Categories
гадаад их-уншсан мэдээ туслах-ангилал

Эрхүү мужид цэрэг татлагын комиссын даргыг буудсан хэрэг гарчээ DNN.mn

Оросын 57 настай иргэн нас барсан хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж  байна – updown.mn

Орон нутгийн цэрэг татлагын комиссын даргыг буудсан хэрэг өнөөдөр Эрхүү мужийн Усть-Илимск хотод гарчээ.

Зэвсэгт этгээд цэрэг татлагын байранд ажиллаж байсан офицерын толгойд тулгаж буудсаныхаа дараа баривчлагдсан байна.

Буудуулсан офицер Александр Елисеев эмнэлэгт хүргэгдэж, биеийн байдал нь хүнд байгааг Эрхүү мужийн захирагч Игорь Кобзев мэдээлжээ.

Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр зэвсэгт халдлага үйлдсэн этгээд нь 25 настай Руслан Зинин гэгч юм байна.

Эрх баригчид цэргийн бэлтгэл хүчийг дайчлахаа амласан ч цэргийн алба хааж байгаагүй Зининий сайн найзад зарлан дуудах хуудас ирүүлсэн нь ийм хэрэг гарахад хүргэсэн гэнэ.

Хэдийгээр өөрт нь зарлан дуудах хуудас ирээгүй ч найзыг нь дайчлах болсонд Зинин маш их бухимдаж байсныг түүний ээж Марина Зинина орон нутгийн хэвлэлд ярьжээ.

Мөрдөн байцаагчид Зининд хууль хүчний байгууллагын албан хаагчийн амь насанд халдсан, хууль бус зэвсэг эзэмшиж байсан зэрэг хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласан нь тус улсын нийгмийг цочроосон үйл явдал байв.

Дайчилгаанаас зугтсан иргэд гадаад руу дүрвэх, эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулах зэрэг элдэв арга сэдэж байна.

Путиний гэнэтийн мэдэгдлийн дараа Орос орон даяар хамгийн цөөндөө 20 цэрэг татлагын байрыг галдан шатаасан хэрэг гарсныг зарим хэвлэлүүд мэдээлжээ.

Эх сурвалж: The Moscow Times

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Гадаа гараад амаа… гэдэгсэн DNN.mn

Монголчууд цөс ихтэй, хэт хөөрөлтэй ард түмэн юм гэдгийг бид өдөр тутамдаа харж, мэдэрч байна. Хичнээн зуун машин ардаа түгжээд зам дээрээ гараад зодолдчих энүүхэнд. Жаахан л тэсээд өнгөрчих юман дээр бие биенээ дахиж харахын эцэсгүй болтол харааж хэрэлдэж байна. Монгол хүн жаахан л уурлавал хаа хамаагүй орчлонгийн хамаг муу муухай зүйлийг бодож олж, үнэн худал хамаагүй бие бие рүүгээ цацаж байна. Интернэт, гар утас, сошиал хэрэглээгээрээ Азидаа тэргүүлдэг болсон болохоор хоёр хүний хэрүүл хорин мянган хүнд хүрч, жалгын хэрүүл жаран мянган хүнийг стресстүүлж энэ хэрээрээ нийгмийн оюун санааг бохирдуулж гүйцлээ.

Бидний өвгөчүүд “Гэртээ байхдаа галаа, гадаа гарахдаа амаа… ” гэж захиж үлдээжээ. Гэрт гал байхад дулаан тайван тухтай байдаг. Олны дунд илүү дутуу хов жив ярьж, хэрүүл хийлгүй амаа хамхиж явахад өөрт төдийгүй өрөөлд тустай гэсэн санаа. Өвгөд өөрсдөө талдаа ингэж тайван амгалан амьдарч иржээ. Харин үр хойчис нь эргэх нүүргүй болтлоо нийгмээрээ хараал хэрүүлд умбаж байна. Одоо нийгэм даяараа өрнөж байгаа хэрүүлийг л хар даа. Санаанд орсноороо, аль муугаар нь бие биенээ булж байна. “Та нарын хүүхдүүд жонхуу иддэг”, “орос ах нартаа хэлж хариуцлага тооцуулна” гэх мэт. Хариуд нь үүнээс илүү доромжлол хөвөрч байгаа. Үгийн муу мартагддаггүй болохоор өргөс адил дотроос нь хатгаад суулгахгүй байгаа биз.

Энэ зөвхөн нэг үйл явдлын жишээ. Дараагийн үйл явдал өрнөхөд дахиад л ингээд талцаж аваад хөөс цахруулан хэрэлдээд эхэлнэ. Өмнө нь ч ийм байсан, одоо ч ийм байна, цаашид ч үргэлжлэх биз ээ. Хичнээн муудсан ч эвлэрэх орон зай үлдээж бай гэдэггүй билүү. Муу муухай үгээ тэвчээд , омог уураа бага ч атугай дарж, монголчууд хоорондоо эргэж уулзах нүүртэй байж болдоггүй хэрэг үү. Уур омгоо дарж яв гэж хуучин цагт хөгшчүүд сургаж хэлдэг байж. Одоо тэгж хэлж байгаа хүн алга аа. Хөгшин залуугүй хэрүүлийн тойрогт орж, цөс нь хөөрчихсөн давхиж явна. Уурын мунхагт автжээ, бүгдээрээ.

Хүн хэлэхээс нааш санадаггүй гэдэг. Өнөө цагт энэ нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн олны танил алдартнууд, нийгмийн зүтгэлтнүүд “монголчууд уурын мунхагаасаа салах цаг болсон” талаар байнга хэлж сануулж баймаар байна. Өөрсдийгөө инфлюсерүүд гэдэг хүмүүс ч сошиал орчинд хэрүүлийг дэвэргэж суухаар уурын мунхгийг дарж, сэрж сэхээрэх тухай бичиж байвал нийтэд тустайсан.

“Америкчууд тэнэг байх эрхтэй” гэж 2013 онд төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдэж байсан шиг монголчууд ч тэнэг байх эрхтэй. Эрх ашгаа хамгаалах ёстой. Энэ бол хувь хүний эрх. Харин өөрийнх нь эрх ашиг бусдын эрх ашгийг хөндөөд, нийтээр нь талцуулан хэрүүл үүсгэн, нийгмийг бохирдуулах хүртэл асуудлыг хөөргөж болохгүй. Чиний эрх чөлөө бусдын хамрын үзүүрээр хязгаарлагддаг гэдэг энэ. Монголчууд энэ хэм хэмжээг үл харгалзан өөрийн аминч, хэт хувиа хичээсэн үзлээсээ болж иймдээ тултал явжээ. Бусдад дараа болохгүй амьдрах тухай ойлголт бидэнд байдаггүй. Би л болж байвал гэсэн үзлээр бүхий л зүйлд ханддаг. “би, би би…миний эрх ашиг…” гээд л орилолдоод байдаг. Үүний цаана хувь хүний үнэт зүйл, нийгмийн эрх ашиг, нийтийн ёс зүй тэр чигтээ орхигдсон байдаг.

Эцсийн эцэст энэ их уур омог, хэрүүл тэмцэл монголчуудыг хүчгүй, сул дорой харагдуулж байна. Хүчгүй сул доройчууд хамгийн хямд, хамгийн амархнаар нь хэл амаараа л хэрүүл хийхээс хэтэрдэггүй. Нэг их шалихгүй хэрнээ тасралтгүй ийм ялих шалихгүй явган хэрүүлийн үр дагаварт хувь хүн өөрөө төдийгүй бусдыгаа ихээр бухимдуулдаг. Хүмүүс бухимдаад уур уцаартай болоод ирэхээр нийгэм бас бухимдсан хүмүүсийн уур амьсгалаар бохирлогдож байдаг.

Дүрсхийсэн уур омгийг дарах аргууд байдаг. Урт амьсгаа авах, арван секунд тоолох зэрэг ухамсартайгаар уураа дарж болно. Бүр хэрэлдмээр, хов хүргэмээр санагдаад байвал өнөөдөр биш маргааш болъё гэж хойшлуул. Маргааш энэ бүхэн танд нэг их ач холбогдолгүй санагдах болно. Энэ мэтээр ухаант хүн та уураа дарж, хэрүүлээ хойш нь тавих бүрэн чадвартай билээ. Үүнийг байнга сануулж байхгүй бол ууртай хүмүүсээр улс орон маань дүүрч, хэрүүлийн амьсгалд нийгмийн оюун санаа бүүдийж байна.

Өчигдрийн “Өдрийн сонин”-д төрийн шагналт Б.Цэнддоо бичсэн нийтлэлдээ “Сэхээтнүүд бол нийгмийн оюун санаа, ой санамж. Ард түмэн юмыг мартдаг бол сэхээтнүүд үгүй” гэсэн байна лээ. Нийгмийг сануулж сэрээж байдаг энэ үеийн сэхээтнүүд маань ч монголчуудыг дүрэлзсэн уур хилэнгээ дарж, хэрүүл биш ажлаа хийхийг сануулж байгууштай. (Уг нь дүрэлзсэн гэдэг үг уур уцаар дээр биш бадарч байгаа гал, мандаж байгаа нар, ажил хэрэг нь бүтэмжтэй байгаа хүн дээр яригдаж байвал илүү гоё) Соёлын яам ч гэсэн намын сурталчилгаа хийж байхаар нийгмээ гэгээрүүлэх, нийгмийн оюун санааг цэвэршүүлэх ажлуудыг тасралтгүй хийж баймаар байна. Тийм үүрэгтэй нэгж, бүтэц гаргаад ажлаа эхлэхэд оройтохгүй.

Categories
гадаад их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Хатан хаан Элизабетыг энэ сарын 19-нд оршуулахаар товложээ DNN.mn

Их Британийн талийгаач хатан хааныг оршуулах төрийн ёслол есдүгээр сарын 19-ний өдөр Лондон хотын Уэстминстер Аббэйд болох тов гарсныг Букингэмийн ордноос өчигдөр мэдээлжээ.

Британийн түүхэнд хамгийн удаан төр барьсан хаан болох Элизабет өнгөрсөн Пүрэв гарагт Шотландын Балморал шилтгээнд 96 насандаа таалал төгссөн юм.

Хатан хааны оршуулга нь сүүлийн 60 орчим жилд Британид болоогүй төрийн оршуулга болох юм байна. Мөн энэхүү үйл явдлын хамгаалалт нь Их Британийн түүхэнд хамгийн том аюулаас хамгаалах арга хэмжээ болохоор байгааг албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Хатан хааны оршуулгын ёслолд сая сая Британичуудаас гадна дэлхийн олон орны хүндтэй зочид оролцох юм. Тус улс хамгийн сүүлд 1965 онд ерөнхий сайд Уинстон Черчиллд зориулан төрийн оршуулга зохион байгуулж байжээ.

Оршуулгын ёслолд оролцох гадаадын хүндтэй зочдын дотор АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Европын Холбооны гүйцэтгэх засаглалын тэргүүн Урсула фон дер Ляйен зэрэг хүмүүс байна.

Мөн Японы эзэн хаан Нарухито зэрэг газар газрын ихэс дээдэс оршуулгын ёслолд оролцох төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Categories
их-уншсан мэдээ спорт туслах-ангилал цаг-үе

М.Уранцэцэг анхны тулаанаа хийж, яллаа DNN.mn

Жүдо бөхийн олимп, дэлхийн медальтан, гавьяат тамирчин М.Уранцэцэг анхны тулаанаа өнөөдөр /2022.09.11/ хийж, хоёрдугаар үе дээр тулааныг дуусгалаа. Түүний холимог тулааны замналын эхний өрсөлдөгч нь 25 настай Амбер Террель гэх америк бүсгүй байв.

Техас мужаас гаралтай Амбер Террельгийн хувьд нийт долоон тулаан хийснээс дөрвөн ялж, гурав ялагджээ. Тэрбээр хамгийн сүүлд өнгөрсөн 2022 оны долдугаар сарын 17-ны өдөр Хоп Холместэй тулалдаж, ялж байжээ.

“PFC 23” өдөрлөгийн хүрээнд нийт есөн тулаан болох бөгөөд М.Уранцэцэг үндсэн хөтөлбөрт багтсан. Энэ тулаан нь сонирхогчийн түвшнийх учир М.Уранцэцэг ялснаар мэргэжлийн тулаан хийх эрхтэй болох аж.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Сугар: Цаашид оношилгоонд ордоггүй, торгуулиа хугацаанд нь төлдөггүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавина DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугартай ярилцлаа.


-ЭНЭ ОНД ШИНЭЭР ХОЁР ЗАМ АШИГЛАЛТАД ОРНО-


-Хот тэг зогсоход ганцхан алхам дутуу байна. Уг нь энэ онд түгжрэл бууруулах 420 тэрбум төгрөгийн төсөв суулгасан. Дугаарын хязгаарлалтаас өөр түгжрэл бууруулах ямар ажил явж байна вэ?

-Түгжрэл бол өнгөрсөн 30 жилийн хугацаанд үүссэн асуудал. Эрүүл мэнд, боловсрол, авто зам гээд бүх салбаруудад асуудал бий. Нэг жилийн хугацаанд 420 тэрбум төгрөг төлөвлөөд өргөс авсан юм шиг шийдэх асуудал биш. Судалгаа хийхэд 9.7 их наяд төгрөг шаардлагатай гэх тооцоо гаргасан. Энэ жилийн 420 тэрбум төгрөгийг бүхий л бололцоотой арга хэмжээ рүү төсөвлөж ажиллаж байна.

Энэ жилийн тухайд боловсролын салбарт хамгийн өндөр зардал гарч байгаа. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажилд нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөг төсөвлөсөн. Засгийн газраас мөн 100 тэрбум төгрөг энэ ажилд төлөвлөсөн. Нийт 200 тэрбум төгрөгийн төсвийг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажилд зарцуулсан. Энд хамгийн гол нь хамран сургах тойргийн хүртээмж чадамжийг нэмэгдүүлэх ажлыг хийсэн. Ингэснээр боловсролын салбараас шалтгаалж байгаа замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад зориулагдсан гэж ойлгож болно. Хэрэв хүүхэд нь 500 метрийн радиуст сургууль, цэцэрлэгт хамрагдах юм бол тээврийн хэрэгслээр хүүхдээ зөөх шаардлагагүй болж байгаа юм. Өмнө нь ажилдаа явахдаа хүүхдийнхээ сургууль юм уу, цэцэрлэгийн аль нэгээр нь дайраад ажил руугаа явна. А,Б,В цэгээр дайрч байгаа биз. Гэрийнх нь ойр сургуультай бол хөтлөөд л оруулчихна. Ингэснээр замын ачаалал тодорхой хэмжээгээр багасна гэж тооцоолсон.

-Нийтийн тээвэр хөгжүүлэх ажил ямар шатандаа явна вэ. 600 гаруй автобус оруулж ирэх тухай мэдээлэл байсан. Иргэдийн зүгээс нийтийн тээврийн үйлчилгээ тааруу байгаатай холбоотойгоор тэр бүр сонгож үйлчлүүлэхгүй байна.

-Парк шинэчлэлтийн ажил явж байгаа. Нийт 600 гаруй автобус орж ирэх юм. Эхний ээлжийн 75 автобус орж ирсэн. Цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засаг хямарсан, үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулалт тал дээр хугацаа алдсан асуудал бий. Хугацаа алдсан ч он гарахаас өмнө арваннэгдүгээр сард 200 орчим автобус оруулж ирэхээр төлөвлөөд ажиллаж байна. Түгжрэлийн асуудалд хэрэгжиж байгаа том бодлого нь иргэдийг хувийн тээврийн хэрэгслээс татгалзуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ нь тэгш, сондгойгоор хязгаарлаж захиргаадалтын арга хэмжээ авахаас илүү зөөлөн бодлогоор тээврийн хэрэгслээс татгалзуулах нь зөв гэх байр суурьтай байгаа.

Үүнд хөтлөхөд хамгийн чухал нь нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажил. Хоёрдугаарт, машин унахаас илүү явган алхах нь тухтай байх орчин нөхцөлийг бүрдүүлж байгаа. Энэ зуны тухайд 13 байршилд явган зам засварын шинэчлэлийн ажил хийгдсэн. Энэ замуудад тэргэнцэртэй иргэн хэн нэгний тусламжгүйгээр явах стандартыг бүрдүүлсэн. Хоёр км газар түгжирч явах уу, тухтай замаар алхаад явах уу гэдэг иргэний шийдвэр. Өмнө нь бол явган хүний зам эвдрэлтэй, амар биш байлаа. Энэ нь машин унах сонголт руу түлхдэг байсан. Одоо бол өөр.

-Оношлогоонд орж татвараа төлдөггүй, хөгшин онтой тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөний ачаалалд нэрмээс болж байна. Мөн торгуулиа төлдөггүй тээврийн хэрэгсэл түгээмэл байх юм. Үүнд хяналт тавих ямар гарц гаргалгаа байна вэ?

-Технологийн шинэчлэлд 19 төсөл ажил эхэлсэн. Энэ 19 төслөөс 11 нь энэ онд дуусна. Үүнээс замын түгжрэлд нөлөөлөх нь гэрлэн дохио замын ачааллаа мэдрээд удирдаад явна. Хоёрдугаарт, автомашинуудаа бүртгэлжүүлнэ. RFID технологи суурилуулна. Тээврийн хэрэгсэл бүр мэдрэгчтэй болно. 40 гаруй байршилд үүнийг мэдрэх камерыг суурилуулж байна. Ингэхлээр хэдэн тээврийн хэрэгсэл яаж оролцож байгааг нарийн тооцоолж гаргаж ирнэ. RFID төхөөрөмжийн тусламжтайгаар торгуулиа төлдөггүй, оношилгоонд ордоггүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх нөхцөл бүрдэнэ. Одоо бол журам гаргаж болох ч хэрэгжилтийг хянах субьект байхгүй байна л даа. Замын цагдаа нар бүх тээврийн хэрэгслийг зогсоож шалгах боломжгүй. Энэ технологийг нэвтрүүлснээр торгуультай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоход шууд мэдэрнэ. Энэ нь цогцоороо оношилгоонд ордоггүй, торгуулиа төлдөггүй тээврийн хэрэгсэлтэй тэмцэх байдал юм.

-Яармаг, Нисэхийн замын ачаалал өнгөрсөн жилийнхтэй яг ижил хэвээрээ байна. Гүүр тавихад хангалттай хөрөнгө төсөвт суусан шүү дээ.

-13 байршилд шинээр авто зам тавих, орц, гарц хийх ажлууд явагдаж байна. Үүний хоёр нь энэ онд ашиглалтад орно. Зарим нь том бүтээн байгуулалт учраас он дамжиж хийгдэнэ. Энэ онд ашиглалтад орох нь ХУД-ийн 19 дүгээр хорооллын Номин хайпермаркет”-ийн урдуур эргээд Гутлын үйлдвэрийн Цагаан хаалганы хажуугаар гарч ирэх зам ашиглалтад орно. Энэ замын ач холбогдол нь Яармагаас ирэх урсгалын ачааллыг хуваана. 19 дүгээр хорооллын Оргил, Зайсан чиглэл рүү явах тээврийн хэрэгслүүд энэ замаар явахад Таванбогд, Үйлдвэр комбинатын замын ачааллаас мөн хуваалцана.

Үүнээс гадна “ТЭЦ-4” буюу “Монос”-ын уулзвараас урагшаа Таван шарын фрейзер лүү холбогдох зам энэ онд ашиглалтад орно. Энэхүү зам Таван шар Сонсголонгийн замын ачааллаас хуваалцана.

Үүнээс гадна Яармагаас Хархорингийн зүүн талаар гарч ирэх авто замаар холбогдоно. Яармаг, Нисэх орчмын гарцыг дахин нэгээр нэмэгдүүлнэ гэсэн үг. Тэнд 720 метрийн урттай гүүр хийнэ. Энэ мэт ажлууд төлөвлөгдөөд явж байна. Энэ 13 замаас долоогийнх нь ажил эхэлсэн. Гурав нь гэрээ хэлцлийн хүрээнд, гурвынх нь тендер зарлагдсан.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

“Тамифлю” эмийн нэг жилийн нөөц хандивлав DNN.mn

Томуугийн улирлыг угтуулан бэлэн байдлыг хангаж вирусийн эсрэг “Тамифлю” эмийн нэг жилийн нөөцийг ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас ЭМЯ болон ХӨСҮТ-д хүлээлгэн өглөө. Томуу, Ковид-19 халдвар зэрэгцэн дэгдэлт үүсгэх, хүндрэл ихтэй явах магадлалтай байгаа тул бэлэн байдлыг ханган ажиллах шаардлагатай байгаа энэ үед эмийн нөөц бүрдүүлэхэд Япон улсын Засгийн газар болон Ази-Европын сан дээрх хандивыг илгээжээ.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Хоролдамба: Монголд улс төрийн хэлмэгдүүлэлт түүх болж улираагүй байгаа тул сонор сэрэмжээ алдаж болохгүй DNN.mn

Түүхч, доктор Д.Хоролдамбатай ярилцлаа.


-Есдүгээр сарын 10 “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”. Энэ бол монголчуудын хэзээ ч марташгүй гашуудлын өдөр. Тухайн үеийн гашуун түүхээс ярилцлагаа эхэлье?

-Монгол Улсад 1996 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ныг “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” хэмээн тэмдэглэх болсон юм. Энэ нь өнөө хүртэл тогтсон өдөр болоод байгааг юуны өмнө хэлье. 1937 оны есдүгээр сарын 10-ны бямба гаригийн шөнө нийтийг хоморголсон их баривчилгааг ДЯЯ-ны сайд, маршал Х.Чойбалсан эхлүүлжээ. Тэр оросуудын заавраар урьдчилан зохиосон “Заговор” (хуйвалдаан) хэмээх нэртэй хувьсгалын эсэргүү, Японы тагнуулын байгууллагын гишүүн гэх 115 хүний нэрсийн жагсаалтын дагуу цэргийн томоохон дарга нарыг цуглуулсан. Ингэхдээ “дүрэмт хувцас, одон медаль, буу сэлмээ зүүгээд ир!” гэсэн зар тараан ирүүлж байгаад баривчилсан байдаг. Ингэснээр өргөн хүрээтэй улс төрийн хядлага, их хэлмэгдүүлэлт, улаан түйрэн Сталины махны машин Монголд эрчээ авсан байна. Аравдугаар сарын 2-нд М.Ф.Фриновскийн заавраар Оросын тройка буюу “гурвал”-ын зарчмаар Х.Чойбалсан, Д.Лувсаншарав, Г.Цэрэндорж нарын бүрэлдэхүүнтэй Онцгой Бүрэн Эрхт Комисс гэгчийг шүүхээс гадуур, хууль бусаар бий болгож хүмүүсийг барьж хорих, шүүн шийтгэх онцгой эрх олгож, монгол түмнийг цусан далайд үйсэн түүхтэй.

-Тэрхүү улс төрийн их хэлмэгдүүлэлт яаж явагдсан бэ?

-1937 оны тэр шөнө баривчлагдсан эрчүүдээс 14 хүнийг сонгож урьдаас төлөвлөсөн шүүх хурал гэгчид оруулж хилсээр шийтгэжээ. Тиймээс “Анхны 14-ийн хэрэг” гэх ойлголт үүсчээ.

Ялын тогтоол гарсан даруй цаазлагдах ял заагдсан эрсийн гарыг ард нь хүлж, буутай цэргүүдээр харгалзуулан ачааны бүхээгтэй машинуудад ачиж аваад өмнө, хойно нь олон суудлын машин цуваа үүсгэн явсаар Сонгино хайрханы буруу харсан аманд тулж очин буулгаад нэг нэгээр нь буудаж эхэлжээ. Тэд “Би хэрэг хийгээгүй, хилс үхэж байна. Улаан яргачид ялаа эдэлж, үнэнийг хэлэх цаг ирнэ ээ”, “Үүнээс хойш ийм хилс хэрэг битгий хийгээрэй” гэж захиж хашгираад алтан амиа алджээ. Тэдгээрээс хамгийн ахмад нь тагнуул Ц.Өлзий 57 настай, залуу нь МАХЦ-ийн Хуягт бригадын дарга Д.Жамьянжав 32 настай, дундаж нас нь 37 байсан юм.

-Тухайн үеийн хамгийн сэтгэл өвтгөм зүйл юу байсан бэ?

-1920-иод оноос эхэлсэн улс төрийн хэлмэгдүүлэлт, баривчилгаа, аллага таллага, өнчрөл, гуйланчлалын хамгийн хэцүү хатуу үе нь 1937-1939 он шүү дээ. 1937 оны Монгол оронд явагдсан улс төрийн их хэлмэгдүүлэлт, төрийн террорын оргил үеийн шүүх хурлууд гэх үү дээ. 1937 оны Аравдугаар сарын 2-нд шүүхээс гадуур, гурван хүний бүрэлдэхүүнтэй “Онцгой Бүрэн эрхт комисс” гэгчийг бий болгож, хүмүүсийг барьж хорих, шүүн шийтгэх онцгой эрхийг олгосон явдал мөн. Ингэснээр Монгол Улсад өргөн хүрээтэй улс төрийн хядлага улам даамжирсан. Тус комисс нэг жил зургаан сарын хугацаанд буюу 1939 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл бүгд 51 удаа хуралдахдаа 25 мянган хүний хилс хэргийг “таслан” шийдвэрлэж ял оногдуулжээ. Эдгээрийн 17 мянга нь лам нар байсан. Түм гаруй тооны лам хувраг хүнийг буудан ална гэдэг чинь үнэхээр сэтгэл өвтгөм хэрэг биз дээ!

-Мэдээж, маш их хохирол учруулсан. Хамгийн том хор хохирол нь юу вэ?

-Монголчуудын амь нас, эрүүл мэндээрээ хохирч, шударга ёс, эрх чөлөө алдагдаж, үндэсний бахархал, үнэт зүйл, соёлын ололт сүйтгэгдсэн нь хамгийн харамсалтай. Цөөхөн монголоо улам цөөрүүлснээс Хэнтийн зарим сумд бараг эрэгтэй хүнгүй болсон гашуун түүхтэй. Монголын түүх, соёл, уран барилгын асар их ололт, хэдэн зууны турш бүтээн туурвисан соёлын их өв сүйрэлд автсан. Монголын нийгмийн оюун санааны амьдрал, шашин суртахуун, уламжлалт зан заншилд асар их гарз хохирол учирч, бараг 2000-аад сүм, хийд, хурал номын газар нураан сүйтгэгдэж, тэдгээрийн 5-6 мянган барилга, байшин, сүм дуган тонон дээрэмдэгдэж, асар их эрдэнэс, бурхад, соёлын их өв сүйрч, 1938 онд ердөө л 11-хэн сүм хийд хагас хугас үлджээ.

-Улс төрийн хэлмэгдүүлэлтээс хэрхэн сэргийлэх тухайд түүнийг судалдаг эрдэмтэн хүний хувьд бодлыг тань сонирхъё…

-Үнэхээр улс төрийн хэлмэгдүүлэлтээс сэргийлье гэвэл төр нь иргэнийхээ эрхийг хохироож биш хамгаалж ажиллах ёстой. Эрхт зүйт төр төлөвшлөө олж ядан, шударга ёс, шударга шүүхийн төлөө хүн бүр ярьж, үзэл бодлоо хуваалцаж буй өнөө цагт монголчууд өнгөрсөн замналаасаа байнга суралцаж, сургамжийг нь авч байх талаар төр, иргэд цаг үргэлжид хичээгүүштэй байна. Монголд улс төрийн хэлмэгдүүлэлт түүх болон улирч одоогүй байгаа тул сонор сэрэмжээ алдаж болохгүй. Хүний эрхийн баталгаа, ардчилал, шударга ёсыг дээдлэхгүйгээр хэлмэгдүүлэлтээс сэргийлэх аргагүй юм. Наанадаж 1930-80-аад оны хэлмэгдлийн технологийг Монголд дахин давтагдуулахгүйн тулд шүүх эрх мэдлийн шударга эсэхэд ямагт хяналт тавих, хяналтын механизмыг бий болгох нь зайлшгүй, үүнийг төр түмэн хойшлуулалгүй хийх шаардлага бодитой байсаар байна. Монголын нийгэмд хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгмийн төлөө, шударга ёс, гэгээрлийн төлөө энэ мэтээс эхлээд бага гэлтгүй ихийг хийх хэрэгтэй байна.

-Монголын улс төрийн хэлмэгдүүлэлт, цагаатгалыг судалдаг та бүхэнд ямар нэг саад бэрхшээл байдаг л биз, тухайлж хэлбэл юу байна вэ?

-Олон бэрхшээл бий. Хамгийн наад зах нь Тагнуулын ерөнхий газрын тусгай Архивт хадгалагдаж буй баримтуудыг олон нийтэд байтугай баримтын судалгаа хийдэг эрдэмтэн, судлаач бидэнд хаалттай байсаар байна. Миний бие гэхэд сүүлийн хоёр жил тус архивт орж судалгаа хийх хүсэлтээ хоёр удаа бичгээр гаргаж өгөөд байхад өнөө болтол шийдвэрлэж өгөхгүй байна. Үүнийг хэрхэн ойлгох вэ? Тагнуулын архив нь архив биш, агуулах болж хувираад байна гэж үзэж болох уу гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч байгаа юм. Нууцын хуулийн хугацаа нь аль хэдийнэ өнгөрчихөөд байхад нууц хэмээн улс төрийн хэлмэгдүүлэлттэй холбоотой архивын баримтаа хав дарсаар байгаа нь хэлмэгдэл, цагаатгалын ажлыг зохих ёсоор явуулахад саад, тотгор болж байна. Энэ чөдөр, тушааг тайлж, судлаач эрдэмтдээ жаахан ч гэсэн дэмжвэл судалгаа, шинжилгээний ажилд ахиц дэвшил гарах болов уу. Тийм учраас архивыг нэн даруй нээлттэй болгох шаардлагатай байна.

Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Ганбаатар: Ёс зүйн хувьд гишүүд өөрсдөдөө албан тушаал бий болгож хууль баталж болохгүй DNN.mn

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.


-Үндсэн хуулийн Цэцийн гаргасан шийдвэрийг та хэрхэн дүгнэж байна?

-Үндсэн хуулийн Цэц бол аймшигтай том алдаа хийсэн. Үндсэндээ бид Үндсэн хуулийн Цэцийн алдааг шүүж ярих ч эрхгүй хүмүүс шүү дээ. Гэтэл Үндсэн хуулийн Цэц нь өөрөө цагаан дээр хараар бичсэн хуулиа “гайхамшигтайгаар” зөрчлөө. Үндсэн хуулийн Цэц өнөөдөр улстөрчид, эрх баригчдын захиалгат байгууллага болчихлоо. Үндсэн хуулийн Цэцийн алдааны талаар яривал маш олон зүйл бий. Товчхондоо, Үндсэн хуулийн Цэц байж болохгүй том алдаа хийлээ. Үндсэн хууль дотор ГАГЦХҮҮ ард түмний эрх ашгийн төлөө ард түмэнд үйлчлэх ёстой гэсэн байгаа. Гэтэл тэд эрх баригчдад үйлчиллээ. Монголд Эрүүгийн, Иргэний, Захиргааны гээд 600 гаруй хууль, эрх зүйн баримт бичгүүд байдаг. Тэр олон хуулиуд яаж ард түмнийг хуульчлах тухай байгаа. Ард түмэн яаж эрх баригчдыг хуульчлах вэ гэдэг нь Үндсэн хууль. Өнөөдөр “эздийнх нь” эсрэг, “эздээс” нь зөвшөөрөл авахгүйгээр Үндсэн хуулийн Цэц том алдаа хийлээ. Улстөрчид шунахай байна. Улстөрчид сайд болохгүй бол өлсөж үхчих гээд байна. Турж үхлээ. Ийм тэнэг байдлаа одоо зогсоох хэрэгтэй.

Бидний 76 гишүүн сонгогдохдоо өнөөдрийн Үндсэн хуулийн түвшинд, эрх зүйн орчинд сонгогдсон. Бид сонгогдохдоо давхар дээлийг байхгүй болгоно гэж амласан. Би эрх баригчдын өмнөөс ичиж байна. Сайд болохын төлөө нүдээ ухахаас буцахгүй байна. Нэр хүнд, ёс зүй гээд бүхнийг уландаа гишгэж байгаад Цэцийн хэдэн тэнэгүүдийг ашиглаж хийж байгаа энэ явдал байж болохгүй зүйл.

Давхар дээл нь улс оронд хэрэгтэй байна гэдэг нь нотлогддог юм бол ядаж өөрсдөө биш, 2024 оноос хойших дараагийн парламент, түүний дараагийн парламентад зориулж өнөөдөр хууль баталж болно. Ёс зүйн хувьд гишүүд өөрөө өөртөө албан тушаал бий болгож хууль баталж болохгүй.

-Давхар дээлтэй болчихвол улс төрийн хувьд хүчтэй болж ажил урагштай байна гэж тайлбарлацгааж байна шүү дээ?

-Бид улс төрийн хувьд хүчтэй болох гэж сонгогдоогүй. Ард түмэнд үйлчлэх гэж сонгогдсон. Тэгэхдээ хулгай хийхгүй гэж сонгогдсон. Засаглалын гурван хэлбэр гэж онол бий. Тэр нь, шийдвэр гаргаж байгаа хүн ялангуяа мөнгөний тухай шийдвэр гаргаж байгаа хүн мөнгөө өөрөө зарцуулдаггүй. Мөнгөө зарцуулж байгаа хүн, мөнгөний тухай шийдвэр гаргаж байгаа хүн хоёроос тусдаа хүн энэ хоёр хавсайдаж байна уу үгүй юү гэдгийг шалгадаг. Үүнийг улс төрийн талаас яривал УИХ улсын төсвийн тухай шийдвэр гаргадаг. Төсвийг Засгийн газар, Ерөнхийлөгч биш УИХ-ын гишүүд баталдаг. Гишүүд батлахдаа сургууль уу, цэцэрлэг үү, зам уу, төмөр зам уу гэж баталдаг. Харин түүнийг нь хэрэгжүүлдэг захиран зарцуулдаг хүн нь Засгийн газар, сайд нар. Энэ хоёрыг хулгай хийж байна уу гэдгийг шалгадаг нь шүүх засаглал. Тиймээс энэ гурвыг тусдаа байх ёстой гэдэг. Жишээлж хэлбэл, төрийн өмчит компанийн захирал нь ерөнхий небо-гийнхоо ажлыг давхар гүйцэтгэж болдоггүй гэж хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өөрөө өөртөө төсөв баталдаггүй. Өөрөө өөртөө тайлан тавьдаггүй гэсэн санаа. Үнэхээр УИХ-ын гишүүн сайд байх ёстой юм бол өөрөө өөртөө шийдвэр битгий гаргаач, та нар ичих сэтгэлтэй байгаач гэж хэлээд байгаа юм. Онолын үүднээс яривал Англид Их хурлын гишүүд нь давхар дээлтэй байж болдог. Англи 600 гаруй парламентын гишүүнтэй. Түүний 20 сайд хийхэд цаана байгаа 580 гишүүн нь нөгөө сайдуудаа “А, Б”-гүй хянадаг. Манайд 76 гишүүнээс 20 орчим нь сайд болчихвол хяналт тавих боломжгүй болчих гээд байдаг. Энэ тогтолцооны асуудлыг ярих ёстой. Миний зарчим бол өөрөө өөртөө мөнгө зарцуулдаг эрхээ битгий өгөөч ээ. Ядаж ард түмнээсээ ичээч гэж байгаа юм.

-Тэгвэл гишүүдийнхээ тоог нэмж байж энэ тогтолцооны гажгаас гарна гэж ойлгож болох уу?

-Гишүүдийн тооны асуудлаар эрдэмтэн, судлаачдын дүгнэлт гаргах хэрэгтэй. Гишүүдийн тооны асуудлыг гишүүд өөрсдөө шийдэж болохгүй. Би гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж болохгүй, эсэргүүцэж болохгүй. Үүнийг ард түмэн шийднэ. Ард түмэн шийдэхэд хангалттай судалгаа тооцоолол, үндэслэлүүдийг гаргаж өгөх нь бидний ажил.

Үндсэн хууль ард түмний санал асуулгаар шийднэ. УИХ дийлэнх олонхоороо ЁСЧЛОН батална гэж үг бий. Ёсчлон гэдэг нь бичиг баримтын түвшинд баталгаажуулна гэсэн үг. УИХ Үндсэн хуулийг баталдаг бус, ёсчлон баталдаг. Харин ард түмэн түүнийг баталгаажуулж шийдвэр гаргадаг. Бусад бүх хуулийг УИХ баталдаг. Ард түмэн хэрэгжүүлдэг. Адуу хулгай хийсэн хүнийг яаж шийтгэх вэ гэдгийг УИХ-ын гишүүд баталдаг. Харин улсаа зарсан улстөрчдийг яаж шийтгэх вэ гэдгийг ард түмэн шийддэг. Үндсэн хуулиараа ард түмэн түүнийг шийдэх ёстой. Ялгаа нь энэ. Өнөөдөр өөрөө өөрсдөдөө зориулж Цэцээр захиалгаар шийдвэр гаргуулчихаад өөрсдөө баясаж Үндсэн хууль батлах гээд байгаа нь том жүжиг. Яах вэ, өнөөдөр эрх баригчид пропогандагаа хийгээд эхэлнэ. Ингэж ярьсан хүнийг яаж будаа болгох тал дээрээ тэд нар мэргэшчихсэн. Тэд бүхэл бүтэн сэтгүүлчдийн армитай. Телевизийн бүхэл бүтэн армитай. Би үнэнийг ярих ёстой.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Төмсний үнэ 26 хувиар буурч 1650 төгрөг болжээ DNN.mn

Эрт ургацын төмс худалдаанд гарч эхэллээ

Нийслэлийн статистикийн газраас энэ долоо хоногт өргөн хэрэглээний хүнсний барааны үнийн танилцуулгыг гаргажээ.

Махны дундаж үнэ:

Энэ сарын III долоо хоногт үхрийн цул мах нэг килограмм нь дунджаар 16431 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 14120 төгрөгийн үнэ ханштай байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад Үхрийн ястай махны үнэ 400 (2.8%) төгрөгөөр, үхрийн цул махны 154 (0.9%) төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах, “Хар хорин” зах хамгийн хямд буюу 11000 төгрөг, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 17800 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 474 (4.0%) төгрөгөөр, хонины цул махны үнэ 282 (2.3%) төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний зах, “Хар хорин” Худалдааны төвд хамгийн хямд буюу 9000 төгрөгөөр, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 15800 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ:

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1600-1900 төгрөг, 1-р зэргийнх 1320-1700 төгрөг, 2-р зэргийнх 970-1300 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1580-1800 төгрөг, 1-р зэргийн гурил 1400-1500 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1600-1800 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр” захад талхыг хамгийн хямд буюу 1600 төгрөгөөр, харин “Их наяд” худалдааны төв, “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнээр буюу 1800 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ:

Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 26.8 хувиар буурч 1650 төгрөгөөр, монгол лууван 13.1 хувиар буурч 3474 төгрөгөөр, байцаа 16.8 хувиар буурч 1844 төгрөгөөр, Хүрэн манжин 6.1 хувиар буурч 4199 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Японы 160 гаруй уран бүтээлч Төв талбайд болох бүжгийн наадамд оролцоно DNN.mn

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Cүүн зам” япон, монгол бүжгийн наадмыг наймдугаар сарын 22-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Япон Улсын Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул, соёлын элч Каваүчи Широ саны санаачилгаар Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй уг наадамд оролцохоор Япон Улсаас 160 гаруй уран бүтээлч, бусад хүндэт зочин хүрэлцэн ирэх аж.

Хоёр улсын соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ардын урлаг, өв соёлыг харилцан таниулж, сурталчлах зорилготой “Сүүн зам” бүжгийн наадмын хүрээнд Монголын үндэсний болон орчин үеийн бүжгийн наадам, тоглолтыг хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.

Мөн Япон орны ардын урлаг, өв соёлын нэг болох “Ава одори”, “Ёсакой” бүжгийн урлагаас танилцуулах юм. “Ава Одори” нь ава буюу далайн хөөс, одори буюу бүжиг гэсэн утгатай бөгөөд далайн давлагааны хөөсний хөдөлгөөнөөс санаа авсан, 750 жилийн түүхтэй бүжиг байдаг бол “Ёсакой” нь үндэсний хэв шинжийг чөлөөт хэв маягаар илэрхийлсэн бүжиг ажээ.

Иргэд, жуулчид та бүхэн тус өдөрлөгт өргөнөөр оролцож, монгол, япон үндэсний бүжиг, соёлтой танилцана уу.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар