Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ардын намд албан тушаалын төлөөх фракцуудын тулаан өрнөж байна

ХОЁР АГИЙН ХОРШЛЫН ЭСРЭГ Х.БАТТУЛГЫН МАН ДАХЬ ДҮҮ НАР

МАН-ын фракцуудын дунд албан тушаалын тулаан өрнөж байна. Фракцууд аль хэдийнэ талцаад эхэлжээ. Хэдийгээр Ардчилсан нам шиг ил цагаан алалцаад байхгүй ч Тусгаар тогтнолын ордноо бол нураах шахам улстөрждөг. Энэ нь цаашлаад төрийн үйл хэрэгт нөлөөлөөд байдаг муу талтай. Ардын намд бичигдээгүй нэгэн хууль үйлчилж ирсэн. Үеийн үед ах нараасаа салахын тулд дэвшүүлэн зайлуулдаг. Ингээд дараа үеийнхэн нь жагсаалаараа гарч ирдэг. Энэ удаа ч У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болгохын төлөө үхэн хатан дэмжсэн бөгөөд ялалтанд хүргэж, зайлуулаад яс нь амарцгаав. Зүгээр ч нэг зайлуулаагүй. У.Хүрэлсүхийн үеийнхэн болох Ж.Энхбаяр, Я.Содбаатар нартай нь хамт ангижрах биз. Ингээд болоогүй ээ. Одоо жинхэнэ “дайн” эхэлж байна. Дүрмээрээ Л.Оюун-Эрдэнэ намын даргаа авчих юман дээр л “зодолдоод” эхэлсэн. Намын хэд хэдэн удаагийн сонгуулийн ялалтад гол ажилласан Д.Амарбаясгалан хүч түрэн орж ирлээ. Д.Амарбаясгалан С.Амарсайхантай хоршиж, Л.Оюун-Эрдэнэ Д.Сумъяабазартай хоршиж хоорондоо тулаан өрнүүлж байна. 1980-аад оны Л.Оюун-Эрдэнэд намын дарга болоход түшиж тулах хүн хэрэгтэй бөгөөд тэр нь хотын намын хороогоо атгаж байгаа Д.Сумъяабазарын дэмжлэгийг авч байна. Мөн төсвийн мөнгийг захиран зарцуулах том эрх мэдэлтэй мөнгөтэй хоршил ч гэж хэлж болох юм. Засгийн газар бол ойлгомжтой, харин хот бол бүтээн байгуулалтын том төсөвтэй болж байгаа. Зөв зарцуулбал бараг л нэг жижиг улс байгуулчихаар төсөв. Мөн дээрх хоршил бол бүрэн эрх нь дуусч байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбогдсон. Л.Оюун-Эрдэнэ ах херо Баатараараа, Д.Сумъяабазар дүү Д.Дагвадоржоороо холбогддог. “Аса станц” Х.Баттулгын сонгуулийн үед гарч ирсэн. Гэтэл одоо сайд нарыг ээлж дараалан дуудаад ковидын талаар асууж, загнаад өдөр бүр телевизүүдээр гарах болсон. Угтаа бол хотын дарга ахаасаа ч энэ талаар хатуухан асуумаар л байгаа юм. Хотын даргад ч корона тархалт хамаатай шүү дээ. Гэтэл байсхийгээд л Эрүүл мэндийн сайд, УОК руу дайралт явах болсон нь мөн л зорилготой, улс төр аж. Д.Сумъяабазар, С.Амарсайханы “зодоон” бол ил цагаандаа гарсан. Хотын дарга хэвлэлд өгсөн ярилцлагадаа ч С.Амарсайханыг зүгээр өнгөрөөлгүй “чимхсэн” байна лээ. Уг нь алба авсан дарга, сайд нар өөр намынх байсан ч өмнө нь өөрийнх нь албыг хашиж байсан хүн рүү үг чулуудаад байдаггүй. Гэтэл нэг намын нөхөд ингэж хэвлэлээр үг дайж байгаа нь тэдний хооронд “дайн” эхэлснийг харуулна. МАН доторх залуусын хамгийн хурц “тулаан” бол дээрх хоёр хоршил дунд л өрнөж буй.

М.ЭНХБОЛД БА Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХОРШИЛ ХИЙГЭЭД БУСАД

Энэ хооронд Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдал хүлээж, намын залуустаа хөөгдөн туугдаж байсан М.Энхболд дахин сэргэж эхлэв. Түүний ахалдаг хотын фракц харин амь орж эхэллээ. У.Хүрэлсүх ч намаас явлаа. Одоо Засгийн тэргүүнийг намын даргад дэмжихгүй байхаар М.Энхболдын болон бусад фракцууд хөдөлж эхэллээ. Энэ нь Х.Баттулгатай холбоо харилцаатай Л.Оюун-Эрдэнийг намын даргад дэвшүүлбэл манай намын дотоод асуудалд бууж буй Ерөнхийлөгч оролцоод эхэлнэ гэж үзсэнийх. Мөн М.Энхболдыг албан тушаалаас нь буулгах гэж одоогийн Ерөнхий сайд хэрхэн ааш аяг гаргаж байсныг мартаагүй нь лавтай.

МАН-д М.Энхболд, АН-д Ц.Элбэгдорж эргэн ирэлт хийж байна. Ер нь үеийн үед хоёр намд хоршиж ажилласан улстөрчид гарч ирдэг. Гэхдээ МАН-ын залуус М.Энхболдод боломж олгох нь юу л бол. АН-ын хувьд нөхцөл байдал хүндхэн байгаа учраас Ц.Элбэгдоржийг шууд түлхчихгүй. Хоёр том намд хоёр Э-гийн хоршил зэрэгцэн явбал бас эвгүй нүүдлүүд бодож олж болох л юм. Хэвлэлээр яваад байгаа шиг Сү.Батболд намын даргын сунгаанд оролцоод байгаа юм биш. Зүтгүүлье гэсэн ч одоогоор кандидат байхгүй. Харин тэдний фракц Засгийн газарт сайдтай байсан хуучин байр сууриа эргэн олоход илүү анхаарч байгаа нь тодорхой. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт тэдний фракцаас төлөөлөлгүй. Тэрнээс биш Л.Оюун-Эрдэнэтэй өөр ашиг сонирхол мөргөөд байгаа юм байхгүй.

МАН-ын дараагийн даргад сонирхож байгаа нэг хүн бол Г.Занданшатар. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёрын “зодоон” дундаас энэ хүн гараад ирэх магадлал бий. Харин Ч.Хүрэлбаатарын хувьд өөрийн нөхөд нь өрсөлд гэхээс гадна Увсын фракцынхан л дэмжиж байгаа болохоос Д.Сумъяабазараас өгсүүлээд дэмжихгүй.

У.Хүрэлсүх 25-нд тангараг өргөнө. Хуучин заншлаар бол тангараг өргөхөөс өмнө шинэ намын даргад хуучин намын дарга тамгаа хүлээлгэн өгөх учиртай. Гэтэл цаг тулчихаад байгаа. Энэ сарын 24-нд л намын Бага, Их хурал хуралддаггүй юм бол У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсон хойноо МАН-ын шинэ даргад тамга шилжүүлэх бололцоогүй болох юм. Хэрэв нөхцөл байдал иймдээ тулбал намын даргын асуудал намар хүртэл хойшилж ч магадгүй юм. Өнөөдрийн байдлаар намын хамаг асуудлыг Д.Амарбаясгалан л мэдэж байгаа.

Үүнд МАН-тай нэгдсэн Н.Энхбаярын улс төрийн нүүдэл ямар байх бол гэдэг нь анхаарал татна. Н.Энхбаяр одоогоор ямар нэг хөдөлгөөн хийгээгүй бөгөөд түүний анхаарал анх тохирсон ёсоороо Удирдах зөвлөл, Бага хурлын бүрэлдэхүүний гучин хувьд өөрийн хүнээ оруулах нь нэгдүгээр асуудал.

Яг өнөөдрийн байр суурин дээр МАН-ынхан Д.Амарбаясгалангийн амыг л харж байна. Үйл явдал хэрхэн өрнөх нь алга эргүүлэхийн дайны хурдан учраас цаашид нөхцөл байдал өдрөөр биш, цагаар ч өөрчлөгдөж мэднэ.

Хамгийн сүүлд авсан мэдээллээр 24-нд болох хурлыг өнөөдөр эцэслэн шийдэх аж. Мөн Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар төр тогтвортой байх нь зүйтэй гэдэг дээр ярилцаж намын даргаа Л.Оюун-Эрдэнэдээ үлдээхээр ярилцаж байгаа аж. Хэсэг хугацааны дараа Д.Амарбаясгалан намын дарга болон Засгийн газраа авахаар хувилбар ярьж байгаа ажээ.

Д.ХҮСЛЭН

Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Араасаа залгасан болгоноо “залгисан” Ардчилсан холбооны өвгөд улс төрөөс зайлах болоогүй юу

“Өдрийн сонин” хэдэн жилийн өмнө нь “Араасаа залгах хойч үегүй ардчилсан холбооны өвгөд өөрсдөөрөө дуусах уу” гэж бичиж байсан. Тэгвэл бид бүхний хэлсэнчлэн Ардчилсан холбооны өвгөд ардчиллаа өөрсдөө боомилж улс төрийн тавцангаас бүрмөсөн арчигдах дээрээ туллаа. Тэртээ ерэн оны цагаан морин жил өөрсдөө хүсч тэмцэж Монгол оронд ардчилал, эрх чөлөөг бий болгосон. Улмаар Ардчилсан холбоог байгуулан одоогийн АН-ын үндсэн дэвсгэр суурийг түүхийн тавцанд бүтээн босгосон. Гэвч аливаа зүйл цагийн жамаар шинэчлэгдэн хөгжиж, нам эвсэл, төрийн болон төрийн бус байгууллага аль ч шатандаа шинэ залуу боловсон хүчнээр цус сэлбэж, шинэ бодлого зорилтоор цааш явдаг.

Харин АН-ыг сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд өнөө л анх байгуулсан Ардчилсан холбооны өвгөд ээлж дараалан удирдаж, яг л хувийн компани шигээ өөрсдийнхөө нэр төр, улс төрийн карьер албан тушаалын индэр, илд бамбай болгож ирсэн. Өөр хүмүүс, шинэ залуу боловсон хүчнүүд хүч түрэн орж ирэх, шинэ бодлого, улс төрийн реформ хийх ямар ч боломжгүй болгож, өөрийн фракцын гэх аялдан дагагчдаар хүрээлүүлэн өөрсдөө төрийн сэнтийд заларч, ёстой нэг дур зоргоороо явж ирсэн. Эцэст нь Ардчилсан нам гэж ямар инээдтэй, ямар эмгэнэлтэй, ямар ч хүч чадалгүй, итгэл үнэмшилгүй, үхээнц дорой, зүгээр нэрнээс цаашгүй нам болсныг монголчууд бид одоо харж байна. Ардчилсан нам, улс төрийн тавцанд хэзээ ч ялалт байгуулдаггүй мөртлөө эрх баригч Монгол ардын намыг ардчилалтай юм шиг харагдуулдаг, гол өрсөлдөгч нь мэтээр ойлгуулдаг ийм л үүрэгтэй болж дуусах нь.

Яг л Орос, Хятад хоёр шиг улс төрийн дарангуйллын систем Монголд тогтлоо. Үүнд эцэс сүүлд нь Ардчилсан нам өөрөө ихээхэн үүрэг гүйцэтгэх хандлагатай боллоо. Оросын Нэгдсэн нам, Хятадын Коммунист намууд улс төрийн сонгуульд дан ганцаараа өрсөлддөггүйг бид мэднэ. Хажуудаа өчнөөн олон намтай, олон улсын судлаач, шинжээч, стратегийнхны харж байгаагаар олон намын өрсөлдөөн явж, дотооддоо ардчилсан маягийн харагддаг ч ачир дээрээ бусад улс төрийн нам хүчнүүд нь ямар ч амьгүй, зүгээр л өрсөлдөгч мэтээр харагдах улс төрийн хий хоосон жүжиг байдаг. Тэдэнд ялах боломж бололцоо, улс төрийн хууль дүрэм байдаггүй. Тиймдээ сонгууль бүрт Путины Нэгдсэн орос нам, Си Жиньпиний Хятадын Коммунист нам үнэмлэхүй олон суудлыг авч улс төрийн ноёрхлоо тогтоодог. Яг ийм бодит жишиг ардчилсан Монгол Улсад тогтох аюул нүүрлэснийг хэдхэн хоногийн өмнө болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль бататгаад өглөө.

Төрийн тэргүүнийг сонгох улс төрийн маш хариуцлагатай гол сонгуулийн өмнө ямар ямар жүжиг боллоо. Ардчиллын гол партизанууд, Ардчилсан холбооны өвгөдийн Ардчилсан намаа хагалан бутаргаж, намын гишүүд, дэмжигчдийг нэгийг нь нөгөөгөөр нь үзэн ядуулж өширхүүлэх, хооронд нь зориудаар гэж хэлж болохоор үймээн дэгдээж турхируулах, өс хонзон тогтоосон. Үүнд Ардчилсан намын нэрээр парламентад сонгогдсон Их хурлын гишүүд нь хүртэл өлсгөлөн зарлаж өөрийн үзэл бодол гэхээсээ илүү Ардчилсан холбооны аль нэг өвгөнийхөө албан тушаал, эрх мэдлийн төлөө тэмцсэн. Эцэс сүүлдээ төв талбай дээр зодоон цохиондоо хүрч олон түмний өмнө шившгээ дэлгэсэн биз дээ. Өвгөдийнх нь ёс зүйгүй, эрээ цээргүй энэ байдал нь Ардчилсан нам ерөөсөө л Монгол ардын намыг ардчилалтай харагдуулж цаашид сонгуульд ялуулдаг ийм эмгэнэлт байдал руу орох бэлтгэл суурь болчихлоо. Саяны Ерөнхийлөгчийн сонгууль эрх баригч МАН-ын дарга У.Хүрэлсүх ямар ч өрсөлдөгчгүй ялалт байгуулсан. Гэтэл АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ Хүрэлсүхтэй тохироод сонгуульд орж түүнийг ялуулсан гэх яриа сонгуулийн өмнө ч, дараа нь дуулдаж байна. Ийм байж болохгүй ээ. Хэрвээ Ардчилсан намаас нэр дэвшсэн Эрдэнэ үнэхээр л Хүрэлсүхийг ялуулах гэж улс төрийн тохироо хийж сонгуульд орсон нь үнэн бол Монголын ардчилал юу болж хувирах вэ. АН-ын 200 мянган гишүүд, ардчилал эрх чөлөөг дэмждэг мянга мянган иргэдийн үзэл бодлыг Ардчилсан холбооны өвгөд ингэж булшилж болохгүй ээ. Гурван хүн нэр дэвшихэд АН дөрөвт орлоо гэж эрх баригчид тохуурхаж сууна.

Ардчилсан холбооны өвгөчүүл арчиллын нэрээр, Ардчилсан намын нэрээр бүгд амьдралд хүрсэн. Тэд бага залуугаасаа аваад төрийн бүхий л өндөр албан тушаал, эрх мэдэлд очсон. Үндсэндээ төр засгийг удирдаж болон ямар л дээд албан тушаал байна тэр бүгдийг арчиллын лидерүүд гэх нэр бүхий нөхөд хашиж ирсэн. Ардчилсан холбооны эдгээр удирдагчид хэн бэ, хэн нь ямар ямар албан тушаал хашсан бэ гэдгийг бид бүхэн гарын таван хуруу шигээ сайн мэднэ. Эдгээр өвгөдийг нэр устай нь эргэн сануулъя. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, Д.Дорлигжав, М.Энхсайхан, Р.Амаржаргал, Да.Ганболд, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, З.Энхболд нарын эрх мэдэлтнүүд байна. Залгуулаад С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар орно. Эд нар ардчиллын нэрээр ямар албан тушаал хашсан бэ гэвэл Цахиагийн Элбэгдорж 1992-2000 найман жил, 2004-2009 нийт 13 жил УИХ-ын гишүүн, мөн УИХ-ын дэд дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр дараалан буюу найман жил, үндсэндээ төрийн өндөр дээд албанд 1992-2017 он хүртэл тасралтгүй явсан. Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр нийтдээ 11 жил ажилласан. Эрдэнийн Бат-Үүл 1990-1992 онд АИХ-ын депутат, 1996, 2004, 2008 онуудад УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож 12 жил ажилласан. 2012-2016 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажилласан. Монгол Улсын баатар цолоор шагнуулсан. Раднаасүмбэрэлийн Гончигдорж 1990-1992 онд БНМАУ-ын Бага хурлын дарга, 1996-2000 онд УИХ-ын дарга, 2004, 2008, 2012 онуудад УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд даргаар ажилласан. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт. Ринченнямын Амаржаргал 1996, 2004, 2008, 2012 онуудад тус бүр УИХ-ын гишүүнээр сонгогдож нийт 16 жил ажилласан. Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд. Мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүн Гадаад хэргийн сайдаар ажилласан. Мэндсайханы Энхсайхан 1992-2000, 2004-2008 онд нийтдээ 12 жил УИХ-ын гишүүээр ажилласан. Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд байсан П.Очирбатын үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, 2006-2008 онд Монгол Улсын Шадар сайд, 2012 онд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал, 2014 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Таван толгой, Оюу толгой зэрэг том төслүүдийг хариуцсан Монгол Улсын сайдаар ажилласан.

Дамбийн Дорлигжав нь Д.Бямбасүрэнгийн Засгийн газарт Шадар сайд, дараа нь Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, мөн Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал, Монгол Улсын Ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүн Хууль зүйн сайд, Ц.Элбэгдоржийн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажилласан, Монгол Улсын гавьяат хуульч цолоор шагнуулсан.

Даваадоржийн Ганболд ардчилсан сонгуулиар байгуулагдсан Засгийн газар буюу Д.Бямбасүрэнгийн Засгийн газрын Тэргүүн шадар сайд, 1992-2000 он хүртэлх найман жилд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга, энэ үедээ Ерөнхий сайдад долоон удаа нэр дэвшиж байсан. 2004 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын дарга, Нийслийн Засаг даргын орлогч, 2013 оноос Оюу толгой компанийн ТУЗ-ийн гишүүн, улмаар төрийн өмчит “Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан.

Норовын Алтанхуяг 1996-2000, 2004-2016, мөн 2020 оноос өнөөг хүртэл УИХ-ын гишүүнээр тасралтгүй ажиллаж байна. Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд. 1998 онд Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдаар, 2004 онд Сангийн сайдаар, 2008-2012 онд Монгол Улсын Тэргүүн шадар сайдаар ажилласан. Содномзундуйн Эрдэнэ 2004-2008 онд Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, 2008-2000 он хүртэл УИХ-ын гишүүнээр гурван удаа дараалан сонгогдсон. Монгол Улсын Засгийн газрын гишүүн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар Н.Алтанхуяг болон, Ч.Сайханбилэгийн Засгийн газарт дараалан ажилласан. 2017-2021 он хүртэл Ардчилсан намын даргаар ажилласан. Зандаахүүгийн Энхболд 2004-2016 он хүртэл УИХ-ын гишүүнээр ажилласан. 2012-2016 онд УИХ-ын дарга, Төрийн өмчийн хорооны даргаар хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байсан. Сангажавын Баярцогт 1990-1992 онд Улсын бага хурлын гишүүн, АИХ-ын депутат, 1996, 2004, 2004, 2012 онуудад УИХ-д дөрвөн сонгогдон ажилласан. 1998 онд Засгийн газрын гишүүн Байгаль орчны сайдаар, 2004-2006 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар, 2008 оноос Сангийн сайдаар, 2012 оноос УИХ-ын дэд даргаар ажилласан. Чимэдийн Сайханбилэг 1996, 2008, 2012 онуудад УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 1998 оноос Засгийн газрын гишүүн Гэгээрлийн сайдаар, 2004-2008 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга, мөн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, 2012 оноос Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2014 оноос Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар томилогдон ажилласан.

Энэхүү намтар түүхээс харахад ардчиллын гол партизанууд, АН-ын үе дамжуулан удирдаж ирсэн нөхөд Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд төрийн бүх дээд албан тушаалыг хашжээ. Гавьяатаас аваад Улсын баатар, Чингисийн одон гээд бүх дээд шагналыг нь хүртжээ. Та бүхэн амьдрал дээр санаа зовохооргүй болсон байна. Хүмүүсийн ярьж, бичиж байгаачлан өөрсдөө бүү хэл хэдэн үеэрээ ч идээд барахааргүй их хөрөнгөтэй болоо биз. Төрийн энэ өндөр албан тушаалыг ардчиллын нэрээр, АН-ын нэр дээрээс ээлж дараалан сонгогдож хашчихаад өнөөдөр Ардчилсан намаа ийм үхээнц, амьгүй нам болгочихоод байж байгаа чинь ямар учиртай юм бэ. Ардчилсан нам ийм эмгэлтэй байдалд орсонд ардчилсан үзэл санааг дэмжиж, улс ороноо арчилсан байлгах гэж, ардчиллын замаар явбал амьдрал маань баталгаатай байх болов уу итгэж найдсан энэ олон дэмжигчид, жирийн ард иргэд чинь одоо яах вэ. Ардчилсан нам, ардчилсан үзэл санаа ингэж айхавтар унаж гудамжинд гарсанд иргэд дэмжигчид чинь буруугүй. Ер нь ардчиллын дэмждэг хүмүүс эхнээсээ ямар зам туулсан билээ. Социализмын үед ардчилсан нам холбоог дэмждэг байснаараа, үзэл бодлынхоо төлөө айхавтар хавчигддаг, дарамт шахалт үзэж, үнэндээ өөдөө нар харалгүй явж ирсэн.

Ийнхүү эхнээсээ хавчигдаж гадуурхагдаж, эхэн үедээ ажил төрлөөсөө хөөгдөж, нийгэмдээ нүд үзүүрлэгдэж явсан хүмүүс одоо ч гундуухан л байна. “Ардчиллыг дэмждэг” гэх мөнхийн хар тамгатай, эрх чөлөө шударга үнэний төлөө явснаараа гадуурхагдаж ад үзэгдэнэ. “Ардчилсан холбооны алтан хараацай гэх цөөн хэдэн нөхөд улс төрийн замаар хагартлаа баяжиж, тэдний дэвсгэр суурь итгэл үнэмшил нь болж явсан партизанууд ихэнх нь архинд ороод үхсэн” гэх яриа байдаг нь цаанаа ийм учиртай. Тэгэхээр Ардчилсан холбооны өвгөд та нар одоо бүгд боль. Улс төрд нэг нь ч гар хутгалдах эрхгүй болцгоосон. Х.Баттулга Ерөнхийлөгчөөс буугаад улс төрд эргэн орно гэж байгаа бол одоо боль. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл та нар зайгаа тавиад өг. С.Эрдэнэ одоо зайлж үз. Энэ намыг шороо тоостой хутгаж ханалаа, эцэст нь эрх баригч МАН-ынхны дохио зангаагаар хөдөлж байгаа бол ардчилал чинь устлаа. Н.Алтанхуяг дарга минь одоо боль оо. Ямар ханаж цаддаггүй эрх мэдэл, өс хонзон бэ. Женко Баттулга, Элбэгдорж, Гончигдорж, Алтанхуяг гээд бүгд Лу.Болд шиг нэг нэг нам байгуулаад явбал Монголын ардчилал бүрмөсөн устаж, Монгол Улсад нэг намын дарангуйлал бүрэн утгаараа тогтоно. Та хэд ерэн онд Комминуст намтай тэмцэж байсан шигээ яг тийм байдлыг Монголд дахин бий болголоо. Ардчилсан намыг арай тамтагтай байгаа дээр Ардчилсан холбооны өвгөд минь зайгаа тавьж өгөх цаг нь иржээ. Та нарт ардчилал ач буянаа хангалттай өгсөн. Тэгвэл одоо та нар энэ намыг дараагийн залуучуудад нь үлдээ. Аливаа юманд ач буян санана гэж нэг юм бий. Одоо та бүхэн хөдөө гарч мод тарьж дурсамжаа бичэх цаг ирсэн гэдгийг ухаарч байна уу. Араасаа залгасан болгоноо залгисан ардчилсан холбооны өвгөд далд ормоор юм гэж гишүүд дэмжигчид чинь үгээ барьж байна. Ингэж ад үзэгдэн зууралдах хэрэггүй, зүгээр л зайгаа тавьж өг. Мөнхөд эзэн сууна, бүх насаараа дарга хийх гэсэн тамын бодлоосоо одоо бүгд салах хэрэгтэй.

Д.БАТБОЛД

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал цаг-үе

С.Амарсайхан: Халдвар өссөөр байвал хөл хорио тавихаас өөр аргагүй

“Ковид-19” цар тахалтай тэмцэх хуульд хяналт тавих түр хорооны гишүүд УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна.

УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ганзориг:

-Манай улсад 12-17 насны 290 мянган хүүхэд бий. Тэднийг вакцинжуулах шаардлагатай. Ингэснээр нийт хүүхдүүдийнхээ 66 хувийг вакцинжуулна. Одоогийн байдлаар 16-17 насны 3246 хүүхэд дархлаажуулалтад хамрагджээ.

Тавдугаар сараас хойш улсын хилийг үе шаттай нээсэн. Буянт-Ухаа, Алтанбулаг, Замын-Үүдийн боомтоор зорчигч нэвтрүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Нислэгээ нэмэгдүүлэх авиа компаниуд байна. Одоо нийслэлд 31 зочид буудалд иргэдийг тусгаарласан. Онгоцны буудалд буусан иргэдээс асуумж авч, бүрэн тунгаа хийлгээд 14 хоносон, өвчлөөд эдгэсэн бол шууд гэрт нь хариулж байна. Бусад тохиолдолд долоо хоног тусгаарлана. Гадаад орчны эрсдэл өндөр байгаа тул нислэгийг нэмэх боломжгүй байна. Өнгөрсөн сард 3000 орчим иргэнийг татан авсан. Энэ сард 16 нислэгээр 4000 орчим иргэнийг авчирлаа. Тэдний 85 хувийг монгол иргэд эзэлж байна.

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр

-Үйлдвэрлэгч Файзер вакциныг 12-оос дээш насны хүүхдүүдэд тарих зөвлөмж өгсөн. Манай улсад 16-17 насны хүүхдүүдэд тарьж эхэлсэн ч хамрагдалт бага байна. Хүүхдүүдээ вакцинжуулахгүйгээр бид халдварт өвчнөөс салахгүй.

Бид сорьцуудаа өнгөрсөн сарын 26-нд Япон руу илгээсэн. Гэвч тэнд үйл ажиллагаа удаашралтай байна. Шинжилгээний хариу хараахан ирээгүй байна. Иймд манайд мутацлагдсан хувилбар тарсан гэж үзэж болохгүй. Эсвэл нэмэлтээр өөр гений өөрчлөлт бүхий хувилбар тархсан байхыг үгүйсгэхгүй. Вакцины нөөц санаа зовоох хэмжээнд биш байна.

Шадар сайд С.Амарсайхан: Бид нэмэлтээр ор дэлгэж байна. Эрүүл мэндийн салбарын хүний нөөц дутагдаж, дотоод нөөц бололцоо шавхагдаж байна. Иймд Ковидын эсрэг хуулийг сунгах шаардлагатай. Энэ хууль энэ сарын 31-нд дуусна. Шинэ хуульд бид гурван заалт нэмсэн. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг Эрүүл мэндийн сайд шууд захиран зарцуулах шаардлага бий. Энэ хуулийг сунгахгүй бол бид элгээрээ хэвтэх эрсдэлтэй.

Эмийн үнэд шинээр байгуулагдсан эмийн агентлаг болон ШӨХТГ хяналт тавьж байгаа ч үнэ өссөөр байна.

Нийслэлийн шинэ байрыг Эрчимт эмчилгээний төв болгоно. Нийслэлийн зүүн, баруун захад түргэн тусламжийн яаралтай тасаг байгуулах шаардлагатай. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн, санхүүжилтийг нь шийднэ.

Засгийн газар хатуу хөл хорио барихгүй байх бодлого баримталсан ч эмнэлэг ачааллаа дийлэхгүй байна. Бид өдөр хоногоор шийдэх гэж оролдож байгаа ч халдвар буурахгүй байна. Иймд хөл хорио тавихаас өөр аргагүй нөхцөлд орно. 16 мянган эмч улаан шугамд ажиллаж байна. Нийслэл 1.5 сая хүн амтай. Халдвар өссөөр байвал хөл хорио тогтоохоос өөр аргагүй. Амралтуудыг нээсэн ч гэр бүлээрээ биш хамт олноороо найз нөхдөөрөө үйлчлүүлж дэглэмээ барихгүй байна. Иргэд, ААН-үүд өөрсдөө дүрмээ мөрдөхгүй байна.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал улс-төр

Ерөнхийлөгчид зориулах ЦЭРГИЙН ПАРАДАД Зэвсэгт хүчин, төрийн цэргийн бие бүрэлдэхүүн оролцохоор бэлтгэлээ хангаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх энэ сарын 25-нд морин цагт тангараг өргөнө. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн ёслолын жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжээд байна.

Бид энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас тодруулахад “Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа УИХ болон ард түмэнд хандаж үг хэлнэ. Үүний дараа Д.Сүхбаатарын талбайд цэргийн парад болно. Цэргийн парадад Зэвсэгт хүчин болон төрийн цэргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүн оролцоно. Парадад оролцох цэргийн албан хаагч нар бэлтгэлдээ гарсан. Үндэсний батлан хамгаалахын их сургуульд бэлтгэл сургуулилалт явагдаж байгаа. Цэргийн парадад оролцох цэргийн албан хаагч нарын тоог хэлэх боломжгүй” гэлээ.

Жагсаал зохион байгуулах төсвийн тухайд албан ёсны мэдээлэл байхгүй бөгөөд Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний жагсаалтыг баталсан Соёлын сайдын тушаалд Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт Цэргийн жагсаал зохион байгуулахад 500 сая төгрөг төсөвлөсөн байна.

МОРЬТ ЦЭРГИЙН ГУРВАН САЛБАР ОРОЛЦУУЛАХААР 3 АЙМГААС МОРЬДЫГ ТАТАЖ БАЙНА

Тэгвэл Зэвсэгт хүчний долоо хоног тутмын Соёмбо сонинд гарсан мэдээллээр Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр төв талбайд болох Цэргийн ёслолын жагсаалд 37 салбарын 3,200 цэргийн алба хаагч оролцоно гэжээ. Тодруулбал энэ жилийн Цэргийн ёслолын жагсаалд

  • Улаанбаатар цэргийн хүрээний Хүндэт харуул,
  • Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн,
  • Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн бөмбөрчид,
  • Зэвсэгт хүчний Жанжин штабаас нэг,
  • ҮБХИС болон Хуурай замын цэргийн командлал, түүний харьяа нэгтгэл, ангиудаас тус бүр дөрөв,
  • Агаарын цэргийн командлал, түүний харьяа ангиудаас хоёр,
  • Тусгай хүчний цэргийн командлал, түүний харьяа нэгтгэл, ангиудаас гурав,
  • Холбоо, мэдээллийн технологийн хэлтсийн харьяа ангиудаас хоёр,
  • Хил хамгаалахын ерөнхий газраас гурав,
  • Дотоодын цэргийн штабаас болон Онцгой байдлын ерөнхий газраас тус бүр хоёр,
  • Төрийн тусгай хамгаалалтын газраас нэг,
  • Цагдаагийн ерөнхий газраас гурав,
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нэг,
  • Дотоод хэргийн их сургуулиас гурав, нийт 32 үндсэн салбар оролцох юм.

Түүнчлэн Ардын хувьсгалын журамт цэргээс хойших цэргийн гурван үеийн төлөөлөл болсон явган салбар гурав, Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн Цэргийн ёслолын жагсаалд оролцсон салбаруудыг тус тус оролцуулах юм.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал цаг-үе

​Номын баярын үеэр цагдаа нарт зодуулсан гэх зохиолч С.Төмөр болсон явдлын талаар мэдээллэж байна

Номын баярын үеэр цагдаа нарт зодуулсан гэх зохиолч С.Төмөр болсон явдлын талаар мэдээллэж байна.

-Номын баярт оролцон, номоо худалдах гэсэн боловч зай талбай үлдээгүй гэж зохион байгуулагчид надад хариулсан юм. Ингээд номын баяр эхлэхэд би очсон. Зарим хүн номоо ил худалдаж байсан тул би номоо зарчих санаатай гурван номоо авч очсон юм. Гэтэл энэ сарын 13-ны өдөр цагдаа нар надад хүч хэрэглэснийг зарим иргэн бичлэг хийн, баримтжуулсан байна лээ. Цахим орчинд намайг олон хүн дэмжсэн.

Хоосон саравч, сандал байхаар нь би очиж суугаад номоо дэлгээд байж байтал 18.00 цагийн үед хоёр залуу ирээд, та энд номоо зарж болохгүй, түрээсийн мөнгө төлөөрэй гэхээр нь би хэдхэн минут л сууя гэхэд үгүй гэсэн юм. Би үгэнд нь орж гарсан. Сайн дураараа номоо зарж буй хүмүүсийн хажууд очтол өнөө хоёр охин Сүхбаатар дүүргийн хоёр цагдаатай ирлээ. Тэдгээр охид ямар нэг таних тэмдэг бүхий хувцас өмсөөгүй байсан тул хаанаас, ямар байгууллагаас ирснийг би мэдэхгүй. Тухайн өдөр намайг согтуу байсан гэж зарим хүн бичсэн нь худлаа. Би архи тамхи хэрэглэдэггүй.

Цагдаа нар намайг авч явна, дагуулж явна гэсэн юм. Би нийтийн хэв журам зөрчөөгүй тул татгалзтал хоёр цагдаа намайг босгоод, толгой, хавирга руу цохисон. Бөхийн мэхээр газар унагаан, нэг цагдаа нь над дээр өвдөглөж суусан тул одоо ч миний бие хөндүүр байна. Эхнэрийг маань ч цохисон. Надад цагдаа нар гэмт халдлага үзүүлсэн. Би зүгээр явах гэтэл явуулаагүй. Би 58 настай. Тэдгээр цагдаа нар 25 орчим настай болов уу. Би гомдол гаргасан. Шүүх эмнэлэгт үзүүлэн, бичиг авсан. Бидний харсан хүмүүс тойрч зогсоод, бичлэг хийж эхэлсэн юм. Зарим нь намайг өмөөрч, нэг цагдааг татаж, болиоч ээ, хөгшин хүн зодохоо боль гэж шаардлага тавьсны дараа цагдаа нар зугтаачихсан.

Миний хамраас цус гарсан байв. 102 руу залган дуудлага өгөхөд тухайн өдрийн ахлах жижүүр намайг дуудсан юм. Очиход түрүүний хоёр цагдаа ирсэн байв. Тэгээд цагдаа нар таныг зодсон гэх баримт байхгүй тул намайг хорино гэж н.Батболд ахмад хэлсэн юм. Би эхнэрийнхээ гар утсанд хоёр цагдаагийн зургийг авсан ч хүчээр устгуулан, гомдолгүй гэж өргөдөл бичүүлсэн юм. Учир нь намайг хорино гэсэн юм. Удалгүй хоёр охин орж ирээд, “Энэ хүн буруутай. Өөрөө цагдаа нар руу дайрсан, согтуу байсан” гэж худал хэлэн, миний эсрэг гэрчийн мэдүүлэг өгсөн.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал цаг-үе

DNN-CУРВАЛЖЛАГА: Усгүй усан оргилуур

Сүхбаатарын талбайн Хонхтой цэцэрлэгт байрлах 3.2 тэрбум төгрөг өртөгтэй, хөгжимт усан оргилуурыг зорьж очлоо.


Өмнө жилийн өдийд усан оргилуурыг харах гэж хүмүүс их ирдэг байсан. Харин одоо ажиллахгүй болохоор салхилах ч газар алга хэмээн иргэд хэлж байв.

Усан оргилуурын зүүн талд сууж буй настай эмээгээс байнга ирдэг эсэх талаар асуухад тэрээр хотын төвд амьдардаг. Сүхбаатарын талбайн энэ хавьд ирж суудаг. Энэ усан оргилуурыг яагаад ажиллуулахгүй байгааг мэдэхгүй юм. Ямар нэгэн зүйл нь эвдэрчихсэн юм болов уу. Урин дулаан цаг ирчихсэн юм чинь тогтмол ажилладаг байвал зүгээр байна.

Уг нь энэ хавьдаа л том бүтээн байгуулалт шүү дээ. Сайшаах ганц зүйл нь ажиллахгүй болохоор чөлөөт цагаа өнгөрөөх олигтой газаргүй тиймхэн л байна. Цар тахалтай гээд ийш тийшээ яваад байлгүй энэ хавьдаа салхилах юмсан” гэлээ.

No description available.

No description available.

Хөгжимт усан оргилуурын ойр орчид хүмүүсийн хөл тасарсангүй. Яг энэ үед “Хот тохижилтын газар”-ын ажилтан усан оргилуурын усыг соруулж байгаа харагдлаа.

Тус ажилтнаас усан оргилуур хэзээ ажиллаж эхлэх талаар мэдээлэл байгаа эсэхийг тодруулсан юм.

Ажилтан “Борооны ус болон салхи шорооноос болж бохирдол үүсээд түүнийг нь соруулж, цэвэрлэж байна.

 Үүнийг цэвэрлэх, усыг нь шахахад хоёр өдөр зарцуулдаг. Ирэх долоо хоногоос хэвийн ажиллана. Нэг хэсэг корона гээд хүмүүсийн бөөгнөрөл үүсгэхгүй гэж үйл ажиллагааг нь зогсоогоод байсан юм. Мөн одон медаль, шагнал гардуулах ёслол, хүүхдийн баяраар ажиллуулсан. 

Усан оргилуурт ямар нэгэн гэмтэл, эвдрэл үүсээгүй хэвийн байгаа” гэлээ.

УСАН ОРГИЛУУРЫН ЭРГЭН ТОЙРОН ДАХЬ ЗУРГИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

Н.ЦОГЗОЛМАА


Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

СУИС болон бөхийн сургуулийг хааж, лам нарын тоонд хязгаар тогтоомоор байна

Яг өнөөдрийн нийгэмд ажил хийдэг хүмүүс үгүйлэгдэж байна. Ажил хийх сонирхолтой, хөдөлмөрлөж байж сайхан амьдарна гэдгийг ухаарч тэмүүлсэн хүмүүс нь жил ирэх бүр цөөрөөд байна л даа. Баялаг бүтээж, хөлсөө урсгасан нь адлагдаж, дуулж бүжиглэж, хошигнодог нь олширчихоод яваа нь өнөө цагийн хатуу үнэн. Тэгэхээр одоо дээр, дооргүй нэг л зүйлд голлож анхаармаар байна.Ажил хийдэг хүмүүсийг аль болох хэмжээнд нь олон болгомоор байна. Ажил хийдэг хүмүүсийг бэлддэг сургуулиудыг олноор нь байгуулж байж л улсаараа хөгжинө.

Өнөөдрийн өнгөө эргээд харах нь ээ СУИС-ийг хаая гэж адгахаас аргагүй нөхцөл үүсчихэж, Монгол даяар.Хаадаггүй юм аа гэхэд дуулж бүжиглэж хошигнодог армийг бэлддэг урлаг соёлын сургуулиудад хязгаар тавих цаг ирчихэж. Монгол шиг гуравхан сая хүнтэй улсад ганц сургууль л дуулж, бүжиглэдгүүдийг бэлдэхэд хангалттай. Бултаараа дуулж бүжиглээд бүгдээрээ аятай, дажгүй амьдраад байна уу гээд анзаарахаар тэс өөр зураг харагддаг. Нийтийн дуучдаас гэхэд л С.Жавхлан, С.Батсүх гэх мэт цөөхөн дуучин л дажгүй мөнгө олоод давгүй амьдраад яваа анзаарагддаг. Рок, попынхон дунд учиргүй гялалзаж яваа нь бас их цөөхөн. Дуучин Т.Ариунаа, Б.Сарантуяа, гитарчин Өөжгий, “Харанга”, “Хурд” гэсхийгээд бараглана.Товчхондоо дуу, бүжгээр сайхан амьдардаг нь тун цөөн. Бусад нь насан туршдаа нэг тийм дундуур, гунигтай амьдардаг нь гашуун ч гэлээ үнэн.

Яахав өнгөц харахад дуулж, бүжиглэж, жүжиглээд сайхан яваа мэт харагддаг л даа. Олдог мөнгө, ахуй амьжиргаа талаас нь харвал их гунигтай төрх байдал урлагийнхан дунд нийтлэг үзэгдэл болчихсон. Тоглолт зохион байгууллаа гэхэд л ах, дүү, ойр тойрныхондоо бөөн төвөг дараа болж яваа ажиглагддаг. Өнөөдүүл нь ч тасалбарыг нь авах гэж, бусдад худалдаж өгөх гэж тэрүүхэндээ зовлон, асуудал болдог нь нуух юмгүй ил үнэн. Ингэж өөрийгөө ч, өрөөлийг ч стресстүүлж зовж амьдарснаас “Гачуурт”-ын Л.Чинбатыг дагаад төмс тариад сурчихмаар байгаа юм. Ажил хийвэл ам тосдоно гэдэг зүгээр ч нэг үг биш.Хөлсөө урсгаж, хөдөлмөрлөх хэрээр өгөөж нь гардаг, сайхан амьдрах асуудал биш болдог учраас ийм зүйр үг гарсан хэрэг.

Бөхчүүд гэж аархсан, эрэлхсэн бүлэг байна, нийгэмд. Үндэсний өв соёлоо тээгчид гэсэн гоё тодотгол доор жинхэнэ өв, соёлынхоо эсрэг мөн чанартангууд дэвж, шавж, аархаж, эрэлхэж яваа харагддаг. Сүүлдээ бүр “Бөх бол төр юм” гэсэн элийрэл рүү орчихсон. Бөх тойрсон элийрэл ингээд зогсохгүй. Эр хүн бүхэн бөх болох шахуу туйлшрал газар авчихсан галзуурч буй. Шуудхан хэлэхэд, бөх тойрсон энэ “моодорхол”-оо зогсоох цаг болчихож.Булчинг биш тархийг шүтдэг нийгмийг бүтээе гэвэл эхлээд бөхчүүд бэлтгэдэг энэ олон сургуулийг хаахаас эхэлмээр байна. Олны мэддэгчлэн аваргуудын байгуулсан хэдэн сургууль бий. Х.Баянмөнхийн “Шонхор”, Б.Бат-Эрдэнийн “Аварга”, А.Сүхбатын “Олимп” сургуулиуд лав бөх бэлдсээр өнөөг хүрсэн. “Их шавь” гэдэг сургууль ч байдаг санагдаж байна. За тэгээд Үндэсний биеийн тамирын дээд сургууль гэх мэтээр тоочвол өчнөөн нэр жагсаах хэрэг гарна. Ингэсгээд орхиё.

Бөхийн сургууль олон байхын хэрээр бөх барилдаж их мөнгө олох хүсэлтэй залуусын тоо буурахгүй байх шиг санагддаг.Уурхайд ажиллаж улсаа хөгжүүлмээр ид насны залуус аймаг, улсын цол ярьсан шигээ яваад нийгмийн хандлага бас ташуур өгөөд байна л даа.Наадамд зодоглож түрүүлсэн бөхөд тансаг хаус, том машинаас эхлээд хамгаа бариад гүйдэг сэтгэлгээнээс үүдсэн гажуудал амь бөхтэй оршсоор байгаа. Түрүүлсэн бөхөд сөгдөж, мөргөж биш баялаг бүтээж, бүтээн байгуулалт өрнүүлсэн бизнес эрхлэгчид рүүгээ талархан хардаг нийгэм бүрдэж гэмээнэ бид хөгжинө. Ингээд харахаар элдэв наадамд түрүүлсэн бөхөд хамгаа бариад гүйдэг сэтгэлгээгээ өөрчлөх цаг болчихжээ.Бөхийн сургуулиудыг хаая, бөх бол төр юм гэсэн сэтгэлгээнээсээ салъя, ерөөс бөх гэхээр л хөл алдаж гүйдэг хандлагаа орхиё.Мэдээж үндэсний бөхийн тухайд өв, соёл тээгч мөн үү гэвэл мөн.Эрийн гурван наадмаа яг байгаагаар нь авч үлдэж, үндэсний бөхөө яг тэр хүрээнд нь, өв соёл тээгчийнх нь хэмжээнд хүндэтгэж хөгжүүлээд явахад л болчих юм.

Бөхийн сургуулиудын оронд бүх нийтийн биеийн тамирыг дэмжсэн сургууль, төвүүд байгуулмаар байна. Ингэвэл ядаж л иргэд нь эрүүл аж төрөх сайн талтай. Хуучин нийгмийн үед ХБХ-ын норм гэж байлаа.Үгчилбэл, хөдөлмөр батлан хамгаалахад бэлэн гэсэн утгатай л даа.Дайн болвол хэзээд бэлэн, хөдөлмөрлөхөд ямар нэг асуудалгүй гэдэг үүднээс ийм нормыг биелүүлэх ёстой гэсэн шаардлагыг иргэн бүрдээ тавьдаг байж. Дайнд бэлэн энэ тэр нь тухайн цагийн өнгө дагасан үзэл л дээ, мэдээж.Хамгийн гол нь эрүүл биетэй иргэдтэй байх гэсэн санааг нь өнөө цагийн өнгөнд бүтээлчээр буулгахад болохгүй юмгүй. Ахмадуудын хувьд гээд ярихад гэрийнхээ ойролцоо чийрэгжүүлэх танхимтай бол хөдөлгөөнтэй, эрүүл саруул аж төрөөд байна даа. Залуучуудад гээд харахаар хаа сайгүй хөл бөмбөг, сагсны талбай байгуулаад өгчихвөл бүх нийтийн биеийн тамирыг дэмжсэн том алхам болчихно.Бөхийн сургуулиудаасаа татгалзаад энэ чиг рүү явмаар байна.

Бас лам нарын тоог цөөлмөөр байна.Нэг дүүргээс төдөөс илүү лам хэрэггүй ч гэдэг юм уу лам бэлдэх шатанд тооны хязгаар тавимаар санагддаг.Өнгөрсөн түүхээ сөхөөд харахаар лам нарын тоонд хязгаар тавьсаар ирсэн байдаг юм.Өнгөрсөн зууны эхээр монгол хүний төчнөөн нь лам байсан, лам нарын тоо арай ч их байжээ гэсэн ойлголт байдаг л даа. Гэхдээ хувьсгалчдын тэр яриа хэтрүүлэгтэй, худал байсан нь өнгөрсөн түүхээс анзаарагддаг. Манжийн үед гэхэд л лам нарын тоонд хязгаар тавьж байсан барим тавим баримт бий.Гэтэл одоо Энэтхэгт лам болохоор шавилан суугсад тоогоо алдчихаж. Хүмүүсийн нэг их анзаараад байдаггүй өнцөг л дөө. Сая ковидын үед эх орондоо ирсэн лам нарыг хараад ямар олноороо бэлтгэгдэж байгааг нь анзаарсан хэрэг. Лам нарын тухайд амар аргаар мөнгө олох гэж бурхны номд шамдах нь олон болжээ гэсэн шүүмжлэл дуулддаг. Номын уг утгыг нь хайж, философийг нь судалж, жинхэнэ утгаараа номд шамдагсад тун цөөхөн, хийморийн сан тавьж, жилийн засал ном үйлдэх төдийг өнгөц сураад амь зуудаг нь олон болсон нь бодитой ил үнэн. Ингээд харахаар лам нарын тоонд хязгаар тавихаас аргагүй санагддаг.

Хөдөлмөрлөж биш, амар хялбар аргаар мөнгө хөөсөн мэргэжил, ажил ингээд зогсохгүй. Хуульчид, эдийн засагчид гэхэд л эрэлтээсээ хол давчихсан.Бараг л толгойтой бүхэн хуульч, эдийн засагч болчихсон яваа анзаарагддаг. Шуудхан хэлэхэд, тоо нь замбараагаа алдсан хуульчид, эдийн засагч мэргэжилд ч хязгаарлалт тавимаар байна. Ажил хийдэг нь, хөлсөө урсгаж хөдөлмөрлөдөг нь олширч байж л хөгжил ирнэ.

Наад зах нь л олноороо бирж дээр тоглож сурмаар байна.Хөрөнгийн зах зээл дээрээ улсаараа тоглоод сурчихсан орнуудын хөгжил дэлхийн энтэй яригддаг.Том компаниуд нь хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж, иргэд нь хувьцааг нь худалдаж авч үндэсний компаниудынхаа хөрөнгө оруулагч болох гарц шийдлийг идэвхтэй ярьж, энэ чиглэлээр нөлөөллийн том ажил хийж яваа залуус цөөнгүй болсон нь олзуурхмаар хандлага санагддаг.Иргэд том компанийн хувьцаа эзэмшигч болоод эхэлбэл муусайн баячууд гэсэн хандлага алга болно, төр нь компаниудаа уулгалан дээрэмдэх, ад үзэж шахаж хавчих хандлага ч үгүй болно.Хувьцааных нь тодорхой хувийг эзэмшдэг компани руу төр, улстөрчдийн зүгээс ямар нэг дайралт ирвэл хувь эзэмшдэг арван мянган иргэн сөрөөд жагсдаг орчин бүрдэнэ гэсэн үг.

Улсаараа криптовалют, цахим мөнгө гэх мэтийг хэлэлцдэг, хөөрөлддөг, шинэ дэвшилттэй бүхэн рүү тэмүүлэгч үндэстэн болмоор байна. Уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалтыг үзэн яддаггүй сэтгэлгээг төлөвшүүлж, халамж амлаж хамаг боломжийг нь үгүй хийдэг популист улстөрчдийг дагаж ханардаггүй хандлагыг тогтоомоор байна. Хоёроос гурван их дээд сургуульд суралцсан, дор хаяж хоёр гурван хэлтэй, баялаг бүтээгчдээ бахархан харж үлгэрлэн дуурайдаг, эдийн засаг, улстөрийн шинжлэх ухаанч мэдлэгтэй, ухаалаг, хэрсүү иргэдтэй болчихвол хөгжих тийм ч том асуудал биш.

Аль юм болгон Б.Болдсайхан эмчийн хэлдэг шиг улсаараа “айлын эрх тэнэг хүүхэд шиг” аж төрөх вэ. Одоо Израиль, Дани, Швед лугаа хөгжмөөр байна. Израиль, Шведийн хөгжлийн нууц уг нь их энгийн. Иргэн бүрийнхээ цэрэг, эх оронч үзлийг асааж чадсан учраас өнөөгийн хөгжилдөө хүрсэн гэж учир мэдэх улс ярьдаг. Эх оронч иргэдтэй байх ч их энгийн. Дуу хуур, шоу цэнгээнээс илүү бүтээх хийхийг шүтэж амьдардаг иргэдийг л өнөө цагт эх оронч гээд байгаа юм.

Төгсгөлд нь давтаад онцлоход иргэд нь хэрсүү, төр нь ухаалаг, бөх, дуучин, ламд шүтэж биш баялаг бүтээгчдэд шүтэж, баялаг бүтээгчдээ дагаж хөгждөг хүчтэй иргэдтэй улс болчихвол гуравхан сая хүнтэй улсад хурдан хугацаанд сэвхийтэл хөгжих дүүрэн боломж бий.

Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Баяраа: Үндсэн хуулийн Цэцийн сая гаргасан шийдвэр Ерөнхий сайд асан М.Энхсайхан, С.Баяр нарт шууд хамааралтай

Хуульч Б.Баяраатай ярилцлаа.


Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны зургадугаар сарын 11-ний өдрийн их суудлын хуралдаанаар УИХын 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай дөрвөн зүйл бүхий хуулийг бүхэлд нь хүчингүй болгох эцсийн шийдвэр гарлаа. Манай улсын хувьд урьд өмнө Эрүүгийн хуулийн эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэх хууль баталж байсан тохиолдол байгаагүй санагдаж байна…?

-Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэх нь хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд хүлээн зөвшөөрөгддөггүй. Шалтааныг нь одоо хэлье. Хэнийг ч эрүүгийн гэмт хэрэгт эргэн шүүж, дахин шийтгэх хэлмэгдүүлэлт үүсэхээс сэргийлэх зорилгоос үүдэлтэй л дээ. УИХ-аас Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь хүчин төгөлдөр болсон цагаасаа мөрдөгдөж эхлэх ёстой. Урьд нь болоод өнгөрсөн өөр хуулийн үйлчлэл бүхий цаг хугацаа руу урагшлан нөхөн үйлчлэх үндэслэл байдаггүй. Ер нь иргэнийхээ эрх зүйн байдлыг хүндрүүлэх замаар Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх, өөрөөр хэлбэл урагшлуулан хэрэглэх жишиг дэлхий нийтэд байдаггүй. Коммунист СССр-ийн хувьд цөөн тохиолдолд гарч байсан. Тухайлбал, Н.Хрушевийн даалгавраар валютын арилжаа, үнэт эдлэлийн наймаа эрхэлсэн залуусыг дамын наймаа эрхэлсэн гэж цаазалсан түүх бий. Тухайн үед дамын наймаа эрхэлбэл дээд тал нь найман жил хорих ял өгдөг байсан юм. Гэтэл Зөвлөлтийн эрх баригчид Эрүүгийн хуулийг хоёр ч удаа буцаан хэрэглэж, шоронд байхад нь хуулиа өөрчилж 15 жил болгож нэмээд хэсэг хугацааны дараа цаазаар авах ялтай болгож буудан хороосон хууль баталж байсан. Энэ кейс одоо ч дэлхий нийтэд гашуун сургамж болж яригддаг. Харамсалтайнь ардчилсан Монгол Улс Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэх хуулийг 2020 онд баталсан нь сая Үндсэн хуулийн цэцийн их суудлын хурлын эцсийн шийдвэрээр хүчингүйболлоо.

Цэцээр хүчингүй болсон хуулийн гол агуулгыг тодотгож хэлэхгүй юү?

-УИХ-ын зүгээс албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх нэрийдлээр 2017-2020 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон албан тушаалын хэргүүдийг архиваас сэргээн шалгаж, нэхэн ял шийтгэхийг даалгасан хууль баталсан.

Зөвхөн албан тушаалын хэрэгт төдийгүй бусад бүх төрлийн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан ч заавал шүүхээр оруулан ял шийтгэхийн тулд хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоосон. Энэ бол иргэнийхээ эсрэг Үндсэн хуулийн бус аргаар төрийн хүчирхийлэл үйлдэж байна гэж үзэхээс өөр аргагүй үйлдэл. Зөвхөн Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн төдийгүй НҮБ-ын гишүүн орны хувиар олон улсын хэд хэдэн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Энэ хуулийн тухайд эрүүгийн эрх зүйн хамгийн муу жишээ болж сурах бичгийн судлагдахуун болох байх гэж бодож байна.

Улстөрчдийн тайлбараас үзэхэд албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх гэхээр хөөн хэлэлцэх хугацаа дуусчихаад хэрэгсэхгүй болоод байна гэх тайлбарыг тавьдаг. Энэ талаар таны байр суурийг сонирхмоор байна…?

-Цэцэд мэдээлэл гаргасан иргэдийн хувьд албан тушаалын болон бусад гэмт хэрэгтэй тэмцэх нь зөв гэдэгтэй огт маргадаггүй юм. Ер нь сайхан гэмт хэрэг гэж юу байхав, гэмт хэрэгтэй тэмцэхийг хэн ч буруутгах боломжгүй. Гэхдээ хуулийн дагуу тэмцэх ёстой. УИХ албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх хүсэл зоригтой бол эрүүгийн ял шийтгэлийг чангатгах замаар хөөн хэлэлцэх хугацааг уртасгах, мөн төрийн өндөр албан тушаалтан халдашгүй бүрэн эрхтэй байх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг түр тасалдуулах зэрэг олон улсад өргөн хэрэглэгддэг үр нөлөөтэй аргуудыг хэрэглэх нь зүйтэй.

Гэтэл үүнээс хамгийн муу хувилбар болох Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх замаар тэмцэнэ гэдэг нь Үндсэн хууль, олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг, иргэний үндсэн эрх, эрх чөлөөг шууд зөрчсөн хууль бус үйлдэл юм. Нэг үгээр бол хууль зөрчих замаар тэр дундаа Үндсэн хууль зөрчиж гэмт хэрэгтэй тэмцэх боломжгүй. Тухайн гэмт хэрэг шалгагдах үеийн хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол шүүх, прокурорын байгууллага хуулиа дээдлэн хэрэгсэхгүй болгох нь зүйн хэрэг. Гэтэл УИХ нь нэгэнт хуулийн дагуу шийдэгдсэн хэргийг дахиад сэргээн шалгаад нэхэн ял шийтгэхийг шүүх, прокурорт шинээр даалгах нь шүүх эрх мэдэлд хууль тогтоох эрх байгууллагаас нөлөөлж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Хууль тогтоогч өөрийнх нь баталсан хүчин төгөлдөр хуулийг хэрэглэж хэрэг маргаан шийдвэрлэсэн шүүхийг буруутгах нь утгагүй. Үндсэн хуульд “шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, “шүүхийн эцсийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлнэ”, “шүүн таслах ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэсэн зохицуулалт байгаа. Шүүх нэг хэргийг хоёр удаа хоёрөөр хуулиар шийдвэрлэх үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн суурь зарчим нь шалгагдаж байгаа этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүйгээс гадна хэрэг шийдвэрлэхэд эргэлзээ төрвөл сэжигтэн, яллагдагчид ашигтай шийдвэрлэдэг байтал яагаад үүний эсрэг хууль гаргасан юм бол?

-Зөвхөн Эрүүгийн хууль төдийгүй аль ч хууль, тэр бүү хэл гэрээний харилцаанд ч оролцогч талын эрх, үүрэг дордуулахаар бол хуулийг буцаан хэрэглэдэггүй. Энэ бол хуулийн суурь зарчим. Эрүүгийн хуульд заасан үндсэн зарчмыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийг дагаж мөрдөх журмын тухай буюу хуулийн бэлтгэл ажил хангах хуулиар шууд үгүйсгэж зөрчиж болохгүй.

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр олон эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болдог. Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацаа байх нь гэмт хэрэгтэй тэмцэхэд саад болж байна уу?

-Хөөн хэлэлцэх хугацаа нь дэлхий нийтэд түгээмэл хэрэглэгддэг хуулиар олгосон боломж юм. Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж тодорхой хугацаанд үгүйсгэгдэж байдагтай холбогдуулан гэмт хэргийн ангиллаас шалтгаалан харилцан адилгүй хөөн хэлэлцэх хугацаа тоолдог. Тухайлбал, хөнгөн гэмт хэрэгт бага хугацаа тоолдог бол хэрэг хүндрээд ирэхээд хугацааг уртасгадаг зохицуулалттай. Хууль, шүүхийн байгууллагаас иргэдийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах тохиолдолд тодорхой хуулийн хугацаа заавал байдаг. Тэгэхгүй бол хэдэн сар жилээр улсын хилээр гаргахгүйн зэрэгцээ цагдаа, хүчний байгууллагад цаг наргүй шалгуулж,өдөр бүр цагаа бүртгүүлж, нэг ёсондоо хэрэгт шалгагдахаас илүүтэй хэт сунжирсан урт хугацааны залхаан цээрлүүлэлт болох аюултай. Шүүхээр гэмт буруутай нь тогтоогдоогүй хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үздэггүй. Чухам хуулийн байгууллагыг хугацаагүйгээр хэрэг шалгаж иргэний эрхийг зөрчүүлэхгүй байх үүднээс хөөн хэлэлцэх хугацаа тоолдог. Нөгөө талаар хуулийн байгууллагыг хэргээ хурдан шалгах үүрэг хүлээлгэн хариуцлагажуулж байна гэсэн үг. Иймд хөөн хэлэлцэх хугацаа нь хүний эрхийн чухал ач холбогдолтой хуульд заавал байдаг зохицуулалт юм.

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар УИХын 2021 оны 02 дугаар тогтоолыг хүчингүй болгочихлоо. Одоо практикт гарах үр дагаврыг ярилцъя. Шалгагдаж байгаа эрүүгийн хэргүүд хэрэгсэхгүй болох уу?

-Хэрэг бүртгэлтийн шатанд байгаа хэрэг, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар татагдсан эрүүгийн хэрэг, шүүхийн шатанд шүүгдэгчээр шийдвэрлүүлж байгаа эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон бол эрүүгийн хэрэг шууд хэрэгсэхгүй болох үндэслэл болно. Одоогийн хуулиар яллагдагчаар татагдсанаар хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоож байгаа. Харин Цэцийн шийдвэр гарсанаар гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн буюу өмнөх хуулийн дагуу анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолуулах эрхээ эдэлнэ гэсэн үг.

Шүүхээр нэгэнт эцэслэн шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийг яах вэ?

-Бүх шатны шүүхээр нэгэнт эцэслэн шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн тухайд ял оногдуулах үндэслэл болсон хуулийн нөхцөл өөрчлөгдөх тул шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах хуулийн үндэслэл болно. Үндсэн хууль, бусад хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн бол шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаардаг. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд ч Үндсэн хууль зөрчсөн хуулийн үр дагаврын талаар зохицуулахдаа “Гагцхүү Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдсон бол Цэцийн шийдвэрийг баримтлан хэргийг зохих хууль тогтоомжийн дагуу дахин хянаж болно” гэсэн нь энэ тохиолдолд шууд хамаарах юм.

Өөрөөр хэлбэл, шүүхээр шийдвэрлэгдээгүй хэргийн хувьд хуулийн боломжоо эдэлж хожоотой үлдэх, харин шүүхээр шийдвэрлэгдсэн нь хохирч ял эдлэх замаар иргэдээ үндэслэлгүйгээр ялгаварлах хуулийн үндэслэлгүй. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэг шүүхээр орсон эсэхээс үл шалтгаалан хэрэгсэхгүй болох нь Үндсэн хуулийн хууль дээдлэх, шударга ёс, тэгш байдлын зарчимд бүрэн нийцнэ. Шударга шүүхээр шүүлгэх иргэний үндсэн эрхийг алагчилж, ялгаварлаж эдлүүлэх нь зохисгүй. Ер нь Үндсэн хууль зөрчсөн хуулиар иргэн хүнд ял өгөх үндэслэл байхгүй.Эцэст нь хэлэхэд, иргэдийн дунд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр ял завшиж байна гэсэн буруу ойлголт байдаг. Энэ бол ял завших биш хуульд заасан боломжоо эдэлж байгаа явдал юм. Мөн эрүүгийн хэрэг цагаатгагдахаас өөр үр дагавартай.

Тухайлбал, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон ч гэм буруутай гэсэн хуулийн үр дагавар үлдэх тул цаашлаад нийтийн албан хаших болон бусад эрхийг хязгаарлана, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бусаар олсон орлогыг хураах зэрэг хуулийн үр дагаврууд үлддэг. Иймд зарим иргэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдээ сэргээлгэж шүүхээр гэм буруугүй болохоо тогтоолгож цагаатгахыг илүүд үздэг, энэ нь зөвддөг тохиолдол олон бий.

Бүр тодруулж асууя. Өдгөө шоронд байгаа С.Баяр, М.Энхсайхан гэх мэт улстөрчдийг суллах үндэслэл бүрдчихлээ гэж харлаа, зөв үү?

-Шуудхан хэлэхэд тийм. С.Баярын тухайд Оюу толгойн 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, М.Энхсайханы хувьд 2015 оны Таван толгойн батлагдаагүй гэрээний төсөлтэй холбоотой асуудлаар буруутгагдсан. Аль алиных нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан боловч Үндсэн хууль зөрчсөн хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоосон, мөн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шууд хязгаарласан хуулиар ял оногдуулсан. Иймд Үндсэн хуулийн Цэцийн саяны гаргасан шийдвэр одоо хоригдож байгаа Ерөнхий сайд асан С.Баяр, М.Энхсайхан нарт шууд хамаарна. Үүнээс илүү чухал зүйл гэвэл зөвхөн албан тушаалын гэхгүй бусад бүх төрлийн эрүүгийн хэрэгт хөөн хэлэлцэх хугацаагүйгээр шалгагдаж заавал шүүхээр ял шийтгүүлэхээс аргагүй болоод байгаа хэдэн зуун иргэдийн хуульд заасан боломж, шударгаа шүүхээр тэгш шүүлгэх эрх сэргээгдэх ач холбогдолтой юм.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал улс-төр

60 мянган хүний өвчлөл, 300 хүний үхлээр У.Хүрэлсүх Ерөнхийлөгч боллоо

Монголын сонгуулиуд, коронавирус-цар тахал хоёр, нэгэн зэрэг л яваад байлаа. Зургадугаар сарын 9-нд хоёулаа яллаа. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсныхоо баярыг тэмдэглэж байхад цар тахлаар өвчилсөн 1340 хүн (зөвхөн нэг хоногт), энэ өвчнөөр нас барсан 10 хүн тэдний гэр бүл төрөл төрөгсөд уй гашуунд уйлж суулаа. Цар тахалд ялагдаж байгаа нь энэ. Монголын гурван сая гаруйхан иргэн гэрээсээ толгой цухуйлгах ч эрхгүй өндөржүүлсэн бэлэн байдлын хорионд байгаа. Ийм нөхцөл байдалд манай МАН, “Шалгарсан Ерөнхийлөгчтэй боллоо” гээд хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр баяр хөөрөө дэлхий дахинд цацаж байх юм. Би Ерөнхийлөгчийн сонгуулийн процессыг зөв болсон, буруу болсон гэж бичмээргүй байна. Ерөнхийлөгч болсон хүний талаар ч бичих нь илүүц.

Миний олон жил дэмжиж үзэгнийхээ үзүүрийг мохтол бичсэн “хуурай дүү” маань Ерөнхийлөгчийн сэнтийд заларлаа. Нас бие эрдэм чадлаараа болох л хүн. Ард түмэн ч тэгээд л бараг далан хувийн санал өгөө биз. Ганцхан зүйлд л би сэтгэл эмзэглэж байгаа. Түрүү ч олон удаа сануулж бичсэн. Мянга мянган хүний үхэл зовлон, амь амьдралаар өндөр дээд сэнтийд сууж болдоггүй юм шүү. Дэргэдээс чинь төрийн сүлд, дээрээс чинь тэнгэр бурхан харж байгаа гэж. За яахав, миний үгийг “Жамъян гуай чалчиж л байна” гэж бодоо биз. Энэ олон ахмад настан, эх үрсийн сэтгэлийг бодож болох л байсан шүү дээ, тэгсэнгүй.

Уул нь энэ коронавирус гэдэг цар тахлыг жилийн өмнө, байгдаа гэхэд хэдэн сарын өмнө ул үндэсгүй дарчихаж болох байсан юм. Чааваас даа, гуравхан сая хүнийг бүтэн хагас жил хорионд байлгаад 60 мянгыг нь өвчлүүлээд, 300 гаруйг нь үхүүлээд намаа ялуулчихаж, өөрөө Ерөнхийлөгч болчихож болдог юм уу. Цар тахал өөрсдөд нь хишигтэй байгаа учраас, бүр өнөө намрыг дуустал нөхөн сонгуулиуд өнгөртөл энэ хэвэнд нь байлгана гэсэн дам яриа ч гадуу явж л байна. Монгол гэдэг маань нялхас өтгөстэйгөө нийлээд 3.3 сая юм шүү дээ. Том хотуудын нэг дүүрэг ч хүрэхгүй хүнийг ингэтлээ тарчлаан зовоож байгаад нь У.Хүрэлсүх болон түүний хамсаатнуудад бухимдаад, бичээд байгаа юм. Миний адил бодол санаатай хүн ч олон байгаа байх. Даанч энэ хэдэн хүнээ ядуу зүдүү байлгаад сонгуулийн өмнө хэдэн төгрөгөөр хуурч хэзээ ч биелэгдэхгүй зүйл амладгаас “ялчих” юм даа. Би зөвхөн өөрийнхөө мэдэх хөдөлшгүй хэдэн баримтаа энд бичье. Төсвийн болон цар тахлын нэрээр олж авсан олон их наяд төгрөгийг зөвхөн Ерөнхийлөгчийнхөө сонгуульд зарцуулсан.

1. Тус бүр 750 сая төгрөгийн үнэтэй уушиг орлуулах аппарат улсын хэмжээнд хоёрхон байгаагийн нэг нь эвдэрхий байхад шинээр аппарат авалгүй хичнээн тэрбум төгрөгийн сонгуульдаа зарж байв. Аппарат хүрэлцээгүйгээс нас барсан хүмүүс олон л байгаа байх.

2. Өвчтөнийг хэвтүүлж эмчлэх оргүй, эмч ажилтны нөөцгүй боллоо гээд хичнээн мянган өвчтөнийг гэрийн эмчилгээнд гаргав. Мөнгөө харамлаад шүү дээ. Үүнээс болж хичнээн өрх айлынхан бүгдээрээ өвчилж, үхэх нь үхэв дээ. Бүх зүйлийг нууж байгаа. Даан ялангуяа жирэмсэн эх, хүүхдийн өвчлөлийг нууцалж худал мэдээлсээр байгаа. Найман настай охин цар тахлаар нас барсныг таг нууж, манай сэтгүүлчдийн хүчээр илэрлээ. Ийм хичнээн өвчлөл, үхэл нууцлагдаа бол!!

3. Өвлийн дүн хүйтнээр У.Хүрэлсүх танхимаараа огцорч байгаа нь энэ гэж жүжиглэхэд, Ерөнхий сайдгүй, УОК, НОК, ЭМЯ нь удирдлагагүй болж коронавирус хоногт 66 хүртэл гардаг болсон шүү дээ. Энэ бол У.Хүрэлсүхийн тараасан өвчний эхний дэгдэлт байлаа.

4. МАН-ын 100 жилийн ойг ямар нүсэр тэмдэглэсэн гээ. Намын 100 жилийн ойн медаль гэж ямар гоёмсог медаль гаргасан гээ. Хэдэн зуун саяар нь хэвлэж гаргаж байгаа юм. МАН-ын гишүүний цахим батлах, намын сурталчилгааны өнгөтэй ном, товхимуул гээд олон тэрбум төгрөгийн зүйл хэвлүүлж байгаа юм. Өнөө Гадаад харилцааны сайдынх нь дундаас нь 5-6 зуун сая төгрөг цохичихдог “үнэт цаас” гээд тоо томшгүй олон зүйл хэвлүүлж, түүнийгээ хот хөдөөгүй түмэн хүн бөөгнүүлж тараагаад коронавирусын халдварыг хоногт 1000 давуулан, үхлийг 12, 13 хүргэнэ билээ. Энэ бол У.Хүрэлсүхийн тараасан коронавирусийн хоёр дахь дэгдэлт байлаа.

5. У.Хүрэлсүхийнхэн хатуу хөл хорио, өнөө 300 мянган төгрөгийг элдэв шалтаг заан хойшлуулсаар байлаа. Тэр хооронд чинь олон мянган хүн өвчилж, олон арван хүн нас барж байгаа юм. Хойшлуулсаар байсан гол зорилго нь Ерөнхийлөгчийнхөө сонгуульд ойртуулж, “МАН-ын чинь, Хүрэлсүхийн чинь бэлэг шүү дээ” гэж харагдуулах гээд байлаа. Уул нь түүнээс өмнө хатуу хөл хориог жинхэнэ номынх нь дагуу 14-21 хоног тогтоосон бол өнөөдөр өвчин зовлонгүй, айх аюулгүй байлаа шүү дээ. Зөвхөн намаа, хувиа бодсоноос цар тахал дийлдэхээ больсон үед хатуу хөл хориог оромдоод өнгөрсөн. Гол нь энэ 21 хоногт дарга сайд нарын архины үйлдвэр худалдааг хаагаагүйгээс Улаанбаатар хот л гэхэд архин далайд умбаж байлаа. Хоногт 200-540 хүн эрүүлжүүлэгдэж, 80-100 жолооч журамлагдаж байгааг чинь “хатуу хөл хорио” гэдэг юм уу. Дэндүү сэтгэлгүй хандсан даа.

6. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн эрх баригчид ямар их мөнгө тараав аа. Улаанбаатар хотод гэхэд томоохон заал танхимууд битүү хүнтэй байгаа. Хуралтай гэж зарлаад намын гишүүн, гишүүн бус 200-300 хүнээр тэр том танхимуудыг дүүргэчихсэн байгаа юм. Юун зай барих, хоёр метрийн зай, бараг л дээр дээрээс нь суулгачихсан. Хүмүүсийг ороход гар утсыг нь хурааж аваад тусгай саванд битүүмжилж хадгалсан. Бичлэг хийж зураг аван нууц алдагдана гэхээс болгоомжилж байгаа нь тэр. Гарахад нь гар утастай нь хамт дугтуйтай 200 мянган төгрөг өгөөд гаргаж байсан. Зөвхөн танхим дүүрэн хүнд тус бүр 200 мянган төгрөг өгнө гэдэг мөн их мөнгө шүү. Улс хотын хэмжээгээр хэдэн их наяд болоо бол. Энэ чинь төсвийн мөнгө, коронагийн хандивын мөнгө. Хулгайн мөнгөөр сонгууль хийж байгаа нь энэ. Би тэгж хардаж байна. У.Хүрэлсүхийн цар тахал тараасан 3 дахь тохиолдол энэ. Энэ их цугларалтын бараг маргаашнаас нь л өвчлөл 1000 гарч, үхэл өдөрт 10-аас дээш тоологдох болсон. Санал хураалтын өмнөхөн малчин өрхийн дансанд 100 мянган төгрөг нууцаар орж ирсэн. Эрх баригчид баригдахаараа гадаадын улс орон руу бухаж бултана билээ. Малчиддаа зуу зуун мянгаар нь тараа гэж их мөнгө өгдөг ямар ч улс орон байхгүй шүү дээ. Биднийг малаас дор үздэг боддогийн жишээ энэ.

8. Сонгууль эхлэх гэж байхад урд замд 265 сая төгрөг тээсэн машин баригдсан. Зөвхөн нэг машин баригдсан нь энэ. Мөн их мөнгө шүү. Хүмүүс бол “аймаг болгонд нэг машин мөнгө хүргэсэн байх, зөвхөн баригдсан нь л энэ” гэж байгаа. Энэ нь үнэний хувьтай ч байж магадгүй. Яагаад гэвэл энэ баригдсан машин, жолоочийг таг нуучихлаа шүү дээ. Тэр хэн гэдэг жолоочтой хаанахын машин, ямар зориулалттай тэр их мөнгө тээж явсныг саатуулан шалгаж, ард түмэндээ үнэн зөв мэдээлэх байсан бус уу. Тэгээгүй. Эрх баригчдын гар хөл болсон хууль хяналтынхан одоо хүртэл нуун дарагдуулж байгаа. Ийм их мөнгөөр л Ерөнхийлөгчийн сонгуулийг хийчихлээ дээ. Энэ бүхэн чинь улсын төсвийн мөнгө, ард түмний татварын мөнгө, коронавирус нэрээр орж ирсэн хандив тусламжийн мөнгө. Үүнээс ч олон баримт бий. Би тоймтойгоос нь бичиж байгаа нь энэ. Гол нь Монголын ард түмнээс чинь 60 мянга гаруй нь цар тахлаар өвчилж, 300 гаруй хүн нас барчихаад, өвчлөгчдийн 30 орчим хувь нь хүүхэд болоод түрүүчээсээ нас барж байхад У.Хүрэлсүх тэргүүтэй хэсэг бүлэг хүн сонгуулийн мөнгөөр шоудаж, баярлаж бахархаад байгаад л миний сэтгэл үймрээд байгаа юм. Аппарат хэрэгсэл, эм тариа байхгүй, “гэгээр эмчилж байгаа нь энэ” гээд бараг бүх өрхдөө өвчин тарааж, мөнгөөр нь та нар зөөлөн суудалд тухалж, тансаглаж болдог юм уу.

9. Энэ цар тахлыг чинь амархан дарчихдаг олон туршлага дэлхийд гарлаа. Гол нь чанартай вакцинаар хүн амаа дархлаажуулалт хийдэг юм байна. Та нар сайн санаарай. Д.Трамп “пфрайзер” вакцинаар тариулж, В.Путин “спутник” вакцин хийлгээд дэлхий нийтэд зарлаж байснаас хойш мөн ч их хугацаа өнгөрч дээ. Энэ үеэс л санаа тавьж, шилдэг вакцинуудаар гэрээ хэлцэл хийж, мөнгийг нь шилжүүлж бэлтгэлээ хангаж байсан бол өнөөдөр монголчууд коронавирусийг бүрэн устгаж, айх аюулгүй сууж байх байсан юм. Тэгээгүй. Бүх вакцин адилхан чанар үйлчилгээтэй гэж бидний тархийг угаагаад Хятад, Энэтхэг мэтийн хэдэн улсын хамгийн хямд, үнэ төлбөргүй, бэлэг дурсгалын гэж хэлж болох хэдэн вакцинаар бидэн дээр туршлага хийж байлаа шүү дээ. Энэ вакцинуудаа хийлгэ гэж тулгаад, хийлгэсэнд нь 50 мянган төгрөгийн урамшуулал олгож байх юм. Тэгэхэд Оросын тэр хүчтэй вакциныг хичнээн сар хүлээгээд, хэрүүл зарга болж байж 1 дүгээр тунгий нь хийлгэсэн боловч олон зуун мянган хүн 2 дугаар тунгаа авч чадалгүй өнөөдрийг хүрлээ. Муухай улстөржүүлж ялгаварлаж байгаа юм шүү. В.Путин “Манай вакцин ямар ч эрсдэлгүй хамгийн сайн нь. Астразенка вакцин 61 хувийн дархлаа тогтоодог бол спутник вакцин 91 хувийн дархлаа тогтоож байгаа” гэж яриад, бичээд байна. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч болон эрдэмтдийн багийн гэх физикийн багш хоёр хүн үнэн яриад, Путин худлаа яриад байгаа юм уу. Өглөө оройгүй бидний тархийг эрдэмтдийн багийн физикийн багш, ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хоёр угааж байгаа. Дандаа худал зөрүүтэй мэдээлэл хийнэ. Найман настай охин коронагаар нас барчихаад байхад хүүхэд жирэмсний өвчлөл, үхлийг та нуучихаж байгаа юм. Засгийн газар, УОК-т туршлагатай, мэдлэгтэй ганц вируслогич олдсонгүй гэж үү. Өнөө академийн доктор П.Нямдаваа, Монголд олон вакцин хийсэн төрийн соёрхолт нэрт эрдэмтэн Д.Дандий гэхчлэн хүмүүс олдсонгүй гэж үү. Физикийн нэг багш л “Хатуу хөл хорио тогтоогоогүй бол хэдэн зуун хүн үхэх байсан. Би л тулдаа гайгүй өнгөрөөлөө” гэх шахуу юм яриад толгой эргүүлээд байх юм даа. Эрх баригчид хүмүүсийнхээ эрүүл мэнд амь насанд дэндүү хайнга хандаж байгаа юм шүү. Зүгээр л үзмэрчид шиг, өвчлөлийн оргил үе нь төдийд, төдөн сарын дараа устана. Таван сарын арван тавдаар буурна гэхчлэн хий хоосон юм ярьж, хүмүүсийн тархи угааж, айлгаж сүрдүүлж байгаа нь У.Хүрэлсүх тэргүүтэй хэдэн хүний бодлого байх л даа. Миний хувьд спутник вакцинаа оруулж ирээд дархлаажуулаад өгөөч гэж хэдэн сар гуйж, бичиж, арга ядаад төрийн хоёр сайд, зургаан даргад бараг л мөргөх шахам гуйж байж 5 дугаар сарын 7-нд эхний тун хийлгэсэн. 2 дугаар тунгаа хийлгэх гэхээр 90 хоногт хийж болно гэж хэдэн удаа хойшлуулаад одоо хүртэл хийгээгүй л байна. Одоо цааш нь хичнээн сараар сунгах юм, бүү мэд. Энэ хооронд чинь мань мэт нь үхээд хэдэн дахин төрчих хугацаа өнгөрлөө. Намайг үхчихвэл “Жамъян гуай гараа угаалгүй байгаад үхчихсэн” л гэх байх. Монголчууд чинь их ухаалаг, хүлээцтэй, төр засгийн бодлогод гүн хүндэтгэлтэй ханддаг хүмүүс. Тэгээд ч энэ цар тахлын үед дээд зэргийн дуулгавартай хандаж байгаа. Гараад хараарай даа. Гудамжинд маскгүй хүн нэг ч алга. Хөтлөлцөөд хэсч яваа хүнийг олохгүй. Та нар л бидэнд бурууг нь өгөөд байгаагаас биш, цар тахал зориудаар тарааж байгаа, зохион байгуулж байгаа хүмүүс чинь дарга сайд нар та бүхэн.

У.Хүрэлсүх дүү минь, чи намайг хатуухан юмыг хатуухан биччихдэг, зөөлөн юманд зөөлөн ханддагийг мэднэ дээ. Тэгээд л “60 мянган хүний өвчлөл, 300 гаруй хүний үхлээр У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болчихлоо” гээд бичээд байгаа юм. Ер нь ямар ч сонгууль байлаа гэсэн өвчин дарагдтал, намар болтол хойшлуулж болох л байсан. Японыг хар даа, дэлхийн олимпийг хүртэл хойшлуулсан. Тэгтэл та нар энэ цар тахлыг дарах тухай биш ашиг хонжоогоо бодоод дахиад л сонгууль, баяр наадмуудыг хурайлан дуудаж байх юм. Та нар болон та нарын гэр бүлийнхэн хүчтэй вакцинаар дархлаажсан айх аюулгүй байж болох юм. Энэ улс орон, ард түмэн чинь сүйрлээ шүү дээ. Өнөөдөр (өчигдөр) 6 дугаар сарын 13-нд улсын хэмжээнд 1884 хүн коронагаар өвчилж, 11 хүн нас барлаа гэнэ. Энэ чинь баяр наадам хийж байх үе мөн байна уу. Ноднин жил наадмыг онлайнаар ямар сайхан явуулсан гээ. Улсын наадам, аймаг, сумдын наадам Хэнтийн болон Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулиуд үргэлжилнэ. Сангийн яам банкныхан чинь түүнд зориулах гээд Монголын мөнгийг хадгалаад чанартай сайн вакцинууд оруулж ирэхгүй, цар тахлыг улам бүр дэлгэрүүлээд байгаа юм биш үү.

Ерөнхийлөгчийн сонгуулийн бузар булхайг захын хэдэн баримтаар гаргаж тавилаа. Би, намуудын нууц хуйвалдаан, нууц тохироонуудыг цувралаар ард түмэндээ хүргэх болно. Үүнийгээ 60 жил батлахыг нь хадгалж яваа өөрийн нам-МАН-аар эхэлж байгаа нь энэ. Нөгөө хоёр нэр дэвшигчийн талаар над хангалттай баримт материал бий. Албан ёсоор баталгаажуулж буух эзэнтэй, буцах замтай тавина. Сонгуулийн ерөнхий хороо, цагдаа, тагнуул, шүүх прокурорынхны гинжин холбоог ч баталгаажуулна. Үндсэн хуулийн бус аргаар төр засгийн эрхийг булааж авах, сонгогчдын саналыг эд мөнгөөр худалдаж авах, өвчин тахлыг зориуд санаатайгаар тараах, хүний эрх, эрх чөлөөг зөрчих гэхчлэн энэ бүхэн чинь эрүүгийн хуулийн хатуу зүйл ангитай, хүнд ялтай юм билээ. Талбайд суулт хийсэн долоон хүүхэн Олон улсын шүүхэд хандана гэж байна билээ. Миний хувьд бол одоохондоо бодсон санасан зүйл алга. Цагдаа, тагнуул, шүүх, прокурор бол мэдээж эрх баригч намынхаа, шинэ Ерөнхийлөгчийнхөө талд үйлчилнэ л дээ. Эрх баригчид тэр тусмаа шинэ Ерөнхийлөгчийн зүгээс цар тахалтай шийдвэртэй тэмцэхгүй, монголчуудыг үй олноор нь үхүүлэхэд хүрвэл хандах ганцхан газар над бий. Авлигатай тэмцэх газар. З.Дашдаваа даргатай энэ газрын хамт олон шударга бус олон хэргийг илрүүлж зоригтой тэмцэж байгаа. Энэ л эцсийн найдвар юм даа. Ер нь тэгээд “Монголд шударга ёсыг тогтооно, үхэхээс айхгүй байна” хэмээн амлаж байсан У.Хүрэлсүх маань ийм муухай загнахаар чинь хэнд итгэх юм бэ. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихлоо. Би У.Хүрэлсүх болон түүний хамсаатан нарт нэг л зүйл хэлдэг. Дахин сануулъя. “Олон хүний өвчин зовлон үхэл хагацлаар дөрөөлж хүрсэн суудал бузар л байдаг юм даа”!!

Г.ЖАМЪЯН (МУСГЗ)


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал энтертаймент-ертөнц

ФОТО: Тэрхийн цагаан нуур

Галт уулын дэлбэрэлтээс үүссэн Хангайн нурууны үзэсгэлэнт нууруудын нэг.

Хорго уулаас баруун тийш 2-3 км-ийн зайд байрладаг энэ нуурын урт нь 16 км, өргөн нь 6 км, 20 метр гүн цэнгэг устай урсгал нуур юм. Далайн түвшнээс 2060м өндөрт байдаг. Хойд, урд Тэрхийн гол нийлж Тэрхийн цагаан нуурын баруун өмнөөс цутгадаг юм.

Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм. Харин ганц гол эх аван гадагш урсдаг бас тэр нь Суман гол юм. Тэрхүү гол нь цаашлаад 50 орчим километр урсаад Чулуутын голд цутгадаг.

Тус нуурыг 2011 онд CNN мэдээллийн төв аялах шилдэг газруудын нэгт багтаажээ

Тэрхийн цагаан нуур байгаа газар нь урьд өвс бэлчээр сайтай уужим тал нутаг байсан тухай домог бий. Тал дунд нэг худаг байсан бөгөөд эрт цагт эмгэн өвгөн хоёр тэр худгаас ус аваад худгаа тагладаг байжээ. Гэтэл эмгэн нэг удаа ус аваад худгаа таглахаа мартчихжээ. Тэр шөнө худаг нь оргилж алтан дэлхий усны үерт автах аюул нөмөрсөн байна. Энэ үед Бөх Мандал гэгч нэгэн хүчтэн Уран Мандал уулын оройг таслан аваад хутгийн таг руу шидэж хаасан гэдэг. Ингэж хаахад нь хальж асгарсан ус Тэрхийн цагаан нуур болон үлджээ. Ийнхүү гэнэт нуур тогтсоныг нутгийн хүн хараад “Тэр их нуурыг хараач” гэж дуу алдсанаар уг нуурын нэрийг “Тэр их” гэж нэрлэх болж, хожим “Тэрх” болон хураагдсан гэдэг.
Газар дахь цэлмэг хөх тэнгэрийг харах шиг л цэнгэг устай Тэрхийн цагаан нуурын өглөөг та хэзээд санагалзан дурсах болно.