Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Г.Занданшатарын дөвчигнөл гавьяат хуульчийг үхэлд хүргэлээ

УИХ-ын дарга Г.Занданшатар Их хурлын дарга болохоосоо өмнө буюу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа айхавтар дөвчигнөсөн. 2019 оны босгон дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн даалгавраар Салхитын алт мөнгөний орд дээр бүрэн зэвсэглэсэн тусгайгийнхан, мөн бүрэн камержсан сэтгүүлчдийн багийг дагуулж очсон. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байх тус ордын 2043, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийг Монгол Улсын мэдэлд хурааж авсан. Тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр сүрийг үзүүлэн очиж, тухайн орд газрын ажилчдыг гарыг нь гавлаж өмнөө сөгдүүлэн мөлхүүлээд түүнийгээ хэвлэл мэдээллээр зай завсаргүй цацаж, гадны хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг цаашид ч ийм байдлаар улсын мэдэлд авах болно гэдгээ мэдэгдсэн. “Захиргааны ерөнхий хуулиар нийтийн ашиг сонирхол, улсын аюулгүй байдал, Үндсэн хуулийн заалтуудаар сонсох ажиллагаа явуулахгүйгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож болно. Салхитын мөнгөний ордын цаана асар том сүлжээ байгаа. 770 мянган тонн мөнгөний нөөцтэй, алт газрын ховор металлтай компанийн 154 мянган тонн хүдэр экспортод гаргах гэж байхад нь зогсоолоо” гээд баахан сүржигнэсэн.

Занданшатарын энэ сүржигнэл явж явж гавьяат хуульчийн аминд хүрчихэв үү. Уг орд газартай хамаарал бүхий хэргийг өмгөөлж байсан Монгол Улсын гавьяат хуульч, манай нэртэй шүүгчдийн нэг Л.Бямбаа шоронд амь насаа алдлаа. Тодруулбал, талийгаач Салхитын алт мөнгөний орд газрыг 100 хувь эзэмшдэг гэж мэдэгдэл гаргасан “Амин билигт” компанийн хуульч, өмгөөлөгчөөр ажиллаж байжээ. Талийгаачийн цогцос хөрч амжаагүй байхад Авлигатай тэмцэх газраас өчигдөр “Талийгаач нь Салхитын ордын авлига хээл хахуулийн хэрэгт хамжигчаар оролцсон хэрэгт шалгагдаж байсан” гэж мэдээлж байна. Монголын нэртэй шүүгч шоронд амиа алдсан маш харамсалтай, эмгэнэлтэй явдал боллоо. Тэрээр Салхитын мөнгөний ордын асуудлаар шоронд хоригдоогүй, гэртээ сэтгэл амар сууж байсан бол ийм айхавтар зүйл болох байсан уу. Талийгаач суллагдахаасаа хэдхэн минутын өмнө амь насаа алдсан байна. Өөрийгөө орноос боомилсон байж болзошгүй байдалтайгаар амиа алдсан гэх мэдээлэл бий.

Салхитын алт мөнгөний ордын асуудал асар том улс төрийн нөлөөтэй. Монгол Улсын Ерөнхий сайд үүрэг чиглэл өгч Занданшатарыг тусгайгийнхантай явуулсан. Тиймээс талийгаач бүхий л насаараа хууль шүүхийн байгууллагад ажилласан хүний хувьд “үхэн үхтэлээ энэ хэргээс би мултрахгүй нь” гэдгээ мэдэж байсан байх. Ардаа улс төрийн айхавтар асуудалтай хэрэгт холбогдсон нөхдийг хуулийнхан хэрхэн яаж тамладгийг, ямар хатуу харгис ханддагийг талийгаач мэдэх учир амиа хорлосон ч байж магадгүй. Улс төртэй холбогдсон ийм хэрэгт хууль шүүхийнхэн үнэн мөнийг нь олохоосоо илүүтэй улс төрийн нөлөөллөө бодох нь бий. Тиймийн учир талийгаач өөрийн минь ээлж ирлээ гэдгээ мэдээд явчих шиг боллоо, хөөрхий минь.

Уг эмгэнэлт явдлын эхлэл нь Занданшатарын дөвчигнөл гэж хэлэхээс өөр арга байхгүй. Мань эр гадны хөрөнгө оруулалттай компанийн тусгай эрхийг шууд цуцалж булаан эзэлснийхээ шанд Улсын Их хурлын дарга болох шиг боллоо. Харин дөвчигнөлийнх нь үр нөлөөнд Монголын нэр нүүр болсон нэгэн сайхан хуульч амиа алдсан нь харамсалтай.Тэрээр Улсын дээд шүүх, нийслэлийн шүүхэд нарийн бичгийн дарга, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргын албыг нэр төртэй хашиж ирсэн юм.

Ийм хүн амиа алдсаныг бодоход их л үнэтэй дэвшил, их л үнэтэй албан тушаал болж байна даа, Занданшатар минь. Таныг Их хурлын дарга болгох гэж Монголын төр бүтэн хоёр сар гаруй хугацаанд зогсолт хийсэн. М.Энхболдыг суудлаас нь авч хаях гэж чухам юу болов. Эрх баригчид талбай дээр суулт зарлаж, нийгмийг донсолгосон жагсаал цуглаан зохион байгуулж, Ерөнхийлөгч нь хууль санаачилж, түүнийг нь Их хурал баталж, Монголын парламент ёсны түүхэнд байгаагүй үйл явдал болсон. Энэ бүх тавилттай гэж хардахаар жүжгийн дараа та Их хурлын дарга болсон. Гадаадын хөрөнгө оруулагчдын амийг нь чангааж, аж ахуйн нэгжийг нь дээрэмдэж байж Их хурлын дарга болдог нь ч ямар учиртай юм. Ер нь тэгээд Гадаадын хөрөнгө оруулагчдыг хариуцсан дарга хүн байж гадаадын хөрөнгө оруулагчдын дундын маргаанд хүзүүгээ шаах хэрэг байсан уу.

Тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр очиж, компанийн ажилчдыг өмнөө сөгдүүлж сүр хүчийг үзүүлэн дөвчигнөхийн оронд хуулийн дагуу Мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаагийн энгийн албан хаагчтай очоод ном журмын дагуу албан шаардлагаа тавьсан бол ийм айхавтар хүнд тусгалтай үйл явдал болохгүй байх байлаа. Эцэст нь хэлэхэд, Г.Занданшатар та Их хурлын дарга болохынхоо өмнө ямар муухай балагтай, хар мөртэй зүйл хийсэн болохоороо ингээд гавьяат хуульчийн аминд хүрчихдэг байна вэ?


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Манай зарим яам, агентлаг түрүүчээсээ ШХАБ-д элсээд эхэлсэн бололтой

Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-д элсэх тухай асуудал хүн бүрийн анхаарлыг татаж байгаа. Уг нь манай улс энэ байгууллагад 2004 оноос хойш ажиглагчийн статустай явж ирсэн. Гэтэл өнгөрсөн жилээс ШХАБ-ын жинхэнэ гишүүнчлэлтэй орон болъё гэх яриа гарч эхлэв. Эрдэмтэн судлаачид, энгийн ард иргэд, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, төрийн өндөр албан тушаалтнууд ШХАБ-д орох нь“зөв”, “буруу” гэж талцаж байх зуур манай зарим яам, агентлаг түрүүчээсээ элсээд эхэлсэн бололтой. Үүний баталгаа нь Гадаад харилцааны яамнаас гаргасан мэдэгдэл байна. Тус яамны хэвлэлийн төлөөлөгчийнх гэх тодотголтой тэр мэдэгдэлд “…Монгол Улс бүс нутгийн интеграцид нэгдэх хүчин чармайлтаа цаашид ч тууштай үргэлжлүүлж, өөрийн улсын эрх ашгийн дагуу бүс нутгийн олон талт яриа хэлэлцээнд идэвхтэй оролцоход чиглэсэн үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг эрмэлзэх болно…Гадаад бодлого, гадаад харилцааны асуудал нь зөвхөн нэг улсын асуудал биш бөгөөд цаана нь заавал нэг болон бүлэг улс, эсвэл олон улсын байгууллагатай харилцах асуудал байдаг учир бид цаад харилцаатай субьектийнхээ эрх ашгийг хүндэтгэж, үг хэл, үйлдлээ нэн болгоомжтой илэрхийлж байх учиртай…” гэжээ. Эндээс харахад тус яам ШХАБ-д аль хэдийнэ элсээд зогсохгүй дүрмээр нь ажиллаж байгаа бололтой байна.

ШХАБ-ын гол дүрэм бол ардчилсан үзэл санааны эсрэг байдаг. Төрийн эрх мэдлийг ард түмний хүсэл зориг, эрх, эрх чөлөө, сайн дурын хүлээн зөвшөөрөлт, эрх зүйт хуульд тулгуурлан хэрэгжүүлдэг ардчилсан дэглэмийг хэрэгжүүлэхээс шууд татгалздаг гэсэн үг. Ингэснээр албадлага, хүчирхийллийн аргаар эрх баригчид дур зоргоороо ноёрхлоо тогтоох боломж нь цогцолдог. Яагаад гэвэл тотилатор дэглэм ШХАБ-ын үзэл санааны цөм нь юм. Энэ нь нийгмийн бүх үзэгдэлд туйлын хяналт тогтоохыг эрмэлздэг улс төрийн дэглэм. Италийн фашизмыг үндэслэгч Б.Муссолини 1925 онд өөрийн улс төрийн хөдөлгөөнийг тотилатор дэглэм гэж тодорхойлсон байдаг шүү дээ. Тэгэхээр тотилатор дэглэмийг муулж, шүүмжлэх нь хориотой. Хэрэв энэ дэглэмийн удирдагчийг нь элдвээр хэлэх юм бол шууд барьж хорьдог гэж байгаа. Тэрийг нь гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээрээ дамжуулан “Цаад харилцаатай субьектийнхээ эрх ашгийг хүндэтгэж, үг хэл, үйлдлээ хяна” гэсэн санааг тодоос тод анхааруулаад байна шүү дээ.

Бас түүний мэдэгдэл ШХАБ-д элсэхийг хамгийн ихээр эсэргүүцэж буй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарт зориулагдсан гэж харагдаад байгаа. Энэ тухай “Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх эсэх асуудлаар төрийн өндөр албан тушаал хашиж байсан зарим хүмүүс хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр улстөржсөн мэдээ, мэдэгдлүүд гаргаж буй нь туйлын харамсалтай… Гадаад бодлогын асуудлыг дотоод улс төрийн маргааны талбар болгох нь улс орны эрх ашигт болон манай улсын гадаад харилцаа хамтын ажиллагааны хөгжил дэвшилд сайн үр нөлөө авчрахгүй” гэж мэдэгдэлд дурдсан байгаа юм л даа.Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуульд хариуцлагатай иргэн, жирийн иргэн гэж тусгаарлаж заадаггүй.

Монгол Улсын иргэн гэж тодотгосон байдаг. Тэгэхээр Гадаад харилцааны яамнаас гаргасан мэдэгдэл Монголын нийт ард түмэнд хандсан гэж ойлгогдохоор байна. Үүгээрээ тэд “ШХАБ-д элсэхийг эсэргүүцэж болохгүй, хөрш орнуудын удирдагч болох В.Путин, Си Жиньпин нарыг элдэвлэн гоочилж болохгүй” гэж лүндэн буулгаад монголчуудыг зааварчилж эхэллээ. Үүгээрээ ШХАБ-д “хөл тавьсан” Гадаад харилцааны яам Монгол Улсын иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн эрхэнд халдаж байгаагаа мэдэж байна уу.

Энэ мэтчилэн манай гадаад бодлогыг тольдогч яам, төрийн томчууд, дарга нарын ярьж, хэлээд байгаа үгсийг хараад байхад Монгол Улс ШХАБ-д элсэх шинжиндээ орж байх шиг байна. Зүгээр нэг нийгэм даяар шуугьсан хөөс биш болж таарлаа. Ард түмэн тэнэг биш. Асуудлын буруу, зөвийг ялгана. Юуны тулд бид улс орны болоод ард түмний эрх ашигт үл нийцсэн төр баригчдын харалган шийдвэр, хувийн ашиг сонирхлын эсрэг тэмцэж чаддаг эрх чөлөөт нийгэмд амьдарч байгаа билээ дээ. Ард түмэн ШХАБ-ын эсрэг дуу хоолойгоо нэгтгэхэд амархан болсон.

Сошиал сүлжээ хүн бүхний өмнө нээлттэй байна. Монгол Улсын иргэд Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэх талбар бол энэ. Хуучин цагт шударга бусын өөдөөс зөвхөн “Өдрийн сонин” л ганцаараа үзэлцдэг байсан. Одоо ч ардчилал, хүний эрх, эрх чөлөөний индэр болсоор байгаа. Тэгвэл өнөөдөр бид хань ихтэй болсон шүү.

Эцсийн бүлэгтээ Монгол Улс ШХАБ-д орох, орохгүйг УИХ л шийднэ. Байнгын хороогоор нууцаар санал оруулж, зөвшилцөх маягаар асуудлыг явуулсан ч парламентын хуралдаан ард түмэнд нээлттэй хүрч байгаа. Эндээс хэн нь ШХАБ-д элсэхийг дэмжиж, хэн нь эсэргүүцэж буйг нь ил тод харах боломжтой. Гэвч улс төрийн нөхцөл байдлаас үзэхэд гишүүд найдваргүй, барьцаанд орсон харагдаад байна. Яалт ч үгүй ЖДҮ-дсэн 14 гишүүн эрх баригчдын кнопны барьцаанд дэгээдүүлсэн бололтой. Тэдэн дээр нэмээд ШХАБ-ын үзэл санааг дэмждэг хорин хэдэн гишүүн түвэггүйхэн олдчихно. Ингээд УИХ-ын олонхын шийдвэрээр Монгол Улсын хувь заяа тотилатор дэглэм рүү очиход ойрхон байна. Тэгвэл яагаад ийм хяналттай, эрх чөлөөгөө хязгаарлуулсан нийгмийн замыг сонгож,ШХАБ-д орох гээд үхэн хатан тэмцээд, эрчимтэй тэмүүлээд байна вэ. Хамгийн түрүүнд эдийн засгийн ашиг сонирхол гэж тайлбарлаж байгаа. Үнэн хэрэгтээ энэ бол өнгөлөн далдлалт. ШХАБ-д элсэхэд эдийн засаг ямар ч хамаагүй. Цаад зорилго нь Орос, Хятад зэрэг дарангуйлагч улсуудад эрх ашиг нь нэгдсэн, тэдэнд дагаар орсон улс төрийн том зүтгэлтэн нарын шоронд насаараа хатахаас бултах цорын ганц арга нь ШХАБ байна.

ШХАБ-ын дүрмээр нэг хүн насан туршдаа дарга хийнэ. Сонгууль болсон ч дахиад л сонгогдсон мэтээр жүжиглэж улираан зална. Учир нь тэр удирдагчаа шүүмжилж, муулсан хүн баригдаж, хоригдох учир ноёрхол нь бат бөх оршдог. Харин манайд парламентын сонгууль болбол одоогийн улс төрийн өндөр, дунд шатны зүтгэлтнүүд бүгд унана. Ард түмэн тэднийг дахиж сонгохгүй болохоор төрд гарч чадахгүй гэдгээ өөрсдөө ч сайн мэдэх биз. Тэгээд ч заримыг нь ял шийтгэл хүлээж байгаа гэх юм билээ. Ийм нөхцөл байдлаас бултаж, насаараа төрийн удирдлагыг гартаа авахын тулд Монголын ард түмнийг барын аманд барьж өгөх гэж байх шиг байна.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Х.Энхжаргалын дараа ирэх хүнд илрүүлэх авлига бараг үлдсэнгүй

АТГ-ын дарга Х.Энхжаргал авлигачдыг их, бага гэлтгүй шалгаад дуусчихлаа даа, бараг. Улс төрийн нөхцөл байдал ч сайхан таарлаа. Авлигачдыг тэр энэ гэж тойролгүй шалгах таатай орчин бүрдсэн нь ч нөлөөлсөн байх. Х.Энхжаргалыг анх ажлаа авахад олонхоороо ам муутай угтсан. М.Энхболдын хэрэг булхайг дарах гэж л ирээ биз гэсэн хандлага хүчтэй байсныг тухайн үеийн хэвлэлийн хуудаснаас харчихаж болно. Ийм агуулгатай мэдээ, нийтлэл хангалттай цацагдсан. АТГ-ын үе үеийн дарга нар юу ч хийдэггүй байсан нь энэ хардлагад нөлөөлсөн л дөө. Том хэргүүд мандаад байхад тоохгүй явцгаасаар ирснийг дээр дооргүй мэддэг учраас Х.Энхжаргалыг тийм хардлага, сэрдлэг, эргэлзээ, тээнэгэлзээтэйгээр угтсан байх.

АТГ-ын анхны дарга нь Б.Дангаасүрэн агсан. Тухайн үед барьж авч шалгасан авлигын хэрэг юу билээ гээд бодоход санаанд торох зүйл лав алга. АТГ дөнгөж байгуулагдсан тэр цагт одоогийнх шиг том хэргүүдийн сэжүүр цухуйгаагүй байсан гэх шалтгаан бий. Гэхдээ том авлига огт байгаагүй гэсэн үг биш. Мөрдөж шалгаад явбал шуугиан дуулиан тарихаар авлигууд байсан гэдэг нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гэдэг шиг тодорхой зүйл. Жижиг хэргүүдийн сураг, мэдээ өчнөөнөөрөө чих дэлсдэг байсан ч тэрийг тэгж барилаа, энийг ингэж саатууллаа гэсэн мэдээлэл дуулдаагүй. АТГ-ын анхны дарга томилогдоод нэг их удаагүй эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хийж байх хугацаандаа нас барсныг нийтээрээ мэднэ.

Дараагийн дарга нь Ч.Сангарагчаа. Түүнийг АТГ-ыг даргалах үед авлигын том хэрэг өчнөөнөөрөө байсан ч баригдаж, хоригдож шалгагдсан тохиолдол мөн л байхгүй. АТГ-ын хоёр дахь дарга тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хэрэлдсэнээс өөрийг хийгээгүй суусаар суудлаасаа буусан. Загасны уурга төдийхөн худалдан авч төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх хэрэгт орж шоронд орсноор хоёр дахь даргын түүх төгссөн юм.

АТГ-ын гурав дахь дарга нь Н.Ганболд гэж бөөрөнхий нөхөр. Түүнийг АТГ-ыг толгойлох үед С.Баяр, С.Баярцогт, Оюу толгой, “Нүүрс” хөтөлбөр, “Цэвэр агаар” сан гэх мэт том мөнгө сонсогдсон хэргүүд шуугиан тарьж байсан ч шалгалаа, саатууллаа, барьж хорилоо гэсэн мэдээ бас л дуулдаагүй. Мань эрийн талаар “Ривер гарден”-д байртай болсон гэсэн мэдээ цацагдсаныг л санаж байна.

АТГ-ын дөрөв дэх дарга нь Б.Хурц. Б.Хурцын хувьд улс төр хийсээр яваад л ажлаа өгсөн. Дараагийн улс төрдөө хэрэг болох зүйлд онцгойлж анхаарсан нь сүүлд өрнөсөн үйл явдлуудаас тод харагддаг. Хэвлэлийн хуудсыг сөхөөд харахад Б.Хурцыг АТГ-ын дарга байхдаа баяжсан, хөрөнгөжсөн гэх мэдээлэл л давамгай анзаарагддаг. Б.Хурцын үед авлигын хэрэг, шуугиан тасраагүй. Улам л эрчимжсэн. Гэсэн хэр нь барьж, хорьж, шалгасан нь үгүй. АТГ-ын дөрөв дэх дарга суудлаа ашиглаж өөртөө хэрэг болох мэдээллийг цуглуулснаас биш хэн нэгнийг барьж хорьж шалгаагүй гэсэн шүүмжлэл бий.

ТЕГ-ын дарга байхдаа ч яг ийм тактиктай ажилласан нь илт анзаарагддаг юм. Олны мэдэх нэг жишээ бий. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор Б.Хурцыг БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэх үеэр болсон үйл явдал гэхээр уншигчид андахгүй. Байнгын хорооны хурлын үеэр Лу.Болд гишүүн Европын холбооны улсад хийсэн хууль бус баривчилгааг нь хөндөхөд Б.Хурц ТЕГ-ын даргаар ажиллахдаа олж авсан мэдээллээ дэлгэж “Цааш нь ярих уу яах уу” гэсэн алдарт үгээ хэлж байсан юм. Өндөр албан тушаал хашихдаа олж авсан мэдээллээ хувийн зорилгодоо ашиглаж, шантаажлах хэрэгслээ болгодог гэдгийг нь өлхөн харуулчихаар жишээ. АТГ-ын даргаар ажиллахдаа ч ийм арга тактик хэрэглэж олон улстөрчийг шантаажиндаа оруулсан гэх яриа чих дэлсдэг.

Б.Хурцын дараа АТГ-ын даргын албыг хашсан хүн бол Х.Энхжаргал. АТГ-ын өнөөгийн удирдлагыг ажлаа хийх үед МАН дотроо хагарч том хэргүүдийн үзүүр цухуйсан юм. Онцолж хэлэх жишээ бол ЖДҮ. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн бага хүүтэй зээлийг улстөрчид хувьдаа завшсан нь олны дургүйцэл, жигшлийг хүргэсэн. Хэргийн үзүүрээс атгасан АТГ ч идэвхтэй ажилласан. Б.Ундармаа, Б.Батзориг, Г.Солтан, Л.Энхболд, Х.Болорчулуун, О.Батнасан, Я.Содбаатар, Н.Учрал, Г.Тэмүүлэн гээд эрх мэдэлтнүүдийн нэрс хөвөрч байгаа. За тэгээд С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Гарамгайбаатар, С.Баярцогт, Н.Золжаргал, Н.Сономпил, жаран тэрбум, төмөр зам, Таван толгой, Эрдэнэтийн 49, Жаст гэж ирээд жагсаавал шалгаагүй хэрэг үлдсэнгүй.

Үр дүнтэй үгүй нь хамаагүй. Авлигын том хэргүүдийг урьд өмнө ингэж шалгах хүн олдохгүй байсан юм. Хамгийн олзуурхууштай нь АТГ-ын өмнөх дарга нарын зориглож ороогүй ажлыг Х.Энхжаргал хийж чадлаа. Одоо АТГ-т даргаар ирэх хүнээс нэг их юм хүлээгээд хэрэггүй. Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын хонзонтой хүмүүсийг намнах, улс төрийн өрсөлдөгчийг нь дарах, хариуг нь авч өгөх хүн л АТГ-ын даргаар томилогдоно. Тэгээд ч илрүүлж шалгах том хэрэг үлдээгүй.

Ингээд харахаар Х.Энхжаргал Монголын авлигатай тэмцэх түүхэнд алтан үсгээр бичигдэх мөр үлдээчихэж. Авлигын хэргийг ингэж зоригтой шалгасан түүх өмнө нь гараагүй. Хойшид ч давтагдахгүй биз. Дахиад хэлэхэд АТГ-ын дараагийн даргын үүрэг дэндүү тодорхой. Ирэх сонгуулиар АН-ыг унагах, МАН-ыг авч үлдэх, ЖДҮ-ийг хамгаалах үүрэг дор л ажиллана.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Дэлхийн брэнд KFC Монголын яагуузайд өртжээ

Инээмсэглэсэн, эрвээхэй зангиатай, буурал өвгөний зургийг хараад бид KFC-гийн лого гэж таньдаг болсон. Харленд Сандерс хэмээх эрхэм хэцүүхэн амьдралынхаа туршид хөдөлмөрлөж, олон төрлийн ажил хийсээр эцэст нь цуглуулсан багахан мөнгөөрөө Кентуки мужид төв зам дагуу авто засварын газар нээж үйлчлүүлэгч олонтой болсноор тэдэнд зориулж хоолны жижигхэн гуанз нээжээ. Ингэж л анх KFC гэж бидний мэдэх болсон шарсан тахианы брэндийн үүсэл тавигдаж. Удалгүй хоолны газар нь Кентуки даяар алдаршиж, мужийн амбан захирагч түүнд “Кентуккийн хурандаа“ цол олгож. Тавь гарсан хойноо л бизнесээ эхэлж, жар гарантайд нь түүний өвөрмөц амттай шарсан тахиаг улс даяараа мэддэг болж. Одоо дэлхийн олон оронд 130 гаруй салбар нь бий. Монгол дэлхийн энэ брэндийн франчайзингийн эрхээ авч, 2013 онд нээснээс хойш томчууд төдийгүй залуучууд, хүүхдүүдийн үйлчлүүлэх дуртай газар болов. Үйлчлүүлэгчид эхэндээ ам сайтай, нээлтийн үеэр нь уртаас урт дараалал үүсч байсан цаг өчигдөрхөн мэт. Ингээд байрлал сайтай газруудад салбарууд нэмэгдэв. Иргэдийн гомдол ам дамжин хаа нэг сонсогддог ч энэ удаагийнх шиг ийм олноороо хордож эмнэлэгт ирж байсангүй.

Энэ сарын наймнаас аравны хооронд KFC Зайсан салбараар үйлчлүүлсэн 70 гаруй иргэн хордсон гэж эмнэлэгт хандаж, эхнийх нь тус салбарт үйлчлүүлсэн гэр бүлийн таван хүн байв. Тэд шинжилгээ өгөхөд шигелла буюу гэдэсний суулгат үүсгэдэг нян илэрчээ. Энэ нян бохир хоол хүнс, усаар дамждаг. Мөн хоёр эрэгтэй хүн хамгаалалтгүйгээр бэлгийн харьцаанд орох үед анусаар дамждаг юм байна. Мэдээж хордлоготой ирсэн хүмүүс бүгдээрээ эрэгтэй, тэгээд ижил хүйстэн биш болохоор бэлгийн замаар дамжих магадлал байхгүй. Хордлого авч ирсэн хүмүүсийн дунд хүүхэд олноороо байгааг бас дурдах хэрэгтэй болов уу. Эхний ирсэн хүмүүсийн дараа хордлого авсан хүмүүс олноороо ирсэн бөгөөд эмнэлэг ачаалалаа дийлэхгүй болтлоо нэмэгдэж. Бүгд KFC-гийн Зайсан дахь салбарт тахиа идсэн болж таарлаа. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ч, ХӨСҮТ-ийнхэн ч албан ёсны хариуг одоогоор гараагүй гэж хэлж байгаа. Харин “Таван богд фүүдс” ХХК-ийн маркетингийн албанаас мэдэгдэл гаргаж. Мэдэгдэлд “Олон нийтийн мэдээллийн сүлжээгээр Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлогод орсон тухай мэдээлэл гарсанд харамсаж байна. Мэргэжлийн байгууллагууд албан ёсны хариу, дүгнэлт гаргасны дараа эргэн мэдэгдэх болно” гэсэн утга бүхий зүйлсийг дурджээ. Харин иргэд хордсонд харамсаж байгаа үг, өгүүлбэр уг мэдэгдэлд байсангүй.

Мэдээж хэн дуртай нь дэлхийд танигдсан франчайз оруулаад ирэхгүй. Нэлээд судалгаа, хөрөнгө хүч зарцуулж оруулж ирсэн байж таараа. Франчайзинг нь хоолны цэс, маркетинг, технологи, стандартаа дамжуулж, эрх өгч байгаа хэрэг. Гэвч KFC–гийн франчайзингийг Монголд ажиллуулж чадахгүй байгаа нь ингэж олон хүн хордсон үйл явдлаас харагдлаа. Юмыг хийж чаддаггүй, стандарт мөрддөггүй, болж л өгвөл бага мөнгөөр их ашиг олохоо л чухалчилдаг, сувдаг сэтгэлтэй монголчуудын араншин ийм л байна. KFC брэндийн эрхийг эзэмшдэг YUM brands жил бүр дэлхийд танигдсан итгэмжит байгууллагыг сонгон улс орон бүрт байгаа KFC ресторануудад шалгалт хийдэг аж.

Гэхдээ тухайн байгууллагад мэдэгдэхгүйгээр гэнэтийн шалгалт хийдэг. Олон улсын хүнсний аюулгүй байдлын бичиг баримт зөвшөөрөгдсөн эх үүсвэрүүд, сав баглаа боодол түүхий бүтээгдэхүүн, бүтээгдэхүүн хамгаалалт, цэвэрлэгээ ариутгал, бүтээгдэхүүний температурын хяналт, хадгалалт, хугацаа, тоног төхөөрөмжийн хяналт, цэвэрлэгээний бодис, шавьж мэрэгчийн хяналт, бохирын систем, сантехник гээд бүгдийг шалгадаг. Энэ бүгд дэлхийн 130 гаруй салбарт нэг стандарттай. Манай улсад 2015 онд ийм гэнэтийн шалгалт явуулж байж. Тэр үед 100 хувийн үнэлгээ авч байсан байх юм. Харин одоо тэр стандартаа мөрдөж байна уу. Хэрэв мөрдсөн бол ийм олон хүн хордох байсан уу. Нээгдээд удаагүй байх үедээ олон улсын шалгалтыг зуун хувийн үнэлгээтэй давж байсан бол 2017 онд Монголын Мэргэжлийн хяналтынхан төлөвлөгөөт шалгалт явуулахад бага эрсдэлтэй гэж гарч байж.

Өөрөөр хэлбэл, огт эрсдэлгүй гэж гараагүй. Үүний дараа 2018 онд дунд эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ. Өнгөрсөн жилийн шалгалтаар дунд эрсдэлтэй гарсан учраас энэ жил их эрсдэлийн шинжилгээ шалгалт явуулах гэж байтал хэрэг мандаж, олон хүн хордчихлоо. Мөн ийм олон хүн хордчихоод байхад Мэргэжлийн хяналтынхан мэдээлэл хийхдээ зөвхөн хордлого гарсан салбарыг л хааж, шинжилж байгаа, бусад салбарт шалгалт шинжилгээ оруулах боломжгүй гэлээ. Нэг үгээр хэлбэл, заавал хүн хордож байж л шинжлэх юм байх. Үүнийгээ Зөрчлийн тухай хуультай холбож тайлбарлана лээ. Зөрчил гарсан газар л шалгалт явуулах ёстой юм гэнэ. Дэлхийн стандартад долоо хоног түүхий эдийг хадгална гэвэл манайхан хөлдүү байсан юм чинь яавал гэж гээд арав хоног, сар ч хэрэглэж чадах л улс. Тахиа шарах тосоо стандартаас гажиж илүү олон удаа хэрэглэж байж магад. Хэмнэж байгаа ухаан нь тэр. Сувдаг шунахай сэтгэл нь зарлага гарахын нэмэр гээд энэ мэтээр хэмнэж өлхөн чадах биз. Монголчууд шуналтай хэрнээ залхуу. Энийгээ хаацайлаад сүртэй шдээ, яагуузай гэх хандлагаа хэнэггүй монгол зан гэж өөгшүүлдэг. Яагуузай гэдэг нь яавал гэж хэмээн үл тоомсорлохдоо хар ярианд хэрэглэдэг үг. Тэрнээс албан ёсны тайлбар толинд байхгүй.

Монголчууд юмыг үнэн сэтгэлээсээ тууштай хийддэггүй. Нэг цайны газар нээж, орц амт сайтай хоол хийж эхэлдэг, үйлчлүүлэгч олон болоод овоо ашиг олж эхлэхээрээ л амт чанар, орц нь багасаад ирдэг. Ингээд л хар аяндаа үйлчлүүлэгч нь цөөрч, дампуурдаг. Гадныхан нэг чанартай юмаа улам чанаржуулна уу гэхээс муутгахгүй. Тиймдээ ч үйлдвэрлэгч нь үе дамждаг шигээ хэрэглэгч нь бас үе дамжин олон зуун жилийг ардаа орхиж, чанартай брэнд болж чаддаг. Бид харин эсрэгээрээ. Дүр эсгэсэн, хайнга, сувдаг сэтгэл нь дээр доор, том жижиг, дунд шатны бүх бизнест илэрнэ. Хэзээ ч анхны амт чанараа хадгалдаггүй. Хэдэн төгрөг олохоо бодохоос хэтдээ яахыг огт төсөөлөхгүй, өнөөдөр л болж байвал маргаашийн ирээдүй огт хамаагүй мэт аягладаг. KFC түргэн хоол атлаа цагийн дараа хоолоо бэлэн болгох нь бий. Рестораны захиалгын хоолноос удаж гардаг түргэн хоол гэж юу байхав. Гэтэл KFC-г үүсгэн байгуулагч Харленд Сандерс жижигхэн хоолны газрын ачаалал ихэсч хамгийн удаандаа гучин минут үйлчлүүлэгчээ хүлээлгэхэд хүрч байсанд санаа зовж, түргэн буцалгагч авч байжээ. Ингэснээр хамгийн удаандаа л үйлчлүүлэгч 15 минут хүлээдэг болсон гэнэ. Мэдээж тэрнээс хойш төгөлдөржин, тоног төхөөрөмж ч сайжирч, дэлхийгээр нэг салбартай болсон нь тодорхой.

Дэлхийн энэ том франчайзингийн нэр хүндийг унагаж байгаа Монголын салбараа хаах хэрэгтэй болжээ. Нэр төрөө хамгаалмаар юм даа, КFС эзэмшигч дэлхийн компани. Дэлхийн брэндэд буруу байхгүй. Дэлхийн брэнд Монголын яагуузайд л өртөж. Стандарт хангадаггүй, хүний эрүүл мэнд, амь насыг үл хайрладаг сувьдаг монгол компаниас эрхээ авч өөр чаддаг компанид нь өгч ажиллуулахгүй бол брэндийн чинь нэрийг хэнэггүй хэсэг монгол шороотой хутгалаа шүү. Гэрээндээ ч бас үүнийг хатуу заасан л байж таараа.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Хар тамхи цар тахлын хэмжээнд очив уу

Хар тамхи хэрэглэгчдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Бүр Монгол Улс зуу мянга орчим байнгын хэрэглэгчтэй болсон гэх ноцтой мэдээллийг судлаачид хэлээд байгаа. Дээрх мэдээлэлтэй зэрэгцээд хууль хяналтын байгууллагынхан “Монголд хар тамхи хэрэглэгчдийг хууль хяналтынхан хяналтаасаа алдсан. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас эхлээд оюутан залуус, гэр бүл, гэр бүлийн найзууд, ажлын хамт олон, найзуудаараа нийлж мансуурдаг. 63 настай хөгшид хүртэл хар тамхи хэрэглэж байгаад саатуулагдсан” гэж мэдэгдсэн. Түүнчлэн он гарсаар ердөө сар гаруйн хугацаанд энэ төрлийн 24 хэрэгт 59 хүнийг холбогдуулан шалгаж байгаа гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахмад С.Мөнхжин мэдээлээд буй. Тэрбээр өнгөрсөн жил хар тамхитай холбоотой 199 хэрэгт 412 хүн бүртгэгдэн шалгагдсан. Үүнээс 337 нь эрэгтэй, 75 эмэгтэй байсан. Өсвөр насны 2000 хүүхдийн дунд судалгаа хийхэд 463-т нь мансууруулах бодис хэрэглэж үзэх санал ирж байсан гэх судалгаа бий гэдгийг онцлон ярьсан юм.

Хар тамхитай тэмцэх хэлтэс гэж байсныг Хууль зүйн сайдын тушаалаар Хар тамхитай тэмцэх газар болгон өөрчилж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд төрөөс онцгойлон анхаарч эхлээд багагүй хугацаа өнгөрч буй. Сүүлийн нэг сарын хугацаанд тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий хар тамхийг цагдаа нар хураан авч, гэмт хэрэгтнүүдийг баривчиллаа. Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө Нигер улсын гурван иргэнээс 300 сая төгрөгийн хар тамхи хураан авсан. Харин одоогоос гурав хоногийн өмнө буюу энэ сарын 12-нд 500 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх хар тамхи тээвэрлэж явсан монгол залуусыг хуулийнхан саатуулсан. Тэд нэг грамм нь 800 мянгаас нэг сая төгрөгөөр үнэлэгдэх хар тамхи буюу мансууруулах бодис тээвэрлэж явсан гэгдэж буй. Гэхдээ энэ зөвхөн хууль хяналтын байгууллагынхан илрүүлсэн баримт юм. Үүний цаана бидний болоод хуулийнхны нүднээс далд хичнээн тэрбум төгрөгийн мансууруулах бодис хүүхэд залуусыг хэрж байгааг таах аргагүй. Өөрөөр хэлбэл, Монголд хар тамхины хэрэглээ ямар түвшинд хүрсэн, энэ төрлийн хууль бус бизнес хэрхэн цэцэглэсэн нь дээрх цөөн тооны хэргээс л тодорхой харагдаж байна. Тэрбум төгрөгийг Монголын томоохон алтны уурхайнууд л олдог байх.

Гэхдээ сард тэрбум төгрөгний борлуулалт хийдэг уурхай гарын таван хуруунд багтахаар цөөхөн биз ээ. Ихэнх алтны уурхай сард 400 орчим сая төгрөгийн алт тушааж байгаа. Монголд хамгийн ашигтай бизнесийг алт гэдэг. Гэтэл алтны уурхайнуудаас хоёр дахин ашигтай бизнес манайд хар тамхины наймаа болсон гэсэн үг. Тэгэхээр хар тамхи Монголд цар тахлын хэмжээнд хүрсэн гэхэд буруудахааргүй байна. Цар тахал гэдэг нь дэлхий дахинд холбогдох албаныхны хяналтаас гарчихсан, алдагдчихсан, гамшгийн хэмжээнд хүрсэн зүйлийг нэрлэдэг. Ингэж хар тамхины наймаа алтны уурхайгаас илүү ашигтай болсон байгаа нь Монгол Улс мансууруулах бодис хэрэглэгчдийн тоогоор, энэ төрлийн бизнесээр цар тахлын хэмжээнд хүрснийг илтгэж буй хэрэг юм.

Тэгвэл хар тамхины наймааг хэн тэтгэж явуулаад байна вэ. Мансууруулах бодис их хэмжээгээр худалдан борлуулах хууль бус үйлдлийн ар талыг хэн хариуцаж, их хэмжээний мөнгөний ашиг хүртэж байгаа нь нэн тэргүүний чухал асуудал. Хил гаалиар нэвтрүүлэхээс эхлээд бусдад худалдан борлуулах гээд хууль хяналтын байгууллагын хараа хяналтаас мултарч чадаж буй наймааны цаана мэдээж эрх мэдэлтнүүд байгаа нь тодорхой. Нэг хэсэг хар тамхины наймааны хэрэгт хууль, хяналтынхан орооцолдож байсан. Бүр прокурор, шүүхийн ажилтнууд ч хар тамхи татдаг, худалдан борлуулах наймаанд гар бие оролцож, дундаас нь их хэмжээний ашиг хүртдэг нь нийтэд ил болж байлаа. Ойрхны жишээ гэхэд,Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүн хар тамхи, авлигын хэрэгт 2015 онд холбогдсон байдаг. Уг хэргийг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 11-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн билээ. Тэд “мөс” хэмээх мансууруулах бодисыг худалдан авч байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг. Шүүхийн шийдвэрээр Х.Тамир, Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Д.Жавхлан нарт тус бүр таван жилийн хорих ял, Б.Сүхбаатар гэх этгээдэд 6.5 жилийн хорих ял оноосон. Өөрөөр хэлбэл, цагдаагийн хамгаалалт байхгүй бол Монголд энэ төрлийн бизнес хийх боломжгүй гэж хуулийнхан ярьсан ч удаатай.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ МОНГОЛД ХАР ТАМХИ ЦАР ТАХЛЫН ХЭМЖЭЭНД ХҮРСЭНД БУРУУТАЙ

Манай улсад хар тамхины хэрэглээ хэд дахин нэмэгдэж, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэнд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд буруутай. Бүр тодруулбал, хамгийн гол буруутан нь телевизүүд. Рок, попын од гэсэн нэртэй, хар нүдний шил зүүсэн, шал нял хийсэн яриатай, мансуурагчдыг бараг өдөр бүр нэвтрүүлэгтээ урьж, даль даль гэсэн яриаг нь гаргадаг байлаа. Ингээд зогсохгүй мансуурах нь гоё, сайхан гэх далд агуулга, ил цагаан үгтэй дууг нь өдөрт хэдэн арван удаа давтаж гаргадаг байлаа. Зарим нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж мансуурчихаад телевизийн ярилцлага, тоглолтод орсон тохиолдол ч цөөнгүй давтагдаж, урлагийн хүрээнийхэн дунд яригдсаар ирсэн. Рок, поп, хип хоп урсгалын мансуурагчдаас гадна зарим загвар өмсөгч, мисс ч ийм хэл аманд өртөж байсан удаатай.

Мөн нэр алдартай, рок попын “Харанга” хамтлагийн дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэн, “Лемонс” хамтлагийн аргил гитарчин Б.Анар болон рок хөгжим сонирхогч Г.Билгүүн, Б.Билгүүн Н.Энх-Учрал, Н.Инжинаш, О.Содбилэг, Э.Бархас, “Icetop” хамтлагийн гурван гишүүнээс “Дижитал” хамтлагийн ахлагч Баавар “Гайз 666” хамтлагийн дуучин Г.Төгсбаяр, Л.Мягмар, Х.Лхагва, У.Бат-Ундрал, “А-Capella” хамтлагийнхан гээд л урлагийнхны хар тамхи хэрэглэгчдийн цуваа хөвөрдөг. Сүүлийн жишээ гэхэд, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдоод байсан Г.Сарангэрэл, “Ice Top” хамтлагийн дуучин 38 настай С.Чулуунбаяр буюу Коби, дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа нар шалгагдаж байгаа. Рок, поп дуучдын энэ байдал залуусыг хэдэн мянгаараа хар тамхинд ороход гол нөлөө үзүүлж байгааг албаныхан тодотгодог. Өсвөр насныхан “Нэр алдартай, гоё хүмүүс хар тамхи хэрэглэдэг юм байна. Хар тамхи хэрэглэх ёстой юм байна” гэсэн ойлголттой болох нь түгээмэл гэнэ. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Тэр баяны хүүхэд хар тамхи татлаа. Тэр улстөрчийн хүүхэд мансуурч байгаад баригджээ. Сайдын хүүхэд хар тамхинд холбогджээ” гээд л дэвэргээд бичээд байдаг. Бүр БНХАУ-д хар тамхи зөөж байгаад баригдаж, цаазаар авах ялаар шийтгүүлсэн Байгалмаа гэх эмэгтэйг баатарлаг гавьяа байгуулсан юм шиг л хэдэн удаагийн нэвтрүүлэг бэлтгэн нийтэд цацаж байв. Ерөнхийлөгч нь хүртэл төрийн айлчлал хийхдээ “Амийг нь өршөө” гэж гуйж байсан удаатай. Энэ бүхэн хар тамхи татах нь нийгмийн элитүүдийн хийдэг зүйл гэж нийгэмд, тэр дундаа өсвөр үеийнхэнд ойлгогддог гэдгийг албаныхан онцолдог. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүүлийн арав гаруй жил хар тамхичдыг санаатайгаар дэмжээд байгаа юм шиг тухай бүрт дэлгэрэнгүй мэдээлж, заримыг нь өмөөрч, өөгшүүлэх байдал гаргасаар ирсэн билээ.

ХАР ТАМХИЧДЫН ТУХАЙ ОЙЛГОЛТОО ӨӨРЧИЛЬЕ

Хар тамхи цар тахлын хэмжээнд хүрэхэд нөлөөлсөн өөр нэг гол зүйл нь хүмүүсийн хэдэн төгрөгийн төлөө төрсөн эхээ ч худалдахад бэлэн шуналтай зан. Энэ шунал хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээг улам бүр дэвэргэж байна. Нутаг нэгтэн, элэг нэгтнээ үл хайрлан хэдэн төгрөг олохын төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй шунал залуусыг хар тамхинд донтуулж живүүлж буй. Өөрөөр хэлбэл, тодорхой хүрээний залууст хар тамхи зараад мөнгө олох боломжийг хар тамхи борлуулагчид бий болгоод байгаа юм. Амар хялбар аргаар мөнгө олох боломж байхад ашиглахгүй байна гэдэг хүн төрөлхтний ааш араншингаас харш зүйл. Ашиг олох зүйл байвал түүнийг өөрт байгаа боломжоор хүн бүр ашиглахыг бодно. Энэ араншинд нь дөрлөж, хууль бус наймаачид залуусыг гар хөлөө болгож буйг хуулийнхан онцолдог.

Үүнээс гадна бид хар тамхичдын тухай ойлголтоо өөрчлөх хэрэгтэй байна. Нийгмийн элит хэсэг хар тамхи хэрэглэж байна гэж харж ойлгох биш, нийгмийн шаар шавхруу, ажил хийж амьдралаа аваад явах чадваргүй, нийгэмд эзлэх байр суурь огт байхгүй сул дорой хүмүүс хар тамхи хэрэглэж байгааг ойлгох цаг нь болсон. Ингэж байж хар тамхины хэрэглээг хянаж, багасгаж чадна. Өөр нэг чухал асуудал нь олны танил улстөрчид, дуучид болон тэдний үр хүүхдүүд нэг л удаа хар тамхи хэрэглэсэн байвал бодлогоор эцэг, эхтэй нь холбоотой бүх төрлийн ажил, гэрээг зогсоодог болох хэрэгтэй. Дуучин, жүжигчдийг хар тамхи хэрэглэсэн бол тайзан дээр гарах эрхийг хасдаг болох цаг нь болсон. Уран бүтээлийг нь олон нийтэд хүргэлээ гэхэд Хар тамхитай тэмцэх газраас хянаж байгаад нийт орлогын 80-90 хувийг хураан авдаг баймаар байна.

Хэрэв хэвлэл мэдээллийн хэрэгслээр хар тамхичныг гаргах юм бол сайн сайхан байгаа үеийг харуулалгүйгээр хар тамхины эцсийн шатанд орсон байдлыг ичиж нэрэлхэлгүй харуулж байх хэрэгтэй. Нүүрээр нь дүүрэн хөх толбо үүсч, турж эцсэн биетэй, тариа хийлгээд өвчтэй болсон байдлыг тод томруунаар харуулах ёстой. Ингэж байж хар тамхинаас залуус жигшин зэвүүцнэ. Баян тансаг айлын хүүхдүүд хар тамхи хэрэглэж байна, хар тамхи хэрэглэх нь энгийн зүйл гэсэн буруу ойлголтыг зогсоож чадна. Мөн хар тамхины эсрэг хуулийн заалтыг хатуу чанга болгох хэрэгтэй байна. Ингэж л нийгэмд хүчтэй хөдөлгөөн өрнүүлж, үлгэр дуурайл үзүүлж, хар тамхи хэрэглэвэл амьдралгүй болох юм байна гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй. Ингэж байж л хар тамхичин бол нийгмийн хог шаар, адгуус маягийн амьтан гэсэн харилцаа, ойлголт, сэтгэл зүйг бий болгоно. Монголчууд донтомхой ард түмэн. Хар тамхи, мансууруулах бодисын цар тахлыг ийм аргаар даруй дарж авахгүй бол цөөхөн хүн амтай манайх шиг улс маш богино хугацаанд үгүй болно.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Монголчууд өмнийн цэнхэр говьдоо “Сентоза арал” бий болгох бүрэн боломжтой

Монголчууд утаа, хүйтэн хоёроос дайжиж гадагшаа явах болсон. Хавай, Хайнань, Дубай, Тайланд, Сингапур, Вьетнам гээд халуун дулаан орнуудын далайн эрэг монголчуудаар дүүрэн байна. “Монгол аялал”, “Тэнгэр тревэл”-ээс аваад энэ чиглэлийн аялал жуулчлалын компаниуд ч олон болжээ.Хавайд тав хоноход нэг хүний онгоцны зардал буудлын мөнгөнд 3850 доллар буюу монгол мөнгөөр 10 гаруй сая төгрөг зарцуулагдаж байна. Хайнаньд долоо хоноход хоёр сая гурван зуун мянга, Тайландад найман өдөр болоход гурван сая нэг зуун мянга, Дубайд зургаан өдөр болоход хоёр сая найман зуун тавин мянган төгрөг дунджаар болж байна. Хувьдаа бизнес эргэлдүүлдэг нөхдүүд, мөн төрийн албан хаагчид дээрх орнуудад очоод далайн эрэг дээр наран шарлагын газар амарч байна. Мэдээж улстөрчид, эрхтэн дархтанууд, томоохон бизнесмэнүүд, тэдний үр хүүхэд гэр бүлийг нь хэлэхэд илүүц биз. Өнөө жилийн хувьд сургуулийн хүүхдүүдийн амралт ч багагүй урт хугацаатай байсан. Ер нь боломжтой нэг нь гэр бүлээрээ гадагшаа явах болжээ. Манай сонинд дадлага хийгээд гүйж явсан оюутан охин гэхэд Тайландын арал дээр хэвтчихээд жаргалтай нь аргагүй зургаа сошиалд тавьж байх жишээний. Үнэндээ биднээс бусад нь гадагшаа явчихаж байгаа юм биш үү.

Утаа, хүйтэн хоёроос дайжин халуун дулаан орныг нүүдлийн шувууд шиг зорих нь зөв. Хэн ч гэсэн өөрт таатай газарт аз жаргалтай, сэтгэл амар ганц ч болов өдрийг өнгөрүүлэхийг бодно. Улаанбаатарын утаанд бөглөрч тагларч, ханиад хамуундаа баригдаж, уур бухимдалдаа идэгдэж, хатуухан хэлэхэд амь насаараа дэнчин тавьж амьдрах үнэндээ аргагүй болоод байна. Тэгвэл цаашид энэ хэвээрээ байж, хэн хүнгүй төрийн толгойд гарсан улстөрчдөө элдэв дээдээр зүхэж, Улаанбаатарт амьдрах эцэсгүй болсноо гайхаж утаа, хүйтэн хоёроос зугтан дайжаад байх уу. Монголчууд минь одоо нэн даруй өмнийн цэнхэр говьдоо “Сентоза арал”-ыг бий болгох цаг нь болсныг дахин сануулъя.

Улаанбаатараас зургаан зуу гаруйхан километрийн зайд орших Ханбогдод хот байгуулах тухай “Өдрийн сонин” өмнө нь бичиж байсан. Мөн “Арал худалдаж авъя”, “Монголдоо дулаан арал бий болгоё” ч гэж хүртэл бичиж байсан. Харин одоо Ханбогдын цэнхэр говьд “Сентоза арал”-ыг цогцлоон босгох цаг нь ирсэн байна. Сингапурт байдаг тайван амирлангуйн илэрхийлэл болсон Сентоза арлыг манайхан мэднэ. Хогийн цэг байсан тэр газарт дэлхийн аялал жуулчлал, зугаа цэнгэлийн хамгийн том хотыг босгосон түүхтэй. Далай нь үл мэдэг зөөлөн давалгаалсан, уур амьсгалын хувьд маш таатай газарт баригдсан тэнгэрийн диваажин гэгддэг. Дэлхийн сая сая хүмүүс Сентоза аралд амрахаар зорин ирдэг.

Харин монголчууд бид ийм л диваажингийн арлыг өмнийн цэнхэр говьд бий болгох бүрэн боломжтой. Үүнийг Монголын толгой бизнесмэнүүд хамтарч хийх хэрэгтэй. Мэдээж төр засгийн зүгээс бодлогоор дэмжих ёстой. Хамгийн гол зүйл татварын хөнгөлөлтөөр л дэмжлэг үзүүлчихэд болоод явчих нь тэр. Өнөөдөр улс төрийн хүрээнд 30 гэр бүл гээд яригдаад байдаг. Монголын баялагийг энэ 30 гэр бүл цөлмөөд дууслаа гэж төрийн тэргүүн нь ч ард түмэн нь үзэн ядаад байгаа. Тэгвэл тэр 30 гэр бүл нийлээд “Өдрийн сонин”-ы зүгээс санаачилж буй өмнийн говьдоо аз жаргалын, диваажингийн хот босгох энэ уриалгыг дэмжих хэрэгтэй байна. Ад үзэгдээд байгаа 30 гэр бүлийн дэмжлэг үүнд чухал. Ард түмнийхээ сайн сайхан амьдралд тодорхой хэмжээгээр тус дэм болохгүй болохоор монголчууд бид баян цатгалан хүмүүсээ үзэж чадахгүй, хөрөнгийг нь хураа, шоронд хий гэж аргаа баран давчдан орилоод байгаа юм.

Дэлхийн тэрбумтан Билл Гейтсийн хөрөнгийг хураана гэж хэзээ ч ярьдаггүй биз дээ. Билл Гейтс хүмүүсийн боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд өөрийн хөрөнгийг зардаг болохоор хүн төрөлхтөн түүнд хайртай байдаг. Юун хөрөнгийг нь хураах, харин ч хөрөнгө мөнгө илүү олж олон түмэнд туслаасай гэж боддог. Тэгэхээр мөнгөтэй хүмүүс мөнгөө хав дараад хэвтчих биш, сейфиндээ хийгээд юм уу, оффшорт хадгалуулаад мартчих биш ард түмнийхээ ахуй амьдрал, улс орныхоо ирээдүйд тус нэмэр болж байх хэрэгтэй. Энэ нь таны нэр хүнд болоод амьдралд ч эерэг сайхнаар нөлөөлж таарна. Тийм болохоор Монголын баячууд, уул уурхайн бизнес хийж буй эрхмүүд, ер нь мөнгөтэй хөрөнгөтэй, улс орноо гэсэн чин зүрхтэй хүмүүс нэгдэн нийлж Ханбогдыг газрын диваажинг бий болгоё.

Өмнийн говийн Ханбогдод хот байгуулахад нэг их сүрхий юм шаардагдахгүй. Тэртэй тэргүй тэнд хөрс суурь нь байгаа. Идэр есийн хүйтэнд хасах 40 хэм даваад тас няс хийж байхад Ханбогдод ердөө л хасах арваадхан хэмийн хүйтэнтэй байх жишээний. Энэ жилийн хувьд Ханбогд, Галбын говь тийшээ бараг хасах хэм рүү орж хүйтэрсэнгүй. Улаанбаатарт жавар тачигнаж байхад тэнд нэмэх хэмтэй налайж байна. Уур амьсгалын ийм алтан боломж Ханбогдод байна. Дээрээс нь газрын доорх баялаг нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг Оюу толгой компани тэнд үйл ажиллагаа явуулдаг. Мөн Таван толгойг түшиглэсэн орд газрууд байна. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор ч юм уу, эсвэл Цагаан суваргын орд гээд олон газрууд эргэн тойронд нь байна. Равжаа хутагтын энергийн төв болох Дэмчигийн хийд Ханбогдод байна. Энэ бүхэн чинь Ханбогдод “Сентоза арал” бий болох боломж бололцоо бүрэн дүүрэн байгаа гэдгийг гэрчлээд байна. Төмөр зам тавих хэрэгтэй, засмал замаар бүрэн хангах хэрэгтэй. Дэд бүтэц, инженерийнх нь асуудлыг мэргэжлийнх нь хүмүүс ядах юмгүй тооцоолоод гаргаад ирнэ.

Монголын том гол мөрнүүдийн урсацыг Ханбогд руу татах ажил хийгдэнэ. Гол мөрний урсацын 30 хувийг дотооддоо ашиглах тухай НҮБ-ын конвенцид бий. Хиймэл нуур, хиймэл арал байгуулж таарна, нарны энергиэр дулаан бий болгоно. Ингээд л Улаанбаатарын хасах 40 хэмийн хүйтэнд нэмэх гучин хэмийн дулаантай амралт зугаалын төв, нэгэн сайхан хот өмнийн говьд бий болж байгаа юм. Ханбогд гэсэн нэр хаягтай галт тэрэг Улаанбаатарын өртөөнөөс зорчигч дүүрэн хөдлөөд л, хажуугаар нь жуулчдын компанийн том том автобусууд мөн дүүрэн зорчигчтой өмнийн говийг зориод л.

Арваннэгдүгээр сарын эхэн гээд л хөгшчүүл Ханбогд руу хөдөлж, араас нь хүүхдүүд, ач зээ нар нь аав ээжтэйгээ жижиг тэргээр сүнгэнээд л очиж байх ийм дүр зураг ойрхон байна. Энэ бүхэн үлгэр биш ээ. Монголчууд бид өнөөдөр л зориглож хот босгож, аз жаргалын арал бий болгохгүй бол ирэх он жилүүдэд ахиад л мөнхийн утаа униартайгаа зууралдаж, ханиад томуу цар тахлын хэмжээнд очиж, мөнгөний урсгал гадагшаа чиглэж, утаандаа дарагдсан, түгжээндээ баригдсан, уур бухимдал дээд цэгтээ хүрсэн, мөнгөтэй нэгнээ үзэн ядсан, 76-гаа хараан зүхсэн, нийгмийн сэтгэл зүй хурц хэлбэрт шилжсэн, яахаас ч буцахгүй залуучуудаар дүүрсэн ийм л байдалтай байна. Тэгэхээр төр түмэнтэйгээ нийлж хөдлөөд амралт зугаалгын том хотыг бүтээн байгуулъя. Зөвхөн монголчууд гэлтгүй Алс дорнод Сибирийнхэн ирж амарч байг, Алтайн нуруу дагасан Төв Азийн хүйтэн уур амьсгалтай Казахстан зэрэг орнуудаас захиалга өгөөд баячууд нь ирж амарч байг. Казино байгуулах нь зүйн хэрэг. За тэгээд морин уралдаан, тэмээн пологоос аваад дэлхийн томоохон арлуудад байх бүх л цэнгээн наадааныг бий болгож их мөрөн шиг эргэлдэх мөнгөний урсгалыг татах учиртай. Сибирийн тайгын баячууд дүн өвлийн хүйтнээр зорин ирж далайн эрэг дээр нарлан олон одтой буудлуудад тухална байлгүй.

Өвгөд хөгшид минь өнөөдөр Цагаан сарын ул боовны төлөө л золгүйгээр алтан амиа алдаж байна. Монголын үнэн нүүр царай ийм л байна. Насны хишиг нэртэй таван төгрөгөө авах гэж ахмадууд өдөржин шөнөжин оочерлох биш, галт тэргэнд сууж очоод наран шарлагын Ханбогд арал дээрээ налайж суухыг хармаар байна. Утаанд зарсан 800 тэрбум нэртэй боловч их наядаар хэмжигдэх тэр их мөнгө, ард иргэдийн эрүүл мэнддээ зарж байгаа энэ их мөнгөний урсгал, халуун орнууд руу нүүдлийн шувуу шиг зэллэн зарж байгаа мөнгөний урсгалаа одоо зогсоож, өмнийн говийн ганцхан халуун цэг Ханбогдод хуримтлуулж аз жаргалын диваажинг хамтдаа байгуулъя.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Монгол үндэстэн улам хүчирхэгжиж, амьдрал сайхан болж байна

Маргааш шинийн нэгэн. Урин хавар тал нутагт минь айлчлан ирж, хахир хатуу өвлийг өнтэй давсны баяр тохиож байна. Айл хотол, ахан дүүс, ураг саднаараа цуглаж, амар мэндийн хадагтай золгох хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр. Тийн унжлагат хэмээх шороон нохой жил монголчуудад ээлтэй сайхан жил байлаа. Шарагчин гахай жилийн өнгө ч сайхан, өөдрөг байгаа гэдгийг зурхайч нар өөр өөрсдийн тайллаар олон нийтэд хүргэсээр байна. Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам Д.Чойжамц “Од эрхэсийн хөдөлгөөний нөлөө болон хүмүүсийн хоорондын харьцаанаас шинээр гарах жилийнхээ өнгийг үздэг ёс бидний уламжлалт зурхайд байдаг. Жилийн өнгө ороо бусгаа, идэр залууст ширүүн боловч нялхас болон хөгшдөд ээлтэй шинжтэй. Жилийн дундуур бороо хур ихтэй хэмээн зурхайд буужээ” хэмээн шинжсэн. Харин Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монголын Үндэсний ШУА-ийн академич, зурхайч Л.Тэрбиш “Шороон үхэр”-ийн шинжээр зуны сард хур бороо сайтай, жилийн турш өвс ногоо, тариа, төмс сайтай. Хавар цас элбэгтэй, зун намар, өвлийн адаг сард мөндөр цас арвин орох жил болно. Настанд ээлтэй, залууст ширүүвтэр, хүүхдүүдэд ширүүн байхын нигууртай болой. Малд амгалан, ард олон тэмцэл хөдөлгөөнтэй байж болзошгүй” хэмээн мэдэгдсэн.

Улиран одож буй нохой жил сүүлийн жилүүдэд байгаагүй өнтэй сайхан жил байсан гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ. Бороо хуртай, цэцэг навч алаглан дэлгэрч, тариа ногооны арвин их ургац хураан авсан тоон мэдээллийг Үндэсний статикийн хорооноос мэдэгдсэн. Мөн хумигдаад байсан эдийн засаг цар хүрээгээ тэлж, уул уурхайн салбар Монголын эдийн засгийг багагүй тэтгэсэн. Дэлхийн зах зээлд нүүрс, алтаа үнэтэй нийлүүлж, чамлалтгүй ашигтай ажиллаж чадсан. БНХАУ руу л гэхэд 2018 онд 40 орчим сая тонн нүүрс экспортолсон дүн мэдээ бий. Үүнээс “Эрдэнэс-Таван толгой” ХК 12.8 сая тонн нүүрс экспортолж, улсдаа дахин тэргүүлсэн байна. Түүнчлэн шинэ нефтийн үйлдвэрийн шавыг тавьлаа. 2021 он гэхэд манай улс шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байгаа.Бүтээн байгуулалтын ажлын явцад 1200-1500 ажлын байр, үйлдвэр ашиглалтад орсноор 600 хүний байнгын ажлын байр шинээр бий болох тооцоог албаныхан хэлж буй. 40 жил толгой өвдөхгүйгээр нефть нэрж шатахуун үйлдвэрлэх нөөц Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгаа.

Мөн энэ онд ашиглалтад орох томоохон бүтээн байгуулалтын нэг нь Япон улсын буцалтгүй тусламжаар баригдаж байгаа Төв аймгийн Сэргэлэн суманд байх Хөшигтийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал юм. Шинэ нисэх буудал ашиглалтад орвол олон зуун ажлын байр нэмэгдэхээс эхлээд монголчуудад эдийн засгийн ашиг, өгөөжтэй олон зүйл бий болох нь дамжиггүй.

Монголбанкныхан эдийн засгийн өсөлт дээр өөдрөг тоо хэлж буй. Өнгөрсөн 2018 онд 6.2 хувиар хэмжигдэх эдийн засгийн өсөлт энэ онд 6.6 хувьд хүрэх гэнэ. Эдийн засгийн өсөлтийн гол шалтгаан нь уул уурхай болон уул уурхай дагасан бүтээн байгуулалт гэдгийг онцолсон. Монголбанкны зүгээс энэ онд уул уурхайн салбарын өсөлт 1.9 хувь, уул уурхайн бус салбарын өсөлт 7.9 хувиар хэмжигдэнэ гэсэн таамаг гаргаснаа танилцуулав. Уул уурхайн хувьд түүхий эдийн үнэ бага зэрэг буурах ч нүүрс, төмрийн хүдрийн ханш эерэг нөлөө үзүүлэх төсөөлөлтэй байна. Зэсийн баяжмал дахь алтны агууламж өснө гэсэн сайн мэдээг ч дуулгасан. Улс эх орны эдийн засагт ийм гэрэл гэгээ тусахаар байгааг мэргэжлийн судлаач, ажиглагчид онцлон тэмдэглэж байна.

Өөр нэг чухал асуудал бий. Тэр нь хувь хүний зан чанар өөрчлөгдөж буй явдал. “Монголчууд амин хувиа бодсон зантай. Сайн яваа нэгнийгээ үзэж чаддаггүй, үргэлж үзэн ядаж муулдаг, бүдүүлэг” хэмээн олон хүн дүгнэдэг. Тэгвэл монголчууд хувьсан өөрчлөгдөж байна. Хамгийн наад захын жишээ гэхэд бие биедээ сэтгэлийн халуун гар сунган тусалдаг болоод цөөнгүй жил болж буй. Цахим ертөнцөд бусдаас тусламж эрж буй олон зуун хүн байх. Тэр болгонд залуус чадах чинээгээрээ тусалж дэмжиж байгаа харагдах юм. Аюулт өвчинд нэрвэгдсэн нэгэндээ эмчилгээнийх нь бүх зардлыг аян өрнүүлээд л олоод өгөх ажээ. Мөн гэр оронгүй ядуу зүдүү, олон хүүхэдтэй айл өрхөд гэр орон, хашаа байшин хүртэл худалдаад аваад өгч байгаа жишээ олон байна. Одоогоос хэдхэн жилийн өмнө нийслэл хотын гудамжаар алхах залуус царай зүс гундуухан, хувцас хунар тааруухан байдаг байв. Ажилгүй залуус архи ууж, энд тэнд согтуу хөлчүү хэвтдэг байлаа. Гэр оронгүй хүүхдүүд ч халтайчихаад л хотын төвөөр гадаад, дотоодын иргэдээс гуйлга гуйгаад зогсож байдаг байв.Тэгвэл өдгөө тэнэмэл, гэр оронгүй хүүхдүүдийн тоо эрс цөөрч, бараг үзэгдэхээ больжээ. Мөн архи уудаг залуусын тоо хэд дахин буурсан гэх үзүүлэлт гарсан байна лээ. Цагаан сар, шинэ жилээр хавтгай архидалт болж, эрүүлжүүлэх байр багталцахгүй хүнтэй хонодог байсан. Өнгөрсөн жилийн Цагаан сараар нийслэлийн есөн дүүрэгт арав хүрэхгүй хүн эрүүлжүүлэгдсэн байдаг. Жил ирэх тусам архи уудаг залуус цөөрч байна. Хотын гудамжаар алхах залуус өнгөлөг болжээ. Хаа таарсан газраа шүлс цэр, нусаа хаяад байдаг муу зуршлаасаа ч тэд бага багаар салж байгаа нь илтэд мэдрэгдэнэ. Үүний дээр онцлох нэгэн зүйл нь монгол залуус дэлхийн хөгжил, боловсролтой хөл нийлүүлэн алхдаг болсон. Дэлхийн шилдэг сургуулиудад хамгийн өндөр тэтгэлгийн эзэн монгол хүүхдүүд болж суралцаж байна. Мөн эрдэмтэн залуус шинэ шинэ нээлтүүдийг шил дараалан хийсээр байна.

Өөрөөр хэлбэл, Шарагчин гахай жилийн босгон дээр монголчууд амин хувиа хичээдэг гэх мэт муу зуршил, зангаа хаяж, сайн сайхан бүхэн рүү тэмүүлдэг болсныг онцлох нь бэлгэ ерөөлөөс гадна биелэлээ олж буй нэгэн сайн зүйл билээ. Үүнтэй зэрэгцээд Монголын эдийн засгийн сэргэн мандалтын үе ирж байна. Улс даяар өрнүүн их бүтээн байгуулалт өдөр шөнөгүй өрнөж байна. Ажлын байр хэдэн мянгаараа нэмэгдэж, монголчууд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн, зарим салбарт тэргүүлэн алхах нь улам бүр нэмэгдэж байна. Энэ нь монгол үндэстэн улам бүр хүчирхэгжиж,амьдрал сайхан болж байгаагийн тод илрэл билээ.

Эрхэм уншигч та бүхэн сар шинэдээ сайхан шинэлж, өтгөс буурлууд нь үр хүүхэд, ач гучаа тойруулан суугаад тэнэгэр сэтгэлтэй, тайван сайхан жаргах болтугай.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Тал нутгийн гол философи бол өрөвдөх сэтгэл

Тал нутгийн хатуу ширүүнийг мянга мянган жилээр сөрж амьдрахдаа монголчууд амьдралын мөн чанар, амьд явахын утга учрыг тайлж, сануулсан тунчиг олон зан сургамжийг үлдээжээ. Үр хойч нь ч түүгээр зүг чигээ хийж, улам төгөлдөржүүлэн баяжуулж энэ цагт ирсэн гэхэд болно. Энэ бол хэдэн зуун мянган жил үе дамжин уламжилж ирсэн шалгарсан туршлага, тал нутгийн монголчуудын амьдралын философи юм. Түүний нэг болох өрөвдөх сэтгэлийн тухай бичье гэж бодлоо. Учир нь энэ цаг үеийн улс төрийн тэмцэл улам л хатуу ширүүн, өршөөлгүй үргэлжилж байна. Нэг хүний албан тушаалын төлөө бүхэл бүтэн засаглалын хэлбэр ард түмнээ дэнчинд тавьж хэрэлдэж байна. Мэдээж, энэ бол УИХ-ын даргын суудлын төлөөх тэмцэл юм. Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд албан тушаалын төлөөх тэмцэл ямар хайр найргүй, хатуу ширүүн өрнөснийг харж болно. Хамгийн гутамшигтай нь, албан тушаалын төлөөх тэмцлээ ямар гоёор нэрлэж, ард олонд итгүүлж чаддагийг нүдээрээ үзлээ. Ард түмнийхээ төлөө тэмцэж байгаа л гэнэ, авлига хээл хахууль, утааны эсрэг тэмцэл л гэнэ. Хөөрхий ард түмэн, түүнд нь үнэмшчихээд хөөр баяр болоод, дэмжээд давхиж явна. Юу гэж бидний төлөө тэд ингэж цаг заваа баран, баран тэмцэх вэ дээ. Тэдний илт мөнгөжүү жагсаал цуглаан, хоол цайндаа цатгалдсан суугчдаас нь жаахан хол алхаад үз дээ. Тавин мянган төгрөгийн төлөө дал, наян настнууд үүрийн харанхуйгаас үдшийн бүрий хүртэл оочерлож, эцэст нь ухаан алдаж унаад эмнэлэгт хүргэгдэж байна. Хар утаа, хогонд дарагдсан хотод нь ханиад хатгаа цар тахлын хэмжээнд хүрч эмнэлгийн хонгилд өлгийтэй үрсээ тэврээд эхчүүд хэвтэж байна. Өлссөн хөгшид лангууны дэргэдүүр өнгөрөхдөө боовны гялгар уутыг цоолж, хоёр гурван ширхэг боорцог хулгайлаад зугтаж байгаа тухай худалдагч нар өөр хоорондоо гунигтай ярьж сууна. Ажилгүй хүүхдүүд нь хөгшдийнхөө тэтгэврийг зээлж аваад, арилж өгөө биз. Монголчуудын ийм л дүр зураг бараг 30 жил давтагдаж байна. Яагаад энэ бүхнийг засч залруулахгүй монголчуудаа ажилгүй, өлсгөлөн ядуу хэвээр нь байлгаад байгаа хэрнээ “ард түмний төлөө” гэж амаа цангатал цуурна вэ.

Суртал ухуулга ямар хүчтэй вэ гэдгийг бид дээрх үйл явдлаас харж болох нь. Хэдэн гишүүд өглөө үдэшгүй “Ард түмнээ сайхан амьдруулна аа, Энхболд огцор” гээд байхаар нээрэн ч хамаг муу муухайгийн үүр үндэс энэ хүн юм байна гээд нийтээрээ ханарч байна. Захын хүнээс асуугаад үзээрэй, УИХ-ын даргыг зүхэж байгаа. Энд тэр Энхболдыг нь өмөөрч, магтах гэсэнгүй. Асуудлыг төдийгөөс өдий хүртэл нь хурцатгасан түүнийг сандал ширээнээсээ буугаад өгөөсэй гэж боддог хүмүүсийн нэг нь, би. Тэглээ гээд хууль ёсны дагуу л тэр албан тушаалаа өгч авалцаасай билээ.

Өнөөгийн жагсаал, тэмцлийн гол удирдагч нарын нэг нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ. Тэрбээр олон удаа нэг үгийг давтаж хэлээд байгаад нь учир мэдэх хүмүүс эгдүүцэж эхэлжээ. Тэр үг нь “За одоо өрөвдөж болохгүй шүү. Монголчууд их өрөвчхөн. Та нарын өрөвчөөр чинь далимдуулаад өрөвдүүлээд л дуусна шүү, энэ асуудал” гэж олон удаа ард түмэнд сануулж байгаа. Байнга давтаж хэлдэг.

Гэтэл өрөвдөх гэдэг бол тал нутгийн монголчуудын гол философи нь. “Монгол хэлний их тайлбар толь”-д өрөвдөх гэдэг үгийг дараахь байдлаар тайлбарлажээ. Өрөвдөх байдал-энэрч хайрлах байдал, өрөвдөх санаа-энэрэн хайрлах санаа, өрөвдөх хайрлах-уян зөөлөн сэтгэл гарган хамгаалах, өршөөх өрөвдөх -уучлан хэлтрүүлж туслан тэтгэх. Үгийн утгыг харахад ч монголчууд бусдыг энэрч хайрлан, уучилж өршөөж амьдар гэж сургаж иржээ. Хууль болон цаасан дээр буугаагүй ч монгол хүн бүрийн цусанд нь ийм үзэл хандлага шингээстэй байдаг. Монголчууд бүхий л түүхэндээ байгаль дэлхийдээ ойр амьдарч, байгаль дэлхий хатуу ширүүн, өршөөлгүй гэдгийг мэдэрч ирсэн хүмүүс. Тиймдээ ч өрөвч зөөлөн сэтгэл хүнд ямар их хэрэгтэй вэ гэдгийг мэддэг ард түмэн. Өрөвч зөөлөн, уужуу талбиун сэтгэлтэй, алив юмыг өнгөрөөж чаддаг чанар бол монгол эр хүний гол код нь. Ийм хандлага, энэ кодгүй бол монгол хүн гэхэд эргэлзээтэй. Монголчуудын цусанд нь байдаг энэ үндсэн мөн чанарыг үгүйсгэн, таягдан хаяхыг уриалж байгаа Л.Оюун-Эрдэнэ харин ямар харийн сэтгэлтэй залуу вэ. Танай намын их хурлын нэг хэсэг хүмүүсийг ажилтай байлгахын тулд биднийг “монголоо алдахыг” уриалж байдаг Та яг хэн бэ. Монгол хүн мөн үү. Үгүй ээ, хүү минь, бид өрөвдөж, өршөөж уучлахаа хэнээр ч заалгахгүй. “Монголоо алдахыг” уриалж байдаг Таны үгэнд ормоогүй байна. Өвгөдийн үлдээсэн тал нутгийн философио дагаж, монголоороо үлдмээр байна.

“Улаан мөнгө олддог, улайх нүүр олддоггүй” гэсэн үг бий. Өнөө маргаашийн ашиг хонжоо харж, хүнээ алдаж болохгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өрөвдөж бай, өршөөн уучилж бай гэсэн утгатай. Таны “өрөвдөж болохгүй шүү” гэдгийн эсрэг утгатай үг юм. Яаж ч бодсон “монголоо алдахыг” ятгаж, нийтэд уриалж байна гэдэг нь Монголын улс төрийн зүтгэлтэнд байж боломгүй согог юм.

М.Энхболд яахав ээ, өнөө маргаашгүй ажлаа өгөх нь тодорхой боллоо. Харин энэ тэмцэгчид маань ард түмнийхээ төлөө, дараа дараагийн дарга нараас шударга ёс, тэгш байдал, сайн хууль нэхээрэй. Ард түмний халааснаас хулгай хийсэн ЖДҮ-чдэдээ хариуцлага тооцоорой. Тэгэхгүй бол амин хувийн эрх ашгийнхаа төлөө ард түмний нэр барьдаг булай чинь илэрнэ шүү.

Монгол Улс гурван сая гаруй хүнтэй. Дэлхийн долоон тэрбум гаруй хүний дэргэд энэ бол өчүүхэн тоо. Бид ийм цөөхүүлээ атал хонзогнон дайсагнаж, хүнээ байж, “монголоо алдаж” болохгүй. Хүчтэй байхын тулд эвтэй байх ёстой. Эвтэй байхын үндэс нь уучилж өршөөх, хамтдаа цаашаа алхах юм шүү.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Монголын хамгийн дулаан “арал” Ханбогдод хот байгуулцгаая

Монголчууд цаг уурын эрс тэс уур амьсгалдаа дасан зохицсон ч сүүлийн жилүүдэд утаа гамшгийн хэмжээнд хүрсэн болохоор өвлийн урт саруудад нийслэлд амьдарна гэдэг эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж байгаатай адил аюултай болчихоод байна. Боломжтой нь гадаадад очиж өвөлжиж, бусад нь чадлаараа л хотоос зугтаадаг. Гэсэн ч бүгдээрээ утаанаасаа гарч чаддаггүй. Тийм ч болохоор дулаан оронд, далай, тэнгист Монгол Улс өөрийн гэсэн арал худалдаж аваад тэрэндээ өвлийн утааны үеэр хөгшчүүл, хүүхдүүдээ аваачдаг болох тухай санал гарч, энэ талаар их дуугардаг ч “Арал үнэтэй, арай сэрүүдсэн үлгэр байна” гэж татгалздаг хүмүүс бий. Уг нь нэг ордоороо л солио хийчих наймаа л даа. Захын нэг сум юм уу, Увсын нэг сумыг өгөөд авчих боломжтой, уул нь их амархаан болчихоор зүйл.

Гэхдээ газрын хол, үнэ ханш гээд бэрхшээл их учир гадаадад арал худалдаж авахынхаа оронд дотоод нөөц бололцоогоо ашиглаж дулаан хоттой болох боломж байна. Өмнөговь аймгийн Ханбогд сум бол Улаанбаатар, Тосонцэнгэл, Дархадын хотгорт жавар тачигнаж, амьтай бүхэн бээрч байхад нар ээгээд налайж л байдаг өнөтэй газар. Ханбогд сум удахгүй хар замаар холбогдчихно. Оюу толгой гэж том бүтээн байгуулалт байна. Тийшээ хар зам, төмөр замыг нь бариад өгчихсөн байхад Оюу толгой баяжмалаа ч гаргачихна, наанаас нь иргэд ч нүүгээд оччихно. Удахгүй Оюу толгой өөртөө цахилгаан станц барина. Тэгэхээр зам, цахилгаан гээд дэд бүтцийн асуудал нь шийдэгдчихээр тэнд том хот байгуулах бүрэн боломж нээгдэнэ. Хамгийн гол нь гадаад орон руу усны шувууд шиг нүүдэллэхгүйгээр Улаанбаатараас 650, Өмнөговь аймгийн төвөөс 250 км-ийн зайд байх Ханбогдод сайхан өвөлжих боломж нь нээлттэй байгаа юм. Өчигдөр Ханбогдод өдөртөө гурван хэм дулаан байсан бол өнөөдөр нэмэх дөрвөн хэм дулаан байна. Өнгөрсөн шөнө Ханбогдод есөн хэм хүйтэн хоносон. Өдийд Монголд ийм дулаахан газар өөр байна уу. Улаанбаатарынхан утаа, жавраас хамгаалж хоолой, хүзүү нүүрээ маск, ороолтоор баглаад цантаад чичигнэж байхад Ханбогдынхон нимгэн хүрмээ задгайлаад малгай, бээлий, ороолт гэж мэдэхгүй олон олон арван жилийг ардаа үдэхдээ ханиад гэдгийг тоотой хүртээд хоноод л эдгэчихдэг тийм эрүүл агаарт амьдарч байна.

Улаанбаатарт хөгшид, хүүхдээ хашиж, хар утаагаар хордуулахын оронд Ханбогдод том хот байгуулаад тэндээ эрүүл орчинтой, дулаан газарт өвөлжүүлэх нь өвөг дээдсээ хүндэтгэж, үр үндсээ тэтгэсэн үйлс болно. Манай өмнөд хөрш далай, тэнгис, томоохон нуур, мөрний эрэгт ард нийтийн амралтын цогцолбор газрыг зориуд бий болгодог. Тэнд усан спортын бүхий л үйл ажиллагаа явж, усан бассейны төрөлжсөн үйлчилгээ, тэрийгээ дагасан ардын эмчилгээ, бариа засал, чийрэгжүүлэлт, сувиллын газар дүүрэн байдаг. Яг л тийм аялал жуулчлалын цогцолборыг Ханбогдод сүндэрлүүлэхэд Монголын томоохон компани, бизнес эрхлэгчдийн хүчийг ашиглах нь зүйтэй. Хүүхэд, хөгшдөд хэрэгтэй бүхий л төрлийн үйлчилгээтэй, ая таатай амарч, амьдрахад тохиромжтой бүхнийг тэнд байгуулчихсан байхад зах зээлийн зарчмаар үйлчилгээний салбарууд нь дагаж орж ирээд салбар салбар нь салаалан хөгжих боломжтой. Харин ийм хот байгуулахад санал санаачилга гаргаж, хөрөнгө оруулахаар шийдэж байгаа аж ахуйн нэгж компани, хувь хүнийг төр бодлогоор дэмжиж татвараас нь хөнгөлөх зэргээр зохицуулалт хийж болно. Монголын томоохон бизнес эрхлэгчдийн анхаарлыг Ханбогдод сүндэрлэх дулаан хот руу хандуулж хөрөнгө оруулалт татах нь нэн чухал юм.

Нийслэлд жилд 5.9 орчим сая тонн нүүрс шатааж агаарт 260 мянган тонн хорт бодис цацагддаг бөгөөд хотын нэг иргэнд жилд 317.8 кг хорт бодис ногддог. Ийм байхад мэдсэн ч мэдээгүй юм шиг амьдрал, эрүүл мэндээ алдаж байгаа учраас Ханбогдод дулаан хоттой болчихвол ядаж үр хүүхэд, хөгшид, хөл хүндтэй эмэгтэйчүүдээ өвлийн хэдэн сарыг тэнд амьдруулахад ханиад гээчийг мартана.

2008-2016 онд утаанд 800 тэрбум, 2017 онд найман тэрбум, 2018 онд 137.9 тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа юм. Хэрвээ энэ байдлаараа цааш үргэлжилбэл агаарын бохирдолтой холбоотой хүүхдийн өвчлөлийг эмчлэх зардал 2025 он гэхэд 33 хувиар нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагууд жил бүр 4.8 тэрбум төгрөгийн нэмэлт зардал гаргах төлөвтэй байгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан судалгаанд дурджээ. Утаа болон ханиаданд зарцуулж байгаа энэ их мөнгийг Ханбогдод хот байгуулахад хөрөнгө оруулалт болгож тусгавал нэлээд жин дарна шүү.

Өөрсдөө очиж өвөлждөг, дулаахан, хамгийн тохитой, сэтгэл татам хотыг Ханбогдод байгуулчихвал мэдээж тэнд үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжүүлж, хүн тогтвортой амьдрах орчин нөхцөлийг нь бүрдүүлэх нь ойлгомжтой. Аяндаа үүсгээд өгчихөд зах зээлийн зарчмаар тэндхийн амьдрал хөврөөд явчихна. Хэрвээ тэгвэл арваннэгдүгээр сарын сүүлээс эхлээд хөгшид, азай буурлууд нүүж очоод олон сараар хөлслөхөд байр нь бэлэн болохоор арванхоёрдугаар сар гаруут л ач, зээ нарыг нь араас нь явуулчихна.

Манай ихэнх байгууллага компаниуд ажилчдаа зуны цагт амраадаг. Харин тийм хоттой болчихвол ид утааны үеэр, өвлийн цагт зарим байгууллагуудыг амрааж зун нь ажиллуулдаг болох зэргээр зохион байгуулалтын ажил ч өрнүүлэхэд гэмгүй. Өвөл, зунгүй л хүн шавуулж, утаанаас зугтсан болгоныг хүлээж аваад сувилж амраагаад таатай байлгачихдаг хиймэл диваажин мэт ийм нэг дулаан хотыг Монголын хамгийн дулаан “арал” Ханбогдод байгуулцгаая.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Монгол Улсын хөдөлмөрийн баатар Бавуугийн Лхагвасүрэн: Монгол гэдэг чинь дэлхийн ухааны их сав, тэнгэрийн хамгаалалттай ард түмэн

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч, “Болор цом” наадмын гурван удаагийн тэргүүн, драмын урлагийн “Гэгээн муза” наадмын хоёр удаагийн, утга зохиолын “Алтан– Өд” наадмын хошой шагналт зохиолч, яруу найрагч, Америкийн Аризон мужийн Дэлхийн их сургуулийн соёлын доктор, С.Лувсанвандангийн нэрэм-жит гоо зүйн дээд шагналт Бавуугийн Лхагвасүрэнтэй хөөрөлдлөө. Аюулт өвчинд нэрвэгдсэн өвгөн найрагч “Сар шинэ гаргачихвал уг нь яг далан таван насны босгоор алхах юм даа” гэж санаашрангуй өгүүлж хэвтэнэ. Түүний мах мариагаа барсныг харахад нүд халтирч, нулимс унагам гунигтай. Нөгөө их үс гэзэг нь нь шингэрч, сахал нь сөрвийж, шанааны яс нь горзойсон нь түүнийг мэдэх нэгэнд “Ийм ч хүн байгаагүй юм даа” гэх харуусал төрүүлмээр. Хавирганууд нь тоолж болом эрийж нэг л их том цээж, том толгой үлджээ. Их найрагч эдүгээ үзгээ ч, утсаа ч даахаа больж дэмий л адар ширтэн хэвтэх болсноо уйтайхан хүүрнэнэ. Ерэн дөрвөн килограмм жинтэй байсан тэрээр одоо дөчин есөн кг болтлоо хөнгөрчээ. “Боржгоны бор тал”-аа хүнгэнүүлэн уншдаг аргил баргил хоолой нь сөөж, цээжний гүнээс бүгтхэн авиа л оволзсон амьсгааг нь давж ядан сонстоно. Хэдий тэрээр хэвтэрт хүний гарт орсон ч чонын зурагтай оймс өмссөн хөлөө харуулж “Ах нь оймсоор гангарах дуртай. Америкаас захиалж авчруулсан юм. Надад ерөнхийлөгч Трампын зурагтай оймс хүртэл бий” гэж гэргий Баасангаа дуудан шүүгээнээсээ гаргаж үзүүлэх нь гоё сайханд сэтгэл тавьдаг яруу найрагч гэнэн араншингийнх нь илрэл гэлтэй. Одоогоос хэд хоногийн өмнө эргэж очиход ярих ч тэнхээгүй байсан тэрээр хоёр хоногийн өмнө “Үйлийн үрээ эдэлж буй ах нь сүүлийн ярилцлагаа чамд өгмөөр байна” хэмээн өчсөн сөн. Монголын ард түмний хайртай найрагч тэрбээр айсуй цагийн эрхээр илааршин тэнхрээсэй билээ дээ!


-Лхагваа ах минь бие лагшин тунгалаг уу?

-Яахав, бэлгэ бодож сайн л гэхээс цаашгүй боллоо доо, муу ах нь. Зарим хүн “Их өвдөх юм уу” гэж асуух юм. Өвчин гэдэг асуусан, асуугаагүй бэрх эд юм. Ах нь орчлонгийн сайн, муу бүхнийг л үзэж тууллаа. Одоо их зовохгүйхэн шиг л үхэхээс сайхан юм алга. Ээ, мөн ч хэцүү юм аа. Өвдөх нь л хэцүү болохоос ухаан санаа харин тунгалаг л байна даа.

-Таныг би Монгол төрийн дархлааг тархиа гашилтал боддог төрийн хар хүн гэж боддог. Нөгөөтэйгүүр ертөнцийн жамыг нэтэд ухаарч гэгээрсэн бодлын тунгалаг далай гэж төсөөлдөг юм…

-Цэнгэл ээ, энэ дээр чинь, бидний дээр, бидний сэтгэлийн дээр, бидний хүндэтгэлийн дээр, бидний хайрын дээр байгаа төрийн дээдэс нь яагаад байгаа юм бэ.

Чингис хааныг авч хаях гээд байгаа юм уу, Чингисийн хөшөөг авч хаях гээд байгаа юм уу. Их олон гэр бариад Чингисийн их хуралдай хийх гээд байгаа юм уу, би ерөөсөө ойлгохгүй юм. Энэ яаж байгаа юм бол. Энэ юуны шалтгаар ингээд байна. Хэвтэрт байгаа хүний хувьд чамаас би асууж байна.

-Төр ч бас хямралтай л байх шиг байна шүү дээ. УИХ-ын даргаа огцруулчихна гэхээр “Үндсэн хууль” зөрчих ч юм шиг л зүйл сонстох юм?

-Тэр хууль чинь том хууль шүү дээ. Ганцхан би ч батлалцсан юм биш. Монголын ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл болсон хууль даа. “Хөдөлмөрийн хууль” хүчинтэй байгаа юу?

-Хүчинтэй байгаа…

-Аан. Би бодож байна. “Хөдөлмөрийн хууль” хүчинтэй байгаа цагт ажлаа хаяад өрөөндөө түгжээд суучихдаг, гараад хаячихаад явдаг хүнийг шийтгэж болдоггүй юм уу?

-За, наадахь чинь ёстой дүүгийнх нь эрх мэдэл байтугай бодол ч хүрэхгүй зүйл байна даа?

-Яахаараа шийтгэж болдоггүй билээ. Би үүнд маш их дургүй хүрч байна. Би юу ойлгож байна вэ гэхээр Монголд дээдэст зориулсан зүйл ангитай хууль, доодос бидэнд үйлчилдэг хууль гэсэн хоёр хууль байдаг юм байна. Улсын Их хурлын дарга яагаад “Хөдөлмөрийн хууль”-нд захирагдаж болдоггүй юм. Маш их чухал цаг үед уршигтайгаар ажлаа хаялаа шүү дээ. Би дэлхийн улс орнуудын парламентын спикерүүд ажлаа хаяж байна гэж амьд байх түүхэндээ сонсоогүй. “Хөдөлмөрийн хууль” яахаараа УИХ-ын даргад хамаагүй байгаа юм бэ. Мань мэт хэрвээ М.Энхболд шиг ингэж ажлаа тасалсан бол хэдийнэ ажилгүй болоод сэргийлэх юм уу, шоронд хагас нь яваад, мань мэтийн оронд дээдсүүдийн хамаатны хүн ирээд ажлаа авчихсан явж байгаа. Улс буй цагт, төр буй цагт том толгойтой дээдсийг цаазлахад том илд, жижиг улсыг цаазлахад тонгорог хэрэгтэй гэсэн зааг байхгүй. Тийм ялгалгүй байж байж дагавар хуулиуд, бусад хуулиуд жигд хэрэгждэг. Энэ Их хурлын ажлаа хийдэг цаглабаруудыг хар. Утаа туйлдаа хүрэхээр арванхоёрдугаар сард утаагаа хэлэлцдэг. Өмхий үнэр туйлдаа хүрэхээр зун лагийнхаа талаар ярьдаг. Цаглабар, төрт ёсны зохицуулалт, ухаан гэж алга. Жаахан гомдол санал гаруут л золионд нь нэг хүнийг ажлаас нь халдаг. Ингэж бидний амыг тагладаг. Зөв төрийн сэжүүрийг нэг харах юм сан.

-Загас толгойноосоо эхэлж өтдөг гэдэг шиг төр ч бас толгойноосоо өтдөг байх шүү?

-Нэг хүн ажлаа хаясныг шийдчих хууль Монголд байхгүй юу. Байгаа шүү дээ. Би нэг монгол үгэнд их дургүй хүрч байгаа.

-Ямар үгэнд таагүй хандах болов?

-Олон намаас бүрдэл болдог парламентын засаглалтай оронд олонх, цөөнх гэдэг бол хонины ээлж шиг зүйл байгаа юм. Ээлжилж төр барьдаг. Гэтэл яахаараа нэгийг нь сөрөг хүчин гэж нэрлэдэг юм. Сөрөг гэдэг энэ нэр томьёог ямар тэнэг амьтан гаргав аа. Яагаад би ингэж хэлж байгаа юм гэвэл нэг нь ярвайдаг, нөгөө нь ярзганадаг байж болдоггүй. Сөрөг хүчин гэж үхсэнийх нь сөрөг хүчин байх юм. Сөрөг хүчин бол ерөөсөө цөөнх. Парламентад цөөнх, олонх гэсэн хоёр л ангилал бий. Цөөнх, олонх хоёр бол бие биеэ мохоож, ирлэж байдаг билүү хутга хоёр. Мохосноо ирлэж, буруудсанаа зөвтгөж байж нэг зорилгын доор нэгддэг. Монголын парламент Монголын төлөө нэгдсэн парламент. Нэг нам нь Хөхдэй мэргэн одноос ирсэн юм шиг, нөгөө нь Монголыг тохинуулах гэж үүрийн гялаанаас ирсэн юм шиг ярвайсан улс. Цөөнх олонхоос илүү сэтгэх, олонх цөөнхөөс илүү сэтгэх тал байдаг. Гэхдээ олонхын дарангуйлал парламентад байж болдоггүй. Сонгуульд цөөнх, олонх сонгогдсоны дараагаар даруй Монгол Улсын мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа аль аль талынхаа мөрийн хөтөлбөрийг маш хянамгайгаар харж, маш сонор соргогоор тусгаж, нийлсэн нэгдсэн мөрийн хөтөлбөр рүүгээ зүтгэх ёстой байхгүй юу. Тэгж байж хоёр намын зорилго биелэх ёстой. Би зөвхөн хоёр намын хэмжээнд ярьж байна л даа. Хэдэн нам ч гарсан ийм л байх учиртай. Тиймээс сөрөг хүчин гэдэг үгийг дахиж битгий дурдаасай гэж бодох юм. Сөрөг гэхээр тэнэгүүд нь үг л хэлбэл ярзганаад байна, алдааг нь л түүх ёстой бид нар гэж үзээд байх юм. Эд нар номын залруулга биш. Хоёулаа залруулга мөн. Хоёулаа ном мөн. Хоёулаа чиглэл мөн, хоёулаа бодлого мөн.

-Хоёр тусдаа нам битгий хэл, нам дотроо эрх мэдлийн төлөө алалцаад л байх улс юм байна шүү дээ?

-Урьд нь алдаж оноод, ажлаа өгсөн хүмүүс өнөөдрийн буруудаж зөвдөж байгаа хүмүүсийн алдаан дээр ямар их сайхан хурц нүдтэй болж, ямар сайхан хурц үгтэй болж шүүмжилж чадаж байна аа. Би энийг монгол төрийн хүн чанар алга болж гэж бодож байгаа. Өөрснөө чадаагүй байж дараачийн хүмүүсийн алдаа гаргасан дээр ирж хашгирч байгааг нь хараач. Монголчуудын “Хэрээ хэрээнийхээ нүдийг ухдаггүй” гэсэн маш хатуу үг бий. Алсан гөрөөснийхөө дээр гишгэчихээд арслангууд архирч байгаа юм шиг араншинг хүн гаргадаггүй юм. Бид нар энэнээс сайн байсан, бидний алдаа жижиг байсан, бидний алдаа зөв байсан гэх гээд байгаа юм уу. Яах гээд байгаа юм. Явж явж монгол хүмүүс яахаараа бусдыг муу хэлэхээрээ би сайн хүн болно зангаа л байчихаасай. Эд нар чинь уг нь хүн юм шүү дээ. Ариун юм үлдэхээ байлаа. Бие биеэ ухалцаад байвал гэргий нь, хамаатан нь, үр хүүхэд нь гээд бузар булайд оролцоогүй нэг ч амьтан алга. Ариун хүнгүй эх орон боллоо. Болиоч дээ. Тэнэг байна, тэнэг байна гэхэд даанч дээ гэж би харамсаж байна. Монгол төрийн мөн чанар, монгол хүний хүн чанар, монгол хүний хүн хүндээ хандах мөн чанар алга боллоо. Монголд харь гаригаас ирсэн юм шиг намууд бий болж, нэг их сэтгэдэггүй юм сэтгэдэг юм шиг олон өнцгийн болсон болоогүй юм цуглуулж ярьдаг хүмүүс олширч намууд байгуулж эхэлсэн. Намууд Монголын ард түмнийг ёстой нэг хэрчиж, хувааж, хагалсан. Ашгүй дээ. Би энэ намуудад баяр хүргэе гэж бодож байгаа.

-Ард түмнийг хагалган бутаргасан нөхдөд яахаараа баяр хүргэдэг билээ?

-Намын тэргүүн та нар Монголын ард түмнийг хуваах гэсэн, үндэсний эв нягтралыг эвдэх гэсэн, монгол сэтгэлийн нэгдэл, чин сэтгэлийн бөөгнөрлийг хагалах гэсэн санаандаа хүрлээ. Та нарын намуудын мөрийн хөтөлбөр их амжилттай биеллээ. Одоо бүр газар бууж, газрын татах хүчинд орж хоёр хүн ч биентэйгээ таарахаа байлаа. Та нар эх орондоо ингэж дайсагнадаггүй юм. Та нарын хагалгаж бутаргаж байгаа зүй бус үзэгдэл хэтэрсэн гэж хэлэхэд багадна. Нэг биеийг ч хоёр хуваах шахаж байгаа чинь одоо болсон.

-Дээдсийн ёс жудаг ч өдрөөс өдөрт л муудсаар байх юм даа, хөөрхий…

-С.Жавхлан гишүүн УИХ-ын индэр дээрээс “Та нар бүгдээрээ зайлцгаа” гэж хэлж байхыг сонслоо. Ганцаараа үлдэх нь л дээ. Монголчууд нэг сандал дээрээс хүнийг хөөх нь битгий хэл, хүнийг гар гэж хэлдэггүй юм шүү дээ. Энэ монгол жудаг. Магадгүй, Их хурлын даргын асуудлыг шийдэж чадахгүй байгаа чинь тэр монгол жудаг үйлчилж байж болох үндэстэй. Энэний дундуур манай залуу улстөрчдийн сэтгэл хөдлөл, гэнэн сэтгэл дэндүү гэнэн байна. Сонгуулийн үеэр баганан дээр хадчихсан зураг нь урагдаа л, салхинд пар пар гээд дэрвээд байгаа юм шиг дүр л нүдэнд харагдаад байх юм. С.Жавхлан улаан малгайтай орос чихрийн цаас шиг юм суучихаад ингэж хэлэх, эсвэл ташуур барьж давхих нэг л зохимжгүй байна. Нэг их Монголоо боддог хүн болж жүжиглэнэ. Монгол цусыг ингэж сүржигнэж, ярьж хамгаалдаггүй юм. Монголыг угсаатны зүйн хувцсаар хамгаалдаггүй. Дутуу хөтүү уншсан зан заншлаар хамгаалдаггүй. Монгол гэдэг чинь тэнгэрийн хамгаалалттай ард түмэн. Үл ойлгогч, юм бага уншсан улсууд “Еэ мөн сайхан юм хэлж байна” гэж хөөрөгдөөд байх юм. Үгүй энэ чинь ингэж амны алдас хийж яаж болох юм бэ. Хөдөө жаахан байхад нэг залуухан хүн хоёр хөгшинд ирж агсам тавиад, элдэв долоон юм донгосоод байлаа. Өвгөн дуугарахгүй л байлаа. Хөдөөний буурлууд чинь ухаантай шүү дээ. Уул шиг юм сууж сууж “Борог нүдэлж, бор шувуу жиргээгүй байхад битгий хуц” гэнгүүт нөгөө агсам чинь дуугарч чадахаа байгаад гараад явсан. Монголчууд өвгөдөө хүндэлж ирсэн ард түмэн. Өвгөд нь бүр ясанд нь тултал гашуун юм хэлдэг байсан. Ярих юмаа жаахан бодож ярьж байгаач гэж хэлье. Юухан хээхэн болгонд улс төрийг хэрэглэж, юм болгон дээр “Монгол, Монгол” гэж хашгирснаар Монгол бөхөждөггүй юм. Хорвоод дэмий дэмий буруу ойлгодог хүн зөндөө бий. Тэгээд нэг нь “Монголын төлөө үгүй мөн сайхан сэтгэлээ зориулж байгаа хүн” гээд хөөргөнө. Энэ салхилаад байгаа улсаас яг харийн овоо хараан дээр очиж зогсож чадах хүн хэд бол доо. Эх орныг бүхий л бие, сэтгэл, мах цусаа өгч, хэдэн үеийнхэн өчнөөн амьдралаа өгч хамгаалдаг юм. Энэ бидний доор гишгээд байгаа алт эрдэнэс чинь өвгөд дээдэс минь арьсаа хуулж бүтээж үлдээсэн, цусаа асгаж гагнасан, бидэнд тавьсан хоол. Хойч үедээ үүцэлсэн юм. Тэгэхэд солиорцгоогоод байх юм. Болиоч дээ. Даанч дээ, та нар. Би бол юм мэдэхгүй ухаан мунхаг хүн. Хүн болгон юм мэддэг болчихсон, нэг юм ярихаар л өөдөөс дэмийрцгээгээд. Уншсан юм байхгүй, гэгээрсэн юм байхгүй. Уншсан номоо худлаа ярина. Хүн уншсан юмаа ярьж байна гээд миний уншсан юмыг худлаа яриад байхад би дургүй хүрдэг. Хүн ил ч, далд ч үнэн байх ёстой. Тиймээс гэгээрээч ээ гэж энэ парламентынханд хэлье. Парламентат засаг Монгол Улсад тогтсоноос хойших адгийн оюуны хоосролтой парламент энэ байлаа. Би чамаас нэг юм асууя. Тангараг гэж юу юм бэ?

-Хэлсэндээ эзэн болох юм бол уу даа?

-Наадах чинь тийм нялх юм биш. Монголын иргэн байх уу, үгүй юу гэдгээ өргөдөг тангараг. Тугаа духандаа хүргэж байгаад баахан юм тангарагладаг. “Төрдөө өргөсөн тангаргаа няцвал би тэгнэ, ингэнэ” гэсэн бараг намайг алаарай гэсэн үг байдаг. Гэтэл өнөөдөр УИХ-ын дарга болоод Их хурлын зарим гишүүд төрд өргөсөн тангарагаасаа няцлаа. Ард түмэн тэнэг юм гэж бодоод түмний өмнө няцаж болдог байж. Төрийн өмнө ам алдаж, тангараг няцсан хүнийг төрт ёсны эртний түүхтэй Монгол яаж залхаадаг байлаа.

-Мохируулдаг л байсан байх даа?

-Үгүй тэр ёс тэгээд хаа байна. Чингис хаан алтан бүсээ хүзүүндээ өлгөж байгаад Бурхан Халдунд тангараг өргөдөг байсан. Тангарагтаа уултайгаа элбэж, тэнгэртэйгээ элбэж байгаад хүрэх шиг хүрсэн. Одоо үед эд нарт ямар арга хэмжээ авах гээд байгаа нь тодорхойгүй. Тангаргийн тухай нэг ч ярихгүй. Төрийн тангаргаас няцаад байна шүү дээ. Төрөөс урваад байна шүү дээ. (Найрагч судас нь гүрийж яс арьс болсон хоёр гараа тэнгэр өөд сарвалзуулан дуугаа жаахан өндөрсгөв. сур) Төрийн нүд сохроо юу, тэнгэр нүдээ аньчихаа юу. Үгүй шүү дээ. Тэнгэр өдөр шөнөгүй Монголыг тормойтол ширтэж байгаа. Тангараг няцсан хүнд арга хэмжээ авах зүйл анги алга уу. Өөрийнх нь өргөсөн тангараг дотор зүйл анги нь байгаа шүү дээ. Төрийн тангараг няцсан хүнийг яадаг юм бэ, амьд ахуйд минь сэжүүрийг нь ч болтугай харуулаач гэж төрөөс гуймаар байна. Юунд ч дийлддэггүй тэнэгүүдээр Монгол Улс дүүрэх ёсгүй. Монгол бол дэлхийн ухааны их том сав. Энэ сав ариун байх ёстой. Би Монголын ард түмний өмнө хойд насандаа төлж барахгүй өртэй. Үүнийгээ би мэднэ. Хамгийн сүүлд амьд хүний хувьд ганцхан юм гуйхад үнэн үг хэлсний минь төлөө “Тэр муу өвгөн үхээсэй” гэж битгий зүхээд байгаарай. Над дээр үг овоолох газар байхгүй, шороо овоолох л газар байгаа шүү!