Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Хонгил устгах хууль уу? Хонгил солих хууль уу?

Өнгөрөгч баасан гаригийн Их хурлын чуулганаар УИХ-ын даргыг гишүүдийн олонхын саналаар огцруулах хууль батлагдлаа. Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, мөн УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүд ийнхүү батлагдсанаар энэ сарын 25-ны өдрөөс хэрэгжихээр болж байна. Үндсэндээ энэ долоо хоногийн баасан гаригийн чуулганы хуралдаанаар М.Энхболдыг Их хурлын даргын суудлаас огцруулна. Парламентын засаглалтай Монгол Улс анх удаа Их хурлын даргаа огцруулах хуулийг Төрийн тэргүүнийхээ өргөн барьсны дагуу баталж байгаа юм. Уул нь хуулинд тодорхой заасны дагуу дор дурдсан тохиолдолд УИХ-ын даргын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болно гэж хуульчилсан байдаг.

Үүнд 10.2.1-т нас барсан, 10.2.2-т өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их хурал хүлээн авсан, 10.2.3-т хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тул эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их хурал хүлээн авсан, 10.2.4-т Үндсэн хуулийн Цэц Улсын Их хурлын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их хурал хүлээн авсан, 10.2.5-т гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан гэх ийм таван тохиолдолд УИХ-ын дарга хугацаанаасаа өмнө огцрох хуультай. Тэгвэл зургаа дахь заалтыг Ерөнхийлөгч нь санаачилж парламент нь баталж байна.

Энэхүү хууль батлагдсанаар гишүүдийн олонх санал гаргасан тохиолдолд Их хурлын даргыг огцруулах бүрэн боломж нээгдэж байгаа. Монголын парламентад ердийн олонх 39 гишүүнээр хэмжигддэг. Тэгэхээр 39 гишүүний кнопоор л хууль тогтоох дээд байгууллага парламентыг удирдаж байгаа эрхмийг өөрчлөөд байх ийм л нөхцөл улс оронд бүрдэж байна. М.Энхболд гэж хүнийг огцруулах хууль батлахын төлөө үнэндээ бид улс орноо нураачихаа шахлаа. Улсын Их хурал 40 хоногийн хугацаанд хуралдсангүй. Ямар ч хууль хэлэлцэж баталсангүй. Ерөөсөө л МАНАН дэглэмийг нураан, шударга бусын хонгилыг устгаж нийгэмд шударга байдлыг тогтооно гэж сурталчлан зай завсаргүй орилолдсон.

Ер нь Их хурлын даргыг огцруулах асуудал өнгөрөгч жилийн наадмын үеэр жаран тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол хийнэ гэх тэр ярианаас эхэлсэн. М.Энхболд гэдэг хүн жаран тэрбум, МАНАН, шударга бусын хонгил гэх гурван “зүйлчлэл”-ээр Их хурлын даргын суудлаасаа огцорч байна. Үнэндээ Их хурлын даргыг огцруулах нэр бүхий гишүүдийн тэмцэлд ард түмэн итгэсэн. Тэд ч ард түмнийг итгүүлтэл хонгил устгана, шударга ёсыг тогтооно гэж зогсоо зайгүй сурталчилсан. Үүний үр нөлөөнд ард иргэд хоёр удаа жагссан, хорь гучин гэр барьж идэр есийн хүйтэнд тэмцэл суулт зарласан.

Шударга ёс тогтооно гэх гишүүдийн тэмцэлд итгэж үнэмшсэн захын нэг иргэн л “Энхболд зайлаад өгөөч” гэж бухимдалтай хэлж байна. Энхболд гэдэг хүн Их хурлын даргын сэнтийгээс зайлаад өгөх юм бол Монгол Улс диваажин болчих юм шиг бодож байна. Өргөн хэрэглээний барааны үнэ хямдраад л, Монголын төр иргэддээ хэрэгтэй зүйлийг нь үнэгүй тараагаад л. Ерөөс хүн бүхэн Энхболд л буучихвал жаргана гээд бодчихсон. Монголын нийгмийн бодит хөрс яг л ийм байна.

Харин М.Энхболдын талынхан Ерөнхийлөгчийн санаачилж оруулж ирсэн хуулийг айхавтар шүүмжилж байгаа. Парламентын дархлаанд маш муугаар нөлөөлсөн хууль, цаашлаад улс орны ирээдүйд сөрөг үр дагавартай, хор хөнөөл, урхагтай. Энэ хууль хэрэгжсэнээр парламентын засаглалын нэр хүнд шавар шавхайтай хутгалдана, УИХ-ын дарга олонхын буюу Ерөнхий сайдын утсан хүүхэлдэй болж, УИХ Засгийн газрыг хянаж чадахгүй болно. Хууль тогтоох дээд байгууллага парламентын дээр нам нь гараад сандайлаад суучихлаа, нам ямар бодлого барихыг парламентаа шахаад бүрэн шийдүүлдэг болох нь гэцгээж байгаа. Гэвч хууль батлагддагаараа батлагдаж, жам ёсныхоо дагуу хэрэгжихээр болж байна. Уг хуулийг Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын Их хурлын чуулганаар батлуулсан анхных нь хууль гэцгээж байгаа. Ерөнхийлөгч өмнө нь “Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох” хуулийн төсөл санаачилсан ч төсвийн байнгын хороо дэмжээгүй. Дараа нь төгрөгийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын улсын нөөцийг эзэмшин удирдах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиг үүргийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглаж валютын орлого олдог хуулийн этгээдийн мөнгөн гүйлгээ төлбөр тооцоог Монголбанк гүйцэтгэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох “Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг санаачилж Их хуралд хоёр ч удаа өргөн мэдүүлсэн талтай.

М.Энхболд огцроод өнөөх хонгил нь нураад шударга ёс нь тогтдог бол үүнээс сайн юм гэж юу байхав. Ер нь Энхболд огцорч байгаад харамсаад байх ч юм алга, баярлаад байх ч юм алга. Гол нь шударга ёсыг тогтооно гэж олон түмний итгэл үнэмшлийг хүлээсэн нөхдүүд хонгилоо нурааж эхлэх юм байгаа биз. Их хурлын шинэ даргаа томилоод эхний хуралдаанаараа шууд л ЖДҮ-гийнхээ асуудлыг хэлэлцээд явчихна байлгүй дээ. ЖДҮ-г халхлаад нийгмийг бухимдуулаад байсан хүн нь М.Энхболд байв. Одоо нэгэнт огцорчихсон учир халхавч байхгүй ЖДҮ-ийн асуудал ном журмын дагуу хэлэлцэгдэж шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг Их хурлын “шударга” нөхөд нь хүлээж аваагүй. Эхлээд М.Энхболдын асуудлыг хэлэлцэнэ гэдгээ хэлсэн. Тэгэхээр одоо ЖДҮ-тэй холбоотой гишүүдийнхээ асуудлыг шийдэх байлгүй. Нийгэм ч үүнийг хүлээж байгаа. Дээрх дөрвөн гишүүнийг авч үлдэх үндэслэлээ “мөрдөн шалгах явцад саад учруулаагүй” гэж гишүүд тайлбарлаж байсан. Тэгвэл саяхан дээрх дөрвөн гишүүнийг мөрдөж шалгах явцад саад учруулсан хэмээн АТГ-аас мэдэгдсэнийг бас ард түмэн харж л байгаа. Мөн Номтойбаярын мэдэгдсэнчлэн Ерөнхий сайдын дүүгийнх нь ЖДҮ-ээс авсан тэрбум 300 саяын асуудал хүлээгдэж байгаа. Тэгэхээр одоо Оюун-Эрдэнэ, Аюурсайхан, Батзандан, Болд нарын зарлаад байгаа сайн цаг ирэхийг харах л үлдлээ.

Харин сүүлд нь нэмээд хэлэхэд, Их хурлын даргыг огцруулах хуулийг хонгил устгах хууль уу, эсвэл хонгил солих хууль уу гэх эргэлзээ нийгэмд байна. Элбэгдорж Ерөнхийлөгч болоод Энхбаярыг баривчилсан. Одоо Баттулга гарч ирээд Элбэгдоржийг Таван толгойн асуудалтай холбогдуулж шалгана уу гэдгийг Ерөнхий прокурорт мэдэгдчихлээ. Тиймээс юмны наад цаад нарийн учир мэдэх хүмүүст “Шинээр хонгил үүсчих вий” гэх болгоомжлол төрөөд байгаа юм. Хэрвээ Монголын нийгэмд дараагийн шинэ хонгил үүсчихвэл парламент ёсоо сүйдэлж байж хууль батлуулсны хэрэг гарахгүй ээ.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал улс-төр

Хуучин хонгилын хаалт уу? эсвэл шинэ хонгилын нээлт үү?

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхий прокурор асан Б.Дорлигжавыг АТГ-аас баривчилсан нь шинэ он эхлээд өрнөсөн шуугиантай үйл явдлын нэг болов. Энэ баривчилгааг хүмүүс хэд хэдэн янзаар тайлбарлаж, өөр өөрсдийн таамгаа дэвшүүлж байна. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг сүр дуулиантай баривчилж, нэг сар хориод суллаад явуулсан шиг үйл явдал болно гэж хардах хүмүүс ч байна. Илт баримт нотолгоотой хэргийг ингэж чадахгүй гэж зарим нь үзэж байгаа. Ямартаа ч учир мэдэх хүмүүс “Шинэ хонгил нээгдлээ” гэж байхад нөгөө хэсэг нь “Хуучин хонгил хаалтаа хийж байна” гэж дүгнэж эхэлжээ. Үнэхээр Б.Дорлигжавын баривчилгаа нийгэмд ойлгомжгүй байдал үүсгэлээ. Яагаад гэдгийг нь харъя.

Б.Дорлигжав бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай тун ойрхон хүн. Ерөнхийлөгчийн хүн гэчихэж ч болно. МоАХ угшилтай. Тэрбээр зарим ярилцлагандаа “Би Ерөнхийлөгчийн явуулж байгаа бодлогыг дэмжиж байгаа” гэдгээ илэрхийлж байсан. Тэр ч бүү хэл, Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж байна гэдэг хүн.

АТГ-аас түүнийг авлигын хэргээр баривчилсан. Дарга нь Х.Энхжаргал. АТГ-ын дарга Х.Энхжаргалыг М.Энхболд тавьсан гэсэн тэмцэл өрнөөд худалч хүнд Монголын төр бараг хагас жил таг зогслоо. Тэд Шударга бусын хонгилыг нураана гэж тэмцэж байгаа. Тэмцэгчдийн ярьж байгаагаар Шударга бусын хонгилын эзэд нь М.Энхболд, Ц.Элбэгдорж, Х.Энхжаргал тэргүүтнүүд гэдэг. АТГ-ынхан Б.Дорлигжавыг баривчилж хорьсноор хуучин хонгилын эзэд Ерөнхийлөгчийг айлгах, түүнд ямар нэгэн дохио өгөх ажиллагаа явууллаа гэж уншигдахаар байна. Энэ хүртэл ингээд ойлгомжтой үйл явдал өрнөж байгаа юм. Гэтэл огт ойлгомжгүй, гайхмаар нэг юм гараад ирсэн нь “С1” телевиз. Б.Дорлигжавыг баривчилахаар гэрт нь нэгжлэг хийж байх яг тэр үеэр Ерөнхийлөгчийн гэгдэх С1 телевизээр “Алтан Дорнод”-ын Т.Ганболд ярилцлага өгөөд эхэлсэн. “Наадах чинь прокурор байхдаа ингэж шантаажилж, ингэж мөнгө дээрэмдэж авсан шүү” гээд бараг хуруугаараа өөр рүү нь чичлээд сууж байсан. Зохион байгуулалттай гэмээр энэ үйл явцыг харахаар, байдал өөр болжээ гэмээр харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Шинэ хонгил бий болжээ гэж ойлгогдож байна. Шинэ хонгилын нээлт сүр дуулиантай эхэллээ гэж харагдахаар байна.

Үйл явдлыг дээрх хоёроос өөрөөр тайлбарлах гаргалгаа ч бас байна. Хуулийнхан хэний ч заавраар биш, өөрсдөө бие дааж ийм үйл ажиллагаа явуулж байж бас болно. Эрх баригчид хоорондоо хэрэлдэж, хүч нь сулрахаар барим тавим ийм баримттай хэргийг хуулийнхан өөрсдөө бие дааж шийддэг. Үүний том жишээ бол Гаалийн Х.Баатар. Түүнийг баривчилж, шалгах, хорих, шийтгэх ажиллагааг хуулийнхан хэн нэгний даалгавраар биш өөрсдөө хийсэн. Улайм цайм идэж уугаад, илт давраад байхаар нь хэрэг үүсгэн шалгасан гэдэг. Үүн шиг үйл явдал болсон ч байж мэднэ. Орондоо орох завгүй олзлон байлдах гэдэг шиг эрх баригчид гэртээ харих завгүй хэрүүл зарга хийж, наагуур цаагуур уулзан гүйцгээж байна. Тэдний ийм завгүй тэмцлийн араар шуугиантай гэмт хэргийг нийгэмд ил гаргаад цацчихаар аль ч хонгилынхон өмөөрч чаддаггүй.

Б.Дорлигжавын баривчилгааг тойрсон үйл явдал ийм олон таамаг, гайхширал төрүүлж байна. Б.Дорлигжавыг баривчлаад цаашид үүнээс ч том баривчилгаа хөвөрнө гэх хардлага, таамаглал ч зэрэгцээд цацагдаж эхэллээ. Энэ бүхнийг алийг нь ч бодит, үнэн зөв гэж нэг талд нь гарах арга алга. Гэхдээ аль нь ч үнэн байлаа гэсэн маш харгис үйл ажиллагаа явагдаад өнгөрлөө гэдгийг хэлэх хэрэгтэй. Яагаад харгис гэхээр түүнийг баривчлах ажиллагаа хүн ёсны үүднээс харвал элэг эмтрэм, өр өвдөм дүр зураг бууж байна. Гэрт нь нэгжлэг хийж, байцааж байсан цаг хугацаа, үйл явдлыг хараад байхад Б.Дорлигжавын гэрт ийм үйл явдал өрнөж байсан болов уу гэж тааж байна. АТГ-ын хоёр комиссар Б.Дорлигжавын хоёр талд нь суугаад зурагт асаан C1 дээр сувгаа тааруулна. Бусад нь гэрийг нь онгичон нэгжиж байсан биз. С1 телевизээр шууд л Б.Дорлигжав руу хандан “Алтан Дорнод”-ын Т.Ганболд “Заяа чинь тэр дээ, ганц охиноороо сор залсан чинь. Миний мөнгө чамд гай болсон шүү” гэж чичилж эхлэх өр өвдөм дүр зураг харагдаад болдоггүй. Хүний мөн чанар ингэтлээ доошоо унаа юу гэмээр дүр зураг. Энд гэмт хэрэг, авлигал, дээрмийн асуудлыг ярьсангүй, өмөөрсөнгүй. Зүгээр л хүнийг яллахдаа хамгийн эмзэг, хамгийн ариун нандин үр хүүхэд рүү нь халдаж, тавлаж, үхэл хагацлаар нь даапаалж байгаа нь аймшигтай харгис харагдаж байна. Монголын сэтгүүл зүй Б.Дорлигжав гэж хүнтэй дайсан биш, анд нөхөд ч биш. Шүүмжлэхдээ шүүмжилж, дуугарахгүй гэсэн зүйлээ ч өнгөрөөж байсан. Ялангуяа охиныг нь өнгөрөхөд бид “Золгүй, харамсалтай явдал боллоо” гэж халаглаж байсан юм шүү.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Бас л нэг баланкан дээрх гарын үсэгт барьцаалагддаг албан тушаал бий болох нь ээ

Өнгөрсөн 28 жилийн түүхэнд Улсын Их хурлын дарга бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө буусан тохиолдол Монголын парламент ёсонд хоёрхон бий. Эхнийх нь 2000 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентыг даргалж байсан Л.Энэбиш гуай нас барсан. Дараагийн тохиолдол нь одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Их хурлын дарга байхдаа Үндсэн хууль зөрчсөн учир хугацаанаасаа өмнө огцорсон. Дээрх хоёр тохиолдлоос бусад үед Их хурлын дарга нар албан үүргээ дөрвөн жилийн сонгуульт хугацаандаа бүрэн гүйцэтгэсэн байдаг. Харин Н.Энхбаяр 2004 оны сонгуулийн дараа Их хурлын дарга болж улмаар 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин ялалт байгуулж байсан.

Тэгвэл 1990 оноос хойших 28 жилд Монгол Улсын Засгийн газар 17 удаа солигдсон билээ.

Засгийн газар ийнхүү 17 удаа солигдож, үүнээс 10 Ерөнхий сайд хугацаанаасаа өмнө огцорсон. Үндсэндээ П.Жасрай, Н.Энхбаяр хоёр л дөрвөн жилийн хугацаагаа бүрэн дуусгасан юм. Бусад үед Засгийн газар хэдхэн сарын нүүр үзээд огцорч байсан. М.Энхсайхан, Н.Алтанхуяг нарын хоёр жилийн хугацаатай Засгийн газар урт хугацаанд ажилласан гэдэгт нь багтах жишээний. Засгийн газар ийм тогтворгүй, харин парламент нь тогтвортой байхын гол нууц Монгол Улсын Үндсэн хуулинд байгаа. “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж Үндсэн хуулиндаа зааж өгсөн. Ерэн хоёр оны шинэ Үндсэн хуулиараа дархлан баталгаажуулж өгсөн парламент ёс бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа юм. Дэлхийн улс төр судлалын нэртэй эрдэмтэн судлаачид “Парламент ёс бол тухайн улс орны өнө мөнхөд орших тусгаар тогтнолынх нь баталгаа мөн” гэж баримт нотолгоотойгоор хэлсээр ирсэн.

Ингэж шинэ Үндсэн хуулийг баталсан эрхмүүд парламент ёсыг тогтвортой байлгахыг тал бүрээс нь бодож баттай суулгаж өгчээ. Хэрвээ парламент засаглал тогтворгүй байвал Монголын төр ямар ч дархлаагүй, бат суурьгүй ганхаж эхэлнэ гэдгийг төрийн албанд бүхий л насаараа зүтгэсэн эрхмүүд, төр нийгмийн нэртэй зүтгэлтэн, эрдэмтэн профессорууд сайтар мэдэрч байжээ. Тиймийн учир парламент засаглал руу яаж ч дайрч, юугаар ч цохиж далайлгасан Монгол төр унахааргүй, монгол төрийн бат бэх байдалд алдахааргүй ийм л хуулийн заалтуудыг Үндсэн хуулиндаа тов тодорхой тусгаж өгсөн байна.

Ухаандаа, Монгол төрийн хууль тогтоох дээд байгууллагаа Улсын Их хурлыг даргалж байгаа хүн нас барсан, эрүүл мэндийн шалтгаан, өөр ажилд шилжин ажиллах, гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон талаарх хууль шүүхийн байгууллагын тогтоол шийдвэр гарсан, мөн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсан тохиолдолд огцорно гэж заасан. Эдгээр заалтаас бусад үед огцорвол хууль бус болно гэж баталгаажуулж өгсөн юм.

Харин Монголын парламент ёсны энэ дархлаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан хуулиар эцэс болох нь ээ дээ, янз нь. Х.Баттулга Ерөнхийлөгч “УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг огцруулах тухай саналыг УИХ-д албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлнэ”, “Хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө” гэсэн хуулийн төслийг Их хуралд өргөн мэдүүлээд байгаа. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд Засгийн газрын зүгээс хоёр санал өгсөн байна. Тэр бүрийг хуулийн төсөлдөө тусгаснаа мэдэгдсэн. Засгийн газрын санал нь маш тодорхой. “УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг албан ёсоор тавьж тогтоолын төслийг өргөн мэдүүлснээр УИХ хэлэлцэн ёсоор болгосон бол чөлөөлнө” гэсэн заалт байна. Ийнхүү Монголын парламентын дархлаа алдагдаж, өнө мөнхөд оршин тогтнох тусгаар тогтнолынх нь баталгаа ганхаж эхлэв бололтой.

28 жилийн хугацаанд 17 удаа Засгийн газар солигдсоны гол учир нь Ерөнхий сайдаа огцруулъя гэж шийдсэн УИХ-ын гишүүн албан баланкан дээрээ гарын үсэг цуглуулаад л гүйцээ. Ерөөсөө л албан баланкан дээрх гишүүдийн гарын үсэг л засгийн хувь заяаг шийддэг. Хэрвээ УИХ-ын гишүүдийн олонх Их хурлын даргыг огцруулна гэх хуулийн төслөөр цаашид Монголын төр явбал ямар янзын дүр зураг харагдах нь ойлгомжтой. Их хуралд дунджаар 25 гишүүнтэй сөрөг хүчин байя гэж бодъё. Сөрөг хүчний намын нөхөд дургүйгээ хүрэхээр бүгд гарын үсэг зураад Их хурлын даргаа огцруулна гэж дайрна. Эрх барьж буй намд урвагч гэсэн нөхөд бичигдээгүй хууль шиг байдаг.

Аль ч засгийн үед 13 урвагч ёс мэт байсан. 1996 оны Ардчилсан засгийн үед До.Ганболд тэргүүтэй хөдөөгөөс сонгогдсон 13 нөхөр эрх баригч намынхаа эсрэг ажиллаж сөрөг хүчин болж байсан. Дараа нь хуучны “ху” одоогийн Ардын намын үед Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Д.Одбаяр, Л.Пүрэвдорж, Т.Ганди, А.Цанжид, Ч.Авдай нарын 13 нөхөр М.Энхболдын Засгийн газрыг сөрөг хүчинтэйгээ нийлээд унагаж байсан. Улс төрийн хонзогнолын эзэд болсон “Элсний 13”, “Хотын 13” одоо тэгээд “ЖДҮ-гийн 13”, “Их хурлыг бойкотолсон Засгийн газрын 13” гээд олон тодотголтой урвагчид байсаар байна. Сөрөг хүчний 25 гишүүн дээр, эрх барьж буй намын 13 урвагч нэмэгдэхээр төрийн хувь заяа ойлгомжтой болоод ирнэ. Их хурлын даргыг унагах процесс Ерөнхий сайдыг огцруулахаас амархан болоод ирнэ.

Ерөнхий сайд яг цагаа тулах юм бол өөрийн гишүүн сайдуудтай, хамгаалагчидтай байдаг. Их хурлын даргад тийм өмөөрч хамгаалаад улаан нүүрээрээ хаацайлж дайраад байх хүн байхгүй. Ерөнхий сайд шиг хэн нэгэнд сайдын зөөлөн суудал амлаж албан тушаалд томилдоггүй болохоор тэр. Ийм л бодит дүр зураг харагдаж байна. Үүний үр дүнд Их хурлын даргыг огцруулна, огцруулахгүй гэсэн төрийн хямрал мөнхөд үргэлжилнэ. Парламент ёсны гол тулгуур болсон спикер хамгийн сул дорой, сөрөг хүчнийхээ намын барьцаанд байдаг, хэнд ч хэзээд хүссэн хуулийг нь баталж гаргаад өгөхдөө тулсан, жинхэнэ шүдгүй арслан болж хувирна. Юун төрт ёс, төр оршихуйн баталгаа байх вэ. Захын нэг гишүүн нохой шиг боорлож, чамайг огцруулна даа гэж өмнөө суулгаж байгаад гөлөгнүүлж байдаг ийм өрөвдөлтэй, өчүүхэн, хамгийн хэврэг албан тушаал болох нь мэдээж.

Тэгэхээр Монголын парламент одоо Ерөнхийлөгчийн барьсан хуулийг батлахгүй байх хэрэгтэй. Эсвэл М.Энхболд парламент ёсыг хамгаалж, өөрийгөө золигт гарган огцрох өргөдлөө өгөх хэрэгтэй. Тэгвэл энэ хуулийг батлах, цаашид хэрэгжүүлэх шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл, М.Энхболдын асуудлыг хэлэлцэн огцруулах шийдвэр гарсны дараа уг хуулийг хүчингүй болгох ийм л гаргалгаанууд харагдаад байна. Эцэст нь хэлэхэд, Монголын төрийг барьж байгаа Монгол ардын нам, Ардчилсан нам, Ерөнхийлөгч өө, та нар Монгол төрд ямар өстэй болоод Монгол төрийг доройтуулах, гутаан доромжлох ажлыг байнга хийгээд байдаг юм бэ. Монгол төр тогтвортой байж Монгол Улс өнө мөнхөд оршин тогтнох нь та бүгдэд огтоос хэрэггүй юм гэж үү?

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Б.Энхбаяр: “Танай намынхнаар дамжуулж чамайг зайлуулна” гэж нөлөө бүхий хүн хэлсэн нь биелж байна

Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяртай ярилцлаа.


-Ажлаасаа чөлөөлөгдсөнөө сошиалаас мэдсэн гэсэн. Өөрт чинь албан ёсоор хэлээгүй юм уу?

-Хэлээгүй.

-Хэзээ нь мэдсэн юм?

-Тэр өдөртөө сошиалаас мэдсэн.

-Тэрнээс хойш Ц.Нямдорж сайдтай уулзсан уу?

-Уулзаагүй.

-Ажлаа өгөхөөс чинь өмнө нь хоёр ч удаа уулзсан гэж Ц.Нямдорж сайд ярьсан байсан. Тэр уулзалтын үеэр юу гэж ярьсан юм?

-Ер нь бол ажлаа өгчих гэж хоёр байтугай удаа хэлж байсан. Өөрөө өргөдлөө өг өө гэж.

-Намын Бага хурлаас бүр өмнө үү?

-Бүүр өмнө. Ноднин жилийн зунаас.

-Зүгээр л ажлаа өг гэж хэлсэн гэж үү. Ямар нэг шалтаг, шалтгаан хэлээгүй юм уу?

-Үгүй. Ер нь бол муудалцаад байгаагүй шүү дээ. Хамгийн анх санал зөрөлдөж, ажлаа өг гэдэг яриа болсон нь Эрдэнэтийн 49 хувийн шүүх хуралтай холбоотой. Би Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Ерөнхий сайдын захирамжаар томилогдон шүүх хуралд хариуцагчаар оролцож байсан хүн шүү дээ.Тэр шүүх хуралд намайг Ц.Нямдорж сайд “битгий оч” гэдэг байсан юм.

-Шүүх хуралд яагаад очиж болохгүй гэж?

-Сонин байгаа биз дээ. 49-ийг төр зуун хувь авсан шийдвэр чинь 2017 оны эхний улиралд УИХ, Засгийн газраас шийдээд /өмнөх Засгийн газрын үеийн юм ярьж байна шүү/ тэгээд дараа нь шүүх хурал болсон. Тэр үеэс Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хоёр жил ажиллачихлаа. Өмнөх Засгийн газрын шийдвэртэй холбогдолтой асуудал дээр бол Дээд шүүхийн Иргэний танхимын нэг шийдвэр, Захиргааны хэргийн танхимын нэг шийдвэр гарсан байдаг юм. Иргэний шүүх дээр нь Засгийн газрыг хариуцагчаар татаагүй. Тэр утгаараа Төрийн өмчийн хороо, Бүртгэлийн байгууллага хоёр хариуцагчаар оролцож байсан. Захиргааны шүүх дээр Засгийн газар хариуцагчаар татагдаж байсан. Тэгэхэд нь би орсон. Өмнөх Засгийн газрын шийдвэртэй холбоотой асуудал дээр бол 2017 оны намар Дээд шүүх дээр би ялсан. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод анхан шатанд дахин буцаасан. Тэгээд 2018 оны нэгдүгээр сард шинэ Засгийн газар гарч ирээд дахиж шийдвэр гаргасан. Дахиад л шүүхийн маргаан явсан. Нямдорж сайд өөрөө намайг Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллуулъя гэж санал гаргасан байсан. Анхан шатны шүүх хурал хоёрдугаар сард маргаан үүсгэн явж байгаад зургадугаар сард болсон. Аль болох хугацаа хожих чиглэл Засгаас явж байсан. Би анхан шатны хурал гэхэд гурван сарын хугацаанд “барьсан” гэсэн үг.

-Чиглэлийн дагуу юу…

-Хуулийн дагуу, хойшлуулах бүхий л талын арга хэмжээ авсан. Тэгээд яг оролцох болтол битгий оролц гээд байдаг.

-Ц.Нямдорж сайд уу?

-Тийм.

-Тэгэхээр нь зөрөөд очсон уу?

-Очихгүй бол шүүх хурал болдгоороо л болно шүү дээ. Ирээгүй тохиолдолд нөгөө талд ашигтайгаар шийдвэрлэх зарчим хуульд бас байна. Тэгэхээр очиж үндэслэл юмаа хамгаалах ёстой биз дээ. Тэрнээс болж зөрөлдсөн юм.

-Зөвхөн очих, очихгүйгээс болоод уу?

-Тийм. Битгий оч гэхээр нь би “Би бол Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч. Яамных биш. Хоёрдугаарт, би салбарын сайдын биш, Ерөнхий сайдын захирамжаар томилогдсон. Хэрвээ очуулахгүй гэж байгаа бол надад “Битгий оч” гэсэн шийдвэр гаргаж өг. Эсвэл намайг болиулж өг. Тэрнээс биш би одоо манай сайд амаар ингэсэн юм аа гээд очихгүй байж чадахгүй ээ. Тайлбараа хэлнэ. Сүүлд нь яагаад очоогүй гэхээр би таныг хэлээд зогсож байх юм уу. Хүн ч итгэхгүй. Албан ёсоор Засгийн газраар хэлэлцүүлж, чиглэл өг” гэдэг асуудал тавьсан. Тэгээд ч энэ УИХ-ын шийдвэртэй, бүх ард түмний эрх ашгийг хөндсөн, маш том луйврын хэрэг учраас сүүлд нь шүүх хуралд яагаад очоогүй юм бэ гэдэг асуудал үүсэхэд та биш би л хариуцлага үүрч таарна. Та өөрөө Засгийн газарт үүнийг танилцуул аа. Хэрэв танилцуулж албан ёсоор надад үүрэг өгүүлэхгүй бол би шүүх хуралд очдогоороо очиж, байлддагаараа байлданаа л гэсэн. Тэгээд хуралд оролцсон. Ялагдсан. Анхан шатанд намайг аль 12 жилийн өмнө яаманд ажиллаж байх үед цуг ажиллаж байсан гээд шүүгчийг нь болиулаад яг тэр 49-тэй холбоотой асуудал дээр Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан хүнийг шүүгчээр оролцуулсан. Асуудал нөгөө талдаа гарах нь нэлээд ойлгомжтой байлаа. Шүүгчээс татгалзаад хүлээж аваагүй. Ер нь энэ хэрэг дээр шүүх хэт нэг талыг барьж ажилласан. Наад зах нь л бидний шүүх хурал дээр ярьж буй үг, үндэслэл, ньюансуудыг шүүхийн шийдвэртээ бүрэн оруулахгүй, хасдаг, үнэлэлт дүгнэлт өгдөггүй. Бүр сүүлд хуулийн байгууллагууд дээр шалгагдаж буй гэмт хэргийн шинжтэй ноцтой баримтуудыг шүүхэд өгөхөд хүлээж авалгүй шууд буцаах жишээтэй. Ингээд шүүх дээр анх ялагдсан чинь Ц.Нямдорж сайд “Чи очсоноос болж ялагдлаа. Тиймээс чи өөрөө өргөдлөө өг. Яв” гэсэн. Шахалт гэх юм уу, тэр үеэс эхлэлтэй.

-Тэгээд өргөдлөө өгсөнгүй

-Юу гэж өгөхөв. Би яасан гэж өгөх ёстой юм.

-Эхний шахалт тэр байж. Хоёр дахь гэж байна уу?

-Дараагийнх нь их сонин юм ярьсан. Ер нь бол айлгах гэх юм уу, юу гэх юм. Тийм байдлаар хоёр дахь удаадаа хандсан.

-Тэр нь юутай холбоотой байсан юм….

-Хоёр дахь нь ингэсэн юм. Өнгөрсөн намар л даа. “Чи ер нь өргөдлөө өг.Чиний талаар маш өндөр түвшинд маш ноцтой асуудал яригдаж байгаа” гэсэн. Миний нүд орой дээрээ гардаг юм байгаа биз дээ. “Юу вэ” гэж асуулаа. “Чи энэ С.Зоригийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хууль дээр өөрчлүүлэх ажлыг Их хуралд нууцаар зохион байгуулсан байна. Чиний талаар ингэж маш ноцтой яригдаж байна” гэдэг юм байна. Би “Энэ чинь одоо юу яриад байнаа. Юун Зоригийн хэрэг. Би 1998 онд оюутан, сургууль төгсөж байсан хүүхэд. Намайг захиалагч ч гэх гээд байгаа юм уу. Ёстой цочдог юм билээ. Сүүлдээ бүр намайг хүртэл ийм ноцтой хэрэгт хамаатуулж, олон хүнд бүлт бүлт үсэрч амласан амлалтаа бухаж займчих гээд байгаа юм уу, яах гээд байгаа юм. Өөрөө л захиалагчийг зарлана гэж том том амлаж гарч ирсэн хүн шүү дээ. Тэр нь бүтэлгүй болохоор сүүлдээ буруутан нь би болох ёстой юм уу хаашаа юм. Би өөрөө Эрүүгийн хуулийг боловсруулах ажлын хэсгийг яаман дээр ахалж байсан хүн. Их хурал дээр юу болж байсныг бүгдийг нь мэднэ шүү дээ. Жил хагасын өмнө юу болж байсныг би мартахгүй. Би шууд хэлсэн. “Уучлаарай, хөөн хэлэлцэх хугацааг Засгийн газар өөрчлөөгүй. Их хурал өөрчилсөн. Та нар өөрсдөө өөрчилсөн. Тэгж ярих юм бол Эрүүгийн хууль батлагдаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн эцсийн хэлэлцүүлгийн үе шатанд байнгын хороон дээр гишүүд санал гаргаад та нар өөрсдөө хөөн хэлэлцэх хугацааны зарчмыг нэг нь ч эсэргүүцэхгүйгээр баталсан. Байнгын хороон дээр хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх ёстой гээд та нар өөрсдөө хэлж байсан. Бүгд протоколтой байгаа. Би тэр үед байнгын хорооны хуралд сууж байхдаа эсэргүүцэж, “Ингэж болохгүй” гэж хэлж л байсан. Микрофонд үг хэлье гэхэд үг хэлүүлээгүй. Одоо тэр байнгын хороо, чуулганы хуралдааны протокол бүгд видео дүрстэй болон цаасан дээр байгаа. Ийм ноцтой асуудлаар намайг буруутгасан учраас үнэхээр тэвчээгүй. Ажил ярьж шүүмжлэх бол байдаг л зүйл. Гэтэл аймшигтай гэмт хэрэгт холбогдуулж бухаж байгаа байхгүй юу. Ийм юмыг би яаж хүлээн зөвшөөрөх вэ дээ. Тэгээд ч С.Зориг чинь манай нутгийн хүн. Ардчилсан хувьсгалын эцэг. Миний санаанд багтахгүй байгаа байхгүй юу. Сүүлдээ Их хурлын тамгын газраас би бүх протоколыг олж авсан. Ер нь ингэхгүй бол сүүлдээ тоглоом биш юу ч гэж ярьж бухаж бултаж мэдэх юм байна гээд. Өөрсдийнх нь хэлж ярьж байсан үг бүгдийг нь би протоколоор авсан.

-За ингээд хоёр удаа шахаж. Гурав дахь удаагаа шахалт ирсэн үү?

-Хүүш ээ, энэ ер нь нэг л их ажлаа өгөөд гомдсон ялархсан юм шиг яриа болох нь ээ. Би өөрөө улс төрийн албан тушаалтан байсан хүн. Улс төрийн хүн ажил өгөхөд хуулийн ямар нэг үндэслэл шаарддаггүй. Би ч өөрөө олон л ажил хийж байсан, өгч байсан. Ирдэг, явдаг. Улс төрийн шийдвэр гарсан. Хүндэтгэлтэй ажлаа өгөөд л явсан. Төр хүнээр дутдаггүй юм. Нам л харин хүнээр дутдаг. Хийхээр зорьж байсан хуулийн ажлаа ярья гэж бодсон юмсан уг нь.

-Тэгээд намынхаа Бага хурал дээр хэлсэн үгтэй чинь холбоотой ажлаа өглөө гэж мэдээлэл их явсан. Нямдорж сайд бол нам дээр хэлсэн үгтэй нь холбоогүй гэсэн.

-Намын бага хурал дээр хэлсэн үгний дараа нэг дэх өдөр нь сайд “Ажлаа өг, боль” гэсэн.

-Дэлгэрэнгүй ярьж болох уу?

– Чи УИХ, улстөрчдийг шүүмжилдэг хэн бэ гээд л. Ер нь бол мань хүнийхээр бол би дуугүй л байх ёстой хүн байхгүй юу. Урьд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийж буй хууль, зарчимтай холбоотой юм ярихад “Юу яриад байгаа юм. Яах гээд байгаа юм гэдэг” л байсан. Монголд хуулийг нэг л хүн ярьдаг байх ёстой гэдэг зарчимтай. Шударга ёсыг хувьдаа өмчлөөд авчихсан гэмээр ч юм уу. Хувь хүнд хувьчлагдсан шударга ёс одоо хаа ч байхгүй ээ. Хуулиар засагласан шударга ёс л гэж бий. Энэ бол Үндсэн хуульт ёс. Энэ бол ардчилал. Энэ бол эрх зүйт нийгэм.

-Нямдорж сайд “Дэд сайд хүн сайдын бодлогоо дагаад л байж байх ёстой” гэж хэлсэн. Та сайдын бодлогоо дагаагүй юм уу?

-Засгийн газрын болон сайдын баримталж байгаа бодлогыг эсэргүүцсэн удаа байхгүй. Миний хувьд хууль зүйн бодлого, гадаад харилцаагаа хариуцаж байсан. Сүүлийн хоёр жилд 15 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй буцалтгүй төсөл хөтөлбөр гаднаас оруулж ирсэн. Үр дүн нь зарим нь гарсан, зарим төсөл нь яг гарын үсэг зурагдан эхэлж байсан. Жишээ нь, улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хүрээнд 15 нэг цэгийн үйлчилгээний болон хохирогчдыг хамгаалах байртай болно. Улсын төсвөөс ямар ч мөнгө гарахгүй, бас буцааж төлөх зээл ч биш. Эхнээсээ 5 байр нь ашиглалтад ноднин намар, өвөл орлоо. Ноднин гэхэд Эрүүгийн багц хуулийн нэмэлт, Хар тамхитай тэмцэх хуулийн шинэчлэл, Шашин, Төрийн бус байгууллага, Төрийн ба орон нутгийн өмчийн багц гээд арав гаруй хуулийн төслийг яамныхаа болон салбарынхаа шилдэг судлаач, мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулсан. Бүгдийг нь боловсруулж сайдынхаа ширээн дээр бэлэн болгож тавьсан. Сайдын ширээнээс цаашаа л явахгүй байгаа болохоос. Өөрөө ч хууль явуулдаггүй, өрөөлийг ч явуулдаггүй. Болж байна ч гэдэггүй, болохгүй байна ч гэдэггүй. Надад дутуу харсан юм бий, бий. Жишээ нь, Шашны хууль дээр сайжруулах асуудал их бий. Үндэсний аюулгүйн зөвлөл, судлаачдаас олон чухал санал ирсэн. Бүгдийг нь хүлээж авч тусган сайжруулж байсан. Дутуу бодлоо гэхэд шүүж сайжруулаад урагшлах ёстой болохоос харлуулж гацаагаад гар хумхиад суумааргүй. Шашнаа хар л даа. Юу ч хийхгүй, зохицуулахгүй, шүүмжлэлээс айж суусаар байтал улс орон, хүүхэд залуус чинь эзлэгдлээ шүү дээ. Энэ нь болохгүй байнаа, энийг ингэж хийх ёстой гэсэн чиглэл өгөгдөөд тэрийг нь өөрөөр хийсэн юм уу, эсэргүүцэж ярьж байгаа бол сайдын бодлогыг эсэргүүцсэн гэгдэнэ шүү дээ. Тийм юм бол байхгүй. Тэрийгээ би төрийн албанд арван тав, зургаан жил ажилласан хүн мэднэ шүү дээ.

-Дэд сайд мөртлөө улс төр яриад, сошиалд янз янзын юм бичээд байдаг гэж Ц.Нямдорж сайд ярьсан байна лээ. Та үндсэн ажлаа хийхгүй сошиалд их цаг зарцуулаад байсан юм биш үү?

-Сошиалд хаяггүй улстөрч гэж орчин үед байхгүй. Тэр тусмаа манай улс чинь 3.2 сая хүнтэй. Фэйсбүүк хэрэглэгч нь 2,8 сая. Бараг нялхас, хүүхдээсээ бусад нь сошиалд хаягтай, байр сууриа илэрхийлдэг болсон. Хамгийн их мэдээлэл олж авч байгаа талбар сошиал сүлжээ болсон. Ерөнхийлөгчөөсөө эхлээд Их хурлын гишүүд бүгд л сошиалд байдаг. Тэр тусмаа хуулийн бодлого боловсруулах ажил хариуцаж байгаа хүний хувьд уг асуудлаар байр суурь илэрхийлэх, иргэдийн санал бодлыг авах, сайн мууг мэдэх, тандах, хэлэлцүүлэх бол байх шүү дээ. Зарим буруу бодож байгаа зүйлээ хүмүүсийн санал шүүмжлэлийн үр дүнд мэдэж, бага дээр нь засч ч байсан. Тэр бол ажлаас явуулах үндэслэл биш л дээ.Ц.Нямдорж сайд өөрөө надад “Чиний жиргээ хүнд их сайн хүрэх юм аа. Чи ингээд жиргэчих. Би хараад байж байя” гэж байсан л хүн шүү дээ.

-Өөрөө таныг жиргэчих гэж гуйж байсан гэж үү?

-Тийм, тэгэхээр тэр бол үндэслэл биш. Яг үндэслэл гэж ярих юм бол нэлээд эртнээс эхтэй. Бүр тодруулбал 2016 оны наймдугаар сард томилогдчихоод би ажлаа аваад өрөөндөө ч орж амжаагүй байхдаа маргааш нь Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томилогдож ажилласан юм. Гурван долоон хоногийн хугацаатай шалгаж, Засгийн газарт дүнгээ танилцуулах үүрэг өгөгдсөн. Асуудлын үндсэн шалтгаан тэндээс эхтэй гэж бодож байна.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ШАЛГАЛТААР 1.3 ИХ НАЯДЫН ЗӨРЧИЛ ИЛЭРЧ БАЙЛАА

–Яагаад…

-Хөгжлийн банкны шалгалт маш өргөн цар хүрээг хамарсан ноцтой асуудал руу орсон. 1.3 их наяд төгрөгтэй холбоотой зөрчил илэрсэн. Жаран тэрбум гэж яриад байгаагаас хорь дахин их мөнгөний асуудал яригдаж байна шүү дээ. Улаанбаатар хотын гэр хорооллын бараг айл болгонд приус машин авч өгөх хэмжээний мөнгө. Тэгэхээр их мөнгөний асуудал байгаа биз. Энэ дотор Төмөр замын хэрэг ч байгаа.

-Нөгөө нэг овоолсон шороо гэгдээд байгаа баригдаагүй төмөр замын асуудлыг ярьж байна уу?

– Мөнгө нь Хөгжлийн банкнаас гарсан шүү дээ. Асуудал эндээс эхтэй гэж бодож байгаа.

-Ц.Нямдорж гуай таныг ажлаас чөлөөлөхтэй төмөр замын хэрэг яаж холбогдож байгаа юм?

-Шалгалтын явцад надад ямар ч албан тушаалтан, хэн ч нөлөөлж байгаагүй. Энийг би хариуцлагатай хэлье. Шалгалтын дүн ноцтой гарсан. Тийм ч учраас Засгийн газрын хуралдаанаар хаалттай сонссон юм. Их хурал дээр ярьсан. Намын бүлэгт танилцуулж байсан. Мөн л хаалттай. Тийм учраас энэ шалгалтын дүнгийн талаар дэлгэрэнгүй ярьж чадахгүй болчихсон юм. Яагаад гэхээр хаалттай хурал дээр танилцуулчихаар улсын нууц болчихож байгаа юм. Тэгэхээр би ямар нэг юм ярихаар нууц задалсан гэмт хэрэг үйлдчих гээд байдаг.Одоо ер нь энэ хаалттайгаар танилцуулсан материалыг ил болгоход ямар нэг асуудалгүй байх хугацаа болсон. Тэр шалгалтын олон зуун хуудас дүгнэлтийг Засгийн газар ил болгох нь зүйтэй байх. Тэгвэл ярихад ч амар байна. Тухайн үед хаалттай танилцуулах учир шалтгаанууд байсан. Яагаад гэхээр Хөгжлийн банк санхүүгийн хувьд үндсэндээ дампуурсан байсан. Дампуурсан гээд хэлэх гэхээр манай банк санхүүгийн системд бүхэлдээ сөргөөр нөлөөлөх үр дагавартай байсан юм. Одоо тэр үеийн нөхцөл байдал санхүүгийн хувьд арилсан. Хөгжлийн банкны бүх санхүүгийн үзүүлэлт дээшилсэн. Хяналттай болсон. Шинэ хууль гарсан. Шалгаж байхдаа ийм зөрчил дутагдал гарах нөхцөлийг бүрдүүлсэн хууль зүйн шалтгаан байгааг тогтоосон. Хуулийг нь боловсронгуй болгохгүй бол дараагийн удаа дахиад энэ зөрчил үргэлжлэх юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тиймээс хуулийг нь маш хурдан шинэчилж баталсан. Гол концепци нь зээл олгоход гарч байсан улс төрийн нөлөөллүүдийг бүгдийг нь авч хаясан. Их хурал, Засгийн газар ямар санхүүжилт авахыг нь шийддэг байсныг бүгдийг болиулсан. Тэд зөвхөн стратегийн үйл ажиллагааны чиглэлүүдийг нь заагаад, харин Хөгжлийн банкны удирдлага нь өөрөө зээлээ, эргэн төлөлтөө толгойгоороо хариуцах ёстой болгосон. Хэрвээ буруу ажиллаж, санхүүгийн зээл олгосон бол тэр удирдлага өөрөө толгойгоороо хариуц. Тэрнээс биш улстөрчдийн юм уу Засгийн газрын даалгавар биелүүлээд хэн нэгэн хүн сүүлд буруутан, гэмт хэрэгтэн болж болохгүй. Өөрөө толгойгоороо хариуцдаг, өөрөө эрсдэлээ даадаг тийм хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн. Тэр үед шалгалтын зөрчил дутагдалд орсон нөлөө бүхий нэг хүн шалгалтын дүнгийн дараа надтай Төрийн ордонд таараад хэлж байсан юм. “Чамайг намынхнаар чинь дамжуулж үгүй хийнэ ээ” гэж. Нэг ёсондоо танай намынхнаар дамжуулж чамайг зайлуулна аа гэж хэлсэн. Тэр хэлсэн нь явсаар байгаад бодит болж байна.

-Танай намын хүн биш, тэгээд нөлөө бүхий, төмөр замын хэрэг гээд бодохоор нэг хүнийг таамаглаад байна л даа….Тэр хүний хэлснийг тэгээд танай сайд гүйцэлдүүлсэн болж таарч байна уу?

-Ер нь бол манай нам яг өөрийн толгойтой байна уу, цаанаа өөр эзэнтэй байна уу гэдэг асуудлыг цэгнэх ёстой. Манай намын даргын дарга нь гээд өөр хүн байдаг тухай хэн хүнгүй л хардаж байна. Өмнөх намын удирдлага дээр бас яригддаг байсан шүү дээ. Ц.Элбэгдоржийг манай намын бодлого чиглэлийг зааварлаад байна гэдэг байсан. Тэгэхээр тэр намд нь нөлөөлж хариу авдаг юм биш байгаа гэдэгт үүний үр дүнд итгэлтэй болсон. Энэний цаана хэд хэдэн асуудал бий. Би чинь өөрөө бас дуугүй байж чаддаггүй янзын хүн юм л даа. Улстөрчид ч тэгээд одоо цагт хоёр байтугай хорин нүүртэй болчихсон юм шиг байна. Хууль чинь хоёр нүүртэй ч байж болдоггүй. Нэг нүүртэй байвал над шиг л болдог болсон л доо. Зарим хүнд таалагдахгүй байна гэдэг энэнээс эхлээд суурьтай. Жишээлбэл, Засгийн хурал дээр хоёр асуудал дээр байр сууриа илэрхийлсэн нь их түлхээс болсон гэж боддог.

ЗАНДАНШАТАР САЙД ДУУДААД“ЭНЭ КОМПАНИЙН ЗАХИРАЛТАЙ ЭВЛЭР, ИХТОМ ДАРГЫН ОЙР ХҮН” ГЭСЭН

-Тэр нь ямар асуудал вэ?

-Олон юм бий. Шүүх дээр явж байгаа янз бүрийн маргаантай асуудал дээр нэлээд олон удаа би Засгийн газрыг төлөөлж хариуцагчаар оролцсоноо дээр хэлсэн. Найм, есөн хэрэг байгаа. Дийлэнх дээр нь ялж дууссан. Тэрний нэг нь 2017 оны хавар Байгаль орчны яамнаас хоёр албан тушаалтан Авлигатай тэмцэх газар баригдсан асуудал. Уг хэрэгт холбоотой хушны самар түүж гадагш гаргадаг компанийн захирал дээр бас эрүү үүсгэж шалгаж байсан юм билээ. Тэр хүн Засгийн газрыг Захиргааны шүүхэд өгсөн. Хушны самар чинь зөвхөн Орос, Монголд ургадаг нэн ховор ургамал шүү дээ. Нэг эзэнтэй гурван компанийн нэхэмжлэлтэй, 8.5 тэрбум төгрөгийн татвар төлөхгүй гээд Засгийн газрыг шүүхэд өгсөн юм. Энэ хэрэг дээр намайг Засгийн газрын хариуцсан төлөөлөгчөөр томилсон. Энэ асуудал шүүх дээр явж байх үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Занданшатар дуудаж уулзсан.

-Дуудаад юу гэж байна?

-Энэ хэрэгтэй холбоотой дуудсан юм билээ. “Компанийн захирал нь “эвлэрье” гэж байна. Эвлэрвэл яасан юм” гэсэн. Эвлэрнэ гэдэг нь Засгийн газар тэр хүнээс 8.5 тэрбум төгрөгийн татвар авахгүй гэсэн үг. Тэгэхдээ Занданшатар надад “Энэ бол том даргын ойрын хүн” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Хэрвээ би эвлэрвэл албаны бүрэн эрхээ хэтрүүлсэн албан тушаалын гэмт хэрэг болно. Бас тэр АТГ дээр шалгагдаж байгаа хэрэг хэрэг биш болох хувь заяанд нөлөөлнө. Намайг байлд гэж томилсон болохоос эвлэр гэж явуулаагүй. Хэрвээ эвлэр гэж байгаа бол албан ёсоор бичиг өг” гэлээ. Тийм бичиг өгөхгүй гэсэн. Би шууд Хэрэг эрхлэх газар луу “Энэ асуудлаар албан ёсоор Засгийн газрын хуралдаанд танилцуулж, чиглэл өгөхийг хүсье” гээд бичиг өгчихсөн. Тэгээд Засгийн газрын хурлаар хэлэлцээд “Эвлэрэх шаардлагагүй” гэсэн чиглэл надад өглөө. Ингээд Дээд шүүх дээр ялсан. Энд тэр хүн юм бодож үлдсэн байх.

-Аль хүн нь вэ. Том хамаатан нь уу, эсвэл…

-Тэр хүмүүс. Өөрөөр хэлбэл тэр компани 8.5 тэрбумаа төлөхөөр болчихлоо шүү дээ. Засгийн газар ялчихлаа. Тэгэхээр юм бодож үлдэж байнаа даа. Дараа нь бас олон асуудал дээр дуугүй байж чадаагүй, энэ мэтийн зөндөө юм байгаа.

-Нэг ёсондоо дарга нарын хүсэлтийг биелүүлээгүй, хуулийн дагуу ажилласнаасаа болж ажлаасаа чөлөөлөгдсөн гэж ойлгож болох уу?

-Суурь нь тэр байхгүй юу. Тэрнээс биш жиргэдэг энэ тэр бол худлаа шүү дээ. Тийм хачин үндэслэл гэж юу байхав.

-Олон шүүх хуралд Засгийн газрыг төлөөлж орсон, олон юман дээр дуугүй байж чадаагүй гээд байсан. Өөр ямар юм байгаа юм.

– Маш олон янзын маргаан байгаа. Хэд хэдэн шүүх дээр явж байгаа. Хамгийн сүүлд ажлаа өгөхөөс хоёр долоо хоногийн өмнө 49 хувьтай холбоотой 35 км төмөр замын концессын хэрэг дээр шүүх хуралд Засгийн газрыг төлөөлж ороод ялсан байсан. Шийдвэрийг нь гардаж аваагүй байсан. Одоо албажаад гараа биз.Нөгөө 49-ийнхний өөрийнхөө орд газар луу тавьсан, цэвэр өөрийн бизнесийн төмөр замаа улсад шахаад, улсаас мөнгийг нь авчихсан хэрэг. Энэ ч бас намайг ажлаас шахахад нөлөөлсөн биз. Сайддаа ч хэлэхгүй шүүх хуралд орсон юм чинь. Аягүй бол хэлбэл “битгий оч гэх биз гээд хэлэхгүй очоод ялсан. Бүлэглэл гэдэг чинь жинхэнээсээ хариугаа авч байгаа байхгүй юу. Одоо хүн болгон л шударга бусын хонгил, бүлэглэл, хуулийн мафи гэж яриад байгаа. Энийг чинь би бүр 2013 онд, 2014 онд ярьж хэлдэг байсан. Н.Алтанхуягийг ч би Авлигатай тэмцэх газар өгч байсан. Ц.Элбэгдоржийг хаан байхад нь Үндсэн хуулийн Цэцэд өгч л байсан. Нэг бус асуудлаар. Надад хүртэл хавтаст хэрэг нээж зөндөө дарамталж л байсан. Тэр байтугай одоо энэ шударга бусын хонгилыг нураая гэж ярьж буй хүний гар хөл надад “Чи гэр бүлтэй, үр хүүхэдтэй хүн шүү. Аятайхан байгаарай. Яавал ч яана шүү” гэж ч дарамталж байсан.

-Нөгөө бүлэглэлийнх үү. Нэг талаас харахаар нэг МАНАН бүлэглэлийг үгүй хийнэ гэж ярьцгааж байгаа ч дараагийн МАНАН бүлэглэл бий болчихсон юм шиг.

-Хамгийн их дарга нарын үүдэнд нь сууж албан тушаалын янз бүрийн юм хийж явсан нөхөр одоо тэмцэгч болоод яваад байхаар чинь эргэлзээд байгаа юм. Одоо би жишээ нь дэд сайдаар томилогдогдохдоо намын дарга М.Энхболд гэдэг хүнтэй огт уулзаж үзээгүй.

-Ер нь харж байсан биз дээ.

-Мэдэлгүй яахав дээ. Томилогдохдоо намайг томиллоо энэ тэр гэж лав надтай огт уулзаагүй.

-Ингэхэд таны нэрийг хэн оруулсан юм?

-Би өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн юм. Удирдах зөвлөлд хүсэлтээ бичгээр гаргасан дэд сайд нарыг чинь нууц санал хураалтаар өрсөлдөөнөөр томилсон шүү дээ. Өрсөлдөх хүмүүс хүсэлтээ гаргаад. Дэд сайдууддаа айхавтар шалгуур тавьсан. Доод тал нь хоёр хүн өрсөлдөнө. Өрсөлдөөд ялагдвал хоёр жилийн хугацаанд албан тушаалд очихгүй өөрсдөө пянгаа даана гэж ам өчгийг нь авч, өөрөөр хэлбэл эрсдэлээ өөрөө даагаарай гэсэн үг. Тоглоом биш байгаа биз дээ. Тэгээд өрсөлдөөд Булгантуяа сайд бид хоёр хамгийн өндөр санал авч дэд сайд болж байлаа.

-Таныг Бага хурал дээр үг хэлсний дараа ажлаас чинь чөлөөлөх шийдвэрээ салбарын сайд тань Засгийн хуралд оруулсан байна лээ. Тэгэхээр Бага хурал дээр хэлсэн үг нөлөөлсөн гэж бодож байна уу?

-Тэр бол тохиромжтой шалтаг болж өгсөн. Их хурлын даргыг чөлөөлөх огцруулах асуудлыг намын бага хурлаас шийдвэр гаргана гэдэг дээр би асуудлыг хуулийн хүрээнд яриач ээ гэж Бага хурлаас ч өмнө хэлж байсан. Үндсэн хуулиас давсан байдлаар хуулиар зохицуулагдсан асуудлыг намаас тогтоол гаргавал Үндсэн хууль зөрчсөн гэдгээр улс төрийн нам татан буугдах улс төр болон хуулийн үр дагавартай байдаг юм аа. Энэ үр дагавраа бодож Үндсэн хуулийнхаа хүрээнд зодооноо хийгээч” гэдэг байр сууриа л Бага хурал дээр илэрхийлсэн хэрэг.

-Та Их хурлын даргыг огцруулах дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Ер нь бол их хурлын гишүүдийн талаас илүү хувь өөртэй нь хамтарч ажиллахгүй гэдэг асуудал тавьчихсан үед улс төрийн шийдвэрээ өөрөө гаргах ёстой.

-Хуулийн хүрээндээ л шийднэ. Ингэж шахалтаар огцорч болохгүй гэж тайлбарлаад байсан шүү дээ….

-Өөрөө гүрийж байгаа үед хүчээр өрөөнөөс нь чирч гаргавал төрийн эрхийг хууль бусаар булааж авсан хэрэг болно шүү дээ. Хууль зүйн хувьд тийм ойлголт болно. Ерөнхийлөгч оролцоод асуудлыг хуулийн хүрээнд шийдэх гарц шийдэл олоод энэ өдрүүдэд хэлэлцэж байна л даа.

ДАРААГИЙН ЗАСГИЙН ГАЗАР, ПАРЛАМЕНТ ДАХИАД ЭРДЭНЭТ, ХӨГЖЛИЙН БАНК МЭТИЙГ ЯРИАД СУУЖ БОЛОХГҮЙ ЮМ ШҮҮ

-Аль нэг фракцад хамаардаггүй гэж өмнө хэлсэн байсан. Одоо яг хоёр хуваагдаад байгаа талын аль талд нь байна. Хэнийх нь зөв юм бэ?

-Бага хурал дээр би хэлсэн. “Та хоёроос болж нам тарах ёстой юм уу” гэж.

-Та хоёр гэж?

-М.Энхболд, У.Хүрэлсхүх хоёр. Зуун жилийн түүхтэй Монгол Улсын тусгаар тогтнолын хана хэрэм болж ирсэн нам тарах ёстой юм уу. Улс төрийн нам, улс эх орны хажууд энэ хоёр чинь зүгээр л хувь хүмүүс. Хоёр хүнээр дутахгүй. Улс орон цаашаа явах ёстой шүү дээ. Тийм л зарчмын шаардлага тавьсан.

-Та одоо аль нэг фракцад хамаардаггүй хэвээрээ л байгаа юу?

-Ер нь тэрнээс түдгэлздэг. Манай яамнаас боловсруулж байгаа Төрийн бус байгууллага, ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөлд улс төрийн нам дэргэдээ төрийн бус байгууллагатай байхыг хориглосон заалт явж байгаа. Зуу гаруй жилийн өмнө социалист большевик нам байгуулагдахад эмэгтэйчүүд, залуучууд, ахмад гэдэг ийм бүтэцтэй байсан. Хүүхдүүдийг бага байхад нь баатарчууд, тэгээд пионер болгодог, эвлэлд оруулдаг төвлөрсөн нэг намтай тогтолцооны ийм бүтэц одоо болтол явж байгаа. Тэгэхээр энэ бүтэц бол цааш явахгүй гэдгийг намууд ойлгох ёстой. Хэн тухайн үед дарга цэрэг болох нь хамаагүй. Нийгмийнхээ хэрэгцээ шаардлагыг хангахгүй болчихсон байхгүй юу. Орчин үеийн нийгэм маш олон өнгөтэй, маш олон давхаргатай, сонирхлын бүлгүүдтэй, мэргэшилтэй болчихсон. Үүнийг ахмад, залуу, эмэгтэй гэсэн гуравхан бүлэгт хайрцаглаж, тэгээд дуу хоолойг нь сонсч, бодлогыг нь илэрхийлэх гэдэг өөрөө намуудад боломжгүй. Би хэзээ ч ийм бүтцэд орж байгаагүй. Хайрцаглагддаг байхгүй юу. Чи зөвхөн энүүгээр дамжиж байж цааш явна. Энүүгээр дамжиж байж, улс төрд яв гэж шаардах нь таалагддаггүй учраас би ордоггүй байсан. Үүнтэй адил маш олон залуучууд, сэхээтнүүд, янз бүрийн хүмүүсийг зөвхөн энэ байгууллагаар дамжиж улс төр хийх ёстой гэж байгаа чинь өөрөө нам дотор бүлэглэл фракцыг үүсгээд байгаа юм. Бие биенээ нухчих, талцуулах юмаа намд халдварлуулдаг. Тэнд бүлэглэж, фракцалж байсан хүмүүс яг тэр схемээрээ талцлыг намд авчраад, төрд авчраад хуваагаад сууж байна. Тэр суурь нь өнөөх л намын дэргэдэх төрийн бус байгууллагад байгаа юм. Тиймээс нам өөрөө нийгмийн сонирхлын бүлэг, мэргэшил, онцлогуудын клубын зарчимд суурилж цааш явахаас өөр аргагүй.

-“Гацуурт” компаниас мэдэгдэл гаргасан байна лээ. Тэр мэдэгдэлд таныг нэр дурдаад компанийнх нь эсрэг гүтгэлэг цахим орчинд тарааж, энийг нь хууль хяналтын байгууллага тогтоож, хариуцлага тооцсон гэсэн байна лээ. Тэр ямар учиртай юм бэ?

-Мэдэхгүй. Тийм мэдэгдэл байна лээ. Би гүтгээд, тэрийг хууль хяналтын байгууллага тогтоогоод, намайг шийтгэсэн юм шиг бичсэн байна лээ. Би гайхаад л өнгөрсөн. Тийм юм болоогүй.

-www.burtgel.mn-тэй холбоотой юм болов уу. Олон компанийн мэдээлэл нээлттэй болсон шүү дээ.

-Мэдээж тийм л биз. Өөрийнх нь маш олон байгуулсан компаниудыг нь ил болгосон.

-Тэгэж нээлттэй болох хуулийг өөрийг чинь хийсэн гэж дургүйцсэн юм уу?

-Мэдэхгүй юм даа. Тэрийг нээлттэй болгосонд дуртайгаасаа дургүй хүн нь энэ эздүүд дотор олон байх.

-Олон хүний бизнесийн нууцыг задалсан гэж үү?

-Бизнесийн нууц биш шүү дээ. Компанийн үүсгэн байгуулагч юмуу гүйцэтгэх захирал хэн байна гэдэг яагаад нууц байх ёстой юм. Бүртгэлийн хуучин хуулиар бүгдийг нь маш нууц гээд хуульчилсан байсан.Бүртгэлийн шинэ хууль амархан батлагдчихаагүй. 2016 онд багц хууль өргөн баригдсан. Гол концепцууд нь бүгдийг нууцлаад байх шаардлага алга байна аа. Нууц гэдэг халхавчаар гэмт хэрэг үйлдээд байна. Нууц гэдгийн цаана булхайгаа хийгээд байна. Олон дахин иргэний үнэмлэх хэвлэж хүмүүсийг санал өгүүлдэг явдал яагаад байсан юм. Нууц гэдэг халхавчин дор л болдог байсан. Бүртгэлийн ажилтан яагаад авлига аваад байсан юм. Эд хөрөнгийн барьцааны мэдээтэй холбоотойгоор тухайн банкинд юм уу, барьцаалагдсан байранд үл хөдлөхийн ажилтан “барьцаагүй байна” гэж лавлагаа өгөөд дахин өөр банкинд барьцаалах ийм үйлдлүүд гарч байсан. Энэний цаана авлига байна. Энэний цаана бүртгэлийн үнэн зөв байдал алдагдаж байна. Энэний цаана банк санхүүгийн байгууллагыг эрсдэлд оруулж байна. Олон янзын гэмт хэргүүд явж байна. Залилан хийж байна. Бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар үйлдээд иргэдийг залилаад байна. Энийг ил болгочихоор энэ олон гэмт хэрэг алга болж байгаа юм. Хүний нэр усыг өөрчлөх, нэг хүн дээр хоёр гурван үнэмлэх гаргах, он сарыг нь өөрчлөх, гэрийнх нь хаяг дээр өөрөө ч мэдээгүй байхад олон хүн бүртгэдэг гээд хаалттай байдлын цаана байсан асуудлууд байхгүй болж байгаа. Тиймээс маш олон талын ач холбогдолтой. Бүртгэлийн шинэчлэл ганц улсын бүртгэлийн байгууллагад хамаатай зүйл биш. Энэ өөрөө гинжин урвал шиг бүх төрийн байгууллагын явуулж байгаа үйлчилгээг хөнгөн шуурхай болгоход шууд нөлөөлж байгаа реформ. Яагаад гэхээр бүх мэдээллийн суурь нь бүртгэлийн мэдээлэл байдаг.

-Одоо та юу хийх вэ, хуулийн төсөл, судалгаа гэх мэт дээр ажиллах уу?

– Нэг хэсэгтээ, гэр бүлдээ цаг заваа зарцуулна. Мэдээж зүгээр суухгүй. Бодож хийж байсан хуулийн шинэчлэлд дуу хоолойгоо гамгүй зарна. Тухайлбал, газрын шинэчлэл. Төрийн өмчийн шинэчлэл. Санаснаар болдог бол газар ба үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн мэдээллийг нэгтгэх байсан юм. Газар ба орон сууцыг салшгүй хөрөнгө гэх агуулгаар нь бүртгэж баталгаажуулаагүйн гор нь ямар их гээч. Утаа гамшиг болж үндэстнээрээ мөхөж байна. Шийдэл нь орон сууцжуулах. Гэтэл гэр хорооллын газраа дахин төлөвлөлтөнд оруулъя гэхэд л бүртгэл нь тусдаа. 15 жилийн өмнө алба хашиж байхдаа үүнийг хийх гээд зорьж байсан ч тэр үеийн сайд дарга нарын тус тусдаа агентлагийн дарга байх гэсэн хувийн амбицаар газар ба орон сууцны бүртгэл салсан. Нобелийн шагналт Эрнандо де Сато Монголд тэр үед ирэхдээ ганц юм хэлж байсан. Танай Улаанбаатар хотын гэр хорооллын газар гэдэг чинь Оюу толгойгоос дутахгүй баялаг. Та нар энийгээ эргэлтэнд оруулж, энэ хүмүүсээ хөрөнгөтэй болгож, орон сууцтай болгож хөгжүүлье гэж байгаа бол бүртгэлийнхээ үнэн зөв, нэгдмэл байдлыг ханга, бүртгэлийн системээ төгөлдөржүүл гэж. Тиймээс арван таван жилийн өмнө зориод чадаагүй ажлаа Хуулийн дэд сайд гээд боломж гарахаар улайрч зүтгэсэн л байхгүй юу. Дахиад арван таван жилийн дараа ингээд яриад сууж байлтай биш.Тийм учраас л амбицтай дайрсан. Хагас хугас хийсэн. Одоо Газрын багц хууль шинэчлэгдэх ёстой. Хамт газар, газрын хэвлий, ой мод, ус, ашигт малтмал, төрийн өмчийн компанийн засаглал, түүний хувьцааны засаглал гээд Үндсэн хуулиар нийт ард түмний мэдэлд байгаа бөгөөд одоо эрх мэдэлтэй хэсэг нь хувийн өмч мэт хулгай хийдэг болсон өмчийн асуудлаа сууриар нь, ингэхдээ цогцоор нь хамт шийдэх ёстой.

-Чухал хэрэгцээтэй өөр ямар хуулиуд дээр та ажиллав?

-2016 онд засаг бүрэлдээд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн засаглалын бодлогын цөм нь бизнес, өмчийн харилцааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох гэж Хууль зүйн яам дүгнэсэн.Сүүлийн 28 жил хувийн хэвшилтэйгээ хамгийн их ач тач өрсөлдсөн, хамгийн их саад тээг бологч нь төр өөрөө болчихсон байсан. Хувийн хэвшлээ дэмжинэ гэдэг нь дан ганц татварын хөнгөлөлт үзүүлэх асуудал биш.1996 онд Төрийн болон Орон нутгийн өмчийн хууль гарч байх үед хувийн өмч угтаа байгаагүй. Төрийн өмчийг хувьчлах л үзэл санаатай хууль болсон. Тэр хувьчлах хуулиар хорин хэдэн жил явчихлаа. Одоо төрийн өмчит 110 гаруй компани байна. Эрдэнэт, Эрдэнэс Таван толгой, Хөгжлийн банк, Төрийн банк, эмнэлэг сургуулиас эхлээд бүгд төрийн мэдлийнх. Газар, уул уурхай, газар тариалан, бэлчээр, тусгай хамгаалалттай газар, үл хөдлөх хөрөнгө, төрийн өмчит компани, сангууд бүгд төрийнх.Улстөрчдийн хамгийн их хэлэх дуртай үгээр бол нийт ард түмний өмч.

-Одоо л төр нь ард түмнийхээ талд орж ашигт малтмалын орд газруудаа буцааж хурааж авч байна гээд байгаа биз дээ?

– Гэтэл хачир дээрээ хэн эрх мэдэлтэй байна төрийн өмч яг түүний л хувийн өмч шиг байсаар ирлээ. Гор нь хэдэн тэрбум, их наядаар илэрч байгаа авлига, хэт баяжиж ядуурсан иргэдтэй улс эх орон минь. Төв суурин газрууд гэхэд төрийн мэдлийн эмнэлэг, сургуулиудын орчны газрууд байхгүй болоод, үйлдвэр аж ахуйн газрууд гэхэд Эрдэнэтийн 49 дээр юу болов, 51 дээр юу болов. Хөгжлийн банк яав. Туул голын ойр орчим яав. Бүгд төрийн өмч нэртэй хэний ч биш, хэн нэг даргын хувийн өмч мэт үрэн таран болов. Эзэнгүй, хуулийн зохицуулалт байхгүй. Хэдэн их наядаар хэмжигдэж байгаа хамгийн том авлига тэнд л байсан. Тиймээс энийг зүгээр яриад, улстөрждөг сэдэв болгоод орхих биш сууриар нь хууль эрх зүйн хувьд нь шийдэх ёстой байсан. Дараагийн Засгийн газар, дараагийн парламентад дахиад нэг Эрдэнэт яриад, дахиад нэг Хөгжлийн банк яриад сууж байх ёсгүй юм шүү гэдэг утга санаагаар асуудлаа хуулиар шийдэх ёстой гэж үзсэн. Өнгөрсөн хугацаанд яг энд хууль эрх зүйн үйлчлэл дутаад байгаагаас үүдэлтэй гэмт хэрэг, хэрэг маргаан хамгийн их яригдлаа.

-Хуулиас болоод байна уу, хүнээсээ болоод байна уу?

– Гол мөрнийг бохирдуулж алт ухаж байна, хараа хяналтгүй зөвшөөрөлгүй уул уурхай ашиглаж байна, бэлчээрийн даац хэтэрлээ, малчид ба тариаланчид газраа булаалдаж байна, Туул голын эрэг дээр төрийн тусгай хамгаалалттай газар дураараа байшин барилга барьж байна. Бүр Их тэнгэрийн хашаан дотор гэхэд л байшин барилаа гээд. Тэгэхэд тэр Их тэнгэрийн газар улсын бүртгэлд хэмжээ заагтайгаа гэрчилгээгүй байх жишээтэй. Тэгэхээр чинь хулгай нүүрлэхгүй яахын бэ. Хөдөө аж ахуйн сургуулийг Хөдөө аж ахуйн яам нь авна гээд л. Анагаахыг Эрүүл мэндийн яам авна гээд л. Эрчим хүчний сайд нь эрчим хүчний компаниудаа, Уул уурхайн сайд нь том үйлдвэрүүдээ өөрийнхөө харьяанд авна гээд. Энэ бүх асуудлын ужиг ба шийдэл нь Төрийн өмчийн багц хуулийн шинэчлэлээр л шийдэгдэнэ. Жишээ нь, Эрдэнэтийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалсан гэх асуудал ярихад л төрийн өмчит үйлдвэрийн газрын хувь хувьцаа, эсхүл тэнд буй барилга, эсхүл машин төхөөрөмжийг хэн барьцаалах шийдвэрийг гаргах ёстой юм бэ гэхэд л хуулийн нарийн зохицуулалт, хариуцах эзэнгүй. Хэн ч хариуцахгүй ийм ойлгомжгүй сиймхийгээр хулгай гараад, энэ сиймхийгээр хариуцлага хүлээх эзэн байдаггүй эрх зүйн орчинтой тэгээд үргэлжлээд л байх уу. 1996 онд Төрийн өмчийн хууль гарч байхад хувьцаа, хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголттой хүн ч хомс байлаа. Гэтэл цаг үе нь өөр болчихоод байхад хувьцааны удирдлагын талаар үг үсэггүй Төрийн өмчийн хуультайгаа л сууж байдаг. Цэвэр хувийн хэвшлээс арай өөр, нийгмийн хариуцлага, хувьцааны засаглал нь ялгамжтай төрийн санхүүгийн удирдлага, хяналтын хууль үгүйлэгдэж байна. Жижиг, дунд үйлдвэрийн сан гэж юу болж байна. Гэтэл энэ сан энэхүү Төрийн өмчийн удирдлагын хуулиар зохицуулах ёстой нэг л жижиг салбар. Хуулиар хариуцлагын засаглалаа тогтоохгүй бол 20 жилийн дараа өнөө л бие бие рүүгээ хариуцлагаа чихсэн, шунал тачаал нь хөдлөхөөр юу руу ч хамаагүй гүйж орж иддэг энэ тогтолцоо хэвээрээ л байх болно. Таван толгойг эдийн засгийн эргэлтэнд оруулъя, том төслүүдээ хөдөлгөе л гээд байгаа. Уул уурхайн сайд, Хэрэг эрхлэхийн сайд хоёр, эсвэл Төрийн өмчийн хорооны дарга, Уул уурхайн сайд хоёр Таван толгойн ТУЗ дээр хэн нь илүү өөрийнхөө төлөөллийг оролцуулах тухай маргаад сууж байгаа ийм тодорхой биш эрх зүйн орчинтой улсад ямар юмны гаднаас хөрөнгө оруулалт орох юм бэ.

-Энэ тэгээд одоо хүртэл хуулийн зохицуулалтгүй байж ирсэн юм уу?

-Сүүлийн 20 жилд сая л Бүртгэлийн шинэ хуулиар сая дээр хэлсэн төрийн өмчүүдээ улсын бүртгэлд бүртгэе гэж шийдлээ шүү дээ.Та бод лдоо. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газрын хэвлий, газрын доорхи баялаг ард түмний өмч. Гэтэл Өмнөговь аймагт Жижиг Таван толгой компанийн 51 хувийг тухайн аймгийн ИТХ өмчлөөд сууж байх жишээний. Үндсэн хуулиар газрын доорх баялаг нийт ард түмний мэдэлд байна гэж заачихаад байхад нэг аймгийн ИТХ газрын хэвлийг эзэмшээд сууж болох уу. Энэ мэт Үндсэн хуулийн үзэл санаа зөрчигдсөн асуудлыг цогцоор нь хуулийн зөв байр сууринд тавих шаардлага байна. Аль нэг орон нутгийн засаг захиргаа нийт ард түмний мэдлийн юмыг мэдээд, шийдээд суух нь улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд ч нөлөөлдөг. Дэлхийн түүхийг, бусад улс орны туршлагыг харах хэрэгтэй. Хаана хөрөнгө баялаг байна, тэр муж юмуу тэр аймаг салан тусгаарлах бодлого явуулдаг. Тэртэй тэргүй манай аймаг, манай муж та нартай та наргүй бүр илүү сайхан амьдарна гэж явдаг. Худалдагдах магадлал илүү болдог. Испанийн Каталонийг хар. Улсынх нь эдийн засгийг гол авч яваа муж нь Испаниас салан тусгаарлах тухай яриад эхэлж байна. Тэгэхээр төрийн өмчтэй холбоотой асуудал нь ганцхан хөрөнгө мөнгө яриад байгаа хэрэг биш. Улс орны бүрэн бүтэн байдал, нутгийн өөрөө удирдах ёс, баялгийн тэгш хувиаарилалт, авлигагүй ил тод хяналттай нийгэм, шударга хуулийн засаглал гээд олон цогц асуудлыг хөндөж байгаа юм. Хөндөх шаардлага бий болсон үй түмэн жишээ байна. Жишээ нь, Хэрлэн голыг урсацыг говь руу татах Засгийн газрын шийдвэрийн төсөл манай яаманд орж ирж байсан. “Энэ Үндсэн хууль зөрчиж байнаа. Гол мөрний урсац өөрчлөх асуудал бол Үндсэн хууль ёсоор төрийн өмч бөгөөд УИХ-ын онцгой бүрэн эрхэд хамаарнаа” гэдэг хууль зүйн дүгнэлт гаргаад буцааж л байлаа. Төрийн болон орон нутгийн өмчийн реформтой хамт Төрийн өмчийн ерөнхий хууль, Төрийн өмчийн компанийн засаглалын хууль, Орон нутгийн өмчийн хууль гээд гурван хуулийн төсөл, иж бүрэн судалгаа, үзэл баримтлал танилцуулгатай нь хамт бэлтгээд үлдээсэн. Манай багийн хоёр жилийн судалгаа, хөдөлмөрийн үр дүн. Энэ бол аль нам эрх барьж байгаа, аль нам хэд хуваагдсан, хэн сайд дарга байхаас үл хамаарч шийдэх ёстой шинэчлэл шүү.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

“Салхит”-ын тусгай ажиллагаа гадаадын хөрөнгө оруулалтыг татах биш, татраах шалтаг болчихов уу?

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэд хоногийн өмнө Салхитын орд дээр болсон тусгай ажиллагагааг удирдав. Мань эр уг нь Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах үндэсний зөвлөлийн дарга. Ийм алба давхар хашдаг засгийн өндөр албан тушаалтан гадаадын хөрөнгө оруулалттай компанийн нэр дээр байдаг орд руу цэрэг удирдан халдсан нь лав л зөв алхам биш. Цаана нь ямар ч шалтгаан үүссэн, бугшсан байж болно. Гэхдээ Г.Занданшатарын удирдсан тусгай ажиллагаа наад өнгөндөө, бүр тодруулж хэлбэл гадна ертөнцөд яаж харагдсан бол. Хуулиа мөрдүүлэхийн төлөө зориг гаргасан төрийн өндөр албан тушаалтны дүрээр харагдсан гэвэл хэтэрхий гэнэн тайлбар болно. “Салхит”-ын ордын цаана хууль зөрчсөн, авлига хээл хахууль цутгаж Монголын цагдаа хүчнийхнийг талцуулсан, хөрөнгө оруулагчид нь маргалдсан гэх мэт өчнөөн шалтаг, шалтгаан бийг үгүйсгэхгүй. Буруутай этгээдийг шийтгэх, хариуцлага ногдуулах нь хуулийн дор амьдардаг ардчилсан нийгэмд байх учиртай, байхаас аргагүй зүйл. Гэхдээ энэ ажиллагааг ЗГХЭГ-ын дарга, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалдаг засагт данстай зөвлөлийг удирддаг түшмэл нь жанжны дүр эсгэж удирдах хэрэг байхгүй. Шуудхан хэлэхэд хуультай, шүүхтэй, шүүхийн шийдвэрийг нь гүйцэтгэдэг тусгай газартай улсад Г.Занданшатарын “баатарлаг драм” илүүдчихлээ. Илүүдэхээр барахгүй, Оюу толгойгоос өөр гадаадын хөрөнгө оруулалттгүй шахам байгаа Монгол улсад хатуудсан тоглоом болоод байна.

Ядаж байхад яр гэгчээр гадаадын хөрөнгө оруулалттай компанийн ажилчдыг элгээр нь харуулж хэвтүүлж байгаад төрийн төмөр нүүрийг харуулсан ажиллагааны удирдагч нь гадны мөнгөтэй эрхмүүдэд хэзээнээсээ нэргүй нөхөр. Цагтаа эдийн засгийн өсөлт нь 17 хувиар хэмжигдэж, “Файнаншл таймс”-ийн нийтлэлд дараагийн БРИКС болох М3-т багтах улсын нэг гэж онцлогдож байсан Монголоос гадны хөрөнгө оруулагчдыг үргээхэд хүргэсэн анхны хууль 2012 оны хавар батлагдаж байв. Стратегийн ач холбогдолтой салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах гэсэн хаягтай тэр хуулийн автор нь өнөөгийн ЗГХЭГ-ын дарга. Г.Занданшатарын санаачилж гардан байж батлуулсан тэр хуулийн балгаар эдийн засаг гадаадын хөрөнгө оруулалтаар цангаж элгээрээ хэвтсэн нь Монгол улсын хувьд гашуун түүх болж үлдсэн. Ийм балагтай хуулийн автор гэдгээрээ гадаадын хөрөнгө оруулагчдад танигдсан Г.Занданшатар Засгийн газрыг төлөөлж, гадаадын хөрөнгө оруулалттай компани руу буу шийдэм, цэрэг хүчтэй дайрсан нь яав ч таатай харагдах дүр зураг биш.

Төр засаг зүгээс энэ ажиллагааг зөвтгөж тайлбарлахдаа ч гадаад ертөнцөд аятай харагдсангүй. “Монголын баялгийг цөөхөн нь цөлмөөд дууслаа. Цөөхөн нь баяжиж таарахгүй. Баялгийг шударга хуваарилах ёстой. Цаашид ч ийм тэнцвэргүй байдлыг арилгахын төлөө төр хүч хэрэглэн төмөр нүүрээ харуулна” гэх ухааны яриа хөөрөө, тайлбар хөвөрлөө. Шууд ингэж хэлээгүй ч илт тэгж ойлгогдохоор сүржин мэдэгдэл, байр суурь засаг зүгээс дуулдав. Хувийн хөрөнгийг хураах, гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж гаргах, бизнесүүдийг төр мэдэлдээ авах гэх мэт зах зээлийн жамаас гажсан хандлага, авир гаргасан улсын эдийн засаг элгээрээ хэвтсээр өнөөг хүрсэнийг хүн төрөлхтний төдийгөөс өдий хүртэлх түүхээс түвэггүй харчихаж болно. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Венесуэл байна. Инфляци нь төсөөлөхөд бэрх олон тэгтэй тоогоор хэмжигдсэн энэ улс уг нь газрын тосны баялаг нөөцтэй. Эдийн засгийн өсөлт нь дэлхийд гэж яригдаж явсан сайхан үе байсан ч өнөөдөр хэцүүхэн зурагтай аж төрж буй. Шалтгаан нь бүхнийг төрд авах гэж улайрсан, гадаадын хөрөнгө оруулалтыг хөөсөн, хувийн хөрөнгийг адалсан төрийн удирдагчтай нь холбоотой гэдгийг цэнхэр гариг даяараа мэддэг болчихлоо. Монголын төр үүнтэй төстэй авир, хандлага гаргаад эхлэв үү гэж хардахаар өнцөг, сэжүүрийг “Салхит”-ад сая болсон үйл явдал гаргаад өгчихлөө.

Мэдээж төр засгийн өндөрлөгийн түвшинд их л ярьж зөвлөлдөж байж “Салхит”-ын ажиллагааг эхлүүлсэн байх. Гэхдээ л наад өнгөндөө, гадаад ертөнцөд ингээд харагдчих шиг болох юм. Улсынхаа дотоод уур амьсгалыг мэдэрч яваа сэтгүүлчдийн хувьд хардах бас нэг өнцөг байна. Дээр, шаргал ордонд сөргөлдөж байгаа хоёр талын нэгнээ буулгаж авахын төлөө дэглэсэн жүжгийн үзэгдэл гэж харахаас аргагүй байна л даа. У.Хүрэлсүх, М.Энхболд тэргүүтнүүд талцаад төрөө самарч дуусч буйг бид бэлхнээ харж сууна. Яг нарийндаа Салхитын лицензийг хятадуудад зарсан хүнийг М.Энхболдын уяач гэж харагдуулахад хамаг учир байна гэчихэд хэтрүүлсэн хардлага болохгүй. Түүнээс биш лицензийн наймаа хаа сайгүй гэдгийг дээр дооргүй мэддэг. Өчнөөн жил явсаар ирсэн наймаа. Тэгтлээ гайхаж цочоод сүр зарлахаар асуудал хэтээсээ биш. Магадгүй энэ удаагийн лицензийн наймааг туг бариад эсэргүүцэж яваа талын нөхөд дунд ийм наймаанд оролцсон, ийм наймаагаар мөнгөжсөн хүмүүс байж ч мэднэ. Эрх мэдэлд ойрхон улс дажгүй нөөцтэй байж мэдэх газарт лиценз авч, өнөөхөө ахиу үнээр зардаг нь үзэгдэл болчихсон учраас үгүйсгэх аргагүй хардлага. Гагцхүү энэ удаагийн сүржигнэлийн бай нь сөргөлдөгч талын нэг учраас тусгай ажиллагаандаа тулчих шиг боллоо.

Товчхондоо Г.Занданшатарын удирдсан тусгай ажиллагаа гадаадын хөрөнгө оруулагчдад эвгүй дохио өгөн барин хийх ажиллагаа мөн байв уу? Эдийн засагт тийм ч таатай биш статистикууд голлосон ийм цагт ингэж “амиа хорлон”, золиос гарган хийх ажиллагаа байгаагүй гэчихэд үнэнээс зөрөхгүй. Монгол улс УУХҮЯ, АМГТХЭГ, ҮТЕГ, МХЕГ, ШШГЕГ-тай. Энэ газруудад “Салхит”-д үүссэн асуудлыг шийдчих хуулийн мэдэл, боломж бололцоо бүрэн дүүрэн бий. Хуулийн дагуу асуудлыг шийдээд явах гарц гаргалгаа байсаар атал эдийн засагт халтай ийм сүржигнэл хийх шаардлага ер нь байв уу. Үйлдвэрлэл хөгжөөгүй манайх шиг улсад эдийн засгийн тэтгэх том хөшүүрэг нь гадаадын хөрөнгө оруулалт. Тэр дундаа эдийн засгаараа хараат гэж хэлж болох урд хөршийн хөрөнгө оруулагчдад илт дайсагнасан хандлага гаргах нь тийм ч оносон алхам биш. Урд хөршийн тухайд манай улсыг шахаад сурчихсан, эвгүйхэн ааш аяг гаргахад хэр хэмжээний нөлөөтэйгөө хилээ хаах төдийгөөр харуулчихдаг улс. Саяхан гэхэд л нүүрс гардаг гарцаа хаах төдийд дээр дооргүй яаж бужигналаа. Эцсийн дүндээ энэ бүхнээс үүдэж гарах хохирлыг сөргөлдөгч хоёр тал буюу У.Хүрэлсүх, М.Энхболд үүрэхгүй. Энгийн иргэд л төлөөс, хохирлыг нь үүрдэг. Гадаадын хөрөнгө оруулалт татрах хэрээр долларын ханш хаданд гарна, долларын ханш өндрөө авах тусам төгрөг үнэгүйддэг. Энгийн иргэд хохирдог гээд байгаа нь цаанаа ийм учиртай.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Эрс шинэчлэл хийнэ гэж ардчиллаасаа ухралтай нь биш дээ, Ерөнхийлөгч өө

Он солигдох мөчид Ерөнхийлөгч нийт иргэддээ хандаж үг хэлсэн. Бусад улсын Ерөнхийлөгч нар өнгөрсөн онд хийсэн бүтээсэн, ирэх онд бүтээх ажил, баримтлах бодлогоо ярив. Хэвлэлүүд нь ч Ерөнхийлөгчийнхөө хэлсэн үгийг улс орныхоо ирэх оны төлөвлөгөө, ирээдүйн бодлоготой уялдаж байгаа эсэхийг нарийн шинжилж анализ хийдэг юм билээ. Манай Ерөнхийлөгчийн үгнээс “2019 он эрс шинэчлэлийн жил болно. Ард түмний оролцоо, дэмжлэгээр “Эрс шинэчлэл”-ийн үр дүнд Монгол Улсад хүчирхэг төр, хуулийн засаглал, шударга ёс ялан мандаж, иргэн бүр баялгийнхаа эзэн байх болно” гэж хэлсэн нь сортосхийхэд хүргэв.

Санах нь ээ, 2005 онд “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ийг Н.Дугар, С.Ганбаатар нарын хүмүүс байгуулж байсан. Энэ нь 2003 оны хоёрдугаар сарын 27-нд МАХН (одоогийн МАН), Ардчилсан намынхны холилдсон “Алтан гадас” фракц буюу МАНАН-г байгуулагдахад бага дээр нь дарж авах гэсэн санаатайгаар зургаан заалт бүхий санал дэвшүүлж гарч ирсэн хөдөлгөөн. Монгол Улсын хөгжлийн төлөө ассоциаци хэмээх нийгэмд үйлчилдэг, ашгийн бус байгууллага гэж сүртэй хурал хийж зарлаж байсан юм даг. Тэр үед МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын дэд дарга Ж.Бямбадорж “Алтан гадас”-ын дэд ерөнхийлөгч болж, тухайн үеийн засагт дэд сайд голдуу ажилтай Сү.Батболд, Т.Очирхүү, Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдорж нар, нөгөө талаас Н.Алтанхуяг, Р.Гончигдорж, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, С.Ламбаа, Г.Батхүү, Содномцэрэн, Баттөр гээд их л олон хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байлаа. Үүнийг одоогийн МАНАН бүлэглэлийн эхний суурь тавигдсан гэж улстөрчид үздэг. Үнэхээр ч хоёр намынхан нийлсэн холион бантан болсон л доо. Сүүлдээ хамтарсан засаг, бүдүүн бүлэг гэх мэтээр янз бүр болж, улс төрийн томоохон шийдвэрүүдэд нөлөөлөх гэж оролдож эхэлсэн байдаг. Олон ч иргэний хөдөлгөөн янз бүрийн шаардлага тавьж, тэмцэж байсан үе. Н.Дугар, С.Ганбаатар нарын үүсгэсэн “Эрс шинэчлэл”-ийн хөдөлгөөн дангаараа болон бусад хөдөлгөөнүүдтэй нийлж жагсаал цуглаан, суулт, эцэстээ өлсгөлөн хүртэл зарлаж, зургаан заалт бүхий шаардлагыг УИХ-д хүргүүлж байв. Гол нь хариуцлага тооцох, УИХ-ыг тар гэсэн утга бүхий шаардлага. Д.Дорлигжавын саяханы өгсөн ярилцлагад дурдагдсанаар 120 сая төгрөгөөр зарим нөхөд худалдагдаад анхны үүсгэн байгуулагч Н.Дугарыг шахаж, зорилго чиглэл өөрчлөгдөж, замхраад хэсэг чимээ тасарсан.

Тэр үед УИХ-аас тэмцэгчдийн шаардлагын хариуг өгөхдөө “УИХ тарах эсэхийг Үндсэн хууль болон УИХ-ын тухай, УИХ-ын хуралдааны Дэгийн тухай хуулиар шийддэг тул шаардлагыг хүлээж авах боломжгүй” гэсэн байдаг юм. Хариуд нь ард нийтийн санал асуулга явуулахыг эрх баригчдаас шаардсан. Сүрхий санаачилга дэвшүүлсэн ч нэг их хүчтэй явж чадаагүй л дээ. Тэр үед энэ мэтээр эрс шинэчлэл хийх санаачилга, зорилго баллуурдуулж байсан. Зарим нь ч тэгээд зорилгоосоо няцсан. Одоо бол эрс шинэчлэл хийх, бололцоо ч, шаардлага ч байхгүй. Эрс шинэчилнэ гэж засаглал сольж, нэг хүний дарангуйлалд орохыг хэлнэ. Ийм тохиолдолд цэргийн дэглэм, төрийн эргэлт хийх гээгүй л юм бол эрс шинэчлэл хийх боломж Үндсэн хуульд ч байхгүй. УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг ч авч хаяад нэг хүн улсад эзэн суухыг л эрс шинэчлэл гэдэггүй юм бол өөр боломж үгүй. Магадгүй УИХ-ын даргыг, цаашлаад УИХ-ыг тарааж, Ерөнхий сайдыг кабинеттай нь унагасны дараа сонгууль зарлаж,өөрийнх нь үзэл бодлыг дэмждэг улс гараад ирнэ гэсэн найдлага байх шиг байна. Сүүлийн үед твиттер, фэйсбүүк гээд сошиал орчинд идэвхтэй, олныг шууруулдаг, нэг хүнийг даган дуурайж, магтан сайшааж, энэ эрчээрээ олноороо давалгаалан санал өгдөг хэсэг бий болчихсон. Ерөнхийлөгчийн үгэн дэх эрс шинэчлэлийг ард түмний оролцоо дэмжлэгтэйгээр хийнэ гэж үүнийг хэлээд байна уу. Эсвэл ард түмнийг ямар нэгэн зүйлд уриалаад байгаа хэрэг үү. Улс даяар явуулдаг Ерөнхийлөгчийн сонгуулийн үед даган дэмжиж, давалгаалуулан санал авч, нэг хүнийг гаргаад ирэх бололцоотой. Харин парламентын сонгуульд тус бүр тойрог болоод явчихаар ингэтэл давалгаалуулах амаргүй. Өнгөрсөн сонгуулиудын туршлагаас харахад ихэнхдээ ухаалаг санал нь давамгайлдаг. Сонгуулийн тогтолцоо нөлөөлж, санамсаргүй зарим нэг нь ялж гарч ирэхийг эс тооцвол шүү. Тэгэхээр парламентын сонгуулиар дан нэг талын байр суурьтай, ярсхийтэл гар өргөж нэг талд үйлчилдэг, нэг хүнийг дэмждэг хүмүүс олноороо ялж гарч ирж Үнд-сэн хуульд өөрчлөлт оруулна гэж найдалтгүй. Тэгж нэг хүний үгээр нийтээрээ гар өргөхгүй учраас ийм байдлаар эрс шинэчлэл хийх боломж байхгүй. Ингэж эрс шинэчлэгдэнэ гэвэл ардчилал, парламентын засаглалаас татгалзана гэсэн үг болж таарна.

Ерөнхийлөгч эрс шинэчлэл гэж чухам юуг хэлэв. Хөвөнд боосон чулуу юм биш биз. Ардчилсан улс эрс шинэчлэл хийхээр ардчилсан биш болох уу. Өөрийнх нь дэмжиж явсан ардчиллыг, олон ургальч үзлийг, парламентын тогтолцоог өөрчлөх үү. Угтаа бол ирэх он жилүүдэд ардчилал улам цэцэглэн, парламентад тулгараад байгаа гацаа арилж, эвлэрлийн ширээнд талцагч талууд сууж, бүх зүйл зөв голдрилоороо л яваасай. Түүнээс биш эрс шинэчлэл хийнэ гэж ардчиллаасаа ухралтай нь биш дээ, Ерөнхийлөгч өө.

Б.ДОНРОВ

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

​Эрх баригчид хэнээс шударга ёс шаардаж жагсаад байна вэ​

Ард түмэн дарлагдаж байвал төр засгаасаа шударга ёс нэхэж, шаардаж жагсаал цуглаан хийх эрхтэй. Нийгэмд шударга ёс алдагдаж, ард түмний амьдрал хүндэрч ядуурал нэмэгдэж, амьдрахад тавгүй болоход “Та нар болохгүй байна”, “Та нар төр засаг барьж чадахгүй байна. Бидэнд таагүй байна” гэж мэдэгдэх цор ганц хүчтэй арга нь ард түмний жагсаал цуглаан юм. Жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх нь ардчиллын амин сүнс. Тийм ч учраас Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” гэж баталгаажуулж заасан байдаг.

Өчигдөр “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” уриатай эсэргүүцлийн жагсаал Сүхбаатарын талбайд болсныг та бүхэн мэдэж байгаа. Жагсаалыг зохион байгуулагчид энэ удаагийн цуглаанд гучаад мянган хүн оролцсон гэж ярьсан ч найм, есөн мянган хүн байсан гэсэн таамаг байна. Яахав, ер нь жагсаалд оролцсон хүний тоог тойрсон яриа бол мөнхийн сэдэв л дээ. Жагсагчид нь амныхаа зоргоор өндөр тоо хэлдэг бол сөрөг талынхан нь аль болох дарж бага тоо хэлдэг. Гэхдээ өчигдрийн цуглаанд найм, есөн мянган хүн байсан болов уу гэж сэтгүүлчид ярьж байна.

Энэ жагсаалыг зөвтгөнө өө. Зөв ч алхам болсон. Бид жагсаалыг дэмждэг. Харин энэ жагсаалыг эрх баригчид удирдсан нь үнэхээр сонирхолтой. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд бол сөрөг хүчнийхэн. Энэ хоёр төрийн эрх барихгүй байгаа ч УИХ-ын гишүүд гэдэг утгаараа төр барьж байгаа хүмүүс хэмээн тооцогдоно. Нөгөөдүүл нь 65-уулаа эрх барьж байгаа ялсан намын УИХ-ын гишүүд. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нар. Тэд хэнээс юу шаардаад жагсаад байгааг нь ер ойлгосонгүй. Өөрсдөө төр барьж байж ард түмэнтэйгээ нийлж жагсаал хийгээд “МАНАН-г устгана”, “М.Энхболд огцор” гэсэн шаардлага тавиад байх юм.

Та нар өөрсдөө энэ бүхнийг хийсэн биз дээ. Төр барьж байгаа та нар л бүгдийг яаж хийхээ мэднэ шүү дээ. Ард түмэн бид юугаа мэдэх юм. Яагаад вэ гэвэл та нар эрх баригчид. Хуулиа өөрчлөөд энэ бүхнийг шийдэх бүрэн боломж нь байна, та бүхэнд. Цуглаад чуулганаа хий, хуулиа өөрчил. Хууль тогтоох эрх мэдлийг та нарт итгэж өгсөн, Монголын ард түмэн. Одоо бид өөр нэмж юу өгөх юм бэ, та нарт. Бүх эрх мэдэл нь та нарын гарт байгаа. Хууль ёсны зам мөр нь ерөөсөө л хууль өөрчлөх хувилбар. Яагаад энэ замаараа явахгүй аль болох зайлсхийгээд гудамжинд гарч ард түмнийг турхирах замыг сонгоод байгаа юм. Хуулиа барьж авч тохиромжтой өөрчлөлтүүдийг хийх замаар энэ гацааг арилга л даа. Өөрсдөө эрх барьж байж, өөрсдөөсөө юм шаардаад жагсаал хийгээд байдаг чинь ямар ч утгагүй.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд хоёрыг бол ойлгож байна. Тэртээ тэргүй жагсах хоббитой, эрх бариагүй болохоороо эрх баригчдаасаа шударга ёсыг шаардаад жагсч үгээ хэлж байгаа биз гэж бодно. Тэглээ ч гэсэн энэ хоёр жагсаад сурчихсан хүмүүс.

Харин МАН-ын залуучууд та нар хэнээс шударга ёс шаардаад байгаа чинь тун ойлгомжгүй байна. Өөрсдөөсөө биш юм бол ард түмнээс та нар шударга ёс нэхээ юу. Төрийг шударга бус байна гэж үзэж байгаа бол төр барихаа болиоч дээ. Та нар өөрсдөө төр шүү дээ. Тэгсэн атал төр нь төрөөсөө шударга ёс шаардана гэж юу байдаг юм. Төр чинь шударга биш байгаа бол та нар өрөөндөө ороод хурлаа хийгээч, микрофоноо асаагаад ярилцаач. Тэгж гэмээнэ шударга бус бүхнийг засч залруулж хэлэлцэнэ. Ийм л зам байна, эрх баригчдад.

Хаа хамаагүй мөрөөрөө байгаа ард түмнийг турхирч авчраад орилоод байгаа чинь юу болж байна вэ. Тэглээ ч гудамжинд улс төр хийгээд олны анхааралд өртдөг цаг нь өнгөрсөн гэдгийг өчигдрийн цуглаан бэлээхэн харуулаадахлаа. Гудамжинд орилсноор Ү.Хүрэлсүх, М.Энхболд хоёроос салж чадахгүй гэдгээ ухаарсан болохоор одоо Төрийн ордонд орж парламент, төрийн өндөрлөгүүдтэйгээ хэл амаа олох нь үр дүн өгнө гэдгийг ойлгоцгоо. Өчигдрийн жагсаалд урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын “Миний дуунууд” концертыг үздэг үзэгчдээс ч бага хүн цугларахыг үзлээ. Тэгэхээр хуулиа өөрчлөх замаар Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёрыг огцруулж салахаас өөр арга зам үлдсэнгүй. Хэрвээ ингэхгүй бол энэ мухардлаас гарахгүй, дахин жагсаал хийвэл хүн ч ирэхгүй нь.

Д.ГАНСАРУУЛ

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Хоорондоо алалцаж байхаар хоёр булайгаасаа салаач ээ, МАН-ын залуусаа

Эрх баригч намын дотоод хэрүүлээс болж засаг төрийн үйл ажиллагаа гацаад багагүй хугацаа өнгөрч байна. Чуулганы нэгдсэн хуралдаан саатаад сар шахам боллоо. Энэ янзаараа мөдхөн төр дампуурлаа зарлаж мэдэх нь. УИХ-д 65 суудалтай МАН засгийн эрхийг авчихаад улсын бодлого, шийдвэрийг гацаагаад зогсохгүй намаа ч устгах шинжинд орж байна. Түрүүчээсээ энэ намыг татан буулгахаар Дээд шүүхэд өргөдөл гаргаад эхлэв.

МАН-ыг тараая гэж шүүхэд хандсан хуульчдын өргөдлийг үл тоож боломгүй юм билээ. Улс төрийн намуудын тухай хуулийн 23 дугаар зүйлд маш тодорхой заагаад өгчээ. Уг хуулийн 23.2-т “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргана” гэжээ. Ингээд тухайн намыг улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлдэг хуулийн механизм өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна. Эндээс харахад МАН-ын бүлэглэл хоорондын тэмцэл, гаргаж байгаа авир, үйлдэл нь дээрх хуулийн заалтын гол тодорхойлолттой нь яв цав тохирч байгаа юм. Намын Бага хурлаараа УИХ-ын үйл ажиллагаанд оролцож, Төрийн өндөрлөгийг огцруулах асуудалд санаархсан нь Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн оролдлого болохыг хуульчид тайлбарлаж буй. Энэ үндэслэлээр бол МАН яалт ч үгүй татан буугдаж болзошгүй нөхцөл байдал үүсчээ.

М.Энхболд, У.Хүрэлсүх гэсэн хоёр бүлэглэл намаа хэрхэн сүйдэлж байгааг нийгэм даяараа харж байна. Нэгэн зууны түүхийн хуудсыг бичиж яваа МАН энэ хоёрын үед амь тавих өнгөндөө орлоо. Фракц хоорондын тулаан намаа устгах хэмжээнд хурцдаж байгааг намжаах сэтгэлтэй хүн МАН-д үнэндээ алга. Хашир бурхинуудыг намаа аврахаар ханцуй шамлан дуу хоолойгоо нэгтгэх болов уу гэж харж байтал харин ч эсрэгээрээ байх юм. Тэд намаа хагалан бутаргах тал дээр ямар айхавтар манлайлан оролцож байна вэ. МАН-ын тулхтай гишүүд болох Ц.Нямдорж, Ч.Улаан, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нарыг хамгийн түрүүнд нэрлэмээр байна. Тэд сиймхийгээр нь төрийн өндөрлөгт оччих санаатай гүйж байна шүү дээ. Эдний хэлж ярьж байгаа үг, намын мэдэгдэл зэргүүд бэлхнээ харуулж байгаа. Ямар санаа агуулж намдаа ассан гал дээр тос нэмэв, хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн мэдэлгүй яахав.

Туршлагатай, юмны наанадах, цаадахыг тунгаах нас тогтсон МАН-ын гишүүд ингэж эрх ашиг, албан тушаалын төлөө сөхөө авахгүй улайрч байна. Тэгэхээр МАН-ынхан хэндээ итгэж, найдах вэ дээ. Залуу гишүүд нь болохоор нааш гэсэн рүү хуйларч хоёр талд хэдийнэ гарчихсан. Одоо УИХ-д суугаа 64 гишүүн нь эн тэнцүү талцаад үзэлцэж байна. Парламентад суусан цагаасаа л хоёр талд гараад хоорондоо алалцсаар өдий хүрлээ. Энэ бол улс төрд хөл тавьсан залуу гишүүдийн хувьд эмгэнэл. Фракц бүлэглэлд автаж, хэн нэгнээр оюун санаа, үзэл бодлоо жолоодуулж яваа хүмүүс яаж улс орныг цаашид авч явж чадах юм бэ. Угтаа бол МАН-ын залуу гишүүд хоёр талд ингэж тэмцэлдэж байхаар М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрыгоо огцруулахаар нэгдэх ёстой баймаар. Парламентаас гадуур байгаа гишүүд хүртэл эвлэлдэн нэгдэж, намаа аврах хэрэгтэй байна. Ингэж шинэ үеийн залуус тодорч гарч ирэхгүй бол танай нам хадан цохионы ирмэг дээрээс унахад бэлэн байна шүү.

Одоо МАН-ын хоёр бүлэглэлийн хэн, хэнийг нь зөв гэх юмгүй боллоо. У.Хүрэлсүх нь шударга үнэний дуу хоолой гээд цээжээ балбаад байгаа хэрнээ намын Удирдах зөвлөл, Бага хурал дээрээ төрийн хэрэгт дур мэдэн оролцож, УИХ-ын даргыг огцрох ёстой гэсэн шийдвэр гаргуулаад байдаг. М.Энхболдын хувьд УИХ-ын даргын албан тушаалаас огцрох хуулийн үндэслэл байхгүй гээд нам жим суугаад байдаг. Чуулганаа хуралдуулж, ажлаа хийе гэх боловч У.Хүрэлсүхийн талынхан бойкотолчихоод хүчин мөхөс нэгэн болж хувирлаа. Энэ хоёрын бүлэглэл хоёулаа их хэмжээний мөнгө санхүүтэй холбогдож, шившгээ дэлгэсэн. Ерөнхий сайд ЖДҮ-чин, УИХ-ын дарга нь 60 тэрбумчин гэсэн “цолтой”. Гэвч аль аль нь үүнийгээ үгүйсгэдэг. МАН-ынхан нэг нэгнийхээ хууль бус үйлдлийг олон түмэнд дэлгээд байхад хууль хяналтын байгууллагынхан таг дуугүй л сууцгаасаар.

МАН-ын хоёр бүлэглэл намаа шороотой нь хутгаж дууслаа. Монголын улс төрд хар тамга даруулчихлаа. Ийм нам улс орноо цаашид яаж авч явах юм бэ. Нэгэнт амин хувиа тэргүүнд тавьж байгаа нь ил тод байхад ард түмэн, эх орныхоо эрх ашгийг бодно гэж тэдэнд найдаж, горьдоод ч нэмэр алга. Тэд хэзээ ч улс эх орны эрх ашгийг бодохгүй нь ойлгомжтой. Улс төрд нэрээ хугалсан М.Энхболд, У.Хүрэлсүх хоёроос болж МАН-ын сүүлчийн хоногууд тоологдож байгаа юм шүү.

Уг нь МАН үүх түүх, улс төрийн туршлагатай байгууллагынхаа хувьд Монголын улс төрд байвал зүгээр л байх. Цаашид Монголын улс төр намгүйгээр явахгүй нь мэдээжийн асуудал. Тэглээ гээд МАН-ыг байхгүй болчихвол ард түмэн нэг их харамсаж, халаглаад байхгүй. Монголчууд шинэ зүйлийг хүлээж авахдаа шийрэгнэдэг болохоор л бэлэн нам байж байхад зүгээр юм болов уу гэж тайвнаар хүлээж авах байх. Нэгэнт л улс төрөөс арчигдаж сүйрч байгаа энэ нам татан буугдвал буугдахаас яахав дээ.

Дахин хэлэхэд, У.Хүрэлсүх, М.Энхболд хоёр булайгаа улс төрөөс зайлуулахгүй бол МАН-ын хагарал хэзээ ч эвлэхгүй. Аль нэг нь үлдлээ гэхэд унасан хүмүүс нь тэмцлээ тийм ч амар зогсоочихгүй байх. Иймд МАН-ын шинэ үеийн залуус гарч ирж намаа аврах хэрэгтэй байна.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Х.Баттулга чинь М.Энхболдын захиалгаар “аманд гарсан хүүхэд” болж хувирав уу даа?

Хэдхэн хоногийн өмнө эрх баригч Монгол ардын намын бага хурал болж өнгөрсөн.

Уг хурлаас итгэл алдарсан ард түмэн сүүлчийнхээ горьдлогыг тавьж бага ч гэсэн юм хүлээсэн. Монголын төр гацаанаасаа гарах байх гэж найдсан. Гэвч эрх баригч намын удирдлагууд төрт ёсоо аанай л доромжилдгоороо доромжилж, хаалга үүдээ хангинатал түгжиж аваад өдөржин шөнөжин хэрэлдэцгээв. Үнэхээр Монголын төр, Монголын ард түмний хувь заяаг юман чинээ боддоггүйг ерэн жилийн түүхтэй намын энэ цагийн өнгөн дээр байгаа нөхөд харуулсаар байгаа. Харин энэхүү хурлын үеэр үнэнч шударгын охь манлай, Монголыг аврах залуучуудын төгс төгөлдөр нь гэгдэх Л.ОюунЭрдэнийн М.Энхболдод хандаж хэлсэн үг анхаарал татсан.

Тэрээр хоолойныхоо өнгө донжийг тааруулж, өргөлт суултыг нь тохируулж, танхимд суугаа нөхдийн анхаарлыг татаж байгаад пастер хоолойгоор үгээ хэлнэ билээ. Мэдээж бэлтгэлтэйгээр өнөө Энхболдынхоо улаан нүүр рүү нь харж байгаад ийн хэлсэн. “М.Энхболд даргыг би хүндэлдэг. Гэхдээ нэг зүйлтэй нь эвлэрч чаддаггүй. Тэр зарим нэг зүйлийг худлаа яриад байдаг. Х.Баттулга гэдэг хүнтэй холбоотой сошиал штаб энэ тэр гээд нэлээн юм ярьж байгаа. Бадамжунайг Сингапур руу авчирч, өөрөө ял авах гэж байхад нь өөрөө өршөөгөөд өөрөө захиалж дэвшүүлсэн шүү дээ. Энэ үнэн шүү дээ М.Энхболд дарга аа. Үүнийг чинь л МАНАН гэж яриад байгаа. Тэгээд одоо үүнийг хэнд нялзаах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. ОюунЭрдэнийн энэ үг хэвлэл мэдээллээр дорхноо түгсэн. Цахим орчинд шууд л цацагдаад явчихсан.

Түүний хэлж буйгаар Х.Баттулга Ерөнхийлөгч маань М.Энхболдын өөртэйгөө өрсөлдүүлэх гэж захиалсан хүн нь болж таарав уу. Монгол бөхөөр бол аваргуудын аманд гарсан хүүхэд болж хувирлаа. М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийнхээ өмнө эрх баригч Ардын намын дарга байсан. Мөн Улсын Их хурлын дарга байсан. Энэ том дарга амны хүүхэд болгож одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгчийг захиалсан байх нь. Тэр жил Жигжидийн Мөнхбат аваргыг аманд гарсан цэрэг хүү нэгийн даваанд хаячихаад бөөн дуулиан дэгдээж билээ. Монгол төрийн наадмын зүүний магнай их аварга амныхаа хүүд унана гэдэг дуулиан шуугиан болохоос яахав. Мөөеө аваргатай дүлий цэрэг таарчихаж гэсэн яриа хөөрөө ч гарч байсан юмдаг.

Түүн шиг Баттулга Ерөнхийлөгч минь та “аманд гарсан хүүхэд” гэдгээ мэдэхгүй “аварга”ыг хаячихаад өнөөдрийн энэ их хэрүүл, тэмцлийн үндэс суурь нь болоод байгаа юм биш үү. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам нэр дэвшигчээ сунгаагаар тодруулж, эцсийн дүнг оноолтын системээр гаргасан. Ерөнхийлөгчид нэр дэвших сунгаанд УИХ-ын гишүүн Лу.Болд, УИХын гишүүн асан Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Х.Баттулга, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, “Буян”гийн Жагаа нарын зургаан хүн өрсөлдсөн. Монгол Улсын хорин нэгэн аймаг, бүх сум дүүргийн Ардчилсан намын нийт гишүүдийн хамгийн олон саналыг авсан Х.Баттулга 2740.94 оноогоор тэргүүлж, 2374.85 оноогоор Р.Амаржаргал удаалж байсан. Ингэж Баттулгыг Ардчилсан нам нийт гишүүдийнхээ санал дээр үндэслэсэн оноолтын системээр тодруулж байсан. Оноолтын системийн аргачлал хамгийн бодитой. АНУ ч сонгуулиа ийм аргачлалаар явуулдаг гээд л Ардчилсан намын зүгээс тухайн үедээ мэдэгдэж байсан.

М.Энхболд Х.Баттулгыг өөрөө захиалж, амалж авсныг бодоход Ардчилсан намын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн их сунгаа зүгээр жүжиг болж таарах нь ээ. Үндсэндээ АНын зүгээс Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн, сунгаа явуулсан, их хурлаараа хэлэлцэн баталсан зэрэг нь хий хоосон жүжиг байсан гэж үү. Нэгэнт л “аварга” нь “амны хүүхэд”-ээ өөрөө захиалж, хүч сорих байсан юм бол Ардчилсан намын гишүүдийн итгэл үнэмшлээр ингэж наадах хэрэг байсан уу гэх асуулт зүй ёсоор тавигдаж таарна. Үнэндээ яаж жүжиглэхээрээ, ард түмэн, сонгогч олноо доромжлохоороо ингэдэг байна даа гэж эрхгүй гайхах юм. Баттулга ч гэж Баттулга. Аваргын аманд гарсан гэдгээ хэлчихгүй. Ард түмэн ч гэж ард түмэн. Аманд гарсан хүүхдийг Ерөнхийлөгчөөрөө сонгож л байдаг.

Энэ бүхэнд одоо Монгол Улсын Ерөнхийлөгч хариу өгөх цаг нь болжээ. Эрх баригч Ардын намын дарга Энхболд таныг үнэхээр амалж авсан юм уу. ОюунЭрдэнийн хэлээд байгаа шиг Бадамжунайг Сингапур явуулж, таныг авчруулан ялаас мултлан өршөөсөн юм уу. Энэ бүхнийг ард түмэндээ хэлж нийгмийн хүлээлтэд хариу өгмөөр байна. Х.Баттулга Ерөнхийлөгч таныг М.Энхболд амлаж авсан энэ учрааг ОюунЭрдэнэ МАНАН гэж өнөө гоё хоолойгоороо намынхаа хурал дээр зарлан тунхагласан. Тэгэхээр та өөрөө МАНАНгийн хүн болж хувирлаа. Та юм л болбол “30 гэр бүл”, “МАНАН” гэж хамгийн их ярих дуртай. Гэтэл өөрөө гол дунд нь цохиж явна. Х.Баттулгын хамгийн ойрын хүн Зам тээврийн сайд асан, Үндэсний аюулгүй байдлынзөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх манай Д.Мөнгөндалайд өгсөн ярилцлагадаа “Тухайн үед Баттулга хилийн хориотой гадаад явах боломжгүй байсан. Риогийн олимпт явахдаа прокуророос зөвшөөрөл авч явж байсан. АНын сунгаанд өрсөлдөж байж Ерөнхийлөгчид дэвших эрхээ олж авсан. Орон даяар явагдсан АНын гишүүдийн сунгаанд М.Энхболд нөлөөлөх ямар ч боломжгүй” гэж хэлсэн байна лээ.

М.Энхболд ч намын бага хурлынхаа маргааш төрийн ордонд мэдэгдэл хийхдээ “Т.Бадамжунайг Сингапур явуулж Х.Баттулгатай уулзуулж байсан удаа байхгүй” гэж хэлсэн. Гэхдээ баттай үнэнийг Ерөнхийлөгчөөс өөрөөс нь, өөрийнх нь амаар сонсмоор байна.Ер нь сүүлийн үед Ерөнхийлөгч чив чимээгүй болчихоод, нугдайж нуугдчихаад байгаа. “Их хурал гацчихсан, эрх баригч Ардын нам хоёр хуваагдчихсан энэ үед Ерөнхийлөгч яагаад чимээгүй болчихов. Хүрэлсүхийн ард Ерөнхийлөгч байгаа биз дээ” гэж яриа хаа сайгүй тарж байгаа. Тэгтэл Монгол төрийн тэргүүн маань “амны хүүхэд” болж хувирдаг байна. Цаашид юу болохыг ч таашгүй нь. Өнөө олон ангит кино дахиад үзнээ гээд доогтойхон мушилзах гэдэг шиг. Тэгэхээр төрийн тэргүүн одоо л олны өмнө ил гарч үгээ хэлэх цаг нь мөн.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Монгол төрийн тэргүүнүүд ажлаа өгснийхөө маргааш ухаардаг нь гунигтай

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд төрийн толгойд заларч байсан эрхэмүүд албан тушаалаа өгснийнхөө маргаашаас нь шахам “Монгол Улсаа хөгжүүлнэ, ард түмнийхээ амьдралыг сайжруулна, шударга ёс тогтооно” гээд яриад эхлэх юм. Уг нь бол “Улсаа хүний дор орохоогүй хөгжүүл, наад нэг ядарсан хэдэн ард түмнээ ажилтай, ашиг орлоготой болгоодох, тэр алга болсон шударга ёсоо тогтоо” гэж л намынхан нь нэр дэвшүүлж, олноороо дэмжиж толгойдоо залсан. Ярьж байгааг нь хэрэгжүүлэх боломжийг олгож, хичнээн жил хүлээсэн гэсэн үг. Гэтэл тэд нар төрийн толгойд гараад юу ч хийдэггүй. Юу хийж байгаа нь мэдэгдэхгүй алга болдог. Ард түмэн нь бүү хэл, анд нөхөд нь ч ойртож дөхөхийн аргагүй нэг их хамгаалалтад орж, хэдхэн хүний үгийг сонсдог болтлоо амьдралаас тасардаг нь үнэн юм. Сүүлд сонсох нь ээ, “Ийм хуйвалдаанд оролцсон, тийм бүлэглэлийг удирддаг, тэгж хулгай хийсэн, ингэж хууль зөрчсөн” тухай л дуулддаг.

Төрийн өндөр дээд албанд очно гэдэг эрх ямба эдлэхээс илүүтэй өдөр шөнө, цаг минут, нэг секунд ч алдалгүй улс эх орноо яаж хөгжүүлэх, эдийн засгаа яаж өсгөх, хүн ардаа яаж аятайхан амьдруулах, хүүхэд өтгөсөө хэрхэн халамжлах тухай бодож, төлөвлөж, ажил хэрэг болгож, шийдвэрлэж байдаг туйлын завгүй ялтай ажил. Үүнийхээ төлөө элэгдэж, эмтэрч, эрүүл мэндээ ч тавьж туух нь бий. Энэ бол ажил. Монгол төрийн нэртэй зүтгэлтнүүд ингэж л ажиллаж амьдарч байв. Тэднийг ард түмэн мартдаггүй, домог мэт яригдсаар, одоо ч амьд мэт хүндэлсээр байдаг. Харамсалтай нь, сүүлийн үеийн дарга даамлууд маань төрийн тэргүүний ямбыг нь хэтрүүлэн эдэлж, ялтай ажил хэргийнх нь тухай ор тас мартаж орхидог мэт. Хийдэг ажил нь эрх ашиг нэгтэй бүлэглэлүүдийнхээ төлөө л санаа тавьсан байдаг. Харин ажлаа өгөхөөрөө гэнэт ухаардаг юм болов уу, элдэв хөдөлгөөн, нам байгуулж “Ард түмнийхээ сайн сайхны төлөө ажиллана аа. Энэ улс орон чинь болохоо байлаа” гэж сонссон хүн шүүрс алдмаар гоё гоё юм ярина. Дарга байхдаа ярьж байгаагаа хийхгүй яав даа гэж гол харламаар. Үнэхээр ч тэдний хэзээ хойно ухаарсан яриаг сонсохоор гол горойж халагламаар санагддаг юм. Бүгдээрээ хамгийн эрх мэдэл бүхий дарга байсан хүмүүс шүү дээ.

Монгол Улсын Ерөнхий сайд байсан Норовын Алтанхуяг “Нэгдмэл Монгол” нэртэй хөдөлгөөн байгуулснаа зарлалаа. Монгол Улсыг диваажин болгох юм байх. Энэ түүний хоёр дахь санаачилга нь. Хэдхэн жилийн өмнө “Алтангадас” гэдгийг байгуулж, бас л ингэж ярьж байсан. Нам болгоноос хүн оруулна, бодлого боловсруулна юу юу ч билээ, сайхан сайхан юмаа ярьж байсныг санаж байна. Тэгж явсаар түүнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилсон. Гэтэл яасан билээ дээ. Ерөнхий сайд байхдаа хошин шогийн жүжигчин шиг аягладаг байсан. Ажил яриад байгаа юм уу, арзаганаад байгаа ч юм уу аль аль нь мэдэгддэггүй. Сошиалынхны ганц шоолдог сэдэв нь л байлаа шүү дээ. Бүр Задгай цагаан нэртэй ч байв уу. Харин Ерөнхий сайдаасаа буучихаад өдөр шөнөгүй яриад байдаг болчихсон шударга бусын хонгилоо нураахгүй юугаа хийж байсан юм бол.

Намбарын Энхбаяр гээд нэг хүн байна. Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд төрийн гурван том албыг ээлжлэн хашсан хүн. Одоо нам байгуулчихаад ард түмнийхээ сайн сайхны төлөө гээд гудамжинд хашгираад явж байна. Төрийн бүх өндөрлөгт ажиллаж байхдаа одоо яриад байгаа энэ бүхнээ хийхгүй үхсэнээ хийж суусан юм бол. Монгол Улсын Ерөнхийлөгчийн суудалд тасралтгүй найман жил суусан Цахиагийн Элбэгдорж мөн л өдгөө ардчилал, шударга ёс тогтоох, ард түмнээ бодох тухай ярьж эхэллээ. Өмнө нь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн байсан хүн.

Байж болох хамгийн том албан тушаалд хичнээн жил суухдаа ард түмэн, улс орноо бодохгүй юу хийж байсан хүмүүс вэ. Албан тушаалаасаа буучихаараа л улс эх орон минь, ард түмэн минь гээд орилоод унах юм. Та нарыг албан тушаалд сонгосон ард түмэн чинь өнөөдөр элгээрээ мөлхөх нь холгүй байна. Улс орон чинь авлигад идэгдэн, эдийн засаг нь өөдлөхөө байсан. Бүр дампуурдгийн даваан дээр Олон улсын валютын сангийнхан тусалж байна. Та нар болон та нарын бүлэглэлийн цөөн хэдэн хүн л санаа зовох юмгүй сайхан амьдарч байгаа байх. Улаанбаатарын агаар, орчин утгаа алдсан. Утааг арилгахаар зарцуулсан мөнгө ихсэх тусам улам өтгөрөн, улам нэмэгдэж байна. Хавдрын эмнэлэг ачааллаа дийлэхээ байсан. Энэ өвчнөөр тэнгэрт одсон мянга мянган монголчуудын үйлчлүүлэх байсан Хавдрын эмнэлэг барих мөнгийг та нар харамлаад өгөөгүй. Шударга ёс алдагдаж, танил талгүй бол ажил бүтэхээсээ өнгөрсөн ийм л байдал Монголд тогтжээ. Бүр байчихаад жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд очих байсан хөнгөлөлттэй зээлийг дээгүүрээ хуваагаад идчихсэн нь илрээд булайгаа дэлгэж байна.

Ийм л Монголыг та нар бий болгожээ. Одоо та нар “ард түмэн” ярьж жүжиг тавьдгаа боль. Та нарын үгэнд хичнээн жил хууртах вэ. Итгэх хүн олдохгүй л болов уу. Харин ч шинэлэг сэтгэлгээтэй дараагийн үедээ зайгаа тавьж өгөх цаг нь болжээ. Дэмий поп зүйл ярихынхаа оронд “Би ийм ажил хийх гээд чадаагүй юм аа. Тэр үед тийм алхам хийгээгүй байсан бол дээр байжээ” гэх мэт зүйл яриад сууж байх нь дараа дараагийн үед хэрэгтэй байж мэднэ.