Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Сошиалд таван мянгаас дээш дагагчтай бол хэвлэл мэдээллийн байгууллага гэж тооцох нь зөв

Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлөөс саяхан зохион байгуулсан “Сэтгүүл зүйн ёс зүйн форум”-ын үеэр УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал “Сошиалд таван мянгаас дээш найз, дагагчтай хүнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тооцох ёстой” гэж мэдэгдсэн. Энэ бол өнөөгийн Монголын нийгмийг айхавтар мэдэрсэн, дүн шинжилгээ хийсэн, цаашид ямар аюултай нөхцөл байдал үүсч, улс орны ирээдүйд, тусгаар тогтнолынх нь дархлаанд хэрхэн сөрөг нөлөө үзүүлж болохыг тооцсон улстөрчийн мэдэгдэл юм. Тэрбээр “Арван мянган дагагчтай хүн ямар ч цензургүйгээр сошиалд бичиж байна. Дахин дахин жиргээ их авч байна. Муухан сайтаас хүчтэй байна. Энэ нь хэн нэгнийг гүтгэж доромжилсон үед бүр асуудалтай болно. Тиймээс үүнийг хуулинд тусгах нь зүйтэй” гэж хэлсэн.

Н.Учрал гишүүний уг саналыг Монгол Улсын өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин” дэмжиж байна. Нийгмийн цахим сүлжээнд таван мянгаас дээш найзтай фэйсбүүк хэрэглэгч, таван мянгаас дээш дагагчтай твиттер хэрэглэгчийг хэвлэл мэдээллийн байгууллага гэж тооцох нь зөв. Мөн таван мянгаас дээш хандалттай пэйж хуудсууд орно.

Харилцаа холбооны зохицуулах газраас энэ бүгдийн бүртгэл судалгааг хийж нарийн тооцоог гаргах хэрэгтэй байна. Тухайлбал, таван мянгаас дээш найзтай хичнээн фэйсбүүк хэрэглэгч байна, мөн таван мянгаас дээш дагагчтай хичнээн твиттер хэрэглэгч байна гэдгийг нэртэй, устай хаяг шошготой нь бүртгэж, тэдгээрийг хэвлэл мэдээллийн байгууллага гэж үзэн татвар авдаг болох нь зөв. Дээр нь зах замбараагаа алдсан, олон мянган лайк-аараа уралдсан пэйж хуудсууд байна. Ер нь манай улс чинь интернэт хэрэглэгчийнхээ тоогоор Азидаа толгой цохиж байгаа. Дэлхий дахинд эхний аравт жагсаж байгаа. Гурван сая гурван зуу орчим мянган хүн амтай Монгол Улсын хоёр сая 900 мянга нь интернэт хэрэглэгч. Ингэж хөгшин залуугүй цахим сүлжээнд нэвтэрч, өнгөтэй өөдтэй бүхнээ зүхэж, улс орныг удирдаж байгаа дарга, сайд болгоныг толгой дараалан доромжилж, шавар шавхайтайгаа хутган гутаах болсон. Бурхнаа ч нулимах сэтгэцийн өвчинд нийгмээрээ нэрвэгдэж Монголд үнэ цэнэ, үнэт капитал гэдэг байхаа больжээ.

Ямар ч сайхан зүйлийг яаж ийж байгаад шүүмжлэн гутааж, ажил хийхээсээ илүүтэй цахимаар цэцэрхэж, бусдыг элдэв дээдээр хэлэн бах таваа хангаж, тухайн агшинд тодрох гэсэн тэнэглэл, гоё харагдаж лайк, ритвет авах гэсэн солиорол газар авсан нь харамсалтай. Нүүрээ нуусан хорсогчид Монголоор дүүрэн болжээ. Тэд дур дурынхаа хаягаас мэдээллээ цацаж байгаа. Таван халтар цаас халаасалж л байвал цахим сүлжээний нүүрээ нуусан нөхөд хэний ч нэр төрийг эрхэмлэнэ гэж үгүй. Аливаа албан байгууллага болоод хувь хүнийг юу ч гэж гүтгэн доромжилж, зохиомжилсон бичлэг хийж, дуу хоолойг нь ашиглана тэдний дурын асуудал. Муу муухайгаар олонд хүргэх зураг хөрөг, бичлэгээ технологийн өндөр түвшинд хийнэ. Нэгнээ гүтгэн доромжилж, нийгмийн шавар шавхай болгож, ёстой нэг хүн харахын эцэсгүй болгон амьдаар нь булшилж байж сайн сайхан амьдарна гэдэг философи манайд үйлчлэх болсон байна.

Цахим ертөнцийн золиос болсон хүмүүсийн жишээнүүдийг бид даанч сайн мэднэ дээ. Одоо ч тэдгээр хүмүүсийн тухай бодоход сэтгэл өвдөж байна. Төрийн алба хаших нь байтугай цаашид энэ улс оронд амьдрахын эцэсгүй, нийгмийн шаар болгож хаясан. Наад захын жишээ гэхэд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Стратеги, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Б.Насанбаяр байна. Энэ бүсгүйг мүүний гэх тодотголтой гаж урсгалын хамгийн том төлөөлөгч, хүүхэд багачууд ирээдүй хойчийнхны ном сурах бичигт мүүний нөлөөгөө оруулсан гэж цахим ертөнцөөр нэг нь зарлангуут нийгэм тэр чигээрээ шуугьчихсан. Гал, усны аюул барьж болдоггүй хамгийн хэцүүг бид мэднэ. Гэвч нийгмийн их давалгаа, дарга нарыг, мөнгөтэй хүнийг үзэж чадахаа байсан хорсогчдын давалгаа ямар аймшигтайг Насанбаяр гэж тэр эх хүнийг, залуухан бүсгүйг, хүний сайхан ханийг үзэхийн муухайгаар гутаан доромжлохыг бид харсан. “Миний амьдралд суусан энэ хар толбо насан туршид маань арилахгүй байх” гэж тэр уйлан хайлан хэлж байсан.

Монголчууд юм л болбол төр рүүгээ улангасан дайрдаг. Төрийн тэргүүн байсан, дэлхий дахинд Монгол Улсын нэрийн хуудас болж явсан, олон улсад монголоор хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээ ёстой нэг үзэхгүй дээ. “Буудаж алъя”, “Шууд устгая”, “Эх орондоо хайртай бүх монголчуудыг босохыг уриалъя” гээд л эхэлнэ. Өнгөрөгч зун төрт ёсны наадмаас илүүтэй Багабанди гэж хүнийг элдэв хоёроор хэлж шавар шавхай, нус цэрээ цацсан. Наадмын үеэр Багабанди гуайн алтан бүстэй зургийг нэг нь хаанаас ч юм олоод фэйсбүүк, твиттертээ оруулчихжээ. Хүн муулахын дон шүглэсэн, хорсол нь буцалж байгаа нийгэмд, цахим ертөнцийнхөнд энэ нь тун таатай өгөөш болж байгаа юм. Тэр зураг Багабанди гуайн Ерөнхийлөгч байх үеийн зураг. Гэтэл Оюу толгойгоос 40 мянган долларын цалин авдаг гэж ирээд л Монголын бүх баялгийг цөлмөөд дуусчихсан адгийн амьтан шиг л нийтээрээ дайрсан.

Монголын парламентыг удирдаж байсан, төрийн тэргүүнээр найман жил тасралтгүй ажилласан түүнийг цахим ертөнцийн цэцэрхэгчид хэн ч биш болгож, адгийн гуйлгачнаас дор хандсанд гутрал төрж байлаа. Энэ байдлаараа явбал улс орны үндэсний аюулгүй байдал алдагдаж, тусгаар тогтнолын дархлаа үгүй болно. Нийтээрээ төр засгаа үзэн ядсан, төрийн түшээдээ нохойноос дорд үзсэн нийгмийн энэ их хорсол занал нэг л өдөр задарч иргэний дайнд хүрэхийг ч үгүйсгэх аргагүй. Муу юм зөгнөж байгаа юм биш л дээ. Гэхдээ цуст мөргөлдөөн гарч төрийн эргэлт болохыг байг гэх газаргүй. Монголчуудыг монголчуудаар нь үзэн ядуулах, төр засгийг нь үнэгүйдүүлэх, төрөө удирдаж явсан эрхмүүдийг нь гутаан доромжлуулах санаархал гадныханд байж л байгаа. Тэгэхээр нүүрээ нуусан хорсогчид, бусдыгаа төр засаг руугаа дайрахыг уриалаад буй энэ байдал хамгийн аюултай. Нийгмийн энэ их шуугиан бужигнаан, нэгэн рүүгээ уулгалан дайрсан байдал эцэстээ Монгол төрийг ч хүчгүйдүүлэхэд хүргэнэ.

Хүссэн хүсээгүй хаос буюу мэдээллийн хоосон орон зай төр болоод иргэдийн хооронд үүсч, эцэс сүүлдээ иргэд нь төр засгаараа удирдуулах дургүй болох аюул нүүрлэнэ. Тиймийн учир сошиалд таван мянгаас дээш найзтай фэйсбүүк хэрэглэгч, таван мянгаас дээш дагагчтай твиттер хэрэглэгчийг хэвлэл мэдээллийн байгууллага гэж тооцон хууль гаргах нь зөв гэж үзэж байгаа юм. Дураараа авирладаг, хүссэнээ гутааж байдаг цахим ертөнцийг хариуцлагажуулах, тэдэнд хуулийн хүрээнд хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Бизнесийн байгууллагууд олон гишүүнтэй пэйж хуудсуудаар рекламаа явуулдаг гэдэг. Тэгвэл тэдгээр пэйж хуудсуудыг хэвлэл мэдлээллийн байгууллагатай адил зохих ёсны татвар тооцоог хуулийн хүрээнд авах нь чухал.

“Сошиал хэрэглэгчийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тооцох нь сошиал медиаг хэт дэвэргэсэн хэрэг болно” гэх санал зарим сэтгүүлчдээс гарч байна. Хувь хүний нэр төрөөс аваад улс орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлж мэдэх хор хөнөөлийн хажууд сэтгүүлчдийн дээрх болгоомжлол дэндүү өнгөц, өнөөдрөө харсан зүйл юм. Улс орноо сүйрүүлэхийг л хүсээгүй юм бол бид хууль гаргахыг дэмжих нь зөв.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Цагдаа алуулдаг байснаас алдаг байсан нь дээр

Монголчууд их эртнээс “Эрийн муу цагдаа” гэж ойр зуураа хэлж ярьсаар ирсэн. Энэ сэтгэлгээ Манжийн үеэс эхтэй байх гэж боддог юм. Гадны улсын хараан дор аж төрсөн он жилүүдэд цагдаа нар яах нь тодорхой. Харийн орны хуулийг дагаж мөрдүүлж явсан байж таарна. Ер нь ямар ч хүн хуульд захирагдах дургүй, эрх зоргоороо байхыг илүүд үздэг мөн чанартай. Ийм мөн чанартай, тэгээд дээр нь харь улсын хараан дор амьдарч, зохиож баталсан хуулийг нь мөрдөж дагана гэдэг хүсэхээр зүйл биш. Тэгээд л эрийн муу цагдаа гэсэн хандлага гаарсан хэрэг. Социализмын үед ч ялгаагүй. Цагдаа нарт хандах хандлага хөндий хүйтэндүү хэвээр үргэлжилсэн. Шууд нэг улсын хараа мэдэлд биш хэр нь ганц улсаас хамаатай амьдарч байсан учраас “Эрийн муу цагдаа” гэсэн эртнээс улбаатай хандлага төдийлөн эерээгүй. Цагдаагийн тухай энэ мэт сөрөг аяс сүүлийн жилүүдэд харин мартагдах зүг рүүгээ эргэсэн. Учир нь сүүлийн 28 жилийн турш монголчууд төрийн эрхээ өөрсдөө барьж буй. Ямар нэгэн улсын эрх, хүсэл, хараан дор аж төрөөгүй он жилүүдэд цагдаа нарын нэр хүнд өсч байгаа нь бодитой үнэн. Өөрсдөө дэг журмаа тогтоож, тогтоосон дэг журмынхаа дор амьдарч яваа учраас “Эрийн муу цагдаа” гэсэн үг элэрч баларч байна. Хүйтэн халуун ямар ч үед замын түгжрэлийг зохицуулж зогсдог, согтуу хөлчүү жолооч нарыг илрүүлж эрдэнэт хүний амь сүйдэхээс сэргийлж явдаг замын цагдаа нарын тухай эерэг сайхан түүх өчнөөн дуулддаг. Үхэл, аюултай нүүр тулдаг эрүүгийн цагдаагийнхны ажлын хүнд хүчрийг амьдралаараа, биеэрээ мэдэрсэн улс хэдэн мянгаараа бий. Цагдаа нарыг эерэгээр харж ойлгохоор жишээ барагдахгүй л дээ.

Аливаа зүйл хоёр талтай. Цагдаа нарыг муухай харагдуулдаг шалтгаан, мэдээ мэдээлэл ч цөөнгүй дуулддаг. Төр засгийн үлбэгэр сул байдал, ашиг хонжоогоо нийгмийн эрх ашгаас дээгүүрт тавьдаг бүлэглэлүүдийн зөрчил, тэр бүлэглэлүүдэд үйлчилж буй, үйлчлэхээс аргагүйд хүрдэг цагдаа хүчин, хөрөнгөжсөн хурандаа нар гэж ирээд яривал цагдаагийн нэрийг унагасан түмэн өнгө анзаарагддаг. Ийм шалтгаануудаар цагдаагийн нэр хүнд нийгэмд унаж байгаа нь мөн л үнэн.

Сүүлийн үед цагдаа амиа алдлаа гэсэн мэдээ давтамжтай дуулдах боллоо. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан амиа алдлаа. Тэрбээр энэ сарын 15-нд албан үүргээ гүйцтгэж явахдаа сэжигтэй машиныг зогсоож шалгахад машиныг жолоодож явсан залуус зугтахыг оролдсон, эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг алдахгүйн тулд машинаас нь зүүгдэж, цонхыг нь хагалах гэж оролдсон ч харамсалтайгаар осолдож амиа алдсан гэх мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд хөвөрсөн юм. Дөрвөн хүүхдийн аав, дөч гаруйхан настай цагдаа залуу өнөөдөр бидний дунд алга.

Одоогоос таван жилийн өмнө Ховд аймгийн Булган суманд хорьхон настай цагдаа залуу гэмтнүүдийн гарт амиа алдаж байв. Цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөрийг зэвсэглэсэн этгээдүүд буудаж хөнөөсөн юм. Тухайн үед цагдаагийн гурван албан хаагч Булган сумын Бүрэнхайрхан багт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа “Бүрэн” нэртэй дэлгүүрийн хаалганы цоож эвдэрснийг анзаарсан байдаг. Хулгай орсон байх гэж сэжиглэсэн цагдаа залуус өнөө дэлгүүрт яваад орж. Дэлгүүр тонож байсан буутай хүмүүс цагдаагийн аминд хүрсэн нь тухайн үед шуугиан болоод өнгөрч байв. Согтуу иргэнд арав гаруй удаа хутгалуулж амиа алдсан цагдаагийн түүх ч хуучраагүй, өнөө ч сэтгэл эмзэглүүлдэг.

Согтуу иргэний хүйтэн мэсэнд өртсөн, галаас хүн аварч яваад амиа алдсан, хэмжилт хийж яваад машинд дайруулж орчлонгооос буцсан гэх мэт ажил үүргээ гүйцэтгэж яваад нас барсан цагдаа нарын тоо 70 хүрсэн гэсэн статистик дуулдаж байна. Бүр тодруулж хэлбэл 1961 оноос хойш 18-35 насны 70 орчим албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан гэсэн тоог өнгөрсөн долдугаар сард цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм.

Энэ бүхнийг эргэж шүүгээд бодоход Монголын цагдаа гар нүцгэн учраас аюулын өөдөөс яаж ч чадахгүй амиа алдаж байна. Бусад улсын цагдаа нар шиг буутай явдаг байсан бол “Цагдаа амиа алдлаа” гэсэн гунигтай мэдээ байсхийгээд цацагдахгүй. Хуулийн дор амьдардаг нийгэм дэг журамтай, цэгцтэй, амьдрахад аятай тухтай, хөгжил нь дажгүй байдаг нь хүн төрөлхтний түүхийн жам. Хуулийг хэрэгжүүлж мөрдүүлдэг цагдаа нар нь хүчтэй, зэвсэгтэй байж жинхэнэ хууль сахиулагч шиг харагдаж үнэлэгдэнэ. Иргэд нь хуулиа тоохгүй, цагдаагаа үл хүндэтгэдэг улс орныг хүний нийгэм цогцлоосон гэхэд хэцүү. Тийм орчинд адгуусны нийгэм л бүрдэнэ. Тэгэхээр цагдаа нараа гэмтний өөдөөс зоригтойгоор сөрөөд орох чадалтай болгоё. Бүр тодруулж хэлбэл буутай болгоё.

Америкаас эхлээд дэг журмыг эрхэмлэсэн ямар ч улсад цагдаа нар нь буутай явдаг. Америкт хэн нэг цагдаа хүн буудаад хөнөөсөн тохиолдол сонсогдож л байдаг. Тэр тохиолдолд “Цагдаа эрхээ хэтрүүлээд хүний амь эрсэджээ” гэсэн мэдээлэл цацагддаг. Хэзээ ч цагдаа хүн буудсан нь буруу хэрэг боллоо гэсэн утгатай мэдээ цацагддаггүй. Цаад шалтгаан нь өөр учраас тэр л дээ. Гэмт хэргийг зогсоох гэж яваад хэн нэгнийг буудахаас аргагүй байдалд хүрсэн бол яах ч аргагүй гэдгийг соёлт хүн төрөлхтөн төдийгөөс өдий хүртэл хүлээн зөвшөөрсөөр ирсэн.

Гадаадын ямар ч улсад цагдаа нь буудах эрхтэй, гэмт оролдлогыг бүр боломгүй үед буугаар зохицуулах эрхтэй байхад Монголын цагдаа л гэмт этгээдүүдэд буудуулж, хутгалуулж, дайруулж амиа алдсаар байна. Ардчилсан нийгэмд цагдаа алуулж байснаас, цагдаад алуулж байсан нь илүү дээр шийдэл гэдэг юм билээ. Улс орнуудын түүхийг харах нь ээ амьдралд батлагдсан үнэн л дээ.

Ц.БИЛИГ

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Ярих нь шударга, хийх нь хударга болоод байна уу даа, Баттөмөр гишүүн ээ?

Дархан-Уул аймгийн 43 дугаар тойргоос Улсын их хуралд нэр дэвшиж сонгогдсон Б.Баттөмөр гишүүнийг шудар-га төрийн түшээ хэмээдэг. Тэрээр ямар ч үед ард түмний төлөө дуугарч, нийгмийн болж бүтэхгүй байгаа бүхнийг нууж хаалгүй ил цагаан шууд хэлж байгаа харагддаг. “Монголчууд бидний амьдрал ядуу байна. Үүнээс илүү ядуурна гэж байх ёсгүй. Ажлын байр алга, цалин тэтгэвэр хүрэлцэхгүй, нийгэмд шударга ёс тогтохгүй амьдрал хүнд байгаа нь үнэн биз дээ. Үүнийг өөрчлөх нь зөв биш гэж үү” хэмээн Монголын төрөөс ам асуугаад Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж байсан. Мөн эрх баригчдын тухай “Удирдагч ямар ч байж болно. Харин шийдвэр гаргахдаа Монгол Улс, Монголын ард түмний эрх ашгийг түрүүнд нь тавьж чаддаг байх хэрэгтэй. Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн 27 жилд дүр эсгэсэн ардчилал, тийм удирдагч нарын балгаар улс гэр сүйрч, ард иргэд ядуурлын туйлд орсон нь үнэн. Өнгөрсөн хугацааны бидний алдаа бол удирдагчдаа зөв сонгож ажиллуулж чадаагүйд л байгаа юм.Улсын эрх ашгийг түрүүнд нь, бүлэглэл хувийн эрх ашгийг дараа тавьж чадвал хөгжил дэвшил өөрөө хүрээд ирнэ. Хөгжил дэвшлийг өөр газраас хайгаад хэрэггүй” гэж нэгэнтээ хэлсэн нь аргагүй л зарчимч, шударга, тулхтай төрийн түшээгийн үг мөн дөө гэх итгэл хүн бүхэнд төрөх нь мэдээж.

Эдийн засгийн ухааны доктор, эдийн засгийг хөгжүүлэхэд хорь гаруй жилийнхээ амьдралыг зориулж арав гаруй ном бүтээл туурвисны хувьд Их хурлын чуулганы танхимаас эдийн засгийн чиглэлээр түлхүү ярьдаг. “Монголбанк бол ашгийн бус байгууллага. Тэгсэн мөртлөө гурван их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан байна” гээд л шүүмжилнэ. Банк нь гурван их наяд төгрөгийн алдагдалтай ажиллаж байхад ажилчдынхаа цалинг 25 хувиар нэмсэн нь ямар учиртай юм бэ гээд л төрийн индрээс хэлж байх жишээний. Ингэж аливаа асуудалд шударга ханддаг, үнэн зөвийг нь хэлдэг учир олон нийт Баттөмөр гишүүнд талархалтай ханддаг юм. Хэвлэл мэдээллийн бид ч “Баттөмөр гишүүн маань л ард түмний талд дуугарна даа. Үүсээд буй нөхцөл байдалд үнэн хариултыг тэр л өгнө” гэж итгэж олон ч ярилцлага авч сонин хэвлэлээр мандуулж ирсэн.

Тэгтэл ард иргэдийн энэ их итгэлийг Баттөмөр гишүүн хугалж орхисон нь харамсалтай. Учир нь хэдхэн хоногийн өмнө шатахууны үнэ нэмэгдэх сургаар хамгийн түрүүнд өнөө шударга гишүүний эзэмшлийн гэгддэг “Тэс петролиум” компани үнээ нэмдэг байгаа. Нэг литр нь 1820 байсан бензиний үнийг 1880-1890 болгож даруй 70 төгрөгөөр нэмж, бараг л хоёр мянга руу тулгаад орхичихлоо. Мэдээж бусад шатахуун түгээх газрууд “Тэс петролиум”-ыг дагаад үнээ нэмэлгүй хаачихав. Шатахууны үнэ гэдэг Монголын нийгмийн хамгийн эмзэг цэг. Шатахууны үнэ нэмэгдэх л юм бол дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ёс юм шиг нэмэгддэг. Такси унаа, автобусны үнэ нэмэгдэнэ. Ядарч туйлдсан, өнөөдрөө яая даа хэмээн цөхрөлөө барж байгаа иргэдэд дахиад л маш хүнд цохилт болдгийг эдийн засгийн доктор, эрхэм гишүүн та мэдэхийн дээдээр мэднэ.

Гэвч та хамгийн түрүүнд яарч сандран үнээ нэмж ард иргэдийн амьдралыг “элэгдэж” унагалаа. Бодоход бусад компаниуд үнээ нэмье гэж тохироод таныг түрүүлээд нэмчих гэж хэлсэн байх хэмээн бид таамаглаж байна. “Та гишүүн юм чинь хэл ам бага ирнэ. Дарамт шахалтанд өртөхгүй, бид бол хэцүү шүү дээ” гэж хэлээд шатахуун импортлогч компаниуд танаар хамгийн түрүүнд үнээ нэмүүлсэн байх. Эсвэл “Нэг өдөр, нэг цаг минутад үнээ нэгэн зэрэг нэмье” гэж үгсэн хуйвалдчихаад нөгөө нөхөд чинь таныг хүлээж байгаад хамгийн түрүүнд нэмүүлсэн ч байж болох юм. Тэгж галыг танд үүрүүлсэн ч байж болох талтай. Яадаг ч байсан нийгмийн ийм эмзэг, иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг энэ асуудал дээр Баттөмөр гишүүн та үнэхээр гоомой юм хийлээ. Таны энэ удаагийн үйлдэлд танд итгэж найдаж байсан ард түмний итгэл алдарлаа.

Нэр алдарт хүрэх амархан, харин түүнийг дааж, хамгаалж хадгалж, явах хэцүү гэдэг. Өөрт тань итгэсэн олон түмний энэ их итгэлийг ганцхан удаагийн гоомой үйлдлээрээ алдсан нь харамсалтай. Одоо та хичнээн шударга үнэнийг яриад нийгэм урьдынх шигээ талархан хүлээж авахгүй. “Ярьдаг шигээ шударга хүн биш байна лээ. Хийж байгаа үйлдэл нь хударга хүн байна лээ. Яагаав нөгөө бензиний үнэ…” гээд л ард түмэн огтоос итгэхээ болино. Энэ удаад та шүдээ зуугаад тэсээд байж байхгүй яав даа. Өөрийн хэлсэн ярьснаа санаад, өргөн олны итгэл сэтгэлийг бодоод, Монгол төрийн түшээ гэдгээ эрхэмлээд тэсээд өнгөрөхгүй яав даа. Ядарсан, тамираа барсан иргэдийнхээ халааснаас таван төгрөг илүү монжих, эс бөгөөс дутуу авлаа гээд та хотойх хүн биш сэн дээ, уул нь. Хэдэн жилийн өмнө Баттөмөр гишүүнийг Татварын ерөнхий газрын дарга байхад жилийн орлого нь бараг нэг тэрбум буюу 961 сая төгрөг, “Ойн бирж”, “Тэс петролиум” хэмээх хоёр компани нь “Монголын топ-150” аж ахуйн нэгжийн тоонд орлоо гээд яригддаг байсан. Мөн баттай үнэн эсэхийг мэдэхгүй ч дээрх хоёр компаниас гадна Баттөмөр гишүүн “Мондем” ХХК-ийн 80 хувь, “Жэй Эм Ойл” ба “Сэлэнгэ петрол” ХХК-ийн тус бүр 50 хувийг эзэмшдэг, дээрээс нь “Багануур”, “Монгол нэхмэл” зэрэг хэд хэдэн компаниас хувьцаа хүртдэг гээд л тухайн үед бичигддэг байсан.

Төрийн түшээгийн компани хамгийн түрүүнд үнээ нэмсэн байхад “Синчи Ойл” зэрэг шатахуун түгээх газрууд одоо ч үнээ нэмээгүй, хуучин үнээрээ байна. Яваандаа нэмэх байх л даа. Гэхдээ тэд үнээ нэмэлгүй болоод л байна. Хэрвээ Баттөмөр гишүүний эзэмшлийн гэх “Тэс петролиум” компани бензинийхээ үнийг нэмэлгүй “Синчи Ойл” зэрэгтэй ижил түвшинд байсан бол олон нийт танд дахиад л талархах байлаа. “Энэ 76-г бүгдээрээ зүхэх юм. Эдэн дунд чинь ард түмнээ боддог хүмүүс байдаг юм шүү. Баттөмөр гишүүний колонк бензиний үнээ нэмээгүй байна” гэх яриа хөөрөө газар авч олны итгэл дүүрээд ирэх байлаа. “Тэс петролиум компани надад одоо хамаагүй. Захирал удирдлага нь тусдаа. Би Их хурын гишүүн, төрийн түшээ хүн. Аж ахуйн ажлаас хөндийрсөн” гэж та хэлэх нь дамжиггүй. Иймэрхүү яриа хамгийн түрүүнд эрх баригч, дарга сайд нараас гардгийг бид мэдэлгүй яахав. Гэхдээ бодит амьдрал дээр үүн шиг худлаа юм гэж байдаггүй. Яаж ч бодсон энэ компани тантай хамааралтайг бүгд мэдэж байгаа. Хамаагүй байсан ч гэлээ “Миний нэрийг хорлох гэж байна уу, үнээ нэмэхээ азна” гэж хэлж болох байсан. Хүний нэр төр гэдэг ямар нандин эрхэм байдгийг төрийн түшээ та юу эс андах билээ.

Анзаараад байх нь ээ, Баттөмөр гишүүний гэгдэх “Тэс петролиум” зөвхөн энэ удаад ч үнэ нэмж байгаа юм биш. Өмнө нь мөн л бензиний үнийг бусдыгаа хошуучлан манлайлж нэмж байсан гэдэг. “Шинэ Засгийн газар бүрэлдсэнээс хойш шатахуун, түлшний онцгой албан татварыг хоёр ч удаа бууруулаад амжсан. Тухайлбал шатахуун, түлшний онцгой албан татварыг тонн тутамд 240 мянган төгрөгөөр бууруулсан. Улмаар өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар дахин 100 мянган төгрөгөөр бууруулах тогтоол баталсан. Үр дүнд нь шатахууны татвар 160 мянга, дизель түлшнийх 180 мянган төгрөг болон буурч, шатахуун импортлогч компаниудынхаа ачааллыг багасгасан. Гэвч газрын тосны бүтээгдэхүүн импортлогч “Тэс петролиум” уржигдраас эхлэн шатахууны үнээ нэг литр тутамд нь 10-40 төгрөгөөр нэмсэн байна. Ингэснээр “Тэс петролиум”-ийн шатахуун “Петровис”, “Сод Монгол” зэрэг компанийнхаас 20-30 төгрөгөөр илүү үнэтэй зарагдах болов” гэх мэдээлэл хоёр жилийн өмнө буюу 2016 оны арванхоёрдугаар сард цацагдаж байсан. Мөн эрхэм гишүүнийг татварын дарга байхад шатахууны үнийг үгсэн хуйвалдсан гэх асуудлаар компаниудад 17.2 тэрбум төгрөгийн нөхөн торгууль ногдуулж байсан. “Чухам яагаад 17 тэрбумын торгууль хэрэгсэхгүй болсныг татварын даргаас өөрөөс нь асуух хэрэгтэй” гээд бас л нэг хэсэг шуугьж байсныг нийгэм мартаагүй л байгаа.

“УИХ-ын гишүүний мандат авсан хүмүүст давуу, сул тал аль аль нь бий. Монгол Улсыг хөгжүүлж, ард түмний амьдралыг дээш татаж шударга үнэний талд зогсож, амжилт гаргаж чадаж байвал Ерөнхий сайд хаанаас тавигдах нь гол биш. Монголын бүх цэцэн мэргэд, ухаантан, эх орончид шалгараад УИХ-д суучихсан гэж би боддоггүй. Монголын төр Засгийн газраа манлайлагчаараа удирдуулах торгон агшин ирснийг мэдэрч байна. Дахиж алдаатай, буруу томилгоо хийвэл алдаагаа бид засаж чадахгүй. Хэнд мэдлэг, чадвар, туршлага хүч чадал, эх оронч үзэл байна, тэр манлайлагч байдаг. Харамсалтай нь бид манлайлагч нараа дандаа хойноо хоёрдугаар эгнээнд авч явдгаас мухардалд ороод байгаа юм. Хямрал удирдагч нарыг сорьж, шалгалт авч, тодруулж өгдөг гэдэг. Одоо зарим хүмүүст тодрох боломж, цаг хугацаа ирж байна” гэж хэлээд та Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгож байсан. Гэвч энэ Засгийн өнгөн дээр шатахууны үнийг хамгийн түрүүнд нэмлээ. “Монголчууд бидний амьдрал ядуу байна. Үүнээс илүү ядуурна гэж байх ёсгүй” хэмээгээд та өмнөх Засгийг нь огцруулж байсан бус уу. Ингэж л эрхэм гишүүн таны ярих нь шударга, хийх нь хударга болоод байна уу даа?

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Ш.Мөнгөнбаатар: Улсын цол авч чадалгүй үлдэх вий гэсэн айдас надад хэзээ ч төрж байгаагүй

Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат улсын харцага Шарын Мөнгөнбаатартай ярилцлаа.


-Монгол бөхөд сэтгэлтэй олон ч хүний хүлээлтийг тайлж улсын харцага цол хүртсэн танд баяр хүргэе. М.Өсөхбаяр зааныг давчихаад эргэхэд цэнгэлдэх даяар шуугиад ирж байсан?

-Улсын цолны төлөө олон жил зүтгэлээ. Анх 2003 онд “Аварга” сургуулийн хоёрдугаар курсийн оюутан байхдаа Сүхбаатар аймгийн наадамд түрүүлснээс хойш улсын наадамдаа тасралтгүй 14 жил барилдсан байна. Багагүй хугацаанд аймгийн цолтой зодоглосон болохоор ч тэр үү, бөхөд сэтгэлтэй хэн бүхэн “Энэ маань улсын цол авчихаасай” гэсэн бодолтой явдаг байсан л даа. Тэр итгэлийг нь биелүүлж Монгол Улсын харцага гэх эрхэм цолд хүрсэндээ баярлаж явна даа.

-14 жил гэдэг их хугацаа шүү. Олон ч наадмаас нулимстай, сэтгэл дундуур харьсан байх?

-Тэгэлгүй яах вэ. Бэлтгэлээ ном журмын дагуу хийгээд зүтгээд л байдаг, наадмаар оноолтын даваанд тахим өгнө. Хоёрын даваанд гэхэд л адилхан улсын цолны төлөө зүтгэж байгаа аймгийн арслантай нугарна. Дөрвийн даваанд дээгүүр барилдах тааварт байгаа харцага, заануудтай таарна. Зорилгодоо хүрэлгүй элэг бүсээ тайлаад эргэхэд дотор харанхуйлаад эвгүй байдаг шүү.

-Өнөө жил хоёрын даваанд Н.Баярбаатартай оноолт таарсан. Барилдаан удаашраад шоо шидээд бас л эгзэгтэй барилдаан болсон шүү?

-Хоёрын давааны оноолт хатуу таарсан шүү. Сэлэнгийн Н.Баярбаатар гэж арал, бяртай дүүтэй хүнд барилдаан хийсэн. Шодоход нөгөөхийн маань талаар буугаад барилдаан яаж ч эргэж мэдэхээр байсан шүү. Биеэ суллаж үлдээд л дээр нь туссан даа.

-Гурвын даваанд тантай нэг үед гарч ирсэн хүчтэн Т.Санчир заан тунаанаас гаргаж байгаа харагдсан?

-Хоёрын даваанд хүнд барилдаан хийчихээд амьсгаагаа гүйцэд дараагүй цэнгэлдэхээс гарч байхад Т.Санчир найз маань дайралдаад “Өнөө жил найз нь чамайг тунаанаас гаргаж өгнө өө” гэж хэлчихээд яваад өгсөн. Эрчүүдийн олон жилийн нөхөрлөлийн үнэ цэнэ юм даа. Бид хоёр аймгийн арслангууд байхдаа л Бөхийн өргөөнд зэрэгцэж суучихаад л хоорондоо алдаа оноогоо зөвлөөд гарч барилддаг байсан. Т.Санчир маань намайг улсын цол хүртчихээсэй гэж их харж байсан юм билээ.

-Оноолтын даваанд өвдөг шороодох тун дургүй байсан О.Хангай харцагатай нугарсан. Энэ даваанд хэнтэй барилдана гэж тооцоолж байв?

-Наадмын өмнө амтай бүхэн л О.Хангай харцагыг түрүү бөхөөр нэрлэж байсан л даа. Бяртай, суурьтай түрүү бөхийн эрэмбэтэй сайхан бөх. Оноолтын даваанд арай ч О.Хангайтай таарна гэж тооцоогүй ээ. Эрэмбэ өндөр харцагуудтай л үзэх болов уу гэж бэлтгэл сургуулилтаа базаасан. Улсын цолтой бөх цөөхөн барилдсан учраас хурц арслангууд доошоо очиж таарсан. Хий гишгэлгүй зогсож байгаад барьц сонгоход нь шийдсэн мордоогоо даалгаад туг тойрсон доо. Сайн харцагатай таарлаа гээд сандарч тэвдээд байлгүй тайван барилдсан.

-Тавын даваанд өөртэй чинь нэг үед гарч ирсэн улсын заан М.Өсөхбаяр амласан. Цол бодож нервтсэн үү, гайгүй юу?

-Бид яг л нэг үед барилдаж гарч ирсэн залуучууд. Би өмнө улсын цолны даваанд босч байсан болохоор барилдаан бодож нервтэх нь гайгүй байсан л даа. Барилдаандаа төвлөрөөд л сайхан үзсэн.Үеийн маань сайхан бөхчүүд намайг дэмждэг, хэлдэг байсан л даа. С.Мөнхбат аварга гэхэд л “Одоо найз минь цол авахгүй бол болохгүй. Чи л үлдчихлээ шүү” гэж хэлж байсан удаатай. Харцага цолны даваанд Дорноговийн А.Цацабшир амласан. 2016 оны наадмын дөрвийн даваанд би өвдөг шороодож байсан болохоор энэ жил алдаагаа давтахгүй даагаа нэхнэ л гэж зорьж байлаа. Надаас гарах ямар бололцоо нөөц байна, тэрийгээ бүгдийг нь шавхаж барилдах зорилготой гарсан. Санасандаа хүртэл сайхан барилдаж туг тойрсон.

-Тав давчихаар сэтгэл хөөрөөд дараагийн даваанд нь барилдаанаа гаргаж чаддаггүй гэж бөхчүүд ярьдаг юм билээ. Таны хувьд?

-Дотроо бол их баярлалгүй яах вэ.Би сэтгэлийн хөөрөл багатай хүн л дээ. Баярласан ч гар, хөлөө өргөөд гүйгээд байхыг боддоггүй л дээ.

-Баяр наадмын бэлтгэлээ Ч.Санжаадамба аваргатай хамт базаасан гэж дуулсан?

Тийм ээ. Наадмын бэлтгэлээ аварга найзтайгаа Баянхангай гээд амралтын газар базаасан. Пүрэвдагва арслан, Бадарч харцага, Амарзаяа начин, Сугаржаргал начин гээд бараг 30-аад залуучууд хамт гарсан л даа. Архангайн голдуу гар хөл чангатай, энэ нь зөөлөн гэх юмгүй сайхан залуучуудтай бэлтгэлд гарсан нь үр ашгаа өгсөн болов уу. Хамт бэлтгэлээ базаасан бөхчүүд наадмаар сайн барилдсан шүү. Ч.Санжаадамба маань үзүүрлэсэн.

-Улсын харцага болоод нутагтаа очих мөн сайхан биз. Гэр бүлийнхэн тань сайхан хүлээж авсан байх?

-Тэгэлгүй яахав. Би чинь дөрвөн ах, хоёр эгчтэй, айлын бага. Аавыг маань Мижиддодгорын Шар, ээжийг минь Дарийн Дэнсмаа гэдэг. Одоо 80 гарсан сайхан буурлууд бий. Манай гэрийнхэн намайг цол авлаа гээд 2-3 хоног л найрласан гэнэ лээ. Би хотоос 19-нд очсон л доо. Явсаар шөнө очтол манайхан гэрийнхээ гадаа хивс дэвсээд машины гэрэл асаачихсан хоёр талаар нь эгнээд зогсчихсон халуун дотно сайхан хүлээж авсан шүү. Би чинь олон ах, эгч нартаа эрхэлж өссөн болохоор өөрийгөө их азтайд тооцдог. Бүх л зүйлд ах эгч нар маань надтай хамт байж тусалж, дэмждэгт үргэлж баярлаж явдаг. Төрж өссөн газраа очоод дүүрэн сайхан амьсгаа авах ч бас сайхан шүү.

-Өндөр настай аав тань хүүгийнхээ том цолонд хүрэхийг үзээд их баярласан байх?

-Манай аав ч дуу цөөтэй хүн л дээ. Очиход нэг их юм яриагүй. Манай нэг эгчийн хүү өвөө, эмээтэйгээ цуг байдаг юм. Тэгээд “Өвөө таныг начин болоход уйлаад байна лээ” гэж хэлнэ лээ. Хүүгээ том цол авахад их л баярлаа байлгүй дээ. Би ч дотроо “Аав, ээж хоёрын минь нас 80 давчихлаа. Мэндэд нь улсын цолонд хүрчихвэл жаахан ч гэсэн баярлах болов уу” гэж бодоод л явдаг байлаа. Хүн эцэг эхийнхээ ачийг хариулж чаддаггүй гэдэг болохоор жаахан ч гэсэн сэтгэлийг нь тэнийлгэх гэсэндээ тэр л дээ.

-Та 2011 онд сар шинийн барилдаанд түрүүлснээр аймгийн цолтнуудад их урам зориг өгсөн гэж олон хүний амнаас сонсож байсан. Бага наадамд түрүүлж байсан үеэ эргээд дурсвал?

-2010 оны сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба аварга цэргийн арслан цолтойдоо, дараа жил нь би түрүүлж байсан түүхтэй. Бид хоёрыг залгаад л О.Хангай, Ж.Чулуунбат гээд аймгийн цолтнууд улсын цолтнуудаасаа бэргэлгүй сайхан барилдаж эхэлсэн дээ. Одоо хоёулаа цолоо ахиулсан байна. Сар шинийн барилдаанд сайн барилдсан бөхчүүд тухайн жилийнхээ наадмаар сайн барилддаг үзүүлэлт бий. Харин би тэр жил дөрвийн даваанд Сэлэнгийн улсын харцага Б.Одгэрэлийг аймгийн хурц арслан байхад нь хүч үзээд бараагүй.

-Бөхийн замд ямар зорилготой орж байсан бол?

-Ямар ч байсан улсын цол хүртэнэ гээд л битүүхэн боддог байлаа. Би 1998 онд жаахан хүү үндэсний бөхийн өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар хотод ирж барилдаж байлаа. Тэр үеэр Монгол бөхийн өргөөний нээлтийн барилдаан болж таардаг юм. Сонирхоод өргөөгөөр ороход бүдүүн бүдүүн гуалин шиг бөхчүүд ноцолдохыг хараад айхавтар сүрдэж байсан минь санаанаас гардаггүй юм. Нэгэнт зорьж ирсэнийх гээд зодоглотол улсын харцага Н.Алтансүхийг хаячихдаг юм байна. Юугаа ч мэдэхгүй хөдөөний хүүхэд их хөөрч билээ. Харин дараагийн даваанд нь XX зууны манлай монгол бөх хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнхийн аманд очиж өвдөглөж байлаа. Радиогоор л нэрийг нь сонсдог хүн өмнө зогсож байхад сонин л мэдрэмж төрдөг юм билээ. Үүнээс урам авч Б.Адьяахүү багшийн удирдлагад бэлтгэл сургуулилтаа базааж эхэлсэн дээ. Хааяа нэг өргөөнд гарна. 2001 оны Ардын хувьсгалын 80 жилийн ойн их баяр наадмаар төрсөн 17 начинтай мөн ч олон барилдсан даа. Анх барилдаж эхэлж байхад аймгийн начин хүн л их том сүртэй харагддаг байлаа шүү дээ. Монгол бөхийн цол гэдэг үнэ цэнэтэй байсан л даа.

-Таны зүүн ташаанд олон хүн өртөж өвдөг шороодсоныг мэдэх юм. Хөмрөө мэхнийхээ талаар ярихгүй юу. Багаасаа л хөмөрдөг байв уу?

-Монгол хүний цусанд нь барилдах авьяас мэдрэмж байдаг. Ерөөсөө барилддаггүй хоёр хүнийг барилдуулахад нэг нь мэх хийдэг шүү дээ. Миний унаган мэх л дээ. Жаахан хүү барилддаг байхдаа л хөмөрдөг байсан. Би эгэл жирийн малчин уяачийн гэрт төрж өссөн. Ах нартайгаа ноцолдоно. Дийлэхгүй бол аавтайгаа хүртэл барилдана. Заавал давж байж л санаа амардаг байж билээ. Миний хувьд хөмрөөд өрсөлдөгчийнхөө доор нь орж байсан тохиолдол цөөхөн шүү. Барилдааны явцад өөрийн мэдэлгүй хөмөрчихдөг.

-Таны барилдааны онцлог юу вэ?

-Хүний хийсэн мэхэнд үлдэцтэй, уян хатан барилдаантай гэх юм уу даа. Хариулт мэх сайн хийнэ.

-Аймаг, цэргийн цолтнуудын барилдаанд олон түрүүлсэн байх, тоолж үзсэн үү?

-Арван гурав түрүүлж байсан. Дээрээс нь бүх цэргийн баяр наадамд үзүүрлэж байлаа. Хэд хэдэн удаа их шөвөгт шалгарсан даа.

-Өмнөх жилүүдийн унаануудаа эргээд бодоход ямар алдаа гаргасан байх юм?

-Гол төлөв дөрвийн даваанд л уначихаад байсан л даа. Оноолт ч хатуу таарна. Бэлтгэл таараагүйгээс ч тэр үү, ихэвчлэн барилдаанаа гаргаж чадахгүй унана. 2016 онд Дорнодын Анартай тунаж барилдахад бэлтгэл их сайн байсан. Тэгэхэд барилдаандаа гүйцэд төвлөрч чадаагүйгээс унасан л даа. Мөн 2009 онд гурвын даваанд Сэлэнгийн өндөр Баянмөнх начинтай тунаж унасан, дээшээ барилдахаар байсан ч болоогүй. 2015 онд Оюунболд арсланд унадаг жил бэлтгэл ханасан байсан ч түрүү бөхтэй таараад яаж ч чадаагүй. Энэ гурван жилд аятайхан үзчихээр боломжоо алдсан санагддаг. Болохгүй юм чинь болдоггүй л юм билээ.

-14 жилийн хугацаанд барилдаад доогуур даваанд өвдөг шороодоод байхад “Улсын цолгүй үлдчих вий” гэсэн бодол төрж байсан уу?

-Бэртэл гэмтэл авчихалгүй, бэлтгэлээ сайн хийгээд явахад надад улсын цол хүртэх бүрэн боломж бий гэдгээ мэдэж байсан. Тохироо нь хэзээ бүрдэхийг л хүлээж байсан даа. Улсын цолгүй үлдчих юм биш биз гэж шаналж байсан удаа надад байхгүй. Хүн олон жил барилдаад ирэхээр барилдаан бодож нервтэхээ больчихдог юм билээ. Ямартаа ч улсын харцага гэх эрхэм цолонд хүрлээ. Энэ цолны эзэн байна гэдэг том хариуцлага. Иймээс өндөр амжилт үзүүлэхийн төлөө илүү хөлс гаргана даа. Хүмүүс намайг эрт цол авсан болохоор ч тэр юм уу, их хөгширсөн шиг санаад байдаг. Тийм биш л дээ. Надад өндөр даваанд босч барилдах боломжтой олон наадам бий. Намайг дэмждэг, миний төлөө цайныхаа дээжийг өргөдөг монгол түмнийхээ ач тусыг амжилтаараа л хариулна даа.

О.ДАШНЯМ

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Увсын гишүүд улс байгуулах шахам төсөв аймагтаа тавьжээ

Улсын их хуралд Увс аймгийн дөрвөн гишүүн бий. Тэд бүгдээрээ МАН-аас сонгогдсон. Энэ дөрвөн гишүүний гурав нь одоо сайд. Нөгөө нь өмнөх Засгийн газарт бас л сайдаар ажиллаж байсан. Эдгээр эрхэм бол Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн, одоогийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нар юм. Монгол Улсын гол яамдыг толгойлж байгаа ийм хүчирхэг сайд, гишүүд Увс нутгийн зон олныг төрд төлөөлж байна. Гэтэл 2019 оны улсын төсөвт тэд сонгогдсон тойрогтоо хамгийн их хөрөнгө тавиулжээ. Бүхэл бүтэн улс орны сангийн авдрын түлхүүрийг атгасан Ч.Хүрэлбаатар гишүүн эрх мэдлээ ашиглан өөрийнхөө тойргийг илүүд үзлээ гэж намын нөхөд нь төдийгүй УИХ-ын гишүүд ундууцаж, бас барьцаж байгаа.

Ирэх оны төсөвт зарим аймагт 5-7 тэрбум төгрөг хуваарилсан байхад Увсад 51 тэрбум төгрөг төсөвлөсөн нь ил болов. Өөрөөр хэлбэл, бусад аймгаас 5-10 дахин их хөрөнгө хуваарилсан гэсэн үг.

Уг нь 2019 онд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг харахад Хөвсгөл аймагт хамгийн их буюу 26.775 тэрбум, Баянхонгорт 24.858 тэрбум, Завханд 23.482 тэрбум, Өвөрхангайд 22.438 тэрбум, Увсад 21.383 тэрбум төгрөг тус тус хуваарилжээ. Тэгвэл Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий аймгуудын төсөв 15.461-19.752 тэрбумд багтжээ. Харин Дархан-Уул аймаг 2.474, Дорнод 4.783, Булган 9.310, Дорноговь 8.689, Говьсүмбэр 9.309 тэрбум төгрөгийн буюу хамгийн бага санхүүгийн дэмжлэг авахаар болсон байна. Ийм байтал Увс аймаг яахаараа 51 тэрбум төгрөгийн төсөвтэй болж орж ирсэнийг Засгийн газрын гишүүд цээжээрээ сүрхий хамгаалж байна лээ. “Ерөнхий сайд орон нутагт ажиллахдаа тулгамдсан асуудлуудыг нь шийдэж өгнө гэж амласан. Тэр хүрээнд зарим аймгийн хөрөнгө оруулалтын дүн нь нэмэгдсэн. Харин Ерөнхий сайдын очоогүй аймгуудад ийм хөрөнгийн эх үүсвэр тавигдаагүй” гээд л тайлбарлаж байв. Яаж ч харсан Увс аймаг дангаараа төсөвт 51 тэрбумыг тусгуулсан нь шударга бус байна. Эл асуудлаар МАН-ын бүлэг шөнө дүл болтол хуралдаж, хоёр талд ширүүн маргаан өрнүүлсэн тухай саарал ордноос сонсогдоод байгаа. Бүлгийн зарим гишүүн, тэр дундаа УИХ-ын дарга М.Энхболдын фракцийнхан “Энэ бол улсын төсөв биш, Увсын гишүүдийн төсөв болсон байна” гэж бухимдаж, хуралдааныг орхиж гарсан сурагтай.

1990-ээд оны дундуур М.Энхсайханы Засгийн газрын үед Монгол Улсын төсөв 200 гаруй сая ам.долларт багтаж байсан үе бий. Тухайн үед ам.долларын ханш 400 орчим төгрөгтэй тэнцэж байлаа. Гэтэл өнөөдөр Увсын гишүүд улс байгуулах шахам төсвийг аймагтаа тусгуулжээ. Нутгархдаг, нутгархдаг гэхэд арай ичмээр харагдаж байна. Та нар Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө зүтгэх ёстой төрийн сайд болохоос төрөлх нутаг, өөрийн тойргоо тэтгэсэн Увс аймгийн сайд биш шүү.

М.МӨНХ

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Монголчууд бид ёс суртахуунтай байх ёсгүй юу

Хүүхдээ сургуульд оруулахын тулд багш, эрхлэгчдэд нь мөнгө өгчээ, хахууль авсан нь илчлэгдсэн зарим сургуулийн захирал цагдаа, АТГ-ын хаалга татжээ гэсэн гэмт хэргийн шинжтэй бөөн шуугиан манай нийгэмд дэгдэж байна. Яагаад ч юм монголчууд оройн дээд гурван эрдэнийн нэгийг багш хэмээн хүндэтгэн дээдэлсээр ирсэн байдаг. Гэтэл багш гэх эрхэм албатай хүмүүсийг ийм зүйлд нэр нь холбогдохоор хүмүүст нэг л таагүй, гонсоймоор мэдрэмж төрсөн нь мэдээж. Үүнтэй холбоотойгоор төвийн хэвлэлүүдээр нэг зар байнга явах боллоо. “Та нар хүүхдээ мөнгө төлж, хахууль өгч сургуульд оруулсан бол одоо сайн дураараа тэр талаарх мэдээллийг АТГ-т мэдэгдвэл мөнгийг чинь буцаагаад өгч, хүүхдийг чинь сургуульд нь хэвээр нь үлдээнэ. Та шоронд суухгүй, харин мөнгийг чинь авсан хүнийг шоронд хийнэ” гэсэн утгатай зарын шинжтэй мэдээлэл их цацаж байна. Үүнийг нь хуулийн талаас нь харж, чухам ямар хуульд ийм зүйлийг тусгасан болохоор ингэж ил цагаан зарлаж байна вэ гэж сонирхвол Эрүүгийн хуулийн 22.5-ын гурав дахь хэсэгт “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө” гэж заасан байдаг юм байна. Эрүүгийн хууль дахь энэ заалт нь өөрөө тухайн иргэнд хахууль өг, хахууль өгсөнийхөө дараа хахуулийг чинь авсан хүнийг илчил гэж уриалан дуудсан, гэмт хэрэгт өдөөн турхирсан шинж агуулж байна. Ажил хөөцөлдөхөөр ороход чинь хэн нэгэн албан тушаалтан татгалзвал тэрийг нь хясан боогдуулж байна гэж үзээд хахуулийн мөнгө, эд таваараа ямар нэгэн байдлаар нь урд хойно нь гүйж, гэр оронд нь ч болтугай очиж гуйж гувшиж байгаад ямар ч хамаагүй аргаар гарт нь атгуул. Тэгээд дараа нь АТГ-т энэ талаар мэдэгдэж өөрт чинь татгалзсаны хариуг бахаа ханатал ав. Харин энэ бүхний эцэст та хахуульд өгсөн мөнгөө буцааж аваарай гэж гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг нь, хэргээс мултрах арга саамыг нь зааж өгөөд байгаа юм шиг ойлгогдож байна. Ийм юмыг Монгол Улс хуульчлаад заачихсан байна шүү дээ.

Хүн төрөлхтөнд, дэлхийн нийт иргэдэд ёс суртахуун гэж юм бий. Монголчууд хүний най гэж мэднэ. Маш их итгэлцэж найралдсан хүнээ най болсон хүн, хүний най гэж хүндэтгэн ярилцдаг. Оросууд эстетика, этика, мораль гэцгээдэг. Хүний най, ёс суртахуун гэх нэгдсэн том ойлголт, бичигдээгүй дүрмийг Хомо сапиенс буюу оюун ухаант хүмүүс далай тэнгис, сансар огторгуй гээд хаана ч, хэзээ ч мөрддөг. Тийм болохоор ёс суртахуун, найг зөрчсөн хүнийг бусад нь үзэн яддаг.

Хүн төрөлхтний дээрх бичигдээгүй хуулийг зөрчиж байгаа үйлдэл биш гэж үү. Хуулийг аль ч нийгэмд мөрдөх ёстой. Ингэхийг эрх зүйт нийгэм шаарддаг. Хуулиа мөрдөхгүй бол хүний нийгэм биш болж зэрлэг үе рүүгээ одож байгаа гэж үзнэ. Нийгмийн хөгжлийг Р.Морган зэрлэг үе, бүдүүлэг үе, соёлт үе гэж хуваасан байдаг. Тэгэхээр хуулиа мөрдөхгүй бол шууд зэрлэг нийгэм рүүгээ буцаж бөгөөд нийгэм задарна гэсэн үг.

Тэгтэл нийтээр дагаж мөрдөх ёстой гээд байгаа хуульдаа, Эрүүгийн хуульдаа хууль зөрчихийг хуульчлаад дараа нь хуулийн дагуу матна гэдгийг жирийн дундаж түвшний хүмүүсийн ой санаанд багтамгүй тэнэглэл юм. Энэ нь тэгээд “Монголчуудад ёс суртахуун хэрэггүй, бид ямар хүн төрөлхтөнд багтах биш” гэсэн үг юм уу. Тугал, бярууны ухаантай ямар амьтан нь ийм хууль гаргадаг байна аа. Ийм хууль гаргачихаар түүнийг хэрэгжүүлж байна гэхээр монголчууд биднийг хүн төрөлхтнөөс нэг шат доогуур амьтас гэж УИХ үзсэн юм уу. Төрийн эрх барих дээд байгууллага, хууль тогтоох эрх мэдлийг хадгалдаг УИХ нь ингэж үзээд байгаа юм уу. Эндээс үзвэл хүн төрөлхтний тогтсон ёс зүйг баллуурдсан ийм хууль баталж, ард иргэдээр мөрдүүлэхийн тулд нэгдсэн журмаар зар тарааж “Хахууль өгсөн хүнээ илчил” гэж байгаа нь өөрөө асар ёс суртахууны доголдолтой үйлдэл. Ийм үйлдэл хийж болдог, ингэж нэгнээ матаж шоронгийн хаалга татуулж байгааг хойч үеийнхэн минь харж байна.

Монголчууд ч хэзээнээсээ найгүй, матаач хүнийг нэг нүдээрээ ч үздэггүй ард түмэн. Тэднийг ховч, матаач, бөгс ухагч, Түгжилдэх гэх мэтийн адгийн муу үгээр нэрлэж, үр хүүхдээ тэдний замаар явуулахгүй гэж зааж сургасаар ирсэн. Хүүхдүүд хүртэл хамтдаа цонх хагалчихаад түрүүлж гүйж очоод багшдаа бусдыгаа матсан нэгнээ “Хэл хэл. Хэлэн дээрээ 50 мөнгө наа” гэж жигшин зэвүүцэж дахиж түүнтэй нийлдэггүй байсан нь ёс суртахуунаа эрхэмлэдэг байсны нэг илрэл л дээ. Ингэхээр монголчуудын мах цусанд хүн төрөлхтний ёс суртахуун гэдэг бичигдээгүй хууль шингэсээр хадгалагдсаар ирсэн нь тодорхой. Ажлаа бүтээчихээд араас нь матдаг хүн амьдрал дээр ховор гарах байх гэж найдахаас. Тэгээд ч хэн ийм хүнд дахин туслах вэ дээ. Матаач хүнээс эргэн тойрныхон нь зайгаа барьж, үг солихоос цааргалж дөлнө. Сургуулийн жишээн дээр ярихад, ийм замаар сургуульд хүүхдээ оруулчихаад дараа нь захирлыг нь АТГ-т матаад санаснаараа мөнгөө эргүүлэн авч, хүүхдээ тэр сургуульд нь үлдээгээд үргэлжлүүлэн сургана гэдэг юу л бол. Тийм хүүхэд бусад сурагчдынхаа дунд, тэр сургуульд багтаж шингэнэ гэдэг хэцүү байна байх даа. Хамгийн гол нь ийм хууль баталж чадаж байгаа хүмүүс өөрсдийгөө ямаршуухан “амьтас” вэ гэдгээ харуулж байна. Тэднийхээр монголчууд бид ёс суртахуунтай байх ёсгүй хүмүүс болж таарч байна уу.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

У.Хүрэлсүх дайн дажингүй, амар амгалан эх орноо НҮБ-ын индрээс тунхаглалаа

Өнгөрөгч сарын сүүлээр МонголУлсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулга уулзалтад оролцоод ирсэн. НҮБ-ын чуулга бол манай гаригийн бүх улс орны төрийн тэргүүнүүд цуглаж хуралддаг цорын ганц дээд хэмжээний чуулган юм. Уг арга хэмжээ нь тасралтгүй зохион байгуулагдсаар 73 дахь жилдээ хүрчээ. Жил болгоны есдүгээр сарын 23-наас 30-ны хооронд зохиогддог болохоор хотын оршин суугчид болох Нью-Йоркийнхны уур уцаарын хэмжээ нь дээд цэгтээ хүрдэг үе аж. Нью-Йорк хот бол Атлантын далайн баруун хөвөөнд байрлах зогсолтгүй эргэх мөнхийн хөдөлгүүр мэт амьдрал буцалсан газар юм. НҮБ-ын төв байр Манхэттэн дүүргийн нэгдүгээр өргөн чөлөөнд тэртээ 1952 оноос хойш оршин буй. Дэлхийн 130-аад орны төр, засгийн тэргүүнүүд нэгэн дээвэр доор чуулж хуралддаг болохоор харуул хамгаалалт гэж сүрхий.

Энэ жилийн хэлэлцүүлэг нь дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал, терроризмтой тэмцэх гэх мэт хүн төрөлхтний өмнө тулгамдаад байгаа асуудлууд байлаа. Чуулганы өмнөх өдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан хар тамхитай тэмцэх сэдэвтэй хэлэлцүүлэг болсон юм. Хар тамхины наймааны эсрэг дэлхий нийтээрээ тэмцээд ч зогсоож чадахгүй байгаа. Уг наймааны ард асар их мөнгө эргэлдэж байдаг, тэр их мөнгөний тодорхой хэмжээ нь террoризмыг санхүүжүүлж байгаа учир энэ хэлэлцүүлэг нэлээн өргөн хүрээтэй яригдсан юм.

Энэ удаагийн НҮБ-ын 73 дугаар чуулган нь Тогтвортой эдийн засаг, тогтвортой хөгжил гэсэн нэрийн дор болов. Мэдээж тогтвортой эдийн засгийг тогтвортой улс төрийн орчин бий болгоно, тогтвортой эдийн засагтай улс орон тогтвортой хөгжинө. Өөрөөр хэлбэл дэлхийн улс орнуудыг тогтворжуулах, дэлхий дахиныг энх тайванд уриалж тайван амгалан байж хөгжицгөөе гэсэн чуулган боллоо.

Мөн энэ жилийн Ерөнхий Ассамблейн чуулганд Өмнөд Солонгосын BTS хамтлагийн ахлагч Kим Нан Жун буюу RM-ын сонирхолтой илтгэл шуугиан тарив. Тэрээр НҮБ-ын индэр дээрээс “Таны хэн байх, хаанаас ирсэн, арьсны өнгө, нас,хүйс зэргээс үл хамааран өөрийнхөө төлөө дуугар” хэмээн хэлсэн нь дэлхийн олон сая хүмүүсийн чихэнд хүрч чадсан байна.

Манай улсын хувьд НҮБ-ын дээд хэмжээний чуулга уулзалтад сүүлийн хэдэн жил идэвхтэй оролцож байгаа. Мөн тус байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд тогтмол оролцдог. Өнгөрөгч хугацаанд нийт 16 мянга орчим цэрэг цагдаагийн албан хаагч үүрэг гүйцэтгэжээ.Манай улс НҮБ-ын гишүүн орныхоо хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж чадаж байгаа гэсэн онц үнэлгээтэй байна.

НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Антонио Гутеррес хэлэхдээ Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангах, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах үйлсэд Монгол Улсын Засгийн газрын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлээд Монгол Улсыг НҮБ-ын хүрээнд бүрэн дэмжиж ажиллах тухай ярьсан юм.

Чуулганы сүүлийн өдөр Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх илтгэл тавьсан. Тэрээр илтгэлдээ дараахь таван зүйлийг онцолсон юм.

Түүний илтэлээс товчлон хүргэж байна.

1. Аливаа зөрчил тэмцлийг хүчээр бус, тайван замаар, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэх ёстойг Монгол Улс тууштай дэмжих болно.

2. Монголын эзэнт гүрэн нь бүх шашныг хүлцэх, хүндлэх асар том бүс нутаг байсан нь өнөөгийн ертөнцөд том сургамж болон үлдсэн хэмээн онцлов.

3. Монгол Улс 2030 он гэхэд дээд эрэмбийн дундаж орлоготой улс орны эгнээнд шилжих зорилт дэвшүүлээд байна.

4. Монгол Улс 2016-2018 онд НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр анх удаа сонгогдон ажиллаж байгааг онцлон тэмдэглэлээ.

5. Улаанбаатар хотноо далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг санаачлан байгуулсан билээ.

Манай улсын гадаад бодлого төвийг сахих. Тэр ч үүднээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн илтгэлээс дүгнэхэд түүний хүргэх гэсэн гол мессэж нь дэлхийн тэргүүлэгч том гүрнүүдийг эдийн засгийн дайн болон цэрэг зэвсгийн үйл ажиллагаагаа зогсоож энх тайвны замаар асуудлаа шийдвэрлэхийг Нэгдсэн үндэсний байгуулагын индэр дээрээс дэлхий нийтэд уриалсан юм. Мөн Ерөнхий сайд хэлсэн үгэндээ өөрийн эх орноо дайн дажин, айх аюулгүй дэлхийн хамгийн амар амгалан орон гэсэн нь бусдаас ялгарах манай онцлог мэт санагдлаа.

М.БАЯНБУЛАГ

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

У.Хүрэлсүхийн айлчлал Улаанбаатар хотын ундны усыг 100 жил айлтгүй болголоо

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх “Цагаан ордон”-ы урилгаар Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийсэн билээ.Айлчлалын хүрээнд тэрээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, дэд ерөнхийлөгч Майк Пэнс, Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео зэрэг албаны хүмүүстэй уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, АНУ-аас Монгол Улсад олгож буй 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурсан. Буцалтгүй тусламж болох 350 сая ам.доллар буюу 890 тэрбум төгрөгийг Улаанбаатарын ундны усны хэрэглээг нэмэгдүүлэхэд зарцуулах юм. АНУ-ын Мянганы Сорилтын сангийн судалгаагаар Улаанбаатар хотын хөгжил тэлэлтэд ундны усны асуудал хамгийн чухал аж. Улаанбаатар хотын хүн ам арваас хорин жилийн дараа гэхэд тодорхой хэмжээгээр өсөн нэмэгдэж таарна, тэр хэрээр ундны усны хэрэглээ мөн нэмэгдэнэ. Гүний усаа зөв зохистой хэрэглэж, дахин боловсруулах үйлдвэртэй болохгүй бол цэвэр усны хомсдолд ороход нийслэлчүүд ойрхон байгаа.

Нэгдсэн улсын хувьд дэлхийн тэргүүлэгч гүрэн гэдгээрээ манай гаригийн том жижиг гэлтгүй бүхий л асуудлуудад анхаарлаа хандуулах үүрэг хүлээгээгүй ч тодорхой хэмжээнд хариуцлагатай байдаг. Тэр ч утгаараа өөрсдийнх нь ардчиллыг төв Азийн цээжинд үлгэрлэн хөгжүүлж яваа гэдгээр нь монголчуудын ундны усыг анхаарч үзсэн болов уу. Нийслэлийн ундны усны асуудал 2030 он гэхэд улам хурцдаж, одоо өгч буй 350 сая ам.доллараас ч их зардал гарч мэднэ гэж үзээд зовлонтой нь бус зовлонгийн шалтгаантай нь бага дээр нь тэмцэж байгаа юм байна.

Мянганы Сорилтын сангийнхан шинэ гүний усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Биокомбинат, Шувуун фабрик орчимд 50-иад гүний усны худгийг гаргахаар төлөвлөөд байгаа. Ингэхдээ одоогийн Төв цэвэрлэх байгууламж дор хуримтлагдсан асар их бохирдол үүсээд байгаа хөрснөөс дооших хэсгээс гүний усаа гаргаж авна гэж тооцоолжээ. Тэндээс гарсан усыг боловсруулах гүн цэвэршүүлэх үйлдвэртээ ашиглана. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг хадгалах байгууламжтай нь мөн төвлөрсөн системд дамжуулах шугам сүлжээтэй цогцоор нь байгуулах ажлыг хийхээр төлөвлөжээ. Мөн Улаанбаатарт баригдах шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах усыг дахин боловсруулах үйлдвэрийг хамтад нь барина. Ингэснээр Улаанбаатар хот баруун тийшээгээ тэлэх боломж нь нэмэгдэх юм.

Улаанбаатарчууд бид ундны усны асуудалдаа 100 жил айлтгүй боллоо гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлон хэлсэн. Буцалтгүй тусламж болох 350 сая ам.доллар буюу 890 тэрбум төгрөгөөр хэрэглэсэн усаа дахин боловсруулдаг үйлдвэртэй болно. Дахин боловсруулсан усаараа цахилгаан станцуудаа хангаад эхэлнэ. Монголчууд бид түүхэндээ усаа дахин боловсруулж байгаагүй. Гүний цэвэр усаар машин тэргээ угаадаг, жорлонгийн усаа татдаг манайхан шиг тансаг улс байдаггүй. Хорин жилийн дараахь Улаанбаатар одоогийнхоос хоёроос гурав дахин том болж тэлнэ гэж байгаа, хотын ундны усны асуудлаа шийдсэн нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг Алтансүхээр үнэлэгдэх хэмжээнд аваачлаа гэж улс төр судлаачид үзээд байгаа нь ийм учиртай юм билээ.Уг төсөл нь таван жилийн хугацаатай. Америкийн засаг захиргаанаас мөнгөнийхөө нэг цент бүрийнх нь зарцуулалтыг бүрэн хянаж ажиллах аж. Монгол Улсын хувьд 1900 оноос хойш 32 Ерөнхий сайд ажилласан байдаг. Үе үеийн Ерөнхий сайдууд Америк болон барууны улс орнуудтай гуравдагч хөршийн бодлого ярьж, сайн харилцаатай байхыг зорьж ирсэн.

Тэгвэл энэ удаагийн айлчлалаар талууд өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн цоо шинэ түвшинд хүрсэнээ зарлав. Өргөтгөсөн иж бүрэн түншлэл нь хоёр улсын бизнес, соёл урлаг, хүмүүнлэг, боловсролын бүхий л салбарт харилцан хамтран ажиллах нөхцөлүүд нь илүү өргөн хүрээнд бүрдсэнийг илэрхийлж буй юм. Манай улс ноос, ноолууран бүтээгдэхүүн болон дахин боловсруулсан бүтээгдэхүүнээ хойд Америкийн зах зээлд нийлүүлэх боломжтой болж байгаа. Цаашдаа Монгол Улсаас экспортлох түүхий эд, бараа бүтээгдэхүүн, тэдний стандартад нийцсэн юу л байна, тэр бүхнийг нийлүүлэх үүд хаалга нээгдэж байгаа нь манай улсын бизнесийнхэнд цоо шинэ зах зээл болж байна. Монгол Улсын хувьд Орос, Хятад гэсэн мөнхийн хоёр хөрштэй бол АНУ ч мөн адил Канад, Мексик хоёртой мөнхийн хөрш улсууд билээ. Тэр ч утгаараа Цагаан ордны зүгээс манай улсын гуравдагч хөршийн гадаад бодлогыг тууштай дэмжиж ирсэн юм. Нэгдсэн улс бол 320 сая давсан хүн амтай маш том зах зээл. Энэ зах зээлд нэвтэрч чадвал манай улсад дор хаяж 30 мянган ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ. Экспортоо дагаад гадаад валютын урсгал ч нэмэгдэнэ. Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн шинэ шат ахиж байгаа нь Америкийн ард түмэн Монгол Улсыг төв Ази дахь найдвартай түншээ гэж үзсэнийх биз ээ.

Тэгэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлал гуравдагч хөршийн бодлогодоо өндөр түвшинд хүрсэн айлчлал болсон нь гарцаагүй. Мэдээж уг айлчлал Монгол Улсын үе үеийн төрийн зүтгэлтнүүд болон ахмад дипломатчуудын хамтын хүчин зүтгэлээр бий болгосон үр дүн. Айлчлалын сүүлийн өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Вашингтон хотод ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санаа бодлыг нь сонсов. Тэрээр АНУ-д ажиллаж амьдарч байгаа монгол иргэдэд тулгамдаж байгаа асуудал, мөн визгүй зорчих нөхцөлийг хөнгөвчилж өгөх талаар саналуудаа Цагаан ордонтой тодорхой хэмжээнд ярилцаж, мөн Монгол-Америкийн харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан конгрессын гишүүд, сенаторуудтай уулзаж ярилцсан тухайгаа хэлж ярьж, Америкт ирснээсээ хойш ямар ямар ажил амжуулж яваагаа тэнд ирсэн монгол иргэддээ товч тайлбарлан ярьсаар уулзалт гурван цаг орчим үргэлжлэв.

М.БАЯНБУЛАГ

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Ардын намын хоёр аваргын өмнө Монголын төр аманд нь гарсан хүүхэд шиг байна

Бөхийн өргөөний намрын нээлтийн барилдаан саявтар болох ёстой байлаа. Гэтэл МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд болох дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Дархан аварга А.Сүхбат нарын улиг болсон маргаанаас болж барилдаан явагдсангүй. Тэдний талцал өнгөрсөн хавар нийгэмд ил цагаан болсон. Хоёр талд бие биеэ эсэргүүцэн өөд уруугүй мэдээлэл хийж, сүүлдээ Бөхийн өргөөний үүд хаалгийг үсгэч өшиглөн, эвдлэж сүйтгэцгээсэн. Энэ хэрүүл маргаан зунтай золгож, наадам болох үгүйдээ тулж байв. Харин Ерөнхийлөгч тэднийг гуйж, аргадаж байгаад арайхийж үндэснийхээ баяр наадмыг хийсэн.

Сая болох байсан барилдааны талаар МҮБХ-ноос “Шүүхийн шийдвэр гарсан тул одоо Бөхийн өргөөтэй холбоотой маргаан эцэслэгдсэн. Дахин эмх замбараагүй байдал үүсэхгүй. Намрын нээлтийн барилдаан болно” гэж мэдэгдээд байв. Энэ барилдаанд улс, аймгийн цолтой 160 гаруй бөх зодоглохоор бүртгүүлсэн байлаа. Бөх сонирхогчид хүртэл “Хоёр аварга маань учраа олж, ааг омог нь дарагдлаа даа” хэмээн баярлаж, өнгөрсөн бямба гаригийг хүлээж суусан биз. Харамсалтай нь барилдаан болсонгүй. Дархан аварга Х.Баянмөнх хөндөлдөж “хэвтээд” болиулчихлаа. Б.Бат-Эрдэнэ авар-га “Барилдаанаа хийе” гэхэд нь А.Сүхбатын тал Бөхийн өргөөний хаалгыг тас барьчихаад хэнийг ч ойртуулахгүй байгаа үйл явдлыг нийгэм даяараа харлаа. Тэдний дуусашгүй маргаанд цэг тавих саналыг Төрийн тэргүүн гаргаж байсан удаатай. Бөхийн өргөөний барилгыг төрийн өмчид авах саналаа Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газарт илгээсэн ч ямар нэг шийдвэр гараагүй.

Улсын наадмын нэгийн даваанд аварга, арслан цолтнуудад цэргийн хүүхдүүдийг оноолтоор угтуулж тавьдаг даа. Үүнийг “Амны хүүхэд” гэдэг. Яг тэрэн шиг Монголын төр Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат хоёр аваргын өмнө аманд нь гарсан хүүхэд шиг дэндүү жижиг байна.

Бөх хүн бол уран мэхийг уралдуулан барилдаж, түмэн олноо баясган цэнгүүлдэг онцлогтой. Тэгвэл Ардын намын хоёр аварга маань төрийг “амны хүүхэд” шиг үл тоон хөнгөхөөн өгрөөд тавьчихаж бид.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Үндсэн хуулиараа оролдох нь тусгаар тогтнолоо самрах хэрэг болох вий дээ

Намрын чуулганы нээлтээс харахад улс төрийн дээд бүлэглэлүүд Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон Үндсэн хуулийг оролдохоор шийдсэн бололтой байна. Их хурлын дарга М.Энхболдын толгойлж байгаа бүлэглэл сонгодог парламентын засаглалыг Үндсэн хуулиндаа суулгахаар болсон юм даг уу. Ноён спикер “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэгт улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид орсон. Тиймээс хэлэцэхийг эрхэмлэх нь зүйтэй” гэж чуулганыг нээж хэлсэн үгийнхээ эхэнд онцолсон. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Үндсэн хуулийг орвонгоор нь өөрчилж, шуудхан хэлэхэд Ерөнхийлөгчийн засаглалтай болгохоор шийджээ гэдэг нь хэлсэн үгнээс нь уншигдсан.

Тэрээр “Манай одоогийн тогтолцооны чадвар боломж нэгэнт бүрмөсөн шавхагджээ. Тогтолцоогоо өөрчлөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй. 1992 оны Үндсэн хуулиараа монголчууд бид түгээмэл бус холимог засаглалыг авсан нь хөгжлийн мухардалд хүрснийг одоо харж, мэдэж байна. Одоо хөгжлийн шаардлага нийгмийн хэрэгцээнд зохицуулан шинэчлэх хэрэгтэй болж байна. Шинэ Үндсэн хууль түүнийг батлагсдад баярлалаа гэж хэлээд дараагийн шатны Үндсэн хуулиа хэлэлцэх цаг ирсэн”-ийг зарласан.

Сонгодог парламентын засаглал гэдэг нь ард түм-нээс сонгогдсон парламен-тын гишүүд төрийн Ерөнхийлөгчөө сонгохыг хэлнэ. Мөн парламентаас хүчирхэг Ерөнхий сайд сонгогдоно. Тэгээд Ерөнхий сайд нь өөрөө сайдуудаа томилж танхимаа бүрдүүлнэ. Сон-годог Ерөнхийлөгчийн засаглал гэвэл Ерөнхийлөгч нь ард түмнээс сонгогдоно. Мөн Засгийн газраа тэргүүлж сайд дарга нарыг томилохоос аваад бүх эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлэхийг хэлнэ. Мэдээж Их хуралд тайлангаа тавьж хэлэлцүүлнэ. Бүлэглэлүүдийн мэдэгдсэн дээрх хоёр тогтолцоо товчхондоо ийм.

Гэвч хэн хэн нь нэг ноцтой зүйлийг анзаарахгүй байгаа нь харамсалтай. Өнөөдөр Монголын нийгмийн халуурал дээд цэгтээ тулж засаг төрөө зүхэж хараасан, алба хашиж байгаа бүхнийг адгийн муухайгаар хэлсэн, хөрөнгө чинээтэй, өнгөтэй өөдтэй бүхнээ үзэж чадахаа байсан. Энэ их хийрхлийн үед Үндсэн хуулийг бүх ард түмний санал асуулгаар шийднэ хэмээн ярьж байгаа нь зөв үү. Нийгмийн донсолгоотой, эзэгтэй үед Үндсэн хуулиа санал асуулгаар шийдэхэд хамгийн түрүүнд популизмаар хийрхэгчид ялах нь гарцаагүй гэж бодогдож байна. Сонгодог парламентын засаглалыг хүссэн аядуу тал нь дийж болно л доо. Аль нь ч дийлсэн бай ялсан талынхаа саналыг ялагдсан тал нь хүлээн зөвшөөрөхгүй ээ. Ерэн оны хувьсгал шиг улс төрийн хүчнүүд нэгэндээ зөөлөн буулт хийгээд “тахимаа өгнө” гэж гонж.

Үүний үр дүнд Монгол Улс тусгаар тогтнолын баталгаагаа алдана. Учир нь Үндсэн хуультай ч юм шиг, огтоос Үндсэн хуульгүй ч юм шиг дампуу улс болж хувирна. Ялсан тал нь мэдээж шинээр бий болгосон Үндсэн хуулиараа явна гэж зүтгэнэ. Ялагдсан тал нь хуучин хуулиараа явахыг эрмэлзэнэ. Нийгмийн эмх замбараагүй байдал үүснэ. Цэргийн даран-гуйлал, нэг хүний дарангуйлал тогтоно. Төрийн эргэлт болж хувьсгал хийлээ хэмээн хийрхсэн нөхөд улс орноо галдан шатаах ийм л аюул нүүрлэж мэдэх юм. Хөрш орнууд ч бидний сиймхий дээр сүрхий тоглолт хийж иргэний дайн руу турхирахыг үгүйсгэх аргагүй. Эрх мэдлийн төлөөх тэмцэл, улс төрийн бүлэглэлүүдийн дайсагнал эцэстээ улс орноо сүйрэл мөхлийн ирмэгт аваачдагийг монголчууд эрх биш олон орны гашуун түүхээр мэдмээр сэн.

Тэгэхээр нөхөд минь тэртээ ерэн хоёр онд батлан мөрдөж байгаа шинэ Үндсэн хуулиа өөрчлөх гэж морин дэл дээгүүр сэлэм эргүүлэн дарцаглан давхилдахаа азнавал яасан юм бэ. Хэсэг хугацаанд хүлээж, нийгмийн энэ их халуурал хийрхлийг буулгаж байгаад өөрчлөлт хийвэл дээр биш үү. Улс орны хөгжил удаан байгаа нь үнэн. Гэхдээ тусгаар тогтнолоо алдвал юун хөгжил дэвшлийн тухай ярих манатай болно. Энэ үүднээс аваад үзэхээр ерэн хоёр онд батлагдсан шинэ Үндсэн хууль бидэнд гай болчихоогүй байна. Үл ялиг засвар оруулж хариуцлагын тогтолцоо зэргийг сайж-руулаад явж болно. Хугацаа өнгөрсний дараа нийгмийн энэ их хийрхэл, солиорол намжих байх. Тэр цагт харин Үндсэн хуулийнхаа тухай ярьж болно оо?