Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

БНХАУ-ын их, дээд сургуульд суралцагч оюутнуудын анхааралд DNN.mn

БНХАУ-ын Их дээд сургуулиуд – Эрдмийн гүүр

Гадаад харилцааны яамнаас БНХАУ-ын их, дээд сургуульд суралцаж буй монгол оюутнуудын бүртгэлийг хийж буй тул оюутан Та бүхнийг доорх холбоосоор орж, бүртгэлд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

https://docs.google.com/forms/d/1TNCfvVrw7fh5fDS64fGC1GF95c1eW-dW2tGlJ0Qt6ic/viewform?ts=627a5a96&fbclid=IwAR0wZnSOZ97Sqj76jk0BDoGbeuUp1GwLJbZh0S9YLDGccdveXPO7MtXXbSs&edit_requested=true

2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хийгдэх энэхүү бүртгэл нь оюутнуудын бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх зорилготой тул Та бүхнийг мэдээллээ бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөхийг хүсье. Тус яамнаас 2022 оны 5 дугаар сард явуулсан бүртгэлд хамрагдсан оюутнууд дахин бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд гагцхүү тухайн бүртгэлд мэдээллээ дутуу, зөрүүтэй бүртгүүлсэн бол дахин бүртгүүлнэ үү.

Жич: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын их, дээд сургуулийн суралцаж буй Та бүхэн өөрийн суралцаж буй их, дээд сургуулиас “танхимаар зайлшгүй суралцах шаардлагатай” тухай тодорхойлолтыг авч байхыг үүгээр зөвлөж байна.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Хангай Монгол Улсын 25 дахь аварга боллоо DNN.mn

Улсын харцага О.Хангай арав давж Улсын АВАРГА боллоо. Харин Улсын харцага Б.Орхонбаяр үзүүрлэснээр Улсын АРСЛАН боллоо.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 15 жилийн дараа төрийн наадамд алдар, цолоо дахин дуудууллаа DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын гурван даваа эхэллээ.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх, дархан аварга Б.Бат-Эрдэнэ энэ жилийн наадамд барилдан, монгол түмнээ баясгаж буй. Цагийг эзлэсэн их аварга тэрбээр улсын наадамд 15 жилийн дараа барилдаж буй.

Гурвын даваанд алдар цолоо дуудуулж, наадамчин олны бахархал, бахдалыг төрүүллээ. Ингэснээр Б.Бат-Эрдэнэ аварга 15 жилийн төрийн наадамд цолоо дахин дуудууллаа.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Төв цэнгэлдэх хүрээлэнд дөрвөн чиглэлд морьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр боллоо. Үргэлжлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн нэгийн даваа үргэлжилж байна.

Эрхэм уншигч танд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сонин сайхнаас хүргэе.

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд цагдаа, дотоодын цэрэг, оюутан цагдаа зэрэг 1100 гаруй алба хаагч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөн зохицуулах чиглэлээр үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Тухайлбал, Морьт эргүүлүүд зөвхөн гадаадын жуулчдын гэлтгүй наадамчин олны ч анхаарлыг татаж байгаа бөгөөд наадамчид морьт эргүүлүүдтэй дурсгалын гэрэл зураг татуулж байв.

Сонирхуулахад, “Хүй долоон худаг”-т “Цагдаагийн түр хүрээ” байгуулагдаж, 1000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ФОТО: Төв цэнгэлдэх хүрээлэн дэх наадмын нээлтээс… DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт болж байна.





Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Өнөө жилийн наадмаар О.Хангай түрүүлж, даян аварга Н.Батсуурь үзүүрлэж дархан аварга болно DNN.mn

Бөхийн галуудын наадмын сорилго барилдаануудыг анзаарахад өнөө жил хэн хэн өнгөнд барилдах нь ерөнхийдөө харагдаж байна. Өнгөрсөн улирлын турш өндөр формоо хадгалсан Оргихын Хангай харцага энэ жил “Сүүж” ууланд улсын заан Ц.Мягмарсүрэн багшийнхаа удирдлагад бэлтгэл сургуулилтаа базаалаа.

Бэлтгэлийн үеэр бол Хангай харцагын энд ойртож барилдах хүн олдохгүй байгааг галынх нь бөхчүүд бүгд хэлж байна.

Тааралдсан бөхөө л чээжиндээ тээгээд хааш нь ч хамаагүй чулуудчихаад байгааг аймгийн цолтнууд нь ярьж байгаа юм. Сүүж уул орчмоор л Хангай харцагын бярыг шагшсан улс байна. Бэлтгэл нь онцгой сайн байгаа түүний тухайд долдугаар сар цухуйнгуут бэлтгэлийн ачааллаа бууруулж хөнгөн бэлтгэлдээ ороод байгааг Ховдын хурц арслан Б.Баянмөнх хэлж байна лээ. Өнөө жил 31 настай тэрбээр наадам дөхсөн өдрүүдэд нойр хоолондоо тун сайн, сэтгэл зүйн бэлтгэл мундаг байгаа гэсэн. Наадмын даваанд шийдвэрлэх барилдаанаа долоогийн даваанд харцага Б.Бат-Өлзий юм уу, Б.Орхонбаяр нарын хэн нэгэнтэй нь хийж таарна. Хэн хэнтэй нь өгөө аваатай л барилддаг. Гэхдээ энэ жилийн тухайд Хангайгийн форм бусдаасаа илүү байгааг багш нар нь нууцгүй хэлж байна. Сүүж уулын бөхийн гал руу хараа бэлчээхэд Ховдын хязгаараас аварга цолтон төрөх магадлал маш өндөр байна. Улсын манлай заан Донровын Долгорсүрэн гуай “Хангайг ард түмэн жил хүлээлээ. Өнөө жил тэр их хүлээлтийг тайлах байх. Их олон унаа даваа дууддаг. Ер нь Хангай түрүүлэх цаг нь болсон” гэж шууд хэлж байна лээ. Ахмад бөхчүүд ингэж онцлоод байгаа нь цаагуураа нэг юм хэлээд байгаа биз.

Улсын даян аварга Н.Батсуурь дархан аварга цолны төлөөх сүүлийн дайралтаа энэ жил хийнэ. Түүний хувьд 1024 бөхийн барилдаанд ес давж үзүүрлэхэд л үндэсний бөхийн оргил дархан аварга цолны болзол хангах учиртай. Өөрөөр хэлбэл А.Сүхбат, Г.Өсөхбаяр нараас хойш анхны дархан аваргаа монгол үндэсний бөх өлгийдөж авна гэсэн үг. Өлгийдөх магадлал ч маш өндөр. Ингэж үзэх хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт Н.Батсуурь наадмын дэвжээнд амласан бөхдөө бараг унаж үзээгүй бөх. Энэ үзүүлэлтээс барилдаанаа маш нарийн, зөв тооцоолдог нь тодорхой харагдаж байгаа юм. Өөр нэг үндэслэл нь Увсаас том фракц наадамд зодоглоно. Өөрөөр хэлбэл Т.Баасанхүү, Ц.Мөнхбаяр, Ж.Ням-Эрдэнэ гээд залуус Батсуурийн замыг засч гол өрсөлдөгч нарыг нь “цэвэрлээд” өгөх байх. Шуудхан хэлэхэд “Увс нуур” гал дархан аваргатай болох зургаа аль хэдийнэ зурчихсан гэх яриа бөхийн гал тогоонд явж байна. Наадамд зодоглох дархан аваргууд тавын даваанаас дээш гарахгүй. Тавын даваанд л залгамж халаагаа бэлтгэж нутгийн дүү нараа дэмжиж улсын цолд хүргэнэ. Ингээд тооцоход Н.Батсуурь зургаагийн даваанаас цааш зүүний магнайг аваад явна. Зургаагийн даваанд начин болсон залуусаас зөөлчилж байгаад нэгийг нь дараад авна. Долоогийн даваанд нутгийн залуусаасаа гарч ирснийг нь амлачих байх. Харин найм болон есийн даваанд гол барилдаануудаа л хийнэ. Доорх даваануудад тунаж гарч ирсэн харцагуудаас нэгийг нь амлах болов уу. Арван хэдэн жилийн туршлага, их спортын мэдрэмжээрээ дараад унах магадлал өндөр. Н.Батсуурийн бусдаас хол давуу чанар нь наадмын өндөр даваанд сэтгэл зүй маш өндөр барилддаг. Тийм ч учраас наадамд хоёр түрүүлж, нэг үзүүрлэсэн амжилтаараа энэ цагийн бүх бөхчүүдийн оройд нь гарч зогсчихоод дархан аварга цолны төлөө дайрах гэж байна.

Архангайн М.Бадарч гарьд энэ улиралд гойд сайн бэлтгэлтэй байгаа. Дөрвөн ч удаагийн заалны барилдаанд түрүүлж, нэг удаа өнөөх О.Хангайд унаж үзүүрлэсэн. Спортын замналын оргил үедээ яваа Бадарч гарьд Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор түрүүлэх магадлал бий. Өнгөрсөн жилийн халуун намраар наадмын бэлтгэлдээ орсон тэрбээр энэ жил гол шийдвэрлэх барилдаанаа О.Хангай, Б.Бат-Өлзий нарын харцагуудын хэн нэгэнтэй нь наймын даваанд тунаж барилдах магадлалтай. Даваа унааны харьцааны тухайд хоёр харцага үл ялигүй илүүрхдэг. Архангайгаас харах өөр нэг бөх бол улсын харцага Б.Зоригтбаатар. Заалны барилдаануудад гойд амжилт үзүүлээгүй ч наадмын дэвжээнд хэнтэй ч таарсан шийдсэн мэхээ шууд хийдэг энэ бөх шуугиан тарьж мэднэ. Наадмын дэвжээнд түүнийг амлах аатай эр ховор. Улсын харцага, начин цолны давааг Зоригтбаатар шиг тунаж авсан бөх тун ховор. Өнөө жил зургаагийн даваанд Баярсайханы Орхонбаяртай тунах магадлал тун өндөр. Тэгвэл ч Хан богдыг өндөлзүүлж, Хатан туулыг цэлэлзүүлсэн ширүүн барилдаан Цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ хоёрын тухайд хэн ч давахыг таахад хэцүү. Хэн нь ч юу хийж мэдэх учраас тэр л дээ. Өнгөрсөн намар гавьяат дасгалжуулагч Г.Элбэгийн эмчилгээнд хандив цуглуулах барилдаанд энэ хоёр бөх оноолт таарч талыг там болтол ноцолдоод Б.Зоригтбаатар сугадаж мушгиад туг тойрч байлаа. Бусдаар бол энэ хоёр бөх хоорондоо таарч барилдаагүй. Б.Орхонбаярын Зоригтбаатараас даагаа нэхэх барилдаан удахгүй болох наадмын зургаагийн даваанд тохиох байх. Б.Орхонбаяр даваад гараад ирвэл харин наадмын уур амьсгал шал өөр тийшээ эргэж мэдэх юм. М.Бадарчаас бусад том цолтнуудыг бол Орхонбаяр сугадаад л тонгорчихдог.О.Хангай, Б.Бат-Өлзий гээд харцагуудыг бүгдийг нь тонгороод улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж байлаа. Тэр түүх давтагдахыг ч үгүйсгэх арга үнэндээ байхгүй. Түүний бэлтгэлийн ирийг улсын харцага Т.Өсөх-Ирээдүй багш тааруулж байгаа. Багш шавь хоёр бие биенээ дэндүү сайн мэдэрдэг талаар бөхчүүд хэлдэг. Хэдхэн жилийн өмнө Өсөх-Ирээдүй харцага үздэг хүнд шавиа авч очихдоо ирэх 100 жилийн түрүү бөхийг би бэлтгэж байгаа гэж ам алдсан байдаг.

Улсын отгон аварга Пүрэвийн Бүрэнтөгс аварга заал танхимын барилдаанд цөөн зодоглосон. Зодоглосон барилдуунууддаа гол төлөв доогшуур даваанд унасан. Ардын хувьсгалын 100 жилийн ойд их эртнээс ч бэлдсэн. Сүүлд болсон дөрвөн аваргын нэрэмжит барилдаанаар гарч ирэхдээ хачин их шуугдсан байна лээ. Хамт бэлтгэл хийдэг бөхчүүдийнх нь яриагаар бол наадмын формоо олохоор жингээ хассан нь тэр гэнэ лээ. Тухайн барилдаандаа ч үзүүрлэсэн байдаг. Аварга доогуур даваанд бага цолтнуудад гэнэ алдаад хазайчихдаггүй л юм бол Төв цэнгэлдэх хүрээлэнд нар хэвийхэд зогсож л байна даа. Түрүүлж гэмээнэ дархан аварга болно.

Одоо онцлох бөхийн тухайд өнөө маргаашгүй Ерөнхийлөгчийн зарлигаар улсын арслан ч болж мэдэх юм. Өнгөрсөн жил хамаг Монголын хүчтэнүүд Хүй Мандалын дэнжид чуулахад Б.Бат-Өлзий хол тасархай түрүүлсэн. Энэ амжилтаараа тэр улсын арслан болж мэднэ. Залуучуудын холбооны ойд түрүүлсэн Б.Бат-Өлзийгийн жигдхэн форм одоо болтол үргэлжилж байгаа. Сүүлд болсон хоёр барилдаанд дараалж түрүүлсэн. Тэрбээр шийдвэрлэх барилдаанаа О.Хангай харцагатай л хийж таарна. Сэнжиг элэг бүснээс шийдсэн этээгээ хийвэл Бат-Өлзий дээр нь тусч түрүүлэх замаа засч болох талтай. Хангай ч босоо өрөлттэй арагшаагаа суучих гээд байдаг дутагдалтай. Төрөөгийн Баасанхүүд хоёр ч удаа этүүлж суусан байх. Мөн өнгөрсөн жилийн гол дуулианы эзэн Э.Нямаа арслан ч Хангайг наадмын гурвын даваанд этээд л суулгачихаж байсан удаатай.

Эрдэнэхүүгийн Мөнхжаргал гэж эгэлгүй бөх гарч ирж буйгаа өнгөрсөн өвөл зарлаж бага наадамд түрүүлсэн. Сая “Бөх билэгт дэвжээний наадмын сорилго барилдаанд зодоглож их шөвөгт шалгарсан байна лээ. Тав давчихвал наадмын хувь заяаг яаж ч эргүүлж чадах бололцоо түүнд хангалттай байгаа. Сугадаад л авчихвал хэнийг ч мордоод дарж унадаг байгалийн өгөгдөлтэй аймгийн заан Мөнхжаргал начны даваанд Өвөрхангайн Ц.Бямба-Отгонтой тунаж барилдах зураг тод харагдаж байгаа. Бямба-Отгон дархан зүүн хөлтэй, Мөнхжаргал харин дархан мордоотой. Тунаад барилвал Мөнхжаргал л сугадаж мордоод өнөөх нь дагуулаад хөмөрч таарна. Идэрхэн хоёр залуу зааны барилдааныг бүх монголоороо нүд салгалгүй харах нь дамжиггүй. Их спортын авьяасаараа Мөнхжаргал боломж арай л илүү байж таарна.

Энд онцолсон бөхчүүдээс гадна улсын заан Б.Пүрэвсайхан, Д.Анар, улсын харцага Х.Гантулга, улсын өсөх идэр начин Чи.Батчулуун, улсын начин Д.Хүдэрбулга, Д.Мөнх-Эрдэнэ нар цол ахиж дээр дурдсан бөхчүүдэй ширүүн өрсөлдөөн үзүүлэх байх.

Харин 1980-аад оны төлөөлөл улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба, Ө.Бат-Орших нарын бөхчүүд начны даваанд дүү нараа дэмжиж залгамж үеэ дэмжих байх. Улсын гарьд Б.Гончигдамбын галд цэргийн хурц арслан М.Лхагвагэрэл гэж улс аймгийн цолтнуудад түрүүлээд үзчихсэн бөх байгаа. Гончигдамба гарьд галын дүүгээ начны даваанд дэмжих нь дамжиггүй. Өнөөх нь ч цаашаа сайн барилдах байх. Харин Ө.Бат-Оршихын шавь аймгийн заан Очирбатын Түмэн өнөө жил удмаа дуурсгаж улсын цол авах болов уу. Начны даваанд гарьд ах нь дэмжиж таарах байх. Содномдорж арслан харин аймгийн заан Бямба-Отгонд насаа тоолуулсан гэхэд болно. Гурав таарч гурав унасан. Наадмын дэвжээнд амлаад ширүүхэн үзэж ч магадгүй. Үгүй бол Хөвсгөлийн арслангуудаасаа нэгийг нь дэмжиж таарна.

Улсын цолонд тулаад ирчихсэн аймгийн цолтнууд олон байна. Тэдний тэргүүн эгнээнд Б.Түмэндэмбэрэл арсланг онцолъё. Өнгөрсөн улиралд аймаг, цэргийн цолтнуудын барилдаанд гурав түрүүлсэн. Дүүрэн начингийн хэмжээнд барилдах боломжтой Түмээ арслан Булганы бөхчүүд ч дэмжиж тунаанаас гаргаж өгөх байх. Булганы Орхоноос өөр нэг бөх гялалзтал барилдаж байгаа нь аймгийн арслан Энхбатын Сумъяабат. Өмнөх наадмуудад эрэмбэ багатай гарч аварга арслангуудын аманд очоод байсан энэ бөх бүх цэргийн наадамд үзүүрлэж чимэг нэмж, эрэмбээ ахиулсан. Цол дагаж бяр ч орсон байна лээ. Үүнд нэмэгдээд Сүхбаатарын Н.Өсөхбаяр, Өвөрхангайн О.Наранбаатар, Хөвсгөлийн Э.Баасанжав, Хэнтийн Д.Алтанцоож, Төв аймгийн П.Эрхэмжаргал, Булганы Да.Пүрэвдорж, Увсын Л.Энхсаруул гээд залуусын бэлтгэл сургуулилт гойд сайн байна лээ. Энэ залуусаас л улсын цолтнууд төрөх байх.

Сүүлд нь онцлоход, дархан аварга А.Сүхбатын хүү аймгийн начин Хангай 100 жилийн ойдоо зодоглохоор эрчимтэй бэлтгэл хийж байна лээ. Баянаа аваргын зээ, Сүхбат аваргын хүү Хангай өнөө жил шуугиулаад гараад ирж мэдэх л байх.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

ХХААХҮЯ: Арьс, шир бэлтгэн тушаасан 47.602 малчинд урамшуулал олгов DNN.mn

“Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2020 онд гүн боловсруулах үйлдвэрүүдэд 3,006,589 ширхэг бог, 183,810 ширхэг бод нийт 3,190,399 ширхэг арьс, шир бэлтгэн тушаасан 47,602 малчин, мал бүхий этгээдэд 11.8 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг өнөөдрөөс олгож эхэллээ.

Мөн “Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох” журмын шаардлага хангасан 99 үндэсний үйлдвэрүүдэд 2021 онд 19,358 тонн хонины ноос, 821,8 тонн тэмээний ноос бэлтгэн тушаасан 85,612 малчин, мал бүхий этгээдэд олгох мөнгөн урамшууллаас урьдчилан тооцсон хувь хүний орлогын албан татвар суутгасан дүнгийн 50 хувийг тус тус малчдын нэрийн дансанд төрийн сангаас шууд шилжүүлэн олголоо гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Гар утас, IPTV төлбөрийг зээлийн мэдээллийн сангаас хасчээ DNN.mn

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Ковид-19” цар тахлын улмаас эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд орж, авсан зээл нь хэвийнээс бусад ангилалд орсон 50 мянга гаруй иргэн, ААН-ийн мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд харагдуулахгүй байх тохируулгыг хийжээ.

Үүнээс гадна, цаашид Монголбанкны Зээлийн мэдээллийн санд үүрэн холбооны үйлчилгээ, үүрэн холбооны оператор компаниудын гурвалсан үйлчилгээний (IPTV, интернэт, суурин утас) төлбөрийн мэдээлэл нийлүүлэхийг зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Ховд аймагт элэгний хорт хавдар тайрах мэс заслыг амжилттай хийжээ DNN.mn

Ховд аймгийн БОЭТ-ийн мэс заслын тасгийн эмч нар элэгний хорт хавдар тайрах мэс ажилбарыг амжилттай хийжээ.

Ховд аймгийн Булган сумын иргэн Ц.Б орон нутагт хийсэн энэ анхны хагалгаанд оржээ.

Өвчтөн “Надад одоо өвдөж зовиурлах зүйл юу ч алга, манай аймгийн эмч нар үнэхээр чадвартай юм байна, алтан гартаа эмч нартаа баярлалаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Батболд: Хатуу гишүүнчлэлтэй массын намыг татан буулгахгүйгээр парламентын ардчилал хэзээ ч зүгширч чадахгүй DNN.mn

– Хэрвээ хэт олонхоороо удаан явбал ардчилал авторитаризм руу аажмаар орох аюултай –

МУИС-ийн Улс төр судлалын багш, доктор, дэд профессор Ц.Батболдтой ярилцлаа.


-Гуравхан жилийн өмнө нэмэлт, өөрчлөлт оруулсан Үндсэн хуульд дахин нэмэлт оруулахаар яригдаж эхэллээ. Үндсэн хуульд ийнхүү ойр, ойрхон өөрчлөлт оруулах гээд байгаагийн цаад шалтгааныг судлаач хүний хувьд та хэрхэн харж байна?

-Аливаа Үндсэн хууль гэдэг бол тухайн улс орны нийгмийн анги давхаргуудын зөвшилцөл байдаг. Өөрөөр хэлбэл, ямар төр засагтай байх, ямар тогтолцоотой байх тухай зөвшилцөл учраас нийгмийн гэрээ гэж нэрлэдэг. Тиймээс Үндсэн хуулийг хийхэд нийгмийн бүхий л давхарга, бүлгүүдийн зөвшилцөл, дуу хоолой хүрсэн байж нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал сая бүрэн зөвшөөрөгдөх ёстой.

Үндсэн хуулийг хэлэлцэхдээ зөвхөн нэг нам олонхоор асуудлыг шийдэж байгаа бол нийгмийн зөвшилд хүрч чадахгүй байна гэсэн санаа байдаг. 2019 онд өөрчлөлт орж батлагдсан Үндсэн хуульд гуравхан жилийн дараа дахин нэмэлт, өөрчлөлт оруулна гэж байгаа нь нийгмийн нэг хэсэг хүлээн зөвшөөрөөгүй байжээ гэсэн үг. Үндсэн хуулийг хэлэлцэж байгаа үед парламентад нийгмийн хэсэг бүлгийн төлөөлөл олон буюу алаг цоог байх ёстой. Гэтэл өнөөдрийн нөхцөлд парламентад үнэмлэхүй нэг хүч зонхилж байгаа үед Үндсэн хуулийг олон талаас нь хэлэлцэх, нийгмийн бусад бүлгийн ашиг сонирхлыг харгалзан үзэх боломж хэр буй нь эргэлзээтэй. Иймэрхүү байдлаас үүдэж Үндсэн хуулийн дархлаа сулрах хандлагатай байдаг.

Аливаа Үндсэн хуульд нийгмийн гэрээ хэлэлцээр оруулж өөрчилсөн бол тодорхой нэг үеийг (30 жил) туултал түүнийгээ даах чадвартай байх ёстой. Америкийн Үндсэн хууль 200 жил болсон ч 28 удаа өөрчлөлт хийсэн гэдэг. Гэхдээ хэт ерөнхий хууль байдаг. Орчин үеийн Үндсэн хууль арай дэлгэрэнгүй байдаг. Ийм Үндсэн хуульд 20, 30 жил болоод өөрчлөлт оруулах магадлал бий. Үүнээс гадна нийгмийн хөгжил, хувьсал хурдацтай явагдаж байна. Тиймээс 30 жилийн дараа зайлшгүй өөрчлөлт оруулах нь байх үзэгдэл. 30 жил гэж байгаагийн учир нь, хүний идэвхтэй насыг хэлж байгаа юм. Өсөх нас, идэр нас, өтөл насны үечлэл 25-30 жилээр хэмжигддэг. Нэг үе солигдоход нийгмийн үзэл бодол, байр суурь зэрэг олон зүйл өөрчлөгдөж байдаг учраас Үндсэн хуульд өөрчлөлт орох магадлал өндөр байдаг. Харин 30 жилийг дааж чадахгүй гурван жил болоод өөрчлөгдөж байна гэдэг нь өөр асуудал байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа үндэсний нийтлэг ашиг сонирхлыг баримтлалгүй нам, бүлгийн эрх ашгийг баримталж заалт оруулах хандлага туссан байх магадлалтай. Энэ тохиолдолд дахин, дахин өөрчлөлт оруулах асуудал үүсч болох юм гэсэн таамаглал байдаг.

-Одоогийн Үндсэн хуулиар явбал 2024 оны сонгуулиар МАН дахин ялалт байгуулахаар байгааг улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Гэтэл өөрсдийнхөө боломжоос татгалзаж улайм цайм бусад намуудад боломж олгоё гээд байгааг та хэрхэн дүгнэж байна. Бүх зүйл бодит байдал дээр ойлгомжтой л байна шүү дээ?

-Нэгдүгээрт, нийгмийн өнөөгийн нөхцөлд байдлаас үүдэж МАН-д асуудал тулгарч байх шиг байна. Олон улсын хувьд ч, эдийн засгийн хувьд ч төвөгтэй байдал үүссэн. Энэ төвөгтэй байдлыг даван туулахад өөр дуу хоолой, өөр идэвхтэй байр суурь, өөр гарц, санал санаачилга парламентад дутагдаж байна. Өнөөдөр парламентад сөрөг хүчнийг төлөөлж байгаа намуудын байр суурь нийгэмд уначихсан, төлөөлөгчдийнх нь чадвар, илэрхийлж байгаа байр суурь нь суларчихсан байгаа учраас бусад намуудыг ямар нэгэн хэмжээгээр оруулж ирье гэж байгаа болов уу хэмээн эерэг талаас харах боломжтой.

Хоёрдугаарт, хэрвээ хэт олонхоороо удаан явбал ардчилал авторитаризм руу аажмаар орох аюултай. Өөрөөр хэлбэл, эрх баригч нам ямар нэгэн алдаа гаргаж, унахыг үгүйсгэхгүй. Сөрөг хүчин эрх баригчдын алдааг нь хэлж өгч, засаж явдаг. Энэ бол ардчиллын давуу тал.

Гуравдугаарт, гишүүдийн тоог нэмэх асуудал улс төрчдөд тааламжтай сонсогдож байгаа. Хэт цөөнх болохоор лоббид автах нь элбэг. Засгийн газар чадавхгүй болоод байна. Парламентын гишүүд Засгийн газрын гишүүнээр давхар ажиллавал арай чадвартай байна гэсэн бодол заримд нь байгаа байх. Үүнээс гадна сонгогдоход төвөг багатай болно гэдэг ч юмуу ийм сонирхлоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэсэн байж болох хэмээн таамаглаж болох юм.

-Тэгэхээр 100 жилийн түүхтэй МАН цаашдын нэр хүндээ хамгаалах, уналтаас сэргийлэх зорилгоор бусад намуудыг оруулъя гэж байна гэж ойлгож болох уу?

-Үндсэн хуулийг баталсан гишүүдийн тал хувь нь одоогийн парламентад байх шиг байна. 2019 оны нэмэлт, өөрчлөлтийг баталсан хүн парламентыг удирдаж байна. Ийм үед дахин өөрчлөлт оруулах гэж байна гэдэг нь өмнөх өөрчлөлтөд нийгмийн гэрээ тусгагдаагүй байна гэсэн үг юм.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж баталсан хүмүүс дахин өөрчлөлт оруулъя гэж байгаа нь өөрсдийнхөө өмнөх хийсэн ажлаа үгүйсгэж байгаа хэлбэр биз дээ?

-Тийм. Олон түмний байр суурийг илэрхийлсэн парламентыг бүрдүүлж чадахгүй байна гэсэн үг. Хоёр сонгууль дараалан МАН 60 гаруй суудал авсан. Ард түмэн тэднийг дэмжсэндээ ийм суудал өгсөн юм биш. Энэ бол сонгуулийн луйвар. Зохион байгуулалттай заль. МАН 240 мянган гишүүнтэй гэдэг. Гишүүн бүртэй тулж ажиллана гэдэг шүү дээ. Тулж ажиллах нэрээр нэг хүн гишүүн бус таван хүнийг манай намд санал өгүүл гэсэн үүрэг өгч байгаа. Үүндээ санхүүжилт өгч байгаа. 240 мянган сонгогчийг таваар үржүүлэхээр 1.200 мянган иргэн болно. Ингэж 60 гаруй хувийн суудал аваад байгаа юм. Үүнийг ямар ч ажиглагчид олж харж чадахгүй. Тэдний энэ систем бол дийлдэшгүй төгс арга.

Тиймээс хатуу гишүүнчлэлтэй массын намыг татан буулгахгүйгээр Монгол Улс хэзээ ч Үндсэн хууль ярьж чадахгүй, хэзээ ч парламентын ардчилал зүгширч чадахгүй.

-Нөгөө талаас Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулах гээд байгаа нь хэсэг бүлэг хүмүүс улс төрийн тоглолтдоо эцэг хуулийг ашиглаад байна уу гэж хардаж болох уу?

-Хэд хэдэн таамаглал байна. Нэгдүгээрх нь, сөрөг хүчин болоод парламентын гадуур байгаа зарим хүчнүүд “тэд өөрсдөдөө зориулж дахин тоглоомын дүрмээ өөрчлөх гэж байна” гэж хардаад байгаа. Үүнийг шуудхан үгүйсгэх боломжгүй. Магадлалтай байж болно.

Хоёрдугаарх нь, МАН зарим намуудтай тохиролцоонд орж нийлсэн. МАХН-тай нэгдэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна, хоёр танхимтай болгоно гэж амласан. Амлалтандаа хүрэх санаа байгаа байх. Зарим нь хэдийгээр хоёр танхимтай болохгүй ч сонгуулийн пропорциональ тогтолцоотой болгоё гэж байгаа байх гэж таамаглаж болно.

Гэхдээ ямар ч таамаг дэвшүүлсэн бай нэг зүйлийг онцлоход Үндсэн хуульд жижиг жижиг өөрчлөлтүүд хийж өнөө маргаашийг аргацаах үзэгдлүүд буруу. Өөрчлөлтийг сөрөг хүчний зүгээс зүгээр байхаар жаахан ч болтугай дэвшил юм уу гэж хүлээж авах хандлагатай байж болох юм. Эрх баригчдын хувьд аль аль талдаа уян хандах гэсэн оролдлого, сөрөг хүний байр суурийг сулруулах, “жаахан ч гэсэн өөрчлөлт хийчихлээ шүү дээ” гэж хэлэх гэсэн талтай гэж харж болох юм.

Гуравдугаарх нь, өнөөгийн нөхцөлд энэ хэвээрээ цаашид явах нь тулгамдаж буй бэрхшээлүүдийг давах, хөгжил дэвшлийн бодлогын асуудлыг боломжгүй болгочихоод байгаа. Засаглалдаа өөрчлөлт оруулж гадаад, дотоод орчны шахалтуудыг тэсэж давах чадвар бүхий, төсвөөрөө хөгжил дэвшлийн бодлого тодорхойлж чаддаг засаглалыг бага ч болтугай бүрдүүлэхийг зарим нэг нь хүсч байж болох юм.

Гэхдээ цаг хугацааны хувьд өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв үү, буруу юу гэдэг асуудал үүсч байна. Одоо байгаа Үндсэн хууль шаардлага хангахгүй байна уу гэвэл хангахгүй байна. Өөрчилмөөр байна уу гэвэл өөрчилмөөр байна. Гэтэл нөгөө талд хэрвээ ингээд өөрчилчихвөл Үндсэн хууль дараа нь дархлаагүй, хэдийд л бол хэдийд өөрчилж болох бусад хуулиуд шиг болж нэр хүнд нь унана гэсэн болгоомжлол байгаа. Гэхдээ дархлаа унана гээд “хангалтгүй” гэж шүүмжилсэн Үндсэн хуультайгаа яваад байх нь ирээдүйдээ илүү хохиролтой. Үндсэн хуульд өөрчлөлт дахин оруулах гэсэн энэ үйл явц нь эрх баригчид “гоомой” Үндсэн хууль хийсэн алдаагаа хүлээн зөвшөөрч байна гэсэн ойлголтыг олон нийтэд бий болгоод байгаа. Тэд үүндээ хариуцлага тооцож, ямар нэг арга хэмжээ авсан тохиолдолд Үндсэн хуулийн нэр хүндийн дархлааг хамгаалж чадна. Түүнчлэн өөрчлөх гэж байгаа хүмүүсийн оюуны боловсрол, чадвар өөрчлөх хэмжээнд хүрээгүй байна гэсэн болгоомжлол байгаа хэдий ч өргөн хүрээтэй олон удаагийн хэлэлцүүлэг үүнийг даван туулах боломж олгоно. Үндсэн хууль нийгмийн бүх давхаргын төлөөллийг ямар нэг хэмжээгээр оролцуулсан зөвшилцлөөр өөрчлөгдөх нь зүйтэй. Ингэж байж л Үндсэн хууль нийгмийн гэрээ болдог.

Эцэст нь нөхцөл байдалд тохируулан хэлэхэд, одоо байгаа парламент энэ шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа ч үүнийг шийдвэрлэх хоёр арга зам байж болох юм. Эхнийх нь шаардлага хангасан шинэ парламент бүрдүүлэх. Гэвч энэ нь одоогийн нөхцөл байдалд асар их эрсдэл, хохиролтой учраас шаардлагагүй. Хоёр дахь нь парламентын гадуурх нам, бүлэг хүчнүүдийн байр суурийг Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой Их Хурлын хуралдаанд нээлттэй оролцуулах түр механизмыг бүрдүүлэх. Ийм нөхцөлд өөрчлөлт оруулах шаардлагыг хангах боломж үүсэж магадгүй юм.