолтой хот гэгдэж байгаа Ираны Авхаз хотод энэ хэмжээ нэг кубметр агаарт 372 микрограмм байна. Агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд чимээгүй тахал болон ирж байна. Ялангуяа хөгжиж буй орнууд ойрын ирээдүйд энэ асуудалд дорвитой анхаарах хэрэгтэй болж байна.

2011 оны 10 сарын 5

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нутгийн зүүн хагаст сэрүүснэ

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, баруун хагаст дулаарна. Маргааш буюу 27-нд баруун зүгийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2014 оны 10 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, өмнөд хэсгээр багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав болон зүүн зүгийн нутгаар 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн баруун хэсгээр 14-19 градус, Хангай, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүсийн зүүн хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Улаанбаатар хот: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи өмнөөс секундэд 7-12 метр. 5-7 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус хүйтэн, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 881 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Баруун аймгуудын нутгаар: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 8-13 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 0-5 градус дулаан байна.

Отрын нутаг хэрлэнбаян-улаан орчмоор: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 1 градус хүйтэнээс 4 градус дулаан, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Ж.Батзандан: Хариуцлагаас бултаж үлддэг ёс зүйгүй улс төрд цэг тавих хэрэгтэй

УИХ-ийн гишүүн Ж.Батзандангаас тодрууллаа.

-Таныг Будапештад явж байхад МАН-ын бүлгийн 26 гишүүн дээр АН-аас та, “Шудрага ёс” эвслээс Л.Цог нар Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан. Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөл дээр яагаад заавал сөрөг хүчинтэй гарын үсэг зурав?

– Ерөнхий сайдыг огцруулах хоёр тогтоолын төсөл явж байна. Нэг нь Ардчилсан намын 10 гаруй гишүүдийн гарын үсэг бүхий тогтоол байгаа юм. Нөгөөх тогтоолын төсөл нь МАН-ын бүлгийн 20 гарай гишүүний гарын үсэгтэй тогтоолын төсөл ордноор явж байна. Уг тогтоолын төслүүд эхнээсээ өргөн баригдаад явж байна л даа. Энэ нөхцөл байдлаас харвал УИХ-ийн 40 гаруй гишүүн Ерөнхий сайдад хариуцлага тооцъё гэдэг санал гаргаад байгаа. Эдгээрийн нэг нь миний бие л дээ.

– МАН-ын бүлгийн зүгээс өргөн барьсан тогтоолын төсөл дээр та гарын үсэг зурсан байсан. АН-ын гэгдээд буй өөр тогтоолын төсөл дээр мөн гарын үсгээ зураа юу?

– Тийм ээ. Тэр тогтоолын төсөл дээр ч гэсэн би гарын үсэг зурсан.

– Ерөнхий сайдыг огцруулах гол шалтгаан нь юу вэ. Таныг намынхаа эсрэг явж байна гэх юм?

– Ерөнхий сайдыг огцруулах олон шалтгаан байна. Ялангуяа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үндсэн хуулийг удаа дараа уландаа гишгэж байгаа юм. Мөн Монгол Улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүллээ. Хоёрхон жилийн дотор Монгол Улсын эдийн засаг үндсэндээ гурав дахин уналаа. Иргэдийн худалдан авах чадвар эрс буурсан. Монгол Улсын өрийн хэмжээ ДНБ-ээсээ хоёр дахин их боллоо. Манай улсын нэг иргэн, өлгийтэй хүүхэд 6800 ам.долларын өрөнд орж байна. ӨӨөр нэг шалтгаан нь ҮЗХ намынхаа гишүүдтэй зөвшилцөхгүйгээр бусад намуудтай, намын удирдлагуудтай янз бүрийн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж байгаа явдал.Намын гишүүд удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч нэг ч удаа ч гэсэн бидний шаардлагыг хүлээж авсангүй. Өөр нэг шалтгаан нь ҮЗХ намынхаа гишүүдтэй зөвшилцөхгүйгээр бусад намуудтай, намын удирдлагуудтай янз бүрийн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж байгаа явдал. Эдгээр үндэслэлүүд нь Ерөнхий сайд Н.Алтанхуягт хариуцлага тооцох хангалттай үндэслэл гэж харж байгаа. Огцруулъя гэсэн гишүүдийн саналыг би хувьдаа бүрэн дэмжиж байна даа.

– МАН-ын бүлэг Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлүүдээ танилцуулсан. Тэр үндэсэллүүд буй юу. МАН-ын бүлгийн огцруулах үндэслэлүүд танд таалагдаагүй зүйл заалт байна уу?

– АН, МАН-аас Н.Алтанхуяг Ерөнхий сайдад хариуцлага тооцох 20 гаруй үндэслэлийг гаргаж тавьсан. Би уг үндэслэлүүдтэй санал нэг байгаа.

– Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилохгүй байгаагаас шалтгаалан улсын ажил гацаанд орчихлоо гэдгийг хүмүүс хэлж байна. Бушуухан хэлэлцэээд сайд нараа томилж болохгүй юм уу. Эсвэл сайд нарыг томилсны дараа Ерөнхий сайдыг огцруулах асуудад яригдахаар Засаг солигдож магадгүй гэсэн хүлээлтээс болж байна уу?

– Засгийн газрыг огцруулах, ажлаа хийж чадахгүй байгаа сайд нартаа хариуцлага тооцох нь ардчилалсан нийгэмд жирийн үзэгдэл. Японыг хар л даа. Шинзо Абэгийн Засгийн газар томилогдоод нэг сар ч болоогүй байгаа сайдуудынхаа заримд хариуцлага тооцоод явж байна. Хариуцлага ёс зүйтэй газар ийм л байдаг юм байна гэдгийг бүнд харлаа. Монголчууд тэндээс суралцах хэрэгтэй. Хариуцлаггүй дарга нараа хаацайлж үлддэг, худал үнэн шалтаг шалтгаан хэлж хариуцлагаас бултаж үлддэг ёс зүйгүй улс төрд төгсгөлийн цэгийг тавих хэрэгтэй..

Э.ЭНХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр “Бөмбөгөр” худалдааны төвд бараа хямдруулж авах сугалаа тараана

Өнөөдөр “Бөмбөгөр” худалдааны төвд бараа хямдруулж авах сугалаа тараах юм. Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 375 жилийн ойг тохиолдуулан “Их хотын хямдрал” аяны хүрээнд энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Энэ талаар тус худалдааны төвийн гүйцэтгэх захирал Б.Оюун болон маркетингийн зөвлөхөөр нь ажиллахаар түр хугацаанд ирээд буй Германы ахмад мэргэжилтнүүдийн холбоо­ны ажилтан Кристиан Глантц нартай ярилцлаа.

-Маргааш (өнөөдөр) иргэдэд тараах сугалаа­ныхаа талаар тодруулахгүй юу. Ямар учиртай сугалаа юм бэ?

-Нийслэл хот байгуулагд­саны 375 жилийн ойг тохиол­дуулан зохион байгуулж буй “Их хотын хямдрал” аяны хүрээнд манай “Бөмбөгөр-1”, “Содон” худалдааны төвүүд үйл ажиллагаагаа үйлч­лүү­­лэгч рүүгээ хандуулах, нийслэлчүүддээ бодитой бэлэг барихаар “Сугалаат худалдаа” арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, маргааш (өнөөдөр) 15 мянган сугалааг иргэдэд тараана. Түүнээс 375 нь бараа бүтээгдэхүүн хямдралтай худалдан авах эрх хожно. Энэ нь манай төвийн лангуунуудаас 100 мянган төгрөгөөс дээш төг­рөгөөр бараа үйлчилгээ худалдан авах эрх байх юм.

-Сугалаагаа хэрхэн тараах вэ?

-Үйлчлүүлэгч дээрх хоёр худалдааны төв рүү орох үед манай зохион байгуулагчид сугалааны талаарх мэдээллийг өгч, сугалаанд оролцохыг хүсвэл тухайн хүний талаарх мэдээллийг бичиж, тэмдэглээд сугалааны саванд хийнэ. Ингээд л тэр хүн сугалаанд оролцох эрхтэй боллоо гэсэн үг. Түүнээс бус ямар нэгэн байдлаар бараа, материал худалдан авсан хүнд сугалаагаа өгнө гэсэн зүйл байхгүй. Манай сугалаа ямар ч төлбөргүй.

-Хонжвор нь юу байх вэ?

-Сугалааны хонжвор нь манай лангуунуудад худалдаж буй бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг хямдралтай үнээр худалдаж авах эрх байх юм. Энэ арга хэмжээг явуулахын тулд манай түрээслэгч нар “Хямдралын сан” байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл, манай түрээслэгчид бүгд оролцож, хамтдаа энэхүү арга хэмжээг хийж байна. Энэ санд хуримтлуулсан мөнгөн дүнгийн хэмжээ буюу шагналын сан нь таван сая төгрөг байгаа.

-100 мянган төгрөгийн эрх гэдгээ тодруулахгүй юу. Энэ мөнгөөр нэг л лангуунаас бараа худалдан авна гэсэн үг үү?

-Тухайн иргэн 100 мянган төгрөгийн эрх хожлоо гэхэд энэ нь таван төрлийн лангуунаас бараа авах эрх байх юм. Тухайлбал, нэг лангуунаас 20 мянган төгрөгийн бараа авах байдлаар таван лангуунаас худалдан авалт хийнэ гэсэн үг. Эдгээрт мэдээж хүнс, бараа аль аль нь байна.

-Азтанууд хэзээ тодрох вэ?

-Сугалааны тохирол нийслэлийн ойн өдөр буюу аравдугаар сарын 29-ний өдрийн 16 цагаас болж, азтанууддаа эрхийн бичгийг нь гардуулж өгнө. Энэ өдөр манай “Содон бөмбөгөр” төвийн урд талбайд урлаг, соёлын арга хэмжээ болно гэдгийг мөн дуулгая.

-Азтанууд тэр өдөртөө багтааж худалдан авалтаа хийх ёстой юу?

-Үгүй. Зохион байгуулагчдын зүгээс ирэх арванхоёрдугаар сарын 1-ний дотор худалдаа хийх хугацаа өгч байгаа.

-Ер нь ямар төрлийн бараа, дээд тал нь хичнээн төгрөгөөр хямдарсан байх вэ?

-Одоогоор манай түрээслэгч нар эрхийн бичгийнхээ саналыг бичиж байгаа. Тиймээс яг ямар бараа, төчнөөн төгрөгөөр хямдрах эсэх нь хараахан тодорхой болоогүй байна.

-Арга хэмжээ хэдээс хэдэн цагийн хооронд болох вэ?

-10-19 цагийн хооронд болно.

-Танай Герман мэргэжилтнээс асуух гэсэн юм. Энэ удаагийн арга хэмжээг тэр зөвлөж байгаа юм байна. Ер нь Германд ийм төрлийн сугалаат худалдаа олон зохион байгуулагддаг уу?

-Ер нь бол зөвхөн Герман гэлтгүй Европын ихэнх оронд худалдааны төвүүд нь өөрийн гэсэн маркетингийн сантай байдаг. Үүгээрээ сугалаат болон бусад төрлийн арга хэмжээг зохион байгуулж байдаг. Орчин үед худалдан авагчид дэлгүүрт орохдоо зүгээр нэг худалдан авалт хийх гэж орохоо больчихсон. Тэд дэлгүүрийг зөвхөн худалдан авалт хийгээд зогсохгүй чөлөөт цагаа өнгөрүүлэх, найз нөхөдтэйгээ уулзах орчин болгодог болжээ. Тиймээс ч танай дэлгүүр, худалдааны төвүүд энэ байдлыг мөн харгалзаж байх нь чухал гэж зөвлөх байна.

Би худалдааны салбарт 25 жил ажиллаж байна. Хамгийн сүүлд Франкфуртад байх томоохон худалдааны төвд ажиллаж байлаа. Энэ үед тус худалдааны төвийн 25 жилийн ой тохиож, нэг сарын турш арга хэмжээ зохион байгуулж байсан юм. Үүний дүнд нэг сая гаруй герман маркийн зардал гарч байлаа.

Энэ мэт байдлаас үүдэн миний хувьд “Бөмбөгөр” худалдааны төвийг “Сан”-тай болохыг зөвлөж байгаа. Тэр сангаараа дамжуулж цаашид энэ мэт арга хэмжээг санхүүжүүлээд явж байх хэрэгтэй юм.

-Тэгвэл цаашид “Бөмбөгөр” худалдааны төв ийм арга хэмжээг зохион байгуулна, түүнийг санхүүжүүлэх сантай ч болно гэж ойлгож болох уу, Б.Оюун захирал аа?

-Тэгэлгүй яахав. Бид түрээслэгч нартайгаа хамтдаа хөгжье гэсэн уриатайгаар хэрэглэгчдэдээ байнга өөртөө татаж байх олон үйл ажиллагааг цаашид зохион байгуулна. Түүнчлэн мэргэжилтнийхээ зөвлөж буй санг ч байгуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Энэ удаагийн арга хэмжээний хувьд тодорхой зардал гарч байна. Энэ бүхнийг байгууллага өөрөө бүрэн хариуцаж байгаа.

Т.ГЭРЭЛМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Орой бүр хорон хэл нь гозолзсон хэрүүлийн чуулган хоймор эзэгнэх юм

Орчин үеийн төр барих онолоор бүх ард түмэн улс орноо удирдах ёстой. Мэдээж бүгд Засгийн газар, УИХ-даа орж ажиллаж чадахгүй учраас төлөөллийн хүмүүсээ сонгодог. Бидний төлөөлөл болж буй хүмүүс нь манайхаар УИХ. Угтаа бол үүнийг төлөөллийн ардчилал гээд байгаа юм. Ингэж төлөөллөө сонгодог болсноос хойш хорь гаруй жил МАН, МАХН, АН-аас завсаргүй УИХ-д сууж буй хэдэн хүн байна. Ердөө энэ хэдэн хүн л УИХ-ын хурлын цөмийг бүрдүүлж, бодлогыг зангидаж ирлээ. Бидний төлөөлөл болох УИХ-ын гишүүд ард иргэдээ баян тансаг байх, сурч боловсрох, эвтэй найртай, сайхан амьдрах бололцоог хангаж өгөх ёстой юм. Гэтэл бид хорь гаруй жил дахин, дахин УИХ-д сууж байгаа нөгөө л хэдэн хүнийг хоорондоо хялалзаж, нэгийгээ заналтайгаар харж, ил, далд хор найруулж, хуйвалдаж, хэрүүл хийхийг л харлаа. Хэрүүлчдийн нүүрэнд нэмэгдсэн үрчлээс, унаа тэрэг, амьдардаг байшин, тансаглалынх нь тухай харж, сонсч байснаас бидэнд юу гийгүүлснийг нь мэдэхгүй.

Юу бодож байгаа нь нүүрэн дээрээ үл илэрч, гөлийсөн, цаагуураа юу хийж байгаа нь ард түмэнд ойлгогддоггүй ийм хүмүүс монгол айл бүрийн хойморт өдөр бүр хэрүүл хийнэ. Орой бүр хорон хэл нь гозолзсон хэрүүлийн чуулган хоймор эзэгнэх юм. Муу ёр байгаа даа. Нөгөө хэд маань нэг ч гэсэн хэрэгтэй юм ярих нь уу гэж горьдож суваг эргүүлэхэд албан тушаал, эрх мэдэл булаацалдан хэмлэлдсээр угтана. Улс оронд чухал хэрэгтэй хууль батлах үед ажлаа таслаад алга болох хэрнээ эрх мэдэл ярихаараа бүхнээ хойш нь тавиад бөөнөөрөө чуулна.

Эд ямар ааш аяг гарганав, нийгмээрээ тийм болж байна. Ингэхээр Монголын нийгэм ямар байх нь ойлгомжтой. Яг энэ улстөрч хэдийгээ дуурайж бие биенээ хялалзсан, элдэв муухайгаараа дуудалцсан, үзэн ядсан байдал нийгэмд зонхилж байна. 1990 оноос хойш л улстөрчид нь бие биенээ муулж бас огцруулж эхэлсэн. Яг тэрийгээ одоо ч хийж л байна. Хийж байгаа юм нь өөрчлөгдсөнгүй. Сонгогдож буй гишүүд нь ч өөрчлөгдсөнгүй. Яг л хориод жилийн өмнө ямар байсан тэр чигээрээ. Орой бүр биесээ үзэн ядсан, элдвээр хэлсэн, хорон хэл нь гозолзсон могойнууд костюм өмсөөд чуулж буй мэт л дэлгэцнээ тодорно.

Улс орон хөгжсөнгүй. Хүн нь солигдсонгүй. 1990 оноос хойш хичнээн ч Засгийн газар огцруулав. 1990-1992 онд Д.Бямбасүрэнгийн толгойлсон Засгийн газрыг унагах гэсэн оролдлого хийсэн ч бүтээгүй. Тэр үед хуйвалдаанд гаршиж амжаагүй байсан биз. 1992-1996 онд П.Жасрайн Засгийн газар харин энэ дайрлаганд өртөөгүй. Гэвч хэл ам хэрүүл шуугиан тасраагүй. Түүний дараа М.Энхсайхан Ерөнхий сайд болж 1998 оны дөрөвдүгээр сард түүний Засгийн газрыг унагаасан. Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг 1998 оны долдугаар сарын 24-нд огцруулсан бөгөөд үүнээс хойш арванхоёрдугаар сар хүртэл үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. 1998 оны наймдугаар сар хүртэл Ж.Наранцацралтын Засгийн газрыг захидлын гэх хэргээр унагаж байсан. Улс төрийн нарийн учир мэдэх хүмүүс тэр захидал гэдэг нь шалтаг төдий зүйл. Цаана нь бас өөр учир байсан гэлцдэг. Ингээд Р.Амаржаргал Ерөнхий сайд болж засгаа толгойлоод нэг жил болсон. Хэдийгээр хугацаанаас нь өмнө огцруулаагүй ч унагаах оролдлого хийж л байсан. Нэгэнт сонгууль дөхсөн болохоор тэгэсхийгээд өнгөрсөн. Түүнчлэн Н.Энхбаяр түүний дараа Ц.Элбэгдорж, М.Энхболд гээд үргэлжилнэ. Нөгөө хуйвалдан унагаах үйл явц нэлээд төгөлдөржиж байсан үе. Нэг нам нь өөрийнхөө намынхныг, эсвэл нөгөө намынхаа Засгийн газрыг гэх мэтээр унагаж, яг энэ хэмнэлээр М.Энхболдоо С.Баяр нь унагааж гарч ирлээ. Гэвч С.Баяр ч өвчний улмаас гэж ажлаа өгсөн ч цаана нь долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой мөн л шахаагаар аргагүйдэж ажлаа өгсөн гэх юм билээ. Ингээд Сү.Батболд сонгууль дуустал Ерөнхий сайдын албыг хашиж, одоо Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газартай нүүр тулсан нь энэ. Түүнийг Засгийн газрын тэргүүн болсны маргаашаас огцруулах яриа эхэлсэн. Ардчилсан нам арай гэж засаг барих дээрээ тулсан юм чинь одоо хашраа байлгүй гэтэл үгүй аж. Засгийг хэн толгойлж байна гэдгээсээ илүүтэй манайх шиг улсад засаг огцроод байх нь өөрөө аюул юм.

Манайд Засгийн газар огцорно гэдэг бүх амьдрал зогсохтой адил. Улс төрөөсөө нэг иргэнийх нь амьдрал шууд хамааралтай байдаг. Гэтэл манай улс төрчид хаа байсан Японы Засгийн газрын жишээг татах дуртай. Японы Засгийн газар, танхимын гишүүд нь байнга л солигдож байдаг гэж ирээд л ярих дуртай. Хамгийн сүүлд л гэхэд Японы Засгийн газрын сайд бүсгүй төсвийн мөнгөнөөс гүүрний будгандаа зарцуулсан гээд л огцорлоо. Тэгвэл Японы парламент хүчтэй. Дээрээ хаантай. Засгийн газар байсан байгаагүй бодлого үйл ажиллагаа нь савлахгүй, явагдаж байдаг. Манайд эсрэгээрээ. Бүх ажил зогсдог. Японд ёс зүйгээсээ болж огцордог, огцруулдаг бол манайд дараагийн ээлжнийхэн идэх хоолоо булаацалдах аятай нэгийгээ зориуд унагаадаг. УИХ нь улс орондоо хэрэгтэй хууль батлахаасаа илүүтэй эрх ашиг л ярьж хэрэлддэг.

Тиймээс энэ муу ёрын могойн чуулган болсон их хурлыг, их хурлын гишүүдийг солих хэрэгтэй. Монгол хөгжиж өөрчлөгдье гэвэл муу ёрын могойн чуулган болсон он удсан гишүүдээ энэ бүх намууд солих цаг болсон. Одоо ч могойн чуулган сурсан ажлаа хийж л байгаа. Энэ нь нөгөө л засаг огцруулах их ажил. Нөгөөдүүл нь огцрохгүй гэсэн их ажил. Ийм л юм Монголд өрнөж байна. Энэ их цаг, энэ их мөнгө, энэ их эрч хүчийг ард түмний амьдралыг өөд нь татахад зориулдаг ч болоосой. Төр барина гэдэг хэдэн биеэ тойрч засгаас буулгаж, хэдэн биеэ тойрч хөрөнгө цуглуулахыг хэлдэггүй юм. Өнөөдрийн манай төр засгийн үнэн царай чи их идлээ, одоо миний ээлж гэж байгаатай яг адил. Түүнээс биш чи ингээд хийж байна, би бас ингээд юм хийчихье гэх нь алга. Төр барина гэдэг ард түмний аяганд ямар хоол нэмэхэв, ард түмний амьдралд ямар ая тух нэмэгдэв, ард түмнийг айдас түгшүүргүй амьдруулахыг л хэлдэг байх. Тийм төртэй байж үзээгүй болохоор мэдэх ч үгүй юм. Том гүрнүүдийн удирдагчдын үгнээс л ингэж сонсч байсан юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд сэрэмжлүүлэг өгөв

10 дугаар сарын 24-ний оройн 22 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дарга Г.Батхүү, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нар шуурхай мэдээлэл хийлээ. 10 дугаар сарын 23-ны шөнөөс эхлэн зарим иргэдийн гар утасны дугаарыг ашиглан тухайн гар утсыг эзэмшиж байгаа иргэн явуулж байгаа мэт санал асуусан, өдөөн турхирсан шинжтэй мессежүүдийг олон мянган иргэд рүү явуулж эхэлсэн байна. Мобиком, Юнител зэрэг гар утасны оператор компаниуд уг үйлдлийг зогсоох оролдлого хийсэн боловч зарим мессежүүд иргэдэд үргэлжлэн хүрсээр байна. Тэр дундаа УИХ-ын зарим гишүүдийн нэр, утасны дугаарыг ашиглан тэднээс ирүүлж байгаа мэтээр иргэд сонгогчид руу нь хандсан өдөөн хатгалга бүхий мессеж олноор хүрсэн нь ард иргэдийн гайхшлыг төрүүлээд зогсохгүй, уур бухимдлыг нь ч хүргэх хандлагатай байна. Иймд Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэхүү үйлдлийг таслан зогсоох, хаанаас, хэн зохион байгуулж байгааг яаралтай олж илрүүлэхийг Тагнуул, Цагдаа, холбогдох хууль хяналтын байгууллагууд, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Мобиком, Юнител компаниудын удирдлагуудад даалгалаа. Оператор компаниуд уг мессежүүдийг гадаад улс орнуудаас явуулсан гэж мэдэгдсэн бөгөөд Монгол хэлээр бичигдсэн уг мессежүүдийн эх сурвалж нь Монгол Улсаас гарсан байх магадлалтайг хэлж байна. Ийм учраас иргэд та бүхэнд очих аливаа мессежид анхаарал болгоомжтой хандахыг сэрэмжлүүлж байна. – See more at: http://zasag.mn/news/view/7309#sthash.HKwdyzlr.dpuf

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гишүүдийн дугаараас илгээсэн мессежийг Румын, Мальта улсаас ирүүлсэн гэв

Өнөөдөр УИХ-ын гишүүн А.Бакейгийн “Мобиком” үүрэн телефоны операторт компанид бүртгэлтэй дугаараас /Өөрийнх нь хэрэглэж байгаа/ түүний өмнөөс бусад руу мессеж илгээсэн үйлдэл гарсан. Олны анхаарлыг татсан энэ дуулианд Мобиком групп хариу өглөө. “Мобиком” группийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй, дэд захирал М.Энхсайхан дараах мэдээллийг өгсөн юм. Тэд “Бид яг одоогоор бусдын утасны дугаарыг ашиглаж мессеж явуулсан энэ тохиолдлын цаана хоёр улсын оператор ашигласныг тогтоогоод байна. Өөрөөр хэлбэл, Румын, Мальта гэсэн хоёр улсын үүрэн холбооны оператороос Монголын хэрэглэгдийн дугаарыг ашиглаж мессеж явуулсан байна. Ингэхдээ нийт 20 хэрэглэгчийн дугаарыг ашигласан байна. Харин энэ 20 хэрэглэгчээс хэчнээн хүнд мессеж явуулсан нь хараахан тодроогүй. Хүмүүсийн ойлгож байгаа шиг энэ тохиолдол бол “Мобиком” хакердуулсан, мэдээлэл алдагдсан зүйл болоогүй. Маш энгийнээр хэлэхэд, хулгай, залилан хийж байгаатай адил үйл явдал гэж ойлгож болно. “Мобиком” групп асуудлыг, гарсан алдааг тодорхой болгохоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон бусад үүрэн телефоны оператор компаниудтай хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар дээрх хоёр улсын үүрэн телефоны операторууд руу хандаж, манай улсын үүрэн операторуудад ирсэн, хууль бус мессежийг хязгаарлах чиглэлээр шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна” гэсэн тайлбар хийлээ.