Categories
их-уншсан мэдээ спорт туслах-ангилал цаг-үе

Б.Баттүшиг​: Э.Цэндбаатараа ахын дүү өөрөөрөө ийм боловсролтой болчихоод олон юм яриарай

Өнгөрсөн долоо хоногт МУГТ Э.Цэндбаатарыг үндэсний шигшээ багаас хасах шийдвэр гарсан.

Мөн түүнийг бусдад зодуулж, ухаангүй болсон бичлэг олон нийтэд ил болсон билээ.

Тэгвэл Э.Цэндбаатар цахим хуудсаараа мэдэгдэл хийсний дараагаар МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч багийн ахлагч Б.Баттүшиг өөрийн твиттер хуудастаа “Цэндбаатар зүгээр байгаарай ахын дүү. Аав ээждээ хаягдаад өөрөөрөө ийм боловсролтой болчихоод олон юм яриарай” хэмээн өчигдөр орой жиргэсэн байв. Тэрбээр тун удалгүй жиргээгээ устгасан байна.

МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч багийн ахлагч Б.Баттүшигийн жиргээг жиргээчид фотошоп уу эсвэл өөрөө бичээд устгав уу гэдэг дээр санал зөрөлдсөөр байгаа юм.

Image

Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Пүрэвдорж: Төсвийн шинэтгэлийг яаралтай хийх ёстой

– 10 ИХ НАЯДЫН ХӨТӨЛБӨРИЙН ЗЭЭЛИЙГ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУД ХУВИЙН КОМПАНИДАА АВААД БАНКИНД ХАДГАЛУУЛЧИХСАН –

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувьд та өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна. Эдийн засгийг дэмжих хөтөлбөрүүд хэр үр дүнтэй хэрэгжиж байна гэж харж байна вэ?

-Монгол Улсын нийгэм, эдийн засаг маш хүнд нөхцөл байдалтай байна. 1991, 1992 онд манай улсын эдийн засаг 6.5 хувийн хасах үзүүлэлттэй байсан. Үүнээс хойш нэг ч удаа хасах үзүүлэлт рүү оролгүй явж ирсэн ч өнгөрсөн жил 5.3 хувиар эдийн засаг агшлаа. Эрх баригчид эдийн засаг агшсан шалтгааныг тайлбарлахдаа ковидтой холбоод байгаа юм. Гэтэл эдийн засагт авч байгаа арга хэмжээ нь тодорхой үр дүнд хүрэхгүй, мөн хэтэрхий үрэлгэн төсөвтэй, төрийн албаны данхайсан бүтэц, сайд дарга нарын өндөр өртөг бүхий хэрэглээтэй холбоотой.

Тухайлбал, Хууль, зүй дотоод хэргийн сайд л гэхэд 380 сая төгрөгөөр өрөөгөө тохижуулж байх жишээний. Энэ мэт үрэлгэн зардлууд улсын эдийн засгийг дордуулахад хамгийн их нөлөө үзүүлж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газраас эдийн засгийг дэмжих чиглэлээр 5.1 их наяд төгрөгийн арга хэмжээ авсан. Үүний 2.4 их наяд төгрөг нь зарцуулагдсан байна. Үлдсэн 2.7 их наяд төгрөгийн тайлан нь алга. Энэ мөнгө хаашаа орсон бэ. Эдийн засаг хасах үзүүлэлттэй, аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барьж байхад иргэдийн хадгаламж өсөөд байна. Тэгэхээр энэ хулгайлсан мөнгө хадгаламж болж ороод байна гэсэн үг.

Л.Оюун-Эрдэний Засгийн газар 10 их наяд төгрөгийн хөтөлбөр гаргаж эдийн засгийг дэмжих арга хэмжээг зохион байгуулж байгаа боловч харамсалтай нь арга хэмжээний зарим нэг хэсэг нь үр дүнд хүрэхгүй байна. Үүний нэг жишээ бол, энэ хөтөлбөр эхэлж байх үед Монголбанк найман их наяд төгрөгийн үнэт цаастай байсан. Эдийн засгийг дэмжих 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зорилго нь найман их наяд төгрөгийг эдийн засгийн эргэлтэд оруулах шүү дээ. Гэтэл Монголбанкны үнэт цаас буцаад нэг тэрбум төгрөгөөр өсчихсөн байх жишээний. Өөрөөр хэлбэл, Монголбанкны үнэт цаас өнөөдрийн байдлаар есөн их наяд төгрөг болчихсон байна. Гэтэл Засгийн газраас эдийн засгийг дэмжих 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн хүрээнд 3.5 их наяд төгрөгийг зах зээл рүү оруулсан гэж яриад байгаа юм. Энэ юуг илэрхийлж байна гэхээр ажлын байрыг огт дэмжээгүй байна. Аж ахуйн нэгжүүд ажлын байрыг бий болгох, хадгалах зорилгоор энэ зээлийг авах ёстой байсан ч харамсалтай нь зорилтот бүлэгтээ хүрэлгүй, төрийн өндөр албан тушаалтнууд хувийн компанидаа уг зээлийг аваад хадгаламж болгож банкинд хадгалуулчихсан байна гэсэн үг. Банк нь иргэдээс орж ирсэн мөнгөөр буцаагаад үнэт цаас авч нэмэгдүүлж байна. Энэ нөхцөл байдалд тодорхой дүгнэлт хийх хэрэгтэй. Засгийн газраас “200-гаад ажлын байрыг хадгалж байна. 20, 30 мянган аж ахуйн нэгжид энэ зээлийг өгчихсөн байгаа” гэж мэдэгдсэн ч харамсалтай нь эдийн засгийг дэмжих мөнгө нь автомашин, байр орон сууц, хадгаламж болж байна. Ажлын байрыг дэмжих чиглэлд энэ зээл зарцуулагдахгүй байна гэдэг нь Монголбанкны үнэт цаасны үзүүлэлтээс харагдаж байна.

-Төсвийн нөхцөл байдлын тухайд?

-Энэ оны эцсээр төсвийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, одоогийн байдлаар манай эдийн засаг 5.3 хувиар уначихсан байгаа. Энэ жил мөн нэмж унах төлөв ажиглагдаж байна. Үүнд нөлөөлж байгаа гол зүйл нь хэрэгтэй, хэрэггүй төсвийн хөрөнгө оруулалт олон байна. 2020 онд хөшөө дурсгалын газар, конторын барилга зэрэг огт шаардлагагүй 149 арга хэмжээг царцаасан бол 500 тэрбум төгрөг хэмнэгдэх байсан. Энэ жил төсвийн нөхцөл байдал хоёр шалтгаанаас үүдэлтэйгээр хүндрэх төлөвтэй байна. Нэгдүгээрх нь, төсвийн зориулалтаар мянга гаруй бүтээн байгуулалтын ажлыг аймаг, сум, нийслэлд хийж байгаа. Гэвч Замын-Үүдийн ачаа тээврээс болж барилгын материалын үнэ 40 хувиар өссөн нь хөрөнгө оруулалтуудын үнэ өсөх, төсвийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх шаардлага гарч ирнэ. Энэ тохиолдолд бүгдийг нь санхүүжүүлүүлэх төсөв манай улсад байхгүй. Хоёрдугаарх шалтгаан нь, Таван толгой-Гашуунсухайтын нүүрсний уурхайн экспортын асуудал байна. 25-хан км газар 50 сая төгрөгөөр тээвэр хийж байна. Энэ мөнгөнөөс нэг ч төгрөг улсад тушаахгүй. Өөрөөр хэлбэл, бид уурхайн аман дээрээ 70 ам.доллараар нүүрсээ зарж байна. Гэтэл 25 км газар түүнээс хоёр дахин их буюу 140 ам.доллараар тээвэр хийж байна. 25 км газар хамгийн дээд хэмжээ нь таван сая төгрөгөөр тээвэр хийх боломжтой. Энэ бол луйвар, дээрэм. Энэ дээрмээс болж Монгол Улсад орж ирэх орлого гацах нөхцөл байдал бий болох ёсгүй. Энэ авлигаас болоод өдөрт 40-хөн машин хилээр гарч байна. Ковид гэж наана нь яриад байгаа боловч тээврийн ийм өндөр өртөг нүүрсний экспортыг гацааж байна. Төсөвт төлөвлөснөөр энэ жил 42 сая тонн нүүрс экспортлох ёстой. Гэтэл авлигачдын авлигаас болж 40 машин нүүрс гарч байна. Энэ бол төсвийн орлогын хомсдолыг бий болгоно. Уг нь өдөрт 1200 машин нүүрс экспортолж байж 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөндөө хүрнэ. Үүнээс болж оны эцсээр төсөв хүндрэх нөхцөл байдал ажиглагдаж байна. Тиймээс намрын чуулган эхлэхээр төсвийнхөө хүндрэлийг маш яаралтай тооцож шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор төсвийнхөө тодотгол, арга хэмжээг авах зайлшгүй шаардлага гарч ирж байна.

-Гэтэл Засгийн газраас ачаа тээврийн үнийг тогтворжууллаа хэмээн зарлаад байгаа шүү дээ…?

-Засгийн газраас “10 сая төгрөгөөс дээш тээвэр хийсэн аж ахуй нэгжид хариуцлага тооцно” гэж ярьсан. Гэтэл жолооч нар хэл ам, матаас хийхгүйгээр тухайн компаниудаасаа 20 сая төгрөг авчихаад авлигачдад 10 сая төгрөгөө өгөөд наанаа 10 сая төгрөг мэдүүлэх байдлаар ачаа тээвэр хийж байгаа. Өнөөдөр хотод нэг кг ачааны өртөг 90 мянган юань буюу 40 сая төгрөг болж байсан үеийнхээс огт буураагүй. Энэ бол тээврийн хөлс далд хэлбэр рүү орсонг илэрхийлж байна гэсэн үг. Далд хэлбэр рүү орсон учраас Засгийн газар “10 сая төгрөг болгож тээврийг хөлсийг буулгалаа. Бөөгнөрсөн ачаагүй болголоо” гэж яриад байгаа юм. Гэтэл одоогийн байдлаар 6000 жолооч Замын-Үүдэд оочерлож байна. Өөрөөр хэлбэл, оочергүй болсон гэдэг нь худлаа.

-Засгийн газрын үйл ажиллагаанд та ямархуу дүгнэлттэй байна. Саяхан 200 хоног нь тохиолоо. Маш сайн ажиллаж байгаа юм шиг л пиар явлаа?

-Ер нь Засгийн газар тодорхой ажил огт хийхгүй байгаа. У.Хүрэлсүхийн Засгийн газар ч тэр, Л.Оюун-Эрдэний Засгийн газар ч тэр ард иргэдийн амьжиргаа, орлогыг дээшлүүлэх чиглэлд ямар ч ажил хийгээгүй. Үүний нэг жишээг хэлье. Өнгөрсөн 2020 онд нийт 1.6 тэрбум ам.долларын зээл гаднаас авсан. Мөн цар тахлын нэрээр 640 сая ам.долларын буцалтгүй тусламж авсан. Нэгхэн жилийн дотор хоер тэрбум 250 сая ам.долларын зээл авсан байна. Энэ нь 2012-2016 онд АН-ын Засгийн газрын дөрвөн жилд авсан зээлтэй тэнцэнэ. Тухайн үед АН ямар олон бүтээн байгуулалт хийснийг ард түмэн бүгд мэдэж байгаа. Гэтэл энэ 5 жилийн хугацаанд 4.2 тэрбум ам.доллараар нэг ширхэг ч бүтээн байгуулалт хийж чадсангүй. Дарханы замыг ашиглалтад оруулж чадсангүй. Ганц хийсэн бүтээн байгуулалт нь Замын-Үүдийн ариутгалын хаалга л байх. Өөр юу ч хийсэнгүй. Тиймээс энэ Засгийн газар гадны зээл, тусламж болон татвар төлөгчдийн мөнгийг маш үр дүнгүй ашиглаж байгаа нь эндээс харагдаж байна. 2.2 их наяд ам.доллар гэдэг нь монгол төгрөгөөр зургаан их наяд 400 тэрбум төгрөг гэсэн үг. Энэ мөнгөөр 330 суманд тус бүр сургууль, цэцэрлэг, эмнэлэг, аймгийн төвүүдэд 10 цэцэрлэг, эмнэлэг, сургууль, Улаанбаатар хотын бүх хороодод тус бүр хоёр сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих мөнгө. Энэ мөнгийг ямар ч үр дүнгүй зарцуулж байгаа нь Засгийн газар ямар ч төлөвлөгөөгүй, хариуцлагагүй ажиллаж байгаагийн тод жишээ.

-Түүнчлэн манай улсын өр ДНБ-ээсээ хоёр дахин давчихсан байна шүү дээ?

-2016 оноос хойш өнөөдрийг хүртэл 4.1 их наяд төгрөгийн өр тавьчихсан. Үүгээрээ бас л нэг ч бүтээн байгуулалтын ажил хийсэнгүй. Том том бүтээн байгуулалтын ажил хийнэ гэж ярьдаг боловч тэр нь өнөөдрийг хүртэл ашиглалтад орсон юм алга. Хоёрдугаарт, нэг тэрбум гаруй ам.долларыг энэ хугацаанд тусламж нэрээр авч хэрэглэсэн. Харамсалтай нь, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, цар тахлын тархалтыг хазаарлах чиглэлд ямар ч ажил болсонгүй. Засгийн газар баялаг бүтээгчдийн хөрөнгийг илүү эдийн засагт хэрэгтэй, ажлын байрыг хадгалах, импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд ямар ч ахиц гараагүй. Ахиц гараагүй учраас төсвийн цоорхой гарахаар түүнийгээ зээлээр хаадаг нөхцөл байдал руу МАН орсон байна. Тиймээс төсвийн шинэтгэлийг маш хурдан хийх шаардлага гарч ирж байна.

-“Андлалын өргөө”-ний төсвийг сонгуульд зарцуулсан гэсэн хардлага нийгэмд байдаг. Цогцолборыг барьж байгаа компани нэг өдрийн дотор төсвийн мөнгийг буцаан төлсөн нь иргэдийн анхаарлыг их татах шиг боллоо?

-Асар их ашиг авсан учраас л маш өндөр өртөгтэй хөшөөг барьчихаад эргэж нурааж, төсвийг нь буцааж өгч байгаа байх. Үүнээс гадна У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед зарласан 5.1 их наяд төгрөгөөс 2.7 их наяд төгрөгийг тайлагнаагүй. 2.7 их наяд төгрөгөөр ард түмний саналыг худалдаж авах, нийгмийн халамжийг туйлд нь хүргэх замаар иргэдийн саналыг худалдаж авсан нь тодорхой болсон. Андлалын хөшөөний 1.9 тэрбум төгрөг бол жижигхэн хэсэг нь. Цаагуураа асар их мөнгө хулгай хийсэн гэж хардаж байгаа.

-Инфляци цаашид өсөх хандлагатай байна хэмээн судлаачид дүгнэсэн байсан. Инфляци өсөхөд нөлөөлж байгаа гол шалтгааныг та юу гэж харж байна?

-Одоо инфляци 7.4 хувьтай байна. Энэ тоо цаашид нэмэгдэх магадлал өндөр байна. Өөрөөр хэлбэл, бараа бүтээгдэхүүний үнэ маш их өсч байна. Ялангуяа бараа бүтээгдэхүүнд нөлөөлдөг шатахууны үнэ хэдэн зуун төгрөгөөр өсчихлөө. Энэ бол импляцид нөлөөлдөг гол зүйл. Оны эцсээр инфляци хоёр оронтой тоо руу орохоор байна. Инфляци өсөх нь халамжийн бүлэг буюу тэтгэврийнхэнд асар их нөлөөлдөг. Өдрийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдихээр тэтгэврийнхэнд асар хүнд тусдаг. Иймээс имфляцийг хазаарлах, бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийг арилгах ажлыг нэн яаралтай хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, ханш унахад бэлэн болчихсон байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Монголчууд гадагшаа явахгүй байгааг, гадаад худалдааг идэвхтэй хийхгүй байгаа учраас валютын ханш одоохондоо унахгүй юм. Мөн Монголбанк ханш барих арга хэрэгслүүрийг дорвитой хэрэгжүүлж байгаа учраас өнөөдөртөө барьж байна. Хил нээгдчихээр валютын ханш мянган төгрөгөөр унах эрсдэлтэй болчихсон байна. Валютын ханш унахаар мөн л инфляцид нөлөөлнө. Тиймээс ханш унах, инфляци өсөх асуудлыг маш яаралтай хазаарлах арга хэмжээг авахгүй бол болохгүй байна.

-Эдийн засаг цаашид хүндрэх хандлагатай байна гэлээ. Тэгвэл бид цаашид ямар арга хэмжээ авбал зохилтой вэ?

-Засгийн газар нэн яаралтай хэд хэдэн алхмуудыг хийх ёстой. Нэгдүгээрт, 10 их наяд хөтөлбөрийн зарим хэсэг нь үр дүнтэй мэт боловч зарим хэсэг нь ямар ч үр дүнгүй байна. Зээл шаардлагагүй хүмүүс зээл авчихаад хадгаламж болгож байгааг дээр хэлсэн. Тиймээс үүнд мониторинг сайн хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, Монголбанкны үнэт цаас нэгэнт өсч байгаа учраас хөрөнгө оруулалтын зээлийг иргэдэд өгөх чиглэлд ажиллах хэрэгтэй. Ийм зээлийг иргэдэд яаралтай өгвөл иргэд, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэл хөгжүүлэх, өөрсдийн хэмжээнд орлого олох үйлдвэрлэлийг хийх ёстой гэж үзэж байгаа. Гуравдугаарт, төсвийн шинэтгэлийг яаралтай хийх ёстой. Төсөв бол тойрог тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн буцаан сонгогдох гол хэрэгсэл болж хувирсан. Үүнийг засч залруулахгүй бол болохгүй нь. Өөрөөр хэлбэл, төсвийн хөрөнгө оруулалтууд конторын барилга, хөшөө, музей зэрэгт зарцуулах нь өнөөдрийн нөхцөлд маш буруу. Үүний оронд жижиг дунд аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн зээл, хөтөлбөр, санхүүгийн хэрэгслийг гаргах нь чухал.

Мөн төрийн албаны данхайсан бүтцийг цөөлөх ажлыг маш яаралтай хийх ёстой. Боловсрол, шинжлэх ухааны яам нийт албан хаагчдаа цөөлж байна. Ер нь яамд, агентлагийн газар хэлтэс олон албан хаагчидтай байдаг ч хоёрхон хүн л ажил хийдэг. Бусад нь зүгээр суудаг. Тиймээс төрийн албаны данхайсан бүтцийг цомхотгох ажлыг хийх хэрэгтэй. Түүнчлэн дарга нарын тансаглалыг багасгах хэрэгтэй. Ланд 300 авч унадгийг болиулах хэрэгтэй байна. Ингэснээр үр дүнд хүрнэ гэж харагдахаар байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

“Ноён Бондгор” буюу дуучин Ц.Амарбаяр эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна

Эх үрсийн элч дуучин “Ноён Бондгор” буюу дуучин Ц.Амарбаяр өнгөрсөн сарын 26-нд ковидын халдвар авч эмнэлэгт хэвтжээ.

Гэвч түүний өвчин нь хүндэрч одоо хүртэл УГТЭ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж.

Тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан “Үхэх дэндүү амархан юм, амьдрах яасан хэцүү юм, Эрүүл хүн 1000 хүсэлтэй, Өвчтэй хүн 1 хан хүсэлтэй. Бүгдээрэй нэгэндээ хайртай байж 1000 хүсэлтэй амьдраарай ЭРҮҮЛ Л БАЙ БҮГДЭЭРЭЙ.” гэсэн байна.

Categories
амьдралын-өнгө их-уншсан мэдээ туслах-ангилал

Үхрийн арьс товруутах өвчнөөр 49 өрхийн 249 үхэр өвчлөөд байна

Дорнод аймгийн Чулуунхороот сумын хэмжээнд үхрийн арьс товруутах өвчлөл хамгийн өндөр байна. Тиймээс малчид, иргэдэд энэхүү халдварт өвчний талаарх зөвлөгөө мэдээллийг сайтар хүргэх шаардлагатайг анхаарууллаа.

Өнөөдрийн байдлаар тус сумын хэмжээнд гурван багийн 49 өрхийн 249 үхэр өвчлөөд байна. Өвчнийг аль болох газар авахуулахгүй яаралтай арга хэмжээ авснаар голомтуудыг хумьж, эрүүл бүсээс эхлэн вакцинжуулж эхлэх аж.

Үхэр сүрэг нэгэнт арьс товруутах өвчнөөр өвчилсөн бол эдгээх, эсвэл вакцин тарих ямар ч боломжгүй учир малчдад үнэн зөв мэдээллийг өгч, яаралтай арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгаа юм.

Арьс товруутах өвчнөөр өвдсөн малын махыг зах зээлд нийлүүлж хүнсэнд хэрэглэх ямар ч боломжгүйг мал эмнэлгийн мэргэжлийн эмч зөвлөж байна. Тиймээс өвчилсөн үхрийг устгалд оруулах, цаашид газар авахуулахгүй байх, вакцинжуулалтыг яаралтай эрүүл бүсээсээ хийж эхлэхийг үүрэг болголоо гэж Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.


Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Х.Нямбаатар сайд МУГТ Э.Цэндбаатар нарын зодооны хэрэгт тайлбар хийжээ

Хуулийн байгууллагаас Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гомдлоор иргэн Ц.Мөнхчулуун, Д.Идэрбат нарт хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Учир нь, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар бусдад зодуулж, гэмтэл авсан билээ. Улмаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст гомдол гаргасан бөгөөд шалгалтын явцад түүнийг Ц.Мөнхчулуун, Д.Идэрбат нар зодож, танхайрсан болох нь тогтоогджээ.

Тэгвэл өчигдөр /2021.09.11/ Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын зодуулж байгаа бичлэг олон нийтэд ил болсон. Эл бичлэгтэй холбогдуулан цахим сүлжээнд иргэд өөрсдийн байр сууриа хүчтэй илэрхийлж байна.

Харин дээрх асуудалд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар өнгөрсөн мягмар гаригт дараах тайлбарыг хийжээ.

Тэрбээр “Цагдаагийн байгууллага шалгалт хийгдэж байгаа. Хуулийн дагуу шийдэгдэнэ. Харин холбоо шигшээ багийн тамирчинд ямар арга хэмжээ авахаа шийднэ” гэсэн байдаг. Харин Монголын боксын холбооноос МУГТ Э.Цэндбаатарыг шигшээ багаасаа хөөх шийдвэрийг гаргасан билээ.

Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Э.Бадар-Ууган: Хэн нь хэнийгээ зодсон, ямар хариуцлага хүлээхийг хуулийн байгууллага шийднэ

МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Э.Бадар-Ууган өнөөдөр /2021.09.12/ өөрийн цахим хуудаснаа дараах тайлбарыг хийжээ. Тэрбээр “За миний зүгээс байр сууриа илэрхийлнээ. Манайхан мэдээлэл муутайгаас буруу ойлголт аваад байх шиг байна.

1. Шигшээ багийн тамирчин олимпийн циклийн хугацаанд удаа дараа БЭЛТГЭЛИЙН ДУНДУУР архидан согтуурдаг, багшаа зоддог, за цаашлаад бүр сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн нь тогтоодсон учир Боксын холбооны УЗ 19 гишүүний шийдвэрээр боксын холбоо дотроо арга хэмжээ авч шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хуралд би орсон. Олимпийн өмнө ч боксын холбооны хурлаар Цэндбаатар давтан ёсзүйн асуудал гардагт нь хариуцлага тооцох асуудал яригдаж л байсан. Олимпийн шинэ цикл эхэлж байгаа энэ үед бид зоригтой шийдэж шигшээ багаа бүрдүүлж ажиллахгүй бол замбараагаа алдлаа.

2. Боксын холбооны хурал дуусаад хоол идээд 19:00 цагийн үед би гэртээ ирсэн. Хоолны үеэр ямар ч архи дарс байгаагүй.

3. Хэн хэн хаана архидан согтуурч, хэн нь хэнийгээ зодсон, ямар хариуцлага хүлээх нь Хууль цагдаагийн байгууллага шийдэж тогтоодог асуудал шүү! Тэр хэрэг гарсан газарт би огт очоогүй гэдгээ албан ёсоор хэлье!

4. Э. Цэндбаатар-г би багаас нь мэднээ. Бэлтгэл дундуур хулгайгаар гарч хэсэг залуучуудтай зодооны хэрэгт холбогдоод гэмтэлд хэвтэж байхад нь очиж тайвшруулж байлаа. Хөдөө цугларалтанд багшийгаа зодсон хэргээр цагдаад шалгагдаж байхад нь гуйж тайлбарлаж тэмцээнд явуулж байлаа. Гадаа нүцгэн гүйж хөл, хуруугаа хөлдөөхөд нь шар хадны эмнэлэгт хөөцөлдөж хэвтүүлж байлаа. Цаашид ч энэ хүний ирээдүйн амьдралд би санаа тавьж тусална.

5. Ер нь залуу хөгшин гэлтгүй энэ нийлж архиддагаа л болих хэрэгтэй. Ялангуяа спортын салбарыхан бол бүр ч болих хэрэгтэй. Бүх зүйл хэт их архи ууснаас л эхэлж байна.

Спиртлэг биш Спортлог амьдарцгаая гэж уриалмаар байна!!!” гэсэн байна.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Төв аймгийн хот хоорондын зорчигч тээвэр “Драгон” авто вокзалаас явдаг боллоо

Хот хоорондын нийтийн тээврийн нэгдсэн төв болох Лавай авто вокзалаас нийтийн тээврийн үйлчилгээ явах боломжгүй болсонтой холбогдуулан Төв аймгийн хот хоорондын зорчигч тээвэр нь “Драгон” авто вокзалаас үйл ажиллагаагаа явуулахаар боллоо.

Энэхүү шийдвэрийг Төв аймгийн 100 гаруй зорчигчдоос түүврийн аргаар санал авсны үндсэн дээрээс гаргасан бөгөөд есдүгээр сарын 13-наас буюу ирэх 7 хоногийн даваа гаригаас эхлэн өглөөний 8 цагаас оройны 21 цаг хүртэл /зогсох цаг/ 2 цаг тутамд явахаар болсон байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний үнэ, тарифад өөрчлөлт гараагүй ба зорчигчид тасалбараа цахимаар буюу АТҮТ – Онлайн тасалбар захиалга (transdep.mn) сайтаар захиалах боломжтой гэж Төв аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал цаг-үе

БНСУ-д захиралдаа хүчирхийлүүлсэн Монгол эмэгтэйд хэрэг үүсгэсэн учир шүүх хурал болно

Өнгөрөгч сарын буюу наймдугаар сарын 19-ний өдөр БНСУ-ын Инчон хотын Бүпён дүүрэгт хоёр жил гаран буудалд ажиллаж байсан монгол эмэгтэй Солонгос захиралдаа зодуулсан хэрэг гарсан билээ.

Тодруулбал Солонгос захирал нь түүнийг хүчирхийлэхийг завдахад хохирогч эмэгтэй эсэргүүцсэнээр түүнд цаг гаруй зодуулсан байна . Хохирогч эмэгтэй амьд гарахын тулд буудлаас өмссөн хувцастайгаа хөл нүцгэн зугтан гарч ойролцоох дэлгүүр рүү гүйж ороод дэлгүүрт байсан хүмүүсээс тусламж хүссэнээр цагдаа дуудаж өгсөн байдаг. Гэвч хэсгийн цагдаа хохирогчийг хууль бусаар оршин сууж байсан гэх шалтгаанаар эмнэлгийн анхан шатны тусламж ч үзүүлэлгүй шууд саатуулах байр руу шилжүүлсэн мөн түүнийг зодсон захирал нь цагдаа нарт “энэ монгол эмэгтэй согтуугаар надруу дайрч намайг зодсон” гэх мэдүүлэг өгчээ. Ингэснээр хохирогч эмэгтэйд “гэмт хэрэгтэн” гэх хэрэг үүсгэн шалгаж хэрэг буруу бүртгэгдсэн талаар эх сурвалж мэдээллээ. Хэрэг гарах үед хохирогч эмэгтэй Солонгос хэл сайн мэдэхгүйн улмаас цагдаа нарт өөрийгөө хохирсон гэдгээ илэрхийлж мэдүүлэг өгч чадаагүйн улмаас ийм байдалд хүрээд байгааг хэлж байсан юм. Мөн хохирогч эмэгтэйн хавирганы 3 яс хугарч биеийн байдал хүнд байгаа бөгөөд одоогоор эмнэлэгт хэвтэж байгаа юм.

Дашрамд дурдахад хохирогч эмэгтэйд тус улсад оршин суудаг н.Аззаяа гэх эмэгтэй болон "Zolboo TV" хамтран хэргийг үнэнээр шийдүүлэхээр туслалцаа үзүүлж байгаа юм.

Уг хэрэг дээр өмгөөлөгч авсан бөгөөд өчигдөр буюу есдүгээр сарын 6-наас эхлэн хэрэгтэй ажиллаж эхэлсэн байна. Ингээд хохирогч эмэгтэй маань гэм буруугүй гэдгээ тогтоолгохоор шүүх хурлаар орох юм байна.

Нэмэлт мэдээлэл: БНСУ-ын Инчон хотын Бүпён дүүрэгт байрлах уг буудалд өмнө ажиллаж байсан Монгол эмэгтэй тухайн захиралд зодуулдаг байсан энэ бол давтан хэрэг гэх мэдээллийг мөн өгөөд байгаа юм.

Н.ЦОГЗОЛМАА

Categories
амьдралын-өнгө их-уншсан мэдээ туслах-ангилал

Аврагчид таван иргэний амь насыг авран хамгааллаа

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Баянзүрх” 5 дугаар багийн “Бор бургас” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 95 км, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ “Мухарын ам” гэдэг газраас Цэнгэл сумын төв рүү зорчиж явсан 5 зорчигчтой “УАЗ-469” маркийн тээврийн хэрэгсэл “Ховд голын усанд осолдсон байна” гэсэн дуудлага Онцгой байдлын газарт энэ сарын 05-нд ирсэн.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчдыг хүрэлцэн очиход “УАЗ-469” маркийн суудлын автомашин хавцлын зассан замаар уруудаж байгаад жолооны механизм гацаж, 15 метрийн өндөр далангаас унаж, Ховд голд 10 метр урсаж, хажуугаараа тээглэн зогссон байдалтай байжээ.

Аврагчид уснаас аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, 5 / 3 том хүн, 2 хүүхэд /9 сартай жирэмсэн эх, 3-7 насны хүүхдүүд / иргэнийг аюулгүй газарт эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэн өглөө.

Аврах ажиллагаа явуулахад “Ховд” голын усны урсгалын хурд 2,5 м/с, гүн нь 1,5 метр, голын өргөн 115 метр, ёроолын байдал чулуурхаг, эргийн байдал намагтай байжээ гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

5-1.jpeg

Categories
гадаад их-уншсан мэдээ туслах-ангилал

Хятадын Коммунист нам бүгд хурлынхаа өмнө төрийн албандаа цэвэрлэгээ хийсээр байна

Хятадын Коммунист намын бүгд хурал арваннэгдүгээр сард болно. Энэ нь хойтон жил болох XX их хурлын удиртгал нь юм. Ирэх жилийн их хурлаар Си Жиньпин намын Ерөнхий нарийн бичгийн даргаар гурав дахь удаагаа үлдэх эсэх нь шийдэгдэнэ. Гэвч үүний хариулт үндсэндээ одоо ч тодорхой.

Хятадын шинэчлэлийн эцэг агсан Дэн Сяопины номлолоор, удирдагч хүн 10 жил болоод албаа өгөх ёстой. Энэ удаад эл дүрэм журам үйлчлэхгүй нь лав. Учир нь Хятадын парламент төрийн тэргүүнийхээ бүрэн эрхийн хугацаанд хязгаар тавихгүй байх шийдвэр гаргачихсан. Тиймээс Си Жиньпин намын албан тушаалаа авч үлдэхэд албан ёсоор ямар нэгэн саад бэрхшээл гараагүй биз ээ.

Намын суртал ухуулга ч Си даргыг тахин шүтэхэд чиглэх болсон бөгөөд дунд сургуулийн хөтөлбөрт хүртэл түүний ач гавьяаг магтан дуулсан тусгай хичээл оруулахаар заасан билээ. Өөрөөр хэлбэл, сурагчид 10 настайгаасаа эхлэн төрийн тэргүүнийхээ үйл хэргийн талаар тодорхой мэдлэгтэй болно гэсэн үг. Гэхдээ гэнэтийн зүйл гарахыг бас үгүйсгэх аргагүй.

Намын урдаа барьдаг 400 орчим боловсон хүчин оролцдог Бүгд хурал ихэвчлэн жилд нэг удаа хуралддаг байна. Гадны төдийгүй дотоодын сэтгүүлчдийн хувьд хурлыг сурвалжлах эрх бараг үгүй. Иймээс ч гадны хэвлэл мэдээллийнхэн бүгд хурлыг “конклав” буюу “нууц зөвлөгөөн”гэж хочилдог ажээ. Бүгд хурал өндөрлөмөгц албан ёсны эрхтэй“Синьхуа” агентлаг олон нийтэд үр дүнг мэдээлэх үүрэгтэй. Бүгд хурлын үеэр санал зөрөлдөөн гарсан ч энэ тухай нэг үг ч цухуйлгах учиргүй аж.

Таван жилд нэг удаа болдог Их хурлыг эс тооцвол Хятадын Коммунист намын гишүүдийн хувьд Бүгд хурал хамгийн чухал нь. Учир нь түүнээс гарах үр дүн түүхэн үйл явдлыг эхлүүлсэн нь цөөнгүй. Тухайлбал, 1981 оны Бүгд хурлаас, Мао Зэдуны санаачилсан “Соёлын хувьсгал” улс оронд нь эмх замбараагүй байдал үүсгэн гамшигт хүргэсэн тухай анх мэдэгдсэн билээ. Харин 1978 онд болсон “нууц зөвлөгөөний” үеэр Дэн Сяопин ноёрхлоо тогтоож эдийн засгийн шинэчлэлийн эхийг тавьсан юм. Үүний ачаар дэлхийн хамгийн их хүн амтай тус улс хоцрогдолдоо цэг тавьж, эдийн засгаараа тэргүүлэгч орны эгнээнд жагсах эхлэлээ тавьсан билээ.

“Study Times” гэх нэртэй намын сэтгүүлийн редактор асан Дэн Юйвэний үзэж буйгаар энэ удаагийн Бүгд хурлаар дахин нэг түүхэн шийдвэр гарч болзошгүй ажээ. Учир нь Бүгд хурлын талаарх Улс төрийн товчооны мэдэгдэлд дурдсанаар намын түүхэн замнал болоод гол үүргийг ухамсарлаж, Хятадын онцлогтой социализмын үзэл санааг цааш хэрхэн сайжруулах тухай асуудлыг хөндөх гэнэ.

Дашрамд хэлэхэд, Бүгд хуралд бэлтгэх гэсэн нэр дор Си Жиньпин төрийн аппаратдаа цэвэрлэгээ хийгээд хэдийнэ эхэлчихжээ. “South China Morning Post” сонины мэдээлснээр, шүүх болон хууль сахиулах байгууллагын ойролцоогоор 180 мянга орчим ажилтныг намын сахилга бат болон хууль дүрэм зөрчсөн гэх үндэслэлээр халж магадгүй гэнэ. Ийм төрлийн кампанит ажлыг өнгөрсөн оны сүүлээр явуулж эхэлсэн бөгөөд энэ оны сүүлч хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Сингапурын Үндэсний их сургуулийн доцент У.Алфредийн ярьснаар дээрх кампанит ажил нь БНХАУ-ын даргын эрхийг бэхжүүлэх зорилготой. Түүний онцолж буйгаар Си дарга хууль сахиулах тогтолцоонд ихээхэн ач холбогдол өгч байна. Учир нь хууль сахиулах байгууллагууд улс оронд нь сахилга бат тогтооход дэмжлэг болох юм гэжээ. Бүгд хурал нь Бээжинд “харуулын ээлж”-ийг солих эхлэл болно. Энэхүү үйл явц хойтон болох их хурлыг хүртэл үргэлжлэх аж.

Бээжин дэх Цинхуагийн их сургуулийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Се Маосуний хэлснээр “Си даргын хувьд Бүгд хурал нь түүхэн хүн гэдэг статусаа хадгалж үлдэхэд нь маш чухал” гэжээ. Тэрээр цааш нь онцлохдоо “Мао Зэдун шинэ Хятадыг үндэслэгч байв. Дэн Сяопин түүнийг нь цэцэглүүлсэн хүн юм. Харин Си-гийн хувьд Хятадын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойн үеэр намын даргын албыг хашиж буй бөгөөд Хятад улс болон Хятадын коммунист намыг хүчирхэг болгосон хүн гэж түүхэнд үлдэхийг зорьж байгаа юм. Тэрбээр ийм л мессэжийг ард иргэддээ илгээх хүсэлтэй байна” гэжээ.

Дэн Сяопин номлолдоо намын гишүүдийг 68 нас хүрвэл залуу үедээ халаагаа өгөх ёстой гэж заасан байдаг. Харин Си Жиньпин сая энэ насанд хүрээд буй. Тэгвэл тэрээр халаагаа өгөх нь юу л бол.Тэрбээр уламжлалыг эвдэж, Дэн Сяопиний “Хятад улс хүчирхэг байдлаа нуух хэрэгтэй, Хүчээ гайхуулах хэрэггүй” гэсэн номлолоос татгалзан улсаа дэлхийн их гүрэн болгохыг хүсч байгаа бололтой.

Д.Цэрэндолгор