Саяхан “Euronews”-ийн сэтгүүлч Серджио Кантоне Минск хотноо Беларусын Ерөнхийлөгч А.Лукашенкотой уулзсан байна. Нэг цаг 30 минут орчим үргэлжилсэн уг ярилцлагын гол сэдэв Украины хямрал байлаа. Тус улс дахь зэвсэгт мөргөлдөөн, хүчирхийлэл, цус урсгасан нөхцөл байдлыг зохицуулах арга замын талаар түүнээс асуухад тэрээр “Украин дахь зэвсэгт мөргөлдөөн, дайн цаашид үргэлжлэх ёсгүй. Учир нь энд аль нэг тал ялах боломжгүй. Зэвсэгт мөргөлдөөн үргэлжилбэл аль ч талын нэр хүнд буурах болно. Тиймээс дайн хийх нь ирээдүйгүй юм” гэсэн байна. Украины хямралд гурав дахь хүчний нөлөө байгаа эсэх талаар тэрбээр “Аливаа цэргийн ажиллагаа нь улс төр, эдийн засаг, санхүүгийн салбартай нягт холбоотой байдаг. Дайн нэг хэсэгт нь гай зовлон авчирч байхад нөгөө хэсэг нь баяжиж байдаг. Гэвч европчуудын хувьд ийм нөхцөл огт тохирохгүй. Сонирхогч тал хангалттай олон байна” гэв. А.Лукашенко цааш нь “Украинд хэрэг явдал өрнөж, төрийн эргэлт болсны дараа, Крымийн үйл явдлын өмнө би Украиныг дэлхийн томоохон тоглогчдын байлдааны талбар болж байгааг хэлж байсан” хэмээн онцолсон байна. Үүний зэрэгцээ сэтгүүлчийн Луганскийн Бүгд найрамдах улс, Донецкийн Бүгд найрамдах улс хэмээн тунхагласныг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар асуухад тэрбээр “Үгүй. Бид ондоо байр суурийг баримталдаг. Бид Украин улсыг нураахыг хүсэхгүй. “Крымийг Украинд шилжүүлсэн явдал нь буруу гэж олон хүн үздэг. Зарим нь энэ нутаг анхнаасаа Оросынх байсан гэж ярьдаг. Гэтэл энэ нь буруу хандлага юм. Тэгж яривал Бат хааны үеийг дурсъя. Казахстан, Монгол, эсвэл өөр хэн нэгэнд Оросын дийлэнх нутаг, баруун Европ, зүүн Европыг өгөх хэрэгтэй болно. Монголчууд манай нутагт хүрч байсан ч ард түмэнд нь халдаагүй юм. Тиймээс бид Беларусь улсаас бусдыг нь өгнө гэсэн үг л дээ. Өнгөрсөн үедээ эргэж очих шаардлагагүй. Бид улс орнуудын хил хязгаар, тэдгээрийн дархан байдлыг баталгаажуулсан олон улсын бичиг баримт олныг баталж байсан. Тиймээс хил хязгаарыг өөрчилж болохгүй. Энэ зарчимдаа үнэнч хэвээр байх болно” гэсэн байна.
Category: нүүр-хуудасны-онцлох
“Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбатын тариаланчийн зовлон, жаргалын тухай яриаг “Өдрийн сонин”-д нийтэлсэн. Энэ удаа түүний богино хугацаанд барууны стандарт хангасан мах экспортлох гарц, бизнес эрхлэгчид учирдаг дарамт, алт, үнэт зүйлийн тухай илэн далангүй ярианы үргэлжлэлийг хүргэж байна.
-Хоёр хөршийн төрийн тэргүүнүүд ирээд “Монголоос мах авмаар байна” гэсэн. Мах экспортлох ирээдүй хэр байна?
-Манайх мал аж ахуй, газар тариалан хослон хөгжих ямар л боломж байна түүнийг хийж байгаа. Дэлхий тэгж явж байна. Бид түүнийг копидож байгаа. Манайх Канад, АНУ, Францаас манайтай төстэй юмыг нь авч өөрийнхөө хөрсөн дээр буулгаж яваа. Мал аж ахуйн хувьд энэ хүмүүсийн ярьж байгаа шиг маргааш Орос руу мах гаргах хүнд. Аливаа юманд стандарт гэж байх учиртай. Манай малын мах ямар стандарттай юм бэ гэдгийг тогтоох ёстой. Путин мах гарга гэж байгаа ч гаргатал зай бий. Тэгэхийн тулд манайхан ажиллах ёстой. Мал нь эрүүл байх ёстой.
-Толгой дараалан вакцинжуулвал өртөг өндөр тусах уу?
-Малаа эрүүлжүүлэхийн тулд бэлчээрээ эрүүлжүүлэх ёстой. Задгай явж байгаа малыг бүгдийг эрүүлжүүлж чадахгүй. Голомт нь салахгүй байгаа. Үүнийгээ эрүүлжүүлээгүй цагт мах гаргах хэцүү. Малаа цөөлөхийн тулд төхөөрөөд байх ёстой юм шиг ярьдаг. Манай мах Оросын хувьд консервнд л тохиромжтой байдаг. Консерв хийгээд цэргийн хүнсэнд явдаг.
-Бэлчээрийн мал аж ахуйгаас илүү эрчимжсэн мал аж ахуй экспортонд тохиромжтой гэсэн үг үү?
-Европ хүмүүсийн хүнсний стандарт шаардлагыг хангах хэрэгтэй. Хамгийн гол нь манай мал өвчингүй гэдгээ нотолсны дараа л манай мах үнэд хүрнэ. Монголын бэлчээр эрүүл, мал нь эрүүл байвал манай мах үнэд хүрнэ. Одоо бол партизан маягийн аргаар л жаахан мах гаргаж байна. Дэлхийн зах зээлд гаръя гэвэл эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх хэрэгтэй. Малаа бордох хэрэгтэй. Бордохын тулд тэжээл хэрэгтэй. Тэжээл бэлтгэхэд талбай хэрэгтэй. Боломж бий. Мах экспортлохын тулд хамгийн боломжтой гарц гэвэл Европоос залуу мал оруулж ирээд тэжээгээд, тодорхой хугацааны дараа буцаагаад зарах боломж бий. Малыг ийм хэлбэрээр Орос, Хятад руу гаргах боломжтой. Ийм малын мах стандарт хангана. Монголд эрчимжсэн мал аж ахуйн эрүүл бүс гэж бий болгоод Европоос мал оруулж ирэх хэрэгтэй. Орос, Хятад руу Европоос мал оруулахгүй байгаа. Монгол руу оруулж байна. Энэ давуу талаа ашиглах хэрэгтэй. Зөвхөн зуны хугацаанд мал оруулж ирээд, тэжээгээд, буцаагаад намар нядлаад махыг нь гаргачихна. Зургаа, долоон сарын ажил хийчихээд сууж байвал боломжтой. Энэ бол богино хугацааны гарц. Хүмүүс мал олширлоо гэдэг. Үнэн хэрэгтээ манайхаас үхрийн мах л авна. Үхэр нь цөөхөн. Хэрэв Орос руу гаргавал нэг жил гаргаад л дуусчихна.
-Уг нь бэлчээрийн малын мах илүү чанартай, амттай гэж монголчууд боддог?
-Монгол мал зун нь жаахан таргалж ирээд, буцаагаад өвөлдөө тарга хүчээ алддаг. Нас нь өндөр болоод мах нь хатуурдаг. Гадаадад бол 24 сарын доторх махыг л иддэг. Түүнээс дээшхи махыг нохойн хоолонд явуулдаг. Бид болохоор томруулж байж иддэг.
-Танайхан ямар чиглэлийн мал оруулж ирж байна?
-Манайх мах, сүүний чиглэлийн үхэр аль алиныг нь оруулж ирж байна.
-Монгол мал ихтэй мөртлөө махаа өндөр үнээр авч байна. Цэвэр сүү ууж чадахгүй байгаа нь ямар учиртай юм бэ?
-Манайд сайхан сүүний үйлдвэрүүд байна. Ганцхан Монголоос сүү авъя гэхээр ямар ч сүү нь шаардлага хангахгүй байна шүү дээ. Анхдагч сүүгээ үйлдвэрлэдэг сүүний фермер нь бий болох ёстой. Сааж байгаа сүү нь хүний гар дамжихгүй байх учиртай. Манай сааж байгаа сүү нь, хэвтэж байгаа хэвтэр нь бүгд бохир байна. Тийм фермүүдийг байгуулж болно. Гэхдээ Улаанбаатарын эргэн тойронд биш. Фермүүд тэжээлдээ ойрхон байх ёстой. Сүүний үхэр тэжээлээр л явдаг. Одоо систем нь буруу учраас мах, сүү үнэтэй байна. Монголын дотоодын хэрэгцээг хангах асуудал биш. Ганцхан бодлого буруу учраас цөөхөн ченжийн гараар үнэтэй болоод байна.
-Мах сүүгээ Улаанбаатар руу тээвэрлэхэд зардал их биш гэж үү?
-Тэр бол асуудал биш. Таван төгрөгийн зардал нэмэгдсэн ч цэвэр сүү орж ирнэ. Фермерийн аж ахуй байгуулах туршлага манайханд дутаж байна л даа.
-Төрийн гарыг ийм юман дээр харах ёстой юм уу. Төртэй төргүй хувийн хэвшлийнхэн хийх юм биш үү?
– Сүүн дээр төрийн дэмжлэг байх ёстой. Тэр тусмаа манайх шиг улсад төрийн дэмжлэг хэрэгтэй. Сүүний чиглэлийн фермийн ажлыг төрөөс дэмжиж байж босгож ирдэг. Сүү үйлдвэрлэж байгаа хэсгийг стандартын дагуу хийх учиртай. Стандартын бус хэдэн зуун жижиг фермер байснаас стандартын шаардлага хангасан хэдхэн фермер байх ёстой. Төр анхдагчаар үүсгэх ёстой. Сүү хөгжихийн тулд махны чиглэлийн тугалыг аваад тэжээдэг, сүүний охин тугалыг аваад тэжээгээд, үнээ болгодог дамжлага тус бүр системтэйгээр хөгжиж явдаг. Түүнээс биш нэг хүн бүгдийг хийх аргагүй. Сүү сааж байгаа хүн сүүгээ л саах ёстой. Үнээгээ солъё гэхэд үнээ зардаг компаниас дараагийн үнээгээ авна. 50 үхэр сааж байсан бол тэднийгээ нядалгаанд өгөөд, ахин 50 үхэр оруулж ирээд саагаад явах учиртай. Тэр 50 үхрээс 20-30 литр сүү гардаг л байх ёстой. Дагнасан аж ахуйн нэгжүүд мэндлэх ёстой юм. Түүнээс биш манайхан бүгдийг нь хийх гээд байвал сайжрахгүй. Бид ойр хавийн ийм бизнес хийж байгаа хүмүүст сурсан мэдсэн бүхнээ чадахаараа хэлж байна.
-Ноу хаугаа нуудаггүй гэсэн үг үү?
-Юуг нь нуудаг юм. Бид ч гэсэн гаднаас копидож оруулж ирсэн юмаа дараагийн хүнд өвлүүлэх нь гол. Төрийн бодлого зөв биш бол бид нар дор нь мянган юм хийх гэж зүтгээд нэмэр байхгүй.
-Алтны том компаниуд зөндөө л байдаг. Та яагаад мах, сүү хүнс бэлтгэх ажил руу яваад орчихсон юм бэ?
-Нэгдүгээрт би малчин, тариачин гаралтай хүн. Бага байхад манай аав, өвөг эцэг бүгд л тариа тарьж, мал маллаж байсан. Хоёрдугаарт бизнест хөл тавиад гадаад ертөнц ямар байгааг харсан, манайх ямар байгааг харсан. Тэр үед ерээд онд биднийг хамгийн их эмзэглүүлж байсан юм бидний идэж байгаа хүнс байсан. Тэр үед ёстой Хятадын нохойноос дор юм идэж байсан. Тэр үед манай найз нар ярьж байгаад гурил, будаа, мах сүү, хүнсний ногоо гэсэн таван зүйл дээр хийе гэсэн. Монголчуудыг монгол хүн л тэжээнэ. Байшинд өссөн хүмүүс хөдөө очиж бизнес хийхгүй. Улсын дотоодын хэрэгцээний 10-20 хувийг үйлдвэрлэдэг болно гэж зорилго тавьсан учраас би энэ салбарт бүх амьдралаа зориулж байгаа. Энэ зорилгодоо хүрэхийн тулд 2001 оноос хойш зүтгэлээ. Гурилаа хийчихлээ. Махны
2-3 хувийг үйлдвэрлэж байна. Сүүн дээр надаас шалтгаалаагүй. Сүүний ферм хийх газрын зөвшөөрөл өгөхгүй 7-8 жил болж байна.
-Яагаад тэр вэ?
-Төр засгаас л асуу.
-Мөнгөтэй хүмүүс юм болгоныг чаддаг гэж хүмүүс боддог. Танд бас хүчрэхгүй юм байна аа?
-Би улстөржөөд явдаггүй. Хэн нэгнийг дарамталж хийх ёсгүй гэсэн зарчим баримталдаг. Манайх Сэлэнгийн найман суманд яг адилхан хөрөнгө оруулалт хийгээд эхэлсэн. Мал маллаад, тариа, хүнсний ногоо тариад эхэлсэн. Тэр сумдаас 2-3 нь дэмжээд бусад нь дэмжихгүй байгаа юм. Дэмжсэнд нь хөрөнгө оруулаад, дэмжихгүйг нь хаяад явсан. Явсаар байгаад Цагааннуур, Түшиг суманд үлдэж байна. Зарим сумынхан “Малаа аваад яв” гээд хөөхөөр нь гарсан. Найман суманд фермийн аж ахуй хөгжсөн бол ямар байхав.
-Бизнес эрхлэгчдэд бухимдах үе байдаг гэдэг. Танд ч гэсэн хоёр гараа алдалж байгаад хашгирмаар үе байдаг уу?
– Байна аа байна. Бизнесийн тэр олон асуудлын тодорхой хувийг манай хүмүүс үүрдэг. Сая гэхэд л манай будаатай машиныг явуулахгүй зогсоочихлоо л гэнэ. Хүмүүс чи яаж даагаад байгаа юм гэдэг.
-Та авилга өгдөггүй юм уу?
-Авилга өгөх гэж би ажил хийгээгүй шүү дээ.
-Бизнесийнхэн улс төрд ороод байх юм. Би өөрөө улс төрд ороод энэ бүхнийг залруулая гэж бодогдох үе байдаг уу?
-Өдий хүртэл бизнесээр явчихаад үлдсэн амьдралаа тэгж буртаглаад яахав дээ. Гэхдээ ч тэвчээр барагдах үе их л байна шүү дээ. Чи сонссон л байх. Миний нэг барилгын асуудал яригдаад байгаа. Миний буруу нэг ширхэг ч байхгүй. Гэтэл гурван жил зогсоож байна. Э.Бат-Үүл буулгах байшингийн жагсаалтанд оруулчихаад нэг хэсэг хүмүүс надаас мөнгө нэхдэг. 2001 онд нийтийн дуудлага худалдаагаар Герман элчингийн урд нэг давхар байшинг худалдаж авсан. Тэр байшинг худалдаж авсан ч газрынхаа гэрчилгээг гаргаж өгөхгүй байсаар долоон жилийн дараа өгсөн. Тэр хооронд нь хажуу талд нь нэг орон сууцны байшин, сургууль хоёр барьчихаж байгаа юм. Газрын гэрчилгээгүй болохоор би тэрэн дээр шүүхдэх эрх үүсэхгүй байгаа юм. Би тэр байшинг худалдаж авахад нэг байшинг хоёр хуваагаад, 44 м.кв нь төрд үлдсэн. Тэр хэсгийг нь би дахиад худалдаад авчихгүй юу. Хажуугийн байшинд нь бойлуур байсан. Тэр бойлуурыг энэ рүү оруулах ёстой гэж хүмүүс хотын захиргаатай муудалцсан. Хотын захиргааны ерөнхий менежер Бат гэж байсан. Бат дуудаж уулзсан юм. “Танайх энэ байшингаа буулгаад, хурдхан шиг бойлуур оруулах хэрэгтэй байна” гэсэн. Байшин бария гэхээр зураг батлуулах есөн жорын ажил ундарсан. 2009 онд бэлэн болго гэсэн үүрэг өгсөн. Тэгэхээр нь би “Та нар зөвшөөрөл авахад тусла” гэсэн. Проткол үйлдээд, гэрээ байгуулахаар нь би нэг давхар байшингаа долоон сая төгрөг өгөөд нураалгасан. Зургаа хийлгэж явах хооронд нэг өдөр нөгөөдөх дээр чинь байшин барьж байна гэсэн. Хүрээд ирсэн чинь байшин бариад зогсч байна. Хамгаалалтын алба аваад, тэднийг хөөж гаргаад шүүхдсэн. Хотын захиргааныхан дахиж уулзаад “Энэ хүмүүс дураараа юм хийлээ. Улсын төсвөөс бид энд бойлуурын төсөв батлуулчихсан юм” гэсэн. “Хэрэв энэ газар юм барих гэж байгаа бол бид хэн хэнээсээ зөвшөөрөл авах ёстой. Нэг ханаар хиллэж байгаа юм чинь та нар надаас зөвшөөрөл авах ёстой” гэсэн. Дахиж сууж ярилцаад “Чи байшингаа барь” гэсэн. Би подволдоо бойлуурынх нь өрөө гаргаж өгөхөөр болсон. 2011 оны 9-сарын 11 гэхэд ажилд оруулах ёстой гэсэн. Би байшингаа бүрэн босгоогүй ч бойлуурыг нь ажилд оруулсан. Э. Бат-Үүлийн хамаг ажлыг хөөцөлдөж өгдөг нэг өвгөн байдаг. Тэр л “Чи энэ байрнаасаа гурван өрөөг надад өг. Тэгвэл асуудлыг шийднэ” гэсэн. Би “Үгүй” л гэсэн. Би яахаараа хуруу ч хөдөлгөөгүй хүнд мөнгө өгөх ёстой юм. Тэр өвгөн бүх цахилгаан, ус таслуулсан. Эхлээд шүүхэд өгөхдөө талбай томсгосон гэх мэтээр яриагүй юм байхгүй. Хамгийн сүүлд “Эднийх энд газийн бойлуур барьчихсан дэлбэрэх гээд байна” гэсэн. Бүтэн жил шүүхээр яваад мэргэжлийн хяналтынхан “Газийн бойлуур байхгүй байна” гэсэн. Шүүх хуралдаа ирэхгүй ахиад нэг жил болсон. Ингээд гурван жил авч байна. Нийслэлийн шүүх хурал манай талд гарсан л даа. Би энд гоё төсөл хэрэгжүүлэх гэж байсан. Хотын төвд дөчөөд айлын орон сууц бариад, яг хажуу талын нурах гэж байгаа орон сууцны айлуудыг шилжүүлж оруулаад, хуучныг нь буулгаад 16 давхар бариад буцаж оруулахаар бодсон юм. Тэр айлууд хүүхдийн цэцэрлэг, сургууль, ажлаасаа холдохгүй байж байгаад байшиндаа орчихно. Ийм юм хийе гэж бодож байсан. Тэгээд тэр төслийг зогсоосон. Тэгэхэд банкнаас авсан таван сая долларын зээл одоо болтол надад тээр болоод л явж байна. Тэр барилга дуусаагүй. Тэгсэн мөртлөө би банкны хүү төлөөд байдаг. Энэ хүмүүс бизнест ямар хор учруулж байна вэ. Хэрэв би тэрнээс өөр өмчгүй байсан бол өдийд шоронд орчихсон байгаа. Гараараа юм хийж үзээгүй хүмүүсийн харгай. Ингэж саад болоогүй байсан бол хямралаас өмнө байшин бариад, хэдэн ч хүн орон сууцанд орчих байлаа. Би гол анхаарлаа газар тариалан, мал аж ахуйдаа тавиад бусад юмандаа оролцож чадахгүй байгаа л даа.
-Сая Засгийн газрын нэг шийдвэр гарсан. Гацууртын ордод төр хувь эзэмшинэ гээд?
-Нэр нь манайх ч хамаа байхгүй. Орд нь манайх байж байгаад ерэн хэдэн онд Канадын компанид лицензээ шилжүүлээд өгчихсөн. Орд олох юм бол хүдрийг нь зөөх л гэрээтэй. Тэр үед үндсэн орд толгойд багтдаггүй байлаа шүү дээ. Бид чадахгүй гэж бодоод лицензээ өгчихсөн. Тэгэхэд эд нар ордыг нь хайгаад олчихсон л доо. Бид энд үндсэн орд байгаа гэж баараггүй мэдэж байсан хэрнээ лицензээ өгчихсөн.
-Хүдрийг нь зөөх тийм ашигтай юм уу?
-Тэр орд 10 жил ажиллавал би арван жил ажилтай байна л гэсэн үг.
Газар тариалангаас бусад бүх юман дээр зардал нэмэх нь ашигтай байдаг.
-Та алтны бизнес эрхэлдэг хүн хэр алтан эдлэлтэй вэ?
-Би бөгж ч, цаг ч зүүдэггүй.
-Та алтнаас олсон мөнгөө газарт хийгээд байдаг юм уу?
-Манайх алт байхгүй. Урт нэртэй хуулиар бүгдийг нь хураагаад авчихсан. Урт нэртэй хууль явж явж тодорхой хэдэн хүнд зориулж хийсэн хууль. Хураагдсан лицензийн арван хувь нь манайх. Бусад нь хугацаа нь дууссан, хэнд ч хэрэггүй болсон лицензүүд. Яг үйлдвэрлэл явуулаад ид ажиллаж байхад манай лицензүүд хураагдсан. Цаг нь болсон бол тэр л биз гээд нэг их юм ярилгүй хураалгасан. Хүмүүс намайг алтнаас олсон мөнгөө газар тариалан руу хийлээ гэж боддог. Миний олборлосон алтнаас 10-20 дахин олборлосон компани зөндөө. Тэр мөнгө хаачсан, юу болсон. Би бол тийм биш. Над шиг банкны өндөр зээлтэй хүн магадгүй байхгүй. Алтнаас ажиллаж байх үедээ ашиг олсон уу олсон. Тэр үедээ давуу тал байсан. Тоног төхөөрөмж илүү байсан, техникийн мэдлэгийн давуу тал бий. Гадны хүмүүсийн итгэлийг дааж байсны үр ашиг гарсан. Ирж тусалсан гадны хүмүүс хэрэглэж байсан хямд тоног төхөөрөмж олж өгч байлаа. Хамгийн том эх үүсвэр ганзагаас олсон мөнгө. Би ганзагаас олсон мөнгөө зөв байршуулж чадсан гэж л боддог. Хүмүүст зээлүүлж тухайн үед банкны орлогоос илүү мөнгө хүүгээрээ олдог байсан. Уурхай байгаагүй бол байсан хэдээ газар тариаланд хийгээд зогсох байсан. Банкууд хөдөө аж ахуйн компанид зээл өгдөггүй. Уурхай байсан болохоор л бид зээл авч байсан юм. Одоо бид өөрсдөө өөрсдийнхөө амийг тээх гэж амь тэмцэн явж байна.
-Монголын баяуудыг жагсаасан чинь та дээгүүр орсон харагдсан?
-Худлаа худлаа. Миний мэдэхийн надаас илүү мөнгөтэй ч бичигдээгүй зөндөө улсууд байна. Ихэнх нь улстөрийнхөн эзлэх байх. Яг бизнес эрхэлж байгаа улсууд дандаа л өр зээлтэй байгаа шүү дээ.
Б.Янжмаа
МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ-аас улс төрийн оргонол хүссэн гэх мэдээлэл өнөөдөр БНСУ-ын өдөр тутмынхэвлэлүүдээр гарч байна. Хэвлэлүүд мэдээлэхдээ Н.Энхбаярыг улс төрийн хэргээр ял эдэлж байсан гэдгийг нь онцолжээ. Тухайлбал, “Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нь Монгол Улсад авлигын хэргээр шүүхээс ял сонсож, хэргээ хүлээж байхдаа биеийн эрүүл мэнд нь муудсан тул хугацаанаасаа 8 сарын өмнө гарсан. Түүнээс хойш Солонгос улсад эрүүл мэнд, сэтгэл санааны эмчилгээг ойролцоогоор хоёр жил хийлгэж байна. Тэрбээр одоогийн байдлаар гэр бүлийнхээ хамтаар Солонгос Улсын иргэншилд орлоо. Цагтаа улсын Ерөнхийлөгч байсан хүн БНСУ-аас улс төрийн орогнол хүсч, иргэншил авч байгаа нь Солонгосын түүхэнд анхны тохиолдол” гэж сэтгүүлчид нь онцолжээ.
Азийн наадмын эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн өндөрлөж байна. Улаанбаатарын цагаар 08.00 цагт эхэлсэн тус тэмцээнд 19 тамирчин гараанаас гарснаас Бахрайны тамирчин Али Хасан Манбүүб 2:12:38 цагийн амжилтаар түрүүлсэн бол Японы тамирчин Матцумура, Каваучи нар мөнгө, хүрэл медаль хүртлээ. Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:06:13 цагийн амжилтаар барианд орж, IV байрт шалгарсан амжилтыг үзүүлэв. Тэрээр 30 км-ээс эхлэн уралдааныг тэргүүлж байсан бөгөөд сүүлийн хоёр км-т арын тамирчдад баригдсанаар медалиас мултарлаа.
Мөн Б.Гантулга 2:20:54 цагийн амжилтаар IX байрт шалгарсан бол дөрвөн тамирчин замаа дуусгаагүй байна.
АНУ-ын Төрийн департаментаас зохион байгуулдаг ногоон картны сугалааны бүртгэл эхэллээ. Жил бүр 50 мянга орчим хүн цагаачлалын виз мэдүүлэх эрхтэй болдог гэсэн статистик бий. Бүртгүүлэхийг хүссэн хэн ч төрийн департаментын www.dvlottery.state.gov сайтаар орж бүртгүүлэх боломжтой. Ингээд бүртгүүлчихвэл ямар нэг хураамж төлөхгүйгээрээ давуу талтай. Манайд ногоон картны сугалаанд бүртгэдэг компани ч хэд хэдээрээ бий. Тэдэнд хандахад л таны өмнөөс бүгдийг амжуулаад өгнө.
Сугалаанд оролцохыг зөвшөөрсөн улсын иргэн байх, то¬дорхой шатны боловсрол юм уу эсвэл мэргэжлийн зэрэгтэй байх гэсэн босгыг давчихад л бусад нь тийм бүдрэхээр шалгуур биш. Сугалаанд хожвол Америкт байнга оршин суух эрхтэй болно. Сонгуульд өрсөлдөж, сонгуульд саналаа өгөхөөс эхлээд Америкийн иргэдийн эдэлдэг бүх эрх нээгдэнэ. Цаашлаад яривал Америкийн иргэдийн визгүй зорчдог улсуудад ая¬лаад байх боломжтой. За тэгээд америкчууд шиг төрийн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр их дээд сургуульд сурна. Урт хугацааны бага хүүтэй зээлээр орон сууцтай болчихно. Өөрөө хүсвэл Америкт таван жил амьдарсныхаа дараа иргэн нь болоход хаалтгүй.
Тэгэхээр өнөөдрөөс эрх чөлөөний орны үүд хаалгыг өмнө тань цэлийтэл нээж өгөх ногоон картны сугалаанд идэвхтэйгээр бүртгүүлцгээе. Бүр олноороо хугацаанд нь амжиж бүртгүүлмээр байна. Ногоон картны сугалаанд оролцсон монголчууд одтой байгаа нь анзаарагддаг. Жил бүр өчнөөн монгол Америкт байнга оршин суух эрх авч, ардчиллын орныг зорьцгоодог. Танд ч гэсэн алсын Америкт амьдрах аз таарах өндөр магадлал байгаа. Төр засгаас ногоон картны сугалаанд иргэдээ идэвхтэйгээр бүртгүүлэх бодлого барихад ч болохгүй юмгүй. Бүртгүүлэхэд нь дэмжих өчнөөн гарц бий.
Америкт таван жил амьд¬раад иргэн нь болчихвол ойр дотныхноо татах боломж нээгд¬дэг. Тэр хэрээр Америкийн монголчуудын хүрээ өргөсөөд ирнэ. Солонгосчууд, хятадууд шиг хороолол болоод амьдарчихвал дэлхийд гарах өргөнөөс өргөн жим нээгд¬чихлээ л гэсэн үг. Ардчиллын загвар гэгддэг Америкт олноороо амьдрахын ашиг тус цаад утгаараа Монгол гэдэг улс тусгаар оршиход ч хэрэгтэй. Монголд ямар нэгэн юм тохиолдлоо гэж муугаар бодоход л Америкийн монголчууд улсынхаа улс төр, эдийн засгийн тусгаар тогтнолын баталгаа болно гэдэгт эргэлзээд байх зүйлгүй.
Ц.БААСАНСҮРЭН
Өдрийн сонин”-ы редакцид хэлэлцүүлэг
өрнөж байна. Сүүлийн өдрүүдэд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудын талаар асуудал
нэлээд хөндөгдөх боллоо. Хэдий барилга барих зөвшөөрөлтэй ч орчин тойрны барилга хоорондын зай талбай, хөдөлмөрийн аюулгүй байдал цаашлаад осол гэмтэл гарах
нөхцөл бүрэн бүрдсэн байдаг. Ялангуяа нийслэлд өнөөдөр оршин суугчдын эрх ашиг, гэрэл харах эрхийг хааж боосон
олон барилга байна. Тухайлбал, “Өдрийн сонин”-ы дэргэд ч мөн зөвшөөрөлгүй,
барилгын тухай хуулийн тав, зургаан заалтыг зөрчсөн барилга баригдаж байна. Нийслэлчүүдийн эрх ашиг зөрчигдөж байгаа дээрх
асуудлуудад мэргэжлийн хүмүүс тус хэлэлцүүлэгээр хариулт өгч байна. Хэлэлцүүлэг
яг одоо өрнөж байгаа бөгөө.
Мэргэжлийн хүмүүс манайд
хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй баригуудын үйл ажиллагааг зогсоож шууд
нураах тохиолдол өнөөдрийн хувьд нэг ч гараагүй бөгөөд ийм алба ч байхгүй
байгаа талаар шүүмжилж байна. Учир нь шаардлага тавьсан ч барилгын компаниуд
хүлээж авдаггүй, ямар нэгэн шалтгаанаар барилгын зөвшөөрлөө авсан байдгыг
онцлов. Мөн “Өдрийн сонин”-ы байрыг тагласан “Астра буйлдинг” компани
шиг олон барилгын компани байгааг ярьж байна. Энэ нь эргээд иргэдийн амь нас,
эрүүл мэндийг хохироох гол шалтгаан болдог билээ. Түүнчлэн “Зөвшөөрөлгүй баригдсан барилгыг нураах ёстой” гэдгийг албаныхан хэлэв
Д.Сүрэн
Тасганы овоо орчимд нийтийн зорчигч тээврийн автобус шатсан тухай мэдээлэгдсэн. “НЧБ” компанийн Баруун салаа-Сансарын тойрог чиглэлийн автобус өнөөдөр 09.00 цагт Эх нялхсаас Тасганы овоо руу эргэдэг уулзварын ойролцоо шатаж, гал унтраах ангийн алба хаагчид галыг унтраасан байна.
Нийслэлийн Онцгой байдлын газрын гал сөнөөгчийн өгч байгаа мэдээллээр “Онцгой байдлын газрын Аврах гал унтраах ангийн аврагчид галын дуудлага ирснээс гурван минутын дотор ирсэн. Хэрэв цаг алдаж ирсэн бол гал түлшний саванд орох эрсдэл өндөртэй байсан. Хүн гэмтэж бэртээгүй” гэлээ.
Харин автобусны жолооч “Би энэ ажилд ороод хоёр л хонож байна. Өглөө техникийн үзлэг хийгээгүй, шууд л асаагаад гарсан. Гал гарч байсан гээд зорчигчид хэлмэгц автобусыг зогсоож, галыг унтраах гэсэн боловч ямар ч галын хор, багаж байгаагүй гэх мэдээллийг өгсөн аж.
Уг автобус дүүрэн зорчигчтой байсан гэнэ.Харин газар дээр нь ажиллаж буй “НЧБ” компанийн засварын механик Н.Насандэлгэртэй холбогдоход “Цахилгааны утаснаас болж гал гарсан болов уу гэж таамаглаж байна. Одоо галынхан ажиллаж байгаа болохоор галын дүгнэлт удахгүй гарах байх аа. Цахилгааны утас уугиж цагаан утаа гарч эхлэхэд автобус зогсож зорчигчдыг бүгдийг буулгаж,арын автобусанд суулгасан байна. Зорчигчид түлэгдэж гэмтсэн юм байхгүй” гэлээ. Харин сүүлд нь автобусанд гал гарч галынхан унтраажээ. “Өглөө автобусыг шалгаж гаргасан. Ямар ч асуудал байгаагүй” гэж засварын