Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Төсөв тойроод мөндөр шиг шаагих сэтгүүлчид минь, та нар “Бидэнд юу өгсөн бэ” гэж асуусан уу

Засгийн газар энэ сарын эхээр 2021 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан.

Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 27.9, зарлага 13.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 30 хувь байна гэж тооцжээ. Энэ удаагийн төсвийн төсөл анхаарал татах олон өнцөгтэй байгааг сэтгүүлчид онцолж, энэ сэдвийг тойрч мөндөр шиг шаагьцгаан “Тэр өөрийнхөө аймаг, тойрогт олон тэрбумыг тавиулчихлаа”, “Манай тойрогт юм өгсөнгүй”, “Тэнд бага хөрөнгө төсөвлөчихлөө. Уг нь ихийг төсөвлүүлэх ёстой байсан. Энэ мэдээллийг олонд түгээгээд хүний анхааралд өртүүлээд өгөөч” гэх хүмүүсийн захиалгаар яг хэлснийг нь давтан ярьж, бичицгээж нулимс асгаруулан гүйж, ирэх оны төсвийн төлөө орилолдоод явж байна. Тэгвэл сэтгүүлч та бүхэн төсөв хэлэлцэж байгаа эрх мэдэлтнүүдээс “Бидэнд төсвөөс юу өгсөн бэ. Юу өгөх гэж байна” гэж асуув уу. Ингэж асууж байгаа ганц ч болов сэтгүүлч байна уу.

Монголд хэвлэл мэдээллийн салбарт төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Төрийн дэмжлэггүй бол явахгүй шүү. Сонины салбарт гэхэд цаас, шуудангийн зардал бол хувийн хэвшлүүдийн хувьд дааж давшгүй өндөр даваа болдог. Тогтмол, өдөр тутам гардаг энэ зардлуудад сонинууд ямар их туйлддаг гэж санана. Төр сонины цаас, шуудан хүргэлтийн зардлыг нь хариуцаад явчихад болохгүй зүйл байхгүй. Үүнээс гадна төрийн байгууллагууд тендер зарлуулах, үйл ажиллагаагаа сурталчлахдаа сонинтой хамтарч байх нь энэ салбарыг дэмжих том алхам болно. Телевизийн салбарт ч мөн дахин дамжуулах станц, телевизийн нэвтрүүлгээ улс орон даяар цацахад сүлжээний асуудал хүнд тусдаг учир төрийн дэмжлэг хэрэг болдог. Төр нь хэвлэл мэдээллийн салбарт бодит хөрөнгө оруулалт, дэмжлэг, туслалцаа үзүүлсний үндсэн дээр л Монгол Улсад хэвлэл мэдээлэл оршин тогтноно. Яагаад энэ салбарт төрийн дэмжлэг шаардлагатай вэ гэхээр монголчуудын ихэнх нь ядуу. Ядуу учраас хэвлэл мэдээллийн үйлчилгээг тарифт үнээр нь авч чаддаггүй. Хоёрдугаарт, манай улс хүн ам цөөтэй. Дэлхийн газар нутгийн 10 хуваасны нэгтэй тэнцэхүйц хэмжээний өргөн уудам газар нутагтай. Ийм өргөн уудам талыг шуудан холбоогоор туулан сонин хэвлэл хүргэх, телевизүүд дахин дамжуулалт хийхэд яалт ч үгүй өндөр зардал гаргадаг.

Сонин, тогтмол хэвлэлүүд шуудангаар олон мянган километр замыг туулан очихоос өөр аргагүй. Телевиз сансрын дахин дамжуулалтын тусламжтайгаар хөдөө хязгаарт нэвтрүүлгээ цацахаас өөр сонголтгүй. Хэвлэл мэдээллийн голлох байгууллагууд ард иргэддээ мэдээлэл хүргэхийн тулд энэ мэт маш хүнд ачааг төдийгөөс өдий хүртэл нуруундаа үүрч ирлээ. Хэрвээ энэ болгоны төлбөрийг төр төсөвтөө шингээж хэвлэл мэдээллийн салбарт тогтмол төсөв суулгаад хэвшчихвэл иргэдийн хувьд бодит мэдээлэл цаг алдалгүй авах боломж нээлттэй болно.

Заримдаа гэлтгүй ер нь ихэнх бизнест төр тодорхой хэмжээгээр оролцож баймаар харагддаг юм. Монголын бизнес гуравхан хоногийн настай. Дорхноо дампуурдаг, эсвэл хөгждөггүй. Төр оролцоод л зөв зохицуулалт хийгээд замыг нь чиглүүлээд өгчихвөл урагшаа явчихмаар ажил олон бий. Хүн болгоны мэдэх нэг жишээ байна л даа. Атарын гуанзыг баруун тийшээ явдаг машинтай хүн болгон мэднэ. Зах зээл эхлэхэд 30 жилийн өмнө тэр хавьд хоолны гэрүүдийн үйл ажиллагаа эхэлж байлаа. Одоо яг тэр хэвээрээ. Ерөөсөө хөгжөөгүй. 30 жилийн өмнө хэдэн том хар гэрүүд бариад эхэлсэн. Өнөөдөр бахь байдгаараа. Жинхэнэдээ тэнд хүн буугаад бие засаж, хоол идэхийн аргагүй. Монголчууд тулдаа л иддэг байх. Зун нь ялаа язганаж, өт буцалсан ил жорлонтой, өвөл нь тэр жорлонгийнх нь ялгадас овоороод дээр нь сууж боломгүй. Зөөврийн устай болохоор усаа хэмнээд өдөржингөө устай ганцхан түмпэнд аяга, тавгаа зайлаад л хүнд хоол хийж өгдөг. Ийм газрыг хөгжиж байна гэх үү. Зүй нь энд төр оролцох ёстой байсан юм. Гуанзны тоонд хязгаар тавих юм уу эсвэл газар дээр нь барилга байшин барьж өгөөд үйл ажиллагаагаа явуулаад эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хамтарч ажиллая гэсэн бол өнөөдөр дүр зураг өөр байх байсан. Ийм төрийн зохицуулалт тэнд хэрэгтэй л байж дээ гэж одоо харагддаг шүү. Үүн шиг хэвлэл мэдээллийн салбарт төрийн зохицуулалт хэрэгтэй. Гайгүй бичдэг болгон нь хэвлэл мэдээллийн компани байгуулаад гараад явснаас угаас хүрээ багатай байсан зах зээлийг олон жижиг хэсэг болгож тарамдуулаад хаячихсан. Бүгд хоосон ядуу болохоор хэвлэл мэдээлэл тэр чигээрээ дархлаагүй болж ямар ч захиалагчийн өмнө өвдөг сөхөрч, хэн дуртай мөнгөтэй хүний бөгсний алчуур болж хувирчихсан юм. Тэгэхгүй гээд ч яах юм. Ийм эдийн засагтай үед турж үхэлтэй биш. Нөхцөл байдал нь ийм байхад ямагт бусдын төлөө өөрсдийгөө умартан гүйдэг, төсвийн асуудлыг тойроод мөндөр шиг шаагьж байгаа сэтгүүлчид минь ганц ч удаа болов өөрсдөдөө зориулж төрөөсөө мөнгө нэхээч ээ.

Түрүүчээсээ төсвөө тануулсан хэвлэл мэдээллийн байгууллагууд задрахад ойртоод байна. МҮОНРТВ-ийн төсвийг хассанаас дотор нь ажилладаг сэтгүүлч, уран бүтээлчид, ажилчид нь эсэргүүцэл илэрхийлж тухайн телевиз бут үсрээд байхгүй болох гэж байна шүү дээ. Иддэг хоол нь багасчихсан болохоор үлдсэн хоолон дээрээ алаан болж байгааг бүгд харж байгаа.

Сэтгүүлчид бид хэдий болтол өөрсдийн салбараа орхигдуулах ёстой юм бэ. Ирэх оны улсын төсвийг хэлэлцэж буй энэ эгзэгтэй үед сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд, энэ салбарт харьяалагддаг хүн бүр УИХ-ын гишүүд болоод холбогдох хүмүүст нь нөлөөлж, хүчтэй лобби хийж, шахалт үзүүлэх хэрэгтэй байна.

Жил бүр хэвлэл мэдээллийн салбарт улсын төсвөөс мөнгө суулгуулдаг болох хэрэгтэй. Өнгөрсөн жил манай сонин мөн энэ сэдвийг хөндөж, сэтгүүлчдийг уриалж байсныг санаж байгаа байх. Урьдчилсан таамгаар ирэх жилийн төсөвт хэвлэл мэдээллийн салбарт юм тавих шинжгүй болоод байна шүү. МҮОНРТВ-ийн төсвийг хассан гэхээр юм төсөвлөхгүй байж мэдэх нь. Тиймээс сэтгүүлчид ганц ч удаа болов салбарынхаа төлөө дуу хоолойгоо нэгтгэж, салбартаа мөнгө хуваарилуул. Энэ бүгдийг сэтгүүлч бүр дор бүрнээ бодож, нэгийг эрэгцүүлээрэй. Ингэхэд бидэнд төсвөөс юу өгдөг билээ, сэтгүүлчид ээ?

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Австралийн нүүрсийг урд хөрш авахгүй болсон нь Монголд алтан боломж

“Австралийн нүүрс манай улсад мэдээж хэрэгтэй ч бидэнд Монгол гэсэн сонголт бас байгаа” гэж Хятадын коксжих нүүрсний холбооны захирал Цуй Пижян ОУ-ын эрдэс баялгийн чуулганы индрээс хэлсэн нь бидэнд нэн таатай сонсогдлоо. Хятад улс Монголтой улс төр, эдийн засгийн ямар нэгэн маргаан байхгүй учир авах нүүрсний хэмжээгээ өсгөх боломжтойг Цуй Пижян хэлсэн хэрэг. Бас Монголыг Австралийн зиндаанд харж байна гэж өөдрөгөөр ойлгох хэрэгтэй. Ийм үед Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа яаралтай ашиглалтад оруулах, машинаар зөөж буй нүүрс тээвэрлэлтийн хүчин чадалдаа бүх анхаарлаа төвлөрүүлэх зайлшгүй шаардлагатай боллоо. Одоо бидэнд өөр асуудалд анхаарах биш зөвхөн энэ зах зээлдээ анхаарах л алтан боломж ирлээ.

Айл өрх бүр хамгийн түрүүнд мөнгө олдог наймаандаа анхаардаг шиг Монгол Улс хамгийн түрүүнд их мөнгө олох салбартаа төвлөрье. Дэлхийгээрээ вируст дарлагдаж буй энэ хүнд цаг үед хамгийн их мөнгө болж буй коксжих нүүрснийхээ экспортыг цэгцэлж, наад зах нь тэр нэг “С” зөвшөөрөл гэх мэт төрийн хүнд суртлуудаа, авлигын үүр уурхай болсон хурган дарга нарынхаа дарамтыг устгаж, нүүрсний экспортыг шулуун зам дээр нь гаргахад цаг алдмааргүй байна.

Ер нь бол Хятадын засгийн газраас төрийн өмчит компаниуддаа Австралийн нүүрсийг авахаа даруй зогсоох чиглэл өгсөн нь бодитой байна. Энэ талаар Хятадын төрийн өмчит дөрвөн компанийн эх сурвалжаас мэдээлэл авсан S&P Platts түүхий эдийн зах зээлийн суваг мэдээллээ. Тэдний мэдээллээр бол Австралиас нүүрс авахгүй байх чиглэлийг Хятадын эрх баригчид аравдугаар сарын 9-ний өдөр өгсөн юм шиг байна.

Австрали улс нь Хятадын хамгийн том нүүрс нийлүүлэгч бөгөөд экспортоосоо жил бүр 14 тэрбум долларын орлого олдог. 2019 онд Монгол Улсаас Хятад руу нүүрс нийлүүлэхэд тээвэр, дэд бүтцийн асуудал мэдэгдэхүйц хүндэрсэн нь үнэндээ Австралийн нүүрсний нийлүүлэлтийг улам нэмэгдүүлэхэд хүргэсэн юм. Ашгүй тэгтэл их гүрнүүдийн хоорондын толхилцоон Монголд ашигтайгаар эргэлээ. Австралийн эрх баригчдын зүгээс өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр цар тахлын гарал үүслийг олохын тулд Хятадыг шалгахыг олон улсад уриалсан юм. Энэхүү уриалгаас хэд хоногийн дараа Австралид суугаа Хятадын Элчин сайд Чен Жиньэ Австралийг сүрдүүлсэн утгатай зүйл ярьсан. Тэрбээр “Магадгүй жирийн хятад хүмүүс яагаад Австрали дарс уух ёстойгоо, яагаад австрали мах идэх ёстойгоо бодож үзэх цаг нь ирсэн бололтой” гэж. Ингээд л “юм” эхэлсэн, гал дээр тос нэмсэн үг үйлдэл болсон. Бидний монголчууд тэдний энэ толхилцооныг ханцуйн дотроо алга таших маягтай дэмжээд л сууж байхаас өөр арга алга. Хятад бол Австралийн нийт экспортын 30 орчим хувийг шингээдэг том зах зээл. Энэ дотроо Австралийн нүүрсний экспортын зах зээлийн хоёрдугаарт Хятад бичигддэг. Австралийн нүүрс Хятадад очихгүй байх нь бусад нийлүүлэгчдэд том боломж. Хятад улс нүүрсээ Австралиас гадна Орос, Индонез, Монгол зэрэг орнуудаас авдаг. Тэгэхээр Австралиас татах нүүрсний суларсан орон зай дээр Монголоос гадна ойрын хөрш Орос бас өрсөлдөгч байх нь. Оросын тухайд хоёр жилийн дотор нүүрсний экспортоор дэлхийд нэгдүгээрт бичигдэх амбицтай. Тийм том амбицын дэргэд нүүрсээ машинаар зөөсөн чигээрээ байгаа Монголын өрсөлдөх чадвар үнэхээр түвэгтэй ч Хятад, Австралийн энэхүү таагүй харилцааг алтан боломж хэмээн харж бүх чадлаараа зүтгэхээс өөр замгүй билээ.

“Хятадын нүүрс тээвэр, худалдааны ассоциаци”-ийн дэд ерөнхийлөгч Ли Жунмин Монгол, Орос хоёрын Хятадын нүүрсний зах зээлд эзлэх боломжийн талаар хэлэхдээ “Монгол Улсын давуу тал нь Хятадтай маш ойр тул энэ боломжоо сайн ашиглах ёстой” гэсэн үг байгаа. Гадаад талдаа нөхцөл байдал ийм л таатай боллоо. Монголын Засгийн газрын хувьд нүүрсний экспортын асуудлыг өмнөх шигээ хялбархан тайлбарлаж, түүндээ итгээд явдаг буруу хандлагаа зассанаар эхлэх ёстой. Нэг л их байгаль орчны сүйтгэл, замын аваар осол, хүмүүсийн нийгмийн асуудал, үнийн зөрүү… гэхчлэн ярихаа одоо боль. Зүгээр л Хил, Гаалийг чөлөөл, тээвэрлэлтээ нэм, эхэл, нүүрсээ зар, ашиг ол. Ингэж бүх эрсдэлийг үүрэн зүтгэсэн шиг зүтгэж чадаж гэмээнэ бид 40 сая тонн нүүрс экспортолж чадна. Ингэхгүй засмал зам тавихыг, төмөр зам тавихыг, бусад техник, технологи, нийгмийн асуудал, байгаль орчин ярьсаар байвал нүүрснээсээ бид мөнгө олж чадахгүй. Ирэх жилийн өдийд их гүрнүүд учраа олчихсон бид хоосон сууж байх нь тодорхой юм.

Ер нь тэгээд бид том бизнес яаж хийдгийг сурахгүй л байна. Ядаж тэр футурес гэрээ гэдгийг нь ойлгочих хэрэгтэй. Оюу толгой хичнээн асуудалтай байгаа ч өдөр бүр гадагшаа наймаа хийж байгаа. Учир нь Оюу толгой футурес гэрээтэй учир юу ч болж байсан нөлөөлөхгүйгээр бүтээгдэхүүнээ зараад л сууж байгаа гэсэн үг. Түүн шиг бид Таван толгойн нүүрсэн дээрээ урьдчилаад үнэ тохирсон, урт хугацааны, тогтвортой гэрээгээ хийчих ёстой юм. Өнөөдөр Хятадын зүгээс Австралийг “шийтгэх” кампанит ажил ид дундаа байна. Энэ үеийг ашиглая. Тэгэхгүй бол Австралийн эрх баригч Либерал үндэсний эвслийн тэргүүн, Эндрю Хасти өөрийн цахим хуудсандаа Засгийн газраа “Австралийн тусгаар тогтнолын төлөө арга хэмжээ авахыг” уриалсан мэдэгдэл гаргаж, эдийн засаг, хөгжил цэцэглэлтийн төлөө Хятадтай муудаж болохгүйг сануулсан. Тус улсын нэр хүндтэй улстөрчдийн зүгээс шил шилээ даран “Австраличууд өөрөө өөрсдийгөө эрсдэлд оруулсан” гэж үзэж байгаагаа илэрхийлсээр байгаа. Тэд “Америк-Хятадын харилцаа улам хурцдаж буй энэ үед австраличууд Бээжинтэй муудаж болохгүй. Америкийн тал бидний өмнөөс Бээжингийн эсрэг сөргөлдөөний бодлого явуулж буй мэт харагдаж байна” хэмээн эрчимтэй хэлж ярих боллоо. Энэ бол монголчуудын хувьд сайн юм огт биш. Тун удахгүй Австрали-Хятад хоёр эргээд сайн харилцаатай болно гэсэн үг. Дахиад шулуухан хэлэхэд, Хятад- Австралийн хагарал Монголд ашигтай. Монголын нийт экспортын 41 хувийг нүүрсний экспорт дангаар бүрдүүлж буй энэ үед Австралийн нүүрсний орон зайг ашиглахгүй өнгөрөх нь жинхэнэ тэнэг, мэдрэмжгүй, харалган хэрэг болно шүү.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Ард түмэн Ардчилсан намд хайртай хэвээрээ юм байна

Орон нутгийн сонгууль болж өнгөрлөө. Сонгууль болсон эсэх нь ч мэдэгдэхгүй өнгөрдөг байсан үе өнгөрч. Энэ удаагийн орон нутгийн сонгууль бужигнаантай боллоо. Ардчилсан нам өнгөрсөн УИХ-ын сонгуулиар арай гэж бүлэг байгуулав. Мэдээж намын удирдлага, дотоод хэрүүл тэмцэл зэрэг нь нөлөөлсөн. Дээр нь намын угшилтай өндөр алба хашиж байгаа нөхдүүд, АН-ын дарга С.Эрдэнэд өширхсөн түүнийг унагах гэсэн намын хуучцуул ч намын даргыг унагах гэж байгаад намаа унагаж авсан. Дээр нь МАН, ХҮН бүгд нийлээд л боорлосон. Эцсийн дүнд АН ялагдсан. Намын нэр хүнд унасан нь үнэн. Тиймээс ч сая болж өнгөрсөн орон нутгийн сонгуулиар АН-ын нэр дэвшигчид намын рейтинг муу байна гэж болгоомжлон хувь хувьдаа л зүтгэлээ. Гэхдээ Ардчилсан нам алга болоогүй юм байна. Ард түмэн Ардчилсан намд хайртай юм байна гэдгийг Орон нутгийн сонгуулийн дүн харууллаа. Хүннам санал хуваагаагүй бол илүү ч олон ялалт байгуулах байлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга ч АН-ыг орон нутгийн сонгуульд ил, далд дэмжлээ. Хөдөө орон нутгаар явлаа. Одон медаль ч харамгүй түгээлээ. Үе үеийн Ерөнхийлөгч л ингэдэг дээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил шагналын хур буулгадаг уламжлалтай. Энэ удаагийн сонгуулиар сууриа бэлдэхгүй бол ирэх сонгуульд хөлгүй бол хэцүүднэ гэдгийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа Ерөнхийлөгч хүссэн ч эс хүссэн ч АН-ын төлөө явахаас өөр гарцгүй болсон. АН-д өнөөдөр Ерөнхийлөгчийн хүмүүс л голлож байна. Удирдлагын бүрэлдэхүүн тэр чигээрээ, дээр нь УИХ-д суугаа гишүүдийн дийлэнх Ерөнхийлөгчийн хүмүүс. Сая болж өнгөрсөн орон нутгийн сонгуулийн дүн санасныг бодвол бас чиг танагтай байна. Хотод Сонгинохайрхан дүүрэгт МАН дангаараа гарч ирж байхад Сүхбаатар дүүрэгт АН ялах жишээтэй. Хөдөө бол час улаан байдаг аймгууд цэнхэрлэсэн байна. Нийслэлийн 45 суудлын 34-ийг нь МАН, наймыг нь АН, Хүннам гурвыг авлаа. Орон нутагт 21 аймгийн наймд нь Ардчилсан нам олонхи боллоо. Хэдийгээр АН ялаагүй ч цусгүй арчигдана гэсэн зориуд тараасан мессэж худлаа байж. Ард түмэн саналаа өгч, АН-ынхныг хяналт тавих эрхтэй цөөнх болголоо. АН-аас ард түмэн нүүр буруулаагүй юм байна.

Жижиг намууд сонгуулиар санал тарамдуулдаг. Тиймээс МАХН, ШИНЭ намтай АН эвсэж сонгуульдлаа. Нэг талаас нь харвал санал дэмий тараахгүй ч сайн талтай ч нөгөө талаар АН-ыг дэмждэг залуус МАХН, ШИНЭ намыг эсэргүүцэж саналаа өгсөнгүй.

Орон нутгийн сонгуулийн өмнө Ерөнхийлөгч дээрх намуудын удирдлагуудыг дуудан уулзсан байна. ХҮН намын удирдлагыг ч бас дуудаж сонгуульд хамт орох санал тавьсан. Харин Хүннам татгалзжээ. ХҮН-ийнхэн амбицалж, Ерөнхийлөгчийн сонгуулиа бодон татгалзсан нь тэр.

ХҮН-ын хувьд орон нутгийн сонгуульд оролцох уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байлаа. Байгуулагдсан цагаасаа хэд хэдэн тамга тэмдэг, хэдэн дарга зэрэг удирдаж будилж ирсэн ХҮН сая ч мөн будилав. Энэ будилааныхаа бурууг Ардчилсан нам руу чихэж, жагсаал, цуглаан хийсэн. Хамтраагүй учраас Угтаа АН биш МАН эрх барьж байгаа шүү дээ. Тэгэхээр ХҮН МАН-ын даалгавартай АН руу дайрсан ч байж болох юм. Учир нь МАН, ХҮН хоёр бол хоёулаа зүүний үзэл баримтлалтай, адилхан шахуу, халамжийн бодлоготой шүү дээ. Ах дүү хоёр нам гэж хэлж болно. Ялгаа нь ХҮН арай шинэ соргог л байх. Угтаа гуравдагч хүчин Монголд хэрэггүй ээ. Дотооддоо учраа олоогүй, байнгын хэрүүлтэй, энэ намын урдаа барьж байгаа залуус нь жинхэнэ цагаан захтнууд. Амьдрал үзээгүй, Монголын амьдралаас хол, нэг л их гадаадад амьдарч, сурч боловсорч, олон салаа хэлтэй болсноо гайхуулсан залуусын цуглуулга. Дээр нь энэ хоёр том намын араанд зуугдсан бол тэгэж амархан торойж гарч ирэх хэцүү. Ц.Хүрэлсүх өнөөдөр инээж байгаа ч ХҮН-ынхны зүхээд байгаа АН-аас илүү гарч зууна уу, гэхээс дутахгүй.

Төрийн эрхийг дангаараа шахуу барьж байгаа МАН-ыг Д.Сумьяабазар удирдаж орсон. МАН орон нутгийн сонгуульд ирц харгалзахгүйгээр зохион байгуулсан нь учиртай. Ирц хангалтгүй байх тусмаа л МАН ялах магадлал их байдаг. МАН угшилтай хөгшчүүл орон нутгийн сонгуульд хамгийн идэвхтэй оролцдог бөгөөд АН-ыг дэмждэг залуус нь очдоггүй. Тиймээс ирц өндөр байх нь АН-д ашигтай, ирц бага байх нь МАН-д ашигтай. Улсын хэмжээгээр хамгийн бага ирцтэй Чингэлтэй дүүрэгт МАН ялсан байхад хамгийн их ирцтэй Сүхбаатар аймагт тэр чигээрээ АН ялсан байх жишээтэй. Өнөөдөр АН-ын лидерүүд нь лойдор болж, зарим нь хэлмэгдэж, хөл толгойгүй болсон энэ үед Орон нутгийн сонгууль болж, нийт дүнгээрээ ялчихаагүй ч санаснаас дээр байлаа. АН-д шинэчлэлийн цаг иржээ. МАН харин өнөөдрийг хүртэл сэлэм эргүүлсэн, одоохондоо нэр хүнд нь тэнгэрт тулсан намын даргынхаа нэр нүүр, өөрсдөдөө таатай дүн гарах Сонгуулийн хууль, доод дунд шатны бүтэц, зохион байгуулалт, сонгуулийн хар технологиороо хэдэн сонгуульд дараалан ялалт байгууллаа.

Монголд өнөөдөр олон нам хэрэггүй. Олон толгойтой могойн үлгэр шиг тал тал тийш чангаагаад байвал энэ том газар нутагтай, цөөхөн хүн амтай улсад сайнгүй.

Хоёр нам байхад хангалттай. Монголд бүртгэлтэй олон нам байдаг ч үнэн хэрэгтээ намын дарга, түүнийг дагасан цөөн хүний бүрэлдэхүүнтэй, гишүүнчлэл гээд байх юмгүй, цаасан дээр хэдэн нэртэй, хувийн компани шиг намууд бий. Өөрийн гэсэн гишүүнчлэлгүй нам хол явахгүйг энэ олон жил бид хангалттай харсан. Хүннам ч гэсэн эднээс нэг их ялгарахгүй. Т.Доржханд тэргүүтэй цөөхөн залуусыг эс тооцвол нам гэхээс илүүтэй, хэдэн найзын клуб шиг л бүтэцтэй. Тэгээд ч МАН, АН шиг улс орны хэмжээнд гишүүнчлэлтэй, бодлого уралдуулдаг нам болтлоо хол байна. Могой олон тасравч гүрвэлийн дайтай гэдэг. Ардчилсан нам өнөөдөр ялагдсан ч маргааш ялж чадахыг саяын сонгуулийн дүн харууллаа. АН дэмжигчидтэй, гишүүдтэй, орон нутагт бүтэцтэй, улс орон удирдаж явсан түүхтэй. Ийм дайны болтлоо ХҮН-д багадаа гучин жил шаардана. Тэднийг томрохыг хүлээж суух цаг алга. Гуч байтугай гурван жил ч хайран байна. Тэгээд ч “Босоо” Ганбаад л намаа арчуулаад сууж байдаг залууст улсаа даатгана гэдэг даанч хайран.

Монголчууд бид халамжийн бодлоготой намаар удаан удирдуулснаас болж хөгжиж дэвшихгүй удаан зогслоо. Яндангаа хөөлж ч чадахаа байтлаа арчаагаа алдсан. Ард түмэн ядуу байх тусам халамжийн бодлоготой нам ялдаг юм байна. Баахан хүнсний талон тараагаад л санал худалдаж авсаар өдийг хүрлээ. Хүн амынх нь тал нь халамж, тэтгэмжээр амьдардаг тэжээврүүд болсон. Ийм үед АН хүчтэй байх нь улс оронд хэрэгтэй. Одоо Ардчилсан нам шинэчлэгдэх хэрэгтэй байна. Дотоод асуудлаа цэгцэлж, шинэчлэгдэж, эв түнжинтэй байхад найдвар байна шүү. Дараалан сонгуульд ялагдаж байгаа ч цөөнх байж, хяналт тавих эрхийг ард түмэн та нарт өгсөөр байна. Ардчиллыг Монголд авчирсан, ардчиллыг хамгаалагч АН байсан цагт ардчилал Монголд улам илүү бэхжих юм.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Улсаа үнэгүйдүүлсэн улстөржилтөөс татгалзаж байж л дэлхийгээс доллар татна

Цагтаа хайгуул, уул уурхайн салбарт татсан доллараараа дэлхийн анхаарлыг татаж, дараагийн БРИКС болох М-3-ын нэг гэсэн үнэлгээг Financial times-аас авч явсан Монголд гаднаас чиглэсэн мөнгөний шинэ урсгал татраад удаж байна. Өөрөөр хэлбэл, олон улсын хөрөнгийн зах зээл дээр бид итгэлгүй түнш гэж харагдаж байна. Дэлхийн мөнгөтэй эрхмүүд өнгөрсөн гурав, дөрвөн жил уул уурхайгаас илүү каннабис, криптовалют гэсэн шинэ зах зээл рүү хуйларсан. Хойд Америк гэх мэт зах зээлүүд каннабисийн хэрэглээг хуульчилснаас болж энэ салбар 20 тэрбум ам.долларын хөрөнгө татчихсан. Дэлхийн анхааралд аль хэдийнэ орчихсон биткойнд 150 тэрбум ам.долларын хөрөнгө байршаад буй. Манай улсын ДНБ-ийг арваар үржүүлсэнтэй тэнцэх мөнгө байршчихсан гэсэн үг. Хөрөнгө оруулагчдыг хуйлруулсан энэ шинэ зах зээлүүд уул уурхайн салбартаа доллар татах өндөр боломжтой гэгддэг Азийн Монголд нөлөөлсөн нь тодорхой. Гэхдээ хайгуул, уул уурхайдаа доллар татаж чадахгүй зүдэж яваа нь биднээс өөрсдөөс маань шалтгаалсан гэх дүгнэлт үнэнд илүү ойртоно.

Монголд үйл ажиллагаа явуулдаг, олон улсын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниуд уул уурхайн салбарт л бий. Товчхондоо уул уурхайн салбар бол Азийн Монголд доллар цутгадаг гол суваг. Харамсалтай нь гадны хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй эдгээр компанийн хувьцааны ханш сайн биш, уруудсан графиктай яваа. Энгийнээр зүйрлэвэл Торонто, Нью-Йорк, Австрали, Хонконгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниудын хувьцааны ханш хөрөнгө оруулагчдын Монгол Улсад тавьж буй дүн. Оюу толгойн дараа жагсах зэс, алтны ордыг нээх өндөр магадлалтай гэж яригддаг “Занаду майнс”-ын хувьцааны ханшийг сонирхъё. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй энэ компанийн зах зээлийн ханш нь 24 сая ам.доллар байна. Гэтэл эздийн нийт хөрөнгө нь 44 сая ам.доллар хавьцаа яригддаг. Хар үгээр хэлбэл эздийн нийт хөрөнгө гэдэг нь энэ төсөлд оруулсан нийт хөрөнгө оруулалтын хэмжээ. Бүр тодруулж хэлбэл “Занаду майнс”-ын хэрэгжүүлж буй төсөлд 44 сая долларын хөрөнгө орсон ч зах зээл төслийг нь 24 сая доллараар үнэлж байна гээд ойлгочихож болно. Бүр энгийнчилж хэлбэл, дэлхийн хөрөнгө оруулагчид Монголд хэрэгжиж буй энэ төсөлд оруулсан доллар тутмыг 50 центээр үнэлж байна. Одоо Оюу толгойн гол хувьцаа эзэмшигч TRQ-г цэнхэр гаригийн хөрөнгө оруулагчид хэрхэн үнэлж явааг тооцож үзье. Эздийн хөрөнгө, өнөөгийн үнэлгээг нь харьцуулаад тоо бодохоор олон улсын хөрөнгө оруулагчид Оюу толгой төсөлд орсон нэг доллар бүрийг 17 центээр үнэлж байна.

Оюу толгой бол зүгээр нэг хэрэгжиж буй жирийн төсөл биш. Монголын төдийгүй дэлхийд гэж яригдах цараатай. Тэр утгаараа яалт ч үгүй Монголын хөрөнгө оруулалтын “барометр”. Оюу толгой төсөлд оруулсан доллар бүр 17 центээр үнэлэгдэнэ гэдэг бидэнд таатай мэдээ биш. Энэ харьцуулалтыг харсан ямар ч хөрөнгө оруулагч “Монголд хөрөнгө оруулбал өгөөж нь нэг иймэрхүү байх нь” гэсэн чамлангуй сэтгэгдэлтэй үлдэх нь хэтэрхий тодорхой асуудал. Манай улсын үндэсний компани Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй. Өмнийн говьд коксжих нүүрс олборлож, баяжуулж экспортолдог “Энержи ресурс” гэхээр мэдэхгүй хүн үгүй. Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian mining corporation (MMC)-ийн зах зээлийн үнэлгээ 524.8 сая хонконг доллараар хэмжигдэж байна. Ам.долларт хөрвүүлбэл 67.5 сая гэсэн тоо гарч ирнэ. Энэ компанийн эздийн өмч нь 850 сая ам.доллар. Зах зээл Монголд хийсэн хөрөнгө оруулалтыг хэрхэн үнэлж байгааг энэ тоонуудыг харьцуулаад хараарай. Олзуурхаж, бахархах зүйл лав алга.

Олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцааны ханшийн уруудалтад нөлөөлөх гадаад шалтгаан цөөнгүй бий л дээ. Дэлхийг сандаргаж эхэлсэн коронавирус, худалдааны дайн, Европын холбооны тодорхойгүй байдал, их гүрнүүдийн эдийн засгийн харилцааны ойлгомжгүй аяс, эрдсийн зах зээлийн ороо бусгаа өнгө гэж ирээд тоочвол нэлээд шалтгаан байгаа. Гэхдээ хамгийн гол шалтгаан нь бид өөрсдөө. Тодруулж хэлбэл, уул уурхайн салбар дахь бодлогын тогтворгүй орчин, улс төрийн ойлгомжгүй байдал дэлхийн хөрөнгө оруулагчдаас таагүй үнэлгээ авахад хүргэж байна.

“Оюу толгой”-н 66 хувийг эзэмшдэг TRQ-гээр жишээлье. Манай улсын зүгээс үзүүлсэн улс төрийн реакци хувьцааных нь ханшид хэрхэн нөлөөлсөөр өнөөдрийг хүрснийг эргэж харцгаая. Засгийн газар 2013 онд “Оюу толгой”-н үйл ажиллагаанд шалгалт оруулж, гэрээг эргэн харах санал тавьсныг уншигчид санаж байгаа байх. Тухайн үед Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, Уул уурхайн сайд Д.Ганхуяг гэсэн албан тушаалтнууд энэ ажилд гол оролцоотой ажилласан юм. Энэ үед TRQ-ийн хувьцааны ханш унасныг нийтлэлд онцолсон графикаас харж болно. Үүнээс хоёр жилийн дараа буюу 2015 онд Оюу толгойн гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурахад TRQ-ийн хувьцааны ханш өсч байв. Дубайд шийдэл болсон энэ үйл явдал хувьцааны ханшийг өсгөсөн бол 2018 оны хоёрдугаар сард Өмнийн бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг цуцлах шийдвэр TRQ-ийн хувьцааны ханшийг унагах шалтгаан болсон юм. Өмнийн бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг цуцалснаас сарын дараа УИХ Оюу толгойг шалгах үүрэгтэй ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир тэргүүтэй 13 гишүүний оролцоотойгоор байгуулж байв. Энэ үед хувьцааны ханш мөн л савлаж уруудсан нь графикаас тодорхой харагдана. Сүүлд өрнөсөн нэг үйл явдал бий. “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын зүгээс Дубайд гарсан шийдэлтэй холбоотойгоор засгийг буруутгасан нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шүүхээс нэхэмжлэлд толгой дохисон өдөр TRQ-ийн хувьцааны ханш унасан юм. Хэрэгжиж буй төсөлтэй холбоотой эерэг мэдээлэл хувьцааны ханшийг өсгөж, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмдэг, төсөл тойрсон улстөржилт хувьцааны ханшийг унагаж, Монголыг хөрөнгө оруулагчдад “найдваргүй түнш” гэж харагдуулдаг энэ мэт жишээг жагсаавал өчнөөн түүх өгүүлж болно.

“Голомт капитал”-ын Арилжааны хэлтсийн ахлах ажилтан О.Одбаяр “Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьд компанийн үйл ажиллагаа, санхүүгийн нөхцөл байдал зэргээс илүүтэйгээр улс төрийн тогтворгүй байдал хувьцааны ханшид нь сөргөөр нөлөөлдөг. Оюу толгой гэх том төсөл дээр тогтворгүй байдал үүсэхэд бусад жижиг, дунд төслүүдэд шууд сөргөөр нөлөөлдөг. Хувьцааны ханш өсөх, эсвэл унах нь богино хугацаандаа эрэлт, нийлүүлэлтээс хамаарна. Ханш унаж байна гэдэг нь хувьцаагаа зарах тал илүү давамгайлж яваа гэсэн үг. Монголын компаниудын хувьд хувьцаа нь эрэлттэй байхын тулд яах ёстой вэ, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, хувьцаа сонирхогчид юуг голчилж хардаг вэ гэсэн асуултын хариу нь маш тодорхой. Хөрөнгө оруулагчдын чухалчилдаг гол зүйл бол ерөөсөө л улс төрийн тогвортой байдал. Сүүлийн жишээ гэхэд Оюу толгой төсөл дээр УИХ-ын тогтоол гарсан даа. Яг тэр үед TRQ-ийн хувьцааны ханш өссөн. Тодруулж хэлбэл, асуудал шийдэгдсэндээ биш, ямар ч байсан тодорхой бус байдал харьцангуй буурлаа гэсэн дүгнэлтийг хөрөнгө оруулагчид хийсэн хэрэг” хэмээн онцолсон юм.

О.Одбаярын ярианаас “TRQ-гийн хувьцааны ханш бусад төсөлдөө ч нөлөөлдөг, энэ компанийн хувьцааны савлагааг хөрөнгө оруулагчдын Монголд тавьж буй дүн гэж ойлгож болно” гэсэн гаргалгааг төвөггүй хийчихэж болж байна. Нийтлэлийн эхэнд уул уурхайгаас гадна криптовалют, каннабис гэх мэт доллар татах шинэ орон зай үүссэн, хөрөнгө оруулагчид тэр орон зай руу хуйларч буй тухай онцолсон. Өнгөрсөн хоёр, гурван жил ногоон валютыг өчнөөн тэрбумаар нь татсан эдгээр шинэ зах зээлүүдийн хөөс хагарч эхэлсэн, өнөө жилээс ийш чиглэсэн долларын урсгал татарна гэх таамгийг шинжээчид онцлоод эхэлчихлээ. Бүр тодруулж хэлбэл, долларын урсгал эргээд уул уурхайн салбарт төвлөрөх зураг гараад ирчихэж. АНУ, Хятадын худалдааны дайн зөөлөрсөн, эрдсийн эрэлт дажгүй, үнэ давгүй гэх мэт эерэг шалтгаанууд бас бий. Тэгэхээр хайгуулын лиценз олголтоо үргэлжлүүлж, хэрэгжиж яваа төслүүддээ хэвийн ажиллах боломж олгож, улстөржилт, попролт, тогтворгүй байдалдаа баяртай гэж хэлж чадвал бидэнд боломж байна. Гэхдээ болгоомжлох өнцөг бас байна аа. Салхитыг барьцаалж хөгшдийнхөө тэтгэврийн зээлийг тэглэх популизм ганц ордоос халиад төрийн өмчийн “Эрдэнэс Монгол”-ыг онилчих шиг боллоо. Стратегийн ач холбогдолтой, төрд данстай томоохон ордуудыг эзэмшдэг ганц компаниа популист амлалт, арилжааны банкуудын барьцаанд өгөх нь гэсэн хардлага биеллээ олвол хөрөнгө оруулагчид Азийн Монголыг дахиад л эргэлзсэн харцаар харцгаана.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Сонгуулийн наана “намаас хасалт”-ууд идэвхжих бололтой

Дэлхийн дийлэнх оронд улс төрийн намууд төрийн эрх барьдаг. Хүн өөрийн итгэл үнэмшлээрээ намд элсэж, гишүүн болдог. Манайд ч үүнийг Үндсэн хуулиар баталгаажуулчихсан. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэж тодотгож байгаад нийт 18 заалт бичсэн байдаг. Үүний арав дахь заалтад “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно” гэж намын гишүүнийг, эвлэлдэн нэгдэхийг Үндсэн хуулиараа баталгаажуулсан байна. Тэгтэл намын дарга, Хяналтын хорооныхон гэх мэт нөхөд дүрэм зохиогоод гишүүнээ намаас хасч байгаа нь Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа хэлбэр мөн л дөө. Хууль, дүрэм, журам, тогтоол, шийдвэрүүд дундаас хамгийн том нь хууль юм. Харин бүх хуулийн эх үндэс нь Үндсэн хууль. Үндсэн хууль дээр эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулчихсан байхад дүрэм гэж нэг юм яриад гишүүнийг намаас нь шууд хасч байгааг Үндсэн хууль зөрчиж байгаа гэж харахаас өөр аргагүй байна. Дүрмээр Үндсэн хуулийг зөрчиж болохгүй. Харамсалтай нь ийм нөхцөл байдал Монголын улс төрд ужгирсан. Ганцхан МАН-ыг хэлж байгаа юм биш. Бусад нам, улс төрийн хүчнүүд ч намаасаа гишүүн хаслаа, хөөлөө гэцгээдэг.

Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр намаасаа хасагдлаа. Энийг улс төрийн буруу жишиг, буруу дүрэм гэж харсан учраас үүнийг бичиж байна. Ерөнхийдөө ажиглаад байхад намынхаа даргын үгэнд ороогүй хүнийг намаасаа хасдаг тогтсон хэв маягтай.

Намаас хасагдсан хүмүүсийн нэрсийг жагсаавал урт дараалал болно.

Ардчилсан нам гэхэд л сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд Н.Алтанхуяг, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг намаасаа хасчихсан. Гэтэл энэ хүмүүсийн хувьд сайн дураараа эвлэлдэн нэгдсэн Монгол Улсын иргэд. Намынхаа ямар нэг дүрэм, журмыг лав зөрчсөн талаар юм дуулдаж байгаагүй. Зүгээр л намын даргадаа үл таалагдах юм уу эсвэл тухайн нам нь ард түмэнд шударга болж харагдах гэхдээ л попорч, гишүүнээ намаас нь хөөдөг. Шударга болж харагдах гэсэн поп сэдлийн үүднээс намаасаа хөөж байсан түүх олон.

Н.Номтойбаярыг ч мөн адил тэгж хөөж байна. Хүмүүст нэг их шударга нам болж харагдах гэсэн хэлбэрийн төдий асуудал юм даа. Өнгөрсөн жил дээ, Хотын даргын сонгуульд амжилттай өрсөлдөж бараг сонгогдохын даваан дээр намаасаа хөөгдсөн НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун байна. Бас УИХ-ын гишүүн О.Баасанхүүг ч нэрлэж болно. Түүнийг намаасаа хасагдлаа л гэсэн. Энэ хүмүүс дүрэм зөрчсөн юм байхгүй шүү дээ. Хууль зүйт нийгэмд ийм хууль зөрчсөн үйлдлүүд байж боломгүй.

Намаасаа хасалт хийж байгааг нь хөндлөнгөөс харахад, нэг хэсэг нь хуйвалдаж нөгөөгөө хөөж байгаа хэрэг. Хувийн таагүй харилцаанаас үүдээд ямар ч хамаагүй нэг дүрэм зохиогоод олонхи нь тэр дүрмээ урдаа бариад л цөөнхөө хавчаад намаасаа гаргачихдаг.

Энэ бүгдийг өнгөцхөн харахад нэгдүгээрт, эдгээр хасалт нь намын дотоод амьдрал, дотоод асуудал мөн нь ч мөн. Хоёрдугаарт, намыг нь маш шударга, зарчимч мэт харагдуулдаг байж болно. Гэвч хууль зүйн талаас нь үзвэл хэсэг хүн хуйвалдаад олонхоороо юу ч хийж болдог, хууль, дүрэм зохиогоод юу ч хийж болно гэсэн сөрөг ойлголтыг нийгэмд төрүүлдэг. Сүүлийн үед Монголын нийгэм нэг л газраа цовхчоод байгаагийн хамгийн гол буруутан нь энэ болчихоод байна. Олуулаа нийлээд хууль зөрчиж болдог, олонх нь хүсч байвал хууль зөрчиж болно гэсэн энэ үзлээс болоод манай нийгэм хөгжиж чадахгүй байна.

Сангуудыг хуурайлж, ЖДҮ-г хулгайлсан гэх бүх асуудал бол олуулаа нийлж, өөрсдөдөө таатай хууль “хийгээд” тэрийгээ зөрчиж байгаа үйлдэл. Энэ бүгдийн эх бол намаас хасах гэсэн энэ хууль бус ажиллагаа юм.

Сонгууль дөхлөө. Одоо намын даргаасаа зөрсөн болгоныг намаасаа хасаад хасаад л явчихна. Ингэхээр намуудын хасалтууд цагаа дагаад идэвхжих нь тодорхой. Үүнээс л үүдэж эцэстээ нам хөгжихгүй байгаа юм. Нам гэх тодорхой зохион байгуулалттай нийгмийн институт ганцхан хүний хувийн компани болж хувирчихаад байна. Үүнээс үүдэж нам доторх олон ургалч үзэл, хоорондын шударга өрсөлдөөн гэх үнэт зүйлс байхгүй болчихлоо. Нам гэх ойлголт нийгэмд нэр хүнд муутай байгаа нь үүнтэй холбоотой л доо.

Даргынх нь санаатай санал нийлэхгүй гишүүн байвал толгой дараалан зайлуулаад байвал яаж тэр нам хөгжих вэ дээ. Хоорондоо эрсэлдэж, тэрсэлдэж, хурцлагдаж байж нам хөгжинө. Нам хөгжих нь алсуураа нийгэмд тустай. Шударга, ил тод, үзэл бодлын элдэв зөрчилдөөн дундаасаа нэгийг нь гаргаж ирж, түүнийгээ дагадаг. Намд ийм хэлбэр байхгүй болчихоод байна. Маргаан мэтгэлцээний зарчим алга болчихож.

Нам бохир байхаар Монгол төр тэр чигтээ бохир болоод байна. Үүнээс болоод намын нэр хүнд ард түмний дунд уначихсан. Голлох хоёр нам нийлээд ч нийгэм дэх рейтинг нь 20 хувьд хүрэхгүй байна гэсэн судалгаа гарчихсан байгаа нь үүнийг баталж байгаа юм. Ингэхээр намыг хуулийн дагуу ном дүрмээр нь байгуулж, ажиллуулахдаа Үндсэн хуулиар иргэнд олгогдсон баталгаатай эдлэх эрхийг зөрчихгүй байх нь энэ цаг үед гол асуудал болчихлоо.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Зовлонгоор зоологсод буюу коронавирусийн сургаар монголчуудын үнэн төрх илэрч байна

БНХАУ-ын Ухань хотод шинэ төрлийн коронавирусийн тохиолдол 12 дугаар сарын сүүлд бүртгэгдэж. Хамгийн сүүлийн мэдээллээр олон улсад 2823 хүн халдвар авсан гэж бүртгэгдэж, 81 хүн нас барж, 57 хүн эдгэрсэн байна. Хятадаас гадна 35 оронд вирусийн халдвар бүртгэгдсэн. Монгол Улсад энэ өвчлөлийн тохиолдол өнөөдрийн байдлаар бүртгэгдээгүй. Япон улсаас хамгийн сүүлийн үеийн оношлуур аппарат өчигдөр манай улсад ирсэн. Халдварын голомт болох Хятадын Ухань хотод байгаа манай улсын гучин иргэнийг авчрах асуудал одоогоор эцэслэгдээгүй. Өчигдрийн байдлаар албан ёсны эх сурвалжийн мэдээлэл ийм байгаа. Харин шинэ төрлийн коронавирусийн сургаар монголчууд сандран үймэлдэж байна. Улс орноороо ингэж сандран үймэлдвэл тухайн улс орон сүйрнэ. Сандрах, сандаргах ийм үйл хэрхэвч гаргаж болохгүй. Дайны хажуугаар дажин гэгчээр вирусийн сургаар л манайхан үнэн төрхөө харууллаа. “Уханьд байгаа гучин иргэнийг авчирч яах гээв. Гучийг авчирч гурван саяулаа устгах гээ юү, дэлгүүрүүд хоосорно, хүнсээ бөөгнүүл. Архи уувал сайн гэнэ” гэлцэв. Маргааш дэлхий сөнөнө гэж итгээд лаа, шүдэнз, хоол хүнсээ базааж лагерь явцгааснаас ялгаагүй шаагилдаж байна. Үнэн хэрэгтээ дэлхий сөнөвөл хуйгаараа л сөнөмөөр юм. Лагерьт очоод амь аврагдана ч гэж юу байхав. Яг тэр үеийнх шиг коронавирусийн сургаар байсхийгээд л тэгж гэнэ, ингэж гэнэ гэсэн айдас хүйдэст автуулмаар эзэн нь тодорхойгүй хөөсөрсөн мэдээллүүд эх захаа алдлаа.

Тахал, аюул гамшиг өөрийн гэсэн менежмэнттэй байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Сурталчилгаа, мэдээллээ үнэн зөв явуул, хөл хорио тогтоо, эрсдэлтэй бүсэд хүн битгий явуул, маскаа зүү, дархлаагаа дэмж” гэж байнга сануулж байгаа. Манайхан сонин улс шүү. ДЭМБ-ын зөвлөгөөг дагаж маскаа зүүгээд дархлаагаа дэмжихийн оронд маскаа зүүхгүй, зах худалдааны төвд л хүнс нөөцлөөд алаан болж байх жишээтэй. Бусад улс орнууд ДЭМБ-ын зааварчилгааг иргэддээ хүргэж, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж байна.

Коронавирусийн голомт болсон нутаг дэвсгэрийг эс тооцвол өвчлөл бүртгэгдээгүй байгаа манайх байтугай бүртгэгдсэн улс орнуудад ч бүх зүйл байдгаараа. Хүүхдүүд сургуульдаа явж, оюутнууд хичээлдээ шамдаж, хүмүүс ажлаа хийж байна. Бид сургаар сандчаад өчнөөн юм болж байна. Хамгийн эхлээд сургууль, цэцэрлэгээ хаачихлаа. Гэхдээ зөвхөн шинэ төрлийн коронавирус биш, томуугаа дийлэхээ больсондоо давхар бантаад хаачихлаа. Ингэмэгц хүмүүс ч улам сандралдаж эхэллээ. Араас нь насны ангилал яриад оюутнуудыг хичээлдээ явуулахгүйгээр хаалаа. Бөөн далим.

Оюутнуудын хичээлийг хойшлуулсан нь сонгуулиар бөөнөөр нь санал өгүүлэх алсын бодлоготой улс төр хийж байна. Үнэхээр хөл хорио тогтоож байна уу гэхээр үгүй юм шиг. Төрийн ордондоо зах ажиллуулж байх юм. Хятадад онц байдал тогтоосон газруудад бүх үйл ажиллагаа зогссон болохоос бусад хот, сууринд сургууль, цэцэрлэг, дээд сургуулиуд хэвийн ажиллаж байна. Хойд хөршийн хэвлэлүүдэд “Вирусийн голомттой Хятадад сургууль, цэцэрлэгээ хаагаагүй байхад Монгол Улс хаачихлаа” гэсэн мэдээллүүд дүүрэн.

Манай улстөрчид маяглаж улс төр хийгээд л, дур дурандаа дэмий ярьж, сошиал сүлжээгээр цацаж байна. Ийм их зантай, том том ярих хэрнээ оношлогоо хийх аппаратгүй, энэнийх нь балгаар эмийн санд маск, ариутгагч бодис, спирт байхгүй болчихсон. Аль хэдийнэ ах дүү нартаа жоорлож, танилууддаа хувааж өгч байгаа. Улстөрчдийн юу ч мэдэхгүй маяглалаас болж нийгмийн сүлжээгээр тохуурхсан худал мэдээ их явж байна. Нэг менежмэнтээр, дэлхийд шалгарсан аргаар явуулахгүй, ингэж ард түмнээ турхираад байвал бужигнаан үүсэхийг үгүйсгэхгүй. Нэг хүн коронавирусийн халдвар авсан л гэвэл эмийн сан руу дайрах, эмнэлэг рүү хүч түрэн орж, тариаг нь булааж аваад өөрсдөдөө шахаад эхэлбэл яах юм. Аюул, гамшгийн үеийн менежмэнтийг хатуу мөрдөж, төр засаг ганцхан хоолойгоор дуугарч байх хэрэгтэй. Элдвээр үймүүлж, худал мэдээлэл түгээж байгаа сошиал сүлжээнд хяналт тавих хэрэгтэй байна. Төр засгаас албан ёсны мэдээллээ ийм телевиз, сонин, сайтаар явуулна гэдгээ нэр зааж, үнэн бодитой мэдээллийг нэр дурдсан хэвлэлээр явуулна гэдгээ зарлах хэрэгтэй байна. Үнэн, худлыг ингэж зааглаж өгье. Эрүүл мэндийн яамнаас өчигдөр л мэдэгдэл гаргасан байна лээ. “Нийтийн цахим сүлжээгээр шинэ коронавирустэй холбоотой үндэслэлгүй, буруу ташаа мэдээллийг тодорхойгүй хаягнаас эрчимтэй тарааж олон нийтийг хий айдас хүйдэст автуулан түгшээж байна. Иргэд та бүхэн эх сурвалж нь тодорхойгүй аливаа мэдээллийг шууд түгээхгүй байх, зөвхөн албаны эх сурвалжийн мэдээллийг авах, түгээхэд иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд ёс зүйтэй, хариуцлагатай хандахыг уриалж байна. Ямар нэгэн үндэслэлгүй, ташаа мэдээллийг олон нийтэд түгээж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг анхааруулж байна” гэжээ. Хэдэн жилийн өмнө SARS, холер тахал дэгдэхэд нийгмийн сүлжээ болоод ихэнх нь бараг дуулдаагүй өнгөрсөн. Тоймтой хэдэн хэвлэлээр мэдээлэл явж анхааруулаад айдас хүйдэсгүй хэвийн даван туулсан. Одоо бол хүн болгон нийгмийн сүлжээнд байгаа учраас хяналт тавих хэрэгтэй байна. Худал мэдээлэл түгэх их аюултай. Сургаар нь ингэж үймэлдсээр байгаад яг жинхэнэ аюул тулгарахад гар нүцгэн, нэгдсэн зохион байгуулалтгүй, зогсож байх вий. Аюул ослыг нэгдсэн удирдлагатай, зохион байгуулалттай, зоригтой, хатуу сахилга баттай байж туулдаг. Үнэн зөв мэдээлэл аюулын үед маш чухал. Элдэв цуурхал, маазрал, худал мэдээллийг даруй таслан зогсоох хэрэгтэй байна. Төр засаг ийм үед маш хатуу хяналттайгаар мэдээлэл түгээлт, тараалт, эм тариа, маск, ариутгалын бодис, хүнсний түгээлт тараалтад хатуу хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Худал мэдээлэл маш ноцтой. Хэн үнэн, хэн худал ярьж байгааг ялгахын эцэс алга. Энэ олон мэдээллүүд хий дэмий л улсуудыг сандаргаад байдаг. Аюул ослын үед хамгийн гол юм бол үнэн зөв мэдээлэл. Яг үүнтэй адил хамгийн гол дайсан бол худал мэдээлэл. Хэдэн лайкнаас болж амиа өгөхөөс буцдаггүй хүмүүс та бидний амьдралыг эргүүлэх ямар ч мэдээг лайк цуглуулахын тулд нийтэд тавьсныг тааж мэдэх хэцүү. Тэр худал мэдээллийн эргүүлэгт автаж амь амьдралаа золиосолж, буруу шийдвэр гаргуузай. Японд газар хөдлөлт болоход аюулын үеийн мөрдөх ёстой дүрэм журмаа л барина уу гэхээс айж сандарч цочоод байх нь үгүй. Хэрэв гамшгийн үеийн дүрэм, журмыг баримтлахгүй айж сандарч үймээд байвал илүү их хохирол учирч болзошгүйг анхааруулдаг.

Эмч эмнэлгээс түрүүлж онош тавьж, сошиалаар баахан шуугиулж зовлонгоор зоологсод ямар олон болоо вэ. Тэр тусмаа монголчууд бид бие махбодын дархлаанаас илүүтэй оюун санаа, сэтгэлийн дархлаа суугаагүй, эхний давлагаанд л сайн дураараа живчих хүмүүс юм. Бидний үнэн төрх иймэрхүү үед улам тод илэрч байна. Санаж байгаа бол Японд байгалийн гамшиг болоход Наритагийн нисэх онгоцны буудалд онгоц хойшлогдож, олон орны зорчигчид нөхцөл байдлыг ойлгож, тэвчээртэй хүлээж байсан. Манай МИАТ-ийн бүртгэлийн хэсэгт л зорчигчид нь хэрүүл шуугиан тарьж, үймж бужигнасан. “Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлах” гэдэг л энэ буюу.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Уул уурхайг ад үздэг аймгууд уутаа гөвж байна даа

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварын дүнг танилцууллаа. Өөрөөр хэлбэл, Монголын 21 аймгийн аль нь өнгөрсөн онд чадал чансаатай байсан бэ гэдгийг гаргасан хэрэг. Өрсөлдөх чадвараараа Орхон аймаг тэргүүлж, Өмнөговь, Дорноговь аймгууд удаалжээ. Эд бол эдийн засгийн хувьд тамир тэнхээтэй, засаглал болон бизнесийн үр ашиг өндөр, дэд бүтэц хамгийн сайтай аймаг. Харин 21 аймгаас өрсөлдөх чадвараараа хамгийн сүүлд Булган, Архангай, Говь-Алтай орсон байна. Эд бол юм юмаараа бусдаасаа хамгийн доогуур үзүүлэлттэй, ядруухан аймаг юм. Өрсөлдөх чадварын энэхүү жагсаалтаас хаана хүмүүс ашиг орлого багатай амьжиргаа тааруу байгааг, ажилгүйдэл, ядуурал аль аймагт их байгааг харж болно. Ажилгүйдэл, ядуурлын ард архидалт, хулгай дээрэм гээд гэмт хэрэг ч өндөр байдаг. Нутаг орон нь уруу дорой байгааг дарга, удирдлагуудынх нь зохион байгуулалт, арга барилтай холбоотой л байх. Хамгийн гол нь өрслдөх чадвараараа сүүл мушгисан аймгууд эдийн засгийн суурь үндсээ буруу ойлгож, попролыг дэмжиж, амьдралаас тасарсны гай юм. Эдийн засгийн суурь нь буруу болохоор яаж хөгжих билээ.

Энд нэг зүйлийг анзаарч, анхаарч байна уу. Уул уурхайтай аймаг л өрсөлдөх чадвараараа дандаа түрүүлж байна. Тэнд амьжиргаа сайн байна. Ард түмэн нь аз жаргалтай амьдарч байна. Харин уул уухайгаа ад үзсэн аймгууд уутаа гөвдөг гэдэг нь бэлээхэн харагдаж байгааг анзаарав уу. Өрсөлдөх чадвараараа сүүл мушгисан дээрх аймгуудын Засаг дарга нар саяхан “Бид уул уурхайгүй жишиг аймаг болно” хэмээн мэдэгдэж байсан. Тэгж хэлснийх нь төлөө попууд эхэр татах нь холгүй нулимс унаган алга ташиж, хаа сайгүй зургийн аппаратны гэрэл гялсхийж, сүйд болон баярлалдаж байв. “Бид анхдагч” гэлцээд л.

Тэгвэл одоо хар даа, яг ингэж зарласан Булган, Архангай, Говь-Алтай Монголын бүх аймгийн сүүлд орлоо. Булган аймаг Сайханы айргаа зараад амьдрал нь дээшилж байна уу. Говь-Алтай замбай гурилаа, Архангай цагаан идээгээ зараад эдийн засаг нь өөдлөв үү. Үгүй байна. Хамгийн сүүл мушгисан хэвээрээ байна. Уул уурхай муухай хэмээн мунхарсаар байвал улам л хойно үлдэх нь тодорхой юм.

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж чадсан нь л дэлхийн хөгжилтэй эн зэрэгцэнэ гэдгийг түрүүлж ойлгосон аймгууд эдийн засаг болон бусад үзүүлэлтээрээ тэргүүлж байна. Өнөө жил Орхон аймаг түрүүллээ. Булган сүүл мушгисан. Энэ хоёр аймаг хоорондоо 70-хан км зайтай. Өрсөлдөх чадварын хоёр туйл болсон аймаг. Нэг нь түрүүнд, нөгөө нь бөгсөнд. Түрүүлж, удаалсан аймгуудын Засаг дарга нарын менежмэнт, удирдан зохион байгуулах чадвар бусдаасаа тэнгэр, газар шиг ялгаатай гэж би огт бодохгүй байна.

Орхон аймаг уул уурхайгаа унагана гэж яваагүй. Эрдэнэт үйлдвэр жамаараа ажиллаж байгаа учраас л Орхон бусдаасаа дээгүүр үзүүлэлттэй байгаа юм. Булган аймаг ч мөн жамаараа, уул уурхайгүй болно гэж зүтгэсээр яваад сүүлдэж хоцорч байна. Уул уурхайтай аймгуудын улсад өгдөг татаасаар л Булган, Архангай, Говь-Алтай өдий зэрэгтэй амьдарч байгаа юм.

Цаашид бид бүгдээрээ зүгээр л жамаараа амьдармаар байна. Завсрын үед бий болсон “уул уурхайг эсэргүүцнэ” гэдэг тэнэг үзлээсээ салах хэрэгтэй болжээ. Улс гүрэн яаж амьдардаг тэр жамаар л амьдрахаас өөр арга байхгүй. Уул уурхай ажиллаж л байдаг, хараа хяналт, дэмжлэг туслалцаа нь хамт явдаг. Ус гол нь урсаж л байдаг, харуул хамгаалалт, арчилгаа тордлого нь нэгэн цогц байдаг. Улс гүрэнд юу хэрэгтэй байна, тэр бүхэн нэг нэгэнтэйгээ харилцан хамааралтай зэрэг хөгжиж байдаг. Дэлхий ертөнц ингэж л хөгжиж байна.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан нар казинод орж туршлага судалсан гэв үү

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тогтохсүрэн, Монгол Улсаас Австралийн холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүү нар “The Star Sydney” казинод

Манай төрийн өндөр албан тушаалтнууд австралийн сидней хотод казинод байгаа хэд, хэдэн зураг цахим сүлжээнд тархаж эхлээд байна. Олон нийтэд ил болоод байгаа зураг дээрээс УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Монгол Улсаас Холбооны Австралийн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүү нарыг харж болно. Тэд энэ сарын 13-15-нд Австралийн Холбооны Улсад болсон ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй парламентын гишүүдийн айлчлалын багийн бүрэлдэхүүнд явсан гишүүд юм. Тэднээс гадна УИХ-ын даргатай хамт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат нар ч явжээ.

Тэгвэл казинод орсон гишүүд өчигдөр ээлж дараалан тайлбар хийсэн юм. Хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Энэ сарын 13-15-нд олон улсын чуулганд оролцсон. 17-ны өдөр Сидней хоттой танилцах нэг өдрийн аяллын хөтөлбөр байсан. Энэ хүрээнд Казиногийн худалдаа бизнесийн хамгийн том төвтэй бид Элчин сайдын хамт танилцсан. Энэ төв нь дэлгүүр, ресторантай. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүү бид дөрөв казинод ороод гарсан. Энэ хооронд сууж байгаа, зогсож байгаа зураг авсан байна лээ. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээр ахлуулсан Казиногийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ парламент амжвал Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Үүнийг бодолцоод бид дөрөв энэ талаар ойлголттой болохоор сонирхож орсон” гэв.

Энэ мэдэгдлийн дараа УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Энэ өдөр Сиднейгийн түүх дурсгалын газар, аялал жуулчлалын төвөөр орох хуваарьтай байсан. Тиймээс аялал жуулчлалын том төв болох “The Star Sydney” төвөөр орсон. Үүгээр явж байхдаа казиногоор ороод гарсан нь үнэн. Харийн оронд бид нэг л монголчууд, түүнээс аль нэг намын ч юм уу ялгаа байдаггүй. Чөлөөт цагаа нэг сайхан чөлөөтэй өнгөрөөе гэдэг бодол хүн болгонд байдаг. Энэ утгаараа тэнд ороод гарсан нь үнэн. Д.Тогтохсүрэн гишүүний хажууд зогсож байсан нь би мөн. Гэхдээ би мөрийтэй тоглоогүй. Бид дөрвүүлээ ороод цаг гаруй болоод гарсан.

Бидний дунд мөрийтэй тоглох мөнгөтэй хүн ч байгаагүй” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Би 20 гаруй жил Казиногийн тухай хуулийг эсэргүүцэж ирсэн хүний нэг. Ингэж эсэргүүцсэнийхээ төлөө адлуулж ч ирсэн. Сая Австралийн Канберра хотод болсон олон улсын Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд УИХ-ын нэр бүхий гишүүдтэй оролцоод ирэх үеэрээ казино гэж ямар байдаг юм, манайд энэ хуулийг батлах шаардлага байна уу, үгүй юу гэдгийг судалж үзэж сонирхохоор орж танилцсан. Эндээс миний Монголд Казиногийн хуулийг батлах цаг нь болоогүй юм байна гэдэг итгэл үнэмшил маань улам баталгаажсан. Эдийн засаг талаасаа ашиг тустай байж болох ч төрийн хяналтыг алдагдуулах зэрэг сөрөг тал олон юм байна. Казино руу орж сонирхсон гээд хариуцлагын асуудал хөндөгдвөл би хариуцлага хүлээхэд бэлэн. Гэхдээ би Монголын ард түмэнд “Монголчууд Казиногийн хуультай болох цаг нь биш” гэж хэлэх үгтэй. Нийгэм ч үүнийг нотолж байна” гэжээ. Ямартаа ч Австралийн казинод “морилсон” гишүүд дээрх тайлбарыг хийлээ. Тэдний зургийг нууцаар авч олон нийтийн сүлжээнд байршуулсан хүн нь УИХ-ын даргын зөвлөх гэсэн аман яриа гараад байгаа юм. Гэхдээ техник технологи хөгжсөн энэ үед тэдний зургийг хэн ч авах боломжтой, түүнийгээ тэр дороо дэлхийгээр нэг цацах боломж ч бий. Тэгээд ч Австралид ажиллаж, амьдарч буй монголчууд маш олон. Одоогийн байдлаар 5000 орчим монгол иргэн Австралид ажиллаж, амьдардаг судалгаа байна.

Дээрх гишүүдийн тоглосон гэгдэж буй Сидней хотын “The Star” казино нь 1995 онд нээгдсэн. Мэлбурны алдарт “Crow casino”-гийн араас орох Австралийн хоёр дахь том казино гэнэ. Тус казино “The Star Entertainment Group Lim­ited” гэх Австралийн хамгийн том шоу цэнгээний группийн эзэмшилд байдаг. The Star Sydney казино найман баар, долоон ресторан, 351 буудлын өрөө, үйлчилгээний болон хувийн эзэмшлийн 130 айлын орон сууц бүхий шоу цэнгээний томоохон төв аж. Мөн 2000 хүний суудалтай Сидней Лирик театр байдаг. Уг Казиног Шинэ Өмнөд Уэльсийн Казино Хяналтын газар хянадаг бөгөөд Шинэ Өмнөд Уэльсийн цорын ганц хууль ёсны лицензтэй казино гэгддэг юм байна. The Star казинод Mini Bac­carat, Blackjack, Caribbean Stud, Craps, Pai Gow, Pok­er, Pontoon, Roulette, Rapid (хагас электрон) рулет, Sic Bo болон Гурван карт покер зэрэг олон ширээний уламжлалт казиногийн тоглоомуудтай. Түүнчлэн тус казино слот машин, бинго, хурдан рулет, видео покер гэх мэт цахим тоглоомын машины сонголтыг санал болгодог аж.

“The Star Sydney” казиногийн VIP өрөөний ширээний бооцоо тавих хязгаар нь 25 австрали доллараас эхэлж 75.000 австрали долларын хооронд байдаг гэсэн мэдээлэл байна. Түүнчлэн 500.000 австрали доллар хүртэлх ширээний бооцоотой өрөө ч байдаг гэнэ.

Ер нь манай монгол эрчүүдэд тал нутгаас уламжилж ирсэн нэг сонин зан чанар бий. Эрт үеэс монгол эрчүүд даалуу тоглодог байв. Архийг аль ч үед тааваараа хүртэж ирсэн. Дээр нь мал хулгайлдаг гэмтэй. Энэ нь бараг тал нутгийн соёл болж “хөгжсөн” гэхэд хилсдэхгүй. Харин орчин үед монгол эрчүүдийн сонирхол казино болж хувирчихаад байна. Үнэндээ манай төрийнхнөөс гадаад руу томилолтоор явдаг хэн бүхэн очсон газраа казиногоор “айлчилдаг” уламжлалтай. Монголдоо болохоор сөрөг хүчин, МАНАН гэж ирээд талцаад алалцахдаа хүрдэг улс хилийн дээс алхаад л найз нөхөд болчихдог. Үүнийг ч Д.Эрдэнэбат гишүүн “Харийн оронд бид нэг л монголчууд, түүнээс аль нэг намын ялгаа байдаггүй” хэмээн батална лээ. Тэгэхээр зэрэг намчирхана, намаараа ялгарна гэдэг бол ард түмэнд зориулсан жүжиг гэдэг нь ингэж батлагдаж байна. Гэтэл аймаг, сумынхны намчирхал ямар билээ. Эхнэр, нөхөр хоёр намаас болж салж байсан удаатай шүү.

Манайд Казиногийн хуулийг хуудуутай найруулахаас эхлээд хилийн чанадад энд тэнд казинодсон төрийн түшээд манайд тоймгүй олон. Монголд ч байсхийгээд тэр гишүүн казиноджээ гээд л дуулддаг. Казинотой холбоотой зартай нэгэн явдал 1998 оны нэгдүгээр сарын 15-нд УИХ-аар батлагдсан Казиногийн тухай хууль юм. Хуулийн төсөл санаачлагч нь тухайн үед УИХ-ын гишүүн байсан Д.Энхбаатар байв. Зартай гэдэг нь тухайн үед УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаагүй хуулийн төслийг оруулж ирээд гишүүдийн олонхын саналаар батлуулж чадсан байдаг. Тэгээд зогсохгүй Казино байгуулах тендер зарлан “Мон-Макао” гэх компанийг шалгаруулсан. Харамсалтай нь тендер шалгаруулалтын үеэс булхай илэрч, Казиногийн хууль санаачлан батлуулсан Д.Энхбаатар, Д.Баттулга нарын гишүүд “Мон-Макао” компанийнхнаас авлига авсан болж таарснаар шүүхийн шатанд очсон түүх бий. Түүнээс улбаалж Казиногийн хуулийг ч хүчингүй болгосон түүхтэй.

Казинотой холбоотой бас нэг томоохон дуулиан нь “Хадгаламж” банкийг 14.2 тэрбум төгрөгөөр тавьж казинодсон явдал юм. Тухайн үед УИХ-ын гишүүн байсан Г.Занданшатар, У.Хүрэлсүх, Т.Бадамжунай нар “Хадгаламж” банкны 14.2 тэрбум төгрөгөөр тус банкны ерөнхий нягтлан бодогч Ц.Чимэдцэрэнтэй хамт БНСУ-ын “Волкер Хилл”, “Севен Лак” казинод тоглож алдсан шуугиант хэргийг монголчууд мартаагүй. Ингээд зогсохгүй казинодогчид манайд Төрийн тэргүүнээсээ л эхэлдэг. Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ц.Элбэгдорж нарын казино тоглож буй зураг одоо сошиал сүлжээнд байршсан хэвээр. УИХ-ын гишүүдийн цуваа Д.Загджав, Д.Зоригт, Ц.Дашдорж, Б.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, О.Чулуунбат агсан, С.Жавхлан гээд л үргэлжилнэ. Төрийн яам, агентлагийн дарга нар ч казино тоглож байхдаа гэрэл цохиулсан тохиолдол олон. Сангийн яамны газрын дарга Х.Пүрэвсүрэн, Татварын ерөнхий газрын дарга асан Д.Ариунсан, хамгийн сүүлд Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ нар мөрийтэй тоглосон нь ил болсон юм. Төрийн түшээд, дарга нар мөрийтэй тоглосон хэргээр хариуцлага хүлээсэн нь тун цөөн. ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ нар л ажлаас чөлөөлөгдөж, хариуцлага хүлээх шиг боллоо.

Угтаа бол Монгол Улсад казиног хориглосоор ирсэн нь учиртай. Товчхондоо казино мөнгө угаах хамгийн том хэрэгсэл. Казино тоглогчид нэгэндээ хожигдож хувь хүртэнэ, эсвэл казинод асар их орлого оруулаад буцааж хувь авна. Аль, аль нь төр засагт хортой хэлбэр. Тиймээс төр засгаас төрийн түшээд, төрийн албаныхныг хил даваад ард түмний мөнгөөр казино тоглохыг хориглохоор нэлээд хүч үзэж байгаа. Эрүүгийн хуульд Монгол Улсын нутагт казино хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Хамгийн сүүлд өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газрын хуралдаанаар Төрийн албан хаагчид дарга нар гадаадад очиж казино, мөрийтэй тоглохыг хориглох шийдвэрийг гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 40.2-г үндэслэж Засгийн газраас Төрийн бүх шатны албан тушаалтны ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулсан юм. Үүнд, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн гурав дахь хэсгийн 3.1.4.в, 3.1.4.г дэх дэд заалтуудыг нэмж, гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа дипломат ёс жаягийг хатуу барих…мөрийтэй, казино тоглохгүй байхаар тусгаж өгсөн билээ.

Тэгвэл энэ удаагийн дуулиан их л ноцтой нөхцөл байдлыг дагуулж мэдэхээр байна. Австралийн казинод хамт орсон гишүүдийн байр суурь агуулгын хувьд хоорондоо зөрүүтэй харагдаж байна. Д.Тогтохсүрэн гишүүн “Огт тоглоогүй, сонирхоод л гарсан” гэсэн бол Д.Эрдэнэбат гишүүн “Чөлөөт цагаа сайхан өнгөрөөхийг бодохгүй хүн байхгүй. Бидэнд казино тоглох ч мөнгө байгаагүй” гэсэн нь анхаарал татна. Яаж ч бодсон нэг улсын парламентын гишүүн халаасандаа 100 долларгүй гадаад томилолтоор явна гэж байх уу. Тэр тусмаа казино “сонирхох” хөтөлбөртэй явсан гишүүд хамгийн түрүүнд мөнгөө бэлдсэн, эсвэл тэднийг газарчлагч бэлдсэн байх нь гарцаагүй.

Нөгөө талаар тэдний дуу дуугаа авалцан хийж байгаа тайлбараас “Монгол Улсад Казиногийн хууль батлагдахад зориулж сонирхсон” гэх утгатай тайлбар байгаа. Үнэндээ үүн шиг худал зүйл байхгүй. Тэгж яривал биеэ үнэлэлтийг цэгцлэх хууль батлахын тулд Сөүлийн Ягааны гудамжинд очоод солонгос хүүхэн авах нь л дээ, манай гишүүд. Ингэж нэрээ баастаж байхаар “Казино тоглосон, хариуцлага хүлээхэд бэлэн” гээд л зоригтой ярьчих ёстой юм. Казино тоглосон нь ярианаас нь илт, зураг дээрх төрх байдлаас нь ч тод харагдаж байхад яаж худлаа гүжирдэж чадаж байна аа. Тэгэх тэгэхдээ бүр улайрсан шинжтэй харцаар рулетын хүрдийг дагуулж харж байх шиг шинжийг Д.Тогтохсүрэн гишүүний зургаас харж болохоор байсан.

Тоглосноо тоглоогүй, сонирхсон юм гэж хүүхэд хуурч байгаа шиг тайлбарыг одоо монголчууд хүлээж авахаа больсон. Гэтэл төрийнхөн маань ард түмнийг басамжлан доромжилж, ялзарсан байдлаа улам тод харуулсаар байна. Тиймээс одоо эдгээр гишүүдэд ямар хариуцлага хүлээлгэхийг харах л үлдэж байна.


Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимаас казино тоглосон дарга нарыг өөрсдөө ч мэдээгүй байхад шуурхай ажлаас нь чөлөөлж байсан удаатай. Одоо УИХ-ын дарга Г.Занданшатар дагуулж явсан гишүүддээ ямар хариуцлага тооцохыг монголчүүд харж хүлээж байна. Казино тоглосон гэдгээс үл хамаарч тийшээ орсон л бол УИХ-ын гишүүний хувьд ёс зүйн асуудал яригдах учиртай. Нэг ёсондоо ёс зүйн зөрчил аль хэдийнэ үүсээд байна. Тиймээс эдгээр хүмүүсийг УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор оруулах шаардлагатай байна.

Ер нь энэ төр засгийнхан хилийн чанадад Монголын татвар төлөгчдийн мөнгөөр казино тоглодгийг зогсоох хууль батлах шаардлагатай болсныг л удаа дараа сануулаад байна даа.

Б.ЭНХЗАЯА

Б.АМАРТҮВШИН


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Ч.Сайханбилэгийн зоримог шийдвэрээр амь зууж байгаа ард түмэн түүнийг золигт гаргана гэж ч юу байх вэ

Өнөөдрийн эрх баригчдын зүгээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг дараахь зүйлүүдээр буруутгаж байна. Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авах үйл ажиллагаанд гар бие оролцсон гэв. Удаад нь Оюу толгой компанийг илтэд хууль зөрчиж, татвараас чөлөөлсөн гэлээ. Гурав дахь нь Дубайн гэрээнд гарын үсэг зурсан явдал буруу гэнэ. Эдгээр гурван асуудалд эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Түүнийг 2018 оны дөрөвдүгээр сард саатуулан шалгаж, Цагдан хорих 461 дүгээр хорих ангид 60 хоног саатуулсан. Өнөөдөр юу болж байна гэхээр Ч.Сайханбилэгийг хэрэг мөрдөн байцаалтын шатанд байхад гадаад руу оргон зайлсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж эхэлсэн гэх. Түүнд Эрүүгийн хэрэг үүсгэсэн гурван асуудлын улс оронд учруулсан хор хохирол чухам юу юм бэ. Бүгдээрээ харъя.

Эрдэнэтийн 49 хувийг Монголд авчирсан гол буруутан юм байна. Үнэндээ Эрдэнэтийн 49 хувь дээр яасан гэж буруутгаад байгааг ард түмэн ойлгохгүй сууж байгаа. Саяхан УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэхдээ, “Бид Эрдэнэтийн 49 хувийг Монголд авчирснаар нэг их наяд төгрөгийн ашиг оллоо” гэсэн. Ийм зөв шийдвэр байжээ гэдгийг баталж өнөөдрийн төр үнэлж байгаа юм байна. Тэгвэл Монголд 49 хувийг авчрах энэхүү түүхэн шийдвэрийг хэн гаргасан юм бэ. Ч.Сайханбилэгийн Засгийн газар, Ч.Сайханбилэг гаргасан. Мань нөхөр “УИХ-аар хэлэлцээд хэрэггүй, Засгийн газраар шийднэ” гэсэн. Тухайн үед УИХ-аар энэ асуудлыг хэлэлцвэл юу болох байв. Бүгдээр мэдэж байгаа шүү дээ. Барилдахаасаа таахалзах нь гэгчээр баахан юм болно, попорно. Явуулахгүй дээ. Үүнийгээ Ч.Сайханбилэг мэдэхийн цаагуур мэдэх учраас хар толгойгоороо хариуцан байж их наядын ашгийг чинь өнөөдөр авчирсан байгаа нь энэ. “Амьдралын чухал хэсэгт ямагт яаравчлах ёстой” гэсэн алдартай улстөрчийн үг бий. Цаг хугацааны хайч гэж байна. Чуулган дээр гацахад л дараа нь яриа байхгүй тийм хайч үйлчлэх байсан. Их хурлаар оруулалгүй эх орондоо 49 хувиа авчирсан нь тэгээд буруу байж уу. Монголын ард түмнийг тэжээж эхэллээ гэдгийг сая ЗГХЭГ-ын дарга нь яриад эхэллээ шүү дээ. Үүнээс өөр ямар үр дүн өнөөдрийн эрх баригчид Эрдэнэтийн 49 хувиас хүсээд байгаа юм бол. Эрдэнэтийн 49 хувь ирсэн хойноо төрд нь очно уу, хувийн хэвшилд байна уу, ер нь хэнд очих нь Ч.Сайханбилэгт хамаа ч байхгүй. Мөнгийг нь төлсөнөөрөө хувьд л очно биз. Хужаад очих гэж байгаа биш. Монголын хэн нэгэн сортоотойхон аавын хүү мөнгө босгоод авах нь ардчилсан, зах зээлийн нийгэм дэх ердийн л үзэгдэл шүүдээ. “Монголын зэс”-д очсон ч л Монголын ард түмэнд их наядын ашиг ирнэ. Өөр хаачих юм бэ. Эх орондоо л авчирч байвал… гэсэн ийм зоримог шийдвэр гаргаад бурууддаг хүн гэж юу байхав. Цагийн егөө гэж юм байдаг, тэр л явж байна. Тодорхой цаг хугацааны дараа Ч.Сайханбилэг шиг гавьяа байгуулсан хүн байхгүй болчихсон явж байх нь монголчуудын араншин шүү дээ. Яагаад гэвэл Монголын ард түмэн аливааг заавал цаг хугацааны шалгуураар оруулах гэдэг зовлонтой нүүдэлчин сэтгэхүйтнүүд.

Дараагийн эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал нь “Оюу толгой” ХХК-ийг татвараас чөлөөлсөн гэх асуудал. Мэдээллийн хэрэгслүүдээр улиг болтлоо явсан сэдэв дээ. Тухайн үеийн ТЕГ-ын дарга байсан Б.Ариунсанг “Ганц худаг”-т ясыг нь цайтал суулгаж шалгасан асуудал. Юу ч болоогүй. Үүнийг өнөөдөр дахиад л Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг дээр босгож ирж байгаа юм байна. Оюу толгой ХХК-ийн 2010-2018 оны хооронд төсөвт төвлөрүүлсэн татвар хураамж нь 1.6 тэрбум ам.доллараар хэмжигддэг. Татварын орлогоор сүүлийн арван жилд улсад тэргүүлж байсан “Эрдэнэт” үйлдвэрийг 2015 оноос хойш давах болсныг стастистикаас харчихаж болно. Төсөвт үзүүлэх нөлөөллийнхөө хувьд ч “Эрдэнэт”-ээс хавьгүй өндөр байх зураг таамаг гарчихсан. Оюу толгойн 2016 онд төсвийн орлогод эзлэх хувь нь долоо байжээ. 2025 онд хоёр дахин нэмэгдэж 13 хувийг эзэлнэ гэсэн таамаг бий. Оюу толгойн 2017 оны гүйцэтгэлийн статистикуудыг сонирхвол, ил уурхай нь үндэсний компаниудаас 279 сая ам.долларын худалдан авалт хийсэн бол бүтээн байгуулалт нь өрнөж буй гүний уурхай Монголын бизнес эрхлэгчдээс 1.2 тэрбум ам.долларын худалдан авалт хийжээ. 2015-2018 онд “Оюу толгой”-н Монголд бий болгосон эдийн засгийн өгөөжийг сонирхож үзлээ. Шууд өгөөж нь 1.8 их наяд төгрөг. Шууд өгөөж гэдэг нь компаниас Засгийн газарт төлсөн татвар хураамж бусад төлбөрүүд. Төслийнхөн шууд өгөөжөө “50 мянган багшийн дөрвөн жил хоёр сарын цалин” гэж энгийнчилж тайлбарласан байна лээ. Мега төслийн шууд бус өгөөж шууд өгөөжөөсөө ч том тоотой гардаг. Оюу толгой төсөлд шатахуун, тоног төхөөрөмж, үзэг бал гээд бүх төрлийн бүтээгдэхүүн нийлүүлж байгаа компаниудын ашиг, улсад төлдөг татвар хураамж, ажилчдадаа өгдөг цалинг нь шууд бус өгөөж гэж тодотгодог. Тоног төхөөрөмж, элдэв бүтээгдэхүүнээс гадна нийтийн хоол гэх мэт үйлчилгээ нийлүүлдэг компаниуд ч өчнөөнөөрөө бий. Гүний уурхайн бүтээн байгуулалтад гэхэд л “MCS”-ээс эхлээд хэд хэдэн үндэсний компани оролцож байгаа. “Оюу толгой”-н энэ мэт шууд бус өгөөж 2.7 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Энэ хэмжээний мөнгөөр 50 мянган багшийн зургаан жил дөрвөн сарын цалинг тавина. Эсвэл 202 мянга 573 ахмад настны дөрвөн жил зургаан сарын тэтгэврийг олгоно. Бүр цаашлуулж төсөөлбөл 300 ортой төрөх эмнэлэг 90-ийг барина. Ийм л том төслийн татвартай ноцолдоод байгаа юм.

Ч.Сайханбилэгийн хамгийн том буруутан нь болчихоод байгаа гурав дахь асуудал бол Дубайн гэрээ юм. Хүмүүс ч юмыг амархан мартах юм даа. Оюу толгойн гүний уурхайн ажил зогсоход Монголын эдийн засагт ямар аймаар нөлөөлснийг. Монгол Улс элгээрээ хэвтэх шахсан шүү дээ. Валютын орж ирэх хамаг урсгал зогсох шахсан. Хүнээр бол цусны эргэлт нь зогсох шахсан үйл явц эдийн засагт өрнөсөн. Ч.Сайханбилэгийн оронд Ерөнхий сайдаар хэн ч очсон байсан хамгийн түрүүнд улс орондоо мөнгө авчирч болох төслийг л барьж авна. Тэнэг Ерөнхий сайд л үүнээс өөр ажил хийх байх. Тэр хамгийн түрүүнд мөнгө авчирч болох төслөө барьж авсан нь энэ. Тэр нь одоогоос дөрвөн жилийн өмнө Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд Монголын Засгийн газар, “Туркойз хилл ресурс”, “Рио тинто” компанийн төлөөлөл гарын үсэг зурсан үйл хэрэг юм. Оюу толгойн үнэ цэнийн 80 хувь нь гүндээ бий гэсэн тайлбарыг төслийн зүгээс өгдөг. Өөрөөр хэлбэл, гүний уурхайн бүтээн байгуулалт дуусч байж энэ ордын өгөөжийг жинхэнэ утгаар нь хүртэнэ гэсэн үг. Хамгийн их үр өгөөжөө өгөх гүний уурхайн хөрөнгө оруулалт Монголын тэнэг улстөржилтөөс болоод зогсчихсон байсан юм. Аягатай хоолоороо тоглосон, амин чухал эдийн засгаа самарсан энэ асуудалд өмнөх Ерөнхий сайдууд нь айгаад зоригтой юу ч хийж чадахгүй байсан юм. Ч.Сайханбилэг залуу хүн, зоримог, зоригтой шийдвэр гаргаж Дубайн гэрээг байгуулсан. Ч.Сайханбилэгийн энэхүү дайчин шийдвэрээр гүний уурхайн хөрөнгө оруулалт орж ирж, Оюу толгой дахин хөдөлж эхэллээ.

Дубайн гэрээгээр хоёр талын шийдэлд хүрсэн гол асуудал бол зээлийн хязгаар. Зээлийн хязгаарыг зургаан тэрбум ам.доллар гэж тохиролцсон юм. Өөрөөр хэлбэл, шаардлагатай тохиолдолд 1.6 тэрбум ам.долларын нэмэлт зээл гаргах боломжтой гэсэн тохироог хийж байв. Гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилснээр Монголд жил бүр дор хаяж нэг тэрбум ам.долларын урсгал орж ирнэ, далд уурхайн үйлдвэрлэл 2020 оноос эхэлнэ, уурхай бүрэн чадлаараа ажиллаж эхэлбэл зэсийн баяжмалын үйлдвэрлэл 1.1 сая тонноор нэмэгдэж 1.8 сая тоннд хүрнэ. Дубайн гэрээний дараахан “Рио тинто” компанийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Жан Себастиан Жак хэвлэлд ярилцлага өгөхдөө “Бид зэсээс ургац хураах дараачийн цикл эхлэхэд бүх юмаа жигдрүүлчихсэн байх болно. Тэгэхийн төлөө хичээнэ. Зэсээс ургац хураах дараагийн цикл бол 2020 он” гэж онцолсон. Менежмэнтийн төлбөрийг бүх зардлаас зургаан хувь байсныг бууруулж гурав болгосон өөрчлөлт Дубайд шийдэгдсэн. Төслийн менежмэнтийн зардлыг энэ хэмжээнээс ч буулгах боломж бий гэсэн байр суурийг эдийн засагчид хэлдэг. Төслийн менежмэнтийг “Рио тинто” хийж байгаа. Энгийнээр хэлбэл, энэ төслийг удирдаж, менежмэнт хийж байгаагийнхөө төлөө “Рио”-гийн авч байгаа ажлын хөлс төслийн бүх зардлын гурван хувь гэсэн үг. Менежмэнтийн хөлсийг зардлаас биш ашгаас тооцох ёстой гэсэн гаргалгаа эдийн засагчдын дунд яригддаг.

Дараагийн шийдсэн асуудал бол “BHP”-тэй хамаатай. “BHP Billiton” компани анх “Айвенхоу майнз”-д лицензээ шилжүүлэхдээ “Наад газраас чинь юм олдвол бүх орлогоос чинь хоёр хувийг авна” гэсэн тохироо бүхий гэрээ байгуулж байв. Энэ тохироог хүчингүй болгуулсан нь Дубайн гэрээний онцолж хэлэхээр заалтын нэг. Хөрөнгө оруулагч тал рояалтиг цэвэршүүлсэн зэс, алтнаас тооцож өгөх талд зогсч байсан ч Монголын Засгийг төлөөлж хэлэлцээ хийсэн эрхмүүд энэ байр сууринаас нь ухрааж чадсан юм. Бүр тодруулж хэлбэл, Монголын Засгийн газар Оюу толгойгоос рояалти авахдаа цэвэршүүлсэн зэсээс биш, баяжуулснаар нь тооцохоор болсон. Өөрөөр хэлбэл, Монголын тал ахиу рояалти авах байр сууриа Дубайн гэрээнд тусгаж чадсан гэсэн үг. За тэгээд дээжээ Геологийн төв лабораториар заавал давхар шинжлүүлэх, хамгийн өндөр үнэтэй гэгддэг Лондоны металлын биржийн ханшийг жишиг үнэ болгох гэх мэт тохироонуудыг Монголын Засгийн газар, “Туркойз хилл”, “Рио тинто“ компаниуд хийсэн билээ. Суурь том тохироо үр дүнгүүдийг нь хүргэх төдийд ийм юм. Энэнээс өөр үр ашгийн тоо, тооцоонуудыг бичиж болно. Энэ бүхэн чинь л өнөөдөр Монгол Улсыг тэжээж, авч явж байна шүү дээ.

Ер нь бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Эрдэнэтийн 49 хувийг авчраагүй, Дубайн гэрээнд гарын үсэг зурах зоримог үйлдэл хийгээгүй бол өнөөдөр Монгол Улс ямар байх вэ. 1980-аад оны Монгол шиг Эрдэнэтийн талаар амьдарч байсан тийм л дүр зураг руугаа дөхөх байсныг хэн ч бодож үзэхгүй байна. Бодохыг ч хүсэхгүй, түүнийг зүхэн дэвсэлж байна. Төр улсынхаа өмнө ийм гавьяа байгуулсан залуу улстөрчийг дайсан мэт үзэж, дарамталж, шоронд хийж, шонд дүүжлэхээс наахнуур юм болж байгаа нь хэний эрх ашиг юм бэ. Түүнийг шахаж байгаад гадаадад дүрвүүлээд араас нь эрэн сурвалжилж буй мэдээлэл түгээж, олж өгсөн хүнд хоёр сая төгрөг өгнө хэмээн зарлаж, гутаан доромжлох хэрэг байгаа юм уу.

Ч.Сайханбилэг залуу, өндөр боловсролтой улс төрчийн зүгээс гарах тийм зөв шийдвэрийг эх орныхоо эрх ашгийн төлөө гаргасан. Ч.Сайханбилэг бол Монгол Улсын дайсан хэмээн зарим нэг эрх баригчдын эргэн тойронд далдайж байдаг хүмүүс үзэх байх. Түүнээс Ч.Сайханбилэгийн зоримог шийдвэрийн үрээр амьдарч буй ард түмэн юу гэж түүнийг дайсан гэж үзэх билээ. Хүмүүс зөнгөөрөө мэдэрдэг юм. Одоо хүмүүс, ард түмэн даяараа мэдрээд эхэлсэн. Тийм болохоор түүнийг золигт гаргана гэж байхгүй. Ер нь улс төрийн зоримог шийдвэр гаргаж ирсэн улс төрчид болох М.Энхсайхан, С.Баяр, С.Баярцогт… гээд цөөнгүй улстөрчдийн ухаалга шийдвэрүүдийн үрээр амьдарч байгаагаа ард түмэн ойлгодог болоод удаж байна. Харин “дайсан”-уудтай тэмцэж буй цөөн хэдэн эрх баригч үүнийг анзаарч, мэдэрч байгаа болов уу. Цаг хугацааны зүлгүүрээр өнгөлөгдөж эхэлсэн эдгээр улстөрчдийг одоо оролдохоо боль, золигт гаргах гэж улайрч байгаагаа зогсоо.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Манай толгой улстөрчид Оюу толгойн өөдөөс сэлэм сугалахаа больж ширээ түлхэх боллоо

Манай улс төрийн хүрээний дээд хэсэг /Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд/-ийнхэн Оюу толгойн өөдөөс сэлэм сугалж довтлоод байсан. Ерөнхийлөгч гэхэд “Уул уурхайг хураан авч нийгэмчилнэ. Үүгээрээ ард түмний өр төлбөрийг төлж амар сайхан жаргаана…” хэмээн ярьсаар гарч ирснийг бүгд мэднэ. УИХ-ын дарга аль эртнээс л ашиглалт, хайгуулийн хамаг лицензийг хураахад идэвхтэй оролцож, Гадаад хэргийн сайд байхдаа ОУ-д үүнийгээ зарлаж хөрөнгө оруулагчдыг үргээсэн хүн. Ерөнхий сайд ч ялгаагүй, “Гадны хөрөнгө оруулагчдыг хөөж, лицензийг нь хурааж, Оюу толгойтой хатуу ярина” хэмээн улс төр хийж, зарим жижиг уурхайг хааж, эздийг нь барьж хорин ард түмэндээ магтуулж, оноо цуглуулж, эх орончоороо дуудуулан явж өгсөн дөө. Тэдний энэ үгс, попрол нь ард түмний хувь заяанд ямар айхавтар сөрөг нөлөөлөхийг тэд тооцоогүй. Ард түмэн бол бүр ч тоогоогүй. Гэтэл алж талах, хөөж туух дээрээ хүрсэн Оюу толгойн гүний уурхайн хөрөнгө оруулалт нь Монгол Улс дахь гадаадын нийт хөрөнгө оруулалтын 70 хувийг бүрдүүлж байгаа юм шүү дээ.

Одоо харин үнэнтэй нүүр тулж байна. Оюу толгой бол дэлхийд Монголын нүүр царай болсон ганц том төсөл гэдэгтэй. Дэлхийн эдийн засаг, банк санхүү, хөрөнгө оруулалтын орчин Монгол гэж их газрын гүн дэх жижиг орныг Оюу толгойгоор мэддэг, таньж харьцдаг, Олон улсад Монголын байр суурь, нэр нөлөө болдог гэдгийг эрх баригчид ойлгож эхлэв бололтой. Үүний илрэл нь өчигдөр чуулганаар Оюу толгойн гэрээг сайжруулахад чиглэсэн УИХ-ын тогтоолын төслийг гишүүд 100 хувийн саналаар батлав. Өнөө Оюутолгойг үзэн ядаад байдаг гишүүд бүгдээрээ шахуу гар өргөлөө.

Үнэндээ ингэхээс өөр арг агүй байдалд орсон. Дэлхий манай попуудыг хазаарлалаа. Хамгийн эхний ташуур “Саарал жагсаалт” байлаа. Оюу толгойн гэрээг цуцалбал “Хар жагсаалт”-д шууд оруулна гэдгийг Олон улсын байгууллагууд ичиж эрээлэлгүй хэлж санууллаа, манай хэдэд. Монгол Улс анх зах зээлийн нийгэмд шилжсэн ерэн оны үед манайхан хэрхэн хөгөлж байсан талаар Баабар бичдэг. ОУВСантай муудаад Дэлхийн банк руу гүйж очдог, тэнд нүүр өгөхгүй болохоор нь Европын Сэргээн босголт хөгжлийн банкныхантай тохирох гэдэг, болохгүй болохоор нь Азийн хөгжлийн банк руу алхдаг… ингээд бүгд бүтэлгүйтсэний дараа “Яагаад байгаа юм бол” гээд харсан чинь бүгдээрээ цаагуураа холбоотой байгууллагууд байсныг мэдсэн тухай. Яг үүн шиг сая Оюу толгойг хөөж гаргана гэж үймүүлчихээд ОУВС, манай хамгийн том донор Япон улс руу Ерөнхий сайд маань гүйгээд очтол урдаас нь дунд хуруугаа гозойлгов. Тэд “Оюу толгойгоо хөөх гэж байж ямар нүүрээрээ ирэв” гэж хэлсэн. Мэдээж соёлтойгоор ойлгуулсан. Энэ дунд хурууны ард Оюу толгой байгааг манай томчууд ойлгосон. Дунд хурууг тоохгүйгээр цааш попоръё, ард түмэндээ эх орончоороо дуудуулаад явья гэвэл “Хар жагсаалт” эх орныг нь хүлээж байв. Хар жагсаалтад орсон Монгол Улс хоёр хөршөөсөө өөр улс оронтой харилцаагүй болох нь наад захын асуудал юм. Хоёр хөрш маань ямар билээ. Оюу толгойг хөөж гаргалаа гэхэд Монгол Улс дэлхийд шууд ганцаардана. Ганцаардсан хүнд юу бодогддог юм! Амиа хорлох тухай бодогддог. Бүхэл бүтэн улс орны хувьд юу бодогдох уу. Ард түмэн нь амь наана, там цаана Африкийн жишээнүүд байна даа. За яахав, их өөдрөгөөр төсөөлөхөд Хойд Солонгос руу жуулчлалаар явж стрессээ тайлъя гэж магадгүй…

Хууль эрх зүйн хүрээнд Монгол Улс Оюу толгойн гэрээг цуцалснаар Арбитрын шүүх дээр очно. Тэнд ялж байсан түүх манайд байдаг юм уу. Ялагдаад л 50 сая, 100 сая долларын төлбөрт унаастай байдаг биз дээ. Дор хаяж энэ мэт эрсдэл дагуулсан, улс орны хувь заяагаар ч тоглож мэдэх эх захгүй хийрхлүүд хэрээс хэтэрснийг манай томчууд одоо ойлгож эхэлжээ. Тийм болохоор Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганд оролцсон 46 гишүүн бүгд дэмжлээ. Уг тогтоолд Оюу толгойн гэрээг сайжруулж, хуульд нийцүүлэх найман зүйлийг багтаасан байна. Чуулганы хуралдааныг харж байхад дуугарч байгаа гишүүд нь А.Сүхбат, Н.Амарзаяа нар. А.Сүхбат гишүүн “Оюу толгой гэрээ бол маш муу гэрээ байсан. Оюу толгой өдөрт 5 сая долларын борлуулалт хийдэг гэсэн. Монголын ард түмэн рояалти авах хэрэгтэй. Гэрээг дахин авч үзэн, ширээний ард сууж, Монголын ард иргэдэд өгөөжөө өгөх хэрэгтэй” гэв. Гэрээг ойлгохыг хичээсэн байна. Таван сая доллар, рояалти… гэхчлэн. Н.Амарзаяа гишүүн “ОТ төсөл хэрэгжсэнээр Монголын залуус олон улсад төдийгүй дэлхийд, уул уурхайн салбарт удирдаж ажиллах боломжийг бүрдүүлж чадсан. Оюу толгойн гэрээтэй холбоотой, 34 хувьтай холбоотой 2009 онд гишүүнээр ажиллаж байсан гишүүд та бүхэн хэрхэн ажилласан юм бэ? УИХ-ын дарга та тэр үед ямар байр суурьтай байсан, одоо ямар байр суурьтай байна вэ” гэж асуух шиг болсон. Хүчээр ойлгоход шүү. Үүнд нь УИХ-ын дарга Г.Занданшатарын зүгээс “2008 оны арванхоёрдугаар сард УИХ 40 дүгээр тогтоолыг баталсан. Энэ тогтоол Монгол Улс 34 хувь эзэмших, бүтээгдэхүүн хуваах зарчим зэрэг олон улсын компанид зальдуулахгүй байх гол зарчмуудыг заасан. Тийм учраас би дэмжсэн. Харин 57 дугаар тогтоолыг батлахад би дэмжээгүй тул оролцоогүй. 57 дугаар тогтоолоор Оюу толгойн гэрээг зөвшөөрөх эрхийг Засгийн газарт өгсөн. Тиймээс бодит бус гэж үзэж би эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд УИХ-ын чуулганы хуралд оролцоогүй. Харин тэр хуралд одоогийн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд нар дэмжиж оролцсон” гэлээ. Энэ гурван гишүүн нь одоо Оюу толгойг хамгийн их эсэргүүцдэг гишүүд. Нэр цохохыг бодоход тэд нараас эхлээд асуу гэж байгаа бололтой. Иймэрхүү асуулт хариулттай чуулган болж ямар ч байсан гэрээг сайжруулах тогтоолын төсөл баталлаа.

Угтаа бол уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг хийрхэлд Монголын улс төрийн өнөөдрийн гурван том хамгийн их оролцоотой. Хамгийн их хүчийг нь авахуулж, хэмжээнээс нь хэтрүүлсэн хүмүүс гэж болно. Энэ удаад манай гурван том маань “Уул уурхай, гадны хөрөнгө оруулалтын эсрэг бидний попорсон нь буруу байж. Бид ард түмнийхээ хоолоор тоглох шахжээ” гэдгээ мэдэрсэн ч өөрсдөө гарч ирэн хэлж зүрхлэхгүй ҮАБЗ гэдгээ хуралдууллаа. Тэгээд Оюу толгойг зогсоож болохгүй гэдэг шийдвэр гаргажээ. Үүнийгээ Монголын бараг дөрөв дэх хүн болох Ц.Нямдоржоор хэлүүлж байх шиг байна. Өнөөдөр энэ гурваас, жишээ нь Хү-кээс асуувал тэрээр “Би эсрэг байсаан” гэж хэлж магадгүй. Сая Г.Занданшатарын “Би 57 дугаар тогтоолыг батлах үед чуулган дээрээс гараад зугтаачихсан” гэдэг шиг, Хү-к “Би гараад зугтаачихсан” гэж Оюу толгойг эсэргүүцэгчдээс оноо авах гэж оролдох вий. Гэтэл ҮАБЗ гэдэг чинь гурван өндөрлөг нийлж суугаад, санал нэгдээд шийдвэр гаргадаг хуулийн процесс биз дээ. Ганцхан Ерөнхийлөгч суугаад шийдвэр гаргачихдаг болсон юм уу.

Оюу толгой. Ийм том хөрөнгө оруулалт Монголын түүхэнд урьд хожид байгаагүй, хойшид байх эсэхийг хэлж мэдэхгүй. Ийм том эдийн засгийн бодлогод ийм жижигхэн бөх тэх нөхдүүд шийдвэр гаргах түвшинд оролцоод байгаа нь Монголын өнөөдрийн эмгэнэл юм даа. Тэдний зүгээс бид яллаа барилаа гэж бөөн юм болж магадгүй. Үнэндээ хэн ч ялаагүй, харин гэрээ хийсэн нь зөв байсныг та бүхэн дахин баталлаа.

Эцэст нь нэг үг хэлье. Одоогоос 10 жилийн өмнө Оюу толгойн гэрээг гардаж хийсэн улстөрчдийг одоо харин зүгээр орхи. Шорон орон гэж сүрдүүлэхээ боль. Хэвлэл мэдээллээр элдвээр баалж, зарлахаа боль. Тэдэнд гавьяа байгуулсан гэж хөшөө босгох нь юу юм. Зүгээр л улс орныг устгах шахсан гэж зүхэхээ больцгоочих.

Бүх цаг үед, аль ч улс оронд, ямарч нийгэмд төгс төгөлдөр хийгдсэн гэрээ хэлцэл гэж байдаггүй, цаг үедээ тааруулаад гэрээг сайжруулаад явдаг гэж судлаачид хэлдэг. Оюу толгойн гэрээ бол тэр жамаар явах ёстой. Улс орон, ард түмний хувь заяа болчихсон энэ том төсөлд мэдлэг боловсрол нимгэн хүмүүс хошуу дүрэх нь улс орноо хорлож байгаа хэрэг. Ямар ч төр засаг, удирдагч байсан хамгийн түрүүнд хамгийн их мөнгө олж болох салбараа өөд нь татдаг. Дараа нь бусад салбар руугаа ордог. Манайх шиг хамгийн их мөнгө олж байгаа салбараа хамгийн түрүүнд устгах гэдэг биш…

“Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Ц.Түмэнцогтын өчигдөр өгсөн мэдээллээр “Оюу толгой ордын ТЭЗҮ-ийг 2015 онд шинэчлэн баталснаар 31.4 сая тонн зэс, 1,200 тонн алт, 2,750 тонн мөнгө тогтоогдсон” гэв. Энэ бол аварга тоо, санаанд багтамгүй их мөнгө. Ашигт малтмалын хуулийн дагуу таван жил тутамд шинэчлэн батлах ёстой. Тэгэхээр энэ тоо удахгүй дахиад өсөлттэй гарна. Дахиад л маш их мөнгө… Ийм их мөнгө олох бизнесээ энэ хэдэн хүн ер нь яана гэж байгаа юм бол. Ямар ч байсан ширээний хоёр талд суух бололтой.