Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Цахилгаан, дулааны төлбөрийг тэглэснээс бэлэн мөнгө тараачихгүй дээ

Засгийн газар цар тахлын үеэр иргэд, аж ахуйн нэгжээ дэмжих ганц том шийдэл гаргасан нь цахилгаан, дулааны мөнгийг тэглэх байв. Энэ шийдвэрийн үр дүнд бүх өрх цахилгаан хэрэглэсний төлбөрөө ирэх оны долдугаар сар хүртэл төлөхгүй. Төлбөрийг нь Эрдэнэт үйлдвэрийн олсон орлогоос төлнө. 100 метр квадратаас доош м.кв хүртэлх талбай бүхий байрны дулааны мөнгийг бас төрөөс даана. Гэр хорооллынхон нэг шуудай шахмал түлшийг 75 хувийн хямдралтай үнээр буюу 1000 орчим төгрөгөөр авах хөнгөлөлтийг дулаан цагтай золготол эдэлнэ. Зөрүү мөнгийг нь бас төрөөс даана. Төрөөс даана ч гэж дээ. Байрныхны дулааны төлбөр, гэр хорооллынхны шахмал түлшний хөнгөлсөн хувийг нөхөх мөнгийг Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалаа экспортолж олсон ашгаас, төрийн Таван толгойн орлогоос гаргуулж авна. Аж ахуйн нэгжүүдийн хувьд уул уурхай, архи пиво гэх мэт цөөн салбараас бусад компаниуд цахилгаан дулааны төлбөр мөнгөний хөнгөлөлт эдлэхээр болсон.

Засгийн газрын энэ дэмжлэг нэг талаасаа тахлын хэцүү үед амь торгоосон шийдэл мөн үү гэвэл мөн л дөө. Халаасандаа мөнгөгүй, хөргөгчиндөө хүнсгүй ч ядаж л өвлийн тачигнасан хүйтэн өдрүүдэд гэртээ дулаахан суух юм даа гэж олзуурхаж болох байх. Ерөнхийлөгчийг өрхүүдээ сая төгрөгөөр дэмжье, ихэнхийг нь хүнсний ваучер маягаар, цөөхөн хувийг нь бэлнээр өгье гэсэн шийдэл гаргахад Засгийн газар хүлээж аваагүй. Бэлэн мөнгө тараавал инфляци өснө, тэгээд ч бидэнд өгөх мөнгө байхгүй энэ тэр гэсэн шалтгаан хэлээд хүлээж аваагүйг нь буруутгах хүн тухайн үед байгаагүй. Үнэхээр боломжгүй бол яалтай гэсэн өнцгөөс хараад л өнгөрцгөөсөн.

Гэтэл дараахан нь Засгийн газрын гаргасан шийдвэрийг харах нь ээ төрийн тэргүүний санал бараг илүү дээр шийдэл байсан ч юм шиг. Ядаж л хүнсний үйлдвэрүүдээ дэмжчих байж. Иргэдийн гар дээр очсон бэлэн мөнгө эргээд зах зээл рүүгээ орж эдийн засгаа тэтгэх байсан. Ингээд бодохоор Засгийн газар бэлэн мөнгө тараачихсан бол илүү дээр шийдэл болох байжээ. Ядаж л эрчим хүчний тасалдал үүсэх, дулааны доголдол газар авах гэх мэт асуудал гарахгүй. За тэгээд хөл хорионы үеэр хамгаа барсан иргэдийн гар дээр бэлэн мөнгө очвол тэд хэрэгтэй зүйлдээ зарах нь тодорхой. Бас цахилгаан, дулааны мөнгөө төлж таарна. Хүнс худалдан авахад хүнс үйлдвэрлэгч, хүнсний дэлгүүрийн орлого өснө. Гутал, хувцас худалдаж авбал мөн л хувцас үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчдийн ашиг нэмэгдэнэ. Ресторанд орвол нийтийн хоолны үйлчилгээнийхний ашиг орлого өснө. Ашиг нь өссөн үйлдвэрлэгч ажилтнуудаа цомхтгохгүй. Ажилтнууд нь цалин орлоготой байвал ядуурлын хувь тэр хэмжээгээр буурна. Үйлчилгээний салбар дажгүй орлоготой бол бас л ажилчдаа хална гэж айлгахгүй. Цалин хөлсийг нь өгч эдийн засагт хүч нэмнэ. Эдийн засаг гэдэг яг ийм циклиэр тасралтгүй эргэлдэж байж амьтай оршдог эд л дээ.

Цахилгаан дулааныхаа мөнгийг өгвөл бас л эдийн засгийн цусны эргэлт сайжирна. Станцууд дулаан, цахилгаан зарж олсон мөнгөөрөө технологийн шинэчлэлээ хийнэ, ажилчдаа цалинжуулна. Бас нүүрсний уурхайнуудаас авсан нүүрснийхээ төлбөрийг төлнө. Нүүрсний уурхай станцаас авсан мөнгөөрөө ажилчдадаа цалин хөлсийг нь өгнө, ажилчид нь дэлгүүр, хүнсний үйлдвэрлэгч, нийтийн хоолны үйлчилгээг хэрэглээгээрээ дэмжээд явчихна. Тэгэхээр эдийн засгаа амьтай голтой, элгээр хэвтүүлчихгүйхэн шиг байлгая гэвэл иргэдээ л мөнгөжүүлэх хэрэгтэй. Ерөнхий сайд иргэдийнхээ гар дээр мөнгө тавих шийдэл гаргасан бол царцсан эдийн засаг амь орох байлаа гэж хэлэх гээд байна л даа. Засагт мөнгө байхгүй биш байгааг нь сая булт олноороо харлаа. Эрдэнэт, Таван толгойн ашгаас мөнгө аваад тараачихад л болох байж.

Одоо Засгийн газрын гаргасан шийдвэр эдийн засагт яаж нөлөөлж байгааг эргэж харъя. Ганц үнэн гэвэл хүнс үйлдвэрлэгчид, хүнсний дэлгүүр, станц, нүүрсний уурхай, рестораны эздийн гарт нэг ч төгрөг очихгүй. Тэд ажилчдаа цомхотгож ашгаа танасан хэвээр цар тахлын үеийг туулахаас өөр сонголтгүйгээр амьдралаа үргэлжлүүлэх нь тодорхой болчихлоо. Товчхондоо царцсан эдийн засагт сэргэлт авчрахаар шийдлийг манай засаг гаргасангүй. Эрчим хүчний салбар бүр ч хэцүүтэй нүүр тулж байна. Хойд хөршөөс өндөр үнэтэй цахилгаан худалдаж авдаг, хуучин социализмын үеийн хэцүү тарчиг технологитой, тав дахь эх үүсвэр барина гэж хорин жил ярьсан ч ажил болгож чадаагүй, үнийг нь төрөөс зохицуулдаг болохоор зах зээлийн хуулийн гадна даржин тарчиг оршдог эмзэг салбар л даа, эрчим хүч. Ийм эмзэг салбараа улам уруудуулах шийдвэр гаргасныг өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн үйл явдал, шуугиан, мэдээллээс харчихаж болно. Наад зах нь гэр хорооллуудад цахилгааны тасалдал үүсээд эхэлснийг бултаараа харж байна.

Аж ахуйн нэгжүүдийг, хувийн хэвшлийг цахилгаан дулааны төлбөр төдийхнөөр дэмжээд эдийн засаг сэргэнэ гэдэг бас л үлгэр. Хувийн хэвшлийнхэнд бага хүүтэй дажгүй нөхцөлтэй зээл хэрэгтэй байгаа. Тэр зээлийг нь өгчихвөл хэн хэндээ халгүй, эдийн засгаа жинхэнэ утгаар нь дэмжсэн шийдэл болох байв. Энэ тохиолдолд Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн халаасыг сэгсрэхгүйгээр хувийн хэвшлээ ажлын байртай нь, ашиг орлоготой нь аваад үлдэх байлаа. Харамсалтай нь манай засаг ийм ухаалаг байж чадсангүй.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Г.Бизьяа: Хүүхдүүдээ гар утас, зурагтаас хол байлгах гэж хашаандаа мөсөн гулгуурын талбай хийсэн

Covid-19” цар тахлын энэ үед хүүхдүүдийнхээ цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж хашаандаа мөсөн гулгуурын талбай хийсэн Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны иргэн Г.Бизьяатай ярилцлаа.

-Сайн байна уу. Танай гэр бүл хашаандаа хүүхдүүддээ зориулж мөсөн гургуурын талбай байгуулсан байсан. Энэхүү талбайг хэзээнээс эхэлж хийв?

-Хөл хорионы энэ үед хүүхдүүд гадуур гарч болохгүй утас, телевизор л үзэж байна шүү дээ. Түүнээс хол байлгахынтулд эхлээд мөсөн гулсуур хийе гэж байсан ч түүнийгээ болиод мөсөн талбай хийсэн. Анх арваннэгдүгээр сарын 13-наас эхэлсэн. Тэгээд арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө арав хэдхэн хоногийн дотор дууссан. Өөрийнхөө хашааны цасыг дуусгаад хажуу айлынхаа хашааны цасыг хүртэл ашигласан.

-Хүүхдүүд тань бөөн баяр байгаа байх даа. Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Дөрвөн хүүхэдтэй. Хоёр нь сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүд байгаа. Мөн ач, зээ нар байгаа.

-Ийм мөсөн талбайг хийхэд хичнээн тонн ус зарцуулж байна вэ?

-Энэхүү талбайг хийхэд их хэмжээний өртөг гаргаагүй. Зүгээр л гар доорх материалаа ашигласан төдий. Бид худгаас 5000 төгрөгөөр 5 тонн ус авч хийсэн бүтээл байгаа юм. Хамгийн гол нь хүүхдүүдээ зориулж бүтээсэн. Өмнө нь манай гэр бүл жорлонгийнхоо гадна талыг ундааны бөглөөг цуглуулж байгаад бүрж байсан. Манай энэ хавийнхан андахгүй дээ.

-Талбайдаа гэрэлтүүлэг хүртэл хийжээ. Ер нь орчныг сайхан бүрдүүлж шүү?

-Тог, усны мөнгө тэглэхээс өмнө дуусгасан болохоор тийм их гэрэлтүүлэг ашиглаагүй. Гацуур модныхоо чимэглэлийг аваад гэрэлтүүлэг болгочихсон.

-Та ямар ажил эрхэлдэг вэ?

-Би том тэрэг жолооддог.

-Ер нь ус хөлдөөхөөс авахуулаад үүнийг хийхэд их ажиллагаа ордог байх даа?

-Хүн харахад амархан юм шиг санагддаг. Бид ч хялбар гэж төсөөлж байсан. Тэгээд анх дан мөсөөр хийе гэж бодоод хайрцаг аваад туршиж үзсэн ч болоогүй. Сүүлдээ цасаа устайгаа холиод хийхээр болсон. Тэр нь ч амар юм билээ. Шөнө нь хөлдөөж хоноод маргааш нь нэмээд хийсэн. Одоо өдөр дулаан байгаа учраас мөсөн хүн маань хүртэл бага багаар хайлж байгаа. Тэгээд орой болохоор хамаг ажлаа амжуулдаг.

-Танай ойр хавийн хүүхдүүд ирж тоглож байна уу?

-Ойр хавийнхан маань хүүхдүүдээ тоглуулна л гэж байна лээ. Бид тэгээд коронавирус гарчихсан болохоор болохгүй юм болов уу гэж бодоод байгаа. Хүүхдүүдээс гадна томчуул нь хүртэл гулгая гэж байгаа шүү /инээв/. Зарим хүмүүс том гэж хараад байгаа юм шиг байсан. Манай хашаа чинь 0.7 га газар болохоор энэ талбай нүсэр том биш. Зөвхөн хүүхдүүдээ л тохирсон эд байгаа юм.

Сошиалаар танай мөсөн талбайн зураг их явах болсон. Эерэг сөрөг сэтгэгдэл их байсан. Та харсан уу?

-Сэтгэгдлүүдийг нь уншсан. Анх хийж эхэлж байхад манай хороон дарга ирж сайхан зүйл хийж байгаа юм байна гэж хэлж байсан. Ер нь энэ талбайг тог, усны мөнгө тэглэхээс өмнө хийж дуусгасан болохоор үнэгүй зүйл ашигласан зүйл байхгүй. Эхнэр бид хоёр хүүхдүүдээ тэшүүр хүртэл зориулж авч байсан. Манай хажуу хашааныхан хүртэл та хоёр чинь зүгээр сууж чадахгүй юм аа гэдэг /Инээв/.

-Танай гэр бүл их бүтээлч айл байх нь?

-Хүн өөртөө байгаа эд зүйлсийг ашиглаад л бүх зүйлийг хийж байхад болдог. Хүнээс юм гуйхгүй өөрийнхөө чадвараар үр хүүхдүүдээ болгоод л амьдарч байна даа.


Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Халдвар илэрсэн эмэгтэйг тусгай үүргийн онгоцонд суулгалгүй Франкфуртад үлдээжээ

Тусгай нислэгээр ирэх иргэд коронавирусийн шинжилгээ хийлгэсэн байх шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор шинжилгээний хариу нь эерэг гарсан 40 настай, монгол эмэгтэйг онгоцны буудалд үлдээсэн асуудал олон нийтийн сүлжээнд цацагдаад буй.

Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Франкфурт-УБ чиглэлийн онгоцонд хамт нисэх бусад иргэний эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй байх үүднээс тухайн эмэгтэйг суулгаагүй үлдээсэн. Гэхдээ энэ нь тухайн иргэнд анхаарал тавихгүй байгаа гэсэн үг биш бөгөөд ГХЯ-наас тус иргэнтэй холбогдсон. Одоогоор түүнийг Герман улсад 14 хоног тусгаарлах асуудлыг хэлэлцэж байна. Европын ихэнх оронд иргэдийг 14 хоног байрнаасаа гарахгүй байхыг анхааруулж буй. Тусгаарлалттай холбоотой санхүүгийн дэмжлэгийг Элчин сайдын яамнаас иргэдэд туслах сангаар дамжуулан хүргэнэ. Онгоцны тасалбарааа баталгаажуулаагүй өөр нэг иргэн бас ирсэн. Түүнийг мөн Герман улсад түр байлгахаар болсон” гэлээ.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Ц.Элбэгдорж Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хүсэлт хүргүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандан хүсэлт гаргажээ. Тэрбээр хүсэлтдээ “Олонд ил болсон, нууц нь алдагдсан, цагийн ая даахгүй ийм башир тоглолтод Монгол улсын хууль, хууль ёсыг хэрэгжүүлдэг байгууллага ашиглагдаж хэрхэвч болохгүй гэж би үзэж байна. Иймээс нэр бүхий прокуророос гаргасан яллах дүгнэлтийг хуулийн дагуу хэрэгсэхгүй болгож өгөхийг Танаас хүсье.

Цаг хугацаа өнгөрөх тусам Монголын төлөө зүрх, шүүх, хууль намайг цагаатгах болно. Харин энэ ажлыг өнөөдрөөс эхлэхийг, бүрэн эрхийнхээ дагуу Таныг эхлүүлэхийг Танд би энэхүү хүсэлтээр илэрхийлж байна” гэжээ.

Монгол Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан Танаа

Хүсэлт гаргах тухай Улаанбаатар хот

Төрийн хууль цаазын Тэргүүн зөвлөх Таны түмэн амгаланг эрж, энэхүү зурвасыг бичих болсоны учир:

НЭГ, Төрөөс намайг шалгах ажил өндөрлөж байгаа бололтой. Төрд алба хаших миний бүрэн эрх дуусгавар болсоны дараа удалгүй намайг шалгах, мөрдөх ажиллагаа албан ёсоор эхэлсэн. Энэ ажлыг Прокурорын байгууллагын оролцоо, чиг үүрэг хяналт дор Авлигатай тэмцэх газраас хэрэгжүүллээ. Монгол улсын хууль хяналтын байгууллагаас намайг шалгаж мөрдөж, байцаалт тодруулга авч ажилласанд би талархалтай байна.

Хуулийн байгууллагаас дуудсан цаг хугацаанд нь зохих газар нь очиж тайлбар байцаалт өгч, бүрдүүлж шийдвэрлэж байгаа хэргийн материалтай биечлэн танилцаж ирлээ. Энэхүү ажиллагаа өнгөрсөн хугацаанд арав гаруй удаа хийгдсэн ба бүгдэд нь өөрийн биеэр оролцсон болно.

Харин миний бие надад тулгаж байгаа, намайг үйлдсэн гэх эрүүгийн хэрэг, түүнийг үүсгэх болсон учир шалтгаан, иж бүрдэл, үйл явцтай огт санал нийлэхгүй байгаагаа дашрамд дурдъя. Мөрдөн шалгах ажиллагаа албан ёсоор дуусгавар болж байна. Надад хийх ажил багагүй хуримтлагдлаа. Алт шиг цаг хугацаагаа баахан барлаа.

Нэр бүхий нэг дунд сургуулийн миний өөрийн эзэмшдэг 10 хувийн хувьцаа болон Оросын Холбооны улсын эзэмшилд байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбогдуулан надад ял тулгаж, яллах дүгнэлт үйлдлээ.

  • Намайг буруутгаж байгаа хэрэг хууль эрх зүйн талаасаа үндэслэлгүй, гэмт хэргийн обьектив болон субьектив бүрэлдэхүүнгүй, нотлох баримт гэх зүйлд өрөөсгөлөөр хандсан. Зөвхөн яллах буруутгах талыг барьж ажилласан хуулийн мэргэжлийн болон түүхэн цаг хугацааны шалгуур үл даах элдэв цаас, үг өгүүлбэр, түүврийн эмх журамгүй, цоохор цуглуулга гэж би харж үнэлж байна.
  • Энэ тухай, цаг бүр нь өмгөөлөгч хууль хяналтын зохих байгууллага албан тушаалтанд миний хүсэлт, гомдлыг дамжуулан илэрхийлж ирсэн. Энэ бүхнээс Нийслэлийн болон улсын Ерөнхий Прокурорын газарт, (Нийслэлийн прокурорын газрын прокурор Ч.Мөнх-Эрдэнэ, Х.Еркебулан, Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий Прокурор Ш.Нямдорж, Монгол Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан) гаргасан гомдол хүсэлтийн хариу хуулийн шаардлага хангаагүй, хүсэлт гомдлыг барагдуулах ямар нэг тодорхой ажил хийгдээгүй болохыг энд дурдахаас өөр аргагүй байна. Уг хүсэлт, гомдлоос зөвхөн 2020 оны сүүлийн гурван сарын хугацаанд гаргасныг он сараар нь тоймловол: ( 2020 оны аравдугаар сарын 13, мөн сарын 21, 2020 оны арваннэгдүгээр сарын 05, мөн оны арванхоёрдугаар сарын 07, 12 дугаар сарын 11-ний өдрөөр огноолсон) ийм байна.

ХОЁР, Намайг буруутгаж байгаа асуудлын талаар:

а) “Эй Эс Юу” гэх дунд сургуулийн 10 хувийн хувьцааг миний бие эзэмших болсон үйлдлийг хууль зөрчсөн, авлига авсан гэж буруутгаж байгаа юм. Намайг яллан буруутгаж байгаа энэ асуудал аль ч талаасаа гэмт хэрэгт тооцох, түүнд хэн нэгнийг буруутгах үндэслэл, боломж үгүй иргэн хоорондын харилцаа гэдгийг Та бүхэн сайн мэдэж харж ойлгож байгаа.

  • Цаг хугацааны хувьд. Тус сургуулийн 10 хувийг би 2007 оны арваннэгдүгээр сараас албан ёсоор эзэмшдэг. Энэ тухай гэрээ, тогтоол, зохих шийдвэр бичгийг би АТГ-т гаргаж өгсөн. Мөн тодорхой гэрчүүд энэ талаар мэдүүлэг, зохих баримт, тайлбарыг өгсөн байгаа.
  • Гэмт хэрэг үйлдсэн гэх миний хувьд: Би 2007 оны дурдсан хугацаанд төрийн болон, төрд улс төрийн ямар нэг ажил албан тушаал эрхэлж байгаагүй. Иймээс уг хувьцааг хахууль, авлига хэлбэрээр надад өгөх, би тийм хэлбэрээр түүнийг олж авах боломжгүй юм. Энэ нь эрх зүйн талаасаа цэвэр иргэний хуулийн харилцаанд багтах бөгөөд эрүүгийн ямар нэгэн шинж байдал агуулаагүй. Агуулах ч аргагүй юм.
  • Бодит байдал. Улаанбаатарт Монгол Англи хэлний сургалт явуулдаг дунд, сургууль байгуулах шаардлага байна. Энэ нь улс орны эрх ашиг, зайлшгүй хэрэгцээ, хууль журмын шаардлагад нийцэж байна гэж миний бие болон уг сургуулийг үүсгэн байгуулах санааг гаргасан хүмүүс үзсэн юм. Сургууль байгуулах ажил тодорхой цаг хугацаа, хөрөнгө оруулалт, зөвшөөрөл шаардлага, боловсон хүчин, удирдлага зохицуулалтын шат дамжсаар бодит бүтээн байгуулалт болсон.

Одоогоос 13 жилийн өмнө буюу 2007 оны арваннэгдүгээр сард уг сургуулийн надад ноогдох хувьцаа баталгаажиж миний нэр дээр ирсэн. Уг хувьцааны шилжилтэд гэмт үйлдлийн шинж байна гэж үзэж намайг буруутгах гэж оролдож байгааг аль ч утгаар хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энд ямар нэг хууль бус үйлдэл, санаархал, оролдлого байхгүй болно. Байх ч боломжгүй. Иргэн Л ч энэ тухай мэдүүлэг, нотолгоог өгсөн. Түүний УИХ-ын гишүүнд 2008 онд нэр дэвшсэн дэвшилт дээрх үйлдэл хоёр хоорондоо ямар нэг хамааралгүй болохыг өөрийн биеэр тэр нотолсон.

Уг сургуулийг бий болгох, байгуулахад иргэний хувиар миний гаргасан санаа, оролцоог зохих оролцогчид 10 хувь гэж үнэлсэн. Оролцоо үнэлгээнд тухайн үед намайг төлөөлж байсан хүн миний тэр хувьцааг надад шилжүүлсэн, иргэд хооронд хийгдсэн хэлцэл юм. Уг хэлцлийн талаар аль нэг талаас, хэн нэг хүн, байгууллагаас гаргасан санал гомдол, эрх зүйн маргаан байхгүй болно.

Дахиж хэлье. Хэн ч энэ талаар гомдол хүсэлт, маргаан үүсгээгүй. Хаана ч хандаагүй. Гайг газар доороос гэгчээр ухаж шалгаж, мөрдөж мөшгиж, олны хэл ам, зохион байгуулалттай намайг онилсон түмэн гүжир гүтгэлгийг шалгасаар, ухсаар байгаад хэрэг болж магадгүй гэж дээрх “өвс”-ийг олсон бололтой. Төрийн шалгалт (их хүч, их анхаарал тавьж, дуулиан шуугиан болж хийсэн)-аас ийм дүнтэй гарч байгаадаа нэг талаар баярламаар, нөгөө талаар яаж ч хамаагүй яллаж, шийтгэх гээд байгааг нь харахаар гомдмоор ч юм шиг. Ийм байна, товчхондоо.

  • Эй Эс Юу ХХК-ийн, олны мэддэгээр “Америк сургууль”-ийн 10 хувийг эзэмшдэгээ би 2008 оны намраас мөн 2009 оны зунаас төрийн улс төрийн тодорхой албанд орсон цагаасаа Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хууль номын дагуу, уг мэдүүлгийг бөглөх хуулийн шаардлагыг ханган мэдүүлсээр ирсэн. Надад энэ хөрөнгөтэй холбоотой Монгол улсаас завшсан, зувчуулсан олны нэрлэдгээр “идэж уусан” зүйл байхгүй.

Төрийн албан хаагч ийм буруу зүйл хийж болохгүй гэдгийг би сайн мэднэ. Төрд ажиллаж байгаа хүн хувь хувьсгалаа ялгаж яаж ажиллах ёстой, тэр алтан зарчмыг би баримталж явахыг үргэлж хичээдэг байсан. Улсаасаа, бусдаас хулгай хийх, авлига авах, зүй бус зүйлд албан тушаалын байдлаа ашиглах санаа оролдлогыг би гаргаж байгаагүй.

Гэвч иргэдийнхээ хардах хэлэх эрх чөлөөг хүндэтгэх, төрөөрөө шалгуулж хар цагаанаа ялгуулахыг би нэр төрийн хэрэг гэж үздэг. Иймдээ ч та бүхний хийсэн шалгалт, мөрдөлт, байцаалтад би эмзэглэдэггүй. Харин баярлаж явдаг. Гэхдээ хийгээгүй, үйлдээгүй, бүр санаанд ч оромгүй зүйлээр буруутгагдаж яллагдахыг би хэзээ ч зөв гэж үзэхгүй.

“Юмыг яаж мэдэхэв” гэсэн хандлагаар, заавал юу ч хамаагүй олж зүүх гэсэн, хүчээр яллахад ашиглаж ирсэн хууль хүчнийнхний буруу арга буюу “наалтуур хэрэг” гэгчийг босгох гэсэн хууль бус оролдлого илт харагдаж байна. Хийсэн хэрэг, зөрчсөн хууль энд надад байхгүй. Иймээс намайг яллаж байгаа асуудал шүүхэд шилжихийн өмнө Танд хандаж, дээрх ялын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож өгөхийг биечлэн хүсэж байгаа юм.

б) “Эрдэнэт” үйлдвэр болон “МонРосцветмет” нэгтгэлийн Оросын талын 49 хувийг Монгол улсад авч ирсэн гэх үйлдэлд намайг буруутгаж яллаж байгаа юм. Би уг үйл ажиллагааг хэзээ ч буруу зүйл гэж үзэж байгаагүй. Одоо ч уг хувийг Монгол улсад оруулж ирсэн нь шүүхээр шүүгдэх биш, нийтээр алга ташиж баяр хүргэх ёстой үйл ажиллагаа гэдэгт эргэлздэггүй.

  • Харь орны эзэмшилд байсан Монгол улсын баялаг, газар шороо, үйлдвэр уурхайн хувь Монголдоо ирсэн. Улс төр, атаархал мөчөөрхөл, олны хардлага сэрдлэг байгаа бол шалгаж нягтлах нь зөв. Хэрэв буруу зөрүү, солиу гажуу зүйл байвал засаж залруулж Монгол улсын нийтлэг эрх ашиг, хууль журамд нийцүүлэх бол хийгдэх ёстой ажил. Хийгдээд ч явж байгаа.
  • Хөрөнгийн тухайд: Хавтас хэрэгт шинжээчдийн гэх дүгнэлтээр зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ыг эзэмшилд байсан хувийг 9.609.022.917.440.00 буюу сийрүүлбэл есөн их наяд, зургаан зуун есөн тэрбум, хорин хоёр сая, есөн зуун арван долоон мянга, дөрвөн зуун дөчин төгрөг гэж үнэлсэн байсан. Дээр нь “Монголросцветмет” нэгтгэлд хамаарах үйлдвэр уурхай, эзэмшдэг байсан тусгай зөвшөөрлийн зах зээлийн үнэ үнэлгээг нэмэх. Лав Эрдэнэтийн 49 хувийн талаас дутахгүй, цаашид эдийн засгийн эргэлт, ашиглалтад ороход ямар үнэлгээтэй болохыг зөвхөн эрэлт хэрэгцээ, тухайн үеийн үнэ ханш мэдэх асуудал. Монгол улсад шилжиж ирсэн хөрөнгөний хувьд ийм юм.
  • Хохирогч, нэхэмжлэгчийн тухайд: Дээрх хөрөнгө, баялаг ОХУ-аас Монгол улсын мэдэлд ирснээр хэн нэг хүн, байгууллага, аль нэг субьект тэр дотроо Монгол улсад “би” гэж нэхэмжлэх хохирогч байхгүй. Ямар ч хохирогчгүй хэлцэл гэсэн үг. Уг хувийг авч ирэхэд шаардагдсан төлбөр тооцоо нь гэрээ хэлцлийнхээ дагуу хийгдээд цэгцэрч байгааг хавтаст хэргээс харж болно.

Асуудал бол уг хөрөнгийн удирдлага, эзэмшил, хувьцаа хаана, хэнд байх цаашид хэрхэн оновчтой шийдвэрлэх тухай гээд үргэлжилж байна. Үргэлжилж байгаа үйл хэргийг дундаас нь тасалж эрүүжүүлж болохгүй. Эдийн засгийн шийдэл харилцаа өрнөж байна. Энд төгс шийдэл байхгүй ч, арай дээр, боломжит, гарлага шамшигдал багатай, илүү үр ашиг бүхий хувилбар руу цаг хугацааны эрхээр очиж л таараа.

Харин дээрх хувь Монголын болсноор Монгол улс, төр засаг, ард иргэд хожиж байгаа. Уг үйлдвэр аж ахуйн газраас орж ирдэг, татвар, төлбөр, ноогдол ашиг, даатгал шимтгэл, үйлчилгээний хөлс бүгд 100 хувь Монгол улсад шингэж байгаа. Одоогоор энэ хувийг төгрөгөөр үнэлбэл хэдэн их наяд болсон. Цаашид ч жил улирал тутам Монгол улсад олон оронтой тоогоор илэрхийлэгдэх ашиг болж орсоор байх болно. Шууд хэлбэл Монгол улс, Монголын ард түмэнд маш их өгөөжтэй, ашиг орлоготой хэлцэл болсон гэдэг нь дээрх баримтаар нотлогдож байна.

Энэ орлогоос Монгол улс, орон нутгийн төсөв бүрдэж иргэд, албан тушаалтнуудын цалин хангамж, тэтгэвэр тэтгэмж тавигдаж, хүүхдийн мөнгө орж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт босож, ажлын байр нэмэгдэж, манай эдийн засгийн хэмжээ дамжаа ч үржих нөлөөнийх нь ачаар тэлж байгаа. Үүгээр олон зовлонгийн үүд хаагдаж, олон асуудал шийдэгдэж, олон хүн амаа тосдож, түмэн хүн нэр нүүрээ тахалж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн санаачилгаар жорлонд 100 тэрбумаар нь зарж, Засгийн газрын шийдвэрээр дулаан цахилгаан, хог усныхаа үнийг хүртэл тэглүүлж, зуун хувь үндэсний болсон Эрдэнэт үйлдвэртээ бид энэ ачаагаа үүрүүлж байна.

Харин түүнийг олж ирсэн, оруулж ирсэн, их эрсдэл, их ачаа, ял зэмээс үл айсан хэдэн нэр бүхий зоригт, золбоолог, монгол хөвгүүд орон шорон хэсэж, оюун санаа, эрүүл мэнд, ар гэр, эд хөрөнгөөрөө хохирч өдий болтол гундуухан явна.

  • Миний хувьд. Эрдэнэтийн гэх асуудлаар намайг зүсэн зүйлээр буруутгасан. Террорист, толгойлогч, эзэн, авлигач, завшигч аль болох муугаар яллах гэж оролдлоо. Эрүүгийн хуулийн хатуу зүйл анги бүрийг шүүрдэж наах гэж хичээлээ. Эцэст нь үйлдвэрийн дээрхи хувийг авч ирэхдээ хэргийг үгсэж тохиролцож, бүлэглэж, зохион байгуулсан эзнээр тодруулж Монгол төрийн нэрийн өмнөөс намайг яллаж байгаа юм байна.
  • Үгсэж тохиролцсон гэхийн тухайд: Дээрх хоёр үйлдвэр, аж ахуйн нэгжийн гадаад улсын эзэмшлийг Монгол улсад авч ирэх тухай надтай Монгол улсын иргэн хэн нэг хүн, аль нэг байгууллага, аж ахуйн нэгжийг төлөөлөн ярьж, хэлэлцэж, төлөвлөж байгаагүй. Иймээс дээрх ажлыг хийхийн тулд тохиролцож бүлэглэх, зохион байгуулах боломжгүй юм.

Харин надад “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшдэг хувь манай улсад ирж байгаа тухай нэг л хүн хэлсэн. Өөрийн санаачилгаар, олон улсын хурлын завсарлагаар албан бус уулзалтын үеэр. Тэр хүн бол одоо ч ОХУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Владимир Владимирович Путин юм. “Танайхыг үйлдвэрээ эзэмшээд аваад явж чадна гэдэгт итгэж байна” гэж Путин Ерөнхийлөгч лавласан байдалтай хэлсэн. Миний бие түүнд “чадна” гэж хариу илэрхийлсэн. “Эрдэнэт” болон “МонРосцветмет”-ийн эзэмшил, хувьцаа Монгол улсад ирэхэд оролцсон миний оролцоо, үйлдэл энэ хүрээнээс хэтрээгүй.

Тэр тусмаа уг асуудлыг хаалттай журмаар хэлэлцсэн Монгол улсын Засгийн газрын хурлын тухай, тэнд яригдсан зүйл, шийдвэрийн талаар хожим нийтэд ил тод болох үеэр би мэдсэн. Дашрамд Засгийн газрын шийдвэрт Ерөнхийлөгчөөс нөлөөлөх, хориг тавих эрх үүрэг, боломж хуулиар байдаггүйг энд онцлон дурдья. Уг үйл ажиллагааг би Монгол улсын эрх ашгийг хохироосон, улс орон, ард түмэнд хортой, хохиролтой зүйл болсон гэж аль ч тохиолдолд үзэж байгаагүй.

Энэ тухайгаа 2016 оны намар хэвлэлийнхний асуултад хариулахдаа ч тодорхой ярьсан. Мөн оны өвөл Улсын Их Хурлын чуулганд бүрэн эрхийнхээ дагуу оролцож эрхэм гишүүдэд буруу, яарсан шийдвэр Та бүхэн гаргаж болохгүй гэдгийг нь хэлсэн. Бүр Монголд ороод ирсэн, Монголын талын эзэмшил болсон уг үйлдвэрийн эзэмшлийг “төрд 34 хувь, хувийн хэвшилд 33 хувь, иргэдэд хувьцааг нь арилжих байдлаар 33 хувиар тус тус эзэмшүүлбэл боломжит хувилбар” энэ болох бус уу гэдэг санаагаа хүртэл ил тод хэлсэн.

Миний хувьд “Эрдэнэт” үйлдвэр, “МонРосцветмет” нэгтгэлийн хөрөнгөөс хувьдаа авсан нэг хадаас ч байхгүй. Эзэмшдэг нэг ч хувь надад байхгүй. Гаднаас олж ирсэн 49 хувийн эзэмшлээс завшсан, тэр талаар бодсон хуйвалдсан, бусадтай үгсэн тохирсон, зохион байгуулсан нэг ч үйлдэл, санаа, оролдлого надад байгаагүй. Одоо ч байхгүй. Тийм үйлдэл, үйл ажиллагаа надаас гарах боломжгүй. Энэ бол миний хүмүүжил, зарчим, үнэт зүйл, араншин, замналтай нийцэхгүй. Түмний үйлс бүтлээ, Монголд хэрэгтэй юм боллоо гэж л бодож явсан. Хэн эзэмших, удирдах, яах нь тусдаа асуудал.

Харин нэмж хэлэхэд уг асуудлаар Монгол улсдаа гавьяа байгуулсан иргэдийг буруутгаж байгаа буруутгалтай би санал нийлдэггүй. Одоо болтол дээрх хувь хувьцаа, шилжилт эзэмшил тойрсон асуудал бол манай иргэд, төр, аж ахуйн нэгж байгууллага хооронд л өрнөж байна. Шийдлийн эрэл хайгуул, улс төр, атаархал жөтөөрхөл дуусаагүй байна.

Бүх юм тогоон дотроо болж байна. Түүнийг алдаж асгах хэрэггүй юм. Тэр тусмаа энэ асуудлаар хэн нэг Монгол хүн, өөр нэг Монгол хүнийг гайтуулах, яллах, шүүх шаардлага байхгүй. Ёстой сайн нь ч, муу нь ч бидэнд сургамж болж үлдэхэд л хангалттай.

Харин дахиж хэлэхэд дээрхийг бодитойгоор, байгаа зүйлийг байгаагаар нь ойлгох гэхээс илүүтэй зөвхөн буруутгах талыг барьж онц ноцтой зохиомол хэрэгт тулган яллах дүгнэлт гаргаж гэмгүй иргэдийг хэлмэгдүүлж буйтай би огтхон ч санал нийлэхгүй байгаа юм. Гэмт хэргийн болон гэмт хэргийг шийдвэрлэхтэй холбоотой хуулиар яллах болон цагаатгах талыг ижил тэнцүү барьж, хэрэг бүрдүүлэлтэд тэнцвэртэй хандах алтан зарчим энэ асуудал дээр хэрэгжсэнгүй. Шударга ёсны дэнс хэтэрхий нэг тал руу савлажээ.

  • “Эрдэнэт” үйлдвэр, “МонРосцветмет” нэгтгэлийн Оросын талын өмчлөлийн асуудлыг шийдсэн олон улсын гэрээнд манай УИХ-аас 2015 оны арваннэгдүгээр сард өөрчлөлт оруулсан. Уг эзэмшил ОХУ-ын Ростех-д шилжиж, Монгол улс эдлэх давуу эрхээ дуусгавар болгосон байдаг.

Харин ийм эгзэгтэй үед Монгол улсын аж ахуйн нэгж санаачилгатай, эх орончоор асуудалд хандаж өөр улсад, өөр аж ахуйн нэгжийн эзэмшилд шилжиж болох хувийг авч ирсэн эрх зүйн эмзэг болон ээдрээт нөхцөл байдлыг энд өчүүхэн ч авч үзээгүй. Оросууд бидэнд сонголт хийх боломж хэзээ ч олгож байгаагүй. Санал нь тулгалт, тулгалт нь бодлого, үйлдэл болдог. Оросын эзэмшлийн хувийг Монголдоо хэрүүл тэмцэлгүй авч ирэх цорын ганц боломж нь тэр байсан байх.

  • Уг хэлцэл хийгдэхэд олон улсын гэрээ хэлцлийн эрхээр дагнан мэргэшсэн нэр хүнд бүхий хуулийн фирм, нэгж, мэргэжилтнүүд тухайн асуудлыг шийдвэрлэх эрх зүйн үндэс, үр дагаврын тухай олон улсын болон үндэсний хууль тогтоомжийг шүүрдэн шинжилж санал зөвлөмж гаргасан байдаг. Тэр бүх нарийн, мэргэжлийн, үнэтэй зөвлөмж санал, үндэслэлийг мэдсэн, мэдүүлсэн боловч авч хэлэлцсэн, хэрэг баримтад хавсаргасан, нотлох баримтын түвшинд үнэлсэн харгалзсан зүйл байхгүй. Ийм алхам, хуулийн ажиллагаа хийгдээгүй байна.
  • Бүх зүйл дээр яллах буруутгах даргын мэдэлд булааж авах оролдлого, түрэмгий үйл ажиллагаанд зохицуулан хийх гэсэн гэсэн нэг л урсгалтай замыг сонгосон. Замын нөгөө урсгал болох гэрээ хэлцэл, хүний эрх, захиргаа иргэний маргаан, үндэслэл тайлбар, болсон үйл явдлын үнэн, бодит байдлыг харгалзаж үзээгүй. Харин төрийн бус, төрийн эрх мэдэлтэй бус, хууль хүчний бус талыг хэт дарамталж хүчээр эрх мэдлийн муйхарлал, лантуун дор асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагаа явсан. Энэ асуудал дээр Монгол төрийн, хуулийг хэрэгжүүлэх, хянан шалгах байгууллагын нэг нүд бүрэн таглаастай, боолттой явж ирлээ.
  • Дээрх үйл ажиллагаанд зөвхөн Прокурорын болон мөрдөн шалгах байгууллага түүний удирдлага, ажилтнуудыг буруутгах нь бас өрөөсгөл болно. Тэднийг улс төрийн бохир тоглоомд хэрэглээд хаядаг бээлий адил ашиглах гэж улайрч, үргэлж дарамталж шахаж байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй. “Шалгах гэж шалгасангүй. Шалга гэсний учир шалгалаа”. “Яллах гэж ялласангүй. Ялла гэсний учир яллаж байна”. Яг ийм хандлага энэхүү “хэрэг” гэх зохиомол жүжигт бүрэн давамгайлжээ. Харин хожим хойно 152 хавтастай, жижиг “портер” шахуу тэр том хэрэг, материал цагийн шалгуурт орж, сонирхсон хүн бүрийн хүртээл болно. Ном зохиол, кино сурвалжлага, баримт жишээ, хэлэлцүүлэг болон сургууль соёлоор дамжиж цаг хугацааны шүүлтүүр, шалгалтаар бүрэн орно гэдэгт би эргэлзэхгүй байна.
  • Надад болон надад хамаатуулж яллаж байгаа хэргийн гол учиг, учир шалтгаан миний хамтрагч болгож буй хүмүүс рүү гэхээс илүүтэй над руу зөвхөн улс төрийн, мөн харь өнцгөөр жадны үзүүр болон чиглэж байгааг би харж байна. Мэдэж байна. Мэдэрч байна. Надаар төлөөлүүлж Монгол улсын эрх, эрх чөлөөт байдал, бие даасан, өөрийнхөө хувь заяаг өөрөө шийддэг улс байх боломж руу хийж байгаа давхар цохилт. Түүнийг хаанаас, хэний гараар, захиалгаар, өс хорсолоор хийлгэж байгаа нь ч нууц биш юм. Бас Монголын төлөө эр зориг, итгэл зүтгэлийг үүгээр нухчин дарах гэсэн харийн, өөрийн нийлсэн явуулга. Ийм бузар, буруу үйл ажиллагаанд Монгол улсын хууль хяналтын болон, шүүн таслах байгууллагыг татан оролцуулж болохгүй.

Би энэхүү хүсэлтдээ намайг болон бусад хүмүүсийг буруутгахыг оролдсон тодорхой гэрч, шинжээч, оролцогч, баримт, хавсралтаас тухайлан авч тусгасангүй. Ганцхан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн гэхдээ сүүлчийн яллах, дүгнэлтэд ашиглаагүй дүнг дурьдсан болно. Монгол улсад орсон орлогын нэг хэсэг гэдгээр түүгээр жишээ авсан төдий. Бусдаар дээр гаргаж бичиж байгаа зүйл бол миний хувийн дүгнэлт, өөрийн амьдралын туулж байгаа гашуун бас сургамжит хуудаснаас ишлэл авч байгаа төдий юм. Надад бас иргэний хувьд өнгөрснийг эргэцүүлж, ирээдүйгээ харж төвлөрч хийх бүтээх ажил их байгааг ч өмнө дурьдсан.

ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН ТЭРГҮҮН ЗӨВЛӨХИЙН ХУВЬД УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ТАНД:

НЭГ. Намайг хэлмэгдүүлэх, буруутгах ажиллагаанд бусад эрдэнэт хүний хувь заяаг хамаатуулах нь буруу юм. Тэд бол буруугүй. Монголын хөгжил дэвшилд туйлын их тус хувь нэмэр оруулсан, оруулах хүмүүс.

ХОЁР. Миний гэх хэрэг улс төрийн ус давс дэндүү их холилдсон, ханасан уусмал төдий юм. Бүр тодруулж хэлбэл тодорхой сонирхол бүхий, өөрийн тань томилгоо, халаанд хамаатай этгээдийн ажил. Ил тод шаардаад, өдөр шөнөгүй шахаад, чичрээд байгааг олон түмэн мэдэж байгаа. Би ч бас мэднэ.

ГУРАВ. Олонд ил болсон, нууц нь алдагдсан, цагийн ая даахгүй ийм башир тоглолтод Монгол улсын хууль, хууль ёсыг хэрэгжүүлдэг байгууллага ашиглагдаж хэрхэвч болохгүй гэж би үзэж байна. Иймээс нэр бүхий прокуророос гаргасан яллах дүгнэлтийг хуулийн дагуу хэрэгсэхгүй болгож өгөхийг Танаас хүсье.

Цаг хугацаа өнгөрөх тусам Монголын төлөө зүрх, шүүх, хууль намайг цагаатгах болно. Харин энэ ажлыг өнөөдрөөс эхлэхийг, бүрэн эрхийнхээ дагуу Таныг эхлүүлэхийг Танд би энэхүү хүсэлтээр илэрхийлж байна.

ХҮСЭЛТ ГАРГАСАН:

МОНГОЛЫН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

2020 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 14-НИЙ ӨДӨР

Categories
их-уншсан мэдээ спорт туслах-ангилал үндэсний-бөx

Чимэд-Очир аварга хоёр шил коньяк өвөртлөөд Түвдэндоржтойгоо зодолдохоор очиж л дээ…

1971 оны төрийн наадмын түрүү, үзүүр бөхчүүд. Х.Баянмөнх, С.Цэрэн

“Домогт бөхчүүд” буландаа Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат Монгол Улсын начин Баасангийн Онхыг урьж ярилцлаа.


-Тантай өмнө нь хэд хэд ярилцаж л байлаа. Энэ удаад домог болсон сайхан бөхчүүдийн талаар хуучилъя. Эхлээд хоёулаа Чимэд-Очир аваргын тухай ярих уу?

-Би Улаанбаатар хотод анх жаран таван оны намар ирээд Төмөр замын тосгонд ахындаа байх болсон хүн л дээ. Манай ахынх улсын заан Ундрахын Пүрэвээгийнхтэй ойрхон байлаа. Би Пүрэвээ зааныхаар байнга орж гарна. Энэ үеэс Монгол Улсын даян аварга Чимэд-Очир гуайг манайхны хэлдгээр амьдаар нь харж билээ. Төмөр замын хувцас өмссөн шанаа өргөн, дух хөнхөр, эрүү урт, хамар шулуун, шонхордуу хацрын яс нь товойсон өвгөн байсан сан. Төмөр замын тосгонд бөхчүүд голдуу Пүрэвээ зааныд цугларна. Миний санаж байгаагаар Архангайн Батхуяг начин мөн Дахын Одсүрэн начин, аймгийн арслан Равдан-Очир нар ирдэг байсан. Архангайн Равдан-Очир гэж зил-164 машины хурдны хайрцгийг ганцаараа өргөөд тавьчихдаг гэж ярьцгаадаг өндөр нарийхан залуу байлаа. Эдгээр бөхчүүдийн дунд Чимэд-Очир аварга чинь ороо нь гарчихсан буур, тэмээгээ бараадан захлаад алсыг хараад зогсож байгаа юм шиг харагддагсан. Тэр жилийн наадмын бөхийн бэлтгэлд Тарнын амралтанд Чимэд-Очир аварга, Цэрэн аварга, Архангайн Адьяа заан, Булганы Галдандагва начин, Найдан начин, мөн Хадбаатар аварга начин цолтой 30 гаруй бөх гарч байсан. Бид Чимэд-Очир аваргынхаа харцаар л бэлтгэлээ хийдэг байлаа. Аварга олон ч юм ярихгүй. Барьц халах талаар зааж хэлнэ. Өөрөө хийж үзүүлэхэд хөл нь тэнцвэр алдаад хөл дээрээ тогтох гэж хэрдээ хичээнэ. Тэрхүү наадмын бэлтгэлийн үеэр би аваргаас “Түвдэндорж аварга та хоёр ялигүй зөрчилтэй байсан гэдэг яриа байдаг юм билээ” гэж асуухад “бид хоёрын дунд янз бүрийн яс хаясан яриа байдаг юм аа. Нэг удаа наадам дуусаад шар хөдлөөд байхаар нь хоёр шил таван хошуут буюу коньяк өвөртөлчихөөд Түвдэнгийн майханд очиж сайхан зодолдчихъё гэж бодоод очлоо. Түвдэн маань сайхан малилзаж орхисон сууна. Дэрэн бор (улсын арслан Сүнрэвийн Самданжигмэд) байж байна. Би чинь хоёр шил таван хошуутаа гаргаад “За Түвдэн хоёулаа нэг нэгээр нь уучихъя, чамтай зодолдох гэж л ирсэн юм гэлээ”. Хоёр юмаа ч дотроо хийгээд авлаа. Түвдэн зөрүүлж юм гаргалаа. Бие ч тавираад сайхан болж байна. Нөгөө зодолдох гэж ирсэн хүн чинь бөх яриад л сэтгэл хөөрөөд хачин сайхан болчихдог юм байна. Тэгээд Түвдэндээ хэллээ, чи бид хоёрын дунд юм хаяад байгаа золиг чинь энэ Дэрэн бор шүү дээ гээд гурвуулаа инээд хөөр болоод тэврэлдэж билээ. Манай Түвдэн чинь мөн ч тайвуу зөөлөн сайхан хүн шүү дээ. ингэж л бид хоёр бие биенийхээ сэтгэлийг амрааж, нэг нэгнээ өөд татаж явдаг болсон” хэмээн хуучилж билээ.

М.Мөнгөн, Л.Сосорбарам нарын арслангууд

-Цэрэн аварга та хоёр их ойр явсан гэдэг. Ардын дууны Юндэн шиг сайхан эр байсныг нь хэн хүнгүй дурсдаг. Ер нь хувь хүнийхээ хувьд ямар хүн байв?

-Цэрэн аваргыг анх харсан минь санаа сэтгэлд илхэн байна. Жараад оны дунд үе юмсан. Миний бие их сургуулийн оюутан болсон боловч бөхөөр амьсгалж улсын алдар цолтой бөхчүүдийг үзэж баясан тэднээр бахархах сэтгэлдээ хөтлөгдөн Спортын төв ордон руу очдог байжээ. Нэг удаа том жижиг нийлсэн арав шахам бөхчүүд спортын ордноос гараад ирлээ. Сүүлд нийслэлийн засаг дарга болсон Баасанжав манай ангийн хүүхэд байсан юм. Баасанжав маань жигтэйхэн мэдэмхийрч тэр бөхчүүдийг нэр устай нь надад танилцуулж билээ. Хамгийн өндөр бор залууг улсын заан Х.Баянмөнх гэв. Алдарт аварга маань заан цолтой байсан нь тэр. Баянмөнхийн хажууд алаг нүдтэй, хөнхөр духтай, угалз хамартай, хажуулдасхийгээд хол хол алхаж яваа эрийг Цэрэн аварга гэж танилцуулсан. ингэж би алдарт Цэрэн аваргын барааг анх харсан. Цэрэн аварга ааш зан их зөөлөнтэй, ялигүй хямрамтгай хүн л дээ. Тэр үед ням гариг буюу бүтэн сайнд 12 цагаас хөдөлмөрийн зааланд, 15 цагаас Спортын ордонд, орой нь Хоршооллын зааланд үндэсний бөхийн барилдаан болдог байлаа. Спортын ордны барилдааны хоёрын даваанд би Цэрэн аваргын аманд очлоо. Багагүй удаан ноцолдлоо. Хивс захалж ирээд миний гутлын хүлэг чахран гулсаж дуу татуулан шалан дээр уналаа, аварга миний дээр хэвтчихээд босдоггүй шүү. Арай гэж босож тахимаа авлаа. Ингээд С.Жамц начин бид хоёр хоршооллыг чиглэлээ. Ам цангаж байгаа гэдэг жигтэйхэн. Талбайн баруун талын хүнсний дэлгүүрээс нэг шил жанчивлангийн рашаан аваад ууж байтал нөгөө талд Цэрэн аварга шилээр нь юм хөнтөрч харагдана. Бид хоёрыг харангуут л дуудаж байна. Аваргыг архи өгөх нь гээд айхдаа дохьчихоод зугтаагаад гарлаа. Хожим мэдэх нь ээ архи биш рашаан л байсан юм билээ. Хоршооллын барилдаан эхэллээ. Мөн л хоёрын даваанд би Цэрэн аваргын аманд очдог юм. Аварга намайг баруун сугадуулахгүй, өхийлдүүлэхгүй гэж төлөвлөн гарч ирсэн бололтой. Өмнөх барилдаанд намайг дарж хэвтсэндээ ч тэр үү надаас жаахан халирч байгаа нь мэдрэгдэв. Яг энэ агшныг нь ашиглаад нэг дохиход намс гээд өндийхөд нь сугадаад өхийлдөөд шидэхэд дөрвөн мөч нь гозойгоод ар зоо нуруугаараа газардлаа. Тугаа тойрчихоод ирэхэд дуудаж байна. Чи ч сая ордныхоо өрийг хатуухан авлаа шүү дээ гэж инээгээд л. Аварга миний дээр дарж хэвтсэндээ гэмшиж халирснаас надад амархан ойчсон нь энэ. Түүнээс биш Цэрэн аварга над мэтийн юманд тийм амархан унах үе бишээ. Нэг удаа аварга “Намайг ээж ээ гэж орилсон гэдгийг мэднэ биз дээ. Чөлөөт бөх гэдэг юмаар барилдуулж сургана гээд бидний хэдэн бөхийг Болгарт явууллаа. Болгарын хотыг хэсүүлэн барилдуулна. Би Болгарын нэг бөхтэй барилдаж, тэр надад давхар сармай мэх хийгээд эргэж ч чадалгүй нуруу тасрахын даваан дээр би багшаа гэсэн юм шиг байгаа юм. Тэгсэн намайг “ээж ээ, ээж ээ” гээд орилоод байсан гэж цаадуул чинь явуулчихгүй юу даа. ингээд мангар Санжаа бид хоёрыг элчин сайд дуудуулж, та хоёр дипломат ёс алдлаа. Санжаа чи дайллаганд тавьсан шарсан тооройг бүтнээр нь авч идээд байхдаа яадаг юм, Цэрэн чи дэвжээн дээр ээж ээ, ээж ээ гэж орилоод байхдаа яадаг юм гээд авч өгч билээ. Ер нь барилдахад дипломат ёс ямар хамаа байхав дээ” гээд аварга маань хүд хүд инээж билээ. Тэрээр хүнд худал хэлэх юм уу, аль эсвэл тусалж чадаагүй бол түүнийг үргэлж бодож сэтгэлдээ өөрийгөө зэмлэн зовж шаналж явдаг хүн байлаа. Далан найман оны наадмын дараа аварга бид хоёр Туул рестораны үүдэнд тааралдаад манайд оръё гэхэд “Авгайн чинь нүүрийг яаж харна аа гээд халираад байх юм. Чамайг тав дээр амлаад өгчих боломж надад байсан шүү дээ” гэж билээ. Хариуд нь би та ямар авах ёстой биш. Бид хоёрт ч тийм яриа байхгүй гэж хэлээд аваргыг гэртээ дагуулж ороод манайд хоносон. Манай охин Баднаа аваргын хөлийг барьж үзээд аварга хүний хөл аймар том юм аа гэж дүрлийн ширтэж шулганаж байсан сан. Ер нь Цэрэн аварга бид хоёр өнчин өрөөсөн өссөн болоод ч тэр үү өрөвч зөөлөн, хүнийг ялгаварладаггүй нээлттэй чанараараа ойролцоо байсан шиг санагдана. Хүний хайлан гэж ярьдаг. Аварга маань тийм л хүн байсаан.

Зүүн гараас: Ц.Чимэд-Очир, Б.Түвдэндорж, Ж.Цэвээнравдан нарын домогт аваргууд

-Мөнгөн арсланд өм дутсанаас бяр дутаагүй гэж та хэлдэг?

-Хөдөө аж ахуйн дээд сургуулиас төрсөн бөхчүүд ихэвчлэн Сосорбарам арслангийн унаган шавь нар. Тэр үеийн үндэсний бөхийн хамгийн хүчирхэг баг заалны барилдааны сор болсон өсөх ирээдүйтэй залуучууд бүхэл бүтэн армийн бөхчүүдийг эмээлгэдэг байсны нэг төлөөлөгч нь яах аргагүй Мөнгөн арслан. Жаран есөн оны үндэсний бөхийн идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Баянхонгор аймгаас ирсэн өндөр хөх хүүхдийг суйлж давснаар улсын аваргын алтан медалийн эзэн болж бөхийн ариун зам мөрөө эхэлсэн түүхтэй. Баянхонгороос ирсэн өндөр хөх нөхөр нь Өвөрхангайн Нарийнтээлийн Дашдоржийн Цэрэнтогтох аварга байсан гэдэг. Мөнгөн арслан үндэсний спортын ууган гавьяат мастер алдарт аварга Түвдэндоржийн унаган шавь нь юм. Арслан маань багшийнхаа тухай дурсахдаа инээд наргиан болгоно. “Манай багш ямарваа зүйлийг их ойлгомжтой, ёжтой хэлж ойлгуулдаг байлаа. Нэг удаа би бэлтгэлд ирэхдээ далбаагаа мартчихаад, багш аа илүү далбаа байна уу гэтэл юуны чинь далбаа, тэр далбаа чинь засгийн газрын ордны дээр л намирч байгаа гээд амыг минь таглаж билээ” хэмээн инээд алдаж суусансан. Мягмар заан Мөнгөн хоёр барилдахаараа хоёр буур хоёр талаараа нийлээд түрэлцэж байгаа аятай, баруун талаа нийлүүлээд босоо зогсчихсон, баруун хоёр гар нь дээр өргөөтэй, хэн нь өө гаргана түүнийг ашиглах гээд л түрэлцэж байдгийг нь бодоход барилдааны арга барилыг гоц мэддэг бөхчүүдийн явдал биз дээ. Улсад 15 жил шөвгөрсөн энэ арсланд аварга цол ойрхон мөртлөө хол байж. Цэрэнтогтох аваргатай үзүүрлэх жил өнгөтэй ч, бяртай ч, иртэй ч ёстой л уяа нь таарсан хэнд унах юм бэ гэмээр байж билээ. Харин их тогтуухан барилддаг бөх чинь аварга руу галзуу юм шиг дайрч барилдсан нь авьяаслаг аваргын хараа мэдрэмжийн хаагуур нь өнгөрөх вэ дээ. Тахимаа өгч л таарсан. Харин дараа нь Баянаа аваргатай төрийн наадмын түрүү үзүүрт бас л үлдэж унахад нь Цэрэнтогтох өөрөө унаснаасаа илүү Мөнгөнд харамсаж заяагүй амьсгаа хохино хохино бөхөөрөө ч, урсгасан хөлсөөрөө ч аварга л байх хүн гээд ууртай нь аргагүй алхчихсан тал бий. Мөнгөнд үнэндээ өм дутсанаас хүч бяр дутаагүй. Аваргуудын дунд нэг үе ганцаараа л тэмцэлдэн тулалдсан хүрэн халзан арслан даа, хөөрхий. Миний бие Улаанбаатар хотын халуун усны захиргааг наяаад оны үед удирдаж байлаа. Баянхонгор аймагт болох самбо бөхийн улсын аваргад явах гэж байв. Та ямар хэрэг зоригтой явна вэ гэтэл намайг Мядаг гэдэг гээд өөрийгөө танилцуулж байна. Муухай Пүрэвээ гуайн хэлдгээр таныгаа ч нэр усаар нь гадарлаж байна аа гэхэд дарга аа, би хувийн л асуудлаар явна. Та Баянхонгор явах юм байна. Хүүг минь харж яваарай гэх нь тэр. Юун хүү билээ Мядаг гуай гэхэд миний хүү чинь Мөнгөн шүү дээ гэж билээ. Тэгэхэд Мөнгөн улсын заан цолтой хүчит бөх байсан. Харин ижийнхээ сэтгэлд нялх хүү нь байж дээ.

-Танд чинь Баянаа аваргатай тарвагачилсан онигоо маягийн хошин явдал бий дээ. Түүнээсээ сонирхуулаач?

-Аа тэр үү. Дэлхийн хоёр аваргатай аялсан мөндөл миний явдал л даа. Дэлхийн хоёр аварга гэдэг маань нэг нь Баянаа, нөгөө нь самбогоор дэлхийн аваргаас анхны алтан медалийг авчирсан нэртэй тамирчин бөхийн тайлбарлагч Шагдарын Чанрав юм. Амралтын өдрийн өглөө утас дуугарлаа, автал Баянаа аварга ярьж байна. Тарваганд явъя, Чанрав одоо ирнэ, чи бэлдэж бай, гадаа чинь очоод сигналь өгнө гэв. Тэр чинь далан долоон оны үе юм. Бид гурав Амгаа зааныхаар орж буу аваад баруун аймаг руу явдаг замаар давхилаа. Эмээлт рүү давдаг давааны доохнуур Сонгинохайрханы арыг барьсаар Туул голын хойд талаар уул дамжин гарч өгөв. Аваргын 21-21 дугаартай волга машин эзэн шигээ хүчтэй юм аа. Нар хэвийж уулын сүүдэр буух үед аварга нэг том бурхи руу ониллоо шүү. Буу ч тас, бурхи ч намс гээд явчихлаа. Аварга алдчихлаа гээд уцаарлаж байна. Оносон шүү аваад ирье гээд би гүйчихлээ. Үнэхээр ч нэг сайхан бурхи хэвтэж байсан. Түүгээр боодог хийв. Боодогны амттай ч гэж жигтэйхэн. Гэтэл аварга бага идэцгээ, нөгөөдүүлдээ аваачиж өгнө гээд босоод явчихлаа. Хайдав арслан Шижээ начин хоёр ууж идэх юм аваад ойн цагдаагийнд ирнэ гэсэн юм байж. Тэр хоёртоо боодогны махаа тавиад бид хоёрт олигтой өгөөгүй юм. Гэтэл Шижээ, Хайдав хоёр ирээгүй. Хожим сонсох нь ээ хоёр авдар пийжүү нижгээд хатуу юм аваад бөхийн бэлтгэлдээ улайраад биднийгээ мартчихсан юм билээ. Харин тэр хоёрт тавьсан махыг Чанрав маань өглөө эрт босоод ганцаараа цохичихсон байж билээ. ингээд би гэдэг хүн шүлс гоожоод хоцорч билээ. Бас нэг тарвагачилсан хөгтэй явдал бий. Хүй долоон худагт мөн л Баянаа аваргынхаа волгатай Шижээ начин, Чанрав бид хэд явлаа. Хүй долоон худгийн хойд дэнж дээр Лханаа гэдэг айлд очив. Гэрийн эзэн “Манайд Мижиддорж арслан амарч байгаа. Тарваганд хавх зүүхээр явсан. Оройхон ирнэ” гэж яриан завсраа хуучиллаа. Гэрийн эзэгтэй Баянаа аваргын ярианы амтанд орсон бололтой тогоо шанага угсарч хонины хааг яах ийхийн зуургүй эвдэн чанаж гурил элдэн бэлтгэлээ. Аваргад чимчигнэсэн сайхан айраг өгөөд л яриа хөөрөө ид сайхан байх үед Мижиддорж арслан маань ч ирж маргааш мандах нарнаар хоёр биш юм аа гэхэд нэг бурхи ч найдвартай даа гээд их л додигор сууна. Гэтэл маргааш нь юу болсон гэж санана. Арслангийн тавьсан хоёр хавханд хоёуланд нь өмхий хүрэн орж бидний голыг гонсойлгож билээ. Өмхий хүрэн орсон хавханд дахиад тарвага орно оо гэж гонж гээд гэрийн эзэн ч уйлан дуугарч байсан сан. Энэ мэт хөгтэй явдал олон бий дээ.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

“Гэрэлт цохны булш”-ийн эмгэнэлт түүхийг Монгол төр шинээр бүтээсэн нь

Ээж нь коронавирусийн халдвар авсан хоёр хүүхдийг гэрт нь оруулалгүй хөөж явуулсан хэрэг Баянзүрх дүүрэгт өнгөрсөн долоо хоногт гарлаа. Ээж нь коронавирусийн халдвар авч эмнэлэгт хүргэгдэнгүүт дөрөв, 17 настай хоёр хүүхдийг нь халдваргүй ч гэлээ журмын дагуу “Улаанбаатар” зочид буудалд тусгаарласан байдаг. Тусгаарлалтын 14 хоног дуусангуут хүүхдүүдийг ХӨСҮТ, ЭМЯ, УОК гэсэн холбогдох байгууллагууд нь хүн чинээ тоолгүй, тусгаарлалтаас гарсан иргэдийг гэр рүү нь хүргэдэг автобусны тус бүр 10 мянган төгрөг байхгүй гэдэг шалтгаанаар гудамжинд гаргачихсан. Гартаа дөрөвхөн мянган төгрөг атгасан эгч дүүс “Жуков” дахь байр руугаа алхчихсан байх юм. Төө зузаан цастай, өвлийн жавар тачигнасан энэ өдрүүдэд Улаанбаатар хот ямар жиндүү, гудамж талбай яасан их халтиргаатай байгаа билээ. 17 настай охин дүүгээ үүрч дүүрсээр арай гэж гэртээ иртэл байрныхан нь тэднийг “Халдвартай” гэж амаараа “онош” тавьцгааж, “Хамаг муу муухайг эднийхэн л чирч ирлээ. Цэвэрхэн байсан байрыг бузарлаж, байрныхны ая тухыг алдагдууллаа” гээд гэрийнх нь босгыг давуулсангүй. Хөөрхий охин бөөн бөөн нулимс унагаж, эмнэлэгт хэвтэж байгаа ээжийнхээ сэтгэлийг зовоохгүй гэж байрныхнаа дахин дахин царайчилж гуйсан ч тэд хөөж туусаар цагдаа сэргийлэх болжээ. Хүүхдүүд хорооныхоо цагдаагийн байранд хүргэгдэж, тэнд сая нуруугаа тэнийлгэж, даарч хөрсөн гар хөлөө пааранд нааж дулаацаж байтал Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас мэргэжилтнүүд ирж, Түр хамгаалах байр руу авч явжээ.

Яг үүнтэй төстэй үйл явдалтай Японы нэгэн анимэ бий. “Гэрэлт цохны булш” гэж нэртэй. Үзээгүй хүн бараг байхгүй дээ. Японы бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 анимийн нэг нь 1988 онд бүтээгдсэн Акиюки Носакагийн зохиолоос сэдэвлэсэн “Гэрэлт цохны булш” юм. Тэр энэ зохиолыг бодит явдлаас сэдэвлэсэн байдаг. Дайны хор уршиг энгийн иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж, хүүхдүүд яаж золиослогдож зовдгийг харуулсан энэ киног үзээд уйлдаггүй, нулимс дуслуулдаггүй хүн гэж үгүй. Сейто хүүгийн аав нь цэрэгт яваад сураг тасарч, ээж нь агаарын довтолгооноос болж амь үрэгддэг. Сейто бяцхан дүүгээ үүрч хорогдох газар, идэх юм хайж, олон бэрхшээлтэй нүүр тулсаар эцэст нь “Санномия” буудалд өлсгөлөнгөөс болж хоёул нас барж буйгаар харамсалтай төгсдөг. Энэ бол дайны үеийн бодит үнэнийг харуулсан анимэ. Гэтэл энэ анимийн үйл явдал өнөөдрийн Монгол Улсад бодитоор боллоо. Хайр энэрэлгүй хатуу харгис төрийн албан хаагчдын хандлагаас болж эгч нь дөрвөн настай дүүгээ үүрсээр гэртээ очиход байрныхан нь “Гэрэл цохны булш”-нд гардаг дайны өмнө эелдэг байсан нагац эгч нь дайны дараа өнчин хоёрыг гадуурхаж, нүд үзүүрлэж, дэргэд нь байхын аргагүй тарчлаадаг шиг хөөчихсөн.

Энэ үйл явдал бол манай төр засгийг удирдаж буй хүмүүсийн ард түмнээ, хүнээ гэсэн сэтгэлгүй, хүйтэн цэвдэг, харгис хандлагатайн дээр төрийн байгууллагууд, төр засгийн толгойд байгаа хүмүүс нь ажил хийж сураагүй, юу ч мэдэхгүй “мал”-нууд төрд шургалсны хар гай.

Айлын хоёр хүүхдийг хөтлөлцүүлээд гэрээсээ гаргахдаа “Энэ хоёр хүүхдийг хэн тосох билээ. Ар гэрт нь хэн байгаа билээ. Гэрт нь яаж аюулгүй, саадгүйгээр оруулах билээ” гэж боддог нь хүн төрөлхтний захын нэг хүний л боддог бодол, хийдэг үйлдэл. Хүн төрөлхтөнд ийм бичигдээгүй хууль байсаар байтал Монголын төрд ажиллаж байгаа дарга, сайд, албан хаагчид хүн гээч бодгалийн наад захын ёс зүйг мэдэхгүй байна. Хүний хүүхдийн төлөө энэ тухай бодъё ч гэсэн бодохгүй. Харин өөрийнх нь хүүхэд байсан бол гар дээрээ өргөөд гэртээ оруулаад бөөцийлөх нь тодорхой. Төрийн байгууллага бол үйлчилгээний байгууллага. Иргэддээ үйлчилж, ээж аав шиг хандах ёстой гэдгээ мэддэг, ухамсарладаг төрийн албан хаагч нэг ч байдаггүй. Төр засаг гэдэг бол иргэдийнхээ л төлөө бүхнээ дайчилж байх ёстой биз дээ. Тэгэхийн төлөө л сонгуулиар “Засаг төр барина” гэж хот, хөдөөгүй хөөцөлдөж, тэмцэлдэж байж гарч ирж төрийн байгууллагуудад очсон шүү дээ.

Айлын хүүхдийг хүүхдийнхээ төрсөн өдөрт урьж авчирсан бол дараа нь тэр хүүхдийг эцэг эхийнх нь гарт заавал хүлээлгэж өгдөг ёс сүүлийн үед тогтчихоод байгаа. Бүр заншил болчихсон. Гэтэл төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид нь ажилдаа сэтгэлгүй, хүнтэй хүнлэг ханддаггүй, цэвдэг учраас айлын хоёр хүүхэд өвлийн хүйтэн өдөр гадаа уйлж зогслоо. Угтаа төр тэр хүүхдүүдийг гэрээс нь авч явж тусгаарлалтад оруулсан шигээ буцаагаад гэрт нь оруулах ёстой байсан. Гэвч тэгсэнгүй. Энэ үйл ажиллагаанд оролцсон төрийн бүх албан хаагчдыг Монгол Улсын иргэдэд хүнлэг бишийн дээд хэлбэрийг гаргасан учир төрийн албанаас нь даруй зайлуулах хэрэгтэй байна. Монгол төрийн албан хаагчид өөрийн оюун ухаан, хүний язгуур зөөлөн шинж, сайхан сэтгэлийнхээ угаас ажилдаа хандана гэж ер байдаггүй, тэд яг л манкурт боол шиг л сууцгаадаг.

Монголчууд бүдүүлэг, тэнэг, аливаа юманд шинжлэх ухааны үүднээс шинжлэх ухаанчаар хандана гэж огт мэддэггүй гэдгээ дээрх хоёр хүүхдийн жишээн дээр тод харуулсан. Зөвхөн Баянзүрх дүүргийн тэр байрныхан ч биш, хавтгайдаа, нийгмээрээ ийм харанхуй, мунхаг байна. Шинжлэх ухааны үндэслэлтэй бол тэр зүйлд итгэх үндэс бий гэж үздэг. Халдвар авсан байж болзошгүй гэж урьдчилан сэргийлэх үүднээс гэрээс нь авч яваад 14 хонуулаад гэр рүү нь буцааж байна гэдэг нь “Энэ хоёр хүүхэд эрүүл, халдвар илэрсэнгүй” гэсэн үг шүү дээ. “14 хоногт шинжилгээгээр коронавирус илрээгүй бол халдвар аваагүй гэж үзнэ” гэдгийг дэлхийн шинжлэх ухаан батлаад нотолчихсон. Дэлхийн улс орнууд коронавирустэй зэрэгцээд амьдраад явахаас өөр сонголтгүй гэдгийг амьдралаараа, бодитоор харуулаад бүтэн жил боллоо. Энэ вирус анх дэгдэхэд хүмүүс айж сандарч, юу хийхээ мэдэхгүй байсан тал бий. Харин одоо бол юу хийхээ мэддэг болж, хүн хооронд хоёр метрийн зайтай зогсох, гараа тогтмол угааж, амны хаалт байнга зүүж, дархлаагаа дэмжих ёстой гэдгийг ухамсарлаад тэр хэв маягаар амьдарч болоод байна. Үүнийг л тэр байрныхан нь мэдэхгүй байна. Хоёр хүүхэд ирэхийг хараад ухаангүй айж, өвчин тусчихна гэж хөөцгөөсөн. Коронавирус ямар замаар халддаг, хэрхэн халдвар тархдаг талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг тэр хүмүүст алга. Ийм л бүдүүлэг байна даа, монголчууд.

Төрийн байгууллагуудын албан хаагчдын цэвдэг байдал, ямар ч зохион байгуулалтгүй тэнэг үйлдлээс болж 17 настай охин дөрөвхөн настай дүүгээ үүрч явсаар сөхөрч уналаа. Иргэдээ гэх ямар ч сэтгэлгүй, дээрээс нь ажлын чадваргүй төрийн албан хаагч, сайд, дарга нараас болж энэ хоёр хүүхэд гэлтгүй монголчууд нийтээрээ сүйрлийн ирмэгт тулчихлаа.

“Гэрэлт цохны булш” киног үзсэн хүмүүс нулимс дуслуулж хөөрхий Сейтод тохиолдсон үйл явдал хүн төрөлхтөнд дахин бүү давтагдаасай хэмээцгээдэг. Гэтэл Монгол Улсын төрийн байгууллагуудын ажилтнуудын цэвдэг хандлагаас үүдэж 2020 оны 12 дугаар сард Улаанбаатар хотод “Гэрэлт цохны булш” анимэ амьдрал дээр бодитоор биеллээ оллоо. Энэ үйл явдлыг олон улсын түвшинд гаргаж тавибал засаглалын тэнэглэлээрээ олон улсын хэмжээнд маш их шуугиан тарихуйц жишээ болчихоод байна. Төрийн толгойд байгаа хүмүүс, төрд ажиллаж байгаа албан хаагчид 3000, 4000 алхмын цаадхыг харж үйл ажиллагаа явуулдаг байх ёстой бол Монгол төрийн үйл ажиллагаа нэг алхмын цаадхаа ч харж чаддаггүй. Энэ хоёр хүүхэд гэртээ яаж харих билээ, гэртээ очлоо гэхэд хоол ундтай билүү, харах угтах хүн бий билүү гэж урьдчилан тооцоолж, цагдаагийн дохиотой алаг машинаараа гэрт нь хүргэж өгөөд хаалгыг нь хаагаад үүдэнд нь өнөө цаавуутай санамжаа наагаад орхичиход л уг нь болох байсан юм. “Хоол унд дуусвал ийшээ залга” гээд утасны дугаар үлдээчихэд хандив, тусламжийн байгууллагууд, сайхан сэтгэлтэй хүмүүс ээжийг нь иртэл тэр хоёр хүүхдийг лав өлсгөхгүй л байх байсан даа.

Бүх шатны дарга нар ард түмний өмнөөс хариуцлага хүлээж байна гэдгээ ерөөсөө мэддэггүй. Татварын мөнгөөр сайхан жаргаж, тансаглана даа гээд л булаацалдсаар байгаад албан тушаалд очоод сууцгаачихсан. Төрийн байгууллага, төрийн албан хаагч, татварын мөнгөөр тансаглаж буй сэтгэлгүй дарга нараас болж хичнээн “Гэрэлт цох” унтарч буйг тоолохоос айж байна.

Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал энтертаймент-ертөнц

Ардын аниа Жижи: Бусад хүн юу гэх бол гэж нэг хором ч бодож үзээгүй


Ардын аниа Жижи хэмээн цахим ертөнцөд танигдсан влогчин бүсгүй Г.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.

-Сайн байна уу. Коронавирус дэлхий нийтээр тархаад байгаа энэ цаг үед АНУ-д суугаа монголчуудын хувьд нөхцөл байдал ямархуу байгаа вэ. Энэ талаар яриагаа эхлэе.

-АНУ-д 12 дугаар сарын сүүлээр вакцин хийгдэхээр болсон. Хамгийн анх 3-р сард дэгдэхэд бүх газрууд хаагдаж, хүмүүс шоконд ороод дэлгүүр хоослох, айж сандрах асуудлууд гарч байсан. Одоо хүмүүс нөхцөл байдалдаа дасаад, арга барилаа олчихсон. Эндхийн туршлагаас авмаар зүйл гэвэл ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстээ хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх тусгай цаг гаргаад өгчихсөн. Миний хувьд угаас гадуур биш гэрээсээ ихэвчлэн ажилладаг байсан болохоор онц ялгаа мэдрэгдэхгүй байгаа. Өвчлөлийн голомтод 8 сар амьдарч байгаа хүний хувьд харин ч энэ үеийг ашиглаад өөртөө олон боломжийг нээсэн. Одоогоор гадаадад суралцах талаар хүүхдүүдэд онлайнаар сургалт явуулж байгаа.

-Ихэнх хүмүүс “Ардын аниа Жижи” гэдэг нэрээр нь андахгүй. Уншигчдад өөрийгөө товч танилцуулаач.

-Намайг Гансүхийн Ган-Эрдэнэ гэдэг. Орхон аймагт төрж өссөн. “Мон-Турк” сургуулийг төгсөөд, АНУ-ыг зорьж ирсэн. Эхлээд Спокень Вашингтон гэдэг жижиг хотод хэлний бэлтгэлд 1 жил сураад, дараа нь Сайнтлуис хотодбизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэргээ хамгаалсан. Гадаад оюутнууд дөрвөн жил сурсны дараа Америкт үлдэж, нэг жил ажиллах эрхтэй байдгийн дагуу Сиатл хотод нэг жил мэргэжлээрээ ажилласан. Одоогоор үргэлжлүүлэн Сиатлын их сургуульд мастерийн зэргээ хамгаалж байна. Нэг ах, эмэгтэй дүүтэй айлын дунд охин. Одоо дүүгээ АНУ руу татаад, бүх зүйлийг нь хариуцаад явж байгаа. Ах маань гэр бүлийн хамт Сайнтлуис хотод амьдардаг бол аав, ээж хоёр маань харин Монголдоо байдаг.

-Влог, бичлэгнүүдээ хийж эхлээд хэр удаж байгаа вэ. Контентоо анх эхлүүлэхдээ хүмүүст юу гэж бодогдох бол гэдэг айдастай тулгарч байв уу?

-Яг үнэнийг хэлэхэд би ямар нэгэн шинэ зүйл эхлүүлэх гэж байгаа бол айдсыг хэзээ ч түрүүлж хардаггүй. Хэн намайг юу гэж бодох бол гэж нэг хором ч бодож үзээгүй. 2018 оны 12-р сарын 31-нд би анх шинэ жилээр влогоо эхэлж байсан. Түүнээс өмнө би янз бүрийн бичлэг хийх дуртай, түүнийгээ эвлүүлээд фейсбүүкдээ оруулчихдаг байсныг ойрын хүмүүс маань мэдэх байх. Тэгэхээр миний хувьд цахим орчинд өөрийгөө ил гаргахад ямар ч айдас байгаагүй. Харин ч бичлэгээ хийгээд сошиал медиад оруулахаараа баярладаг, дахин дахин үздэг.Гол нь би өөрөө өөртөө болон өөрийнхөө хийж байгаа юманд дуртай байх нь л чухал. Хэрвээ шинийг санаачлахаар шийдсэн хүмүүс уншиж байвал “Тэр зүйл чинь танд таалагдаж байвал хангалттай, бусдад яаж харагдах бол гэж битгий зовоорой” гэж хэлмээр байна.

-Сошиал медиа дээр хичнээн дагагчидтай вэ. Youtube- ээс болон контентоосоо ашиг олдог уу?

-Одоогоор байгаа сошиал медиа хаягууд дээрээ тус бүр 100 мянган дагагчтай. Ашиг гэхээсээ илүү өөрийнхөө хийсэн бичлэгүүдээс жижиг хувь авдаг. Youtube-ээс сардаа бага хэмжээгээр цалинжина. Тик Ток дээр миний 10 видео тутмыг 280 доллараар үнэлдэг. Спонсор байгууллагуудаа ч бас Тик Ток-оос олж авсан. Одоогоор миний хувьд Youtube-ээс гадна хоёр ажил хийдэг. Сургуулийнхаа сошиал медиа талыг нь хариуцахын хажуугаар оюутнуудын холбоонд давхар ажилладаг. Хаана боломж байна, тийшээ л явахыг эрмэлздэг.

-Бичлэгнийхээ санааг хэрхэн олдог вэ. Аль болох олон хүнд хүргэх талаас нь бодож сонгодог уу. Эсвэл өөрт таалагдсан сэдвээр хийдэг үү?

-Бичлэгнүүдээ бүгдийг нь төлөвлөдөг. Угаасаа эхлүүлж байхад намайг шууд олон мянган хүн үзэхгүй. Анх би Youtube-д гуравхан дагагчтай байсан. Миний хувьд сошиал медиагийн бүх сувгуудыг зэрэг ашиглаж, солонгоруулж явсан. Ингэхдээ яавал олон хүн үзэх вэ гэдэг талаас нь харж эхэлж байсан. Гол нь хүмүүсийн дуртай сэдвүүд юу байна гэдгийг ажигласан.Шинэ санаа гаргаж, хэрэгжүүлэхэд Brainstorming арга гэж байдаг. Ерөнхийдөө тэр зарчмаар хүмүүс хэрхэн, яаж гэдэг видеонд дуртай байдаг учраас өөрийн мэдэх сэдвээрээ буюу англи хэл сурах, АНУ-д сурах талаар видеонууд оруулж, хүмүүст хүргэж байсан.Хүн юу гэж бодно уу надад хамаагүй байдаг болохоор өөртөө тохиолдсон хөгжилтэй явдлуудыг яриад, тэрнээс хойш үзэх хүмүүс нэмэгдсэн.

-Эхлүүлсэн зүйл нь ийм хэмжээнд хүмүүст хүрнэ гэж төсөөлж байв уу?

-Үгүй ээ, хэзээ ч төсөөлж байгаагүй. Сиатлд ирэхээсээ өмнө миний бичлэгнүүд ийм олон хүндхүрдэг гэдгийг мэдээгүй явсан. Монголчуудын наадмаар очиход таарсан хүн болгон “Ардын аниа Жижи” байна гээд таниад, хүндэтгэлтэйгээр угтаж авахад маш сайхан санагдаж байсан. Youtube-ийн Silver button-ийг авах байтугай, ийм шагнал байдгийг ч мэддэггүй байлаа. Зүгээр л тууштай хийсний үр дүн болов уу гэж боддог.

-Хүмүүсээс ирж байсан шүүмж, сөрөг сэтгэгдлүүдийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Хоёр, гурван удаа айхавтар хэл аманд орж байсан. Өглөө босох болгонд хүүхдүүд, өсвөр насныхны үзэн ядсан сэтгэгдлүүд олноороо ирсэн үе бий шүү. Эхэн үедээ надад хэцүү байдаг байсан. Нэг л өглөө олон мянган хүн дайраад эхлэхээр ямар ч өөдрөг хүн гэмтэнэ. Бичлэгнүүдээ хиймээргүй айдаст орох үе байсан ч дотоод эрч хүчээ дахин бий болгосон. Цаг хугацаа өнгөрөөд хийх юмаа хийсээр байхад хүмүүсийн бодол буцаад л эргэдэг юм байна лээ. Би ер нь сөрөг зүйлсийг бодоод, тээгээд явах дургүй дорхноо мартчихдаг.

-Lil Puma та хоёрын дунд болоод өнгөрсөн асуудлыг тавилттай байсан уу гэж зарим нь хардаж байсан?

-Ямар ч тавилт байхгүй ээ. Аль алинд нь болоод өнгөрсөн л зүйл. Түүнээс хойш хоорондоо холбогдоогүй.

-АНУ-д хэр удаан амьдрах төлөвлөгөөтэй байгаа вэ? Монголдоо ирэх бодол бий юу?

-5-р сард 3 сарын хугацаатай Монголдоо очих төлөвлөгөөтэй байгаа. Зун болгон очдог боловч энэ жил коронагаас болоод очиж амжсангүй. Хүн чамаас хамгийн хайртай гурван зүйлээ нэрлэ гэвэл нэгдүгээрт эх орон гэж хариулах ёстой гэдэг. Монголд очоод хамгийн түрүүнд эх орноороо сайхан аялахыгхүсч байна. Монголын байгалийг юутай ч зүйрлэшгүй шүү дээ. Хэдийгээр гадаадын өндөр хөгжилтэй оронд байгаа ч эх орондоо маш их хайртай.

-Таны бодлоор америкчуудын соёлоос суралцах зүйлс юу вэ?

-Эндхийн хүмүүс хоорондоо маш нээлттэй, гадуур явж байхад танихгүй хүн дотны найз шиг нь харьцаж чаддаг нь гоё санагддаг. Нэг түүх ярихад анх энд ирээд монголчууд багатай газар удаан амьдраад монгол хүний мөрөөсөл болчихсон байсан. Тэгээд Монгол руу буцах замдаа Солонгосын онгоцны буудал дээр хоёр монгол хүний яриа сонсогдоод бүр баярлаад тэнд явж байсан ээж, охин хоёр руу “Сайн байна уу?” гэсэн чиньминий өөдөөс “Ёо, цочих гэж” гэчихээд яваад өгсөн.Тэгэхээр монголчууд маань нээлттэй байгаасай гэж хүсдэг. Хоёрдугаарт: цагийн менежмент. Гуравдугаарт: хувийн зохион байгуулалт. Маргааш хийх юмнуудаа өмнөх орой нь төлөвлөөд, хийж сурах нь гадаад оронд ер нь хаана ч очсон хэрэгтэй ур чадвар.

-Үзэж, сонсдог олон хүмүүст өөдрөг үзэлтэй хүн шиг санагддаг болов уу. Сэтгэлээр унах үедээ эрч хүчээ яаж сэлбэдэг вэ?

-Сэтгэлээр унасан үедээ ганцаараа байх дуртай. Хувь хүн ганцаараа байж сурах хэрэгтэй. Би сэтгэлийн хөдлөл ихтэй хүн болохоор энэ зан чанар маань намайг түшиж өгдөг байх. Миний гэр бүлийнхэн намайг үргэлж дэмждэг байдал нь намайг дандаа цэнэглэж өгдөг. Тиймээс ээж, аав, эмээ, өвөөдөө маш их талархдаг. Мөн Мон-Турк сургууль миний амьдралын өөрчилсөн гэж болно. Мон-Турк сургуульд гадаад хүмүүс, гадны соёлыг хараад миний өмнө олон боломжууд нээгдсэн. Тэр үед би дуулах дуртай гэдгээ нээгээд сургуулийнхаа дууны тэмцээнд байр эзлээд Турк улс руу үнэ төлбөргүй аялаад, буцахдаа 500 доллартай гэртээ ирж байлаа. Тэгэхээр хүн болгоны дотор нуугдсан алмаз байдаг гэж боддог. Тэрийгээ гаргахад орчны багахан дэмжлэг лхэрэгтэй.Хүн өөрөө хичээх юм бол болдог гэдгийг сургууль, хамт олон, багш нар маань надад ойлгуулсан.

-Англи хэл сурах олон арга, зөвлөмжүүд бий. Өөрийнхөө туршлагаас англи хэл үр дүнтэй суралцах топ нэг арга барилыг хэлээч гэвэл?

– Үгийн баялаг, өгүүлбэрийн бүтцийг цогцоор нь сурах хамгийн үр дүнтэй арга гэвэл унших. Тиймээс хамгийн эхлээд ном унш.Хоёрдугаарт ичих нүүрээ элгэндээ наагаад ч хамаагүй яриарай. Тэгж байж өөрийнхөө айдсыг хагалж чадна.

-Монголоос үзэж, сонсдог ”нөлөөлөгч” хүн бий юу?

-Миний ментор Зүүгий эгчийг нэрлэмээр байна. “Мөрөөдөх эрх” гээд номыг бичсэн, англи хэлний сургалт явуулдгаар нь хүмүүс мэдэх байх. Англи хэл анхлан суралцаж байгаа хүмүүст авсан номоороо вебсайтад нэвтрээд, англи багшийн хичээлүүдийг үзэх боломжтой монголд байхгүй системтэй гарын авлага саяхан гаргасан мундаг эмэгтэй бий. Ментор маань намайг онлайн сургалтаа явуулж, “Growth”төлөвлөгч дэвтрээ гаргахад маш их хүч болж, түлхэж өгсөн хүн.

-Саяхнаас төлөвлөгч дэвтэр худалдаанд гаргасан байсан. Энэ санаагаа хаанаас олсон бэ?

-Намайг сурагч байхад хүслийг минь бадраах энэ төрлийн зүйлс хязгаарлагдмал байсан. Хүмүүст хэрэгтэй юм хийж бүтээх хүсэл миний дотор үргэлж байсан. Надад ашигтай юу гэдэг талаас нь ерөөсөө хараагүй ээ. Яаж олон хүнд хэрэгтэй зүйл хийх вэ гэдэг хүсэлдээ хөтлөгдөөд, Зүүгий багштайгаа ярилцаад төлөвлөгч дэвтрээ гаргасан.

-Хайр дурлалын тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Миний хувьд өсөж, хөгжих боломжтой залуу насан дээрээ ээж болохоосоо өмнө өөрийгөө хангалттай хөгжүүлж, байгаа боломжийг тултал нь ашиглах хэрэгтэй гэж боддог.

-Таны алс хэтийн мөрөөдлийг сонирхож болох уу?

-Миний хамгийн том мөрөөдөл бол их сургууль байгуулах. Яагаад гэвэл олон авьяас, чадвартай хүүхдүүд санхүүгийн асуудлаас болоод түүнийгээ ашиглаж чадахгүй байгааг хараад их харамсдаг. Тиймээс ирээдүйд тэдгээр хүүхдүүдэд боломж олгохыг хүсдэг.

-Контент хийхийг хүсдэг хүмүүст таны зүгээс өгөх зөвлөгөө?

-Ямар чиглэлээр явмаар байгаа эхлээд тодорхойл. Чанартай видеоноос эхлэх ёстой болохоор техник хэрэгслүүдээ сайтар бэлдэх хэрэгтэй. Мөн хүмүүсийн сонирхдог сэдвээр эхлүүлж, тэр талаараа сайн уншиж, судлах хэрэгтэй.

Ч.БИНДЭРЪЯА

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

​Д.Баттөмөр: Охид маань миний хамрынхаа үзүүрийг мааждагийг хүртэл дуурайгаад төрчихсөн​

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөмөртэй ярилцлаа.


-Та хорио цээрийн дэглэмийн үед ШӨХТГ-тай хамтран “Үнийн хөөрөгдөл бүү гарга” гэсэн уриалгыг эхлүүлсэн. Үнийн хөөрөгдлийг багасгах зөв алхам шиг санагдсан?

-Энэ хүнд цаг үед иргэн бүр ухамсартай байж хөл хориогоо үргэлжлүүлж байна. Анх Монголд коронавирусийг дотооддоо алдлаа гэдгийг далимдуулан хувиараа бизнес эрхлэгчид маань барааныхаа үнийг нэмснээс үнийн хөөрөгдөл үүсгээд байсныг бид мэдэж байгаа. Энэ нь эргээд айл өрхүүдийн эдийн засагт сөргөөр нөлөөлж, тэдэнд хүндрэл учруулж нөхцөл байдлыг улам муутгах шалтгаан болж байна гэж харсан. Тиймээс л иргэн хүнийхувьд энэ байдлыг эсэргүүцэх үүднээс үзэл бодлоо илэрхийлж цахим орчинд эерэг нөлөө үзүүлэхийн тулд энэхүү давлагааг ШӨХТГ-тайхамтрах эхлүүлсэн. Улсын онцгой коммис оновчтой шийдвэр гаргаж байгаад их талархаж байна. Ард иргэд эв нэгдэлтэй, аливаад хүндэтгэлтэй хандаж заавар зөвлөмжийг ягштал биелүүлэх цаг бидэнд тулгараад байгаа юм. УОК-оос гаргасан шийдвэр, журмын дагуу байх нь бидний үүрэг шүү дээ.


-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Одоогоор “Жам” мелодрамд киног хийхээр ажиллаж байгаа. Намрын зураг авалт дууссан. Харин өвөл, хавар, зуныхаа зураг авалтын төлөвлөгөөг гаргачихсан.Энэхүү киногоо ирэх онд гаргах төлөвлөгөөтэй байна. Өнгөрсөн нэгдүгээр сард МУГЖ М.Баярмагнайтай хамтарч “Таарсан хоёр” инээдмийн киноны гол дүрд тоглосон. Мөн “3 сая инээд” шоунд хамтдаа шүүгчээр суусан. “Монголд нэг удаа” хошин хөтөлбөр болон наадам, шинэ жилээр хоёр ч удаагийн хөтөлбөрт хамтран ажилласан. М.Баярмагнай гавьяат чинь надаас хоёр жилийн өмнө төгссөн ах. Найз ахтайгаа хамт тоглосон кино маань үзэгчдэд маш сайн хүрсэн. Энэхүү киноны зохиолыг уншаад л надад таалагдсан. Нийгэмд болж буй залилан, орон байрны хулгай, дээрмийн талаар кинонд хөндөж харуулсан.“Таарсан хоёр” киногоо Юнивишн, Скай медиа, “look tv”-д байршуулсан байгаа. Мөн Б.Отгонзориг найруулагчийн бүтээсэн “2000”, “The Womam” зэрэг кинонд дүр бүтээсэн. Одоо Олон улсын фестивалиудад зориулсан арилжааны бус “АРТ ХАУС”, “Melodram” хосолсон чамбай бүтээл хийх санаатай “Тэлмэн” фильмийн бүтээл “Жам” киноны найруулагчаар эд эс бүхнээ зориулаад л ажиллаж байна.

-Киноныхоо санааг хэрхэн олдог вэ. Урлагийн хүмүүст шинэ уран бүтээлийн санаа бэлэн байдаг уу?

-Уран бүтээлчдэд тулгардаг хүндхэн асуудлын нэг нь шинэ санаа олох.Гадаад дотоодын зохиолчдын бүтээлийг олж уншина. Хэн нэгний ярьж буй хууч яриаг чагнана. Өөрсдөдөө тохиолдсон үйл явдлыг соргог шүүрч зохиолчдод захиалга өгч бичүүлдэг. Тэр олсон санааныхаа үйл явдлыг дэс дараалалтай кино шиг дүрслээд л ярьж өгнө дөө. Бидний төсөөлөн бодсоноос өөрчлөгдвөл дахиад л ярьж эхэлнэ шүү дээ. Ер нь зохиолын эрэл дунд амьдарч дандаа зохиолоор өлсөж цангаж явж байна. Бид өөрсдөө дарга, найруулагч, зохиолч, сайн менежер, продюсер, нягтлан гээд хийж чадах бүхнийг зэрэг амжуулдаг. Бусдаас чих, хамар, нүд гурав арай илүү ажилладаг гэх юм уу даа/инээв/.

-Та юунаас их айдаг вэ?

-Мунхаг алхам, буруу шийдвэр, аминчхан зан, бусдад өөрийгөө буруугаар ойлгуулах вий гэхээс их айдаг.Тийм болохоор өөрөөсөө айдаг болж таарч байна уу даа./инээв/

-Тэгж таарлаа шүү?

-Ерөөсөө л өөрөөсөө айдаг гэхэд болох юм байна/ инээв/.

-Хүүхэд насныхаа мартагдашгүй дурсамжаас дурсахгүй юу?

-Хүүхэд байсан үеэ бодохоор хамгийн түрүүнд ээж минь санаанд буудаг юм. Ижийтэйгээ хамтдаа өнгөрүүлсэн мөч бүхэн сайхан дурсамж юм даа. Ээж гэдэг хүнийг байнга хайрлаж, урамшуулж, хүндлэх хэрэгтэй шүү. Хэзээ ч эргэж олддоггүй эрдэнэ байдаг юм.

-Танай гэр бүлийнхэн хоорондоо их адилхан шүү. Заяаны хань төстэй байдаг гэдэг юм билээ?

-Манай эхнэр надтай адилхан биш ээ. Надаас хөөрхөн сайхан бүсгүй байдаг юм. Хүмүүс их адилхан гэдэг. Би хувьдаа үүнтэй санал нийлдэггүй. Харин охид аавыгаа яг дуурайж төрдөг юм билээ.

Манай охид л гэхэд миний хамрынхаа үзүүрийг мааждагийг хүртэл дуурайж төрсөн байгаа юм. iPhone утасны нүүр таньж онгойлгож чадна гээд бод доо. Тийм болохоор Аpple компани арай л дутуу системтэй хийсэн гэж бодоод байгаа (инээв).

-Та “Таарсан хоёр” кинонд том охинтойгоо хамт тоглосон байсан. Охидоо урлагийн хүн болгох уу?

-Охидынхоо бага насны дүрийг дэлгэцэнд мөнхөлж үлдээх юмсан гэж боддог. Тэгээд л “Таарсан хоёр” кинонд том охинтойгоо хамт тоглосон юм. Дунд охин маань реклам, телевизийн контентод оролцдог. Ер нь тэгээд гэрт бөөн “хэрүүл” болно шүү дээ. Аниа тэдэн кино, рекламанд тоглочихсон байна, би тэдээр дутуу гээд л тэрүүхэндээ өрсөлдөөн бий болно. Эмч хүний хүүхэд эмч болдог гэдэг шиг уран бүтээлчдийн хүүхдүүд хөшигний ард ийм болчихдог юм байна. Гэхдээ эмэгтэй хүнд урлагийн зам их хатуу санагддаг. Тийм болохоор охидоо энэ салбараар явуулахгүй гэж боддог.

-Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөө юу байна. Сонирхолтой шинэ санаа их байгаа байх?

-Шинэ жилийн баярт зориулсан IPTV-д контент хийх төлөвлөгөөтэй, зохиолоо биччихсэн. Харин зураг авалтаа хийх байсан ч хөл хорионд орчихлоо. Хөл хорио цаашид сунгагдвал дараа жилийн шинэ жил байгаа шүү дээ. Гэхдээ цаг үеийн байдлаа харж байж болно доо.

-Хөл хориотой үед ард иргэддээ урмын үг хайрлаач?

-Бүтэн жил эх орон, иргэдээ хамгаалж аюулт өвчинтэй тэмцэж чадсан шүү дээ. Цаашид бид төр засгаас гаргасан шийдвэр бүрийг ягштал биелүүлж чадвал энэ аюулт цар тахал бидний дор сөхрөх байх гэж бодож байна. Монголын минь хувь заяа их, үүнийг даваад л гарна. Бүгд гэртээ байж, дархлаагаа сайн дэмжээрэй.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Сонгуулиа өгөхгүй байх нь дарангуйллын гарт толгойгоо тавьж өгч буй хэрэг

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль саяхан болж өндөрлөлөө. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 2.016.794 сонгогчдын 55.98 хувь буюу 1.129.010 сонгогч саналаа өгсөн гэсэн статистик гараад байна. Саналаа өгөх ёстой иргэдийн дөнгөж тал нь л өөрсдийн дэмжсэн нэр дэвшигчийнхээ нэрийг дугуйлсан гэсэн үг. Орон нутгийн сонгуулийн нэмэлт санал хураалтын үйл ажиллагаа хоёр өдрийн өмнө болсон юм. Саналаа өгөхөөр бүртгэгдсэн сонгогчдын 74.33 хувь нь санал авах байранд ирсэн мэдээг СЕХ-ноос түгээв. 19 аймгийн 61 хэсэг, Налайх дүүргийн хоёр хэсэг, нийт 63 хэсэгт нэмэлт санал хураалтад оролцох ёстой сонгогчдын 25.82 хувь нь ирж саналаа өгсөн тухай мэдээ СЕХ-ны цахим хуудсанд дурайж байна. Дахиад ч хэд хэдэн газар нэр дэвшигчдийн санал тэнцэж, нэмэлт санал хураалт болж магадгүй сураг чих дэлсээд эхэллээ. Нэмэлт саналт хураалтын ирц өнгөрсөн удаагийнх шиг мөн л хангалттай биш байна гэдэгт эргэлзэх юм алга. Саналаа өгөөрэй гээд бүх нийтээр нь амраахад санал авах байранд очоогүй хүмүүс нэмэлт санал хураалтад ач холбогдол өгнө гэдэг юу л бол.

Товчхондоо орон нутгийн сонгуулийн ирцийг тоймлоод харахаар хангалтгүй гэж хэлэхээс өөр арга алга. Яалт ч үгүй муу ирц. Хуучин социализмын үед ямар ч сонголтгүйгээр хүний нэр дугуйлдаг байсан ч сонгогчдын ирц 99.99 хувь байсан юм. Ер нь ардчилал ялснаас хойш сонгуулийн ирц ийм өндөр хувьтай гарсан жил үгүй. Энэ жилийн сонгуулиас анзаарахад цаашдаа ч ирц муу хэвээр өчнөөн жил болж мэдэхээр байна. Шуудхан хэлэхэд, сонгуульд залуусын оролцоо муу хэвээр гуч гаруй жил өнгөрчихлөө. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр дээл өмссөн залуусын өнгөлөг зурагтай “Өглөө” гэсэн нэртэй нөлөөллийн аян сошиалд идэвхтэй өрнөж, олны танил од залуусын саналаа өгөхийг уриалсан пост, коммент, жиргээ хэдэн зуугаараа харагдсан ч мөн л залуусын оролцоо бага байсан.

Иргэд сонгуульдаа яагаад идэвхтэй оролцдоггүй вэ гэсэн асуултын хариуг хайж ядах юмгүй л дээ. Шууд буруутгахад ч хэцүү. Өгсөн саналыг нь луйвардчихдаг болохоор хэн саналаа өгөхийг хүсэх билээ. Гэхдээ яаж ч бодсон, ямар ч шалтгаан байсан сонгуульд саналаа өгөх учиртай. Иргэдийн өөрсдийнхөө төлөө хийж байгаа хамгийн зөв бодитой алхам бол сонгуульд саналаа өгөх. УИХ, орон нутгийн удирдлагад гаргамааргүй хүнээ тойргийн гадна үлдээх цорын ганц боломж ерөөсөө л сонгууль. УИХ-д сонгож, төрд зүтгэх ёстой гэж харсан хүндээ эрх мэдэл өгөх цор ганц боломж мөн л сонгууль. Ардчиллын амин сүнс нь ерөөсөө л энэ. Иргэн бүр сонгуульд саналаа өгч байж ардчилал жинхэнэ утгаараа цэцэглэдэг, оршин тогтнодог, амин сүнсээ алддаггүй. Өөрөөр хэлбэл, ардчиллын дархлаа иргэд нь бултаараа саналаа өгдөг соёлоос эхэлдэг. Иргэд нь саналаа өгөхгүй байхын хамгийн том сөрөг тал нь юу гээ. Дарангуйлагчид алгаа ташдаг, өндийн сэрдэг, хэзээ ч ганхахгүйгээр эрх сүрээ батжуулж авдаг. Дарангуйлал улс орныг сүүдэр мэт нөмөрдөг гол шалтгаан ерөөсөө л энэ. Тэгэхээр сонгуульд саналаа өгөхгүй суух тусам та дарангуйлалд найр тавьж, ардчиллын дархлаанд сөргөөр нөлөөлж байна гэсэн үг.

Сонгуульд саналаа өгөх иргэдийн идэвх бага хэвээр хэдэн арван жил өнгөрсөн учраас өнгөрсөн 30 гаруй жилд мАн голдуу засаглаж ирсэн гэчихэд хэтрүүлсэн дүгнэлт болохгүй. нэг сонирхолтой ажиглалт бий. Сонгуулийн ирц сайтай газар Ардчилсан намд ялалт ирж, ирц муутай газар нь МАН-ын голдуу нэр дэвшигчид гараад ирдэг гэцгээдэг. Одоо яагаад гэсэн асуулт тавиад харъя. Сонгуулиа идэвхтэй өгдөг насныхан ахмадууд гэдэг нь судалгаа, практикаар нэгэнт нотлогдчихсон үнэн. Залуусын сонгуульд саналаа өгөх оролцоо идэвх ер нь бага хувьтай явсаар өнөөг хүрсэн. Тухайн тойрогт сонгуулийн ирц сайн бол залуус олноороо саналаа өгсөн гэсэн үг. Сонгуулийн ирц муу тойргийн тухайд залуусын оролцоо муу байсан гээд дүгнэчихэд үнэнээс зөрдөггүй, статистик харахаар яг л тэгж таардаг. Ахмадуудын хувьд д голдуу саналаа өгдөг нь залуугаасаа өнөө намынхаа гишүүн байсан гэх мэт олон шалтгаантай. Залуусын тухайд ардчиллыг, Ардчилсан намыг болон бусад шинэ намыг дэмжих хандлага нийтлэг анзаарагддаг. Гэхдээ саналаа очиж өгдөггүй учраас тэдний хандлага бодит шийдэл болдоггүй. Тэдний дэмждэг нам, нэр дэвшигчид улсыг засаглаж чаддаггүй. Товчхондоо өнгөрсөн 30 гаруй жилийн найман жилд нь л АНолонх болж засагласан, үлдсэн 22 жилд нь МАНтасралтгүй засагласныг сонгуульдаа хойрго оролцдог залуу үеийнхэнтэй холбож тайлбарлахад дэгсдүүлсэн болохгүй.

Сая болж өнгөрсөн орон нутгийн сонгуулиар ч ийм дүр зураг харагдлаа. Залуусын оролцоо бага байсан учраас АНсанасан хэмжээндээ суудал авч чадсангүй. мэдээж Ан-ын рейтинг унасан, нэр хүндээ алдсан нам хүчинтэй эвссэн, Хөдөлмөрийн үндэсний нам нийгэмд зөв харагдаж идэвхтэй ажиллаж байгаа, УИХ-ын сонгуульд МАНүнэмлэхүй олонх болж засаг тэргүүлж яваа гэх мэт олон шалтгаан бий. Гэхдээ онцолж хэлэхгүй өнгөрч болохгүй шалтгаан нь сонгуулийн идэвхгүй ирц. Хамгийн өндөр ирцтэй тойргуудын нэгд багтаж буй гэх Сүхбаатар аймагт гэхэд Ан ялж, аймаг даяараа цэнхэртсэн, Ан-д элэгтэй чингэлтэй дүүргийн ирц муу байсан учраас энэ дүүргийн засаглал мАн-д шилжсэн байж болзошгүй гэх мэт шалтгаан тайлбаруудыг жагсааж болж байна.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Увайгүй байх нь хождог гэж уриалж болохгүй л дээ

Урваж шарвасан увайгүй үйлдлийг хожил, ялалт гэж үзсэн жигшмээр муухай явдал Монголын төрд болохыг харлаа. Тодруулбал, орон нутгийн сонгуульд нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж сонгогдсон МАХН-ын гишүүн Э.Магнайбаяр гэдэг залуу дүүргийн төлөөлөгч болонгуутаа эрх баригч Монгол Ардын намд гишүүнээр элсэж намаасаа, намын журмын нөхдөөсөө, мөн нийт сонгогч олноосоо урвасан юм. Энэхүү урвагч нөхрийг МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нийслэлийн МАН-ын дарга, Улаанбаатар хотын даргаар сонгогдоод байгаа Д.Сумъяабазар нар Төрийн ордонд хүндэтгэн хүлээн авч, намын батлахаа хүндэтгэн гардуулсан нь Монголын төр ямар дорой, ямар өрөвдмөөр, ямар үхээнц байдалтай байгааг илтгэв.

Урвагч гэдэг хэзээнээсээ нэргүй. Товчхондоо, хүний адаг, нийгмийн шаар байдаг. Ямар сайндаа урваснаас үхсэн нь дээр хэмээн эртнээс хэлж ярьж ирсэн ийм л ард түмэн. Гэтэл нэг урвагч нөхрийн өмнө Монгол төрийн Ерөнхий сайд нь, эрх баригч улс орны толгой намын аппарат тэр чигээрээ сөхрөөд, “Шинэ залуу хүн иргэний зориг гаргаж манай намд гишүүнээр элслээ. Улс орныхоо хөгжлийн төлөө хамт зүтгэе” гэж хэлж, урваж шарваж увайгүй байх нь хэзээд хожно гэдгийг Монголын нийгэмд, Монголын залуу үед уриалж байгааг хараад үнэндээ ой гутлаа. Энэ үйлдэл Монголын нийгэмд тогтсон хамгийн буруу үлгэр дуурайлал, буруу жишиг боллоо.

Урваач нөхрийн үйлдэлд, түүний өмнө эрх баригч нам бөхөлзөн байгаад ард түмний ясны зэвүү дургүй хүрч, цахим сүлжээнд олон хүн уур бухимдлаа илэрхийлж байна. Нийтээрээ ингэж дургүйцэж зэвүүцэж, үзэн ядаж байгаа нь ард түмний зөв. Хүнд бас увай, най гэж юм байх ёстой. Жаахан ч гэсэн зарчим, хүний мөс чанар байх ёстой. Хүн гэгч зарчмаа, хүнлэг чанараа, ёс жудгаа гээж цэвдэг хүйтэн болж гэмээнэ, түүнийг нь засаг төр нь хөхиүлэн дэмжиж, шагнан урамшуулж, ийм байх ёстой хэмээн зарлан тунхаглах юм бол за тэгээд тэр нийгэм сөнөж байгаа нь тэр. Урваач залуугийн шийдвэр, түүнийг нь өөгшүүлж буй Хүрэлсүхийн үйлдэл, улс орныг удирдаж буй намын удирдлагуудын царайг хараад ийм л гунигтай.

Монголын төр ийнхүү намын нөхдөөсөө, сонгогч олноосоо урвасан залууг алга ташин хүлээн авч байгаа нь төрийн аль ч шатанд ард түмэн аяга хоолныхоо төлөө яаж нүдний булай болж, нэр нүүрээ барсан ч эцэстээ зөв зүйтэй, тухайн урваач шарваачийн хожил гэж харагдахаар тийм байдлыг бий болгочихлоо. Дээдэс нь ямар байдалтай байна, доодос нь яг л тийм байдаг жам. Зөвхөн манайд тогтсон жишиг юм уу, дэлхий нийтээрээ ийм байдаг ч юм уу. Монгол Улсад төр засгийн удирдагчид нь ямар ааш араншинтай, боловсрол мэдлэгтэй, аливаад зарчимтай, эсвэл зүгээр нэг дүр эсгэж олонд таалагдах гэж поопорсон байдалтай байна ард иргэд, олон нийт өөрийн мэдэлгүй тийм л байдалтай байх нь бий. Төрт ёсоо үлгэрлэн дуурайдгийнх нь илэрхийлэл байх л даа. Яг ийм бичигдээгүй хуулиар Монголд өнөөдөр нийтээрээ хүн загнасан, жигтэйхэн дээрэнгүй хүмүүс бий болжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хаа хамаагүй, тааралдсан бүхнээ загнаж зандарч байдаг. Монголын нийгэмд сүүлийн гурван жил тогтоосон ганц имиж нь энэ. Үндсэндээ Ерөнхий сайд маань бүтэн гурван жилийн хугацаанд тасралтгүй хүн загналаа. Өмнөх засгийнхаа өвгөн сайд нарын толгойг хяргана гэж баахан давхисан. Гэхдээ толгойгоо хяргуулсан сайд одоогоор дуулдаагүй байна. Төрийн ордонд аймаг, сумдын дарга нарыг бүгдийг нь дуудаж авчираад “Та нар үнэтэй цаг зүүлээ, бүгдээрээ цагаа авцгаа” гэж гөлөлзтөл нь загнасан. Үнэнийг хэлэхэд, өнөө дарга нар ч гэнэт яагаад загнаад унасныг нь ойлгоогүй байх. Ингэдэг учиртай юм байх гээд л өнгөрсөн дуулддаг. За тэгээд яамдын удирдлагуудыг цуглуулаад төрөөс хумсалбал бүгд шоронд явна, ажил хийж чадахгүй бол бүгд зайлцгаа гэж агсарсан. Автобусаар ч дуугүй явчихгүй ар өврийнхнийгөө загнаж зүхэж байгаа харагдсан.

Хамгийн аймшигтай нь Ерөнхий сайдын хүн загнадаг байдал төрийн албаны шат бүхэнд нөлөөллөө. Ерөнхий сайддаа загнуулсан сайдууд нь яамдынхныгаа цуглуулж загнаад, яамны сайддаа загнуулсан нөхөд нь мэргэжилтнүүдээ толгойг нь эргэтэл загнаад эцэс сүүлдээ хороон дарга хүртэл цэвэрлэгчээ өмнөө зогсоож байгаад учир зүггүй загнаж, хэлбэрддэг байдал бий болчихлоо. Ж.Батбаясгалан хотын дарга байхдаа өглөөний шуурхай дээр хүн загнаж байгааг бид харсан. Батбаясгалан бол дөлгөөхөн даруухан, ажил хэрэгч тийм залуу. Гэтэл Хүрэлсүхийн маневрт орчихсон, түнтийж ягаартлаа уурлан нэг нөхрийг байх суух аргагүй болтол загнаад хурлаас хөөж гаргаж байх жишээний.

Яг үүн шиг одоо хүн бүхэн урваж эхэлнэ. Үндсэндээ хүн загнадаг нь төрийн албаны бүхий л шатанд дээрээсээ доошоо хүртэл нөлөөлж халдварласан бол урваачийг урамшуулж ялалт хэмээн үзсэн нь бүх хүнд нөлөөлнө. Орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан аймаг, дүүргүүдийн бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөж байна. Аймгуудын дарга нар, дүүргийн дарга нар шинээр томилогдож байна. Ийм ээдрээтэй үед хичнээн нөхөр урваж шарваж, нэр нүүрээ барж муу муухайгаа дуудуулахыг таахын аргагүй. “Урваад очиход Ерөнхий сайд маань угтаад авна” гэсэн бодолтой яваа ч юм билүү. Энэ засгийн дөрвөн жилийн бөгсөн дээр урвагчдаар дүүрсэн, нэг нэгнээ үзэж чадахаа байсан ийм гамшгийн унтарсан цог шиг улс орон болчихсон байх вий.

Аль нэг намаас өөр нам руу шилжих бол улс төрд байдаг зүйл, гайхах юм огт биш. Улс төрийн онцгой нөхцөлийн үед, тухайлбал Их хуралд суудал тэнцэх ч юм уу, ийм эзэгтэй үед намын дарга нар ямар нэгэн байдлаар мандатын тоогоо нэмж ялалтад хүрэхийг боддог. Харин энэ удаад, бүр тодруулбал Баянгол дүүрэгт нэг урваачийг хадаг барьж тосох шаардлага Ардын намд үнэндээ байсангүй. Тэртэй тэргүй нийслэл хотод баатарлаг ялалт байгуулсан нам нэг урваачийн өмнө сөхөрч, нэр нүүрээ барсан нь гутамшиг. Ардын нам маань арай ч ийм дээ тулаагүй дээ, яасан айхавтар ядарсан сэтгэлгээтэй болоо вэ гэж учир мэдэх хүмүүс халаглаж байна. Эцэст нь хэлэхэд, увайгүй байх нь хождог гэж уриалж яагаад ч болохгүй л юм даа.