Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын чуулганыг хаалттай хуралдуулж байвал яасан юм бэ

УИХ-ын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийг хэлэлцэх явцад дархан аварга Б.Бат-Эрдэнээс эхлээд ярьдаг юмаа ярьж эсэргүүцэж байна. Энэ хуулийн эсрэг надтай хамт тэмцэж явсан С.Ганбаатар, Г.Уянга, Д.Ганхуяг нар хаана байна, хаачив гэж ирээд популизмаа хийж эхэллээ. Сүүлийн таван жил сонссон популист үгийг нь энэ удаагийн чуулганаар бас дахин сонсов. Яасан зогсдоггүй, дуусдаггүй популизм бэ. Ингэснийх нь үр дүн улс орны хөгжилд ямар их саад тотгор авчирч байгааг бодож үздэггүй юм байх даа. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан баасан гаригийн нэгдсэн чуулган дээр “Монгол Улс хөгжих юм уу, хөгжихгүй юм уу. Засгийн эрх барьж байгаа эвслийн бүлгийн гишүүд нь өчигдөрхөн эдийн засгийг эрчимжүүлэх тухай ярьчихаад өнөөдөр болохоор эсрэг зүйл яриад сууж байна. Эсвэл хоёр Засгийн газартай, хоёр эрх баригчтай болчихсон юм уу. Кабинетын зарчмаар ажиллах ёстой шүү дээ. Гадны хөрөнгө оруулагчдын хувьд Монгол цорын ганц сонголт биш шүү” гэж хэллээ. Энэ бол бодитой, зөв үг. Одоо бид популист үгэнд ханадаг бол ханахаар сонслоо. Чуулганаас харж байхад манай аварга л далай даян дархан популистаараа босоо үлдэж байх шив дээ. Бусад нь популизм хийгээд цаддаггүйг хаа хаанаа ойлгож байх шиг байна. Энэ дашрамд хэлэхэд манай УИХ нь популизм хийдэг гол индэр болчихсон юм биш үү. Хүмүүсийн анхаарлыг татсан гол гол хуулиудыг УИХ баталдаг. Эдгээр хуулиудыг хэлэлцээд эхлэхээр хүмүүсийн анхаарал УИХ дээр төвлөрдөг. Яг энэ үед нь тухайн хэлэлцэхээр оруулж ирж буй хуулийг эсэргүүцэн шударга, мундаг хүн болж тодрохын тулд дараа нь ямар үр дагавар дагуулахыг нь мэдрэхгүй, тооцохгүйгээр шууд л жадлан эсэргүүцэж дайрах гишүүд олон болжээ. Улс орны хөгжлийн тулгуур хуулиудыг ийнхүү устгаж байна. Сайн сайн популист улстөрчид энэ торгон мөчөөс төрж байна. Ард түмэн болохоор энэ их сайн, шударга хүн байна гэдэг. Зарим нь болохоор энэ их зэвүүн, худлаа, дэмий донгоссон төрийн түшээ гэж ч хэлдэг. Энэ бүхнээс улбаатайгаар алдаршиж, олонд танигдаж эхэлж байгаа юм. Эцсийн үр дүн нь өлөн хоосон монголчууд хоорондоо алалдаад үлддэг. Өнөө популизм хийсэн нөхөр учир мэдэхгүй ард түмний дунд “Шударга хүү” гэсэн нэртэй үлдэж байна. Дараа нь дахин сонгогдож байна. Ард түмэн ядуурлаас гардаггүй. Тэгэхээр популизм хийсэн хүндээ тус болно уу гэхээс бусдад нь байнга ус болдог үйл ажиллагааны гол эх үүсвэр нь УИХ хэдүйн болжээ. Дээр дурдсан жишээнээс гадна өөр жишээг хэлье. Эдийн засгийн өршөөлийн хуулийг хэлэлцье гэж ярилцсан. Энэ үед УИХ-ын тулхтай гишүүдийн нэг Д.Дэмбэрэл үг хэлэв. Хувьдаа бизнестэй гишүүд энэ хуулийг хэлэлцэж болохгүй. Яагаад гэвэл эрх ашгийн зөрчилтэй гэж тэр хэлсэн. Өнгөц харахад их шударга мэт энэ үг яг амьдрал дээр нийгмийн сэтгэл зүйгээр тоглож буй тоглолт, популизм мөн юм. 1921 оноос эхтэй баян, ядуу гэсэн сэтгэлгээгээр хэлж байгаа үг. Баячууд муу, ядуучууд сайн гэсэн сэтгэхүйгээр ярьж, нийгмийг хувааж байгаа хэрэг юм. Нийгмийг баян-ядуу хэмээн хагаралдуулж өөрөө шударга болж харагдаж байгаа юм. Хариуд нь Р.Гончигдорж гишүүн үг хэлсэн. Тэр “Баян хоосон гэж ялгаад яахав Дэмбэрэл гишүүн ээ. Бүгд л ажиллаж, хөдөлмөрлөж, зүтгэж байгаа хүмүүс. Та бид хоёрын хувьдаа бизнесгүйг бүгд мэднэ. Хэдий болтол ингэж ялгаж хооронд нь хагаралдуулах юм бэ. Бидний энэ хэрүүл популизм, нийгмийн сэтгэл зүйд яг энэ чигээрээ бууж нийгмийг хагалан бутаргаж байдаг. Үүнийгээ одоо болих хэрэгтэй” гэж хэлсэн.
Тэгэхээр УИХ-ын гишүүдийн популизм хийхийг нь болиулахын тулд УИХ-ын чуулганыг хаалттай хийж байх хэрэгтэй байна. Х.Тэмүүжин сайдад охидууд захидал бичсэн, бичээгүйг хэлэлцэхдээ хаалттай хийж маяглаж байхаар улс орны эрх ашигт амин чухал болоод байгаа Ашигт малтмалын хууль, Гэмт хэргийн тухай хууль, Эдийн засгийн өршөөлийн тухай хууль, Өмч хөрөнгө эзэмших эрхийн тухай хууль гэх мэт гишүүд ядуучуудыг өмөөрсөн нэр зүүж, шударга харагдах болно хэмээн горьдож байгаа хуулиудыг туушинд нь хаалттай хэлэлцэж байх нь улс орны эрх ашигт хэрэгтэй, зөв үйл хэрэг болох гээд байна. Телевизийн камер, сэтгүүлчдийн микрофон харахаараа хяналтаа алддаг гишүүд дийлэнх олонхи болчихсон энэ цаг үед нээлттэй хэлэлцээд ямар ч амжилтад хүрэхгүй нь. Эх орон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдөө санаачилга гаргаж, уриалж, ихэнх тохиолдолд хаалттай явуулж байх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол наад амбиц нь хэтийдсэн улстөрчид чинь улс орны хувь заяагаар тоглож дуусгах нь байна шүү. Баатар Бат-Үүлийн нэгэнтээ хэлж байсан Байнгын хороодыг хаалттай хуралддаг болгоё гэсэн санал зөв байж. Гэхдээ чуулган нээлттэй болохоор энэ нь ямар ч нэмэргүй. УИХ нь үнэн хэрэгтээ “Эх оронч” хэмээх жүжгийн театр, гишүүд нь “Шударга хүү” гэсэн жүжигчид болоод хувирчихсан байна. Босоо хэмээх С.Ганбаатар гишүүнийг би л хувьдаа гэртээ босоо зогсоод юм ярьдаг гэхэд итгэхгүй байна. Түүнийг байнгын хороон дээр сууж ярьж байхыг олон харсан учраас би ингэж хэлж байна. Зүгээр л жүжиглэлт, дээрх “Шударга хүү” гэсэн жүжгийн гол дүрд тоглож байгаа хэрэг шүү дээ.
Чуулганы хуралдааны мэдээллийг УИХ-ын хэвлэлийн алба нь мэдээлдэг байя. Гишүүд өөрсдөө УИХ-ын чуулганы дараа хэвлэлийнхэнд хандаж хэвлэлийн бага хурал зарладаг нь нээлттэй байх хэрэгтэй. Ингэж чуулганыг дэг журамд оруулахгүй бол хэвлэлийн бид хөөс сахарсан популистуудын жүжгийг 20 жил үзлээ. Амьдрал огт дээшилсэнгүй. Амьдралыг доош нь чангаадаг газар нь УИХ болчихоод байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Буянт-Ухаа1 хорооллын үлдсэн 224 байрыг хэрхэхийг Засгийн газар шийднэ

Төрийн орон сууцны корпорацийн Маркетинг борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Од “Хагас галзуу юм шиг л сууж байна” гэв.  “Буянт-Ухаа1” хорооллын сугалаанд оролцогчдоос байранд орох эрх авсан нэг нь баяртай, аваагүй нэг нь гомдол санал тээн Төрийн орон сууцны корпорацийг зорьцгоож байна. Олон хүн сугалаанд хожсон эсэхээ лавлахаар энд иржээ. Сугалаанд аз таараагүй хүмүүсийн хувьд үлдсэн 224 байрыг яах бол хэмээн сонирхож буй. Энэ талаар Т.Гэрэлт-Одоос лавлав. 9094 хүн ТҮЦ машинаар бүртгүүлсэн тухай ТОСК-ийнхан өмнө нь мэдээлж байсан. Гэтэл сугалаанд оролцох эрхтэй хүмүүсийн тоо 5935 буюу харьцангуй доогуур гарсан нь ямар учиртайг түүнээс мөн асуулаа. 

-Залуу гэр бүлийн 42.32  м кв байрны хувьд гэхэд 48 хүн бүртгүүлснээс 26 хүн журмын шаардлага хангасан. Ийм байдлаар захиалагчдын тооноос байрны тоо илүү гарсан. Үлдсэн байранд иргэдийг мэдээж оруулна. Өнөөдрөөс эхлээд худалдаж авах байрныхаа давхар, хаалгыг иргэд сонгож байгаа. 45 хоногийн хугацаанд  урьдчилгаа төлбөрөө төлөөд, гэрээгээ хийх учиртай. Банкны зээл хөөцөлдөх 60 хоногийн хугацаа бий. Эдгээр төлбөрүүдийг хугацаандаа  хийж чадаагүй тохиолдолд гэрээ цуцлагдах юм. Эндээс байр үлдсэн тохиолдолд үлдсэн байруудыг бүгдийг нийлүүлж байгаад хэрхэхийг манай саналыг харгалзан, Засгийн газар шийдвэр гаргах юм гэлээ. Тавдугаар сарын 23-нд Буянт-Ухаа1 хорооллыг гүйцэтгэгчээс нь  хүлээж авах аж. Сугалаагаар байр авах эрхтэй болсон 5935 хүний 946 нь төрийн албан хаагч бол залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 594 болжээ. 

Б.Эгшиглэн      

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гамшгийн үед мэдээлэл түгээхээс гадна олон нийт хэрхэн хүлээж авч байгааг тандах нь чухал

“Та хэвлэлд юу бичихийг хянаж чадахгүй байж болно, харин амаа хянаж чадна” хэмээн ДЭМБ-ын Зүүн бүсийн Эрсдлийн  үеийн мэдээлэл харилцаа холбоо хариуцсан зөвлөх Жой Равика Каминейд манай засаг захиргааны ажилтануудад  зөвлөж байна.  Тэрбээр олныг хамарсан өвчлөл, гамшгийн үед мэдээлэл харилцааны ямар стратеги барих талаар Эрүүл мэндийн яаманд төрийн албан хаагчдад “номын дуу” сонсгосон юм.   Энэ үеэрээ Жой  Хятадад гарсан H7N9  вирусын халдварыг жишээ болгов.  Халдвар гарч эхлэхэд хэвлэлээр шуугисан.  Гэхдээ яг ямар өвчин болохыг эцэслэж тогтоогоогүй. Ямар хариу гарсаныг, яагаад хүн нас барж байгаагийн учир шалтгааныг хүмүүс мэдэхийг хүсч байгаа.  Иймэрхүү үед юу хийх ёстой вэ. Хүн бүр аливаа мэдээллийг өөр өөрийн өнцгөөр хүлээж авдаг.  Эрсдэл гэдгийг мэргэжлийн хүн учруулсан хохирлоор тооцдог байхад жирийн хүмүүс хэр зэрэг айдас төрүүлж байгаагаар нь үнэлдэг. “Хэрэв ханиаднаас болоод халуурч байгаагаа мэдэж байвал та айхгүй. Харин энэ үед  үл мэдэгдэх өвчнөөс болж халуурах тохиолдол их  байгаа талаар мэдээг сониноос уншвал та айх нь аргагүй” хэмээн Жой зөвлөх эрсдлийг ангилж  байна. 

 Үер усны аюулыг олон нийт  байгалийн гамшиг учраас яах ч аргагүй хэмээн харьцангуй хүлээцтэй ханддаг бол “Химийн бодис задраад, хордлого үүссэн гэвэл илүү ууртай  хүлээж авдаг” талаар тэр ярив. Учирсан хохирлыг буцааж болох бол хүмүүс  тайван хүлээж авна. Жишээлбэл үсийг чинь буруу тайрчихвал “За яахав дээ ургачих юм чинь” гэх бол “Чихийг чинь  сэт авчихвал ургуулж болохгүй учраас ноцтой хүлээж авах нь аргагүй”. Өөрөөр хэлбэл гамшгийн үед олон нийт  мэдээллийг яаж хүлээж авч байгааг тандах нь чухал гэж Жой онцолж байна лээ. Эрсдлийн үеийн мэдээлэл харилцаа гэдэг нь  засаг захиргааны мэргэжилтэнүүд, олон нийт харилцан мэдээлэл солилцсоны дүнд  хүмүүс өөрсдийнхөө төлөө ямар нэг арга хэмжээ авах боломжтой болохыг хэлнэ. Мэдээллийг хүмүүс хэрхэн хүлээж авч, ямар хариу урвал үзүүлж байгааг тандаад мэдээгээ олон нийтийн сэтгэл зүйд тохируулан шинэчилж байх хэрэгтэй. Олон нийтийн сэтгэл зүй бүрдэхэд хэвлэл мэдээлэл гол нөлөө үзүүлдэг учраас хэвлэлийнхэнтэй ажиллахаа мартаж болохгүй. 

Эрсдлийн үеийн харилцаа холбооны стратеги боловсруулахдаа эрсдэлийн хэмжээ, хүмүүсийн хүлээж авах хандлагыг тооцох учиртай. Эрсдэл бага, хүмүүс ч тоохгүй бол хамтрагч харилцагч байгууллагуудтай мэдээлэл солилцоод өнгөрч болно. Гэтэл эрсдэл их байхад хүмүүс айхаа мэдэхгүй үе ч байдаг гэнэ. Филиппинд ийм юм тохиолджээ. “Далайн шуурга болно, өндөр газраас холдоорой” гэж сэрэмжлүүлсээр байхад хүмүүс байдаг л нэг далайн шуурга биз хэмээн тоохгүй өнгөрчээ. Ийм үед хүмүүсийг айлгаж, сэтгэл хөдлөлийг нь дээд түвшинд аваачихуйц  өнгө аясаар ухуулга сурталчилгаа хийх хэрэгтэй юм байна. Дараагийн илүү ноцтой үр дагавараас зайлсхийхийн тулд  шүү дээ. Эрсдэл багатай үед хүмүүс уур хилэнтэй хүлээж аваад байвал  тайвшруулах аястай  стратеги барих учиртай. Яагаад эрсдэл бага байгааг баримтаар нотлон харуулах нь зөв.

 Эрсдэл ч өндөр, хүмүүсийн айдас ч өндөр үед яах вэ. Энэ тохиолдолд яг юу болоод байгааг дэлгэрэнгүй тайлбарлаж, хүмүүсийн сэтгэл зовж байгааг мэдэрч байгаагаа илэрхийлэх аж.  Юу болоод байгааг бид нар ч, та нар ч мэдэж байна, хамтдаа даван туулъя гэдэг бол ийм л үед хэлэх үг. Харин энхийн цаг буюу эрсдэл бага хүмүүс ч тайван үед хүн амын дунд юу яригдаж байгааг тандаж, хүмүүсийн сэтгэлийг түгшээж болох зүйлсийг илрүүлж, намжаах арга хэмжээ авна. 

Мэргэжлийн байгууллага болон олон нийтийн харилцаанд итгэлцэл эрсдэлийн үеийн харилцааны гол суурь гэлээ.  “Харин олон нийт засаг захиргааны мэдээлэлд итгэхгүй бол яах вэ” гэж ДЭМБ-ын зөвлөхөөс асуусан юм. Хонгор суманд гарсан мөнгөн усны хордлогын үеэр эрх баригчид “Хонгор хордоогүй” гэж хэчнээн хэлээд хүмүүс итгэж өгөөгүй шүү дээ.  “Арьсаа хамгаалах гэж ингэж хэлж байна” гэж олон нийт хүлээж авч байгаа бол яах вэ? 

-Энэ бол маш хэцүү, шийдвэрлэхэд амаргүй зүйл. Итгэлцэл гэдэг маш чухал. Итгэлцэл  урт хугацааны туршид бий болдог. Итгэл алдарсан үед буцаагаад итгэл олж авах амар биш. Эрсдэлээ бодитой үнэлж чадсан бол  мэдээллийг иргэддээ аль болох шуурхай хүргэх хэрэгтэй. Хүмүүс яагаад итгэхгүй байгааг танд. 2012 онд Камбожид бага насны хүүхдийг хамарсан, өндөр нас баралттай  нууцлаг өвчин гарсан. Таваас доош насны хүүхдүүд өдөрт хэд хэдээрээ нас барж байлаа. Хэвлэлийнхэн “Камбожийн бага насны хүүхдүүдийг шийтгэсэн нууцлаг шинэ өвчин гарлаа” гэж мэдээлсэн.  Эцэг эхчүүд маш их бачимдаж хүлээж авсан. Олон улсын нэр хүнд бүхий мэдээллийн хэрэгслүүд хүртэл газар дээрээс нь сурвалжлахаар очсон юм. Үнэндээ тэр нь бага насны хүүхдэд нийтлэг тохиолддог гар, хөл, амны өвчин байсан. ДЭМБ Камбожид туслахаар очсон.  Одоог хүртэл энэ нь хүүхдүүдийн дунд нийтлэг тохиолддог өвчин гэдгийг ойлгуулахаар ажиллаж байгаа” гэв.       

Эрсдэлийн үеийн харилцааны талаар буруу ойлголтууд бий. Болж байгаа үйл явдлыг мэдээлчихвэл эмх замбараагүй байдал үүснэ гэсэн болгоомжлол байдаг. Гэтэл мэдээллийг цаг алдалгүй өгч байхад олон нийтэд итгэл төрдөг. Эсрэгээрээ бодит мэдээлэлгүй байх нь олон нийтийн бухимдлын шалтгаан болох нь бий. Дараагийн ташаа ойлголт нь тодорхой гарц олдсоны дараа, бүх юм тодорхой болсны дараа хүмүүст мэдээлэл өгнө гэдэг. Юу хийх, ямар арга хэмжээ авахаа их ч, бага ч мэдэж байсан мэдээлэл өгөх л ёстой. 

Анагаах ухааны нарийн ойлголтыг жирийн хүмүүс ойлгохгүй гэсэн хандлага байдаг. Үнэн хэрэгтээ  орчин үеийн хүмүүс таниас ч нарийн мэдээллийг судлаад мэдчихсэн байх нь олонтаа. Мэдээллийг буруу түгээсэн жишээнүүд ч бий. Хэт олон мэргэжилтэнээр яриулж, хэт олон төрлийн мэдээлэл өгч хүмүүсийг төөрөгдүүлдэг. Мэдээлэл хоцроход ноцтой байдал үүснэ. Сайн боловсруулсан төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Хүмүүсийн сэтгэл зовнилыг ойлгож байгаа гэдгээ яриандаа  илэрхийлж бай. Бид чадна. Туршлагатай мэргэжилтэнүүд ажиллаж байгаа гэдгийг хэлээрэй хэмээн ДЭМБ-ын зөвлөх Жой зөвлөсөн шүү.

Б.Янжмаа             

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх Монгол Улсын хилээр оргон зугтжээ


-“Н¿¿рс” хºтºлбºрººс
олон тэрбумын ашиг олоод зогсолг¿й, алдагдалтай ажиллалаа хэмээн Засгийн газрын
нººц хºрºнгººс 854 саÿ тºгрºгийг гаргуулж ав÷ээ-

Ерөнхий сайд Н.Алтан­хуягийн
ахлах зөвлөх Л.Гансүх  долоо хоногийн өмнө
хилээр оргон зугтсан байна. Оргон зугтсан гэж хэлж байгаагийн учир нь түүнд Авлигатай
тэмцэх газрынхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлмэгц тэр­бээр гадаадад гарсан
гэдгийг про­курорын байгууллагын эх сурвалж хэллээ. Л.Гансүхийг шинэчлэлийн Засгийн
газ­раас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн ахлагчаар ажил­лаж байхдаа ард иргэдэд
сайн чанарын нүүрс нийлүүлэх нэрээр төрийн хөрөнгийг хувь­даа завшиж, олон мянган
иргэдийг хохироосон гэж үзэж байгаа аж.

“Нүүрс” хөтөлбөрийг
хэрэг­жүүлэх ажлыг хийхдээ ямар нэгэн тендер зарлалгүйгээр “Эм Жи Эл Эс Би” компаниар
дүүрэг, хороодод  нүүрс хүргэх ажлыг хийлгэсэн
гэнэ. Энэ компанийг түүний охин Г.Цэрэнжагзан удирддаг юм бай­на. Охиныхоо компанийг
ямар ч тен­дер зарлалгүй “Нүүрс” хө­төлбөрт оруулсныхаа дараа тэрбээр “Эм Жи Эл
Эс Би  Ди” гэх мэт ижил нэртэй аж ахуйн нэгжүүдийг
байгуулжээ. Энэ аж ахуйн нэгжүүдээр дам­жуулж төрийн өмчит Бага­нуур хувьцаат компаниас
нэг тонн нүүрсийг 27 мянга 500 төгрөгөөр худалдаж авах гэрээ хийсэн байна.  Гэрээний дагуу нийлүүлсэн нүүрсний нэг тонн тутмыг
80 мянган төгрөгөөр зарж борлуулжээ. Нүүрсний үнэ анхны үнээсээ гурав дахин нэмэгдэж
ард иргэдийн гарт очсон аж.  Сайн чанарын,
үнэ хямд нүүрс олгох уриатай “Нүүрс” хөтөлбөрийн дор Л.Гансүх  олон тэрбум төгрөгийн ашиг олсон гэж хуулийнхан
үзэж байгаа юм байна. Тэгсэн атлаа “Нүүрс” хөтөлбөр алдагдалтай ажиллалаа” хэмээн
Засгийн газрын нөөц хөрөнгөөс 854 сая төгрөгийг гаргуулж авахаа ч Л.Гансүх мартаагүй
гэнэ.

Мөн өөрийн байгуулсан
ижил нэртэй аж ахуйн нэгжүүдээрээ дамжуулан “Багануур”  хувьцаат компаниас авсан  нүүрсээ 
өөрийн улс төрийн хүрээний болон иргэн аж ахуйн нэгжүүдэд зах зээлийн үнээр
худалдан борлуулж ашиг олсон нь баримтаар тогтоогджээ. Энэ хэрэгт нь эрүүгийн хэрэг
үүсгэн, түүнтэй холбоотой гэх болон охиных нь компани, ижил нэртэй аж ахуйн нэгжийг
нь  шалгаж эхэлмэгц тэрбээр ийн Монгол Улсын
хилээр гарч оргон зайлсан гэж хуулийн салбарынхан үзэж буй бололтой.

Шинэчлэлийн Засгийн
газар  “Нүүрс” хөтөлбөрийг  2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Тэр үед нүүрс
буулгаж, уутлах ажлыг иргэдэд сарын 800 мянган төгрөгийн цалинтай ажиллуулж байв.
Дараа жил нь буюу өнгөрсөн жил Зэвсэгт хүчний цэрэг дайчдаар уг ажлыг хийлгэж эхэлсэн.
Ингэхдээ нэг цэрэгт өдрийн 20 мянган төгрөгөөр тооцож, сарын 600 мянган төгрөгөөр
ажиллуулахаар тохирсон гэдгийг “Нүүрс” хөтөлбөрийг ахалж буй Ерөнхий сайдын ахлах
зөвлөх Л.Гансүх  өнгөрсөн жилийн арван сард
хэлж байв.  800 мянган төгрөгөөр цалинжуулж
байсан иргэд ажилдаа хариуцлагагүй хандаж, сэтгэл дутсан үйлчилгээг иргэдэд  үзүүлж төрийн нэрээр зохион байгуулж буй ажлын
нэр хүндийг унагаасан. Түүнчлэн ажлын цаг баримтлахгүй, ажил хийдүүлэх тохиолдол
ч цөөнгүй гарсан тул санхүүгийн алдагдалд оруулсан. Иймд цэргүүдийг дайчлахаар болсон
гэж тайлбарлаж байв.  Багануурын уурхайгаас
татаж байгаа нүүрсийг нэг тонныг нь 80 мянган төгрөг, 40 кг-ын шуудайтай нүүрсийг
3200 төгрөгийн үнэтэйгээр тус бүр нийлүүлж байсан. Хямд үнэтэй нүүрс нийлүүлэгдээд
эхлэхээр өндөр үнээр борлуулагдаж байгаа нүүрсний үнэ буурна гэж уул уурхайн салбарынхан
үзэж буйгаа ч хэлж байв. Гэвч энэ бүхний ард Ерөнхий сайдын  ахлах зөвлөх төрийн нэр хүндтэй ажлыг амжуулах
нэрийдлээр өөрөө дундаас нь ашиг олж байсан хэрэг нь ийн олонд ил болж байна.

  2012 онд 95.4 тонн нүүрс нөөцөлж иргэдийн хэрэгцээ,
хүртээмжийг хангах үүднээс талоноор тарааж байсан гэж “Нүүрс” хөтөлбөрийнхөн мэдэгдэж
байсан. Харин өнгөрсөн жил 800 тонныг нөөцөлсөн тул иргэдийн хэрэгцээнд хангалттай
хүрэлцэнэ хэмээгээд талон тараагаагүй байна.

Л.Гансүхийн энэ
хэрэгт түүний охин Г.Цэрэнжагзан мөн татагдаад буй гэнэ.

Засгийн газрын
хэвлэл мэдээллийн албанаас Л.Гансүх ямар ажлаар 
гадаад явсныг асуухад ”Ажилдаа ирэхгүй байгаа, өвчтэй. Гадаадад байгаа” гэсэн
товчхон хариултыг өглөө.

Г.Ялгуун

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МИАТ компани шинэ онгоцоо хүлээн авлаа

Монголын үндэсний агаа¬рын тээвэрлэгч “МИАТ” компани дахин нэг онгоцоо хүлээн авлаа. АНУ-ын “Боинг” үйлдвэрт захиалан хийлгэсэн шинэ загварын “Боинг 737-800” загварын онгоц өнгөрсөн бямба гаригт  “Чин¬гэс хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд АНУ-д айлчлахдаа “Боинг” компаниас гурван ширхэг агаарын хөлөг худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Үүний дагуу “МИАТ” компани  өнгөрсөн онд “Боинг 767-300” загварын онгоцыг худалдан авсан. Түүнчлэн ирэх онд дахин нэг Боинг онгоц, 2016 онд хоёрыг ава­хаар төлөвлөсөн байна. Ийн¬хүү тус компани 2020 он хүртэл нийт онгоцныхоо 70-80 хувийг шинэчлэхээр төлөвлөжээ. 

Өнгөрсөн амралтын өдөр хүлээн авсан  “Боинг 737-800” буюу “Гүег хаан” онгоц нь 12 бизнес зэрэглэлийн суудал, 150 энгийн суудалтай. Шатахуунаа цэнэглэхгүйгээр 6-7 цагийн турш нисэх хүчин чадалтай юм. Мөн тус онгоцоор зорчиж байх үед “Inflight Entertaiment” дэлгэцээр кино, дуу зэргийг тухлан үзэж, тэнгэрийг санагдуулам цэнхэр өнгийн лед гэрлийн засал чимэглэлтэй орчинд аялах боломжтой аж. 

“Гүег хаан” онгоцыг хүлээн авах ёслолын үеэр “МИАТ” компанийн захирал Г.Жаргалсайхан “Өнөөдөр “Боинг 737-800” шинэ онго¬цоо хүлээн авснаар үйлчлүүлэгч¬дийнхээ аюулгүй, тав тухтай, найдвартай байдлыг хангах боломж илүү нэмэгдэж байна. Тун удахгүй манай байгууллага парк ашиглалтын хувьд бүх онгоцоо шинэчлэх болно.Ингэснээр олон улсын бусад авиа компаниудтай өрсөлдөх чадвартай болж байгаа”  гэсэн юм. Өнөөгийн байдлаар “МИАТ” компани нь таван онгоцтойгоор Улаанбаатар-Бээжин, Хонконг, Сөүл, Токио, Москва, Берлин рүү шууд, Сингапур, Хайнань, Чежү, Нагоя, Ояката, Фукуока руу дамжин нислэг үйлддэг. Харин аравдугаар сараас Сингапур руу шууд нислэг үйлдэх талаар Г.Жаргалсайхан мэдээлж байв.

Шинээр авсан дундын зайны “Боинг737-800” онгоцыг 12 жилийн хугацаатайгаар түрээсийн зарчмаар  авчээ. Тус онгоцоор ирэх сарын 19-нөөс нислэг үйлдэхээр төлөвлөж буй гэнэ. “Гүег хаан” онгоцыг АНУ-аас Нислэгийн хэлтсийн багш нисгэгч З.Энх-баяр тэргүүтэй нислэгийн багийнхан авчирч ирсэн. Тэд АНУ Сиэтл хотоос, Анкореж, ОХУ-ын Магадан хотуудаар дамжин Улаанбаатар хотноо газарджээ. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газрын үнэт цаастай холбоотойгоор гаргасан ҮАБЗ-ийн зөвлөмжид юу багтав

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл тавдугаар сарын 6-ны өдөр хуралдаж Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тухай зөвлөмжийг гаргажээ. Үүнийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Зөвлөмжид “Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тухай” гэж тодотгоод Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Засгийн газрын “Чингэс” үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тухай Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын илтгэлийг хэлэлцээд зөвлөмж болгох нь гэжээ.

Нэг. Монгол Улсын Их Хуралд:

1. “Чингэс” үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгийн зарцуулалт, санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөрийн сонголт, түүнд тавьж буй хяналтын үйл ажиллагаанд аудит хийлгэж, дүгнэлтийг авч хэлэлцэн шаардлагатай шийдвэрийг гаргаж ажиллах.

Хоёр. Монгол Улсын Засгийн газарт:  

1. Засгийн газрын үнэт цаасыг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн улсын нэгдсэн төсөвт оруулан тооцох асуудлыг боловсруулж УИХ-д оруулан шийдвэрлүүлэх.

2. “Чингэс” үнэт цаас, Хөгжлийн банкны үнэт цаасыг эргэн төлөх хуваарь, эх үүсвэр, зарцуулалтыг тодорхой болгож улсын төсөвт хэт ачаалал үүсэхээс сэргийлэх зорилгоор 2015, 2016, 2017 оны улсын төсөвт шаардлагатай хөрөнгийг тусгах.

3. Засгийн газрын үнэт цаасны хөрөнгөөс санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрт олгосон зээлийн эргэн төлөлтийг эзэнжүүлэх.

4. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 28/20 дугаар зөвлөмжийн 2.5-д заасан Бодлогын зөвлөлийг татан буулгах.

5. Цаашид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 28/20 дугаар зөвлөмжийн заалтуудыг чанд баримтлан ажиллах, уг зөвлөмжийн 1.1-д заасан эрх зүйн орчинг бүрдүүлэх арга хэмжээг шуурхай авах.

6. Засгийн газрын үнэт цаасны хөрөнгийн зарцуулалтын талаар УИХ-ын чуулганд болон холбогдох байнгын хороонд тайлагнаж байх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр тогтмол хангаж байх. 

7. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 28/20 дугаар зөвлөмжийн 2.4 -ийн заалтыг биелүүлээгүй албан тушаалд хариуцлага тооцох.

8. Хөгжлийн банкны үнэт цаас гаргах, арилжих, зарцуулах, зээл олгох үйл ажиллагаанд хяналт тавьж, уг банкнаас гаргасан үнэт цаасны арилжаа, зарцуулалт, эргэн төлөлт, эх үүсвэрийн талаар УИХ болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тухай бүрт нь танилцуулж байх.

Гурав. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргад: 

1. Засгийн газрын үнэт цаасны талаар гаргасан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бүх нийтээр мод тарив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ. Эл зарлигийн дагуу өчигдөр Монгол орон даяар мод тарих үндэсний өдрийг тэмдэглэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр мод, бут тарих хөдөлгөөн өрнүүлэв.
 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Налайх дүүрэг дэх Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн өмнөх талбайд мод тарьсан юм. 2010 онд жилд хоёр удаа бүх нийтээр мод тарих зарлиг гаргаснаас  хойш зургаан сая мод суулгажээ. Хамгийн багаар бодоход түүний 65 хувь нь ургасан байна.  Мөн бүх аймгийн төв өөрийн цэцэрлэгтэй болж, Улаанбаатар хотын хувьд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулсан юм. Уржнан жилээс “Дөрвөн зүг, найман зовхис” гэсэн санаачилга гарч Улаанбаатараас дөрвөн зүгт гарч байгаа засмал замын хажуугаар мод тарьж эхэлсэн. Нийт 40 гаруй км газарт мод тарьсан байна.

Э.Номин

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Алтанбагана: Шатаж байсан байшинд ортол орон дээр жаахан хүүхэд уйлаад сууж байсан

Энэ сарын 4-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 40 дүгээр гудамжны 12 тоотод гал түй­мэр гарч байхад гэртээ байсан гурван хүний амь насыг Ч.Алтанбагана гэх за­луу аварчээ. Тэрээр Аврах гал унтраах 56 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, онцгой байдлын ахлах ахлагч цол­той нэгэн аж. Тухайн өдөр амралттай байсан гэнэ. Гал 20.30 цагийн үед гарсан юм байна. Энэ үед Ч.Алтанбагана гэр­тээ хоолоо идээд сууж байж. Гадуур явж байсан хүмүүс шуугилдаад айл шатаж байна гэж хашгирах чимээнээр гэрээ­сээ гартал хөршийнх нь байшин шатаж байжээ. Ингээд Ч.Алтанбагана иргэний үүрэг, төрийн тусгай алба хааг­чийн нэр төрийг өндөрт өргөж галын аюулаас гурван настай Б.Сүлдхүү, түүний эмээ Б.Нямдаш, найз Д.Алтанцэцэг нарын алтан амийг аварчээ. 

Ч.Алтанбаганатай хол­богдож болсон явдлын талаар тодрууллаа. 


-Гурван хүний амь авар­санд баяр хүргэе?
-Баярлалаа.
-Та Онцгой байдлын га­зарт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
-Би 1997 онд тухайн үед Гал команд гэж байхад нь энэ албанд орсон. Аравдугаар ангиа төгсөөд л аврагч болсон.
-Энэ сарын 4-нд юу болсон талаар ярихгүй юу?
-Тэр өдөр би амралттай байсан юм. Гадуур ажил хөөцөлдөж яваад гэртээ ирж хоолоо идээд сууж байлаа. Тэгтэл хажуу талын айл шатаж эхэлсэн. Ажил руугаа дуудлага өгчихөөд хашааг нь давж ороод байшин руу гүйгээд ортол орон дээр жаахан хүүхэд уйлаад сууж байсан. Хүүхдийг тэврээд гарах гэтэл цаана нь настай эмэгтэй байх шиг харагдсан. Хүүхдийг гадаа байсан хүмүүст өгчихөөд буцаж ороод тэр хүнийг гаргасан. Тэгтэл дахиад нэг хүн үлдсэн байсан юм. Тэр хүнийг бас аварсан. Хоёр том хүн нь утаанд угаартаад унтчихсан шинжтэй байсан л даа. Чухам юунаас болж гал гарсныг мэргэжлийн хүмүүс л тогтоох байх.
-Галаас аварсан хүмүүс тань танд талархал илэрхийл­сэн үү. Аврагч хөрштэй бай­сандаа баярлаж байгаа байх даа?
-Манай байгууллага дээр ирж талархаж байгаагаа илэрхийлсэн.
-Танд Орхон аймгийн удирдлагын зүгээс баяр хүргэсэн гэв үү?
-Үгүй ээ. Тийм юм болоогүй л байна. Манай байгууллага надад цалингийн урамшуулал олгосон. Би аврагч мэргэжилдээ хайртай. Өөрийнхөө хүсэл сонирхлоор ийм мэргэжил эзэмш­сэн. Хүний амь нас, эд хөрөнгийг аюул гамшгаас хамгаалдаг сайхан мэргэжил шүү.
-Та хэдэн настай вэ?
-34 настай. Аврагчийн ажил хийгээд 17 жилийнхээ нүүрийг үзэж байна. Ирэх сарын 20-нд Онцгой байдлын албаны 10 жилийн ой тохиох юм. Онцгой байдлын албаны нийт ажилтан, албан хаагчдадаа ойн баярын мэнд хүргэж, ажил төрөлд нь өндөр амжилт, амьдралд нь аз хийморь хүсч байгаагаа танай сониноор дамжуулан илэрхийлж байна.  

Д.САРУУЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайн тэмээчин, сайн бууртай бол тэмээн сүрэг бүтэн


Нэг. Ардчилсан намын ”түрхийдэг” өвчин
Өнөөдөр Монгол төрийн гурван өндөрлөгт гурвууланд нь Ардчилсан намын лидерүүд сууж байгаа. Монголчууд коммунист дэглэмээсээ салаад 25 жил болж байж анх удаа Ардчилсан намд бүрэн итгэн УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийг нь Ардчилсан намд бүрэн шилжүүлсэн юм. Гэтэл Ардчилсан намын франкцууд дотроо алалцаад эхэллээ. Уг нь нэг зорилготой, нэг зовлонтой, нэг мөрийн хөтөлбөрт уягдсан Ардчилсан намынхан наанадаж нэр нүүрээ бодож, цаанадаж олны итгэлийг санаж яаж ийгээд л дөрөвхөн жил хоорондоо ноцолдолгүй тэсээд өнгөрөх ёстой. Ардчилсан нам дотроо хагарна шүү, хагардаг, бутардаг, хоорондоо ноцолдож, бие биенээ шорон гянданд явуулдаг “түрхийдэг“ хууч өвчтэй шүү. Энэ өвчин л Ардчилсан намыг нэг ална гэж мөн ч олон хэлсэн дээ. Энэ түрхийдэг өвчнөөр 1996-2000 онд анх өвдөж дөрвөн Засгийн газрын толгой аван, хэдэн сайдаа казиногийн хэргээр шоронд явуулж,  зарим нь алагдаж байж сонгуулийн хугацааг арай хийж дуусгасан гашуун түүх байдаг юм. Ардчилсан намыг ингээд хоорондоо ноцолдоод байхаар нь сонгогчид итгэл алдарч эргээд л хуучин МАН-ыг сонгочихдог. Ардчилсан намын  өвчин нь хөдлөөд эхлэв. Бүр цаашаагаа Засгийн газрыг огцруулах, хуулийн сайдыг шоронд явуулах дээрээ тулаад ирлээ. Хууль зүйн салбарыг шинэчилнэ гэж ам өгөн гарч ирсэн Ерөнхийлөгчийн шадар жанжнууд  Засгийн газар, Хууль зүйн сайд, Тагнуулын дарга, прокурор, цагдаагийн дарга, АТГ нь  хүртэл хоорондоо ноцолдоод бие биеэ уралдан ховлоцгоогоод ирлээ.  Тагнаж чагнасан, охид хүүхэнтэй орооцолдсон, би сайхан, тэр муухай гээд ёстой нэг олны шившиг боллоо. Цаашдаа Засгийн газар дэнжигнэж, хуулийн салбарын шинэчлэлт будаа болж, энэ Засгийн газрын гол имиж бүтээн байгуулалт яг зогсох дээрээ туллаа.
Ардчилсан намын дарга байна гэдэг, Ардчилсан намын Засгийн газрыг авч явна гэдэг үнэхээр хэцүү ажил.  Ардчилсан нам бол анхнаасаа таван нам нэгдэж “Чи МоАХ, Би Мудняк, Алтанхуяг Соцдек” гэж хэрэлдэж өссөн улс төрийн гурваас таван намын нэгдэл. Дээр нь Ардчилсан хүчний холбоо, ”Нэг ардчилал” гэдэг залуучуудын фракц үүсээд Н.Алтанхуягаас өөр хүн бол авч явахад бэрх олон толгойтой бууран тайлагтай том нам. Харин Н.Алтанхуяг асар их хүлээцтэй парагматек хүн тулдаа өдий хүртэл тараагаад алдчихалгүй сонгуульд оруулж, тараагаад алдчихалгүй нэг хөтөлбөр хэрэгжүүлж, тараагаад алдчихалгүй гол нурууг нь барьж, олон сонгуульд ялж  яваа Ардчилсан намыг хурааж бүтэн явуулж байгаа ”сайн буур” юм даа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж телевизээр  Монголын улс төрд үүссэн энэ  хямралт байдлын тухай сонгогчдодоо ингэж хэллээ. “Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй гэдэг.  Би даанч дээ энэ хэдийнхээ занг хэн нь ямар араншин гаргахыг мэдэлгүй дээ” гэж хэлсэн.  Ардчилсан намын  дарга Н.Алтанхуяг гэдэг буурны занга ч, хэдэн ингэ, ат тасдаж хөөгөөд байдаг Ардчилсан намын бууран тайлагнуудын занг, унах босох зовлон жаргал бүхнийг амталсан энэ Ерөнхийлөгч мэдэхгүй бол өөр хэн мэдэх вэ. Олон жил тэмээн сүргийн манлай явж өнгөрсөн сонгуулиар засуулчихсан МАХН гэдэг өвгөн буур хэнтэй ноцолдох гэж байгааг, МАН гэдэг буурны өнгөрсөн сонгуулиар хазуулсан шарх, сонгуульд  ялагдсаны ороо, өш, хонзон гараагүй байгаа зэргийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон жил тэмээ хариулсан сайн тэмээчин болохоор эднийгээ  мэдэлгүй яахав дээ.

Хоёр. Ерөнхийлөгч буурныхаа занг мэддэг сайн тэмээчин, Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч  сайн буур юм.
Хэнээс нь ямар араншин гарч хоорондоо ноцолдоод байгааг Ерөнхийлөгч сайн мэдэж байжээ. Ардчилсан намын зөрүүдлээд байгаа бүгдийг нь дуудаж ирээд үүрэгдсэн бололтой юм. Ардчилсан намын дур дураараа давхилдсан хуулийн том дарга ханд нь дарагдсан янзтай, УИХ-ын хаалттай хуралдаанд урвагархан сууж харагдсан. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг ч тэмээн сүргийнхээ гол нурууг сайн хураасан юм шиг.  Ямар ч гэсэн Ардчилсан нам дотор тэр дундаа хуулийн байгууллага дотор бий болсон хэрүүл, хараалыг намжаагаад авсан байна. Хэрвээ Ц.Элбэгдоржоос  өөр  Ерөнхийлөгч байж буурныхаа занг мэддэггүй тэмээчин байсан бол өдийд тэмээн сүрэг ч тарчихсан, Х.Тэмүүжин сайд ч огцорчихсон, Засгийн газар ч уначихсан байхыг хэн байг гэх вэ. 1996-2000 онд Ардчилсан намын бүлэг казиногийн гэдэг хилс  хэргээр сайдуудаа шоронд өгөхгүй гэсэн боловч өөрийн гишүүд нь урвасан, бас тэр үеийн Ерөнхийлөгч өнөөгийн Ерөнхийлөгч шиг хамгаалаагүй цааш нь явуулчихсаныг мэддэг хүн цөөхөн байх.  Сайн тэмээчин, сайн буур хоёртой бол тэмээн сүрэг бүрэн бүтэн тэнэгэр говь жаргалтай.

Гурав. Хамгийн дотно итгэлт хүнтэй нь алалцуулдаг харийн технологи

Монгол төрийн гурван өндөрлөг. Үндэсний аюулгүй байдлын гурван дарга, ер нь улс төр хийж явдаг бүх гишүүдэд нэг их харамсалтай мэдээ дуулгая. Би МАН-ын анхны Ерөнхий сайд Бодоогийн тухай ном бичих гэж элдэв өнгийн материал цуглуулж явна. Гэтэл  түүхийн харамсалтай баримт гарч ирлээ. Зөвлөлтийн тагнуулын албыг үндэслэгч, алуурчин Я.Г.Блюмкин, Г.Г.Ягодо гэсэн хоёр тагнуулч зохион байгуулан Бодоо, Шагдаржав, Лувсанцэвээн, Да лам Пунцагдорж нарыг хэлмэгдүүлэн нэг довон дээр Сүхбаатараар буудуулжээ. Ингэж  Ардын намын анхны долоог бие биенээр нь алуулсан байх юм. 1990 оноос хойшхи бүх Ерөнхийлөгч хуучин байсан намынхаа нөхөдтэй муудсан байна. Анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг МАХН-ын нөхөд нь хамгийн их жигшсэн. Н.Багабанди Ерөнхийлөгч, Н.Энхбаяр хоёр яалаа. Нэг ордонд, нэг намд  багтахгүй болсон. Дараа нь Н.Энхбаярт бүүр хүндээр тусаж шоронд орсон, хамгийн ойр тойрныхонтойгоо тангараг нь тонгорог болсон.  Та нар минь үүнийг анзаараач дээ. Аль ч намын ялгаагүй төрийн тэргүүнд гарсан, ялсан бүх нам, Ерөнхий сайдуудад энэ хор үйлчилж байна. Нэр цэвэр нам, нэр цэвэр намын дарга, нэр цэвэр Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, нэр цэвэр улс төрийн хүчин, нэр цэвэр  УИХ-ын гишүүд гэж байхгүй болголоо. Энэ хэнд ашигтай юм бэ. Энэ бол харийн тусгай алба сайн ажиллаж байна гэсэн үг биш үү. Намаас сонгогдсон Ерөнхийлөгч намаа өгөлгүй намын гишүүн хэвээрээ байдаг  тэр цагт энэ заваан технологи алга болно гэдэгт итгэлтэй байна. УИХ өдөржин хуралдаж Ерөнхий сайд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Хууль зүйн сайдаа шоронд өгөлгүй аваад үлдэж чадлаа.
 Ард түмэн нэгэнт Ардчилсан намыг сонгож төрийн гурван өндөрлөгөө өгсөн л юм бол дөрвөн жилд ажлыг нь хийлгэмээр байна.  Дуртай нэг гишүүн дургүй нэг сайдаа огцруулна гэж  элдэв үнэн, худал юм бичиж нийгмээр нь бужигнуулаад сар болохоор Засгийн газар хэдийд нь ажиллах вэ. Хамгийн гол нь монгол төрийг самууруулах харийн технологи яасан аймаар. Түүнийг ойлгохгүй манай улстөрчид бүүр хэцүү.  МАН-ынхан Х.Тэмүүжин сайдыг заавал огцрооно, Засгийн газрыг, төрийг хямраана гэж их өсөрхөж байна. Тэд яасан их заналтай, энэ хаанаас нь гарсан их хонзон бэ.  

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зурагтаар хардаг “Нарантуул” захыг энэ амралтын өдрүүдээр явж үзнэ

Ховд аймгийн Алтай сумын малчин Д.Содгэрэлтэй цөөн хором хөөрөлдлөө.

-Улаанбаатар хотноо “Баялаг бүтээгч залуу малчин” чуулга уулзалт болж байна. Энэ уулзалтад оролцсоноор ямар давуу талыг бүрдүүлж, ямар мэдээлэлтэй болж байна даа?

-Нутаг бүрийн, газар газрын малчид ирсэн байна. Би ч Ховд аймгийн Алтай сум, нутаг усаа төлөөлж ирлээ. Энэ чуулганаар үлийн цагаан оготнотой тэмцэхээс эхлээд цөлжилт, түүхий эдийн нийлүүлэлт, мал арчилгаа төрийн шийдвэр гээд мэдэж болох бүхэнтэй танилцаж байна. Тэр дундаа аймаг хошуудын малчидтай танилцана гэдэг улмаар малын удмын санг сайжруулж, наймаа холио хийх боломжийг нээж өгөх юм. Зуны цагт муухан уяа сойлго оролдож ойр тойрныхоо наадмыг хэсдэг мань мэтэд зүүн зүгийн адуу хэрэгтэй байгаа юм. Энэ мэтийг ч амжуулж болох бололтой.

-Алтай сумаар сонин сайхан юутай байна. Мал төллөж дууссан уу?

-Миний хувьд мянга арай хүрэхгүй таван хошуу малтай. Бүх төлөө хүлээн авчихаад Улаанбаатар хот руу хөдөлсөн. Өнгөрсөн өвөл, энэ хавар тун сайхан байлаа. Цаг тавиу байхаар цагаан оготно үржих хандлагатай. Ер нь хилийн цаанаас оготнын нүүдэл байгаа гэж нутгийн иргэд ярьж байна. Бас элсний нүүдэл гэж ярвигтай асуудал бий боллоо. Нэг хэсэг загийн ой ихтэй, заг элсний нүүдлийг барьдаг байсан ч нэгдэлжих хөдөлгөөний үеэр сургуулийн дотуур байранд заг, гишүүгээ түлээд нэлээд дундалсан. Уг нь үржүүлж ургуулж болдогсон бол загийн ойн аж ахуйг эрхэлж хуучин ургадаг байсан газарт нь суулгамаар байна. Гэхдээ удаан хугацаанд ургадаг учраас асуудал ихтэй гэх юм билээ. 

-Алтай сум бол хил дээр оршдог. Хилийн зөрчил маргаан хэр вэ. Хилтэй холбоотой асуудал малчдад хэр хүндрэл учруулдаг вэ?

-Манай өвөлжөө эх орны хилтэй нэлээд ойр. Харин зусландаа гарчихвал 150 орчим км холдчихдог. Бид л асуудал учруулахгүй бол, мал ахуйгаа хил давуулаад алдчихгүй бол бэрхшээл гэж үгүй. Өвөг дээдэс, аав ээжүүд маань хар хасгийн дайралтын тухай ярьдаг байсан. 1970 он хүртэл хилийн айлууд дайралтад өртөж ихээхэн зүдэрдэг байсан гэцгээдэг. Миний хувьд мал дагасаар 20 орчим жил болж байгаа учраас энэ тухай сайн мэдэхгүй. Миний мал маллаж байхын ямар нэгэн асуудал байгаагүй. 

-Нийслэл Улаанбаатар хотод олон ирдэг үү. Нийслэлийн өнгө төрх ямар байна даа?

-Улаанбаатарт өмнө нь ирж байсангүй. Бид чинь аймгийн төв орохдоо хүртэл бараг хонуут явдаг. Тэгэхээр Улаанбаатар энэ насандаа ирж үзээгүй хүмүүс ч олон. Харин цаашаа Хятадын суурин, тосгоноор  явж наймаа хийх тохиолдол олон байдаг. Гэрийн бүрээс, брезент гээд ахуйн хэрэгцээний эд агуурсаа тэндээс базаачихдаг. Хятадаар явж байснаас биш нийслэлдээ ирж байсангүй гэх үү дээ. 

-Улаанбаатартай хэр танилцав. Хөгжил, соёл ямар байна?

-Ярих юм алга. Сумын төв, Хятадын суурингаас өөрийг үзээгүй, малын бэлчээрээс холдоогүй бидэнд анх ирэхэд тун сайхан санагдаж байна шүү. Хүн ихтэй, машин тэрэг ч ихтэй юм. Шөнийн гэрэл, өдрийн өнгийг нь магтаад л явж байна. Нэгнээсээ хөтөлж явахгүй бол төөрчих гээд хэцүү. Мал гэсээр олон зүйлээс хоцрогдож орхигдож байсан юм. Зурагтаар хардаг “Нарантуул” захыг энэ амралтын өдрүүдээр явж үзнэ. Жаахан бараа базаана. Ирж үзээгүй хэрнээ телевизээр олон удаа харсан барилгууд байна. Бид “Сүнжин гранд” зочид буудалд байрлаж байгаа. Сайхан л юм.

-Хотод газарчлах хүн байгаа биз дээ. Хотод амьдардаг төрөл төрөгсөдтэйгээ уулзаж амжив уу?

-Зарим ахан дүүстэйгээ уулзаж, золголоо. Олон жил уулзаагүй хамаатнууд ч олон байна. Ирэх долоо хоногийн лхагва гариг хүртэл үлдсэн хамаатнуудтайгаа золгож хоттойгоо сайн танилцаад буцна даа. 

Л.МӨНХ