Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй малчдын төлбөрийг биднээр төлүүлж байгаа нь шударга уу?

Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэх тусам бидний гар дээр ирдэг цалин улам багасах боллоо. Он гараад энэ шимтгэл дахин хоёр хувиар нэмэгдэнэ. Энэ бол шинэ юм биш. Аль хоёр жилийн өмнө Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрт орохдоо нийгмийн даатгалын шимтгэлийг шат дараалан нэмэхээр болж, хуулиндаа оруулсан юм. Тухайлбал, 2018 онд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувь, 2019 онд нэг хувь, 2020 онд хоёр хувь нэмэхээр болсон. Энэ нэмэгдлийн ачаар Нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдэх сайн талтай ч ажил олгогч болон жирийн ажилтнуудын нуруун дээр ачаа улам хүндэрсээр байна. Та өнөөдөр сая төгрөгийн цалин авдаг байлаа гэхэд нийгмийн даатгалын шимтгэлд 26,5 хувь буюу 265 мянган төгрөг төлнө. Энэ хүн амын орлогын албан татвартайгаа нийлэхээр таны цалингаас 30 гаруй хувь буюу 300 гаруй мянган төгрөг авна гэсэн үг. Ингэж цалингаасаа төлөх шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдэх нь ажил олгогчид, даатгуулагчдад маш их дарамт үүсгэх ч нийгмийн даатгалын сангийн орлогоо нэмнэ гэж тооцжээ.

Гэтэл өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сангийн Тэтгэврийн даатгалын сан нь хоосорч, улсаас 600 тэрбум төгрөгийн татаас авч тэтгэврээ тавьж байна. Энэ санд байх ёстой мөнгийг төр аваад өөр зүйлд хэрэглэсэн гэсэн үг. Мөн нийгмийн даатгалын сангийн мөнгийг дампуурсан банкуудад ихээр хадгалуулсан нь илэрсэн ч өдийг хүртэл төлж барагдуулсан зүйл алга. Нийтийн мөнгө гээд нэхэж хөөцөлдөх хүн алга уу гэлтэй л харагдаж байна.

Өдгөө Нийгмийн даатгалын сангаас жилд 440 мянган иргэн тэтгэвэр авч байна. Хүн амын насжилт, тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийн өсөлт нь Нийгмийн даатгалын сангийн зардлыг нэмж байгаа учраас тэтгэвэрт гарах насыг жил бүр зургаан сараар нэмж байгаа. Энэ мөн л ОУВС-гийн хөтөлбөрт орохын тулд амласан амлалт. 20 жилийн дараа гэхэд манайд эрэгтэй хүн 65, эмэгтэй нь 60 нас хүрч тэтгэвэртээ гарна гэсэн үг. Гэтэл үүнтэй зэрэгцээд сонгуулиар санал авах уран гоё амлалтуудын нэг болох малчдын тэтгэврийн насыг наашлуулах хууль батлагдаж, малчид 50-55 насандаа тэтгэвэрт гарах болж байна. Ажил хийж байгаа бүх хүний тэтгэврийн нас цаашилж, шимтгэл нэмэгдэж байхад малчдын тэтгэвэрт гарах нас наашилж байгаад эгдүүцэх хүн цөөнгүй байгаа. Үүнээс гадна малчид 50 нас хүрээд тэтгэвэрт гарах хууль хэрэгжсэнээр нийгмийн даатгалын сангаас гарах мөнгө огцом өсч, айхавтар ачаалал үүсээд байгаа аж. Малчдын 20 хувь нь нийгмийн даатгал төлдөг. Ирэх жилээс 1995-2019 онд хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй ахмадууд энэ хоорондох мөнгөө нөхөн төлөөд тэтгэвэр авах хууль хэрэгжинэ. Энэ нь нийгмийн даатгалын санд бас л айхавтар их ачаалал үүсгэнэ гэж таамаглаж байна. Нөхөн төлбөр нь таван сая төгрөг төлөөд тэтгэвэрт гарах боломжтой байх бололтой.

Дэлхий даяар хөдөө аж ахуй болон тэнд ажиллагсдад дэмжлэг үзүүлдэг. Төр нь татаас өгч, бодлогоор дэмждэг жишиг бий. Манайхан ч хүнд хүчир нөхцөлд ажиллаж, амьдардаг малчдаа дэмжих нь зөв юм.

Гэхдээ энэхүү дэмжлэг үзүүлэх татаасны мөнгөө төр өөр эх үүсвэрээр гаргаж байх ёстой. Төр өөрийн данхар бүтцээ жижигрүүлж, үргүй зардлаа багасгах хэрэгтэй. Дарга нарын унадаг том том жипүүд, сум бүрт барьж байгаа хэдэн зуун Соёлын төв, конторын барилгууд гээд хасаж, танаж болох маш олон зүйл байна. Энэ бүхнийг багасгаж малчдын тэтгэвэр өгөх эх үүсвэр гаргаж болно. Түүнээс биш татвар төлж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хүмүүсийн шимтгэлийг нэмж асуудлыг шийдэж болохгүй. Манай дарга сэтэртнүүд өөрсдийн тансаг ямба, сонгуульд ялахын төлөө л барьж буй клубийн барилга мэтийн үргүй төсвөө танахын оронд амраар нь хөдөлмөрлөж, ажлын байр бий болгож буй хүмүүсийг шулж буй нь хэтэрхий харалган шийд юм. Засгийн газрын популист бодлогын хор уршгийг ажил олгогчид, ард түмэн, хөдөлмөрлөхөөр зүтгэж буй нэг хэсэг нь удаа дараа амсаж, амьдрал ахуйгаараа хохирч байгаагийн тод жишээ энэ билээ.

Төгрөгийн ханшийн уналт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, цалин нэмэх, бүр малчдын тэтгэвэр тавих хүртэл бүх асуудлыг Монголын нийгмийг авч явж буй ажил олгогчдын нуруун дээр үүрүүлэх хэрэггүй. Үүний нэг илрэл болсон Нийгмийн даатгалын шимтгэл нэмж байгаагаа болих хэрэгтэй. Ер нь засаг төр нь ард иргэдээ алагчилж үздэг хачин зангаа ч татах ёстой. Нэгнийх нь тэтгэвэрт гарах насыг наашлуулж, нөгөөхийнх нь насыг сунгаж байгааг нийгмийг шударга бусаар алагчилж үзэж байгаагийн нэг хэлбэр гэж үзэхээс өөр арга алга.

Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдүүлэх асуудал дээр Ерөнхийлөгч хориг тавих тухай дуулдаж байна. Хэдий энэ нь аль хоёр жилийн өмнө батлагдаад хэрэгжиж байгаа хууль ч үүнийг нийгэм талархан хүлээж авч байна. Сошиал болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч үүнийг тавтар, шимтгэл нэмэхийг эсэргүүлцсэн давалгаа, хөдөлгөөн өрнөж байгаа харагдсан. Цаашдаа улам л хүчээ авах ийм эсэргүүцлийг олон хүн дэмжиж, зөвтгөж байгаа. Үүнээс харахад Нийгмийн даатгалын багц хуулийг үндэсээр нь шинэчлэх, шинэ хууль өргөн барих шаардлага бий болжээ. Мөн Нийгмийн даатгалын санг хувьчлах, менежмент хийх, нэгэнт цугласан мөнгийг өсгөх олон улсын туршлагаас авч хэрэгжүүлэхгүй бол энэ янзаараа цаашаа хол явахгүй болсныг харуулж байна.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Үндсэн хуулийн өөрчлөлтийг булхайтай баталлаа

Өнгөрөгч пүрэв гаригийн УИХ-ын чуулганаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эцэслэн баталсан. “Сүүлийн хорь шахам жил яригдаж, гурван парламент дамжин хэлцэгдсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бид баталж чадлаа” хэмээн эрх баригч Ардын намын нөхөд баяр хөөрөө багтааж ядаж байна. Парламентын танхимд бүгд алга ташицгаан бие биедээ баяр хүргэн сүйд болцгоож байна. Харин улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын гол баталгаа болсон эцэг хуулиа дан ганц нам олонхоороо түрж, эз дийлэн хуудуутай булхайтай баталсанд олон нийт эсэргүүцэж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал эхнээсээ булхайтай явагдсаныг төрийн түшээдээс аваад ард иргэд шүүмжлэлтэй хандаж буй. Энэхүү булхай нь хэн бүхэнд илэрхий харагдаж байгаа юм.“Парламентад суудалтай намуудтайгаа зөвшилцөөгүй, ард түмнээрээ хэлэлцүүлээгүй Үндсэн хуулийн өөрчлөлтийг ямар өөрчлөлт гэхэв. Ардын намынхны 2020 оны сонгуулиа бодсон, зөвхөн өөрсдөө дахиж төрийн эрхийг булааж авах гэсэн башир арга хэрэгсэл болсон нь харамсалтай. Юун улс орны хувь заяа, ирээдүй, хөгжил дэвшил, парламентын төлөвшил вэ” гэж захын хүн хэлж байна.

“Бид нийгмийн зөвшилцлийг хангаж, өргөн хүрээг хамруулан хэлэлцэж баталлаа. Ойлголцол зөвшилцлийг гүнээ эрхэмлэсэн, нэгдэн хамтрах зарчмыг бариимталсан” гэж Г.Занданшатарын хэлсэг үг олон нийтийн дургүйцлийг хүргээд зогсохгүй ард түмнээрээ доог тохуу хийх шиг санагдсан. Эрх баригч Ардын нам Ардчилсан намтай зөвшилцлөө хэмээн зөвшилцлийн ажлыг хэсэг хүртэл байгуулж Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг төрт ёсны хэмжээнд авч үзэн, ярьж тохирсон. Гэвч яг цагаа тулахаар Ардчилсан намаа хууран мэхэлсэн. Ардчилсан намын зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд парламент засаглалын хамгийн гол тулгуур зарчим болох “Монгол Улсын Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болъё”, “Ерөнхий сайд нь танхимаа өөрөө бүрдүүлдэг болъё”, “Сонгуулийн холимог тогтолцоо”-оог санал болгосон.

“Эдгээр гурван тулгуур зарчмыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд заавал тусгах ёстой. Тэгж байж ардчилсан парламентыг төлөвшүүлэх, ирээдүйд улс төрийн намууд нь бодлоготой байх, түүгээр дамжаад төрийн уламжлалт бодлого хадгалагдаж парламент дахь гишүүдийн сахилга хариуцлага нэмэгдэх болно” гэж Ардчилсан намын зүгээс эцсийн хэлэлцүүлгийг батлах хүртэл сануулж хэлсээр байсан. Эрх баригч Ардын намын нөхөд инээж байгаад дээрх саналыг унагаж зөвшилцлөөсөө нүүр буруулж, ярьж тохирсноосоо ухарч, Монгол Улсын цаашдын хувь заяаг бус намынхаа хувь заяаг бодсон нь илэрхий. Д.Эрдэнэбат гишүүн парламентын танхимд тун харамсалтайгаар “Монгол Улсын Үндсэн хууль доголон хууль” боллоо гэж мэдэгдсэн бол З.Нарантуяа гишүүн “Монгол Улсын үндэсний хэмжээний энэ том намын эрх баригч бүлгийнхэн өмнөөс харж суугаад зөвшилцлөө гэж хариуцлагатай мэдэгдсэн хэрнээ буцаад эргэхдээ ар хударгаар ингэж хуурлаа. Улс төрийн нам ямар соёлгүй байгаа, манай улстөрчид хэлсэндээ хүрдэггүйн бодит жишээ боллоо. Үндсэн хуулийн өөрчлөлтийн амин сүнс нь парламентыг төлөвшүүлэх, увайгүй худалч хулгайч улстөрчдийг Монголын төрд оруулж ирэхгүй байхын тулд жижиг мажоратори системийг үүрд хаах гэсэн зорилго байсан, харамсалтай нь тэгсэнгүй. Хоёрхон хоногийн өмнө бид улсын төсвөө чуулганаар баталсан. Төсвийн зарцуулалт ямар замаар хуваарилагдсаныг бүгд харсан. Та бүхэн жижиг жижиг тойрогтоо сонгогчдынхоо саналыг авахын төлөө энэ төсвийг хуваарилсан. Ирэх сонгуульд улс төрийн намын болоод бие даан нэр дэвшигчид та нартай хөрөнгө санхүүгийн хувьд тэнцвэргүй өрсөлдөхөөр боллоо. Гэхдээ ард түмэн ухаан зарж, эрүүл саруул сонголт хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэж эрх баригчдын улаан нүүр рүү харж үнэнийг нь улалзтал хэлээд чуулганыг орхисон юм.

Ардчилсан намаа ингэж хулхидсан эрх баригчид улс төрийн бусад намуудын саналыг тусгасан гэдэг нь ёстой гонж байлгүй. Дээрээс нь хамгийн гол нь энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээр хэлэлцүүлсэнгүй. Ард түмнээр бас л хэлэлцүүлэх гэж байгаа юм шиг дүр үзүүлснээ яг цагаа тулахаар Ардчилсан намыг хуурсан шигээ ард түмнээ бас хуурчихаж байгаа юм. Болсон процессыг бид сайн мэдэж байгаа. Ард нийтийн санал асуулга явуулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их хурлын 73 дугаар тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан. Ерөнхийлөгчийн хоригийг Их хурал шуурхай гэгч нь хүлээж аваад ард түмнээрээ хэлэлцүүлэлгүй шууд гуравдугаар хэлэлцүүлэг буюу эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Ер нь энэ далимд хэлэхэд Ардын намын дарга сайдуудҮндсэн хуулиа ард түмнээрээ хэлэлцүүлэхгүй, ард нийтийн санал асуулгыг авахгүйн тулд Ерөнхийлөгчид өгөөд хориг тавиулчихсан гэх хэл ам гарч л байсан. Үнэн эсэхийг мэдэхгүй юм. Ямар ч байсан ард нийтийн санал асуулгыг авч Үндсэн хуулиндаа тусгаагүй нь үнэн. Харин Их хурлын гишүүд зун, намрын саруудад хөдөө явж баахан шоу хийснийгээ ард түмнээрээ хэлэлцүүлсэн гэж худлаа мэлзээд байгаа.

Олон түмний санал тусаагүйд эрх баригч намын гишүүдээс ч сэтгэл дундуур байгаагаа чуулган дээр хэлж байв. Тухайлбал, Ш.Раднаасэд “Орон нутгийн хуралтай холбоотой хэд хэдэн зохицуулалт байсан. Багийн даргыг томилдог болъё, сумын Засаг даргыг ард иргэдээс нь томилдог болъё гээд. Ний нуугүй хэлэхэд үүнийг ард түмэн маш их дэмжиж байсан. Одоо бид мөлгөр болгоод хаячихлаа. Цаашид засах ямар ч хувилбаргүй болгочихлоо” гэж харууссан. Г.Тэмүүлэн“Үндсэн хуулиар заавал хийх ёстой байсан хоёр зүйл ороогүй байгаа нь хачирхалтай. Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох АН-ын санал хэрэгтэй байсан. Яагаад унагачихсан юм бэ. Үүнийг зөвшилцлийн ажлын хэсэг улстөржихгүйгээр, намчирхахгүйгээр хийх байсан юм. Ард түмэн жагсаалтын ард нуугддаг, өөрийн тойрог хаяггүй улстөрчдөд дургүй. Намын жагсаалт, давхар дээлийг л эсэргүүцдэг. Ноёны бөхөө дахиад гаргаж байна гэж шүүмжилдэг. Гэтэл бид ноёны бөхөө ноёнтой нь хамт оруулж ирлээ. Улс төрийн нам цэвэрших, эрүүлжих гэдгийнхээ эсрэг зогслоо” хэмээн эсэргүүцсэн.

Ардын нам ийнхүү олон кнопныхоо хүчинд Үндсэн хуулийн өөрчлөлтөө улайран баталлаа. Монгол Улс түүхэндээ дөрвөн удаа (1924, 1940, 1960, 1992) Үндсэн хуулиа баталсан байдаг. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөнө гээд байгаа. Бид өмнө нь “Аль Үндсэн хууль нь хүчинтэй болж байна аа” гэж бичиж байсан. Яг ийм үед хуулийн гажуудал гарчих вий гэж санаа зовж байна. Өнгөрөгч пүрэв гаригийн чуулган дээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай төслийг хэлэлцэх үеэр баахан хэрүүл болсон. Үүнээс харахад хуулийн гажуудал гарахгүй гэх баталгаа алга. Бас нэг зүйлийг тодотгоход, ерэн оноос өмнө монголчууд бид нэг намын тогтолцоотой байсан. Ерэн хоёр оны Шинэ Үндсэн хуулийг хуучин “Ху” намын буюу одоогийн Ардын намын депутатууд олонхоороо баталж байсан. Тэгэхээр Монгол Улсын Үндсэн хууль маань Монгол ардын намын үед л батлагдах тавилантай юм байж дээ, хөөрхий. Ардын нам сонгууль дөхсөн энэ үед улс төрийн нам хүчин тэр бүр зориглож гар хүрээд байдаггүй улс орны мөнх оршихуйн баталгаа Үндсэн хуулиндаа ингэж худал хуумгай хандах хэрэг байсан уу. Аливаа зүйлд ёр билиг гэж нэг юм бий. Тэр жил Ардын нам “Хөгжлийн мод” гэсэн хөтөлбөр дэвшүүлж, үндсэндээ “мод”-оо барьж сонгуульд ороод ялагдаж байсан. Энэ удаад ард түмнээ ч тоолгүй эцэг хуулиараа “тоглож” сонгуульд ороод заяа нь хаях вий дээ?

Б.Батболд

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Буцчихаж магадгүй болсон бэрд үнээ тугал нийлэх хамаагүй юм байна

“Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй” гэсэн ардын зүйр үг бий. Нүүдэлчин ахуйгаас ургасан энэ үгийг эрх баригчдад дайх гээд байна л даа. Бичих сэдэвтэйгээ уяж тайлбал буцах нь тодорхой эрх баригчдад улсын эдийн засаг хамаагүй болоод удаж байна. Нүүдэлчдийн хувьд үнээ тугал бол өрхийнх нь эдийн засаг. Цорын ганц амьжиргаа нь. Мал сүргээсээ сааль сүү, идэш махаа базааж, хүнсээ залгуулдаг онцлог аж амьдралтай ард түмний дундаас “Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй” гэсэн зүйр үг төрж, тэр үгийг нь өнөө үед буулгаж жишсэн нь цаанаа өргөн утгатай. Буцах нь тодорхой болчихсон эрх баригчдын хүнийрхүү хандлага ирэх оны төсвөөс тод харагдаж байна.

Ирэх он бол сонгуулийн жил. Ер нь сонгуулийн жилийн өмнөх төсвүүд зардал нь данхайсан, гишүүдийн тойрогтоо хуваарилах мөнгө нь эрх ямба, нөлөө сууриар эрэмбэлэгдсэн, товчхондоо улсын эдийн засаг гэхээс илүү хувь улстөрчийн дахин сонгогдох гэсэн сонирхол хүсэл нэвт ханхалсан төсөв болдог. Өнөө жилийн төсөв ч ялгаа алга. Ерөнхий сайд, Сангийн сайд тэргүүтэй мөнгө, эрх мэдэл атгасан улстөрчдийн тойрогт бусдаас нь илүү мөнгө төсөвлөгдсөн бол ирэх жил нэр дэвшихгүй нь тодорхой улстөрчдийн цөөн хэдэн тойрог айлын шоовдор хүүхэд мэт төсвийн гадна шахуу үлдэв. Улсын хэмжээнд харсан бодлого, аймгуудын онцлогт тохирсон-шийдэл энэ тэр мөн л тойргийн гадна хоцров. Хэзээнээсээ тийм байсан, МАН-ын засаг барьсан сүүлийн дөрвөн жилд ч өнгө нь өөрчлөгдсөнгүй. Товчхондоо 2020 оны төсөв ямар байх нь МАН-д хамаагүй гээд хэлчихлээ, эрх баригчид. Эрх нь дуусаад явж байгаа учраас улсынхаа ирэх жилийн төсөвт хэт хүнийрхүү хандсаныг УИХ-ын хоёр өдрийн өмнө баталсан 2020 оны төсвөөс харчихаж болно.

Тодруулж хэлэхэд алдагдал нь хэдэн зуун тэрбумаар биш, хэдэн их наядаар хэмжигдсэн төсөв батлагдаад байна. Төсвийн зардлыг нь задлаад харахаар ичмээр хөгийн зураг харагдана. Манай сонин өмнө нь гүйцэтгэх засаглалын тэргүүний тойрогт төсвийн хөрөнгө оруулалтын дөрөвний нэг шахуу нь явчихаж байна гэж шүүмжилж бичсэн удаатай. Тойргийн хуваарилалтаас халиад харахаар сум бүрд соёлын төв барина, нэг сумынх нь улаан булан тэрбум төгрөгөөр хэмжигдэнэ гэсэн бодит кейс бий. Улаан булан, улсын театр шинэчилнэ гэсэн тодотгол дор 700 тэрбум төгрөг зарцуулна гэдэг шуудхан хэлэхэд ядарсан эдийн засагтай жижигхэн Монголд хэтэрхий том тансаглал. Сайнаар хэлбэл тансаглал, саараар хэлбэл тэнэглэл л дээ. Улаан булан, Драмын театрын хэдэн барилга ирэх жилдээ баригдаад дуусдаг бол хамаа алга. Ядаж л театр нь хэдэн жуулчин татаж, аялал жуулчлалын салбарт орж ирэх долларын хэмжээ бага ч гэсэн хувиар өсөх байх. Харамсалтай нь ирэх жилийн төсөвт мөнгө нь туссан соёл урлаг чигийн барилгууд 2020 ондоо ашиглалтад орохгүй. Дутуу хугас барьсан болоод зардал нь дараа жилдээ шилжинэ. Шуудхан хэлэхэд 2021 оны төсөвт нэрмээс болж, төвөг удна. Улаан булан, театрын шинэхэн барилга эдийн засагт таван төгрөгийн нэмэргүй гэсэн хатуу үнэн бий. Ийм дэмий барилга үйлдвэрлэхийн оронд үйлдвэрлэл барьсан бол хамаа алга. Үйлдвэр баривал ажлын байр бий болно, татварын орлого өснө, хувийн хэвшил хүчирхэгжинэ, эдийн засаг тэлнэ гэсэн давуу тал бий. Улаан булан, театрын барилга ашиг олохгүйгээс гадна илүү зардал нэмнэ. Жилдээ цагаан сар, шинэ жилээр л иргэд нь цуглаж дуу хуур болох сумын шинэхэн клубт гэхэд адаглаад манаач авах хэрэг гарна. Халаалтын мөнгөний зардал үүснэ. Товчхондоо тэрбум төгрөг зарлагадаж босгосон сумын улаан булан дэмий зардал үйлдвэрлэсэн объект болж хувирна. Эдийн засагт нэмэр болохоосоо нэрмээс болно гэсэн үг. Ямартаа ч ирэх жилийн төсөвт соёлын төв барина гэж нэр заагдсан сумдад 2020 оны гуравдугаар сараас барилгын ажил эхлэх байх. Сонгуулиас хэдхэн сарын өмнө болох учраас сумын соёлын төвийн барилгын ажил сүртэй нээлттэй эхлэх нь ойлгомжтой.

Цаг хугацааг цаашлуулаад харъя. Сумандаа улаан булангийн тэрбум төгрөг тусгуулсан гишүүн ирэх сонгуульд өрсөлдөөд ялагдлаа гэж бодъё. Ирэх хавраас бүтээн байгуулалт нь эхэлсэн улаан булангийн барилгын ажил долдугаар сард нам зогсох нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гэдэг шиг тодорхой үнэн. Ялагдсан намын аль нэг гишүүний санаачилсан ажил явж өгдөггүй нийтлэг зовлон бий. Өнгөрсөн жилүүдийн түүхийг сөхвөл ийм жишээ өчнөөнөөрөө гараад ирнэ. Товчхондоо сүртэй нээлттэй эхэлсэн соёлын төвийн барилга үхмэл хөрөнгө болоод дуусна. Өөдрөгөөр харах гээд үзье. МАН ирэх сонгуульд яллаа гэж бодъё. Хатуухан хэлэхэд МАН ялаад бүтээн байгуулалт үргэлжлэхгүй. Эдийн засгийн бодит байдлыг эрүүлээр хардаг хэн ч ингэж хэлнэ. Төсөв хэцүүхэн байгаа учраас тодотгол хийхээс аргагүй гээд сумын төвийн улаан булангуудын ажлыг царцааж орхино. Тэгээд дөрвөн жилийн дараа засгийн эрхээс буухаасаа өмнө мөнгө төсөвлөж барилгын ажлыг нь дуусгах байх. Мэргэн түргэндээ ингэж бичээд байгаа юм биш л дээ. Өнгөрсөн хорь, гучин жил бид яг ийм замаар явсаар өнөөдөртэй золгосон.

Ирэх жил эдийн засаг хэцүүхэн байна гэсэн таамаг яагаад гараад буйг хар үгээр, ганцхан жишээгээр тайлбарлая. Доллар олдог цөөхөн бүтээгдэхүүний маань дийлэнх зэс, нүүрсэн дээр төвлөрдөг. Ирэх онд нүүрсний үнэ уруудах таамаг голлож байгаа. Зэсийн хувьд ханш нь өндөр байх таамаг давамгайлж буй ч Оюу толгой дээрээ улстөржиж, гүний уурхайн бүтээн байгуулалтыг уях эрсдэл хэвээрээ байгааг мартаж болохгүй. Сонгууль дөхсөн ийм үед улстөрчдөөс ямар ч авир гарч мэднэ. Уул уурхайтай байлдсан гишүүд эх орончийн дүрээр харагдаж, олонхид таалагдах магадлал өндөр байгаа нь булзах аргагүй үнэн. Өмнөх сонгуулиудаар ийм дүр эсгэсэн нөхөд санал аваад парламентад ороод ирсэн учраас шаргал ордонд суугаа хэд Оюу толгой дээр ямар ч жүжиг тавьж мэдэх эрсдэлтэй. Хэрвээ Оюу толгойн эсрэг попролт хүчээ авбал зэсээс ахиу доллар олно гэсэн төлөвлөгөө нурж мэднэ. Зэсийн экспорт төлөвлөснөөрөө үргэлжиллээ гэхэд өнөөхөндөө гадаадын хөрөнгө оруулалтын ганц урсгал шахуу болчихсон яваа Оюу толгойн бүтээн байгуулалт зогсвол гаднаас доллар орж ирэхээ болих өндөр эрсдэл бий.

Одоо гол өнцөг рүүгээ оръё. Ирэх онд эдийн засаг эмзэг байх магадлал өндөр гэж болгоомжлоод яваа шалтгаан нь зэс, нүүрс, Оюу толгой биш. Монголын аж ахуйн нэгжүүдтэй хамаатай нэг том асуудал байна. Өнгөрсөн жил зээл 26 хувиар өссөн. Харин энэ жилийн эцэст гурав, дөрөвхөн хувийн өсөлттэй гарах магадлал өндөр гэж эдийн засагчид онцлоод эхэлчихсэн. Өнгөрсөн есөн сарын байдлаар есөн хувийн өсөлттэй байсан зээл оны сүүлээр өмнө хэлсэнчлэн гурван хувь руу уруудах нь тодорхой болчихож. Түрүү жилийн сүүлийн улиралд цалин, хэрэглээний зээл их хэмжээгээр гарч байсныг өнгөрсөн оны статистикаас харчихаж болно. Харин энэ жилийн хувьд ийм төрлийн зээл гарахгүй. Эдийн засагчид зээлийн өсөлтийг гурван хувь руу уруудуулж таамаглаад байгаагийн цаад шалтгаан нь энэ. Зээл хумигдах тусам компаниудын үйл ажиллагаа хумигдаж ашиг нь багасна, компаниудын орлого багасах хэрээр төсөвт төлөх татварын хэмжээ буурна. Төсөвт төлөх татварын хэмжээ багасахаар өмнө онцолсон улаан булангуудын барилгын ажил царцах магадлал өндөрсөөд ирнэ.

За тэгээд худалдааны дайн, Брексит, Ойрхи дорнодын асуудал гээд дэлхий тайван биш гэсэн том өнцөг бий. 2008 оных шиг, магадгүй тэр үеийнхээс ч айхавтар хямрал ирэх жил тохиож магадгүй гэсэн таамгийг цэнхэр гаригийн шинжээчид ам уралдуулан хэлж суугаа. Гадна талд ийм том асуудлууд байна. Дотоод байдал ч аятай биш байгааг өмнө дурдсан. Муу дээр муу, муухай дээр улцан гэгчээр саарал жагсаалт гэсэн том зовлон бас бий. Ийм нөхцөлд төсвийг хэдэн их наядын алдагдалтай баталчихаж байгаа парламент, Засгийн газар, эрх баригчдыг буцах бэртэй жишихээс өөр арга алга. МАН-ын хувьд сүүлийн үед өрнөж буй үйл явдлыг анзаарах нь ээ ирэх сонгуулиар ялагдах магадлал өндөр харагдаж байгаа. Нэгэнт ялагдах юм чинь яасан ч яах вэ гэсэн хандлагаа сая төсвийн хуулиар баталчихлаа. Эрх баригчид улсынхаа эдийн засгийг бодсон бол өнөө жилийн төсөв арай өөр өнгө зурагтайгаар батлагдах байсан юм. Наад зах нь л бид 2021 оноос бондын том төлбөрүүдээ төлж эхэлнэ.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Төрийн шагналт, Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Н.Нацагням, Төрийн гэсгээлт хоёрын балайрал эрх баригчид ард түмнийг дорд үздэгийн илрэл боллоо

Эрүүг нь хугалаад, хавиргыг нь цөмлөөд хаях тухай нэг бичлэг нийгэмд цацагдлаа. Ярьж байгаа хүмүүс нь үзсэн харсан царайнууд л байна. Нэгийг нь ядарч яваа эр хүн хэмээн хүнлэг үзлээр, нөгөөг нь Монголын гайгүй технократуудын нэг болох залуу гэсэн бодлоор тусалж дэмжиж, бичиж явлаа. Жинхэнэ нэрүүд нь Хонхэрэйд Энхбат, Төрийн шагналт Н.Нацагням. Харин бичлэг цацагдсанаас хойш нийгэмд хүмүүсийн нэрлэж байгаагаар бол Төрийн гэсгээлт, Төрийн шагналт хоёр гэжээ.

Энэ хоёр Гэсгээлт, Шагналт хоёр одоо яах гээд байгаа юм, ард түмнийг айлгах гээд байгаа юм уу. Ард түмнийг дорд үзээд байгаа юм уу. Эсвэл өөрсдийнхөө нэр хүндийг өснө гээд байгаа юм уу. Ойлгож байгаа хүн байхгүй шиг байна.

Төрийн соёрхолт, Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Н.Нацагням гараа зангидаж, газар шааж байгаад “Сүүлийн 30 жил уул уурхайн эсрэг Ерөнхий сайд Хүрэлсүх шиг тэмцсэн хүн байхгүй. Хүрэлсүхийг маань огцруулна гэсэн 15 гишүүн байна. Тэд хэрвээ Хүрэлсүхийг унагаавал тэр 15 гишүүний эрүүг нь хуга цохиж, хавиргыг нь хадна, хугална. Манай Даяар монголчууд үүнийг чадна. Төрийн ордны хамгаалалтынхан дотор манай Даяар Монголын хүмүүс байгаа шүү. Ийм байдалд биднийг битгий хүргээрэй” хэмээн заналхийллээ. Өөдөөс нь харж суусан төрийн гэсгээлт нь толгой дохин дэмжлээ.

Бодит байдал дээрээ энэхүү Төрийн гэсгээлт, Төрийн шагналт хоёрын үйлдэл нь үнэндээ тэр хоёрын үйлдэл биш байна аа. Эрх баригчид өөрсдөө хийсэн бичлэг байна. Уул уурхайтай холбоотой УИХ-ын 15 гишүүн У.Хүрэлсүхийг огцруулах гэнэ гэдгийг Монголд энэ хоёроос өөр хэн ч мэдээгүй. Сэтгүүлчид бүгдээрээ анх удаа сонслоо. Гэтэл энэ хоёр мэдчихсэн, ийм бичлэг хийгээд цацаж байдаг. Ийм юмнуудыг ашиглаж, ийм мэдэгдэл гэнэт хийлгүүлэх нь эрх баригчдын хийдэг үйлдэл. Үнэхээр л уул уурхайтай холбогддог 15 гишүүн Ерөнхий сайдаа огцруулахаар нууцаар хор найруулж байгаа юм бол Хү-к, Женко хоёр л мэддэг нууц мэдээлэл шүү дээ.

Ер нь иймэрхүү бичлэг хийж сошиалд тараагаад, босно тэмцэнэ, ална тална… гэдэг үгийг уриа лоозон болгон, амны уншлага болтол сошиалаар цацан, TV-ээр нэвтрүүлэх болж дээ. Үүнийгээ болж байна, үр дүнгээ өгч байна гэж үзэж байгаа хэсэг байгаа бол ард түмнээ басамжилж байгаа нь тэр. Гэтэл нийгмийн ухаалаг, боловсролтой, ажил хэрэгч хэсгийнхэн үүнийг чинь тоохгүй, ойшоохгүй байна. Сошиалд байдаг цөөн хэдэн орк л сүйд болж байгаа харагдах юм. “Та нар мундаг байна, алж өгч байна” гээд л…. Өнөөдүүл нь нээрэн ч бид алж өгч байгаа юм байна гэж дүрдээ ороод “Сошиалынхныг босгоод, алаад өгнө” гэж итгэдэг бололтой. Үүнийгээ бүр их юманд бодохыг нь яана. Үнэндээ саяны төрийн шагналтын гараа зангидаж ирээд хавиргыг нь хадаж, эрүүг нь хугална гэсэн хийрхэл, өмнөөс нь хараад толгой дохин дэмжих гэсгээлт хоёрыг хэн ч тоогоогүй. Эрх баригчдын ээлжит жүжиглэлт, энэ муу хоёр амьтныг элэг доог болгож байгаа юм байна гээд.

Одоо эрх баригчид энэ нэг танил арга барилаа, ард түмнээ доёолдог муу технологиудаа өөрчилмөөр юм. Ядаж дүрүүдээ өөрчил. Жинхэнэдээ та нарын нөлөөлөх гээд байгаа хэсэг чинь сонгуульд ч саналаа өгдөггүй юм шүү дээ. Хамгийн амиа бодож, хувиа хичээсэн, царай төрхөө ч хүний өмнө ил гаргаж чаддаггүй, нийгмийн амьдралд ил оролцох боломжгүй, наад зах нь хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй, өрөвдөм хэсгийнхэн байдаг юм. Дутуугаа нөхөх гэсэн өрөвдөм хэсгийнхэнд л наад сошиал сүлжээ чинь хань болж, түүгээр багтраагаа гаргах, илүү яваа нэгнээ доромжлох, атаархал, хорсол, заналхийллээ тайлж нийгэм рүү гаргаж суух ганц талбар нь болчихоод байгаа юм. Нийгэмд хамгийн нөлөөгүй, чадалгүй, чадваргүй өрөвдөм хэсгийнхэн. Гэтэл улс төрчид, эрх баригчид нийгмийн ийм масс-д анхаарал их тавьж, тэдний үгээр ажил хийх гээд, тэдний дэмжлэгийг авах гээд сүүлийн жилүүдэд зүтгэх болсон нь өнөөдрийн Монголын эмгэнэл юм.

Сүүлийн хэдэн сар л сошиалаар Үндэсний фронтын сүрт жагсаал хэмээн нүдсэн. Хүн цуглаагүйг сая монголчууд харлаа. Сошиалын хэдэн оркийн нүдэж байснаар бол төв талбайд багтахааргүй л байсан. Сошиалд итгэж, төр эргүүлээд хаячих юм сэтгэж, бодож, үйлдэл хийж байсан генерал нь сая гэнэтхэн фронтоосоо гарч байгаагаа мэдэгдлээ. Сошиал худлаа юм байна, төрийн шагналт, төрийн гэсгээлтүүд бүтэхгүй юм байна гэдгийг ухаараад тэмцлээ орхиж байгаа юм уу, бүү мэд. Сошиалийн мэдэгдэл болохоор итгэхгүй байгаагаа сошиалд байдаг оркууд нь өөрсдөө бичээд байгааг нь харахаар бас л инээд хүрээстэй. Сонин дээр гарсан мэдээлэлд л итгэдэг, итгэл үнэмшилтэй болдог тийм цаг үе рүүгээ энэ нийгэм явж байна шүү дээ. Үндэсний фронтод нэгдэгсэд нь сошиалд “Маргаашийн сонин харъя даа, генералтай холбогдож чадахгүй байна” гээд бичсэн байна лээ. Монголын нийгмийн амьдрал нэг иймэрхүү худал хуурмагийн орчин болчихоод байна даа. Өдөр тутмын хэдэн сониныхоо мэдээллээс бусдад итгэхээ байчихсан.

Саяын жагсаалд ард иргэд яагаад ирээгүй, сошиалд байдаг хэдэн хүний хийрхэлд хууртагдсанаа мэдэж байгаа хүн байна уу. Монголчууд маань амьдрахын төлөө үзэж тарж байна шүү дээ. Төр засаг нь л дампуу байгаагаас биш ард түмэн чинь амьдралаа босгохын төлөө өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байна. Өнгөрсөн 30 жил хувийн аж ахуй эрхэлсэн хүмүүст жагсаалд ирэх зав юу гэж байх юм бэ. Амьдралынхаа төлөө, аж ахуйнхаа төлөө л явна биз дээ. Цаг хугацаатай уралдана биз дээ. Жагсаал зохион байгуулж тодорсоор байгаад Их хуралд сонгогдчихно, дарга болчихно гэсэн хэдэн хүний зорилгыг биелүүлэх гэж тэд ирэх юм уу. Та нарыг дарга болгохын төлөө ард түмэн хоёр хуваагдаад хоорондоо тэмцэлдэнэ гэдэг өдий байх аа.

Ялангуяа Төрийн шагналт, Төрийн гэсгээлтүүдийг өөд өөдөөс нь харуулж суулгачихаад “Эрүүг нь хуга шаана, хавригыг нь цөм өшиглөнө” гэсэн тэнэглэл яриулж, бичлэг хийж цацаад ард түмнийг босгочихно, ард түмнийг хуваагаад тэмцэлд босгоно гэж байгаа бол үлгэр. Эрх баригчид ингэж сэрүүн зүүдлэхээ болих хэрэгтэй. Төр засгийн ажлыг хуулийн дагуу, ном дүрмээр нь явуулж болдоггүй юм уу. Иймэрхүү галзуу хүний өдрийн тэмдэглэлээр жүжиг тавьж байгаа юм шиг үйлдэл хийж солиорохоо болимоор юм. Үүгээрээ ард түмний тархийг угаагаад байна гэж бодож байгаа бол мөн өдий байна даа.

Монголчууд бүх л цаг үедээ сайн, муу төртэй явж ирсэн. Уруудаж доройтсон үе ч бий. Сэрж мандсан цаг хугацаа ч бий. Монголын ард түмэн ганцхан хууртаж яваагүйдээ л тэсч үлдсэн, сөрж гарч ирсэн үндэстэн. Ард түмнээ битгий басамжилаарай, эрх баригчид аа.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Дархлагдсан “дээрэмчин” хүрэн баавгайн “дошин” дээрээс сурвалжиллаа

Сэлэнгэ аймгийн хойд сумдын хөвч тайгаас баавгай бууж олон хүн амьтныг айлгаж, ичээж, заримынх нь амь насыг бүрэлгэж байна гэх мэдээллийн дагуу газар дээрээс нь сурвалжлахаар болов. Энэ сарын 11-ний өглөө эртлэн нийслэлээс Сэлэнгэ аймгийн Ерөө сум руу хөдөлсөн юм. Дарханы бирж дээр очиход баавгайд гэр орноо сүйтгүүлсэн гэх 70 орчим насны эртэй тааралдлаа.Түүнийг Батчулуун гэдэг. Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн малчин ард юм байна. Царай нь цонхийчихсон гар хөл нь чичирч, байсхийгээд л тамхи баагиулж харагдана. Тэднийх хүрэн баавгайн дайралтад өртөж, гэрийнхээ хана туургаа эвдүүлжээ. Тодруулбал, энэ сарын 10-ны шөнө Батчулуун хөгшинтэйгөө гэрийн хажуугийн амбаартаа хонож байж. Амбаарын цонхыг махлаг том хар амьтан самардахад л сэрсэн байгаа юм. Цаг шөнө дунд буюу 23:30 цаг болж байж. Цонхоор сэм хартал сүрлэг том хүрэн баавгай гэр орныг нь түйвээж, ганц алгадалтаар л ханыг нь тээр хол чулуудаж, 40-н бедонтой айргийг нь ам руугаа цутган, нүд нь улаанаараа эргэлдчихсэн эвдэн сүйтгэж байж. Батчулуунд баавгайн энэ танхайрлыг амьсгаа түгжин харахаас өөр хийж чадах зүйл байсангүй. Удалгүй хоёр бамбарууш нь ирж, ааруул, ээзгийтэй савыг өвөр дээрээ тавиад зөгийн бал самардаж байгаа юм шиг ховдоглож гарчээ. Баавгайн гэр бүлээрээ нийлж танхайрсан энэхүү дээрэм шөнийн 03:00 цаг хүртэл үргэлжилсэн байна. Хохирогч маань гэрийн хана худалдаж авахаар Дархан хотод орж ирээд явж байгаа нь энэ аж. Тэрбээр, “Баавгай хөвчөөс буусан гэж сонссон. Гэхдээ арай ч ингэж нүүр тулна гэж санасангүй” хэмээн толгой сэгсрэн халаглаж байлаа. Баавгай Сэлэнгийн Хүдэр, Ерөө сумд гэлтгүй Дарханы сумд руу ч дайран түрэмгийлж байгаа бололтой. Нэгэнт хөвчид нь самар ургахгүй байгаа бол тал руу дайръя гэж бууж ирээд хаа сайгүй тэнүүчлэн яваа аж. Ер нь баавгай цагаан газар гарч ирээд эхэндээ айж балмагдан жигтэйхэн их давхидаг билээ. Тэгэхээр Сэлэнгэ, Дарханы аль ч суманд гарч ирээд хүн амьтан айлгаж, алж талахыг үгүйсгэх аргагүй. Нэг ойгоос нөгөө ой руу гүйгээд орчихдог шигээ л санана шүү дээ.


Сумын захиргаанаас малчдыг нүүлгэн шилжүүлэх үеэр

ЕРӨӨ СУМАНД СҮҮЛИЙН ГУРВАНЖИЛ САМАР УРГААГҮЙ

Аравдугаар сарын 11. -Үдээс хойшхон хүлгийн жолоо залж дуулиан шуугианы эзэн дархлагдсан хөвчийн хүрэн “дээрэмчин”-ий дош руу зүглэлээ. Нутгийн жолоочийн эхнэр бололтой махлаг хүүхэн замын уртад элдвийн зүйлс хөөрөлдөнө “Ерөөд амьдрахад бэрх болжээ. Лам нар ирээд юу хийчихээд явчихав. Тэд нарыг ирснээс хойш хачин жигтэй зүйл их болох боллоо. Байшин шатаасан хэрэг, хүчингийн хэрэг” гээд л. Эгчийн элдэв яриаг сонсох зуур Ерөө сумын төвийн бараа харагдав. Ингээд Ерөө суманд нар баруун тийш хэвийж, Буургачин уулын шилээр орохтой зэрэгцэн очлоо. Сумын төвийн байшингууд ихэнх нь дүнзэн юм. Мод ихтэй газар арга ч үгүй биз. Ерөө сумын газар нутгийн 70 гаруй хувийг ой хөвч уулс эзэлдэг. Май Сантын өндөр уул, Майн их зоо нуруу, Байшинтын өндөр уул, Хотхоон уул, Сарьдаг өндөр уул, Цамхгийн нуруу, Хавчуугийн нуруу, Эрхийн чулууны өндөр уул, Хийдгээний өндөр уул зэрэг 2000 гаруй метр өндөр уулстай. Хачирхалтай нь Ерөө сумын төвд мод байтугай бут ч харагдсангүй. Сумын Соёлын төв, Цагдаагийн байр, Контор гээд бүх юм нь нэг дороо байрлана. Дунд нь цэлгэр том цементэн талбай харагдлаа. Нийслэлээр бол Сүхбаатарын талбай бололтой. Өнөөдөр энэ суманд Сэлэнгийн эмэгтэйчүүд, “Өөдлөн дэвжих цаг” чуулган болж байгаа гэнэ. Өнгө өнгийн, гоёмсог дээлээр гоёсон хүүхнүүд энд тэндгүй л харагдлаа. Сумын байгаль орчны улсын байцаагч бүсгүйтэй уулзав. Түүний алдрыг Х.Алтантас гэдэг юм байна. Түүнтэй уулзахад “Өдөр бүр л малчин өрхүүдээс баавгай орон гэрийг нь түйвээсэн гэх дуудлага ирж байна. Малчдын хот руу ихэвчлэн дайрч байна. Өнөөдрийн байдлаар манай суманд хорь гаруй малчин айлын гэр, хашааг сүйтгэж, малыг нь идсэн хэрэг бүртгэгдсэн. Бид алслагдсан малчдыг тэр дор төв рүү татаж, бөөгнүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Ер нь баавгай малчдын тогоо руу өнгийж байгаа нь өлссөний л шинж” гэсэн юм. Сэлэнгэ аймагт өдгөө онцгой байдал зарлаад буй юм. Үүсээд байгаа нөхцөл байдлаас болж сумын зүгээс байнгын эргүүл гаргаж, сумын хэсгийн төлөөлөгч, багийн Засаг дарга, байгаль хамгаалагчид малчдыг өдөр бүр эргэж тойрч байгаа аж. Түүнчлэн намаржаандаа буусан малчид нэгнээсээ нэлээд хол хотолдог учраас тэднийг бүгдийг нь бөөнд нь хотлуулж, зарим айлыг нь хүчээр төв рүүгээ татаж байгаа юм. Утасны сүлжээгүй газар хотолдог зарим малчид энэ талаар ямар ч мэдээлэлгүй, төвд юу болоод байгааг мэдэхгүй байгаа нь ажлыг улам хүндрүүлж байгаа аж. Малчид баавгайг үргээхдээ утаа май тавих, хурц тод гэрэл тусгах, дуу чимээ гаргах, хий буудах зэрэг арга хэмжээ авч байна. Юун түрүүнд хамгийн гол аюул нь хөвч, тайгаас их хэмжээний баавгай орж ирсэн. Тоог нь нарийн гаргах боломжгүйд байгаа юм. Ерөө сумын төвөөс 200 орчим км зайтай, Бугант тосгоноос цааш Дархан цаазат нутагт самар ургадаг. Тэр бол хөвчийн хүрэн баавгайн нутаг юм. Тэндээс л энэ араатан ирж, ард иргэдийг түгшүүрт автуулж буй. Өдгөө сумын захиргаанд мэдэгдсэн баавгайн дээрмийн хорь гаруй тохиолдол байгаа боловч тэдэнд мэдэгдээгүй хэд байгааг тааварлашгүй. Баавгай уг нь ян сарьдгуудын гүнд балар тайгад шивээлэн амьдардаг амьтан. Ил гарч хүн малд харагдах нь бараг үгүй. Аймшигт махчин араатан. Тийм атлаа дан махаар хооллодоггүй, заавал самар, жимс ургамлын гаралтай хоол тэжээл хольж иддэг. Гэвч Ерөө суманд сүүлийн гурван жил самар ургаагүй, самар бэлтгэл явагдаагүй. Сүүлд 2016 онд самар бэлтгэл явагдсан. Тэрнээс хойш самрын нөөц тогтооход үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахад хангалтгүй байна гэж үзжээ. Тиймээс самар түүлгээгүй. Тэр бүү хэл жимс ч ургаагүй юм. Тиймээс хүрэн баавгай цагаан идээ, айрагний исгэлэн, хурц үнэрээр малчны хот руу халдаж буй нь энэ юм. Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд гэхэд нэг айлын 10 гаруй мал руу энэ араатан дайрчээ. Ганц хонь л идсэн. Бусдыг нь сэглэж алсан аймшигт аллага үйлдсэн байна. Тэр сэгийг нь малчид ойн гүн рүү аваачин хаяж, өнөөх чинь иднэ биз гээд үлдээсэн байна. Өнөөдрийн байдлаар Ерөө сум таван малын хоргодолтой байна.

ХҮРЭН БААВГАЙГ АГНАЖ, ХӨНӨӨСӨН ТОХИОЛДОЛД 15 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЖ, ТАВАН ЖИЛЭЭР ХОРЬДОГ

Аравдугаар сарын 12. -Малчдыг нүүлгэхээр хөдөө захиргааныхан явах гэж байна гэдгийг сонсоод төв талбай руу Хоёрдугаар багийн Засаг дарга Л.Болормаатай уулзлаа. Тэрбээр, хэдэн малчин бусдаасаа зайтай хотлоод байгаа юм. Тэднийг төв рүү татахыг нь татаад, нүүлгэхийг нь нүүлгэхээр явах гэж байна гэлээ. Би ч цуг явъя гээд машинд нь суулаа. Эхлээд хуучин Ерөө сумын төв байсан Карников тосгон руу явахаар болов. Төвөөс 10 км зайтай гэнэ. Бидэнтэй хамт Сумын хэсгийн төлөөлөгч Л.Мөнхзул, Байгаль хамгаалагч Б.Ууганцэцэг нар явсан юм. Сул элс, хад асга ихтэй даваа өөд Ланд-80 маркийн машиныг зүтгүүлсээр Ерөө голын эрэг дагуу хотлон суурьших хот айлд хүрлээ.

“Баавгайн мөр гарчээ, Болд гуай танай хүйтний голын нутгаар” гэж байгаль хамгаалагч бүсгүй Б.Ууганцэцэг тавь гаруй насны хүдэр биетэй, буурал сахалтай эрд учирлангуй хэлэв. Болд хариуд нь “Зүгээр ээ, хадлан бэлдээд явж байхад л намайг алсаас ширтээд байдаг байсан юм. Гэм хоргүй амьтан байгаа юм. Санаа зоволтгүй” гэлээ. Гэтэл багийн Засаг дарга Л.Болормаа хоолойгоо өндөрсгөн “Хамгийн түрүүнд хүний амь нас яригдах ноцтой хэрэг гэдгийг та нэг л ойлгохгүй байх шиг байна. Өнөөдөр биш юм аа гэхэд маргааш тань руу дайрахаар савраа хурцлаад байж байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Энэ араатан биднээс нэг алхмын урд яваад байгааг мэдэж байгаа болохоор хэлж байна. Голын цаад талын Очир гуайн гэрийг сүйтгэж таван ханатай гэрийг нь нурааж, танхайрсан хэрэг өглөөхөн гарчихаад байна” гэхэд Болд “Би төв рүү нүүлээ гэхэд малаа яах вэ. Энэ бол компанийн мал. Манай захирал зөвшөөрөхгүй байх даа” гээд буруу харан гаансаа нэрэв. Багийн Засаг дарга бүсгүй толгойгоо сэгсрэн “Хамгийн түрүүнд хүмүүсийн аюулгүй байдал шүү дээ. Мал гэдэг үхэх нь үхэж, үржих нь үрждэг. Өнөөдөр гэхэд эндээс нүүгээрэй” гэчихээд таван ханатай гэрийн хаалгыг хүчтэй түлхээд гарлаа. Бид цааш хөдөлж голын эргийн хажуугийн дэнжид орох замд пронтер машинтай таарав. Л.Болормаа машинаас толгойгоо цухуйлган “Баярсайхан захирал аа, Болд гуайнхыг яаралтай сумын төв рүү нүүлгэн шилжүүл. Тэгэхгүй бол хэцүүдлээ” гэхэд нөгөөх эр “Харин би яг гэрийг нь ачих гээд явж байлаа” гэсэн юм. Энэ хүн Болд гуайн захирал бололтой. Бид цааш явах үеэр хүрэн баавгай голын цаана газар шиншлэн явж харагдав. Голын цаана байна гэхэд очих гэсээр байтал зугтчихан шүү дээ гэв. Учир нь Ерөө голыг гаталж, цаад эрэг дээр нь очих ганцхан гүүр бий. Хүрэн баавгай Ерөө голыг сэлээд л туулчих учраас сумын захиргааныханд баригдана гэдэг лөөлөө аж. Ер нь барилаа гэхэд яах ч билээ. Дархан цаазат хөвчийн хүрэн баавгайг агнаж, хөнөөсөн тохиолдолд 15 сая төгрөгийн торгуультай, үүгээр зогсохгүй таван жилийн хорих ялаар шийтгүүлдэг билээ. Тиймээс энэ этгээд халдаж болохгүй дархан эрхтэйгээр айл, хотлыг ийнхүү үймүүлж байгаа нь энэ болой.


БААВГАЙ ГЭРИЙН ХАНЫГ ЦООЛОХ ҮЕЭР МАШИНТАЙ ЗУГТЖЭЭ

Бид гүүрээр гарч давчуу уулын амаар бүдэг бадаг гарсан зам руу яваад орчихов. Ус шалбааг ихтэй ч унаж яваа машин бартаат замд “танк” л гэсэн үг. Гол гатлан сарьдаг өндөр уулын тохой руу эргээд орлоо. Үзэмж төгс сайхан байгальтай нутаг. Хөвч тайгат энэ газар бол Дэнжийн гацал. Энд нохойн хошуу тариа шиг л ургажээ. Харин чацаргана энэ жил ургаагүй аж. Сүрлэг том моднуудын мөчир машин шавхуурдаж, тунгалаг горхийг мостоороо хүчлээд тууллаа. Энэхүү өндөрлөг газарт, уулсын дунд том дүнзэн байшин сүндэрлэн харагдлаа. Энэ сайхан байгальд суга таягтай эр ганцаар амьдардаг гэнэ. Түүнчлэн дүнзэн байшингийн хажууд нь таван ханатай гэр үзэгдэнэ. Тайгад суурьшдаг ах хүүтэй бууж мэнд мэдэлцлээ. Ах хүүг Пүрэв гэдэг. Тэрбээр, тамхиа баагиулангаа энд ямар ч асуудалгүй гээд алсад харагдах уулсын орой ширтэн зогсонгоо “Тэндээс манай хүү Амар ирж байна” гэлээ. Сүрлэг том нарс модонд адуугаа уячихаад хүдэр залуу бидэн рүү түргэн түргэн алхалж яваа харагдав. Залууг ирэхэд багийн Засаг дарга “Амраа чи баавгайтай таарсан юм уу, танай эхнэр өчигдөр болсон эмэгтэйчүүдийн чуулган дээр чамайг баавгайтай таараад малаа хаяж зугтаад аавындаа хоносон гэх юм” гэхэд Амар “Тийм зүйл болоогүй шүү дээ” гэв. Байгаль хамгаалагч Амарт өчигдөр шөнө болсон хэргүүдийг мэдээлж, айлын гэрүүдийг сүйтгэсэн хэдэн зураг үзүүлэнгээ “Чи гэрээ нааш нь аавынх руугаа татах уу, хөхөө өвлийн хүйтэнд гэрээ сүйтгүүлчихвэл ямар хэрэг байх вэ дээ, тиймээ” гэхэд, залуу тэр ч тийм л дээ хэмээв. Байгаль хамгаалагч бүсгүй үргэлжлүүлэн “Орчин үеийн баавгай чинь их ухаантай болчихож, эзэнтэй эзэнгүйг нь мэдээд байх шиг байна. Ихэвчлэн эзэнгүй гэрийг сүйтгэж, тонож байна” гэхэд Амар “Ер нь эзэнтэй байсан ч хамаагүй байх. Нэг алдаад буудчихвал дуусаа шүү дээ. Амин газар нь буудчихсан байсан ч км орчим гүйдэг гэж байгаа. Баавгай гэдэг тийм ч амар амьтан биш байх аа. Тулсан газар баавгайд шууд л идүүлнэ шүү дээ” гэж хошуу нэмэрлэв. Үргэлжлүүлэн тэрээр “Аавын гэр рүү өчигдөр шөнө дайрсан шүү дээ. Энэ хараач” гээд таван ханатай гэрийнх нь ханыг үзүүлэв. Метр орчмын диаметртэй цоолсон харагдав. Байгаль хамгаалагч “Харин яг ингэж цоолж ороод байгаа юм. Пүрэв гуай, та тэгээд гайгүй юу” гэхэд Суга таягтай эр “Өчигдөр орой гэнэт л гэрийн ханыг маажаад эхэлсэн. Би Амар руу шууд залгаад тэгээд машинтай ирж, намайг гэрээс авсан шүү дээ” гэхэд багийн Засаг дарга “Яагаад бидэнд мэдэгдээгүй юм бэ” гэлээ. Пүрэв дуугүй газар ширтэв. Амар “Намайг ирэхэд аавын гэрийн ханыг цөмлөөд баавгайны толгой ороод ирчихсэн байсан. Гацчихсан юм шиг байна лээ. Хорийн бедонтой айраг аваад явсан байна лээ. Жалганаас савыг нь олсон” гэлээ. Үйл явдлын дараа аав, хүү хоёр олон хүнтэй айлд хоноглочихоод өглөө ирсэн нь энэ аж. Тэдэнд зарим нэг анхааруулгыг өгчихөөд бид цааш хөдлөв.

ХҮРЭН БААВГАЙ ЧИХЭРТЭЙ ААРУУЛ, АЙРАГТ ДУРТАЙ

Нар нэлээд хэвийжээ. Бид буцах замдаа Хүзүүвчийн өвөр гэх гол дагуух нутгаар дайрав. Хүрэн баавгайн халдлагад өртсөн айлд очлоо. Гэрээ ачаалах гээд бэлдэж байв. Баавгай гэрийн ханыг нь мөн л цөмөлж, цоолон орж, гэмт хэрэг үйлдсэн гэнэ. Хажуу талд нь орших илүү гэрийг нь хүйс тэмтэрч, бүтэн гэрийн модгүй шахам болгож, хугалсан харагдана. Эднийх өчигдөр сумын төв дээр хоноглочихоод өглөө ирэхэд хот нь ийм нөхцөл байдалтай угтсан байна. Мал нь бэлчээртээ гарчихсан байсан учраас ийнхүү илүү гэрийг нь юу ч үгүй сөнөөсөн бололтой. Бүдүүн хушийг ганц алгадаад унагаачихдаг хөвчийн баавгайд гэр нураах нь тийм ч зовлонтой ажил биш шүү дээ. Эднийх анх удаагаа гэрээ сүйтгүүлж байгаа хэрэг биш гэнэ. Өмнө нь гэхэд илүү гэрт нь байсан 40-ийн бедонтой таргийг газар нэг ч дусаалгүй авч гараад гэрийнх нь хаяанд гударчихсан сууж байжээ. Тэгэхээр нь энэ хотнынхон баавгай идэг гээд төмс, хүнсний ногоог хэдэн ааруултай жалганд тавьчихаж, гэтэл ер идээгүй гэнэ. Заавал айлын гэрийн хана туургыг нь эвдэж ороод, тонож идээд байж л дээ. Бэлдэж өгсөн идэшнээс нь зөвхөн чихэртэй ааруулыг нь л идсэн аж. Чихэртэй ааруулд нугасгүй дуртай амьтан юм гээд л нутгийнхан хөхрөлдөцгөөв. Ер нь халдлагад өртсөн айлуудын айраг, чихэртэй ааруулыг нь ихэвчлэн иддэг аж. Айргаа ааруулаар даруулаад идчихсэн сууж байсан гэж зарим иргэд хуучлав. Хэргийн газрыг ажиглавал баавгай чихэргүй ааруулыг нь ялгаж хаяж, төмс, хүнсний ногоог дэвсэж бяцалдаг байна. Ногоонд дургүй аргагүй монгол баавгай аж. Тансаг хэрэглээтэй гэж жигтэйхэн. Нэг айлын илүү гэрт ороод өөхөн тос идэхгүй, өөхийг нь идчихээд гараад явжээ. Түүнчлэн гэмт этгээд бусармаг хэргээ ихэвчлэн үүр хаяарах цагаар эсвэл шөнө дунд, үдшийн бүрийгээр үйлддэг гэдгийг нутгийнхан мэдээлж байв.

АЙЛЫН ЭЗЭГТЭЙ ШҮҮРЭЭР БААВГАЙГ ХӨӨВ

Бүрий болохын алдад бид сүүлийн айлдаа ирлээ. Эднийд хэд хоногийн өмнө мөн л баавгай халдсан аж. Гэрийн эзнийг нь Мандахбаяр гэдэг юм байна. Бидэн рүү инээвхийлээд “Та хэд дээшээ суу. Цай, цүй уу. Та нарыг ирэх болоогүй юм байхдаа гэж бодлоо шүү дээ. Эхнэр сайхан цуйван сэгсрээдэх” гэв. Бид “Өө хэрэггүй дээ” гэтэл “Материал нь бэлэн байгаа” гэж гэрийн эзэгтэй учирлав. Мандахбаяр “Энэ баавгай гэдэг их хэцүү амьтан юм аа. Хэдэн мал руу маань ороод бусниулж өгч байна. Өчигдөр нэг ямаа сугавчлаад гарсан. Хэзээ дахиж ирж татвараа авах юм байгаа юм. Мал руу дайрч байхад бид зугтаж амжлаа. Ер нь тэгээд мал байхгүй бол бидэн рүү дайрахаар байна шүү” хэмээв. Эднийх баавгайг үргээх арга хэрэгсэл сайтай юм байна. Гэрээ тойруулж, ёолкны өнгө өнгийн гэрлээр бүржээ. Мөн калибр буу орны толгойнд нь харагдана. Тэрээр бидэнрүү харж мушилзан “Баавгай ирэхээр хурц гэрэл тавьж байна. Тогоо шанагаа дуугаргаж, үргээж байна. Хааяа хажуу амбаар руу ороод айраг, чихэртэй ааруул идчихээд байх юм. Энэ хавийн айлууд бараг тавилгагүй боллоо. Гэргүй боллоо. Энэ дархан цаазтай дээрэмчнийг чинь ичээндээ ортол ийм байдалтай байх хэрэг үү” хэмээгээд цайгаа оочив. Хонины хашаанд биерхүү хар зүйл үзэгдэх шиг боллоо гээд жолооч залуу орж ирэв. Гэрийн эзэгтэй шүүр барьж аваад “Хонины хашаанд давс тавьчихсан. Тэрний үнэрээр үхэр ороод ирж л дээ” гээд гүйж гараад хөжхөж гэж орилонгоо хонины хашаа дээгүүр нэг харайгаад цаана нь гарчихав. Тэгээд нөгөө бүдүүн хар юмаа цохитол хашаанаас гараад гүйчих шиг боллоо. Сар үүлний цаагуур орсон учраас нэлээд бүрэнхий орой байсан юм. Гэтэл нөгөөх үхэр чинь хоёр хөл дээрээ босч зогсоод сарвуугаараа сугаа маажих шиг болов. Хүүш баавгай юм биш үү, гэтэл нөгөөх амьтан сугандаа хонины бөгсөн биеийг сугавчилчихсан цааш хэд харайгаад модны цаагуур гүйгээд ороод явчихлаа.

Хүрэн баавгай цөхөрч, ядарч, бүр цагаандаа гарчээ. Айлын эзгүй гэр хадланчдын майхан ухаж, идэж уучихмаар юм байвал цөлмөж, ард иргэдийг түгшүүрт автуулж байна. Адуу мал руу ч халдав. Айлын ноход ч баавгайнаас үнхэлцгээ хагартал эмээх болж. Ганц алгадаад л унагаачихдаг шиг байгаа юм. Уулнаас баавгайг бууж ирсэн хэрэг Ерөө суманд анх удаа болж байгаа юм биш. 2009 онд Ерөө сумын төвд нэгэн баавгай зочилжээ. Хүн амьтан айлган элдвийн юм түйвээлгүй тааваараа сэлгүүцэн байсан гэнэ. Байгаль хамгаалагчид түүнийг машинаар хөөж, ууланд гаргасан бөгөөд замдаа амьсгаадан үе үе хэвтэн амарч явсан хэрэг гарч байжээ.

Үргэлжлэл бий

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Ч.Эрдэнэдалай: 9911 дугаарын зах зээлийн үнэлгээ нь хагас тэрбум хүрчихсэн

“Алтан бумба” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэдалайтай ярилцлаа.


-Анх яагаад 9911 дугаараар бизнес эрхэлье гэж шийдсэн бэ?

-Лондонд магистр хамгаалж ирчихээд эхэндээ өөр чиглэлээр ажиллая гэж төсөл бичээд хэд хэдэн банкинд хандсан ч бүтэлгүйтсэн. Санхүүгийн чигийн дажгүй санаа байсан л даа. Банкууд сайн хүлээж авсан ч ажил болж чадаагүй. олон улсын хэмжээнд санхүүгийн үйл ажиллагаа хийх төсөл байсан л даа. Хагас жил хөөцөлдсөний эцэст санаанаасаа буцаж Монголдоо бизнес хийхээр шийдсэн. “начин заан”-ы алтны зээлийг шилжүүлж болох юм байна гэж сэтгээд загвар гаргаж нэг банкинд хандсан ч “Банк ломбард биш” гээд татгалзсан хариу өгсөн. Тэгээд л өөрөө бие дааж бизнес эхлэхээр шулуудсан юм. Анх фэйсбүүк дээр зар тавьж эхлэл хөрөнгөө сарын хоёр хувиар босгосон. “начин заан”-ы зээл тэр үед таван хувь байсан санагдаж байна. Ингээд “Начин заан”-ы зээлийг 3.5 хувиар шилжүүлж эхэллээ. Тухайн үед ломбардтай нэг залуутай хамтарсан л даа. ломбардад нь зээлийг нь шилжүүлсэн алтаа хадгалуулаад. Тэр залуутайгаа одоо ч цугтаа бизнес эрхэлдэг. Бэлэн мөнгөө халааслаад таксинд сууж “начин заан”-ы салбаруудаар явдаг байлаа шүү дээ (инээв). Тэгж яваад 9911-ийн бизнес рүү орсон. Урт цагаанд барьцаат зээлийн компани олон байдгийг та мэдэх байх. Тэнд байдаг “Сайн” ломбард тухайн үед 9911 дугаарыг барьцаалж сарын зургаан хувийн хүүтэй зургаан сая хүртэлх төгрөгийн зээл гаргадаг байсан юм. Миний яриад байгаа үе 2017 оны дөрөвдүгээр сар. Өнөө залуутайгаа ярьж байгаад 9911 дугаар барьцаалсан зээлийг найман саяар гаргах шийдэлд хүрсэн. Бодит ханш нь 12 сая юм чинь болно гээд зүтгэсэн. нуугаад яахав, эхэндээ эргэлзэж байсан шүү.

-9911 дугаар хамгийн дээд талдаа хэр ханштай байгаа бол?

-Алтан дугаар нь 200 сая төгрөгийн ханштай байна.

-Алтан дугаартай 9911-тнүүд дугаараа 200 сая төгрөгөөр барьцаанд тавьж зээл авдаг гэсэн үг үү?

-Тийм.

-Тэгвэл зах зээлийн үнэлгээ нь хэд вэ?

-Зах зээлийн үнэлгээ нь өндөр. Дунджаар 500 сая төгрөг.

-Хагас тэрбум гэж үү?

-Тийм. Энэ үнэлгээнээс ч ахина. Монголд хамгийн түрүүнд тэрбум төгрөгийн үнэлгээнд хүрэх үнэ цэнэтэй зүйл.

-Яг хэзээ тэрбумаар үнэлэгдэнэ гэж…?

-Монголчууд мөнгөтэй болох тусам. 9911 бол мөнгөний илрэл. Өөрөө ч мөнгө. Зах зээлд, нийгэмд байгаа мөнгөний илрэл гэж ойлгож болно.

-Жишээ нь та одоо барьдаг 9911-тэй дугаараа анх хэзээ, хэдээр авч байв, одоо хэчнээн төгрөгийн ханштай байгаа вэ?

-Энэ дугаарыг би ноднин наадмаар 24 саяар авсан. Жил хагасын дараа 50-60 сая төгрөг болж ханш нь өсчихөөд байна.

-Танд барьцаанд авсан болон зарах гэж байгаа 9911-тэй дугаар хэчнээн байна?

-Барьцаанд гэхэд л 100 гаруй дугаар байгаа.

-Дугаар барьцаалсан зээлээ хамгийн дээд тал нь хэдээр гаргаж байв, ер нь доод талдаа хэд орчим төгрөгийн зээл авах боломж 9911 дугаарын эздэд байдаг юм бол?

– Хамгийн өндөр зээл гэвэл 200 саяар гаргаж байсан. Доод тал нь 30 сая.

-Хүү нь?

-Эх үүсвэр ихтэй үед 3.5 хувь.

-9911 дугаараа барьцаалсан хүмүүсээс зээлээ төлөхгүйгээр дугаараа хаях тохиолдол байдаг уу?

-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ойролцоогоор 300-400 дугаар барьцаанд ирсэн. Энэ хооронд зээлээ төлөлгүйгээр орхисон дөрвөн дугаар л бий. Дугаараа бариад зээл аваад явдаг болохоор хаях, орхих тохиолдол бараг л байхгүй дээ.

-Банк бус санхүүгийн байгууллага зээл гаргахдаа өчнөөн шалгуур тавьдаг. Танай компанийн хувьд дугаар нь үнэ цэнэ гээд шалгуур багатай байдаг уу?

-Зөвхөн барьцаа үндэслэсэн зээл бол санхүүд хоцрогдсон асуудал. Шийдвэр гаргах дөрвөн хүчин зүйлийн зөвхөн нэг нь. Зөвхөн барьцаанд суурилж бизнес явуулна гэж байхгүй. Онцолж хэлэхэд манай компани шуурхай зээлийн зах зээлд ажилладаг. Бизнес маш хурдан явагддаг. Тэр эрчээс нь хоцрохгүй ажиллах ёстой. Цаг тулгуу мөнгө хэрэг болсон хүмүүс л манайд ханддаг учраас шуурхай үйлчилдэг.

-9911-тэй дугаар барьцаалагчид ихэвчлэн бизнес эрхлэгчид байх уу?

-Тийм. Бизнес эрхлэгчид, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчид түлхүү ханддаг. Сүүлийн үед дунд бизнес эрхлэгчид нэлээд хандаж байна.

-Том бизнесийнхэн хандаж байна уу?

-Хэнд ч мөнгөний хэрэгцээ гарна. Тэр утгаараа хааяа хандана.

-Ер нь 9911-ийн зах зээл хэчнээн тэрбумд эргэлдэж байгаа бол?

-Биднийг бизнесээ эхлэх үед буюу хоёр жилийн өмнө 120 тэрбумын зах зээл байсан. Өнөөдрийн байдлаар хамгийн багадаа 400 тэрбумын зах зээл болчихсон. 9911 дугаар ердөө 10 мянга бий. Манай дээр 100 дугаар бий гээд бодохоор бид энэ зах зээлийн ердөө нэг хувийг эзэлдэг гэсэн үг. Манайхаас гадна өчнөөн банк бус, ломбард ийм үйлчилгээ үзүүлдэг. Энэ зах зээлд манлайлдаг том компаниудын хувьд нэгд нь гэхэд 500-600 дугаар байгаа байх. “Тэди” дээр бидний тооцоолж байгаагаар өдөрт хамгийн багадаа 10 дугаар шилжиж байгаа. Үндсэндээ 400 саяын арилжаа өдөр тутам явагддаг. Нэг бол барьцаалж зээл авна, эсвэл зарна гэх мэтээр. Энэ зах зээл өөрөө л бий болсон.

-Нууц биш бол бизнесээ хэдэн төгрөгөөр эхэлж байв. Одоо хэчнээн төгрөгийн ашиг хийгээд байна вэ?

-Анх 50 саяар эхлүүлсэн. Хоёр жил хагасын хугацаанд цэвэр ашиг гэвэл 800 сая төгрөгт хүрээд байна.

-Нийт эргэлдэж байгаа мөнгөний хэмжээ гэвэл…?

-Нийт эргэлдэж байгаа зээлийн багц ойролцоогоор долоон тэрбум орчим байна. 80 хувийг нь та бид хоёрын ярьж суугаа дугаарын бизнес эзэлж байна.

-Дугаарын бизнес чинь цаашдаа хэр тэлэх бол. Тэд орчим тэрбумын ашигтай ажиллана гэх мэт зорилго төлөвлөгөө бий байх?

-Мөнгө тоо гэхээс илүү нэг зүйлийг онцолж хэлмээр байна. 9911 дугаарын зах зээлийг харахад дугаар хувьчлагдахад бэлэн болжээ гэсэн дүгнэлт хиймээр санагддаг. Учир нь иргэд дугаарын төлөө мөнгөө төлчихсөн байна шүү дээ. Би гэхэд л 24 сая төгрөгөөр дугаараа худалдаж авсан. Гэтэл “Мобиком” сарын хураамжаа төлөхгүй бол зургаан сарын дараа дугаар хурааж авна гэсэн зарчмаар ажилладаг. Шударга бус хандлага, зарчим гэж харж байна. Бид дугаар хувьчлахыг хүлээхгүйгээр бас нэг ажил эхлэх гэж байгаа. Компанийнхаа нэр дээрх дугааруудыг тусад нь гэрээ байгуулж блокчейний АТМ дээр байршуулж болох юм байна гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, дахин давтагдашгүй хөрөнгүүдийг дижитал хэлбэрт оруулаад блокчэйн дээр байршуулдаг. Нэг ёсондоо токэн буюу цахим зоос болгочихож байгаа юм. Өнөөдөр ч гэсэн 9911 дугаар цахим зоос хэлбэрээр явж байгаа.

-Гэрээ байгуулж байршуулна гэдгээ арай тодруулж тайлбарлаач?

-Энгийн жишээгээр тайлбарлая. Интернэт орчин дахь хамгийн алдартай ухаалаг гэрээ гээд ярихад cryptokitties байна. Хоёр дахь томоохон интернэт гүйлгээ бол ether-delta буюу цахим зоосон гүйлгээ юм.

-Крипто муурнууд гэхээр…?

-Ethereum блокчейн орчинд тоглогдож байгаа цахим тоглоом юм. Өөрөөр хэлбэл, ямар нэг төвд борлуулагдахгүй, тэр орчин дахь муурнууд хэрэглэгчийн хувийн өмч болно. Неонэт тоглоомын үед бүх зүйл үндсэн мэдээллийн санд хадгалагддаг учраас хариуцсан компани нь татан буугдахад тоглоом дахь бүх амьтан мэдээллийн сантай хамт устан үгүй болно. Харин крипто муурнууд ethereum блокчейн орчинд үүрд байх гэдэг утгаараа үнэ цэнэтэй. Хамгийн сүүлийн үеийн криптовалютын загвар, тун удахгүй технологийн салбарын томоохон шинэчлэл болно гэж байгаа. Ингээд ч зогсохгүй cryptokitties-ийг ethereum-тай нэгдэж галзуу хурдаар үнэлгээ нь өсч яваа анхны программ, биткойны дараах хоёр дахь том валютын үйл ажиллагаа гэцгээж байна. Хүмүүс энэ тоглоомонд маш их хэмжээний мөнгө зарцуулж яваа. Өнгөц харахад бодит бус үнэ цэнэгүй зүйлийг их мөнгө зарж авч байгаа мэт боловч цаашдаа үнэ цэнэ нь улам өсч, хэрэглэж болохуйц хөрөнгө болж хувирна.

-Өнгөц төсөөлөхөд өчнөөн долларын үнэлгээтэй баахан дижитал муурнууд байх нь ээ дээ. Нэг муурны үнэлгээ тэгээд хэд байх вэ?

-Хэдэн сая муур бий. Ийм тийм өнгөтэй, нүд нь цэнхэр, ногоон гээд өөр өөрийн онцлогтой дижитал муурнууд гэж ойлгож болно. Шинж чанарууд нь давхцахгүй, үржүүлж болно. Худалдаж авсан муураа арилжаалж болно. Тусгай ховор муур нь сая долларын үнэтэй. 9911 дугаар яг тэрэнтэй ижил үнэ цэнэтэй. Дугаар бүр давтагдашгүй. Өөрөөр хэлбэл манай компани 9911-ийг хамгийн анх “токин”-жуулах гэж байна. Бүр тодруулж хэлбэл блокчейний АТМ дээр байршиж чөлөөтэй хөрвөж эхэлнэ гэсэн үг. Блокчейн рүү орчихвол ямар дугаарыг хэн эзэмшиж байгаа нь харагдахгүй ч хэчнээн төгрөгийн арилжаа яаж явагдаж буй нь ил болно. Гэхдээ Монголд шинэчлэл хийх амаргүй. Санаж бодсон ажил маань 10 хувьтай л явж байгаа. Харин чат нээх ажил дөхөж байгаа.

-Ямар чат?

-9911-тэй дугаартай 10 мянган хүнд зориулагдсан чат хийнэ. Зөвхөн тэд хоорондоо харилцана гэсэн үг.

-Viber шиг гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно.

-Блокчейн хадгаламж нээнэ гэсэн байсан. Эхлүүлчихсэн үү?

-Туршилтын шатандаа яваа.

-9911 түрээсэлнэ гэсэн зар харагдах юм. Ийм зах зээл хөгжчихсөн үү?

-Дөнгөж хөгжиж байгаа.

-Ямар шалтгаанаар ийм дугаар түрээсэлдэг юм бол?

-Ажил бизнестэй хамаатайгаар түрээсэлдэг гэж анзаарагддаг. Жишээ нь борлуулалтын чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс түрээсэлдэг. Ер нь ямар ч шалтгаан байж болно л доо.

-Түрээсийн сарын төлбөр хэд байх вэ?

-Дунджаар сая орчим төгрөг байх.

-Түрээсийн гэрээ байгуулаад авах уу?

-Түрээсийн гэрээ байгуулаад авна. Энэ төрлийн үйлчилгээг дугаараа хадгалчихсан хэрнээ зарах сонирхолгүй хүмүүс түлхүү сонирхдог. Ийм хүмүүс голчлон дугаараа түрээсэлдэг.

-Танай компани ганцхан 9911 дугаар дээр ажилладаг уу, эсвэл 9909, 9910 гэх мэт дараа төлбөрт дугаарууд руу бас орсон уу?

-Ер нь бол харилцдаг бүх дугаарууд руу орсон.

-Ханшаараа 9911-ийн дараа жагсах дугаар гэвэл ямар дугаарууд байна?

-Эрэмбээр нь жагсаавал 9911-ийн дараа 8811 орно. За тэгээд 9909, 9999 гээд жагсана даа.

-Эрэлт өндөртэй, ханш ихтэй дугаар барихыг сонирхсон хүн байлаа гэхэд хэдэн хувийн урьдчилгаатайгаар худалдаж авах боломжтой вэ?

-Дунджаар 20 хувийн урьдчилгаатайгаар худалдаж авах боломжтой.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Дөрвийн дөрвөн хүн үрэгдчихээд байхад дөмбийгөөд суудаг хэвлэл мэдээлэл гэж хаана ч байхгүй

Сайжруулсан түлшний угаарт хордсон хэд хэдэн дуудлага энэ сарын 04-ний орой Хордлогын төвд ирж, 16 иргэн эмнэлгийн тусламж авсан ч харамсалтай нь дөрвөн иргэн амиа алдлаа. Үүгээр зогсолгүй өчигдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд оршин суудаг нэг өрхийн гурван хүн угаарын хийнд бас дахин хордож 28 настай, эмэгтэй Ц нас барсан байна. Цааш ч үргэлжлэх бололтой. Угаарт хордсон иргэдийн тоо өнөөдрийн байдлаар 70 хол гарчээ. Ер нь бол есдүгээр сард л сайжруулсан түлшинд угаартсан мэдээлэл дуулдаж эхэлсэн юм. Арай амь насаа алдсандаа хүрээгүй байсан. Ийм аюул нүүрлэхийг урьдчилж мэдсэн эрх баригчид, хотын удирдлагууд нүхээ ухаж, “Сайжруулсан түлшний талаар муугаар бичвэл тагнуул, цагдаагаар шалгуулна” хэмээн давилуунтаж байсан юм байна. Ямар муухай зөнтэй дарга нар вэ. Хүүхдүүд угаартаж нас барахыг мэдээд хүчнийхнээр сүрдүүлж байдаг.

Нийгэм ийм аюултай байдалд хүрч, дөрвийн дөрвөн хүний эрдэнэт амь үрэгдчихээд байхад дөмбийгөөд суудаг хэвлэл мэдээлэл гэж хаана ч байхгүй. Дуугарч л таарна. Угаарын асуудал босонгуут л эрх баригчид хэвлэл мэдээллийн удирдлагууд руу есөн шидийн сувгаар ярьж, учир нь олдтол мэдээлэхгүй байхыг хүсч байна. Тэгдэггүй юм, дарга нар аа. Энэ бол үнэхээр үндэсний хэмжээний эмгэнэл. Үүнд хэвлэл мэдээллийнхэн ухаалаг хандах хэрэгтэй. Алдаа нь яг хаанаа байна. Үнэндээ хаа хаанаа асуудал бий. Ямар ч байсан хүмүүс нас барсан нь факт мөн. Угаартаж нас барсан хүний тоо нэмэгдэх шинжтэй болсон нь бүр аюултай баримт. Үүний эсрэг төр засаг юу хийх ёстой, юу хийж байна. Асуудлын гол нь үүндээ байна. “Бид шалгалаа, сайжруулсан түлшинд асуудал алга, 30 мянган өрх түлсний нэг хувьд л ийм асуудал үүслээ, тийм болохоор хориглохгүй…” гэхчлэн эрх баригчид яриад мэтгээд байгаа нь үнэндээ тэнэглэл мөн. Гэхдээ эдгээр тэнэгүүдийн дотроос нэг ухаалаг нь гарч ирээд асуудлыг шийдэх байх гэж найдаж байна.

Хүний амь наснаас илүү үнэтэй юм гэж хаана ч байхгүй. Амиа алдсан иргэддээ эмгэнэж байна. Бидний амьдралаас хол байгаа аюул биш шүү дээ. Бидний яг дэргэд байгаа аюул. Орон сууцанд байдаг биднээс хол гэсэн өчүүхэн санаагаа ингэж ил харуулж болохгүй, дарга нар аа. Далд бүр ч харуулж болохгүй.

Монголд болж буй хэрэг явдалтай зэрэгцээд Финландын зүүн бүсийн Куопио хотын нэгэн сургуульд хутгаар зэвсэглэсэн этгээд халдаж нэг хүнийг хөнөөж, 10 хүн шархдуулсан хэрэг гарлаа. Тус улсын зүгээс тэр дор нь Онц байдал зарлаж, хэргийн учрыг мухарлахаар улс орон даяараа хөдөлж байна. Манай улстай тун төстэй, 5.4 сая хүнтэй энэ улсад иргэн нь цаг бусаар амиа алдахад ингэж Үндэсний хэмжээний аюулын хэмжээнд авч үзэж байна. Манайд таван ч иргэн маань зуурдаар амь насаа алдчихаад байна. Бидний байгаа царайг хар. Хоёр нялх хүүхэд, ах дүүсээрээ амиа алдчихаад байхад эрх баригчид нь “Бидний бэлдсэн түлшнээс л лав болоогүй байна шүү” гэж хэлчихээд гэртээ очоод хэвтчихэж байгааг. Байшингийн загвар муу хийлээ гэж Монголоор нэг аашилж загнадаг Ерөнхий сайд нь хаана явна. Байшинг чинь нурааж л таараа гээд бахирч байдаг хотын дарга нь гарч ирээд эмгэнэл илэрхийлчихэж чадахгүй л байна. Сайд, дарга бүхэн арьсаа хамгаалсан мэдэгдэл хийж байна. Монголчуудыг айдаст автуулж буй энэ хэрэг явдал дээр чинь л жинхэнэ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь яаралтай хуралдаж, анхаарлаа хандуулдаггүй юм уу.

Сайжруулсан түлш үнэхээр хортой, хоргүйг цаг алдалгүй тогтоох хэрэгтэй байна. Хоргүй юм бол яаж түлэхийг нь бас цаг алдалгүй айл өрх бүрийн хаалгаар орж тайлбарлаж таниулах хэрэгтэй байна. Айл бүрт хүрч утаагүй түлшийг хэрхэн зөв хэрэглэхийг заахгүй өөр ямар ажил тэгээд хийх гэсэн юм бэ, та нар. Өөр хийх ажил та нарт байгаа юм уу. Ард түмэн чинь дэлхийд байхгүй хүйтнийг хэрхэн давах асуудал та нарын хамгийн чухал ажил биш үү. Үүнийг л хийгээдэх гэж ард түмэн та нарыг наад суудал дээр чинь залсан юм байгаа биз дээ. Гэтэл хариуцсан том дарга нь юу гэнэ вэ, “Би айл бүрээр орж сайжруулсан түлш хэрхэн түлэхийг заах юм уу, чадахгүй” гээд сууж байна. Гэр хорооллын 200 мянган өрхийн өөдөөс салаавч өгч буй эрх баригч гэж энэ. Өнөө 200 мянган өрхийн дийлэнх нь тэдэнд саналаа өгсөн нь сонгуулийн статистикаас харагддаг шүү дээ. Нийслэлчүүд бид бүхэн чинь ямар юмнуудаа төрд сонгочихсон юм бэ.

АН-ын зүгээс өчигдөр мэдэгдэл гаргасан. Нийслэлийн удирдлагуудыг авчирч УИХ-д сонсгол хийлгэе гэж. Энэ нь хамгийн зөв. Улсын эрхийг барих хамгийн дээд байгууллага УИХ дээр энэхүү эмгэнэлт асуудлыг ярилцаж шийд. Тэгэхгүй бол тэр доод шатны дарга нар чинь “Айл бүрээр орж гал түлэхийг заах юм уу” гээд суугаад байна. Ард түмний шууд сонгон байгуулсан төр бол УИХ. Та нар доогуур байгаа дарга нараа томилсон. Тэдэнтэйгээ хариуцлага тооц. Төрийн бүх шатны байгууллагыг, бүтцийг ажилд нь оруулж, гэр хороолол, түлшний үйлдвэр, цэгүүдэд жижүүрлүүл. Дүүрэг, хороо, гудамж, талбай, айл өрх бүрт тэднийг очуул. Хамт хоно, гал түлүүл, гэр хорооллоос ажилд нь явуул. Муулаад байдаг соц нийгмийн үед ажил нь унаад байгаа аймгуудад Төв хорооноос В.Бүнчин гэж даргыг нэр цохон томилж ажиллуулдаг байсан бодит түүх бий. В.Бүнчин дарга ажил нь унасан газар бүрт цэргүүдээ дагуулж очин тодорхой хугацаанд амьдардаг байсан гэдэг. Малчныд хонож, галчтай нь хамт уурын зууханд ажиллаж, жолоочтой нь хамт бүхээгт нь явж, зам тавьж байгаа газарт өглөө үүрээр ажилчных нь хувцас өмсчихсөн зогсож байдаг байсан гэдэг. Яг л ийм амьдралын гүнд, хэрэгтэй газарт нь, хэрэгтэй цагт нь, асуудлыг нь шийдэж, ажлыг нь хийлгээд зогсож байдаг удирдлага өнөөдрийн төр засагт нэг ч алга. Ялангуяа аж ахуйн ажил дийлэнх нь байдаг нийслэлд цагаан цамц, зангиатай, гял цял болсон баахан дарга нар, ард нь амьдрал нь нурсан 200 мянган өрх. Ийм байхад элэнцгийн чинь эх орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт вэ… Та нарыг сонгосон ард түмэн цаана чинь үхэж байна. Та нар сайн ажилласан бол иргэд ингэж олноороо үхэхгүй байсан. Үхэл хагацал хэдүй болтол үргэлжлэхийг өнөөдөр хэн ч мэдэхгүй болчихоод байгаад л аюул оршин байна шүү.

Уг нь бол утаагүй түлш нь ахиц дэвшил хэмээн бид өөдрөг сайнаар бичсээр байгаа. Гэвч харамсалтай нь сайжруулсан түлшний эргэн тойронд хэрэг явдал өрнөөд байна. Үүнд хэвлэл мэдээллийнхэн маш сонор соргог байх ёстой. Бодит үнэнийг мэдээлэх ёстой. Үнэнийг мэдээлэхэд хамгийн их түлхэц өгөх нь төр засгийн шат шатны байгууллагууд юм. Төрөөс л хэвлэл мэдээллийнхныг бодитой мэдээллээр, цаг алдалгүй хангаад өгвөл бид хамтраад үнэнийг нийгэмд ойлгуулж чадна. Гэтэл төрийн зүгээс зуларч, нууцалж, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, зөвхөн арьсаа хамгаалсан мэдээлэл хийгээд байвал сайжруулсан түлш нэг мөсөн сөнөнө. Хүн үхлээ, сонгууль дөхлөө гээд зогсох л юм бол дахиад Улаанбаатарыг утаанаас салгах тухай хэн ч зориглохгүй. Эрсдэл ирлээ. Эрсдэлийг ухаалгаар зохицуулахын оронд дээрх хоёр шалтгаанаар унтарвал өнөөдрийнхөөс ч тэнэг хэрэг болно. Яг нарийндаа бол угаартахаа хүрвэл аргалын утаанд ч угаартана. Түүн шиг түлшийг буруу хэрэглэвэл олон хүн үхэх бололтой. Мэргэжлийн болоод, мэргэжлийн бус хүмүүс сайжруулсан түлшний талаар мэргэжлийн үг хэллэгээр зөв буруу ойлголтыг нийгэмд өгсөөр байна. Миний ойлгосноор иргэд маань шаталт муутай нүүрсэнд хэрэглэдэг хуучин аргаа шаталт өндөртэй шинэ түлшинд хэрэглэж эхэлсэн нь алдаа болох шиг боллоо. Өнөөдрийн эрх баригчид энэхүү шинэ түвшний түлшийг хэрэглэх зааварчилгааг иргэдэд үнэхээр сайн зааж сурталчилсан бол ийм хэрэг гарахгүй байсан. Өнгөрсөн хавраас эхлээд бараг бүтэн жил шахуу зөвхөн энэ талын зааварчилгааг ард түмэнд заах байлаа. Даанч тэгсэнгүй дээ. Эцэст нь өнөөдөр ямар байдалд хүрэв!!!

Тэгэхээр нийслэлчүүдийн хувьд утаагүй түлшинд угаартаж үхэх үү. Эсвэл түлэхгүйгээр хөлдөж үхэх үү гэсэн прадокстой тулгарч байгаа бололтой …


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Шахмал түлшинд угаартаж гэр бүлийн гишүүдээ алдсан айлуудыг сурвалжиллаа

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Шахмал түлш хэрэглэж байгаад угаартаж эрүүл мэнд, амь насаараа хохирсон иргэдийн тоо өссөөр байна. Өмнө нь дөрвөн хүн угаартаж хордсоны улмаас нас барсан тухай мэдээлсэн. Тэгвэл өчигдөр 28 настай эмэгтэй дээрх шалтгааны улмаас нас барсан байж болзошгүй байна. Бид Баянзүрх дүүргийн 23 хорооны Баатархайрханы… тоотод оршин суух ам бүлийг зорьсон юм. Тус гэр бүлийн нэг том хүн, гурван хүүхэд шахмал түлш хэрэглэж байгаад угаартаж, ухаан алдаж унасан байна. Улмаар цаг алдалгүй түргэн тусламж дуудаж эмнэлэгт хандсанаар аюулыг зайлуулж чаджээ. Ер нь тус хорооны оршин суугчдын хэлж байгаагаар шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш толгой өвдөх, бие сулрах, нозоорох зэрэг шинж тэмдгүүд илрэх болсон тухай ярьж байна. Мөн өрхийн эмнэлгээр угаартсан гэх иргэд үзүүлж, эмчилгээ, зөвлөгөө авч байгааг холбогдох хүмүүс хэлэв.

Бид тус айлын эздийн нэрийг нууцалж, А хэмээн төлөөлүүллээ. Тэднийх 4*5 орчим болов уу гэмээр харьцаатай байшинд суудаг юм байна. Ханан пийшин байхгүй. Хуучны уламжлалт (дөрвөлжин) зуухтай юм байна. Уг зуухыг олон жил хэрэглэж байгаа. Түүхий нүүрс түлээд угаартаж, утаа май тавилгүй болоод ирсэн хэмээж байв. Ам бүл тав. Гэрийн эзэн өдөрт ажилдаа гарч, эхнэр нь хүүхдүүдээ харж гэртээ үлддэг юм байна. Бага нь ой хүрээгүй нялх юм.

Шахмал түлш түлсэн зуух

Харин хоёр том нь гурав, зургаа насны хүүхдүүд байв. Угаартсан өдөр буюу энэ сарын 6-ны өдрийн 12:00 цагийн орчим гал түлсэн байна. Ингэхдээ цагаан судалтай цэнхэр гялгар уутанд шахмал түлш хийж дээрээс нь мод өрдөж зохих зааврынх нь дагуу галлажээ. Хүүхдүүд ч унтаад эхэлсэн байна. Харин гэрийн эзэгтэйн толгой өвдөөд байсан тул фэйсбүүк үзээд хэвтэж байтал бага нь час час хийн уйлж эхэлжээ. Энэ талаар гэрийн эзэгтэй “Пийшингээ галлачихаад хүүхдүүддээ хоол унд өгсний дараа тэд унтаад өгсөн. Харин миний толгой жаахан өвдөөд байсан. Тэгээд утсаа үзээд хэвтэж байтал бага маань уйлсан. Чихээр нь хатгасан юм болов уу гэж гайхаад шалгатал үгүй байсан. Тэгтэл унтаж байсан хүү уйлагнаад, сүүлдээ уйлаад эхэлсэн. Юу чинь өвдөөд байна гэж асуусан. Эхэндээ угаартсан гэж анзааралгүй яагаад уйлаад байгаа юм гэж жаахан зэмлэсэн. Гэтэл сүүлдээ өөдөөс гөлийгөөд сонин болоод ирсэн. Тэгээд газар унаад өгсөн. Нойрмоглоод унтаад өглөө гэж ойлгосон. Гэтэл миний толгой улам хүчтэй өвдөж, хүчтэй лугшиж хатгах болсон. Өвдөлт нь маш хүчтэй болж эхэлсэн. Тэгэхээр нь болохоо байлаа гээд өндийгөөд бүх цонхоо онгойлгосон чинь агаар олигтой солилцохгүй байсан. Гэрээс яаж гарснаа сайн санахгүй байна. Ямар ч байсан гэрийн үүдээр дөнгөж шагайгаад унасан. Манай хажуу айлын залуус гадаа машинаа янзалж байсан. Би болохоо байлаа шүү, хүүхдүүд хэцүүдлээ, хурдан ороод аваарай гэж орилсон. Ингээд 2-3 залуу орж ирээд хүүхдүүдийг нэг нэгээр нь хувцас, даавуунд ороож аваад гарч байгаа нь харагдсан. Би бүх юмыг мэдэрч байгаа атал толгойгоо өндийлгөж, гар, хөлөө хөдөлгөх чадваргүй байсан. Түргэн дуудаад эхний ээлжинд хүүхдүүдэд сүү уулгасан” хэмээв.

Гэрийн эзэн яарч сандран ирэхэд гэрээс нь газ юм шиг эхүүн, сонин үнэр ханхалж байсан аж. Тэр үнэр одоо ч зарим хувцас хэрэглэлээс үнэртэж байгааг хэлсэн. Үнэхээр ч ахуйн газтай төстэй үнэр байв. Гэрийн эзний тайлбарлаж байгаагаар хэд хоногийн өмнө “Цайз” зах орчмоос нэг шуудай шахмал түлш худалдан авсан байна. Дулаан байсан тул ихэвчлэн мод түлж, шахмал түлшийг бага хэмжээгээр хэрэглэж, тал уут орчим үлдсэн байжээ. Өмнө нь хэрэглэж байхад толгой өвдөх шинж тэмдэг илэрч байсан гэдгийг хэлсэн. Мөн хуйх бамбалзаж, хавагнасан юм шиг зөөлөн болдог байсан аж. Угаартсан өдрийн өмнөх шөнө гэрийн эзэн босч багадаа сүү халааж өгөөд үлдсэн багахан түлшийг түлэх гэж байгаад больж, мод өрдөөд унтсан байна. Хэрэв тэр шөнө шахмал түлш хийгээд унтсан бол юу болох байсныг мэдэхгүй хэмээн толгой сэгсэрч байв. Мөн өдөр ээж нь хүүхдүүдээ унтуулчихаад фэйсбүүк оролгүй, унтаад өгсөн бол ямар гамшиг тарих байсныг тааварлах аргагүй хэмээн санаа зовниж байгаагаа хэлсэн. Одоо бол зөвхөн мод түлж гэрээ дулаацуулж байгаа аж.

Түргэн тусламж ирж хүчилтөрөгч залгаж, тариа хийсэн байна. Улмаар эмнэлэг рүү шилжүүлж, рентген зураг авах зэргээр шаардлагатай шинжилгээ, эмчилгээнүүдийг хийжээ. Осол 15:00 цагийн орчим болсноос хойш дөрөв орчим цагийн дараа мэргэжлийн хяналтын холбогдох хүмүүс ирсэн байна. Энэ үед байшинг салхилуулж агаар сэлгэсэн байсан тул ямар угаарын хий ялгарсныг мэдэх боломжгүй байсан хэмээн гэрийн эзэн ярьсан юм. Тиймээс үлдэгдэл шахмал түлшийг шинжилгээнд хамруулна хэмээн авчээ. Мөн газ алдсан эсэхийг лавласан байна. Энэ үед “Цайз-16” орчим дахин хоёр айлын хүмүүс угаартлаа гэх дуудлага ирснээр гарч одсон байна. Байшиндаа 72 цаг орж болохгүй хэмээн анхааруулсан ч бага насны хүүхдүүдээ дагуулаад айл хэсээд явах боломжгүй, дээрээс нь гэрээ нэвт салхилуулсан тул буцаад оржээ.

Шахмал түлшний нэг аюул нь гэрт угаар дэгдсэн тохиолдолд шууд анзаарагдах боломжгүйг хэлсэн. Түүхий нүүрсний хувьд утаа униар болж, гашуун эхүүн үнэр ханхлах зэргээр нь мэдэж, арга хэмжээ авч болдог аж. Тиймээс угаарын хийг хэмжих бичил, хямд төсөр төхөөрөмж байвал гэртээ өлгөж, аюулыг хянах боломжтой бололтой.

ЭЭЖИЙГЭЭ АЛДСАН ХҮҮГИЙН БИЕ МУУ БАЙНА

Сонгинохайрхан дүүрэгт амьдарч байсан ээж, хүү хоёр энэ сарын 4-ний өдөр угаартаж, эмнэлгийн яаралтай тусламж авсан ч ээж нь харамсалтайгаар амиа алджээ. Хүү 15 настай. Одоо биеийн байдал нь хүнд, шоконд орсон байдалтай байна. Тиймээс хэрэг явдлын талаар тайлбар өгөх боломжгүй байв. Түүнийг ах нь сахиж байсан. Тэрээр ээжийгээ алдсан тул сэтгэл санааны хувьд хүнд, мөн угаартах үед хажууд нь байгаагүй учир болсон явдлыг сайн мэдэхгүй байгаа аж. Ямартаа ч хэрэг явдал өдөр болжээ. Улмаар угаартсан байдалтайгаар 17:00 цагийн орчим харьяа эмнэлэгт хүргэгдэн ирсэн байна. Энд шаардлагатай эмчилгээнүүдийг хийж Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төв рүү шилжүүлжээ. Бид тус төвийн дэд захирал Ц.Алтантуяагаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Хүүгийн биеийн байдал хүнд байна. Гэхдээ анх ирсэнээ бодвол амин үзүүлэлтүүд нь тогтворжсон. Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна” гэв. Түүнчлэн, өнгөрсөн ням гаригт нийслэлээс нийт 30 гаруй хүн угаарын хийнд хордсон гэх шалтгаанаар эмнэлэгт хандсан тухай мэдээлсэн. Тэгвэл Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвд энэ сарын 4-5-нд шилжих шөнө зургаа, 5-нд 13, ням гаригт 26, нийт 45 хүүхэд угаарын хийнд хордсон байж болзошгүй шалтгаанаар хандсан байна. Үүнд 11 сартайгаас эхлээд 15 хүртэлх насны хүүхдүүд байгаа аж. Хүүхдүүд толгой эргэсэн, бөөлжсөн, дотор муухайрсан зэрэг нийтлэг зовиуруудыг хэлжээ. Ц.Алтантуяа захирал “Манайхаар үйлчлүүлж байгаа хүүхдээс ямар ч төлбөр авахгүй. Бүгд улсын төсөв, эрүүл мэндийн даатгалаас санхүүжиж байна” гэсэн.

ГЭР БҮЛЭЭРЭЭ УГААРТАЖ, ХОЁР ХҮҮГЭЭ АЛДЖЭЭ

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд оршин суух гэр бүл угаартсаны улмаас хоёр хүүхэд нь амиа алдсан байна. Үр хүүхдээ алдсан гэр бүлийнхний нөхцөл тун хүнд. Хэвлэлд мэдээлэл өгөхөөс цааргалж байлаа. Эх сурвалжаас авсан мэдээллээр ах нь дүүгээ уйлаад байна хэмээн аав руугаа залгаж хэлсэн бололтой. Тухайн үед эмээ нь хоёр хүүгээ хараад үлдсэн байсан гэнэ. Аав, ээж хоёр нь яаран очиход орон дээрээ ухаангүй хэвтэж байсан гэнэ. Эхнэр нь бага хүүхдээ хараад, нөхөр нь түргэн дуудахаар явжээ. Ингээд 20-30 орчим минутын дараа ирэхэд гурвуулаа ухаан алдчихсан байсан. Нэмээд хүүхдүүдээ хараад үлдсэн ээж нь ухаан алдсан байжээ. Түргэний эмч ирээд эмээ, ээж хоёрыг нь ухаан алдсан байна хэмээн эмнэлэг рүү авч явсан аж. Харин хоёр хүүхдийг амьсгал хураасан байна хэмээн хэлжээ.

Тухайн айл гэр хороололд олон жилийн өмнө суурьшиж, гал түлж ирсэн. Өмнө нь угаартах ямар нэг эрсдэл үүсч байгаагүй аж. Тухайн үед гэрт ороход бага зэрэг эхүүн сонин үнэр ханхалж байжээ. Хамгийн гол нь гэрт ороод 20-30 орчим минут болоод ээж нь ухаан алдсан байдлаас харахад нэлээд хүчтэй угаар үүссэн байсан байх магадлалтай хэмээн ар гэрийнхэн нь хардаж байгаа юм. Тус айл энгийн зуухтай байв.

“АЛЬ НАМЫН ГИШҮҮН БЭ” ХЭМЭЭН АСУУЖЭЭ

Бид сурвалжлага бэлтгэж явах үедээ дүүргийн цагдаагийн хэлтсээр орсон. Энд угаартсан гэх зарим иргэнээс цагдаагийн алба хаагч мэдүүлэг авч байхтай таарсан юм. Мэдүүлэг өгөөд гарч ирсэн зарим иргэнээс тодруулахад анх шуудайтай түлш авахад уутны ам нь задгай байсан эсэх, тухайн үед гэрт байсан хүмүүс архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэх, мөн гэртээ газ хэрэглэсэн эсэх зэрэг олон зүйлийг тодруулсан байна. Хамгийн сонирхолтой нь аль намын хүн болохыг лавласан гэнэ. Энэ талаар иргэд “Одоогийн төрийн хийж хэрэгжүүлж байгаа ажлыг нураах зорилгоор элдэв хуурмаг мэдээлэл тарааж байна гэж хардсаны үндсэн дээр аль нам болохыг асуусан байх магадлалтай” хэмээн хэлж байв. Үүнд бухимдсан зарим иргэн цагдаагийн алба хаагчид “Аль нам байх нь ямар хамаа байна. Би аль ч намын гишүүн биш. Хүний эрүүл мэнд, амь насны асуудал яригдаж байхад энэ мэтээр хий хардаж болно гэж үү” хэмээн бухимдсан гэнэ.


ДАРГА НАР ШАХМАЛ ТҮЛШНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ХЭВИЙН ГАРСАН ГЭВ

Нийслэлийн Онцгой комиссоос сайжруулсан түлшинд шинжилгээ хийсэн талаар өчигдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Нийслэлийн орлогч дарга Ж.Батбаясгалан “Энэ сарын 5-6-нд шилжих шөнө нийслэлийн Онцгой комисс байгуулагдаж, Баянгол, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүргийн 23 цэгээс дээж авч, гурван лабораторид шинжилгээнд хамруулсан. Мөн барьцалдуулагч буюу холбогч бодисыг Гаалийн төв лабораторид шинжлүүлсэн. Ажлын хэсэгт 98 албан хаагч дээж авч, гурван газар шинжлүүлсэн. Өнөөдөр өглөө Нийслэлийн Засаг даргын шуурхай хуралдаж, Нийслэлийн онцгой комиссын шийдвэр, иргэдэд чиглэсэн сэрэмжлүүлгийг хүргэх, зөв мэдээллийг хүргэх, түлш хэрэглэх заавар зэргийг зөвлөх ажил өрнөж байна гэсэн юм. Мөн МХЕГ-ын дэд дарга Н.Даваасүрэн “МХЕГ-аас хордлогод өртсөн айлуудын хэрэглэж байсан түлшинд шинжилгээ хийсэн. Шинжилгээний дүнг үндэслэж, улсын байцаагч нар дүнгээ гаргахаар ажиллаж байна. Геологийн төв лабораторид есөн дээж шинжлүүлсэн. Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт нас барсан болон угаартсан таван иргэн, Баянзүрх дүүргийн нэг, Хан-Уул дүүргээс нэг, Сонгинохайрхан дүүргээс хоёр дээж авч, шинжлүүлсэн. Одоо мөрдөж байгаа стандарттай харьцуулсан. Нэр бүхий есөн айлаас авсан дээжийн чийглэг нь стандартын хэмжээ хангасан. 10 буюу түүнээс доош байх ёстой бөгөөд шинжилгээний хариугаар 3,2-9 байсан. Үнслэг нь есөн дээжээс 29 буюу түүнээс бага байх ёстой бөгөөд 23-24 гэсэн үзүүлэлт байсан бол дэгдэмхий чанар нь стандарт нь 22 буюу түүнээс бага байх ёстой бөгөөд 18,9-20,3 үзүүлэлттэй байсан. Мөн хүхэр нь нэг буюу түүнээс бага ёстой бөгөөд 0,95-1,04 үзүүлэлтэй байсан бөгөөд илчлэг нь 6000 буюу түүнээс дээш гарсан.

Мөн Таван толгой түлшний угаасан нүүрс болон бэлдцэд шинжилгээ хийсэн нь стандартын шаардлага хангасан гэсэн шинжилгээний хариу гарсан. Угаартаж амиа алдсан болон угаартсан айл өрхүүдийн хэрэглэж байсан түлшинд шинжилгээ хийсэн бөгөөд өмнө нь бидний хийж байсан шинжилгээтэй таарч байгаа юм. Түүнээс гадна Гаалийн төв лабораторид хийсэн шинжилгээгээр цардуул болон шаварлаг элс агуулагдаж байна гэсэн дүнг ирүүлсэн. Химийн бодис бус органик цардуул, шаварлаг элс. Энэ гурван хариуг үндэслэж улсын байцаагчийн дүгнэлт гарч, нийслэлийн онцгой комисст хүргүүлнэ” гэсэн байна. Мөн өчигдөр угаартсан гэсэн дуудлага нэмэгдэж ирсэн. Тодруулбал, Хан-Уул дүүргийн X дугаар хорооны нутаг дэвсгэрт нэг өрхийн хоёр хүүхэд угаартсан гэсэн дуудлага ирсний дагуу, хүүхдүүдэд хордлого тайлах эмчилгээ хийгээд гаргасан. Нэг хашаанд нэг цэгээс, нэг ижил түлш авсан хоёр айлын нэг айлынх нь хоёр хүүхэд хордсон байхад нөгөө айлынх нь зүгээр байсан. Харин хүүхэд угаартсан айлаас тодруулга авахад орой унтахдаа түлшээ хийгээд, байшингийн яндангаа хаагаад унтсан гэдэг тайлбар өгсөн. Тэгэхээр түлшнээс бус хэрэглээгээ анхаарахгүй бол ийм байдал цаашид үргэлжилж магадгүй байна” гэсэн байна. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханаас сайжруулсан түлштэй холбогдуулж хариуцлагын асуудлыг хөндөхөд “Шаардлагатай гэвэл буруутай хүмүүст хариуцлагын асуудал яригдаж л таараа. Одоо бол нөхцөл байдал юунаас болов гэдгийг л тодруулах нь нэн түрүүний ажил” хэмээсэн байна.

Г.БАТЗОРИГ

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

​Р.Энхбат: Эрх чөлөө мэдлэг, хөгжил дээр л цэцэглэдэг. Үгээгүй ядуус эрх чөлөөгөөр яах юм

“Адмон” группийн ерөнхий захирал Р.Энхбаттай ярилцлаа.


-“Адмон” групп Монголд хэдийнэ хүлээн зөвшөөрөгдчихсөн. Сая та Герман руу явж “Гёте” медалийн эзэн болоод ирлээ. Монголоос анх удаа Р.Энхбат гэж хүнийг, “Адмон”-ыг дэлхий хараад, үнэлээд эхэллээ гэсэн бодол төрсөн…?

-Би чинь шагнал авч үзээгүй хүн. Шагнал авахаар ямар мэдрэмж төрдөг тухай төсөөлөлгүй нөхөр гэнэтхэн л тийм мэдээ дуулсан. Хагас жилийн өмнө мэдэгддэг юм билээ. Гётегийн төрсөн өдрөөр гардуулдаг юм байна. Тэгээд л сая Герман яваад ирлээ. Герман тийм олон шагналтай улс биш. Хэдхэн шагналаа иргэд нь сайн мэддэг. Өөрийнхөө төлөө зүтгээд явж байтал Германы төр үнэлэхээр хэн ч гайхна л даа. Анх шагнал авах болсон тухайгаа сонсоод гайхсан. Би Германы төлөө яваагүй. Германы төлөө явъя гэсэн зорилго тавиагүй. Германаас яаж юм авах вэ гэж л бодож явсан хүн. Зүүдлээ ч үгүй юм боллоо. Амьдралынхаа төлөө чин сэтгэлээсээ зүтгээд явж байтал ямар ч хамаагүй хүн шагнахаар гайхах мэдрэмж давамгайлдаг юм билээ. “Яагаад шагнаж байгаа юм бол” гэж бодсон шүү. Ер нь маш хүмүүнлэг шагнал юм болов уу гэж харсан.

-Тантай хамт өөр улсын хүмүүс “Гёте” медаль авсан уу?

-Хоёр хүн авсан. Нэг нь Туркээс дүрвэсэн зохиолч. Төр засагтайгаа таарамжгүй, үзэл бодол тохироогүй учраас эх орноосоо гарсан уран бүтээлч. Нөгөөх нь бас уран бүтээлч бүсгүй. Америкт амьдардаг. Ираны эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцдэг юм билээ.

-Хүний эрхийн төлөө тэмцдэг уран бүтээлчид байжээ дээ?

-Хоёулаа л тэр талдаа хүмүүс байсан. Тэгэхээр намайг яамтайгаа тэмцдэг гээд энэ шагналыг өгсөн юм болов (инээв). Одоо эргээд анзаарах нь ээ чин үнэнээр явдаг байдлыг харгалздаг юм болов уу гэсэн бодол төрөөд байгаа.

-Шагнал авахаар тэгээд ямар мэдрэмж төрж байх юм?

-Би өмнө нь хэзээ ч тийм хүндлэл мэдэрч байгаагүй. Эхнэртэй минь хамт урьсан. Энхбат гэж хувь хүн биш, Монголоо төлөөлж очиж байгаа гээд бодохоор сайхан мэдрэмж. Бас хичээхээс аргагүй гэсэн бодол төрдөг юм билээ. Бэлдэж, хичээж байгаад очсон. Бүх арга хэмжээ өндөр түвшинд, хайрласан хүндэлсэн бахархсан уур амьсгалд өрнөдөг нь онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Хамгийн гайхмаар нь надаас илүү баярлах юм. Ямар гоё хандлага вэ. Жинхэнэ кайф гэдэг л тэр байх. Монголдоо ирсэн хойно хүмүүс хэдэн төгрөгийн шагнал авсан гэж асууж байна. Мөнгө дагалддаггүй, мөнгөнөөс үнэ цэнэтэй хүндэтгэл дагадаг сайхан шагнал байсан. Хичнээн ч хэвлэл мэдээлэлд уригдаж ярилцлага өгсөн юм бүү мэд. Ичмээр, хэвлэлийн од болж дууссан.

-Соён гэгээрүүлэх ажилд онцгой үүрэгтэй ажиллаж яваа гэж танд ийм урам өгсөн байх аа. Одоо ярилцлагаа ном гэсэн том сэдэв рүү хандуулъя. Хэвлэлийн газрууд номыг янз бүрээр нь хэвлэж байна. Залуус, тэр дундаа өсвөр насныхан номоо зөв сонгож, номноос авахаа авч чадаж байна уу?

-Ер нь насанд хүрэх асуудал маш чухал болчихож. Насанд хүрэх гэдгийг би зөвхөн биологийн утгаар нь хэлээгүй. Эдийн засаг, оюун ухааны хувьд насанд хүрэх гэсэн том өнцөг бий. Гэтэл оюун санаа, нийгэмшлийн хувьд тавь хүрчихсэн хэрнээ хүүхдээрээ яваа улс олон байна. Нэг гашуун үг байдаг даа, жар хүрч ухаан ороод 61-тэйдээ орчлонгоос буцна гэж. Өөрийн бодолгүйгээр амьдралыг туулж, тэгж оршсоныхоо зовлон, гашууныг амсч, насан эцэслэтлээ горыг нь мэдэрч явсаар сүүлд нэг ухаарч, ухаараад цааш амьдрах гэтэл урагшлах насгүй болохоос илүү том эмгэнэл ертөнцөд байхгүй. Тэгэхээр нийгмээрээ насанд хүрэх гэдэг асуудлыг хөндөж ярихаас аргагүй. Орчлон дээр хэн ч ганцаараа амьдардаггүй. Биенээсээ хамааралтай, салгах аргагүй холбоо харилцаан дунд аж төрдөг. Энэ бүхнийг ухаарч ойлгохоос эхлээд олон асуудал байгаа. Насанд хүрэхийн тулд яах ёстой вэ гэсэн асуулт гарч ирнэ ээ дээ. Хамгийн түрүүнд ярих учиртай зүйл бол ном. Бидний хувьд насанд хүрэхэд нь тус дэм, шат гишгүүр болох номнууд орчуулж хэвлэхийн төлөө ажилладаг. Энэ чиглэлээр олон ном гаргаж байгаа. Жишээ нь, “Лолита”-г шинэ найруулгаар гаргах гэж байна.

-Танайхаас орчуулж хэвлэсэн япон зохиолчийн эмх цэгцийн тухай ном гарсан даруйдаа дуусч дахиж хэвлэгдсэн санагдаж байна. Та бид хоёрын яриад суугаа насанд хүрэхэд маш чухлаар нөлөөлөх агуулгатай ном. Ийм агуулгатай ном эрэлттэй байна гэхээр насанд хүрэх хүсэл нийгэмд төрөөд эхэлчихжээ…?

-Өөдрөгөөр харвал ийм хандлага анзаарагдаж байгаа нь үнэн л дээ. Өөрийгөө дажгүй аваад явахын тулд эмх цэгц хэрэгтэй. Гэр орны эмх цэгцээс гадна толгой тархины эмх цэгц хүртэл чухал болоод байгаа. Хэрэгтэй хэрэггүй юмсаар тархиа дүүргэчихсэн орчин цагийнхны хувьд анхаарч харахаас аргагүй өнцөг. Та түрүүн өсвөр насныхныг онцгойлж асуусан. Тэдний насныханд хайр дурлал, үерхэл нөхөрлөл, найз нөхдийн асуудал чухал байдаг. Тэр чигийн утгыг ухуулсан номнуудыг хэвлэхийн төлөө яваа. Хамгийн гол нь бие даах гэж юу болох, өөрийн гэсэн бодол гэж юуг хэлдэг вэ гэх мэтчилэнгийн амьдралд өөрөө өөрийгөө аваад явах чадварыг өгөх номнууд хэрэгтэй. Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Ерөнхий боловсролын сургууль хүүхдүүдийг амьдралд сургахгүй байна.

-Амьдралд сургахгүй тэгээд юунд сургаж байна гэж?

-Амьдралд сургахаас илүү байгалийн ухаанд сургаж байна. Тоо, физик, химийн хичээлийг чухалчилж байна. Хэл уран зохиол, урлаг, хөдөлмөр, нийгмийн ухаан, түүхийн хичээл үнэлэгдэхгүй байна. Гэтэл яг үнэндээ хамгийн чухал нь эд шүү дээ. Нийгмээ ойлгох хэрэгтэй. Хүний амьдралд нийгмийн ухаан л илүү чухал. Байгалийн ухааны хувьд гээд яривал бүх юм нь шийдэгдсэн, өөрийн мэдэлтэй мэдэлгүй хийгдчихдэг зүйлс. Товчхондоо нийгмийн ухааны ойлголтууд манайд огт цэгцрээгүй. Улс гэж юу болохыг тайлбарлаж чадахгүй УИХ-ын гишүүн байна шүү дээ. Тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс гэдэг ойлголтуудыг уншиж ухаарч авахаар ном бичиг ерөнхий боловсролын сурагчдад алга. Ганц үгээр хэлбэл бидэнд системтэй мэдлэг үгүйлэгдэж байна. Боловсролын салбарт энэ мэт хувьсгалт маягийн өөрчлөлтүүд хэрэгтэй.

-Улс гэж юу болохыг тайлбарлаж чадахгүй УИХ-ын гишүүнтэй болсон гол шалтгаан нь юу юм бол. Бид яагаад ийм байдалд хүрчихэв ээ?

-Бидэнд нэг асуудал байна. Тэр нь олон зуун жил явж ирсэн нүүдлийн амьдралын хэв маяг. Хот сууринд шилжиж, амьдралын хэв маягаа солиод бараг зуун жил ч болоогүй. Огт өөр хэв маяг бүхий амьдралууд шүү дээ. Нэг нь байгалийн эрхшээлээр, нөгөө нь засгийн газрын эрхшээлээр амьдардаг хэв маяг. Өнөөдөр огт өөр амьдрал бий болчихсон. Улс орон гэдэг систем бүрдсэн. Өмнө нь бидэнд тийм систем байгаагүй. Боловсрол, эрүүл мэндийн систем гэж байсангүй. Одоо бол бүгд биенээсээ хамаарсан систем дотор аж төрж яваа. Жишээ нь, нүүдэлчин ахуйд аж төрж явсан шигээ хүн бүр амиа бодвол бидний оршиж байгаа систем хөгжихгүй. Товчхондоо хамтаар амьдрах соёл, дадалд суралцахаас өөр арга бидэнд байхгүй.

-Таны ярианаас ийм соёл, дадал, хандлагад хөтлөх сурах бичгүүд алга гэж ойлголоо?

-Харамсалтай нь байхгүй. Манай хэвлэлийн газрын хувьд тэгж ажиллахыг хүсдэг. Төр засаг бодлогын хэмжээнд анхаармаар санагддаг, энэ асуудалд. Гэвч бодлогоор тэгж залж байгаа юм алга. Хэвлэлийн газрууд өөр, өөрийнхөөрөө л явж байна.

-Нүүдлийн ахуйн дадлаасаа өнөө аж төрж буй соёлтойгоо илүү ихээр ойртохын тулд юуг анхаарах ёстой гэж та харж байна вэ?

-Хүмүүжил, ёс суртахууны тухайд гээд харахаар хуучин уламжлалт ёс жаягаа дагая гэсэн хандлага маш их байна л даа. Хүүхдийн хүмүүжил дээр гэхэд л хуучнаа дагадаг. Хуучны ёс заншлын тухайд гэхэд л монголчууд захиргаадах, ахмадын үгийг сонсох, хамгийн туршлагатай хүний үгийг дээдлэх гээд насны эрэмбээр эрэмбэлэгдсэн эрхэмлэх зүйлтэй байсан. Нүүдэлчин амьдрал бол амьдралын туршлага дээр баазалдаг. Тэр ахуйгаар бол 81-тэй хөгшин хамгийн их туршлагатай хүн. Гэтэл өнөөдөр амьдрал туршлага дээр биш мэдлэг дээр суурилах болсон. Малын тухай мундаг малчнаас илүү мэдлэгтэй хүн байлаа гэж бодъё. Тэр хүний мэдлэгийг яаж үнэлэх вэ? Хуучин нийгмийн уламжлалыг дагая гэвэл мэдлэг хамаагүй, туршлага дагасан амьдрал илүү гэнэ. Гэтэл өнөөдөр бүх зүйл мэдлэг дээр суурилж байна. Нэг настай хүүхдийн онцлогийг мэдчихсэн байхад тэр хүүхдийг онцлогт нь тохирсон аргаар хүмүүжүүлэх асуудал биш. Өнөөгийн хүмүүжлийн гол зорилго, чиг ерөөсөө энэ. Гэтэл өнөөдөр бид ямар ахмадуудтай болсон билээ? Хэцүү ахмадууд олон байна. Үгэнд нь орвол нохойн замаар орохоор тийм жудаггүй хөгшчүүл олширсон.

-Үлгэр дуурайл авахад хэцүү ааш аяг, хандлагатай хөгшид олширсон гэдэг ч үнэн шүү. Гэхдээ хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт ухааныг ухвал өөр байх л даа?

-Уламжлалаар хүүхэд хүмүүжүүлэх аргын тухай ярья, судалъя гээд эрэл хайгуул хийсэн. Би лав эрээд олоогүй. Тэр ухааныг мэддэг ярьж чадах хүн олдохгүй юм билээ. Тэгсэн хэрнээ бүгдээрээ уламжлалт энэ тэр гээд яриад байдаг нь гайхмаар шүү. Нэг талаасаа асуудал ийм болчихсон. Нөгөө талаас нь харвал нийгмийн олон асуудал хөндөгдөж байна. Сэтгэл зовоосон олон асуудал гарч байгаа. Бүх асуудлын учгийг хөөгөөд явахаар эцэстээ боловсролын асуудал болж хувираад байна л даа. Боловсролоос болж байна гэсэн хэрнээ боловсролоо сайжруулах тухай юу ч ярьдаггүй. Боловсрол ярихын тулд хүүхдүүд юу унших вэ гэсэн асуултад хариулт хайх хэрэгтэй. Насанд хүрэхийн тулд, өнөөгийн хүн болохын тулд яах ёстойг ярих учиртай. Хүн бүр өөрийнхөөрөө яваад байна л даа. Зүй нь улс оронд “Иргэн бүрээ ийм хэмжээнд хүргэнэ” гэсэн алсын хараа, бодлого байх ёстой. Тэгж байж хөгжил ярина. Хүн бүр өөр өөрийнхөөрөө явж байгаа дүр зургийг эрх чөлөө гэж ярьдаг. Эрх чөлөө эцсийн дүндээ хөгжил дээр л суурилдаг. Ядуу хүмүүсийн эрх чөлөө гэж юу байх вэ дээ. Мэдлэг, хөгжил, цэцэглэлтэн дээрх эрх чөлөө л учир утгатай болохоос үгээгүй ядуу хүн эрх чөлөөгөөр яах юм. Паспорт байгаад гадаад явлаа гээд хэлгүй, боловсролгүй, хар ажил хийгээд амь зуух нь эрх чөлөө биш.

-Ерөнхий боловсролын сурагчдын сурах бичгийг сөхөөд харахаар бидний багад үзэж байсан зүйр цэцэн үг, үлгэр, өгүүллэг тэр чигээрээ бичээтэй харагддаг. Дэлхий тэс өөр болоод байхад бид ингээд сууж болох уу?

-Бид 1-5 дугаар ангийн ёс суртахууны (хуучнаар иргэний боловсрол) сурах бичгийг сар хагасын дотор хийж дуусга гэсэн үүрэг авлаа. Ёс суртахууны асуудал гэдэг бол ерөөсөө л янз бүрийн хүмүүс хоорондын харилцаа, хүний мөн чанар, зөв буруугийн тухай л асуудал. Тэр чигийн унших материал төдийлөн байдаггүй юм байна. Яг таны хэлсэнчлэн уламжлал ёс заншил гэдэг хүмүүс хэдэн зуун жилийн өмнө ном сударт бичсэн янз бүрийн зүйр цэцэн үгс, сургаал гэх мэтийг л ашигладаг юм байна. Нэгдүгээр ангийн хүүхдэд, хэдэн зуун жилийн өмнө зохиосон, хүүхдэд зориулаагүй элдэв сургаал үг уншуулсаар ирсэн. Ерөнхий боловсролын сургуулийн хувьд унших материал нь тэр чигээрээ иймэрхүү. Бид үүний эсрэг ажилласан. Унших бүх материалыг шинээр хийх гэж үзсэн.

Өнөөдөр амьдралд ямар асуудал байна, түүнтэй холбож л сэдвээ сонгож хийхгүй бол хичээлийн материал болохгүй шүү дээ. Өнөөдөр сургаал үгсийг зүгээр л хоосон цээжилж, уран яруугаар уншсан хүүхэд сайн дүн авч байна. Гэтэл уншаад ойлгоно гэдэг өөр хэрэг. Уншсан юм над руу орж байж минийх болно. Нэгэнт өөрийн болгосон зүйлийг хожим амьдралдаа хэрэглэж, ашиглаж таарна. Унших материал бол оюуны талх гэдэг шиг бидний авах ёстой тэжээл.

-Уншдаггүй хүн олон байна гэсэн шүүмжлэл та бид хоёрын яриад суугаа энэ асуудалтай холбоотой юм биш үү, хоосон уншиж хий цээжилж явсаар сургуулиа төгссөн хүүхдүүд номын амтанд дурлаж, номноос өгөөжийг нь авна гэдэг худлаа шүү дээ?

-Та зөв харсан байна. Багаасаа ном уншиж тэжээл аваагүй, зөвхөн дүн авахын төлөө цээжилж, номын сайхныг өөртөө шингээж энерги хүч болгож сураагүй хүүхдүүд том болоод номонд шимтэхгүй байхаас аргагүй. Би хүмүүсээс уншсан номынх нь тухай асуудаг юм. Тэгэхээр ямар хариу хэлдэг гээ. Хөөрхөн ном байна гэдэг. Юу нь хөөрхөн байна гэхээр амьдралтай юм аа гэдэг. Харин ном уншаад сурчихсан хүмүүс жинхэнэ шимийг нь авдаг. Тийм учраас тэд насан туршдаа уншдаг. Уран зохиолын ном барьж авлаа гэхэд тэнд амьдарч буй хүний оршихуйгаас өөрт хэрэгтэйгээ олоод харчихдаг. Гэтэл манайхан үйл явдал хөөгөөд байдаг. Ном уншиж сурсан хүмүүс үйл явдал хөөдөггүй. Боловсролын систем нь хөгжсөн улс орны сургуулиуд сурагчдынхаа уншсан номыг шалгахдаа биднээс өөрөөр шалгадаг. Чи энэ зохиолын гол дүр Доржийн оронд байсан бол яах вэ гэсэн сэдэвтэй зохион бичлэг хийлгэдэг. Ингэхээр хүүхэд тэр зохиолыг зажилдаг, амтыг нь араандаа уусгаж мэдэрдэг. Ингэснээр эх хэлнийх нь мэдрэмж сайжирдаг. Ийм боловсрол олгогдохгүй байгаа нөхцөлд бид хичнээн гоё ном гаргаад “Хөөрхөн ном байна лээ” гэсэн хариу л сонсоно. Ингээд бодохоор жаахан гомдолтой, гунигтай санагддаг. Номны тухай бодож байгаагаа ярих, маргах юм нийгэмд алга. Өөрийгөө л гайхуулцгаагаад байна. Нэг л их өрсөлдсөн хүмүүс. Та нэг сургууль руу ороод хараарай. Шилэн шүүгээ дүүрэн цом залчихсан байгаа. Өнөөдөр өрсөлдөөнөөс илүү хамтрах нь амин чухал асуудал болоод байна.

-Нэг өөдрөг хандлага ажиглагдаад байгаа. Залуус номонд их дурлах болж. Ном руу ингэж хошуурч байгаагийн нэг шалтгаан нь орчуулга гэж боддог юм. Өмнө нь гоё хавтастай орчуулга гэж авах юмгүй ном их байсан бол сүүлийн үеийн орчуулгын номнууд амттай, урсагдаж уншигдаад урамтай байна аа?

-Харин тийм, гоё байгаа биз. Ном амьтай. Номыг амилуулдаг амин сүнс нь орчуулга. Манайх орчуулган дээрээ онцгой анхаарч байгаа. Хүлхэгдэж, амт нь араанд уусч, нэг л мэдэхэд уншаад дуусах хөг аятай номын гол нууц нь ерөөсөө л орчуулга. Мэдээж хүн уншихад таатай хэвлэх ч ном амьтай байхын салшгүй нэг хэсэг. Хэвлэх үйлдвэрээ өргөтгөж шинэчилсэн минь цаанаа ийм утгатай.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Монголын цагдаа, хууль хүчнийхэн иргэнээ багалзуурдаж, мөрийтэй тоглуулж, хар тамхи татуулж… Юу болоод байна вэ?

Монголын хууль хүчин, цагдаа, прокурорын байгууллагаас муу бүхэн гардаг боллоо. Саяхан гэхэд л Төв аймгийн Угтаалцайдам суманд өөрийнхөө өвөө шиг 60 гарсан тариаланч өвгөний амь насыг егүүтгэсэн хэрэгт сэжиглэгдэж байна. Хулгайн хэрэг мөрдөж явсан цагдаа нар тариалангийн ажилдаа гарахаар зэхэж байсан жирийн иргэнийг чирч, машиндаа суулгаж сумын төвөөс 10 гаруй км-ийн зайд аваачаад нас барсан хойно нь эмнэлэгт авчирчээ.

Тариаланч иргэнийг авч явахдаа цагдаа нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх магадлалтай юм байна. Цагдаа нарын машинаас архи, ууж байгаад үлдээсэн пиовны шил гарсныг талийгаачийн ар гэрийнхэн нь зургаар баримтжуулжээ.

Мөн энэ сарын 25-нд Тээврийн цагдаагийн албаны дарга, хурандаа Э.Бөхбатын эзэмшлийн байранд хууль бус мөрийтэй тоглоомын газар олон жилийн турш үйл ажиллагаа явуулж байсан нь олонд ил боллоо. Хууль бус автомат тоглоомын газрын ойр орчмыг бүрэн камержуулжээ. 2018 болон 2019 онуудад тухайн байгууллагад хэд хэдэн удаа торгуулийн арга хэмжээ авч байсан ч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Тэр бүү хэл тухайн тоглоомын газар үйлчлүүлэгчдийнхээ байр, машиныг барьцаалж зээл олгодог байсан гэх. Тоглоомондоо халуурч, мөнгөө сэгсрүүлсэн нөхөр газар дээр нь л байр, машинаа барьцаанд тавиад үргэлжлүүлэн тоглож таарна. Мөрийтэй тоглоомонд донтож байр, машинаа алдсан иргэдийн ар гэрийнхэн нь тэнд очиж хэл ам хийн хаалгыг нь бариулдаг ч хэдхэн хоноод л үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлдэг байжээ. Ийм хэрэг өдөр болгон шахуу гарч байхад байрны эзэн хурандаа нь огт мэдээгүй байна гэдэгт үнэмших хүн өөрөөс нь өөр хаана ч алга.

Түүнчлэн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир нар 2015 онд хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн, худалдан борлуулахыг завдсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдсан. Улс үндэстнийхээ эсрэг гэмт хэрэг үйлдсэн Х.Тамирт 5.1 жил, Б.Амарбаясгаланд 5.2 жилийн хорих ял оноосон юм. Энэ мэтчилэн цагдаа, прокурорын балаг тасрахгүй байх жишээтэй.

Ц.Нямдорж сайд таны шууд удирдлагад байдаг цагдаа, прокурорынхон чинь иргэнээ амьд авч яваад үхүүлээд авчирдаг, мөрийтэй тоглуулж, хар тамхи хэрэглэж, зарж борлуулж байна. Монголын хууль хүчин, цагдаа, прокурорын удирдлагуудыг оройгоос нь улыг нь хүртэл солих цаг нэгэнт болжээ. Сайд та яагаад дарга нарыг нь сольж, хариуцлага тооцохгүй байна вэ. Сайд нь шийдэж чаддаггүй юм бол хүний аминд хүрч, хууль бусаар мөрийтэй тоглуулдаг цагдаа, хар тамхи хэрэглэж зарж борлуулдаг прокурорын байгууллагын удирдлагууд өөрсдөө хариуцлага хүлээж огцрох ёстой.

Хар тамхи зарж борлуулсан гадаад иргэнийг өглөө нь цагдаагаас барьж хорьдог ч үдээс хойш нь прокурорын зөвшөөрлөөр суллаад явуулчихаж байна. Ийм завхарсан цагдаатай, прокурортой бид амь нас, аюулгүй байдлаа хэнд даатгах болж байна аа. Монгол Улсын иргэнийг үхүүлээд бай, мансууруулаад бай гэж бид нар татварын мөнгөөрөө та нарыг цалинжуулдаг хэрэг үү.