Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Цогтбаатар: Төр муу менежер гэсэн хөшигний ард хувийн компаниуд хөлжсөөр ирсэн


Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатартай ярилцлаа.

-“Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоног” хөтөлбөрийн хүрээнд төрийн өмчит 32 байгууллагыг хувьчилна гэж байна. Хувьд шилжих аж ахуйн нэгжүүдийг хэзээнээс зарлах вэ?

-Нийт 88 төрийн өмчит компани байгаа. Эдгээр компанийг дотор нь нийгмийн хариуцлагатай, төрийн эрх мэдлийг бууруулж хувьчлах, бүрэн хувьчлах гээд гурав ангилдаг. “Эрдэнэт” мэтийн хамтарсан үйлдвэр, эрчим хүч, уул уурхай, мэдээлэл технологийн 10 гаруй нийгмийн хариуцлагатай компани бий. Төрийн эрх мэдлийг нь бууруулж хувьчлах 40 гаруй компани байгаа. Мөн арав гаруй компанийг 2014-2016 онд бүрэн хувьчилна. Эдгээр арван компани дээр нэмээд төрийн эрх мэдлийг бууруулах 20-иод компанийг нэмээд нийтдээ 32 аж ахуйн нэгжийг хувьчлах юм. Яг ямар компаниудыг хувьчлах тухай одоо яригдаж байгаа ч албажаагүй байна. Засгийн газрын шийдвэрээр эцэслэн батлагдсаны дараа тодорхой болно. 

-МИАТ, Хөрөнгийн бирж зэргийг хувьчилна гэж дуулдсан. Тэгвэл төрийн эрх мэдлийг нь бууруулах 20 гаруй компанийн хэдэн хувийг нь хувьчлах юм бэ?

-Зуун хувь төрийн өмчит эдгээр байгууллагуудын төрийн эрх мэдлийг тодорхой хувиар бууруулах юм. Одоогоор 49 хувийг нь үндэсний компанидаа өгөхөөр ярьж байна. Бид МИАТ, Хөрөнгийн бирж, Хөдөө аж ахуйн биржийн 66 хувийг хувьчилъя гэж байгаа. Нэлээд давуу эрхтэйгээр хувьд өгөх юм. 

-Хувьчлалын цаана хуудуутай явдал өрнөдөг гэж хүмүүс харддаг. Энэ ажлыг яаж зохион байгуулах вэ? 

-Шударгаар хэлэхэд бүх компаниудыг хувьчилж, идэж уух гээд байгаа юм шиг нийгэмд ойлгогдохыг үгүйсгэхгүй. Ерөнхийдөө хувьчлалын найман арга байдаг. Үүний нэг нь 1996 оноос явж ирсэн нээлттэй дуудлага худалдаа. Гэхдээ бүх компанийг дуудлага худалдаанд оруулахгүй. Хөрөнгийн бирж, МИАТ зэрэг гол компаниудыг хувьцаа хэлбэрээр нээлттэйгээр хувьчилна. Ингэснээр тус компанийг гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар дэмжинэ, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нь сайжруулна гэсэн үг. 

-Нээлттэй дуудлага худалдааг 30 хоногт зохион байгуулах хуультай. Одоо ямар компаниудыг хувьчлах нь тодорхой болоогүй байгаа энэ ажил Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногт амжих уу?

-Төрийн болон Орон нутгийн тухай хуулийн 39.1 дүгээр заалтаар зарлан мэдээлэх шийдвэр гарснаас 30-аас доошгүй хоногийн дараа дуудлага худалдаа хэрэгжээд эхэлнэ. Тиймээс бид хугацааг нь нааш нь татах бодлоготой байгаа. Хуульд өөрчлөлт оруулж, 14 хоног болгох боломжийг судлаад хуулийн төсөл боловсруулсан байгаа.  Хэрэв энэ төсөл батлагдвал 14 хоногт дуудлага худалдааг зохион байгуулна. 

Мөн Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хугацаанд ашиглагдахгүй байгаа агентлагуудын дэргэдэх амралт сувиллын газруудыг хувьчлалаас гадуур дуудлага худалдаагаар борлуулахаар судалгаа хийж байгаа.

-Төрийн өмчийн дуудлага худалдаанаас олсон орлогыг төсөвт төвлөрүүлнэ гэсэн. Үүнээс улсад хичнээн төгрөг оруулж ирэх төлөвлөгөө байгаа вэ?

-Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн доод үнийг тогтоосноос шалтгаална. Сувиллын газруудын хувьд хөндлөгийн аудитаар дуудлага худалдаа явагдана. Дуудлага худалдаа хэдий чинээ сайн явагдана. Төчнөөн хөрөнгө орж ирнэ гэсэн үг. 

-Нэлээд алдагдалтай ажилладаг, төр цааш нь аваад явах боломжгүй гэж үзсэн 32 компаниа хувьчлах гээд байна уу? 

-Менежмент муутай, алдагдалтай компаниуд байхын хувьд байгаа. Төр авч явж чадах юмаа авч явъя л даа. Харин хувийн хэвшлийнхэн менежмент сайтай болохоор тэр компаниуд төрд байснаас хувьд гарсан нь дээр. Төрийн өмчит оёдлын үйлдвэр хувийнханд очвол тэд түвэггүйхэн аваад явчихаж чадна. Бас тариурын үйлдвэр хувьд шилжвэл үйл ажиллагааг нь ахиулаад хөгжүүлэх боломжтой. Ер нь бол төрийн өмч байх түвшиндээ байх хэрэгтэй. Монголчууд төрийн өмчийг арвижуулж чадахгүйгээс болж ад үзээд байгаа. Дотор нь ажиллаж байгаа хүмүүс өөрийн зүрх сэтгэлээр хандах юм бол хувийнхнаас илүү авч явах боломж ч бий.

-Гэхдээ төрийн компаниуд яаж дампуурдгийн жишээг Татварын ерөнхий газар, МИАТ-ийн өмнөх удирдлагууд нийгэмд сануулаад авсан. Ер нь цаашид төрийн өмчит 88 компанийг бүгдийг нь хувьчлах шаардлагатай юу?

-Нийгмийн хариуцлагатай компаниудыг ойрын хугацаанд хувьчлахгүй. Бид дэлхийн чиг хандлагыг харах ёстой. Бусад орнуудын жишигт 50-60 компани төрд байдаг юм байна. Тэгэхээр үндэсний хэмжээний төрийн өмчит компаниудыг төрүүлье л  дээ. Төрийн мэдэлд 100 хувь байна гэлтгүй, 20-30 хувь байж болно шүү дээ. 

-Төр хувийн хэвшил рүү дайрч байна гэх шүүмжлэл нэлээд дагуулдаг. Лениний музейгээс эхлээд хэд хэдэн өмчийг төр мэдэлдээ буцаагаад авчихлаа. Төр муу менежер байхын оронд  хувьчилсан нь дээр баймаар… 

-Дэлхийн чиг хандлагыг хараад байхад стратегийн ач холбогдолтой, үндэсний эрх ашиг хөндөгдөхөөр, аргагүй төрд байх ёстой үйлдвэрүүд төрд л байх ёстой. Гэхдээ энд төрийн эзэмшлийн хувь хэмжээ нь ямар байх уу гэдгээс тухайн байдлаас шалтгаална. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн компаниа эдийн засгийн үр ашигтай авч явахын тулд нэмэлт хувьцаа гаргаж, хувьчилж болно. Төрийн эрх мэдлийг бууруулж болно. Дэлхий нийтийн чиг хандлага бол төр хувийн хэвшлийн түншлэл дээр тогтож байгаа. Хэрвээ төрийн компани хүнд байдалд орвол хувийн хэвшлийнхэн босгоод ашгаа ч олоод авдаг. Тэдэнд хувьчлах боломж нь байдаг бол хувьчилна. Эргүүлээд төрд өгөх тийм боломж нь бий. Энэ бол сонгодог жишээ. Манайд Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр ийм зүйл харагдлаа шүү дээ. Мөн үндэсний брэнд болсон том компаниуд хүнд байдалд ороход төр хөрөнгө оруулаад босгож, эдийн засаг сайжрахад буцаад тэр хөрөнгөө татаж авах боломж байгаа. Тэгэхээр төр хувийн хэвшлийн ийм нөхцөл байдал чухал. Ер нь бид төрийн өмчийг үзэн яддаг байдлаас болоод төрийн өмчийг үнэгүйдүүлэх, хулгайлах, эзэнгүйдүүлэх баяжих тогтолцоо бий болоод уджээ. Төрийн өмчийн компаниудыг аваад үзвэл нялхсын өвчин гэж томьёолоод байгаа. Төр муу менежер гэдэг хөшигний ард төрийн хөрөнгөн дээр хувийн компаниуд тоглож болдог гэсэн тогтолцоо яваад ирлээ. Тэгэхээр төрийн мөнгөөр зарласан тендерт хувийн компаниуд ороод байгаа шүү дээ. Тендерийн доод үнийн хязгаар тавихдаа хэд дахин өндөр тавиад хувийнханд тэр ашиг нь очиж байгаа. Төр тэр хэмжээгээр алдаж байна гэсэн үг. Эргээд нөгөө төрийн өмчийн компаниуд дампуурал руу орсоор ирсэн. 

-“Хангарьд” ордон зэрэг төрийн үйлчилгээний хэд хэдэн байрыг хувьчлах тухай яригдаж байсан. Энэ ажил юу болсон бэ?

 -Тэр бол Нийслэлийн буюу орон нутгийн өмч. 

Төрийн өмчийн хороо оролцохгүй. Харин бид Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулиар арга зүйн зөвлөгөө өгөх л үүрэгтэй. 

-Төрийн өмчийн хороог татан буулгах ёстой гэх шүүмжлэлүүд байдаг л даа. Бусад орнуудын чиг хандлагаас харахад ийм байгууллага манайхыг бодвол нэлээд өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Энэ тал дээр таны бодлыг сонсъё? 

-Төрийн өмчийн хороо бол Төрийн болон  Орон нутгийн тухай хуулийн үндсэн чиг үүргийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Сүүлийн үед ардчилал хөгжсөн орнуудад байдаг л зарчим л даа. Үүнийг олон өнцгөөс нь харж тайлбарладаг. Зарим нь ч  хувьчлалын асуудал дууссан учраас энэ байгууллага татан буугдах ёстой гэж ярьж байгаа. Нөгөө хэсэг нь Төрийн өмчийн хороо байх нь зүйтэй гэж байна. Энэ бол ардчиллын зарчим. Хамгийн гол нь бид нэлээд судалгаатай, үндэстэй хандмаар байгаа юм. Төрийн өмчийн хороо гадаад  харилцаагаа өргөжүүлэх тал дээр нэлээд ажилласан. 2013 онд Америк, Япон, Сингапур, Солонгос, Герман, Канад гээд олон улсын төрийн өмчийн байгууллагуудыг судаллаа. Ер нь дэлхий дээр төрийн өмчийн байгууллагууд байдаг юм байна. Ингээд туршлагаас үзэхэд Франц улсын туршлага нэлээд эртнийх юм билээ. Өнгөрсөн жилээс Францтай харилцаагаа өргөжүүлээд явж байна. 

-Яагаад Франц улсыг сонгов?

-Тус улс анх 1825 онд өмчөө тоолсон юм билээ. 1960 онд бүх өмчөө хувьчилсан байдаг. Тэгэхээр энэ бол нэлээд баялаг туршлагатай улс гэсэн үг. Өндөр хөгжилтэй орнууд хувьчилсан төрийн өмчийн компаниудаа буцаагаад төрдөө авсан тохиолдлууд олон байна. Өөрөөр хэлбэл, үндэсний аюулгүй байдал, стратегийн ач холбогдолтой компаниудаа төрд авахаас өөр замгүй. Бид өндөр хөгжилтэй орнуудын алдсан алдаануудыг давтах ёсгүй. Зарим УИХ-ын болон Засгийн газрын гишүүд төрийн өмчийн хороо ганцхан хувьчлал явуулдаг байгууллага шиг ярихаар татан буулгах ёстой юм шиг харагдах байх. Тэгэхээр манай олон чиг үүргийг гүйцэтгэж байгаа байгууллага. Тухайлбал, Төрийн өмчийн хороо төрийн төлөөллийг хэрэгжүүлдэг институци болчихсон байгууллага. Мөн өмчийг актлах, бүртгэх, балансаас балансад шилжих гээд Монгол Улсын хэмжээнд 5000 гаруй хуулийн этгээдийн өмчийн хөдлөлийг хариуцаж байна. Энэ бол механикаар маш хэцүү хариуцлагатай ажил. 

-Төрийн өмчийн нийт хөрөнгийн хэмжээ хэд вэ. Байгууллагын өмчийг дөрвөн жил тутамд тоолдог бил үү? 

 -Тиймээ. Сүүлд 2012 онд төрийн өмчийг тоолсон. Нийтдээ 14 их наяд төгрөгийн өмч тоологдсон. 60 хүнтэй манай байгууллага төрийн хамгийн цомхон хэрнээ маш их ачаалалтай ажилладаг. Тиймээс хуулийн дагуу дотоод аудитын алба, хуулийн хэлтэстэй болмоор байна. Мөн хөгжлийн явцыг тодорхойлж байх инновацийн хөгжлийн алба байх ёстой.

-Нэг хэсэг нь ТӨХ-г татан буулгах хэрэгтэй гэж үзэж байхад харин та тэлэх ёстой гэх гээд байна уу даа. Ерөнхийлөгчийн төрийн данхар бүтцийг өөрчлөх санаачилгатай зөрчилдөх юм биш үү?

-Цаг үедээ тохирсон тэлэлтийг хийх хэрэгтэй. Тодорхой хэдэн алба, хэлтэс нэммээр байна. Надад тийм боломж байхгүй. Одоогийн нөхцөл байдалдаа тааруулаад яв гэж байгаа болохоор болгож л байна. Үнэндээ бүхэл бүтэн 2-3 хүний хийх ажлыг ганц хүн хийж байна. Тэгэхээр ямар ачаалалтай ажиллаж ямар үр дүн гарах билээ. Бас судалгаа хийж байж үр дүн гарна уу гэхээс нэг хүн дангаараа хийнэ гэдэг хүндрэлтэй. Засгийн газрын 147 дугаар тогтоол гарч, хэмнэлтийн горимд ажиллаж байна. Тэгэхээр дахиад бүтэц нэмнэ гэсэн ойлголт байхгүй, дотооддоо зохицуулах ёстой. Тиймээс бүхэл бүтэн ийм олон жилийн туршид институци болчихсон байгууллага хаа нэг байгууллагын газар хэлбэрт оруулбал, төрийн өмч эзэнгүйднэ, хяналтгүй болно. Тэгэхээр бид үүнд тун ухаалаг хандах хэрэгтэй. Бид хөөс хэлбэрээр биш, агуулга хэлбэрээр, тодруулбал, гэдэс дотрыг нь шинэчлэх хэрэгтэй. Өнөөдөр төрийн өмчийн компаниуд яагаад алдагдалтай ажиллаж байгаа юм бэ гэдгийг судлах ёстой. Энэ ажлыг өнгөрсөн жил хийсэн, үр дүн ч гарч байна. 2013 онд төрийн өмчит компаниуд 6-10 тэрбум төгрөгийн алдагдлаа бууруулж, нэг их наяд төгрөгийн хоорондын өр авлагаа барагдуулсан.

-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаар ТӨХ алдагдалтай ажиллаж байгаа компаниудыг нийгэмд зарласан байх аа?

-Өмнө нь хэзээ ч зарлаж байгаагүй алдагдалтай ажилладаг төрийн компаниудыг бид ил тод болгож зарласан. Ард түмний хяналт бий болгож байгаа юм. Төрийн өмчийн компаниудыг яагаад алдагдалтай ажилладгийг тэд соргогоор харж, шүүмжилнэ. Мөн агентлагууд дотроос ТӨХ анх удаа бүх гаргасан шийдвэр, тушаалуудаа олон нийтэд ил болгосон. ТӨХ захиргаа эрх зүйн шинэчлэл хийе гэж байгаа. Ингэснээр компаниуд захирлуудынхаа тушаалыг холбогдлох эрх зүйн баримт актуудыг санхүүгийнхээ тайланг, худалдан авалтынхаа бараа таваарыг ерөөсөө ил тод тавина. Хэрвээ манай энэ шинэчлэл рүү шилжвэл алдагдлаа бууруулна. Хариуцлагын тогтолцоог гаргаж ирж байгаа. Захиралтай нь ч, багтай нь ч хариуцлага тооцдог болно гэсэн үг. Хэрэв ажиллаж чадахгүй бол огцордог тогтолцоотой болбол үр дүнд хүрнэ. Гэхдээ тодорхой цаг хугацаа байх ёстой. Энд мэдээж улс төрчид төрийн дээд албан тушаалтнууд зориуд анхаармаар байгаа. 

-Ингэхэд төрийн өмчийн компаниудын уялдаа холбоо ямар байна вэ?

-Тун хангалтгүй байна. Өөрөөр хэлбэл, шуудайд хийсэн үхрийн эвэр шиг хэдэн тийшээ харчихсан. Зөвхөн өөрсдийгөө л харна уу гэхээс тэр компанид юу болж байна, ямар ололт амжилт байна, тэндээс юу сурах вэ, юуг нь хийж чадахгүй байна гээд асуудлуудад анхаарахгүй байна. Энд нэг зүйлийг тодотгоё. “Эрдэнэт” үйлдвэрт жилдээ 20 мянган тн ган бөмбөлөг шаардлагатай. Гэтэл хажууханд нь “Дархан”-ы төмөрлөгийн үйлдвэр байхад гаднаас авдаг байсан. Ингээд энэ хоёр компанийн удирдлагуудыг уулзуулж, хамтран ажиллах асуудал тавихад ойлголцсон. Урд нь “Эрдэнэт” үйлдвэр манай хоёр хөршөөс ган бөмбөлөгийг хэн нэгэн нийлүүлдэг байсан гэсэн. Ингээд “Дархан”-ы төмөрлөгийн үйлдвэртэй гэрээ хийснээр 20 мянган тн ган бөмбөлөгөөс дөрвөн сая ам.доллар хэмнэж байгаа юм “Дархан”-ы төмөрлөгийн үйлдвэр ч өвөл ажил нь зогсдог байсан бол өвөлжингөө ажилладаг болсон. Энэ бол ажлын уялдаа холбоо юм л даа. 

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сурагчдаа зодож буй захирал

Гоц авьяастай  хүүхдүүдийн гэх тодотголтой 93 дугаар сургуулийн 30 гаруй багш нар өнөөдөр “Өдрийн сонин”-ы асуух эрхийн танхимд хэвлэлийн хурал хийж захирлынхаа хууль бус үйлдлүүдийг илчилсэн юм. Тэд Т.Энхтүвшин захирлын 3 дугаар ангийн сурагчидтай хэрхэн зүй бусаар харьцаж байгаа талаарх энэ дүрс бичлэгийг нийтэд дэлгэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нас барсан хүнийг шүүсэн шүүх ухаангүй, дээр нь хүнлэг биш харагдах юм

Монголын шүүх анх удаа нас барсан хүнийг шүүж, гэм буруутай гэж үзлээ. Монголчууд “Талийгаачийн нэрийг дурсаж ясыг нь өндөлзүүлэхгүй” гэдэг дээ. Тэгтэл Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн шүүгч Б.Батболор хуралдааны эхэнд шүүгдэгчдийн биеийн байцаалтыг уншихдаа “Шүүгдэгч Д.Амарсайхан… онд төрсөн. Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан. … хаягт эхнэр хоёр хүүхэдтэйгээ амьдардаг” гэж торохгүй уншив. Ядаж “байсан” гэдэг өнгөрсөн цагийн үг хэрэглэсэнгүй. Дараа нь улсын яллагч “Д.Амарсайхан нь Х.Анхбаярын 494 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцыг авч онц их хэмжээний хээл хахууль авсан гэм буруутай тул яллаж байна” гээд ялын тогтоол унших юм. Өмгөөлөгчдийн нэг нь арга ядахдаа “Эхлээд талийгаач Д.Амарсайхан агсны хэргийг тусгаарлах юм уу, хэрэгсэхгүй болгоод өгөөч. Дараа нь бусад шүүгдэгчдийн хэргийг хэлэлцье. Нас барсан хүнийг шүүж болдоггүй биз дээ” гэж учирласан ч шүүгчид чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн. Хоёр өдрийн турш үргэлжилсэн хуралдаан дээр ерөөсөө л “Д.Амарсайхан авлига авсан буруутай тул…” гэдэг асуудлыг хэлэлцлээ. “Өдрийн сонин” шүүх шударга байснаас ухаалаг байсан нь дээр гээд байгаагийн учир энэ. Өнөөдөр шүүх ийм л ухаангүй байна. Байтлаа талийгаачийн зургийг шүүгдэгчийн ширээн дээр тавьчихаад гэм бурууг нь хэлэлцэх шахав. Байсхийгээд л “Д.Амарсайхан нь…” гээд цоллоод байх ар гэрийнхэнд нь хүнд байгаа нь хуралдааны үеэр ажиглагдсан. Өндөр настай аав нь нулимс дуслуулан сууна билээ. Монголын шүүх ухаалаг байсан бол шүүх хуралдаанаас өмнө Д.Амарсайхан агсанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох боломж байсан. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан бол эрүүгийн хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй гээд тодорхой заачихсан байгаа. Хэрвээ нас барсан хүнийг цагаатгахаар хандсан бол энэ заалт үйлчлэхгүй гээд тодорхой заасан. Ар гэрийнхэн нь талийгаачийг цагаатгах хүсэлт гаргасан бол л хэргийг шүүхээр хэлэлцэх боломж байсан.  Гэтэл ухаалаг биш шүүх нас барсан хүнийг шүүж, талийгаачийн өмнөөс өмгөөлөгч нь ярьж байгааг сонслоо. 

Шүүх ийм ухаангүй, дээр нь хүнлэг биш харагдах юм. Д.Амарсайхан агсанд холбогдох хавтаст хэрэгт түүнийг яллагдагчаар татсан тогтоол алга. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар сэжигтнийг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэний дараа шүүхэд шилжүүлдэг. Шүүх гэм бурууг хэлэлцдэг. Гэтэл сэжигтнийг шүүхэд шилжүүлснээ улсын яллагч нь “Техникийн алдаа. Д.Амарсайханыг яллагдагчаар байцаасан” гэв. Талийгаач өндийгөөд “Тийм ээ, намайг яллагдагчаар байцаасан нь үнэн” гэхгүй нь харамсалтай хэрэг. 

Монголын шүүх ухаалаг байсан бол хүн бүр шударга шүүхийн өмнө тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зүйл заалтыг мөрдөх байлаа. Д.Амарсайхан агсныг шоронд хорих, батлан даалтад гаргахгүй байх шийдвэрийг Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх гаргасан. Үр дүнд нь тэрээр шоронд амиа алдсан. Гэтэл яг тэр шүүх хэргийг нь хэлэлцэж ашиг сонирхлын зөрчилтэйгээ харууллаа. “Хэрвээ Д.Амарсайхан агсан гэм буруугүй нь тогтоогдвол, түүнийг шоронд хорих шийдвэр гаргасан шүүгчид буруудна. Улмаар эрүүгийн хариуцлага ч хүлээж мэднэ. Тиймээс өөрсдөө хариуцлага хүлээхгүйн тулд Д.Амарсайхан агсныг гэм буруутайд тооцож, ял оноох нь. Шүүхийн ерөнхий зөвлөл, хүний эрхийн төлөөх байгууллагууд үүнд анхаараач” гэж “Өдрийн сонин” бичиж байсан. Ийм ашиг сонирхлын зөрчил байхад шударга шүүх ярихын ч хэрэггүй. Яг энэ ёсоор ашиг сонирхлын зөрчилтэй Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх Д.Амарсайхан агсан, Х.Анхбаяр, Н.Отгонболд, Ц.Чандмань нарыг шүүсэн. Өмгөөлөгчид нь ч хуралдааны турш  “Та нарыг шударга шүүнэ гэдэгт эргэлзэж байна” гэж тоть шиг давтсан. Ашиг сонирхлын зөрчилтэй шүүх Д.Амарсайхан агсныг орон сууц хээл хахуульд авсан гэж шийдвэрлэсэн ч нас барсан тул хэргийг нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргалаа. Харин Х.Анхбаярыг түүнд авлига өгсөн гэж гурван жил хорих ял оноолоо. Харин авлигын гэх байрны эзэн Ц.Чандмань, тэдний дунд зуучилсан гэх Н.Отгонболд нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэгсэн атлаа Ц.Чандманийн нэр дээр байдаг, түүний өмч болох орон сууцыг улсын өмч болгох шийдвэр гаргалаа. Гэм буруугүй нь тогтоогдсон хүний өмчийг хурааж авах шийдвэр гаргасан нь хачирхалтай. Ц.Чандманийг буруугүй гэж үзэж байгаа нь түүний нэр дээр байдаг орон сууц авлигынх биш, харин өөрийнх нь өмч мөн гэдэгтэй агаар нэг. Жил шахам шалгагдаад гэм буруугүй гэдгээ шүүхээр тогтоолгосон Ц.Чандмань одоо 494 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөө хаанаас олж авах вэ. Үнэхээр түүний өмч болох орон сууц авлигынх юм бол авсан, өгсөн, зуучилсан бүгд шийтгэл хүлээх хуультай. Гэтэл нэг талыг гэм буруугүйд тооцож байгаа нь ерөөсөө л авлигын хэрэг биш гэдгийг илтгэж байгааг хуульчид ярьж байна. Ёстой л “Ичсэн хүн хүн ална” гэдэг шиг, ашиг сонирхлын зөрчилтэй шүүгчид уснаас хуурай гарахын тулд өөр нэг хүнд ял тулгаж, амьдралаар нь тоглоод байх шиг. 

Шүүхийн шинэчлэл яриад олон жил боллоо. Гэвч шинэтгэл хийгдэж байгаа нь мэдэгдэхгүй байна. Энэ талаар өнгөрсөн пүрэв гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд Ч.Хүрэлбаатар гишүүн “Эрх зүйн шинэчлэл хийнэ л гээд байдаг. Гэм буруутай нь тогтоогдоогүй хүн шоронд үхэж байна. Үхсэн хүнийг шүүж байна. Энэ чинь тэгээд шинэчлэл юм уу. 1937 онд хүн хэлмэгдүүлээд буудаж алдчихаад ял өгч байсан тохиолдол олон байдаг юм гэнэ лээ. Тэр жишиг рүү орж байгаа юм уу” гэж хэлсэн. Түүний хэлсэн үгийг үнэн гэдгийг олон хүн хэлж байна. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүн төрөлхтөн хөлбөмбөг үзэж сэтгэлийн цэнгэл эдэлж байна

Би хөлбөмбөг мэдэхгүй л дээ. Улаан фанат нь ч биш. Гэхдээ сүүлийн өдрүүдийн дэлхийн гол сенсаци яах аргагүй хөлбөмбөг л байна. Хүн төрөлхтөн тэр аяараа энэ спортоор амьсгалж, сэтгэлийн цэнгэл эдлэн баясч байна. Сүлд дуу нь хаа сайгүй эгшиглэж, хөлбөмбөг шимтэн үзэгчид цэнхэр гариг дээр нэгэн ижил догдолж байна.  Хөлбөмбөгийн хорхойтнууд битгий хэл энэ спортын үүх түүхийг мэдэхгүй, нэг тоглолт бүтэн үздэггүй мань мэтийн зүрх огшин хөөрцөглөж байх юм. Тэгэхээр  хөлбөмбөг  яалт ч үгүй хүн төрөлхтөнд бурхнаас өгсөн бэлгүүдийн нэг мөн ажээ.  

Хөлбөмбөгийн ДАШТ манай  гариг дээр дөрвөн жилд нэг удаа зохиогддог том наадам. Хамгийн анхны тэмцээн 1930 онд Уругвайд болж, талбайн эзэн аваргалж байсныг надаар хэлүүлэлтгүй хэн бүхэн мэднэ. Энэ үеэс хойш хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн Латин Аме­рик, Европын орнуудад дөрөв, дөрвөн жилээр ээлжлэн болдог уламжлал нэгэнт тогтчихсон юм гэнэ лээ. Гэхдээ энэ буухиа 1994 онд тасарч, тэр жил АНУ-д зохиогдсоныг мэддэг хүмүүс нь ярьдаг. Италийн дараа Латин Америкт ирнэ хэмээн найдаж байсан тэдний таамгийг ийн эвджээ.  Дараа нь Франц, тэгээд Солонгос, Герман гэсэн дарааллаар тив болгонд зохиосон нь дэлхий глобалчлагдсантай холбоотой өөрчлөлт байсан гэдэг.  Тэгэхээр хөлбөмбөгийн наадам Латин Америкийн оронд болсон хамгийн сүүлийн тохиолдол нь 1986 оны Мексикийн ДАШТ.  Яагаад үүнийг онцлов гэхээр өнөө жилийн тэмцээн Бразилд болж байгаа учраас. Төөрсөөр төрөлдөө гэдэг шиг хөлбөмбөгийн ДАШТ тив дэлхийг тойрсоор 28 жилийн дараа  ийнхүү Өмнөд  Америкийн оронд буцаж  ирснийг спорт сонирхогчид онцолж байгаа юм.

Өнөө жил Бразилд болж байгаа ДАШТ бол 20 дахь удаагийнх.  Энд нийт 32 баг  оролцох эрхээ авчихаад тоглож байна. Энэ эрхийг өгөх үйл ажиллагаа  манайхаар бол УИХ-ын 76-г сонгохтой адил гэж байгаа. Олон улсын хөлбөмбөгийн холбоо улс орнуудыг ДАШТ-д тэгш хамруулах үүднээс тив болгонд квот олгодог.  Энэ нь “Энх тайван, дайнгүй дэлхий бий болгоно” гэдэг уриатай нь ч холбоотой биз. Ямар ч байсан Ази тивээс төдөн баг,  Африк тивээс төд гэх мэтээр хуваана. Хар ухаанаар бол Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэй учраас дөрвөн мандат олгоно гэдэг шиг шалгууртай.  Тухайлбал, хүчтэй лидер баг ихтэй Европ тивд ахиу, хөлбөмбөгөөр гавихгүй Ази, Африк тивд арай цөөн мандат өгөх жишгээр явдаг гэнэ.  Мэдээж эдгээр мандатын төлөө багууд өрсөлдөж, аль нь дэлхийн аваргын тэмцээнд орохоо шийддэг байж таараа.  Ийм шалгуур, шалгаруулалтын дагуу өнөө жил Азиас  Япон, Солонгос, Иран улсын шигшээ баг  ДАШТ-д оролцож байна.  

Африкаас Алжир, Гана, Камерун, Кот д’Ивуар, Нигери зэрэг орны баг тоглож байна. Умард Америкаас АНУ, Гондурас, Коста-Рика, Мексикийн багууд өрсөлдөж байгаа. Өмнөд Америкаас Аргентин, Бразил, Колумб, Уругвай, Чили, Эквадор улсууд оролцож байна. Харин Европ тивээс Англи, Бельги, Босни-Херцеговин, Герман, Грек, Испани, Итали, Нидерланд, Орос, Португал, Франц, Хорват, Швейцарийн баг оролцож байгаа юм.

Англиас гаралтай хөл­бөмбөгийн спорт өдгөө хүн төрөлхтний шүтээн болчихлоо.  Яа­гаад гэдэг нь их энгийн. Хөлбөмбөгийг хоёулаа,  хориулаа ч тоглож болно. Сагсан бөмбөг шиг тусгай эд хэрэглэл шаардахгүй, өмсч яваа цамцаа бөөрөнхийлөөд ч болов тоглож болно. Өрсөлдөөнтэй, хор шар малтсан спорт. Хүний хорхойг татдаг хөлбөмбөгийн нууц нь энд оршдог биз ээ. 

Латин Америкийн орнууд хөлбөмбөгийг бурхан лугаа шүтдэг. Дөрөвхөн сая хүнтэй уругвайчууд гэхэд л хөлбөмбөгөөр дэлхийд хоёр удаа аваргалчихсан байна.  Бразилчуудыг хар.  Ард иргэд нь хөлбөмбөгийн төлөө амиа өгөхөөс ч буцахгүй. Тэр жил нутагтаа болсон дэлхийн аваргын тэмцээнд Бразилийн шигшээ баг Уругвайд дэлхийн аваргаа алдахад 300 гаруй хүн амиа хорлосон гэдэг мэдээ түүхэнд үлджээ.  Сая гэхэд хөлбөмбөгийн ДАШТ-ийг эсэргүүцэж бразилчууд жагсч цуглалаа л гэсэн. Хамгийн анхны тоглолт болох Бразил-Хорватын “тулаан” эхлэхэд жагсч явсан хүмүүс бүгд гартаа барьсан чулуу, буу шийдмээ хаяад цэнгэлдэх хүрээлэн рүү гүйцгээсэн гэнэ лээ. Зурагтаар харах нь гэр рүүгээ яарч, гудманд нэг ч хүн үлдээгүй дуулдсан.  Тэмцээн болж буй  Бразилийн 12 хотын гудамжинд  тоглолт эхэлсэн оргил үед үзэгдэх хүнгүй эл хуль байгаа сонсогдсон.  “Халтар царайт” киног манайхан яаж үздэг байлаа яг түүн шиг үйл явдал болж байгаа юм билээ. Энэ үзэгдэл зөвхөн Бразилд бус дэлхийн өнцөг булан бүрт давтагдаж байх шиг байна. 

Хаа сайгүй хүн бүрийн амнаас хөлбөмбөг гэдэг үг унаж байна. Өнгөрсөнд үлдсэн домогт тоглолтуудын тухай яриа, өнөө жил аль баг түрүүлэх талаар таамаглалууд хөвөрсөөр. Ер нь бол түүхэндээ дэлхийн аварга гэдэг эрхэм цолыг наймхан улсын шигшээ баг хүртсэн байдаг юм билээ. Бразил тав, Герман гурав, Итали дөрөв, Уругвай хоёр, Аргентин хоёр, Англи, Франц, Испани улс тус тус нэг удаа дэлхийд аваргалж байжээ.  Өнөө жил энэ аваргуудын дунд гол өрсөлдөөн болно хэмээн хөлбөмбөгийн хор­хойтнууд таамаглаж байна. Энэ хүрээнд мэргэжилтнүүд бооцоогоо тавин харж суу­на. Хөлбөмбөгийн спорт хүн төрөлхтний сэтгэлийг догд­луулж, баясгах үүрэгтэйгээс гадна бизнес болон хөгжсөн нь эндээс харагдаж байна. 

 Яг өнөөдөр Бразилийн ДАШТ эхлээд хэдхэн хонож байна. Өнгөрсөн ням гаригийг эс тооцвол тэмцээн эхэлснээс хойших бүх өдрийн тоглолт сенсациар дүүрэн, шуугиулж байна. Тэмцээний эхний өдөр талбайн эзэн Бразил, Хорваттай тоглож гурав нэгээр хожлоо. Дараагийн өдөр нь мөнхийн өрсөлдөгчид болох Испани Голландын шигшээ багуудын хооронд санаанд оромгүй тоглолт болсон тухай шаагиж байна. Өмнө нь энэ хоёр олон удаа таарч байсан. Тэр болгонд дэлхийн аварга испаничууд голландчуудыг хөлбөмбөгийнхний яриагаар “зоддог” байж.  Хамгийн сүүлд 2010 оны дэлхийн аваргад энэ хоёр халз тулж, 1:0 гэсэн харьцаагаар Испанийн шигшээ баг хожиж байжээ. Энэ удаад ч ийм байдлаар Испанийн хожлоор тоглолт өндөрлөнө хэмээн ихэнх хүн бооцоо тавьсан байна. Гэтэл испаничууд Голландын шигшээ багт 5:1 харьцаагаар хожигджээ. Сүүлийн тав, зургаан жил хөлбөмбөгт шинэ моод дэлгэрүүлж, дийлдэхээ байчихаад, Фифагийн рейтингээрээ нэгд бичигдээд байсан испаничуудын хувьд гутамшигтай тоглолт болсныг бооцоогоо алдсан хорхойтнууд халаглан ярьж байна. Испанийн шигшээ багийн фанатуудын гашуун нулимс хатаж амжаагүй байтал маргааш нь дэлхийн хошой аварга уругвайчууд бөхөөр бол сумаасаа ч гарч үзээгүй Коста Рикагийн багт “3:1”-ээр хожигдсон байна. Ийм л санаанд оромгүй тоглолтууд эхнээсээ гарч байгаа учраас энэ удаагийн дэлхийн аваргад аль ч баг түрүүлж магадгүй болчихоод байгаа талаар мэргэжилтнүүд ам уралдан ярих юм.  

Гэхдээ бразилчуудыг нутгийнхаа талбай дээр илүүрхэж, зургаа дахь удаагаа аваргална гэдэгт итгэж байгаа хөлбөмбөг сонирхогч олон бий. Өнгөрсөн түүхээс нь харвал  Латин Америкт болсон наадамд нутгийнх нь баг түрүүлдэг бичигдээгүй хууль тогтчихсон юм байна. Яагаад гэвэл латин америкчууд цөс ихтэй, манайхнаар бол нутгархаг үзэл давамгайлсан ард түмэн. Тиймээс тэднийг аль ч орны хөгжөөн дэм­жигчидтэй харьцууламгүй. Тэгээд ч 12 дахь тоглогч хэ­­мээн нэрлэгдтэлээ чу­халд тооцогддог хөгжөөн дэмжигчдийн уухай хөл­бөмбөгт яахын аргагүй жинтэй байр суурь эзэлдэг.  Тэр утгаараа өнөө жилийн хөлбөмбөгийн дэлхийн аваргаар Бразилийн шигшээ баг шалгарна гэдэг таамаглал хүчтэй байна. 

Ямар ч байсан хүн төрөлхтний спортын том наадмын нэг хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг Монголд ETV телевиз шууд дамжуулж байна.   Хөлбөмбөг сонирхдог, сонирхдоггүй хэн ч бай  шөнө нойроо хугаслан  шимтэн үзэж  сууна. Учир нь харин бусад телевизүүд шөнө гарч байгаа тоглолтуудыг  хуулж өдрийн цагаар үзүүлдэг тодорхой цагтай болмоор байна. Шөнө нойроо дийлдэггүй эсвэл завгүй явдаг хүмүүст үүн шиг хэрэгтэй зүйл хаа байхав. Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн манайхаар зуны дэлгэр цагт таарлаа. Хүн малын зоо тэнийсэн энэ үед хөлбөмбөгөө үзэж баяр баясгалантай байх шиг сайхан зүйл үгүй. Бид дотооддоо ч хөлбөмбөг лугаа хөгжөөнтэй арга хэмжээг зохион байгуулж байх хэрэгтэй. Энэ утгаараа баяр наадмыг тав хоног хийх санаа зөв юм. Үргэлжийн болохгүй, бүтэхгүй, хар бараан зүйл ярьж байснаас жилдээ ганц удаа сэтгэлийн цэнгэлийг хангалттай эдэлж байя. Энэ тэмцээн хүн бүрт баяр хөөр авч ирдэг болохоор тэр. Бөмбөрцөг дэлхийн хүн ард дөрвөн жилд нэг удаа хөлбөмбөгөөр амьсгалж, баяр баясгалангаар бялхдагтай л адил юм.  

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Түр зуурын бороотой

2014 оны 06 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв, зүүн аймгуудын ихэнх нутаг болон баруун аймгуудын зүүн, говийн аймгуудын баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаар 11-16 хэм, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Дорлигжав: Энэ хүн нас барсан учраас наад хэргээ хаачих гэвэл шүүх хурал хийлгүй хааж болдог

Улсын
ерөнхий прокурорын газрын дарга Д.Дорлигжав өнөөдөр сэтгүүлчидтэй уулзлаа. Тэрбээр
сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг сонирхуулъя.

-Мөнгө
угаах, авлигын хэргээр нэр бүхий олон хүн шалгагдаж байгаа талаар сонсогддог.
Гэвч эдгээр нь удааширч, замхардаг. Энэ ямар учиртай юм бэ?

-Мөнгө
угаах хэрэгт УИХ-ын гишүүд холбогдсон хэргүүд, Үндсэн хуулийн цэцийн гишүүдтэй
холбогдсон хэргүүд удаашралтай байгаа нь үнэн. УИХ-ын гишүүдийн тухайд
Халдашгүй байдлын хуулиа өмнөөс ярьдаг. Энэ хүний буруу нь тогтоогүй учир энэ
хүнийг түдгэлзүүлэхгүй гээд зогсоочихдог. Тиймээс хуулиар хамгаалагдсан эрх
бүхий албан тушаалтнуудын хувьд бүх хэргүүд зогсож байна. Энэ бол нуугаад байх
зүйл биш. Удаа дараа энэ асуудлыг Ерөнхий прокурорын хувьд хэлсэн. Өндөр албан
тушаалтай байна гэдэг жирийн ард иргэдээс илүү эрхтэй байхыг хэлэхгүй. Хэрэг
хийсэн бол шалгагддаг байх ёстой.

-Газрын
тосны газрын дарга асан Д.Амарсайханыг бүтээгдэхүүн хуваах гэрээний үр дүнгээр
хоригдож байсан гэх мэдээлэл байсан. Гэвч сүүлийн үед гараад байгаа мэдээллээр
МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой хэрэг байсан гэх юм. Энэ талаар юу хэлэх вэ?

-Улсын
яллагч уншсан учир прокурор энэ хэргийн талаар бүгдийг мэдэж байгаа. Надад ийм
учраас ингэж шийдэгдсэн гэх мэдээллийг өгсөн. Миний авсан мэдээллээр
талийгаачийг зөвхөн холбогдолтой, нотлож тогтоосон хэсгээр нь шүүхэд шилжүүлсэн
байдаг. Энэ бол хил дамнасан, гадаад, дотоодын янз янзын хүмүүстэй холбогдсон
зүйл. Үүнийг удаан шалгалаа гэх гомдол ч гарсан. Мэдээж гадаадын улс тэр бүр
бидэнд байгаа зүйлээ гаргаад өгчихгүй. Нэн ялангуяа хөрөнгө мөнгө төвлөрч
байгаа газрынхан тийм зүйлдээ хатуу байдаг. Зарим хүмүүс Н.Энхбаяр даргын дүү
Н.Энхтуяа гэдэг хүн 2-3 жил олдохгүй байна гэх мэтээр асуудал их байна. Хуулийн
байгууллага бол эзэн холбогдогчийг хөөгөөд гүйцэхгүй байгаа. Энэ хэрэг дээр
асуудал байсан уу гэвэл байсан. Үүнийг талийгаач нас барсан гээд орхичихдоггүй.
Тусгаарлаж авч үлдээд бусад холбогдогчийг нь хэзээ шалгаж болох, хэзээ олдсон
үед нь сэргээн шалгаж болдог. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиндаа эрүүгийн
хэргийг шалгаж байгаа хэргийн дотроос хэр хэмжээний мэдээллийг олон нийтэд
мэдээлж болох вэ гэдгийг хяналт тавьж байгаа прокурортой зөвшилцөж шийдвэрлэх
ёстой. Тиймээс энэ хэргийг ийм хэмжээнд мэдээлэх боломжтой.

-Нас
барсан хүний хэргийг шалгаад, шүүхээр шийдэж байгаа нь иргэдэд их эвгүй
сэтгэгдэл төрүүлж байна?

-Монголын
хуулийн практикт цөөхөн тохиолдож байгаа зүйл учраас хүмүүст сонин санагдаад
байгаа байх. Өнөөдөр манайд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар нэгдүгээрт
энэ хүнийг амьд байхад тухайн хэрэгтэй холбоотой яллах дүгнэлт биччихсэн
байсан. Өөрөөр хэлбэл шүүх хэргийг шийдсэн байсан. Ганцхан энэ хүний хийсэн
хэрэг биш өөр холбогдогчтой байсан учир хэрэг нь хэрэг шүүхэд очиж, шүүхээр
шийдвэрлэгдэх нь  зүйн хэрэг. Гэхдээ манай хуулинд нэг зүйл байгаа. Хэрвээ
шүүгдэгч шүүх хурлаас өмнө нас барвал өмгөөлөгчийн хүсэлтээр буюу өмгөөлөгч
шүүх хурлаа явуулаад энэ хавтаст хэрэгт байгаа материалын хэмжээнд энэ хүнийг
гэм буруутай байсан эсэхийг тогтоолгоно гэвэл шүүх хурлаар шийддэг. Тиймгүй энэ
хүн нас барсан учраас наад хэргээ хаачих гэвэл шүүх хурал хийлгүй хааж болдог.
Хавтаст хэрэгт нотлогдсон материалаар шийднэ.

-Д.Амарсайхан агсаны үхэлд хууль хяналтынхан, тэр дундаа прокурорынхныг
буруутай гэж үзээд байгаа шүү дээ?

-Прокурорын
байгууллага буруугүй л гэж үзэж байна. Учир нь тэр хүнийг шалгах зүйл байсан уу
гэвэл байсан. Бусад хэргийг адилхан л шалгаж байгаа. Урьд нь энэ хүн хоригдож
шалгагдаж байгаад 12 сар хүсэлт гаргаж эмчилгээ хийлгэж гадуур шалгагдаж
байсан. Нэг хэсэг гадагшаа яваад нэлээд удсан. Ирсэнийх нь дараа дахиж хэргийг
нь сэргээгээд шалгаж эхэлсэн. Ингээд хэрэг сэргээгээд шүүх рүү шилжүүлэхдээ энэ
хүнийг таслан сэргийлэх арга хэмжээг нь энэ чигээр нь шилжүүлье. Эмчилгээний
хувьд хорихын эмнэлэг, дээд шатны эмнэлэгт шийдвэр гаргаж эмчлүүлж болно
гэдгийг тухайн үед өмгөөлөгч нарт тавьсан байдаг. Гэвч талийгаач өөрөө тухайн
үед “Би гармаар л байна. Эмнэлэгт хэвтэхгүй” гэж өөрөө хэлсэн. Гэхдээ хорихын
эмч нар үзээд шинжилгээ хийгээд явж л байсан. Бид ажлаа хийж явсан хуулийн
байгууллагын ажилтнуудыг буруутган эрх зүйн үндэслэл алга.

-“Оюун ундраа групп”, Тээвэр хөгжлийн банкны хооронд үүссэн маргаан, тус
банкаар дамжуулан   их хэмээний  мөнгө угаасан  байж
болзошгүй  үйлдлүүд юу болсон бэ. Огт шалгагдахгүй байгаа юм биш үү?

-Тээвэр
хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Е.Новожиловийн нэр
дурдагдаад байгаа энэ хэрэг бол хөрөнгөтэй хүмүүс хөрөнгөө булаацалдсан хүмүүс
учраа олохгүй болохоор хуулийн байгууллагынхныг буруутгаад явж байгаа зүйл. Энэ
бол иргэний шүүхээр шийдэгдсэн хэрэг. Иргэний шүүхээр шийдэгдсэн хэрэг Эрүүгийн
шүүхээр шийдэгддэггүй юм. Тиймээс Прокурорын байгууллага энэ өмч хөрөнгийнхөө
маргааныг иргэний шүүхээр шийдвэрлэ гэсэн. Иргэний шүүхээс шийдвэрлэчихсэн.
А.Е.Новожиловийг оргож зугтсан гэж ярьдаг. Тэр хүн оргосны төлөө прокурорыг
цагдаа буруутгаад яахав дээ. Оргоод л явчихсан.  Хэд хэдэн гадаадын иргэн
өөрийнхөө паспортийг элчин сайдын яамаараа хэлүүлээд манай паспорт бол манай
өмч. Манай иргэний паспортыг эргүүлж өг. Эрүүгийн хэргээ та нар шалгадгаараа
шалга гээд иргэнийхээ паспортыг өгүүлэнгүүтээ гадагшаа гаргачихдаг. Иймэрхүү
бэрхшээл бидэнд байна. Хөрөнгө мөнгөө булаалцсан хэргийг бол иргэний шүүхэд
шилжүүлсэн. Энэ бол прокурорыг ажил биш, шүүхийн ажил. Тэнд өөрийнхөө санаснаар
болохгүй болохоор нэгэн дээрээ эрүүгийн хэрэг үүсгүүлж, дарамтлуулах гэж
оролддог. Тэрнийг нь хүлээж авахгүй болохоор хуулийн байгууллагыг буруутгаад
байдаг.

-Эрүүгийн
болоод шүүхийн хууль шинэчлэгдсэнээр прокурорын байгууллагын хүч буурч, эрх
мэдэл нь багасаад байгаа гэх яриа байна?

-Ер
нь шинэчлэл гэдэг хэдэн байгууллагын эрх мэдлийг хуваарилах асуудал биш.
Эрүүгийн хуулийг өөрчлөх ёстой. Энэ бол ялын бодлогоо эргэж харна гэсэн үг.
Хоёрдугаарт, эрүүгийн байцаан шийтгэх хуулийг өөрчлөх ёстой. Энэ нь хууль барьж
ажилладаг байгууллагуудын үйл ажиллагааг нарийвчилж, журмалж хариуцлагатай
болгож өгнө гэсэн үг. Цаашлаад бүтэц, тогтолцоо хэн нь хаанаа захирагдах юм
гэдгийг заана. Улмаар материаллаг базз, боловсон хүчин, гадаад харилцааг нь
бэхжүүлэх гэх мэтээр энэ нь иж бүрэн байж гэмээнэ үр дүнгээ өгөх аж. Бидний
хувьд эрх мэдэл хуваах бүтэц, тогтолцоо талаас нь эрх мэдэл хувиарлачихсан.
Тэнд наана цаана гэсэн маргаан байдаг. Тэнд гамшгийн хэмжээнд хүрсэн маргаан
биш. Мөрдөх албаны хууль гарахаар тогтолцооны чанартай маргаан нэг тийш
шийдэгдэх байх.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Батбаяр сайдыг огцруулахгүй гэв

Эдийн засгийн байнгын хороо үдээс хойш хуралдаж, дөнгөж сая өндөрлөлөө. Тус байнгын хороогоор таван асуудал хэлэлцсэн юм. Эдгээрээс олны анхаарал татаад байсан нэг асуудал нь Эдийн засгийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэх тухай байв. Хэлэлцүүлгийн шатанд байнгын хорооны гишүүдээс асуулт асууж, үг хэлэх хүн байсангүй. Ингээд “Эдийн сайд Н.Батбаярыг огцруулах нь зүйтэй” гэсэн томьёоллоор санал хураалт явууллаа. Санал хураалтад 14 гишүүн оролцсоноос 13 нь Н.Батбаяр сайдыг огцруулахгүй байх нь зүйтэй гэлээ. Харин МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт ганцаараа огцруулах ёстой гэсэн санал өглөө. Ямартай ч уг асуудлыг УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. 

Э.ЭНХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсээс гурван сая хүртэлх төгрөгийн бараа татвал татвар төлөхгүй

Сэлэнгийн “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн хилийн худалдааг ирэх Даваа гаригаас буюу энэ сарын 24-нөөс нээж, байнгын ажиллагаатай болгох гэж байгаа. Үүний эхлэл болгож “Алтанбулаг экспо” үзэсгэлэн яармагийг болно.

Хойд хөршийн зах зээлд шууд холбогдох энэхүү чөлөөт бүсийг эрчимжүүлэх бэлтгэл ажлуудыг хийж буй бөгөөд чөлөөт бүсийн худалдаанд эхний ээлжинд барилгын материал, авто сэлбэгийн худалдааг чухалчилж байна. “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд Барилгын болон авто сэлбэгийн худалдааны төв нээхээр болжээ. Хилийн худалдааг бүрэн утгаар нь дэмжихийн тулд шаардлагатай зай талбайг бодолцон үзэж, худалдаа явуулах аж ахуйн нэгжүүдэд газар олгохоор болсон талаар тус чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн хэлэв. Энэ хүрээнд эхний ээлжинд хоёр худалдааны төвд нийт 60 аж ахуйн нэгжид тус бүр 200 ам.метр хүртэлх газар олгох ажээ. Тиймээс худалдааны чөлөөт бүсэд барилгын материал, авто сэлбэгийн худалдаа явуулах аж ахуйн нэгжүүд зохих шаардлагыг биелүүлэн, бичиг баримтыг бүрдүүлэн “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд хандах хэрэгтэй ажээ. Ингэж газраа авсан аж ахуйн нэгж тухайн газартаа барилга барих, худалдаа, үйлчилгээ явуулах эрх нь нээлттэй юм байна.

Барилгын материалын, авто сэлбэгийн худалдааг ийнхүү дэмжих болсон нь худалдааны бараа эргэлтийг сайжруулахаас гадна орон сууц, авто машины үнийг бууруулах, цаашдаа тогтвортой байлгахад нөлөөлөх аж. 

Худалдааны чөлөөт бүсийг эрчимжүүлж, бизнес эрхлэгчдийг даллахын тулд татварын таатай орчинг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаныхан амлаад байгаа юм. Энд худалдаа, наймаа явуулах аж ахуйн нэгжийн төлөх гаалийн, НӨАТ, импортын татварыг чөлөөлөх ажээ. “Алтанбулаг” худалдааны  чөлөөт бүсийн Барилгын худалдааны төвөөс гурван сая төгрөг хүртэлх барааг ямар ч татваргүй авч гарах эрхтэй. 

Одоогоор “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс 500 га орчим газрыг хамарч байгаа бөгөөд хэтдээ бүсийн орчмоор тойрч 15-20 мянган хүн амьдрах суурьшлын бүс байгуулахыг албаныхан онцолж байна. Энэ хүрээнд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсээс Сүхбаатар өртөө хүртэл 25 км төмөр замын бүтээн байгуулалт, дулааны цахилгаан станц, орон сууц, зочид буудлын цогцолбор, боловсруулах үйлдвэр барихаас гадна том агуулахын худалдаа эрхлэх асуудал яригдаж эхэлжээ. 

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийтийн тээврийн автобусууд орлогын төлөө явах шаардлагагүй болно

Улаанбаатарчуудын уур уцаарыг ихээр бардаг зүйл бол замын бөглөө нийтийн тээвэр хоёр. Уг нь нийтийн тээврийнхэнд тусгай зам гаргаж өгсөн ч тээврийн хэрэгслүүд урдуур нь дайрч, замын бөглөө үүсгэдэг. Үүнээс болж хотоор нэг сүлжилдэн явж байгаа автобус дүүрэн хүн ажил төрлөө алдаж, алтан цагаа үрж байна. Иймд орлогын хойноос, цагт туугдсан автобусны жолооч нар замын чөлөөгөөр галзуу юм шиг давхиж осол аваар гаргах нь олонтаа. Нийслэлийн иргэн бидний амьдрах орчин, амьд явах баталгаа болсон нийтийн тээврийг хотын удирдлагууд бодлогоор түвэггүйхэн шийдчих боломжтой гэсэн. Гадны улсуудын жишгээс харахад манайх шиг ийм нийтийн тээвэртэй газар хаа ч байхгүй. 

Өнгөрсөн жил Нийслэлийн хөрөнгөнөөс 25 тэрбум төгрөг төсөвлөж, нийтийн тээвэрт парк шинэчлэл хийхээр болсон. Гэтэл энэ мөнгө өнөөдрийг болтол дансандаа хадгалагдсаар л байна. Ам.долларын ханш өдрөөс өдөрт өссөөр байх энэ мөнгө улам үнэ цэнэгүй болж байгааг хотын удирдлагууд ухамсарлаж байгаа болов уу. Цаад санаа нь ердөө парк шинэчлэл нэрээр хэн нэгний шахааны бизнесийг дэмжих гэж цаг хугацаа алдаж буй нь хэнд ч ойлгомжтой. 

Гэтэл саяхан нээлтээ хийсэн Эко нэртэй автобусыг нэг ширхэгийг нь 260 сая төгрөгөөр худалдан авч нийтийн тээврийнхэнд парк шинэчлэлт хийхээр болжээ. Хятадаас сэлбэг оруулж ирээд Монголдоо угсарчихаад үндэсний үйлдвэрлэл хэмээн цамнаад байгаа энэ бизнесийг нийтийн тээвэрчид дэмжихгүй байгаагаа илэрхийлэв. Учир нь ямар ч баталгаагүй унаагаар тэд хүн тээвэрлэхээс татгалзжээ. Ямар нэгэн осол аваар гарвал үйлдвэрлэгч биш тээвэрлэгчид буруудна гээд яг үнэндээ дотоодынхоо “Эко” автобусыг дэмжихгүй байна. Асар хямдхан өртгөөр бүтсэн энэ автобусыг төрд 260 сая төгрөгөөр шахах нь хэн нэгний мөнгө угаалт бололтой. Үүний тулд “Автобус-1”, “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” гэсэн төрийн гурван компанийг нэгтгэхээр болжээ. Засгийн газрын тогтоолоор эдгээр компаниудыг хувьчлах шийдвэр хэдэн жилийн өмнө гарсан. Гэтэл уг шийдвэр хүчингүй болоогүй байхад хүчээр төрийн өмчит тээврийн компаниудыг нэгтгэх гэж байгаагийн цаана асар их мөнгөний сонирхол нуугдаж буй юм.

Нийтийн тээвэрт манай төрийн бодлого үгүйлэгдэж байгааг тээвэрчид санаа нэгтэйгээр дуугардаг. Иймд хотоос эхний ээлжинд атобусуудыг ухаалаг болгох юм байна. GPS төхөөрөмж суулгаж, нэгдсэн нэг серьверээс удирдан хянах нь ээ. Тодруулбал, энэ төхөөрөмж нь хаана ямар автобус явж байгааг удирдлагын төвд шууд харуулна. Улмаар аль чиглэлд автобус хүлээгдэж буй нь алган дээр байгаа мэт хардагдана. Удирдлагын төвөөс тухай автобусны жолооч нартай холбогдож, заавар чиглэл өгнө. Нөгөөтэйгүүр тэдний үйлчилгээг GPS төхөөрөмж бүрэн илтгэх болохоор энэ үзүүлэлт цалинг нь “бодно” гэсэн үг. Жолооч хүн авах гэж орлогод шахагдахгүй, харин цагийн хуваарийн дагуу үйлчилгээ үзүүлсэнийхээ төлөө хөдөлмөрөө үнэлүүлнэ. Автобусууд одоогийнх шиг бие биетэйгээ уралдах шаардлагагүй болно. Зөвхөн цагийн хуваарийн дагуу ажлын биелэлт нь гараад ирэх юм байна. Нийтийн тээврийг GPS төхөөрөмжтэй болгох уг ажил тун удахгүй хэрэгжих бололтой. Энэ долоо хоногт тендер нь зарлагдана гэсэн.

Хэрэв нийтийн тээвэр ухаалаг, дотор нь зорчиход тав тухтай, тохилог, соёлтой үйлчилгээтэй, хурдан шуурхай болчихвол бид бүгд зорчино. Машинтайгаа хотын бөглөөнд түүртэж, хамаг цагаа барж байхаар нийтийн тээврээр үйлүүлэхийг илүүд үзнэ. Гэтэл өнөөдөр манай автобусууд үнэндээ ийм шаардлага хангаж чадахгүй байна. Үүний тулд нийслэлийн удирдлагууд нийгмийн захиалга үйлчилгээ болсон нийтийн тээврийнхээ бодлогод анхаарч, шат дараатай арга хэмжээ аваасай. Ингэж чадвал их хотын иргэн бидэнд л хэрэгтэй. Энэ бол хүнээ боддог төрийн нэн түрүүнд хийх ёстой ажил юм аа. Улаанбаатарчууд бид үүнийг л хүсч байна. 

М.МӨНХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОСК-д газар эзэмших эрх олголоо

Нийслэлийн Засаг даргын “Газар эзэмших эрх олгох тухай” А/483 дугаар захирамжаар төрөөс хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлого баримталдаг.

Тэгвэл Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэхэд зориулж нийслэлийн нутаг дэвсгэрт “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчит үйлчилгээний газрын байршлыг тогтоож, газар эзэмших эрх олгожээ.

Тухайлбал, Хан уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Иргэний нисэхийн урд талд байршуулан 2.0 га газар, 15.0 га газар, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Спорт цогцолборын урд талд байршуулан 3,65 га газар, мөн тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Морингийн гэр хорооллын  замын урд талд байршуулан 50,0 га газрыг тус тус орон сууцны цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгосон байна.