Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Юу хийх ёстойгоо ойлгоод долоохон хонож байгаа Ерөнхий сайдаас юу ч хүсэх юм билээ дээ

Хүний өмнөөс ичих шиг хэцүү юм байдаггүй гэдэг. Үүн шиг төрийн том дарга нарыг үг хэлэхээр өмнөөс нь яс хавтайх юм. Бүр сонсохоос зүрх үхмээр. Ямар ч болхи, чадвар муутай хүн биднийг удирдаж байна вэ гэж бодохоор гонсоймоор санагддаг. Заримдаа бүр “Ийм утгагүй зүйл ярьж байхаар дуугүй байж болдоггүй юм болов уу” гэж хүртэл бодогдохыг яана. Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх аймаг, орон нутгийн дарга нартай уулзахдаа хэлсэн үг нь олон хүнийг гайхшруулж, урам хугаллаа. Тэрбээр “Саяхан би БНСУ-д айлчлал хийхдээ тус улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргатай нь уулзсан. Тэдэнтэй ярилцсаныхаа дараа өөрийгөө би том орны жижигхэн Ерөнхий сайд гэдгээ мэдэрлээ. Миний бодож санаж байгаа, Солонгосын Ерөнхий сайдын бодож санаж байгаа хоёр өдөр, шөнө шиг ялгаатай байна. Тусгай онгоцоор Монголынхоо дээгүүр нисч цонхоор харж явахдаа их зүйл бодлоо. Би ийм сайхан өргөн уудам нутгийн Ерөнхий сайд шүү дээ. Гэтэл миний бодож байгааг тэр хүний бодож байгаатай харьцуулахаар санаа зовмоор. Тэд үнэндээ том харж, том сэтгэж байна. Харин манайхан хов хөөцөлдөж байх юм. Өнөө маргаашийн ажил, нэг хүнийг халах уу, солих уу гээд л. Их жижигхэн улстөр. Тэгэхээр бүгдээрээ томоор харцгаая” гэх мэтээр ярьсан юм. Үүнээс харахад У.Хүрэлсүх гэдэг хүн төрийн дээд албанд очоод юу хийх ёстойгоо одоо хүртэл мэдэхгүй явж байжээ. Ялангуяа У.Хүрэлсүхийн хувьд 20 гаруй жил улстөрд явж, УИХ-ын гишүүн, Шадар сайд гээд төрийн өндөр алба олон жил хашсан туршлагатай хүн баймаар санагдах юм. Тиймдээ ч Ерөнхий сайд болно гэж зүтгэсээр байгаад гарч ирсэн хүн. Гэтэл түүнд улс орноо хөгжүүлэх, хүн ардаа сайхан амьдруулах бэлэн концепци, хэтийн төлөвлөгөө байгаагүй юм байна гэж бодогдохоор үг хэллээ. Түүнийг Ерөнхий сайд болоход “Хөдөлдөггүй хэдэн том төслүүдээ ажиллуулж эхлэх нь. Ажлын байр бий болгох нь, арай өөр шударга хүн гарч ирлээ” гэж найдан хүлээж байсан юм, олон түмэн. Харамсалтай нь, тэрбээр Ерөнхий сайдын албанд хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө энэ тэр юу ч байхгүй, гар хоосон очсон юм байна. Тэр бүү хэл, долоохон хоногийн өмнө нь л юу хийх ёстойгоо ойлгожээ.

Манай улстөрчдийн ерөнхий мөн чанар, юу бодож төрд очдог нь ойлгомжтой юм. Өөрийнхөө фракцын хүмүүсээ дээш нь гаргахын тулд энийг хална, тэрийг хөөнө” гэсэн ерөнхий төлөвлөгөөтэй ирдэг. Хуучин бол манай намын хүн учраас ажилд авч, өөр намынхыг хална гэдэг байсан бол одоо нам харгалзахгүй эрх ашгаараа нэгдсэн фракц бүлэглэлийнхээ төлөө явдаг болсон. Үүнийгээ улстөр хийж байна, ажил хийж байна гэдэг. Улс удирдана гэдгийг халаа сэлгээ хийх хэмжээнд боддог юм байна. Одоогийн дарга нар ч бүгд ингэж 30 жил халаа сэлгээ хийх, төрөөс мөнгө идэхээ гол ажил хэмээн сэтгэж иржээ.

Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нарыг “Та нар минь эр хүн шиг байгаач” ч гэх шиг илт хүйсээр ялгаварласан үг хэлээд авсан. Ингэж ярьж болох уу. “Байдгаа барьж хоёр хүүхдээ Германд сургаж байна” гэж зовлон тоочихоо мартсангүй. Тэгж зовж, ядарч зүдэрч байгаа юм бол аваад ирэх хэрэгтэй. Гэхдээ ийм үгэнд нь итгэх хүн гарахгүй л дээ. Дарга нарын хүүхэд хэзээ байтлаа өөрийнхөө мөнгөөр гадаадад сурч байлаа. Ер нь төрийн өндөр алба хаагчид өвдвөл Монголдоо эмчлүүлдэг, үр хүүхдээ Монголдоо сургадаг байх ёстой. Ийм хууль ч гаргасан буруутах юмгүй. Дарга нар нь өөрийн биеэрээ мэдэрч байж л Монголд эрүүл мэндийн үйлчилгээ хөгжиж, боловсрол нь бусдын дайтай хөгжих юм. Өнөөдөр манай төрийн өндөр албан тушаалтнууд хүүхдүүдээ гадаадад боловсрол олгож, өөрсдөө ханиад хүрсэн ч гадагшаа явж эмчлүүлж байгаа нь Монголдоо, монголчууддаа итгэдэггүйн том баталгаа. Итгэдэггүй гэхээсээ илүү эх орноо голж байгаа хэрэг. Өнөөдрийн Монгол бол эх оронч дүртэй улстөрчдийн 30 жилийн ажлын үр дүн юм.

Улс шиг улс байх, хөгжил дэвшлээрээ бусдын дайтай байхын тулд ажил хийх ёстой гэдгийг Монголын улстөрч дарга нар мартаад удаж байна. Эсвэл огт мэддэггүй ч юм уу. Юм л бол улстөр хийнэ гэж ярьцгаадаг. Тэр хийж байгаа улстөр нь хов жив хөөх,танай манай фракцаар нь хоморголон ажлаас нь халах, төрөөс мөнгө хулгайлж идэх төдий. Гэтэл төр барина гэдэг улстөржихөөс огт өөр зүйл билээ. Ард түмнээ ажилтай, ашиг орлоготой байлгахын тулд юу хийх ёстойгоо мэддэг, түүнийгээ төсөл хөтөлбөр болгож цэгцэлсэн, өөрийн гэсэн философи, концепцитэй хүн л төрийн өндөр албан тушаалын төлөө тэмүүлдэг байх ёстой. Ийм хүмүүсийг төрд гаргадаг болъё. Олон жил улстөрийн тогоонд чанагдаж, туршлагажсан байх ёстой гэж бодож, итгэж байсан У.Хүрэлсүх ингэж хийх юмаа мэдэхгүй явж байхад төрд гараад олигтойхон шиг ажиллачих хүн Монголд байна уу. Гучин жил сайхан ярилаа, улстөрчид маань. Хорин жилийн өмнө нефтийн үйлдвэртэй болноо л гэж ярьж байсан. Өнөөдөр нефтийн үйлдвэр бүү хэл бензингүй болчихоод хоорондоо хэрэлдээд сууж байна. Төмөр зам тавина гэсэн нь овоолсон шорооны үлгэр болчихсон. Эрүүл мэнд, боловсролын салбарыг дэлхийд тэргүүлэх хэмжээнд аваачна гэсэн. Хэдэн эмнэлэгтээ үзүүлэх гээд дарааллыг нь дийлэхээ больсон хүмүүс нөгөө ертөнцийг зорьсоор л байна. Дээд боловсролын диплом өвөрлөсөн чадваргүй цагаан гартнууд аав, ээжийнхээ тэтгэврийн мөнгийг хэрэглээд хэвтэж байна. Ажлын байрыг хэдэн зуун мянгаар нь нэмнэ гэсэн сайхан амлалт нь хаачив. Ажил хайгаад цөхөрсөн хүмүүс архиар сэтгэлээ засч өдөр хоногийг өнгөрөөж байна. Ард түмнээ сайхан амьдруулна гэж хичнээн ч жил ярив. Улаанбаатар чинь утаатай, улс Монгол чинь ядруухан л байна шүү.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал улс-төр

Африкийн “Стандарт” банкны өрийг С.Баяр, Д.Сугар, Ч.Ганзориг, Д.Очирхүү, Ш.Батхүү гээд төлөх эзэд нь бэлэн байна

Эдгээр нэр дурдсан эрхмүүд бол их хэмжээний хөрөнгөтэй хүмүүс. Энэ хүмүүст 100 сая ам.доллар юу ч биш. Өмнөх том том хэргийн эзэд шиг уснаас хуурай гарна гэж тооцож байгаа бол худлаа шүү. Алт диллерийн хэрэг, Айбекс-Моламын хэрэг, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой Зууны луйвар, Хадгаламж банкны хэрэг, Ашигт малтмалын хэргүүд, Замын тендерийн хэргүүд, Төмөр замын хэргүүд… гэхчлэн төрийн өндөр албаныхан оролцсон дуулиант өчнөөн олон хэргийн ард хөнгөхөн гарч чадсан шигээ одоо энэхүү “Стандарт” банкны хэргээс бултана гэж байгаа бол “Цаг өөр болсон нөхөд минь, цагдаа нар зоригтой болсон” гэж хэлэх байна. Эдгээр хүмүүсийг эхнээс нь хамгаалж хаацайлах хандлага өчигдрөөс мэдрэгдэж эхэллээ. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж тайлбар өгөхдөө “Энэ маргаанд Засгийн газар тал болж оролцоогүй. Засгийн газарт хүлээх үүрэг байхгүй. Маргаан бол цэвэр “Эрдэнэт үйлдвэр”, “Стандарт” банк хоёрын асуудал” гэж хэлэв. Түүнийхээр бол Эрдэнэт үйлдвэр бие даагаад ямар ч хамаагүй компанид батлан даалт гаргаж өгч болох юм байна. Засгийн газрын мэдлийн 51 хувь одоо 100 хувь болсон. Түүнийг Монголын Засгийн газар бус Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн дангаар мэдэж зарцуулах үүрэгтэй болсон гэж ойлгох уу. Төрийн өмчийн хороо чинь Монголын төр биш юм уу, Засгийн газар биш юм уу. Иймэрхүү учир нь үл ойлгогдох, төрд огт хамаагүй, хоёр компанийн хоорондын асуудал гэх зүйлийг Хууль зүйн сайд нь яриад эхлэв.

Ер нь бол дээрх нэр бүхий хүмүүс энэ асуудалд яагаад холбоотойг хүмүүс одоо мэддэг болсон. “Жаст” компанийн захирал Ш.Батхүү 2013 онд “Эрдэнэт”-ийн Монголын Засгийн газрын эзэмшлийн 51 хувийг барьцаалан Африкийн “Стандарт” банкнаас 102 сая ам.долларын зээл авсан байдаг. Тэр үед Ерөнхий сайд С.Баяр байсан. Төрийн өмчийн хорооны дарга нь Д.Сугар. Эрдэнэт үйлдвэрийн захирал нь Ч.Ганзориг. Энэ гурав бол шууд холбогдоно. Дээр нь тухайн үеийн УБТЗ-ын дарга Д.Очирхүүгийн нэр бас холбогддог. Учир нь зээлийн баталгаа гаргасан бүх бичиг баримтад эдгээр дөрвөн хүний гарын үсэг байдаг. Тэдний тамга тэмдэг бүхий гарын үсэг хуурамч биш гэдгийг олон улсын шинжээчид тогтоосон. Төрийг төлөөлсөн эдгээр эрхмүүдийн гарын үсгээр Монголын төр 51 сая ам.доллар төлөхөөр болчихоод байна. Манай хууль хяналтынхан болохоор “гарын үсэг хуурамч” хэмээн тогтоож баларсан. Харин Лондонгийн Арбитрийн шүүх “гарын үсэг хуурамч биш” хэмээн тогтоож Монголын төрөөр 51 сая ам.доллар төлүүлэх шийдвэрээ сүүлийн бүх шатандаа гаргачихлаа. Өнөөдөр юу хамгийн бодитой үнэн гэвэл Эрдэнэтийн 51 хувь гадны “Стандарт” банкны барьцаанд байгаа нь л үнэн байна.

“Стандарт” банк энэ ялалттайгаа зэрэгцэн дээрх 51 сая доллараас гадна 2013 оноос хойш дөрвөн жилийн турш Арбитрын маргаанд зарцуулсан зардал, үндсэн зээлийн хүү, торгууль, алданги зэргийг “Эрдэнэт” үйлдвэрээс нэхэмжилжээ. Лондонгийн Арбитр уг нэхэмжлэлийг бас л хангаж зардал, үндсэн зээлийн хүү, торгуульд нийт 44 сая долларыг “Эрдэнэт” үйлдвэрээс нэмж гаргуулан “Стандарт” банкинд олгохоор болсон байна. Ингээд “Эрдэнэт” үйлдвэр нь “Стандарт” банкинд /55 сая +44 сая/ нийтдээ 99 сая долларыг төлөх Арбитрын шийдвэртэй хоцорчээ.

Байдал нэгэнт иймдээ хүрсэн болохоор Монголын хууль хяналтын байгууллага одоо шударга ажиллаж юуны өмнө эдгээр нэр бүхий С.Баяр, Д.Сугар, Ч.Ганзориг, Д.Очирхүү, Ш.Батхүү нарын таван хүнийг хэрэгт холбогдсон, бодитой нөлөөлсөн эсэхийг цаг алдалгүй тогтоох ёстой. Үнэндээ ард түмэн өнөөдөр өлссөндөө, ажилгүй, орлогогүй байгаадаа бухимдаад байгаа юм биш. Төрөөс, татвар төлөгчдийн мөнгөнөөс сүүлийн 25 жил зогсолтгүй хулгай хийсэн, өнөөдөр ч луйвраа үргэлжлүүлсээр байгаад нь бухимдаад байгаа юм. Ард түмний энэ бухимдлыг тайл. Яаж тайлах вэ гэвэл С.Баяр, Д.Сугар, Ч.Ганзориг, Д.Очирхүү, Ш.Батхүү нарыг шоронд хийх хэрэггүй. Шоронд хийвэл 60 нас хүрчихсэн наад нөхдүүд чинь үхчихнэ. Зүгээр л 100 сая ам.долларыг хувийн хөрөнгөнөөс нь гаргуулж төлүүл. Хэн илүү мэдээлэлд ойр байсан, хэн илүү эрх мэдэлтэй байсан нь Монголын төрийг шулж ирснийг эдгээр хүмүүст гэсгээл үзүүлж, өөрсдөөр нь төлүүлснээр бусад луйварчдад нь сургамж болог.

Ер нь бол дээрх 99 сая ам.долларын өрийг Эрдэнэт үйлдвэр, Монголын Засгийн газар төлнө, төлөхгүй гэж луу унжих боломжгүй юм. Олон улсад мөрдөгдөж буй хуулиар заасан хугацаа нь дуусангуут манай улсын гадаадад байршиж буй алт, валютын нөөцөөс үл маргах эрх зүйн зохицуулалтаар шууд “Стандарт” банкны данс руу шилжүүлчихнэ. Хэрэвзээ манайх гадаадад байршуулсан валютын нөөцгүй бол тухайн улс орны газар нутаг руу ордог дэлхийн практик байна даа. Жишээ нь, Тажикстан улс ийм нөөцгүй байсан учраас л хоёр жилийн өмнө Хятадад газар нутгаасаа тасдаж өгсөн.

Байдал буруугаар эргэвэл С.Баяр, Д.Сугар, Ч.Ганзориг, Д.Очирхүү, Ш.Батхүү нараас болж Монгол Улсын Засгийн газар 99 сая ам,долларт (хүү, алданги нь өдрөөс өдөрт тооцогдсоор цаашид хэдэн зуун сая ам,долларт хүрэхийг мэдэхгүй) тэнцэх хэмжээний газар нутгийг тус банкны эзэмшилд шилжүүлэх нь. Сүүлийн 25 жил төрөөс хулгай хийсэн хэсэг бүлэг хүний луйвар явсаар газар нутгаа гадныханд хуулийн хүрээнд шилжүүлэн өгөх зам руу орж байгааг номхон ноомой Монголын ард түмэн мэдэж байна уу, үгүй юу. Гэхдээ энэ хэдэн хүнийг юуны туханд хүрэлгүй шоронд хийхийг урьдал болгож болохгүй. Яагаад гэвэл тэдэнд технологи бий. Учир нь шоронд хийсэн нэртэй нэг газар худгийн сахиул хэдэн сар хийлгээд гаргаад авчихдаг. Ялыг биеэр эдэлсэн нэртэй төлбөр тооцоог нь аргалдаг. Дээр нь тэдний нэр дээр ямар ч өмч хөрөнгө байхгүй. Хуулиар бол хувийн өмчөөс нь хохирлыг нь төлүүлдэг. Гэтэл нэр дээр нь, дансанд нь юу ч байхгүй байгаа нөхдүүдийг хуулиар бас цайруулчихдаг. Жастын Батхүү чинь одоо харагдах байдлаараа юу ч байхгүй амьтан шүү дээ. Тэгээд л хэргийг нь цайруулчихсан байгаа. Дээр нь энэ хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж өмнөх хуулийн зүйл заалтыг ярьдаг ч байж магадгүй. Ш.Батхүү байцаалт өгч эхлэхдээ анхны бүх мэдүүлэг дээрээ дээрх нэр бүхий том дарга нарыг гарын үсэг зурсан гэж баталсан байдаг юм. Тэгснээ төд удалгүй мэдүүлгээсээ буцаж ганцаараа бүх хэргийг үүрсэн. “Би л ганцаараа буруутай. С.Баяр, Д.Сугар, Ч.Ганзориг, Д.Очирхүү нар ямар ч буруугүй. Тэд нарын гарын үсгийг би хуурамчаар үйлдсэн” гэж. Удалгүй Өршөөлийн хууль батлагдаж өнөөх Ш.Батхүү чинь суллагдан Англид амрахаар явчихсан юм. Мөн нарийн зохион байгуулалт шүү. Иймэрхүү нарийн ширийн зүйл рүү нь лавхан орвол дуусашгүй муухай мафи Монголын төрөөс үнэртэж бөөлжис цутгах учир орхиё.

Тэгэхээр одоо бодит байдалд зохицуулж асуудалд хандая. С.Баяр, Д.Сугар, Ч.Ганзориг, Д.Очирхүү, Ш.Батхүү нарын хэрэгт холбогдсон эсэхийг хуулийн дагуу тогтоож, батлагдвал өмч хөрөнгөнөөс нь дээрх 100 сая ам.долларыг даруйхан төлүүлэх. Харин одоо төлөх өрийг цаг алдалгүй өнөөдөр ч хамаагүй Эрдэнэт үйлдвэр төлж барагдуул. Арбитрын шийдвэрийг 2018 оны нэгдүгээр сарын 10-нд Монгол Улсын Засгийн газар хүлээн авсан. Шүүхийн нэхэмжлэлтэй үндсэн 51 сая ам.доллар дээр зардал, үндсэн зээлийн хүү, торгууль, алданги гэхчлэн нийт 44 сая долларыг нэмж “Эрдэнэт” үйлдвэрээс гаргуулан “Стандарт” банкинд олгохоор болсон байгаа. Энэхүү 44 сая долларт багтах зээлийн хүүг хоногоор тооцож, сард 900 мянган долларын хүү төлөх шийдвэр гаргасан байна. Сарын 900 мянган доллар гэдэг бол өдөрт 30 мянган доллар. Энэ нь монгол мөнгөөр сард 2.2 тэрбум, өдөрт 75 орчим сая төгрөг гэсэн үг. Зөвхөн хүүгийн төлбөрт сард 2.2 тэрбум, өдөрт 75 саяар нь сул төлөх нь. Энэ мөнгөөр 240 хүүхдийн цэцэрлэг барьж болно. Сард хоёр цэцэрлэг, гурван км замыг хүүгийн төлбөрт төлж байгаа мөнгөөр босгоод байх боломжтой боловч одоо үүнд бухимдаж суух цаг алга. Өнөөдөр ч болтугай Эрдэнэт үйлдвэр бүх мөнгийг төлчихөөд залгуулаад дээрх таван хүнийг хэрэгт холбогдсоныг тогтоож тэдний хөрөнгөөс дээрх төлбөрөө гаргуулж авах ажилдаа яаравчлан орох хэрэгтэй.

Б.НЯМАА

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

У.Хүрэлсүхийн Засгийн газар сайхан “хоол”-ны нэр хэлж, бид түүнийг нь “савхадсаар” 100 хонолоо

Дээхнэ үед хоёр өлссөн аянчин “Чи сайхан хоолны нэр хэлээд бай. Би савхадъя”гээд сэтгэлээ хуурч байсан тухай шог яриа байдаг. Энэхүү хошин явдлыг манай хууччуул цааш нь хөгжөөж “Хөөрхий савх барьсан аянчин сайхан хоолны нэр сонсоод хурдан, хурдан хий савхдаж, ам нь ангалзсаар байгаад муужирч унажээ” гэж ярьдаг байж билээ. У.Хүрэлсүхийн Засгийн газар гарч ирснээр яг үүн шиг байдал бий болоод байна. Тэрбээр сайхан, сайхан юм их ярьж байна. Түүнийхээр монголчууд диваажинд байгаа мэт. Амьдрал бүхэлдээ зовлонгоос ангижирч, ард түмэн гэдэс цатгалан, сэтгэл тэнүүн жаргаж байгаа бололтой юм уу даа. Уг нь энэ Засгийн газрыг анх байгуулагдахад шударга, зоригтой, шийдэмгий Ерөнхий сайдтай боллоо гэж нийгэм хөөрцгөөсөн. У.Хүрэлсүх ажлаа авангуутаа л улс төр дэх бугшмал ертөнцийг цэвэрлэж, бүхнийг шударгаар шийдэнгүүт амьдрал аяндаа цэцэглээд ирнэ гэсэн хүлээлт ард түмэнд байв. Гэтэл бодитой хийсэн юм алга. Намраас хойш давалгаалсан энэ шударга гэдэг яриа одоо л намжиж байна. Намдахаас ч өөр аргагүй явдал болж өнгөрлөө. Татварын хувь өсч, шатахууны үнэ нэмэгдэж, утаа, жавар тачигнасан зутруухан өдөр хоногуудыг үдлээ.

Сайхан амлаж гарч ирсэн У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын 100 хоног өнгөрсөн даваа гаригт болж өнгөрөв. Түүний хэлсэн сайхан “хоолны нэр”-үүдийг ард түмэн хий савхадсаар байгаад муужирч унаж байна. Яриад л байдаг, ард түмний амьдрал дээрдсэнгүй. Ядахдаа сайдууд нь яасан ч увайгүй зан гаргадаг юм дээ. Хамгийн шударга сайд гэж нэрлэгдээд байдаг Хууль зүйн салбарыг толгойлдог Ц.Нямдорж нь “LX-570” маркийн 368 сая төгрөгийн үнэтэй автомашин унаад бидэнд гайхуулах юм. Улсдаа энэ мөнгө нь бага байж болно. Харин ард түмэнд сансрын тоо. Ер нь эрхэм төрийн түшээд шинэ, хуучин машин унахын ямар ялгаа байна вэ. Шинэ машинтай хүнийг дийлчихсэн, мундаг сайд гэх үү. Хуучин машинтайг нь доожоогүй, арчаагүй нэгэн гэж тохуурхана гэж үү. Ард түмэнд тэдний хийж байгаа ажлын үр дүн хэрэгтэй болохоос ямар тэрэгтэй байх нь огт падгүй. Иргэдийн халаас шавхагдаж, өдөр хоногийг өлмөн зөлмөн өнгөрүүлж байхад төрийн сайд хүн шинэ машинд ямбалж буй нь ядарсан ард түмнээ дорд үзэж, тохуурхаж байгаа хэрэг. Монголын төрд таван удаа сайдаар томилогдсон хижээл насны энэ эрийн нүдний ялгаа арилаагүй байхад бусад шинэ сайд нарын тухайд хэлээд ч нэмэргүй биз. Үнэндээ Ц.Нямдорж сайд шуналтай болохоор ингэж үнэтэй машин унаад байгаа ч юм биш. Монголчуудын байж байгаа царай л энэ. Бид угаасаа ийм хүйтэн сэтгэлтэй улс. Зөвхөн хар амиа бодсон, аминчхан үзэл нь хэтэрхий давамгайлсан. Өөрсдийнхөө хамаатан садан, танил тал, нутаг нугынхаа хүмүүсээс бусдад бол ямар ч хайр халамжгүй, цэвдэг ханддаг хойно доо. Энгийн нэг жишээ хэлэхэд, саяхан Ялалтын талбайд гарч байгаа цагаан идээний үзэсгэлэн худалдаанд манай хэдэн гишүүд, дарга нар очиж, нээлт хийлээ. Тэд орон нутгийн малчдыг дэмжиж хоёр сая төгрөгийн цагаан идээ худалдан авч утаатай бүсийн цэцэрлэгүүдэд өгнө гэж мэдэгдэв. Хачир дээрээ өөрийнхөө намын, сонгуульд нь идэвхтэй ажилласан нэр бүхий хүний цагаан идээг нь хамж авчээ. Монголчуудын хандлага ерөөсөө ийм л байна. Тийм ч учраас ард түмэн ядарч байхад Ц.Нямдорж сайд будаг нь ханхалсан машин унаж, кайфтай явна шүү дээ.

У.Хүрэлсүхийн Засгийн газар шатахууны асуудалд ямар хойрго хандав. Нийгмийн бухимдлыг барж байж, бүтэн сарын дараа арга хэмжээ авлаа. Одоо ч шатахуун тийм ч хангалттай олдохгүй байгаа. Засаг төр “Шатахууны үнийг нэмбэл яах нь уу” гэж удтал ажиглаж, тамирыг нь тасалж байгаад сая арга хэмжээ авмар аядах юм. Яг үүн шиг “Тэтгэврийн насыг нэмчихвэл манай хэдэн сайд шинэ машины мөнгөтэй болчих юм биш байна” гэдэг хандлагаар харж сая тэтгэврийн нас нэмсэн асуудлыг ярьж эхэллээ. Ард түмнийг шулж, дарлавал сайхан амьдардаг гэсэн бодол Монголын төрд нэгэнт тогтчихжээ. Түмэн олон хичнээн ядуу, тэнхээгүй байх тусам төр баригчдад төдий хэр ашигтай хувилбар мэтээр тэд оюун санаагаа кодолчихож.

Энэ Засгийн газрын хийхээр төлөвлөсөн ажлуудыг харлаа. У.Хүрэлсүхийн танхим 100 дахь хоног дээрээ мөн ч сайхан “хоолны нэр”-үүд хэлжээ. Дандаа л ирээдүй цаг дээр, чихэнд чимэгтэй жагсаалт гаргаснаа бөөн бөөнөөр нь ард түмэндээ дуудаж өглөө. Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх юм гэнэ. Энэ ажилд 120 тэрбум төгрөг зарцуулна гэдгээ зарлав. Ардчиллаас хойш 20 гаруй жил яригдаж байгаа газрын тосны үйлдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар барьж байгуулна гэжээ. Хориннэгдүгээр зуун гарчихаад байхад Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод гэрэл, цахилгаангүй амьдардаг 5000 орчим өрхийг тогтой болгож өгнө гэж амлав. Багш нарын үр дүнгийн урамшууллыг 20 хувь нэмээд зогсохгүй, тэдний илүү цагийн цалинг сургуулийн төсөвт суулгахаар төлөвлөжээ. Сургуулиудыг гурван ээлжээр хичээллэхийг нь болиулна гэв. Өнөө жил 59 сургууль, 90 цэцэрлэг шинээр барьж цэцэрлэгийн ачааллыг багасгах юм байна. Тэтгэврийн зээлийн хүүг үе шаттай бууруулна гэх зэргээр Засгийн газар хийх ажлуудаа дэлгэлээ. Тэдний ирээдүй цаг дээр тоочиж буй эдгээр асуудлууд яг одоо энгийн иргэдийн өмнө тулгамдаж байгаа. Тиймээс энэ сайхан амттай “хоолны нэр”-үүдийг ард түмэн хэдэн сар савхдах байх.

Хэдий хүртэл цатгалан мэдрэмжтэй явахыг мэдэхгүй. Харин жинхэнэ хийсэн ажил нь хаана очих бол. Тэр хүртэл уначихгүйн тулд мөн ч их тэсч байна даа.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Алт диллерийн хэргээр алдсан алтаа эргүүлж авах хөдөлгөөн өрнүүлье

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн Засгийн газрын үед буюу 1991 онд алт диллерийн гэх дуулиантай хэрэг мандлаа. Тэр үед Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд нь Д.Бямбасүрэн, шадар сайд нь Да.Ганболд, Д.Дорлигжав нар байв. Монголбанк банк хоорондын арбитражийн гүйлгээ буюу диллерийн үйл ажиллагааны үр дүнд 100 сая долларын алдагдал хүлээж, улсын нөөцийн 4.4 тонн алтаар төлбөр хийсэн гэж ярьж бичигдсээр ирсэн.

Монголын түүхэн дэх хамгийн том луйвар гэгддэг Алт диллерийн хэрэгтэй холбоотой баримт мэдээллүүдийг дурдъя.1990 оны гуравдугаар сард манай улс ямар ч зээлгүй байснаа Швейцарьт байдаг Олон улсын хөгжлийн банкны мэдээгээр зургадугаар сард нь 58 сая, есдүгээр сард нь 100 сая, 12 дугаар сард 62 сая долларын зээл тавьсан гэсэн мэдээлэл гарч. Яг үүнтэй зэрэгцээд хэсэг хүмүүс диллер тоглож, 100-гаад сая доллар алдаж, улсын нөөцийн дөрвөн тонн алтыг гадаадад гаргачихсан хэрэг мандав. 1991 оны аравдугаар сард Засгийн газар энэ талаар хаалттай хуралдаж, шалгалтын комисс байгуулав. Комиссын даргаар тэр үеийн Сангийн сайд А.Базархүүг томилжээ. Ажлын хэсэг шалгалтынхаа дүнг танилцуулахдаа диллерт наян сая, банкны конторын засварт гурван сая, Биржийн төвд 3.6-3.7, Германд урьдчилгаанд 4 сая, нийлээд 90 гаруй сая доллар оргүй алдсаныг тогтоосон гэжээ.

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн тухайн үедээ “Энэ ажиллагааг КГБ, НАХЯ-ны агент гүйцэтгэсэн. Нууц нэр нь “Боолд”. Энэхүү Боолд гэгчийг хүмүүс О.Чулуунбатыг гэж хэлээд байгаа. Надад энэ талаар мэдээлэл байгаа” гэсэн байдаг. Сүүлд О.Чулуунбат энэ Боолд гэгч нууц нэрийн талаар сэтгүүлч асуухад үгүйсгээгүй, тийм гэж ч хариулаагүй байдаг. Гэвч энэ хэргийн мэдээллийг О.Чулуунбат анх хүчнийхэнд мэдээлсэн гэдэг нэг яриа байдаг ч үнэн хэрэгтээ Улсын банкны ерөнхий хорооны дарга асан Данзан гэж хүн анх энэ талаарх мэдээллийг хууль хяналтынханд хэлсэн гэдэг. Ямартай ч маш олон хүн холбогдсон хэрэг гэдэг ч цөөн хүний нэр байнга дурдагддаг.

Тэр үеийн НАХЯ-ны орлогч сайд, генерал Б.Цийрэгзэн нэгэн ярилцлагадаа дээрх алтны хэмжээг 2.4 тонн гэж дурдсан байдаг юм. Хэрэг явдлын цөөхөн гэрчийн нэг гэгдэх тэрээр энэ талаар Тухайн үеийн ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд Д.Бямбасүрэн нар өөрийг нь дуудаж “ Англид алт цэвэршүүлэхээр гаргах хэрэгтэй байна. Үүнийг маш нууцалж, оросуудад мэдэгдэлгүй Лондонд хүргэх ажлыг зохион байгуул” гэсэн үүрэг өөрт нь өгсөн талаар хэвлэлд ярьсан байдаг. Тэгээд ЗХУ-ын нутаг дээгүүр тэр их алтыг яаж гаргах асуудал яригдаж, эцэст нь оросуудтай тохирч, ЗХУ-ын зорчигч тээврийн онгоцоор Москва хүргүүлж, тэндээсээ түрээсийн онгоцонд шилжүүлэн ачиж, Лондонд зохих газар нь хүргүүлсэн гэж өдөр хоногтой нь ярьсан байдаг юм. Энэ нь 1990 оны есдүгээр сарын 27, 28-ны үеийн үйл явдал. Тэр алтыг дагаж тухайн үеийн Монголбанкны дэд дарга Баяр, УАБХЕГ-ын ажилтан Адилбиш, Мэндсайхан нар хамгаалж явсан аж.

Гэтэл Д.Бямбасүрэн гуай энэ талаар арай өөр юм ярьдаг. 1988 оноос Монгол банк диллерийн гүйлгээ хийж эхэлсэн. Түүнээс хойш төв банк диллерийн гүйлгээг байнга гадны банкуудтай хийж байсан. Гүйлгээний алдагдлыг олон нийтэд зарладаггүй байсан болохоос биш энэ хэрэг 1990 оноос өмнө болсон асуудал гэдэг. Нэг үгээр ил болсон нь өөрийнх нь Засгийн газрын ил болсон хэрэг гэдэг.

Үүнийг үгүйсгэх аргагүй мэдээллүүд яваад байдаг. ЗХУ задарч, өөрчлөн байгуулалт эхлэхэд хуучин Коммунист намынхан их хэмжээний алт, валютыг КГБ-ын дэргэд аж ахуй эрхлэх эрх бүхий компани байгуулж, тэр компанийн нэрээр гадагшаа гаргаж нуусан гэдэг. Манай НАХЯ алт диллерийн энэ хэрэгт оролцсоныг бодоход ЗХУ-ын коммунист намаас үүрэг авч мөн мөнгөө ийм замаар гаргасан нь энэ гэж үздэг. ЗХУ-ын тэр алга болсон их мөнгийг сүүлд Ельцин хайж, ажлын хэсэг гаргаад өнөөх нь КГБ дээр очоод төрийн нууц гэдгээр амаа таглуулаад гацчихдаг байсан гэдэг. Түүнээс биш Монголын хэдэн банкир залуу улсынхаа төсвийг тэр чигээр нь тоглоно гэж байхгүй гэж үзэх хүмүүс бий.Тоглолоо ч багахан хэсгээр нь л тоглоно шүү дээ гэж эх сурвалж ярьж байсан. Мөн тэр алтыг гаргахдаа тухайн үеийн Монголын удирдагчид ЗХУ-ын Коммунист намын заавраар ингэлээ гэж хэлж чадахгүй байсан биз.

Ямартай ч Алт диллерийн гэх хэрэг олны өмнө ил болж мандсан үе бол 1991 оны аравдугаар сар болж таарлаа. Энэ үед 20 дугаар тогтоол гарч, өнөөх картын барааны үе эхэлчихсэн улсаараа хүнс, барааны хомсдолд орчихсон байв. Мэдээж улсын сан хөмрөг хоосорсон. Д.Бямбасүрэнгийн Засгийн газрын үед алт цэвэршүүлэх нэрээр гадагш гараад сураг алдарсан энэ их алт хаачсан бэ? Лондонд 1990 онд очсон байсан тэр алтыг өнөөх диллерийн хэргийн өрөнд суутгаад авчихсан уу, алтны хэмжээ 4.4 байсан уу, 2.4 байсан уу. Эсвэл Швейцарийн банкинд хэн нэгний нэр дээр байж байдаг уу? Мэдээж ор сураггүй алга болно гэж баймгүй.

Тэр их алтны оронд Монгол юу авсан нь тодорхойгүй. Энэ хэрэг луйвар байсан уу, эсвэл юугаа ч мэдэхгүй монголчууд гадныханд луйвардуулсан уу.

Энэ хэрэгт тухайн үеийн Монгол банкны Ерөнхийлөгч Н.Жаргалсайхан (сүүлд Монгол банкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалын төрсөн ах), Д.Сүх-Эрдэнэ, Г.Хүдэрчулуун, Д.Саран, Хүрэлбаатар нарын нэр холбогдож байсан. Хэрэг үүсч ял төлөвлөж байтал нэр холбогдсон Монгол банкны захирал Н.Жаргалсайхан алга болж, хэрэг хойшлогдоод тэрнээс хойш энэ хэрэгт нэр холбогдсон хүмүүс сураг алдарч, бүгд гадаадад амьдарсан байдаг. Хааяа нэг Монголд амарч зугаалах гэж ирдэг л сураг сонсогддог. Тэд гадаадад гараад ямар мөнгөөр яаж амьдардаг бол.

Тухайн үед Алт диллерийн хэргийн буруутнаар тодорсон хүмүүсээс хоёр нь ял сонсч тэр нь тэнсэн болсноор хэрэг шувтарчээ. Ямар учиртайг нь мэдэхгүй учраас хардлага сэрдлэг байнга дагуулсаар ирсэн энэ хэргийн нарийн учир одоо ч бүрхэг байна. Яагаад гэвэл тэр үед улсаараа юу ч мэдэхгүй тэнэг байв. Зах зээлийн эдийн засаг гэж мэдэхгүй, луйвар энэ тэр мэдэхгүй. Тэр ч бүү хэл гадаад хэлтэй, хүн тоотой хэдхэн, англи хэлтэй нь бүр цөөн байв. Тэр үеийн гайгүй боловсролтой англи хэлтэй, банк санхүүгийн мэргэжилтэй хэдэн хүн улсынхаа төсвөөр тоглосон л гэцгээдэг. Ямар ч байсан улсаараа гадаад гүйлгээ хийж мэддэггүй байсан баримт бий. Монгол банкны захирал байсан Н.Жаргалсайханыг тэр үед энэ хэрэгтэй холбоотой барьж аваачаад Ганц худагт хийчихсэн байсан. Цахим гүйлгээ энэ тэр огт мэддэггүй хүмүүс яахав дээ. Жаргалсайхан шоронд орохтой зэрэгцээд улсын гадаад гүйлгээ тэр чигтээ зогссон. Аргаа бараад барьж хорьсон Н.Жаргалсайханаа тусгай хамгаалалттай машинаар жигтэйхэн нууж хааж шөнө дөлөөр авчраад гадаад гүйлгээ хийлгэж байсан гэдэг. Тэр үед ийм боловсролтой хүнийг барьж хорилоо гээд нийгмээрээ нэг шуугив даа. Одоо бодоход гүйлгээний нууц кодыг нь авалгүй шоронд хийчихсэн юм шиг байгаа юм. Улс орноороо ийм гэнэн тэнэг байж. Ийм болохоор нь гадны луйварчид манай алтыг луйвардсан биз. Яг л ийм байдлыг нь ашиглахгүй юу. Одоо тэгээд энийгээ эргүүлж авчирч болдоггүй юм уу. Тэр үеийг бодвол монголчууд ухаажсан, боловсролтой болсон, юм үзсэн, гадаад дотоодын нөхцөл байдлыг мэдэхтэйгээ болсон. Ул мөр үлдээдэггүй гэмт хэрэг гэж байдаггүй гэдэг. Ялангуяа эдийн засгийн гэмт хэрэг заавал ул мөрөө үлдээсэн байдаг. Шинэ үеийн залуус энийг яагаад хайж болохгүй гэж. Бид ийм их алт хулгайд алдчихаад зүгээр суух тийм баян орон билүү. Дэлхийд эрдэнэсээ алдаад буцааж олж авч байсан тохиолдол бий. Алга болсон ч байнга эрж хайсаар байдаг эрдэнэс, их хөрөнгө ч бий. Жишээ нь хуван танхим. Хятадад болсон боксёрын буюу нударган зодоончдын бослогын үеэр Хятадын түүхийн дурсгал, үнэт эдлэл, ховор нандин зүйлс гадагшаа гарсан байдаг. Хятадууд тэр үед алдсан эдгээр дурсгалт үнэт зүйлсээ худалдаж авах болон тусгай ажиллагаа явуулан улсдаа авчирсаар байгаа билээ. Египетийн түүхэн дурсгалт, үнэлж баршгүй үнэт зүйлсийг тус улс хөөцөлдөж олж авсаар байгаа. Дэлхийн хоёрдугаар дайны үед германчуудын авсан гэх үнэт зүйслийг одоо ч Франц, Итали, Польш, ОХУ буцаан олж авсаар байна. Энэ үеийн дуулиант нууцын нэг хуван танхимыг олж авах эрэл одоо ч үргэлжилж байна. Пруссын хаанаас Оросын нэгдүгээр Петр хаанд бэлэг болгон өгч байсан хуван танхим дэлхийн хоёрдугаар дайны үед алга болсон билээ. Энэ нь маш нарийн тансаг чимэглэсэн дан хуваар урласан том өрөө. Энэ танхим дайны үед германчуудын олз болсон гэгддэг бөгөөд одоо Кеннисбергт нууцаар хадгалагдсаар байдаг гэж таамагладаг. Оросууд одоо ч энэ үнэт эрдэнэсээ олж авахаар эрэлхийлсээр байна.

Тиймээс Монголоос Лондон хүрсэн гэдэг одоо хаачсан нь мэдэгдэхгүй олон тонн алтыг Монголдоо буцааж авчрах хөдөлгөөн өрнүүлье. Ингэвэл Монголын төрийг бусад улс орон хүндэлдэг болно. Явж явж оффшороос анхаарал татсан шударга бус зүйл бол энэ. Оффшор ч эрх биш хөдөлмөрлөж олсон, тэрнийгээ татвараас нуусан л байдаг юм байгаа биз. Шударга ёсыг сахиулъя гэвэл энэ алга болсон алтаа хайхаас л эхэлье. Эрх баригчид яагаад энийг ярьдаггүй юм. Сонгууль болохоор энэ талаар хаа нэг шуугиан гараад намждаг. Нэг нам нөгөөгөө намнах үедээ л энэ тухай ярьдаг юм. Гэвч ямар ч тодорхой баримтгүйгээр дэмий л хардсан сэрдсэн, муушаасан юм яриад өнгөрдөг. Тэр үедээ нийгмээрээ ардчилал гэдэг нь ингэдэг ёстой юм байна. Энийг муулвал ардчиллыг буцаагаад авчихна л гэж бодож байж. Одоо бол ардчилал гэдэг чинь хууль дүрмээрээ явахыг хэлдэг юм байна гэдгийг ойлгодог болсон. Эх орончид энэ алтыг авчрах дээр нэгдээч.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Солонгосоос утаагүй зуух гуйснаас визгүй зорчихыг гуйхгүй дээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д анхны гадаад айлчлалаа хийлээ. Түүний энэ айлчлалыг амжилттай боллоо гэж байгаа. Айлчлалын бүрэлдэхүүнд Засгийн газрын долоон сайд, УИХ-ын долоон гишүүн багтсан. Манай 60 гаруй бизнесийн төлөөлөл оролцсон. Айлчлалын хүрээнд хэд хэдэн бичиг баримтад гарын үсэг зурснаас ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд тус улсаас 700 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээг шийджээ. Энэхүү зээлийг төсвийн дэмжлэг гэхээсээ илүү агаарын бохирдлын эсрэг төслүүдэд 500 сая ам.долларыг нь зарцуулна гэдгээ мэдэгдэв.

Тэгэхээр нийслэлийг утаанаас нь салгая гэвэл 220 мянган өрхийг орон сууцтай болгох шаардлага гарна. Үүнийг шийдэхэд дор хаяж 20 жилийн ажил байгааг судлаачид хэлсэн. Эдийн засгийн тооцоогоор бол 9.8 их наяд төгрөгийн зардал гарна гэдэг. Ямартай ч далайд дусал гэгчээр 500 саяыг ОУВС-гийн хөтөлбөрт дулдуйдан авч байх шиг байна. Валютын сангийн хөтөлбөрт хамрагдаагүй бол өгөх ч үгүй л дээ. Ирэх гуравдугаар сард Солонгосын мэргэжилтнүүд ирж энэ мөнгийг ямар чиглэлд хөрөнгө оруулахаа шийднэ. Урьдчилсан байдлаар хот төлөвлөлт, барилгын салбарт оруулна. Мөн дулаалга, шинэ технологиудад зориулна гэжээ.

Ерөнхий сайдыг айлчилж явах үед БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Утааг багасгахын тулд зуух тараахаас өөр аргагүй” гэж мэдээлсэн юм. Үүнээс нь үүдэн иргэд “500 сая долларыг зуух тараахад зориулах юм байна” гэж ойлгосон. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх бөөн уур хилэн болж, өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад анхааруулъя. Зуух тараах тухай бодлогогүй яриагаа зогсоо. Манай Засгийн газар утааны эсрэг эрчим хүчээр хангах, орон сууцжуулах, нүүрс боловсруулах үйлдвэр барих зэрэг олон үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой. Асуудалд ухарч биш урагшаа харж ханд” хэмээн загнасан билээ. У.Хүрэлсүхийн танхим нэг иймэрхүү далийж дуугарсан сайд нартай л байгаа. Нэг сайд нь зуух тараана гэж зөрүүдэлж байхад нөгөө нэг дэд сайд нь “Оюутолгойг хөөж явуулна” хэмээн хашгирах жишээтэй. Араас нь Ерөнхий сайд нь, салбарын сайд нь “Аятайхан байгаарай, Засгийн газрын бодлогодоо захирагдаж ажиллаарай, чадахгүй бол зайлаарай…” гэж заналхийлсэн маягтай л байцгаана даа.

За, энэ яахав, 500 сая доллар руугаа оръё. Гэр хорооллын иргэдээ орон сууцжуулж байж л утаанаас сална шүү дээ. Хамгийн энгийн үнэн ердөө энэ. Одоо монголчууд өөрсдөө байшин үйлдвэрлэж үнэхээр чадна. Жишээ нь, “Эрэл” компани байна. Энэ компанийн бүтээн байгуулалтыг яана гээд байгаа юм. “Эрэл” ХХК-ийн БҮК-1 төслийн хүрээнд ашиглалтад орж байгаа шинэ үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж нь ХБНГУ-ын хамгийн сүүлийн үеийн технологиор шинэчлэгдэж, бүх дамжлагыг компьютерээр хянадаг бүрэн автомат үйлдвэр боллоо. Тус угсармал бетон хавтангийн үйлдвэр нь 1963 онд анх байгуулагдаж өнгөрсөн зуунд Улаанбаатар хотын барилгын 80 хувийг барьж байгуулснаараа алдартай. Тус үйлдвэр нь жилд 250 мянган кв.м орон сууц, сургууль, цэцэрлэг, бусад барилга, байгууламжийг жилийн дөрвөн улиралд барих хүчин чадалтай. “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбат “Манай улс дулаахан байдаг таван сар дотроо барилга, байшин барьдаг. Өвөл зогссоны улмаас банкны зээл, хүү нь нэмэгддэг. Харин манай үйлдвэр шинэчлэгдсэнээр жилийн дөрвөн улиралд 24 цагаар барилгын бүх төрлийн материал үйлдвэрлэж, барилгаа газар дээр нь угсарна. Ийм үйлдвэр 200 мянган өрхийг утаанаас хялбар салгах боломжтой. Мөн шавар, цемент, шохойн чулуу, арматур зэрэг барилгын бүх түүхий эдээ 100 хувь дотоодын үйлдвэрлэгчдээс авч ашиглана” гэж хэлсэн юм. Тус үйлдвэр нь шууд эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа учраас барилга барих явцад хийгддэг цагаан хөөс, шавар, замаск зэрэг нэмүү өртгүүдийг хэмнэхээс гадна зураг төсөл, барилгын материалын үнэ хавар нэмэгддэг байдлыг зогсоох боломжтой. Ингэснээр нэг метр квадратыг 1-1.2 сая төгрөгөөр зарж, борлуулах юм билээ. Ингээд зогсохгүй бөөнөөр нь үйлдвэрлэж эхэлбэл, одоогийн тооцоолж байгаа үнэ буурахыг үйлдвэрийн удирдлагууд хэлж ярьсаар байгаа. Ийм бэлэн үйлдвэр нь утаатай Улаанбаатарт ашиглалтад орчихсон байхад солонгосчуудаас юун зуух гуйх вэ. Бид солонгосчуудаас гуйхгүйгээр өөрсдөө байшингаа барьчихна.

Хамгийн гол нь Монголын ард түмэн одоо ажил хийх, мөнгө олох хэрэгтэй байна. Тэгэхийн тулд дотооддоо хийх ажил нь олддоггүй юм бол ядаж гадаадад гарч ажиллах хэрэгтэй байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ажлын байр нэмэгдсэнгүй, ажилгүй иргэдийн тоо улам өслөө. Хийх ажилгүй, орлогогүй монголчуудыг хараад арга барсандаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гурван жилийн барилгын цэргийг сэргээх тухай ярилаа.

Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Солонгосоос утаагүй зуух, дулаалгын үйлдвэр гуйхын оронд визгүй зорчихыг л мөргөж сөгдөөд ч хамаагүй гуйх байсан юм. Монголчууд БНСУ-д визгүй гарах хэрэгтэй байна. Тэндээс монголчууд ажил хийж, мөнгө олж эх орон руугаа явуулдаг. Дээр нь ажил хийж сурна. Ахиулаад бүр ноу хау, технологийг нь авчирна. Хүнтэй ажиллаж сурна. Ингэж Солонгост олноороо очиж ажиллаж байж гэр хороололд амьдарч буй ар гэрийнхнээ орон сууцанд оруулна. Монголд борлогдохгүй байгаа 40 000 орон сууц зарагдаж дуусна. 220 000 гэр хорооллын айлын 40 мянган яндан алга болно. Эдийн засгийн цусны эргэлт гэдэг бол энэ. Солонгост бүр “Монгол таун” байгуулах ёстой. Монголын хууль үйлчилдэг хороололтой болох ёстой. Тэгж байж харлахгүй, гэмт хэрэгт орооцолдож байгаа эсэхийг сайн хянана. Бүр цаашлаад Монгол Улсад Солонгосын алдарт Самсунг, Хьюндай… гэхчлэн дөрвөн том компанийн салбарыг нээмээр байна. Тэнд нь монгол мэргэжилтнүүдийг олноор нь бэлдэе. Ийм том ажлуудыг эрх баригчид эхлүүлмээр байна. “Ёооё, бас л гуйлга” гэж Ерөнхий сайдаа зүхэх хэрэггүй, зүгээр л Монголын удирдагчид том ярьж, том сэтгэх цаг болсон. Манайхаас бусад орны удирдагчид гадагшаа айлчлахдаа үр дүнг нь юу гэж ярьдаг гээч, “Манайх Европт 20 боинг онгоц зарахаар гэрээ хэлцэл хийж чадлаа” гэж эх орондоо буунгуутаа гайхуулдаг юм. Манай дарга нар тиймгүй юмаа гэхэд өөрт байгаагаа тэдний зах зээлд бага ч болтугай зарах, хөрөнгө оруулалт татах, гадаад худалдааны тэнцвэрээ ярих ёстой. 2017 оны байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 209 сая ам.доллар байгаагаас экспорт 12 сая, импорт 198 сая ам.долларт хүрч, худалдааны нийт эргэлт 1.4-хөн хувиар өссөн төдий байгаа юм билээ. Энэ бүхэн үнэхээр чамлалтай санагдаж байна.

Ингээд бичихээр өөдөөс сөрөх хүн гарах байх. Сошиал сүлжээнд “Сүүлийн хүн Солонгос явахдаа гэрлээ унтраагаад яваарай” гэх утгатай үг хэлсэн байна лээ. Тийм юм байхгүй ээ, эргээд ирнэ. Манай улсын иргэд гадаадад олноор ажиллаж байгаа нь улс орны эдийн засагтай л холбоотой. Эдийн засаг сэргэж, хөрөнгө орлого нэмэгдэж, ажлын байр бий болохоор гадаадад ажиллаж, амьдарч буй хүмүүс эх орондоо ирдэг юм. 2011 онд Монголын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрэхэд Солонгост ажиллаж байсан иргэдийн 50 орчим хувь нь Монголдоо буцаж ирж ажилласан. Үүнийг бид нүдээрээ харсан. Нэг хэсэг Солонгос явах сонин биш болчихсон байсан биз дээ. Одоо эдийн засгийн нөхцөл хүнд байгаа үед хүмүүс явж ажиллах сонирхолтой байна. Энэ хүсэл сонирхолд нь Монголын төр тусалж, амьдралд нь нэмэр болмоор байна.

Айлчлалын том үр дүн гээд байгаа 500 сая ам.долларыг ухаалаг, алсын хараатай, авлига, албан тушаалтнаас хол, зөв зүйлд нь зарцуулбал бас үр дүн гарна. Өнөөдрийн байдлаар ипотекийн зээлд 4.3 их наяд төгрөгийн эх үүсвэр гаргаж 93.147 иргэн орон сууцанд орсны 80 орчим хувь нь нийслэлд байгаа юм. Энэхүү 500 сая ам.долларыг ипотекийн зээлд оруулахад 30 мянга гаруй өрхийн орон сууцын асуудлыг шийднэ гэж муйхарлаж болох л юм. Солонгосын тал тэгэх ч үгүй байх л даа. Харин энэ мөнгийг гэр хорооллын дулааны шугамын дэд бүтцэд зарцуулж болно. Нийслэлийн гэр хорооллын 70 хувь нь байшинд. Дулааны хоолой татахад иргэдээс мэргэжил огт шаардахгүй ганц ажил. Хэдэн гагнуурчин л хэрэг болно. Дийлэнх нь газар шорооны ажил. Энэ бол Монгол дахь томоохон ажлын байр, иргэдийн орлого юм.

Өнөөдөр Монголд ажилгүй, орлогогүй иргэд маш их байгаа болохоор энэ мэт ажил сэтгэж, цалин орлоготой болох тухай л санаа юм шүү дээ. Эрх баригчид өөрсдөө сайхан амьдрах тухай бодох бус ард түмнээ сайхан амьдруулах тухай боддог болсон тэр цагт л улс орон урагшлах байх. Ийм удирдагчидтай болсон үедээ урагшилж хөгжсөн дэлхийн түүх бэлээхэн байна. Биднийг сайхан амьдруулах байх гэсэндээ өнөөдрийн төр засгийн удирдагчдыг сонгосон. Сонгож төрийн өндөр сэнтийд суулгасан учраас та нараас шаардах эрхтэй. Тийм болохоор давын өмнө БНСУ-д визгүй зорчих ажлыг хий. Үүний төлөө ажилла. Юун утааг бууруулах 500 сая ам.долларын зээл вэ. Ойрын жилдээ орлого олж болох ганц гарц байгаа нь Солонгост очиж ажил хийж, мөнгө олох. Олсон мөнгөө ерэн оноос хойших хүнд он жилүүдэд Монгол руу явуулж байсан шиг валютын урсгалыг бий болгох. Ийм л арга зам руугаа орохгүй бол ард түмэн туйлдаа хүрэх нь байна шүү дээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Байж л байвал бараа чинь хаачих вэ дээ, Баттулга Ерөнхийлөгч минь

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард иргэдтэйгээ уулзаж байна. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн дүүргүүдээр ээлжлэн уулзалт зохион байгуулж, өөрийн санаа бодол, хийх ажлаа ярьж, олон түмнийхээ үгийг ч сонсож явна. Эдгээр уулзалтаас тод анзаарагдсан нэг зүйл бол Ерөнхийлөгч маань “УИХ-ыг тараая” гэж байн байн ярих юм. Өмнө ч ингэж ярьдаг байсан. Түүнийг нь бид ойлгохдоо “УИХ-ыг шавдуулах, зөв зарчмаар ажиллуулах арга зам нь юм байх” гэж харж байв. Гэтэл энэ нь ажил хийлгэх арга зам нь биш, УИХ-ыг тараахаар өөрөө идэвхийлж санаачлан, жинхэнээсээ үүнийхээ төлөө зүтгээд байна уу даа гэсэн ойлголт нийгэмд төрж эхэллээ.

АН-ын дарга С.Эрдэнэ саяхан хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Ерөнхийлөгчийн бодлого бол түүний л бодлого. Ардчилсан намын бодлого биш. Ерөнхийлөгч хүн намаасаа татгалздаг” гэсэн байна лээ. Иргэний хөдөлгөөнүүдийн удирдагчидтай их ойр байдаг, бараг удирдагч нь ч гэж хэлж болохоор хүн бол нийтлэлч Баатархуяг. Тэрбээр нэгэн нийтлэлдээ “Х.Баттулга бол АН-ын Ерөнхийлөгч биш. Иргэний хөдөлгөөний Ерөнхийлөгч” гэж бичсэн. Нээрэн ч Иргэний хөдөлгөөнүүдийн гаргаж тавих дуртай уриа болох “Хувьсгал хийе”, “УИХ-ыг тараая” гэх мэт яриаг Ерөнхийлөгч маань идэвхтэйгээр сурталчилж эхэллээ.

Монгол Улсын Их Хурал гэдэг маань ямар байгууллага билээ. Энэ бол Монгол төр. Төрийн дээд байгууллага. Үүнийг бүх ард түмэн сонгож бий болгодог. Муу ч байж болно. Сайн ч байж болно. Ямартаа ч бүх ард түмний сонголт, сонгуулийн тусгал нь. Бий болгох гэж бий болгосон Монгол төр. Яагаад ингэж хэлж байна гэхээр 2012-2016 онд төр барьсан АН-д итгэл алдсан хүмүүс МАН-ыг сонговол арай дээр юм уу гээд сонголтоо хийж, одоогийн УИХ бүрэлдсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн заасан байдаг. Ийм байгууллагыг татан буулгавал ёстой төрийн дампуурал гэгч нь болох биз. Монгол Улс төргүй болно гэсэн үг. Засгийн газар бол өөр хэрэг. Хэд ч огцорч болно. Засгийн газар бол төр биш. Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд заасан төрийн дээд эрх бүхий энэ байгууллагыг мөн л Үндсэн хуулиар эрх, үүргийг нь дархалсан Ерөнхийлөгч татан буулгана гэж өөрийн биеэр ярьж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа юм биш биз. Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 2-т ” Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно” гэсэн заалт бий ч одоогийн нөхцөлтэй нэг л дүйж өгөхгүй байна.

УИХ-ыг тараах тухай эхний өргөдөл өгөхөд л Үндсэн хуулийг сахиулагч дээд байгууллага болох Үндсэн хуулийн Цэц “Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн” гэдэг үндэслэлээр хэлэлцэхэд бэлэн болох шинжиндээ орж байна. Бодвол албан ёсны баримт бичиг гарахыг нь анаж хүлээсэн хүмүүс байгаа биз. Хэрэв Үндсэн хууль зөрчсөн бол энэ үйл ажиллагааг Ерөнхийлөгчийн ажлын алба, Тамгын газар, туслахууд нь даруйхан засч залруулах хэрэгтэй болжээ. Өдийг хүртэл яагаад чимээгүй суугаад байна вэ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдтэй хийж байгаа уулзалт бүрийн төгсгөлд иргэний хөдөлгөөний гэгдэх хэдэн эмэгтэй, өвгөчүүд л “УИХ-ыг тараах нь туйлын зөв” тухай ярьцгаах юм. Ингэснээр хүн бүр УИХ-ыг тараахыг хүсээд байгаа мэт ойлголтыг Ерөнхийлөгчид төрүүлж байна. Үг хэлэгсдийн дийлэнх нь Иргэний хөдөлгөөний хүмүүс харагдана лээ. Тэднийг ямар үг хэлэхийг Иргэний хөдөлгөөнүүд удирдаад байна уу эсвэл ганц хоёр хүн турхираад байна уу гэдэг нь сонин.

Яг УИХ-ыг тараах дээрээ тулбал ард түмний дийлэнх нь дургүйцнэ. Ард түмний дундах асар хүчтэй хүрээлэл болох сэхээтний давхарга эрс эсэргүүцэх нь тодорхой. Утаанаас өөр дайсангүй улсыг Украйн шиг дайны хөл болгохыг жаахан ч гэсэн юм боддог, мэддэг хүмүүс эрс эсэргүүцнэ. Хаана ч гэсэн үг хэлээд сурчихсан хэлэмгий, доломгой фанатууд бишгүй байдаг. Тэд цөөн л дөө. Гэхдээ тэдний үг төрийн бодлогын хэмжээнд очвол Монгол Улсад аюултай үйл явдал, үзэгдэл болно. Үүнийг монголчууд мэдэхтэйгээ ухаалаг ард түмэн.

Гадаадын төдийгүй дотоодын зөөлөн хүчний бодлогоор монголчуудыг хооронд нь эвдрэлцүүлэх, бужигнуулах гэсэн зорилготой байж мэдэх үйл явдал сүүлийн үед цөөнгүй өрнөх болсон нь ажиглагдаж байна.Хүний эрхийн байгууллагын томоохон төлөөлөгч хүртэл “төрийн эргэлт хийх ёстой” хэмээн ярьж яваа дуулдах юм. Аажим аажмаар нийгмийг ингэж турхирч байна. Төрийн эргэлт хийлээ гэхэд хэн төрд гарах юм. Монголчууд бид л гарна. Ямар ялгаа байна вэ. Яахав, хэдэн хүн л хоолондоо хүрэх биз. Тэглээ гээд ард олныг яагаад ингэж талцуулж хуваах оролдлого хийгээд эхлэв. Бид жаргалдаа ташуураад цус урсгаж, нэгнийхээ аминд хүрэхдээ тулав уу. Долоон сарын нэгэн гэх аймшигт цуст өдрийг бүгд мартчихсан уу. Таван иргэний амийг авч, хичнээн мянган залуус шоронгийн хаалга татсан өдрийн маргааш гудамж талбай тэр чигээрээ хуягт машин,буутай цэргүүдээр дүүрч, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж, үндэсний телевизээр юу гаргаж, ямар мэдээлэл цацахыг эрх баригчид хянаж, шийдэж байлаа. Тэгэхэд хүний амь эрсдэсний төлөө биш хэдэн зураг шатсны төлөө харамсан уйлах хүмүүс бас гарч ирж л байсан юм даа.

Энэ үйл явдлыг Ерөнхийлөгч Х.Баттулга ч байнга санаж явах ёстой. Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “ Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” хэмээн тодорхой зааж өгчээ. Гэтэл яг энэ заалтын эсрэг зүйл ярьж, уриалаад байгаа нь Үндсэн хуулиа зөрчөөд байгаа хэрэг биш үү. Ийм гаргалгаа, дүгнэлтийг хэн ч өлхөн гаргаад ирнэ. Хэрэв Ерөнхийлөгч Үндсэн хуулиа зөрчсөн бол огцрохоос өөр аргагүй бөгөөд түүнийг өмөөрөх хүн Монголд олдохгүй. Магадгүй, өөрөө зохион байгуулж, хөрөнгө мөнгийг нь гаргаад долдугаар сар хүртэл хуулийн хүрээнд жагсаал цуглаан хийлгэх биз. Навч цэцэг дэлгэрч налайсан долдугаар сард хэн бусдын эрх ашгийн төлөө жагсаал цуглаан хийж зогсох вэ. Бүгд л приусээ асааж аваад найр наадам, хамаатан саднаа хэсэх гээд хөдөө гараад алга болно.

АН-ынхан ч гэсэн “бидний бодлого биш” гэж гэдийж суухынхаа оронд Ерөнхийлөгчид зөвлөж, Үндсэн хууль зөрчөөд байгаа мэт үйлдлийг нь намдаах хэрэгтэй байна. Нэг намаас 65-уулаа парламентад сонгогдож, хэт олонхоороо эрх барьж буй энэ үед сөрөг хүчний намаас Ерөнхийлөгч байх нь ард түмэнд хэрэгтэй байна. Байж л байвал бараа нь хаачих вэ гэсэн үг бий. Эрх баригч намыг хууль зөрчсөн шударга бус үйлдэл хийх бүрт нь шүүмжилж, эрх мэдлийнхээ хүрээнд хориг тавих нь Ерөнхийлөгчийн үүрэг. Ингэж л бодож ард түмэн сонгосон. Түүнээс биш төрийг бужигнуулаад аль, тараагаадах гэж сонгоогүй. Эсрэг намынхан үйл явдлыг улам дөгөөж байгаад Ерөнхийлөгчийн өөрийнх нь хэлдгээр дагуулж тонгорох гээд байна уу гэх байдал ажиглагдаж байна. Хууль зөрчих цэгт нь хүртэл ил, далд өөгшүүлж хөөрөгдөж байгаад авч хаях гээд анаж суугаа болохоор алдаа бүү гаргаарай.

Монгол хүйтэн, утаатай. Ард түмэн нь ядуу. Ганц дутуу байгаа нь дайн байлдаан, эмх замбараагүй байдал. Үүнийг бий болговол Монгол чинь үлдэх үү, Ерөнхийлөгч өө.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Шатахууны үнийг хямдруулах биш чөлөөлөх нь зөв

Шатахууны үнийн өсөлт Монголын нийгмийг донсолгож байна. Толгойтой бүхэн бензиний үнийг бууруулахыг төр засгаас шаардаж, шатахуун импортлогч хэдэн компаниа барьж идэхдээ тулаад байна. Монгол Улсад шатахуун импортлогч компанийн эзэд шиг хэрэггүй, өөдгүй, ард түмэндээ хайргүй, увайгүй хүмүүс алга боллоо. Нийгэм даяараа л тэднийг элдвээр зүхэж “төр засгийн дээр сандайлсан том толгойтой, монополь эрхтэй тэдний хажууд роснефть нь ороод ирвэл дээр дээ” гэцгээж байна. Харин эдийн засагчид Засгийн газар шатахууны хилийн үнэ өндөр байхад онцгой татвараа багасгаж, буурахаар нь өсгөх замаар 2008 оноос үнийг харьцангуй багаар зохицуулж ирснийг хэлж байгаа.

Монголын төр төсвийн орлогынхоо дөрөвний нэгийг зөвхөн зээлийнхээ хүүнд өгөхөд хүрсэн учраас Олон улсын валютын сангийн шаардлагаар хэд хэдэн төрлийн татвар нэмсний нэг нь шатахууны онцгой албан татвар юм. Онцгой татвараас шалтгаалан өнгөрөгч оны долоо, аравдугаар сард хоёр удаа үнээ нэмсэн нь шатахуун түгээгч компаниудыг алдагдалд оруулахад хүргэсэн. Үнэ нэмэгдсэн бодит шалтгаан ердөө л энэ.“Үнийг чөлөөт зах зээлээр биш хууль журмаар тогтоох нь зөвхөн шийдвэр гаргагчдад ашигтай, харин хэрэглэгчдэд ашиггүйгээр барахгүй урт хугацаанд бүр ч ноцтой хохирол учруулдаг. Шинэ Засгийн газар бүр ядарсан ард түмнээ халамжлах нэрээр ямар нэг урамшуулал хөнгөлөлт бодож олоод аль нэг бараа үйлчилгээний үнийг хянаж, тогтворжуулан царцааж эхэлдэг. Орон сууцны хөнгөлөлттэй зээл, барилгын материал, түлш шатахууны үнийг барих, тогтворжуулах зэрэг дуулиант хөтөлбөрийн эцэст төр засаг өрөнд баригдаж, төвбанк нь нөөцөө шавхаад байна” гэдгийг эдийн засагч Д.Жаргалсайхан баримт судалгааны үндсэн дээр хэлсэн.

“Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэж өмнөх хэд хэдэн Засгийн газрын гол хаалтын үр дүнд өнөөдөр нэг литр шатахууны үнэ 2000-д тулаад байна. Мөн шатахууны алдагдлыг нь нөхөх журмаар төрөөс татаас нэрээр мөнгө өгдөг. Сүүлд гарсан мэдээллээр шатахууны компаниуд төрөөс 260 тэрбумыг татаас хэлбэрээр өг, тэгвэл литр тутамд шатахууны үнийг 50 төгрөгөөр л нэмж болох юм гэж шахалт хийж байгаа сонсогдсон. Татаас гэх нэрээр шатахуун түгээх компаниудад очиж буй 200, 300 тэрбум төгрөг бол тухайн үед засаг барьж байсан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын халааснаас гарсан мөнгө биш. Мөн одоогийн засаг барьж буй У.Хүрэлсүх, өмнө нь засаг толгойлж байсан Ж.Эрдэнэбат нарын мөнгө ч биш. Энэ бол ажил хийдэг ард түмэн бидний татварын мөнгө юм. Бүр тодорхой хэлбэл, өглөө ажилдаа гараад шөнө дүл болсон хойно харьж, үр хүүхдээ танихгүй болтлоо хөдөлмөрлөсөн энгийн хөдөлмөрч иргэдийн мөнгө. Тэгвэл бидний энэ мөнгөөр төр засаг шатахууны үнийг нэмэлгүй тогтмол байлгана гэдэг нь ажил хийдэггүй, орон гэртээ алмай хэвтэж байдаг нөхдийг тэжээж байна гэсэн үг юм.

Ажил хийдэггүй алмай нөхөд гэж хэнийг хэлэх вэ. Хувьдаа нэг нэг приус машинтай, хийх ажилгүй өдөржин унтаж, үдэш оройн цагаар халтуурандаа гардаг нөхдийг хэлнэ. Манай нийгмийн 60-70 хувийг приустэй халтуурчид эзэлж байгаа. Тэд оройн цагаар хулгайн гөрөө хийнэ, биеэ үнэлэгчдийг зөөнө. Хамгийн эерэг гэж бодохоор зүйл үр хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэдэг байх. Приус унасан нөхөд хотын гудмаар шөнөжингөө хий хоосон холхичихно. Эдгээр нөхдийг бензинтэй байлгах гэж, бага үнээр шатахуун авахуулахын тулд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн мөнгөнөөс татаас нэрээр татвар авч байгаа нь хамгийн буруу.

Монголын төр үүнийгээ одоо зогсоох хэрэгтэй. Шуудхан хэлэхэд, шатахууны үнийг хямдруулах биш чөлөөлөх нь зөв болжээ. Улаанбаатар хотод энэ олон машин байгаад, хүн бүхэн хувийн машин унаад монголчууд бидэнд хийж бүтээж байгаа ажил гэж алга. Нэгнээ хууран мэхэлж наагуур цаагуур халтуур хийнэ, хэдэн зах, дэлгүүр, албан байгууллагуудын үүдэнд бөглөө болж зогсохоос цаашгүй. Гишгэх газаргүй гэдэг шиг үнхэлцэг адил жижигхэн хотод энэ олон машины хэрэг ч үнэндээ алга байна. Тал талаас бүгд адуу мал шиг дайрцгаагаад, хаашаа л харна битүү бөглөө. Ажил тарах ид ачааллын үед хичнээн цагаар замын бөглөөнд уур бухимдал дүүрэн зогсдог билээ. Энэ олон асуултын гогцоо ерөөсөө шатахууны үнийг өндөр байлгахыг хэлээд байгаа хэрэг.Их хурлын гишүүдээс ч шатахууны үнийг нэмэх нь зөв шийдэл гэдгийг хэлэх боллоо. Харин төр засаг шатахуунд зардаг тэр олон тэрбум төгрөгөө нийтийн тээврийн хөгжилд оруулах хэрэгтэй байна. Шатахууны үнэ өндөр болоод ирэхээр хүссэн ч хүсээгүй нийтийн тээвэр рүү олны анхаарал хандана. Төрийн зүгээс зохицуулалтыг сайтар хийж, нийтийн тээврийн чиглэлийг олшруулж, хуваарийг нь зохистой болгох нь чухал. “Түлшээрээ халаадаг байр саваа нар салхины эрчим хүчийг ашиглах, байшингийн дээврээ нарны зайн хураагууртай болгох яваандаа цахилгаан машинтай болохыг зорино” хэмээн эдийн засагчид тооцоолоод буй нь ийм учиртай.

Хүйтний улиралд утаа, замын бөглөөнд багтарсан Улаанбаатарт урин дулааны цагт хүн амьтан эрс цөөрч, ёстой нөгөө сөнөсөн хот гэдэг чинь болно. Хямдхан машинтай, хямдхан шатахуунтай ажил хөдөлмөр гээчийг мэддэггүй нөхөд бүгд тал тал тийшээ тэнээд алга болцгооно. Зургаа, долоо, наймдугаар сард Монголын нийслэл эзгүйрч, сөнөсөн байдалтай байснаа хүүхдийн сургууль, цэцэрлэг эхлэх үед гишгэх газаргүй болж, замын түгжээнд нам зогсоцгооно. Тэгээд л яарсан, тэвдсэн, бухимдсан, нэгнээ харааж зүхсэн, гудамжиндаа зодолдсон, “орк”-оороо дуудалцсан зэрлэг омгийнхон дахин бүрэлдэх нь тэр. Хэрвээ шатахууны үнэ өндөр байвал замын бөглөрөл тагларлаас аваад наад зах нь гэмт хэргийн тоо эрс буурах нь дамжиггүй. Хулгай дээрэм, янхандалт багасна. Малын хулгай, тариа ногоо, модны хулгай багасч, булш бунхнаа ухаж сэндийчдэг нь учиртай болж, урт гар хөл нь хоригдох байх. Мөн хөдөө гадаа тэнээд алга болдог нь үгүй болж дор бүрнээ ажил хөдөлмөр эрхэлж, хариуцлагатай нийгмийн хүмүүс болж хувирна.

Монголчууд бид алийн болгон хүүхдээ эрхлүүлж толгой дээрээ гаргасан ухаан муутай, мулгуу эцэг эх шиг байх юм бэ. Зарим зүйл дээр хатуу харгис байж, төр төмөр нүүрээ харуулах цаг нь ирсэн. Тэгэхгүй бол дэндүү нялцгай, сул дорой, үхээнц байна. Захын нэг ажилгүй авгай, архичин нөхөр Монголын төрийг гутааж, доромжилж, нулимж байна. Монголын төр нүцгэн үнэнтэй нүүр тулж, зарим юманд хатуу буулгаа үзүүлэх нь зөв. Түүний тодорхой жишээ шатахууны үнэ юм. Харин ямар ч шийдвэр гаргаж чадахгүй, үр хүүхдэдээ дарлуулж дээрэлхүүлсэн мулгуу эцэг шиг энэ хэвээрээ байгаад байх юм бол удахгүй сүйрнэ. Шатахууны үнэ нэмэхийг эсэргүүцэн “бүгдээрээ босъё, алаад хядаад өгье” хэмээн эрээ цээргүй аашилж, бусдыгаа уриалан дуудаж байгаа энэ нөхөд удахгүй шатахуун түгээх станцууд руу дайрч, төр засаггүй, хууль дүрэмгүй юм шиг аашилна. Мэдээж энэ бүхнийг нь далдаас хөөргөдөх, тэднийг турхирах хүчин бий. Хэзээ нэг өдөр ийм үймээн самуун дэгдэхийг үгүйсгэх аргагүй байна.

Нэг зүйлийг хатуу анхааруулахад, Монгол төрийг удирдаж яваа эрхмүүд эдийн засагт шууд оролцдогоо болих хэрэгтэй. Хүн бүр улс орны эрх ашгаас илүүтэй хувийн эрх ашгаа бодож, зах замбараагүй идэж ууж, дур зоргоороо аашилсны үр дүнд өнөөдөр Монгол Улсын эдийн засаг элгээрээ харуулдаж, туйлдахад хүрсэн. Түүнийх нь лай ланчгийг энэ хэдэн татвар төлөгчид л махийтал үүрч байгаа нь үнэн. Төр засаг шатахууныхаа үнийг өндөр тогтоож, нийтийн тээврээ дэлхийн том хотуудын жишгээр хөгжүүлж, айл өрх, хүн нэг бүрийг ажилтай, хариуцлагатай болгож байж улс орон хөгжил дэвшлийнхээ шинэ замд орно.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Д.Ганхуяг: Охинд минь тохиолдсон явдлын үнэнийг олохын төлөө эцсээ хүртэл явна

УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд нүүр номондоо бичлэг хийхдээ анхаарал татсан олон мэдээлэл хүргэж, өөрөө хүчирхийллийн хохирогч болсон төдийгүй, олны танил, томоохон компанийн захирлууд, улстөрчдийн хүүхдүүдийн хар тамхи хэрэглэдэг болон хүчирхийллийн хэргийн талаар ноцтой зүйлс ярьсан билээ. Гэвч тэр даруйдаа бичлэг устгагдаж, сүүлийн хэд хоног дахин олон нийтийн сүлжээнд цацагдсан. Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягтай уулзаж ярилцлаа.


-Танай охины хийсэн бичлэг сүүлийн хэд хоног шуугиуллаа. арваннэгдү-гээр сарын 30-нд анх тавигдаад төд удалгүй устчихсан байсан. Энэ бичлэгийг хэзээ хийсэн юм бол?

-Арваннэгдүгээр сарын 30-ны өдөр анх нийтийн сүлжээнд тавигдсан байсан. Тэгээд устгасан байсан, дахиад гараад ирлээ л дээ. Америкт хүний эрхийн чиглэлээр сурдаг нэг эмэгтэй “Энийг зүгээр орхиж болохгүй асуудал байна” гээд хадгалаад авчихсан юм билээ. Тэгээд л фэйсбүүк дээрээ тавьсан байсан.

-Тэр эмэгтэйг та нар таних уу?

-Үгүй ээ, нийтэд цацсанаас нь хойш тэр эмэгтэйтэй миний хань чатаар холбогдсон.

-Танай охин тэр бичлэгийг хэн нэгэнтэй зөвлөж хийсэн үү? Өмгөөлөгч болон аав, ээжтэйгээ зөвлөсөн гэж ярьсан байна лээ.

-Бидэнтэй зөвлөж ярьсан юм байхгүй ээ. Тухайн үед сэтгэл санааны хувьд асар хүнд, хямралд орчихсон байсан юм билээ. Эхнэр бид хоёрт тэр хүчирхийллийн асуудлыг өмнө нь огт хэлж байгаагүй. Энэ асуудлыг сая хийсэн тэр live-аас мэдсэн. 2015 онд болсон хэрэг юм байна.

Тэр хэрэгт холбогдсон хүүхдүүд ам алдаад ярьдаг юм байна л даа. Тэгэхээр үе тэнгийнх нь охид охиныг минь шоглож доромжлоод яриад байж. Энийгээ аав, ээждээ хэлэхгүй хоёр жил гаруй хугацаанд нуугаад явж. Охин маань хичээлдээ үнэхээр сайн байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд хичээлдээ жаахан тааруу болоод. Тэгээд би охиндоо хоёулаа санамж бичиг байгуулъя гэж хүртэл хэлж байсан. Цаана нь ийм юм болоод байж гэж огт мэдээгүй. Тэр хүүхдүүдийн доромжлолыг тэсэхээ байгаад л тэр бичлэгийг хийсэн юм билээ. Бид тэр бичлэгийг олон удаа үзэж чадахгүй юм байна. Сэтгэл санаа тавгүй болоод маш хүнд туссан. Бидэнд ийм хүнд тусч байхад охинд минь ямар байсан нь ойлгомжтой шүү дээ. Муу охин минь энэ хоёр жилийн хугацаанд ямар их зовж байсан бол гэдгийг бодохоор л нулимс гараад байна.Тэр бичлэгийг анх хийсэн зорилго нь тэр хүүхдүүдийг жаахан айлгах гэсэн, уучлалт гуйлгах гэсэн гэж охин бидэнд хэлсэн. Одоо бие нь их тааруу байгаа. Эмчид үзүүлж, зөвлөгөө авч, эмчилгээ хийлгэж байгаа.

-Энэ удаан хугацаанд яагаад аав ээждээ хэлээгүй юм бол?

-Нуучихсан байж. Охин минь их зорилготой, амбицтай хүүхэд л дээ. Сурах мэдэхийн их тэмүүлэлтэй.

-Хувцас загварын шоу хийгээд байсан охин мөн биз дээ?

-Мөн мөн. Ер нь их авьяастай, зүтгэлтэй хүүхэд. Сургуулийнхаа аварга сурагч болж, англи хэл, математикийн олимпиадаас медалиуд авдаг, сурлага сайтай хүүхэд. Өчигдөр би охинтойгоо жаахан ярилаа л даа. Хүн юм чинь тэр хүүхдүүдийг надаас уучлалт гуйчих болов уу гэж бодсон гэж хэлж байна лээ.

-Охин чинь бичлэгийн үеэр маш ноцтой зүйлүүд ярьсан. Олны танил хүмүүсийн хүүхдүүд хүчирхийлэл, хар тамхи, танхайн гэмт хэрэг үйлдсэн талаар ноцтой зүйлс ярьсан.

-Би бол заримыг нь дам сонссон болов уу гэж бодож байна.

Охины хамт

-Та хуулийн байгууллагад хандсан уу?

-Хандсан. Эрүүгийн цагдаагийн газар шалгаж байгаа.

-Бичлэг анх арваннэгдүгээр сарын 30-нд цацагдахад “Сүхбаатар дүүргийн шүүх дээр ирээрэй, анхан шатны шүүх хурал болно” гэж охин тань хэлж байсан. Тэгэхээр хууль хяналтын байгууллагад энэнээс өмнө хандчихсан байжээ дээ?

-Сая тэр бичлэгийг үзсэний дараа л бид хуулийн байгууллагад хандсан. Тэрнээс өмнө мэдээгүй байсан болохоор хуулийн байгууллагад хандсан зүйл байхгүй. Охины хувьд нөгөө хүүхдүүдийг айлгах гэж тэгж хэлсэн юм билээ.

-Танай охин өөрөөсөө гадна дүүгээ бас хүчирхийлэлд өртсөн гэж хэлж байсан. Энэ үнэн үү?

-Тэр охин манай хамаатны хүүхэд. Хуулийнхан шалгаж эцсийн хариуг хэлэх байх. Төрсөн дүү нь биш. Багаасаа ойрхон өссөн. Тэр дүүтэйгээ дотно найзалдаг.

-Та хэдэн хүүхэдтэй билээ?

-Хүү, охин хоёртой. Охин маань бага нь.

-Тэр бичлэгт дурдагдсан бизнес, улс төрийн хүрээний хүмүүсийн хүүхдүүдийг таны охин таньдаг байсан уу?

-Мэдэхгүй юм даа.

-Нэг сургуульд суралцдаг юм уу?

-Ерөнхийдөө охин маань олон найз нөхөдтэй, ангийн найзууд гээд байна л даа. Орчлон, Сант сургуульд гээд сурч байсан найзууд байдаг.

-Гадаадад сурч байсан уу?

-Америкт “Нью-Йорк таймс”-ын 21 хоногийн курст шалгалт өгч тэнцээд явж байсан. Өнгөрсөн зун явчихаад ирсэн.

-Энэ хугацаанд болсон явдлыг дотроо хадгалаад л яваад байсан хэрэг үү?

-Бидэнд хэлээгүй болохоос ангийн хүүхдүүд, зарим найз нь мэдэж байсан юм байна.

-Охины тань яриа нийтэд цацагдсанаас хойш, бичлэгт нэр дурдагдсан хүмүүсийн хүүхдүүд болон ар гэр, эцэг эх нь холбогдсон уу?

-Янз янзын утас их орж ирж байгаа. Тэр болгоныг авахгүй байгаа. Таньдаг найз нөхдийнхөө дугаарыг хараад л авч байна. Тусалъя гэсэн хүмүүс бас их ярьж байна. Найз нөхөд маань санаа тавиад ярьж байна.

-Таны хувьд дараагийн алхам юу байх вэ?

-Би бол үнэн мөнийг нь тогтоотол эцсээ хүртэл явна. Үүгээр энэ нийгэмд болж байгаа олон хохирсон хүүхдийн асуудал ч сөхөгдөх байх. Аав ээж бид нар чинь хүүхдээ хичээлдээ сайн суралцаж, гэртээ харагдаж байвал цаана нь юу болж байгааг мэддэггүй юм байна шүү дээ. Миний охинд тохиолдсон зүйл нийгэмд болон олон хүнд цочрол өгч зарим хүнд өөрсдийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө, охин үрийнхээ төлөө анхаарч, бас ийм гэмт хэргийн золиос болсон бол тэмцэхэд нь тус болоосой гэж бодож байна. Сайхан аав ээжийн буянд би Японд сурсан л даа. Тэнд хүний эрхийн асуудал өсвөр насны хүүхдийн эрхийн асуудал чухалд тавигддаг. Манай төр засаг ч хүчирхийллийн асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Өнгөрсөн парламентад эмэгтэй гишүүд Хүчирхийлэлтэй тэмцэх хууль энэ тэр оруулж ирэхэд би их дэмжиж байсан. Зовлон хүнийг ялгах биш дээ. Өөрт ирсэн зовлонг үүрээд л гарна. Гэхдээ бусад айлын охидод ч энэ болсон явдал сургамж болооосой гэж бодох юм. Бусад айлын охидод ийм юм бүү тохиолдоосой гэж бодож байна. Цаашдаа би хүний эрхийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Миний охин сэтгэлдээ хар толботой болсон. Хоёр жил үүнийгээ сэтгэлдээ тээж зовж явж. Ийм юм бүү давтагдаасай гэж дахин, дахин хэлмээр байна.

-Танай охины нүүр номондоо оруулсан постыг өчигдөр нийтийн сүлжээнд тавьсан байна лээ. “Аав минь намайг зодож, цагдаад хандахад цагдаа аавын талд орж намайг буруутгасан, гэсэн утгатай. Ийм юм болсон юм уу?

-Энэ явдал охин минь бичлэг хийхээс өмнө болсон юм. Нэг удаа оройтоод ороод ирэхээр нь өөрийнх нь ноосон өмдөөр ороолгоод авсан. “Чи аав, ээжийгээ зовоогоод байж болохгүй. Дараа ингэвэл өмдний тэлээгээр ороолгоно шүү” гэж хэлсэн.

-Тэгэхээр тэр постыг танай охин өөрөө бичсэн байх нь ээ?

-Өөрөө л тэр тухай бичиж дээ гэж би ойлгосон. Орчин үеийн хүүхдүүд чинь загнаж зэмлэхээр эсэргүүцэж цагдаа дуудчихаж байна. Цагдаа ирээд “Оройтсон нь чиний буруу” гэж хэлээд явчихсан. Ийм л юм болсон. Тэгсэн чинь охин өглөө уцаарлаад л байсан.

-Танай охин тэр бичлэгтээ сурдаг сургуулиа хэд хэдэн янзаар хэлсэн байх юм. Энэ ямар учиртай юм бэ?

-СЭЗДС-д шалгалт өгөөд тэнцээд орсон. Нэгдүгээр курсын оюутан л даа. “Google-ын Япон дахь салбарт тест өгөөд цалинтай ажиллах хариу ирсэн” гээд надад үзүүлж л байсан.

-Англид сурч байсан юм уу?

-Зуны амралтаар Англид хэлийг нь сайжруулах гэж явуулж байсан.

-Танай намын найз нөхөд, олны танил хүмүүсийн хүүхдийн нэрс ч охины тань бичлэгт байсан. Тэд танд болон охинд чинь өргөдөл гомдлоо татаж аваач, нам, найз нөхдөө бодооч гээд ярих вий дээ…

-Хэрэг үйлдсэн хүмүүс өөрийгөө буруутай гэж хэлэх нь ховор юм шиг байна шүү дээ. Хэрэгт холбогдсон хүмүүс миний охины үеийн л хүүхдүүд байна лээ. Гэвч хэний ч хүүхэд бай ийм хэрэг хийлээ гээд өрөвдөж өөгшүүлж болохгүй. Би үнэн мөнийг нь олно л гэж хэлнэ. Хүчирхийллийн хэрэг. Тодорхой баримтууд байгаа. Тэднийг би уучлалт гуйгаасай гэж хүсч байна.

-Гэмт хэрэг үйлдсэн хүмүүс тэр бүр буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Уучлалт гуйлаа гээд та уучлахгүй биз дээ.

-Хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой.

-Өмнө нь устгачихсан бичлэг дахин цацагдсаныг хүмүүс Хурцыг томилох асуудлыг Их хурлаар хэлэлцэж байгааг шуугиулахгүй, анхаарлыг өөр тийш хандуулсан оролдлого гэж хардаад байсан…

-Тэрийг бол мэдэхгүй. Нэг талд нь томилохоор хэлэлцээд ч байх шиг, нөгөө талд нь сонсгол болоод ч байх шиг. Ямар ч байсан тэр үеэр охины минь асуудал зэрэгцээ явчихлаа. Цаг хугацаа тэгж таарсан болов уу даа,

-Охины тань уух юманд мансуурах төрлийн бодис хийсэн гээд байсан…

-Тэрийг нь сайн мэдэхгүй байна. Анх энийг сонсоод үнэхээр шоконд орсон. Сая охины бие тааруу сэтгэл нь их хямарсан учраас охиндоо л их анхаарал хандууллаа.

-Бичлэг нэлээд олон сайтаар явж байснаа устчихсан. Та нар хандаад устгуулчихав уу, эсвэл хэрэгт холбогдсон хүүхдүүдийн эцэг эх устгуулчихав уу?

-Бидний зүгээс бичлэгийг устгуулахаар хэнд ч хандаагүй. Гэхдээ тэрийг хараад байх нь сэтгэлд зүйд үнэхээр хэцүү байна.

-“Манай гэр бүл энэ асуудалд ул суурьтай хандаж байгаа. Иймд та бүхнийг хүлээцтэй хандаасай гэж хүсч байна” гэж та жиргэсэн.

-Тэсэхэээ байгаад ямар нэг үг хэлье гээд л жиргэсэн. Охин минь, манай гэр бүл сүүлийн үед асар хүнд өдрүүдийг өнгөрүүлж байна даа. Их хэцүү байна. Гэхдээ тэсч гарна даа.

-Үйл явдал хоёр жилийн өмнө болсон болохоор хэргийг илрүүлэхэд хүндрэлтэй байх болов уу. Хэрэг хийсэн хүмүүс гэмгүй өнгөрөх боломж болчих вий….

-Баримт, гэрч байгаа. Үнэн мөнийг тогтоохын төлөө би эцсээ хүртэл явна. Олон хүнд ийм юм бүү тохиолдоосой. Ийм байдалд орсон хүмүүс байгаа бол сэрэмжлүүлэг болоосой. Охид, эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүүхдийн хүчирхийллийн асуудал, хүний эрхийн асуудалд үлдсэн насаа зориулна гэж би бодож байна.

-Архи дарс уухыг та бүхэн зөвшөөрсөн юм уу. Таны охин тэгж ярьсан байна лээ?

-Юу гэж тийм юм байхав. Алкоголгүй вино уухыг ээж нь зөвшөөрсөн гэсэн.

-Танд өөр хэлж ярих зүйл байна уу?

-Миний охиныг, манай гэр бүлийг сэтгэл санаагаар дэмжиж, уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиалд дэмжин хамгаалж байгаа шударга ёсны төлөө тэмцэгч, сайхан сэтгэлт элэг нэгт монгол хүмүүс, олон сайхан найз нөхөд, байгууллага, хүний эрхийн чиглэлийн болон бусад ТББ-ууд, төрийн холбогдох хууль хяналтын байгууллагын ажилтнууд та бүхэнд талархаж байгаагаа илэрхийлэх байна.

Харин нэг зүйлд анхаарах хэрэгтэй байна.Тэр нь fa¬cebook энэ тэр дээр ямар ч хамааралгүй хүмүүсийн зургийг манай гэр бүлийн зурагтай хамт оруулж постлох явдал гарч байна. Үүнд ухаант хүмүүс минь анхаарч холбоогүй, хамааралгүй хүмүүсийг хохироохгүй байхыг олон түмэнд анхааруулах байна.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Манай Ерөнхийлөгч Өмнөд хөршдөө очиж Си даргын гарыг атгах болоогүй юу

Хойд Солонгос манай улс хоёр Си даргын нүүрсний хоригт орчихлоо. Хойд Солонгосын нүүрсний экспортод НҮБ хориг тавьж, тэдний гол худалдан авагч манай өмнөд хөршид шахалт үзүүлсэн. Энэ хориг нь Хойд Солонгос цөмийн пуужингийн туршилтаа зогсоохгүй байгаатай холбоотой. Хойд Солонгост тавьсан хориг нь Монголын нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ гэлцэж манайхан баахан шуугив. Харин байдал эсрэгээрээ болж, Си дарга Хойд Солонгостой хамт манайд бас хориг тавьчихлаа. Албан ёсоор хориг тавилаа гэж зарласан юм байхгүй. Гэвч Өмнөговь аймгийн Гашуун сухайтын хилийн боомт дээр зуу гаруй км урт үргэлжилсэн нүүрс ачсан машины цуваа юуг хэлж байна. Нэг машин арав хоног түгжирч явсаар хилд хүрч байна.

Өмнө нь өдөрт 1200 хүртэл машин дөрвөн хаалгаар гардаг байсан бол одоо хоёр хаалгаар таван зуу хүрэхгүй машин нүүрс л Хятадын хилээр гарч байна. Хойд Солонгосоос хориг хэрэгжих хугацаа хүртэл нүүрс аваад л байсан. Тэндээс усан тээврээр очдог учраас зардал ч бага. Бараг л үнэгүй шахуу авчихдаг байлаа. Манайхан нүүрсээ гаргах гэж тоос манаргатал машин тэргээр зөөж, нүүгэлтсэн юм болдог. Ганц зах зээлтэй, тэр нь цензурдээд эхлэхээр нүүрс гаргадаг компаниуд, зөөж аваачиж байгаа жолооч нарын дунд бөөн дажин болно. Өмнөд хөршийн хил гааль, орон нутгийн хурган дарга нь толгой мэдэн манайхаас хоёрхон хаалгаар нүүрс авахыг шийдчихнэ гэж юу байхав.

2015 онд өмнөд хөршийн дарга Си Жинпин манайд айлчлахдаа юу гэж хэлж байлаа даа. “Эдийн засгаар дэмжиж, хөгжлийн замаар хамтдаа урагшилъя. Харилцан ашигтай наймаа хийж, танай улсын дотоод хэрэгт оролцохгүй” гэж хичнээн сайхан үг хэлж байлаа. Манай Улсыг хичнээн сайхан болохыг яаж магтаж байлаа даа.

Гэтэл яагаад энэ мэт хориг тавиад байна. Манай сонгуулийн хийрхэл арай л хэтэрчихсэн юм болов уу даа. Энэ хийрхлээсээ гарч дэлхийд нэгт орох эдийн засагтай, хөгжлөөрөө тэргүүлж, улс орны төрийн тэргүүнүүдийг хошууруулж байгаа ийм том хөрш орныхоо ашиг тусыг хүртэж чадахгүй бол хойч үе биднийг зүхэх болно. Адлаж зүхээд бид хөршийнхөө хаяанаас нүүгээд явж чадахгүй. Мууллаа гээд хөрш маань муу болохгүй нь тодорхой гэдгийг бид ч харлаа, бусад улс орнууд ч харлаа.

Бид дотооддоо бөөн дажин. Ерөнхий сайд нь парламентын индэр дээрээс хулгайчаа худалчаа дуудаж, хэрүүл хийнэ, халагдсан сайд өөдөөс нь хуц ульдаа хүрнэ. Засаг унагасанд нэг нь хорсож, нөгөө нь тэрэнд нь эгдүүцэж өдий болтол зуусаар байгаагаа индэр, микрофон ашиглаж илэрхийлж буй нь тэр аж. Төрийн ордонд хүчингийн хэргийн талаар мэдээлэл хийж, томчууд нь нэгийгээ тагнаж, чагнаж, намууд нь хоорондоо хэрэлддэг байсан бол одоо нам дотроо хэрэлдээд салахаа байлаа. Гучин гэр бүлд хэн хэнийх багтах талаар хэдэн өдөр үргэлжилсэн маргаан дэгдэж, идэр насныхан нь сэлэм жад, салаавч, зодоон нүдээн, хүчирхийлэл хэрээс хэтэрч, хууль хүчний байгууллагынхан нь УИХ-ын гишүүдээ дарамталж, хөл толгой нь мэдэгдэхээ байв. Сүүлийн үед Монголын төрийн гол асуудал Хурц гэдэг хүн болов. “Ярьчих уу, за ярихаас…” гээд хурц асуулт Хурцад тавьсан гишүүнийг баахан баалав. Гээд хэрүүл үргэлжилсээр л. Тэр хүнийг Солонгост томилно, томилохгүй гэж бөөн хэрүүл мандав. Ёстой л орондоо орох завгүй олзолдон булаалдаж, хөнжилдөө орох завгүй хөнөөлдөн тэмцэлдэнэ гэгч болох юм. Бид ингэж дотоодын дажингаа дийлж чадахгүй, түүхээ ярьж бахдан, аль XIII зуунаа дурсан, цээжээ дэлдэн тэмцэлдэх зуур дэлхий яаж байна. Хойд хөршийн Путин Оросынхоо том одонг тэврээд Си дарга руу очиж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Си даргад зориулж зээ охиноороо мандарин хэлээр хятад дуу дуулууллаа. Өөрөө ирж гар барилаа. АНУ-ын залуу тэрбумтан, фэйсбүүкийг үндэслэгч Цукербег Хятадад очиж эх хэлээр нь ярьж байна. Хятадын тэрбумтан Жек Ма 13 цагт 14 тэрбум доллар олж шуугиуллаа. Энэ нь нэг цагт тэрбум доллар олж байна гэсэн үг. Буман баячуудынх нь нэг ийм байхад Хятадын эдийн засгийн үзүүлэлт ямар байгааг олон тайлбаргүй хэлээд өгч байна. Дэлхий тэр чигээрээ Си даргатай найрсан дохилцож, хүндэтгэн гараа атгалцаж байна. Ийм байхад манай Ерөнхийлөгч дотоодынхоо хэрүүлийг харж, зарим үед дэвэргээд эндээ суугаад байж болохгүй. Ерөнхийлөгчийн ажлаа хийе. Эв нэгдлийг хангая. Арилжаа наймаа хийж, гадагш харилцаагаа өргөтгөе. Ямар даг идээнд баригдсан гэрийн чавганц байгаа биш дээ. Дэлхийтэй харилцаж улсдаа хөрөнгө оруулалт авчирмаар байна. Тэгэж чадна гэж л ард түмний олонх таныг сонгосон шүү дээ.

Си даргатай очиж гар барих хэрэгтэй байна. Хамтдаа хөгжье гэж хэлснийг нь дахин сануулъя, бид бас хөгжих хэрэгтэй байна гэж уриалмаар байна. Өмнөд хөршдөө хүндэтгэл үзүүлье. Яаж ч нэрэлхээд дэлхийн номер нэг эдийн засгийг бид муулаад сууж байгаа нь мулгуу хэрэг. Хүндэтгэл хоёр талын ашиг дагуулна гэсэн Хятадын зүйр үг байдаг юм билээ. Бид энэ уулын мухарт хөмөрсөн тогоондоо сэлэм эргүүлж, салаавч гаргалцаж, хуц ульдаа хүрч, ална хядна гэж, арай дөнгүүрийгээ адлаж суух зуур цаад улс орнууд чинь том том төслүүд дээр хамтраад манайхыг дайрч гарвал ашигтай зам, төмөр замаа тойруулж тавиад байх боллоо.

Манай Ерөнхийлөгч саяхан Орост нүүрсний тээвэр яриад ирнэ лээ. Путинтэй жигтэйхэн найрсаг байсан даа. Одоо бусад улстай очоод гар бариад, улсдаа хэрэгтэй юм яриад, зулгаагаад ир. Солонгос, Хятад, Япон, Америктай учир зүйгээ олж улам сайн найзалмаар байна. Вьетнам зэрэг хуучин нөхөрсөг харьцаатай орнуудтайгаа харьцаагаа сэргээе. Ерөнхийлөгч минь гадаад яв, ууланд гарч малгайныхаа утааг сэргээх хэрэгтэй байна. Алийн болгон саарал байшингийнхаа буланд шигдэх вэ. Таныг ертөнцийн орнуудаар явж улсынхаа төлөө уулзаад ирэх мөнгө эрхбиш тусгаар улс байна даа, олдох байлгүй дээ.

Тэд улам дотносож нөхөрлөж байгааг бид өдөр бүр харж байгаа. Бид хаяанаасаа цааш алсыг харж, хатавчнаасаа хол гишгэхгүй бол болохоо байлаа. Гэрээсээ дэлхийтэй яаж харьцах билээ дээ. Гэрээс гардаггүй эрийг эм нь гэрээс гаргадаг болгодог нэгэн үлгэрийг сануулдаг ч юм билүү. Гэрээсээ гарч гэдэс алддаггүй нөхрөө эхнэр нь гаргах арга бодож олоод явах замд нь шар тос тавьж, өнөөхийг нь олсон нөхөр жигтэйхэн баярлаж “Ингээд яваад байвал олз олох нь гээд сүүлдээ олзонд амтшин гэртээ тогтохоо байсан юм гэдэг шүү. Та нэг яваад ир. Гар бариад хүндлээд, ойлголцоод ир. Явсан нохой яс зууна гэдэг дээ. Цаад улс орнуудаараа очиж, төрийн тэргүүнүүдтэй нь гар бариад ир дээ. Явсан Ерөнхийлөгч юмтай ирэхдээ л ирнэ. Дэлхий бүгдээрээ очоод найрсан хүндлээд байгаа Си даргын гарыг атгах өдөр ирнэ гэж харж л сууя.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Хүрэлсүхийг Таван толгой зэрэг том бүтээн байгуулалтаа хөдөлгө гэснээс жорлон тойрч жороол гэж томилоогүй

Ерөнхий сайд өчигдөр утааны голомттой дөрвөн газраар явж танилцлаа гэнэ. Угаас Улаанбаатар тэр чигтээ энэ дэлхийн утааны голомт болчихсон шүү дээ. Тэр дундаас хамгийн их утаатай газрыг нь очиж үзэж, яаж утаанаас ангижруулах вэ гэж шийдэл хайхаар очсон юм байх. Бүгд л ингэж очдог юм. Сүүлийн хорин жил манай удирдлагууд ингэж очиж үзээд дараа нь баахан шогширдог юм. Нэг ёсондоо утааны төлөө санаа зовж байгаа гэдгээ л харуулдаг байх. Тэрнээс биш гадаадын зочин аятай баахан шадар туслахаа дагуулж очих шаардлага байхгүй л дээ. Улаанбаатарыг утаатай гэж хараагүй, дүлий хүн ч мэднэ.

Нам дотроо дажин болж, өөрийн журмын нөхдийг улс орон авч явж чадахгүй байна гэж унагаж байгаад гарч ирсэн Ерөнхий сайд шүү дээ. Бидний горьдлого ямар тасрах биш дээ. Эрхбиш энэ урагшгүй байдлаас гаргах байгаа гэж хүлээсээр л харж сууна. Засгаа ч, эрх баригч намаа ч толгойлох болсон У.Хүрэлсүх харин Ерөнхий сайд болмогц хэт жижиг сажиг зүйлд санаа тавиад эхэллээ. Дөнгөж Ерөнхий сайдын албаа аваад л жорлон яриад эхэлсэн. Цэвэрлэх байгууламж руу хамгийн түрүүнд гүйж очсон. Дараа нь Мах импекс рүү явлаа. Адууны махны экспортыг нэмэгдүүл энээ тэрээ гээд баахан ярив. Харин өчигдөр утаатай танилцав. Хэнд ч хэрэггүй, цаг гарзадсан хэрэг. Очиж танилцаж, шогширдгоороо утаанаас салдаг бол салахаар л олон жил болсон.

Жил ирэх бүр утаа нь гамшиг болж, эмнэлгүүд нь уушгины өвчтэй хүмүүсээ эмчилж дийлэхээ байлаа. Хүйтний эхний өдрүүдэд л хамрын шуухинаа нь хүндрээд байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Хэнд ч ойлгомжтой хэрэг шүү дээ. Гэнэт ингэж санаа тавиад гэнэтийн осол болсон мэт гүйгээд байх хэрэг байхгүй. Таныг энэ зэргийн ажил хий гэж томилоогүй байх. Оюу толгой дайны ганц ч гэсэн том бүтээн байгуулалтын ажил хийхийг чинь л хүлээж байгаа. Таван толгой мэтийн том бүтээн байгуулалтдаа анхаарч, хөрөнгө оруулалт татмаар байна.Гадагшаа явж улсдаа хэрэгтэй гэрээ хийгээд ир.

Жорлон, утаа бол яалт ч үгүй манай хотын тулгамдсан асуудал мөн үү, мөн. Гэхдээ энэ нь хотын даргын хөөцөлдөх асуудал. Ерөнхий сайд хотын даргын ажлыг өмнүүр нь очиж хийгээд байх шаардлагагүй. Өдөр тутмын, хотын аж ахуйн асуудлыг хотын даргад үлдээ. Улс орны хэмжээний асуудлыг шийдэж, хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалт хийж, Монголыг хөгжүүлэх гарцыг хайх хэрэгтэй байгаа юм. Энэ бүхнийг хийж байж улс орны амьдрал дээшилнэ. Улс орноо өөд татаж байж ард түмний нуруу тэнийнэ. Эхлээд хөрөнгө оруулалт татаж байж тэр жорлонгийн асуудал чинь шийдэгдэнэ. Утаа ч мөн адил. Дэлхий дээр утаанаас болж асуудалд орж байсан олон орон бий. Тэд утаанаас ангижирч чадсан. Бид харин хорин жил утааны талаар танин мэдэхүй ярьсаар өдийг хүрлээ. Энэ утаа болоод бусдыг шийдэх мөнгийг л олоод ир.

Гадагшаа явж, ганзага дүүрэн ир. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нь сүүлийн үед хаяа хатавчнаасаа холдохоо байлаа. Дөрвөн уулнаасаа давж сэтгэж, гадаад улсуудын удирдлагуудтай уулзаж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа яриад ирээ. Тэд Монгол гэдэг улсыг тойроод уулзаад байх болж. Монголын улс төр Эрдэнэт, Таван толгой, тендер зэргийн төлөөх л Засгийн эрх барих тэмцэл гэдэг болчихоод байна. Үнэн хэрэгтээ энэ бол хувь хүний ашиг олох гэсэн тэмцэл л юм даа. Энэнээс болж улс төр нь дээрэм тонуул хулгай болоод хувирчихсан. Улсаа бодож байгаа хүн байна уу, ингэхэд.

Ерөнхий сайд бол айл гэрээр аав нь байдаг. Аав нь нэг хүүхдийнхээ оймсыг нөхөх гээд өдөржин тулганаасаа холдохгүй байвал хүүхдээ хүмүүжилтэй болгох, хоолтой байлгах, сургах боловсрох нөхцөлийг бүрдүүлэхэд хэдийд нь цаг гаргах юм бэ. Яг түүнтэй адил Ерөнхий сайд өөрөө хүрз бариад үзэж тараад гүйгээд байх биш ард түмэнд эдийн засгийн эрх чөлөөг олгохын тулд толгойгоо ажиллуулж, хөрөнгө оруулалт татаж чадвал тэр утаа, тэр цэвэрлэх байгууламжийг өөр хүмүүс хийчихнээ. Жорлон тойрч жороолоод улс орон өөдөлчихдөг юм биш. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа мөнгө болох том төслүүдээ ерөөсөө барьж аваагүй. Барьж авах боломжийг нь ч олгоогүй байх.

Өөрийнх нь намынхан өрөөлийн намтай нийлээд өдөр шөнөгүй улстөржүүлж нэг өдөр ч амар заяа үзүүлээгүй. Сайндаа ганц Портуна Батбаяраа явуулж Чингис бондыг босгосон. Цементний үйлдвэр, зам, ноос, гудамж төсөл гээд л аар шаархан юм руу давхиж ороод тараагаад дууссан. Өнөөх л хорин жил ярьсан утаа, хорин жил ярьсан цэвэрлэх байгууламж, өнөөх л махны экспортоо тэр үед ч ярьж л байсан. Нөгөө том төслөө бүр хаячихсан. Таны өмнөх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ч цэвэрлэх байгууламж, махны экспорт, утаа яриад л яваад байсан. Унасан. Ж.Эрдэнэбатын өмнө Ч.Сайханбилэг мөн л цэвэрлэх байгууламж, утаа, махны экспорт ярьсан. Нэг онцлог нь Дубайн гэрээ гэж арай өөр юм ярих гэж яваад тэрэндээ ороогдоод сүйд болсон.

Мэдээж сонгуулийн өмнө нууцаар хийсэн Эрдэнэтийн гэрээ нь намтай юутай хээтэй нь унагаад авсан даа. У.Хүрэлсүх сайд яг л тэдний замаар яваад байна. Залхтал яриад, жим гартал явсан замаар нь л яваад эхэллээ. Арай алсыг зорьсон, арай том харсан юм хийхгүй бол тэдний хувь заяа таныг тойрохгүй нь. Бидний хувь заяа улам бүрхэг болоод байна. Таныг сөрөг хүчин чинь биш, танай намын 32 гишүүн анаад л сууж байгаа. Сонсох нь ээ Засгийн газар эртээ цуглаж, хамгийн орой тардаг юм байна. Юу ярьж юу хийж суудаг улс юм.

Өнөөх Таван толгой, нефтийн үйлдвэр, гангийн үйлдвэр, төмөр зам, усан цахилгаан станцын талаар ганц алхам ч гэсэн хийдэг л байгаа даа. Ард түмэн чинь дэмий хоосон улс төржиж байна. Угтаа урд урдах ажлаа хийгээд явж байхад болох ч хүссэн хүсээгүй та бүхний буруу шийдвэр амьдралд нь нөлөөлөөд байхаар арга ч үгүй биз.

Саяхан Европын сэргээн босголт хөгжлийн банк, Дэлхийн банктай хийсэн нэгэн судалгааны дүн гарсан байна лээ. Тэр судалгааны дүнгээс харвал манай улс Зүүн Европ, Төв Азийн орнуудаас улстөрждөгөөрөө дээрээсээ хоёрт жагссан байна. Насанд хүрсэн хоёр сая орчим иргэний гуравны нэг нь намын гишүүнчлэлтэй юм байна. Манай улсын өмнө Албани улс улстөрждөгөөрөө тэргүүлж. Хуучин социалист орон. Сүүлийн жилийн түүхээс нь харвал манайхтай яг адил юм. Дээрх судалгааны эцсийн дүнд тухайн улс орон ядуу байх тусмаа иргэд нь их улстөрждөг гэж үзжээ. Амьдрал нь яалт ч үгүй улстөржихөөс өөр аргагүйд хүрдэг байна. Аргаа ядахаараа өнөөх улстөрчдөө шүүмжилж, ямар нэг юманд хүрнэ гэж үзвэл нам барааддаг аж. Нэг ёсондоо ядуу ард түмэн дуусашгүй горьдлого тээсээр буруу шийдвэр гаргадаг хэдэн улстөрчөө харааж зүхсээр суудаг аж. Одоо Ерөнхий сайд танаас юу хүсэх гээд байна гэхээр жорлонгоос арай ахиж хар, өнөөх том төслүүдээ бүгдийг биш байлаа гэхэд ганц нэгийг нь ч болов бариад ав. Тэрний төлөө дөрвөн уулнаасаа хол яваад үз. Сүр дуулиантай гарч ирсэн танаас арай өөр зүйл л хүлээж байгаа шүү.

Д.ХҮСЛЭН