Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Хүүхдийн хөгжлийн эрт илрүүлгийн үзлэгийг 9, 18, 36 сартайд тогтмол хийхээр боллоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал, маягтыг шинэчлэн баталжээ. Уг тушаалаар,

Гэрэл зургийг эх сурвалж ХНХЯ
  • Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд 9, 18, 36 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн эрт илрүүлгийн үзлэгийг тухайн сард нь тогтмол зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт
  • Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг оношлох, үнэлэх, мэргэжлийн тусламж үзүүлэх үйл ажиллагааг мэргэжил арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий төрөлжсөн мэргэжлийн багийг байгуулан ажиллахыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний лавлагаа төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлэг, Дүүргийн эрүүл мэндийн төв болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга, захирал нарт
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн дэмжлэг үзүүлэх, боловсролд тэгш хамруулах, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэх, мэргэжил, арга зүй, хүний нөөц, тохируулгат орчныг бүрдүүлэх ажлыг удирдан зохион байгуулж ажиллахыг Аймгийн боловсрол, шинжлэх ухааны газар, Нийслэлийн боловсролын газрын дарга, өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын төвийн удирдлагад даалгасан байна.
Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал үндэсний-бөx

Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх 256 бөхийн барилдаан цуцлагдав

“Жем групп”-ын нэрэмжит Монгол Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр боллоо.

Энэ барилдаанд Улсын даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва нар барилдахаар бүртгүүлсэн. Гэвч тэднийг барилдахыг эсэргүүцэн бусад бөхчүүд хүндэтгэлийн барилдааны нэгийн даваанд гарч барилдсангүй. Уг хоёр бөхийн хувьд 2019 оны Улсын их баяр наадмын дараа сэргээшийн шинжилгээнд бүдэрч, барилдах эрхээ 11 сараар хасуулсан юм. Гэхдээ хориглосон хугацаа нь дуусч, тэдний барилдах эрх энэ барилдаанд сэргэсэн аж.

Гэвч бөхчүүд допингийн хариуцлагын шийдвэр өөр өөр байгаад дургүйцлээ илэрхийлэн ийнхүү бойкот зарлажээ.

Допинг илэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг багадаа хоёр жилээр хасан, цол, чимгийг нь хурааж ирсэн. Харин даян аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва, харцага Б.Бат-Орших нараас допинг илрэхэд 11 сараар хасаж, харилцан адилгүй шийтгэл ноогдуулсан юм.

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав тайлбар хийхдээ, “Хоёр бөхийн эрхийг хассан шийдвэрийг бол Баяр наадмыг зохион байгуулах комисс гаргасан. Бөхчүүд үзэгч олон болон ахмад харцага цолтой бөхчүүдээ хүндлэн гарч зодоглох хэрэгтэй. Харин аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва хоёр сайн дураараа энэ барилдаанаас татгалзах шаардлагатай байна” гэсэн уриалгыг хэлсэн юм.

Улсын арслан Р.Пүрэвдагва өөрийн саналаар бөхчүүд, бөх сонирхогч нараа хүндлэн малгайгаа авч ёслон уг барилдаанаас түдгэлзсэн бол аварга Н.Батсуурь шаардлагыг эсэргүүцсээр байв. Бөхийн жаяг дэгийн баг яаралтай хуралдаж, бөхийн олонх дургүйцэж байгаа тул Улсын аварга Н.Батсуурийг хүчээр уг барилдаанаас хасч, нэгийн давааг дахиж барилдуулах шийдвэр гаргаад байна.

Ийнхүү хүчит бөхийн нэгийн давааг дахин барилдуулахаар болсон ч аварга Н.Батсуурь болон түүний аав, харцага Г.Намсрайжав тэргүүтэй Увс аймгийн бөхчүүд талбай дээр гарч зогсон, эсэргүүцэл илэрхийлэн барилдааныг эхлүүлэхгүй байсан учир аргагүйн эрхэнд Монголын үндэсний бөхийн холбоо тус барилдааныг цуцаллаа.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Д.Монголхүү, Э.Одбаяр нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нар иргэдийн хөдөлгөөний жагсаал цуглаан хууль бусаар зохион байгуулсан нь гэмтэй гэж үзэж Сүхбаатар дүүргийн цагдаагийн алба, прокурор үзээд шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл өнөөдөр /2022.1.11/ шүүхээс уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

“Nodoublestandart” иргэдийн хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаяр, Д.Монголхүү тэргүүтэй хүмүүс арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилт, болон өөрчлөлт оруулах талаар нээлттэй сонсгол хийх хүсэлтийг УИХ дахь Ардчилсан нам (АН)-ын бүлэгт хүргүүлсэн. Улмаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тэдний эрх зөрчигдсөн асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол хийхээр санаачилсан билээ. Тэгвэл Э.Одбаяр, Д.Монголхүү нарын зөрчигдсөн эрхийн асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол хийхийг 37 гишүүн дэмжиж нээлттэй сонсголыг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хийсэн.

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн нээлттэй сонсгол арванхоёрдугаар сарын 30-нд Төрийн ордонд болсон. Гэвч “NoDoubleStandart” тэргүүтэй хөдөлгөөний төлөөлөл тус нээлттэй сонсгол хүчингүй болох ёстой гэдгийг мэдэгдсэн билээ.

Тухайн үед иргэн Д.Монголхүү нээлттэй хэлэлцүүлэг нь бидний хүссэн, хэвлэлийн оролцоог хангаж чадахгүй гэдгийг бид мэдэгдсэн. Гурван бүлэг шаардлагыг хүргэсэн. Үүнд, нэгдүгээрт Үндсэн хууль болон Сонсголын тухай хуульд нийцүүлэх, хоёрдугаарт, олны анхаарал баяр руу чиглэсэн үед хийхгүй байх, гуравдугаарт, нэг өдөр яриад өнгөрөх асуудал энэ биш гэдгийг хүргүүлсэн. Гэтэл бид хүсэлтээ өгөөгүй гэж Н.Учрал гишүүн мэдэгдсэн. Д.Ганбат гишүүн арванхоёрдугаар сарын 20-ны өдөр шаардлагаа хүргүүлсэн гэдгийг хэлж байхад микрофоныг нь хааж байна лээ. Хаалттай хэлэлцүүлгийг явцыг харж байхад шүүмжлэл хэлсэн хүмүүсийн микрофоныг шууд хааж байна. УИХ-ын чуулган, хэд хэдэн Байнгын хорооны хуралтай давхцуулж хийж байгаа нь энэ хэлэлцүүлгийг үр дүнгүй болгож буй хэлбэр. Ирэх оны нэгдүгээр сарын 15-ны өдөр нээлттэй сонсголыг улс орон даяар хийнэ. УИХ-ын чуулганаар энэ сонсгол явах ёстой. Гэтэл Байнгын хорооны хурлаар явуулсан. Хэрэв бидний шаардлагыг хүлээн авахгүй бол бойкотлоно гэдгээ илэрхийлсэн юм.

Уг асуудлаар УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр “Монголын төр нэг л нүүртэй байх ёстой, хэнийг ч ялгаварладаггүй байх ёстой. Иргэдээ итгэл үнэмшилтэй байсны төлөө, үзэл бодлоо илэрхийлсний төлөө цагдан хорихгүй байх бодлогоо Монголын төр зарласан. Итгэл үнэмшлийг цагдан хорихгүй гээд төрийн бодлого тодорхой байхад торгох ял авах хүнийг цагдан хорьдог байж таарахгүй. Хэрэг шалгах ажиллагааны зарчимд нийцэх үү гэдгийг бодоорой” гэж холбогдох байгууллагын албан тушаалтнуудад анхааруулж, “Хүний эрхийн тэмцэлд төгсгөл гэж байхгүйтэй адил Хүний эрхийн дэд хороо хүний эрхийн асуудлаар хуралдах нь хэзээд нээлттэй” гэсэн байр суурь илэрхийлж байв.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал эдийн-засаг

Экспорт, импортын зөвшөөрлийг энэ ондоо багтааж цахимжуулна

Өнгөрсөн онд гаалийн байгууллага гаалийн мэдээллийн системийн сервер, тоног төхөөрөмж болон программ хангамжийг дараагийн түвшинд гаргахад анхаарч өдөр тутмын хэрэглээний КАИС, СЭПС системүүдээ үе шаттайгаар шинэчилж, системийн ачааллыг бууруулсны зэрэгцээ анх удаа гаалийн харилцаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгжид хандсан цахим систем gaali.mn-ийг шинээр нэвтрүүлж, олон нийтэд танилцуулсан билээ.

Энэхүү системийг нэвтрүүлснээр гаалийн байгууллагаас аж ахуйн нэгжид үзүүлдэг 33 үйлчилгээ, иргэнд үзүүлдэг 14 үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлжээ.

Мөн гаалийн байгууллагаас олгож байгаа нийт есөн зөвшөөрлийг “Тусгай зөвшөөрлийн цахим систем” /www.license.mof.gov.mn/-д оруулснаар төрийн үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэх, нүүр тулсан харилцаа, шат дамжлагыг багасгах, зардал хэмнэх боломжийг бүрдүүлснийг онцлов.

ГЕГ-ын дэд дарга Ц.Гэндэнцэвээн “Хил дээрх хяналт шалгалтыг хийдэг байгууллагууд нэгдсэнээр бүртгэл, хяналт шалгалт, бичиг баримтын бүрдүүлэлтийн үйл ажиллагаа сайжирна. Хил дээрх удирдлага, зохион байгуулалтын ажиллагаа нэгдэж, ганцхан Гаалийн байгууллага зохицуулах болсон нь хариуцлага хуваагдахгүй байх давуу талтай. Энэ нь худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааг том дэвшил.

Мөн экспорт, импортын зөвшөөрөл буюу мэдэгдэл авна гээд олон цаас цуглуулдаг ажлыг энэ ондоо багтааж цахимжуулна. Нэг хяналт нэг бүртгэл, нэг бичиг баримтын шалгалттай болох тул хил дээрх олон давхардлууд алга болно. Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэг Гаалийн байгууллагад ирснээр ямар давуу сул талтай байгааг бид мэдээлж байна” хэмээв.

Categories
гадаад их-уншсан мэдээ туслах-ангилал

Казахстанд 164 хүн амиа алдаж, 5000 хүн баривчлагджээ

Казахстанд гарсан үймээний улмаас 164 хүн амиа алдаж, 5000-6000 орчим хүнийг баривчлаад байна гэж олон улсын хэвлэлүүд мэдээллээ.

Тус улсын Дотоод хэргийн яамнаас гаргасан тооцоогоор эмх замбараагүй байдлаас үүдсэн хохирлын хэмжээ 198 сая ам.долларт хүрчээ. Нийт 100 гаруй банк, аж ахуй нэгжүүд эд хөрөнгөө дээрэмдүүлж, 400 орчим тээврийн хэрэгсэл эвдэрч, сүйджээ.

Баривчлуулсан хүмүүс дунд гадаадын иргэд цөөнгүй байгаа бол амиа алдсан иргэдийн хоёр нь хүүхэд ажээ. Амиа алдсан хүмүүсийн 103 нь зөвхөн Алматы хотод бүртгэгдсэн ба энэ тоо тооцоолсноос их байж магадгүй байна.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд III байрт орж байна

Манай Улаанбаатар хот IQAir-ээс гаргадаг агаарын бохирдлын үзүүлэлтээрээ яг одоогийн байдлаар дэлхийд гуравдугаар байрт орж байна. Харин нэгдүгээр байрт Энэтхэг Колката хот орж байгаа аж.

Мөн түүнчлэн удаах байруудыг Хятадын Шэньян, Пакистаны Лахор хотууд эзэлжээ. IQAir байдаг уг үзүүлэлт нь байнга өөрчлөгдөж байдаг юм.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

2021 онд Монгол Улсын суудлын автомашин 55.237, ачааны машин 26.526-аар нэмэгдэв

Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 2021 онд 16 тэрбум ам.долларт хүрсний 6.9 тэрбум доллар нь импорт байв. Цар тахлын өмнөх үетэй харьцуулахад буурсан ч 2020 оныхоос 29 хувь өссөн үзүүлэлт юм.

Импортоор нийлүүлэгдсэн барааны

  • 96 хувийг валютын төлбөртэй худалдаа
  • 1.4 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа
  • 0.6 хувийг гадаадын тусламжийн бараа
  • 1.9 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа
  • 0.04 хувийг боловсруулалтын бараа эзэлжээ.

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 1.3 тэрбум ам.доллар буюу 18.2 хувийг эзэлсэн байна. Энэ нь импортын дүнд эрдэс бүтээгдэхүүний дараа бичигддэг гол төрөл юм.

Гаалийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр 2021 онд Монгол Улс нийт 770 сая ам.долларын үнэ бүхий 81,763 суудлын болон ачааны автомашин импортолжээ. Импортолсон машины тоо хэмжээ 2020 онтой харьцуулахад 7.7 мянгаар өссөн бол үнийн дүн 36% буюу 204 сая ам.доллароор өссөн байна.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Монголын эмэгтэй уулчид анх удаа Хүйтний оргилд гарчээ

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа, ОУХМ П.Эрдэнэтогтох, спортын мастер Ч.Зул нар далайн түвшнээс дээш 4374 км өндөрт орших Монголын хамгийн өндөрт тооцогддог Алтай таван богдын Хүйтний оргилд амжилттай гарчээ.

Уулчин бүхний тэсвэр тэвчээр, ур чадвар, хатуужлыг шалгадаг өндөр хайрханы нэгд зүй ёсоор ордог Хүйтний оргилд Монголын гурван эмэгтэй уулчин өвлийн цагаар авирч, анх удаа эмэгтэй уулчид тус оргил дээр гарсан амжилтыг тогтоосон байна.

Тэд нийт 11 хоног авирахдаа өглөөдөө шар тостой гурил, өдөртөө талх, оройдоо аяга шөл ууж явсан бөгөөд 60 гаруй км замыг чарга чирээд алхаж туулсан байна. Тэд замдаа хацраа хайрах зэргээр багагүй бэрхшээлийг давж гарсан бөгөөд энэ авиралтынхаа талаар тэд баримтат кино хийхээр төлөвлөжээ.

Categories
булангууд их-уншсан мэдээ туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

​Буд гаригийг маргааш өндөрлөг газраас энгийн нүдээр харах боломжтой

Буд гаргийн зүүн элонгац: Буд гаригийг маргааш өндөрлөг газраас энгийн нүдээр харах боломжтой болно.

Нэгдүгээр сарын 7-нд Буд гариг нь нарнаас хамгийн их 19.2 градусын зүүн холдох өнцгөөр харагдах үед маш сайн ажиглах боломжтой. Хамгийн тохиромжтой цаг нь оройн тэнгэрт баруун зүгт хэвтээ хавтгай буюу тэнгэрийн хаяанаас дээш нарнаас хамгийн их холдох буюу нар жаргасны дараахан тэнгэрийн баруун хаяанд бага градусын өндөрт ажиглагдах аж.

Мөн энэ сарын 18-нд тэргэл сар нь нартай эсрэг тохиож сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил цаг нь Улаанбаатарын 7 цаг 48 минут юм. Энэ үеэр сарыг ажиглахад маш тохиромжтой. Түүний гадаргуу дээрх цар, тогоо, уул нурууд, далай тэнгисүүдийг энгийн дуран болон астрономийн дурангаар тодхон харж болохыг тус хүрээлэнгийн цахим хуудаснаа нийтэлжээ.


2022 онд тохиох одон орны сонирхолтой үзэгдлүүд


1 сарын 3-ны шинэ сар. Сар нь Наран талдаа гарч шөнийн тэнгэрт харагдахгүй байх ба Улаанбаатарын цагаар 02 цаг 35 минутад эклиптикийн хавтгай дээрх проекцууд нь нэг шулуун дээр буюу Нар, Дэлхийн голд Сар байрлах юм. Энэ үеэр Сарны гэрэлгүй байх учраас одод, одны бөөгнөрөл, мананцар, галактик, тэнгэрийн заадас, солир зэргийг ажиглахад маш тохиромжтой юм.

1 сарын 3, 4. Квадрантид (010 GUA) солирын урсгал. Энэхүү солирын урсгалын оргил үед дунджаар 40 хүртэлх тооны солир харвадаг. Тэнгэрийн хойд хагас бөмбөрцөгт ажиглагддаг үзэгдэл бөгөөд манай орны газар нутгаас маш сайн харагдана гэсэн үг юм. Энэ солирын урсгал нь анх 2003 онд нээсэн, 2003 EH1 гэсэн мөхөж буй сүүлт одны тоосонцроос тогтдог байна. Жил бүрийн 1–р сарын 1-5 хооронд болдог. 2022 оны хувьд 3-4 -нд шилжих шөнө оргил үе нь тохиох юм байна. Энэ үеэр шинэ сар тохиож сарны гэрэлгүй байх учраас шөнө дунд ажиглахад нэн тохиромжтой. Их баавгай, Луу,Тариачин гэсэн 3-н одны ордны голоос солир цацрах үзэгдэл болно.

1 сарын 7. Буд гаргийн зүүн элонгац. Буд гараг нь Нарнаас хамгийн их 19.2 градусын зүүн холдох өнцгөөр харагдана. Энэ үед Буд гараг маш сайн ажиглагдана. Өндөрлөг газраас энгийн нүдээр харах боломжтой. Ажиглахад хамгийн тохиромжтой үе нь оройн тэнгэрт баруун зүгт хэвтээ хавтгай буюу тэнгэрийн хаяанаас дээш Нарнаас хамгийн их холдож харагдах болно, өөрөөр хэлбэл Нар жаргасны дараахан тэнгэрийн баруун хаяанд бага градусын өндөрт ажиглагдана.

1 сарын 18. Тэргэл сар. Сар нь Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдаж оргил үе нь УБ-ын цагаар 07 цаг 48 минут юм. Энэ үеэр сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг. Түүний гадаргуу дээрх цар, тогоо, уул нурууд, далай тэнгисүүдийг энгийн дуран болон астрономийн дурангаар тодхон харж болно.

2 сарын 1. Шинэ Сар. Сар нь Наран талдаа гарч шөнийн тэнгэрт харагдахгүй, Улаанбаатарын цагаар 13 цаг 48 минутад эклиптикийн хавтгайд Нар, Дэлхийн голд байрлах үе тохионо. Энэ үеэр сарны гэрэлгүй байх учраас одод, одны бөөгнөрөл, мананцар, галактик, тэнгэрийн заадсыг ажиглахад маш тохиромжтой юм.

2 сарын 17. Тэргэл Сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 00 цаг 56 минут байна. Энэ үеэр сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг. Түүний гадаргуу дээрх цар, тогоо уул нурууд, далай тэнгисүүдийг энгийн дуран болон астрономийн дурангаар тодхон харж болно.

2 сарын 16. Буд гаргийн баруун элонгац. Буд гараг нь Нарнаас хамгийн их 26.3 градусын өнцгөөр баруун холдолт буюу баруун элонгацад харагдана. Энэ үед Буд гараг маш сайн тод ажиглагдана. Өндөрлөг газраас энгийн нүдээр харах боломжтой. Ажиглахад хамгийн тохиромжтой цаг нь өглөөний тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш Нарнаас хамгийн их холдож харагдана, өөрөөр хэлбэл Нар мандахаас өмнөхөн тэнгэрийн зүүн хаяанд бага градусын өнцгөөр ажиглагдана.

3 сарын 3. Шинэ Сар. Сар нь Наран талдаа гарч шөнийн тэнгэрт харагдахгүй, Нар Сарны тохиолго болно. Улаанбаатарын цагаар 01 цаг 35 минутад эклиптикийн хавтгайд Нар, Дэлхийн голд байрлах үе тохионо. Энэ үеэр сарны гэрэлгүй байх учраас одод, одны бөөгнөрөл, мананцар, галактик, тэнгэрийн заадсыг ажиглахад маш тохиромжтой юм.

3 сарын 17. Тэргэл Сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 00 цаг 56 минут байна. Энэ үеэр сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг. Түүний гадаргуу дээрх цар, тогоо уул нурууд, Сарны далай тэнгисүүдийг энгийн дуран болон астрономийн дурангаар тодхон харж болно.

3 сарын 20. Хаврын тэнцлийн үе. Хаврын тэнцлийн үе нь Улаанбаатарын цагаар 23 цаг 33 минутад тохионо. Дэлхий дээр өдөр шөнийн үргэлжлэх хугацаа тэнцдэг, Нар тэнгэрийн бөмбөрцгийн өмнөд хагасаас хойд хагаст шилжихдээ тэнгэрийн экваторыг огтлон гарч буй цэг. Өөрөөр хэлбэл, Нар тэнгэрийн экватор болон эклиптикийн огтлолцсон цэгт оршино гэсэн үг юм. Энэ тэнцлийн өдөр Нар зүүн зүгт мандаж баруун зүгт жаргана.

3 сарын 20. Сугар гаргийн баруун элонгац. Сугар гараг нь Нарнаас хамгийн их 46.6 градусын өнцгөөр баруун холдож харагдана. Энэ үед Сугар гараг маш сайн ажиглагдана. Энгийн нүдээр харах боломжтой. Ажиглахад хамгийн тохиромжтой цаг нь өглөөний тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш Нарнаас хамгийн их холдож харагдана, өөрөөр хэлбэл Нар мандахаас өмнө тэнгэрийн зүүн хаяанд хамгийн их өндөрт ажиглагдана.

4 сарын 1. Шинэ сар. Дэлхийгээс ажиглахад Сар нь Нар талдаа байрлаж шөнийн тэнгэрт харагдахгүй. Энэ оргил үе нь Улаанбаатарын цагаар 14 цаг 24 минутад тохионо. Энэ үеэр сарны гэрэлгүй байх учраас одод, одны бөөгнөрөл, мананцар, галактик, тэнгэрийн заадсыг ажиглахад маш тохиромжтой юм.

4 сарын 17. Тэргэл сар. Сар нь Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 02 цаг 55 минут байна. Энэ үеэр сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг. Түүний гадаргуу дээрх цар, тогоо, уул нурууд, далай тэнгисүүдийг энгийн дуран болон астрономийн дурангаар тодхон харж болно.

4 сарын 22, 23. Тэнгэрийн сан ордны солирын урсгал (Lyrids Meteor Shower). Солирын урсгалын үеэр цагт 20 тооны солир Дэлхийн агаар мандалд орж ирэн шатах үзэгдэл болдог. Анх 1861 онд нээж байсан C/1861 G1 Татчер (Thatcher) сүүлт одны үлдээсэн ул мөр болох хий тоосонцор, хэлтэрхийнүүдээс үүдэлтэй гэж үздэг. Солирын урсгал жил бүрийн 4 сарын 16-25 хооронд болдог. Энэ оны хувьд 4-р сарын 22-ны шөнөөс 23-ны өглөө хүртэл оргил үе нь ажиглагдана. Эдгээр солирын биетийн зарим нь цөөхөн секундийн турш хурц тоосны зам татуулдаг байна.

4 сарын 29. Буд гаргийн зүүн элонгац. Нарнаас 20.6 градусын өнцгөөр Буд гараг хамгийн их зүүн холдолт болно. Энгийн нүдээр харагдана. Буд гаригийг ажиглах хамгийн тохиромжтой үе байх болно. Оройн тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш Нарнаас хамгийн их хазайж харагдах болно. Нар жаргасны дараахан баруун тэнгэрийн хаяанд гаргийг харж болно.

4 сарын 30. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Энэ оргил үе нь 20:28 UT цагт тохионо. Энэ үед Саргүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад нэн тохиромжтой, тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд гэх мэт.

4 сарын 30. Нарны хагас хиртэлт. Нар, Сар, Дэлхийн байрлалаас шалтгаалж Сарны давхар сүүдэр Дэлхийн гадарга дээр тусвал Нарны хагас хиртэлт тохиолддог. Нарны хагас хиртэлтийг тусгай нарны фильтер ашиглан, нүдээ хамгаалж ажиглах хэрэгтэй. Номхон далайн өмнөд хэсэг болон Өмнөд Америкийн нутгуудаар ажиглагдана. Хамгийн сайн харагдах муж нь Аргентинд 53 хувьтай ажиглагдана.

5 сарын 6,7. Хумхын Эта солирын урсгал (Eta Aquarids). Энэ солирын урсгалын үеэр цагт дунджаар 60 тооны солир Дэлхий руу орж ирдэг. Тэнгэрийн өмнөд хагас бөмбөрцөгт илүү сайн идэвхтэй ажиглагддаг бол хойд хагас бөмбөрцөгт цагт 30 орчим солир ажиглагдана. Энэ урсгал нь жил бүрийн 4-р сарын 19-өөс 5-р сарын 28 хүртэл болдог. Энэ оны оргил үе нь 5-р сарын 6 шөнөөс 5-р сарын 7–ны өглөө хүртэл ажиглагдах юм байна. Шөнө дундын харанхуйд маш сайн ажиглагдана. Хумхын одны ордноос солир цацрах боловч тэнгэрийн аль ч зүгт харагдаж болно.

5 сарын 16. Тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдаж оргил нь Улаанбаатарын цагаар 12 цаг 14 минут байна. Энэ үеэр Сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг. Түүний гадаргуу дээрх цар, тогоо уул нурууд, далай тэнгисүүдийг энгийн дуран болон астрономийн дурангаар тодхон харж болно.

5 сарын 16. Сарны бүтэн хиртэлт. Дэлхийн сүүдэр Сарны тэргэлийг халхлах үед Сарны бүтэн хиртэлт тохионо. Энэ төрлийн хиртэлтийн үеэр Сар бараан болж улаавтар өнгөтэй болдог. Хиртэлтийн ажиглагдах үе нь Хойд Америк, Гринланд, Атлантын далай, баруун Африк болон Европын баруун хэсэг байна.

5 сарын 30. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Энэ оргил үе нь Улаанбаатарын цагаар 19 цаг 30 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд гэх мэт.

6 сарын 14. Том тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Супер сар гэж нэрлэдэг. Дэлхийг зууван тойрог замаар тойрч байгаа Сар нь тэргэл сартай үед Дэлхийд хамгийн их ойртох үе (Дэлхийд дөт цэг) нь давхцаж ирдэг учраас Сар энгийн ажиглагдах үеэсээ харьцангуй том Сар гардаг байна. Харагдцын хувьд Сар Дэлхийгээс алсрах цэгээс ажиглагдахаас 30 хувь илүү гэрэлтэй, 14 хувь том харагдаж ажиглагдах юм. Энэ нь астрономийн ховор үзэгдэлд ордог. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 19 цаг 52 минут байна. 2022 онд том тэргэл сар 3 удаа болох бөгөөд эхнийх нь энэ байх юм.

6 сарын 16. Буд гаргийн баруун элонгац. Буд гараг нь Нарнаас хамгийн их 23.2 градусын баруун холдох өнцгөөр харагдана. Энэ үед Буд гараг маш сайн ажиглагдана. Өндөрлөг газраас энгийн нүдээр харах боломжтой. Өглөөний тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш Нарнаас хамгийн их холдож харагдана. Нар мандахаас өмнөхөн зүүн тэнгэрийн хаяанд бага градусын өнцгөөр ажиглагдана.

6 сарын 21. Зуны туйлын цэг. Зуны туйлын цэг буюу Зуны Нар буцах цэг нь УБ цагаар 17 цаг 14 минут тохионо. Хамгийн урт өдөр, богино шөнө болно. Тэнгэрийн хойд хагас бөмбөрцөгт тэнцлийн цэгүүдээс ижил зайд орших шар замын цэг юм. Мэлхийн замын гэрийн эхлэл болно. Дэлхийн хойд туйл руу Нар хамгийн ихээр ойртдог. Хойд хагас бөмбөрцөгт астрономийн зуны эхлэл, Өмнөд хагас бөмбөрцөгт астрономийн өвлийн эхлэх (өвлийн туйлын цэг) өдрүүд тохионо.

6 сарын 29. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Энэ оргил үе нь Улаанбаатарын цагаар 10 цаг 52 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.

7 сарын 14. Том Тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Гадаадад супер сар гэж нэрлэдэг. Дэлхийг эллипс тойрог замаар тойрч байгаа Сар нь тэргэл сартай үед Дэлхийд хамгийн их ойртох үе (Дэлхийд дөт цэг) нь давхцаж ирдэг учраас Сар энгийн ажиглагдах үеэсээ харьцангуй том Сар гардаг байна. Харагдцын хувьд Сар Дэлхийгээс алсрах цэгээс ажиглагдахаас 30 хувь илүү гэрэлтэй, 14 хувь том харагдаж ажиглагдах юм. Энэ нь астрономийн ховор үзэгдэлд ордог. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 02 цаг 38 минут байна. 2022 онд том тэргэл Сар 3 удаа болох ба хоёр дахь нь энэ байх юм.

7 сарын 29. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Оргил үе нь Улаанбаатарын цагаар 01 цаг 55 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.

7 сарын 28,29. Хумхын Делта солирын урсгал (Delta Aquarids). Энэ солирын урсгал нь цагт дунджаар 20 тооны солир Дэлхий руу орж ирдэг. Марсден болон Крачт сүүлт одны тоосны үлдэгдлээр үүсгэгдсэн. Энэ урсгал нь жил бүрийн 7 сарын 12-өөс 8 сарын 23-ны хүртэл болдог. Энэ оны оргил үе нь 7 сарын 28-ны шөнөөс 7 сарын 29 –ны өглөө хүртэл ажиглагдах юм байна. Сарны гэрэлгүй байх учраас шөнө дунд маш сайн ажиглагдана. Хумхын одны ордноос солир цацрах боловч тэнгэрийн аль ч зүгт харагдаж болно.

8 сарын 12. Том тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Гадаадад супер сар гэж нэрлэдэг. Дэлхийг зууван тойрог замаар тойрч байгаа Сар нь тэргэл сартай үед Дэлхийд хамгийн их ойртох үе (Дэлхийд дөт цэг) нь давхцаж ирдэг учраас Сар энгийн ажиглагдах үеэсээ харьцангуй том сар гардаг байна. Харагдцын хувьд Сар Дэлхийгээс алсрах цэгээс ажиглагдахаас 30 хувь илүү гэрэлтэй, 14 хувь том харагдана. Энэ нь астрономийн ховор үзэгдэлд ордог. Ингэж харагдаж оргил үе нь УБ цагаар 09:39 минут байна. 2022 онд том тэргэл сар 3 удаа болох ба гурав дахь нь энэ байх юм. Тухайн өдөр Сар Дэлхийд хамгийн ойр ирж байгаа үе таарч байгаа учраас ердийнхөөсөө том, гэрэл ихтэй тэргэл сар гарна.

8 сарын 12,13. Тэргэрийн онгоцны солирын урсгал (Perseids). Энэ солирын урсгалыг ажиглахад маш сайн харагддаг, цагт дунджаар 60 тооны солир агаар мандалд орж ирдэг. Свипт-Туттль сүүлт одны хэлтэрхийнүүдээр үүсгэгдсэн, түүнийг анх 1862 онд нээж байсан байна. Тэнгэрийн онгоц ордын солирын урсгал нь гэрэлтэй хурц солирууд (болид) ихээр ажиглагддагаараа маш алдартай юм. Урсгал нь жил бүрийн 7 сарын 17-ноос 8 сарын 24-ны хооронд болдог. Энэ жилийн хувьд том тэргэл сартай хамт тохиож байгаа учраас ажиглахад гэрэл ихтэй, тохиромж муутай байна. Шөнө дунд харанхуй үед ажиглахад тохиромжтой. Солирууд тэнгэрийн онгоцны одны ордноос цацрах боловч тэнгэрийн аль ч хэсэгт харагдах боломжтой юм.

8 сарын 14. Санчир гаргийн эсрэг тохиолго. Цагариган бүслүүрт Санчир гараг нь Дэлхийд хамгийн ойр орших бөгөөд шөнө дунд орой хадна. Энэ үед гялалзалт нь хамгийн их байна. Жилийн бүх шөнийн хугацаанд гэрэлтэй тод харагдана. Санчир гараг болон түүний дагуул саруудыг ажиглах болон зураг авахад маш тохиромжтой байна. Дундаж хэмжээтэй болон том дурангаар Санчирын цагариган бүслүүр болон түүний гэрэлтэй цөөхөн саруудыг харж болно.

8 сарын 27. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Энэ оргил үе нь Улаанбаатарын цагаар 16 цаг 17 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.

8 сарын 27. Буд гаргийн зүүн элонгац. Нарнаас 27.3 градусын өнцгөөр Буд гараг хамгийн их зүүн холдолд болно. Энгийн нүдээр харагдана. Буд гаргийг ажиглах хамгийн тохиромжтой үе байх болно. Оройн тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш хамгийн их хазайж харагдах болно. Нар жаргасны дараахан баруун тэнгэрийн хаяанд гаргийг харж болно.

9 сарын 10. Тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдаж оргил үе нь Улаанбаатарын цагаар 17 цаг 58 минут байна. Зарим оронд тэргэл сартай үед жил бүр эрдэнэ шишийн ургацаа хураадаг байсан учир түүний Ургацын Сар гэж нэрлэдэг байна. Ургацын Сар намрын тэнцлийн үетэй ойролцоо болдог байна.

9 сарын 16. Далай ван гаргийн эсрэг тохиолго. Усан цэнхэр аварга хийн гараг Далай ван нь Дэлхийд хамгийн ойр орших бөгөөд шөнө дунд орой хадна. Энэ үед гялалзалт нь хамгийн их байна. Жилийн бүх шөнийн хугацаанд гэрэлтэй тод харагдана. Далай ван гаригийг ажиглах болон зураг авахад маш тохиромжтой байна. Дэлхийгээс алслагдсан гараг учир том хүчин чадал сайтай дурангаар Далай ван гаргийг харж болно.

9 сарын 23. Намрын тэнцлийн цэг. Намрын тэнцлийн цэг нь Улаанбаатарын цагаар 09 цаг 04 минутад тохионо. Нарны цацраг экватор луу чиглэдэг ба Дэлхий дээр өдөр болон шөнийн үргэлжлэх хугацаа тэнцдэг. Нар тэнгэрийн хойд хагас бөмбөрцгөөс өмнөд хагаст шилжихдээ тэнгэрийн экваторыг огтлон гарч буй цэг. Энэ цэг нь Чинлүүрийн ордны эхлэл болно. Тэнгэрийн хойд хагаст намрын тэнцлийн цэгт астрономийн намрын эхний өдөр болдог бол өмнөд хагаст хаврын тэнцлийн цэг буюу астрономийн хаврын эхний өдөр болно. Энэ өдөр баруун, зүүн цэгийг нарны мандах, шингэх цэгээр нарийн тодорхойлж болно. Нар зүүний цэгт мандаж барууны цэгт жаргана гэсэн үг юм.

9-сарын 26. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Энэ оргил үе нь Улаанбаатарын цагаар 05 цаг 55 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад нэн тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.

9 сарын 26. Бархасбадь гаргийн эсрэг тохиолго. Аварга хийн гараг Дэлхийд хамгийн ойртож ирэх ба Нарны гэрлээр бүтэн гэрэлтэж, шөнө дунд орой хадна. Энэ үед гялалзалт нь хамгийн их байна. Жилийн бүх шөнийн хугацаанд гэрэлтэй тод харагдана. Бархасбадь гараг болон түүний саруудын зургийг авахад маш тохиромжтой байна. Дундаж хэмжээтэй дурангаар Бархасбадь гаргийн үүлэн судлуудыг нарийвчилж ажиглан харах боломжтой. Гаргийн хоёр талд гэрэлтэй тод цэгүүд болох 4 том дагуулыг сайн харж болно.

10 сарын 7. Лууны ордны солирын урсгал (Draconids). Энэ урсгал нь бага тооны солир харвадаг, цагт дунджаар 10 орчим солир үзэгдэх болно. Солирын урсгал нь 1900 онд анх нээж байсан 21P Гиасобини-Зиннер сүүлт одны үлдэгдлээр үүсгэгдсэн гэж үздэг. Жил бүрийн 10 сарын 6-10 хооронд болдог. Энэ оны хувьд оргил үе нь 7 –ны шөнө таарч байна. Хагас сартай байх тул солирыг ажиглахад саад учруулж болно. Хотын гэрлээс зайтай газар байрлаж ажиглахад тохиромжтой. Солирын урсгал нь Лууны одны ордноос цацарч харагдах боловч тэнгэрийн аль ч зүгт ажиглагдаж болно.

10 сарын 8. Буд гаргийн баруун элонгац. Буд гараг нь Нарнаас хамгийн их 18 градусын баруун холдох өнцгөөр харагдана. Энэ үед Буд гараг маш сайн ажиглагдана. Өндөрлөг газраас энгийн нүдээр харах боломжтой. Өглөөний тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш Нарнаас хамгийн их холдож харагдана. Нар мандахаас өмнөхөн тэнгэрийн зүүн хаяанд бага градусын өнцгөөр ажиглагдана.

10 сарын 10. Тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь УБ цагаар 04 цаг 55 минут байна.

10 сарын 21,22. Маралын солирын урсгал. Маралын солирын урсгал нь дундаж хэмжээ нь цагт 20 тооны солир харвадаг. Үүнийг маш эрт цагаас ажиглаж ирсэн Халле сүүлт одны үлдээсэн ул мөрнөөс үүдэлтэй гэж үздэг. Энэ урсгал нь жил бүрийн 10 сарын 2- ноос 11 сарын 7-ны хооронд болдог. Оргил үе нь 10 сарын 21 шөнөөс 22-ны өглөө ажиглагдах болж байна. Нимгэн хавирган сартай байх учир сарны нөлөө бага учир шөнө дунд харанхуй үед маш сайн харагдах болно. Солирууд нь Маралын одны ордноос цацрах боловч тэнгэрийн аль зүгт харагдаж болно.

10 сарын 25. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Оргил үе нь 18 цаг 49 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад нэн тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.

10 сарын 25. Нарны хагас хиртэлт. Нар ба Сарны тохиолго болох үе. Нар, Сар, Дэлхийн харилцан байрлалаас шалтгаалж, өөрөөр хэлбэл хоорондын зайнуудаас хамаарч Сарны давхар сүүдэр Дэлхийн гадарга дээр тусвал Нарны хагас хиртэлт тохиолддог. Нарны хагас хиртэлтийг түүний тусгалыг, эсвэл тусгай нарны фильтер ашиглан нүдээ хамгаалж ажиглах хэрэгтэй. ОХУ-ын баруун хэсэг болон Казакстан улсын нутгуудаар ажиглагдах юм байна. Хамгийн сайн харагдах муж нь ОХУ-ын төв хэсэгт 80 хувьтай ажиглагдах юм байна.

11 сарын 4,5. Үхрийн солирын урсгал (Taurids). Үхрийн солирын урсгал нь маш бага хэмжээтэй, дунджаар цагт 5-10 тооны солир харвадаг. Энэ нь ер бусын хоёр тусдаа урсгалаас бүрддэг. Эхнийх нь 2004 TG10 бага гаригийн хэлтэрхийнүүдээс үүдэлтэй бол хоёр дахь урсгал нь 2P Энке сүүлт одны үлдэгдэл гэж үздэг. Энэ урсгал нь жил бүрийн 9 сарын 7- ноос 12 сарын 10-ны хооронд болдог. Оргил үе нь 11-р сарын 4-ны шөнө ажиглагдах болж байна. Сартай байх учир сарны нөлөө ихтэй. Шөнө дунд харанхуй байрлалаас ажиглаж болно. Солирууд нь Үхрийн одны ордноос цацрах боловч тэнгэрийн аль зүгт харагдаж болно.

11 сарын 8. Тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь УБ-ын цагаар 19:02 минут байна.

11 сарын 8. Сарны бүтэн хиртэлт. Дэлхийн сүүдэр Сарны тэргэлийг халхлах үед Сарны бүтэн хиртэлт тохионо. Энэ төрлийн хиртэлтийн үеэр Сар бараан, цусан улаан өнгөтэй харагддаг. Хиртэлтийн ажиглагдах зурвас нь ОХУ-ын зүүн хэсэг, Япон, Австрали, Номхон далай болон Хойд Америкийн төв хэсэг байна.

11 сарын 9. Тэнгэр вангийн эсрэг тохиолго. Цэнхэр ногоон гараг нь Дэлхийд хамгийн ойр орших үе нь шөнө дунд орой хадах үе. Энэ үед гялалзалт нь хамгийн их байна. Жилийн бүх шөнийн хугацаанд гэрэлтэй тод ажиглагдана. Тэнгэр ван гаргийг ажиглах маш тохиромжтой цаг үе байна. Дэлхийгээс алслагдсан гараг учир том хүчин чадал сайтай дурангаар Тэнгэрийн ван гаргийг харж болно.

11 сарын 17,18. Арслангийн солирын урсгал (Leonids). Арслангийн солирын урсгал нь дунджаар цагт 15 тооны солир харвадаг. Энэ нь 33 жилийн циклтэйгээр цагт 100 хүртэлх солир харвах үзэгдэл болдог онцлогтой бөгөөд хамгийн сүүлд 2001 онд тохиолдсон. Урсгал нь Темпель Туттль сүүлт одны хэлтэрхийнүүдээс үүдэлтэй бөгөөд 1986 онд нээж байжээ. Солирын урсгал нь жил бүрийн 11 сарын 6-30-ны хооронд болдог. Оргил үе нь 17 шөнөөс 18-ны өглөө ажиглагдах болж байна. Сартай байх учир сарны нөлөө нь тод гэрэлтэй солируудын эрчмийг сулруулна. Шөнө дунд харанхуй байрлалаас ажиглахад тохиромжтой. Солирууд нь Арслангийн одны ордноос цацрах боловч тэнгэрийн аль зүгт харагдаж болно.

11 сарын 24. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Оргил үе нь 06 цаг 57 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй, харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад маш тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.

12 сарын 8. Тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь УБ-ын цагаар 12:08 минут байна. Сар хүйтэн уур амьсгалтай байдаг учир уугуул Америкчууд хүйтэн сар гэж нэрлэдэг байсан байна. Энэ үеэр Сарыг ажиглахад маш тохиромжтой байна. Түүний гадаргуу дээрх уул нурууд, цар тогоо зэргийг бага хэмжээтэй болон астрономийн дурангаар ажиглан харж болно.

12 сарын 8. Ангараг гаргийн эсрэг тохиолго. Улаан нүдэн гараг нь Дэлхийд хамгийн ойртож ирэх ба Нарны гэрлээр бүтэн гэрэлтэж, шөнө дунд орой хадна. Энэ үед гялалзалт нь хамгийн их байна. Жилийн бүх шөнийн хугацаанд гэрэлтэй тод харагдана. Ангараг гаргийн зургийг авахад маш тохиромжтой байна. Дундаж хэмжээтэй дурангаар Ангараг гаргийн улаан гадаргуу дээрх зарим бараан хэсгийг ажиглан харах боломжтой.

12 сарын 13, 14. Ихрийн солирын урсгал (Geminids). Ихрийн солирын урсгал бол солирын урсгалуудын хамгийн их цацардаг урсгал бөгөөд өвөрмөц онцлогтой ажиглагддаг юм. Тэрээр цагт 120 хүртэлх тооны олон төрлийн өнгөтэй солир харвадаг. Урсгалыг 1982 онд анх нээж байсан 3200 Пэитон нэртэй бага гаргийн хэлтэрхийнүүдээс үүдэлтэй юм. Энэ урсгал нь жил бүрийн 12-р сарын 7-17-ны хооронд болдог. Оргил үе нь 13 шөнөөс 14-ны өглөө хүртэл ажиглагдана. Сартай байх учир сарны нөлөө нь тод гэрэлтэй болон өнгөтэй солируудын гэрэлтэлтийг хааж болох юм. Гэвч Ихрийн солирын урсгал их цацардаг учир шөнө дунд харанхуй байрлалаас сайн ажиглагдах болно. Солирууд нь Ихрийн одны ордноос цацрах боловч тэнгэрийн аль зүгт харагдаж болно.

12 сарын 22. Өвлийн туйлын цэг. Өвлийн туйлын цэг буюу Өвлийн Нар буцах цэг нь УБ-ын цагаар 05 цаг 48 минут тохионо. Хамгийн богино өдөр урт шөнө болдог, Тэнгэрийн хойд хагас бөмбөрцөгт тэнцлийн цэгүүдээс ижил зайд орших шар замын цэг. Дэлхийн өмнөд туйл руу Нар хамгийн их хазайдаг . Өмнөд өргөргийн 23.44 градусын халуун бүсийн Матрын зам дээр ирдэг. Хойд хагас бөмбөрцөгт астрономийн өвлийн эхлэл, Өмнөд хагас бөмбөрцөгт астрономийн зуны эхлэх (зуны туйлын цэг) өдрүүд тохионо.

12 сарын 21. Буд гаргийн зуун элонгац. Нарнаас 20.1 градусын өнцгөөр Буд гараг хамгийн их зүүн холдолт болно. Энгийн нүдээр харагдана. Буд гаргийг ажиглах хамгийн тохиромжтой үе байх болно. Оройн тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш хамгийн их хазайж харагдах болно. Нар жаргасны дараахан баруун тэнгэрийн хаяанд гаргийг харж болно.

12 сарын 21,22. Алтан мөнгөн шаргалын солирын урсгал(Ursids). Солирын урсгал нь дунджаар маш бага хэмжээтэй байх ба цагт 5-10 тооны солир харвадаг . Үүнийг 1790 онд анх нээж байсан Туттль сүүлт одны хэлтэрхийнээс үүдэлтэй гэж үздэг. Энэ урсгал нь жил бүрийн 12-р сарын 17-25-ны хооронд болдог. Оргил үе нь 12 сарын 21 шөнөөс 22 -ны өглөө хүртэл ажиглагдах болж байна. Шинэ Сартай байх учир сарны нөлөө байхгүй тод гэрэлтэй солирууд сайн ажиглагдах болно. Шөнө дунд харанхуй байрлалаас ажиглаж болно. Солирууд нь Алтан мөнгөн шаргал буюу Бага долоон бурхны одны ордноос цацрах боловч тэнгэрийн аль зүгт харагдаж болно.

12 сарын 23. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Оргил үе нь 18 цаг 17 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад нэн тохиромжтой, тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Цэргийн багийн гуравдахь цувааны бүрэлдэхүүн эх орондоо ирлээ.

Багийн бүрэлдэхүүнд 240 энхийг сахиулагч ирсэн бөгөөд УОК-ын шийдвэрийн дагуу “Багабаян” цэргийн амралтын газарт тусгаарлаад байна гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.