Categories
гадаад их-уншсан мэдээ туслах-ангилал

Гималайн 14 оргилд гарсан уулчин сураггүй болжээ

БНСУ-ын уулчин Ким Хон Бин Гималайн бүхий л өндөр 14 оргилд гарсан амжилт тогтоосныхоо дараа сураггүй болсон талаар холбогдох албаны төлөөлөгчид даваа гаригт мэдээлжээ.

“Ким Хон Бин оргилоос бууж байхдаа сураггүй болсон тухай мэдээлэл ирсэн. Ойролцоо байсан уулчид нь түүнийг аврахыг оролдсон боловч чадаагүй байна” гэж Азийн уулчдын холбооны тэргүүн И Ин Жён мэдэгджээ.

Хойд Америкийн хамгийн өндөр ууланд 1991 онд гарахдаа 10 хуруугаа алдсан уулчин Ким Хон Бин орон нутгийн цагаар ням гаргийн 16:58 цагт Пакистаны 8047 метр өндөр “Broad” оргилд гарснаар Гималайн 14 оргилд авирсан дэлхийн анхны хөгжлийн бэрхшээлтэй хүн болсон юм.

Гэвч тэрбээр 7900 орчим метрийн өндөрт байхдаа сураггүй болж даваа гаргийн өглөөний 9:58 цагт тусламж хүссэн ослын дуудлага хийжээ. Ийнхүү ойролцоо байсан уулчид тухайн газарт нь очсон боловч аварч чадаагүй байна. Солонгосын уулчдын холбоо нөхцөл байдлыг тодруулахаар ажиллаж байгаагаа мэдээлжээ.

Categories
их-уншсан мэдээ спорт туслах-ангилал

Оргосон тамирчин Нагояд очжээ

Уганда улсын хүндийг өргөлтийн тамирчин Ж.Ссекитолеко Изүмисано хот дахь бэлтгэлийн баазаас оргосноос хойш сураг алдарч байгаад Нагояд харагдсан талаар Японы хэвлэлүүд мэдээлэв.
Японы мэдээллийн агентлаг “Киодо” Нагоя хотын галт тэрэгний өртөөн дээр Ссекитолекотой төстэй хүн харагдсан бичлэгийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Өдгөө Нагояд оргодол тамирчныг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Тэрбээр алга болохоосоо өмнө “Уганда дахь амьдрал хэцүү тул Японд амьдрахыг хүсэж байна” гэсэн зурвас үлдээсэн байжээ. Нагояд 150 орчим уганда хүн амьдардаг нь тийш зорих шалтгаан болсон байх хэмээн таамаглаж байна.
Ссекитолеко олимпийн наадамд өрсөлдөх эрхээ албан ёсоор аваагүй, хүлээлгийн жагсаалтад байсан тамирчин. Тэрбээр өнгөрсөн сард Японд хүрэлцэн ирсэн Угандагийн есөн тамирчны нэг бөгөөд тэдний хоёроос нь коронавирус илэрч байв. Улмаар эдгээр тамирчид зохих журмын дагуу тусгаарлагдсаны эцэст бэлтгэлдээ ороод байжээ. Ссекитолекогийн хувьд хамгийн сүүлд өгсөн шинжилгээ нь сөрөг гарсан юм.
Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Яаралтай тусламжийн үед үйлчилгээ үзүүлэх нисдэг тэргийн цагийн төлбөр 4 саяас эхэлж байна

Энэ сарын 16-нд орон нутагт зам тээврийн осолд орсон иргэнд нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хашаанд газардсан билээ.

Энэ нь олон хүний талархлыг хүлээж, цаашид машин хүрэх боломжгүй, мөн яаралтай тусламж шаардлагатай өвчтөнийг нисдэг тэргээр энэ мэт тээвэрлэж, амь насыг нь аврах үйлчилгээг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээсэн юм. Тухайлбал, 100 орчим км-ийн зайтай орших орон нутагт гэмтсэн, осолд орсон хүнийг машинаар тээвэрлэхэд 2-3 цаг зарцуулна.

Энэ хооронд тухайн хүний биеийн байдал хүндэрч, нас барах эрсдэлтэй. Тэгвэл нисдэг тэргээр 20 орчим минутын хугацаанд тээвэрлэн эмнэлгийн гадна буулгах боломжтой аж. Иймд энэ чиглэлийн үйлчилгээний талаар сурвалжиллаа.

Гэмтэл согог судлалын үндэсний төв өөрийн гэсэн нисдэг тэрэггүй. Тиймээс энэ чиглэлийн үйлчилгээг хувийн нислэгийн компани Иргэний нисэхийн ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, ГССҮТ зэрэг холбогдох байгууллагуудтай хамтарч, Улсын онцгой комиссоос зөвшөөрөл авч, зохих гэрээ байгуулсны үндсэн дээр үзүүлдэг байна. Сүүлд буусан тохиолдлын тухайд “Mongolian aviation academy” нислэгийн сургалтын төвийн нисдэг тэрэг байжээ. Тус өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд гэмтсэн зургаан сартай хүүхдийг 1000 гаран км газраас тээвэрлэн авчирсан байна. Нислэгт 4 цаг 10 минут зарцуулжээ. Цаг алдалгүй ирж чадсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлж амжсан тухай тус төвийн нислэг эрхэлсэн дэд захирал Г.Баттулга хэлсэн юм. Энэ нь тус төвийн он гарснаас хойш гэмтэл осол, эрүүл мэндтэй холбоотой шуурхай үйлчилгээ үзүүлсэн дөрөв дэх тохиолдол юм байна.

Тус төв Airbus helico­tel A-125, Robinson R-66 загварын дунд оврын нисдэг тэрэгтэй аж. Биднийг очиход нэг нь нислэгт гарсан байсан юм. Нисдэг тэргүүд 4-5 хүний багтаамжтай. Цагт 200-250 км хурдтай аж. Нэг дүүргэлтээр 600-800 км зам туулдаг байна. Robinson R-66 загварын нисдэг тэрэгтэй танилцав. Ардаа дөрвөн хүний суудалтай аж. Ерөнхийдөө дотор талыг нь машины бүхээгтэй зүйрлэж болохоор юм. Өвчтөн тээвэрлэх тохиолдолд тусгай зориулалтын дамнуур ашигладаг аж.

Яаралтай нөхцөл байдал үүсч, дуудлага өгөх шаардлагатай бол тухайн нислэгийн компанитай холбогдоно. Тус төвийн тухайд 51-311111 утсаар холбогдох боломжтой юм байна. Дуудлага өгснөөс хойш 30 минутаас нэг цагийн дотор хөөрдөг аж. Хөөрөхөөс өмнө иргэний нисэхээс зөвшөөрөл авна. Уг зөвшөөрлийг цахимаар шуурхай авах боломжтой болсон тул ийн богино хугацаанд нислэг үйлдэх эрх баталгаажсанаар хөөрдөг байна. Нэг нислэгт 8-10 хүн баг болж ажилладаг аж. Нисгэгчээс гадна Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр инженерийн баг бий. Тэд нисдэг тэрэг буух аюулгүй ажиллагааг ханган ажилладаг байна. Нислэгийн явцад эмч нартай холбогдож, улмаар газардахад яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдлыг хангасан хүлээж байдаг гэсэн үг.

Одоо үнэ ханшийн тухайд тодруулъя. Нислэгийн цагийн үнэлгээ 4-6 сая төгрөг байна. Өндөр зардалтай салбар тул уг ханшид барихаас өөр аргагүй байдаг гэнэ. Дэлхийн олон оронд эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг нисдэг тэргээр үзүүлдэг байна. Үүнд эмнэлгийн нисдэг тэрэг байхаас гадна хувийн хэвшлийн авиа компаниудтай хамтран ажилладаг аж. Хамгийн гол нь эрүүл мэнд болон нийгмийн даатгалын уян хатан систем үйлчилдэг. Өөрөөр хэлбэл, зайлшгүй шаардлагатайн улмаас нисдэг тэргээр тээвэрлэн тусламж үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд даатгалаас зохих төлбөрийг гаргаж өгдөг. Энэ нь тухайн улс хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалахад хэрхэн хичээл зүтгэл гаргаж байгаагийн илрэл юм. Харин манай улсын тухайд даатгалын систем үйлчилдэггүй. Гэнэтийн осол болж, амь нас нь дээсэн дөрөөн дээр очсон үед нисдэг тэрэг дуудахад төлбөрөө 100 хувь өөрөө хариуцна. Алслалаас хамаарч овоо хэдэн сая төгрөг яригдана. Гэтэл энэ мөнгийг халааснаасаа гаргаад өгөх хүн ховор байна. Иймд даатгалын системтэй уяж, иргэнд очих ачааллыг бууруулах шаардлагатайг “Скай Жет” компанийн гүйцэтгэх захирал Э.Энхзориг хэлж байв. Тухайлбал, 2018 оны нэгдүгээр улиралд зам тээврийн ослын улмаас эмнэлгийн тусламж авч чадалгүй орон нутагт нас барсан 60 гаруй тохиолдол байжээ. Монгол өргөн уудам нутагтай. Дэд бүтэц сайн хөгжөөгүй. Зам харгуй хүнд. Өндөр хурдтай давхих бололцоогүй. Энэ тохиолдолд осолд орсон нэгнийг автомашинаар тээвэрлэж, нийслэл рүү “сэгсчүүлэх” хооронд амьсгал хураадаг байна. Харин нисдэг тэргээр үйлчилгээ үзүүлэх тоог бодлогоор дэмжиж, эрх зүйн хувьд ч хориг саадыг нь бууруулаад өгвөл олон хүний амийг аврах боломжтой санагдсан юм.

Дашрамд дурдахад, энэ төрлийн үйлчилгээ сүүлийн хэдэн жил идэвхжиж байгаа юм. Тодруулбал, Иргэний нисэхийн ерөнхий газарт ерөнхий зориулалттай нислэгийг дэмжих зорилгоор 2016 онд Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх тасаг байгуулагдсан аж. Улмаар Засгийн газрын 2018 оны 120 дугаар тогтоолоор Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр батлагдсанаар эрх зүйн орчин бүрэлдсэн байна. Өөрөөр хэлбэл, бага оврын агаарын хөлөг, нисдэг тэргийг Монголд хөгжүүлэх суурь баримт бичиг болсон гэсэн үг. Ингэж хувийн хэвшлийг бодлогоор дэмжиж, уг салбарт хөрөнгө оруулалт татах боломж бүрдсэнээр бага оврын агаарын хөлөг, нисдэг тэргийн тоо нэмэгдэх болжээ. Хувийн хэвшлүүд нисдэг тэрэг авч эрэн хайх, авран хамгаалах, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх ажиллагаанд ашиглахаас гадна аялал жуулчлал, уул уурхай зэрэг олон хэлбэрээр нислэг үйлдэх боломж бүрдсэн байна. Энэ чиглэлээр манай улсад одоогийн байдлаар гурван компани идэвхтэй ажиллаж, хөрөнгө оруулалт хийх болсон байна. Он гарснаас хойш манай улсад дөрвөн нисдэг тэрэг орж иржээ. Энэ нь тун өндөр тоо аж. Дандаа сүүлийн үеийн загвар. Нэг нь гэхэд АПУ компанийх юм байна.

Г.БАТ

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Улаанбаатар-Дархан чиглэлийн 130 км зам нээгдлээ

Улаанбаатар-Дархан чиглэлийлийн эхний 130км замыг нээсэн байна. Уг замын нийт өргөн 11 метр урттай. Замын даацыг нэг автомашин 11 тонн гэж үзэж буй. Эвдрэл, гэмтэл гарлаа гэхэд гурван жил засварлаж хариуцна гэж замын ажил хийсэн компани дурдсан юм.

Шанхай Констракшн групп компанийн төслийн инженер О.Батхүү хэлэхдээ:

“Үлдсэн ажлын Сайханы голын 18 метр гүүр барих ажил одоо 45-50 хувийн гүйцэтгэлтэй байна. Бид 40-45 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Цаг агаарын нөхцөл байдал буюу усархаг борооны улмаас 10 хоног, хорио цээр, цар тахлаас болоод 16 хоног алдсан. Хятадаас ирэх үндсэн материалаа хүлээж байгаа. Мөн нийслэлээс ирэх бетон цутгамал, арматур байна. Бүтэн сар хүлээж байгаа ч боломжоороо ажиллаж байна гэв.

Тус компани Сайханы гүүрнээс гадна Дарханы авто замын 2 дугаар багцад харьяалагдах Шивэртийн болон Шавартын гүүрийг тавих юм. Нийт ажил 9 дүгээр сард дуусна” гэв.

Categories
их-уншсан мэдээ спорт туслах-ангилал

“Токио-2020”-д оролцох 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг бүрэлдэхүүнээ танилцууллаа

Монгол Улсын багийн спортын түүхэнд олимпод анх удаа оролцох болсон сагсан бөмбөгийн 3х3 төрлийн шигшээ багийнхан “Токио-2020”-д өрсөлдүүлэх бүрэлдэхүүнээ өнөөдөр зарлав.

Олимпийн наадамд Баясгалангийн Солонго, Энхтайваны Чимэддолгор, Мөнхсайханы Цэрэнлхам, Онолбаатарын Хулан нараар багаа бүрдүүлж, Даваасүрэнгийн Ганзул, Баатарын Болор-Эрдэнэ нарыг хассан юм.

Categories
булангууд их-уншсан мэдээ туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Эх дагина Дондогдулам хатны дурсгалт газар

Улсын эх дагина Дондогдуламын бие чилээрхэн 1923 онд тэнгэрийн оронд залрахад түүний алтан шарилыг ёс төртэйгээр найман шарга морь хөлөглөн одоогийн Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 19-р хорооны нутаг дахь Шарга морьтын аманд хүргэж шар тосонд хайлуулсан хэмээн үздэг [Шинийн наймны Цагаан Дара-Эх. УБ., 2016, т-6]. Эх дагины биеийг тээж (ачиж) явсан найман шарга морьдыг тус газарт сэтэрлэн тавьсны улмаас Шарга морьтын ам хэмээн нэрлэсэн түүхтэй.
Энэхүү дурсгалт газрыг иргэд эзэмшиж, хашаа байшин барих, хөрс хуулах, тэгшлэх зэргээр түүхэн дурсгалыг эрсдэлд оруулсан тул авран хамгаалах үйл ажиллагааг явуулах зайлшгүй шаардлага тулгарсан юм. Иймд Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл, Урлагийн Газар, хуучнаар ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнтэй хамтран 2018, 2019 онуудад авран хамгаалах малтлага судалгааг хийж гүйцэтгэсэн.
Археологийн авран хамгаалах малтлага судалгааны үр дүнд дөрвөлжин хэлбэртэй, 280 х 280 см хэмжээтэй, суваргын суурийг олж илрүүлсэн. Үндсэн суварга нурж эвдэрсэн бөгөөд уг суваргын шүншигт хэвэнд цутгаж бэлтгэсэн 16 нэр төрлийн бурхан 108 ш, улаан өнгийн шавраар хийсэн заан 3 ширхэг, гүц хэлбэртэй сав барьсан хүний дүр бүхий шавар хийцтэй чимэглэл 1 ширхэгийг хийсэн нь археологийн малтлагаар олдсон. Түүнчлэн очир хээ, цэцгэн хээ, бадам цэцгэн хээ, угалзан хээтэй шавар чимэглэлүүд ихээр илэрч байсан нь суваргын гадна чимэглэлүүд байна. Уг суварга нь бидний сэргээн зурснаар манай улсад уламжлагдан ирсэн түүхт суваргын төрлүүдийн нэг болох Брадигабудын суварга хэмээх төрөлд хамаарна.
Малтлагын явцад илэрч олдсон олдвор хэрэглэгдэхүүнд тулгуурлан сэргээх явцад эл суварга сууриараа өргөсч 11 чи буюу 342.1 см урт хэмжээтэй бол өндөр нь 13 буюу 404.3 см байсан хэмээн үзэж байна. Ингэхдээ суваргын гурван үе шатлалын суурь болон оройн хэсгийг 4 чи буюу 124.4 см хэмжээсээр тэнцүү байдалтай хийсэн бол дунд шатлалыг 5 чи буюу 155.5 см хэмжээтэй хийжээ.

гадаа гэх мэтийн зураг байж болно

Энэ бүхнээс үзэхэд язгууртан буюу томоохон зэрэг зиндааны хүнд зориулан босгосон болох нь тодорхой байна. Тиймээс тухайн дурсгалт газрыг улсын хамгаалалтад авах, сурталчлан таниулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох нь чухал ач холбогдолтой юм. Дурсгалаас илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнүүд одоогоор ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байна.

гадаа гэх мэтийн зураг байж болно

уран баримал гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

уран баримал гэх мэтийн зураг байж болноЗургийн тодорхойлолт алга байна.

Эх сурвалж: ШУА-ийн Археологийн хүрээлэн

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ахлах ахлагч Э.Даваажамц: Монгол түмнийхээ дэвссэн сэтгэлийн дэмээр энэ аяныг туулж явна

Эх орны баруун хязгаар түүхийн өлгий Ховдын хорооноос Богд Дүнжингарав уулын хаяа, Хатан Туулийн хөвөөг зорьж гүйсэн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Эрхэмбаярын Даваажамц Цаст Сутайг арлаж, Хар Азаргын нурууг налан, Шаргын уудам говийг туулж Хантайшир хайрханыг гаталж наашилсаар улсын нийслэл Улаанбаатар хотынхоо баруухан талд тулж иржээ. Амин бие бүү хэл аргамаг хүлэг цуцаж туулах хол замыг ажрахгүй гүйж буй идэр залуухан ахлах ахлагчийн аян замынх нь нэг өдрийг сурвалжлахаар өнгөрсөн баасан гаригт Төв аймгийн Лүн сум руу хүлгийн жолоо залсан юм.

Ардын хувьсгалын 100 жилийн ой, Зэвсэгт хүчний 100 жил, Ардын Хатанбаатар, С.Магсаржав нарын нэрэмжит 123 дугаар ангийн 100 жил, Ховдын хорооны 90 жилийг ойн арга хэмжээг угтан бэлэг барихаар сэтгэл шулуудаж аян замд гарсан ахлах ахлагч Э.Даваажамцыг Лүн сумын төвийн наах нь талд явахад нь тосож очлоо. Өглөөний гүйлтээ өндөрлөж, үдийн хоолоо идэж түр амсхийгээд хөдөлж байхад нь бид очиж таарсан юм. Түүнд түшиг болж эхнэр М.Мөнхзаяа, их эмч Б.Золбоо нар хадам ахынх нь хамтаар дагаж явна.

Зорьсон зочинтойгоо уулзаж мэнд мэдлээ. Таван үг сольчихоод толгой дээрээс манартал төөнөх их үдийн халуун нарны элчинд армийн эрээн хувцсандаа түүртэлгүй гүйх ахлах ахлагчтай “дөрөө харшуулж” аян замынх нь өчүүхэн зайг хамт гүйж туулсан юм.

Барьсан талх шиг авсаархан цүнхэн дээрээ алтан соёмбот далбаа намируулан гүйх цэрэгтэй зөрсөн хүн бүр гар даллаж эелдгээр инээмсэглэж мэндчилнэ. Нэг бол дохиогоо анивчуулж, эрхий хуруугаа гозойлгож амжилт хүсэх аж. Хажууд нь суусан нэг нь бичлэг хийж мөн л инээмсэглэсээр зөрнө. Зарим нь бууж хамт зураг даруулж ус, ундаа зэргээр аяны богцыг нь мялаана.

Тэдэн дунд ёнгинотол сигналдах том машин ч олон тааралдах юм. Цочоод харахад кабинаас нь хижээл насны мариалаг эр малийтал инээмсэглээд гараа даллана. Тэр бүрт ахлах ахлагч маань эелдгээр инээмсэглэж гараа даллаад л гүйлтээ цааш үргэлжлүүлнэ.

Наадам цуцласан сургаар нийслэлээс баруун тийш чиглэсэн замын хөдөлгөөн уяачдын хөлд дарагджээ. Ардын хувьсгалын 100 жилийн ойд зорьж ирсэн уяачид унаач хүүхдээ дагуулж, удамт хурдан хүлгүүдээ ачаад урам муутайхан л буцаж явна. Тэдний л нэг бололтой. Алтан соёмбот далбаагаа намируулан баруун хязгаараас гүйж яваа цэргийг хараад омогшжээ. Том цэнхэр машины кабинаас үсэрч буусан хөдөөгийн хөх уяач ах ахлах ахлагч Э.Даваажамц руу гүйж инээд алдан тэвэрч байна. Бэтгэртэл санасан хүүгээ тэвэрч сэтгэлээ дэвтээж буй эцэг шиг л халуун дотно харагдана. Бүтэн жилийн хөдөлмөр нь үнэгүйдэж толгой гудгар яваа ахын дотор таван үг солиод л эргэхдээ цэлэмчихэв бололтой. Харц нь гэрэлтэж ирээд л хачин сайхан инээмсэглэчихээд цааш аян замаа үргэлжлүүлэхээр хөдлөлөө.

Гүйж яваа цэрэгтэй уулзсан учирсан бүхний нүүрэнд инээмсэглэл тодорно. Цар тахлын нөлөөгөөр бид бүгдээрээ л тун хэцүү цаг үеийг хамт туулж явна. Хаагдсан, хоригдсон, өр, зээл нэхүүлсэн, ажилгүйдэлд нэрвэгдсэн гээд л хэн бүхний дотор баргар л байх шиг. Нийгэм бараантсан ийм хүнд цаг үед гэрэл түгээж эр цэргийн тэсвэр хатуужлыг гайхуулж бусдад омогшил төрүүлж, сэтгэлд нь оч асааж яваа залуухан ахлах ахлагчийн урт аяллын 31 дэх өдөр ийм сонинтой үргэлжилж байна. Тэр жил үймээн самууны улмаас харанхуйлчихаад байсан нийгэм анхны олимпийн аваргаа хүлээж аваад л цэлмэж байсан. Тийм л гавьяаг эгэл ардын хүү, эх орны цэрэг Эрхэмбаярын Даваажамц байгуулахаар урагшилж явна.

Ховдын хорооноос гарч Шаргын говь, Дэлгэрийн талыг туулж ирсэн Даваажамцад эцэж цуцсан шинж ер алга. Хувцас, гутал нь ч шинэ юм шиг гялалзаад харайлгаж явах юм. Тэрбээр “Монгол түмнийхээ дэвссэн сэтгэлийн дэмээр л энэ их аяныг туулж явна. Сүү шиг сэтгэлтэй түмэн юм. Замд таарсан хүн бүрийн сайхан сэтгэлээр л дотоод эрч хүчээ авч явна. Замын гуанзны эмээ “Хар шөл уугаад яв хүү минь” гэх. Зөрж өнгөрөх хүмүүс ч сайхан үгээ харамлахгүй, ус ундаа гээд л янз бүрийн зүйлээр дайлна. Замд бороо, шороотой үе тааралдана. Тийм цагт хэн нь ч манайд тухтай амраад яв гэх юм” хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлж байна. Энэ мэтийг хөөрөлдөж завсар зайгаар замд таарсан нэгэнтэй зураг даруулж явсаар аяллынх нь 10 орчим км зайг бид туулжээ. Ингээд амрах цэгт нь ирлээ. Улаанбаатараас төрөл төрөгсөд нь ирчихжээ. Мөнгөн аягатай сүү, хадаг бариад хүүгээ тосч байна. “Ховдын мөрдөстнүүд” төрийн бус байгууллагаас ч Бригадын генерал Т.Хүрэлбаатар, Хурандаа Г.Пушкин нар залгамж халаа нутгийн залуудаа амжилт хүсэхээр ирсэн харагдана. Цай цүй болсны дараа сая нэг зочинтойгоо тухтай сууж аян замынх нь “богц”-задлах боломж тохиолоо.

Ахлах ахлагч Э.Даваажамц Өмнөд Суданд хоёр удаагийн, Афганистан улсад нэг удаагийн энхийг сахиулах ажиллагаанд оролцож байжээ. Сүүлийн ажиллагаанаас өнгөрсөн оны арванэгдүгээр сард халагдсан байна. Цар тахлын нөлөөгөөр хөл хөдөлгөөн хязгаарласан үед Афганистанаас ирж тусгаарлалтад олон хонохдоо 1500 гаруй км-ийн зайд гүйх хүний санаанд багтахгүй зүйлийг анх сэдсэн гэнэ.

Ингээд өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлэн биеэ бэлтгэж эхэлсэн байна. Тухайн үед 92 орчим кг-ийн жинтэй байсан Даваажамц өдөр тутам бэлтгэл хийсээр 10 орчим кг-ийг хасч гүйлтэд бэлэн болжээ. Улмаар бүтэн биеийн эмчийн үзлэгт орж, Зэвсэгт хүчний жанжин штаб, ангийн захирагчаасаа зөвшөөрөл авснаар гэр бүлийн хүндээ дуулгаж гүйлтийн замд гарчээ.

“Ховдоос нааш гараад зах хязгаар нь харагдахгүй хоёр том талыг тууллаа. Шаргын говиор хоёр хоног явлаа. Хүчтэй шороо шуурч байснаа гэнэт бороо шаагьж, төд удалгүй нар шараад л багахан хугацаанд л байгаль цаг уур нь хувирч байдаг газар юм билээ. Дараагийнх нь Дэлгэрийн тал. Зах хязгаар нь харагдахгүй зэрэглээтэх талд хүн мал битий хэл шувуу ч харагдахгүй. Хаа нэг гүрвэл хар хорхой үзэгдэнэ. Энэ их талыг гурав хоног гүйж туулсан. Ховд, Говь-Алтайн заагт явахад надад “Lowo” бэндээс гутал бэлэглэсэн юм. Анхандаа ч шинэ гуталд хөл дасах болов уу гэж эргэлзэж л байлаа. Өмсөөд гүйхэд пүүз шиг л хөнгөхөн. Гаднаасаа чийг нэвтрэхгүй, агаар нэвтрүүлээд тун аятайхан юм. Аяллын турш хамгийн ойр дотно байсан “найз” гэвэл гутлаа л онцлох байна” гэж холын сонин хуучилж байна.

Ахлах ахлагч Э.Даваажацмын холын зайн гүйлтийг олон улсад ч анхааралтай ажиглаж байгаа юм байна. Герман улсаас уулын хөнгөн ротын хоёр цэргийн алба хаагч Баян-Өлгий аймагт 331-дүгээр ангид сургалт явуулах үеэрээ Э.Даваажамцыг 1500 км-ын алс газар гүйх тухай дуулсан даруйдаа зорьж ирж уулзжээ. Ингээд нутаг буцсан даруйдаа Герман дахь уулын ротын удирдлагууддаа мэдэгдэж л дээ. Өнөө хэд нь Монголын зэвсэгт хүчин рүү өдөр бүр шахуу утас цохьдог бололтой юм. “Өнөөх гүйж яваа цэрэг юу болсон бэ, биеийн эрүүл мэнд нь яаж байна. Ямар өөрчлөлт гарав. Та нар наад цэрэгтээ юу идүүлж уулгасан юм бэ” гэх зэргийг шалгаагаад амар заяаг үзүүлэхгүй байгаа гэнэ. Э.Даваажамц шиг 1500 км-ын алсад олон хоногийн турш явган гүйсэн цэрэг дэлхийд байдаггүйг ЗХЖШ-аас баталж байна. Магадгүй монгол цэргийн тэсвэр тэвчээр олон улсын анхаарлыг татаж Дэлхийг дэлдгийлгэх нэг “од” -той ч болж байгаа юм билүү. Дотооддоо цар тахлын халдвар замаа алдаж бусад улс орнуудын зарим нь манайхаас нүүр буруулж хил гаалиа хаагаад эхэлчихсэн. Ийм үед Монголын тухай чихэнд чимэгтэй мэдээлэл гадаад орчинд тархвал манайд л тустай болов уу. Монголын армиас дахин давтагдахад бэрх амжилт тогтоосон хүмүүс олон. Саяхан л гэхэд хилчин хурандаа В.Дамдинсүрэн 53 насандаа эх орноо явган тойрч 8000 км алхсан гэнэ. Энэ мэт сонин содон амжилтаар Монголын зэвсэгт хүчин баялаг.

Алсын аянд Э.Даваажамцыг хазайхад тулж яваа эмэгтэй бол түүний гэргий М.Мөнхзаяа. Тэрбээр энэ их аяллын чухал хэсэг хоол, хүнсний асуудлыг хариуцаж яваа гэнэ. Өглөө, өдрийн гүйлтийн дараа ханийнхаа гарын хоол идээд л байвал ямар ч холын аянд гүйхэд бэлэн байгаагаа ахлагч Э.Даваажамц онцолж байлаа.

Аяллын арын албыг хариуцаж яваа эзэгтэйтэй цөөн хором хөөрөлдлөө.


-Таны хань Ховдын хязгаараас гараад 31 дэх хоногтоо гүйж 1372 км замыг туулчихаад байна. Өдөрт хамгийн багадаа 50

км-ийн зайд гүйж байна шүү дээ. Цаагуураа тамирдаж л байгаа болов уу. Хайрлах сэтгэл төрж байна уу?

-Хайрлах сэтгэл төрөх л юм. Ядрахвий дээ, хөл нь өвдөх вий гэсэн айдас байна. Гэхдээ ил гаргаад байж болохгүй. Сэтгэл санаагаар дэмжих үг л хэлдэг юм. Сэтгэл санааг нь унагах үг хэлэхгүйг л хичээх юм.

-Гүйхээр шийдсэнээ эхлээд ханьдаа л хэлсэн байлгүй та хэрхэн хүлээж авсан бэ?

-Тийм. Би ч дэмжиж хүлээж авсан. Бид 10 орчим жил хамт амьдарч байна. Тэр хүний бие организм, тэсвэр тэвчээрийг сайн мэддэг учраас дэмжсэн. Энэ хэмжээнд гүйнэ гэдэгт нь бүрэн итгэлтэй байсан.

-Энэ холын аяны хоол хүнсийг та хариуцаж байгаа гэсэн. Гол төлөв ямар төрлийн хүнс хэрэглэж байна?

-Холын замд гүйж яваа хүнд хүнс чухал. Гол төлөв шинэ мах, борцтой шөл ууж байна. Хажуугаар нь шар тостой цай, буцалсан ус уудаг юм. Дархлаа дэмжих тал дээр маш сайн үйлчилгээтэй.

-Өмнө нь та нөхөртэйгөө хаагуур аялж байв. Энэ зуныг танай гэр бүл адал явдалтай өнгөрүүлж байгаа болов уу?

-Том зорилго тавиад гарсан аялал маань адлал явдлаар дүүрэн үргэлжилж байна. Мартагдахааргүй дурсамж үлдээж байна. Нөгөө таалдаа хожим үр хүүхдүүддээ ярих түүх бүтээж байна л даа. Хажуугаар нь залуу хосуудад үлгэр дууриал үзүүлж байгаа болов уу.

Нөхрөө дагаад хээрийн салхинд сар орчмын хугацаанд явах эмэгтэй өнөөдрийн нийгэмд хэд байгаа бол. Эмэгтэй хүний тухайд нар, салхинд цохиулах гоо сайхан талаасаа ч амар биш. Гэхдээ зорилгоо даваад хамтдаа харина буцна гэж гэр бүлийн хүнээ зоригжуулаад л явж байна” гэсэн. Эдний гэр бүл бага насны гурван хүүхэдтэй. Тэднийгээ ээжийндээ үлдээгээд гарсан гэнэ. Урт аяллын турш хүүхдүүдээ санах нь амар биш байгааг тэд онцолж байна лээ.

Энэ багийн эмчээр уламжлалт анагаах ухааны их эмч Б.Золбоо ажиллаж байгаа юм. Багийн эмчтэй цөөн хором хөөрөлдлөө.


-Таны тухайд Зэвсэгт хүчний түүхэнд тодоор бичигдэж үлдэх үйл явдлын гэрч болж явна. Хол зайд гүйж яваа хүний эрүүл мэндийг хариуцна гэдэг хариуцлагатай ажил шүү дээ?

-Тийм. 2100 орчим км зайг явганаар гүйж туулна гэдэг түүхэн амжилт. Залуу хүний тухайд гэрч болж үлдэнэ гэдэг бахармаар хэрэг. Даваажамц ах маань анх санал тавихад эргэлзэж л байлаа. Ховдоос Улаанбаатар хүртэлх зайг машинаар туулахад л үнэхээр хол байдаг шүү дээ. Ийм зайд явган гүйнэ гэхэд нь санаанд буугаагүй юм. Хувьдаа бодож байгаад шийдвэр гаргасан. Гаргасан шийдвэртээ харамсахгүй байна.

-Эрүүл мэндийн тухайд ямар байна вэ?

-Өөрөө цэргийн хүн учраас эрүүл чийрэг байна л даа. Бие эрхтэний тухайд өвчилсөн зүйл байхгүй учраас л энэ хол замыг туулж байна. Энд нэг зүйлийг онцлоход Э.Даваажамц ах өөрөө нарийн бүрээчин хүн. Уушгины багтаамж сайн гэсэн үг л дээ. Энэ нь хол замд гүйхэд давуу тал болж байгаа болов уу.

-Эмч хүний зүгээс хоол хүнсэнд ямар зөвлөгөө өгч байна вэ. Хажуугаар нь нэмэлт тэжээл, уураг хэрэглэж байна уу?

-Хол зам туулж байгаа. учраас алсуураа ядарч байгаа. Энэ үед ямааны мах идээд байж болохгүй. Үхрийн мах ч зохимжгүй. Хамгийн шим тэжээлтэй нь болох хонины махыг тогоочдоо зөвлөсөн юм. Хажуугаар нь хол зам туулах хүнд шар тос цайнд хийж уух маш сайн. Ийм энгийн гар доорх зүйлсийг л хэрэглэж байна.

-Анх төрийн далбааны өдрөөр Улаанбаатар хотод барианд орно гэж төлөвлөж байсан юм билээ. Гэсэн ч төлөвлөгөө өөрчлөгдөж Дорнод аймаг Чойбалсан хүртэл гүйхээр шийдвэр гаргасан юм билээ. Дээрх шийдвэрийг эмч хүний тухайд хэрхэн хүлээж авсан бэ?

-1300 орчим км-ыг ямар ч асуудалгүй туулсан байна. Цаашаа 800 гаруй км-ыг туулж чадна гэдгийг ам бардам хэлье. Сүүлд Өвөрхангай аймагт орж ирэхэд гараанаас гараад 1032 км замыг туулаад байсан юм. Ингээд багийн эмчийн тухайд санал гаргаж “Чинмэнд” эмнэлэгт шинжилгээ өгөхөд маш сайн гарсан. Бага зэрэг эрдсүүд л дутагдсан байна лээ. Нөхөөд уучхад ямар ч асуудал гарахгүй” гэсэн юм.

Ахлах ахлагч Э.Даважамцыг анх Ховдоос гарахад л хэд хэдэн хүн хамт гүйх санал тавьж байсан ч тухай бүрт нь татгалзаж байсан гэнэ. Тэрбээр энэ талаараа “Энэ миний гаргасан санаачилга л даа. Анхнаасаа л ганцаараа гүйе гэж төлөвлөсөн. Бусадтай хамтрахад тухайн хүмүүсийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж цаг алдах магадлалтай. Гүйлтийн явцад хэн нэг нь шантрах ч магадлалтай шүү дээ. Миний ард Монголын зэвсэгт хүчин, нутгийн ард минь бий. Буцах эрх надад байхгүй” гэж байна.

Түүний хувьд энхийг сахиулах гурван ч удаагийн ажиллагаанд оролцож байсан юм. Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан тухайгаа “Өмнөд Суданд 120 мянган дүрвэгсэдтэй дэлхийн хамгийн том лагерийг зөвхөн монгол цэргүүд хамгаалдаг юм. Өмнөд Судан тусгаар тогтноод 10 жил л болж байна. Дэлхийн хамгийн залуу улс. Энхтайван тогтож амжаагүй орон. Байгаль цаг уурын тухайд үнэхээр хүнд 50 гаруй хэмийн халуунд л үүрэг гүйцэтгэнэ. Манай цэргүүд аливаа зүйлд дасан зохицох чадвар маш сайн. Анх очход байн байн буун дуу гарна. Өдөр бүр шахуу л хүний амь эрстэнэ. Хэцүү байсан шүү. Сүүлдээ ч дассан. Өмнөд Суданд автомат буу хэрэглэж сумаар байлддаг. Харин Афганистанд тэсрэх бодис ашигладаг. Их эрсдэлтэй. Энхийг сахиулах ажиллагаанаас халагдаж эх орондоо газардахад “Ямар сайхан тайван оронд амар амгалан амьдардаг юм бэ” гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Эх орон ч үзэл илүү дэвэрдэг юм билээ. Сая гүйж явахдаа “Ямар их үнэ цэнээр, ямар олон эрэлхэг цэргүүдийн амь насаар олдсон газар билээ” гэж дотроо огшиж, нүдэнд нулимс хурж л явлаа” гэлээ.

Энэ мэтийг хөөрөлдсөөр үдшийн 23:00 цаг болжээ. Энэ өдөр 50 км зам туулсан ахлах ахлагчийн амрах цаг нь болж. Бид ч амрахаар хэвтлээ. Ахлах ахлагч Э.Даваажамцын өглөөний гүйлт 06:00 цагийн алдад эхэлдэг юм байна. Өлөн элгэн дээрээ шар тостой цай уугаад л өглөөний гүйлтэд гарна. Нар хөөрөөгүй байхад өдрийн замынхаа талаас илүүг нь туулчихдаг аж. Өглөө эрт машин ховор, цаг агаар сэрүүхэн учраас гүйхэд тохиромжтой байдаг юм байна.

Нар майхны толгойд тусахад л үсэрч боссон Даваажамц шалавхан хувцаслаад авсаархан цүнхэндээ төрийн далбаагаа хатгаад 32 дахь хоногийн гүйлтэндээ гарлаа. Энэ шөнө бороо ус ороогүй тул хувцас нь бүрэн хатжээ. Майхан барьж хоноглодог учраас бороотойд бага зэрэг зутардаг талаар эхнэр Мөнхцэцэг хэлж байна. Цай уугаад босохын зуураа аяллын багийнхантай таван үг солиод л босохын хооронд ахлах ахлагч Э.Даваажамцын бараа тасарчээ. Удахгүй тэр улсын нийслэл Улаанбаатарын бараа харахаар яарч яваа нь энэ ажээ.

Монголын зэвсэгт хүчний түүхэнд, Монголын түүхэнд магадгүй цаашлаад олон улсын түүхэнд ч шинэ түүхийн хуудас нээхээр зориг шулуудаж зүүн хязгаар Дорнодын талыг зорьж буй эх орны цэрэг, эгэл ардын хүү Эрхэмбаярын Даваажамцыг ард түмэн уухайлан дэмжиж, урмаар тэтгэж урагшлуулж байна. Эр цэргийн тэвчээрийг гайхуулж эх нутгийн баруун хязгаараас зүүн тийш хөндлөн гулд гүйж буй ахлах ахлагч “Өвөг дээдсийнхээ амь насаараа хамгаалсан эх нутгийнхаа төлөө би хөлсөө гамнахгүй” гэж амлаад алтан соёмбот төрийн далбаагаа намируулсаар гүйж одлоо.

Манай сонины дугаар шилжих мөчид Зэвсэгтхүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц 33 дахь өдрөө гүйж Улаанбаатар хотод орж ирсэн юм. Түүнийг Зэвсэгт хүчний удирдлагууд 326 дугаар ангид хүлээж авсан юм. Тэрбээр өнөөдөр аяллаа үргэлжлүүлж Чойбалсан хот руу гарах юм.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал улс-төр цаг-үе

439 дүгээр хаалттай хорих ангиас С.Баярыг суллалаа

Ерөнхий сайд асан С.Баярыг суллах шүүх хурал өнөөдөр буюу долдугаар сарын 5-ны өдөр болжээ. Тодруулбал, Булган аймгийн шүүхээс С.Баярыг магадлангаар суллах шийдвэр гарчээ. С.Баяр нь Булган аймгийн Булган суманд байрлах 439 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байсан юм.

Эх сурвалжийн мэдээлснээр “Тус хорих анги нь ковидын нөхцөл байдлаас шалтгаалж, 30 хувийн дүүргэлттэй ажиллаж байгаа. С.Баярт холбогдох шүүх хурал өнөөдөр болсон юм билээ. Түүнийг магадлангаар сулласан гэдэг нь үнэн. Тус хорих ангид сүлжээ барьдаггүй учраас нарийн мэдээлэл аваагүй байна” гэв.

С.Баярт анхан шатны шүүхээс таван жилийн хорих ял оноогоод байсан. Харин нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс таван жилийн ялыг бууруулж, 2.6 жилийн ял оноосон юм.

Хэргийг эргэн сануулбал, түүнийг албан тушаалын байдлаа ашиглан Петровисын шатахууныг Оюутолгойд шахахад нөлөөлсөн, АНУ-д хууль бусаар дөрвөн үл хөдлөх хөрөнгө худалдан авсан, мөнгө угаасан гэх хэрэгт буруутгаж, ял оноосон билээ.

Categories
их-уншсан мэдээ спорт туслах-ангилал

Цахим наадмыг Б.Баатар найруулахаар болжээ

Үндэсний их баяр наадмыг гурван найруулагч хамтран найруулахаар төлөвлөөд байсан. Гэвч цар тахлаас шалтгаалж, наадмыг үзэгчгүй, цахимаар тэмдэглэхээр болсон юм. Тиймээс гурван найруулагч хамтран ажиллах байсныг болиулж, цахим наадмыг Б.Баатар найруулахаар болжээ.

Тэрбээр энэ жил хоёр дахь удаагаа үзэгчгүй наадмын концертыг найруулах аж.

Өнгөрсөн жил Үндэсний их баяр наадмаар хүний бөөгнөрөл үүсгэхгүй гэдэг үүднээс Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших XIII зуун цогцолборт үзэгчгүй наадам хийсэн нь олны шүүмжлэл дагуулж байв.

Categories
их-уншсан мэдээ спорт туслах-ангилал

Б.Болдбаатар Говь-Алтай аймгаас Улаанбаатар хүртэл гүйхээр төлөвлөжээ

Орон даяар өрнөж байгаа “Дасгал хөдөлгөөн хийцгээе” сарын аяны гүйлтийн үйл ажиллагааг дэмжин хөнгөн атлетикийн ахмад тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Болдбаатар Говь-Алтай-Завхан-Архангай-Улаанбаатар чиглэлийн 1250 км замыг туулахаар энэ сарын 15-нд Жанчив баатарын талбайгаас замд гарчээ.

Тэрээр одоо Завхан аймгийн нутагт гүйж яваа юм байна.

Олон улсын хэмжээний мастер Б.Болдбаатар нь өнгөрсөн жил Алтай хотоос Улаанбаатар хүртэлх 1040 км замыг 34 хоногт туулж байжээ. Харин энэ удаад нийт 1250 км зам туулж, долдугаар сарын 10-нд Улаанбаатар хотод ирэхээр төлөвлөөд байгаа аж.